Category: аялал-жуулчлал-mongolian-tourism

  • 50Т ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЗҮЙ СУРГАЛТ | БҮХ НИЙТИЙГ АНГЛИ ХЭЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

    • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙГ 5 ХОНОГТ
    • ҮЙЛ ҮГИЙН ХУВИРАЛЫГ КОДЧИЛЖ ХЯЛБАРЧИЛСАН
    • НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭГДДЭГ 20 ЦАГ ДЭЭР ХУВИРГАЖ СУРАХ

      Англи хэлийг олон жил үзээд, олон зуун үг цээжилсэн ч үйл үгийн олон цагийн хувиралд толгой эргэж холбож ярьж чадахгүй, эсвэл нийтлэг хэрэглэдэггүй олон дүрэмдээ төөрч англи хэлний учрыг ойлгоогүй л явна уу?

     Тэгвэл монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлний үйл үгийн цагуудыг кодолж актив, пассивын бүх хувилбарыг 1 хүснэгтэнд багтаасан 50-ТЫН ХҮРД аргачлалыг томъёолон, хялбарчилсан аргазүйг 10 гаруй жилийн туршид боловсруулсан Ц.Майдар http://creativemongolia.com/maidar/ багшийн сургалтанд уръя. Сургалтаар 50-тын хүрд аргачлалын 3-р түвшинд суралцаж, өгүүлбэрийг 20 цаг дээр хувиргаж, цагийн ялгааг ойлгож, 1000 өгүүлбэрийг бүтээх 1 аргачлалд суралцаж, 10 хоногт ярьж сурна.
    Англи хэлний нийт 25 актив, 25 пассив цагаас эхний 20-г сурахад англи хэлээр чөлөөтэй харилцаж, Mongol Messenger сонинг ойлгох түвшинд очно, үлдсэн 30-аар нь гэрээ хэлэлцээр, шинжлэх ухаан, эдийн засгийн ойлголтын нарийн ширийнийг тодруулж бичихэд хэрэглэдэг тул Англичууд өөрсдөө өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй.

     ОРОЛЦОГЧ ТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    •  Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
    • Англи хэлний үйл үгийн цагуудыг ойлгож хэрэглэх хүсэлтэй
    • Сурсан аргачлалаараа өдөр бүр 1- 2 цаг давтах боломжтой.
    • Сургалтын аргазүйг эзэмшиж цаашид сургагч багш болох залуустай хамтран ажиллана.

     Сургалтын төлбөр: 165,000₮ (Сургалтын гарын авлага багтсан), 16 цаг сургалт +  Speak.mn-д сурсанаа шалгаж, тестлэх 1 сарын эрх, онлайн зөвлөгөө 3 сар.

    А. ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ

    “50-тын хүрд” нэртэй сурах бичгийг 2006-2015 оны хооронд 5 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:

    • Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
    • Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
    • Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
    • Өөрөөр хэлвэл, аль хувилбар алинтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
    • Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
    • Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
    • Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
    • Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.
    • Ярианы сурах бичиг нь 10 бүлэгт багтсан 100 сэдэвтэй. Үүнд өөрийгөө танилцуулах хийгээд спорт, эрүүл мэнд, унаа тээвэр, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд улс төрөөс бусад бараг бүх чиглэл орсон байгаа.
    • Тухайн сэдвийн хамгийн чухал 20 үгийг сонгон авч түүгээр 10 асуулт, 10 хариулт бэлтгэсэн.
    • Ингэснээр, 100 сэдвийг үзэж дуусгахад 1000 асуулт, 1000 хариулт буюу нийт 2000 өгүүлбэр мэддэг болно.
    • Хүмүүс зөндөө их үг мэдсэн хэрнээ холбож чадахгүй явдаг. Тэгвэл, лам нар судрыг яаж бүхлээр нь цээжлэдэг билээ, яг тэр зарчмаар – өгүүлбэрийг энд бүтнээр нь тогтооно.
    • Үүний тулд, сэдэв бүр өөрийн хүүхэлдэйн кинотой.
    • Кино нь 1 мин. 40 секунд гарна.
    • Суралцагсад энэ хугацаанд киногоо үзээд, дараа нь монгол орчуулгыг барьж суугаад бие биентэйгээ ээлжлэн ярих бөгөөд 5-6 удаа киног үзээд ярилцсан байхад өгүүлбэр цээжинд үлдсэн байна.
    • 30 минутын дараа ширээний ард сууж монгол өгүүлбэрийг англи болгож орчуулаад худсыг багшид хураалгана.
    • Өдөр бүр ийм маягаар шалгалт өгөөд явахад улирлын эцэст ердөө нийлбэрээр нь дүнг гаргачихна.
    • Өдөр болгон шалгалттай байх үед хүмүүс маш их идэвхтэй болоод ирдэг.
    • Нэг өгүүлбэр 5 үгтэй гэж үзвэл, 20 өгүүлбэрт – давхардсан тоогоор 100 үг бий.
    • Хичээлийн 45 минутад 20 өгүүлбэр бүхий 100 үгийг баттайяа тогтоож чадна гэдэг нь хувь хүндээ бол рекорд амжилт эвдэхтэй адил буюу. Учир нь, 2 жил өнгөрсөн ч 20 өгүүлбэр цээжлэхгүй яваад байгаа шүү дээ, эдүгээ хүмүүс.
    • Тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медалийг нь бөөндөн авч буй манай Оюун ухааны академийханд үзүүлэхэд, “та нар өгүүлбэр цээжлэх шинэ арга зохиочихжээ” гэж байсан.
    • Өдөрт 20 өгүүлбэр цээжлээд эхлэхэд 5 хоноход – 100 өгүүлбэртэй болно. Үүнд хэмжээлэшгүй их урам орох бөгөөд цаашид суралцах оргилуун хүсэл бадарч идэвхи чармайлт буцлам дээшилнэ.
    • Уул аргачлалын бас нэг онцлог нь гэвэл – жинхэнээсээсурагч төвтэй” сургалт юм. Нэг багш 30 хүүхэдтэй харьцах биш, харин сурагч оюутнууд хоорондоо ярилцаад, бие биендээ шаардлага тавиад эхэлнэ. Багшийн үүрэг бол – идэвхжүүлэх, чиглүүлэх, зохицуулахад оршино.

    Б. ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ

    • Ярианы сурах бичиг нь 10 бүлэгт багтсан 100 сэдэвтэй. Үүнд өөрийгөө танилцуулах хийгээд спорт, эрүүл мэнд, унаа тээвэр, аялал жуулчлал, урлаг, хөдөө ахуй гээд улс төрөөс бусад бараг бүх чиглэл орсон байгаа.
    • Тухайн сэдвийн хамгийн чухал 20 үгийг сонгон авч түүгээр 10 асуулт, 10 хариулт бэлтгэсэн.
    • Ингэснээр, 100 сэдвийг үзэж дуусгахад 1000 асуулт, 1000 хариулт буюу нийт 2000 өгүүлбэр мэддэг болно.
    • Хүмүүс зөндөө их үг мэдсэн хэрнээ холбож чадахгүй явдаг. Тэгвэл, лам нар судрыг яаж бүхлээр нь цээжлэдэг билээ, яг тэр зарчмаар – өгүүлбэрийг энд бүтнээр нь тогтооно.
    • Үүний тулд, сэдэв бүр өөрийн хүүхэлдэйн кинотой.
    • Кино нь 1 мин. 40 секунд гарна.
    • Суралцагсад энэ хугацаанд киногоо үзээд, дараа нь монгол орчуулгыг барьж суугаад бие биентэйгээ ээлжлэн ярих бөгөөд 5-6 удаа киног үзээд ярилцсан байхад өгүүлбэр цээжинд үлдсэн байна.
    • 30 минутын дараа ширээний ард сууж монгол өгүүлбэрийг англи болгож орчуулаад худсыг багшид хураалгана.
    • Өдөр бүр ийм маягаар шалгалт өгөөд явахад улирлын эцэст ердөө нийлбэрээр нь дүнг гаргачихна.
    • Өдөр болгон шалгалттай байх үед хүмүүс маш их идэвхтэй болоод ирдэг.
    • Нэг өгүүлбэр 5 үгтэй гэж үзвэл, 20 өгүүлбэрт – давхардсан тоогоор 100 үг бий.
    • Хичээлийн 45 минутад 20 өгүүлбэр бүхий 100 үгийг баттайяа тогтоож чадна гэдэг нь хувь хүндээ бол рекорд амжилт эвдэхтэй адил буюу. Учир нь, 2 жил өнгөрсөн ч 20 өгүүлбэр цээжлэхгүй яваад байгаа шүү дээ, эдүгээ хүмүүс.
    • Тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгөн медалийг нь бөөндөн авч буй манай Оюун ухааны академийханд үзүүлэхэд, “та нар өгүүлбэр цээжлэх шинэ арга зохиочихжээ” гэж байсан.
    • Өдөрт 20 өгүүлбэр цээжлээд эхлэхэд 5 хоноход – 100 өгүүлбэртэй болно. Үүнд хэмжээлэшгүй их урам орох бөгөөд цаашид суралцах оргилуун хүсэл бадарч идэвхи чармайлт буцлам дээшилнэ.
    • Уул аргачлалын бас нэг онцлог нь гэвэл – жинхэнээсээсурагч төвтэй” сургалт юм. Нэг багш 30 хүүхэдтэй харьцах биш, харин сурагч оюутнууд хоорондоо ярилцаад, бие биендээ шаардлага тавиад эхэлнэ. Багшийн үүрэг бол – идэвхжүүлэх, чиглүүлэх, зохицуулахад оршино

    Лавлах утас: 9970 8015

    Сургагч багш Цэндийн Майдар

  • Айлсал ба Аялал жуучлал

    Их Монголын эзэнт гүрний үед Pax Mongolica буюу 30 шахам сая км квадрат газрыг хянаж энх тайвныг тогтоож, бүхий л худалдаачдын аюулгүй байдлыг хангаж, даяар айлсал буюу connectivity гэдэг ойлголтыг бидний өвөг дээдэс тогтоож байв. Саяхан дэлхийн эдийн засгийн форум аялал, жуучлалын өрсөлдөх чадварын тайлангаа дэлхийн ДНБ-ийн 98%-ийг бүрдүүлдэг 136 улсуудыг хамруулан 11 дэх жилдээ гаргаж, даяар айлсал хэмээх орчин үеийн индексийг зарлав. АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннеди “Аялал жуулчлал бол дэлхийд энхтайвныг бэхжүүлэх гол хүчин зүйл.  Хүмүүс дэлхий даяар аялж, бие биенийхээ ёс заншилтай танилцаж, улс бүрийн онцлогийг биеэрээ мэдэрч гэмээнэ өөрийгөө хүндлүүлж, бусдыг үнэлж сурна” гэж хэлсэн байдаг.

    2016 онд дэлхий даяар нийт 1.2 тэрбум хүмүүс улс хооронд аялжээ. Энэ нь 2015 оны тооноос даруй 46 саяар хүнээр нэмэгдсэн тоо аж. Аялж буй 30 жуулчин бүр тухайн улсдаа 1 шинэ ажлын байрыг бий болгодог статистик байна.

    Дэлхийн үйлчилгээний салбарын 30%-ийг аялал жуучлалын салбар дангаараа бүрдүүлдэг болжээ. MICE (Meeting, Incentives, Conferencing, Exhibitions) буюу Ажил хэргийн аялал жуучлал гээд бүр том сегмент үүсчээ. Учир нь албан томилолтоор яваа хүн жирийн жуулчнаас даруй 3-4 дахин их зардал гаргадаг байна. Учир нь ажил хэргийн аялагчид дундаас дээш түвшиний орлоготой, өндөр чанар, үнэтэй үйлчилгээ хүсдэг эрхмүүд байдаг.

    ДЭЛХИЙН ТРЕНД

    Аялал жуулчлал нь дэлхийн ДНБ-ийн 10% буюу жилд 7.6 их наяд ам.долларыг эргэлдүүлж, нийт 292 сая хүнийг ажлын байраар хангаж буюу дэлхий дээрх 10 ажлын байр бүрийн 1-ийг нь бүрдүүлдэг нөлөө бүхий салбар болоод удаж буй аж. Энэхүү тайлангаас дараах 4 дүгнэлтийг хийж болж байна.

    1. Улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, өрсөлдөх чадвараа өдөр ирэх бүр сайжруулж буй бүс нутаг нь бидний оршин буй Ази, номхон далайн бүс ажээ. Ялангуяа хөгжиж буй орнууд руу аялах хандлага өндөр хөгжилтэй улсуудын хувьд тренд болж байна. Мөн хөгжиж буй улсуудын дундаж давхарга нэмэгдэх тусам тэд гадагшаа аялдаг болжээ. Ганц жишээ дурдахад, Хятадын нийт хүн амын 5% нь л гадаад паспорттай. 10% нь аялаад эхэлбэл яана гээч?
    2. Даяарчлалын улмаас улс орнууд хоорондоо худалдааны хамгаалалтын бодлого баримталж, бараа бүтээгдэхүүн ба мөнгөний урсгалын хувьд хязгаарлах үйлдэл хийж буй ч аялал, жуулчлал ба хүний урсгалд тэгтлээ нөлөөлсөнгүй. Харин ч улс орнууд хоорондоо харилцах зорчих визийн нөхцлөө улам бүр таатай болгож байна. Жишээ нь, 2008 онд нийт аялагчдын 77% нь гадаад улс руу зорчихдоо виза авдаг байсан бол 2016 онд энэ тоо 58% болж буурсан байна. Судалгаанд оролцсон нийт орнуудын 85% нь сүүлийн жилүүдэд визний журмаа зөөллөсөн байна. Зарим хүний хувьд хөдөө явахаас илүү гадаад явах нь хялбар болоод удаж байна.
    3. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь улс орнуудыг улам бүр ойртуулж, өөрийн гэсэн цахим стратегитай байхыг шаардаж, “улс-айлсал” гэдэг концепц руу шилжихээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Жишээ нь, 2016 оныг өмнөх онтой нь харьцуулбал интернэтээр аялалаа захиалж төлбөрөө хийж байгаа хүмүүсийн тоо даруй 230%-р өссөн байна. 2015 онд Airbnb 1 сая дахь хүнээ байраар хангажээ.
    4. Аялал жуучлал хөгжихийн хирээр байгаль орчны хамгаалал, хүрээлэн буй орчны асуудал сөхөгдөж, хариуцлагатай аялал жуучлалын концепцүүд хүчтэй яригдаж эхэллээ. Зарим улс түүх соёл, байгаль орчноороо “түрий барьж” байхад зарим орнууд ажил хэргийн аялал жуучлалаар мөнгийг хүүлж байна.

    ХЭН, ЯАГААД ТЭРГҮҮЛЭЭД БАЙНА ВЭ?

    2017 оны тайланд аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж буй 10 улс нь Испани, Франц, Герман, Япон, Англи, АНУ, Австрали, Итали, Канад, Швейцар улсууд байна. Европ тив бүс нутгаараа тасархай тэргүүлж байна. Шалтгаан нь түүх соёл, түүнийгээ нээлттэй бусдад үзүүлж байгаа байдал ба үйлчилгээний дэд бүтцийн хөгжил.

    Харин 2017 онд өрсөлдөх чадвараа хамгийн өндөр хувиар дээшлүүлж чадсан улсууд нь Азербайжан, Тажикстан, Энэтхэг, Израиль, БНСУ, Бутан, Египт, Мексик, Албани, Вьетнам улсууд байна. Энэ салбарын хамгийн өндөр өсөлтийг Монгол улсын маань харъяалагддаг Ази, номхон далайн бүс үзүүлж байна.

    Өрсөлдөх чадвараа богино хугацаанд өсгөж буй улсуудын нууц нь визийн журмаа сайжруулах, агаарын тээврээ либеральчлах, сүлжээ зочид буудлуудыг улсдаа оруулах, онгон дагшин байгаль, хамгаалттай газар нутгуудаа аялал жуулчлалын зорилгоор ашиглах, соёл уламжлал, түүхээ бусдаас харамлахгүй амжилттай зарж чадаж байгаад оршиж байна. Эхнээсээ эдгээр улсуудад цахим паспорт ба цахим виз хэрэглэгдээд эхэлжээ.     

    СЭРЖ БУЙ ӨМНӨДИЙНХӨН

    1950-аад онд дэлхий даяар дөнгөж 25 орчим сая хүн улс хооронд аялж байсны дийлэнх нь барууны улсууд хооронд байв. Харин 2016 оны байдлаар аялсан 1.2 тэрбум хүний дийлэнх нь Ази, номхон далай, Ойрхи дорнод, Африкаас гаралтай аялагчид эзэлдэг болжээ. Хөгжиж буй орны аялагчдийн зарцуулдаг мөнгө нь өндөр хөгжилтэй орны иргэдийн аялахдаа зарцуулдаг мөнгөнөөс даваад байна.

    Хөгжиж буй улсуудын дундаж давхаргын иргэдийн тоо нэмэгдэж гадагшаа аялахаас гадна тухайн улсууд аялал жуулчлалын салбараа бодлогоор хөгжүүлэн хөрөнгө оруулалт хийж гадны жуулчдыг татан гаргаж байгаа мөнгөө буцаагаад дотогшлуулж чадаж байна.

    2016-2026 он буюу ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарт цахиур хагалах улсуудаар Энэтхэг, Ангол, Уганда, Бруней, Тайланд, Хятад, Мьянмар, Оман, Мозамбик, Вьетнам улсуудыг нэрлэж байна. Өөрөөр хэлбэл Ази, номхон далайн бүс 2015 онд 280 сая жуулчин хүлээн авсан нь Европийн дараа орж буй үзүүлэлт юм. 

    МОНГОЛ ХААНА ЯВНА?

    Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа Монгол улс дэлхийн 136 улстай уралдаад энэ жил 102 оржээ. 2015 онд орж байсан байрнаасаа даруй 3-р ухарсан. Ливан, Серб, Танзани, Иран, Боливи, Армени, Гүрж зэрэг бид өөрсдөө тоодгүй улсуудаасаа хойгуур бичигдсэн нь гомдмоор бас уур хүрмээр.

    Хамгийн хойш татаж буй үзүүлэлтүүд нь Монголын хувьд гадаад зах зээлд нээлттэй байдал, агаарын тээвэр, газрын тээвэр, соёл уламжлал ба ажил хэргийн аялал жуулчлалын дэд бүтцүүд байна.

    Ялангуяа онгоц ба газрын тээврийн дэд бүтцийн үзүүлэлтээрээ бүс нутгийн дундаж үзүүлэлтээс даруй 2 дахин муу үзүүлэлттэй байгаа нь хөмөрсөн тогоо доторх хуучин хүү хэвээр буйг илтгэж байна. 

    ЦАХИМ ПАССПОРТ

    2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.5 тэрбумд хүрэх ба тэдгээрийн 2 тэрбум нь улс хооронд аялах болно гэж судлаачид тооцолжээ. Өнөөдөр 4.9 тэрбум хүн гар утас хэрэглэж байгаагийн 2.7 тэрбум нь сошиал медиа хэрэглэж байна. Ирэх 15 жилд агаарын тээврээр улс хооронд зорчих цоо шинэ тренд үүсэхээр байна. Энэ нь цахим хил ба цахим гааль. Ухаан нь та аль улсын иргэн, ямар улсын паспорт эзэмшиж буйгаас үл хамааран тухайн хүний хувийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улс орнууд уг хүнийг өөрийн хилээр нэвтрүүлэх эсэхээ шийддэг болох нь ээ.

    Хувийн мэдээлэл гэдэг иргэншил, сарын цалин, ажлын байр, банкны мэдээлэл, зээлийн түүх, хөрөнгийн хэмжээ, гадаадад аялсан түүхээс гадна сошиал медиа дээрх бүх контентууд орно. Энэ тренд нь технологийн дэвшил гэхээсээ илүүтэйгээр аюулгүй байдлын үүднээс үүсч байна. Жишээ нь, интерполын мэдээгээр 2002-2013 онд хооронд 40 сая пасспорт хулгайд алдагдсан байна.

    1993 онд Дэлхийн худалдааны төвд бөмбөг тэсэлсэн Ramzi Yousef гэгч нь хулгайн паспорт ашиглан АНУ-д нэвтэрсэн байсан бол 13 жил хүнд гэмт хэргээр шоронд ял эдэлж байсан Alan Jay Horowitz гэгч мөн л хулгайн паспортоор АНУ-ийн хилээр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл цаасан бичиг баримтаас илүүтэйгээр биометрийн үзүүлэлтүүд болох хүний хурууны хээ, нүдний торлогын хээг ашиглан тун удахгүй та бид улс хооронд зорчдог болно. Гаалийн байцаагчтай уулзахгүй, пасспорт дээрээ тамга даруулахгүйгээр Монголынхоо хилээр гарч ордог болоод бид бас нилээд хэдэн сарыг үджээ.

    АГААРЫН ТЭЭВЭР

    1980 оноос хойш агаараар зорчигчдын тоо 15 жил тутам 2 дахин үржиж байна. 2016 онд бараг 4 тэрбум хүн онгоцоор нисчээ. Энэхүү тоо 2035 он гэхэд 7.2 тэрбумд хүрнэ гэж IATA-ийн тайланд дурджээ. Яг өнөөдрийн статистикаар бол өдөр бүр 8 сая хүн онгоцоор нисч үйлчлүүлж байна. Хэдий агаарын тээвэр нь аюулгүйд тооцогддог боловч улс орнууд хоорондын агаарын тээврийн хэлцэл, терроризмаас үүдэлтэй аюулгүй байдлын шинэ стандарт, хил гааль, визийн хатуу журмуудаас болж зарим нэг улсын давуу тал болж чадахгүй л байна.

    Улс орнуудын агаарын тээврийн хатуу хамгаалалтын бодлого, хаалттай байдал нь асуудал үүсгэсээр байна. Үүний үр дүнд агаарын тээврийн компаниуд зорилтот зах зээлдээ борлуулалт хийж чадахгүй байх, шинэ хөрөнгө оруулагч татах боломжгүй болох, бусад тоглогчидтой хамтран ажиллах ч боломж хаалттай байсаар байна. Энэ бүхний горыг эцсийн хэрэглэгч зорчигч та бид үнэтэй тийз худалдаж авч үүрдэг. Сүүлийн 70 жилд улс орнуудын агаарын тээврийн компаниуд үндэсний тээвэрлэгч гэхээсээ илүү даяар тээвэрлэгч гэсэн статус руу шилжсэн.

    Ялангуяа АНУ ба Европын холбоо хоорондын гэрээг онцлон дурдаж болно. 2014 оны байдлаар дэлхий дээр 3 том агаарын тээврийн нэгдэл ноёрхож байгаа бөгөөд топ 5 агаарын тээврийн компани нь глобал зах зээлийн 28%-ийг атгаж байна. Монгол улсын аялал, жуучлалын өрсөлдөх чадварыг хамгийн хойш нь татаж буй ганц үзүүлэлт нь агаарын тээвэр юм.

    “ҮНДЭСХЭРХЭГ” ТЭЭВЭРЛЭГЧ 

    Үр ашиггүй бизнесийг зөвхөн өрсөлдөөн л байхгүй болгодог. Улс орнуудад хоёр л сонголт байдаг аж. Нэг бол агаарын тээврээ хаалттай, өртөгтэй хэвээр байлгаж, дэлхийгээс өөрийгөө тусгаарлах, эсвэл өрсөлдөөнийг дэмжиж бусад тоглогчдыг оруулах. Саяхан МИАТ Австралийн 3 хот руу код шэйринг хийж нислэг эхлэхээр бэлтгэлээ хангасан тухай мэдээлсэн. Монголд ОХУ, Хятад, Турк, Солонгос улсуудын агаарын тээврийн компаниудтай харилцан ашигтай хамтран ажилладаг. Тэр дундаа дэлхийн хамгийн олон улс руу нислэг үйлддэг Туркиш Эйрлайнс нь Улаанбаатар хот руу 2012 оноос эхлэн Станбул-Улаанбаатар-Станбул (Бишкекээр дамжин) гэсэн чиглэлийн дагуу 7 хоногийн 500 суудлыг хязгаарын хүрээнд нислэг  үйлдэж эхэлсэн байдаг.

    Туркиш Эйрлайнс нь нислэгийнхээ давтамжийг нэмэгдүүлэх, том онгоц нисгэх, мөн суудлын хязгаарыг цуцлах саналыг тасралтгүй тавьж буй юм билээ. Шууд нислэг эхэлбэл нэг талын нислэг 3 цагаар багасах бөгөөд хамгийн гол нь тийзийн үнэ хамгийн багадаа 30% хямдарч ердөө 1 сая гаран төгрөгөөр л Станбул яваад ирэх боломжтой юм.

    Харин одоо Улаанбаатар хотоос Станбулаар дамжин Парис явах тийзийг Улаанбаатараас Станбул орох тийзнээс хямдхан худалдаж авч болж байна. Уг нь Станбулаас цаашаа Парис хүртэл дахиад 2,300 км өчнөөн “бензин тос” шатааж нисдэг юм билээ. Цаашилбал Эйр Астанад Монгол зөвшөөрөл өгөөгүй дуулдсан. Уг нь Туркиш Эйрлайнс том онгоцоор шууд нислэгээ эхлүүлж, Эйр Астана Монгол ба Казакстан хооронд нисээд эхэлбэл Монгол ба Европ, цаашилбал Ойрхи Дорнод, Африк, Латин Америк, Төв Америк, Хойд Америкийн чиглэлийн нислэгүүдийн үнэ багагүй хувиар буурах бүрэн боломжтой харагдаж байна. Тийзний үнэ буурч, нислэгүүдийн сонголт нэмэгдэх тусах бидний мөрөөдөл болсон жилийн 1 сая жуулчин нутагтаа хүлээн авах боломж нэмэгдэнэ.

    Сүүлийн 5 жил агаараар гаднаас Монголыг зорих урсгал нэмэгдсэнгүй. Жилдээ бид 400,000 хүрэхтэй үгүйтэй зочид хүлээн авдгийн 95,000 орчим нь л жуулчид юм. Судлаачдын хийсэн тооцоогоор Станбул ба Улаанбаатар хотын хооронд том онгоцоор шууд нислэг эхлэхэд л Монгол улсыг чиглэсэн Европоос гаралтай 45,000 шинэ жуулчин тээвэрлэх боломжтой болж, жилд дор хаяж 55 сая ам.долларын нэмэлт орлогыг Монгол улс олох боломжтой юм билээ. 

    Омогшил эгогоо дарж, хөмөрсөн тогоогоо дэлгэж, бусад улс гүрнүүдтэй айлсан амьдрах орчин цагийн шинэ хүү болж чадах уу бид?

    Нийтлэлч: В.Ганзориг  https://ikon.mn/author/4

  • АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ

    ИБУИНВУ-ын Засгийн газраас тус улсын гадаад сурталчилгааг 2012 оноос “Great” сэдэвтэй маркетингийн төслийн дор нэгтгэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь аялал жуулчлалыг дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, Британид ЕХ-ны бус орнуудаас суралцах гадаад оюутнуудын тоог өсгөх үндсэн гурван зорилгын хүрээнд Британийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж сурталчилгаанд зарцуулсан зардалаа 25 дахин өсгөх зорилттой байна.

    Жилийн 60 сая фунт стирллингийн төсөвтэй төслийн зорилгыг “Great буюу Агуу-Хүчирхэг” ишлэл үгээр дамжуулан Британийг дэлхий ертөнцөд сурталчлан таниулдаг бөгөөд гол уриагаа “Та бүгдийг Британид зочлох (аялал жуулчлалыг дэмжих), бизнес эрхлэх (хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх), суралцах (оюутны тоог өсгөх)-ыг урьж байна” гэж тодорхойлсон.

    “Great” төслийн үйл ажиллагааг Ерөнхий сайдын ажлын албанаас удирдан чиглүүлэх бөгөөд үйл ажиллаганд нь төслийн багийн гишүүд, ГХХНЯ, Худалдаа, хөрөнгө оруулалтын яам, хилийн чанад дахь ДТГ-ын тэргүүнүүд оролцдог. Төслийг Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүд болон хувийн хэвшлийн 250 гаруй байгууллага, дэлхийд алдартай алдартанууд үнэ төлбөргүй дэмжин сурталчилдаг байна.

    Тус төсөл 2012-2015 оны зорилт болох “дөрвөн жилийн хугацаанд Британийн эдийн засагт 2,3 тэрбум фунт стирллинг нэмж оруулах, 4,6 сая нэмэлт жуулчин хүлээн авах, 60,000 шинэ ажлын байр бий болгох” гэсэн зорилтуудаа бүрэн биелүүлсэн бөгөөд төслийг 2020 хүртэл үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

    “Great” төсөл 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн гол үндэс нь олон жилийн судалгаа, бэлтгэл ажлын хүрээнд зорилтоо маш тодорхой гаргасан бөгөөд гадаад сурталчилгаагаа Бизнес, Жуулчлал, Боловсрол гэсэн гурван чиглэлд түлхүү хандуулж, нарийн төлөвлөгөө гарган ажилласан явдал юм.

    Мөн улсынхаа олон нийтэд төслийн ач холбогдлыг маш сайн ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч чадсан байна. Төслийн үйл ажиллагааны гол сэдвүүд болох өв соёл, спорт, худалдаа үйлчилгээ, хөгжим, инноваци, боловсрол, хөдөө орон нутаг зэрэгтэй холбогдолтой мэдээлэл бүхий зурагт хуудсуудад “Great” ишлэл үгийг байрлуулж олон нийтийн газар, нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг олны хөлийн газруудад ихээр байршуулсанаар төслийн агуулгыг хүмүүсийн ой тойнд буулгаж, хүн бүрийг энэхүү төслийн нэг хэсэг болж болно гэсэн ойлголтыг төрүүлж чадсан. Энэ ажилд зар сурталчилгааны компаниуд идэвхтэй оролцож, өөрсдийн сурталчилгааны самбар, дэлгэцүүдийг үнэгүй ашиглуулсан байна.

    Түүнчлэн Британийн дэлхийд танигдсан Пол Смит, Вивиен Вэствүүд, Ричард Брансон, Дэнис Льюс, Жеймс Бонд 200 гаруй нэр хүндтэй, олны танил алдартанууд сурталчилгааны нүүр царай, Элчин сайдууд (36 элчин сайдтай) болсон. Мөн Британийн дэлхийд алдартай брэндийн компаниуд болох Burberry, McLaren, Premier League, LSE, BAFTA, Land Rover, Jaguar, British Airways, Virgin, Universal Music, Mulberry зэрэг маш идэвхтэйгээр дэмжсэн.

    Төсөлд Британийн том, жижиг олон тооны байгууллага түншлэлийн хамтын ажиллагаатай хамтран ажиллаж соёл урлаг, боловсролын салбарын олон зуун байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны сурталчилгаандаа “Great” брэндийг давхар сурталчилж эхэлсэн байна. .

    “Great” төсөл анх 14 зорилтот улс, хотуудад хэрэгжиж эхэлсэн бол одоо 144 улсын 300 гаруй хот болж өргөжин, 2015 онд 193 газарт 1,100 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ. Кампанит ажлын хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Лондонгийн зуны Олимпийн наадам юм. Харин 2016 онд болсон Риогийн зуны Олимпоор наадмаар олимпийн хотхонд “British House”-ыг хэдэн сарын турш ажиллуулж, Британийн тамирчдын оролцсон тэмцээн уралдаануудыг үзүүлэхээс гадна бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын уулзалт, семинар, соёл урлагийн арга хэмжээг зохион явуулсан.

    Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засгийн ашиг 1.5 тэрбум фунт стирллингт хүрсэн бөгөөд нэмж 1.4 тэрбум фунт стирллингийн ашиг олох тооцоо байна. Төслийн “Great” брэндийн өнөөгийн үнэлгээ 217 сая фунт стирллинг.

    “Great” төслийн 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө аялал жуулчлал (40 сая жуулчин хүлээж авна), хөрөнгө оруулалт (1.5 их наяд фунт стирллингээр нэмэгдүүлнэ. Үүнд 1 их наяд фунт стирллингийн төсөв бүхий шинээр 100,000 экспортлогчтой болох төсөл багтана.), боловсролын (ЕХ бус орноос 55,000 оюутан хүлээж авах) салбарыг хамааруулж 50,000 ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна.

    Дэлхийн 14 хотуудад зар сурталчилгааны зорилтот үйл ажиллагаа явуулсаны үр дүнд тухайн хотын нийт хүн амын 70 хүртэл хувьд сурталчилгаа хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 90 орчим сая хүн юм. 2020 он хүртэл сурталчилгааг 140 орчим сая хүнд хүргэх зорилттой.

    БРИТАНИЙГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ

    GREAT” ТӨСЛИЙН ЗАХИРАЛ НОЁН КОНРАД БӨРД

    • 2012 оноос “Great” төслийн захирал.
    • 2012 он хүртэл Британийн ГХХНЯ-ны “Олон нийтийн дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны бодлогын газар”-ын захирал.
    • Британийн ЗГ-ын Харилцаа холбооны захирал.
    • 2002 онд ЗГ-ын “Мэдээллийн төв алба”-д өсвөр насныхны хар тамхины донтолт, хэрэглэгчдийн эрх ашиг, экспортын Зөвлөгч.
    • 2002 оноос төрийн албанд ажиллаж эхэлсэн.

    Ноён Конрад Бөрд Британи болон олон улсын бизнесийн байгууллагуудад сурталчилгааны чиглэлээр 18 жил ажилласан.

    АНГЛИЙН ҮНДЭСНИЙ ИМИЖ БРЭНДИНГИЙН “GREAT” ТӨСӨЛ by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Монгол үндэсний язгуур урлаг

    Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байдаг. Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан урилга, удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргасан билээ. 
    Үндэсний уламжлалт урлагаа хойч үедээ өвлүүлэх, судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, давтагдашгүй дэг сургууль, арга барилыг уламжлах асуудлыг тусгасан ойрын болон хэтийн чиглэлийг боловсруулах нь соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой.Уламжлалт урлагийг судлах,түүнийг өвлүүлэх бодитой судалгаа, шинжилгээний ажил төдийлэн хийгдэж чадахгүй байгаа нь угсаатнуудын урлагийн зарим төрөл мартагдах, уламжлагдах байдал нь алдагдахад хүрч байна. Түүнчлэн зарим угсаатнуудын уламжлалт урлагийн төрлүүд нийлж саармагжих явдал гарч байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Ялангуяа Монголчуудын авьяас билгээр уламжлагдаж ирсэн үлгэр туулиас эхлээд уртын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлага, дүрслэх урлагийг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүд нь сурталчлагдаж хүн төрөлхтөнд танил болсон билээ.

    Уртын дуу

     Монгол ардын уртын дуу нь уламжлалт урлаг бөгөөд үгийн хөг аялгууны нийллэг урлаг юм.Хөг хялгуу шүлэг зохиолын онцлогоороо Урт,Богино гэж хоёр төрөлд хуваагддаг.Утга агуулгаараа ардын уртын дуу , ардын богино дуу, ардын харилцаа дуу гэсэн 3 үндмэн төрөлд хуваагдаг..Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий.уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм. Ямар ч үед, ямар ч газар, зөвхөн монголчууд уртын дууг сонсвол цөмөөрөө сэтгэл догдолдог.

    Монгол ардын уртын дуу нь:Шүлэг  үгийн уртдаа бус хөг аялгууны урт цээлхэн байдгаараа онцлог.Ардын богино дуу нь хөг аялгуу нь огцом, нугалаа цөөтэй, дуулахад хялбар байдаг.Харилцаа дуу бол нэг нь нөгөөгийнхөө асуултанд хариулсан утгатай ба ардын жүжиг наадмын хэлбэртэй байдаг.

    Ардын хөгжим

    Хөгжим бол хүний ахжй амьдрал байгаль орчин, юмс үзэгдлийг хөг авиаг эгшигээр дүрслэн илнрхийлдэг урлхг юм.Хөгжмийн зэмсэгийг ардын хөгжмийн зэмсэг, мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэж ангилдаг.Тодорхой ястны уламжлалт ба тэдний ахуйд хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ.19-20 р зуунд халхчууд хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг Чавхдаст, Үлээвэр, Цохилуур хөгжмийн зэмсэг гэж ангилдаг.

    1,Ардын чавхдаст хөгжмийн зэмсэг.

    ·      Чавхдаст чимхүүр хөгжим:Ятга, Шудрага

    ·         Чавхдаст нумт хөгжим:Морин хуур, хуучир, Шанаган нуур

    ·         Чавхдаст цохилуур хөгжим:ёочин

    2.Ардын үлээвэр хөгжмийн зэмсэг.

    Лимбэ,Цуур,Аман хуур,Бүрээ,Цагаан бүрээ,Ямаан бүрээ,Их бүрээ,Эвэр бүрээ багтана.

    3.Цохилуур хөгжмийн зэмсэг.

    Зэс харанга, дохиурт хэнгэрэг, цан, бөмбөр, хонх ,дамар зэрэг хөгжим багтдаг.

    Уран нугаралт

    Уран нугаралт 17-р зууны үед “Саран хөхөө” театрт анх удаа тайзнаа тавигдаж байсан гэдэг түүхэн баримт байдаг. Үүнээс өмнө хаад ноёдын өргөөнд эсвэл найр наадам баяр цэнгүүн дээр   охид  бүсгүйчүүд  үегүй юм шиг уян хөдөлгөөн, уран гоолиг  байдлыг харуулан хөгжмийн эгшиг дээр  нугарч, бүжиглэж  үзүүлдэг байсан ба монголын уран нугаралтын үүсэл хөгжлийг гурван хэсэгт хуваан авч үздэг.

    Эхний хэсэгт: 1921 оноос өмнөх үеийн уран нугаралтууд ордог.Тэр үеийн нугаралтууд нь хөдөлгөөний элементүүдээс бүрдэж байсан ба үүнд бурхадын намба төрх,ан амьтадын үйл хөдлөл, хээ угалз, ардын бүжгийн элементүүд багтдаг байжээ.

     Хоёрдугаарт: 1921-1940 оны хоорондох үеийг хамаарна.1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа биеийн тамирийн хөдөлгөөнт гимнастикийн төрлүүд нэвтэрч эхэлсэн. Үүний улмаас уран нугаралт нь биеийн тамирын хөдөлгөөнтөй хамтран хөгжиж, бүх нийтийн дасгал сургуулилт болсон. Уран нугаралт анхнаасаа ардын урлаг болтлоо хөгжиж байсан учир Монголын ард түмэнд сайнаар нөлөөлж, охид болгон уран нугарагч болохыг хүсэж тэмүүлдэг байжээ.

    Гуравдугарт :1940-1960 онд нэг номерын хэмжээнд хийгдэж байсан бол үүнээс   хойш циркийн нэг төрөл  болж хөгжсөн юм.Уран нугаралт бол циркийн хүнд төрөлд тооцогддог. Хэдийгээр Монголын цирк дэлхийн циркийн хөгжлөөс нилээд  хойно 1940 онд үүссэн боловч анх байгуулагдахдаа бүрэн хэмжээний сонгодог хэлбэрээр үүссэн гэж судлаачид үздэг. Үүний адилаар уран нугаралт нь сонгодог урлагийн төрөл болж хөгжсөн. Монголын уран нугараачдын онцлог зүйлс гэвэл насны хувьд олон жил тодруулбал 40 нас хүртлээ нугарч чаддаг байна.

    Бийлгээ

    Монгол ардын бүжгийн урлагт дөрвөдийн бий бийлэх бүжиг зүй ёсоор орно.дарвөдүүд бүжгийг “бий” бүжиглэхийг “бийлэх” хэмээн нэрлэнэ.Бийг хуурын тусгай аялгуунд бийлдэг.Дөрвөдийн бийлгээ нь жижиг зайд бүжиглэдгээрээ бусад бүжигээс онцлог.Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг.Дөрвөдийг голдуу хавар , зун , намарт айлууд бөөнөөрөө  буух  үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ёстой байна.

    Хөөмий

    Хөөмий нь  баруун Монгол, Хөвсгөлийн зах хязгаар нутгаар орших хүмүүсийн дунд өргөн тархсантай холбож үздэг.  голын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмийлөх урлаг нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг монголчууд эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавъяатайг тэмдэглэж, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын хөөмий, хархираа хөөмий гэж байдаг. Хөөмийн урлагийн өнгө аясыг нугалан даргих мэт, уран гоё нугалаа хийж, хүнгэнүүлэн хөөмийлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан өнгөөр эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ. Хөөмийлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай явдаг ажээ.

    Эх сурвалж: Банзрагчийн Солир “Угсаатан зүйн түүх”

  • Бүтээлч үйлдвэрлэл

    Соёл урлаг дэлхийн эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж буй томоохон салбарт зүй ёсоор тооцогдох болжээ. Сүүлийн 20 жилд маш эрчимтэй хөгжин эдийн засгийн голлох хүчин зүйл болж, дэлхийн түвшинд жил бүр дунджаар 8,57 хувиар өсч буй бүтээлч үйлдвэрлэл гэж чухам юу вэ?
    1980-аад оны үед техник технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор олон улсын түвшинд бүтээлч үйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарч ирсэн бөгөөд олон улсын жишигт “хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх боломжтой үйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь бүтээлч үйлдвэрлэл гэнэ” хэмээн тодорхойлсон байна.
    Бүтээлч үйлдвэрлэл, мөн “бүтээлч эдийн засаг” гэж нэрлэгддэг энэ салбарт оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил болон зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, шууд маркетинг зэрэг бүтээлч үйлчилгээг хамруулдаг бөгөөд олон улсын түвшинд албан ёсоор томъёолохдоо хэвлэн нийтлэл, кино, видео, гэрэл зураг, телевиз радио, дуу хөгжим, дүрслэх урлаг, тайзны урлаг, уран барилга, урлаг, дизайн, хувцас загвар, гар урлал, зэрэг үндсэн 7, цахим хэвлэл, зар сурталчилгаа, компьютер, компьютерийн тоглоом зэрэг дэд 4, нийт 11 бүлэгт ангилан хамруулсан байдаг. Товчхондоо бүтээлч үйлдвэрлэлийг “соёл, урлаг, бизнес болон технологийн салбарын нийлбэр, оюуны хөрөнгөд тулгуурласан бүтээгдэхүүн буюу үйлчилгээг бүтээх, үйлдвэрлэх, түгээх цогц үйл ажиллагаа” хэмээн тодорхойлж болно.
    Судалгаанаас харахад 1999 оны байдлаар бүтээлч үйлдвэрлэл дэлхийн нийт эдийн засгийн бүтээмжийн 4 хувийг эзэлж байсан бол эдүгээ 13%-д хүрчээ. Их Британий бүтээлч үйлдвэрийн салбар 2001 оны байдлаар жилд 122,2 тэрбум фунт стерлингийн ашигтай ажиллаж, энэ тоо жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Харин ХБНГУ дахь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 200 000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь уран бүтээлчид ажиллаж, жилийн нийт эргэлт нь 2004 онд ДНБ-ий 2,6% буюу 117 тэрбум евро хүрч, 2006 он гэхэд эдийн засгийн хөгжлийн өсөлтийн түвшнээс 3 дахин хурдацтай хөгжсөн үзүүлэлттэй байна. 2006 оны 11-р сард Европын Холбооны Зөвлөлөөс эрхлэн гаргасан “Европын соёлын эдийн засаг” тайланд дурдсанаар 2003 онд бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг европын ДНБ-ий 2,6% буюу 654 тэрбум еврогийн ашигтай ажиллаж, бүтээлч 1
    үйлдвэрлэлийн өсөлт нь хими, автомашин болон тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрийн салбартай адил түвшинд хүрсэн учир бүтээлч үйлдвэрлэлийг “Европын эдийн засгийн зүтгүүр хүч” хэмээн тодорхойлж, европыг “дэлхийд өрсөлдөх хамгийн эрчимтэй өсөлт бүхий мэдлэгт тулгуурласан эдийн засаг болгох” Лиссабоны тунхагт хувь нэмэр оруулна хэмээн үзсэн байна.
    Харин АНУ-ын хувьд бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн маш том салбарт тооцогдох бөгөөд 2008 оны 1-р сарын байдлаар нийт 3 шахам сая хүн 610 000 урлагийн байгууллагад ажиллаж, эдийн засгийн жилийн эргэлт нь 166,2 тэрбум ам доллар хүрчээ. Харин бүтээлч үйлдвэрлэл хожуу хөгжиж эхэлсэн Ази дахинд сүүлийн арван жилд “тэсрэлт болж байна” хэмээн дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. 2008 оны 11-р сард Тайваны Соёлын зөвлөлөөс мэдэгдэхдээ Тайваныг бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх бодлого баримталж, төрөөс ирэх таван жилд 1,5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг хийх тухай мэдэгдсэн бол БНХАУ сүүлийн 5 жилд аж үйлдвэрлэлийн бус, “оюуны” эдийн засагт шилжих бодлого баримталж, бүхий л томоохон хотуудын үйлдвэрийн дүүрэг болон томоохон үйлдвэрийн газруудын байшин барилгыг бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон, уран бүтээлчдэд урлан, ажлын байр, санхүүжилт, зээл болон татварын хөнгөлөлт олгож, 11-р таван жилийн төлөвлөгөөндөө бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх тухай заажээ.
    Эдийн засгийн салбарт оруулах хувь нэмрээрээ аж үйлдвэржилтээс илүү чухалд тооцогдож буй “шинэ эдийн засаг” буюу бүтээлч үйлдвэрлэл дэлхий даяар эрчимтэй хөгжих болсон үндсэн шалтгаан нь өнөөгийн нийгмийн соёлын харилцааны шинэ үе, техник технологийн хурдацтай хөгжил болон даяаршил гэж үзэж болно. Олон нийтийн соёл, хэрэгцээ улам дээшлэн, зах зээл, аж үйлдвэрлэл эрчимжиж, интернэт болон даяаршил нь хил хязгаарыг даван улс орнуудыг дамнасан холбоо харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх боллоо. Шинийг сэтгэх, бүтээн туурвих, ашиг орлогоо нэмэгдүүлэх өрсөлдөөн нь олон улсад бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэгэн хүчин зүйл болж, улс орнууд эдийн засгийн өндөр ашиг авчрах чадамжтай энэ салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа нь мөн ихээхэн түлхэц болж байгаа юм.
    Олон зуун тэрбум долларын эргэлт бүхий бүтээлч үйлдвэрлэл өргөжихийн хэрээр энэ салбарт үйл ажиллагаа явуулах байгууллага, чөлөөт уран бүтээлчид нэмэгдэж, олон нийтийн сонирхол, хэрэгцээ ч мөн ийш хошуурч байна. Бүтээлч үйлдвэрлэлийн нэгэн салбар болох цахим технологи, компьютер программ болон интернэтийн дүнд дижитал урлагийг бүтээгч шинэ үеийнхэн гарч ирсэн нь нөгөө талаар “жинхэнэ урлаг ба жинхэнэ үзэгч”, “сайн дурын уран бүтээлч ба сонирхогч”-ийн талаарх асуудлыг үүсгэдэг. Үзэгчид зөвхөн үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө бүтээн туурвих болсон нь үзэгчдийн бүтээлч идэвхитэй байдлыг сэргээж, урлагийн боловсролыг дээшлүүлдэг боловч энд урлагийн чанарын тухай асуудал зайлшгүй хөндөгдөнө. Мэргэжлийн уран бүтээлчид, урлагийн байгууллага болон техник технологийн дэвшилд дулдуйдсан бүтээл туурвигч, сонирхогч нарын ур чадвар, авьяас билэг, гоо зүйн мэдрэмж, бүтээлийн үнэлэмж болон оюуны бүтээлийн талаарх маргаан нь урлаг судлаач, эдийн засагчид болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны дунд хурцаар өрнөж байна.
    Үүнтэй зэрэгцэн хүний эрх, нийгмийн шударга ёс, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөөний тухай асуудал болон оюуны өмчид суурилдаг бүтээлч салбарт бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, борлуулах, зохиогчийн эрхийг зөрчих, оюуны өмчийн хулгай болон бусад асуудлууд олон улсын түвшинд хурцаар тавигдаж, уран бүтээлчид, бүтээлч салбарынхны бүтээл туурвилынхаа үр өгөөжийг нь хүртэх 2
    боломжийг сайжруулах, эрхийг хамгаалах нь олон улсын түвшинд тулгамдсан асуудал болоод байна.
    Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил, олон нийтийг хамарч буй байдал, ашиг орлого болон бусад үзүүлэлтүүд нь соёл урлагийн зугаацуулах, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, гоо зүй болон уран сайхны зэрэг нийгэмд гүйцэтгэх үүрэг төдийгүй соёл урлагийн эдийн засагт оруулах хувь нэмрийг ч тодорхой харуулж байна. Тухайлбал Сингапурт соёл урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан 1 сая ам доллар бүр 1,66 сая ам доллар болон өсдөг гэж мэдэгдэж байгаа нь банк санхүү, шатахуун үйлдвэрлэлийн салбараас ч илүү ашигтайд тооцогдож байгаа ажээ.
    Бүтээлч үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин зүйл мөн гэх бодлогыг олон улс орнууд хүлээн зөвшөөрч, даган баримталж байгаа ба 2000-2005 онд дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эзлэх хөгжиж буй орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн хувь 29-өөс 41 болж нэмэгдсэн байна. Бүтээлч үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбараас дэд бүтэц, системчилсэн тогтолцоонд баригддаггүй, нээлттэй байдлаараа давуу талтай бөгөөд 2004 оны байдлаар нийт бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гол цөм буюу 98%-ийг 10-аас доош хүнтэй байгууллага, бие даасан уран бүтээлчид эзэлж, нийт салбарын орлогын 30%-ийг олсон нь ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аж үйлдвэрлэлийн салбараас дутуугүй хувь нэмэр оруулж болохыг баталж байна.
    Хөгжиж буй орнуудын хувьд зах зээл бага, үйл ажиллагаа явуулах зардал өндөр, худалдаа арилжааны боломж хязгаарлагдмал гээд олон бэрхшээл байдаг ч технологийн дэвшил нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний зардал өртгийг багасгаж, газар нутгийн алслагдмал байдлыг арилгаж, зах зээл, тээвэр, холбоо харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах боломжийг нээх төдийгүй улс орон, хот, бүсийг “соёл урлагийн төв“ болгон хөгжүүлж, аялал жуулчлалын урсгалыг татаж, жуулчлалын шинэ маршрут бий болгох боломжтой юм.
    Гэхдээ нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан арилжааны сүлжээ, зар сурталчилгаа, интернэт, технологийн эрс хурдтай хөгжил нь шинэ залуу үеийнхнийг илүүтэй зонхилон хамарч байгаа тул бүтээлч эдийн засаг тухайн улс үндэстний өв уламжлал, соёлын өвөрмөц онцлогийг хадгалан хамгаалах, уламжлуулан хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг. Ийм учраас 2005 онд ЮНЕСКО-гоос “Соёлын олон ургальч байдлыг дэмжин хамгаалах конвенци”-ийг баталсан бөгөөд энэ конвенцийн 2-р зүйлд “Аливаа улс орон өөрийн газар нутаг дээрх соёлын олон ургальч байдал, өвөрмөц онцлогийг дэмжин хамгаалах бодлого баримталж, арга хэмжээ авах онц бүрэн эрхтэй” гэж заажээ. Аливаа улс орны соёлын өв уламжлалыг хадгалан хамгаалах, соёлын өвөрмөц онцлог, улс үндэстнүүдийн соёлын олон ургальч байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн энэ конвенцид 2008 оны байдлаар 90 гаруй орон нэгдээд байна.
    Монгол улсын тухайд соёл урлагийн хувь хүн, нийгэм эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаарх ойлголт бүрэн төлөвшөөгүй, төрөөс дэмжин хөгжүүлэх бодлого, дэмжлэг хомс, олон нийтийн соёлын хэрэгцээ үнэлэмжийн түвшин доогуур, бүтээлч үйлдвэрлэлийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байгаа учир энэ салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Нэгэнт дэлхийг хамарсан бүтээлч үйлдвэрлэлийн хурдацтай хөгжил, бүтээгдэхүүн ба бүтээлч үйлчилгээний хэрэглэгч болсон монголчуудын хувьд зөвхөн хэрэглэгч, худалдан авагч байх нь гадны соёлын 3 хэрэглээнд автах, өөрсдийн соёл, өв уламжлалаас холдон хөндийрөх эрсдлийг авчирч болзошгүй.
    Иймд бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн томоохон салбар болгон хөгжүүлэх нь хөгжлийн нэгэн чиг хандлага болж буй өнөө үед төрөөс үндэсний соёлын өвөрмөц онцлогийг агуулсан, олон улсын түвшинд дэмжин сурталчлах агуулга бүхий бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулан баримтлах, мөн олон нийт, уран бүтээлчдэд соёл урлагийн өнөөгийн чиг хандлага, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, уран бүтээлчдийн идэвхи санаачлагыг дэмжих, туурвисан бүтээлээ толилуулах, борлуулах болон зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг дэмжих зэрэг олон асуудлуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь чухал юм.

    Монгол улсын хувьд Бүтээлч Монгол Хүн ТББ-ийн хамт олон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

  • Б.БАТХИШИГ: ТУРКУУД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ НУТАГТ ОЧИНО ГЭЖ МОНГОЛЫГ ЗОРЬЖ ОЧДОГ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ БОЛОМЖ ЮМ

    Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бадамдоржийн Батхишиг гуайтай Монгол Турк улсын харилцаа, хамтын ажиллагааны тухайд яриа өрнүүллээ.

    Амар байна уу. Та сайхан өвөлжиж байна уу? Таны шинэ номноос ярилцлагаа эхэлье. Та Туркын олон хотоор явж монголын түүхэн дурсгалт газруудыг үзэж судлан “Монголын Ил хаант улсын үеийн түүх соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” хэмээх номыг хэвлүүлжээ. Номонд дурьдагдсан түүхэн дурсгалт газрууд маш их сонирхол татлаа.

    Мэндээ. Тарган сайхан өвөлжиж байна уу. Номын сайхан ерөөлөөр яриагаа эхлэж байгаадаа баяртай байна. Номын судалгааг хийж байхдаа өвөг дээдсийнхээ түүхээр үнэхээр их бахархаж явлаа. Зарим түүхэн сурвалжуудаас уншихад монголчууд бусад улсыг дайлаар мордож, эвдэж сүйтгэн хүн ардыг нь алж талж байсан гэж бичдэг. Гэвч монголчууд эзлэж авсан газартаа эмнэлэг, сургууль, гүүр, барилга барьж өгч байсан түүхэн дурсгалууд маш олон байгаа нь дээрх өрөөсгөл дүгнэлтийг няцааж байгаа юм. Тухайлбал Анкарагаас 400 км-т орших Сивас хотод 700 жилийн өмнө баригдсан гэхэд маш сайхнаараа шашны сүм байгаа. Одоо ч тэнд зах зээл өрнөж худалдаа арилжаа хийгдэж байна. Дээрхийн адил, монгол ноёдын хөрөнгө, зарлигаар босгосон сайхан барилгууд Амасиа, Акшехир, Кайсери хотуудад бий. Жишээлбэл Амасиа хотод Өлзийт хааны хатны хөрөнгөөр байгуулсан эмнэлэг байдаг. Тухайн үедээ мэс засал, сэтгэл засал гэх мэт нарийн эмчилгээ хийдэг байсан байна. Мөн эндээс 800 км-т байрлах Эрзурум хотын ойролцоо Чобан деде хэмээх Монгол ноёны бариулсан их гоё гүүр бий. Түүхэн тэр цаг үеийнхээ хувьд маш гоёмсог гүүр.

    Тухайн үед Торгоны зам Иранаас Турк, Монголоор дамжаад Шинжаан Уйгар орж байсан. Энэ торгоны замын 50 км тутамд Дэн буудал байсан байгаа юм. Монгол ноёдын бариулсан тэдгээр буудал нь жижигхэн биш асар том байшин байсан бөгөөд ачаа тэмээтэй хүмүүс ирж буудаллаад амраад явдаг их гайхалтай.

    Бид энэ түүхээ мэддэггүй байсан. Анкарагийн Их сургуульд сурч байгаа түүхч судлаач монгол залуу Анхбаяр түүхэн судалгааг хийгээд бид газар дээр нь очиж судлаад энэ номыг гаргасан.

    Монголын ил хаадын үед 1256 онд Хүлэгү хаан Иранд ирээд 100 орчим жил захирч байсан. Тэр үед Туркын нэг хэсгийг Хүлэгү хаан захирч татвар авч байгаад, сүүлдээ эзэмшилдээ оруулсан байдаг. Тэр үед Монгол ноёд маань Анкарагаар давхилдаж байсан байх юм. Тэр байтугай монгол цэргийн хуаран байсан гээд Анкарагаас 100-аад кмт байдаг Малиягийн тал гэдэг их өргөн уудам тал нутаг байдаг гээд л яриад байвал үнэхээр сонирхолтой зүйл олон бий.

    Турк хүмүүс Монгол хүнд их найрсаг дотно ханддаг гэж сонссон. Энэ талаар танд төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?

    Монгол хүнд үнэхээр найрсаг ханддаг. Ихэнх туркүүд бид монголоос ирсэн гэж ярьдаг. Түүхийн хуудсыг сөхвөл Монгол, Туркүүд хаяа зэрэгцэж амьдарч байгаад Туркууд нүүж явсан гэдэг. Хаад язгууртнуудын бунхан, руни бичээс бүхий гэрэлт хөшөө дурсгалууд, Архангай аймгийн Хашаат суманд байх Хөшөө цайдам дахь Культегэн жанжны гэрэлт хөшөө, Билгэ хааны дурсгал, Улаанбаатараас зүүн тийш орших Тоньюукукийн гэрэлт хөшөө зэрэг Түрэгийн үеийн түүхэн чухал дурсгалууд Монгол нутагт олон бий. Бидний өвөг дээдсийн нутгийн хүмүүс гээд Монголчуудад их сайн ханддаг. Туркууд одоогийн нутагтаа суурьшиж хүчирхэгжихэд Чингис хаан болон түүний удмын хаад, ноёд их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг. Тийм учраас Туркэд Чингис, Бат хаан, Цагаадай гэсэн нэртэй хүмүүс их байдаг. Хоёр улсын хувьд түүхийн хувьд ч, хэл соёлын хувьд ч үнэхээр ойр дотно байх ёстой улсууд юм билээ. Бие биенээ мэдэхгүй холбоо тасарч байгаад 1990 оноос улс хооронд зорчдог болсон.

    Их сонирхолтой түүх байна. Одоогоор Монгол Улс, Турк Улсын дипломат харилцаа, хамтын ажиллагааны төлөв байвал ямар түвшинд явж байна вэ?

    Монгол улс 3 дахь хөршөөр Америк, Япон, Европын холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк гэсэн 6 улсыг зарласан. Гуравдагч хөрш гэдэг нэр томьёо төдий биш, стратегийн чухал хамтын ажиллагаа юм. Өмнө нь бид Сөүлээр дамжиж бусад улс руу зорчдог байсан бол 2012 оноос шууд Америк, Герман зэрэг улсруу Туркээр дамжиж нисч байна. Удахгүй Фосфорын хоолойн зам нээгдэнэ. Тэгэхээр Европоос төмөр зам яваад Фосфорын хоолойгоор дамжаад шууд Шинжаан Уйгар, Хятад руу ороод ирж болдог болно. Манай зам тээврийн яам энэ замд нэгдэе гээд санал тавьж байгаа. Тэгвэл төмөр замын шинэ гарц нээж байна гэсэн үг. Одоо Туркээс 7 хоногт 3 нислэг явж байна. Үүнийг 5 болгоё гэж байгаа. Бид дэмжиж байгаа. Мөн карго явуулдаг болъё гэж байгаа.

    Туркууд 2007 оноос манай улсруу 30 хоног визгүй зорчдог байсан. Тэгээд 2013 онд Туркийн ерөнхий сайд монголд айлчлах үеэр манайх танай улсыг 6 жил хүлээлээ. Танай иргэдийг манай улс визгүй зорчуулдаг. Танай улс манай иргэдийг визгүй зорчуулдаг болгооч гэсэн. Тэгээд 2014 оны 4 сарын 11- нээс Турк руу бид 30 хоног визгүй зорчдог болсон. Одоо Анкарад манай элчин сайдын яам байна. Өнгөрсөн жил Станбулд консулын газар байгуулсан.

    Бусад орны иргэд бол Монголыг ямар хэлтэй юм, ямар соёл иргэншилтэй юм гэж сонирхож очдог бол Туркууд өвөг дээдсийнхээ нутагт очино гэж зорьж очдог. Зарим Туркууд Билгэ хааныхаа хөшөөнд очоод ирэхдээ “Би хаж болсоон…” гэдэг. Мусулман шашинтнууд чинь Саудын Арабт байдаг Бурхан бунхандаа мөргөчихөөр Хаж гэдэг цолтой болчихож байгаа юм. Тийшээ очих хүн бол ховор. Бөөн очер зардал. Үүнтэй адил Монгол яваад ирэхээрээ “Би хаж болсон” гэж ярьдаг. Тоглоом шоглоомоор хэлж байгаа ч гэсэн үнэн байхгүй юу. Билгэ хааны хөшөөн дээр байдаг руни бичигнээс өөрсдийгөө Туркууд гэдгээ анх мэдэж авсан гэдэг.

    2002 онд би Туркийн ерөнхийлөгчийг дагаж тэр хөшөөн дээр очиход ерөнхийлөгч нь: “Боломжтой турк хүн бүр энд ирэх ёстой юм байна даа” гэж хэлж байсан. Сая 2014 оны 6 сард Туркын Үндэсний их хурлын дарга Билгэ хааны хөшөөнд очсон. Бэсрэг наадам хийсэн. Би 100 гаруй улсад айлчилж үзсэн. Энэ айлчлал шиг сайхан айлчлал ховор байсан гэж хэлсэн. Монгол дээл өмсгөөд Энхболд дарга өөрөө хамт суугаад барилдаан үзээд тэр үед Туркууд үнэхээр сэтгэл нь хөдөлж байсан.

    Үүн дээр тулгуурлан бид аялал жуулчлал хөгжүүлж болно. Энд юу саад болж байна гэхээр Улаанбаатар- Станбул чиглэлийн 7 хоногийн гурван нислэг нь багадаад байгаа юм. 5 юмуу 7 болгоод том онгоц нисгэе гэж байгаа. Жижиг онгоц замдаа зогсоод зардал ихтэй, алдагдалтай байна. Хэрэв том онгоц нисгэвэл замдаа зогсохгүй 6- 7 цаг нисдэг болж билетны зардал 20- 30 хувь хямдрах юм. Манай зам тээврийн яаманд энэ саналыг тавьсан. Одоо хэлэлцээрт явж байна. Манай тал ямар хариу өгөхийг мэдэхгүй байна.

    За тэгээд Монголд очлоо гэж бодоход Хархорин руу явна гэдэг том асуудал. Тэнд онгоцны буудал байхгүй. Бид энэ асуудлыг яриад байгаа. Хархорины онгоцны буудалд онгоц буудаг болчихвол, Улаанбаатарт буугаад тэндээсээ Хархорин руу нисээд тэндээсээ Хөшөө цайдамруу 45 км яваад очно. Энэ 45 км замыг Туркын тусламжаар засмал зам тавьсан. Одоо чинь Хархоринд онгоц буухгүй болохоор машин замаар олон цаг явдаг зам муутай байдаг. Турк улс 77 сая хүнтэй. Жилдээ манайд 7000 хүн очиход л том хөрөнгө оруулалт болно шүү дээ.

    Би Туркуудэд “онгоц байна, виз байхгүй” одоо яваад байж дээ гэж хошигнож хэлдэг юм.

    Элчин сайдын яамны хувьд Турк Улсаас Монгол Улсруу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар чиглэлүүдийг баримтлан ажиллаж байна вэ?

    Манай элчин сайдын яам Туркээс хөрөнгө оруулалт татах 4 чиглэлийг баримталж байна.

    1. Улаанбаатарын дахин төлөвлөлтийн шинэ орон сууцыг барих. Улаанбаатар Анкара хоёрын харилцаа сайн байгаа. Турк орон сууцыг хурдан барьдаг өөрсдийн технологитой. Тэгэхээр Улаанбаатарын дахин төлөвлөлт хурдсах боломжтой. Одоо 30 давхар байшинг 70 хоногт барьж байна. 1 давхрыг 2 өдөр барьдаг. Манайх шиг зуны улирал нь богино улсад байшин барихыг тоглоом өрж байгаа юм шиг л хурдан барина шүү дээ. Туркийн “түнель хашмал хэв” технологийг Монголруу явуулсан. Монголын барилгын мэргэжилтнүүд газар дээр нь ирж үзээд судлаад явсан. Тэр хурдан барьдаг технологийг эзэмшчихвэл бидэнд их хэрэгтэй. Ер нь Туркийн барилгын технологи, стандарт дэлхийд тэргүүлж эхэллээ шүү дээ.
    2. Арьс ширний салбарт Туркыг оруулъя гэж байгаа. Монгол чинь 52 сая малтай болчихлоо. Жилд 10 гаруй сая арьс бэлддэг. Тэрнээс 75 хувийг ямарч боловсруулалт хийхгүй гадагш гаргадаг. Арьс боловсруулдаг үйлдвэрийг Туркийн хөрөнгө оруулалт, технологиор бариулах талаар уулзаж ярилцаж байна. Ганцхан манай арьс ширний үйлдвэрийг Улаанбаатараас гаргаж нэг бүст төвлөрүүлнэ гэж ярьж байгаа. Эхлээд Дархан, дараа Багануурт гэж яригдаж байгаад одоо Улаанбаатарт ойрхон 22- ын товчооны ойролцоо төвлөрүүлэх юм гэсэн. Тэнд арьс ширний үйлдвэрийн Парк төвлөрчихвөл Туркууд орж магадгүй байна. 10 сая арьс гэхээр Туркууд их боломж байна гэж их талархалтай хүлээж авдаг.
    3. Аялал жуулчлал. Монголчууд бол Туркэд багагүй ирдэг болжээ. Монголчууд 2 жилийн өмнөх тоогоор жилд 6500 хүн Туркэд ирж байна гэсэн тоо байдаг. Одоо бол бүр нэмэгдэж байгаа байх. Харин одоо Туркуудыг Монголруу аялал жуулчлалаар татах шаардлагатай байгаа юм.
    4. Эрчим хүчний салбар. Туркын Aydiner Group Чойрт 95 сая долларын өртөгтэй салхин цахилгаан станц барьж байгаа. Бас Зэтмэн компани Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр 150-160 сая долларын өртөгтэй 56 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн. Одоо хөрөнгө мөнгөө босгох тал дээр ажиллаж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудаа бүрэн цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.

    Бусад чиглэлээр хийгдсэн ажлууд гэвэл хүнсний үйлдвэрүүд байна. Манай гол гурилын үйлдвэрүүд Турк технологиор баригдаж байгаа. Дээр нь цэвэрлэх байгууламжийг Туркууд байгуулж эхлээд байна. Одоо хоёрдохоо хийх гэж байна. Бид Туркээс зээл авч чадах юм бол аймгуудад цэвэрлэх байгууламж барих боломж байна.

    Туркээс 300 сая долларын хөнгөлттэй зээл авъя гэж тохирсон. Туркууд өгье гэж байгаа боловч манай Засгийн газраас баталгаа гаргаж өгч чадахгүй байгаа. Яагаад гэхээр зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй гэсэн тэр хязгаартаа тулчихаад зээл авч болохгүй байна. Анх тэр зээлийг авчихвал барилга барина гэж байсан. Одоо бол зээлийг авчихвал арьс шир ч юмуу өөр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах ч юмуу чухал үйлдвэрт зарцуулж болно.

    Туркууд мах, сүү, тараг, бяслаг боловсруулалтаараа маш сайн. Арьс ширээ өнгө үзэмч сайтай маш сайн боловсруулдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах нь их ирээдүйтэй. Туркууд Европын холбоонд элсэнэ гээд хэлэлцээ нь 2015 оноос эхэлж байгаа. Энэ далимдаа Туркууд европын стандартыг наашаа татаж байгаа. Зарим салбартаа европын стандартыг давсан явж байгаа.

    Соёлын салбарт 2 улсын харилцаа их сайн байгаа. Одоо туркэд монголоос нийт 800 гаруй оюутан сурч байна. Тал нь Туркын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа. Жилд 50 гаруй оюутан элсүүлж байна. Туркын ерөнхий сайд манайд айлчлахдаа 100 хүргэнэ гэж амласан. Удахгүй 100 хүрэх байх.

    Бусад салбарын харилцаа мөн хурдан хөгжиж байна. Батлан хамгаалахын салбарт 2011 оноос эхлээд жилд 1 сая гаруй долларын тусламж үзүүлж байна. Тэр тусламжаар бид голдуу цэргийн гутал хэрэгсэл авч байна. Монголын арми Турк гутал өмсөж байна. Турк НАТО-ын орнуудыг ч гутлаар хангадаг. Мөн цагдаа хууль, прокурорын байгууллагууд маш сайн харилцаатай. Зөвхөн жил хагасын дотор 76 прокурор ирж мэргэжил дээшлүүллээ. Энэ жилээс шүүгчид ирж мэргэжил дээшлүүлнэ. Сая Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж ирж гарын үсэг зураад явлаа. Эхний ээлжинд жилд 20 шүүгчийг сургая гэж ярьж байгаа.

    Мөн аудит, статистикийн байгууллагууд бүгд холбоотой байнга ирж очиж байгаа. Дандаа 5, 10, 20-иороо ирээд л мэргэжил дээшлүүлж байна. Цагдаагийн байгууллагад байнга туслалцаа үзүүлж байна. Өнгөрсөн жил 3000 метр даавуу үнэгүй бэлэглэсэн. Тэрэнгээр цагдаагийн хувцас оёж байна. Цэрэг, цагдаа, батлан хамгаалах, аюулгүй байдал гээд маш сайн харилцаатай байна. Одоо манай Цагдаагийн Академийн 26 оюутан Анкарад сурч байна. Хуучин 40 гаруй оюутан төгссөн. Монголын цагдаад Турк хэлтэй офицер нэмэгдэж байна.

    2014 оны эхээр Турк Улсын Хажэтэпэ их сургуульд анхны Монгол судлалын төв нээсэн. Уг Монгол судлалын төвд Төмөртогоо гуай ирж монгол судлалын 100 гаруй ном бэлэглэсэн.

    Турк хүн Монгол хүн хоёрын хооронд адил төстэй зүйл байна уу? Жишээ нь хүнийг угтах, мэндлэх ёс нь ижил төстэй санагдлаа. Хацар дээр үнсэх, зочломтгой зан нь адил санагдлаа.

    Адил төстэй зүйлүүд байдаг. Мэндлээд монгол хүн шиг хацар дээр үнсдэг. Айлд ороход зочломтгой. Байгаа зүйлээрээ дайлна. Хэл нь ч гэсэн их төстэй. Жишээ нь: Өгүүлбэрийн бүтэц нь эхлээд өгүүлэгдэхүүн яваад хамгийн сүүлд нь өгүүлэхүүн нь ордог. Үг үүсч байгаа хэлбэр нь ч гэсэн их төстэй. Аркадаш гэхэд туркээр найз нөхөд гэсэн утгатай. Найз нөхөд гээд олон тоо болговол монгол хэл дээр гээд нөхцөл залгадаг бол турк хэл тэрэн шиг –ла нөхцөл залгаад Аркадашла болчино. Монгол хэл дээр хамаатуулах нөхцөл залгаад найз нөхөдтэйгээ гэдэг бол турк хэлд –рли нөхцөл залгаад Аркадашларли- найз нөхөдтэйгээ гэдэг үгийг бүтээдэг. Монгол хэл нөхцөл дагавар залгаад үгээ уртасгаад байдаг шиг турк хэл мөн тэгдэг. Тийм болохоор турк хэлийг монголчууд их амархан сурч байна. Монголд Туркийн 5 дунд сургууль байдаг. Тэнд турк хэл сурсан хүүхдүүд үргэлжлүүлээд Туркын их сургуульд элсээд сурдаг.

    Туркэд хэд орчим Монгол хүн байна? Монголчуудын маань ахуй амьдрал ямар байна вэ?

    Ойролцоогоор 2000 орчим Монголчууд байна. Анкарад 150 орчим хүн. Ихэнхи нь оюутан. Бусад хотуудад 15- 20 хүн байна. Станбулд олон хүн байна. Ноднин Станбулын Монголчуудын цагаан сард очиход 500 орчим монголчууд цугларсан. Хууль бусаар амьдарч байгаа хүмүүс ч бий. Хэрэг төвөг л гаргахгүй бол Туркууд баривчлаад, цагдаад байдаггүй. Ихэнхи нь барилга, оёдол, хүүхэд асрагч хийгээд цалин ч боломжийн авчихдаг юм байна. Амьдрах орчин нөхцөл нь ч сайн болохоор Монголчууд их ирдэг бололтой. Монголчууд маань энд хэсэг хугацаанд ажиллаад юм сураад туршлага хуримтлуулаад эх орондоо очиж мэдсэн сурснаа ашиглаж бизнес эрхэлбэл их зүгээр. Сүүлийн үед ийм хандлага ажиглагдаж байгаа. Бид одоо улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Туркуудад хийж чадахгүй юм гэж байхгүй, суралцах зүйл их. Машин техникийг гаднаас авдаггүй. Герман, Америк, Япончууд автомашины үйлдвэрээ энд байгуулаад машинаа угсарч байна. Туркууд машинаа хийж байна. Галт тэрэг, усан онгоц, бүх электрон цахилгаан бараануудаа үйлдвэрлэж байна. Европын телевизийн 50 хувийг туркууд үйлдвэрлэж байна. Батлан хамгаалах салбар их хөгжсөн. Их буу, танк, нисдэг тэргээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Одоо бөмбөгдөгч онгоц хийх гэж байна. Энд монголчууд ирж ажиллаж юм сурч авах нь зөв гэж боддог.

    Турк улс хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

    2000 оноос хойш их эрчимтэй хөгжсөн. 2002 оноос хойш одоо эрх барьж байгаа Шударга ёс хөгжлийн нам нь төрөө тогтвортой барьж байна. Турк улс одоо эдийн засгаараа дэлхийд 16- т орж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1 териллион долларт дөхөж байна. 2023 онд БНТурк улс байгуулагдсаны 100 жилийн ой болно. Османы эзэнт улс 1923 онд БНТурк улс болсон. 100 жилийн ойгоороо дэлхийн эхний 10 том эдийн засгийн 1 болно гэсэн зорилт тавьж байна. Тэр үед дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2 териллион орчим доллор болно гэж төлөвлөж байна.

    Ажиглаж байхад энэ зорилт хэрэгжих бололцоотой харагдаж байна. Хэдэн жишээ дурьвал. 2014 онд Хар далайн эрэгт Атомын цахилгаан станц байгуулахаар тендер зарлахад Япон Францын компани ялсан. Энэ тендер 21 миллиард доллорын өртөгтэй станц. Мөн Газар дундын тэнгисийн эрэг дээр бас Атомын цахилгаан станц барих тендер зарласан. Рос- Атом гээд оросын компани ялсан. Одоо эхлэх гэж байна. Бас 21 миллиард долларын өртөгтэй станц. Фосфорын хоолойд 3 дах замыг барьж эхэлж байна. Тэр нь 3 миллиард долларын өртөгтэй. Станбулд 3 дах онгоцны буудлыг барих гэж байна. Энэ тендерт Туркын өөрийн компани ялсан. Бас 20 гаруй миллиард долларын өртөгтэй. Эдгээр төслүүд нь миллиардаар л яригдах юм байна шүү дээ. Ийм мега төслүүд зэрэг эхэлж байна. Хотуудаа хурдны замаар холбоод дууслаа. Ямар ч жижиг хот байсан шил толь шиг гоё цэвэрхэн. Одоо хотуудаа хурдны галт тэргээр холбож байна. Сая намар Станбул Анкара хоёрыг холбосон хурдны галт тэрэгний замын нээлт хийсэн. Одоо бусад хотуудруугаа хурдны галт тэрэгний зам тавьж байна. Нийт хотуудад 100 гаруй онгоцны буудал байна. Дээр нь өөрсдөө усан онгоцоо үйлдвэрлэж байна. Жилд 1 сая гаруй автомашин үйлдвэрлэж байна. Хөдөө аж ахуй их хурдан хөгжиж байна. Туркууд анар, жимс, самар, помидор, өгөрций, сонгины ургацаар дэлхийд дандаа эхний 10-т явж байна. Хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Ингээд харахад 2023 он гэхэд эхний 10-т орох том эдийн засагтай болох бололцоотой харагдаж байна.

    Туркууд төрөө дээдлэх ёсыг их эрхэмлэдэг өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлдэг санагдлаа. Жижиг том гэлтгүй байгууллага бүр төрийн далбаагаа залсан байх жишээтэй. Монголчууд төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг. Энд бол төрөө дээдлэх ёс нь өдөр тутмын амьдралдаа бодит утгаар нь төрөө дээдлэж байгаа харагдаж байна. Туркчууд төрөө дээдлэх сэтгэлгээг хэрхэн бий болгодог юм бол?

    Энд баяр ёслол болохоор бүгд төрийн далбаагаа бариад төрийн дуулалаа дуулаад л эхлэнэ шүү дээ. Үгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Манай энд сурч байгаа монгол оюутнууд ч гэсэн Туркын төрийн дуулалын үгийг бүгд цээжилсэн байдаг. Сургуульд байхад нь цээжлүүлдэг юм байна. Төр нь хүчтэй ч юм. Зах зээлийн эдийн засгаа төрийн зохицуулалттай хослуулж чадсан. Төр бол компаниудаа дэмжээд юмаа сайн хийлгэж чаддаг. Өөрсдийн чадахгүй зүйлээ гадны компаниар хийлгэж, чаддаг юмаа өөрсдөө хийдэг. Атомын цахилгаан станцыг аргагүй чадахгүй учраас гадны компанийг сонгож байна. Япон бол газар хөдлөлтөд тэсвэртэй зүйл хийнэ, франц атомын цахилгаан станц өндөр хөгжсөн гэдэг утгаар энэ 2 улсын компанийг атомын станцийн төслүүдэд сонгосон байх жишээтэй.

    Туркэд үндэснийхээ компаниа дэмждэг төрийн бодлого, тогтолцоотой. Хот хөдөөгийн ялгааг их арилгаж байгаа. Хотоос алслагдсан байрлалтай газар үйлдвэрийг хөгжүүлбэл цахилгааныг 100 хувь чөлөөлнө. Татварыг тэдэн хувь гээд бүр тогтсон байдаг. Наашаа дэд бүтцэд ойр бол 50 хувь чөлөөлнө гэх мэт. Манайх бол татвар чөлөөлөх болов уу гээд хараад байдаг. Татвараас өмнө Туркэд газар нь яах юм, ус нь яах юм гээд бүгд тодорхой байдаг. Алслагдсан газар үйлдвэр хөгжүүлбэл бүгдийг нь чөлөөлдөг. Тэгэхээр чинь дуртай ажиллаж байгаа. Энэ бодлогоо ноднин манай Энхболд даргыг айлчлахад ярьсан. Дараахан нь Туркын ерөнхий сайдын ажлын албанаас надад үүнтэй холбоотой танилцуулгыг өгсөн. Яаж хөрөнгө оруулалт хийж хэрэгждэг талаар материалыг нь англи хэл дээр явуулсан. Би тэрийг бүгдийг нь УИХ, эдийн засгийн яам руу явуулсан. Татвараа бол хүн бүр байгууллага бүр төлөх ёстой юм байна. Харин ус, газар, цахилгааны төлбөрийг чөлөөлж хөнгөлдөг юм байна.

    Одоо Турк компаниудыг Монголд хөрөнгө оруулж манай улстай хамтарч ажиллаач гэхээр газар, цахилгаан, ус нь ямар үнэтэй байдаг вэ, хэдэн жилээр өгдөг вэ, яаж хөнгөлөлт үзүүлдэг вэ гээд асуудаг. Хөнгөлөлт эдлээд бүр сурсан байдаг.

    Туркын хотууд нь их цэвэрхэн. Ажил нь муу явагдаж байгаа хотын даргыг ажлаас нь халчихдаг. Монголд чинь хөдөө аймгийн дарга нар өөдөөс нь мөнгө нэхээд суугаад байдаг. Энд бол мөнгийг нь ч өгдөг байх, хариуцлага сайн тооцдог байх. Эндэхийн хөдөө нь хотоос дутахгүй сайхан байдаг.

    Төрөө дээдлэх сэтгэлгээ сургууль соёл түүхээ хүндэлж байгаагаас үүдэлтэй. 1299 оноос хойш сая 1923 он хүртэл 600 гаруй жил Отманы эзэнт гүрэн гэж их том гүрэн байсан. Баруун хил нь Австри Вени хот хүрч байсан. Тийм үе дамжсан төрийн, эзэнт гүрний уламжлал байсан байна. Тэрийгээ орчин үеийн болгосон. Одоо сонгуулийн ардчилсан системтэй. Сонгууль явагдаж төрөө сонгож байна. Төр нь их тогтвортой ажиллаж байна.

    Туркын зочид буудлаас эхлээд л компаниуд нь логогоо үндэсний хээ хуараар зохиосон байдал, төрийн далбаагаа залсан, хаалганы бариул, цайны данх гэх мэт үндэсний уламжлалаа орчин үетэй хослуулсан байгаа нь их сонирхолтой санагдлаа.

    Турк Улс ислам шашинтай орон. Хуучин уламжлалаа авч үлдэхэд нь шашин нь том үүрэг гүйцэтгэсэн. Туркууд Сүнит урсгалыг дагадаг. Туркэд хамгийн гоё барилга нь сүмийн барилга байдаг. Энд Шашны Хэрэг эрхлэх газар гэж байдаг. Шашин нь соёлоо хамт аваад явчихдаг юм байна. Айхтар бодлоготой. Тэр үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэх сэтгэлгээг шашинаар дамжуулж сургаж байгаа. Их сургуулиудын дэргэд сүмийг нь ойртуулаад байгуулаад өгсөн байдаг.

    2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна?

    Монголын эдийн засаг хүндрэлтэй байна. Тийм болохоор Туркын хөрөнгө оруулалтыг Монголруу чиглүүлэх ажилруу төвлөрч Туркын бизнесменүүдтэй их уулзаж ярилцаж байна. Түрүүн ярьсан 2 төсөл байна. Мөн зээлийн ажил дээр анхаарал хандуулна. Үүний тулд 2- 3 том айлчлал хийх төлөвлөгөөтэй байна. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд 2- ын аль бололцоотойг Туркэд айлчлуулах, Туркын Гадаад яамны сайдыг Монголд айлчлуулах, 2 жилд нэг удаа болдог Монгол Туркын Эдийн засгийн хорооны хамтарсан 8 дах хуралдааныг Улаанбаатарт хийнэ. Энэ жил бол эдийн засаг руугаа гол хандана.

    Гадаад бодлогын нэг гол бодлого нь соёлын бодлого. Ийм учраас Иранд судалгаагаар яваад ирсэн доктор Анхбаяр бид нар Иранд байдаг Монголын хуучин нийслэлүүдээр яваад “Ираны замаар” гээд түүхчилсэн зурагтай ном хийсэн. Бид Туркэд Монголын соёлыг сурталчилна гэж бодож байгаа. Хар хоринд байгаа Түрэгийн үеийн музейны үзвэрүүдийг Туркэд авчирч үзүүлэх гээд бодсон санасан ажлууд их байна. Тэр музейд их гоё үзмэрүүд байна. Билэг хааны булшнаас гарсан үзвэрүүд бүгд байна. Тэгээд тэр том хөшөөний чинь загварыг ч болов хийгээд наашаа авчраад үзэсгэлэн үзүүлвэл жуулчдыг татах томоохон ажил болох юм.

    Хийх ажил их байна…

    Турк Улс, Анкара хот, Монгол Улсын Элчин Сайдын Яам

  • Монголын гар урлалын төрөл ангилал

    Гар урлалын гол төрөл болох ган сийлбэр, модон сийлбэр, цутгуурийн аргаар урласан бүтээлүүд, ихэвчлэн хөөмөлийн технологоор бүтээсэн ахуйн хэрэгцээний эд зүйлс, мөн хатгамалын урлалын зарим төрлийн талаар товч танилцуулья.Монголын төвийн бүс нутгийн хойд хэсэгт ган сийлбэрийн урлал сонгодог хэлбэрээ олж, эрчимтэй хөгжиж байсан бол дорнод хэсэгт мөнгөний урлал ур хийцийн хувьд давуутай байв. Тухайлбал, Түшээт хан аймгийн Далай Чойнхор хошуу (одоогийн Хөвсгөл, тэрчлэн Архангайн хойд хэсэг) ган сийлбэр, Цэцэн хан аймгийн зарим хошууд, Дарьгангийн мөнгөний дарх уран сайхны шийдлээрээ алдаршиж байсан. Цаасан шуумал, сийлбэр, хөөмөл, цутгуур, уран хатгамал, уран зураг, зээгт наамлын урлаг бурханы хөрөг дүр бүтээхэд гол арга нь болж байв. Бид зээгт наамал болон хатгамлын урлаг, бурхадын хөргүүдийг бүтээсэн уран зургийн шилдэг дурсгалуудыг Дүрслэх урлагийн музейд үзэж болно. Мөн цаасан шуумлын аргаар бүтээсэн томоохон бүтээлүүдийг Чойжин ламын сүм музейд сонирхож болно.

    Гар урлалыг ерөнхийд  нь 3 ангилдаг.

    1. Ахуй хэрэглээний

    2.    Эрэгтэй / гоёлын, энгийн, ахуйн

    3.    Эмэгтэй / гоёлын, энгийн, ахуйн /

    Гар урлалын бүтээлийг хийсэн материалаар нь 8 ангилдаг.

    1.    Болор

    2.    Шилэн

    3.    Даавуу

    4.    Төмөр

    5.    Мөнгө

    6.    Алт

    7.    Циллиод

    8.    Мод

    Гар урлалын зарим бүтээлийг алт, гууль, зэс, ган  зэргээр хийдэг. Гар урлалын салбаруудын нэг уран зургийг 4 ангилдаг.

    1.    Монгол зураг

    2.    Зан байдлыг харуулсан

    3.    Угсаатан

    4.    Олон үйл явдалыг харуулсан

    Гар урлалын бүтээлүүдын тухай

    “Дарьганга хийц” гар урлалын бүтээл

    Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм. Ман-жийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.  Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотын Түмэн-Амгалант ордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.
    Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, “хөл” Галай, “жараахай” Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна. Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм.

     Сэврэй хийц -Мөнгөн эдлэл-Урлагын бүтээл

          Балдан засгийн хошуу Одоогоор Өмнөговь аймгийн Сэврэй  сумын  мөнгөн эдлэлийн хийц  мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй улсад алдартай  хийц байдаг.   Монгол улсад энэ чиглэлээр  ардын урлаг монгол дархны аргаар  уралдаг Дарьганга  Сэврэй  хийц гэж байдаг. Сэврэй хийц нь утас сувьмалын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтай  Сэврэй хийцийг Дархан Данзан , Пунцагдаржаа Ёндон, Балжин  зэрэг олон дархчууд урлаж  нэрд гаргасан   Энэхүү гайхамшигт монгол дархны урлагийг Үе уламжлагдан ирсэн МУ –ын Төрийн дархан  С.Сугир агсан , Дүү С.Эдэнээ , А Цоож  С.Сугир агсаны хүү С.Оюунсүх нар өвлөн авч хийж байна . МУ-ын төрийн дархан С.Сугир нь МУ-ын төрийн тамгийг  хайрцагны  хамт мөнгөөр урлаж бүтээсэн  5 кг мөнгө орсон.  Маршалын од , Алдарт эхийн одонгийн хэв, зэрэг шилдэг бүтээлийг хийж байсан юм . С.Эрдэнээ нь 2008 онд Говь үзэсгэлэн худалдаанаас “ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН”   бүтээл  шагнал авсан. С.Эрдэнээ нь одоо нутагтаа мал маллан өрхийн үйлдвэрлэл эрхлэн мөнгөн эдлэл урлаж байна . Энэхүү монгол гар урлалын шилдэг бүтээгдэхүүн авч хэрэглэх сонирхолтой хүмүүс доорхи  утсаар холбоо бариж захиалга  өгч болно. С.Эрдэнээгийн бүтээлүүд 

    Мөнгөн аяга, бугуйвч, бөгж, ээмэг Их дунд бага гарын мөнгөн аяга

    Монголын уламжлалт тоглоом

    Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан “ертөнц” болдог онцлогтой.Аливаа угсаатан ард түмний уламжлалт тоглоом нь соёлын чухал өв юм. Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан “ертөнц” болдог онцлогтой. Монголын уламжлалт тоглоомын төрөл зүйлийн дотор малын яс (шагай)-аар тоглодог тоглоом чухал байртай. Ийм тоглоомын төрөл хэдэн аравт хүрнэ. Энд шагайгаар өрсөн “алаг мэлхий”, тэрчлэн “морин уралдаан” хэмээх тоглоомыг үзүүлж байна. “Алаг мэлхий” тоглоом нь бэлгэдлийн шинжтэй бол “морин уралдаан” тоглоом нь нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралыг загварчлан тусгасан онцлогтой. Уламжлалт тоглоомын төрөлд 4, 6, эсвэл 8 хэсгээс бүрдэх модон оньсон  тоглоомууд нэн сонирхолтой. Оньсон тоглоом нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ амьтадын дүрс бүхий сийлбэр болон зурагт тоглоомууд ихэд тархмал байдаг.

    Монголд шатар ихэд эртний гаралтайг судлаачид тэмдэглэсэн буй. Шатрыг голдуу гуулиар цутгах, мод, ясаар сийлбэрлэж хийх нь дийлэнх байжээ. Монгол тоглоомын төрөл зүйлд шах сум, эсвэл жижиг шагайн буу-чавхаар хасаа буюу бай онож тоглодог “Шагайн харваа” хэмээх тоглоом нэн дэлгэр, одоо ч хот хөдөөд өргөн тоглосоор байна.

    Хөөрөг  

         Хүн төрөлхтөн анх 16-17 дугаар зууны үед хамрын тамхи гээчийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт төрөл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ.

    Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Мaонгол хөөрөг хийц загварын хувьд хятад  бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг. Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажимаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан болов уу. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон төрлийн чулуунууд орох бөгөөд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хөөрөг хийлгэх болсон байна.

    Хаш хөөрөг

    Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү. Мөн байгаль дээрээс тэр бүр томоороо нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.
    Шүрэн хөөрөг
    Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг байжээ. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.
    Мана хөөрөг
    Мана чулууны хувьд олдоц ихтэй, энэ чулуугаар хийсэн хөөрөг олон байдаг тул төдийлөн үнэ хүрдэггүй. Энэ утгаараа ч тэр үү ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Манан хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.
    Чүнчигноров хөөрөг
    Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг аж.
    Сүүжин хөөрөг
    Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг гэж ярьдаг.

  • Монголын аялал жуулчлал хэрхэн хөгжих вэ

    Жил бүр уламжлал болгон зохиогддог Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг үзэж сонирхлоо. Монголд аялал жуулчлалын компаниуд болон тур оператор, тур баазууд олон болсон байгаа хэдий ч үйлчилгээний хувьд нэгнээсээ ялгарах зүйлгүй ижил төстэй байгаа нь харагдаж байсан. 

    • Гэр бааз
    • Нүүдэлчин айлд зочилох
    • Байгалийн үзэсгэлэнт газраар аялах
    • Монголын говь, хөх тэнгэр
    • Морь, тэмээтэй аялал гэх мэтээр бүгд л нийтлэг нэг үйлчилгээтэй байсан.

    Аялал жуулчлал нь ирээдүйтэй бизнесийн тоонд орж байгаа бөгөөд санхүүгийн эргэлтээрээ дэлхийд 2-т орж байна. Даярлагдан буй дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын хэв маягтай холбоотойгоор ойрын ирээдүйд аялал жуулчлал нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болон хөгжиж байна. Аялал нь жилдээ нэг амрах үеэрээ хийдэг ажил биш харин өдөр тутам ажилдаа явдаг шиг л энгийн зүйл болох гэж байна.

    Иймд МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХИЙН ТУЛД

    1. ЯЛГАРАХ: Монголын аялал жуулчлалын салбарт дутагдалтай байгаа зүйл бол ялгаран хөгжих асуудал юм. Монголын аялал жуулчлалын байгууллагууд бүгд адилхан үйлчилгээтэй байх биш, харин хоорондоо ялгаран хөгжиж хэрэгтэй. Бүгд л нэг ижил үйлчилгээтэй байвал ялгарч харагдаж бусдын сонирхолыг татах нь бага болно. Бусад орнуудын аялал жуулчлал ч гэсэн төрөлжсөн онцлог байдлаараа ялгаран хөгжиж байна. Ялгарч хөгжих гэдэг нь өөрсдийн давуу талд түшиглан ялгарах онцлогоо тодорхойлж түүгээрээ дэлхийд танигдаж брэнд болох явдал юм.
    Жишээ нь:

    • Адал явдалт: Сүнс, хий үзэгдлийн мөрөөр
    • Усан аялал
    • Спорт аялал
    • Эртний замаар
    • Түүхийн мөрөөр /баримтын мөрөөр/
    • Ердийн хөсгөөр аялах
    • Эрүүл мэндийн аялал: Рашаан, ус, цас мөс, хүйтэн, массаж(Зөвхөн Тай массажийг сонирхож багагүй хүн Тайландыг зоридог г.м)
    • Байгалийн үзэсгэлэнт газар
    • Түүхийн дурсгалт аялал
    • Нүүдэлчдийн амьдрал
    • Байлдан дагуулалтын шоу
    • Мөсөн зочид буудал
    • Сүнстэй зочид буудал
    • Энтертаймент аялал
    • Урлаг соёл гэх мэтийн нэг үйлчилгээгээр бусдаас ялгаран хөгжиж байна. Ингэж чадсанаараа дэлхийн олон мянган жуулчны үйлчилгээнээс ялгарах, тогтмол үйлчлүүлэгчээ бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байна. Эдгээрээс онцлон дуридахад Тухайн орныхоо айлуудаар хоноглож аялах сонирхол бүхийжуулчдын сүлжээ /http://www.couchsurfing.org/ гэхэд 2,702,075 гишүүнтэй болоод байна.

    2. ИНТЕРНЭТ АШИГЛАЛТ: Мөн Монголын аялал жуулчлалын байгууллагууд цахим орчинд байгаа 2 тэрбум орчим интернэт хэрэгдэгчидтэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл хүргэх, санал хүсэлт сонсох талаас учир дутагдалтай ажиллаж байгаа бөгөөд ядаж л зочидынхоо сэтгэгдлийг онлайн орчинд байрлуулах, зохион байгуулж байгаа сонин сайхан үйл ажиллагаануудаа баримтжуулж интернэтээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх шаардлагатай байна. Энэ тал дээр “Монголын нууц товчоо“ аялал жуулчлалын компанийн жуулчидад санал болгож буй үйлчилгээ, шийдэл нь дэвшилттэй санагдсан.

    3. НЭГДМЭЛ ӨРСӨЛДӨӨН: Монголын аялал жуулчлалын байгууллагууд өөр хоорондоо өрсөлдөх биш нийлээд бусад орны аялал жуулчлалын салбартай өрсөлдөх. Өөр өөрийн гэсэн ялгарах онцлогтой үйл ажиллагаатай болчихвол ч хоорондоо өрсөлдөөд байх шаардлагагүй л дээ. Жуулчидын хүсэл сонирхолоос уялдан өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч жуулчидтай болж чадна шүү дээ. 

    Жишээ нь: Аялал жуучлалын компаниудын захирлууд өөрийн хамгийн сайн мэддэг нэг аймгийг хариуцаж аваад, тухайн аймгийнхаа аялал жуулчлалын бодлогыг боловсруулаад, тухайн бодлого төлөвлөлтийнхөө дагуу аймгаараа нэгдээд ажиллавал өндөр дүнд хүрч чадна.

    Жамсранжавын Лувсандорж (Нийтлэлч)

  • Сouchsurfing буюу дэлхийн нөхөрлөлийн аялал

    Hospitality буюу Зочломтгой байдал нь аливаа ард түмний соёлд гүн шингэсэн байдаг гэж боддог, тэр дундаа нүүдэлчин Монголчууд энэ зан чанараа өнөөг хүртэл хадгалж, өвлүүлж, марталгүй, өдөр тутмын амьдралын нь салшгүй хэсэг байдаг гэж би боддог.

    www.couchsurfing.org вэбээр дамжуулан Аялагчид очих орон нутгийнхаа иргэдтэй холбоо тогтоож, харилцаж, нөхөрлөж, бие биедээ туслаж байна.

    Миний бие 2008 оны 7 сард энэ вэбд бүртгүүлж, улмаар 2011 оны байдлаар 300 гаруй гадаад иргэдийг гэртээ зочлох, бидний ахуй амьдралтай танилцах, өдөр тутмын зарим ажилд маань туслаж оролцох боломжийг олгоод байна.
    http://www.couchsurfing.org/jbegzsuren/

    Миний гэр бүлийн тухай баримтат кино хийгдэж, энэхүү вэбд тавигдаж байсанhttp://www.couchsurfing.org/news/article/135
    it’s recorded in 2009 by my UK friends

    Тиймээ, Монголчууд биднийг Зочломтгой ард түмэн гэдэг.
    Би ч гэсэн тийм ард түмний нэг хэсэг байхыг хүсэж, тэмүүлж, амьдралаараа харуулахыг хичээдэг.

    couchsurfer болсноор яг ч гадныханд үйлчилнэ гэж ойлгож болохгүй ээ, чи өөрөө гадаадын нэг оронд очсон гэж бод, тэр очих хотынхоо нэг CS гишүүнтэй холбоо барьсан гэж бод, тэр хүнээс чи ямар тусламж дэмжлэг хүсэж болох вэ, мөн тэр хүнийхээ ажил төрөл, гэр оронд чи нэг их саад болохгүйг хичээж таараа, гэхдээ л тэр хүн чамд төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэл өгч улмаар чи тэр хүнтэй найз болсондоо баяртай байх болно, Яг л ийм л зарчим

    Баярлалаа,
    Ж.Бэгзсүрэн

  • Монголын урлаг, соёлын байгууллагууд: Театр, чуулгууд

    Үг яриагаар хүрч чадахгүй байгаа хэсэгт урлагаар хүр. Байгууллагынхаа соёлд урлагийг гүн шингээ.

    1. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга – Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-44, Чингисийн өргөн чөлөө, МҮДБЭЧуулга
      Утас/Факс: +976-11-323954 И-мэйл: info@mon-ensemble.mn
    2. Улсын Филармони Монгол улсын морин хуурын чуулга Сүхбаатарын талбай СТӨ 323672
    3. Дуурь бүжгийн эрдмийн театр
    4. Улсын драмын театрСБД 1-р хороо Сөүлийн гудамж Төв номын сангийн эсрэг талд 310466, 324621
    5. Улсын хүүхэлдэйн театрСөүлийн гудамж 323959, 321669
    6. Сарны чулуу чуулга. СБД 2-р хороо Сөүлийн гудамж, циркийн баруун хойно 318802, 91924555
    7. Соёл урлаг хөгжүүлэх сан СБД 8-р хороо СТӨ, 1009 тоот 324128
    8. Сонгодог урлагийн эрдмийн театр СБД СБ талбайн зүүн талд 323339, 323524
    9. Төмөр замын дуу бүжгийн чуулга  БГД 2-р хороо 2-р хороолол Төмөр Замын Газар 49 – Төмөр замын соёлын ордон 244580, 245881
    10. Талын аялгуу дуу бүжгийн чуулга БГД 14-р хороо 6-р бичил хороолол Тэнгэр ээл ХХК-ны байр 1 тоот 305878, 99181983 taliinbolor@yahoo.com
    11. УБ хотын соёлын газар  СБД 8-р хороо СБ-н талбай 324537
    12. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим БГД 245582, 99167631
    13. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр СБД Сүхбаатарын талбай – 7   320357, 322854
    14. Үндэсний дуу бүжгийн чуулга СБД 1-р хороо УДБЭТ-ийн байр 326639
    15. Хатан эх чуулга СБД 8-рх Амарын гудамж. СБТ 99167699
    16. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга БЗД 453238