Author: admin

  • СУДЛААР ОНОЖ ТАНИХУЙН ХУРААНГУЙ-СУДАС УУ? СУДАЛ УУ?

    Ном хэвлэлд судас барих, судал барих хоёр янз нэршил бичигддэг. Энэ хоёр адил уу? Эсвэл өөр үү? Адил юм бол өрнийн анагаах ухааны судас барьж хэм, дүүрэлт хүчдэл гэх мэт зургаа долоохон шинж чанар тодорхойлдогтой МУАУ-ны судас барих ижил болох нээ. Өөр гэвэл ямар ялгаа байна вэ? Энэ талаар өөрийн бодол эргэцүүллээ хэлье. МУАУ- нд юуны түрүүнд халуун хүйтний хоёр судлыг ялгадаг. Судсаар илч дулаан дамждаг байх нээ. Ийм илч энерги зөвхөн цусаар дамжих уу? Эсвэл өөрийн дамжих сүв сувагтай юу ? дулааныг үйлдвэрлэх гол эрхтэн нь бүдүүн гэдэс гэсэн олон баталгаа нотолгоог эрдэмтэд гаргажээ. Энд үүссэн дулаан хаана нөөцлөгдөж ямар зам мөрөөр тархдааг вэ? Хүмүүн судлал энүүнд одоогоор   хоёр хариу өгөөд байна. Нэгдэх нь : Илч дулаан бүдүүн гэдэсний хөх судсаар зүрхэнд хүрч, цусаар тархдаг. Шулуун гэдэсний доторхи дулаан арьсны, биеийн захын халуунаас хавьгүй их байдаг. Энерги ихтэй тэр цусыг шууд хүлээн авч байдаг эрхтэн элэг, шарын өвчинд илүү өртөмхий байдагтай дээрхи онол баримтлал, суб хандал хоёр нийцэж байна. Зүрхийг галын орон гэсэн нь их илч энерги цусыг биеэр түгээж байгаатай нь холбоотой байх үндэстэй байгаа биз. Хүн хүнс хоолоор энерги илч дулаан авахаас гадна энергийн төрөлхийн нөөцтэй төрдөг, үздэг. Энэ нөөц дуусвал амьдрал зогсоно. Төрөлх хий хэдэн жилийн нөөцтэй вэ? Төрөлх хийг нэмэгдүүлэх боломжтой юу? Хэмнэж, гамнаж зарцуулж чадах уу? Төрөлх хий бохирдох уу? Төрөлх хий дотоод хий ялгаатай юу? гэх мэт олон сонирхолтой асуултууд судлаачаа хүлээж байна. МУАУ-ны болон бясалгалын онолоор дотоод хий эргэлтийн долоон хүрд 72000 сүв суваг бий гэдэг. Сүв сувгийн тархах зам мөр нь мэдрэлийн цагаан судал, цусны улаан судасны дагууд салаалж салбарладаг.

    Энерги илчийн тархах хоёр дахь мөр нь энэ болой. Тархалтын замын баталгаа нь зүүний эмчилгээний үр дүн юм. Зүүг тавихдаа илчийн гүйдлийг нээх, хаах, бусад билчир рүү урсгах зэрэг үйлдлийг гүйцэтгэдэг гайхмаар үр дүн өгдөг. Өрнийн эрдэмтэд үр дүнг үзэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Тэгээд зүү эмчилгээний үр дүнгийн учир шалтгааныг мөн л аргын хүрээнд баригдсан аар саархан тайлбар өгсөн байдаг.

    Зүрх нь амин цахилгаан үүсгэж түүнийгээ түгээн дамжуулах үйлийг гүйцэтгэдэг. Зүрхний синусын зангилаанд үүссэн имфульс амин гүйдлийг зөвхөн зүрхэнд тархаад л зогсдог гэж үзвэл дутуу дулимаг мэдлэг болно. Үүссэн амин цахилгаан гүйдэл цусны урсгал судасны дагуу зах хязгаар руу дамжих л ёстой шүү дээ. Одоогоор шинжлэх ухаан олж тогтоогоогүй тийм механизм сүв суваг байгаа.

    Зүрх гэрлийн орон. / Хойно үз / Гэрэл багц багцаар лугшилт маягаар тархдаг. Зүрхний гэрэл зүг зүгтээ тархдаг. Бусад цуллаг эрхтэн ч ялгаагүй мөн л ялгаагүй хийн гүйдлийн сүв сувагтай. Амин цахилгаан гүйдэл, дотоод хийн тархалт, цуллаг эрхтэний гэрлийн түгэлт, энергийн эргэлт бүгд цусны судал шигээ төвөөс зах руугаа салаалж салбарлан тархаж зулай, салтаа, алга, улны хонхор, хурууны үзүүрт төгсөнө. Энэ бүх судас, сүв, суваг, гүйдлийн зам мөрийн батлагдах цэг нь шилбэ, хүзүү, шанаа гм. Эндээс цааш дахиад салж сарнидаг. Судлыг энэ бүхнийг илүү багцлагдан хумигдсан тэр л цэгт барьж мэдрэхээс аргагүй. Судал барих гэдэг шингэний лугшилт түүний илч дулааны байдал, энергийн агууламж, амин боронзон, амин цахилгаан гүйдлийн тархалт гэрлийн багцаар илрэлт дотоод хийн гүйдлийн хөдлөл зэрэг маш нийлмэл чанаруудыг эмч мэдэрнэ гэсэн үг. Өвчтөний эмгэг эрхтэний гаж цочруул, уураг тархины нь тусгал, хариу урвал зэрэгтэй нь эмч холбогдох боломжтой байдаг. Эмч өвчтөний дотоод хэлхээ сүлжээнд нь хажуугаас нь орж нэгдвэл таван мэдрэхүйгээр тусгаж байгдагаас хавьгүй тодорхой онодог. Эмчийн танин мэдэхүй нь илт ухамсараас далд сэрэхүйн хүрээ рүү нь нэр ч мэдэрхүйгээс хальж мэдрэмж сэрэмжийн түвшинд гүнзгийрэн орж түүниигээ буцаан ухамсарын хүрээ рүү бодчилон буулгаж өгнө. Гүн мэдрэмж, сэрэмжлэл, тусгал нь ухамсарын түвшинд бус арга-билэгийн ертөнцийн зааг, магадгүй, билэг оршихуйн босго алхсан байж болно. Тийм учраас хүний хир хэмжээнээс хэтэрсэн ид шид мэт байдаг. Орчлон ертөнцийг арга талаас нь тусган таних, бидний мэдрэхүйн хүрээ гүнзгийрэн үл тусгагдахуйн заагт тулж дүрс- дүрсжээгүйн давхцалд хүрдэг. Зүүд, зөн совин судал барих нь эмч өвчтөнтэй цорын ганц хамгийн нягт холбогдох боломж юм.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • ОДОО ХҮН ТӨРЛӨХТӨНД ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ БИШ АВРАЛ ХЭРЭГТЭЙ. АВРАЛ,-МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЛЭЭГЭЭ УХААЛГААР БАГАСГАХ, ГАЗАР ДЭЛХИЙГЭЭ БҮРЭЛГЭГЧ ТЕХНИК-ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН ХУРДАЦААС ТАТГАЛЗАХ ГЭГЭЭРЛИЙН ҮЙЛ ЯВЦ! /”Үнэн” сонины сурвалжлагч, зохиолч, яруу найраг

    -Таны уран бүтээлийн олз омог их үү.Ямар уран бүтээл туурвиж сууна даа?

                -Релятив түүхэн сэтгэмжит дөрвөн дэвтэр, диалаг-роман жонхууруулаад сууж байна. Би болхидуу болохоор бараг таван жил зууралдаж байна. 2012 онд дуусчих санаатай. “Монголын нийгмийн хөгжлийн филочофи сэдвүүд” гэдэг нийгэм-философийн сэтгэмжит ном, “Огтлолцохуй-II буюу Монголоосоо Монгол уруугаа” яруу найргийн түүвэр бэлтгэж байна.

     

    -Та завгүй байх дуртай юу?

                -Чамайг асуухаар сая бодох нь ээ, дуртай дургүйгээ ер бодож ч байсангүй, өөрөөсөө асууж ч байсангүй өтөлчихсөн байна шүү. Дандаа завгүй өнжсөөр “завгүй амьдрал”-д дасчихжээ. Бүр заншил болчихдог юм байна.

     

    -Дандаа алхдаг. Тэр үед юу бодож явдаг вэ. Хажуугаараа өнгөрсөн хүнээ хардаг уу?

                -Бодох үе ч зөндөө, бодохгүй үе ч зөндөө л дөө.Ерөнхийдөө бол, гудамжаар явахдаа голдуу доошоо хараад, амандаа тарни уншиж явдаг. Эрдмийн шар Манзушир, эгшигт охин тэнгэр Янжинлхамын зүрхэн тарни, бас манганий Бурханыхаа тарнийг уншдаг. Миний мэнгэний Бурхан Оточ Манала. Хажуугаараа өнгөрсөн хүнийг харах ч тохиолдол бий, харахгүй ч тохиол бий. Хэрэв таньдаг хүн тааралдвал заавал мэндэлдэг. Хэдийгээр ариун цэвэрт таарахгүй, буруу ч гэсэн дандаа гар барьдаг. Ярьж дуустал нь үгийг нь заавал сонсож зогсож байгаад салж явдаг.

     

    -Та найргийн онгодоо үргэлж халаасалж явдаг уу?

                -Үгүй.Халаас минь үргэлж хоосон явдаг.Найргийн онгод үргэмтгий, хулжимтгай юм шиг санагддаг. Надтай цуг байдаг, намайгтоож нөхөрлөдөг хугацаа нь маш охор, хэдэн хором, мөчөөр л хязгаарлагдана. Гэхдээ тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”. Хэдийгээр сэтгэл буруулаад хаяад явчихдаггүй ч би заримдаа гологддог байх аа.

     

    -Үс сахлаа ургуулаад олон жил болж байна. Хэн нэгнийг дуурайсан тал бий юу?

                -Аав ээжээс төрүүлснээрээ л байгаа нь энэ юм. Гадаад төрхөөрөө дуурайгаад байж болдогсон бол дуураймаар улс ч зөндөө байна л даа.К.Маркс, Л.Толстой, Будда, Ечүч, Чингис хаан гээд үс, сахалтай улсууд олон.   

     

    -Социализмын үед хэн нэгэнд тал засч бялдуучлан, гарыг нь хүндрүүлж байсан удаа бий юу?

                -Социалист төр бол жинхэнэ ард түмний төр шүү дээ.Захиргааддаг, хүнийг хүчтэй шахаж шаарддаг, хянаж шалгадаг хатуу зарчимтай ч /диктатуртай ч гэж ойлгож болно/ ард түмнээ өлсгөдөггүй, өвдөхөд халаасыг нь хоосолж дарамталдаггүй, авлига, хахууль авалгүйгээр үйлчилдэг, эмыг нь “хазаарладаг” ч гудамжинд эзэнгүй хаяж “золбин нохойн эрх чөлөө”-гөөр хуурдаггүй, ард түмнийхээ жинхэнэ “Эцэг төр” байсан. Социалист төр бол өөрөө өөртөө хяналт шалгалттай, “Өөрийн шүүмжлэл”-тэй, ингэхээр чанд өндөр хариуцлагатай, ард түмнээсээ айдаг төр. Өнөөгийн бохир, хувийн өмчит харилцааны төр, засаг шиг хувийн өмч, хуримтлалт цөөнхийг л зөвхөн хүн гэж үздэг биш, ард түмнээ алаг балаггүй “Хүн” гэж үздэг, хайрладаг, тийм ардчилсан төр шүү дээ. Социалист харилцаанд хэн нэгэн хэн нэгнийг бялдуучлах, гарыг нь хүндрүүлэх тухай сэтгэлгээ хүмүүст үүсэх нийгмийн болоод хувийн амьдралын орчин нөхцөл угаас байхгүй юм. Социализм бол жинхэнэ ариун, хүнлэг, эдийн засгийн агуулга, чиглэлээрээ хамгийн зөв, дээд ардчиллын нийгэм.Далимд залуустаа, хойч үеийнхэндээ баттай хэлэхэд, хүн төрлөхтөний нийгэмшил, ирээдүй хийгээд ирээдүйн загвар бол зөвхөн социализм шүү.

     

    -Та өөрийнхөө хүчинд хэр итгэдэг вэ?

                -Зарим өдөр үнэхээр итгэдэг, зарим өдөр үнэхээр эргэлздэг. Тогтвор муухантай л байгаад байдаг юм.

     

    -Орчлонг өөрийнхөөрөө харж амжихын тулд далавчтай байсан бол гэж бодож үзсэн үү?

                -“Шувууд шиг далавчтай байсан бол ямар гоё байх бол?”гэж бүр жаахан байхдаа боддог байсан шүү.Хүүхдийн толгойд сонин, гэнэн, өхөөрдмөөр тэнэг бодол их төрдөг шүү дээ. “Энэ хадны цаана юу байгаа бол, харахсан. Тэр, тэртээх хөх уулын ойр тойронд дандаа харагддаг уйтгартай юмсаас өөр сонирхолтой, гоё гоё юм тэр оргилоос харагдах ч юм бил үү, тийм юм үзэх юмсан” гэж, гэрийнхээ хаяанд суугаад, эсвэл хурга, ишигнийхээ пүнзийг налж зогсоод тэнгэрээр нисч яваа шувуу хараад бодлогоширч ажлаа хийхээ мартаж алмайраад, аав ээждээ аашоууодаг л байлаа. “Далавчтай болоосой” гэсэн бодох бодол одоо ч хааяа төрөх л юм. Хүний амьдрал, ертөнцийн ахуй явдал, бидний аж төрөл дэх үнэн худлын давтамж, үхэх-төрөхөөс эхлээд үүсэх-устахын завсархи үйл явц их сонирхолгүй, заримдаа ямар ч утгагүй, үр дүнгүй, уйтгар төрж уйлмаар санагдах, бас үе үе тэгж харагдах өдөр өдий насанд олон л тохиолдох юм байна шүү дээ. Гэхдээ энд би нэг үнэнийг /миний хувьд л үнэн шүү дээ/ хэлэх ёстой болчихлоо. Юу гэвэл, хүний амьдрал хаа ч ерөнхийдөө адил. Монголд ч, Америкт ч, Швейцарьт ч нар ижил, сар ижил, чулуу ижил, ус ижил, цас ижил, салхи шуурга, шороо тоос ижил. Хаа ч адилхан л өнөө манай дэлхий шүү дээ. Хаа ч адилхан өнөөх л “хоёр хөлтэй, хохимой толгойтой”-той хүн хэмээгч тэнэг бүрэлгэгчид л ямар нэг юм хийгээд л, хаа нэг тийш яараад л, хуралдаад л, хэрэлдээд л, Бурханы бүтээл:-газар дэлхийгээ өрөмдөөд л, хоослоод л, ухсан сүйтгэснээ хаа нэг тийш зөөгөөд л,над шиг нэг тэнэг нь энэ бүгдийг хөхиүлж ном зохиол эрээчээд л, хаа нэгтээ нэг нь хэн нэгнээ алаад л, шоронд ороод л, хар тамхи татаад л, үнсэлцээд л, архидаад л, загас наадуулаад л, барилга байшин овоолоод л, хог новш хуримтлуулаад л,зам гүүр бариад л, онгоц, машин, гар утас, компьютер, талх, хувцас үйлдвэрлээд л, дайтаад л, төрөөд л, үхээд л …цөм адил. Нэг нь нөгөөгөөсөө илүү юм, сонин юм, илүү тийм гоо сайхан, аугаа юм ер байхгүй шүү дээ. Товчдоо, юу хэлэхийг хүсээд байна гэвэл далавчтай болоод нислэээ гэхэд сая ярьснаас илүү сайхныг, илүү сониныг, илүү гүн гүнзгий, утга агуулгатай бодит ахуйг олж харахгүй гэж бодоод байна. Дэлхийн ахуй амьдрал, бодит материаллаг хөгжил надад сонин биш болчихжээ. Харин ертөнцийн үл үзэгдэх тал, сүнслэг ахуй оршил, “далавчгүй нисэх”-д юу билгийн мэлмийгээр толилох, юу бодох, юу танин мэдэхийг хураавал, тэгээд нөр гүн бясалгаж чадваас ёстой ертөнцийг “өөрийнхөөрөө харах” байх гэж бодож суудаг. Даанч би тийм бясалгал хийдэггүй. Амьдралын ёроолд шавар дотор нь, гал, усны нь завсар “явгалж” явдаг. Тэнд надтай цуг аргаа барж, эсвэл аагаа багтаан ядаж, эсвэл намайг уурлуулж, эсвэл баярлуулж, бухимдуулж, тайвшруулж байдаг өнөө уйтай юмсаа л бясалгаж ном зохиол бичдэг. Уншигчид минь бүү зэвүүцээсэй билээ, энд нэг бодлоо нэмээд хэлэхэд, хүмүүсийн усан болоод махан нүдэнд сайхан харагдаад, жигтэйхэн хэрэгтэй санагдаад байгаа элдэв бусын бараа таваарыг үйлдвэрлээд байгаа үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” чинь үнэндээ, ачир дээрээ бол сүйтгэл шүү дээ. Хүмүүс ер бүтээгээд байгаа юм байхгүй. Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг л /бид “үйлдвэрийн түүхий эд” гэж нэрлэдэг эрдэс бодис бол байгаль бүтээсэн “бүтээгдэхүүн” шүү дээ/ хэлбэр дүрсийг нь өөрчлөн хувиргаад ахуй хэрэгцээндээ ашиглаж буй хэрэг. Хүн ч өөрөө байгалийн  “бүтээгдэхүүн” болохоор нэг “бүтээгдэхүүн” нөгөө “бүтээгдэхүүн”-тэйгээ шүтэлцэн оршиж байгаа үйл ажиллагааны л тогтолцоо юм. Хүмүүс бидэнд гайхуулаад байх юм юу ч байхгүй. Бид ойлгохдоо, “Хүний ухаан, хүний ухаан” гээд сүйд болоод байдаг, гэтэл ухаан маань ч чухамдаа хүний юм биш, аанай л “байгалийн юм” байгаа юм шүү дээ. Тал нь биет байгалийн бүтээгдэхүүн, тал бие нь хийбодь байгалийн өгөгдөхүүн. Тэр хоёрын л үржвэр.

     

    -Багадаа хэр зодоонч хүүхэд байв.Хүүхдийн хамрас цус гаргаж үзсэн үү?

                -Тэр талаар ч толиур даа. Уг нь ганц удаа ч бол онгирчихож болохоор л асуулт юмсанж.Даанч санаанд үлдсэн дурсамж алга даа.Бодвол, ор байгаагүй юм байлгүй.

     

    -Ингэхэд яруу найрагч Урианхай хэр зоригтой хүн бэ?

                -Урианхай гэдэг хүн нь их хүлцэнгүй хүн. Аймхай гэж хэлсэн ч би зөвшөөрнө. Гэхдээ хулчгар хүн яавч биш. Харин тэр Урианхай гэгч яруу найрагч нь бол сүрхий зоригтой баатарлаг хүн байх шүү. Айлгая гэвэл их зовно доо.

     

    -Уран бүтээлийнхээ онцлогийг өөрийнхөөрөө тайлбарлана уу?

                -Хэцүү байх даа. Би ч өөрөө чадахгүй.Цагийг хүлээх нь дээр байх.

     

    -Таны IQ-тэй хэд бол?

                -Мэдэхгүй ээ.

     

    -Нэр алдарт дуртай юу?

                -Дуртай байсан юм шиг байна лээ. Одоо бол тэр “дур”-аа бараг гээчихсэн юм шиг байна аа.

     

    -Нийгэмд олон төрлийн хайр байна. Эр, эмийн хайраас гадна нэр төр, мөнгө, албан тушаалын төлөөх гээд хайрууд их болжээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ.Хажуунаас нь харахын аргагүй хүйт даасан хуурамч энэ хайр яагаад бий болчихов оо. Үүнээс яавал салах вэ?

                -Хүн төрлөхтөнд хамгийн ойлгомжгүй, тэр түүхэн туршдаа огт зөвөөр ойлгож чадалгүй өнөөг хүрсэн хоёр юм бий. Нэг нь;-Хайр нөгөө нь;- Ариун чанар хоёр. Хүн төрлөхтөн өнөөдөр сэтгэлгээ, гэгээрлийн асар дорд шатанд байгаагийн үндсэн шалтгаан энэ юм. Энэ шалтгаан бол өнөөгийн хүн төрлөхтөний замнаж буй нийгэм-эдийн хөгжлийн бүрэлгэгч чанарын гол буруутан нь, бас бидний хөгжилгүй “хоцрогдсон арга”-аар хөдөлж хуьтсаж буйн ч буруутан нь. Хүн төрлөхтөн “хөгжил” гэдгээ буруу ойлгож, тэр буруу ойлголтоосоо болоод буруу замаар довтлоод байгаагийн шалтгааныг эндээс л хайх хэрэгтэй. Хайр бол хүний далдад байгаа Бурхан чанар байх. Хүмүүс энэ чанарыг олдоггүй, ойлгодоггүй, зохих ёсоор нь хөгжүүлж бодит амьдралдаа ашиглаж чаддаггүй, хүч нөлөөг нь үр дүнтэй хэрэглэж мэддэггүйгээс хайрын тусыг авч чаддаггүй өнгөрчихөөд байдаг шиг санагддаг. Хэмжих багаж хэрэгсэл байхгүй, рентген туяагаар илрүүлж болохгүй, “Энэ байна” гээд харуулж ч, үгээр тодорхойлох байтугай математик томъёогоор ч илэрхийлж чадахгүй тийм чанарын энергийн дээд төлөв бол хүний сэтгэлээс гардаг хайр. Хүн зөвхөн хүн ч биш, бүх юм болж чадах, манай дэлхийн бүх юмсын хүч, гоо сайхан, увьдас, чадвар, өөртөө өөрөөсөө гаргаж бусдад үйлчилж, үзүүлж чадах хувилгаан чадлын эх үүсвэр гэж би бодоод явдаг юм. Хүнд бүхнийг орлож чадах юм нь гагцхүү хайр байхад хүн түүнийг мэдрэхгүй, ухаарахгүй, хаа хамаагүй гадуур нь тэнээд төөрчихжээ. Тэгээд өчүүхэн юмс уруу жишээ нь, сар жилийн төдий настай алдар нэр, албан тушаал, үхэхдээ хаяад хагацахаас биш аваад хэрэглээд явахгүй өмч агуурсад улайран шунаад өөрийгөө хүн биш адгуус, бирд, чөтгөр болгоод хувиргачихаж байна шүү дээ, хөөрхий. Дахиад хэлэхэд, хайр бол хүнд Бурханаас заяасан биемахыод, оюун ухаан, сэтгэл санааны үнэмлэхүй нөөц хүч бүгд нэг дор нийлж төвлөрөөд “хором”-оос “мөнх” хүртэлх хугацааг нэгтгэсэн аугаа нэгдмэл хугацааг багтаан оршиж, хүнээр гэгээн сайн үйлийг бүтээлгэх орь дээд боломж юм.Харамсалтай нь, хүмүүс бид хайрын энэ шидийг гаргаж чадахгүй хайран юмаа яйран болгоод, тээр холуур л зөрөөд дуусах амьтад юм л даа. Яаж бид хамаг бодлоо, хүсэл мөрөөдлөө, үйл ажлаа, ижий, ааваас төрүүлсэн бие махбодио хайраар дүүргэх вэ, тэр гэгээн, аугаа их хүч уруу яаж нэвтэрч эзэмших вэ, яавал бид юу хийлээ ч тэр хийх юмны маань анхдагч сэдэл нь ч, тэгээд, эцсийн үр дүн нь ч зөвхөн бусдыг энэрч нигүүлссэн, тэдэнд амар амгалангшагнасан, ач буян болсон ариун үйл байдаг байх вэ, яаж бүх хүн тийм болох вэ гэдэг асуулт л хүн төрлөхтөний ирээдүйн зөв хөгжил, аз жаргалтай амьдралын үндэс орших болно. Би хэдэн жилийн өмнө хайрын тухай жижигхэн өгүүлэл бичиж сонинд нийтлүүлж байсан. Тэр өгүүлэлдээ хайрыг дотор нь гурав хуваасан. Нэгдүгээрт, амраг хайр, хоёрдугаарт, нинж хайр, гуравдугаарт, бодь хайр гэж. Эр эм амьтад бие биеэ энхрийлэх, хүсэх, янаглалын хайр нь амраг хайр юм. Нинж хайр бол хүн хийгээд амьтад бие биеэ энэрэх нигүүлсэх, тус буян хүргэх ачлалын ухамсарт хайр.  Бодь хайр бол хамгийн нигүүлсэгч, хүн төрлөхтөнийг гаслан, зовлонгоос ангижруулах гэгээн хүчирхэг Бурханы хайр юм. Энэ бол газар, дэлхийн амьтад тэнцэшгүй аугаа дээд, үнэлэхүй төгс хайр. Гол онцлог мөн чанар нь юунд орших вэ гэвэл, эх болсон зургаан зүйл хамаг амьтныг бүгдийг нь энэрэн нигүүлсэнэ. Зовлонгийн хүлээснээс ангижруулж өгнө. Хүмүүс бид бол зөвхөн өөрийгөө болоод өөрийнхөө ойр дотно хүмүүсийг, зөвхөн өөртөө сайн, өөрийг нь хайрласан хүмүүсийг л хайрладаг. Өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг болохоор хариу үзэн ядаж дайсагнадаг. Тэгвэл бодь хайранд хүрч ариусан гэгээрэх шатанд бүгдийг алаглахгүй тэгш хайрлах сэтгэлийг олно. Дайснаа ч хайрладаг сэтгэлээр өөрийгөө шүншиглэнэ.

     

    -Мөнгө таны хувьд чухал уу?

                -Мөнгөний хэрэг ч их л юм байх юм. Залууд минь ч их байлаа, одоо өтлөөд хамаг эд эрхтэн муудаад, доройтоод ирэхээр мөнгөний хэрэг улам нэмэгдчихлээ. Юунаас болов гэхээр Монголд эм тарианы болоод эмчилгээний үнэ өртөг тэнгэрт хадчихсан, эм тарианы наймаачид нь хүний өвчин зовлонгоор нь хяхаж хавчин хамаг мөнгийг нь хуурайлж баяждаг нүгэлтэнгүүд болчихсон нийгэмд амьдарч байна. Эм тарианы бизнес ашиг орлогоороо хар тамхины наймааны дараа ордог гэсэн. Хүн мөнгөний хэрэгцээ, хэрэглээний “дарангуйлал”-д дөрлөгдөөд байвал амархаан гэгч мөнгөний боол болчих юм шиг байгаа юм. Мөнгөний боол биш, эзэн , ноён байхын тулд идэвхитэй тэмцэх хэрэгтэй. Тэмцлийн нэг сайн аргыг надад нэг бодисадва багш зааж өгсөн. Сурахад маш амархан арга. Ямар арга гэвэл, хүн өөрийгөө, “Хүсэлгүй бодисадва” болгон төсөөлөх арга. Би энэ аргыг хэрэглэж байгаа. Өөрийгөө “Хүсэлгүй бодисадва Урианхай” гэж өргөмжлөн бодоод, тэр бодлоороо амьдраад ирэхээр уран бүтээл мөнгөний дээр гарчихаж байгаа юм. Тэгээд би уран бүтээлээ мөнгөний түрүүнд тавьж чухалчилдаг. Яагаад гэвэл, уран бүтээл минь надад хэрэгтэйгээсээ илүү хүмүүст хэрэгтэй болоод байх шиг байна. Яаж мэдэв гэхээр, уулзсан хүмүүсийн ихэнхи нь нэхээд, шаардаад суулгахгүй болчихжээ. Хүнийг хүнд ойлгуулахад уран бүтээл л бусад оюуны бүтээлээс илүү дөт юм шиг санагддаг юм. Уг нь хүн бол бурханд их ойрхон төрлөхтөн юм. Эхээс төрөхдөө, хүний муу санаанд эзлэгдэх хүртлээ Бурханы л чанар, төрхөөр амьдардаг. Сүүлдээ л энэ мөн чанар төрхөө алдчихдаг. Үндсэн шалтгаан нь хувийн өмчит нийгмийн харилцааны мөн чанарын хүчирхийлэл юм. Нийгмийн орчин нөхцөл буюу хүмүүс хоорондын харилцааны нөлөө бол хувь хүний амьдралд ямагт хүчирхийлэл болж үйлчилдэг. Энэ “хүчирхийлэл” эерэг болоод сөрөг шинж чанарыг агуулна. Мөнгө, өмч хөрөнгөнд шунасан, түүнийг амьдралынхаа баталгаа, аз жаргал, хүн болж төрсөн хувь заяаныхаа утга, зорилгыг болгон ажилласан, хүмүүс бол нөө хүчирхийллийн сөрөг хүчинд автаад Бурханы авралт мутраас алдуурчихсан хөөрхий нэгэн болчихож байгаа юм. Тэднийг үргэлж өрөвдөж, зөвлөж, гэгээрүүлж, аз жаргалын зөв, ариун замыг олоход нь чин сэтгэлээр тусалж байх хэрэгтэй юм шүү.

     

    -Дэлгүүрийн худалдагч танаас мөнгө дутуу авбал нөхөж өгөх үү?

                -Өгөхгүй бол нүгэл хураана шүү дээ. Миний хамгийн их айдаг юм;-Нүгэл.

     

    -Хамгийн сүүлд дэлгүүрээс юу худалдаж авсан бэ?

                -“Ариусахуй бясалгахуй” сонин, Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний “Дэлхийн шилдэг кинонууд” ном, УГЖ дуучин Т.Баясгалангийн дуулсан монгол ардын дууны цомог авсан. Би хаа нэг л номын дэлгүүрээр орж  ном харахаас биш бусад дэлгүүрээр бараг ордоггүй. Ойр зуурын хүнс, хувцасг, аахар шаахар юмстаа муу хөгшин маань л явдаг.

     

    -Нэг шүлгийг нэг давхар байшин гэвэл одоогоор Та хэдэн давхар байшин босгоод байна. Олон давхар байшинтай тэнцэхээр шүлэг хэд байна даа?

                -Нэг давхар байшин нэг шүлэгтэй яаж тэнцэх вэ дээ, хүүхээ. Нэг давхар байшин байтугай зуун давхар байшин ч нэг шүлгийн дэргэд намхан харагдана. Дэлхийн хамгийн өндөр байшин Малайзын Куала-Лумпурт байдаг гэж сонссон. 210 давхар, хоёр зэргэцээ өндөр, гоё харш байдаг гэсэн. Миний аль ч шүлэг тэр хоёр өндрөөс жаахан жаахан өндөр. Би яруу найргийн 12 ном босгосон.

     

    -Та гэрийнхээ крантны резинийг өөрөө сольж чадах уу?

                -Тэр цоргоны хаана юу байдаг талаар ямар ч төсөөлөлгүй өтөлчихлөө. Их муухай /ичмээр/ үнэн юм.

     

    -Таны яруу найрагт гүн ухаан шингэсэн байдаг. Гүн ухааныг шинжлэх ухаанаас үүдэлтэй гэж боддог уу. Аль эсвэл зөн совин юм уу. Төгссөн сургуулийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

                -Яруу найргийн сэтгэлгээ, шинжлэх ухааны сэтгэлгээ хоёрын ялгааг тодруулах гэсэн утгатай асуулт байна гэж ойлголоо. Зөв үү. Тэгэхээр, эхлээд, энэ хоёрын ялгааг шинжлэх ухаанаар юу гэж тогтоосныг түрүүлээд хэлье. Шинжлэх ухаан бол юмс, үзэгдлийн ажиглалт, туршилт, тооцоолол, дүгнэлт зэрэг судалгаа-шинжилгээний аргаар үнэнийг таньж нотолдог логик сэтгэлгээ юм. Хүний тархины зүүн хагасын үйлчлэл, функц давамгайлсан ухамсарт үйл ажиллагаа. Энд мэдээлэл, мэдлэг, боловсрол ихээр оролцож зохион байгуулагдсан оюун сэтгэхүйн нэгдмэл тогтолцооны үр дүн илэрхийлэгддэг.Харин яруу найраг, урлаг гээд уран сайхны сэтгэлгээ бол сэрэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, уран санаа, ургуулан бодохуй, зөн билэг, далд ухамсар, ёр, билэг, бэлгэдэл, бясалгал, онгод, өөр ертөнцийн хэл мэдээлэл, совин, зүүд, гэгээрэл, рид, мэдрэхүй, цээжний ухаан гээд хүний дотоод гүн ертөнцийн гялбаа, гилбилгээн мэт үйл явцын тусгал юм.Энд хүний сэтгэл, оюуны ариусал, эсвэл, бүүр байгаллаг, амьтанлаг язгуур чанарын нь дэлбэрэлт, хүсэл ганирхлын халуурал, магадгүй, солиорол мэтийн нарийн нийлмэл сэтгэцийн үзэгдлүүд сүлэлдсэн уран дүрийн сэтгэлгээ голлодог. Зөвхөн уран, содон, шинэ санаа, дүр дүрслэлээр л уран бүтээл цагийн цагт шинэ, сонин, үл хуучрах амьдралын орь орь үнэнийг хадгалж үлдээж чадах жинхэнэ “амьд” гүн ухаан болж чадна.Энэ утга, чанараараа яруу найраг, урлаг, уран бүтээл бол хамгийн гүн “гүн ухаан” юм. Орчин цагийн байдлаар, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан сонгодог хэлбэр, аргазүй, судлал, үр дүнгээрээ мухардалд орж уран сайхны сэтгэлгээний “Гүн ухаан”-аар тэжээгдэх, “цус сэлбэх”, далд ухамсар, сэрэл сэрэхүйн тэмтрүүлээр тэмтэрч мэдэрсэн үзэгдлүүдийг ашиглах хандлага уруу орж байна.Шинжлэх ухаан бол тодорхой орчин нөхцөлд, орон зайд, тодорхой цаг хугацааны хязгаар дотор маш олон дахин давтагддаг тогтмол давтамжтай үзэгдлийг л үнэн гэж үзнэ.Яагаад гэвэл, энэ нь туршлагаар нотлогдоно.Учир шалтгаан, зүй тогтол нь нээгдчихсэн байгаа. Харин зөн совин, билэг билгүүн, бодь сэтгэлийн урсгал, бясалгал, далд нууцгай хэл дохио мэт сэтгэц, сэтгэлийн чинад мужийн үйл ажиллагаа оролцдог уран дүрийн сэтгэлгээний тусгалын үнэн ихэнхидээ туршлагаар нотлогдохгүй, бодит амьдралд бодитойгоор ашиглах боломжгүй болохоор нийгэм даяараа “билгийн мэлмий” нээгдэх цагийг горьдон хүлээхээс өөр гарцгүй. Миний төгссөн сургууль, мэргэжлийн хувьд гэвэл би 1959 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд 1959-1964 онд суралцаж, эдийн засагч-төлөвлөгчийн мэргэжил эзэмшсэн. Монголынхоо эдийн засгийг социализмын онолоор, төлөвлөсөн төлөвлөгөөтэйгээр удирдах, хямрал зөрчилгүй, аль ч салбарт ажилгүйдэл, ядууралгүй, жигд тогтмол өсөлттэй, хяналт шалгалттай, авлига, хахууль, мафи, олигархи, дампуурал зэрэг өнөөгийн үл бүтэх олиггүй үр дагавраас ангид хөгжүүлэх маш хариуцлагатай албанд арав гаруй жил нойр хоолоо хасан ажиллаад, уран бүтээлийн мөр хөөхөөр Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаанд хоёр жил суралцаж төгссөн.

     

    -Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?

                -Ном, зохиол бичих. Би тааруухан эцэг, тааруухан хань шүү.

     

    -Та хэр тусч бөгөөд өглөгч хүн бэ?

                -Их тусч, өглөгч хүн. Харамсалтай нь, тус хүргэж чадах юм минь зөвхөн ном, зохиол бичих л юм. Бас хүмүүст өгч чадах юм минь ч зөвхөн, ядарч зүдэрч бичсэн ном, зохиол минь л байх юм. Өөр юу ч байхгүй.

     

    -Таны үзэх дуртай спортын төрөл юу вэ?

                -Жороо морьдын уралдаан. Гэхдээ жороо морьдын уралдаан спортын төрөл мөн эсэхийг мэдэхгүй.

     

    -Та өөхөнд дуртай юу?

                -Дуртай. Хоёр, нэг огтлоод үмхчихнэ. Илүү чадахгүй.

     

    -Улстөрчдийн хэлдэг үгний хэдэн хувь нь үнэн байдаг бол. Та энэ талаар бодож байсан уу?

                -Судлах хэрэгтэй. Би судлаагүй.

     

    -Та машин жолооддог уу?

                -Үгүй.Жолоодох нь байтугай хүний машинд сууж явахдаа ч их л айж явдаг.

     

    -Зурхайн талаар Таны бодлыг сонсмоор байна. Өдөр бүр зурхайг дагах нь зөв үү?

                -Зурхай агуу шинжлэх ухаан. Астро-физик, механик, квант физик, геометр, тригонометр, дээд тоо, интеграл, дифферинциал бодолтууд шаардах олон олон үл мэдэгчидтэй бодолтууд шаардах тэгшитгэлд хариу олох гээд асар өндөр математик сэтгэлгээний үр дүнг боловсруулж тооцоолдог байх.Би зүгээр хар ухаанаар л тэгж бодож байна.Зурхайн ухааны “цагаан толгой” ч надад алга.Миний хувьд , монгол зурхайн цаг тооны товхимлуудаас өөрийн төрсөн жилийн сүлд гариг, амин гариг, час/үхэх/ гаригуудыг мэдэж авсан. Миний сүлд гариг ням, амин гариг лхагва, час /үхэх/  гариг пүрэв. Бас саран өдөр бүр хэрдэг 28 оддоос өөрийнхөө сүлд од, тотгор од, үхэх одуудыг мэдэж авсан.Миний  сүлд од- зургаан эхтэй хүү, амин од-тооно,  тотгор од-чөдөр, үхэх од-бага морь од юм. Би үнэнээ хэлэхэд, их сүсэгтэй, бас жаахан жаахан мухар сүсэгтэй шүү.Тийм болохоор учрыг нь сайн мэдэхгүй ч зурхайн зурлагад бичигдсэн мөрдлөгүүдийг болж л гэмээнэ дагах нь зөв гэж хувьдаа боддог.

     

    -Та шүлэг хэлж зүүдэлдэг үү?

                -Залуу байхад шүлэг зүүдэлж байсан тохиолдол ганц хоёр тохиол бий шүү. Одоо өтлөөд өөдтэй зүүд зүүдлэхээ больчихжээ. Шал балай балар зүүд, булш бунхан, ил жорлон, дайн байлдаан, дэлгүүр, үүд хаалга нь олдохгүй хашаа байшин ч зүүдэлж байх шиг.Ерөнхийдөө тийм л болсон байна лээ. Залуудаа өндөр өндөр уулс, том том нуур, далай дээгүүр ничдэг, заримдаа олон шувуудтай зэргэцууд цуг нисдэг, аль нэг шувуу нь унахаар айж хашгираад сэрдэг байснаа мартдаггүй. Харин би саяхан нэг сонин зүүд зүүдэлнэ  лээ. Миний одоо бичиж байгаа романд XIII зууны дэлхийн ниймлэл Хархоруны номын сангийн тухай цухас өгүүлэгдэх юм. Тэр багахан үйл явдалтай хэсгийг яаж бичих вэ, ямар янзаар дүрслэн гаргах вэ гэж олон өдөр бодож шаналсан юм. Тэгсэн чинь нэг шөнө зүүдэнд минь Хархоруны номын санд өрөөстэй байгаа зөндөө олон номын нэр харагдаад, жигтэй тод зүүдлэгддэг юм. Хүн үнэмшихийн аргагүй. Хэдэн номын нэрийг би “манаад” үлдсэн. “Эрхэсийн хөлгөн”, “Эс төгссөн чухаг”-ийн найман ороолт, “Нум сумаар зорчигдох эш”, “Язгуур үгүйд барихуй”, “Могой, мэлхийн хээрлэхэд эс тэгэх…”, “Нууц түүхийн дармал” гээд олон ном зүүдэлсэн шүү.

     

    -Монгол бичгээ төрийн бичиг болгох тал дээр таны байр суурь ямар байдаг вэ. Дэлхийн соёлынөвд жин дарах үнэт соёлоо манайхан нэг л тоохгүй байх шиг. Аль нэг улс хөөмийг маань өөрийн нэр дээр бүртгүүлчих вий дээ?

                -Ах чинь Та нараасаа ичиж үхмээр хүн шүү дээ.Монгол бичгээр нэрээ ч бичиж чаддаггүй. Гаргацтай сайхан бийрийн бичиг, гаргацтай тод барласан хорголжин барын ном, судар муухан уншчихдаг л хүн. Ингэхээр энэ асуултад товтой хариу өгч чадах хүн биш юм.Харин яахав үндэстнийхээ соёл, өв сангаа амин голоосоо хайрладаг эх оронч сэхээтнийхээ хувьд хуучин монгол бичгээ төрийн бичиг болговол тун ч их баярлана.Тийм зарлиг, шийдвэрийг биелүүлэхэд чин үнэнчээр зүтгэнэ.Монгол бичгээрээ сайн бичиж сурахын тулд өөрөө ч мэрийж чармайна.Өөрөө би сайн сурч эзэмшээгүй ч монгол бичгийнхээ зурлага, хэлбэр дүрсийг ажаад, харц дотогшоо төвлөрөөд суухаар юм юм бодогддог.Монгол бичиг чинь тэнгэрээс газар руу тун урт, олон ончроо хятруутай шатаар бууж ирсэн нэг “амьтан”-ы мөр юм шиг санагддаг юм. энгэрт Бурханы асаасан гал-нарны эрчим, газарт асаасан гал-хүний гэгээрэл хоёрын хооронд тасралтгүй, хором завсаргүй дамжин үйлчлэлцуж буй нүдэнд үл үзэгдэх нууцлаг хэл дохионы урсгалын дүрслэл байж болох юм гэж би дотроо боддог юм.Миний энэ бодлыг уншигчид маань шоолохгүй байх гэж найдаад ярьж байна шүү.

     

    -Та Монголын зохиолчдын эвлэлийн дарга болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

                -Асар баян номын сантай болгоно. Бүх зохиолчдын IQ-г тогтоолгох санал тавина.

     

    -Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө нэн даруй хийх ажлын талаар таны бодол юу вэ?

                -Зах зээлийн харилцаанаас социализм, коммунизмд шилжих “ариун хувьсгал” хийх, нийгмийн сэтгэлгээг хувийн өмчийн сэтгэлгээнээс ангижруулах “оюуны хувьсгал” хийх, хүмүүст хүний жинхэнэ хөгжлийг ойлгуулах “онолын хувьсгал” хийх, хүнийг бурханлаг болгох “үйл хэргийн хувьсгал” хийх.

     

    -Таны ээлтэй од тэнгэрийн аль хэсэгт байдаг вэ?

                -Монголчууд долоон бурхан одыг шүтдэг уламжлал, заншилтай.Үдэш орой долоон бурхан түгэхээр од одондоо тарнийг нь уншаад дээж өргөдөг.Миний од долоон бурханы Тэнгэрийн бариа гэдэг тавдугаар од.Тэнгэрийн бариаг Будда Шагимуни бурхан эрхшээдэг. Тарни нь, Ум саманда Будда ном, Ум сарваа санъяа суухаа.

     

    -Огторгуй хэмжээстэй байж болох уу?

                -Огторгуй хэмжээстэй, хэмжээсгүйн тухайд тодорхой хариулж чадах мэдлэг надад байхгүй. Хэлний зарим мэргэд огторгуйг “огт оргүй” гэсэн утгатай нийлмэл үг гэж тайлбарладаг. Тэгж үзвэл, хоосон буюу хоосон чанартай зүйл, физик вакум гэж төсөөлж болохоор юм уу, сайн мэдэхгүй. Огторгуй  “огт оргүй”, хязгааргүй зүйл юм бол түүнийг ойлгож, төсөөлж болох тодорхой хэмжээс-нэгжийг шинжлэх ухаан олж чадаагүй гэсэн үг. Бас Бурхан багш мэт дээд гэгээрэлд хүрч бясалгалын хувилгаан ид шидийг олсон хүн л билэг оюунб үнэмлэхүй чадвараар онож таньж мэдэхээс биш, жирийн судалгаа шинжилгээний арга, туршлагаар танин мэдэх аргагүй гэсэн үг. Харин огторгуйг хоосон шинж чанартай бус, орчлон ертөнцийн эгэл хэсэг, атом молекулуудаас бүтсэн, “их тэсрэлт” мэт байгалийн хувьсал, хүчнүүдийн харилцан үйлчлэлээр үүссэн биет болон хиймахбод зүйл гэж үзвэл шинжлэх ухаан ямар нэг хэмжээс олж огторгуйн орон зайн тодорхой хэсгийг хэмжиж ойлгож болно.Эрдэмтэд огторгуй ертөнцийн хэмжээний талаар сонин тоо дурдсан байдаг.Жишээ нь, академич Х.Намсрай “Хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохицолдооны зарим асуудал” товхимолдоо,бидний огторгуй гэж ойлгож буй орон зайн доторхи одот ертөнцийн нэгээхэн хэсэг;-манай дэлхийн болон манай нарны аймгийн цөм гэгддэг “Тэнгэрийн заадас” галактикт зуун тэрбум одод хуйлран бөөгнөрдөг, энэ орон зай 15 тэрбум гэрлийн жилийн багтаамжтай гэж мэдээлсэн байна лээ. Хоёулаа энд нэг асуултыг софи сэтгэлгээний тойрогт оруулж эргэлдүүлье. “Хэмжээс гэж юу вэ?”. Математикийн “цагаан толгой “ ч үгүй над шиг хүний хар ухаанаар бодоход, юмыг төсөөлж болох, амьдралд хэрэглэж болох хэмжигдэхүүн_нэгж, нэгж хязгаар байх. Энэ хязгаарын “n” тоот нийлбэрүүдээс цааш давмагц “хязгааргүй”, хэмжээлшгүй “их”-ийн ойлголт руу л орно. Тэгэхээр “хэмжээс” гэдэг юмс үзэгдлийн төсөөлөгдөж буй “Эхэн” хийгээд “Төгсгөл” хоёрын хооронд урт богино, өндөр хийгээд нам, их хийшээд бага, өргөн хийгээд нарийн, цаашлаад орон зай, эзлэхүүн, цаг хугацаа, хөдөлгөөн шилжилтийн чиглэл, өнцөг, хурд гээд огторгуйлаг үзэгдэлт, тодорхойлолтуудын нэгжийн ойлголт болох байх. Бүхлийг ч юм уу бутархайг  ойлгох, төсөөлөхийн тулд дотор нь хийсвэрээр хуваасан ч юм уу хэсэглэсэн байгалийн шинжлэх ухааны хэмжилт гэж ойлгохуйцаар байна.Тэгээд хоёр хэмжээстэй, гурван хэмжээст, олон хэмжээст, бүүр арвын “n” зэрэгт хэмжээмт гээд элдэв квант үзэгдлүүдийг тодорхойлох ойлголт болдог шиг байна.Шинжлэх ухаан огторгуйг чухам юу гэдгийг эхлээд томъёолоод, дараа нь хэмжээст оруулъя гэвэл, юмны хэмжээ, хязгаарын шинэ нэгж- ойлголт гаргаж ирж таарна байх даа.Тийм нэгж –ойлголт аль хэдийнэ боловсруулчихсан, судалгаа шинжилгээндээ ашиглаж байдаг ч юм билүү, ахад нь мэдэх юм алга, хө.

     

    -Мөнхийн хөдөлгүүр байх боломжтой юу?

                -Физикт энтропийн хууль гэж байдаг гэсэн.Термодинамикийн гуравдугаар хууль гэсэн үг юм гэнэлээ.Бодит юмсын хөдөлгөөн, үйл явц зайлшгүй удаашран өөрчлөгдөх, эцэстээ дотоод эрчим, хүчээ алдах байгалийн зүй тогтол бодитойгоор үйлчилдэг юм байна.Энэ хуулийг үндэслээд тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд мөнхийн хөдөлгүүр зохиох боломжгүй гэж үздэг.Харин устаж үгүй болдоггүй ганц юм бол энерги байх.Үүгээр бодохоор, энергийн эх сурвалж болсон бодис юмс нь устаж мөхлөө ч энерги нь үлдээд, үйлчлэл нь үргэлжлээд байх юм байна. ишээ нь, нар өөрийн цөмийн энергиэ бараад унтарлаа гэхэд найман минутын турш нарны аймаг даяараа найман минутын өмнө сөнөсөн нар-одны гэрлийн үйлчлэлд оршиж асан орон зай гэрэлтэй хэвээрээ л байх юс гэсэн. Нарны төвд болж буй “цөмийн урвал”-ар задарсан электрон, протон, эгэл хэсгүүдийн энерги нь манай галактикийн болон цааших мегагалактикуудын хил хязгаарын таяг тойрог руу нэвтэрч очсоор үлдэх юм шиг байна лээ. Ингэхээр миний хувьд “мөнхийн хөдөлгүүр” бүтээх, “мөнхийн хөдөлгүүр” байж болох боломжгүй гэхэд “мөнхийн юм” орчлонд бий гэж бодож болохоор байна.Чиний асуултад софи сэтгэлгээний үүднээс хандвал, априор сэтгэмж, бясалгалын шинж чанартай хариулт гарч болох юм. Буддын шашны гүн ухаанд үзэхдээ, юмс хоосон шинж чанартай, хоорондоо нягт шүтэн барилдаж, бие биеэ нөхцөлдүүлж учир шалтгааны харилцан хамааралд оршдог, тэд бүтэхдээ бүтэж, эвдрэхдээ эвдэрч, хувьсал, хөгжилд орчих тул мөнх ч бус, тасархай ч бус, буй ч бус, үгүй ч бус, ирэх одох аль нь ч үгүй, зөвхөн нэр дүрсээр ойлгогдох ч нэр, дүрс хоосон, хоосон өөрөө нэр, дүрс гэж үздэг.Энэ нэг юм нь тэр нэг юмны бүтэх шалтгаант нөхцөл болохын сацуу үгүйсгэлийн шалтгаан нөхцөлийг хамт агуулдаг болохоор юмсын орчил хийгээд шалтгаан чанар нь мөнх гэсэн дүгнгэлт хийж болмоор санагддаг юм.Ер нь тэгээд юмс, бодис мөнх биш ч бай, хязгааргүй ргторгуй, орчлонгийн орон ахуйд хөдөлгөөн, хувьсал явагдах үзэгдэл мөнх юм шиг байна.Квант физикийн онолчдын нотолдогоор орчлон физиктйн дөрвөн хүчний үйлчлэлийн үрээр оршин тогтнодог юм байна.Таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн эгэл хэсгүүдийн хүчтэй үйлчлэлийн хүч, сул үйлчлэлийн хүч гэсэн дөрвөн хүч байгаа аж.Эрдэмтэд энэ дөрвөн хүчийг нэгтгэсэн нэгдмэл “их нэгдэл”-ийн хам хүч байх ёстой гэж үзээд түүнийг нээх судалгааны эрэл хийж байгаа юм гэсэн.Тэр их “хам хүч”-ийг Монголын эрдэмтэн Ч.Эрдэнэ геометр хэмжигдэхүүнд байгуулсан гэж мэдэгдэж асар том бүтээл нийтлүүлсэн ч нийгэм дуугүй л гайхаад байх шиг байна. Хэрэв тэр хүчийг нээж чадах юм бол тэр “супер нэгдэл”-ийн хүчээр “мөнхийн хөдөлгүүр” бүтээх физик зарчим олдож болохыг ч урьдчилан үгүйсгэх аргагүй. Танай сонины /”Үнэн”/ саяхны нэг дугаараас маш сонирхолтой мэдээлэл олж уншлаа. “Мөнхийн амьтан илрүүлжээ” гэсэн товч мэдээ байсан.4-5 мм-ийн голчтой, мөнх наст далайн мөгөөрс халуун орны уснаас илрүүлжээ Энэ “мөгөөрс” бол бяцхан амьтан юм байна.Мөнх настай гэдгийн нууц учир нь эдгээр амьтдад хөгшрөх үйл явц хэвийн өрнөдөг хэрнээ эргээд залуужих хувьслыг өөрөө өөртөө явуулж чаддаг дотоод зохион байгуулалттай юм байна.Тэгээд хөгшрөх, эргээд залуужих үечлэл нь байнгын тасралтгүй давтамжтай байдаг тул “биологийн үхэлгүй” амьтан гэж оношилж байгаа юм байна.Ийнхүү философи утгаар үйл явц мөнх төдийгүй харьцангуй мөнх “биологийн биет” бий гэж үзэхэд баталгаа шинжлэх ухаанд олджээ.Тэгэхээр орчил, хөдөлгөөн, хувьсал мэт үзэгдэл буюу товчдоо, юмс хийгээд “юм бишис”-ийн үйл явц мөнх гэж үзэж болох юм шиг санагдана. Энд чиний асуулттай холбоогүйгээр өөрөө би өөртөө боддог нэг бодлоо сонирхуулахад, онолын физикчдийн эрээд, нээхийг хичээгээд байгаа “супер нэгдэл”-ийн хүч физик орчинд бус хүний дотоод ертөнцөд байгаа юм.Юу гэвэл, хүний “сэтгэлийн таталцал” гэдэг хүч! “Сэтгэлийн таталцал” бол физик биеийн гравитац таталцал биш, квант таталцал! “Хүний сэтгэлийн татах хүч” буюу хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч мөн.

     

    -Хүний үүслийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Хүний өвөг сармагчин гэх онолыг та зөвшөөрөх үү?

                -Дарвины эволюцийн онол бол зарим биологи биетийн үүсэл, хувьсал, хөгжлийн ойлголтод том нээлт хийсэн онол мөн нь гарцаагүй. Амьтны аймгийн олон төрөл, зүйлийн өөрчлөлт, хөгжлийн үйл явцын зүй тогтлыг нээж чадсан нь ч батлагддаг гэдэг. Харин хүний үүсэл хөгжлийн үр дүнгийн тухай бол эргэлздэг эрдэмтэд, судлаачид, сүсэгтнүүд олон байдаг. Тэр эргэлздэг сүсэгтний нэг нь би. Өнөөдөр шинжлэх ухаанд эволюцийн онол, бүтээлийн онол/креционизм/ хоёр хүчтэй өрсөлдөж байна. Би креционизмын онолыг илүү баримталдаг. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн хувьсал, хөгжлийн явцаар бий болсон биологийн амьтан гэж бодохоосоо илүү Бурханы хайр, хүсэл зорилгын бүтээл, Бүтээгч тэнгэрийн мутрын үйл ажиллагааны үр шэж боддог. Өнөөдрийн хүн төрлөхтөний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчингаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна.

     

    -Та захиалгаар шүлэг бичдэг үү. Захиалгаар бүтээл туурвих нь зөв үү?

                -Миний толгой маш дуулгаваргүй, ухамсар муу, муухай зөрүүд толгой шүү дээ. Захиалгаар шүлгийн наэц ч мөр бодож өгөхгүй. Тэгэхээр чинь захирагдахаас л биш яах вэ дээ. Яаж ч аргадаад наашаа харна гэж байхгүй. Миний хувьд ийм л гачлантайгаар социалист үзэл суртлаа өнгөрөөгөөд,капиталист үзэл сурталтай нүүр тулаад байна. Ээжээсээ төрөхийн ийм адруу, буруу хойшоо араншинтай толгойны маань мөн чанар капитализмд ч өөрчлөгдөхгүй, гөжсөөр байгаад хувхайрч дуусах байх даа, хүү минь. Харин захиалгаар бүтээл туурвих нь зөв үү, буруу юу гэдэг асуултын тухайд бол хэн нэгэн сайн бүтээл туурвиж чадсан тохиолдолд зөв. Муу бүтээлэнцэр оромцоглож ашиг хонжоо олж оодорсон тохиолдолд буруу.

     

    -Уран бүтээлч хүнтэй уулзах болгондоо үүнийг асуудаг юм. Зохиолч, яруу найрагчид яавал баян болох вэ?

                -За даа, тийм баяр, тийм тохиол түүхэнд бараг байдаггүй л талдаа юм шиг байсан шүү.Угаасаа дээрээс /тэнгэрээс/ зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм.

     

  • НИЙГМИЙН ХЭВШЛҮҮДЭЭС БУРХАНД ТААЛАГДАХ НЬ ГАГЦХҮҮ СОЦИАЛИЗМ. ХҮН ТӨРӨЛХТӨН ТЭНЭГЛЭСЭН ХЭВЭЭРЭЭ УСТЧИХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ СОЦИАЛИЗМ РУУ ЗААВАЛ ЭРГЭНЭ… /Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, хямралаас гарах арга замын асуудлаар “Гялбаа” сэтгүүлийн реда

    “Гялбаа” сэтгүүлийн сурвалжлагч,сэтгүүлч Ж.Баярхүү:

    -Эрчүүд ярьж байна… Хоёр өөр салбарын, магадгүй бүр хоёр нийгмийн төлөөлөл ч гэж хэлж болох эрхмүүдтэй дэлхий даяар болон Монголд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын тухай, үүнээс хурдан гарч болох ямар гарц байгаа тухай ярилцлаа. Тэд нэг л юмны төлөө сэтгэл оюун, бодол ухаанаа чилээдэг. Энэ бол Монгол хэмээх туурга тусгаар улсын хөгжил.Харин тэрхүү сайн сайханд хүрэхийн тулд сонгон авч байгаа тэдний арга зам, үзэл бодол нь огт өөр төлийгүй бүр эсрэг тэсрэг…

                Мэдээж зохиолч, философич Д.Урианхайг танихгүй хүн гэж үгүй. Тэрбээр 1994 онд Монголынхоо нийгмийн харилцаатай “Иргэний үл эвлэрэл” зарлаж, “Бодь сэтгэл, Эв хамт ёсганцаарчилсан хөдөлгөөнийг үүсгэсэн. Гэхдээ тэр гудамжинд лоозон барьж зогсдоггүй. Энэ бол цэвэр онолын хөдөлгөөн…

     

                УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг ч гэсэн танихгүй хүн ховор.Тэрбээр 30-хан настайдаа ард түмнийхээ сонголтоор төрийн түшээ болж байсан. Засгийн газар орлогондоо бялуурч байх үед төсвийн мөнгийг хэмнэх тухай ярьдаг байсан цорын ганц улстөрч.Л.Гантөмөр ард түмний мөнгийг хэмнэх тухай тодорхой санаачлагуудыг гаргаж, УИХ-д хоёр дахь удаагаа ялалт байгуулаад байгаа төрийн түшээ билээ.

     

    -Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нүүрлээд байна гэж ярьцгааж байна.Тэгэхээр юун түрүүнд, энэ эдийн засгийн хямрал юм уу, эсвэл хүмүүсийн сэтгэл санаанд явагдаад байгаа хямрал юм уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлмээр санагдлаа…?

    Д.У: Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг бий.Хүү минь ахал.

    Л.Г: Энэ эдийн засгийн хямрал мөн. Дэлхий даяар явагдаад байгаа санхүүгийн хямрал нь бодит эдийн засагтаа нөлөөлж байна. Санхүүгийн хямралыг тухайн үед нь зогсоох боломж аль ч улс оронд байгаагүй гэж харж байгаа. Хямралын үндсэн шалтгаан нь санхүүгийн байгууллагуудад тавьдаг хяналт асар сул байсантай холбоотой. Хэт хөөрөгдөл бий болж, тэр хөөрөгдөл дээр хөрөнгө оруулалтын банкууд маш их хэмжээний ашиг олохын тулд ажилласан. Хэсэг бүлэг хүмүүсийн хэтэрхий шуналаас үүдэлтэй гэсэн үг л дээ. Энэ хямралын үр дагавраар бүтээн байгуулалт явагдаж байсан улс орнуудын бүтээн байгуулалт зогслоо. Монголчууд бидний хувьд нэг их бүтээгээд байгаа юм байхгүй, үүн дээрээс, гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн ирүүлж байгаа мөнгө, мөн гадны хөрөнгө оруулалт зогслоо. Тухайлбал, “Sony” коспани хөрөнгө оруулаад Монголд батарейэы үйлдвэрээ байгуулах саналтай байсан бол үүнийгээ зогсоож байх жишээтэй. Манайхыг тойрсон дундад Азийн орнууд, тухайлбал Хятадын зах зээл асар хурдтайгаар хумигдаж байна. Учир нь, асар хурдтай явж байгаа зах зээл тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг байнга хүсч байдаг. Тэр хөрөнгө оруулалт нь хаагдангуут зах зээл зогсдог. Зах зээл нь зогсохоор манай түүхий эд борлогдохоо болино гэсэн үг. Ихэнх хөрөнгө оруулалт гуравдагч орнуудаас гэхээсээ илүү хөрш орнуудаас ирж байгаа. Энэ хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр багасчихлаа. Ингээд харахаар, ерөнхийдөө гадаад зах зээл Монголд нөлөөлсөн гэдэг дүгнэлт бол зөв. Миний хувьд, энэ хямралыг эерэгээр ашиглан давж гарах хүсэл бол байгаа. Тэр хүслийг биелүүлэхэд өнөөдрийг хүртэл монголчуудын ажиллаж ирсэн арга барил, менежмент, ур чадвар, Монгол төрд ажиллаж байгаа 130 гаруй мянган хүн өөрт оногдож байгаа тус тусын ажлаа хийж чаддаг бол, удирдаж байгаа хүмүүс нь зөв менежментээр хангаж чаддагсан бол санхүүгийн хямралыг эерэгээр давах бололцоо бий.хямралаас өөрийн орныг яаж хурдан авч гарах вэ гэдэг асуудал дэлхийн бүх оронд тулгарч байгаа. Хэтэрхий глобалчлагдсан учраас хямралд нэрвэгдэхгүй улс гэж байхгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй улс оронд илүү хүндээр тусч байгаа. Жишээ нь, Япон, Тайвань, Гонконг, Сингапурын хувьд хөгжил гэж юу вэ гэвэл, баялгийн хэт хуримтлалын тухай ярина уу гэхээс биш, монголчууд шиг зам, орон сууц, дэд бүтэц, баялаг хуримтлуулах асуудал байхгүй шүү дээ. Тэдгээр улсуудын хувьд “Одоо бид яах вэ?” гэдэг асуулт тавигдаж байна. Тэр асуултыг нь хөгжих гээд явж буй улс орнууд юу гэж ойлгох вэ гэхээр, капитализм биш боллоо гэж энгийнээр хүлээж авч байгаа юм. үэхдээ бид эхний ээлжинд Япон шиг хөгжилтэй болох ёстой.харин тэдний гаргасан алдааг давтахгүйгээр зүтгэвэл хүрсэн амжилтанд нь хүрэх орон зай байна. Капитализмаа эргэж харъя гэж байгаа улс орнуудаас бүтээж байгаа улс орны асуудал арай өөр.Тиймээс бид өөрийнхөө онцлогт тааруулсан бодлого хөтөлбөрийг хийх хэрэгтэй гэж бодож байна.

    Д.У: Асуусан асуултанд Гантөмөр гишүүн нэлээд үндэслэлтэй хариулт өглөө. Би бол жаахан хуучинсаг үзэл бодлоор, арай лавхан ухаж бодож үүнд хандаж байгаа. Магадгүй би монголын хамгийн сүүлчийн марксист хүн байх. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгмээс үлдсэн, хоцрогдсон ганц хүн би. Миний бодлоор, хямралын үндсэн шалтгаан нь ерөөсөө өнөөдрийн нийгмийн харилцаанд л байгаа. Дэлхийн суут сэтгэгч, эдийн засагч Карл Маркс үүний нууцыг задлан шинжлээд, хууль зүйг нь нээгээд өгчихсөн шүү дээ. Хувийн өмчид тулгуурласан нийгмийн харилцаанд эдийн засгийн болоод улстөрийн , тэр байтугай сэтгэл санаа, оюуны хямрал байнга дагалдана. Угаасаа л нийгмийн энэ харилцаанаас болоод үл эмчлэгдэх ийм өвчнөөр өвчилж байгаа юм. Манай улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцааг хувийн өмчит нийгмийн харилцаагаар сольсон нь, тэгээд 1992 онд баталсан шинэ үндсэн хуулиар нийгмийнхээ харилцааг зохицуулсан нь одоогийн энэ хямралын бодит үндэс болсон гэж бодож байна. Эдийн засгаас гадна хүний ёс суртахуун, сэтгэл зүй, амьдрах аргад том хямрал нүүрлэсэн. Манай нийгэмд шинжлэх ухаанч удирдлага дутсанаас буюу эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоо гажуудсанаас энэ хямрал үүссэн. Өнөөдрийн дэлхийн хямралюунаас эхэлсэн бэ гэхээр банкны системээс биш, үндсэн хөрөнгийн үнэлгээ унаснаас, “ипотек” гэдэг юмнаас үүссэн гэж үздэг. Энэ “ипотек” гэдэг нь үл хөдлөх хөрөнгө тийм үү, гишүүн ээ?

    Л.Г:Тийм. Үл хөдлөх хөрөнгийн зээлийн тогтолцоо л доо.

    Д.У:Тэгэхээр өнөөгийн энэ хямрал Японоос эхэлсэн юм шиг байна лээ. Юу гэхээр, үл хөдлөх хөрөнгө чинь л үнэгүй болсон юм билээ шүү дээ. үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдээд, төсөвт орох орлого нь багасаад, хүмүүсийн худалдан авах чадвар нь муудсанаар санхүүд нөлөөлж байгаа юм. Саяханы нэг социологийн судалгааны дүнгээс харахад, манай хүн амын 50 хувь нь нэн ядуу, 30 хувь нь ядуу амьдарч байна гэж, 10 хувь нь яахав дээ л амь зууж байна гэж, дөнгөж 5 хувь нь амьдрал хангалуун сайхан байна гэж хариулсан байна. Энэ бол ард түмний үнэнийг гаргаж тавьж байгаа судалгаа шүү дээ. Мэдээж их хурлын гишүүн маань “Амьдрал сайхан байна” гэж хариулсан таван хувьд орох байх. Гэвч Монголын хүн амын 90 хувь нь үндсэндээ ядуу, амьдралд эргэлзсэн сэтгэлтэй болчихлоо. Уран бүтээлч хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж байгаа нэг юм гэвэл, монголчуудын сэтгэл санаанд явж байгаа энэ хямрал л хамгийн аюултай. 76 гишүүн маань 76-уулаа Гантөмөр шиг ухаалаг, хүнлэг, хүний амьдралын утга учрыг эд хөрөнгийн хуримтлалаас өөрөөр хардаг хүмүүс болчихвол ийм хямралаас бол амархан гаргана. Гагцхүү хүмүүсийн сэтгэлзүйд, тухайлбал, “энэ хүн чөтгөр байлаа ч гэсэн би Бурхан байх юм шүү” гэж бодож байх ёстой бодолд хямрал үүснэ гэдэг бол жинхэнэ хямрал юм.

     

    -Энэ бол хүмүүсийн сэтгэлзүйд үүссэн хямрал гэж Урианхай гуай хэллээ.Тэгэхээр эдийн засгийн ч бай, сэтгэл санааны ч бай энэ хямралын хугацаа хэр удаан үргэлжлэх бол?

    Л.Г:Дэлхийн эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацааг хэлэхэд хэцүү. Харин монгол улсынхаа эдийн засгийг хямралаас  яаж зөв авч гарах вэ гэдэг л чухал.Зөв шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ ажил болгож, ядаж л уул уурхайн салбар дээр түшиглэсэн зөв бодлогыг хурдтай хийж чадах юм бол хямралаас хөнгөхөөн гараад явчих боломжууд бидэнд байгаа. Монголд маш арвин нөөц байна, бас хоёр хөршид маань сул зах зээл байна. Сая Урианхай гуай “Би сүүлийн марксист хүн “ гэж хэллээ. Хүн ийм л шудрага байх ёстой шүү дээ. Гэтэл манай шийдвэр гаргагчдын дунд марксист хэрнээ барууны эдийн засаг яриад явж байгаа хүн хэдэн зуугаараа байгаа. Хоёр нийгмийн хооронд төөрөгдсөн хүмүүс төрийг удирдаж байгаа учраас ажил удаад байгаа юм. Ÿрьж байгаа нь нэг их зах зээл хүссэн хүмүүс. Тэгсэн атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт хэрэглэдэг арга барилаар шийдвэрээ гаргадаг.Ер нь ч тэгээд Урианхай гуайн томъёолсноор суут сэтгэгчийн номлолыг сонссон хүн тэр сургаалаас гажна гэдэг тийм амар зүйл биш. Жишээ нь, Библийн сургаал уншаад Ечүчт итгэсэн хүн тэрнээсээ холож чадах уу, бурхан Буддад их ойрхон очсон хүн энэнээсээ холдож чадах уу даа. Ер нь хүн огцом өөрчлөгдөж чаддаггүй юм байна л даа. Тэгээд ч хэтэрхий төөрөгдсөн шийдвэр гаргаад, тэр нь ажил болж чадахгүй байгаа учраас иргэд нь дагаад төөрч эхэлж байна. Тухайлбал, “шудрага ёс тогтоодог нийгэмд амьдарч байна” гэж бодож байтал гаргаж байгаа шийдвэрүүд нь шудрага ёсны биш, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд, “энэ чинь зах зээлийн нийгэм шүү дээ” гээд явж байтал төрийн эрх дархтанууд орж ирээд зөвшөөрөл олгодог, дарамталдаг, шалгадаг, хянадаг байх гэх мэтээр бодит байдалдаа нийцэхгүй болохоор хүмүүсийн дотор зөрчил бий болж байна. Энэ зөрчил маш хурцадсан үе мөн үү гэвэл мөн. Хүн болгон л эргэлзэж байна. “Энэ нэг л биш ээ, дарга нарын унаж яваа машин, эдэлж хэрэглэж байгаа бүхэн хаанаас бий болоод байна вэ?!” гэж. Тэгэхээр үүний хариулт нь, хоёр нийгмийн хооронд төөрөлдсөн хүмүүс хувийн эрх ашгийнхаа төлөө хэтэрхий хөөцөлдөж, төрийн машиныг өөртөө зориулж ажиллуулж байгаагаас болоод иргэдийн итгэл алдарсан байна. үнэхээр ч өнөөдрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс миний сэтгэлд ерөөсөө хүрдэггүй. Шулуухан хэлэхэд энэ үе солигдох ёстой юм шиг. Дараагийн тэр үед найдах найдлага бол надад байгаа. Гэхдээ өнгөрсөн 18 жил бол бүхэл бүтэн нийгмийн харилцааг солиход богинохон хугацаа. Социализмаас капитализм руу шилжихэд нэг их олон жилийг элээсэн юм шиг ярьцгаадаг. Тийм биш. Нэг хүний амьдралд олон жил боловч нийгмийн амьдралд бол богинохон хугацаа. Гэхдээ л үүнийг монголчууд маш хурдтайгаар давах хэрэгтэй. Үүнээс гадна нэгэнт бариад авсан байр суурин дээрээ бат бөх зогсох эрмэлзлэлтэй байх хэрэгтэй болов уу.Үнэндээ бол Орос Хятад хоёр чинь авторитар дэглэмтэй улс шүү дээ. Тэр систем рүү гулсаж орох магадлал өнөөдөр Монголд хамгийн өндөр байгаа! Мэдээж хүмүүсийг сэтгэл санааны хямралаас авч гарахын тулд юун түрүүнд эдийн засгийн хямралыг яаралтай шийдэх хэрэгтэй.

     

    -Эдийн засаг хямралтай байгаа үед хүмүүс сэтгэл тайван, эрүүл амьдрах ямар ч боломжгүй гэсэн үг үү?

    Л.Г:Сүүлийн 2-3 сарын статистикаас харахад хулгай, дээрмийн хэрэг асар их нэмэгдэж байна. Тэгэхээр энэ хэвээрээ цаашид үргэлжлэх юм бол хязгаараа алдана. Тийм ч учраас Засгийн газар, УИХ маш яаралтай зөв шийдвэр гаргах хэрэгтэй болж байгаа юм.

    Д.У:Зах зээл хямралаас түр гарч болно, бүр гарна гэж байхгүй. Яагаад гэвэл, зах зээлийн харилцаа гэдэг чинь угаасаа хямралаа дагуулж явдаг нийгмийн тогтолцоо. Монголчуудынхаа ахуй амьдралыг дээшлүүлье гэвэл юун түрүүн “хэрүүлийн алим” болдог хоёр “Толгой”-нхоо,  ядаж нэг ”Толгой”-нхоо гэрээг аль аль талдаа ашигтайгаар хийчих хэрэгтэй. Гэхдээ л хоёр “Толгой” байтугай  200 “Толгой” Монголд нээгдлээ ч энэ хямралаас аврахгүй. Хөгжих тусмаа л улам хямрана. Худлаа гэвэл, аварга хөгжилтэй эдийн засагтай Асерик, Японыг хар! Цаанаасаа ийм хуультай юм. Гадаадаас өч төчнөөн зээл авна гэж байна, өгвөл сайн хэрэг. Гэхдээ зээл авах сайн хэдий ч буруу зарвал бүр үгүйрэлд хүргэх учир үүнд нэг их баярлаж, алга ташиж чадахгүй байна. Засгийн газар бонд гаргана гэж байна. Үүний үр дүнд би хувьдаа эргэлзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын бондбг гадаадын хөрөнгийн биржүүд, гадаадын иргэд байтугай Монголын иргэд ч найдаж авах нь юу л бол. Үүнээс илүү, надад өөрийн гэсэн хувилбар байна л даа. Миний хэлэхийг сонсоод магадгүй та бүхний инээд хүрэх байх. Нэгэнт либерал эдийн засаг, өмчийн олон хэлбэрийг үндсэн хуулиараа зөвшөөрсөн юм бол Монголын эдийн засагт өмчийн олон хэлбэрийн өрсөлдөөн явах хэрэгтэй. Зөвхөн хувийн өмчийн ноёрхол байх нь эдийн засгийн хямралын нэг үндэс гэж бодож байна. Төр хамаг өмчөө тоншиж дууслаа. Ер нь төр хүчтэй байхын тулд өмчтэй байх ёстой, нийгмийн хөгжил, хүний амьдралын утга учир, ертөнцийн тогтолцоог ойлгодог өөрийн гэсэн үндэсний том онолтой байх хэрэгтэй. Хүний зөвлөмжөөр хийсэн, монголчуудын амьдрах арга, сэтгэлзүй, мөн чанарт таардаггүй, “импорт”-ын хуулийн орчуулгаар биш,өөрийн үндэсний монгол онолоор хөгжих хэрэгтэй.

                Ахиад би бүр ч инээдтэй санагдаж мэдэх зүйлийг нэмж хэлье. Монголчуудын хэрэглээний сагсанд аравхан нэр төрлийн бүтээгдэхүүн байхад л хөгжиж чадна гэж бодож байна. Мах, гурил, цагаан будаа, давс, цай, төмс, байцаа, хямдхан шиг даалимба даавуу гэх мэт нэр төрлийн бүтээгдэхүүнийг жагсаагаад, үүнийгээ орчин үеийн тэргүүний тоног төхөөрөмжтэй үйлдвэрээр үйлдвэрлээд, үндэсний онол-сэтгэлгээний менежментээр удирдаад, монголчуудынхаа хэрэгцээг хангадаг улсын үйлдвэрүүдтэй байх хэрэгтэй. Тэгээд мал аж ахуйн түүхий эдээ гадаадад түүхийгээр нь гаргадаг биш, дотоодод боловсруулдаг байх нь чухал. 1990 онд социализмын үед ажиллаж байсан бүх үйлдвэрийг хувьчилснаар Монголын эдийн засгийг нураасан уу гэхээс өөд нь татаагүй. Хэрэв улсын үйлдвэрүүд байгууллаа гэхэд эхэн үедээ хохиролтой байлаа ч 10-20 жилийн дараа энэ нь эргээд нөхөгдөнө. Аливаа үндэстэн юмыг хийж байж л сурдаг. Маркс багшийн хэлснээр үйлдвэр ямар ч ашиггүй байлаа ч, бүтээгдэхүүн нь ядмаг дизайнтай байлаа ч үйлдвэрлэлийн туршлага гэдэг бол үйлдвэрлэх хүчний нэг гол элемент! Харамсалтай нь, өнөөдөр монголчууд хийж чаддаг юмаа хийж чадахаа больж, өөрсдөө хийхээсээ илүү хүний хийсэн юмыг хэрэглэдэг “хулгайч” үндэстэн болоод байна. Тэгэхээр, нэгд, хувийн өмчтэй өрсөлдөх улсын үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Хоёрт, хувийн өмчийг хүлээн зөвшөөрье, гэхдээ хатуу болзолтойгоор! Зөвхөн итпортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортынбүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэж чадах тоног төхөөрөмжтэй аж ахуйн нэгжид л хувийн өмчтэй байх зөвшөөрөл олгох хэрэгтэй. Харин улсын үйлдвэрүүд нь бол яг орчин үеийн Америк,Япон, Итали, Францад хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, технологи ашигладаг төдийгүй тэнд явуулж байгаа менежментийг явуулж чаддаг, тэр үйлдвэрийг дэлхийн стандарт мэдлэг, мэргэжилтэй аавын хүү, тухайлбал, Гантөмөр удирддаг байх нь чухал. Үүнээс гадна картын системд ормоор байна. Удсын үйлдвэрүүдээс гарч байгаа монголчуудын хэрэглэх 10 нэр төрлийн бүтээгдэхүүн мэдээж чанарын өндөр түвшинд хүрсэн байх ёстой. Төр энэ бүтээгдэхүүнээ картанд оруулж, хүн амын ядуу зүдүү 50 хувьд өгөх хэрэгтэй. Энгийн ард иргэд өөрийнхөө картаар масло, махаа авдаг, харин баячууд юугаа авах нь хамаагүй. Тэдний наймаа хийдэг зах зээл нь тусдаа, чөлөөт үнээрээ байж болно. 100саяынхаа жийпийг унаад, хувийнхаа онгоцоор Америк,Япон нисэх эсэх нь тэр хүний асуудал. Харин Урианхайд, миний гэр бүл, ах дүү, амраг садан, миний ард түмэнд бол картын бараа хангалттай. Иргэний дайн гаргахгүйн тулд өнөөдөр ийм арга хэмжээ авмаар байна. Мэдээж үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ үнийг шинжлэх ухааны үндэстэйгээр төрөөс тогтооно. Зах зээлийн онолоор бол худалдан авагч, худалдагчийн тохиролцооны цэг дээр үнэ тогтоогдоно гэж ярьж байна. Энэ нь хөрөнгөтэй, худалдан авах чадвар асар өндөртэй, үйлдвэр хөгжсөн оронд тохирно уу гэхээс Монгол шиг жижиг эдийн засагтай улсад бол таарахгүй. 1992 оны үндсэн хуулиар С.Энхсайхан Засгийн газрын үнийг чөлөөлснөөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, Монголын ард түмнийг шууд хэлмэгдүүлсэн. Энэ бол цусгүй аллага байсан.

                Яг нарийн яривал манай эдийн засаг Эрээний бараан дээр л тогтож байна шүү дээ. Яах вэ, эдийн засгийн макро түвшнийг яривал олон эерэг үзүүлэлттэй л байгаа юм билээ. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлт бол онолын түвшинд яригдаж байгаа юм. Жинхэнэ амьдрал дээр бол огт өөр.Энэ хямралд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол ченжүүд. Монголын эдийн засаг үндсэндээ төрийн мэдэлд биш, ченжүүдийн гарт ороод байна. Бүхий л түүхий эдийг тэд гадагш зөөж байна. Тэгэхээр чеэжийн давхрагыг устгах төрийн хатуу бодлого явуулах хэрэгтэй. Сайндаа л 20 мянган ченж байгаа гэж бодъё. Энэ 20 мянган хүний эрх ашиг энэ төрд илүү үнэтэй байгаа юм уу, хоёр сая ард түмнийх нь эрх ашиг үнэтэй юм уу? Энэ асуултыг тавимаар байна. Чеэжийг устгаад социализмын үед маш сайн үйлчилж байсан механизмыг сэргээх хэрэгтэй. Тухайлбал, худалдаа бэлтгэлийн анги гэж байсан. Улс өөрийнхөө тээврээр очоод түүхий эдийг ард түмнээс тохирсон үнээр нь авдаг байсан. Одоо бол ченжүүд амандаа орсон үнээр гүйлгээ хийж ард түмнийг шулж байна. Бас нэг яаралтай авах арга хэмжээ гэвэл, Монгол улсын нутаг дэвсгэрт доллар, юань, евро гэх мэт гадаадын валютаар худалдаа хийхийг хорих хэрэгтэй. Гадаад худалдаа, гүйлгээгээ л доллараар хийдэг юм байгаа биз.Энэ бол бодит санал.

    Л.Г:Миний хувьд төрийн албанд ажиллаж байгаа түшмэд, дарга нарыг сахил хүртсэн ламтай л адилтгаж боддог. Улс орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэе гэж тангараг тавиад явж байгаа хүмүүс тансаглалаас татгалзаж, 6000 төгрөгийн каппучино биш, 600 төгрөгийн кофе ууж чаддаг, тийм зүрх сэтгэлтэй байх ёстой юм болов уу? Харамсалтай нь тийм биш байснаас л өнөөдрийн хямрал үүдэлтэй шүү дээ. Ажил хийхгүй байгаа, хэтэрхий залхуу, бас хэтэрхий тансаглаж байгаа гэдэг  үнэн. Гэхдээ бүхнийг төлөвлөгөөтэй болгоё, төрийн мэдэлд үйлдвэрүүдээ авъя гэдэг нь оновчтой санал биш ээ. Тэгээд ч тийм юм руу хальтрахгүй гэдэгт би итгэлтэй байна. Миний бодлоор, хямралаас гарахын тулд юун түрүүнд гадаад худалдааны алдагдлыг нөхөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, худалдааны сүлжээний суурь тогтолцоог бий болгох ёстой. Манай үндэсний баялгийг тэр чигээр нь хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэл худалдаа эрхэлж бизнес хийж байгаа хүмүүс л бий болгож байгаа. Харамсалтай нь энэ хүмүүст хандсан төрийн дэмжлэг өнөөдрийг хүртэл байгаагүй. Төр засаг нь хувийн хэвшлийнхэндээ бодитой дэмжлэг үзүүлснээр дэлхийн улс орнууд маш хурдтай хөгжсөн байдаг. Сүүлийн 10 гаруй жил үйлдвэрлэл эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх боломж Монгол Улсын Засгийн газар, Төв банкинд асар их байсан. Харамсалтай нь үүнийгээ ашиглаагүй. Ер нь өнөөдөр дэлхий ертөнцөд буй болоод байгаа нийгмийн харилцаа, хүн төрлөхтөний соёлоос монголчууд бид хэт хоцроод байна шүү.

    Д.У:Манай залуу үеийнхэн “хувийн өмчтэй болж байж л хүн өөрийнхөө юмыг хайрлана, тиймээс хөгжлийн гол түлхүүр хувийн өмч” гэж үзээд байгаа юм. Тийм биш ээ. Үүний цаана ерөөсөө хүний сэтгэл, ухамсар л байгаа. “Энэ бидний юм, энэ хүн төрлөхтөний газар дэлхий, бурханы бүтээл юм” гэсэн ухаарал төрөх юм бол хувийн өмчид ч, төрийн өмчид ч ялгаа байхгүй болно. Тэгэхээр аливаа улсыг, хүн төрлөхтөнийг хөгжүүлэхийн тулд өмчийн сэтгэхүйг алга болгох хэрэгтэй.Бурханы сургаал шүү дээ. “Хүн төрлөхтөн та нар хөгжье гэвэл хамгийн түрүүнд “Би” гэдэг үзлээс, “миний юм” гэдэг сэтгэл ойлгоцоос хагац” гэж байгаа юм. Яагаад гэхээр, энэ дэлхий дээр , Урианхайд ч, Гантөмөрт ч “миний” гэх юм ерөөсөө байхгүй. Явж явж хүний энэ бие махбодь чинь бурханаас, байгалиас бүтээсэн нөгөө л 108 элемент шүү дээ. Тэгэхээр хүн төрлөхтөн өмчтэй болж биш, гагцхүү сэтгэлийг тэгш болгож байж л хөгжинө. Өнөөдөр Гантөмөр бид хоёрт санал зөрөх юм байна л даа. Өнөөгийн эдийн засгийн суурь харилцаа бол буруу гэж би бодож байна. Харин Гантөмөр зөв гэж үзэж байна. Гэхдээ өчүүхэн сэтгэгч миний хувьд нийгмийн үзэгдэлд яаж ханддаг вэ гэхээр үр дүнгээс нь ханддаг. Өнөөдөр дэлхий нийтийн чиг баримжаа бол хувийн өмч, зах зээлийн харилцаатай болсон байна. Нэгэнт эдийн засаг ярьж байгаа болохоор тоо баримт л бид хоёрын ерөнхий хэл болох нь байна л даа, шүлэг биш. НҮБ-ын тоо баримтаар өнөөдөр дэлхийн зургаан тэрбум хүнээс 2.7 тэрбум нь нэн ядуу, 1.2 тэрбум нь нэн ядуу байна.50-60 хувь нь ядуу гэсэн үг. Гэтэл өнөөдөр дэлхий дээр үйлдвэрлэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг захиран зарцуулах эрх 400-хан хүний мэдэлд байгаа гэж байна. Бод л доо. Дэлхийн баялаг гэдэг тэр 400-хан хүний юм биш. Хүн төрлөхтөний сонгосон чиг зам нь зөв юм бол яагаад тэр 400 хүнийг дэлхийн баян болгоод, дэлхийг захирах эрхийг өгөөд, 6.5 тэрбум хүнийхээ бараг 60 хувийг өлсгөлөн амьдруулж байгаа юм. Өлсгөлөнгөөр жилдээ 40 сая хүн нас барж байна, дэлхий дээр. Тэгэхээр дэлхийн нийт хүн төрлөхтөний хөгжлийн чиг баримжаа болгоод байгаа энэ суурь харилцаа зөв байна уу, буруу юу? Би энэ үр дүнгээс хандаж байна. Тиймээс осолтой чиг хандлага руу Монголын эдийн засаг, улстөр, нийгмийн харилцаанд “дөрлөгдөөд” байгаа нь буруу шүү гэж л хэлэх гээд байгаа юм.

    Л.Г:Урианхай гуайн ярьж байгаа шиг ийм ухаанаар хүн төрлөхтөн явах учиртай, энэ нь өөрөө хүн төрлөхтөний хөгжил гэж би бодохгүй байна. Улстөрч, залуу хүний хувьд би юу хэлэх вэ гэхээр, хувийн өмчийг шүтдэг сэтгэхүйг монголын залуус өөртөө бий ыолгох хэрэгтэй. Монгол улсаа хүчирхэг болгохын тулд манай залуус, ирээдүйн монгол иргэдийн дийлэнх нь чинээлэг давхрагын хүмүүс байх учиртай. Чинээлэг давхрагынхан бол хэнээс ч хамаарахгүйгээр, аль ч нийгэм, улстөрд, ямар ч орчинд өөрийгөө аваад явж чаддаг. Тиймээс Монголд өмчийн төлөө шудрагаар хөдөлмөрлөдөг иргэдийг дэмжих талаар бодлого явуулах ёстой. Өнөөг хүртэлх бидний алдаа бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгохдоо төрийн оролцоог илүү их оруулахыг хүсээд, гаргасан шийдвэр нь бодитой ажил болж чаддаггүй, амьдрал дээр хэрэгждэггүйд байгаа юм. Төрийн оролцоог би асар бага байгаасай гэж боддог. Жишээ нь, үйлчилгээний салбаруудаа яг тэр чигээр нь иргэддээ, нийгмийн байгууллагуудад өгөх хэрэгтэй. Мэдээж, зах зээлийн эдийн засгийг зөнгөөр нь хаяж болохгүй. Энд төрийн оролцоо байх уу гэвэл байна. Гэхдээ энэ нь хувийн хэвшлийг ямагт дэмждэг оролцоо байх ёстой. Хувийн хэвшлийнхэндээ орон зайг нь гаргаж өгөх ёстой.

    Д.У:Улс төрч хүн гэж заавал иргэдээс сонгогдсон төрийн түшээг хэлдэг юм бишээ. Нийгмийн зам мөр, түүх, өнгөрсөн ирээдүйг бодож, өөрийнхөөрөө томъёолж чадах түвшний сэтгэлгээтэй бүх хүнийг улстөрч гэнэ. Энэ бол хашиж байгаа ажил, албан тушаалын ангилалтай ямар ч хамаагүй. Тэгэхээр би ч гэсэн улстөрч хүний хувьд, залуу улстөрч Гантөмөрт баярлах хоёр зүйл байна. Гантөмөр тансаг хэрэглээнээс татгалзъя гэдэг санал гаргасан. Мөн дотооддоо зөвхөн монгол төгрөгөөр гүйлгээ хийе, гадаад худалдаанд гадаадын валютыг хэрэглэе гэсэн хатуу бодлого явуулсан. Үүнд маш их баярлаж байна. Үүнээс гадна бид хоёр нэг ижил зүйлийг шүтэж байгаа юм. Энэ бол хөдөлмөр. Ерөөсөө аль ч нийгмийн хаилцаанд хүлээн зөвшөөрөгдөх хөгжлийн гол хүчин зүйл бол гарцаагүй хөдөлмөр. Тиймээс түрүүн хэлсэн саналууд дээр нэмж хэлэхэд, Монголд ажлын өдрийг тав, амралтын өдрийг хоёр болгосон нь маш буруу шийдвэр, хамгийн том алдаа. Өнөөдөр 300000 хүн ажилгүй байгаа юм уу даа, сонингоос тэгж харсан юм байна. Энэ 300000 хүн байтугай тэтгэврийн бид хүртэл ажил хийх хэрэгтэй. Ажил хийж байж л улс орон хөгжинө. Монголчууд долоо аоногт хоёр өдөр амрах биш, бараг сардаа ганц амралтын өдөртэй байсан ч болно. Гол нь ажлын байрыг нь үйлдвэрүүд байгуулаад гаргаад өгөх хэрэгтэй.

     

    -Урианхай гуай өөрийгөө “Би Монголын хамгийн сүүлийн марксист хүн” гэж тодорхойллоо. Харин та өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ?

    Л.Г: Би өөрийгөө Урианхай гуайтай харьцуулаад тодорхойлоод байх гавъяатай ч хүн биш л дээ. Гэхдээ Урианхай гуай өөрийгөө марксист гэж тодорхойлсонд би баярлаж байна. Марксист онолыг мэдсэн, ойлгосон хүмүүс өөрийгөө хуураад, би лмберал үзэлтэй гэдэг ч юм уу, эсвэл зах зээлийн эдийн засгийг дэмжинэ гээд удирдлагын түвшинд оролцоод яваад байгаад үнэхээр харамсдаг.  Би бол марксист хүн шүү гэдгээ зарлах хэрэгтэй шүү дээ. Эсвэл, “ Би бол марксист хүн учраас энэ нийгэм надад таалагдахгүй байна. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол би энд оролцохгүй” гэж  зарлах хэрэгтэй, тийм биз дээ? Өөрөө марксист хэрнээ зах зээлийн эдийн засаг яриад, гаргаж байгаа шийдвэр нь худлаа байгаад байгаа юм. Ингэж явмааргүй байна. Миний хувьд бол хувийн хэвшлийнхэний төлөө зүтгэнэ, төрийг цомхон ыолгохын төлөө тэмцэнэ. Татвар төлөгчидийн талд байнга зогсоно гэдгээ хэлэх байна. Энэ нь Монголын төрийн албанд ажилладаг хүмүүсийг тлүү чадварлаг, хүнлэг, ард түмэндээ үйлчилдэг, улс орныхоо төлөө өөрийгөө зориулна гэсэн итгэл үнэмшилтэй байгаасай гэж хүсч, ийми болгохын тулд яах ёстой юм бэ гэдэг асуултанд хариулт олохын төлөө хичээн ажиллаж байна даа.

    Д.У:Нийгмийн харилцаанд төр оролцох ёстой юу, үгүй юу, оролцвол ясар хэмжээгээр вэ гэдэг нь улстөрчдийн гол асуудал болоод байна. Би бол төр хүчтэй байх ёстой гэдэг үзэл бодолтой. Монголын өнөөдрийн төр бол маш хариуцлагагүй төр. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, 40 сая малтай, газар дороо асар их баялагтай Монгол улсын 2.5 сая хүн өлсөх байтугай тэрбумтан хүний хэрэглээ, зиндаагаар амьдрах боломжтой шүү дээ. Гэтэл ингэж чадахгүй байгааг би төрийн буруу гэж бодож байна. 2.5 сая хүнийг тэжээхэд бүтэн тархи байтугай тал тархиа ажиллуулахад л болно. Гэтэл Монголын төр бүтэн байтугай тал тархи ч үгүй болчихоод байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр төрийн эрх барих статус нь бизнесийн ашиг орлогын эх үүсвэр болсонд байгаа юм. Уг нь бүгд Гантөмөр шиг, Бат-Эрдэнэ аварга шиг үнэхээр ард түмнээ, улс орноо гэсэн элэгтэй, монгол хүний гэгээн сайхан ухаантай байсан бол огт өөр байхсан. Тийм биш, ерөөсөө л мөнгө олох гэсэн, олигархиудын үүр болсон байгаа. Эхэн үедээ бол “Монголд хувьчлах юс их байна” гээд дал наян жтл ард түмний бүтээсэн нийгмийн баялгийг өөртөө авахын тулд төр лүү зүтгэцгээж байсан. Дараа нь төр ядуураад, хувьчлах юм байхгүй болмогц улс орон, ард түмний нэрээр гаднаас орж ирсэн тендер төслүүд, зээлүүдийг хамгийн түрүүнд Урианхай биш, сэтгүүлчид, зохиолчид биш, эрдэмтэд малчид биш, их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд л авч, тэр мөнгөөр нь сонгуульд дахин өрсөлдөж, ард түмний саналын 90 хувийг худалдаж авсан. Манай сонгууль итгэл үнэмшлийн сонгууль биш, мөнгөний сонгууль, албадлагын сонгууль болсон шүү дээ. Үүнээс гадна зах зээлийн тогтолцоот эдийн үасгийн макро загвар бол өндөр хөгжилтэй, хэдэн арван сая хүн амтай Америк мэтийн улсад тохирох загвар болохоос биш Монголынх шиг жижиг эдийн засагт таарахгүй. Таарахгүй юмыг дуурайгаад, хүчиндээд, эдийн засгийн ийм тогтолцоогоо хөгждөг юм байна гэж буруу ойлоцгоогоод байна. Тэгвэл энэ өндөр хөгжилтэй орнуудын чинь хөгжлийн гол үндэс нь юу вэ гэхээр, бүгдээрээ хувийн өмчтэй байсандаа биш, олон хуультайдаа биш, төр нь нийгмийн амьдралын жолоодлогонд оролцдоггүй дээ биш, өчнөөн зуун сая ард түмнийх нь хөдөлмөрийн өртөг биш, дэлхийн баялгийг тоносны л үр дүнгээр хөгжсөн эдийн засаг байхгүй юу.Тэнд одоо тогтвортой хөгжлийн динамик урсгал бий болсон. Динамик хөгжилтэй эдийн засгийн загварыг Монголын хөрс рүү зориуд чирч авчраад байгаа юм.Энэ чинь таарахгүй байна…За, Гантөмөр миний хүү зангидаад хэл /инээв/

    Л.Г: Урианхай гуайн ярьж байгаа шиг яриаг ойрын үед сонсолгүй уджээ. Урьд нь бол сонсож байсан. Манай аавын үеийн хүмүүс ийм зүйлийг зөндөө ярьдаг. Гэхдээ надад нэг  л итгэл  байна. Урианхай гуай зөв томъёолж хэллээ, манайх бол өгөгдөл сайтай улс шүү гэж. Эдийн засгийн энэ өгөгдлийг зөв ашиглах учиртай. Тэгэхээр, нэгд өгөгдөл байгаа. Хоёрт, Монгол улс бол бие даасан тусгаар улс. Гуравт, ард түмэн нь эрх чөлөөтэй. Энэ гурвыг зөв хосолсон төрийн зөв менежмент явуулах л ёстой. Яг үнэнийг хэлэхэд, өнөөдрийн төрийг түшиж байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглаж бизнес хийдэг, хувийн сонирхолоо түлхүү явуулдагтаа л алдаад байгаа шүү дээ. Энэ шүүмжлэлийг бол 100 хувь хүлээж авмаар байна. Ерөөсөө энэ төр лүү шургаад, амьдралаа сайжруулах юмсан гэсэн хандлага хэтэрхий давамгайлаад байгаа юм. Тэгэхээр хэцүү юм нь юу вэ гэхээр, Монголын ард түмэнд одоо ямар философи байна вэ? Урьд нь Иаркс, Лениний сургааль байсан, тэгээд нураад унасан. Дараа нь элдэв төрлийн шашны урсгалууд орж ирж зах замбараагаа алдсан л даа. Тэгэхээр энэ бүгдийг базаад, монголчууд ийм үзэл бодолтой хүмүүс шүү гэж томъёолж хэлэхэд маш хүнд болчихоод байна. Аливаа ард түмэн өөрийн гэсэн философитой байвал хөгжихөд илүү амар. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн хямрал төр засгаа яаж зөв авч явах, хүн бүхэн өөрийнхөө амьдралыг яаж зөв авч явах талаар бодох боломжийг бидэнд олгож байгаа болов уу. Ажлын менежмент, арга барил, юманд хандах хандлага, үрэлгэн байдал зэргээсээ сургамж аваад, алдаагаа засаад, цааш зөв хөдлөх шаардлагатай болж байна. Эцсийн эцэст, хувь хүний хөнжил, хөдөлмөрч чанар, тэмцэх чадвар хэр зэрэг суух бол гэдгээс Монголын ирээдүй хамаарах байх аа.

     

    -Цаг зав гаргаж манай сэтгүүлд ярилцлага өгсөн та хоёртоо маш их баярлалаа. Улс эх орныхоо сайн сайхны төлөө санаж бодож яваа бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

     

  • ХҮНД ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЮМ НЬ- АМЬДРАЛ НЬ! /”Монголын Мэдээ“сонины сурвалжлагч, яруу найрагч С.Ууганбаяртай философи эргэцүүллийн ярилцлага/

    -Та дээхнэ үед би ийм муухай төрөөс шагнал авахгүй гээд “зөрүүдэлчихсэн” гэдэг. Өнөөдөр үе тэнгийнхэн чинь бүгд л төрийн хайр хишгийг нэг бус удаа хүртсэн, нэр зүстэй уран бүтээлчид болжээ. Эргээд юу бодогдох юм?

                -“Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй” гэсэн эртний үгтэй ч хүний муухайг нимгэрүүлэх “их санаа” санаж дөч гаруй жил элдэв ном зохиол эрээчлээ л дээ. Нэмэр, тус даанч алга! Би байтугай Бурхан багш бараг гурван мянгаад жилийн тэртээгээс, Христус Богд ч хоёр мянгаад жилийн тэртээгээс, Магомет зөнч хоёр мянган жилийн тэртээгээс ном сургаалаа айлдаж, сургаал айлдвар нь өнөө номын буянтангуудын амаар номлогдсоор байгаа ч  хүн төрлөхтөний язгуур огт дээшилсэнгүй. Төгс төгөлдөрт дөхөх нь бүү хэл, улам ч холдсоор, улам дорогш унан дордсоор л байна. Монголын төрийн мөн чанарын хувьд ч бас л, ялгаагүй, “муухай “нь арилах нь бүү хэл, өчүүхэн ч нимгэрч өгөхгүй, харин ч улам бохирдоод, өмч хөрөнгө, ашиг сонирхолын “хорт хавдар”-аар өвчлөөд, “морг”-д очихынхоо наах нь дөнгөн данган амьсгаадаж байна. Өнөөгийн Монголын төр аль хэдийнээ ард түмний төр байхаа болиод, хүн амын 4-5 хувийг л эзэлж буй пүүс компанийн цөөхөн эздийн зарц-төр болсон! Энэ үнэнийг ганц би биш, толгойтой бүгд, толгойдоо нүдтэй, чихтэй бүгд мэдэж, амтай бүгд ярьж байгааг чихтэй бүгд сонсож байгаа! Би 1990 оноос хойшхи Монголын төрд алив шагналын тухайд нэг болүол тавьсан ухаантай юм.Юу гэвэл, эх оронд минь траншейны нэг л хүүхэд байгаа цагт, нэг л гуйлгачин хүн амьдарч байгаа цагт тийм олиггүй төрөөс ямар нэг алдар цол, шагнал авахаас татгалзана гэсэн мэдэгдэл олон жил дараалан хийсэн юм. Өөрөөр хэлбэл, эх орон ард түмний минь хувьд ийм гутамшигтай нөхцөлийг алга болго! гэсэн шаардлага тавьж болзол тулгасан ухаантай хэрэг байхгүй юу.Тийм “их санаа” агуулсан хэрэг. Одоо траншейны хүүхдүүд байхгүй болсон сураг дуулдана лээ.Үнэн, худлааг сайн мэдэхгүй! Гэхдээ төр, засаг маань сайн ажиллаад, ард түмнийхээ ахуу амьдралыг баяжуулчихсандаа биш, хятадууд тэр хүүхдүүдийг цөмийг нь хулгайлж аваад “хүний наймаа”-гаар гадаадад зараад арилгачихсан гэнэлээ.Цаана нь ард түмний маань амьдрал бахь байдаг ядуу зүдүү хэвээрээ үргэлжлээд, харин ч жилээс жилд тамтаггүй нэмэгдэж буй үнийн өсөлтийн дарамтаар улам хоосроод, 80-аад хувь нь хоолтой хонох, хувцастай явах, үхлээс зугтах амьдралын баталгаагүй, хүн шиг амьдрах найдвараа алдаад байна. Монголд хэрэгжиж буй “зах зээл” монголын ард түмний олонхид “цөөвөр чоно” шиг ааш авиртай хандаж байна. 1990-ээд оны эхээр өөрсдийгөө “ардчилагчид” гэж “шохойдсон” хэсэг тэнэг залуус Монголын “босоо” амьдралтай байсан ард түмнийг “элгээр нь хэвтүүлнэ” гэж шүлсээ үсчүүлж байсан амандаа л хүрсэнээс биш амьдрал ахууд нь болоод сэтгэл оюунд нь гэгээ туссангүй шүү дээ, үнэндээ! Ийм нөхцөлд миний хэмжээ зиндааны зохиолч, яруу найрагч ийм төрийн алив шагнал, алдар гуншинд алгаа тосно гэдэг өөрийгөө болоод уран бүтээлээ доромжилж байгаатай адил! Би тэгж үзсээр байгаа! Харин яахав, ард түмэн бүгдээрээ баян сайхан болоод, төр нь ухаантай, урамтай сайн төрийн үүрэг гүйцэтгээд явчихбал зөв төрийн шагнал, хүндэтгэлээс татгалзаад байх хэрэг юу байхав, өгвөл нь аваад л баяр хөөрт автсан шиг амьдралгүй яахав, Бурхан минь! Төрөөс зөрүүдлэх шалтгаан нэгэнт үгүй болмогц утгагүй эсэргүүцэл, тэмцэл хийх нь угаасаа хэрэгцээгүй болоод явчихна!

     

    -Та чинь тэгсэн хирнээ төрийн шагналтай уран бүтээлчидээ, энэ чинь төрийн хишиг хүртсэн хүн гээд сүрхий дээдэлж байгаа нь нэг бус удаа харагдсан?

                -Төрийн шагнал хүртсэн шилдэг бүтээлийг нь хүндэлж байгаа юм. Тэр бүтээлүүдийг нь өөрийнхөө бүтээлүүдтэй жишээд, ур чадвараараа минийхээс илүү, үгүй ядахдаа минийхтэй зэрэгцээ гэж үнэлдэг сэтгэлээ илчилж байгаа хэрэг л дээ.

     

    -Энэ олон жил уран бүтээл туурвиад эргээд харахад чухам ямар бодол төрж суух юм? 

                -Алдаанууд минь их тод харагддаг.Уран бүтээл ангич, намч чанартай байх ёстой гэж ойлгож байлаа.Одоо бодоход, алив бүтээл, юуны өмнө, аугаа хүнлэг, энэ хорвоогийн амьтай амьгүй алиныг ч дотроо хайрлах үзэл бодол шингэсэн Бурханаас дутуугүй бурханлаг шинж чанартай байх ёстой юм шиг санагддаг болсон. Гагц уран зохиол ч бус, ер, бүх аймаг савын уран сайханы бүтээлд хамгийн гол юм – ур чадварын өндөрлөг нь байдаг юм байна гэж ойлгож авав. Уран санаа, хэлбэр, зохиомж, дүрслэл, философи нь ямагт шинэ соргог, гүн, болж өгвөл, жигтэйхэн эгэл жирийн хэрнээ айхтар нууцлаг, драмлаг байх ёстой юм байна.

                Би залуудаа бодохдоо, зохиолч, яруу найрагч хүн бусад хүмүүсээс хавьгүй илүү ухаантай, мэдлэг боловсролтой бэрх амьтан байх ёстой гэж боддог байлаа. Бас л алдаа!…  Зохиолч, яруу найрагч хүн харин бусадаас илүү гэгээрсэн, сэрэхүй мэдрэхүй маш хүүхдэрхүү, нарийн торгон, зөн билиг их хөгжсөн, тэнгэрийн хэл сонсохдоо сонор, онгон зэрлэг амьтад шиг маш мэдрэмхий, байгаллаг, хөгжилтэй байвал зохих юм байна гэсэн бодолд автдаг болсон. Орчин үед алив уран бүтээл уран сайханы сэтгэлгээний тодорхой түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинэлэг, философилог, сэдэв агуулгын болон хэлбэр, арга барилын эрэл хайгуул хийсэн туршицтай байхгүй бол улс үндэснийхээ соёл, урлагийн түүхийг урагш хөгжүүлж чадахгүй нь дээ! гэсэн бодол руу өөрийн эрхгүй яваад орчихлоо.Өөрийн сайндаа ч яваад орчихож байгаа юм биш, орчин үеийн дэлхийн сэтгэлгээний хурд, шинэчлэл, бүтээлийн зохиомжийн бодолт, дүрслэх арга барилын постмодерн хувьсгал өнөөгийн хүн төрлөхтөний даяаршиж буй ахуй амьдралын нийтлэг шинж болсноор аль ч улс орны уран бүтээлчидийг ийм хандлагатай бодол руу зайлбаргүй “лантуудаад” оруулчихаж байна.

                                                                                                  

    -Бид нийгмийн ороо бусгаа цагт амьдарч байна. Монголчууд бид ер нь хаашихнаа яваад байна?

                -Нийгэм ороо бусгаа, эдийн засгийн ядуурал бараг хүчирхийлэлийн шинж чанартай байгаа нь хоёрхон шалтгаантай юм аа.

                Нэгд, Нийгмийн тогтолцоо буруу буюу мөн чанараа шудрага бус, хүний хүн чанарын эсрэг харилцаанд тулгуурласан;

                Хоёрт, Нийгмийн удирдлага буруу буюу ард олонхийнхоо эсрэг үйл ажиллагаатай.Өөрөөр хэлбэл, хүн амын олонхийн эрх ашгийг хамгаалсан бус зөвхөн хөрөнгөт цөөнхийн эрх ашигт үйлчилсэн үйл ажиллагаатай.Энэ хоёр үндсэн шалтгаанаар нийгмийн бодит амьдралд ч ихэвчлэн сөрөг үр дүн гарч байна.”Хаашаа яваад байна?” гэдгийн тухайд бол, дэлхий даяараа өнөөдөр нийгмийн хөгжил хаашаа чиглэж, юу дагаж байна? гэвэл мэдээлэлийн хүртээмж нягттай, хүн ам илүү төвлөрсөн, дэд бүтцийн сүлжээ, нягтрал ихтэй орон зай руу тэмүүлж байна. Энэ нь хэдийгээр бодит “факт”-ын чанартай үйл явц байлаа ч, миний харахад, муухай прагматик, хүний амьдралын баялаг, олон язгуурт утга агуулгыг асар явцууруулан хүлсэн, дан техник-технологийн үйлчилгээнд захируулан боолчлуулсан харгис бүдүүлэг замнал харагдаад байдаг. “Урбан” ахуу соёл эзэмшлээ гээд хүн илүү ухаантай болсон нь, илүү хүнлэг, гэгээн болсон нь, бие биедээ илүү тусч өгөөмөр болсон нь, илүү нарийн хурц сэргэг мэдрэхүй сэтгэхүйтэй, зөн совинтой, увьдас билигтэй болсон нь дотоод ертөнцийн хөгжлөөрөө илүү төгс төгөлдөр, гоо сайхан, гайхамшигтай болсон нь, Бурханаас, байгалаас өгөгдсөн гүн, нууцлаг мөн чанартаа бүрэн дүүрэн нэвтэрсэн нь, түүнийгээ бүрэн дүүрэн эзэмшиж жинхэнэ “хувилгаан чадал”-аа үзүүлсэн нь дэлхий гараг дээр хаа ч үгүй байна. Цаашдаа улам л буруудаж, улам л дордохоос биш, хүмүүс улам л дотоод мөн чанараа устгаж хохирохоос биш, энэ, зөв, энх амгалан амьдралын замаасаа улам л төшөөрч хувь хувиа хичээсэн үдэл бэртэгчин “адгуусад” болж мөхөхөөс бус, дээд оюун ухаант, төгс бурханлаг хөгжилтэй төрлөгтөн болохгүй нь улам тодорхой болсоор байна. Ер нь, өнөөгийн хүн төрлөхтөний хөгжлийн сэтгэхүй, ойлголт, үйл ажиллагаа гадагшаагаа л тэмтчээд байхаас дотогшоо яргаж, шургаж, “төв рүү тэмүүлэх хүч” гаргаж чадахгүй, маш буруу чиглэл хандлагатай байна л даа. АНУ, Япон, Англи мэтийн техникийн орнууд мөдхөн хөгжлийн мухардалд орж, дэлхийн хамгийн зүдэг, хамгийн хортой, хамгийн гамшигийн бодит жишээ улс орнууд болж хувирах үйл явц хэзээ мөдгүй нүүрлэх нь миний зөн сэрэхүйд мэдрэгдээд л байна. Далимд өөрийн үзэл бодлоо чамд ярихад, нийгмийн хөгжлийн гол утга нь хүний дотоод хөгжил л байх ёстой юм. Ердөө л, зөвхөн, хүний оюун, гэгээрэл, ёс суртахууны хөгжил! Байгалийн хөгжлийг хүн тодорхойлж чадахгүй. Тодорхойлох арга, аргачлалыг шинжлэх ухаан олж чадахгүй. Энэ бол байгалийн “бүтээгдэхүүн”  хүн төрлөхтөний хувьд ямар ч боломжгүй. Төрүүлсэн ижийгээ өөрөө төрүүлэхтэй адил болмжгүй! Шумуул, оготно олшрох нь байгалийн хөгжил юм уу, эсвэл мөхөл юм уу, цаг хугацааны алслалд аль нь байхыг шинжлэх ухаан хэлж чадахгүй. Цаг хугацааны тодорхой хэрчимд, орчин ахуйн тодорхой нөхцөлийн хэмнэлд хортой юм уу, эсвэл ашигтай “үзэгдэл” болж байна уу? гэдгийг хэлж чадах төдий л юм. Энэ нь хүний материаллаг хэрэглээний өсөлт, дутагдалын хэмжээтэй харьцуулж тодорхойлсон дүгнэлт л болно. Маш харьцангуй дүгнэлт! Хүн байгалийн үнэмлэхүй учир утга, Бурханы төлөвлөгөөг мэдэх нь байтугай төсөөлж ч чадахгүй. Тэгэхээр байгалийн хөгжлийн үнэмлэхүй үнэн буюу төрх шинж нь хүн төрлөхтөний танин мэдэхүйн чадварын боломж, хил хязгаарын гадна үлдэхээр барахгүй, хүн төрлөхтөний оршин тогтнох хугацааны ч гадна үлдэх үзэгдэл юм. Үндсэндээ, бидэнд үл нээгдэх үйл явц гэсэн үг! Тийм урт удаан хугацааны үзэгдлийн үнэмлэхүй үнэнийг хүн төрлөхтөний мэдлэг боловсрол, шинжлэх ухааны ямар ч өндөр түвшиний хөгжил тодорхойлж чадахгүй. Гэлээ гээд яах вэ, монголчууд бид үндэсний сэтгэлгээгээ, бүтээмжээ, дэлхийтэй өрсөлдөх үйлдвэрлэлээ, хамгийн гол нь хүний хөгжлийг хангагч дотоод ертөнцийн бурханлаг хүчин зүйлсийг асар хурдацтай хөгжүүлэх л хэрэгтэй.Энэ хэрэгцээг өнөөгийн Даяаршилын түрэмгий дайралтын нөхцөлд бидэнд маш чухал.Яагаад гэхээр, Даяаршил гэдэг бол, юуны өмнө, түнхик-технологийн дэвшилийн нэгдмэл хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний ижил хэрэгцээгээр дамжин нэвтэрч буй амьдралын адил төстэй хэвшил бөгөөд загварчлал юм.Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн орнууд дэлхийн бүх улс үндэстнийг өөрийнхөө үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний “хэрэглэгч”, амьдралынхаа хэв загварын “дагалдагч” болгох зорилготой энэ айхтар дэлхий даяарын үйл явцад бид их ухаалаг хандахгүй бол горьгүй шүү! Харин үндэснийхээ ахуу, ухамсар, уламжлал, хэл, соёл, ёс заншилын эндомик /орь чанарт / загваруудыг нандигнан хадгалж үлдэх, бас, орчин үеийн шаардлага, хэрэгцээтэй нийцүүлэн хөгжүүлж авч явах нь бидний амьдралын амин чухал зорилго байх ёстой! Мэдлэг, мэргэжил, боловсролоо эрс эрчимжүүлэх үйл явц дээр даяаршилын “давшилт”-ыг ашиглаж, дэлхийтэй өрсөлдөх, эрдэм “аутсорсинг” хийх сэтгэлгээний түвшинд хүрэх чиглэлээр Даяаршилыг амьдралдаа ахуйжуулж  оюуны бүх салбараар нэвтрүүлбэл бидэнд хожоотой тоглолт болно. Эсрэг тохиолдолд бид Монголоо алдана.Эцэст, “Хаашаа яваад байна?” гэдэгт нэг санаа нэмэхэд, бид өнөөх “Хонгилын үзүүр дэх гэрэл” рүүгээ яваад л байгаа улс! Хонгил нь их урт, их харанхуй болохоор замдаа заавал амсахгүй байж болох хохирлыг маш ихээр амсаж, туулж байгаа! “Хонгил”-оор тэмтчиж яваа энэ замд Монгол улсын хамгийн том алдаа,хамгийн эмгэнэлтэй гарз хохирол бол Монгол хүний хүн чанар, хүн мөсний “мөсжилт”, цөөнхи нь шудрага бусаар капиталжаад, эсрэгээр олонхи нь шудрагаар үгүйрсэн явдал!Бид, яг үнэндээ, ийм дүр дүнтэй амьдралын үнэн рүү туугдсаар яваад ирлээ.

     

    -Өнөөдөр аливаа нэг зүйлийг мэддэг ч хүн алга, мөн мэдэхгүй ч хүн алга болжээ. Энэ нь нийгмийн гажуудал уу, эсвэл?

                -Хүний амьдралын эхний хорин таван жил бол хүний амьдралын жинхэнэ “эрдэнэ” юм.Энэ хорин таван жилээс нялхын нас, хүүхэд насны нь хэдэн жилийг хасах, үндэслэл бий.Хүний хүүхэд нас бол тоглох, гадаад орчлонг гайхах, айх, сонирхох нас болохоор би ингэж хэлж байна.Хүний амьдралын 25 жилийг яагаад амьдралын нь хамгийн үнэт “эрдэнэ” гэж би нэрлэж байна вэ? гэвэл, хүний ирээдүйн чадвар, оюун билиг, чанарын, жинхэнэ хөгжлийн нь үе юм.Ажил сурах, эрдэм нөөцлөх, амьдралын ааш араншингийн хувиралыг судлахын дэвсгэр жилүүд байдаг. Хүн энэ жилүүдэд юу сурч, юу мэдэж авснаараа л бүх амьдралаа өнгөрөөнө!Энэ чухал үедээ бага эрдэм сурч, бага мэдлэг олж, ажиллах хийгээд нийгэмд өрсөлдөх чадвараар сулхан шиг үлдвэл, хэтдээ дульхан амьдарч явах нь “бичигдээгүй хууль” юм. ухам энэхэн хэдхэн жил дотор л их эрдэм чадал хураагдвал хүний амьдралын тойрог, агуулга, багтаамж төдий чинээ их гүн, эсрэгээр хэдийчинээ бага эрдэм чадал хураагдвал амьдралын нь үнэ цэнийн үзүүлэлтүүд төдий чинээ хомс, татуу байна.Энэ юу гэсэн үг вэ? гэвэл, энэ үнэт 25 жил бол хүний амьдралын бодит хэмжээс болдог үе шат нь гэсэн үг. Энэ хугацаанд “савлаж авсан хөрөнгө”,суулгасан үр, хурааж авсан ургацаар л, хүний амьдралын үнэ цэн хэмжигдэнэ. Хамгийн анзааргагүй, хямгагүй, сул задгай өнгөрөөчихдөг энэ ахархан хугацаанд олигтой, дорвитой юм сурч эс чадвал тэр хүн амьдралаас, ертөнцөөс юу ч гуядаж авч чадахгүй!Ямагт гуйж л амьдрах болно. Ертөнцөөс ч, нийгмээс ч, амьдралаас ч эрдэмийн хүч чадал, мэдлэг боловсролын ааг түрэн авч чадах юм юу ч байхгүй, зөвхөн “олдсог”-ыг л, “өгсөн”-ийг нь л алга тосон авч амьдрах юм.Чиний асууж байгаа, “мэддэг ч хүн алга, мэдэхгүй ч хүн алга болжээ, яагаад вэ? гэдэг асуултыг  тавиулаад байгаа бодит байдлын нэг гол учирыг эндээс хайх хэрэгтэй юм. Мэдлэг боловсролын дульхан түвшин, ажил үүрэг гүйцэтгэх чадварын дутмаг хэмжээ, монголчууд бид нарийн гүн мэддэг ч юмгүй, тэгтэл бас, дуулаагүй, дуурайгаагүй ч юмгүй, саармаг саарал үндэстэн болчихсоны үндсэн шалтгаан нь залуус маань залуу насаа “хэрэггүй жаргал”-аар, хэтэрхий их өнгөрөөж байгаад л байна.Гэтэл хүн залуу насандаа л хамгийн их зовох хэрэгтэй байхгүй юу. Энд би өвчин зовлон, үхэл хагацлын зовлон үзэж туулахыг хэлж байгаа юм биш, нүдээ улайж өвдтөл ном унших, бөгсөө хавдтал ажлын ширээний ард суухын “зовлон”-г хэлж байгаа юм.Энэ зовлон л хүний амьдралд жинхэнэ баяр жаргал авчирдаг “сайхан зовлон” юм.Энэ “бичигдээгүй хууль”-ийг хүмүүст бүүр хүүхэд байхаас нь ойлгуулж, шаардаж, шахаж, үе үе “алганы амт” үзүүлж байх хэрэгтэй юм.Гэтэл одоо манай амьдрал, нийгмийн хүмүүжлийн “хүнлэг” тогтолцоо шал эсрэгээрээ яваад байгаа харагддаг. “Хүүхэд манай ирээдүй” гэдэг ойлголттой маргах аргагүй ч өнөөгийн хүүхдүүдийн үзэл бодол, ааш аяг, төрх төлөвийг үзвэл, Монголын ирээдүй дан “эрхийн тэнэг” хүүхдүүдийн л ирээдүй байх төлөв үзэгдэнэ.Монголд “гаднаа гялан, дотроо палан” хүүхэд, залуусын аюул нүүрлэж эхэллээ. Ер нь, энэ аюул гоцтой илрээд байна шүү!Энэ бол хэтдээ Монголыг монгол биш болгох, өөр нэртэй улс болохын цондон шүү.Өөр нэртэй тэр “шинэ” улс өөр хилтэй, өөр хэлтэй, өөр элэг сэтгэлтэй, өөр хувцас хунартай улсын эх орон байх болно. Үүнийг хатуу сануулах цаг тулчихсаныг “юм мэддэг ч хүнгүй, мэддэггүй ч хүнгүй” болчихсон өнөөгийн завсрын “саарал тархи”-тай хүмүүсээр дүүрчихсэн нийгмийн гажуудалын үед хэлэхгүй бол дэндүү хождоно…

     

    -Улстөрийн байдал, иргэд хоорондын харилцаа гээд нэг л болохгүй байна даа.Таны бодлоор яавал зохилтой юм бол?

                -Бүх буруугийн үндэс нийгмийн тогтолцооныхоо бурууд оршиж байгаа юм л даа, хө. Хувийн өмчид тулгуурласан зах зээлийн харилцаа бол нийгмийн хамгийн доод ухамсарын харилцааны тогтолцоо юм. Өнөөдөр Монголд “болохгүй байгаа” бүх “үл бүтэх” бодот үр дүн, бүх үйл ажиллагааны үүсгэгч нь,- “хувийн өмч л нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл “өмч л хөгжлийн гол механизм” гэж ойлгосон буруу ойлголт, буруу үзэл бодол юм. Энэ хортой ойлголт, үзэл бодлын дайралтаар Монголд явагдсан “Хувьчлал” хэмээх “субботник”-ийн дайчилгаа монголын ард түмний ариун шудрага хөдөлмөрөөр бүтэн зууны туршид шахуу бүтээж буй болгосон нийгмийн баялагийг цөөхөн тооны “бохир гар”-уудад буюу эдийн засгийн далд ашиг сонирхолын бүлгүүдэд төрийн хуйвалдаанаар хуваан өмчлүүлснээр монголын эдийн засгийг “элгээр нь мөлхүүлсэн”. “Мөлхөө” эдийн засгийн тогтолцоо өөрийгөө цагаатгасан, мөн чанараа хамгаалсан, зарим үнэнээ нийгмээс нууцалсан улстөрийн тогтолцоог яаралтай “босгоод” авав. Тийм үү? Тэгээд Монголын улстөрийн алба 1990 оноос хойш зөвхөн хувийн өмч, ашиг олзонд улангасадын тэмцэлийн орчин болов. Төрийн алба зөвхөн цалин, унаа тэрэг, засаг ямба, олон давхар хаус, олон га эдлэн газар эзэмших эрх олох ажиллагаа болж хувирснаас улстөрийн намуудын хэрүүл зодоон, ардчилсан “сонгууль” нэртэй албан суудлын булаалдаан, за, “булаалдаан “ч юу байхав дээ, сонгогчидын саналыг бохир мөнгөөр худалдаж авах “хулхидалт” амьдралд нэвтрэв.Тэгээд монгол хэлэнд, нийгмийн сэтгэлгээнд “улстөржих” гэдэг нэр томъёо үүсэв. Тийм үү? Өнөөгийн энэ “болохгүй байгаа” харилцааны гол шалтгаан энэ юм. Та нарын өнөөх хөрөнгө-санхүү, эдийн засгийн хямрао бол зөвхөн эдийн засгийн шинж чанартай ч үзэгдэл биш, зөвхөн улс төрийн тогтолцооны үүсч буй шинж чанартай ч үзэгдэл бус, нийгмийн ёсзүй, ард иргэдийн хүн мөс, харилцааны соёл, оюуны ертөнцийг бүхэлд нь хамарч буй нийгмийн системийн хямрал юм. Иргэд хоорондын харилцаанд “болохгүй байгаа” зөрчил, бухимдал, хараал, хэрүүл тэмцэл, амь насаа бүрэлгэлцэж шорон гянданд хатаж буй хар тэмцэлийн уг шалтгаан чинь чухамдаа бол, хувь хүмүүсийн харилцааны бүдүүлэг зарлагийн илрэл бус нийгмийн тогтолцооны гажуудалын илрэл. Одоо цаашдаа яах вэ? гэдэг асуулт ургаж байна. “Яавал зохилтой вэ? гэж чи асуулаа.Миний бодлоор бол, юуны өмнө, нийгмийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй! Өөрөөр хэлбэл, угаасаа эдийн засгийн хямралд тогтмол нэрвэгддэг зайлшгүй хуультай хөрөнгөтний /капиталист/ нийгэм рүү ухрах бус төвлөрсөн төлөвлөгөөгөөр тэгш зохицуулагддаг улсын өмчит үйлдвэр, худалдаатай харилцаатай нийгмийг жинхэнэ онолын нь утгаар байгуулахаар урагш дэвжих хэрэгтэй! Энэ бол мөлжлөгийн хөдөлмөрийн үр дүн болсон хуримтлалын нийгэм бус, нийгмийн баялагийн тэгш хуваарилалтыг хангагч бүтээн байгуулалтын нийгэм байх болно. Энд бараа үйлчилгээнд дамын наймааны үнэ бус, шинжлэх ухааны үндэслэлтэй /үйлдвэрлэгчид тодорхой хувийн ашигтай, худалдан авагч хүнд шулагдалгүй!/ хатуу үнийн тогтолцоо үйлчилнэ. Нийгмийн гишүүд иргэнийхээ үүрэгт захирагддаг ухамсар эрх чөлөө эдэлнэ. Түүнээс биш өнөөгийн монголчуудын эдэлж буй хүнийг хүн биш болгодог хамгийн том аюул дагуулсан ийм задгай, “үүрэггүй” эрх чөлөө биш! Үүргээ ухамсарлаагүй эрх чөлөө, хариуцлагаа ухаараагүй эрх бол нийгмийн хамгийн хортой дайсан юм.Ийм эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн хэрэглээг хүнд ямагт айдас дагуулах ёстой! Өнөөгийн залуу улстарчид капитализмаа ч ойлгоогүй, социализмаа ч ойлгоогүй, алины нь ч мөн чанарыг ойлгоогүй, гагцхүү АНУ-ын ахуу амьдралын хэв загварын гадна талыг л харж баясч, хүсч дуурайж, ихэд тачаадангуйгаар сурталчилж байна.

                Одоо монголчуудад социализмын уг чанарыг ойлгоогүй алдаагаа засах л цаашдын хөгжлийн ганц гарц болж үлдлээ. Капитализмыг судлах, бахдахынхаа зэрэгцээ  социализмыг судлах онол-практикийн аль аль түвшинд суралцах хэрэгцээ нийгмийн сэтгэлгээний гол хэрэгцээ боллоо гэж бодож сууна. За, эцэст нь, тэгээд нэг үг хэлмээр байна. Юу гэвэл, жинхэнэ эх оронч элэг хадгалсан, санаа ярьсан хүнээ хоцрогдсон хүн гэж боддог, элэг доог болгон шоолдог олиг сэтгэлзүй нийгэмд үүсчээ. Бас нэг, сөрөг үр хойшлого дагуулах сэтгэлзүй дэвсгэрлэгдсэн нь,-баян, хөрөнгөтэй хүндээ атаархаж муулдаг, эсвэл, түдэж, улыг нь долоодог туйлшралд автав.Энэ туйлшрал хөрөнгөт хүнийг үзэн ядаж,дайсагнах, эсвэл, түүнд боолчлогдох хязгаар руугаа хэлтийж эхэлж байна. Энэ бол хөгжлийн зөрчил биш шүү, хө! Монголд жинхэнэ бодит хөгжлийн зөрчил, өрсөлдөөн өрнөхгүй байна.Уг нь , энэ бол эерэг үзэгдэл юм.Гэтэл, эсрэгээрээ, манай зөвхөн хүний мөн чанар, ёс суртахууны уналт, оюуны хоосрол, үзэл санааны дампуурлаас үүдэлтэй сөрөг зөрчлүүд л зудтай өвлийн ноход шиг буйлж байна!

     

    -Өнөөдрийн залуучуудын ирээдүйд итгэх итгэл мөн ч хэцүү байна.Та тэдэнд хандаж юу хэлэхсэн бол?

                -Хүн өөрөө ямар байна, ирээдүй нь тийм л байна шүү дээ.Ирээдүй гэдэг хүний амьдралын Өчигдөр, Өнөөдөр хоёрын л нийлбэр дүн дүн! Өчигдөр юу ч хийгээгүй, юу ч бүтээгээгүй, дээр нь тэгээд Өнөөдрөө Өчигдөрийнх шигээ өнгөрөөвөл, Ирээдүй нь гагцхүү тэр хүний доромжлол л байх болно. Өчигдөр, Өнөөдөр хоёроо үр бүтээлтэй, нийгэмдээ хэрэг тустай өнгөрүүлсэн хүнд Ирээдүй нь баяр жаргал авчрах сайхан цаг хугацаа байх болно.Тиймд Ирээдүй рүү харахаасаа илүү Өчигдөр рүүгээ эргэж хар, Өчигдөрөө сайн шинжиж дүгнэх нь хамгаас зөв! Өчигдөр, Өнөөдөр хоёр л хоосон өнгөрвөл Ирээдүй нь бас хоосон хар нүх шиг юм хүлээж байх нь зайлшгүй! Ер нь, яг үнэндээ, Ирээдүй шиг хуурамч, бүдэг бүрхэг юм байдаггүй юм шүү дээ. Ирээдүйг авуурьд сайн майхан байна гэж бүү итгэ!Өөрсдөө л Өнөөдөрөө төгс төгөлдөрөөр бүтээ! Тэгж гэмээ нь л Ирээдүй сая гэгээн, амгалан жаргалын босготой байх нь магадтай! Хүнд заяагдаж байгаа амьдралын хугацаа бол юм хийж сурахад л, хийж бүтээсэн үйлс, буянаараа л жаргал эдлэхэд зориулагдсан хугацаа! Тэгэхээр, энэ богинохон, харамхан хугацааг үр дүнгүй, хоосон дэмий өнгөрөөнө гэдэг бол, шуудхан хэлэхэд, амиа хорлож байгаатай л адил юм. Гэтэл, үнэнийг хэлэхэд, ихэнхи хүмүүс маань, ялангуяа, багачуул, залуучууд маань өдрийг дэмий үрээд өнгөрөөх юм.Өдөр өнгөрч л байвал бөөн баяр болох юм.Гэтэл өнгөрч буй цаг мөч, өдөр хоног хүний амьдралын дайсан шүү дээ. Өнгөрч байгаа цаг хугацаа шиг аймшиг хүний амьдралд байхгүй.Тэр тусмаа хүмүүст тус нэмэргүй, ажил бүтээлгүй, хоосон өнгөрүүлж буй цаг хугацаа бол жам ёсны үхлээс дор үхэл! Монголчууд бидний ахуй үнэнийг өнөөдөр харахад, гадна талдаа бол, яахав дээ, сүрхий л хувцасласан, сүрхий л тансагласан хүмүүс гүйлдэж харагдах юм. Мэргэд айлдах нь, “Бие бурхан, хувцас чөтгөр” гэдэг шүү дээ. Элдэв эрээн мяраан бөс даавуугаар биеэ гоёдог болсоныг буруушаах нь ч юув, гэхдээ,хувцас хунар, хуурамч цаагуураа бол, “чөтгөрлөг” ад чанартайг ухаантан дээдэс сургамжилсныг санаж явах нь л ононо. Би сониноос саяхан нэг баримт уншсан.Өнөөгийн энэ эр эм гангацуулаас номын санд шагайдаг нь, дэлхийн сонгодог сэтгэгчид, зохиолчид, эрдэмтэдийн ботиудаас уншиж нүдээ чилээдэг нь тун ч цөөхөн, харин харамсалтай нь, тэдний олонхи нь ууш зуушны газраар л бөгсөө чилээж, ангалзаж суудаг, эсвэл, гудамж “метерлаж” цаг нөгцөөдөг гэж тэр баримтанд дурдсан байна лээ. Амьдралаас ажиглаж байхад энэ баримт тун ортой юм шиг байна лээ. Энэ “салхидсан тэмээ” шиг олийсон амьтад хаанаас төрж үржээд байна гэхээр, мөнөөх л “эрхийн тэнэг”-үүдээс л гаралтай байдаг.Ихэнхи нь л эрхи танхи, тарган цатгалан өсөж хүмүүжсэн “нийслэлийнхэн”, “хот сууриныхан”! Урианхай мэтийн өлмүүн зэлмүүн амьдралын гачигдал дунд хатуужин амьдралын замд хүн болсон “хөдөөнийхөн”, “нүүдлийн соёл, боловсролынхон” л хаа очиж энэ Монгол улсыг “улс” болгож бүтээсэн, гэтэл, одооны энэ хот хүрээний шулга, “ороо”, “жороо” сээхэлзүүрүүдхарин Монгол улсыг маань улс биш болгох “аюулын вирус”-ыг тээгчид болох магадгүй шиг байна.Би хүмүүст сануулга болж туслах магадгүй гэж горьдохдоо зориуд ингэж хатуу гашуун үг хэрэглэн хэлж байна шүү! Уучлаарай! Ер нь бол, “эрхийн тэнэг” үрс л эх орныхоо хамгийн нууц “дайсад” шүү! Яагаад гэвэл, тэд юунд ч санаа зовохгүй, өөрөөсөө бусдыг хайрлахгүй, бусдын төлөө хэзээ ч биеэ зовоохгүй, баатарлаг эр зориг хэзээ ч гаргахгүй, эх орныхоо төлөө юугаа ч золихгүй, зүгээр л “харилцан ашигтай” наймаа хийнэ.

                Саяханы нэг өдөр монголчуудын овог судлаач, Өвөр монгол эрдэмтэн надтай гудамжинд, Улсын Төв Номын Сангийн үүдэнд уулзаад “сүүдэр татуулж” зогсохдоо надад хэлэв. “Манай хошуунд Хятадууд ирж суурьшсанаар нутаг маань ууландаа модгүй, усандаа загасгүй болов!” гэж ярив.Би дотроо бодлоо: “Манай Монгол нутгийн ялгаа нь, -бид монголчууд хятадуудыг ирж нутаг усанд маань суурьшихаас өмнө өөрсдөө уулаа модгүй, усаа загасгүй болгож дөнгөлөө дөө!” гэж бодов. Гэхдээ, уулаа нүцгэлж, усаа хуурайлж буй аль нэг монгол иргэний гар, хөл, магадгүй, ил, далд “хөрөнгө оруулалт” байхыг үгүйсгэх аргагүй юм. Яагаад гэвэл, мэдэх аргагүй! Хятадууд хийж буй “Нууц юм”-аа бусдад мэдэгдэхээр хэзээ ч хийдэггүй улс шүү дээ! Шүүмжлэл хайраас, зөв санасан сэтгэлээс гардаг, харин, хараал л хорссон, үзэн ядсан сэтгэлээс гарна. Амьдралынхаа хамаг үнэт цагийг хий хоосон сэлгүүцээд үрэн таран барж буй хүүхэд багачуул, залуу сайхан харчуул, бүсгүйчүүлийг хараад харуусах сэтгэл төрж зөрдөгтөө л ингэж шүүмжилж сууна. Хүнд чинь хамгийн үнэтэй юм нь, -амьдрал нь шүү дээ. Хүний амьдрал ердөө ганцхан л үндсэн утгатай, салаа утгууд байхгүй. Тэр үндсэн утга нь,- олон түмэндээ тустай ажил сурах, ажилдаа төгс мэргэжих, тэгээд, хийж бүтээж үлдээснээрээ олондоо хайрлагдах! Хүнд амьдрал хэрэгтэй бол тэо хэрэгцээ нь энэ л юм!

     

    -Тэгвэл таны ид залуу амьдарч байсан нийгмийн тухай? Та бүгдийн ирээдүйд итгэх итгэл ямар байв? Таны хувьд бусдаас өөр байсан байж болох юм!

                -Миний залуу насаа өнгөрөөсөн нийгмийн мөн чанар одоо та нарын залуу насаа зарж буй нийгмийн мөн чанараас бараг эсрэг шахуу юм.Хооронд нь зарчимын ялгаанууд их бий. Хэд хэдэн ялгаатай шинж чанарыг хоёулаа “философидож” болох юм. Чамд оновчтой, товч ойлгуулахын тулд нэг хүснэгтэрхүү юм сараачаад орхиё! Алив!…За, хар!

     

    Хуучин социалист нийгэм

     

    Одооны зах зээлийн нийгэм /хөрөнгөт/

    1.Миний юм  чиний юм, чиний юм миний юм! Чи бид хоёр адилхан!

     

    2.Улс орноо тэжээж хөдөлмөрлө! Өөрөө чи бусдад тусал, бусад чинь чамд тусална.

     

     

    3.Амьдралын зорилго,-гэгээрэх! Ард хотлоороо хамтдаа жаргах!

     

    4.Би ч бүү үхэг, чи ч бүү үхэг! Хүн л бол хүн!

    Миний юм  минийх, чиний юм чинийх! Чи бид хоёр өөр!

     

    Улаан голоо л тэжээж амьдар! Өөрөө л чи өөртөө тусал, өөр хэн ч /бусад/  чамд туслахгүй /тоохгүй/!

     

    Амьдралын зорилго,-баяжих! Ам бүлээрээ л жаргах!

     

    Би үхэхээр чи үхэг! Би л хүн, чи бол хүн биш!

     

    За, иймэрхүү мөн чанарын ч, шинж чанарын ч ялгаа их бий! Би зах зухаас нь л томъёолж байна. Социализмын үеийн “захиргаадалт” нь ард иргэддээ зах зээлийн харилцааны “эрх чөлөө”-нөөс хавьгүй илүү хүнлэг чанартай байсан, өөрөөр хэлбэл, тэдэнд өнөөгийн энэ “гудамжгы”, “эзэнгүй”, “хамхуул” чанарын эрх чөлөөнөөс хавьгүй их ач тустай байсан. Нийгэмийн зохион байгуулалтанд орж нийгэмшиж буй хувь хүмүүсийн эдлэх эрх, эрх чөлөө бол нүүр нүдгүй шуурганд хөөгдөж яваа адуу малын “эрх чөлөө” болж болохгүй.Ийм “эрх чөлөө” хүнийг хүнийг золбин болгох ч үүдтэй эрх чөлөө! Ирээдүйн мөн чанарын тухайд түрүүнд миний ярьсан утга санаа бол миний одооны бодол л доо. Би залуудаа ирээдүйн тухай маш романтик, утопи үзэл бодолтой явсан байна лээ. Ирээдүй гэдэг амьдралын маань дуудлага байлаа.Коммунизм хүн төрлөхтөний амьдралын төгс төгөлдөр дүр төрхийн сонгодог загвар байлаа. Энэ буруу биш л дээ, зөв!Үнэнхээр тийм байх болно.Гагцхүү хүн төрлөхтөн хүрч чадах л хэрэгтэй юм. Даанч хүртлээ оюун сэтгэлгээний хөгжлийн болон практик үйл ажиллагаагаа бурханлаг гэгээн болгох хөгжлийн олон үе шатаар өгсөх хэрэгтэй юм шиг байна даа!…

     

    -Асуултуудад маань маш дэлгэрэнгүй хариулж үзэл бодлоо манай сонины уншигчидтай илэн далангүй хуваалцсанд баярлалаа.

                -Нэг их баярлаад яахав дээ, голдуу хуучинсаг үзлээ ханхлуулж буруудах шиг боллоо.

     

    2009 оны 9 дүгээр сар

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Д.УРИАНХАЙ: ДЭЛХИЙ ГЭДЭГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ӨШИРХӨХ ШИНЖТЭЙ ЭРГЭЛДЭХ БОЛЧИХЛОО. ЭНЭ БОЛ ЭД МАТЕРИАЛЫН ХЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХОР УРШИГ

    -Бид тантай нийгэм-эдийн засгийн хөгжлийн зарим философи асуудлаар ярилцлага хийхийг хүссэн юмаа.Асуултандаа шууд оръё.Та хүн төрлөхтөний өнөөгийн материаллаг хэрэглээний мөн чанар, ач холбогдолд хэрхэн ханддаг вэ? Үүний хэрэг тус, хор уршигийн нь талаарх утгаар асууж байна!

    -Шууд асуулт шууд хариулт нэхэх байх! Ний нуугүй үнэнээ хэлэхэд, хүмүүсийн материаллаг хэрэглээний энэ их эрчимтэй өсөлтөнд би эерэг гэхээсээ илүү сөрөг үзэл бодолтой ханддаг. Хүн төрлөхтөн материаллаг хэрэглээндээ хэт туйлшхангуй ач холбогдол өгч байгаагаас хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааны нь хэрэгцээнээс ч, ахуй амьжиргааны нь бодит хэрэгцээнээс ч хэтэрхий илүүдэн тасарсан өнөөгийн хэрэглээ эрүүл сэтгэлгээний гадна гарчихлаа. Дэлхийн улс орнуудын, ялангуяа хөгжингүй гэж үнэлэгддэг эдийн засагтай орнуудын үйлдвэржилтийн явц, хурд, техник технологийн үсрэнгүй дэвшил хүнд жинхэнэ хэрэгтэй хэмжээнээсээ хол давчихаад байна.Би хэдэн жилийн өмнө нэг эдийн засагч эрдэмтний хийсэн тооцоог нэг сониноос харж байснаа саналаа.Тэнд өгүүлэхдээ, “Өнөөгийн хүн төрлөхтөний материаллаг хэрэгцээг хангахад 10 сая гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай гэсэн тооцоо гарч байна!” гэсэн байсан. Солиотой их тоо! Бахархал төрөхөөсөө илүү “Хүн гэдэг амьтан ийм арчаагаа алдсан дорой амьтан юм уу, эсвэл, бирд, шуламын төрөлд ойртчихоо юу?” гэж гунихаар тоо.Миний бодоход, хүн төрлөхтөнийг эд агуурсын үйлдвэрлэл, хэрэглээгээ зөв гольдролд оруулахыг байгал-экологийн даац шаардаж эхэллээ.Үүнийг нийгмийн оюунлаг давхрага сайн ойлгож мэдэрч байна. Даанч ажил хэрэгч, прагматик хүмүүс, улс дамнасан сүлжээтэй корпораци,банк-санхүүгийн эзэд, газар өмчлөгчид “зааны арьстай”, “хүмүүн бус” сэтгэлгээтэй болохоороо сэнхрэхгүй, сайн мэдэхгүй байх шиг байна. Магадгүй, “После нас хоть потоп!” гэж бодоод тоодоггүй байх! Өнөөдөр зөвхөн Монголын амьдралыг тодорхойлж байгаа ч биш, даяаршлын үерт хамагдаж байгаа, дэлхийн амьдралыг тодорхойлж байгаа үйлдвэрлэлийн эрчимжилт, техник иехнологийн галзуу дэвшил нцсийн үр дүндээ хүн төрлөхтөний хөгжил бус, тэнэглэл болж хувирч байна шүү дээ. Сая би хэллээ шүү дээ, эдийн засагч эрдэмтэдийн “нээснээр”, өнөөгийн “иргэншсэн” ноёд хадагтай нарын материаллаг амьдралын өдөр тутмын бодот хэрэглээг хангахад доод тал нт нэг живаа нэр төрлийн бараа таваар шаардагдах болсон гэж! Ийм их хэрэгцээ үүсчихээд байгаа юм.Над шиг ядуу монгол иргэний ухаанаар бодох юм бол, “хүн төрлөхтөн толгой дараалан эргүүтжээ!” гэж бодож болохоор санагдаж байна. Энэ макрозагварын үзэгдлийг жижигсгээд жишээ татвал, монгол айл “цагаан сар”-аа хонины ууц, айраг архитай ёслохын тулд орон гэрээ зараад үнээр нь сар шинийхээ эхний өдрүүдийг согтуу өнгөрөөчихөөд шинэ хуучрахаар орох оронгүй үлддэг гэдэгтэй л адил юм.

    -Нийгмийн зорилго нь хүний хэрэглээг бүрэн хангах явдал биш гэж та үзэж байгаа юм уу? Орчин үеийн нийгэмд хүмүүс материаллаг өмч хөрөнгийг хуримтлуулж аз жаргалтай, амар тайван амьдралаа баталгаажуулах гэж тэмцдэг нь нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл, шаардлага биш гэж үү?

    -Хүн төрлөхтөн өнөөдөр “Хөгжил”-ийг буруу ойлгоод, энэхүү буруу ойлголтынхоо үндсэн дээр зорилгоо буруу тодорхойлоод байна л даа. Баялагийн тухай ойлголт нь ч, амьдралын утга учир, зовлон жаргал, гоо сайханы тухай ойлголт нь ч буруу байгаагаас хүн төрлөхтөн буруу амьдарч, харамсалтай алдааны түүх бүтээж байна. Эд хөрөнгийн бодит ач холбогдолгүй, шулуухан хэлэхэд, утгагүй тэнэг хэрэглээнээс үүдэж буй үйлдвэржилтийн дампуу хурдац, дэлхийн эрдэс тогтоцыг эвдэж, ирээдүйн амтдралын нөхцөлийг маань хамгийн хүчтэй хорлож буй гай гамшиг болчихоод байна шүү дээ. Хэрэв глобаль тогтолцоонд бодож үзэх юм бол бидний шүтдэг, хүсдэг үйлдвэрлэлийн хөгжил, “тансаг хэрэглээ”, “чамин ахуй” маань эргээд хүн төрлөхтөний амьдрах орчины “нэг номер”-ын дайсан болж хувирах хандлага үүсчихээд байна. Яалт ч үгүй тийм хэмжээнд хүрчихсэн. Том үйлдвэр, банк, орд харш, газар эдлэнгийн эзэд өөрсдийгөө өмч хөрөнгөтэй болохоор их баян хүн, амьдралын баталгаатай, аз жаргалтай гэж ойлгоод байгаа юм, хөөрхий! Энэ эмгэнэл олон нийлмэл хүчин зүйлийн үр дүн байх. Тэдний дунд хүний амьдралын бодит үнэний талаарх алдаатай ойлголт, нэг хүчин зүйл нь болж заавал оролцоно. Хөрөнгө, баялаг бол бодит хүч мөн нь мөн, эзэмшигчийнхээ үнэ хүнд, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох үзүүлэлт яах аргагүй мөн гэдэгтэй өнөөгийн нийгмийн нөхцөлд маргах ч юмуу, үгүйсгэхэд хэцүү нь үнэн. Гэхдээ энэ үгүйсгэх аргагүй үнэн л бидний амьдралын гол драма болж байгаа юм.Яагаад гэвэл, үнэмлэхүй бодит үнэний түвшинд бодоод үзвэл, энэ ертөнцөд үнэхээр амьдралын үгүйсгэгдэшгүй баталгаатай, өвчин зовлон, үхэл хагацлаас үеийн үедээ дархлаатай, хорвоогийн хатуу үнэний гадна амьдарч чадах тийм баян ч юмуу, арга чадалтай хүн ганц ч байхгүй! Чухамдаа бол, хүн бүгд хэн нэгтэйгээ ав адилхан гуйлгачин юм. Сая надад МУГЖ Д.Сосорбарам энэ аксиомыг ойлгуулна лээ. Тэр “Үлэмжийн чанар” гэдэг жинхэнэ урлагийн гайхамшигт увьдас чанарыг шингээсэн ая дуу, яруу найргийн цогц бүтээлээ бэлдэж байх явцдаа надтай нэг өдөр уулзаад ярихдаа, “Энэ дэлхийн ямар ч баян хүн үнэн чанартаа гудамжны гуйлгачинтай л адил гуйлгачин! Яагаад гэвэл, хүн эхээс төрөхдөө чармай нүцгэн чарлан төрж, ижийнхээ ангир уургийг, халуун хайр сэтгэлийг гуйж төрдөг, өсөхөөс өтөлтлөө ертөнцөөс амьдрал, эрүүл мэнд, аз жаргал гуйж аж төрдөг, эцэст нь, үхэхдээ Бурханаас аврал гуйсаар үхдэг. Хүний амьдрал гуйлгаар эхэлж, гуйлгаар төгсдөг” гэж хэлж байсан. Энэ бол “Хутагтын дөрвөн үнэн”-тэй тэнцэх үнэн юм. Вольтеоийн нэг айхтар үг ч байдаг.”Сайтар бодвоос, хүн бүгд хувцасныхаа цаана нүцгэн” гэж! Ингэхлээр, одоо хүн төрлөхтөнд хөгжлийг ойлгох цоо шинэ ойлголт хэрэгтэй байна. Хөгжлийг зөвөөр ойлгоод эхэлбэл, нийгмийн зорилго нь эцсийн бөлөгт, хүний эрүүл сэтгэлгээний гаднах хэрэглээг хангах бус, утга учиргүй хуримтлал, “нэмүү өртөг”-ийн үйлдвэрлэл бус, хүний “дотоод ертөнц”-ийн дээд хөгжил буюу махбод, сэтгэл санааны ариусал, гэгээрлээр энэ биеэрээ Бурханы мөн чанарыг олох явдал гэдгийг танин мэдэж дотоод хүчнийхээ ид шидэнд хүрэх болно.

    -Тэгвэл хөгжлийг юугаар хэмжих хэрэгтэй болох нь вэ? “ДНБ-ний өсөлт”, “Хэрэглээний сагс”, “Өрхийн төсөв”, “Үл хөдлөх хөрөнгө”, “Хүн амын дундаж наслалт” зэрэг хөгжлийн бодит үзүүлэлтүүдээр боловсруулж, шинжлэх ухаанчаар хэрэглэж болох уу?

    -Эдийн засагт хэрэглдэгдэж буй наад үзүүлэлтүүд чинь цөм хийсвэр! Нэг нь ч нийт ард түмний амьдралын түвшиний баталгаа биш! Өнөөдрийн эдийн засгийн ухаан ч нарийндаа шинжлэх ухаан биш, зүгээр л бараа бүтээгдэхүүний зарлага, орлогын харьцааны тооцоонд тулгуурласан практик үйл ажиллагаа байгаа юм. Нийгмийн цөөнхөд өмч хөрөнгийн илүүдэл, хуримтлал үүсч буй үйл явцыг ард олонхийн ядуу, дунд давхрагаас нуун далдалсан, эдийн засгийн бодит үнэнээс нийгмийн сэтгэлгээг зувчуулсан, улс төрийн арга бодлого гэж хэлсэн ч болно. Зүй нь, нийгэм-эдийн засгийн хөгжлийг үйлдвэрлэл-хэрэглээний өсөлт гэж ойлгох бус, хүний мөн чанарын хөгжил, дотоод, нуугдмал чадавхийг нь гадагш гаргахад үйлчлэх “био дэлбэрэлт”-ийн эерэг чанарт үйл явц гэж ойлгоод ирэх цагт хүний бэлгэ билгүүний хөгжил өөрийнхөө чинад мөн чанар, бодит шинжээ иоэрхийлэх үзүүлэлтээ өөрийнхөө шаардлагын дагуу өөрөө боловсруулж гаргана. Өнөөгийн хүн төрдөхтөний мэдлэг, оюун, мэргэжил чадварын түвшинд энэ боломжгүй, энэ бол юун тэр интеграл, деффиренциал, дээд доод цагираг, радикал, тензор тэгшитгэл мэтээс нь хамаагүй доод түвшиний оюуны бодож олох асуудал!

    -Танд хувьд тань ямар нэг төсөөлөл, дөхүүлээд хаячих баримжаа байхгүй байна уу?

    -Алга! Гэхдээ нэг юм хэлчихье, тэнгэр газар шиг хол зайтай зөрөөд талийчихгүй байх! Юу гэвэл, хүний нинж сэтгэл, хайр энэрлийн хэмжээ, түвшин тэр хүнийхээ нийгэмд үйлчилж чадах хүч, хүчдэлийг заах байх. Үүнийг хэмжиж илэрхийлэх боломжтой гэж санаж байна. Яагаад гэвэл, хайр бол хүний биеэс гарч буй бодитой био цэнэг, эрчим хүч! Бид физикт элдэв цэнэгийн хүчийг тодорхойлж чадаж байгаа биз дээ. Тийм үү? Харин хэлэхэд, хайрын гал мөн чанар бол өглөг, тус юм шүү! Бодитой ач тустай бүтээлээр хайр илэрч гардаг юм. Өнөөдрийн энэ үйлдвэрлэлээ маш их эрчимжүүлж, зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэлтээ өрсөлдөн нэмэгдүүлж байгааг, нэг талаас, үйлдвэрийн эзэд, бизнесмэнүүд хэрэглэгчдийнхээ элбэг хангалуун амьдралд зориулж хийж байгаа ажил, хэрэглэгчдэд тавьж байгаа анхаарал халамж, хүндлэл, бүүр сайнаар хайр ч гэж ойлгож болох юм. Прагматик харилцаа талаас нь хандвал тэгж ойлгохоос аргагүй. Гэтэл буруу халамж, буруу хайр шиг хорлонтой юм хүний амьдрал, түүхэнд эс байх аж.Миний ойлголтоор, хүн төрлөхтөний түүхийг өнөөгийн зөрчил, системийн хямрал, хөгжлийн мухардал, байгал орчины сүйрэл зэрэг гамшигт хүргэсэн буруу зам мөрд оруулсан “гэмт хэрэгтэн” нь энэхүү ухваргүй материаллаг хэрэглээг зориудаар хөөрөгдөн “хоосруулж”, тэгээд түүнийгээ цаг алдалгүй хангаж ашиг олох зорилготой хэт үйлдвэржилт, техник технологийн бизнес үйл ажиллагаа шүү дээ. өнөөгийн хүн төрлөхтөний “нийгмийн амьдрал” гэгч аврага их мөрөн хаа хаанаа химийн хорт бодис, аюул ослын гайгаар дүүрэн булингартай урсаж байгаагийн гэм бурууг эндээс л эрэх хэрэгтэй! Хүн төрлөхтөн өнөөдөр үйлдвэр -үйлчилгээ, техник-технологийн дэвшил, фикик-химийн шинжлэх ухааны хэрэгтэй, хэрэггүй нээлтүүдээсээ болоод байгал-эхийнхээ дайсан болж хувирлаа шүү дээ.Хүн бүтээгч бус бүрэлгэгч амьтан гэдгээ улам л ил тод харуулдаг боллоо.

    -Ярилцаж суух зуур нэг л сөрөг ч гэмээр бодол төрөөд байна л даа.Үйлдвэрлэл хүний материаллаг хэрэглээг хангах үүрэг, зорилготойгоосоо илүү хүний хөдөлмөрийн процессыг механикжуулж, цаг хожих, бүтээгдэхүүний чанар үзэмжийг сайжруулах, биеийн хүчийг нь бүрэн хөнгөвчлөх зориулалттай юм биш үү? Энэ зориулалт хор уршигаасаа илүү ач холбогдолтой юм шиг санагдаад байна. Энэ бодлыг минь та, тантай маргаж зөрж байна гэж бүү бодоорой, зүгээр л асуулт гэж ойлгоорой!

    -Орчлон материйн механик хөдөлгөөн, харилцан үйлчлэлийн үйлдэл дээр орших тогтнохоосоо илүүтэй энергийн хүч, үйлчлэлийн үйлдэл дээр оршин тогтнож байх шиг байна.Үүнтэй яг адилхан, хүний амьдралд ч эд материалын материаллаг чанар, өнгө үзэмж, ач тусын ашиглалт, хэрэглээн дээр оршин тогтнохоосоо илүүтэй өөрийнхөө сэтгэл, оюуны эрчимийн хэрэглээ, ашиглалт, хангамжаар тэтгэгдэн оршин тогтнож байдаг. Хүний сэтгэл оюун, “хий бие” буюу сүгс чанар бол маш хүчирхэг “материал”! Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй энэ “материал”-ын хэрэг тусыг бид бүрэн дүүрэн ойлгохгүй, өгвөл зохих ач холбогдолыг нь өгч мэдэхгүй байгаагаас ашиглалт нь буурах, яваандаа бүүр тэг /0/ рүү унах хандлагатай болчихож! Энэ бол хүн өөртөө байгалаас өгөгдсөн хамгийн гол “хөрөнгө оруулалт” биеийн хүчний чадвар, сэтгэл санааны эрчимийн чадавхиа алдсаар гадаад орчины эсэргүүцлийн өмнө сөхрөхөд хүрнэ гэсэн үг! Хүн төрлөхтөн яаж иргэншилээ ч, яаж мэргэжилээ ч, яаж суурьшиж автоматжилаа ч байгалын хүчийг хэзээ ч дийлэхгүй, хэзээ ч ялагч болж чадахгүй!Хүн хөдөлмөрийнхөө процесст техник хэрэглэж амьдралдаа дэвшил гаргаж байгаа нь үнэн. этэл, нөгөө талдаа, хүний өөрийн нь чадвар рудиментжиж байна.Хүний эд эрхтэний ажиллах чадвар, гадаад орчны үйлчлэл нөлөөлөлд хариу өгөх, тэмцэх чадамж үлэмж сулдаж, анх өгөгдсөн үүрэг зориулалттай функцээ гүйцэтгэж чадахгүй болж байна. Энд би, хүний эд, эс, эрхтэний үйл ажиллагаа зогсонги, үхэнги байдалд орж, нцнстээ ажиллахаа болих үйл явцыг “рудиментжих” үзэгдэл гэж ойлгоод энэ гадаад үгийг хэрэглэж байна. Монголоор “эд эрхтэн сорвижих” үйл явц ч гэмээр юмуу, мэдэхгүй! ишээ нь, мухар олгой, үс гэзэг мэтийн эд эрхтэнүүд байна. Мухар олгой чинь үүрэггүй биш, нэн чухал үүрэгтэй л эрхтэн байсан байж таараа шүү дээ, мэдээжээр! Хүний биед огт хэрэггүй эрхтэнийг байгалын зүй тогтол хүний биед зүгээр авчирч наахгүй!Хүний үс гэзэг ч ялгаагүй, уг нь мундаг их үүрэгтэй, “ажил”-тай эрхтэн байсан юм гэсэн шүү дээ. Сансараас, тэнгэрээс, Бурханаас мэдээ, хэл барьж авдаг “антен” байсан юм гэсэн.Бурхад цөмөөрөө алд дэлэм үстэй зурагддаг тигтэй байдаг нь цаанаа тийм учиртай юм гэсэн. Бурхадын үсийг төвдөөр “зүгдор” гэдэг юм гэсэн.Бодвол, “антен” гэсэн шиг утгатай юм байлгүй. Гэтэл одоо хүүхнүүд, харчуулын үс чинь ердөө л гоёо болж хувирчихаад байгаа ш дээ. “Үс сайхан бол зүс сайхан” гэсэн ойлголттой! Ингэхлээр, хүн төрлөхтөн техникийн дэвшлээр хөдөлмөрөө хөнгөвчилж цаг, хурд, тав тух хожиж байгаа ч маш үнэтэй юмаа алдаж байгаа! Алдах алдахдаа аугаа ганц хэрэгтэй юм,-биеийн хүчнийхээ чадвар, сэтгэлийн хийгээд сэтгэлгээнийхээ эрчимийн хөгжлийг алдчихаж байна.Энэ бол хүн төрлөхтөний ирээдүйн хувьд мөхөлтэй тэнцэхүйц хохирол юм.Амьд хүн “робот хүн” болж хувирах ирээдүйн төлөв харагдаж эхэллээ. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн улангасал, хуримтлал, хэрэглээний тансаглал, бараа таваарын тоо хэмжээний гүйцэгдэшгүй хурдтай өсөлтийн явц хүн төрлөхтөнийг эцэстээ ийм хохирол, гажуудалын эмгэнэлд хүргэж буйг ойлгоход хүнд хоёр толгойны хэрэггүй, энэ байгаа ганц муу бөндгөрөө ажиллуулахад л хүрэлцээтэй юм. Энэ муухай эмх замбараагүй төвлөрөлт, суурьшилт, үйлдвэржилт, технологижилт, компьютержилт, интернетжилт, гар утасжилт, мессежилт, “чаатлалт”, ресторанжилт, эрх чөлөөжилт, корпорацжилт, олигархижилт, амтай бүхний улстөржилт, эрх чөлөөт цагаачлалт гээд тоочиж баршгүй нүх сүвтэй өнөөгийн хүчтэй даяаршингуй амьдралын хэв загвар, зам мөр хүн төрлөхтөнийг орвонгоор нь “чулуу хөөлгөж”, нэг их олон жил оодруулахгүй газрын хөрснөөс арчуулна шүү!Үүнийг урьдчилан харахад хүнд заавал ч үгүй билгийн мэлмий хэрэггүй, зүгээр л бидэнд бэлэн байгаа хоср усан нүд минь л хангалттай.Даанч, харамсалтай нь эсрэгээрээ ч байгаад байгаа харагдана.Удтал ийм байх бололтой л үргэлжлээд байна шүү дээ.

    – Хүн төрлөхтөн өөрөө өөрийгөө устгана гэдэг үзэл бодол тодхон сонсогдож байна. Та айхтар пессимист үзэл тээж яваа юмуу даа? Ингэж асуусанд минь та эмзэглэхгүй байх аа?

    – Юундаа эмзэглэх вэ? Чи миний үнэнийг л олоод хэлж байна. Гэхдээ би, “айхтар пессимист үзэл”-д автчихсан хүн ч биш, бас, тийм сүрхий оптимист үзэлд дэвшчихсэн ч хүн биш.Эдийн засагч мэргэжилтэйн хувьд нийгэм –хүний амьдралын үнэнийг бодитойгоор харах, өөрийнхөө харсанд өөрийнхөө дүгнэлт хийх л бодолтой явдаг. Дэлхийн сэтгэгчидийн заримаас нь хүн төрлөхтөн өөрөө өөрийгөө сөнөөх тухай хэлсэн үг зөндөө дуулддаг. Өнөөдөр өчүүхэн намайг Хүн, Дэлхий хоёрын харилцаа өчүүхэн бус хэмжээгээр зовоож байна. Монгол газар нутагт хүн болж төрөөд тэндээ өтөлж суугаа нэг ном бичгийн мөр хөөсөн өвгөний л сэтгэл юм даа, чааваас!

    Оюун ухаантай, Бурханы хамгийн төгс “бүтээл” гэж шүтэгддэг хүн төрлөхтөн өнөө гараг дэлхийнхээ ганц аранга, ганц “илүүдэл бүтээгдэхүүн” болж хувирах талдаа болчихоод байна. Уг нь бид өөрсдийгөө орчлонгийн “титэм” бүтээгдэхүүн гэж бодоод байдаг шүү дээ.Гэтэл юун “титэм”, юун “төгс бүтээл”!Хатуухан хэлэхэд энэ ачит дэлхийнхээ өрийг өшиглөгч болчихлоо.Бид газар дэлхийгээ юугаар гийгүүлсэн бэ, юугаар ч гийгүүлээгүй! Хог, хаягдлаар л дүүргэж чадаж байна.Хүн төрлөхтөн, үндсэндээ, новш үйлдвэрлэгчид л болж хувирсан.Дэлхий гараг маань нарны аймагт гав ганц! Магадгүй, 20-30 тэрбум настай, 5-109 гэрлийн жилийн радиустай, манай галактикт ганцаархнаа ч байж мэднэ. Юутай ч эрдэмтэдийн тооцоолсноор манай галактикийн энэ их орон зайд дэлхий дээрхи шиг амьдрал үүсэх магадлал -тэй тэнцэнэ гэдэг. Гадаад ертөнцийн үргэлжлэл, орон зай хязгааргүй, харин, дэлхий гарагийн маань радиус ч, гадаргуу, нидэр, тэр бүү хэл, огторгуйгаар орчих таяг тойрог зам нь ч хэмжээ хязгаартай, хэдхэн хүчин зүйлсийн математик тогтмолуудын харьцаан дээр оршин эргэлдэж байгаа!Энэ тогтмолуудын харьцаа өөрчлөгдөхөд л дэлхий сөнөнө: Ингэхлээр, ганцхан ширхэг байгаа газар дэлхийгээ хайрлая л даа, цөлмөхөө больё л доо, хамтдаа аль болох удаан хугацаагаар нараа тойроод эргэлдье л дээ! Хайрлах гэдэг ухаалгаар харилцахаас эхэлнэ.Хорлохгүй байх, амгалан сайхан байлгах, орших зүй тогтлыг нь сайтар ойлгож зохицох, энэрэн нигүүлсэх сэтгэлээр тус болж нэгдэхээс эхэлдэг зүйл юм.Иймд хүн төрлөхтөн ирээдүйд өнө удаан оршин тогтнох уу, эсвэл, өөрөө өөрийгөө устгаж мөхөх үү?гэдэг асуудалд хэн нэг нь оптимист байх, нөгөө нь пессимист байх нь чухал биш, хүн төрлөхтөн өөрийнхөө бурангуйг, аймшигт алдаа хийж буй үйл ажиллагаагаа зөв харж, зөв ойлгож, шинжлэх ухаанчаар үнэлж, физиологи хэрэгцээнээсээ давсан хэт их хэрэглээнд шунаж буй донтмол амьдралдаа хатуу дзгнэлт өгч амьдрах цаг нэгэнт тулжээ.Дэлхий гараг маань сүүлийн жилүүдэд хүн төрлөхтөнийг айлгадаг боллоо.Хүн төрлөхтөнийг цаашид хөрсөн дээрээ тээж, тэжээж тэтгэхээсээ ч татгалзаж байгаагаа шууд мэдэгдэж эхэллээ.Аюултай дохио, сануулга Дэлхийгээс үе үе ажиллагааны уршигаар Дэлхийн цаг уур ноцтой өөрчлөгдлөө. Хүн төрлөхтөний “үйлдвэрлэж” буй “хүлэмжийн хий” элдэв бусын хэрэглээний “үл хязгаарлалт”-аас үүсч буй агаар мандалын бохирдол, хэрэгтэйгээсээ хэрэггүй нь их зориулалттай баахан сансарын хөлөг, хиймэл дагуулуудаас болж цоорч буй озоны давхрагын сиймийлт, агаарын халалтаас шалтгаалаад хайлж эхэлсэн хойт, урд мөсөн тив, олон мөсөн арлаас нүүрлэж буй “усан галав”, галт уулс, газар хөдлөлтийн идэвхижилт, цөлжилт, үй олон ан амьтад, өвс ургамлын усталт, гамшигийн хэмжээнээс хэд дахин хэтэрч буй хүчтэй далайн хар шуурга, элс шорооны түйрэн, угалз зэрэг байгалийн “гэсгээлийн”-ийн аюул хүн төрлөхтөний амьдралын бодот үнэн боллоо. Ийнхүү, хэт үйлдвэрлэл, эрхэмсэг хэрэглээний хор уршиг хүмүүсийг газар дэлхийтэй антигонист харилцаанд оруулчихлаа. Өнөөдрийн баримжаагаар бол эх болсон газар дэлхий маань хүн төрлөхтөний “эрлэг”-т хувирах тийм хүсэшгүй ирээдүй холгүй байх шиг бодогдоно. Яагаад гэвэл, хүн төрлөхтөн ижил нэгэндээ дайсагнагч төдийгүй, дээр хэлсэнээр, адгуус амьтад, ургамал ногоо, агаар ус, ер нь, энэ Дэлхийд Бурханаас бүтээсэн бүх юмс, бүх бүтээлийн дайсан болж “хөгжжээ”.Хүн төрлөхтөнийг юу ингэж, ийм муухай муйхар, шунаг, хорлонтой хэрэглэгч, бүрэлгэгч, гараг дэлхийн дайсан болгов?гэвэл, үндсэндээ, ганцхан юм,- өсч хөрөнгө, эдлэл хэрэглэлд улайрсан хүсэл шуналын “вирус”! “ДОХ” бол хүний адгууслаг хуял тачаалд ирж буй “Шийтгэл”. Харин эд хөрөнгийн энэ “вирус” бол хүний ёс суртахуун, хүн чанарын уналтанд ирж буй “шийтгэл”! Үүнийг бид үргэлж санаж, бие биедээ, ялангуяа, энэ уул-уурхайн олборлох үйлдвэрийн эзэд, санхүүжүүлэгчид, улстөрийн эрх баригчид, ашиг сонирхолын хууль боловсруулагчид, бизнесменүүд гэгч олз ашгийн хорхойтнуудад байнга сануулж байх хэрэгтэй! Эс санаваас, эс сануулваас нэг л өдөр юмуу шөнө Бурханыг дуудах гэтэл л аль хэдийнээ хожимдсон байх болно.

    -Шунал гэдэг үг дурьдагдлаа. Хүний ахуй амьдралыг тавлаг, эрүүл саруул, гоо сайхан байлгах хэрэгцээг хангах хэрэглээ, шунал хоёрт зохих хэмжээний ялгаа бий байх л даа. Тэгэхээр шуналыг юу гэж ойлговол зохилтой вэ? Хүсэл, шунал хоёрыг яаж зааглах вэ?

    -Ертөнцийн оршин байх нөхцөл нь тэгш хэм юм. Эдийн засгийн нэр томъёогоор хэлбэл, “баланс” гэж хэлж болохуйц юм.Тэгэхээр, би бодохдоо, ертөнцөөс болоод нийгмээс авснаасаа багыг буюу дутууг алив хүн эргүүлээд ертөнцөд болоод нийгмээс авснаасаа багыг буюу дутууг алив хүн эргүүлээд ертөнцөд болоод нийгэмд өгөх, өгснөөсөө илүүг өөртөө авч хэрэглэх сэтгэл хүнд үүссэн байхыг шунал гэж л боддог.Өөрөөр хэлбэл, хүн өөрөөсөө гадагш гаргаснаасаа илүүг дотогшоо оруулах буюу өөртөө гаргаснаасаа илүүг дотогшоо оруулах буюу өөртөө авах гэсэн сэтгэлийн чанар юм. Ийм чанартай сэтгэлээр өдөөгдөж байгаа сэтгэхүй болоод үйл ажиллагаа л өнөөгийн энэ илүүц хэрэглээ, үйлчилгээ, бараа борлуулалтыг хэрэгжүүлж байна. Оюунлаг гэгээн, бас, зайлшгүй бодот хэрэгцээнээс илүү гарсан хэрэглээ бол цэвэр шунал! Шуналын биежсэн хэлбэр гэвэл, зөв, өхиун амьдрах боломжоос нь даван гаарсан хувийн өмч хөрөнгийн хуримтлал юм. Эзэндээ аймшигт гэсгээл чирж ирэх нүгэл! Бүхний дээр…бүүр цаана нь Бурхан байгаа шүү дээ. Бурханы хүч, “үйлийн үр”-ийг ойлгосон цагт л хүн төрлөхтөний амьдрал орчлонгийн зүй тогтолд нийцэж, орчлонгийн макро оршихуйгаар цагаатгагдана. Эс ойлговол, өнөөгийн бидний шинжлэх ухаан, компьютер, нано, торсион чадвартай техникээр ч тооцоолж чадахааргүй нүүцтэй цаг хугацааны мужид устгагдана. Өөрөө ч, өөрийнхөө үйл явцаар устах, цаанаас … дээрээс албан хүчээр устгах хоёр үйл явцын хүч нэг цэгт давхцана. Хүний хүсэл мөрөөдөл бол ариун, гэгээн үйлд чиглэсэн чанартай буяны сэтгэл юм. Хүний хүслийг Бурхан таалдаг, сайнаар шагнадаг, харин шуналыг бол үл таалах тул хорьдог. Хорихоор ч барахгүй гэсгээдэг юм.

    -Ирээдүйд хүний шунал, сувьдаг сэтгэл хорогдох ч юмуу, эсвэл бүр арилах болов уу? Та ямраар харж байна?

    -Би сүрхий оптимист хүн биш. Ирээдүйг жигтэй их гэгээн тунгалагаар төсөөлж чаддаггүй. Хүний амьдрал, түүхэнд хамгийн тодорхойгүй юм, цаг хугацааны хувьд –Маргааш! Өөрөөр хэлбэл, Ирээдүй! Түүхэн дүгнэлтүүд голдуу Ирээдүйг ирээгүй байхад нь бус, ирээд өнгөрсөн хойно нь л гардаг. Түүх өнгөрсөн үйл явдлын л шинжлэх ухаан! Ирээдүйг футурлоги судалдаг.Гэхдээ футурлогид дүгнэлт гаргах бодитой магадлал хадгалсан материал хомс. Энэ “цоорхой”-г нь зөнчид, бясалгагчид, үзмэрчид, экстрасенсорууд, сүнс дуудаж уулздаг контактерүүд зэрэг гоц увьдаст, хувилгаан чадварт хүмүүс зөн сэрэхүй, бэлгэ билгүүн, онцгой нууцлаг чадамжаараа нөхөж, өөрсдийн онгод сахиусандаа үзсэнээ ч юмуу тэдний хэлснийг дамжуулж хэлдэг. Эсвэл, гүн бясалгалаар мэдсэнээ, хоосон чанарын агаараас оносноо мэдээлдэг. Надад тийм чадвар байхгүй. Харин надад итгэл, горьдлого байна аа. Эргэлзээ ч байна. Итгэл, эргэлзээ хоёр бодол сэтгэлд минь “энх тайвнаар зэргэцэн оршдог”. Ихэнхидээ итгэл найдвар жин дардаг юм. Яагаад гэвэл, би Бурханд найддаг. Бурханд ертөнцийн зүй тогтолд, эерэг чиглэл нь давамгайд, тэгээд бас, хүний оюун ухааны гэгээ, хүч давамгайд туйлаас итгэж, хүний хайр сэтгэлийн эерэг, бурханлаг, эрчимийг шүтэж амьдардаг л даа. Гэхдээ л, хүний шунал, сувьдаг сэтгэлийн талаар эрэгцүүлэхээр сэтгэл барайх гээд зовоодог. Шунал бол өөрөө хорогдоно, бүүр арилна гэж лав байхгүй. Түүнийг хүн, оюун сэтгэлийнхээ гэгээрэл, ариуслаар л өөрөөсөө үлдэн хөөх ганц замтай. Өөр арга байхгүй. Хүнийг эрлэгт барьж өгдөг хамгийн “найдвартай” цалам, гох дэгээ чинь, юуны өмнө, шунал шүү дээ. Хамгийн нуугдмал, яг л маш сайн мэргэжилтэй тагнуул шиг дайсан гэсэн үг! Ийм “дайсан”-ыг дарахад маш хүчтэй тэмцэл, хүчтэй “зэвсэг” хэрэгтэй! Тэр “зэвсэг” бол бодь сэтгэл юм. Аугаа их хүнийг ч өчүүхэн болгож чаддаг гол хорлогч бол шунал, мунхаг, муу санаа гурав.Үүнийг Будда багш хувилгаан увьдасаараа бясалгаад нээсэн. Энэ нээлт бол хүн төрлөхтөний ухамсар оюуны болоод шинжлэх ухааны аугаа том нээлтүүдээс хамгийн аугаа нь бөгөөд хамгийн чухал ач холбогдолтой нээлт нь юм. Бусад нь яахав, хүний дотоод хөгжилд энэ нээлт шиг ач тустай байж чадахгүй! Шинжлэх ухааны нээлтүүд ихэнхидээ юунд чиглэсэн байна? гэвэл хүний амьдралд байгалийг захируулах, аль болох ихээр, амар хялбараар ашиглуулах, хүний амьдрах нөхцөлийг хөнгөлж бэрхшээл тотгор багатай болгоход чиглэсэн байдаг. Шинжлэх ухааны нээлтүүд хүн төрлөхтөнд хэрэг тус болохдоон ч болсон, гай тотгор болж, хор хөнөөл тарихдаан ч тарьсан. Тус, хор нь түүхээс тодорхой. Хүнийг жинхэнэ Хүн болгоход байгалийн шинжлэх ухааны нээлтүүд гавьтай тус болсон нь бага, харин Шигмуни Бурханы айлдсан шунал, буруу хүсэл, сувьдаг сэтгэлийн горын тухай сургаал бол авралын дээдээр ачлах суут нээлт юм. За, нэг иймэрхүү санаа бодол л толгойд орж ирж байна. Ер нь наад асуулт чинь, их хэцүү асуулт байна л даа. Бүрэн дүүрэн хариулт олоход бэрхтэй байх. Тэгэхдээ, санаандгүй бодоход, хүний бэрх, магадгүй, хариу олдохгүй байсан асуултууд ч, байсан байж мэднэ ш дээ. Тэд л хүн төрлөхтөний амьдралыг урагш, сайн үр дүнтэй өндөрлөг рүү нь ахиулж өгч байсан байж магадгүй.

    -Хүний үнэт зүйлсийг ямар нэгэн үзэл бодол, эсвэл, урлаг, гоо сайханы оюунлаг мэдлэгээр хөгжүүлж ч юмуу төлөвшүүлж болох уу?Хүнийг хүн байлгадаг хамгийн үнэт чанарт юу юу багтах ёстой вэ? Орчин үед хүмүүс бараг цөмөөрөө цаг завгүй ажилладаг. Гэтэл, яагаад нийгмийн харилцаанд илт эерэг өөрчлөлт харагдахгүй байна вэ?

    -Харин тийм ээ, наадах чинь бас л, хэцүү асуулт! Орчин үеийн хүмүүсийн амьдралын арга, хэлбэрээс зайлшгүй ургаж нийгмийн сэтгэхүйгээс хариулт нэхэж эхэлсэн асуулт! Би хэдийгээр судалгаа шинжилгээ эрхэлдэг хүн биш боловч энэ асуулт өнөөдөр ганц би ч биш, хүн төрлөхтөн өөрөө өөртөө хариулах ёстой асуулт болж тавигдаж байна. Тэгэхдээ, хүн төрлөхтөн урьд өмнөхөөсөө илүү ухаантай болж, бурханлаг чанарыг олчихсондоо ч бус, ахуй хэрэглээнийхээ зохисгүй хэмжээ, хэт техникжилтийнхээ хор уршигт нэрвэгдэж буй нь энэхүү асуулт руу өөрийн эрхгүй чирээд авчирчихлаа.Өнөөдөр хүн төрлөхтөн зөвхөн Авагч, Ашиглагч, Хэрэглэгч, а, үйл ажиллагаа нь буюу үйлдвэрлэл, үйлчилгээ нь хүнийг хөгжүүлэгч бус, харин ч эсрэгээр ажиллах чадварыг нь доройтуулагч, муу заншил зуршил руу уруу татагч, хүний мөс жудаг, хүн чанарыг нүдэнд үзэгдэхгүйгээр мэрэгч “бичил харх”, хүн төрлөхтөний амьдрал үргэлжлэх үндсэн нөхцөл, -байгал дэлхийг маань бүрэлгэгч “хар хүч” болж эргэх үе шатандаа орчихож! Хүмүүсийн хэрэглээний геометр өсөлт, “гэрлийн хурд”-тай нэмэгдэж буй нь үйлдвэржилт, техникжилтийн эрчимтэй явц хүнийг Бурханаас улам бүр холдуулж, хүнийг хүн болгодог үнэт чанаруудыг нь булшилж, улам бүр адгуусан шинжит амьдралын загвар хэвшил рүү ойртуулсаар ирэв. Гэтэл хүнд, хэзээ ч юунд ч алдаж хоосолж үл болох үнэт зүйлс бий юм. Юу юу вэ? гэвэл, юуны түрүүнд нийгэмд, бусдад Бурханаас дутуугүй тус бүтээж чадах чадвар нь байна. Хүний бусдад тус бүтээхүйн эхэн нь ачит ижий аавынхаа ач буяныг хариулж баярлуулахаас эхэлнэ. Ижий аавдаа өөрийнхөө бие, сэтгэл, оюун ухаанаар олж эзэмшсэн мэргэжил, чадварынхаа бүтээгч, тус хишиг хүртээгч үр шимийг бодитой гарган бэлэглэж, энэ хорвоод хүн болгож төрүүлсэн хоёр ачтанаа жаргаахаас л нийгэмд бүтээх тус эхэлнэ.

    Хүний бие бол матери! Сэтгэл оюун нь эрчим лүк /энерги/ юм. Сэтгэл хийгээд оюун санаа гэгч энергийн үйлч, бодит илрэлийг буюу биежсэн гадагшлалтыг би хайр гэж бодоод байдаг юм. Хүний хайр буюу дотоод ертөнцийн нь эерэг цагаан эрчим, эрүүл, хүчирхэг бие, нинж сэтгэлээс үүссэн гэгээн саруул оюун ухааны бусдад тус бүтээж чадах чадварыг л хүний амьдралын үнэт зүйлс гэж ойлгох нь зөв байх. Эдгээр үнэт чанарыг дотроо агуулсан, тэгээд, өндөр түвшинд мэргэжсэн хөдөлмөр, цаг зарцуулалтын идэвхитэй шаргуу ашиглалт л хүний амьдралын утга зорилгыг тодорхойлно. Энэ бүгд хамгийн ариун зорилготой үйлд ашиглагдах ёстой! Зорилго хэзээ ариун чанартай болох вэ? гэвэл, бүх биеийн хүч, оюун ухаан, сэтгэл санаа бусад олны аз жаргалд тус болох буяны үйл болж чадсан цагт л сая ариун мөн чанарыг олно. Жаахан утопи утгаар хэлбэл,ард олныхоо төлөө өөрийгөө баатарлаг байдлаар ч, /хэрэгтэй цагт ч/ энгийн жир, өдөр тутамын амьдралынхаа ажил хөдөлмөрийн байдлаар ч өөрийгөө бүрэн дүүрэн золих золиос гэж хэлж болно. Харин энэ золиос бол үнэмлэхүй дээд ухамсартай, дотоод гэгээрэлд хүрсэн сэтгэлтэй, гар бие харамгүй хөдөлмөрийг шаардсан гэгээн зовлонтой байдгаараа золионы шинж чанартай болж буйучиртай юм. Хүнээс өөрөө өөртэйгөө тэмцэх асар хүчирхэг тэмцэл шаарддаг зовлонтой байдгаараа ч хүнийг нийгэмд жинхэнэ үнэ цэнтэй хувь хүн болгож, олон нийтэд тодруулдаг. Жинхэнэ хүний талаар ойлгоход, нэг зүйлийг ярихгүй бол болохгүй нь! Бид бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэхүй гэдэг ойлголтын векторыг өөрчлөх шаардлагатай болчихлоо. Урьд нь бид бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэхүйг өрөөсгөлөөр, дан шугаман ойлголтоор ойлгож иржээ. Ихэнхидээ, эд баялагийг бүтээх хөдөлмөрийг бүтээлч хөдөлмөр, тэр хөдөлмөрийг хөнгөвчлөх, хүмүүсийн үйл ажиллагаанаас аль болохуйц их материаллаг ашиг орлого олох, бие махбодынхоо хэрэглээг нэмэгдүүлэх сэтгэлгээг бүтээлч сэтгэлгээ гэсэн ойлголттой удаан амьдрав.Гэтэл энэ биш байжээ. Хүний ойлголтын вектор гадагшаа чиглэсэн, гадаад ахуй юмс руу тун их хурд, эрчтэй довтолсон хөдөлгөөнийг “хошгируулсан” буруу вектор байж! Жинхэнэ бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ гэдэг бол хүнээс гадаад юмс, ертөнц рүү биш, тэднийг амьдрал ахуйдаа хэмжээ хязгааргүй ихээр хэрэглэх арга, замын эрэл рүү биш, харин, хүнээс хүний дотоод руу, дотоод ахуйнхаа чадамж нөөцийг эрчимтэй ашиглах, оюун санаа сэтгэл зүрхнийхээ эрчимийг задлах “дотоод” хөгжил рүү тэмүүлсэн чиглэлтэй үйл ажиллагаа, сэтгэлгээг л “бүтээлч” гэж ойлгох ёстой байжээ. Бид өвлийн жаварт даарахгүйн тулд үслэг, зэрлэг ан амьтадыг шудаж, дулаан дээл, онондой /хүрэм/ хийж өмсөх бус өөрсдийнхөө оюун санааны энергийг эрчилж, цэнэг орныг нь хүчтэй нягтруулж, дотоод гүндээ төвлөрөн бясалгах арга замаар өөр дотроосоо /өөрийнхөө биеэс/ дулаан гаргах зориулалттай байгалын увьдасаа хөгжүүлэх ёстой байсныг эс ойлгожээ. Хүн цадахын тулд юм идэх, баярхан тансаглах ямар ч хэрэггүй, цаг, зам хожихын тулд автомашин, галт тэрэг, дуунаас аурдан тийрэлтэт онгоц үйлдвэрлэх, бас, од эрхэст аялахын тулд дэлхийн татах хүчнээс гарах сансарын хөлөг зохион бүтээх ч хэрэггүй, хүн хүндээ сайхан харагдаж дур хүслийг нь булаахын тулд алт, алмааз, арьс савхиар гоёх ч, үнэт орд харш босгож, ихэмсэглэх ч хэрэггүй байсан.Зөвхөн дотогшоо хөгжөөд, “дотоод энерги”-ээ задлах, ивээл өгөөжтэй “дэлбэлэх” ухаан аргад суралцаад л, бодол санааныхаа “хий хүч”-ээр гэгээрлийнхээ рид шидээр орон зайг гэрлийн хурдтай тэнцэх хурдаар туулаад, цөмийн энергитэй тэнцэх дулаан, цахилгааныг биеэсээ ялгаруулаад, радио долгионы давтамжтай ав адил урт богино био долгион бодол санаагаараа цацан, амьдралдаа хэрэгтэй бүх мэдээлэл, дуу дүрсийг дамжуулаад байж чадах үнэмлэхүй дээд хөгжлийг олох үйл явцыг л жинхэнэ хөгжил, дэвшлийн зам болгон сонгож авах ёстой байсан юм байна. Ийм боломж ч байж, харамсалтай нь, үүнийг бид алдаж хохирчээ. Хүн төрлөхтөний түүх ихэнхи тохиолдоо алдааны түүх болж үлджээ. Хүнийг хүн байлгадаг дээр яригдсан хүний үнэт чанарт хүчин зүйлүүдийг хамгаас илүү зөв, хурдан хөгжүүлдэг юм нь байгал дэлхийтэйгээ хайр энэрлээр шүтэж барилдсан гүн нүнзгий мэдрэмж, бурханлаг гүн ухаан, урлаг, гоо сайханы бүтээлүүд юм. Хүний жинхэнэ дээд хөгжилд эдийн засаг-технологийн мэдлэг, улстөрийн хуурай ухааны боловсролоор хэзээ ч хүрэхгүй.Нийгмийн харилцаанд ч эерэг өөрчлөлт гарахгүй, цаашдаа харин ч улам муудна.

    -Эцэст нь, “Зөвхөн Монголдоо…” гэж дуулдаг шиг, зөвхөн Монголдоо хамаатай ганц асуултаар ярилцлагаа өндөрлөе! Монголын өнөөгийн нийгэм- улстөрийн амьдралд болж буй үйл явцуудын талаархи бодол сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Та манай нийгмийн харилцаатай “Иргэний үл эвлэрэл” зарласан цорын ганц иргэн маань шиг санагдаж байна.

    -Энэ асуудлаар ч би маш их дуугардаг даа.Нохойгоор бол мөн ч их хуцаж, мөн ч их боргож, мөн ч их ягьж дээ. Онол, сэтгэмж, эргэцүүллийн хоёр дэвтэр хэвлүүлжээ. Дахиад дэвтэр ширээний шургуулганд хэвтэж байна. Тэнд нийгэм”улстөрийн асуудал хөндсөн өгүүлэл олон бий. Бурхан шашны ном сургаалд айлдахдаа, “Адаг дордосыг асарваас аугаа хүчин хурах!” гэж байдаг юм. Энэ бол төр, засгийн үйл ажиллагааны чигийг заасан үг. Ямар нийгэм ирээдүйтэй вэ? гэвэл, хүн нь хүндээ энэрэхүй сэтгэлээр шүтэн барилдсан нийгэм зөв ирээдүйтэй бөгөөд түүхийн нөр хугацаанд оршин тогтнох үндэстэй юм. Ямар төр засаг хүчтэй вэ? гэвэл ард бүгдэд ивээлтэй, өөрөөр хэлбэл, нийгмийн дийлэнхи олонхийг бүрдүүлдэг ард доодосыг асрагч төр засаг л хүчирхэг, мэргэн, шудрага байх юм. Харин хүн амын хөрөнгөлөг цөөнхийн эрх ашгийг хамгаалсан, хувийн өмчинд дулдуйдсан, мөлжлөг, албадлага, эд мөнгөний хүчирхийлэлд эрхшээгдсэн харилцаатай зах зээлийн /ялангуяа Монголынх шиг/ нийгмийн тогтолцоонд хөгжлийн урт нас байхгүй. Шалтгаан нь, хүн хүндээ хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлээр шүтэн нэгдэх бус, хүн нь хүнээсээ харьссан, нэг нэгнээ дарамталсан, шулсан, нэг нэгнийхээ хүч хөдөлмөр, хайр, итгэл, ахуй амьжиргааны нөхцөлийг булаан хоосруулсан өдөр тутамын зөрчил хямрал! Энэ нийгэм үндсэндээ, антигонист зөрчилийн, шудрага бус, хүмүүнлэг бус өрсөлдөөний нийгэм! Байнгын дотоод хямрал, хар атаа хорсол, адгууслаг тэмцэл, үзэн ядалтын нийгэм юм. Ийм нийгмийн харилцааг “хүмүүнлэг”, “ардчилсан”, “эрх чөлөөт” гэж ойлгож буй үзэл онолтой төрийн тогтолцоо, үйл ажиллагаа яагаад ч ардач, үнэн ардчилсан, хувь эрх чөлөөг хангасан хүчирхэг институц байж чадахгүй! Шалтгаан нь, ард олонхийг асрах, хөгжүүлэх, жаргаах бус зөвхөн хөрөнгөт давхрага, олигархи бүлэглэлийн бохир, нууц, үндэсний эрх ашигт харш хүсэл шуналыг хамгаалж, хуулиар баталгаажуулж өгөх нолиг үйл ажиллагаа л явуулдаг юм. Ийм төрийн тогтолцоонд хэзээ ч нийт ард түмнийг нэгэтгэн зангидаж санаа сэтгэл, эрх ашиг, хүсэл зоригийн нь хүчийг багцалж чадах хүчин хурахгүй.

    Ард түмэн өнөөдөр ард түмнээ дээдэлсэн, хүчирхэг, шудрага, авлигад автдаггүй цэвэр төр, засаглалыг их хүсч буй сэтгэлзүйтэй байгаа нь илт мэдрэгдэж байна.

    2008 оны 12 дугаар сар.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос
    Ирмүүн агентлагт өгсөн ярилцлага

  • АМЬДРАЛД ХАМГИЙН ЗӨВ НЬ УТОПИ ҮЗЭЛ. /”Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн сурвалжлагч, зохиолч Ш.Билэгсайхантай хийсэн философи эргэцүүллийн ярилцлага/

    -Саяхан “21дүээр зууны Азийн яруу найргийн наадам Монголд болж өнгөрлөө.Майхан наадам болов уу?

                -Хятад, Японы шилдэг яруу найрагчид ирсэн. Гэхдээ орчин үеийн яруу найргийн дэлхийн чиг хандлага, сэтгэлгээний түвшин, эрэл хайгуул, уран сайхны нээлт зэрэг амин чухал асуудлаар ярилцаж чадаагүй. Бие биедээ баярлаж талархсанаа илэрхийлээд, шилмэл шүлгээсээ уншаад, хоёр өдөр доргиж байгаад буцсан даа. Би нүүр тулсан ярианд тааруу. Энэ нь миний багын хүмүүжилтэй, дотоод чанартай холбоотой байх. Өмнөөс хоёр хүн хараад сууж байхад, би ерөөсөө юм ярьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл,хүмүүсийн дунд ерөөсөө өөрийнхөөрөө байж чаддаггүй. “Өөрийнхөөрөө байж чаддаг чанар” гэж бодож байгаа юмаа цомхон бодож чадах, хичнээн хүн байлаа ч, бодлоо төвлөрүүлж чадах, эрдэм чадлын түвшин оновчтой байхыг хэлж байна. Түүнээс биш өөр байдлаар, олон түмний дунд ялгарч болно шүү дээ. Хувцастай, эсвэл нүцгэн байж болно.Хүн өөрийнхөөрөө байна гээд инээх ханиах, уурлах уцаарлах, янз бүрийн ааш араншин гаргаж болно.Түүнийг би, өөрийнхөөрөө байна гэж боддоггүй, хэлдэггүй. Өөрийнхөөрөө байна гэдэг   энэ орчлон ертөнц, хүний амьдралын тухай бодож байгаа хүн, маш товчоор холчоор бодож илэрхийлэхийг хэлнэ. Тэгэхээр би асуултанд хариулахдаа маш тааруу. Ямар ч энгийн асуулт асуусан хариулахад би бэлэн биш. Бодно .Миний мэддэг юмыг, эсвэл огт санаанд ороогүй, урьд нь амьдралдаа бодож байгаагүй юмыг ч асууж болно шүү дээ. Би ярьж боддоггүй, бичиж боддог. Энэ чинь их том ялгаа шүү дээ. Гэртээ ширээндээ суугаад, цонхоор тэнгэрийн хаяа хардаг ч юмуу, эсвэл уулын орой, нисч байгаа шувуу, цулгуй цагаан ханаа хараад, бичих юмаа бодож, шар Манзушир, Янжинлхамдаа залбирал үйлдэж зохиолоо бичдэг. Зохиолчид эрдэмтэд ер нь хоёр янз байдаг.Зарим нь тайзан дээр олон хүний дунд орохоороо онгод нь ордог, тэндээс энерги эрч хүч авдаг ч юмуу, ямар ч байсан маш сайхан ярьдаг. Бүүр онгод нь орж хөглөгдөн, танхимд байгаа хүмүүсийг эзэмдэж чаддаг. Гэтэл зарим нь олны өмнө ярьж чаддаггүй, зүгээр л бичдэг. Тийм хүний нэг нь би.

     

    -Өнөөдөр өөрийнхөөрөө байх чанар чухал болжээ.Манай олны танил хүмүүс, ялангуяа лидерүүд бусдын үгээр их мэдэмхийрч ярих юм. Энэ тухай та юу боддог вэ?

                -Одоо мэдээллийн нийгэм, техник технологийн шинэ харилцаа гэж их ярих болжээ. Иргэншсэн даяарчлагдсан өнөө үед хүн бүхэн бие биенийхээ мэдээллийг олоод авчихсан байдаг юм байна. Интернет ухаад, сонин ном уншаад, мэдээлэл авчихдаг улсууд бол ярих бэлэн сэдэвтэй, сэтгүүлчид, эрдэмтэд, зохиолчид, улстөрчид, энэ нийгмийг авч яваа давхарга, сүүлийн үеийн залуучуудын “элит” гээд байгаа улсыг хэлж байна шүү дээ. Түүнээс биш, монголчуудын ихэнхи нь мэдээлэлгүй байна. Хөдөөний малчинд радио чагнаад байх зав алга байна шүү дээ. Тэд мэдээлэл хомс, та нарын сонин сэтгүүлд бичсэн юмсыг уншиж чадаагүй л яваа. Би хөдөөгөөр их явдаг. Тэнд ном сонин ерөөсөө байхгүй. Өнөөдөр дэлхий дээр ном сонин хамгийн бага уншдаг үндэстэн бол Монголчууд гэж би бодож байна. Хотод байгаа сэхээтнүүд бол мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр мэдээлэлтэй улс бусдаас илүү сайн ярьж байна. Үнэхээр ард түмэнд амаараа хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байна. Үүнд би баярлаж байгаа. Харин би бичих юмаа дандаа л гараараа бичдэг. Бичгийн машин дээр хуруугаа ч тавьж үзсэнгүй. Та нарын энэ хэрэглэдэг компьютерийг “тог цохиод алчихдаг байж магадгүй” гэх маягийн ойлголттой. Интернет бол ерөөсөө мэдэхгүй. Тийм учраас бэлэн асуултанд хариулж чаддаггүй гэдэг маань энэ. Асууж байгаа асуулт бол мэдээллээс гарч байгаа, хариулт ч бас ялгаагүй. Тэгэхлээр би мэдээлэлгүй учраас орчлон ертөнц, хүний амьдрал, нийгмийн зохион байгуулалт, бурхан, байгаль, энэ бүх юмны тухай өөрөө л боддог. Тэгээд бодож олсон юмаа бичгийн хэлний түвшинд илэрхийлдэг. Би багаасаа зожиг өссөн хөдөөний хүн юмаа. Миний аав хатуу хүн учраас айлын хүүхэдтэй тоглуулдаггүй, “Баян айлын унага даага эрх, ядуу айлын хүүхэд нохой эрх” хэмээн сургадаг, өөрөө “баян” гэж хэлүүлэх дуртай ч юмуу, биднийг эрхлүүлдэггүй байв. Хүн амьтан ирэхлээр аав ээж хоёр биднийг хөөгөөд гаргачихдаг, гэрийн сүүдэрт сууж байхдаа, тэртээ ууланд хуцаж байгаа нохой, тэнгэрт нисэж яваа шувуу, салхинд шуугиж байгаа мод, мөөрч байгаа тугал хараад, гадагшаа харьцаа байхгүй юм чинь дотроо л бүх юмыг бодож идээшүүлдэг багын төрхөөрөө далан нас хүртэл аж төрж байна. Ер нь би хүнтэй нэг их яриад байдаггүй юм л даа. Ном сонин уншихын хувьд бол зөндөө уншдаг. Харин уншихдаа ямар ч тогтолцоогүй уншсан байдаг.Түүнээс надад мэдлэг тогтсон юм алга. Мэдээлэл болж эмхлэгдсэн, тийм орчин үеийн мэдлэг байхгүй юм байна. Боловсролгүй гэхэд хэцүү, хоёр дээд сургууль төгсч, маш олон ном уншсан байна. Хүний толгойд сэтгэлгээний эд эсүүд байдаг байх. Компьютерээр бол аппарат юм уу даа. Би өөрийнхөө олсон, хувьдаа нээсэн ойлголтуудаа, магадгүй тэр Эйнштейн, Гегель, Маркс, Толстой нь юу гэж хэлсэн байдаг юм падгүй, өөрийнхөө үгээр, үзэл бодлоор тэгэхдээ шинжлэх ухааны хэл найруулгын зэгсэн түвшинд илэрхийлдэг.

     

    -Дэлхийн сонгодог зохиолчид гэртээ ганцаараа сууж, шилдэг бүтээлээ туурвисан тохиолдол цөөнгүй байдаг.Таны зохиолуудыг гүн ухааны сэтгэлгээ, өвөрмөц утга санааны талаас нь эрдэмтэд үнэлдэг.Та орос, англи хэлээр ном их уншдаг болохоор хүн төрөлхтний амьдрал, нийгмийн зөрчлийг шүүн тунгаахад илүү хялбар байдаг байх?

                -Би хүний амьдрал нийгмийн амьдралыг харьцуулж үзэхдээ марксист, буддист байр сууринаас ханддаг хүн.1994 онд монголын нийгмийн харилцаатай “иргэний үл эвлэрэл” зарласан.Үндэстний харилцаанд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн харилцаа өнөөдрийн бидний тэмүүлээд байгаа энэ нийгмийн харилцааг би “маш буруу” гэж үздэг.Тэр үед монголын “төрийн гурван өндөрлөг” гэж бидний нэрлэдэг, Баабар бол арай өөрөөр нэрлэдэг шүү дээ…

     

    -Баабар тийм сүйдтэй юм заагаад байдаг хүн биш шүү дээ?

                -Ааанн..Тийм ээ, тийм. Тэгэхдээ бид санал зөрдөг. Тэр үеийн “төрийн гурван өндөрлөг” гэж ярьдаг байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, тэр үед байсан бүх намын удирдлагад би ил захидал илгээсэн юм. Ингээд иргэний үл эвлэрэл зарлаж, “Бодь сэтгэл, эв хамт ёс- гэдэг улстөрийн ганцаарчилсан хөдөлгөөн байгуулсан. Энэ бол онолын хөдөлгөөн. Нийгмийн амьдралыг үзэх миний дотоод чанар, философи үзэлд зах зээлийн нийгмийн харилцаа, үзэл суртал, онол маш харш. Жишээлбэл, Монголд улсын үйлдвэр байхаар ерөөсөө хөгждөггүй юм гэлцдэг. Өмч хүнийг ажиллуулах гол механизм болдог гэж ярьдаг л даа. Үүнийг эсэргүүцэхэд маш хэцүү, гэхдээ 100% үнэн биш. Хүн улсын үйлдвэрт яагаад муу ажиллаж байгаа юм бэ? Цалин нь бага байж болно.Гэхдээ үүний цаана том хөдөлгөгч хүч байгаа нь хүний өөриймсөг сэтгэл юм. Өөрөөр хэлбэл, энэ бол “миний юм” гэж боддоггүй, энэ үйлдвэр бид хоёр шүтэн барилдаж, цаг хугацааг өнгөрөөж байна гэсэн чин сэтгэл үүсээгүй байна гэсэн үг.

     

    -Та бид социалист нийгэмд хамтдаа амьдарч байсан.таны “нэг хүний хөдөлгөөн” социализмын үед үүсэх бололцоотой байсан бол тэмцэл хийх үү?

                -Энэ бол миний ярьж байгааг мухарлах асуулт байна. Социализмын үед улс орныг ганц үзэл сурталтай нам удирдаж байсан цагт би “ганц хүний хөдөлгөөн” зарлах ямар ч бололцоогүй байсан. Хэрвээ зарласан бол шууд л шоронд орох байлаа. Тэгвэл та өнөөдөр энэ хөдөлгөөнийг яагаад зарлаж байгаа юм бэ? гэсэн асуулт шүү дээ. Тэгэхээр зах зээлийн нийгэм үүнийг хүлээн зөвшөөрч байна.

     

    -Хэрвээ та тэр үед нийгмээ шүүмжлэх бодол төрж байсан бол юу гэж хэлэх байсан бэ?

                -Тэр үед ганц би ч биш, манай шилдэг сэхээтнүүд социалист нийгмийн харилцааг дотроо шүүмжлэн боддог байсан. Би юу гэж шүүмжлэх байсан бэ? гэвэл, төвлөрсөн төлөвлөгөөт улсын өмчтэй, “хүн бүхэн хийснийхээ хэрээр авдаг, нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгийн төлөө” гэдэг уриатай энэ нийгмийн эдийн засгийн харилцаа бол маш зөв байна гэж би хувьдаа үздэг байсан. Нийгмийн хуваарилалт маш тэгш, харин үзэл суртлын хувьд эсэргүүцэж байсан. Бүгдээрээ “хувьсгалт намын гаргаж байгаа шийдвэр зөв, Маркс Лениний зохиол мундаг” гээд шүтээд байсан юм байхгүй. Шүүмжлэгч Төмөрийг нас барахад бичсэн миний анхны өгүүлэл “Ирээдүйн алганаас эхэлсэн од” утга зохиол онолын сэтгэлгээтэй шүүмж главлетэд хураагдсан. Түүнээс хойш миний маш олон зохиол энэ тэнд хураагдсан ч би энэ талаар ярьдаггүй. Та нар залуучууд учраас би үүнийг ярьж байна. Сүүлд хэвлэл утга зохиолыг хянах газар /главлет/ татан буугдсан хойно өгүүллэг, тууж маань буцаж ирж байлаа. Намын төв хорооноос өгсөн даалгавар ёсоор “юу ч бичсэн уншиж бай” гэсэн 8 хүний нэр главлет дээр байдаг. Ринчен гуай, Дамдинсүрэн гуай гээд, залуучуудаас Д.Урианхай. Үүнийг би эсэргүүцэж байсан. Харин эдийн засгийн харилцааг бол хамгийн зөв гэж одоо ч итгэлтэй явдаг.

     

    -Би таны бмчсэн юмыг “хэтэрхий зөв” юм ярьж байна гэж боддог. Буруу юм яриад байна гэхээсээ илүү амьдрал дээр байхгүй, хэзээ ч бүрэлдэн тогтохгүй, ийм зөв юмны тухай ярьж байна гэсэн бодол төрдөг. Тийм утгаараа “нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгийн төлөө” гэсэн тэр үед бид улсынхаа төлөө ажилладаг байсан. Монгол иргэншил ЗХУ-ын тусламжтайгаар төлөвшиж, биднийг өөд татсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Улс орны хөгжлийн төлөө бүгдээрээ хөдөлмөрлөж байсан хөлс хүч маань үр ашиггүй зардал их гарч, хэрэггүй юманд хөрөнгө оруулж байсан.Тэгэхээр “нийтийн төлөө ажиллаад байхаар, тэр хөрөнгө нэг хүний төлөө хуримтлагдаж, нийгэм сайхан болдоггүй юм байна” гэдгийг ойлгож авсан. Бүгдээрээ нийлээд, миний төлөө санаа зовоод байгааг, ерөөсөө хүлээж авч чадаагүй шүү дээ?

                -Тийм ээ, санал нийлж байна. Надад иргэн хүний хувьд нэг санал байна. Төр засаг хүний хэрэгцээ хангахуйц үйлдвэрүүд байгуулаач ээ. Хүн амын 40% нь нэн ядуу байна. Энэ хүмүүсийн дунд Урианхай би ч орно. Ядуу хүмүүст гурил, будаа, талх, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний арван хүнсний барааг улсаас үнийн хязгаар тогтоон, картын системд оруулж өгөөч ээ. Картын барааны үнэ шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. Үндсэн зардлыг нөхөөд, улсад алдагдалгүйгээр 10-20%-ийн ашиг олохоор үнийг тогтоон гаргадаг эдийн засгийн жишиг бий. Бусад барааг чөлөөт үнээр худалдана биз.

    -Тэгвэл ядуурал багасаад ирэхээр картын бараагаа өгөхөө болих уу? Үүнийг “төр засаг алдаагаа засах арга” гэж ойлгож болох уу?

                -Тэгж ойлгож болно. Амаар нь шороо үмхүүлж байгаа хөөрхий ядуусаа төр харж үзээч. Өнөөдөр ард түмний амьдрал хутганы ирэн дээр байна шүү.    

     

    -Нэг нэгэндээ гай болохгүй, нийтээрээ сайхан амьдрах нийгмийг Шведэд бүтээжээ. Шведэд хотын төвд “нийтийн эзэмшлийн газар” нэг ч хувийн барилга бариулдаггүй. Гэтэл Монголд хамаг юм нь холилдчихсон, машин эргэхэд ч хэцүү шахцалдсан замтай, замбараагүй байх юм?

                -Төр засаг иймэрхүү маягаар хот байгуулалтыг Швед шиг зохицуулах хэрэгтэй.    Ирээдүйд итгэлгүй байгаа ард түмнээ ядуурлаас гаргаж, зовлонгоос хагацаахын тулд томоохон компани, корпорациуд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн үйлдвэр байгуулахыг төрөөс зөвшөөрч дэмжээд, бусдыг нь нийгэмчилж, хурааж авмаар байна.Үндсэн хуульд завар хийж, ард түмний төр гарч ирээд, олигархийн төр биш, “ард түмний төр” болгомоор байна. Монгол хамгийн их хэвлэлийн эрх чөлөөтэй улс болжээ. Тэгвэл өнөөдөр бидэнд “эдийн засгийн эрх чөлөө” алга.Монголын нийгмийн баялаг шударга хуваарилагддаг системд ормоор байна. Өнөөдрийн ардчилал бол нохойн баас шиг ардчилал. Хүмүүс гудамжинд жагсаад, гадаадад очоод юу хийж байгаа юм бэ? Монголын хоёр аймгийн хүн гадаадад амьдарч байна. Монголын ардчилал ард түмнээ ядууруулаад, бас боолчилж байна. Үүнийгээ зөв ойлгож, боолын сэтгэлгээнээсээ гарах онолыг судлаач ээ.

     

    -Бид социализмын үед улсын зардлаар гадаадад суралцдаг байсан.Гэхдээ гадаадад сургуульд явахад арын хаалга, албан тушаалаа ашиглаж, ямар нэг байдлаар шударга бус систем байсан шүү дээ.Тэр үед хүн болгон арын хаалга хэрэглэхийг хичээдэг байсан.Тэгвэл өнөөдөр төв замд ойрхон супермаркет байна гэж бодъё.Хүмүүс автобусны буудалд ойрхон болохоор эндээс их юм авдаг.Дэргэд нь бидний гурван “ТҮЦ” байна гэж төсөөдье.Тэгвэл би өөрийнхөө орлогыг бодоод, таныг сайн ажиллаж , их орлого олоосой гэж хүснэ.Яагаад гэвэл энэ замаар худалдан авагч их явбал, надад бас ашигтай.Тиймээс би бусадтай хамтран ажиллаж сурна.Ийм байдлаар хүмүүсийн байгалиас заяасан мөн чанар, хэрэгцээн дээр тулгуурласан нийгэм бол зах зээлийн “өмчийн” нийгэм юм.Нөгөө бидний туулсан социалист нийгэм түүхийн тавцан дээр шалгагдаад, ачааллаа даалгүй нурж унасан шүү дээ. Тэгэхээр тэр нийгэм бол хүмүүсийг сайн сайхан байлгах гэсэн хүсэл мөрөөдөл болохоос биш, яг үнэндээ бол абстракт нийгэм, “хиймэл орчин” юм байна.Энэ хиймэл орчинд монголчууд далаад жил яваад, хүмүүсийн сэтгэлзүйд чин сэтгэлээсээ ажлаа хийх чадвар, дадал төлөвшөөгүй.Яагаад гэвэл, муу ажилласан ч адилхан цалин авна.  Энэ дэлхий дээр төрсөн бол өөрөө өөрийнхөө амьдралыг зөв авч явах ёстой.Хүн бүхэн тархи толгойтой учраас өөрийнхөөрөө сэтгэх учиртай. Иймээс “жам ёсны нийгэм” гэдэг хүний жам ёсны дадал, жам ёсны зан араншин дээр зохицсон нийгэм байх ёстой болов уу?

                -Энэ бүхэн үнэн юмаа.Гэхдээ бас үгүйсгэхэд хэцүү.Тэгэхээр, би сэтгэгч маягийн уран бүтээлч хүний хувьд нийгмийн хөгжилд нилээд шинжлэх ухаанчаар ханддаг. Социализм, өнөөдрийн “капиталист” гэж нэрлэгдэх зах зээлийн харилцаа, бас “либераль эдийн засгийн харилцаа” ч гэж хэлж болно.Үр дүнг нь харахаар, бидний ярьж байгаа энэ хоёр нийгмийн ялгаа надад тод харагддаг.Монголчууд зах зээлийн харилцаанд орж 18 жил боллоо.Иймээс нийгмийн харилцааг үр дүнгээр нь, тэр нийгмийг байгуулж байгаа гишүүдийн амьдралын төвшинөөр нь харьцуулж үзвэл, өнөөдөр 2 600000 хүний 40% нь засгийн газрын албан ёсны статистик үзүүлэлтээр нэн ядуу амьдарч байна.Зарим эдийн засагчдын тооцож байгаагаар 70% нь ядуу амьдралтай.Баян чинээлэг гэж үзэж болохоор хүмүүс нь 3-4%, дундаж амьдралтай нь хүн амын 10-20% байна. Тэгвэл хүн амын 70% нь ядуурчихаад байгаа нийгмийн харилцаа, дотоодын нийт бүтээгдэхүүний 80%-ийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн аж ахуй ноёлсон эдийн засагтай нийгэм хзмззсээ сайн сайхан амьдралтай болгодог нийгэм юм бол хүн амын 70% нь яагаад ядуурчихаа вэ? Эндээс нийгмийн асар хүчтэй задрац явагдаж байгаа нь харагдаж байна. Хүн амын дунд тэр ч байтугай, улс төрийн хүрээнд “антигнист” харилцаа үүссэн байна.Анги гэх юм байхгүй мөртлөө 18 жилийн дотор Монголд антигнист харилцаа ирчихсэн байна.

     

    -Тантай би хоёр хөлөө өргөөд, дөрвөн мөчөөрөө санал нэг байна.Тэгэхээр хүмүүс урьд нь энэ нийгэмд аж төрж байгаа шигээ ядуугийн зовлон үзээгүй. Ядуу хүн хараад зүрх шимширч байна.Хүмүүсийн дийлэнх нь өдөр ирэх тутам улам ядуурч байгааг бид нүдээрээ харж байна. Тэгэхээр социализмаас зах зээлийн нийгэмд шилжихдээ, юу ч мэдэхгүй хүмүүсийг гэв гэнэтхэн хаалгыг нь онгойлгоод, маш олон хүн живсэн, зарим нь салхинд цохиулаад хатгаа авчихсан, еолоод хэвтэж байна.Зарим нь далай руунийлсэн.Үнэндээ бол хүмүүсийг зах зээлийн нийгэмд хүчээр түлхэж оруулснаас, маш олон хүн эрсэдлээ.Улс орон бол нийгмийн харилцаанаас нөгөө нийгэмд шилжихдээ ямар арга зарчмыг барьж болохыг Хятад улс тодорхой харуулж байна.Тэд хүмүүст өмчийн ойлголт өгөөд, “өмч гэдэг баялгийг бүтээдэг” гэдгийг мэдрүүлсэн болохоор, эрсдэлээс зайлсхийх биз.Харин бид 1990 оноос хойш өмч хувьчлал яаж явагдсаныг мэдэж байгаа.Ийм цөөхөн ард түмнээ хайрлахгүй, зөнд нь орхисон атлаа, тэр үед гадаад худалдаа эрхэлж байсан хүмүүс доллараар наймаа хийгээд, бүгд баяжчихсан байна.Энэ бүхэн 1990 оноос хойшхи монголын төр засаг улс орныг тогтвортой бодлогогүйгээр авч явсныг гэрчилж байна.Энэ нь цаашаа улам ялгараад, улам гүнзгийрээд, саяхан хувьсгалт намын байшин шатаж цэгцэрлээ.Нийгмийнх нь харилцаа буруу гэдэгтээ биш, бидний байж байгаа царай энэ мөн үү?

                -“Өмч гэдэг баялгийг бүтээдэг” гэдэг онол үзэл байна.Гэхдээ нийгмийн баялгийг өмч бүтээж байгаа юм биш.Нийгмийн баялгийг хөдөлмөр бүтээдэг.Тэгэхээр гол механизм бол өмч биш, хөлөомөрт харилцах хүний харилцаа.Хөдөлмөр их бага байх, үр ашигтай байх, бучн нүгэл болох юунаас хамаарах вэ? гэхлээр хувь хүний хөдөлмөрт хандах хандлага, үзэлтэй холбоотой.Энэ үзлийг л өөрчлөх хэрэгтэй.Хүн хөдөлмөрөө мөнгөөр үнэлэх ёсгүй.Ерөөсөө хүн нийгэм хоёр шүтэн барилдлагын дунд байдаг.Түүнээс хүн өөрийгөө салгаж аваад, “би мөнгө олно” гэдэг анхнаасаа буруу ойлголт. Би аяга хийлээ гэхэд цай уух бүх хүний тусын тулд хийж байгаа гэж бодно.Энэ аягыг хүмүүс үнэгүй хэрэглэх ёстой.Үүнээс цааш хоосон чанарын тухай яривал, их нарийн юм болно.Энэ аяганд орж байгаа агаар, шавар, усыг би бүтээгээгүй.Хэдэн жил болоод, тэртэй тэргүй “дэлхий сөнөнө” гээд эрдэмтэд тооцоог нь гаргачихсан байгаа.Байгалийн баялаг байтугай, хүн өөрөө ч дуусна шүү дээ.Аяга бүтээхэд, зөвхөн миний оюун ухаан орж байгаа.Бид бие биеэ гэсэн сэтгэлээр хийсэн юмаа солилцоод, бие биенээ тэжээх хэрэгтэй.

     

    -Таны хийсэн аяга надад таалагдахгүй байвал яах вэ?

                -Таалагдахаар л аяга хийнэ шүү дээ. Ганцхан ийм загварын аяга хийхгүй.

     

    -Тэгвэл сэтгэлзүй хөгжилд нөлөөлөх үү?

                -Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй ч, асар хүчтэй бодит энерги чанарын ертөнц.Хүн өөртөө хэрэгцээтэй юмыг оюун бодлоосоо материалазаци хийх замыг хөгжил гэж үзэж байна.Бумбын эринд сансраас ухаалаг хүчтэй сүнснүүд төрнө.Бид дэлхийг хоослоод, түүний шүтэн барилдлагыг эвдэж байгаа учраас энэ хөгжлийн зам буруу. Хүний амьдралд хамгийн зөв үзэл блд утопи үзэл байгаа юм.Хүн төрөлхтөн метафизик сэтгэлгээнээс хагацаад, прагматик сэтгэлгээнд автсан байна.Монголын төр өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй гуйлгачин төр болжээ.Төрийн бодлого олигархиудын гарт эзлэгдсэн учраас ард түмнээ гэсэн бодлого явуулж чадахгүй байна.

     

    -Хүний хүн чанар муудаж, бие биенээ их үзэн ядах юм.Та үүнийг ажиглаж байна уу?

                -Монголын нийгэмд хүн бие биенээ үзэн ядах антигнист шинж чанарын харилцаанд өртлөө.Үр хүүхэд нь эхийгээ алж байна.Нөхөр нь нөхрөө дээрэмдэж байна.Бас нэг аймшигтай үзэгдэл нүүрлэлээ.Монголын оюунлаг сэтгэлгээтэй хүмүүс амиа хорлож байна. Тэд оюунаа нийгэмд хандивлах, түүнийг хэрэглэх орчин байхгүйгээс бидний найз Ананда Шри, авъяаслаг модернист, философич Анударь нар амиа хорлолоо.Өнөөдөр Монголд оюунлаг зорилготой, оюунлаг амьдралтай хүмүүс амьдрах, амьдралын харилцааны орчин байхгүй болсон.Хүн амын 701% нь амаараа шороо үмхлээ.Миний хувьд хамгийн эмгэнэлтэй нь хог түүж яваа гуйлгачин, гудамжинд архи уугаад, нам унтаж байгаа согтуу хүмүүс, золбин нохой, монгол хүний муу муухайг харахаар үнэхээр элэг зүрх урагдах юм.

     

    “Цаг төр, хүмүүс” сэтгүүлийн 2008 оны ¹58 дугаарт нийтлэгджээ.

     

  • МИНИЙ ФИЛОСОФИ БОЛ БУДДИЗМ МАРКСИЗМ ХОЁРЫН БЭЛЧЭР СЭТГЭМЖ /”Зууны мэдээ” сонины сурвалжлагч, яруу найрагч Б.Цогнэмэхтэй хийсэн Философи сэтгэмжийн ярилцлага/

    -Өнгөрсөн хавар “Өдрийн сонин”-д таныг “Ёст хаан Аригбөх” гэдэг том хэмжээний кино зохиол бичээд завгүй сууна, Аригбөх, Хубилай нар үнэн ээ өчих нь ээ гэсэн мэдээлэл гарсныг уншсан. Аригбөхийн түүх маш бүрхэг, судалгаанд хамрагдаагүй сэдэв гэдэг. Ийм балархай жимээр шургадаг тань цаанаа учиртай байх л даа. Түүхийн бүдэг асуудал сонирхолтой санагдаа юу?

                -Алив бүрхэг асуудал угаасаа сэтгэлгээг их өддөг шинж чанартай шүү дээ. өөрийнхөөрөө бодох, өвөрмөцөөр шийдэх боломж олгодог учраас сэтгэлгээнд орон зай өгдөг. Тэгэхдээ би түүх сонирхож, сүрхий судалж байгаа хэрэг биш. “Ёст хаан Аригбөх” кино зохиол XIII зууны Монголын түүх, ахуйгаас сэдэвлэсэн реалист чиглэлийн нуруутай ч уран сайхны баяжуулга, хийсвэрлэл, сюрреалист сэтгэмж, хурц драмлаг зохиомж ихтэй, нилээд полипони шинж, хэлбэрийн үйл явдлууд чихцэлдсэн зохиол юм. Зохиолд хэдэн гол шугамууд буюу үйл явдлууд зэрэгцэн өрнөж, тодорхой логик шалтгаанаар эмгэнлтэйгээр огтлолцоно.

     

    -Зохиолын философи санааг товчлон базаж болох уу?

                -Энд хэлэх гэсэн хэдэн санаа бий.Монголчуудын ахуй амьдралд “ёстой юм” хэзээнээсээ яагаад ч юм ёсоороо байдаггүй, хэзээ ч ёсоороо болдоггүй зөрж байдаг нэг хачин эмгэнэлт үнэн байсаар ирсэнд гайхширсан нэг санаа бий. Мөн төрийн эрх мэдлийн төлөөх ихэс дээдсийн цуст болон цусгүй тэмцэлд ард түмэн л зэвсэг нь болж ашиглагддаг, ард түмэн л хохирч үгүйрдэг, түүх ухардаг гэдэг санаа ч бий. “Ёст хаан Аригбөх” кино зохиолд би энэ санааг гаргахдаа нэг шинэ, хэцүү зорилго зориуд тавьж байна.

     

    -Тэр нь юу билээ?

                -Засгийн эрхийн төлөөх тэмцэл бол дэлхийн уран сайхны сэтгэлгээний нэг сонгодог сэдэв байдаг. Бас засгийн эрх мэдэл, хаан ширээний төлөө тэмцэлд хэн илүү хүчтэй, арга овсгоотой, их нөлөөтэй нь ялдаг түүхэн үнэнтэй ч энд би дээрх үнэнд жаахан шинээр, арай өөр өнцгөөс хандаж байгаа. Энд, төр засгийн толгойд ыуюу төрийн хаан ширээнд бус харин хүний сэтгэлийн хаан ширээнд хэн суудаг вэ гэдэг асуултыг өөртөө төвьж, өөрийнхөөрөө хариулж сууна. Хубилай, Аригбөх хоёрын хийсэн хоёр удаагийн их дайн хэдийгээр Төрийн хаан ширээний төлөө дайн байсан ч, энэ хоёр аймшигт тулалдаанд хоёуланд нь Хубилай ялсан ч энэ тэмцэлд би түүхэн бодит утгаар нь бус, харин ард олны “хайрын хаан”-д чухам хэн, яагаад өргөмжлөгддөг вэ, ялагч өргөмжлөгддөг үү, ялагдагч өргөмжлөгддөг үү гэдэг асуултын утгаар хариу өгч байгаа.Үүгээрээ, дэлхийн сонгодог утга зохиолын нэг сэдэв, Засгийн эрх мэдлийн төлөө тэмцлийн сэдэвт жаахан монгол баяжуулга хийж, нэг алхам ч бол урагшлуулж байгаа гэж горьдоно. Суудлын төлөөх ихэс дээдэс, эрх мэдэлтнүүдийн тэмцэл ард олны амьдралыг дандаа доройтуулдаг, ядуурал, хорсол хонзогнол, бүдэг бүрхэг “хүлээлт”, гутралын сэтгэлзүйд хүргэдэг түүхэн үнэн өнөө ч амьдралд давтагдаж байна.

    -Түүх давтагддаг гэдэг дээ?

                -Монголын нийгэмд өнөө ч “хүлээлт”-ийн сэтгэлзүй үүсчихээд байна. Манай улстөрчид, судлаачид өнөөгийн нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн үе шатыг “шилжилтийн үе” гэж тодорхойлж байгаа ч энэ бол минийхээр “хүлээлтийн үе”. Хүлээлт гэдэг бол сэтгэл бодол, идэвхи хүч, ацан шалаанд тээнэгэлзчихээд байж байгаа нөхцөл юм. Нийгэм дэх хүлээлтийн цаг хугацаанд баяр хүлээгдэж байж болох ч энд баяраас илүү айдас эзэмддэг. Их түгшүүртэй шөнө үргэлжилдэг. “Ёст хаан Аригбөх” кино зохиолыг полифони чанартай болгож өгч буй өөр нэг гол санаа бий. Юу гэвэл, Монгол орон газарзүйн байрлал, түүхийн хараалаар ч юм уу ерөөлөөр эх газрын гүнд Орос Хятад хоёр орны завсар зууравчинд хавчуулагдаж үе үедээ хоёр тийш нүд цавчилгүй саравчлах, хоёр гараа тосохдоо тосож, зангидахдаа зангидаж оршин үргэлжлэх хувь төөрөгт тохоогджээ. Монголчуудын бүхий л түүхийн туршид нэг аюул зэрэгцэн оршсон. Энэ өол Хятадын төрийн “хар хайрцаг”-ны нууц хэрнээ ил бодлого! Энэ бодлого юу байдгийг дэлхий мэднэ. Монголыг уусгах, эзлэх, нэгтгэх бодлого. Энэ бодлого нь Монголын түүхийн “нэг номер”-ын “хадны мангаа” байсан. Монголын түүх бол, үндсэндээ, энэ бодлоготой тэмцсэн. Хятадада уусахгүйг эрмэлзсэн, эзлэгдэхгүйг хичээсэн, Хятадаас тусгаар оршихыг чухалчилсан нөр тэмцлийн түүх юм. Хэрэв XIII зууны байлдан дагуулалтын түрлэг үеийг эс тооцвол монголчуудын ахуй амьдралын үнэн нь Хятадаас туурга тусгаар орших, нөлөөнд нь үл автахын тулд хийсэн цэрэг дайны болоод эдийн засгийн хавчлага, боолчлол, худалдаа наймааны дарамт шахалтыг эсэргүүцэн тэмцсэн үйл ажиллагааны ялалт ялагдлын түүх юм гэж үзэж бүрэн болно. Энд би, Хятадын газар нутаг, ард түмнийг манай “number one” байсан гэж хэлээгүй, Хятадын төрийн “хар хайрцаг”-ны бодлого Монголын тусгаар оршлын ил далд заналхийлэл, гол айдас түгшүүрийн голомт байсан гэдэг санааг хэлж буйг минь ялгаж салгаж ойлгоно биз дээ.

    -Таныг гаднаас тань харахад их тайван, нийгэмд өрнөж буй зөрчилтэй үйл явц, хэрүүл маргаан, сайхан муухайд нэг их оролцдоггүй, сэтгэл нь хүчтэй хөдөлдөггүй, амгалан хүн шиг харагддаг. Та хэзээ ч билээ, нэг уулзалт дээр өөрийгөө “Би бол өрөөний дияанч” гэж тодорхойлж байсан.та үнэхээр тайван, амгалан амьдарч чаддаг уу?

                -Яг үнэнээ хэлэхэд, чаддаггүй л дээ. Нийгмийн үйл явц намайг байнга өддөг, хүчтэй цочроож нойрноос минь хасдаг. Гэхдээ би тайван ханддаг. Ажиглаж, шалтгааныг нь эрж, үйл явцын шинж чанар, зорилгыг нь зөв таних, үр дүнг нь зөв тодорхойлох гэж хүлээдэг. Тэгээп зөвхөн онолын түвшинд, бясалгагч, сэтгэгч уран бүтээлчийн байр сууринаас л хандаж оролцдог. Өөрөөр хэлбэл, практик үйл ажиллагааны түвшинд ажил хэрэгч байдлаар оролцдоггүй, зөвхөн онолын өгүүлэл, трактакт бичиж хэвлүүлэх ч юм уу, сонин хэвлэлд философи сэтгэлгээний ярилцлага өгөх, өөрийнхөө үзэл бодлыг онол эрэгцүүллийн хэмжээнд боловсруулах хэлбэрээр идэвхитэй оролцдог. Тун хойшлуулж болшгүй нөхцөлд ганцаарчилсан мэдэгдэл ч хийдэг. Хүмүүстэй хамт гудамжны жагсаал цуглаанд орж хэлхэлдээд л, индэрт цагаан хоолойгоор хашгичаад л, туг урж хаях ч юм уу толгой дээрээ хийсгэж, улсын түрүүнд жороолоод байдаггүй. Бас сонгуульд нэрээ дэвшүүлэх, төр барилцах гэж зүтгэх, өмч хөрөнгөөр баяжих зовлонгүй замд гарах гэж улайрдаггүй. Энэ зарчим бол ”Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний онцлог зарчим юм. Энэ хатуу зарчим намайг дотоод ертөнцөө л хөгжүүлэх, сэтгэлгээний чадвараа хурцлах, сэтгэлийн ахуйгаа аглаг дияанчийн хэв, хэмнэлд цагдах, онол-бясалгалын агаарт барих…За тэгээд, элдэв материаллаг арга, тэмцлийн хязгаар туйлшралыг тэвчиж, дотоод амгаланг олох зорилго, агуулгад дасгажээ. Ер нь би хар багаасаа л бие махбодоороо оролцсон минь бага, амьдралын хагацал зовлон, өвчин эмгэг, хатуу хүтүүд биеэрээ бус сэтгэлээрээ л оролцож, нухлагдаж, бодол, сэтгэлийн хөвчүүдээ маш хүчтэй доргиож явсан толгой шүү.

     

    -Та залуугаасаа л нирваан чанарыг олохыг зорьсон юи шиг байна л даа. Бодь мөр, нирваан чанар зэрэг нь Бурханы шашны гүн ухааны гол ойлголтуудын зарим нь байх. Гэхдээ таны ойлголтоор нирваан чанар гэдэг юу вэ. Манай өнөөгийн нийгмийн мөн чанар, бодит амьдралд хэр нийцэх бол?

                -Нирвааныг би сэтгэлийн тогтвор л гэж ойлгоод явдаг. Сэтгэл амьдрал ахуйн бодит юмс дээр суурилахаараа баттай, тогтвортой оршиж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл, цаад юм нь хувьсамтгай, хөдөлгөөнтэй, чинагуух үнэнээрээ байгаа ч биш, байхгүй ч биш, бие биенээсээ шалтгаалан бүтсэн нөхцөлт чанартайгаар оршиж байгаа юм. Сэтгэл юун дээр хамгийн их тогтвор олж байна ва гэвэл, юмс үзэгдэл хоосон чанартай гэдэг бодол дээр л хамгийн сайн тогтвор олно. Юмс өөрөө дан дангаараа бүтэж чадахгүй. Ингэхлээр, байгаа нь бодитой бус, үнэн бус, бодит үнэн хаана байна вэ гэвэл, тэр нь юмс бусадтай харьцаж, бусдаас хамаарч, тэдэнтэй үүсгэсэн харилцаа, шүтэн барилдлагын үндсэн дээр оршин тогтнож байгаа гэдэг нь бодит үнэн юм. ”Байна”,“Байхгүй” гэх хоёр хязгаарыг арилгаж, бүх юмс бие биеэсээ хамааралтай, бие биедээ эх, үүтгэл болдгийг нотолдог шүтэн барилдлага нь “нэг юм нөгөөгүйгээр оршихгүй, ингэхлээр, хоосон чанартай!” гэдэг логик гаргалгаанд хүргэнэ. Юмсын хоосныг танин барих нь л сэтгэлийн хамгийн бөх тогтолт байж чадах юм.

    -Хэрэв таны гаднах төрхийг нэвтлээд дотогш өнгийвөл ямар хөг аялгуутай, ямар өнгөтэй байх бол. Гол өнгө нь, Улаан, цэнхэр, хар, цагаан…ямар спектер голлох бол?

                -Бүх өнгө л бий байх даа. Хурц, гил хар өнгө ч бий! Тэр хар өнгө алт мэт гялалзах ч цаг мөч байдаг л юм. Тэгэхдээ бүгд хоорондоо орчилдож сүлэлдээд, нийгмийн амьдралын хүчтэй татах хүчний үйлчлэлээр цэнэглэгдэж эргэлтэд ороод ирэхээрээ бүх өнгөний эх болсон цагаан өнгөнд л нэгдэнэ. Цагаан өнгө миний сэтгэлийн мөн чанарын өнгө болоод хэлбэр.

     

    -Өнгө хэлбэртэй гэж үү?

                -Өнгө тодорхой орон зайг дүүргэж, эсвэл тарж, тодорхой нэг дүрст биеийг хүний нүдэнд харагдуулж буй тохиол нь өнгөний хэлбэр юм.

    -Та эдийн засгийн эргэлтэд оролцдог нийгмийн баялагт үнэ тогтоодгийг, бас эд юмсыг үнэлдэг болсныг хүн төрөлхтний түүхийн “Гурван том алдаа”-ны нэг гэж номлодог.Энэ номлол надад эргэлзээтэй санагддаг. Эд юмыг үнэлэхгүйгээр, үнэ цэнийг нь ойлгохгүйгээр яаж нийгмийн харилцаа үүсэх юм бэ?

                -Энд нийгмийн харилцааны хоёр моментыг авч үзэх хэрэгтэй л дээ. Нэгдүгээрт, хүний амьдрал гэдэг биологи утгаараа ч хэрэгцээ юм. Хүний хэрэгцээг хангагч анхдагч өгөгдөаүүн нь байгалийн юмс, хүний хөдөлмөр юм. Байгалийн юмс буюу Бурханы бүтээл хүмүүст угаасаа үнэгүй, бэлэн хэрэглэгдэхүүн, “бэлэг” хэлбэрээр өгөгдөж байгаа. Цаана нь хүний өөрийн нь хөдөлмөр үлдэж байна. Хүн мөнгөтэй амьдрах гэж, хуримтлал үүсгэх гэж, өмч хөрөнгө эзэмших гэж хөдөлмөрлөж байгаа ч юм биш, амьдралынхаа хэрэгцээг хангах л гэж хөдөлмөрлөж байгаа юм. Хэрэгцээ л хүнийг хөтөлдөг. Ганц мод гал болдоггүй шиг ганц хүн дангаараа яаж ч хөдөлмөрлөөд бүх хэрэгцээгээ хангаж чадахгүй. Орчин үеийн чоёлт хүн төрөлхтөнд ухамсарт амьдралынхаа хэрэгцээг хангахад нь арван сая нэр төрлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэгтэй гэж гадаадын нэг эдийн засагч тооцож гаргасан байна лээ.Хүний хэрэгцээг хүн өөрөө ганцаараа бус бусад хүмүүс, бусад олны хөдөлмөрийн үр бүтээл хангаж байгаа юм.Хоёрдугаарт, нийгмийн амьдрал бол тоо томшгүй олон хувь хүмүүс, иргэдийн хоорондын барилдлага юм.Энд гол хууль нь –хүмүүс бие биедээ харилцан үйлчилснээр, хамтран ажилласнаар, бие биедээ тусалснаар нийгэм оршин тогтноно.Энэ том шүтэн барилдлагын анхдагч үндэс нь, бас л хүмүүсийн хөдөлмөр! Нэгэнт нэг нь нөгөөгийнхөө амьдралын хэрэгцээг өөр өөрсдийн хөдөлмөрөөр хангаж, нэгнийхээ дутууг нөгөө нь хөдөлмөрөөрөө нөхөж, нийгмийн харилцаа, бүтцээ хөгжүүлж байгаа учраас хүмүүс хөдөлмөрөө бие биедээ худалдахгүй, зүгээр л харилцан бэлэглэж болохгүй гэж үү?

                Баялгийг баялаг нь ч бүтээж буй бус хүний хөдөлмөр л бүтээж буй. Хөдөлмөрөө бие биедээ үнэгүй бэлэглэдэг ёс суртахуунтай амьдралтхй болчихвол ямар ч үнэ өртөггүй “бэлэг” болно.Үнэ өртөггүй, тэгэхдээ хүнд асар хэрэгтэй, анхдагч хэрэгцээтэй юм л хамгийн үнэтэй юм мөн.

     

    -Таныг үнэнч Буддист гэмээр. Гэтэл заримдаа Христианствог хүчтэй цухалзуулах. Марксын үзэл сурталтай социализмын үед таны оюун санааны орчин төлөвшсөн гэхэд та шашны үзлээр ертөнц, амьдралд хандаж байдаг тань хачин санагдах юм. Буддизм, Христианство хоёр таны дотоод ертөнцөд зөрчил үүсгэдэггүй юм уу?

                -Тийм ээ, чиний энэ асууж байгаа өнцгөөс намайг гайхах, бас асууж сонирхох хүн ч таардаг. Буддизм Христианство хоёрын философи нь гол онол эш дээрээ зөрдөг. Ертөнц, юмсын үүсэл, хөгжлийн онол, Бурханыг ойлгох ойлголтонд нь маш ноцтой зөрөө бий. Бурханы шашны гүн ухаанд ертөнц, юмсыг өөрийнхөө дотоод зүй тогтлоор, шалтгаан, нөхцлийн шүтэн барилдлагаар, үйлийн үрийн эрхээр үүддэг, хөгждөг, мөхдөг гэж үздэг. Христын шашны үзэл онолоор болохоор бүх юмс, тэнгэр гэзэр, гэрэл харанхуй, хүн амьтад, ургамал ногоо цөм Ертөнцийн эзний санаагаар бүтсан, юмс орших, эс орших нь гагцхүү Ертөнцийг бүтээсэн тэр Бүтээгчийн тааллаас хамаарна гэж үзнэ. Бурханыг ойлгох ойлголт дээрч том ялгаа илэрдэг. Буддизм Бурхан гэж тусгай, бодитой юм байхгүй, Бурхан гэдэг бол хүний сэтгэлийн чанар юм гэж ойлгодог. Амьтан бүрийг хайрлах, нигүүлсэхүйн дээд хутгийг олж гэгээрсэн, амьтан олонд аврал тус болж чадах эрдэм төгссөн хүн бүхэн Бурхан мөн гэж номлодог.

     

    -Тэгвэл Христын шашинд юу гэж үзэж байна?

                -Бурхан гэж бий,тэрбээр бодитойгоор оршиж, ертөнцөд оршигч бүгдийг бүтээж байдаг бүтээгч үүтгэл юм. Түүнд хүрэх ганц л зам бий,тэр бол Есүсийг өөрийнхөө жинхэнэ эүэн, Аврагчаа гэж үнэн голоосоо итгэх итгэл үнэмшил юм гэж номлодог.Хоёр шашны энэ эш үзлийг задлаад гүнзгийрүүлээд бодоод байхаар Буддизм нь илүү их философилог, Христианство нь илүү их шашинлаг үзэл суртал шиг санагдаад байдаг юм.харин хүний оюун бодол, сэтгэл санааны ертөнц рүү нэвтрээд ирэхээрээ хоёулаа ав адилхан маш хүнлэг, ёс суртахуунлаг, эд юмсыг ч, хүнийг ч хайрлах, энэрэх, өрөвдөх, туслах үнэнхүү Бурханы бодь сэтгэлээр нигүүлсэн амьдрахыг хүний амьдралын үндсэн хууль болгодгоороо үндэс нийлдэг юм.Буддизм Христианство хоёрын аль алинд нь аугаа хүмүүнлэг зарчим бий.Хоёуланд нь “Бурхан бол хайр, бас, зөв амьдралын зам” гэсэн нэгэн язгуурт үндэс байна.Энэ нэг үндэс Буддизм Христианство хоёрын философи онол эшийн зөрчлийг миний сэтгэл зүрхэнд арилгаж, хооронд нь нэгдүүлж нэгтгэж байдаг юм.

    -Ингэхлээр, та шашин шүтлэгийн олон урсгалуудад их плюрал үзлээр ханддаг юм шив дээ?

                -Тийм шүү, үнэхээр тийм! Би өөрөө өвөг дээдсээсээ бөөгийн мөргөлтнй, олон үе дамжсан бөө удамтай хүн. Байгал дэлхийгээ амьтай, сүнстэй, нүдтэй, халуун амьсгаатай амьд цогц гэж үзэж сүсэглэдэг. Гэм хийвэл, ухаж төнхөж гомдоовол уурлах вий, хорлох вий! гэж айдаг.Өглөө бүр цайныхаа дээжийг мөнх хөх тэнгэртээ, уул усныхаа эзэд савдгуудад өргөж залбирдаг, газар лусын тарни уншиж аргаддаг. Ан амьтан алах, өвс цэцэг хамаагүй тасдах, мод хугалах, чулуу хөдөлгөхийг цээрлэдэг шүү!

     

    -Ийм шашинлаг үзэл бодол, амьдралын заншил, зуршил тань таныг амьдралд хүлцэнгүй хандахад хүргэдэг байх даа. Бас таны Марксист онол, нийгмийн амьдралыг үнэлэх цэгнэх марксист байр суурь тань өнөөгийн зах зээлийн нийгмийн хуульд өдөр бүр дарлагдах юм шиг!

                -Хүний амьдралын хувь тавилан нь л дээд хууль шүү дээ.Хувь тавилангаараа, үйлийнхээ үрээр ирж байгаа зовлонг ч, жаргалыг ч би хүлцэнгүйгээр хүлээж авдаг. Хүлцэнгүй байлаа гээд миний амьдрал бусдаас өчүүхэн байгаагүй, эмзэглээд байх хэмжээнд доошоо гудайгаагүй. Монголд хэн ч өөрийгөө миний дээр тавьж зүрхлэхгүй, нөгөө үзүүрээс, хэнийг ч би өөрийнхөө дор тавихыг өөртөө зөвшөөрөхгүй. Энэ миний шашинлаг зарчим. Харин Марксист байр суурины тухайд гэвэл, эдийн засгийн харилцааны хамгийн зөв, жинхэнэ шинжлэх ухааны онол бол таваарын /бүтээгдэхүүний/ нэмүү өртгийн механизмыг нээсэн, капитал, хөлсний хөдөлмөр хоёрын мөн чанарын зөрчлийг илчилсэн Марксист онол гэж үзсээр байгаа шүү дээ. Би бол яахав, Марксизм,Буддизм хоёрын завсархи хавчуурга юм.

    Амьдралыг аль алинаар нь ойлгодог. Марксынхаар амьдрал бол тэмцэл. Буддагийнхаар, амьдрал бол хүлцэл, хүслээ тэвчихүй юм. Энд харилцааны хамгийн зөв тэнцэтгэлийг олох нь чухал. Энэ тэнцэтгэлийн үл мэдэгдэгч нь нийгэм, бусад хүмүүс тул уг тэнцэтгэлийг бодох аргачлал нь хүнийг зөв ойлгож, гүнээ хүндэтгэж харьцах харьцаа л юм. Хүний амьдрал гэдэг чинь олон тулгуур дээр тогтож байгаа юм шүү дээ.

     

    -Тухайлбал, таныхаар, тэр тулгуурууд юу юу байна. Нийгмийн, хувийн, байгалийн …тэр байтугай, галлактикийг гээд олон нуугдиал хүчин зүйл байна уу.Эсвэл …бүхний мэддэг мөнгө?

                -Мөнгө ч…/инээв/ хүчтэй байна шүү. Маш хүчтэй улстөр хийж байна. үзэл суртлыг дарангуйлж, захирч байна.  Мөнгөний эдийн засаг, улстөр хувийн өмч, үйлдвэр үйлчилгээг  хөгжүүлсэн ч, хүний дотоод байгууламжуудыг муухай хорлонтой эвдэж устгаж байна. За энэ ч яахав, хичнээн яриад ч тусаа барсан асуулт.  Орхисон нь дээр. Харин хүний амьдралын жинхэнэ утга, зорилгын талаар жаахан философидвол надад сонирхолтой байна.

    -За, тэгье! Хүний амьдрал хүнд хамаатай юу гэсэн шиг өнөөгийн хүмүүс амьдралын тухай янз янзын л ойлголттой байдаг?

                -Хүний амьдрал олон багана дээр тогтоно оо. Хамгийн бөх, цул, хүчирхэг багана нь гэвэл, хүний зөв, ариун сэтгэл байгаа юм. Хүний амьдралын хамгийн өндөр оргил энэ багана дээр босдог, бас түүн дээр оршдог. Өөр нэг гол багана гэвэл зорилго байна.Хүний амьдралын хамгийн том зорилго бол өөрийгөө Бурханд аль болохоор ойртуулах, мөн чанараа Бурханы мөн чанартай нэгтгэх, хүмүүст Бурханы өгдөг хайр, аврал,итгэл, тусыг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, аль нэг хүний амьдрал өөрөөсөө гадна маш олон хүмүүст хэрэг болсон байх ёстой. Маш олон хүмүүст жаргал бэлэглэсэн байх ёстой. Хүн хэчнээн олон хүнийг жаргаана, өөрөө төчнөөн их жаргана. Хамгийн олон хүн жаргаасан хүн л өөрөө хамгийн их жаргалтай амьдарна. Ер нь амьдралыг том, хэцүү зорилго л сайхан болгож байгаа юм шүү дээ. Зорилгоо биелүүлж чадсан хүнд үхэл ч бас сайхан. Харин зорилгоо яаж биелүүлэх вэ гэдэг нь амьдралын нэг багана болох ёстой. Энэ багана бол шудрагаариун хөдөлмөр. Хөдөлмөргүй амьдрал бол идээ нь хоосон самрын хальс л гэсэн үг шүү дээ. Ер нь амьдралыг соёл л гэж ойлгомоор байгаа юм даа. Соёл гэдэг хүмүүн оршихуйн дотоод, гол чанар юм. Тэр хүний дотоод гэгээрэл дээр тогтдог, чинад чанарын үзэгдэл юм. Амьдралыг соёл гэх утга агуулгаар нь ойлгон хандвал, энэ маань зөвхөн мэдээлэл, мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурласан жирийн боловсрол, компьютер, интернет ашиглалтын сухцаас хавьгүй илүү дээд шатны оюун билгийн задралтын шатан дахь нийгмийн үзэгдэл.Оюун санааны хөгжлийн энэ түвшинд эд материалын хэт үйлдвэрлэл, утгагүй хэрэгцээ үгүйсгэгддэг.

     

    -“Утгагүй хэрэгцээ” гэж та юуг хэлж байна вэ?

                -Дээр өгүүлсэн ухаалаг, бурханлаг зорилго тавьж амьдрахад огт хэрэггүй, хүний философийн шаардлагаас илүүдэл хэрэглээг хэлж байна. Хүн хэчнээн оюунлаг, дотоод ертөнц нь хэчнээн гүн, амьдралын нь зорилго хэчнээн төгөлдөр байх тусмаа гадаад ахуйн нөлөөллөөс төчнөөн ангижирч, эд материалын хэрэгцээ, хэрэглээ нь минимум хязгаар руу тэмүүлдэг.Харамсалтай нь, бидний амьдарч эхэлсэн энэ нийгэм, энэ зах зээлийн харилцаа дэндүү муухай атейст, хатуу прагматик амьдралын харилцаа юм.Атейст /шашингүйн үзэл/ прагматик гэдэг нь юунаас их мэдэгддэг вэ гэхээр, хүнийг зөвхөн уурагт махбодын оршихуйн цагираг дотор л ойлгодог. Хүнс хоол идэх хэрэгцээтэй, үржих, үр удмаа үлдээх биологийн хэрэгцээтэй, өмч хөрөнгө эзэмших эрхзүйн болоод санхүүгийн эх үүсвэрийн хэрэгцээтэй ухамсрын бүтэц буюу зөвхөн бодисын солилцооны үрээр оршин амьдрах амьд бие махбод гэж ойлгодог.Гэтэл хүн бол зөвхөн бодисын солилцоо явагдсанаар амьдарч орших нь ч бус, хийн солилцоо, далд эрчим хүчний солилцооны нэгдэл дээр амьдрал нь хангагддаг олон давхар бүтцэт нийлмэл тогтоц юм.Хүний амьдралд нийгмийн үйлдвэрлэлээс авч хэрэглэж байгаа эд агуурс, бодит хэрэглээний үнэт юмсаас гадна үнэгүй хэрэглэдэг хийбод юмс, материаллаг бус хүчин зүйлүүд зонхилох үүрэгтэй оролцдог.Эдгээрийн нэг нь галлактикийн орчих хөдөлгөөн, од эрхсийн байрлалын нөлөө, сансрын эрчим хүчний эерэг, сөрөг үйлчлэлийн бодитой үр дүн байгаа юм. Галлактикийн болоод сансрын эрчим хүчний урсгал, хүний био эрчимийн харилцан үйлчлэл, эерэг сөрөг хүлээн авалтын нэгдэл нь хүний бие махбодод ч, сэтгэл санааны төрх төлөвт ч, үйлдэл, үйл ажиллагааны шинж чанарт ч хүчтэй долгион, таталт түлхэлт үүсгэж бараг амьдралын нь зам, заяа төөргийг тодорхойлох, магадгүй, удирдах хэмжээнд “Нууц код”-оор оролцдог зарчим хадгалагдаж байдаг шиг байгаа юм. Энэ “нууц код”-той сансрын мэдээлэл, эрчимийн урсгалын далд ивээл, хорлол зэрэг нь хүний нүдний үзэх чадвараас хамаагү й дээш квант чанарын хууль зүйтэй “удирдах хүч” болж хүний амьдралд оролцож, одоогоор шинжлэх ухаанд бүрэн нээгдээгүй, танин мэдэгдээгүй ахуй, бүтцээр хүний зүүд, зөн совин, уураг тархины бор бодис дахь пара-нейро эс болон эсийн бүтцээс нарийн зохион байгуулалттай дэд бүтцүүдэд мэдээлэгдэж, сэрэгдэж, тэгээд хүний үйл ажиллагааг өөрт нь мэдэгдэхгүй өдөөж, хүний үйлдсэн үйлийн нь хариу болгон захиран залж байдаг юм байна гэж итгэдэг болчихсон.

    -Одоо хоёулаа Монголынхоо өнөөгийн нийгмийн амьдрал руу жаахан орж ярилцвал ямар вэ. Тухайлбал, Монголын ардчиллыг та ямар түвшинд байна гэж үздэг вэ. Улстөрийн болоод эдийн засгийн хүрээнд соёл-урлаг, хэвлэл мэдээллийн салбарт гээд задалж яривал ямар вэ? 

                -Ардчиллын хөгжлийг нийгмийн харилцааны салбаруудаар ангилаад харахаар янз бүрийн түвшин харагддаг. Тус тусад нь салгаж ярина гэвэл хоногийн яриа болно. Тэгэхээр, салгаж задлах бус, харин нэгтгэж базаад ерөнхий шинж чанар, дүн нурууг юу гэж дүгнэдгээ хэлье. Үүнийгээ ганц өгүүлбэрээр хэлбэл, нийгмийн амьдралд ардчилал шиг хэрэгтэй юм, хэрэгтэй Бурхан байхгүй атал монгол дахь “ардчилал” нийгэмд ардчилал шиг хэрэггүй юм, ардчилал шиг ад зэтгэр, санаандгүй гай байхгүй болтол нь ардчиллын утга чанарыг гажуудуулж байна. Монголын ардчилал бол ард түмэнгүй ардчилал юм. Манай хөөрхий ард түмний 80 хувь нь ядуу, тэдний тал хувь нь бүр үгээгүй хоосон, нийгмийн баялгийн хуваарилалтаас шудрагаар хүртэж чаддаггүй, эдийн засгийн эрх чөлөөгүй, амьдралын дарамтад өдөр шөнийг нойтон голтой өнгөрөөдөг. Тэдэнд хүний бодит эрх, эрх чөлөө, амьд явах урам зориг ч байхгүй. Тэд хүнэрхүү амьтад байна уу, адгуус араатан шиг амьтад байна уу, үхдэл хүүр болоод шороонд булуулна уу, Монголын ардчилалд ер пад байхгүй. Тэд зөвхөн сонгуулийн өдөр л санал өгөх “үүрэгтэй”, зөвхөн “сонгогч” гэдгээрээ л хэрэгтэй, хаа нэгтээх тойргийн анхааралд өртөж “тооцоологддог” “хоёр хөлт-сүрэг!”. Гэтэл “Ардчилсан Монгол”-ын хүн амын дөнгөж 4-5 хувь нь л хүний амьдралаар, “нийгмийн гишүүн”-ий ахуй амьдралаар амьдрах эрхтэй, үхэхгүй урт наслах эрхтэй, хууль зөрчих эрхтэй, нийгмийн баялгаас хүссэнээрээ өмчлөх эрхтэй, Сонголын ард түмний болоод Монголын түүхийн ямар ч үнэ цэнэт  баялгийг хувьдаа эзэмшихээр луйвардах эрхтэй, хөдөлмөрийн бус аргаар оюунгүй толгойнхоо овсгоо залиар, авилга хуйвалдаанаар хэдэн үе удмаараа эдлээд үл барах хөрөнгө, хуримтлал гадаад дотоодод нөөцлөн хураах эртнй амьдарч байна.Ийм мөн чанартай, үр дүнтэй, ард түмнийхээ олонхийг хүний тооноос хассан эдийн засгийн механизмтай ардчиллын тогтолцоог би шийдвэртэй эсэргүүцэж байна.“Хувьцаа” нэрээр тараасан хоёр сая нэг зуун мянган “өнгөт цаас” өнөөдөр зуу гаруйхан хүний халаасанд л эргээд төвлөрсөн байна.Ийм “ардчилал” гэдэг хамгийн хүчирхэг дарангуйлал мөн.Монголын ард түмний наян хувь нь хөрөнгөлөг цөөнхийнхөө эдийн засгийн терроризмд эрсдэн аж төрж байна.Энэ бол дайн, аллага хоёрын дараа орох харгислал юм. XXI зууны эхний Монголын нийгмийн үндсэн шинж төрхийг өнгөрсөн зууны 80-90-ээд оныхтой нь хүн амынхаа 70-80 хувийн нь ахуй амьдралын хэв шинжээр харьцуулж ажиглавал, монголчуудыг нэгд, архичин үндэстэн, хоёрт, хулгайч үндэстэн, гуравт, оюуны тураалтай үндэстэн, дөрөвт, ажилгүй гуйлгачин үндэстэн болгосон үр дүн л ажиглагдаж байна.Хэн нэг судлаач, шинжээч нийгмийн хөгжлийг тодорхойлох дүгнэлт хийхдээ, нийгмийн харилцааны цөм бүтэц болсон хүмүүс мөн чанараараа хэн болов гэдэг үзүүлэлтээр дүгнэлт хийх ёстой.Манайд бүтээгч нийгэм байсан бол хэрэглэгч, авилгач нийгэм болов. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, бид бүтээн байгуулагч, хөдөлмөрчин үндэстэн байсан бол дээрх дөрвөн шинжээр тодорхойлогдох үндэстний трансформацид орж хувьсчээ гэсэн үг. Дээр нь нэмээд хэлэхэд, хүн жинхэнэ капитал байсан бол ихэнх маань хүн чанараа алдсанаар монгол хүний үнэт чанар “дэлхийн зах зээл”-д тэглэгдэх нь байна шүү дээ.

     

    -Эдийн засаг байнга өсөөд байгаа шүү дээ.Гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламж, ОУВС болон дэлхийн санхүүгийн байгууллагуудын хөнгөлөлттэй зээл их хэмжээгээр нэмэгдэж, ДНБ, хүн амын дундаж орлого, төсвийн орлого өссөөр л байгаа. Инфляци ч тогтмол буурч байгаа гэж мэдээлдэг!

                -Яахав эдийн засагт ахиц гарч байгаа байгаа юм байна.Үйлдвэрлэл өсч, ДНБ жилд 8-10 хувиар өсч, хүн амын мөнгөн орлого 1000 ам.доллар руу тэмүүлж байгаа юм билээ.   Дэлхийн эдийн засагт хөгжлийн түвшинг эдгээр үзүүлэлтүүдээр жишдэг болохоор манай эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг чиглэлтэй байгаа нь байгаа л юм байна.Гэвч энэ хөгжил бол бүтээлийн хөгжил биш бүрэлгэл, сүйтгэлийн “хөгжил” юм.

     

    -Яагаад гэж асуумаар  санагдлаа?

                -Энд монголчууд бидний хүч хөдөлмөр маш өчүүхэн хувьтай. Монголын газар шороо, эх нутгийн маань хэвлийд агуулаастай эрдэс баялгаас л орж буй орлогын “хөгжил” болохоос бид хөдөлмөрөөрөө цогцлуулсан бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт, хөгжил биш шүү дээ.Энд юу байгаа вэ гэхээр, аанай л өнөө Бурханы бүтээл. Монгол нутгийн хөрс шороонд бэлэн зэхээстэй “бүтээгдчихсэн байгаа” зэс, алт, цайр, хар тугалга, нүүрс, төмрийн хүдэр, мөнгө, ой мод, элс хайрга, өвс ургамал, самар жимс л байгаа. Эдгээр байгалийн баялгаа, хэдэн малын маань буян болох арьс үс, ноос ноолуурын экспортын үнийг өсөлтөөс орж буй орлогын санаандгүй, азтай “хөгжил” л монголын эдийн засгийн дотоод “тогтвортой” өсөлт, хөгжилт мэт харагдаж байна.Энэ бол нөгөө талаасаа, газар нутгаа цөлмөсөн, орших ахуйгаа сүйтгэсэн “ойрын хараатай” наймааны бохир орлогонд л алгаа ташиж байгаа хэрэг. Зүйрлэж хэлэх вм бол, хөлөө тайрч хаяад, гадаадаас тусламжинд ирсэн, гоё, хурдан тэргэнцэрт суусандаа баярлах тай л адил! Өнөөдөр мөнгөөр хэмжигдэж, үнэлэгдэж буй орлогоосоо хэтдээ ямар ч үнэ өндөр ханштай гадаад валютын ямар ч их нөөцөөр нөхөхгүй гарлага байж мэдэх юм.Хүн амын дундаж мөнгөн орлого 950 ам.доллар болж байгаа үзүүлэлт ч маш маапаантай үзүүлэлт.Хүн амын давхрагын бүтцээр нь задлаад үзвэл 80-85 хувь нь 150-200 хүрэхгүй ам.долларын            орлоготой, амь торгоож суугаа.харин 10-15 хувь нь л юун мянган ам.доллар байтугай 150-200 мянган ам.долларын орлоготой цулайж хэвтээ. Гэхдээ энэ цулайсан амьдрал, орлогын эх сурвалж нь бохир үйл ажиллагаа, авилга, хээл хахууль, аймшиггүй нүгэл, гэсгээл шийтгэлгүй гэмт хэргийн үйлдлүүд ыайгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй дээ!

    -Жинхэнэ, зүй ёсны гэж үзэж болох гарц юу байна вэ.таны харцанд юу сүүмэлзэж байна?

                -Хөгжлийн гарц бол гагцхүү хөдөлмөр л дөө. Хөдөлмөрлөдөг, бүтээдэг ард түмэнтэй улс орон л хөгжинө.Үндэсний бүтээмжээр, бүтээгч чадвараараа үндэстнийхээ материаллаг болоод оюун санааны эрэлт хэрэгцээг хангадаг дотоод бааз суурьтай, арга туршлагатай, үйлдвэрлэлийн динамик бүтэцтэй, сэтгэлгээний өндөр хурдтай, тэгээд ийм чадвар, ийм үйл явцыг хангаж чадах, удирдан зохион байгуулж чадах чадварт хүрсэн төр засагтай улс орон л жинхэнэ хөгжилд хүрнэ.Товчдоо, бүтээдэг ард түмэн л гоо сайхан амьдарна.Хөгжлийн хэмжүүр нь. Хүрэлцээтэй эд баялагтай ахуй нөхцөлийн дээр хүмүүсийн гоо сайхан амьдрал байх ёстой.

     

    -Тэгэхээр гоо сайхан амьдрал гэдэг нь ямар хүрээг хамрах вэ?

                -Оюун сэтгэлгээний хүчирхэг чадвар, сэтгэлийн гэгээрэл, ёс чуртахууны бурханлаг чанар зэрэг хүний хөгжлийн дотоод, гүн давхрагуудыг хамарна.Өөрөөр хэлбэл, юмс үзэгдлийн үнэнийг биеэ дааж сэтгэн бодож чаддаг, хулгай хийдэггүй, худлаа хоосон ярьдаггүй, бие биеэ үгээр болон мэсээр алдаггүй, өөртөө хэрэгтэйг өөрсдөө бүтээж чаддаг ард түмэн бол хөгжлийн хөгжилтэй ард түмэн.Ийм ард түмэн хамгийн хүчирхэг байдаг.Харин хэрэгтэйн хэмжээ, масштаб их, бага байж болно.Эд баялгийн хэрэгцээ, хэрэглээ нь бага хэмжээтэй, цөөн номенклатуртай байх нь хамаагүй.Энэ бол тийм ч сөрөг үзэгдэл биш.Гагцхүү оюуны, дотоод ертөнцийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага нь олон талтай, нийлмэл, гүн байх нь чухал.Ийм ард түмэн хамгийн баян ард түмэн байх болно.

     

    -Тантай удалгүй уулзсаных эх орон, эх оронч үзлийн тухай яривал ямар вэ.Таны одоо бичиж буй “Ёст хаан Аригбөх” зохиол ч энэ талаар өгүүлсэн юм шиг байна?

                -Эх орон маань нэг л өрөвдмөөр, уйлмаар харагдаад гунигтай л байх юм байна шүү дээ.Монгол гэдэг сайхан нутгийг…Бурханы энэ хосгүй бүтээлийг өнөөгийн монголчууд гэдэг үндэстэн даанч муухай эдэлж байна.Даанч балмад, харь, хүйтэн цэвдэг сэтгэлээр эзэмшиж, өмчилж, хувьчилж, даанч олхиогүй эзэд нь болон хувирч байгаад гунихрах юм.Их л харамсалтай, амьдралаас заримдаа татгалзмаар, эмгэнэлтэй буруу түүхийн гэрч болж амьдарцгааж байна шүү дээ.

                Монгол гэдэг үзэсгэлэнтэй нутаг, баатарлаг үйлсийн өв зузаан түүхтэй улсын өнөөгийн иргэдийн ихэнх нь ядуу амьдралтай, хийх ажилгүй, сурсан эрдэм олсон олзгүй, нөгөө хөрөнгөлөг цөөнх нь болохоор сэтгэлгээ, сэтгэлийн хөгжлийн хувьд мунхагийн харанхуйгаас хагацаагүй хүмүүс. Тэдэнд уг нь өмч хөрөнгө бус оюуны, сэтгэлийн “ариун цэвэр” хэрэгтэй байгаа атал тэд эд агуурс хуримтлуулаад л, өнгө зүсээ, унаа байраа гоёод л байх юм.Оюун, сэтгэлийн “ариун цэвэр”-ийг шинжлэх ухааны томъёогоор дианектика гэдэг юм гэж дуулсан.

    -Дотоод ертөнцөө цэвэршүүлэх, цэвэр ариун байлгах нь юуны төлөө вэ гэдгийг бусдад хэлээч?

                -Хүний хөгжлийн шатны эхний гишгүүр шүү дээ. Гэтэл манай хөрөнгөт элементүүд энэ анхны гишгүүрт ч хүрч гишгээгүй байж л хөрөнгө мөнгөнийхөө “гишгүүр”-ээс л шууд улстөр  рүү үхэлдээд орчих юм.Ийм “улстөрчид” чинь сэтгэлгээний чадавхийн хувьд, дианектик хөгжлийн түвшний хувьд зүгээр л улстөрийн “протозейнүүд” болчихдог. Үүнээс шалтгаалаад эх орны маань улстөрийн тогтолцоо явган хэрүүл маргааны “тойруулга” болж ажил нь гацдаг, төрийн үйл ажиллагаанд авилга, дампуурал үүсдэг.Эдийн засагт далд эдийн засаг нэвтэрч торонд нь баригддаг.Нийгэм бүхэлдээ системийн хямралд идэгдэж, завхрал, самуурал, анархизм газар авдагийн анхдагч шалтгаан, энд оршиж байна.

     

    -Уучлаарай, би эх орон, эх оронч үзлийн тухай тодруулж асуусан?

                -Харин тиймээ, би мартаагүй.Эх орны тухай асуусан болохоор л эх орон минь надад ямар харагдаж байгааг ярьж байна.Эх орон гэхээр хүн өөрийнхөө амьдралын эхлэл төгсгөл хоёртой заавал л холбож боддог юм даа.Хүн амьдралаасаа салгаж салангид бодож болдоггүй, ер чаддаггүй хэдхэн юм байна.Ижий аав, хань ижил, үр хүүхэд байна, эх орон байна.Бусад нь хүний хөдөлмөртэй л шүтэлцэж, ажил үйлстэй нь хамааралд оршино.Эдгээрээс ялгаатай, хамаагүй давуутай нэг аугаа чанар эх оронд байдаг.Юу гэвэл, эх орон хүнийг хэзээ ч ад үздэггүй, хялайн хардаггүй, үзэн яддаггүй, хэзээ ч хаядаггүй юм.Гэтэл үрээ үзэн яддаг эх, эцэг эхээ хөнөөдөг үр, ханиа хаядаг нөхөр зөндөө л байдаг, хаа сайгүй байдаг.Ингэхлээр хүнд насан туршид нь үнэнч байдгийн нь төлөө хүн эх орондоо насан туршдаа үнэнч байх хэрэгтэй юм. үнэнч байна гэдэг юу гэсэн үг вэ гэхээр эх орноо дэлхийн улс үндэстнүүдэд болон өөртөө амьдралын төгс төгөлдөр сайхны үлгэр дууриал байлгахаар өөрийнхөө чадах сайн үйл бүхнээ хийх, өөртөө байгаа сайн сайхны эх сурвалж бүгдээ зориулан зарцуулна гэсэн үг юм.Ийм ухаарал, элэг сэтгэлд эх оронч үзэл суурилбал сая материаллаг хүч болж гарч ирнэ. Үзэл бодол гэдэг маш үйлч, эрчимт хүч шүү дээ.Энэ хүчийг бодит бүтээлд хувиргаж амьдруулах хөдөлмөрийн идэвхийг л би эх оронч үзлийн жинхэнэ илэрхийлэл гэж ойлгож байна.Дээр ньхүний элэг сэтгэл гэдэг нэг сонин “нэмэгдэхүүн” заавал орж таарна.Хүний сэтгэл гэдэг, бодоод байхад, бас л нэг айхтар хүчтэй биоцэнэг байх шиг байна л даа.Цахилгаан сүлжээний шугам шиг гэрэл гэгээ улаалж түгээдэг, богино холбоо үүсгэж тэсэрдэг, хүчтэй дэлбэрэлт болж хол ойр орон зхйд хэмжээлшгүй их үр нөлөөтэй долгион, цохилт тархаадаг шидэт мөн чанартай юм байна.сэтгэл маш олон хэлбэрээр ч долгионоо цацлаг байх. Уур хилэн, уйтгар гуниг, бахархал, омогшил, хашгираан…,нам гүм…, тэгээд ямар нэг материаллаг хэлбэрээр.Жишээ нь, нулимс!…Би өөрөө их уйлдаг, нулимс султай.Сая Саддам Хусейнд Иракийн шүүхээс ялын дээд хэмжээ оноож, дүүжилж хороохоор тогтоол үйлдсэнийг сонинуудаас мэдлээ.С.Хусейн ялын тогтоол сонсож үхэлтэй нүүр тулгараад “Би нэр төртэйгээр, айдасгүйгээр үхнэ. Би эх орноороо, араб ард түмнээрээ бахархаж үхэх болно.Иракийн ард түмэн мандтугай!” гэж хэлснийг уншаад хоёр нүдэнд халуун манан буцлаад д явчихлаа.

     

    -Би ч бас мэлмэрүүлэх нь байна шүү хө?

                -За, энэ ч яахав, миний аль эртийн архаг өвчин.Нулимстай, нулимсгүй хэлэхэд, эх орноороо бахархах бахархал, хайр чинь, ганц үгээр хэлбэл сэтгэл л шүү дээ.Нэгэнт сэтгэл юм болохоор сэтгэлийн бүх шинж чанарыг агуулна.Тайвуун, тогтуун ажаарахдаа ажаарна, тэсэрч дэлбэрэхдээ дэлбэрнэ, гэрэлтэхдээ гэрэлтэнэ, харанхуйлахдаа харанхуйлна. Хүмүүст мэдэгдэх  мэдэгдэхгүй,баригдах баригдахгүй хэлбэр, чанараараа хүний дотроос гадагшлана.Ямар ч хэлбэрээр задарч гадагшиллаа гэсэн үр дүн нь эх орондоо дандаа хэрэгтэй, ямар нэг бодтой материаллаг бүтээл болж гарна.Тэгээд оюуны болоод биеийн хөдөлмөрийн түүхэн дурсгал болж амьдран үлддэг. х орноо хайрлах хайр, ард түмэндээ тус бүтээх элэг сэтгэл л хүний амьдралын гол цөм байх шүү.Би хүний сэтгэлийн тухай дандаа ярьдаг, юуны түрүүнд л ярьдаг.Одоо ч дахиад л ярья.Сэтгэл л биеийг хүчирхэгжүүлж, цустай ав адил шимээр тэтгэж, өчүүхэн, эмзэг хүний бие махбодод хүмүүн бус хүч чадал, эр зориг, тэнгэр бурхадын увьдас ивээлийг оршоож байгаа юм.Дорно дахины гүн ухаанд сэтгэл ноён, бие боол гэж үздэг.Биед хүч өгдөг юм чинь бие өөрөө бус, булчин шөрмөсний үйл ажиллагаа ч бус, сэтгэлийн удирдлага гэж би ойлгож аваад байгаа.Хүний хөгжил гэдэг явж явж сэтгэлийн л хөгжил юм.

     

    -Сэтгэлтэй холбогдуулаад шашны тухай асуумаар байна л даа.Шашин хоорондын мөргөлдөөн гарсаар байна.Шашныг улстөрд ашигладаг.Монголд ч ийм хандлага ажиглагдаж эхэлсэн.Энэ талаар ямар бодолтой байна вэ.ер нь сүсэгтэн гэж хэн бэ?

                -Шашин бол хүн төрөлхтний танин мэдэхүйн хамгийн гүн салбар, хамгийн хүнлэг үзэл суртал, хүнийг жинхэнэ сүсэгтэн болгодог шинжлэх ухаан юм.Чи “сүсэгтэн гэж хэн бэ?” гэж асууж байна.Сүсэгтэн гэдэг бол жинхэнэ ариун, зөв явдалтай гэгээн хүн. Сүсэгтэн хүнийг тодорхойлох, бусдаас /атейстүүдээс/ ялгарах хэд хэдэн онцлог шинж чанарууд бий.Нэгд, хүний амьдрал, хувь заяанд орчлонгийн хязгааргүй гүнээс зайлшгүй нөлөөлдөг, идэвхитэй оролцдог нэг далд, нууцлаг, ариун гэгээн, аугаа их хүчин шид оршсон юм бий.Тэр бол Бурхан гэж итгэн үнэмшдэг. Хоёрт, хүний амьдрал гагцхүү өнөө цагт оршин хамаарагдах бус өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт тасралтгүй залгалдах үйлийн үрийн холбоотой үйл явц гэж ойлгодог.Өөрөөр хэлбэл, хүнд урьд нас буюу урьд төрөл, хойт нас буюу хүн үхсэнийхээ дараа олох төрөл гэж давтамж байдаг гэж ойлгодог. Гуравдугаарт, хүнд сүнс гэж нэг хий амь байдаг, хүн үхэхээр бие нь газарт үлдээд сүнс нь биеэсээ гарч тэнэн оддог, хүн энэ насандаа нүгэл үйлдэж амьдарвал сүнс нь их зовдог буюу тамд унадаг, хэрэв хүн энэ насандаа буян их үйлдэж, зовсон олонд туслаж, баярлуулж амьдарвал үхсэний нь хойно сүнс нь амирлаж, мөнхийн амар амгалан жаргалыг олдог буюу диваажинд очдог. Ингэхлээр, хүний энэ насны амьдрал бол буян, нүглийн дэнс юм гэж ухаарч амьдардаг.

    -Тэгэхээр сүсэгтэн гэдэг нь…?

                – Сүсэгтэн хүн гэдэг бол ийм үзэл бодолтой, сэтгэл санаатай улс.Өнөө, маргаашийн ахуй амьдралынхаа жаргалыг бодох нэг хэрэг, хойд амьдрал буюу сүнснийхээ амьдралын жаргал зовлонг давхар бодон амьдралын хуулиа болгодог.Ийм хуулиар амьдардаг онцлогтой учраас сүсэгтэн хүмүүс үргэлж буяныг хичээж, нүглийг тэвчиж, хүний ариун, зөв амьдралын дээд үлгэр-бодь мөрийг эрхэмлэж амьдардаг мөн чанартай. Энэ чанарыг нь гүн гүнзгий ойлгохгүйгээр, сэтгэлзүйг нь нарийн судлахгүйгээр шашнаар зэвсэг хийх, шашинд өнгөцхөн, мөнгөнд ханддаг шигээ хандаж улстөрд ашиглахыг яаран хүсэгчид улстөр, эдийн засгийн хүрээнд олон бийгээс нийгмийн амьдралд ухваргүй зөрчил үүсдэг нь үнэн. Гэвч энэ зөрчилд аль нэг шашин сүсэг буруутай биш, харин шашин ёсыг үл ойлгон, үл хүндэтгэн нийгмийн зөрчил, хагаралд турхиран оруулсан “ашиглагч”-ийн буруу бөгөөд нүгэл.

     

    -Гэтэл шашин хоорондын дайн өнөөдөр дэлхийд гарсаар л байна шүү дээ.Жишээ нь, лалын болон иудей, христос шашинтны хооронд?

                -Тэр бол Ертөнцийн эзэн, Аллах хоёр хоорондоо хийж буй дайн биш, лалын тулгар үзэлт фанатикууд болон Ж.Буш, Т.Блейр мэтийн нидэр дээрээ атейст улстөрчдийн өс хорсол, алдар нэрийн төлөөх тэмцлийн урхагаар хийгдэж буй аллаганд гэм зэмгүй олон эрсийн амь золиослогдож байгаа үзэгдэл. Ер нь өнөөгийн дэлхийн аль нэг өзс нутаг, улс оронд болж буй дайн байлдааны үйл ажиллагаа бол нэг талаас эзлэн түрэмгийлэгчид, нөгөө талаас эрх чөлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалсан, нутаг дэвсгэрийнхээ хуваагдлыг үл зөвшөөрөн эсэргүүцсэн тэмцлийн хэлбэр, агуулгатай байгаа санагддаг.

     

    -Терроризм гэдэг үг өөрийн эрхгүй аманд дэлбэрэх нь?

                -Терроризм бол философи утгаараа ч, практик утгаараа ч анхдагч буруу үйлдлийн буруу хариу.Аль аль талаасаа буруу шийдэл.Ер нь дэлхийн том дайн хаана ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр гарч болно.Монголын төлөө биш мөртлөө, Монголд, Монголын нутаг дэвсгэр дээр ч дэлхийн дайн хэд ч гарч болох.Гэхдээ хэүээ ч шашин шүтлэгийн юм уу соёл-иргэншлийн ялгаа, зөрөө, өрсөлдөөн тэмцлээс болж гарахгүй.Дайн гардаг ганцхан шалтгаан байдаг юм.Тэр нь эдийн засгийн шалтгаан.

     

    -Баруунд Хантигтон гэдэг эрдэмтэн дэлхийд соёл иргэншлүүдийн хооронд том мөргөлдөөн болно гэж оношилсон.Би хувьдаа бодохдоо, хүн төрөлхтнийг ахин хуваагдалд орно гэж боддог.Гэхдээ дайн тулааны улмаас бус хэн сайн соёлын түрэлт хийнэ, тэр үндэстэн үлдэх болов уу.Энэ талаар бичиж байсан юм?

                -Монголд Урианхай гэдэг эрдэмтэн дэлхийн шашин шүтлэг, соёл-иргэншлийн ялгаа зөрөө, хөгжлийн өрсөлдөөнөөс болж хүмүүст аюул гамшиг учруулах мөргөлдөөн гарахгүй гэж оношилж байна. Хүн төрөлхтнийг зөвхөн дайн л хуваагдалд оруулдаг шүү дээ.Учир нь, тэдний нэгдэл нь дайнаар нэгтгэгдсэн хүчирхийллийн нэгдэл байдаг.Тиймээс дахин дайнаар л хуваагддаг.Дайныг юу өдөөдөг вэ гэвэл, улстөр өдөөдөг.Цаана нь ганцхан шалтгаан байдаг.Тэр нь эдийн засгийн ашиг сонирхол.Эдийн засагт стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзлэх, эзэмших, үйлдвэрийн түүхий эд, хямд ажиллах хүчийг нь ашиглах өөрийн үндэстний амьдрах орон зайг тэлэх материаллаг ашиг сонирхол л алив дайны үндсэн гол шалтгаан юм.Шалтаг нь янз бүрээр тайлбарлагддаг. Түүнээс биш аль нэг соёл иргэншил, ёс заншил нь аль нэгийгээ устгах, өөрөө үлдэхийн тулд хэзээ ч мөргөлдөөн, сөргөлдөөн, дайн байлдааныг зэвсэг хэрэгслээ болгохгүй. Дайн болон алив хэлбэрийн мөргөлдөөнүүдийг зөвхөн улстөрчид, геополитикийн зөвлөхүүд л өдөөн турхирч, гардан зохион байгуулдаг.Тэгэхдээ тэд өөрсдөө дайтахгүй. Ард түмний аль бүл чадалтай нь, эрүүл саруул биетэй нь дайтаж бие биеэ алдаг.Дайнд эгэл жирийн ард иргэд л ашиглагдаж амь насаа алддаг. Би энэ “онол”–ыг Даян дэлхийн энхтайвны элчин сайдын хувьд хэлж байгаа юм шүү./Инээв/

     

    -Манай улстөрийн тогтолцоог нэг л бишээ гэх болов.Энэ парламент гээч зүйл хэрэгтэй юу. Засаглал хуваах хэлбэр маань мухардалд ороод байх шиг?

                -Уг нь манайд Үндсэн хуулиар хувьчлагдсан засаглал хуваарилалтын бүтэц их зөв, сайн бүтэц санагддаг. Ерөнхийлөгч, УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар гэсэн гурвалжин байна.Энэ гурвалжин адил талт, адил өндөрт, өдил өнцөгт, адил эзэлхүүнт гурвалжин.Үйл ажиллагааны нь зарчим маш нарийн уялдаатай. Бие биеэ харилцан тайлагнана, бие биеийн функцид харилцан туслах үүрэг хүлээж, нэг зүг чиглэлийн  вектортой ажиллана.Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагаа нь ард түмэн рүүгээ чиглэсэн зорилгод нэгдэнэ.Түүнийг нэмээд бодвол, геометрийн тэгш өнцөгт дөрвөлжин үүсэх нь. Дөрвөлжний талууд бие биеэсээ эхэлнэ, бие биедээ шүтэлцэнэ.Ингээд бодвол, манай засаглал хуваарилалтын механизм маш сайн механизм.Гэхдээ бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Юу гэвэл, ямар ч сайн механизм өөрөө ид шидтэй зүйл биш.Механизмын ид шид эерэг зөв үйлчлэл зөвхөн хүмүүсээр л дамжиж илэрнэ.Засаглалын бүтцийн механизм сайн үр дүнтэй ажиллахгүй, өгөх ёстой үр ашгаа өгөхгүй байгаа нь механизмын мууд байгаа бус, уг механизмыг зохих ёсоор нь ажиллуулж чадахгүй байгаа хүмүүсийн муутай холбоотой. Механизм өөрөө тогонд залгагдаагүй цахилгаан тоног төхөөрөмжтэй л адил тул түүнийг ажиллуулж, хэрэг бүтээлгэхийн тулд цахилгаан эх үүсвэрт холбох ёстой шиг тэр механизм дээр сууж буй удирдагчид, улстөрчид, эрх мэдэлтнүүдийн мэдлэг боловсрол, авъяас чадвар, ёс зүй, ухамсар, эх оронч үзэл, хөдөлмөр зүтгэлийн идэвхид уг механизм холбогдож байж л амьдралд үр дүнгээ нэвтрүүлнэ.Цаад хүмүүс нь “цэнэггүй” бол механизм ажиллахгүй. Тэгэхээр механизмыг ажиллуулах ганц гарц нь механизмын удирдлага дээр суух хүмүүсээ л зөв сонгох явдал юм.Энэ сонголтыг хийхдээ бид маш их алддаг.Иймд манай сонгуулийн тогтолцоог шал өөрөөр өөрчлөх шаардлагатай.

    -Хэрхэн яаж вэ?

                -Үнэхээр тулгамдаж буй асуудал. Өнөөдөр дэлхийн ардчилсан төрт улсуудад авч хэрэгжүүлж буй сонгуулийн гурван хэлбэр гурвуулаа аль алинаасаа давуу ч талтай, дутуу ч талтай юм байна.Би дэлхийд тогтсон сонгуулийн гурван тогтолцооноос хахь өөр тогтолцоог, тэгэхдээ Монголынхоо улстөрийн нөхцөлд тун сайн тохирох тогтолцоог санал болгосон.Тэнд Монголын парламентыг бүрдүүлэх цоо шинэ зарчим, арга, аргачлалыг боловсруулж тавьсан.Юу гэвэл, Монголоо бүхэлд нь буюу хоёр сая хүрэхгүй сонгогчдоо нэг тойрог болгох /76 тойргоо томсгож, тоог нь цөөлөхийг олон хүн санал болгож байгаа/, мандатын тоог дээрээс тогтоохоо больж “n” тоотой болгон чөлөөлөх, өөрөөр хэлбэл, сонгогч заавал нэг нэр дэвшигчид л албан шаалтаар саналаа өгдөг тулгалтыг болиулж хэдэн ч хүнд саналаа давхар өгч болох эрхийг нээх, парламент /УИХ/ -ын гишүүдийн тоог 76 гэсэн “тайзны тоо”-гоор тогтоох  бус сонгуулийн саналын дүнгээр тогтоогддог “х” тоотой болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүд тусгагдсан.Энэ тогтолцоогоор УИХ-ын гишүүдийн тоо нэгэнт урьдчилан тогтоогдоогүй байх учраас сонгуульд оролцох субъектүүд заавал “76” нэр дэвшигчийг өрсөлдүүлэх албагүй, хэдийг ч өрсөлдүүлэх боломжтой.Энд нэр дэвшигчийн тооны хувьд тодорхой лимит хязгаарлалт байхгүй.Боломж нь ганцхүү тухайн субъектийн /нам эвслийн/ боловсон хүчний потенциал, санхүүгийн чадавхаар хязгаарлагдана.Сонгогчдод ч саналын эрх чөлөө нээгдэнэ. Учир нь, тэр сонгогч саналаа зөвхөн ганц хүнд өгөх бус, саналаа өгмөөр санагдаад байгаа хэдэн ч хүнд тэр байтугай, нэр дэвшиж байгаа бүх хүнд зэрэг өгсөн ч болно. Эцэст нь Монгол хэмээх нэг бүхэл тойрог, 2.1 сая гаруй сонгогчдоос нийтэд нь 50-иас илүү хувийн санал авч чадсан хэчнээн нэр дэвшигч тодорно, тэдний тоогоор л парламент бүрдэнэ.Үүнийгээ би сонгуулийн “бүхэллэг тоталитар тогтолцоо” гэж нэрлэсэн.Яагаад “бүхэллэг”вэ гэхээр Монгол бүхэлдээ  нэг тойрог болсон, яагаад “тоталитар” вэ гэхээр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигч эхлээд боловсруулах бус, харин сонгогчид өөрсдөө тухайн бүс, аймаг, сумынхаа болон нийт улс орныхоо эдийн засгийн глобаль хэрэгцээ, шаардлага, амин чухал эрх ашгийн хүрээнд ээлжит сонгуулийн хугацаанд төр, засгаар шийдвэрлүүлэх тулгамдсан асуудлууд дээрээ тулгуурлан боловсруулж нэр дэвшигчдэд захиалга-даалгавар хэлбэрээр өгөх тул нийт сонгогчдын даалгавар нь тоталитар чанар агуулах юм. Харин нэр дэвшигчид ямар айхтар үүрэг ногдох вэ гэвэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр сонгогчдын захиалгат даалгаврын үндсэн дээр тэр захиалга-даалгаварт тусгагдсан асуудлыг хэрхэн шийдэх, яаж хамгийн бага зардлаар хамгийн өндөр чанар, үр ашигтайгаар амьдралд хэрэгжүүлэх замыг боловсруулсан шинжлэх ухааны арга, шийдэл байх юм.Ингэхлээр сонгуульд оролцох нь сонгогчдын дэвшүүлсэн асуудлыг хамгийн ухаалгаар шийдэхтендерт оролцож байгаатай адил утга чанар болно. Энд сонгогчдын өгсөн санал, итгэл хүлээлгэлт бол тоталитар чанартай хатуу даалгавар гэдгийг нэр дэвшигчид ухаарах хэрэгтэй.

    -Хэрвээ нэр дэвшигчид Монголынхоо нийт сонгогчдоос 50-иас илүү хувийн санал авч чадахгүй бүгд уначихвал яах болж байна.Ийм өндөр, хатуу босгыг давж чадах хүн Монголд олон байж чадах уу?

                -Хэрэв нэр дэвшигчдээс нэг нь ч “Монгол” гэдэг бүхэллэг тойргоос 50-иас илүү хувийн санал авч эс чадсан тохиолдолд парламент /УИХ/ бүрдэхгүй. Энэ ямар үзэгдлийн шинж дохио вэ гэхээр Монголын парламентын гишүүн болж чадах, эрдэм ухаантай, нэр хүндтэй, Монгол даяараа хүндлэгдэх нэр дэвшигч байхгүй байна шүү гэдгийг хэлж буй хатуу дохио, хатуу сануулга, анхааруулга!

     

    -Монголд даяаршлын олон хүрээ хүчтэй нэвтэрлээ.Бас дангааршил гэдэг нэр томъёо ч Монголын нийгмийн сэтгэхүйд хэвшиж бий болсон.Та даяаршлыг хэтэрхий ганцаарчилсан үзэл бодлоор дайраад, зөрүүдлээд байх шиг санагддаг?

                -Дангааршил нь даяаршлынхаа эсрэг сөргөлдсөн, харшилсан үйл явц байх нь буруу,харин зэрэгцсэн, энх тайвнаар зэрэгцэн оршсон, /инээв/ хамтдаа хөгжсөн, бие биеийнхээ алдаа бурууг зассан, дутууг нь нөхсөн, тухайн улс орныхоо нийгэм түүх, ахуй, соёл, оюун сэтгэлгээний хөгжлийг баяжуулсан “хам” үйл явц байх нь зөв.Би даяаршил руу дайрч, зөрүүдлээгүй л дээ.Даяаршил маань угтаа бага, буурай орнуудын ч санаачлага биш шүү дээ.Тэд ийм уриа тунхаг гаргаагүй.АНУ тэргүүтэй эдийн засгийн “акул”-уудын л зөөлхөн, аяархан гулгуулан түлхэж буй улстөр-эдийн үасгийн бодлого.Үндсэн зорилго нь дэлхийг бүхэлд нь өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл болгох, дэлхийн хүн амыг бүгдийг нь тэднийхээ хэрэглэгчээр “нэгтгэх” гэсэн л зорилго.Энэ зорилгодоо л тэдний улстөр, геополитик, гадаад харилцаа, диплоиат алба, соёл, урлаг, спортын бодлого, хөрөнгө оруулалтын болоод зээл тусламжийн хэлэлцээрүүдийн тл далд утга, чиглэл захирагдана.Улстөр-нийгмийн бүхий л үйл ажиллагаа нь дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд дайчлагдана.

     

    -Даяаршлын мөн чанар, жинхэнэ утгыг ингэж л ойлгох хэрэг үү?

                -Тийм.Үүнийг сайн ойлгосны үндсэн дээр даяаршилд татагдан орвоос зохино.Гол нь, харилцан ашигтайгаар татагдан оролцох. Хэдийгээр муур хулгана хоёрт харилцан ашигтай “хамтран амьдрах” нийгмийн нөхцөл бүрдлээ гэхэд хулганад ашигтай нь юу гэхээр муурандаа бариулчихгүй, дорхноо идүүлчихгүй тодорхой цаг хугацааг завших боломж олдох ч байгалийн жамын эрхшээлээр муурнаасаа үргэлж  айж, түгших сэрэл хулганыг ямагт зовоосоор байх болно. Энд эрсдэлтэй “хамтын амьдрал”-ын давуу тал хулганад илүү “ашигтай” байх мэт ч байгалийн жамын хууль ямагт нийгмийн амьдралын дээр байдгийг, бас санаандгүй, тооцоолоогүй нэг эгзэгт нийгмийн хуулийн шаардлаг, нөхцлийг нулимж чадахыг санах л хэрэгтэй.Иймд даяаршлын үйл явцыг ч хүчтэй дэмжиж, ухаалгаар зохион байгуулж, даяаршлаас зугтах бус, зожигрох бус, зэрэгцүүлэн хөгжүүлэх, зохицуулан удирдах нь төрийн байгууллагуудын нэг том бодлого байхгүй бол болохгүй. Дангааршлыг эрчимжүүлэх, хүчирхэгжүүлэх   үндсүүд нь, үндэсний эх хэл, бичиг үсэг, сочл урлаг, амьдралын уламжлалт дэвшилт ёс заншил, үндэсний зан үйл, байгаль орчинтойгоо гоо сайхнаар зохицон орших арга ухаан, хүмүүсийн мах цусанд шингээтэй эх оронч үзэл зэрэг урт настай хүчирхэг сууриуд байна.

                Даяаршлыг дагаж хөгжилтэй, хүчирхэг гүрнүүдийн бараа таваараас гадна хэл, соёл, ахуй заншлын хэв загвар, үзэл суртал үерийн ус шиг сад тавьж, эсэргүүцэх чадал султай дорой буурай орон, ард түмнийг уусган эрхшээнэ.Өнөөгийн монголчууд бид хэрэглээний сэтгэхүйтэй шүү дээ. Аль улсын ямар барааг эдэлж хэрэглэж байна,тэр улсаа, тэр улсынхаа юм болгоныг, аягүй бол гудамжны нь хогийг ч сайханд бодон дээдлэхээр нүд нь бүгийж, тэр улсынхаа нэг хулгайчийг ч, “дурак”-ийг ч, магадгүй алуурчныг ч өөрийнхөө шүтээнд залж мэднэ.Цаадах нь машин унасан, интернет ухсан, валют цацсан нэг муу хөгийн сармагчин байхад л хангалттай.Ийнхүү бараа таваарын хэрэглээний фетишизм хүний тархи толгойг эзэлж, сэтгэлгээ сэрэхүйг нь боолчилно.Нэг үндэстэн нөгөө үндэстнийхээ боол болдог нийгмийн хийгээд хувь сэтгэлзүйн нэг нууц энд орших болов уу.

     

     

  • ТЕАТР НИЙГМИЙГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛНЭ… /Монгол туургатны үндэсний шинэ Их Театр байгуулах Хөрөнгийн эх үүсвэрийн талаарх санал-“Ил захидал”/

    Монгол төрийн хүнд жолоог өнөөгийн дэлхийн түүхийн довтлонгуй хурдаас үл хоцроон залж яваа эрхэм дүүсийн амар мэндийг мэдэж, монголынхоо хурц нар, догшин жихүүн хавсрага салхинд онгож холцруутсан өвгөн үрчгэр хошуугаа гэгээн магнайд тань хүргэн үнэрлэе!

                Хүндэт Та бүхнээ аз жаргал, алдар гавъяат үйлсийг ерөөн, насны хярд мацсан өтгөс миний цээжнээ өдөр шөнөгүй улалзах нэгэн санааг уудлан толилуулахыг хүсмүү!

                Үзвээс, манай өдөр тутмын сонин, хэвлэлээр мэдээлэн шуугих нь, Монголын минь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг газарт буй “Оюу толгой” хэмээх санааны савд багтахааргүй их нөөц үүцтэй зэс,алт бүхий орд уурхайг гадаадын сайн санаат, хөрөнгө сантай иргэд, газруудын туслалцаатайгаар ойрын жилд хамтран ашиглаж эдийн засгаа тордохоор засаг баригч дүү нэр гэрээ байгуулж, уг гэрээнд алба, нэрээ мутарлажээ.

    Энэ гэрээний хэтийн үр дүнг би үл мэдэх ч, өвгөд хөгшид биднийхээ эсэн мэнд ахуйд манай ядмаг багавтар эдийн засгийн хөгжилд дэм, дорви нэмэхэд багагүй ашиг тусаа өгөх биз!гэж итгэн,өвгөн иргэн би баяртай сууна.

                Улсын Их Хурлыг сонгон байгуулах саяханы ээлжит сонгуулиар Монголын төр засгийг төвхнүүлэгч улс төрийн аванхайлагч намууд,- МАХН, АН хоёр Парламентын ихэнхи суудлыг “байлдан дагуулах”-даа  “Оюу толгой” ордын ашиглалтын орлогоос Монголынхоо хоёр сая долоон буман иргэддээ “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” нэрээр нийлбэр дүнгээрээ хүн бүрд хоёр сая таван буман төгрөгийн хишиг хүртээхээр амласан амыг би ард иргэдийнхээ ахуу амьдралд “яаралтай түргэн тусламж” хүргэхийг хүссэн төрийн бодлоготон дүүсийн минь зөв саруул ухаан, зөөлөн сайхан сэтгэлийн илэрхий үр байсанд эс эргэлзэнэм.

                Ам үгийг ажил үйлсээр өндөрлөн гүйцээвээс сая төр засаг, ард түмэн хоёр соронзон гүрийн ар өвөр туйл мэт хуваагдашгүй нэгэн цул, Химлай, Алтай мэт нурашгүй бат сүмбэр болмуй за.

                Хэдий тийм авач, улс орон олсон мөнгөнийхөө ихээр бус, зарсаныхаа зөвөөр баян чинээлэгт зэрэгцэх тул орлого ашгийг дээжийг олон оны цаг түүхийн ган, зудыг давах, овлиго ааш нь хувирамтгай цаг түүхийн дугуйг даахын цаагуур дааж ажралгүй тэсэн өнгөрүүлэх “хатуу самар” болгож үлдээхэд үрэн зарцуулах нь бусдаас чухал аа!  Энэ чухал дотроос ч нэн чухал нь, миний санахад монгол үндэстний оюун санааны хөгжлийн мөнхийн гэрч, мөнхийн зул, монгол хүний уран сайхны сэтгэлгээний түүхийн аугаа хөшөө дурсгал, -“Монгол туургатны үндэсний Их Театр” байх нь маргаангүй үнэн санагдана.

                Өнөөдөр монголчууд бидэн материаллаг дорд ахуйн нисваанисаар буртаглагдсан “Би”-гээ хоосон дэмий өргөмжлөн мунхаглах муу цагийн эрхэнд даанч харуусалтайяа сөхөчсөнд ном бичгийн ширээний ард өвгөрсөн ах нь үргэлж халаглах минь элэг сэтгэлийг минь юутай гашуунаа гаслуулна вэ!

                Эх оронд маань эд өлгийн үйлдвэр ховор цөөн ажилладагийн дээр тэдний эзэд, ноёд нь ашиг олзонд шууран бараа таваарынхаа үнэ өлтөгийг арай л сүнсгүй муухай, санаан зоргоороо өдрөөс өдөрт өсгөн “галзууруулах” нь тэднийг хүн биш ад зэтгэр болгож буйг харамсан дурьдалтай ч эл улиг болсон түмэн үнэнийг давтах нь “илжигний чихэнд алт цутгахтай” адилыг санан амаа хамхих минь надад дээр!. Харин заавал нуршин чичихээр тэчьяадан буй “Монгол туургатны үндэсний Их Театр”-ын тухайд цөхрөлгүй үглэхийг хүсэхийн минь учир бол, хөөрхий монголчууд бидэн чинь гүн хол утга учирт хүмүүн заяаныхаа эчнээ зорилго, ариун журмыг ахуу амьдралдаа сахин дагах, тэрхүү дээд агуулга, ёсыг нь танин гэгээрэх билгийн хараа бүгийж, оюун санааны нь хөмрөгт бэлгэ билгүүний баялаг дүүрэх явц илт түргэнээ саарсаны учир юм.

                Орчин цагийн пост-модернист сэтгэгчдийн номуудад үгүүлэх нь, “ямар ч тохиолд гарц заавал олддог” гэж баталсныг үзэв.

                Нээрэн, эмзэг буурай эдийн засагтай монголчууд бидэнд ч оюун сэтгэлийн ядуурлын “дарлал”-аас огоот чөлөөлөгдөх гарц байна шүү! Энэ бол үндэсний оюуны “банк”-Монгол үндэстний эрдмийн шинэ их театр! Уг театрыг цогцлоох хөрөнгө -санхүүгийн их сурвалж ч Бурханы мутрын бүтээл, -Монгол эх орны маань байгалийн баялагийн өчүүхэн “хэлтэрхий” ч гэж хэлж болох “Оюу толгой”-н ордын ашиглалтаас орох орлогын “хонины хоргол” чинээхэн хувь буюу “МАХН”, “АН” хоёр УИХ-ын сонгуульд оролцохдоо өөр өөрийнхөө мөрийн “хөтөлбөр”-т цохон томъёолсон “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”!

                “Эдийн засаг сухай, сөнгө сан сувиа байхад элэнцгийн чинь театр! Нэхэх юмаа олж дээ!” гэж шоглох хүн гарах нь магад ч Театр бол далд булаатай байгаа мөнгө юм аа! Мөнгө, зоосыг бөөн бөөнөөр нь эдийн засагт нийлүүлэгчдийг “үйлдвэрлэн” гаргах”үйлдвэр”, хэтдээ тэднийг жил дараалан төрүүлэх “хээлтэгч” юм. Өнөөдөндөө хайгуул хийгдээгүй, хайгуул хийх санаа ч толгойд нь төрсөн “шийдвэр гаргагч”-гүй байгаа ороо бусгаа цагийн харанхуйд хэвтээ хамгийн том “Оюу толгой”…”Таван толгой”…”Асгат”…”Цайрт”…”Мардай”…”Тамсаг”…”Хөшөөт”…”Нарийн сухайт”…”Эрдэнэт” буюу хамгийн хүчирхэг, хамгийн эрсдэлгүй ирээдүйтэй элийн засаг гэвэл Театр! Цаашлаад нийгмийг хамгийн төгөлдөржүүлэх, хүмүүс иргэдээ жинхэнэ ХҮН болгон хөгжүүлэх хамгийн зөв “жор” гэвэл бас л театр!

                “Хүн дүрст”-ийг нүүрэндээ үсгүй ХҮН болгодог гол нууц хүч нь хүмүүнлэгийн философи ухааны үздэгээр, “хүний ёс суртахуун” гэж томъёологддог хүний дотоод мөн чанар юм. Энэ мөн чанарыг нь хүнд ягшуулж өгдөг, оюун санааны нь оршихуйг онцгой дээд төлөвт дэвшүүлдэг, хүний бодит амьдралын утга зорилгыг олон давхар өнцгөөр харж чинад дотогшоо, гүн гүнзгий түвшинд ойлгох нөхцөлийг бүрдүүлдэг үндсэн ганц юм бол сонгодог соёл, урлагийн шидэт эрчим л юм.

                Соёл урлагийн үйлчлэлээр дамждаг эрчим нь ер бус, далдлаг, эзотерик ахуйн мэдээлэл, онч дохио, гэрэл үзэгдэл, зөв совин, долгион хэлээр ирдэг далд ухамсар, онгод увьдасын ид шид оршсон сүнслэг, ариун хүч тул хүний оюун санааны ертөнцийг хүмүүн оршихуйн дээд орчин руу нэвтрүүлдэг онцлогтойг шинжлэх ухаан гадарлаад удлаа. Иймд үндэсний сонгодог сэтгэлгээний охь болсон соёлын болон фундаментал их урлагийн бүтээл туурвилыг төрүүлэх,олшруулах, түүнийг ард олны оюун сэтгэхүйн хөгжлийн хэрэгцээний хөдөлгүүр болгоход “Оюу толгой” ордоос ч илүү хэтийн “унац”-тай орд бол театр байх болно гэдэгт итгэхэд олон үгтэй нотолгоо баталгаа илүүц болов.

                Ард олонд маань өнөөдөр, яахав ээ, ходоод руугаа чулуудах үстэй гүзээ, цустай цувдаа асар их хэрэгтэй байгаа нь үнэнч маргаашийн өдөр гайхамшигтай бодол боддог толгой, гэгээрэлд тэмүүлдэг сэтгэл илүү болох нь үнэнээс үнэн! Боддог толгойтой, тэмүүлдэг тэнгэрлэг зорилготой хүмүүст хувийн банк, зочид буудал, онгоц, саун, эдлэн газар зэрэг нь инээдтэй “хөгийн юпмс” мэт санагдаж гологдоод, оронд нь дээд философи сэтгэлгээ, юмс үзэгдлийн зүй тогтолыг шинээр нээсэн нээлт, соёл урлагийн аугаа бүтээлийн амт шимтээр жаргахыг хүсэх, төгөлдөр төгс гоо сайханыг мэдрэх мэдрэмжээ хөгжүүлэх ахуу орчин үгүйлэгдээд эхэлнэ. Энэ бол хүн төрлөхтөний жөгжлийн жинхэнэ өодитой ирээдүй!  Чингэхлээр, орчин үед болоод цааших үед хүний хөдөлмөрийн идэвхи, бүтээх чадварыг дайчлах, ухамсар, ухаарлыг нь эрчимжүүлэн цэнэглэхэд “торсион орон” мэт гайхамшигтай нөлөөтэй, мөн, хүнийг дотоод гэгээрэлд замчлах, самидад жуучлуулах бясалгал гэгээрэлд хөтлөх багш нь хэзээ ямагт театр байсаар үлдэнэ! Цөвийн цагийн эрхшээлд нэрвэгдсэнээр билиг оюуны жанлав лүн саарсан чивэл унал, осол хазгайн зуурдыг гэгээрлээр ялан гэтэлгэх нөр тэмцлийн түүчээ “довтолгогч” нь, бас, хувийн өмч хөрөнгийн түйтгэрийг хийгээд түүний шуламын ордост хүчийг дарах сэтгэлийн шижир баялагийн аврага том “уурхай” нь хүний ухааны оройн дээд “суврага”,-урлагийн ариун “сүм” /театр/ гэдгийг дэлхийн түүхийн олон сартваахи удирдагчид мэргэнээ ухан, өлсгөлөн ядуугийн бэрх гачлант цаг үедээ ч улсынхаа сан гуунаас хөрөнгө зоорь зориглон тасдаж, соёл, урлагийнхаа хэргийг бүтээн өрнүүлж байсан баатарлаг гавъяаны жишээ баримт түүхэнд зөндөө шүү, хүүхдүүд минь!

                Эрхэм хүндэтгэлт дүү нэр минь ээ:                    

                “Оюу толгой”-н ашиглалт бидний “хөлд орж” эхэлж буй эдийн засгийг торниулахад ач тусаа өгөх нь өчүүхэн ч эргэлзээгүйд өвгөн ах нь баяртай сууна.

                 “Оюу толгой” ордын орлого, олзоос ард иргэддээ “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” зэдлэх нь ч төрийн маань иргэд төвтэй “сайн засаглал”-ын бодлого болж өгнө. Энд нэг санааг тодруулахад,  “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ийн зэд нь төрөөс ард иргэдийнхээ “алгаг тэнийлгэж” буй зөвхөн “нийгмийн халамж”-ийн популист бодлого ч бус, монгол хүн бүр монгол эх орноо хайрлах, дэлхийд хосгүй орь сайхан байгалаа хамгаалах эх оронч үзэл, ухамсар суулгах, эртний нууцлаг дагшин хөрс шорооныхоо өгөөжийг амьдрал дээрээ мэдрэх, газар устайгаа эх-үрийн элгэн далдын барилдлагатайг мэдүүлэх философич бодлого мөн.

                Монгол улсын хоёр сая долоон буман хүн амд хүртээх “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ийн зэдийн нийлбэр дүн,-хоёр сая таван буман төгрөгийг хүн амынхаа тоогоор үржүүлэхээр чухам хэдий хэмжээний их мөнгө болохыг би тооны үржүүлэх хуваах үйлдлийг мэдэхгүйн харгайгаар толгойдоо тоймлож чадахгүй ч тэрхүү мөнгөний дүн лавтайяа манай Монгол улсад “Монгол туургатны үндэсний Их шинэ Театр” байгуулахад элбэг хүрэлцэхүйц хөрөнгө бүрдэнэ байх гэж санана. Энэ “хишиг”-ийг хүн хүний гарт тарааж цацахын оронд Монголын ард түмэн өлгийтнй нярайгаасаа эхлээд өтгөс буурал манийгаа хүртэл бүгдээрээ хөрөнгө хүч, ухаан ухамсар, сэтгэл зүрхээрээ нэгдэн хувь хувийнхаа нэмэр хандиваа нэгэн үзүүрт хүсэл сэтгэлээр бэлэглэн байж сүндэрлүүлэх “Үндэсний Их Театр”-йг баривал гар дээр очих хэдэн бор төгрөгөө харамлан хялалзах, “өгөхгүй!” гэж дургүйцэх хүн ард түмнээс минь ганц ч гарахгүй ээ!Үүнийг би ард түмнээ үнэн голоосоо хайрладаг, ахуу амьдралыг нь ч, сэтгэл санааг нь ч сайн мэддэг, тэдэндээ өөрийн чаддаг бүхнээ насаараа зориулсан нэгэн зохиолчийнхоо хувьд ам бардам цээж тэнэгэр хэлж байнам.

                Монголчууд бидний улс төрийн манлай хүчний хоёр эс,-“МАХН”,”АН” –ын удирдлага ард түмэндээ амалсан “хишиг”-ээ ам буцалгүй өгөх нь намын тань үйлсэд буян болно.ард түмэн ч өргөн хүрээлнэ Гагцхүү “Өгөх”-ийн зорилго нь бодит үр дүн гаргахад л оршино.Өгсөнөөсөө илүү гарах үр шим хүртэх нь өгөхийн философийн утга юм. Иймд “Оюу толгой”-н орлогоос ард тргэдэд өгөх мөнгийг “Монгол үндэстний эрдмийн шинэ Их Театр” байгуулж үндэстнийхээ оюун санааны төгс төгөлдөр хөгжилд үйлчлэх үйл хэрэгт зориулан өгвөөс улс монголд маань оюун сэтгэхүйн дутуу дулимагийн эмгэг урхаг, эд агуурсын гачигдал хомсдол, иргэд хоорондын хэрүүл тэмцэл ашид амирлаж, гэгээн баян амьдралын өлзий хутагийг Тэнгэр Бурхад хотлоор чуулуулах нь гарцаагүй үнэн болохыг, их жанжин Д.Сүхбаатарын зориглон хэлсэнээр “миний бие батлан даамой!”.

    Үл үгүүлэн үгүүлэх ину:

    Монголын соёл урлагийн авъяас билигтнүүд эх орныхоо “Оюу толгой” ордын орлогын хувь, -“Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ээр байгуулагдах Монгол туургатны үндэсний Их Театртаа “мандал өргөх” ёслол хүндэтгэл үйлдэж эхний дээж тоглолтуудаа дан “хандивын тоглолт” болгож, орлогоо бүгдийг нь ард түмнийхээ “Тэтгэврийн хөгшид”, “Эмзэг бүлгийнхэн”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-эд хүн бүрт 1-2.5 сая төгрөгийн хишгийг улсын төсвийн мөнгөнөөс зарлага гаргуулахгүйгээр түгээх болно. Тийм эх оронч, ардач, халуун, бурханлаг бодь зүрх монголын соёл, урлагийн авъяас билигтнүүдийн цээжинд хөгшин залуугүй цохилж байгаад нот итгэлтэй байгаагаа уламжилъяа!

    “Монгол туургатны үндэсний Их шинэ Театр” мөнх хөх тэнгэрийн ивээлээр монголын ард түмний үүрд хайрлах түүхт өмч байх болно!…

    Монгол түмний минь ахуу оршихуй үүрд эрхэмсэг, тэнгэрлэг, мөнх байх болтугай!

                Бүгдийг гүнээ хүндэтгэн хайрлах сэтгэлээр дороос ёслов.

    “Дэлхийн соёл урлагийн академи”-ийн Байнгын гишүүн,

    утга зохиолын доктор,Монголын философийн холбооны

     тэргүүлэгч гишүүн, Еөншөөбүү Улаан Ямаат

    Дамдинсүрэнгийн Урианхай.

     / ”Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн./

    “Үндэсний шуудан” сонины 2009 оны 11 сарын 26-ны ¹281/683/

    “Үнэн” сонины 2009 оны 12 сарын 01-ний ¹236/21464/

    “Цог” сэтгүүлийн 2009 оны ¹3 дугааруудад тус тус хэвлэгджээ.

  • Зөв амьдрал, шинэ ойлголтоор Аврал руу…

    Хүн цаг үргэлж хөдөлгөөн, харилцаанд нөхцөлдөж амьдарна. Хөдөлгөөн бол үйлялэл, а, харилцаа бол,-шүтэн барилдлага:Өгөх-Авах, Таталцах-Түлхэлцэх, Туслах-Хорлох, Нөхөрлөх-дайсагнах, Хайрлах-Үзэн Ядах, Байлгах-Бүрэлгэх үйлчлэл, үйлдэлийн “эгэх холбоо”, нэгдэл гэж үзэж болно. Энэ бүгд хүний үнэн амьдрал! Хүний амьдрах арга хүний бие махбодын болон оюун санаа, сэтгэл, сүнсний хүчний нэгдлээр хангагдана. Хүн төрлөгтөн хүний иахбодод үл өртөгдөх “хий ахуу” сүнсний амьдралтайгаа үл ухаарсан хэт материаллаг, газардмалаг философиор удирдуулж Бурхантай, Дээд үнэнтэй холбогдож “Чинад оршихуй”-гаасаа салангид амьдарсан нь:хоёрт, “тэнтээ” ахуйн төгс дээд мэдрэмж, зөг, совин билиг, нарийн сэрэхүйн боловсруулан цацдаг нууцлаг мэдээлэлгүй дан хар махбодынхоо хэрэгцээ, тав тух, амьдралаа амарчлахын хүслэнд бүхий л хүч, бололцоогоо зарцуулж ирсэн нь: гуравт, Бурханаас ангид хүсэл зорилго, газрын бодит ахуугаас үхлүүт утга зорилгыг чөдөрлөж мунхарсан нь хүн төрлөгтөний нийгэм-түүхийн явцыг эцсийн бөлөгт өнөөгийн мухардал, хавчигдалд хүргэлээ.

                Бурхангүй орших хуурамч боломж, Бурхангүй шинжлэх ухаан, сэтгэлгээ, сэтгэлзүй, эрх чөлөө, аз жаргалын эрэл /чухамдаа бол төөрөгдөл/ хүн төрлөгтөнийг хүний жинхэнэ аугаа хүч-бодол санаагаа матери болгон биежүүлэх буюу бодит зүйлд хувиргах оюун санааны эрчимээс нь, бас хүний дотоод чинад “урсгал”, “хий орон”-ы долгионлог, бөөмлөг дээд төвлөрөл, нягтралын хүч-сэтгэлийн ариусал, гэгээрлийн ид шидээс салган үхээнцрүүлэв.Одоо хүн төрлөгтөн үйлдвэрлэл, олзборлол, техник-технологийн хөгжил, дэвшилийн хойноос хөөцөлдөх бус, эдийн засгийн эрчимжилт, ашиг орлогонд үйл ажиллагаагаа захируулах бус, харин орчин үеийнхээ техник-технологийн нээлтийн түвшинд үйлдвэрлэж буй нийгмийн баялагийг шудрага, тэгш хуваарилах, эд хөрөнгийн адил тэгш хэрэглээний /дэлхийн хүн амд!/ буюу эдийн засгийн ардчилал /улс төрийн хоосон, шалдан ардчилал бус!/, эдийн засгийн бодот эрх чөлөөнд шилжих, өнөөгийнхөө үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, багтаамжийг цаашид нэмэгдүүлэх бус, харин ухаалгаар зохицуулан хязгаарлах, дээр нь нийгмийн харилцааны “удирдах пульт” болж буй улс төрийн институцүүдийн тогтолцоог боловсронгуй болгох бус, харин ч бүр халж оронд нь хахь өөр, цоо шинэ мөн чанарын систем, бүтцийг сэдэн сонгоход оюун ухаанаа төвлөрүүлэх нь дэлхий эрхэс дээр тархан овооролдож буй 6.6 тэрбум хүний хувьд ирээдүйг нь аврах зөв амьдрал болох болно. Хүний амьдралын үргэлжлэх цаг хугацаа, орон зайг энэхэн газрын /материйн/ буюу завсар зуурдын хувиралт хэсэгт нь бус мөнхийн холбоо, харилцаанд нь авч үзэн амьдралын үнэмлэхүй уртын хэмжээ, утга чанарыг хэт наагуур халах нь түн төрлөгтөний оюун хязгаар дахь тзвшиний хөгжлөөсөө дээш ахих нэг шат болж үлдлээ.

                Орчин үеийн соёл-иргэншил хүний амьдралын чинагуух бүтэц, сүнсний үргэлжлэлийг амьдралын инвариант мөн чанарт оруулан авч үздэг шинэ үзэл ойлголтонд хүрэхгүйгээр орчлон ертөнцийн супер нэгдэл, интеграл зүй тогтолыг багтаасан амьдралын философитой болж чадахгүй юм. Энэ бол хүн төрлөгтөний оюун сэтгэлгээний хоцрогдол, доод эрэмбийн хөгжлийн үзүүлэлт байсаар байх болно. Хүн төрлөгтөн “ардчилал”, “хүний эрх”, “эрх чөлөө”-г нэн эрхэмлэн хүлээн зөвшөөрдөгийнхөө нэгэн адил хүний амьдрал үхлээс цааш сүнснийхээ амьдрахын жаргал, зовлонгоор дамжин асар даамжрангуй идэвхижин өрнөж махбодынхоо амьдралын цаг хугацаанд үйлдсэн “үйлийн үр”-ийнхээ урсгалд хамагдан салж оддогийг ойлгон зөвшөөрч, мөнөөх улс төрийн эрхэм ойлголтуудынхаа /ардчилал, хүний эрх, эрх чөлөө/ зэргэмжээнд чухалчлан үнэлж амьдардаг болох нь хүн төрлөгтөний оршихуйн цаг хугацааг сунгах эерэг, хүчирхэг, хүчин зүйл, ганц үгээр хэлбэл,-Аврал болох болно.

                Эцэст, энгийн нэг бодол:

                Хүний гол хэрэгцээ /хамгийн дээд хэрэгцээ/- Гоо сайхан байх!

                Хүнийг гоо сайхан байлгадаг гуравхан юм буй¥

                -Эрүүл бие;                                           

    -Цэвэр арьс;

    -Бодь сэтгэл;

    Хүнийг гоо сайхан байлгадаг энэ гурван зүйл хүний амьдралын гол гурван зорилгыг хэрэгжүүлэх үндэс болдлг.

    Хүний амьдралын гол гурван зорилго:

    -Гоо сайханыг бүтээх;

    -Нийгэм олондоо тус буяныг чуулуулах биеийн болоод оюуны хүчний дээд чадварт хүрэх;

    -Хойт төрөлдөө Бурханы хутугийг олох сайн заяаны үрийг боловсруулах;

    Бэрх боловч эл зорилгын тулд амьдарч хэрэгжүүлэх нь жинхэнэ үнэ цэнтэй амьдрал юм.

     

    2007 оны арван нэг, арван хоёрдугаар сар

    Алтан тэвшийн хөндий

    Д.Урианхай “Зэндмэнэ онол:Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • “Сүүлчийн өдрүүд” үнэн үү? Хэзээ вэ?!

    “Бүх найдвараа орхи!” Эртний Ромчуудын булшин дээрхи дайлуурын үг гэгддэг энэ үг яг өнөөгийн хүн төрлөгтөнд зориулж үлдээсэн сануулга шиг санагдахуйц цаг тулж ирсэн үед бид амьдарч байна.

    Ирээдүй нь сүйрэл мөхөл рүү авчирч буй мэт төсөөлөгдөн өөрийн эрхгүй айлгах цаг үе рүү хүн төрлөгтөн өөрийн мэдэлгүй ирчихлээ. Ирээдүй нь өмнө маань бус ойртохтой адил утгатай “хөгжил” болж хувирах үйл явц руу орчин үеийн үйлдвэрлэл-технологийн дэвшил, хэрэглээний прагматизм, өмч хөрөнгийн төлөөх өрсөлдөөн, зах зээлийн харилцааны “мөлжлөг” авчирав. Ингэснээр Өнгөрсөн нь Ирээдүй болох цаг хугацааны парадоксыг л хүн төрлөгтөн бүтээлээ.

    Ирээдүйг харанхуй гүн анаг /ангал/ болгочихсон үйлдвэрлэл-технологийн хөгжлийн “цацраг идэвхит туяа”-нд хүмүүсийн нүд ч, оюун санаа ч, сэтгэлзүй ч “гэрэлд цохиулж”, хойдох урдахаа оношлох чадвараа харамсалтайгаар алдсаар “хүүхэлдэй –робот” болчихсон өнөө цагт хэвийн, эрүүл сэтгэлгээтэй, шинжлэх ухааны зохих мэдлэг боловсролтой хүн өнөөгийн нийгмийн хөгжлийн зөвд, хүн төрлөгтний ирээдүйн өнө мөнхөд итгэж чадахгүйд хүрлээ. Шалтгаан нь тун ойлгомжтой бөгөөд 3 том үндсэн сүйрэл:

    -Байгаль дэлхийн сүйрэл                                         

    -Хүний сүйрэл

    -Шинжлэх ухаан-техникийн хөгжил буюу бүрэлгэгч хүчний хөгжил./Хөгжил бүрэлгэгч хүч болж, хөгжил биш агуулга, хэлбэртээ шилжиж буй нь сүйрлийн мөн чанартай болон хувирч буй нь сүйрлийн мөн чанартай болон хувирч буй үйл явц мөн!/

    Энд би, “хүний сүйрэл” гэж хүний ухамсар, хүн чанар, хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахуун эрс уналтыг голлон хамааруулж байна.

    Хүмүүс өнөөдөр ямар аймшигтайгаар хүн чанараа алдаж байна вэ, Бурхан минь? Хүмүүсийн сэтгэлийн гүн рүү адгуус араатад, там, бирдийн хүмүүн бус амьтадын хүсэл шунал шунган нөхцөж, хүнийг хүн биш, ад чөтгөд болгожээ. Байгал-дэлхийн сүйрэл нь,-дэлхийн бүтэц, тогтоц, орчил хөдөлгөөний зүй тогтолд орж буй эрс өөрчлөлт гажуудал эвдрэл юм. Энэ хоос сүйрэлд дэлхийн өөрийн нь архитектоникт орж буй дотоод хувьсал, зүй тогтолын эсрэг үйл явц, дээр нь байгалийн хүчний нөлөөлөлөөс гадна өнөөгийн хүн төрлөгтний амьдрал эрүүл бус, эмгэг согогт хэрэглээний шаардлагаар үүсч буй үйлдвэрлэл-технологийн галзуу хурдацтай хөгжлийн сөрөг үр дүн хүчтэй нөлөөлж байна. “Сүүлчийн өдрүүд” хэзээ вэ? гэдэг асуулт хүн төрлөгтөнд өнөөдөр бодитой нүүрлэж, нийгэмд бизнес мөлжлөг, мафижсан гэмт хэрэг, дээрэм тонуул, цуст хядлага хэвийн үзэгдлийн дүр төрхийг олж, хүмүүс хоорондын харилцаа далд утгаараа антигонист тэмцлийн шинж чанар агуулж, нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлууд улам бүр хөгжлийн энтропийг хурдасгах болов.

                Хүн төрлөгтөн өнөөдөр өнгөрсөн хөгжлийнхөө түүхийг буруутгах, гажуудалыг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн маш хачирхалтай, харамсалтай, гашуун үнэнтэй тулгараад буй нь:

                -Нийгмийн хөгжлийн явцад хүний амьдралын зовлон /ялангуяа, эгэл ард олон!/ багасахгүй, харин эсрэгээр, өдрөөс өдөр хүндэрч, гуниг, сэтгэлийн дарамт, амь зуулгын бэрхшээл үнэмшимгүй хурдтай нэмэгдэж буй:

                -Үйлдвэрлэлийн хүрээ, хүчин чадал нэмэгдэж, өндөр түвшинд технологи эрчимжиж, өмч хөрөнгө, эд баялагийн хуримтлал ихсэх тусам амьдралын өртөг өсөж, хэрэглээний парадокс нь амьдралыг абсурд үзэгдэл болгон хувиргаж буй:

                -Хүний махбодын байгаллаг, амьтанлаг шинж чанар хүнд улам бүр хүчтэй илрэн гарч хүний оюун санаа, тэнгэрлэг тэмүүлэл зорилго, зөв сэтгэлийн ундаргыг бохирлож, Бурханд таалагдах ариун бүхний нь үндэс язгууруудыг мөхөөж буй:

                Миний энэ ядаргаат тайлбар уг нь хэрэггүй, илүүц нь мэдээж байлаа, гэвч би хүн төрлөгтний хэм хэмжээгээ алдсан илүүдэл эрэлтийг дагаж буй эдийн засаг-үйлдвэрлэлийн утгагүй хөгжлийн сүйтгэл, дарамт, оноос онд ядууран хоосорч буй эгэл олны бухимдал, нийт хүн төрлөгтний оюун санааны мансуурал, мунхарлыг дуугай тэвчих нүглээс айж байна. Одоо би материаллаг ахуу, оршихуйг дээдлэгч, хөгжлийг нь тэтгэн гааруулагч шинжлэх ухааны хөгжлийг ч хязгаарлахыг хүсч байна. Хүн төрлөгтөний “Сүүлчийн өдрүүд”, “Дэлхийн төгсгөл” улам хурдан, улам өргөн далайцтай ойртоход орчин үеийн материаллаг юмс, үзэгдлийг судалж амьдралд ашиглах зорилготой шинжлэх ухааны хөгжил, дэвшил хамгийн гол гайг тарьсан. Иймд цаашид хүн төрлөгтөнд хамгийн эргэлзвэл зохих, хойноос нь дагахгүй байвал зохих юм бол техник-технологийн хөгжил, дэвшил мөн! гэж хэлээд шоолуулах юм уу ад үзэгдэхэд хохирох юм байхгүй!

                Бурханы хайр, энэрлээс бусад бүх юманд хэмжээ, хязгаар бий! Байгал дэлхийг бүрэлгэгч, хүний хүн чанарыг авслагч алив арга ухаан, техник –технологи нь хүний хөгжүүлэх, Бурханд ойртуулах, хүнд жинхэнэ үнэн жаргал, сэтгэлийн жинхэнэ амар амгаланг эдлүүлэх оюун ухаан огт биш тул хөгжлийг нь цааш хурдасгах, даамжруулах хэрэгцээ шаардлага байхгүй, харин ч зохис хэм хэмжээнд хязгаарлах нь хэтдээ хүн төрлөгтөнд аврал болж мэднэ. Атом, цөмийн эрчимийн хэрэглээ, сансарын техник, пуужин, дуунаас хурдан элдэв тийрэлтэт хөлөг онгоцны зохион байгуулалт, үйлдвэрлэлт, электрон, нано-биотехнологи, газар дэлхийн хэвлийн далд бүтцийг эвдэн онгичих, ашиглах зэрэг зорилго бүхий шинжлэх ухаанд зарж буй хөрөнгө зардал хожмоо зөвхөн хүний эсрэг чиглэсэн үйл ажиллагааны дэмжлэг болж хувирна. Бурханаас хориглосон хориотой мэдлэг эзэмшихээр хөөрцөглөх нь Бурханыг буруу харуулж хөнгөдөхөөс цаашгүй нь магад.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол:Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос