Author: admin

  • “Хоол ба сэтгэл” номыг бичих болсон шалтгаан? Юуны тухай ном бэ?

    Учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэн үг гүн утгатай. Зав гаргаж эргэцүүлэн бодмоор юм амьдралд олон байх юм.

    Хамтдаа эргэцүүлэн бодъё.

    Хамгийн чухал нь ийнхүү бодохдоо өөрийгөө элдвээр гоёлгүйгээр хөндлөнгөөс харж байгаагаар төсөөлж, энэ номоор хэлж байгаа гол санаануудыг зөвхөн өөрийнхөө байдалтай харьцуулан эргэцүүлэхийг хичээгээрэй. Энэ ном өөрийгөө үнэн байгаагаар нь дотортой, гадартай нь, нарийнтай бүдүүнтэй нь танихыг хичээж байгаа хүнд зориулагдсан гэдгийг онцлон хэлье. /Дотор, нарийн гэдэг нь сэтгэл, гадар, бүдүүн нь бие/

     Харин өөрийгөө танихыг орхигдуулж, бусдыг өөрийн санаанд тааруулан, засаж хүмүүжүүлэх эрх болон үүргийг өөртөө ногдуулсан хүнд бол ойлгомжгүй санагдана. Цаг нь ирэхэд ойлгогдох тул уншихаа больж, цагаа үрэлгүй хойш нь тавих нь дээр. 

    Алдартай сэтгэл судлаач Норман Пил “Та бол өөрийнхөө тухай таны бодож байгаа тэр хүн биш, харин бодож байгаа хүн юм” гэж хэлсэн байна. Хүсдэг юм, байгаа юм хоёр өөр байж болно гэсэн утга.

    Хэн ч хэзээ ч өөрийгөө муу гэж боддоггүй. Бодож болохгүй. Би муу амьтан гэж хэлж байхдаа ч дотроо тэр бодолтойгоо эвлэрдэггүй, өөрийгөө эсэргүүцэж л байдаг. Тийм биш гэж хэлээсэй гэсэн хүлээлттэй, тунирхсан л үг шүү дээ! Муу байхгүйг хичээдэг учраас тэр. Гэтэл үнэнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал хичнээн өрөвдөлтэй, сул дорой амьтан байдаг гээч?! /Төгс гэгээрч амжаагүй байгаа бол шүү/ Өөр хүнд хэлээд хэрэггүй.

     Би л лав тийм биш, энэ номыг бичсэн хүн л тийм юм байна гэсэн бодол таныг эргэцүүлэн бодохоос өмнө гялс орж ирж байна уу? Тэгдэг л юм даа. Орж ирж л байг! Танд ажил байна гэдгийг нотолж байгаа хэрэг.

    Юуны тухай ном бэ?

    Энэ номноос шүүж авснаа ашиглаж, дадлага хийх явцдаа үе үе өөрийгөө тийнхүү ажигласаар байгаарай. Ажиглалтын объект буюу жинхэнэ Та ямар хурдан сайжирч байгааг түвэггүй харах болно. Сайжирна гэдэг нь Та тэнцвэрээ хадгалж чаддаг болж, ухаанаар хичээхгүйгээр сэтгэлээр тэгш оршихуйд байх дадал тогтохыг хэлнэ.

    Амьдралын дадал гэж юув, тэр нь тогтоно гэж юуг хэлэхэв, тогтохоор юу болдог вэ, яагаад тогтож өгдөггүй вэ гэх мэт асуултад гаднаас нь биш дотроос нь хариулахыг хичээлээ. Дотор нь орж үзсэн нь сайн хэрэг.

    Дадал гэдгийг зүйрлэж хэлбэл, дугуй унаж сурч байхдаа хүн онхолдохгүйг л хичээдэг учир замын бартаа яамай бөгөөд харсаар яваад, зайлж чадалгүй шон мөргөх нь энүүхэнд. Харин сайн сурсан хойноо бол тусгайлан хичээж бодохгүйгээр давхидаг. Энэ нь олон удаа дадлага хийж, унаж боссоны хүчинд л яавал унахгүй байдаг вэ гэдгийг мэдсэн учраас тэр л байдалд байнга байхад дадсаны ач. Энэ дадлынхаа хүчинд бараг л автоматаар дугуйгаа жолоодож байна гэсэн үг. Дугуй унаад явж байхдаа одоо тэр булчингаа чангалж, энийг татаад, тэрийг түлхээд гэлгүй, өөр зүйлд зориод явдаг болно.

     Бүх юм хоёр талтай. Тэр хоёрын тэнцвэрийг барьж, хадгалахыг алтан дундаж гэж хэлдэг нь маш их учиртай юм байна. Та бодол доторх хүнээ хоёр туйлын нэгэн дээр л байлгаж, амьдрал дээр түүн шигээ байхыг хичээснээс ямар их зүдэрч байснаа харна.  Бодож байгаа хүн зөв байраа олоход бодол доторх тэр хүний маань ч байр зөв болно.

    Ийм төлөвийг олоход аз жаргалыг байнга мэдрэх болно.

    Миний лекцэнд суусан, телевиз, радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож байхад минь утсаар холбогдсон зарим хүн

    -Та тийм өвчинд ийм юм иддэг, жингээ барихын тулд тийм юм бүү ид гээд тэр эрүүл хоолоо тодорхой яриач. Хаяж ч болохгүй, авч ч болохгүй, толгой эргүүлсэн бөөрөнхий юм тойруулаад л байх юм. Асуудал руугаа орооч гэж бачимддаг. Нэг үзэгчид

    -Анхаарах ёстой хамгийн чухал зүйлийн тухай та сонсож байна. Үүнийг гүйцээгээд ойлговол зөвлөгөө хэрэггүй болдог. Яг одоо ойлгомжгүй байгаа бол цаг нь ирэхээр ойлгогдоно. Заавал үзэх албагүй шүү дээ, сувгаа сольчихгүй юу дээ гээд хариулчихсан чинь бас нэг ууртай үзэгч холбогдоод,

    -Яасан их хүн басамжилж, доош нь хийдэг хүн бэ, хэн ч ойлгохгүй юм ярихаа боль, яах гэж ийм юмнуудыг нэвтрүүлэгтээ оруулдаг байнаа, сайн эмч, эрдэмтэн мундсан биш гэх мэт юм хэлж билээ. Тэднийг буруутгах аргагүй. Би ойлгож, хайрладаг юм.

    Эрүүл мэнд зохимжтой хооллолтын асуудал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ тухай бусдад хэрэгтэй юм ихийг хийх гэж оролддог учир надтай хамтарч ажилладаг сонин, сэтгүүл, радио, телевизийнхэн, эмч, багш, улс төрчид, нийгмийн ажилтнууд “Сэрэлт” киноны Бумаа биеэ өвдөнгүүт орос эмчдээ биш ах ламдаа үзүүлэх гээд хадаг өвөртлөөд явж байдаг шиг л яг хооллохдоо тулахаар нөгөө буруу хоолоо л иддэг юм билээ. Тэр олон хамтрагч дотор ам, ажил нь зөрдөггүй гуравхан/!/ хүн байгааг би мэднэ.

    Бусад нь нэвтрүүлэг, уулзалт, лекцийн дараа хооллох цаг болсон байвал

    -За, салаттай хуушуурт хэн гүйхэв гэх буюу сайхан хоолтой ресторан юу билээ, багшаа бидэнтэй хамт хоолонд орооч, нэг удаа дажгүй дээ, яриа амьдрал хоёр өөр шүү дээ гээд инээлдээд л алга болдог.

    Мэдээгүйн улмаас дургүй хүн ойлгомжтой. Харин зөв сайных нь тухай олж мэдээд бусдад бас дамжуулдаг атлаа өөрөө/!/ түүндээ дурлахгүй ийм байдлын шалтгааны талаар ярихад ойлгохгүй байдаг нь бас шалтгаантай. Энэ тухай номыг Та барьж байна.

    Алгебр гэдэг хичээл үздэг ахлах ангийн сурагчид амархан байдаг бодлого нэгдүгээр ангийн шинэ сурагчид дийлдэшгүй, нэгдүгээр ангийн бодлогыг тоолж сураагүй балчир бодож чадахгүй.

    Ахынхаа алгебрийн номыг нэгдүгээр ангийн дүү нь үзээд сууж байхад нь “миний дүү цаг нь болохоор боддог болно” гэж хэлэхэд дүүгээ басамжилсан болохгүй биз дээ? Алгебрийн бодлого боддог болохын тулд мэдвэл зохих олон арга, томъёо, дасгал тэр хоёр сурагчийн мэдлэгийн хоорондох зайнд байгаа нь үнэн юм чинь.

    Ах нь тайлбарлавал дүү нь “шуудхан хэлээч, юу гээд ойлгогдохгүй юм яриад бөөрөнхийлөөд байгаа юм бэ” гэхгүйгээр сайн сурч, анги дэвшсээр том болоод ахынхаа чадаж байгаа бодлогыг адилхан боддог болно гэдэг биш үү?

    Эсвэл нэг жилд хоёр гурван ангийн хөтөлбөр хурдавчлан үзээд насаар дүү ч мэдлэгээр адил болж болдгийг бид мэднэ.

    Амьдралын явдал ч үүнтэй төстэй.

    Одоо хоёулаа эхнээсээ сайтар ойлголцчихъё.

    Та хоолны жор, орц, тодорхой мэргэн зөвлөгөөг энэ номоос уншихгүй шүү!

    “Бага ангийн хүүхдэд” бол учир нь олдохгүй “бөөрөнхий” санагдах нь гарцаагүй ч, “дунд ангийн сурагчид” маш сонирхолтой, “загатнасан газар маажсан шиг” гэж зүйрлэн хэлмээр, онгойж өгөхгүй байгаа цоожны түлхүүрийг олсонтой адил санагдах ном учраас уншсан хүн наанадаж л өөрийгөө ямар ангийн сурагч гэдгээ мэдэж авах сайн талтай гэдгийг урьдчилан хэлье. Сэтгэл санаагаа бэлдээрэй.

    Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос

     

  • Хоол ба сэтгэл

    Эрхэм Та амар байна уу? Номынхоо хуудаснаа Тантай уулзаж байгаадаа баяртай байна.

    Ном уншдаггүй хүн, эсвэл сэтгэл мэтийг ойшоодоггүй хүн энэ номыг уншихгүй.

    Танд олон зүйл ойлгомжтой байдаг, эсвэл ойлгомжтой болоход ойрхон байгаа учир энэ номыг уншихаар барьж авчээ.

    Мэддэг зүйлээ ажил болгох гэж хичээдэг ч олигтой үр дүн нь гарч өгөхгүй “хий эргээд” байдаг бол энэ номыг уншаад Та зөв замаараа урагшлахад тань саадгүй болно.

    Хамгийн том олз нь өөрийгөө танихын чухлыг ухаарч амжаагүй яваа дотно хүндээ ямар аргаар нөлөөлөхөө мэддэг болно.

    Бадамжавын Болдсайхан, Р.Амарбаясгалан нарын “Системийн ерөнхий онол” номонд  “Эмнэлгийн үндсэн зорилго бол хүний амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Энэ ойлголт бол зөвхөн өвчтний өвдөлт намдаах, зовлонг арилгах төдий биш орчин үеийн хэмнэлд тохируулан, бусад эрүүл хүний амьдралын түвшнээс ялгарахгүйгээр уг хүний амьдралыг бүрэн эрүүлжүүлэх явдал юм.

    Мэдээжээр бид амьдралын идэвхитэй хэмнэлд оруулахын тулд өвчтний өөрчлөгдсөн эрхтнийг бүрэн сэргээх ёстой.

    Бид өөрсдийгөө хуурах хэрэггүй юм. Ер нь өнөөдрийн эмнэлэг юу хийж чадаж байна? Дотор эрхтнүүдээс өөрчлөлт орсон эрхтнийг авч хаяж байна. Нэг хүнээс эрхтэн авч нөгөө хүнд суулгаж өгч байна. Аль ч тохиолдолд нь ямар нэг хэлбэрээр уг өвчтөн тахир дутуу согогтой үлдэж байгаа юм. Мөн өөрт хэрэгтэй эрхтнээ авахын тулд хэн нэгэн хүн үхэхийг хүлээн суух болжээ. Гэсэн ч энэ мэс заслын дараа ч уг өвчтөн мөн л тахир дутуу согогтой үлдэнэ.

    Бусад салбарт ч гэсэн өөрсдийн хэмжээнд хүрч байна уу? КТ, МРТ, УЗИ, ЭХО, радиоизотопын аргууд, бактерийн эсрэг эмчилгээ, үр дүнтэй шинэ эмнүүд, өөр олон шинэ аргуудыг бид мэдэх боловч эдгээр нь бүгд л анагаах ухааны бус инженерийн болон бусад технологийн ололтууд юмаа.

    …Эдгээр өвчтнүүд урт хугацааны туршид тухайн эмчилгээнд хамрагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

    …Эрхтний эмгэгийг бус, харин системийн эмгэгийг шинжлэх шаардлагатай. Организм – энэ нь зорилготой, маш нарийн баланс бүхий систем бөгөөд балансын алдагдал нь эмгэг болж байна.

    …Амьд организм бол эрхтний цуглуулга биш. Амьд организм нь систем мөн. Эрхтэн өвчилж байгаа биш, организм өвчилж байна. Зөвхөн нэг эрхтний гэмтэл гэж байхгүй, бусад бүх эрхтэн системд бүхэлд нь өөрчлөлт гарсан байна. Организм бол нэгдмэл бүтэц бүхий зогсолтгүй хөдөлгөөнд оршигч биет гэдгийг бид мартаад байна.” гэж бичсэн байна.

    Дээрх номын зохиогчидтой би нэгээс бусад зүйл дээр нь бүрэн санал нийлнэ. Яагаад гэвэл үнэнийг бичжээ.

    Харин хэн нэгний, тэгэхээр бүх хүний амьдралын чанарыг хариуцах нь эмнэлгийн үндсэн зорилго гэдэгтэй ёстой санал нийлж чадахгүй нь.

    Эмнэлэг нь иргэдэд эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэхэд нь туслах үндсэн зорилготой байж, түүнийхээ хажуугаар яаралтай тусламж үзүүлэн, “түймэр унтрааж”, амийг нь аврах ажлаа хийж чаддаг байх ёстой юм байна гэж бодох болсон минь учиртай.

    Үнэхээр систем учраас өөрийгөө тохируулах чадвартай гэдгийг би мэргэжлийн сургуульд нь сурч, онол номыг нь заалгаагүй ч гэсэн өвчнөөс салж, үзэмж дээрдэж байгаа өөрийн бие дээр, бусад хүмүүсийн жишээн дээр бодитойгоор харж байна.

    Амьдралаа чанартай байлгах нь амьдарч байгаа тухайн хүний хэнийг ч гуйхгүйгээр өөрийнх нь хийж чадах ажил гэдгийг зөвхөн хараад зогсохгүй яагаад ийм жамтай вэ гэдгийг олж мэдсэн хүмүүсийн сургаал, судалгаанаас ойлгосон.

    Энэ тухайгаа бичсэн номыг минь Та уншиж эхэлж байна. Яаралгүй уншаарай. Хамгийн чухал нь өөр дээрээ, зөвхөн өөр дээрээ эргэцүүлэн бодоорой.

    Цусны бүлэг, резус фактор зэрэг олон үзүүлэлт нь таарч тохирох хэн нэгэн хятад иргэн цаазаар хороогдож, эсвэл осолд орж гэнэт өөд болмогц аль нэг эрхтнийг нь авангуут намайг дуудна гэж бодон, 3-5 жил амьдрах заалттайгаар амь аврагдах боломж хүлээн хэвтэх эмгэнэлт байдлыг эхнээс нь үүсгэхгүй байж болно!

    Сайн хүнийг тийм ялаар шийтгэх үү? Тийм хүний эрхтэн зовлонгоос өөр юм тээх үү?!

    Эрхтэн худалдаж авах хэрэг гардаггүй юмаа гэхэд даралт харвачихаад, үг ярьж чадахгүй, өөрийгөө үйлчлэх чадваргүй, хүн царайчлан бүлтгэнэж хэвтэх албатай юмуу?

    Эсвэл бөөрний дутагдалд орж, шээс нь хаагдан, хаванд боогдоод, цус шүүх аппарат залгуулах нь зайлшгүй болох явдал уу?

    Эсвэл “саахартай болж”, ам нь цанган, шээс алдаж, байнга инсулин хэрэглэж, наадах чинь тавилан муутай л өвчин дөө гэж хэлүүлж байх нь жам юмуу?

    Эсвэл ургамал цэцэглэхийг түгшин хүлээж, амаараа амьсгалан нулимсаа цувуулж, сэтэртлээ найтаан, тэсэхийн аргагүй загатнаж явах ёстой юу?

    Эсвэл … гээд зөндөө орчин үеийн асуулт асууж болж байна.

    Тэр бүгдийн хариулт нь: ҮГҮЙ!

    Тийм жам ёс, алба хэрэг байхгүй!

    Одоо ийм зовлонтой байгаа хүнийг тавлаж байгаа явдал огт биш бөгөөд бусад нь гэр бүлдээ тохиолдсон ийм хүнд байдлаас сургамж авч, ийм түүхийг өөрөө давтахгүй байхад хүч тавих учиргүй гэж үү?

    Байгаа юмыг үнэн байгаагаар нь авч үзэх хэрэгтэй бөгөөд буруутан хайж, шидтэнд итгэснээс хамар дорх боломжоо олж хараад ашиглах нь дээр бус уу?

    Мэдэхгүйгээс болоод тийм хүнд байдалд хүрсэн байсан ч тухайн систем буюу тэр хүн өөрөө өөрийгөө засах чадвартай. Дээрх эрдэмтдийн томъёолсноор, мөн хүсэж байгаагаар “уг хүний амьдралыг бүрэн эрүүлжүүлэх” боломжтой. Үүнийг эмчтэйгээ хамтраад тэр өвчтөн гадаад явахгүйгээр их мөнгө зарахгүйгээр хийж ЧАДНА!

    Мухар зам руу орж байгааг нь хэлсээр, дэргэд нь байгаа өөр зам зам руу яаж салахыг нь заасаар байтал тоохгүй давхисаар л, мөнгөөрөө өвчин худалдаж авсаар л, нэмж авсаар л, зовлонгоосоо салах гэж мөнгө зарсаар л байх уу?

    Эрхэм уншигч Та минь надтай хамтран хажуу дэргэд байгаа энэ олон хүнээс нэгд нь ч болов өөрийгөө таньж, боломжоо ашиглахад нь өөрийн жишээгээр туслаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Таныг таньдаг хүнд Таны үлгэр жишээ л бодитой бөгөөд үнэмшилтэй.

    Хичнээн үнэн байсан ч туршигдаагүй бол эргэлзээтэй л байдаг шүү дээ.

    “Би хийхгүй бол хэн хийх юм бэ?

    Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” гэж нэгэн алдарт яруу найрагч дуу алдсан байдаг.

    Болсон явдлуудад тулгуурлан бодит амьдралын жишээн дээр бичигдсэн энэ номын  утга санааг өөртөө тусган авч, өвчин худалдаж авахаа больсон, өвчнөөсөө салж залуужсан хүний тоо хурдан нэмэгдээсэй!

     

                                                                Бодонгууд овогт Бизъяагийн Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос

  • “ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД буюу 21-р зууны анагаах ухаан монголоос эхэлж байна” лекцэнд урьж байна

    Дээд эрүүл мэндийг үндэслэгч, изотерик судлаач Хандын Цэрэндоржийн /http://yaruusetgegch.com/author/tserendorj / “ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД буюу 21-р зууны анагаах ухаан монголоос эхэлж байна” лекцэнд урьж байна.

    Лекцэнд:

    Хүний язгуурийн бүтэц болох
    “Биеийг эрүүл- гоо сайхан
    Ухааныг саруул- цэцэн мэргэн 
    Сэтгэлийг ариун- өршөөнгүй уужуу,
    Дотоод хийн эргэлтийг тэгш- амар амгалан,
    Амин орныг цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,
    Ухамсарыг төгс- гэгээрэнгүй,
    Сэрэмсэрийг төгөлдөр- бурханлаг
    Орныг тааламжтай бат бэх” байлгах
    Газар дэлхий,
    Тэнгэр огторгуй,
    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрж Хүмүүн бүр өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэхийн нууц учгийг тайлах болно.

    Хэзээ:  2011 оны 11-р сарын 3-ны 16:00 цагт
    Хаана: Интер номын их дэлгүүрт
    Такс: ҮГҮЙ
    Утас: 99278174 

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД буюу 21-р зууны анагаах ухаан Монголоос эхэлж байна

    Монголын уламжлалт тэжээхүй ухаан, шинжлэх ухааны анагаах ухаан, монгол түвд энэтхэгийн тарнийн анагаах ухаан гуравт тулгуурласан, хүний бүтэц язгуурыг бүрэн цогц авч үздэг анагаах ухаан бидэнд хэрэгтэй байна. Ингэх шалтгаан нь: Өнөөгийн анагаах ухаан зөвхөн бие дүрсийг судладаг эмчилдэг. Монголын тэжээхүй ухаан, арга билэгийг хослуулан адил тэгш авч үйл ажиллагаагаа явуулдагч тарни бясалгалын арга зүйг түгээмэл хэрэглэдэггүй.

    Тарнийн анагаах ухаан нь гүн гүнзгий дээд танин мэдэхүйн онолын түвшинд хийгддэг. Дүрс биеэс хөндийрч жирийн хүмүүс эмч нар хүрч ойлгоход бэрхшээл ихтэй. Тэгээд ч хүмүүний язгуурын аль нэгийг онцлон авч үзэж төгс эрүүлжүүлэх урт удаан хөдөлмөрийн чадвартай наслуулах боломж байхгүй. Дээд эрүүл мэнд нь энэ бүх сул талуудыг арилгаж, бүрэн цогц тогтолцоо болгосноороо зөвхөн ном туурвигч бид дөрвийнх, зөвхөн монголынх ч биш хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ нээн баяр талархалтай тосч авах, төгс эрүүл мэнд гэгээрэнгүй амьдрал дээд гэгээрэл юм.

    Бүх хүн төрөлхтөн энэ гурвыг амьдрал ахуйгаа болгохгүйгээр өөрийгөө ч улс орноо ч онож төрсөн замбуу тивээ ч аварч чадахгүй. Гүн ухаан, оньсон техник, элэн галавын үед монголоос зүг зүгтээ түгэн дэлгэрсэн гэдэг. Дэлхийн анхны төрт ёсон 1000-аад жилийн өмнөөс мөн л дэлхий дахинаа түгсэн. Яг үүнлүүгээ адил дээд эрүүл мэндийн онол арга зүй монголоос эхлэж байна. Дээд эрүүл мэндийн анхны эмнэлгийн ололт 2, 3-р зэргээсээ эдгэрдэггүй хорт хавдар өвчин эдгэрснээрээ баталгаажиж байгаа юм шүү.

    21-р зуун анагаах ухаан Монголоос эхэлсэн дээд эрүүл мэндийн түүх байх болно. Дээд эрүүл мэндийн эмч багш нарыг улс орон тив дэлхий бүхнээс урин залах болно. Тэр цаг тэр өдөрт бэлтгэх нэн ариун үүрэг эмч, багш, уншигч, сонсогч танд тулгарч байна.

    1. Оршил үгүйн өчил
    Энэ номын оршлыг бичих боломж бараг үгүй юмуу. Хиппократаас хойших 2000 гаруй жилийн түүхтэй өрнийн анагаах ухааны алдаа оноо, хөгжил дэвшил, харилт бууралт энэ номын оршил юм. Энэтхэг, Түвд, Хятад, Япон,Солонгос, Монголын тарни бясалгалын ёсны эрүүлжүүлэх ухаажуулах сэтгэлийг ариусгах, гайхамшигт үр дүнд хүргэгч мөн чанарын нээлтийн олон мянганы урт зам энэ номын оршил юм. Наад зах нь 35-70 мянган жилийн настай Монголоос эхэлсэн арга билиг гүн ухааны онол үзэл энэ номын оршил юм. Орчин үеийн бүх шинжлэх ухаануудын эвцэн нэгдэх талбар болсон хүн судлал энэ номын оршил юм. Оршил бичих бараг боломжгүйн учир ийн бөлгөө.

    2. Дээд эрүүл мэнд

    Эрүүл мэндийн тухай олон арван, бараг зуугаад тодорхойлолт байдаг. Энэ сайн зүйл биш. Эрүүл мэндийн тухай бүх нийтээр эс гэхэд олонх нь хүлээн зөвшөөрөхөөр бүрэн цогц, үнэн зөв тодорхойлолт гараагүйн баталгаа юм.

    Бидний дэвшүүлж байгаа дээд эрүүл мэндийн онол арга зүй тодорхойлолт ч бүрэн төгс төгөлдөр бус нь ойлгомжтой. Гэхдээ энэ сул тал нь шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үеийн анагаах ухааны үйл ажиллагаа, үзэл баримтлалаас олон талаар давуутайг үгүйсгэж чадахгүй.

    Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга хэлбэр нь Монголын хийгээд Дорнын гүн ухаан тарни бясалгалын сургаал номлолд барлагдан үлджээ. Үзэл суртлын зөрөлдөөнт далан жилийн хорио цээрийн хугацаанд хүмүүсийн сэтгэлийн оронд өвлийн үр мэт хадгалагдсаар байсан юм.

    Өнөөдрийн Монголын нийгмийн ухамсрын хүрээнд ч хувь хүмүүсийн сэтгэл зүрхний гүнд ч гэгээрэнгүй эмч эрдэмтэд бясалгагчидын сэтгэхүйд ч бүрэлдэн амилсаар, ургамлын үр, намар өвөл хөрсөнд боловсрохын адил хэлбэржин амилсаар бидний үед хүрчээ. Гэвч эдгээр зул мэт гэрэл гэгээ, нэг нэгнээсээ ангид тусгаар эвцэж холбогдоогүй байгааг бид ажиглан харсан юм. Тэдгээрийг 40 гаруй жил эрэн сурвалжилж, түүн цуглуулж, шүтэлцүүлэн барилдуулсны үр дүн Дээд эрүүл мэнд юм.

    Дээд эрүүл мэнд гэж юу?

    “Бие эрүүл- гоо сайхан,

    Ухаан саруул- цэцэн мэргэн,

    Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

    Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

    Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

    Ухамсар төгс- гэгээрэнгүй,

    Сэрэмсэр төгөлдөр- бурханлаг

    Орон тааламжтай бат бэх” байж

    Газар дэлхий,

    Тэнгэр огторгуй,

    Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

    Эрүүл мэндийн тухай өнгөрсөн зуунуудийн олон арван тодорхойлолтуудаас хүний бүтэц язгуурыг бүрэн гүйцэт багтааж, их гурван хүчний хуулийг дагана гэснээрээ давуутай юм.

    Дээд эрүүл мэндийн тодорхойлолтыг ажиглаж тунгаавал арван нэгэн язгуурыг бүтэц цогцоор нь танин мэдэж, эрүүл мэндийн байгууллага эмч мэргэжилтнүүд өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэх үйл ажиллагааныхаа өдөр тутмын дадал хэвшил болгох ариун зорилготой юм.

    Эмчийн ажлын ачаалал наад зах нь арав дахин нэмэгдэнэ гэж та бодож байгаа. Тэгнээ, аравч биш ер дахин ихсэж ч магадгүй. Харин ажлынх нь үр дүн тооцогдошгүй ихээр дээшлэх болно. Бүрэн төгс эрүүлжүүлэгч гайхамшиг нь эмчийн ажлын ачааллыг гэгээрэнгүй баяр баясгалангаар хөвчилнө. Дээд эрүүл мэндийн онол, эмнэлзүйн арга барил нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх эс хүрэхийн зааг, орших эс оршихын зааг, хязгаартай хязгааргүйн барилдлага шүтэлцээтэй адил нарийн төвөгтэй хэдий ч үйл хэрэг болгоод эхэлбэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм.

    Яагаад гэвэл дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол монол биш, хүний бие махбод, ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Энийгээ үйл үр, зовлон гачаал гэж үздэг. Үнэндээ тэр бүхнийг та өөрөө л бий болгодог шүү.

    Дээд эрүүл мэндийн үзэл онолд дайрах, довтлох, сорьж сонжих, шүүмжлэх, сайлах, муулах гэж байхгүй. Зүгээр оршин байгаа үнэнийг бодитойгоор илэрхийлдэг. Бие ухаан сэтгэл гурвын амьд шүтэн барилдлагыг илүү ч үгүй дутуу ч үгүй үүсэл гарал оршихуйн дотоод гадаад барилдлагыг судлаж анагаах ухааны үйл ажиллагаанд нэвтрүүлэх л юм. Хүмүүн оршинолын гурван их хүчин, гурван эх хүчин, гурван дунд хүчин гэж байдаг.

    Эхнийх нь орчлонт ертөнцийн үүсэл чанар, бурханлаг хүчин. Хоёрдах нь сансар огторгуй тэнгэр мөнх тэнгэрийн хүчин, гуравдах нь газар дэлхий юм. Энэ гурав хэд хичнээн зэргэмжинд хуваагдсан ч энэ л гурав байх болно. Дээд эрүүл мэнд гэдэг бол өөрийгөө төгс эрүүл өөд, ухаарал өөд, амар амгалан гэгээрэл өөд жолоодохуй юм.

    Дээд эрүүл мэнд бол өдрийн түгшүүрийг оройд нь гүвж арилгахуй юм. Дээд эрүүл мэндийг та сонсох, үзэх, турших аргуудаар суралцвал олигтой үр дүнд хүрэхгүй. Дээд эрүүл мэндэд та туулах аргаар суралцах хэрэгтэй. Ингэж чадвал дээд эрүүл мэндийг та олж авна.

    Хүн өөрийн бурханлаг чанараа танин мэдээд хөгжүүлэхэд дээд эрүүл мэндийн арга танд тусална. Газар дэлхийн хүчинд нэгдэн нийлж түүгээр эрүүлжих боломжийг дээд эрүүл мэнд танд өгнө. Мөнх тэнгэрийн хүчин хэрхэн оршиж түүний ивээлд яаж багтан орж болохыг дээд эрүүл мэнд танд хэлж өгнө. Ийм болохоор дээд эрүүл мэнд нь хүн төрөлхтнийг төдийгүй бүх амьд оршнолыг дэлхийгээ, нарны орчлоо аврах цорын ганц арга зам мөн.

    Дээд эрүүл мэнд бол хүн төрөлхтний гэгээрэнгүй ирээдүй юм.

    Зохиогчдийн багийн ахлах, Изотерик судлаач Хандын Цэрэндоржийн нийтлэлчийн буланг унших.
    http://yaruusetgegch.com/author/tserendorj

  • Улаанбаатар хот дахь нээлттэй үзэсгэлэнгийн танхимуудад зочилж уран зураг үзээрэй

    Чөлөөт цагаараа тухлан саатаж гайхамшигт урлагийн ертөнцөөр аялах боломжтой үзэсгэлэнгийн танхимуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

    1. Уран зургийн галерей
    Байршил: Соёлын Төв Өргөө
    Утас: 327177
    Вэб: http://www.art-gallery.mn/
    Тах: Том хүн- 2000₮, Оюутан- 1000₮, Хүүхэд- 500₮

    2. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим
    Байршил: Төв шуудангийн зүүн урд, Ленин клубын хажууд
    Утас: 327474
    Вэб: http://www.uma.mn/
    Тах: Үнэ төлбөргүй

    3. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон “Улаан гэр” галерей
    Байршил: Барилгачидын талбай
    Утас: 326060, 326061
    Вэб: http://zanabazarfam.mn/
    Тах: Музей үзэхэд, Том хүн- 2500₮, Оюутан- 1000₮, Хүүхэд- 300₮
    Улаан гэр галерей болон үзэсгэлэнгийн танхимын үзэсгэлэн үзэхэд төлбөргүй байдаг.

    4. Занаду Арт галерей
    Байршил: Урт цагааны зүүн жигүүр
    Утас: 99836162
    Тах: Үнэ төлбөргүй байдаг ба урлаг кафе хэлбэрээр ажилладаг учир тухлан саатаж болно.

    5. Хаан банкны Уран зургийн галерей
    Байршил: Түшиг их дэлгүүрийн баруун талд Хаан банкны төв байр.
    Тах: Үнэ төлбөргүй

    6. Валент арт галерей дэлгүүр
    Байршил: Улсын их дэлгүүрийн урд, Цэрэндоржийн гудамж
    Утас: 322881, 330269, 88115037
    Е-майл: valiant.art@gmail.com
    Вэб: www.mongolianartgallery.com
    Тах: Үнэ төлбөргүй

    7. Цагаан дарум музей
    Байршил: Зайсан толгойн баруун талд

    8. Зураг цуглуулагчидын галерей
    Байршил: Хуучнаар Ардын эрх сонины байр
    Утас:
    Тах: Үнэ төлбөргүй

    9. Элбэг арт галерей

    Одоогоор эдгээр үзэсгэлэнгийн танхим болон үзэсгэлэн худалдааны мэдээлэлүүд байна. Цаашид мэдсэнээ нэмж бичих болно. Мөн та өөрийн мэддэгээ нэмж бичээрэй.

  • “Вьетнам-2012” эмэгтэй уран бүтээлчидийн олон улсын үзэсгэлэнд оролцохоор боллоо

    Олон улсын эмэгтэй уран бүтээлчидийн үзэсгэлэнд анх удаа оролцох болсондоо маш их баяртай байна. Үзэсгэлэнд оролцоход тусласан Б.Насанжаргал зураачидаа маш их баярлалаа.

    Mongolnews-д тавигдсан мэдээнээс орууллаа.

    Монголын зураач бүсгүйчүүд Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбоонд гишүүнээр элсэж, хоёр жил тутамд зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл соёл, зан заншил гээд олон зүйлээр ялгаатай уран бүтээлчид урлагийг хэрхэн илэрхийлж буйг харуулах зорилготой уг үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчид тодорчээ.

    Вьетнамын Хо Ши Мин хотын урлагийн музейд ирэх оны зургадугаар сард болох үзэсгэлэнд зураач Б.Насанжаргал, Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Я.Оюунчимэг, Г.Оюун, Д.Булгантуяа, Д.Соёлмаа, В.Ундраа, Т.Нурмаажав, Ц.Энхтуяа нар бүтээлээ дэлгэх юм. “Вьетнам-2012- ”-т Орос, Франц, Итали, БНСУ, Япон, Их Британи зэрэг орны 200 орчим уран бүтээлч оролцоно.

    Б.ОЮУТАН
    http://www.mongolnews.mn/i/14699

  • ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛЭЭС ТӨРНӨ …

    “UPTOWN сэтгүүлийн 38 дугаарын “Монгол бахархал” буланд сэтгүүлч, сурвалжлагч Ц.Бадмаарагтай эх оронч, үндэслийн үзлийн талаар ярилцсан нь/

    -Таны монгол хүн болж төрсний бахархал, омогшил юу вэ. Энэ бахархал, омогшлыг тань юу хурцалж өгдөг вэ?

    -Аль нэг үндэстний бүтээсэн чухам юу, ямар юм хүн төрөлхтний амьдралд дутагдаж байна, тэр дутагдаж байгаа юм л тэр үндэстний гол тодорхойлолт болж өгнө. Өнөөгийн хурц өрсөлдөөнт дэлхийд тухайн улс үндэстэн дэлхийд хэрэгтэй юм юу байна, тийм юмсын нь ач холбогдолд л тэр улс үндэстний ач холбогдол оршино. Үүнийг прагматик хэрэглээний бодит хэлбэрээр нь ойлговол, дэлхийн хэмжээний эрэлт хэрэгцээ болсон “брэнд” бүтээгдэхүүн; хүмүүсийн оюун санааны хэрэгцээний утгаар авч үзвэл, -хамгийн зөв, шудрага, ариун ёс суртахуунлаг хөгжлийн шинэ үзэл санаа, нээлт, сэтгэлгээний түүхэн үнэ цэн бүхий сонгодог бүтээл, туурвилууд!

    Монголд төрж монгол хүн болсон хэний ч бахархал, омогшил зөвхөн үүнд л байх ёстой гэж боддог. Монгол хүний бүтээх чадварын хөгжил, бусад их бага үндэстнүүдтэй эдийн засгаараа, соёл боловсролоороо өрсөлдөх өрсөлдөөнд амжилт олох, ялалт авчрах үр дүнд хүрэхүйц алив бүтээл маань бие биеэ хурцална. Монголчуудын түүхэндээ хийж байсан, ялан дийлж байсан дайн байлдааны үр дүнгээс нэг сонин зүйтогтол ажиглагддаг юм. Юу гэвэл, ямагт цөөн хүний хүчээр олны хүчийг ялж байсан байдаг. Ингэхээр, биеийн хүчнээсээ илүү суу заль, арга ухааны хүч, магадгүй, өөр ахуй ертөнцийн эрчим, ивээл агуулсан үндэстэн гэж дүгнэхээс аргагүйд хүргэдэг. Үүгээр би бахархдаг. Бахархах баримт бол бодит түүх. Харин омогшил бол бодит түүх болсон баримт, үр дүнгийн жишээгүй болохоор надад хийсвэр талдаа санагддаг. Гэхдээ омогшлыг сэтгэлзүйн үзэгдлийн хувьд нь сэтгэл дотроо, далдуураа дэмждэг. Омогшил хүнийг том зорилго, их үйл хэрэгт идэвхжүүлэх, сэтгэлийг нь хөглөх нөлөөтэй нэг хийсвэр хүчин зүйл тул ач холбогдлыг нь үгүйсгэх хэрэггүй юм. Омогшлыг үйл хэрэг болгох хүчтэй түлхэцийн шатанд хөгжүүлж ашиглавал эерэг үр дүн өгнө гэж боддог. Харин, дан сэтгэлийн хөөрлийн хэлбэр, түвшинд нь ашиглавал ач тус болохоосоо хор, уршиг болох нь ойр магадлалтай байж ч мэднэ. Бахархал, омогшил хоёрын гол ялгаа нь, -бахархлыг амаар гадагш гаргаж болох чанартай, харин, омогшлыг амаар, хоосон үгээр гадагш гаргаж үл болох чанартай мэт санагддаг. Энэ бол, миний л хувьд, надад л харагдаж байгаа ялгаа юм л даа, яахав!    

    -Дээхнэ үед эх оронч хүн гэж халуун амь бүлээн цусаараа эх орноо хамгаалж, дайтаж байсан хүмүүсийг хэлж байлаа. Харин одоо энэ энх цагт эх оронч, үндэсний үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, эх орондоо хайртай, үндэсний үзэлтэй монгол хүнийг юугаар нь тодорхойлох вэ?

    -Эх оронч хүн гэж эх орондоо үнэн голоосоо хайртай хүнийг л хэлнэ шүү дээ. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Ийм ойлголт байхгүй хүн бол эхээсээ нүхэнд гарсан номин. Эх орноо хайрлах сэтгэл ямар ч цаг үед үл хувьсах мөн чанартай. Тэр сэтгэл өөрөө аяндаа ил гарах, эсвэл, эзэн нь заавал гаргах хэлбэрүүд нь тухайн цаг үеийн нөхцөл, шаардлагаар янз бүр байдаг. Хэрэв эх оронд нь дайсан халдан довтолбол эх орон, ард түмнээ хамгаалах ариун дайнд мордож, амиа золин эрсдэх, цусаа урсган тэмцэлдэх эр зориг, баатарлаг хүсэл, ухамсараар илэрнэ. Энх цагийн үед бол хөдөлмөр зүтгэлийн идэвхи, санаачлага, улс үндэстэндээ чухал ач тустай үр бүтээлээр илрэнэ. Дайн тулаанд цусаа урсгалан, амиа золисон хүмүүс энх цагт бол хөдөлмөр бүтээлд бас л биеэ үл харамлах элэг сэтгэлтэй, иргэний өндөр ухамсартай хүмүүс байдаг, энх цагт ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтанд биеэ үл харамлагч, хүний араар үл нуугдагч тэр хүмүүс дайн байлдааны цагт ч эх орноо хамгаалахаар хамгийн түрүүнд галын шугаманд очих сайхан, баатарлаг, гэгээн хүмүүс байдаг. Хүний амьдрал, амь нас хэдийгээр аугаа их үнэтэй ч, заавал ямар нэг үйл хэрэгт Бурхнаас зориулагдсан байдаг, тэр зориулагдсан үйл хэргийн нь үнэ цэнтэй харьцуулах юм бол, багахаан үнэтэй юм байдаг юм шүү.

    Хайр, эх оронч үзэл илрэх хэлбэрүүд нь цаг үеийнхээ шаардлагатай холбоотойгоор урган гарч байгаа ч мөн чанар нь, эх үндэс нь хувь хүний үзэл бодол, элэг сэтгэл, зан төрх, бодгаль шинж, чанартай л холбоотой юм. Монгол ардын үгэнд их айхтар үг байдаг шүү дээ, “Сэтгэлд үгүй бол нүдэнд үгүй” гэж. Тэгэхээр, эх орноо, Монголоо хайрлах сэтгэлгүй хүний нүдэнд бол Монгол орон гэж байхгүй л байх нь. Монголоо хайрлах сэтгэл цээжинд нь байгаа хүнд бол амьдралд нь хэрэгтэй бүх сайн сайхан юм Монголд нь байгаа, эсрэгээр, Монголд хэрэгтэй, хэрэг тус болох бүх юм тэр хүнд байгаа. Тэдгээр юман дотор үндэсний үзэл ч багтана. Үндэсний үзэл гэдэг хэн нэгэн хүн өөрийнхөө үндэс гарвалийг өөрийнхөө амь бие шигээ хайрлах үзлийг хэлнэ. Үндэс гарваль гэдэгт өөрсдийг маань төрүүлсэн ижий аав, хүйг минь дарсан чулуутай нутаг ус, анх “ээж” гэж хэлж ижийгээ дуудсан хэл, биднийг хүн болгосон ахуй соёл, ёс заншил тэргүүтэн орно. Эднийгээ хайрлах сэтгэлээс л эх оронч үзэл төрж төлөвшинэ. Эднийгээ элэг сэтгэлээсээ хайрлахын “сайхан зовлон”-г эс эдэлсэн, эс мэдэх, эс мэдрэх хүнд үндэсний үзэл эс байна. Хүмүүнд үндэс язгуураа хайрлах хайр цээжинд нь асаад ирмэгц түүнийгээ /үндэс язгуураа/ хамгаалах, бататгах, тэр бүү хэл, мөнхлөх хэрэгцээ өөрөө үүснэ. Энэ хэрэгцээг ухаарч буй ухаарал, хүмүүжил, сэтгэлгээг л би үндэсний ухамсар гэж нэрлэмээр байна. Үндэсний үзэл, ухамсар нь хүнийг үндэс, язгуураа хамгаалах, бататгах, хөгжүүлэх, хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд нь мэргэшүүлнэ. Өөрөөр хэлбэл, хүнийг тэмцэгч, хөдөлмөрлөгч, бүтээн байгуулагч иргэн болгон хөгжүүлдэг.    

    -Гадны өндөр хөгжилтэй олонхи оронд үндэсний баялаг нь “хүн” байхад Монголд “мал” гэж үздэг. Монгол Улсын үндэсний баялаг, үнэт зүйл нь юу вэ?

    -За, яах вэ, хөөрхий, мал минь ч мөн, ашигт малтмал маань ч мөн, тэр бүү хэл, эдийн засгийн ямар ч ашиггүй тоос шороо, хог хаягдал маань ч /хэрэв технологийг нь боловсруулж чадвал ашиглах боломжтой гэдэг утгаар/ манай үндэсний баялаг мөн. Харин хэзээ “үндэсний баялаг” гэж хийсвэрээр нэрлэгдэхээсээ илүү жинхэнэ бодитой “үндэсний баялаг” болж чадах вэ? гэвэл, тэднийг ухаалаг зөвөөр эзэмшиж чадах, эдийн засгийн эргэлтэнд үр өгөөжтэй нөхцлөөр оруулж агаар усандаа  хор балаггүй ашиглаж чадах хүмүүс байх цагт л сая нийгмийн “бодит баялаг” болж чадна. Тэгэхлээр, үндэсний болоод нийгмийн гол “хөдөлгөгч баялаг” бол Бурханаас бүтээж өгсөн байгалийн “бүтээгдэхүүн”  -бэлэн “өгөгдөхүүн”-ийг баялаг болгон хувиргаж чадах мэргэжилтэй, эрдэм мэдлэгтэй,  шударга ариун, хөдөлмөрч хүн л улс орны минь чухал дээд үнэт зүйл маань мөн. Харин хүн өөрөө нийгмийнхээ үнэт зүйл болохын тулд өндөр хөгжилтэй, гоо сайхан хүн байх ёстой. Юу гэсэн үг вэ? гэвэл, эрүүл сайхан бие бялдартай, төгс төгөлдөр мэдлэг боловсролтой, оюунлаг, бурханлаг, ариун гэгээн дотоод ертөнцтэй, хүчирхэг, бүтээлч бодгаль байх ёстой гэсэн үг.

    -Даяарчлагдаж байгаа дэлхийд бид хэрхэн Монголоороо үлдэх вэ?

    -Даяаршил бол техник-технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудаас явуулж буй “халамж нь урдаа, хал нь хойноо” бодлого юм. Гадны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэртэй эдийн засгийн бодлого мэт үзэгдэж, ойлгогдож, байгаа ч цаанаа бол АНУ, Англи, Европын Холбоо, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Канад мэтийн хүчирхэг орнууд бусад орнуудыг өөрийнхөө үйлдвэр-үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний хэрэглэгч болгон хувиргах зорилготой улс төр-геополитикийн нууцлагдмал бодлого юм. Энэ бодлого үл үзэгдэхүйцээр булагдаж чадсан “хавх”-тай адил. Энэ “хавх”-анд Монгол мэтийн дорой эдийн засагтай, сул төрийн бодлоготой улс үндэстэн хамгийн түрүүнд орж, хөл, гараа аяархан, зөөлхөн зуулгуулж эхлээд, удахгүй хүзүү, толгойгоо тас хавчуулна. Энэ үйл явц Монголын зах зээлд төдийгүй улс төрд хүчтэй хэрнээ маш далд, маш хурдтай явагдаж байгааг ард иргэд бид мэдмээр, сэрмээр байна. Даяаршлын дайралтын замд “Дангааршил” гэдэг үзэгдэл “хил” болж эсрэгцэж байгаа. Энэ бол үндэсний сэтгэлгээ!  Үүнд, эх хэл, үндэсний бичиг үсэг, түүхэн соёл-иргэншилийн өв уламжлал, ёс заншил!

    Эх хэл бол алив үндэстний оюуны амьдралд онцгой дархлагдах ёстой онцгoй үнэт зүйл. Эх хэлний баялаг бүрэн хадгалагдаж, утга илэрхийлэх боломж чадвар нь улам хөгжиж байхын сацуу сан хөмрөг нь улам баяжиж байх ёстой. Гэхдээ гадаад үг, ойлголтыг тэр чигээр нь оруулж, “тоть” мэт дуурайж, “толь” хуулбарлан буулгаж бус, монгол хэлнийхээ үгийн сангаас /800,000-аас 1,000,000 үгтэй гэдэг/ яг дүйх үгийг нь онож орлуулах, оновчтой орчуулах, ойлголт, ухагдахууныг нь монголоороо зөв, товч цохон буулгах аргаар монгол хүний сэтгэлгээ, үг ярианд хэвшүүлж, баяжуулах үүрэгтэй. Үндэсний сэхээтнүүд юу юуны түрүүнд эх хэлнийхээ “бохирдол”, “эрлийзжилт”-ийн эсрэг оюун ухааныхаан хамаг бүтээлч чадвараар тун оновчтой, хүчтэй тэмцэх хэрэгтэй. Гадаад хэлний үг, яриа, хэллэг эх хэлний маань авианы бүтэц, эс, цөм рүү шургалж эхэлвэл  л үндэсний хэлний “тусгаар тогтнол” алдагдана. Хэлний “тусгаар тогтнол” алдагдвал, үндэсний оюун сэтгэхүйн “тусгаар тотнол” шууд “хүчингүй”-д тооцогдоно. Цаашдаа улс үндэстэн эдийн засаг-улс төрийн амьдралаа биеэ даан хөгжүүлэх чадвараа бүрэн алдана. Тэгээд тухайн үндэстний өвөрмөц шинж чанар, төрх төлөв, амьдралын нь орь хэв загвар үтэр түргэнээ устаж эхлэнэ. Ийм шинж тэмдгүүдийн илрэл нь алив үндэстний Оршихуйн хувьд лавтайяа мөхөх аюулын дохио юм. Монголчууд бид монголоороо үлдэхийн тулд “Даяаршил”-д хэрхэвч нидрүүлж болохгүй “Дангааршил”-ын “хил”-ээ, эх орныхоо “дархан хил” мэт амь хайргүй хамгаалах хэрэгтэй. Монголчууд “Оюу толгой”-гоо, “Таван толгой”-гоо, алтаа, нүүрсээ, уранаа, жоншоо ухуулж болно, гагцхүү, мөрөн дээрхи толгойгоо л ухуулж болохгүй. Газар доорхи баялагаа алдаж болно, дүүрсэн хэрэг, дээрхи баялагаа алдаж болохгүй шиг монгол хүний мөрөн дээрхи толгойг ч, тэр толгой дотор байсан, байгаа, хэзээ ч байх эрдэнийг алдаж хэзээ ч болохгүй. Бид мөрөн дээрхи толгойгоо алдах бодит нөхцөл бол эх хэл маань эрлийзжиж, үндэсний оюун сэтгэлгээнд бусад улс үндэстний философи сэтгэлгээний ноёрхол тогтох явдал гэдэг нь хүн төрөлхтөний түүхээр нотлогдсон үнэн. Энэ ослыг эртээс сэргийлж, эх хэл, өв соёл, зан заншлынхаа түүхэн уламжлалын “хил”-ийг батлан сахиж чадвал Монгол маань эдийн засгийн хувьд буурай улс орон хэвээрээ байлаа ч монгол үндэстэнээрээ үлдэж чадна.

    2011.01.12-14 Хүн чулууны хөндий.

  • Ижий аав хоёрын минь хайр

    Алаг хорвоо дээр хүн болж төрөөд, хайрт ижий аав хоёрынхоо хайр халамжинд бөмбөрч явсаар насанд хүрсэн том хүн боллоо. Хүн болж төрсөн юм болохоор бусдын л адил амьдралд хөл тавьж, залуу хүний омголон зангаар бүхнийг өөрийнхөө бодож санаж байгаагаар хийхийг хичээж, өөрийн хийж бүтээсэн бага ч болов зүйлээ харан урамшиж, цаг хугацааг зорилгогүй өнгөрүүлбэл бухимдах сэтгэл төрж, хүний туулах ёстой амьдралын замд ороод явж байна.

    Болохгүй бүтэхгүй зүйлүүд гарах бүр амьдралын хүнд хэцүүд бууж өгөлгүй, итгэл найдвараа алдалгүй, өөдрөгөөр тэмүүлж амьдрах хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулан, тэр хэрээрээ амьдралыг ойлгож, ухаан, тэвчээр хатуужил сууж байна.

    Оюутан болсон цагаас хойш сонирхолдоо хөтлөгдөн амьдралын мөн чанар, хүний мөн чанар, аз жаргалтай амьдралын талаар бага боловч уншиж, судалж, олж мэдсэн зүйлээ бясалган боддог байсан. Өдөр тутмын амьдралд болоод өөрт тохиолдсон бэрхшээлүүдийг амжилттай даван туулахын тулд уншиж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх гэж, өөрийн сэтгэл зүйгээ удирдаж сурах гэж хичээдэг байсан.

    Үүний ачаар би амьдралдаа тохиолдсон жаахан ч гэсэн бэрхшээлүүдийг өвдөг сөхрөлгүй даван туулж чадсан. Хойшид амьдралд маань тохиолдох ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгөлгүй давж гараад, цааш өөртөө итгэлтэйгээр, сэтгэл өөдрөг амьдарч болдог юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн.

    “Кунфу панда” гэдэг кинон дээр их багш мэлхий “Өнгөрсөн зүйл ул болж, ирэх цаг хаагдана. Тиймээс одоо цаг бол хишиг юм. Одоо цаг бол жинхэнэ цаг.” гэж хэлдэг. Тиймээ өнгөрсөн зүйлийн сайн сайхныг нь дурсамж болгон хадгалж, болохгүй бүтээгүйгээс нь сургамж аваад өнгөрсөн цагт нь орхих хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг сэтгэлдээ тээн одоогийн болон ирээдүйн амьдралаа сүүдэрлэх хэрэггүй.

    Яг одоо та сэтгэлээ санаа зовнил, айдас түгшүүр, бухимдал, гомдол хорсол, үзэн ядалтаар дүүргэж өвчлүүлэлгүй, хүүхдийнх шиг гэгээхэн хөнгөн байлгаж, таны нүд аз жаргалтайгаар гэрэлтэж, нүүрэндээ сэтгэлийн угаас инээмсэглэл тодруулан амьдрах хэрэгтэй.

    Ингэж амьдрахын тулд амьдралдаа зоригтойгоор ухаалаг шийдвэрүүд гаргаж, бүхнийг уучилж өршөөж, хайрлаж, өөрийгөө болоод амьдралыг танин мэдэж, өөртөө итгэлтэйгээр, өөдрөгөөр, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. 

    Амьдралын замаар явж байгаад хүн бүрийн хайр  ижий аавын минь хайртай адилгүйг мэдрээд, ижий аав хоёрынхоо дуусашгүй агуу их хайрыг гэнэт санан, ухаарч, та хоёрыгоо илүү ихээр хайрлах сэтгэл төрөв.

    Хүү нь та хоёрынхоо хайрыг мэдэрч өссөн болохоор аз жаргалтай амьдрах нь гарцаагүй.

  • Та хэн бэ? Таны сэтгэлд юу, юу байна вэ?

    Үүнийг таны үг, үйлдэл, харц хэлээд л өгнө. Харин түүнийг уншдаг хүн нь харьцангуй цөөн. Өөрөөр хэлбэл ийм хүмүүсийг хүн  танихдаа сайн гэлцдэг.

    Та яагаад бухимдаад байна вэ?Босмоор, суумаар, гармаар, уумаар, шоудмаар,бусадтай зөрж маргамаар, хараалын  үгийг хамгийн муу муухайгаас нь чанга чанга хэлмээр, бүх зүйл нь болохгүй бүтэхгүй утгагүй санагдаж,  гутарч, муу зүйлийг харахаар баясаж нэг л тогтворгүй. Эрүүл хүний нүдээр харвал аймаар!!!

    Тиймээ бидний монголчууд  дунд ийм хүмүүс сүүлийн үед олон болсон.  Дээрх зүйлүүд бидэнд тохиолддог. Зарим үйлдлийг нь бид бахдалтайгаар, сүрийг үзүүлж  үйлддэг шүү дээ. Эд бол бидний эргэн тойронд өдөр бүр болж байдаг, энгийн зүйл болтлоо хөгжсөн үзэгдлүүд.

                    Биднийг юу ийм болгочихвоо? Бидний амьдарч буй нийгэм яагаад ийм айдас түгшүүртэй, тогтворгүй, бохир харилцаатай болчихвоо? Учир шалтгаан нь юу вэ? гэвэл бидний дотроо агуулж байгаа бодол санаанууд, хэлж байгаа үгүүд, авч байгаа мэдээллүүд, биднийг тойрон хүрээлж байгаа орчин, бидний харилцаж байгаа хүмүүс, задарч тэлж аливаа зүйлийн мөн чанарыг, нууцыг  танин мэдээгүй тарчигхан ухаан, ядуу сэтгэлгээтэй холбоотой.

                    Бид хоорондоо БИ БИ БИ БИ БИ гэж ярьдаг. Би л чухал, өөр бусад нь хамаагүй. Би ялах ёстой. Би дийлэх ёстой. Би хэнд ч ялагдах ёсгүй гэж бодож сэтгэдэг. Эдгээр үгийг хичээл ном, ажил хөдөлмөр хийхдээ биш, хэрүүл маргаан бусадтай харилцах харьцаандаа хэрэгжүүлдэг нь харамсалтай. Үүний үр дүнд бид бие биедээ бууж өгөхгүйн тулд бие биенээ үзэн ядалт, хардалт, доромжлол, гомдол, өшөө хорсол, уур хилэн, хатуу ширүүн үгс, аль болохгүй бүтэхгүй муу муухай  үг, үйлдэл,бодол санаагаар  бөмбөгддөг.

                    Яг одоо Улаанбаатар хотод маань хоёр найзын дунд, хоёр хосын дунд, ах дүү нарын хооронд, гэр бүл дотор эсвэл хоёр гэр бүлийн хооронд, бие биенээ танихгүй хүмүүсийн хооронд гэх мэт олон хүрээг хамарсан  дээрх шиг жижиг нэртэй боловч асар хортой, аз жаргалтай амьдралын үндсийг гэмтээж  амийг нь тасалдаг  дайнууд олон болж байгаа.  

                    Дайн дууссаны дараа хосуудын хувьд гэрт нь дутуу эд зүйлс нэгээхэн ч байхгүй, цэвэрхэн, дулаахан хэрнээ сэтгэл нь нэг  л хүйт дааж, ганцаардлыг мэдэрч,  зүрх нь салганан чичирч, цээжин дотор нь уур хилэн, гомдол хорсол,үзэн ядалт багтаж ядан оволзож, босмоор, суумаар, гармаар, бүр үхмээр амьдрал нь утгагүй санагдана.

    Хүмүүсээ  та бүхэн эндээс хүн хүний хайр халамжаар, хүнээр л  дутдаг гэдгийг, бас элэгсэг найрсаг харилцаа, сайхан үгс, сайхан бодол, зөв үйлдлээр  бид өөрсдөө болон бидний хүн сүрэг  дутагддаг гэдгийг ойлгосон биз.

    Хүний дотроо бодож байгаа бодол санаа, хэлж байгаа үг, авч байгаа мэдээлэл бидэнд нөлөөлж,  цаг хугацааны явцад бүгд биежиж матери болдог, мөн түүнийг бясалгал хийж мэдрэмжээрээ дамжуулж  хий төлөвт оруулан устгаж болдог гэдгийг олон зүйлээс уншиж, хүнээс сонсож байсан.

    Үүний нэг баталгааг  “Монголын  “Оточ Одь” эмнэлэг  хүмүүсийн   бие доторх янз бүрийн хэмжээтэй хорт хавдруудыг /матери/ ардын уламжлалт эмчилгээг дасгал, бясалгалын аргатай хослуулж хорт хавдрыг нь ямарч ор мөргүй арилган эмчилсэн олон олон бодит туршлагууд”-тай  холбон ойлгож болох юм.

    Тэгэхээр бид  сайн сайхан зүйлийг бодож, сайхан үгс хэлэлцэж, эвтэй найртай байж, өөрт хэрэгтэй гэрэл гэгээтэй зүйлүүдийг үзэж, сонс, бие биенээ уучилж, бие биедээ буулт хийж байх хэрэгтэй. Энэ нь эцэстээ өөрийгөө л хайрлаж байгаа хэрэг байх юу. Бас сэтгэлдээ үргэлж сайхан зүйлийг агуулж байгаарай. Тэгвэл таны сэтгэлд агуулагдаж байгаа сайхан бүхэн цаг хугацааны явцад биелэлээ олж та аз жаргалтай амьдрах болно. Эс тэгвэл таны сэтгэлд агуулагдаж байгаа муу муухай бүхэн биелэлээ олно.

     Үүнийг уншиж дуусаад уртаар сайхан амьсгалаа аваад,  өөрийн сэтгэлийн хаалгыг онгойлгож сайн онгичоорой. Муу муухай зүйлсийг нь аваад хогийн сав руу шидээд бай.

    Та хэн бэ? Одоо таны сэтгэлд юу юу байна вэ? Гарах үр дүнг нь ойлгосон биз.         

    Жич: Энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл “Дээд эрүүл мэнд” –ийн тухай судлаарай.

  • Сэтгэлгээний загвараа өөрчилье

    Бид яаж сэтгэдэг вэ?

    Таван мэдрэхүйгээрээ хүртээд-ойлгоод-итгээд-үйл болгоод-үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

    Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

    Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт.

    Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болох нь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд… гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм.

    Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн математикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё.

    Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургааль нь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ.

    Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна.

    Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О-ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие-сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал.

    Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг.

    Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилийн хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлье.

    Хандын Цэрэндорж “ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД” номоос