Author: admin

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 5

    Олонхи эцэг эхчүүд хүүхдээ бусад шиг байхыг шаарддаг. Тэгвэл тэр том болоод олонхийн нэг л болно. Олонхи хоорондоо адилхан. Харин цөөхөн хүн тэднээс ондоо учраас саятан болсон байдаг.

                Хүүхдийн сэтгэл л мэдэх хэрэг. Түүний сэтгэлд, тэмүүлэлд бүү саад хийгээрэй.

                Эцэг эхчүүд хүүхдийнхээ бие бялдарын хөгжилд бол харин чадах чинээгээрээ оролцож зааж сургах хэрэгтэй. Дасгал сургууль хийлгүүлж, хүчээр биеийн тамирын хичээлд оруулах ёстой. Эцэг эхчүүд хүүхдийн гоо зүй уран сайхны хөгжилд мөн заавал оролцох ёстой.

                Ээж аав нь байнга юм тулгадаг, өөрийн хүслээр нь байлгадаггүй, хатуу шаардлагатай бол ийм хяналтанд өссөн хүүхэд саятан босс болох нь бүү хэл бие даан нэг ч шийдвэр гаргаж чадахгүй өрөвдөлтэй нэгэн болдог. Ийм хүн өөртөө юу хэрэгтэйг ч ойлгож чаддаггүй. Ажил хийхийн өмнө бүх хүнээс асууж зөвлөгөө авсаар юу ч амжуулахгүй өнгөрдөг.

                Арван настай хүүхэд гар утас нэхэх үед аав ээж нарын загнаж байгааг сонсоод яс хавтаймаар. “Чи боль. Би чиний насан дээр өдөржин оочерт зогсож, гэрээ тэжээдэг байлаа. Гар утас бүү хэл гэрийн утас ч байгаагүй. Гэхдээ болоод байсан юм. Хаягдал хог түүж тушаагаад амьдарч явлаа” гэх мэтээр хөврүүлнэ. Томчууд бид социализмын үеийн хар дарсан зүүд мэт амьдралаа мартах цаг нэгэнт болжээ. Цаг хугацаа өөрчлөгдсөн шүү.

    Бурхны авралаар өнөөгийн хүүхдүүд хүнсний талон, урт дугаар гэх мэт олон зовлонг эдлэхгүй өсч байна. Тэдэнд тэр муухай амьдралыг ярих хэрэггүй. Яриад ч тан шиг тэр амьдралыг туулаагүй ядуу сэтгэлгээтэй болсон хүмүүс. Одоо энэ гайтай ядуу сэтгэлгээг бяцхан үрийнхээ толгой руу чихэх гэж оролдож байна. Зогс!!! тэр саятан болох ёстой. Түүнд чиний ядуу зүдүү амьдрал хүнсний талоноор хязгаарлагдсан сэтгэлгээ хэрэггүй.

                Тэгээд одоо яах вэ? Ямар ч үед доод тал нь хоёр гарц байдаг гэсэн үг бий.

                Нэгдүгээрт та хүүхэдтэйгээ гар утас авах “сан” байгуулж болно. Хүүхэд гэрийн ямар нэгэн ажил хийх болгонд “сан”-д мөнгө нэмнэ. Мөнгийг та хийнэ. Та мэдээж чин сэтгэлээс чанартай сайн гүйцэтгэсэн ажилд л мөнгө төлөх хэрэгтэй. Хүүхэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд бусдад үйлчлэх хэрэгтэй юм байна гэсэн зөв ойлголттой болж ирдэг.

                Хэсэг хугацааны дараа гар утасны үнэд тун дөхөж ирэх ба энэ үед нь та дутуу мөнгийг шууд нэмээрэй.

                Хоёрдугаар арга нь хүүхэддээ доорх зүйлийг заахад оршино. Хэрэв ямар нэг юм мөрөөдсөн бол энэ мөрөөдөл биелсэн гэсэн итгэлийг ухамсартаа суулгаж сурах хэрэгтэй. Хүүхэд орлогоо нэмэгдүүлэхийн тулд бусдад үйлчлэх хэрэгтэй юм байна гэсэн зөв ойлголттой болж ирдэг. Хэсэг хугацааны дараа гар утасны үнэд тун дөхөж ирэх ба энэ үед та дутуу мөнгийг шууд нэмээрэй.

                Хоёрдугаар арга нь хүүхэддээ доорх зүйлийг заахад оршино. Хэрэв ямар нэг юм мөрөөдсөн бол энэ мөрөөдөл биелсэн гэсэн итгэлийг ухамсартай суулгаж сурах хэрэгтэй. Жишээ нь: Гар утас мөрөөдсөн хүүхэддээ тэр аль хэдийн гар утас авах дүүрэн боломжтой байгаа ба гагцхүү арга замыг хайх ёстой гэсэн үзэл суулгаж өгдөг. Нэгэнт гар утас түүний хувьд асуудал биш гэж итгэсэн хүүхэд хүрэх замаа маш түргэн тодорхойлж гүйцэтгэдэг байна.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 4

    Хүндэт эцэг эхчүүд ээ! хүүхэд биднийг яг хуулбарладаг юм шүү. Тийм болохоор өөрийн хуулбарыг харцгаа.

                Ингэхэд гадны хэн нэгнийг байхгүй үед эцэг эхчүүд бид биеэ хэрхэн авч явдаг вэ? соёлтой хосууд хүртэл гэртээ ирмэгцээ үрчгэр муухай өмд өмсөж, навсархай дээл нөмрөх нь элбэг. Дураараа амарч байгаа нь тэр гэнэ. Гэрийн эзэн өвдөг гарчихсан бэлтгэлийн өмд өмсөж, гэдэс гарсан майк углах нь ичмээр. Харин энэ бүхнийг хүүхдийн нүд харж л байдаг. Хараад зогсохгүй цээжилж байдаг.

                Тиймээс эцэг эхчүүд үргэлж цэмцгэр хувцаславал сайнсан даа. Эс тэгвэл хожим “манай хүүхэд ямар муухай биеэ авч явж, ямар хааш яаш хувцасладаг юм” гэж гайхах цаг ирэх вий.

                Эцэг эхчүүд “Би өдий насалсан болохоор яах ёстойг мэдэж байна. Дуугүй миний үгийг дага” гэж хүүхдүүдээ загнах нь элбэг. Ингэх огт хэрэггүй. Учир нь ингэж ярьж байгаа хүн өдий наслахдаа юу хийж бүтээсэн нь сонин байна. Ингэхэд тэр баян тансаг амжилттай амьдарч чадсан уу? Эсвэл цаг үргэлж зовлон туулсан хүнд амьдралыг ардаа өнгөрөөв үү? Энэ л чухал асуулт.

                Хэрэв ядуу тарчиг амьдралаар явж байгаа эцэг эхчүүд бол хүүхэддээ аль болох зөвлөгөө өгөх хэрэггүй юм. Өөрөө юу хийхээ мэдэхгүй сандарч тэвдсэн, амьдралын харгуйд бүдэрсэн ээж аав нар хүүхдэд юу сургах юм бэ?

                Уг нь болж өгвөл хүүхдийг цэцэрлэгт явуулах хэрэггүй байдаг. Учир нь манай улсын цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн систем коммунист арга барилтай бөгөөд үндсээрээ буруу гэж тооцогддог. Гэтэл өнөөдөр ч цэцэрлэгийн багшийн сургууль яг хуучин хичээлээ зааж, социалист багш нарыг тасралтгүй бэлдсээр байна. Энэ социалист багш нар бяцхан үрсэд хатуу хахир аашилж, нүцгэнээр зогсоох, харанхуй өрөөнд хорих, юм өргүүлж зогсоох, буланд цааш харуулах гэх мэт фашист шийтгэлүүдийг хэрэглэсээр л байгаа. Эдгээр багш нарын хувийн амьдралыг анзаарвал эд материалын тал дээр асар их саад бэрхшээлтэй байдаг ба энэ стрессээ хүүхэд дээр тайлах нь элбэг. Ингэхэд хүүхэд юуны учир шийтгүүлдэг вэ? гээд аваад үзэхээр, бусад хүүхдүүд унтаж байхад унтсангүй хэмээн шийтгэх жишээтэй. Дуулгавартай хүүхдүүд бүгд унтаж байхад нэг хоёр хүүхэд унтаж өгдөггүй. Тэд өөрийн тухай, томчуудын тухай, амьдралын тухай бодож хэвтдэг. Яг энэ хүүхдүүдээс ирээдүйн саятнууд төрнө. Тэдний бодлыг асуувал тун хачин хачин бодол хөврүүлсэн байдаг. Ээж аав нь яриагүй, зурагтаар үзээгүй, үлгэрт сонсоогүй зүйлсийн тухай тэд яагаад бодно вэ? Энэ нь хийсвэр сэтгэлгээ хүчтэй хөгжиж байгаагийн шинж юм.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 3

    Их мэдлэг боловсролоор саятан болох боломжгүй. Үүний баталгаа бол доктор профессор гээд аль ч оронд олноороо байдаг сэхээтнүүд байна. Тэд бүгд дундаж амьдралтэй хүмүүс байдаг. Дунд ч бай, их дээд ч бай сургуульд заадаг онол бол талх яаж хийхийг л заахаас биш хийсэн талхаа яаж мөнгө болгохыг заадаггүй. Харин хүүхэд зах зээлд тэнцэх хүн болж төлөвшиж чадвал талхыг борлуулах ухаан хүүхдийн өөрийн толгойноос ундран гардаг.

                -Өөрийн сонгосон чиглэлд байнга хөгжихийг заагаарай. Бизнес хөөх хүсэлтэй бол энэ төрлийн ном байнга судлах хүрээгээ дандаа тэлэх гэх мэт. Жишээ нь: “Саятан, менежер, монополь, гэх мэт мөнгө, зах зээлийн анхан шатны мэдэгдхүүн олгодог тоглоом заавал тоглуулах хэрэгтэй.

                -Ямар ч ажил хэрэг заавал сайнаар төгсөнө гэдэгт итгэлтэй, тайван байхыг сургаарай. Жишээ нь хэн нэгэн найзтайгаа муудалцсан бол тэр хүүхдийн сайн талыг олж харахад нь томчууд туслах, түүнчлэн сайндах аргыг нь зааж өгөх гэх мэт.

                -Өөрийгөө болоод гэр бүлээ хэний ч гар харалгүй хамгийн сайхан бүхнээр хангахын төлөө зогсолтгүй чармайдаг болгоорой. Өөрөөр хэлбэл насандаа, чадалдаа таарсан зүйлээр гэр бүлийхэндээ тусалдаг болгож дадуулах хэрэгтэй. Жишээ нь бага насных нь бол ширээ арчих, дунд насных бол гэрийн бүх хүмүүсийн гутлыг цэвэрлэх, ахлах ангийнх бол гэрийг тоос шороогүй байх асуудлыг хариуцуулах жишээтэй. Яг л хүүхэд байхдаа олж авсан энэхүү бусдад туслах дадал зуршлаараа зах зээл үнэлэх, хүмүүс хэрэглэх зүйл бүтээж чаддаг хүн болдог.

                -Өмч хөрөнгийг байнга төвлөрүүлж, боломж гарах өсгөн нэмэгдүүлэхэд үлгэрлээрэй. Жишээ нь: Эцэг эхийн өгсөн халаасны мөнгөнөөс өдөрт үлдсэн задгай төгрөгүүдийг мөнгөний саванд цуглуулахад нь туслах хэрэгтэй. Энэ нь томоохон зүйлийг хуримтлалын мөнгөөр авдаг гэсэн ойлголт суухад нэн чухал. Мэдээж саятан гэдэг бол өөрийн хэрэгцээнээс гадна өч төчнөөн өмч хөрөнгөтэй хүнийг хэлдэг. Үүнийг нэг өдрийн ажлын хөлс, ашиг орлогоор авах боломжгүй.

                Харин мөнгөний сав дүүрэхээс нааш мөнгийг авахгүй байх талаар та хяналт тавиарай. Энэ хэрээр хүүхэд ч бас тэвчээр хатуужилтай болж байдаг. Ингээд мөнгөний сав дүүрэхээр, эсвэл төрсөн өдрөөр нь ч юмуу задалж, өөрийнх нь дуртай зүйлийг авч өгөөрэй. Энэ үед хүүхэд их мөнгөний үнэр авч эхэлнэ. Мөнгөний үнэ цэнийг ойлгосон хүүхэд чинээлэг амьдралын өөртөө бий болгох чин хүсэлтэй болж ирдэг.

                -Өөрийн эрүүл мэндэд дээд зэргээр анхаарч өвчин тусахаас урьдчилан сэргийлж чаддаг нэгэн болгоорой. Их мөнгө бол их үйлсийн шагнал байдаг. Их үйлсийг их эрүүл саруул оюун ухаан бүтээж чадна. Эрүүл хүний тархи толгой л их сэргэг байх нь мэдээж.

                Тиймээс наад зах нь хүүхдээ нян бактерийн тухай ойлголттой болгох, бохир гарын уршигийг ойлгуулах хэрэгтэй юм. Ирээдүйн саятанг бохир заваанаас үүсдэг ханиад томуу, гэдэсний зэрэг элдэв өвчинд аль болох нэрвэгдүүлэхгүй байхын тулд ариун цэврийг маш сайн сахиулдаг болгох нь чухал. Тэгээд ч цэвэр цэмцгэр хүн эрүүл саруул байхаас гадна сэтгэл санаа өөдрөг явдаг жамтай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 2

    Томчууд бид өөрийн амьдралаас гадна хүүхдүүдийнхээ амьдралыг зохиож яваа. Үүнийг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв ухамсарлаж чадвал танд үүрэг хариуцлага бий болно. Харин үүрэг хариуцлагатай хүн хүч чадалтай байдаг. Хүч чадалтай болсон тохиолдолд мөрөөдөл биелдэг юм.

                Хүний амьдралын цаг мөч бүхэн өндөр үнэтэй. Энэ хорвоод амьдрах цагийг бурхан хэмжиж өгчээ. Бид бүх юмны төлбөрт цаг хугацааг эн түрүүнд барьж байдаг. Хүн цагийг янз бүрээр ашиглана. Хэрхэн ашигласнаас хамааралд эд баялгийн хэмжээ нь өөр өөр. Зарим хүн зогсоо чөлөөгүй зурагтын суваг солино. Гэтэл цөөн хүн ном уншиж өөрийгөө цэнэглэнэ. Энэ хоёр хүн явсаар шал өөр өөр газарт очих нь тодорхой.

                Эхний замаар явсан хүн амьдралдаа юу ч сурч чадаагүй залхуу хойрго ядуу хүн болдог. Харин хоёрдугаар замаар явсан хүмүүс тэс ондоо. Ер нь цагийн үнэ цэнийг ухамсарласан хэнбугай ч ирээдүйн амьдрал нь асар гэгээтэй болж ирдэг. Хүн амьдралын цаг мөч бүртээ ирээдүйгээ сийлж байдаг. Тиймээс хүүхдийг цагийн хуваариар ажлаа амжуулдаг болгож сургах хэрэгтэй. Цаг тэр бүү хэл минутын үнэ цэнийг ойлгодог болсон тэр цагт л мөнгө түүн рүү урсна. Өөрөөр хэлбэл их үйлсийг их мөнгө дагадаг. Их үйлс бүтээхэд их цаг хэрэгтэй. Бид аливаа ажлыг үдээс өмнө, үдээс хойш гэж бүдүүн баараг баримжаалан ярьдаг. Цагийн үнэ цэнийг ойлгоогүй өсч амьдарч буйн шагнал бол манай орны буурай хөгжил юм. Тиймээс үр хүүхдээ хөгжлийг бүтээх иргэн болгохын тулд аливааг төлөвлөсөн цагтаа амжуулдаг болгож зуршуулах хэрэгтэй байна.

                Даалгавраа нэг цагт багтааж хийнэ, гадаа яг гучин минут тоглоод орж ирнэ, зурагтаа хоёр цаг үзээд унтраана гэж төлөвлөсөн бол түүндээ хүрэх гэж тэмүүлэхэд нь эцэг эх туслаад өгөх хэрэгтэй. Томчууд тусалж дэмжээд байвал хүүхэд маш хурдан, цагтаа бүхнийг амжуулдаг хэвшил зуршилтай болдог. Төлөвлөснөө цагтаа амжуулах гэж зүтгэдэг яг энэ зуршлаараа том болоод их үйлс бүтээж чаддаг. Тэгээд ч ар гэрийн болоод албан ажлаа ч цаг тухайд нь амжуулж чаддаг хүн болчихвол зөвхөн мөнгө биш сэтгэл санааны өөдрөг байдал ч хүнд давхар үүсдэг учиртай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 34 ЗӨВЛӨГӨӨ

    Хүүхэд-гэр бүл

    Шинэ зуунд эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн олох, тэрээр олсноо эхийн хэвлийд байхад хэрхэн анхны мэдлэг, харилцаанд төлөвшүүлэх, нэгээс арван найман насанд нь яаж зан байдлыг нь зөв төлөвшүүлэх талаар ахмад хосуудын өгч байгаа зөвлөгөө:   

     Зөвлөгөө №1 Хүүхэд бүр өөрийн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг ертөнц юм шүү…

                Хүүхэд бүр юугаар ч үнэлэх аргагүй, энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдашгүй гайхамшиг билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд аливааг хүсэх л юм бол хүсэлдээ заавал хүрч чадах хүчирхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд бидний үүрэг нь хүүхдэд байгаа гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, дээд зэргээр тэвчээртэй хандах явдал байдаг.

                Бидний дадал зуршил, бүр хэлсэн үг, өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн маань ухамсарт сийлэгдэж байдаг. Улмаар тэдний ирээдүйн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг байна.

                Хэрэв та бид хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг аз жаргалтай болгох, нэр алдартай хүн болгох, бизнесийн оргилд гаргах, саятан болгохыг хүсч байгаа бол хүүхдийн дэргэд ярих үг бүхнээ хоёр дахин анхааралтай цэгнэх хэрэг гарна.

                Өөрөөр хэлбэл ирээдүйд танайхныг авч явах тэр гайхамшигт хүний бий болгохын тулд одооноос та мэрийж, юуны өмнө хэлж ярьж байгаа бүхэндээ анхааралтай хандах ёстой боллоо.

                Таны бие өвдөж байсан ч хүүхдэд энэ тухай ёолж, ёхлон хэлэх хэрэггүй. Хүнд өвчин туссан ч үргэлж “би эдгэрч байна”, “өдөр бүр сайжирч байна” гэх мэтээр ярьж сурах хэрэгтэй. Энэ бүхэн нь хүүхдэд өөдрөг сэтгэл суулгах зорилготой ба ирээдүйн саятаны хамгийн гол зэвсэг нь өөдрөг сэтгэл юм.

    “Амны билэгээс ашдын билэг” гэж монголчуудын ярьдаг нь юутай үнэн. Өөдрөг,эелдэг үг яриа сайн сайхан санаа бодлыг дагуулдаг. Харин ийм санаа бодол нь цэцэглэлт хөгжил, эд баялаг ба азыг дагуулдаг байна. Гэтэл бүтэлгүй муу үг яриа гутранги үзлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл гутранги үгс нь хүүхдийг огт хөдлөх хүсэлгүй нэгэн болгодог аюултай.

                Та хүүхдээ өнөөдрөөс эхээд завшаан гарах бүрт далимдуулан магтаж сураарай. Байнга магтуулдаг хүүхэд өөрийгөө авъяаслаг, хүчирхэг, давтагдашгүй гэдэгт итгэж эхэлдэг. Энэ итгэл насан турш түүний зүрхэнд бадарч, өндөр оргилд хүргэх болно. Бидний тархи толгойд ээж аав нарын минь үг яриа, үзэл бодол нэвт суужээ бид яг л ээж аав нарынхаа хуулбар нь юм. Харин хүүхдээ муу хуулбар болгож хувиргахгүйн тулд та өөрийгөө эхлээд өөрчлөх ёстой болж байна. Бүдүүлэг үг хэл, хараалын үгс, бусдыг доромжлох, дайрч давшлах хэрэггүй. Учир нь энэ бүхэн танд болоод таны хүүхдийн ирээдүйд тун хортой. Ялангуяа та хүүхдийнхээ дэргэд ингэж авирлах хэрэггүй.

                Хэрэв та өөртөө хайртай л юм бол хэнтэй ч бүү хэрэлдэж маргалд. Гэтэл өөрийгөө хайрлах нь ирээдүйн саятны анхны алхам мөн билээ. Хүн бүр л сайхан гэр орон, сайн унаа унаш, сайхан хувцас хунар, хоол унд, амралтыг хүсдэг. Хэрэв та энэ бүхэнд өөрөө хүрч чадаагүй бол хүүхдээ хүргэх боломж байна. Хэрэв хүүхэд зөв хүмүүжээд энэ бүхэнд хүрч чадвал та настан болсон хойноо жаргаж суух болно.

                Энэ бүхэнд хүрэх анхны алхам нь үг ярианы жагсаалтаасаа бүдүүлэг хэллэгүүдийг бүрэн хасах явдал юм.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Хүүхэд гэр бүл


       Хүний хөгжлийн тайлагдашгүй нууцыг өөртөө шингээсэн хүүхэд гэдэг аугаа ертөнцийн тухай ээж хүний хувьд  мэддэг зүйлээ  бусадтай хуваалцах завшаан олдлоо.

            Хүн төрөлхтөн мөнхийн амьдралыг зөвхөн үр хүүхэд төрүүлж өсгөснөөр эдэлдэг. Хорвоогийн гурван их буяны нэг нь хүүхэд төрүүлж өсгөх, хоёр дахь нь ном бүтээх, гурав дахь нь байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих явдал билээ.

          Хүний мөнхийн хүслийг гүйцэлдүүлэгч ирээдүй хойч үеийнхээ өмнө насанд хүрэгчид үүрд хоцрогдсоор ирсэн түүхтэй. Иймээс ч хүүхдээр хүн хийх мэргэжил хамгийн хүнд мэргэжилд тооцогдож, тэднийг хүмүүжүүлсэн  хүний хөлс төлөгддөггүй ажлыг НҮБ тооцож үнэлсэн байдаг. Дэлхийд жилд 22 их наяд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэгээс 11 их наяд үйлдвэрлэлийг эмэгтэй хүний, эх хүний хөлс нь төлөгдөөгүй ажил үйлчилгээ эзэлж байна гэжээ. Мэдээж үр хүүхэд төрүүлж, хүн хийх нь гайхалтай сайхан ажил үйлчилгээ билээ. Хүн үргэлж залуу чадалтай байх шигээр амьдарч байна. Тэд маш хурдан хөгширч үр хүүхэд, залуу үеээрээ тэтгүүлэх хэрэгцээ гарч ирдэг гэдгийг  ч үргэлж мартаж ирсэн түүхтэй. 

        Шинэ зуунд саятан хүүхэд төрүүлж, хүмүүжүүлэхэд саятан болсон хүний амьдралын зарчмаас суралцах шаардлага урган гарч ирнэ.

    Эцэг эх өөрийн мэдэхгүй зүйлээр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй. Иймээс чаддаг байж ирээдүй хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийхийн тулд бид энэхүү товхимлыг гаргалаа. Уншсан бүхнээ бүтээлчээр амьдралдаа хийж, туршаад өөрсдийн гэр бүлийн  мэдлэг болгоорой.

         Хамт олноороо, найз нөхдөөрөө гэр бүлийн хүрээнд шинэ зууны хүүхэд хөгжил мэдээллийг авах бүрэн бололцоо нээгдсэн тул хүндэт эцэг эхчүүд  манайд захиалга өгч хүүхдээ болоод гэр бүлийн гишүүдээ шинэ зууны саятан аав, ээжийн мэдлэгтэй болгоорой. 

     

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу. 

  • The New Media Marketing Agency-н зураач Э.Лхагвадорж Tiger Translate 2011 уралдаанд түрүүлж Tiger Translate дэлхийн наадамд оролцохоор боллоо

    Монголын авъяасыг дэлхийн тавцанд уриатай Tiger брэнд нь монголын урлаг, спортыг дэмжиж, хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулж байгаагийн нэг нь “Tiger Translate” олон улсын урлагийн хөтөлбөр юм. Залуу уран бүтээлчдийн туурвисан бүтээлийг дэлхийн томоохон хотын үзэгчдэд танилцуулах, бусад орны уран бүтээлчидтэй хамтран ажиллах, тэднийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн Tiger Translate хөтөлбөрийн өнгөрсөн жилүүдийн ялагчид Лондон, Копенгаген, Веллингтон зэрэг хотуудад өөрсдийн бүтээлээ дэлгэн “Tiger Translate” дэлхийн наадамд оролцож байсан билээ. Энэ жилийн наадамд The New Media Marketing Agency-н зураач Э.Лхагвадорж түрүүлж 2011 оны 11 сарын 21- 25 хооронд Австрали улсын Сидней хотод зохиогдох “Tiger Translate” дэлхийн наадамд оролцохоор боллоо.
    Монголоос NTV телевиз, Tiger-ийн төлөөлөгч, Э.Лхагвадорж зэрэг цомхон бүрэлдэхүүнтэйгээр Авсрали улсыг зорих ажээ.
    Уран бүтээлч маань дэлхийн уран бүтээлчидтэй доорх 2 чиглэлээр хамтарсан уран бүтээлүүд хийх ажээ.
    Ханан дээр зураг зурах,
    Нийт уран бүтээлчид хамтарч нэг том хост дээр бүтээл туурвидаг ажээ.

    Монголын болон дэлхийн наадмын тухай дэлгэрэнгүй нэвтрүүлэг нь Австралийн наадмын дараа цуврал нэтрүүлэгүүд болж олон нийтэд хүрэх юм байна.

    Зураач Э.Лхагвадоржийн блогт зочилохыг хүсвэл http://lhagvadorj.newmediamarketingagency.com/

  • Нярайлсан бүсгүйг хэрхэн бөөцийлвөл хүүхэд болон ээж эрүүл чийрэг болох тухай

     

    Онц сонирхолтойгоор суралцах явцад минь тохиолдсон бас нэг үйл явдал бол эрүүл хоёр зээ, нэг ачтай болсон минь юм.

    Охин, бэр хоёр минь жирэмсэн байхдаа болон төрсний дараа хэрхэн хооллосон нь өвөг дээдсийн эрдмийн захаас дуулж мэдсэнээ хэрэгжүүлсэн хичээл байсан.

    Одоо цагийн эрүүл биш эмэгтэйчүүд жам ёсны хэвийн тээлт, төрөлт, эрүүл хүүхэд гэдгийг мэдэхгүй учир бие давхар болсноо мэдсэн цагаас эхлэн айдас түгшүүрт автан, тэртэй тэргүй тааруухан эрүүл мэндээ улам дордуулж, арай гэж хоёр яс салаад, өвчтэй хүүхэд өсгөхийн зовлонд унадаг тул “дахиж л хүүхэд гаргахгүй” гэсэн тангараг тавих дөхдөг.

    Цаг нь ийм болчихсон юм, яах ч аргагүй гэж бодох хэрэггүй юм байна.

    Том охин минь 2005 онд анхны хүүхдээ огт ядралгүй төрүүлж, амархан тэнхэрсэн. 2007 онд охин минь ажлаа ядрахгүй хийсээр яваад нэг ч өдөр амарч амжилгүй хоёрдахь охиноо төрүүлж, мөн л өмнөх шигээ маш хурдан тэнхрээд 41 хоноод ажилдаа орсон. 2008 онд бэр минь ч гэсэн бас ажлаа хийсээр байгаад л амаржсан, мөн л хурдан тэнхэрсэн.

    Эрүүл төрсөн манай 2 зээ охид, ач хүү маань ямар ч түвэггүйгээр өсөн торниж байгааг, эхчүүдийн нь бие галбир, зүс царай өөрчлөгдөхгүй, сүү сайтай, хөнгөхөн байхыг харж байгаа учир арваад хүүхэд төрүүлж өсгөхдөө түүртэж зовсон шинжгүй жавхаатай сайхнаараа байдаг байсан бидний эмээ нарын нууц нь тэд эрүүл байсанд нь, эрүүл байсан нь амьдралын зөв дадалд нь байжээ гэдгийг бодитойгоор ойлгож, хүлээн зөвшөөрөх жишээтэй.

    Тарган хонины махаар хар шөл уухгүйгээр тэнхрэх боломжгүй байсан бол охин, бэр хоёр минь тэнхрэхгүй л байх байсан. Ямааны эрээн булчинг 3 удаа угааж чанаад эхний шөлийг асгаж, дахин буцалгасан шөл 4-5 өдөр л уулгадаг байсан гэж ярих наяас дээш насны буурлууд одоо ч Монголд бий. Баруун аймгийнхан бол адууны эрээн булчингийн шөл гэж ярина шүү. Сургалтаар орон нутагт ажиллахдаа настан буурлуудтай уулзаж, судалгаа хийдэг бөгөөд маш сонирхолтой материал цугларч байгаа.

    Эдний үг үнэн гэдгийг амьдрал дээр харлаа.

    Ер нь сайн бодож үзвэл бид хэн болоод өвөг дээдсийнхээ үнэлж баршгүй өв соёл, эрдэм ухааныг шүүмжилж, үгүйсгэх эрхтэй юм бэ гэсэн асуулт аяндаа гарч ирж байна. Тэднийг юм мэдэхгүй харанхуй бүдүүлэг гэх мэтээр хэлэх ямар үндэслэлийг хаанаасаа гаргаж ирдэг хэрэг вэ?

    Олон зуун жилийн турш өдөр тутам зөв амьдарсан дадал зуршил, ийм амьдралын ном ёсны үр дүн болох сайн эрүүл мэнд, энэ хоёрын холбоог олж харж байсан гярхай ажиглалт, ертөнцийн жамыг таньсан гүн ухаан, үр ачдаа өртөөлөн дамжуулсан үнэт зүйлийг уландаа гишгэж, зөвөөс татгалзаж, бурууг зөв хэмээх болсон төөрөгдөлдөө өөрөө үнэнч байхаас гадна тийм байхыг бусдад тулган шаарддаг эмгэнэлт байдлаасаа салахад илүүдэхгүй юм байна.

    Амаржсан эхэд давстай, хийцтэй өтгөн цай уулгадаггүй байсан гэж цайны жинхэнэ мастерууд болох баруун аймгийн настайчуул хэлдэг. Зүүн аймгийнхан ч ялгаагүй, шингэхэн хар цай уулгадаг байсан гэдэг. Сүүтэй цайнд дуртай монголчууд эрт цагт яагаад дөнгөж төрөөд байгаа эхэд шингэн хар цайг давсгүй уулгадаг байсан юм бол? Хэрэв тэртээ дээр үед амьдарч байсан монголчуудаас одоо босгож ирээд ингэж асуувал шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэлж чадахгүй л болов уу. Харин “тийм ёстой юмаа хүү минь” л гэх биз.

    “Шал тэнэг юм” гэлгүйгээр зүгээр л нялх биетэй эхэд угааж угаачихсан эрээн булчингийн шөл хэдхэн өдөр уулгаж, давсгүй, шингэн хар цай өгөөд, үстэй гүзээгээр шар будаатай шөл чанаж идүүлээд, эрхбиш орчин үе юм байна хөх тарианы хар талх, овёсны нэвс Геркулес, хөц будаа, шинэхэн ээдэм, хоормог, хушга мэтийн самар, навч ногоо, жимсээр тэжээгээд үзэх л хэрэгтэй юмсанж.

    “Тэр эрдэмтэн энээ тэрээ нь дуртай юм бол хулгана зурам дээр, чаддаг юм бол өөрийнхөө охин дээрээ л туршдаг юм байгаа биз, манайх яалаа гэж охиноо /бэрээ/ тэгж зовоохов , социализмын үеэс хонь төхөөрч, хар шөл ууж, шар будаа хийцэлсэн цайгаа ууж л арай гэж тэнхэрдэг байсан, хүн төрүүлнэ гэдэг амар ажил юмуу” гэх хүн одоо цагт захаас аван тааралдана даа.

    Эрүүл ач, зээ нарыг төрүүлж өгсөн бэр, охиноо хооллуулсан тухай өөрийн мэдэж байгаа баримтыг бодит жишээ, нотолгоо болгон  миний бичсэний санааг Та ойлгосон байлгүй.

    Эхний гол санаа нь – хүлээн зөвшөөрч чадаж байгаа, чадахгүй байгаа сонголтын олон хувилбаруудыг тал бүрээс нь тунгаан бодоод, ганцхан хүний нэгхэн удаагийн туршилтаас бусдыг нь үр дүн гартал ном ёсоор нь даган дуурайсны дараа л дүгнэлт хийж, буруу зөвөө мэдэх нь ашигтай юмаа гэж.

    Хоёрдахь чухал санаа нь – амьдралаар нэгэнт нотлогдсон үнэнийг үгүйсгэж болох боловч түүнтэй тэрсэлдсэний горыг тойрч бултах юмуу, бусдад ацаглах боломж даанч байдаггүйг бидний өнөөдрийн бодит амьдралын дэндүү бодитой байдал хэлээд байгааг хүлээн зөвшөөрвөл дээргүй юу гэж.

    Санаанд багтахгүй гэж бид их ярьдаг. Яаж тийм байхав дээ ч гэх шиг. Хэмжээтэй юмны зах хязгаарт хүрчихсэн хүн мэтээр л өөрийгөө төсөөлдөг юмуу даа. Санаа гэдэг саваа юу ч багтах зайгүй болгочихдог юм биш үү? Болчихдог гээгүй, болгочихдог. Энэ их учиртай! Хамаг учир энд л байдгийг мөн ч олон хүн янз бүрээр бусдадаа хэлсээр ирснийг үе үедээ тун ч цөөхөн хүн ухаардаг бололтой.

     Жирэмсний хордлого, хаван, даралт, хүндрэлтэй төрөлт, тархины даралттай, диатезтэй, түнхний мултралттай хүүхэд, угж, нойргүй шөнүүд, гадаад, дотоодын  эмнэлэгт хүүхдийнхээ сахиур, …

    Иймэрхүү зовлонгүйгээр бүл нэмж, олон хүүхэдтэй аз жаргалтай айл байх боломжтой юм байна гэдгийг болж өнгөрсөн үйл явдлаас ухаарч байгаа түүхээсээ сонирхуулахад нэг иймэрхүү.

    Бидний өвөг дээдсийн соёл зөвхөн жирэмсэн, хөхүүл эхийн хооллолт биш гэдэг нь ойлгомжтой. Жилийн дөрвөн улиралдаа зохицож, бага иддэг, дангаар хооллодог /олон юм нэг дор иддэггүй/, насны онцлогийг харгалздаг гэх мэт дадал зуршил нь асар их соёлын үзүүлэлт байсан учир монголчуудын үндэсний хоол гээд бусдад гайхуулах хольц найрлага бодож олоогүй юм байна. Хооллох ажлыг үзэх, үнэрлэх, амтлах урлаг болголгүйгээр олон зуун жил ном ёсоор нь хийж явна гэдэг шуналт хүсэлд автахгүй ямар өндөр дархлаатай, сэтгэлийн ямар гүнзгий боловсролтой байсныг гэрчилнэ.

    Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос

     

  • Бүх юм учиртай

    Та бид хоёрын энэ учрал санамсаргүй тохиолдол биш ээ. Та их буян хураасан хүн учир олон түвшинт энэ Сансар Орчлонгийн ийм мэт сайн мэдээллүүд оршдог түвшинд дээшлэн хүрсэн болохоор аз жаргалын түлхүүрүүд дараа дараагаар Танд олддогийн бас нэгийг атгах учрал чөлөө бүрдсэн юм байна.

    Эрхэм хүмүүн Та миний сайхан шавь нарын нэг, эсвэл манай “Соёолж” зохимжит хоолны газарт үйлчлүүлэгч, эсвэл миний “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?” ном уншсан хүн, эсвэл гурвууланг хамтруулсан нэгэн, эсвэл анх удаа уулзаж байгаа шинэ танил байгаа.

    Хэрэв Та миний курсэд сууж байсан бол бие болон сэтгэл эрүүл болохын баярыг үзэж яваа, үйлс ажил нь өөдрөг, амьдралын утга учрыг гайгүй сайн ухаарч, өнгөрсөн болон ирээдүй цагт биш яг одоо цагтаа аз жаргалтай амьдарч яваа гэдэгт бат итгэлтэй байна.

    Биедээ зохимжтой хооллогч танил минь бол энэ номыг уншаад өөртөө улам итгэлтэй болох төдийгүй ойр дотнынхон чинь энэ чухал асуудлын  ач холбогдлыг яагаад бүгд сайн ойлгохгүй байгаагийн шалтгааныг олж харах тул тэдэнд туслахад чинь дөхөм болно.

    Харин танилцаж амжаагүй эрхэм Та зохимжтой хооллогч биш  бөгөөд энэ асуудлыг сонирхдог бол тухайн сэдвийг арай өөр өнцгөөс харж, буруу дадал зуршлаасаа бүрмөсөн салахад чухам юу дутаад байсныг ойлгох буйзаа. Тантай “Соёолж” хоолны газарт эсвэл манай курсэд биеэр уулзан танилцахын ерөөл тавья.

    Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос

  • Элэгний циррозыг эдгээсэн нь

    Санаснаараа амьдарсан гэх 40 гаруй насны нэгэн эр элэгний цирроз оноштойгоор эмнэлгээр нилээн яваад олигтой үр дүн гарахгүй болохоор нь лам, хар гээд өөр арга бэдрээд явж байхад нь нэг танил нь “хоолоор эдгэдэг гэсэн” гэж гэнэ. Танил нь миний бичсэн “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү” номыг уншсан байж. Би ээжийн минь элэгний цирроз эдгэсэнийг номондоо жишээ татсан юм. Тэр хэсгийг уншаад, надтай уулзсан. Ажлын төлөө зүтгэж,  архийг ч чамгүй ууж явсан жолооч гэж өөрийгөө танилцуулаад, ээж чинь идэхэд циррозыг нь эдгээсэн хоолоо хэлээд өгөөч, идээд өгье гэсэн юм. Зөвлөгөө гэснээс хичээлд суух нь дээр гэхэд минь элдэв юм ярилгүй сууж л орхисон. Нилээн алиа марзан нөхөр л дөө. Курсийн дараа байнга холбоотой байсан бөгөөд нэг удаа надад

    -Багшаа, би гэдэг хүн ходоодондоо долигонох гэж жигтэйхэн болоод байна. Жишээ нь, өглөөгүүр гэхэд л ”Та сайхан амрав уу? Миний унтаж байх хооронд шинэ өдрийн ажилдаа бэлдэж амжив уу даа? Хоёулаа одоо ажлаа эхлэх үү? Би овёсны нэвс дэвтээчихээд Тань руу илгээх гээд л сууж байна. Ээ дээ Та минь хичээж л үзээрэй. Өнөөдөр миний амжуулах ажил хачин их шүү” гэх мэтээр ая тал засаад л намирч өгдөг болсон шүү дээ. Өдөртөө ч бас адилхан. Тайлан тавьж, зөвшөөрөл аваад л.

                Хоолны дараа биеэ сонсож,үг хэлийг нь ойлгодог болох шинж байна.

    Хоносон хоол халааж идэхээ бүр больсон.

    Хааяа ч бас ходоодноосоо банга хүртэх л юмаа. Гэхдээ алдаагаа дор нь засаж байгаа.

    Ном сонссоны ачаар элгээ энхрийлж, бөөрнөөсөө айж, зүрхээ хүндэлдэг болдог юм байна! Энэ хэдийг зарж амьдарч байгаагаа одоо л нэг ухаарахтай болж байна. Оройтох шахсан ч, огт мэдэхгүй өнгөрснөөс хол дээр гэж бодож баярлаж байгаа.

    Бие хөнгөрөөд сайхан байнаа! Ходоод, цөс өвдөхөө больсон. Би мөн ч их дээрэлхэж байж дээ, эднийгээ. Эзэн маань овоо шүү гэж эрхтнүүд минь боддог болсон шигээ гэж билээ.

                Нэг жил гаруй болоход ном ёсоор түүний элэгний цирроз эдгэсэн.

    -Тослоогүй бахиалын түрий шиг болсон байсан нүүрний минь арьс тос даасан хурууд шиг бор болж байна шүү. Угаасаа би цагаан байгаагүй л дээ. Баазынхан маань намайг “гүргэр хар” гэдэг байснаа сүүлдээ “хар хөх болоод байна, бие чинь хэцүүдэж байгаа юм биш үү “ гэх болсон юм. Царай хүртэл өнгө орж залуужаад ч байх шиг гэх мэтээр ярина. Түүний багын найз нь бас цирроз болсон байж. Тэр нь чи яагаад байна вэ, аргаа хэлээч гэхээр нь хоол, унд гээд эхлэхээр нь үнэхээр эгдүүцэж, битгий марзагнаад бай гээд авч хэлэлцэхгүй юм гэж бас гомдоллоно.

    Нэг удаа ирэхдээ,

    -Багшаа, би найздаа яаж тус болох вэ? Мангар амьтан чинь надад гомдоод байна. Өчигдөр орой манайд авгайгаа дагуулчихсан, нэг шил юм барьчихсан ирээд, “миний найз элгээ юугаар яаж эдгээснээ яг үнэнээр нь хэлээд өгчих дөө. Яагаад нуугаад байгаа юм бэ? Чамд би үнэхээр гомдож байна. Бид хоёр хар багаасаа. . .” гээд хоолой зангируулан дурсамж яриад, “би чамаас гуйж байна, би ч гэсэн эдгэрмээр байна шүү дээ” гээд уйлав. Үнэн юмыг хүлээж авдаггүй хүнд яаж ойлгуулъя даа гэж бодож эхэлж байсан чинь өнөөх маань нулимсаа арчсанаа

    -Миний өвгөн харин хоолоор эдгэсэн гэж л бүү хэлээрэй дээ гэдэг байгаа. Ийм хүнийг би яах вэ гэж асуусан.

    -Ойлгох цаг нь ирэхэд ойлгоно биз дээ. Чи улам сайн жишээ болоод л, олон юм ярихгүй байж байвал тус нь тэр болно гэхээс өөр хариулт надад байгаагүй. Үнэн нь тийм учраас.

    Сүүлд нэг ирэхэд нь найзыг нь асуухад минь

    -Тэр дажгүй ээ. Би нэг удаа бас уйлж байгаад загначихсан. Юм ойлгохгүй бол үхэхгүй юу. Чиний амьд явах чамд л хэрэгтэй биш юм уу? Элэг юу хийдгийг, архи, мах яадгийг мэдэхгүй л амьдарсан биз дээ бид хоёр! Намайг хараад үнэмшихгүй бол боль. Сэтгэл чинь мэднэ биз. Дагавал зол чинь, эс гэвэл хохь чинь гээд орхичихсон. Манайд ирэхэд нь өөрсдийнхөө л иддэг юм өмнө нь тавиад, өөрсдөө таашаалтайгаар идэлцээд, эмнэлэгт хэвтэхэд нь идэх дуртайг нь биш, хэрэгтэйг нь аваачиж өгөөд байсан. Ном унш гэхээс өөр юм яриагүй. Нөхрийн хандлага овоо наашилж, бие нь ч засарч байгаа гэж байсан.

                Би өдөр бүр иймэрхүү түүхийн гэрч болж байдаг бөгөөд өөрийгөө таних замд миний дамжсан шат гишгүүрээр бусад хүмүүс явахдаа бидний өмнө замнаж эрүүл мэнд, аз жаргал хэмээх гэрэлт оргил өөд хөтөлсөн багш нарын сургаалыг өөр өөрийн дадлагаар баталж байгааг хардаг.

                Аливаа зүйлийг биеэр, бодитоор хийж үзсэн хүн жижиг сажиг, аар саар гэмээр боловч тэдгээрийг мэдээгүй бол ажил бүтдэггүй олон нууцыг өөртөө илрүүлдэг. Олон дахин хийх тутам их зүйлийн учир олддог. Гэхдээ тэр жижиг сажиг зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд хүнд ч хэлэх нь ховор тул орхигдох нь элбэг. Тиймээс дараагийн хүн тэр бүгдийн учрыг цаг алдан байж алдаан дээрээсээ ойлгох хэрэг гардаг. Юманд тууштай нь шүү дээ. Харин туушгүй нь, эсвэл юу ч хийдэггүй учир алдаа гаргадаггүй нь тэр нууцыг олж мэдэхгүй. Тиймээс шатаар дээш өгсөж чадахгүй нэг л гишгүүр дээрээ.

    Уншсан хэн нэгэн цагаа хэмнэж, хурдан урагшлуужин гэсэндээ бусдын туршлагаар давхар нотлогддог өөрийн туршлагаас тун чухал тийм жижиг сажгийг том хэсэгтэй нь нэгтгэн, өөрийн хэмжээнд дүгнэлт хийхийг оролдсоноор энэ ном бүтсэн.

    Хоолоо хохирохгүйгээр иднэ гэдэг өөрийгөө таньсан хүний ажил юм байна. Тиймээс энэ ном зөвхөн хоолны л тухай биш бөгөөд аз жаргалтай амьдрах аргын тухай ном.

    Хоол идэх нь олон хүний боддог шиг амьдралын сүрхий чухал зорилго биш. Машинд бензин хийдэгтэй л адилхан өдөр тутмын урсгал ажил. Зарим хүний хувьд энэ нь идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү гэсэн гүн ухааны асуудал болон шаналгадаг шүү.

    Өөрийгөө таньж, амьдралын утга учрыг ухаарахад хооллолтыг дадлага хийх нэг арга, жишээ, дасгал болгох нь их үр дүнтэй юм. Хамгийн чухал нөгөө нэг арга нь амьсгал. Үүнийг бясалгагчид сайн мэднэ. Амьсгалын зэрэгцээ идэх үйлийг ашиглан, түүгээр дамжуулан биеэ ажиглаж, бас бясалгаж, өөрийгөө таних боломжтой юм байна.

    Амьд байхад амьсгал зогсохгүй нь үнэн ч гэсэн түүнийг ажиглах дасгалаа тэр бүр хийхгүй явдал байдгийг бясалгагч хэлнэ дээ.

    Харин баярлууштай нь залхуураад ч юмуу, мартаад идэх дасгалаа хийсэнгүй гэх боломжгүй учир дадлага тасалдахгүй, дасгалаа хийчихсэн юм чинь зөв, буруугийн аль нэг үр дүн зайлах аргагүй гараад л ирнэ. Гарчихсан байгаа хариуг ажиглах юу нь хэцүү байхав?

    Аливаа юманд иж бүрнээр зөв утгаар нь хандаж байж л жинхэнэ сайн үр дүнг үзнэ.

    Б.Гэрэлмаа “Хоол ба сэтгэл” номоос