Author: admin

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 15

    “Хагас сүүтэй шилэн аяганы хууль” гэж байдаг. Талд нь хүртэл сүү хийсэн шилэн аягыг хүмүүст харуулахад олонхи нь “тал нь хоосон” гэж хүлээж авдаг байна. Харин тун цөөхөн хүн “тал нь сүүтэй” гэсэн өнцөгөөс харж ойлгодог. Юмны сайн талыг олж харах энэ авъяас ирээдүйн саятан хүүхдэд тун чухал. Өөртөө байгаа юманд баярлахаас биш байхгүй юманд гуниглах үзэл суух ёсгүй. Ингэж сурвал хүүхэд яагаад амжилт олохгүй байгаагийн тухай биш харин яаж амжилтанд хүрэх тухайгаа бодож эхэлдэг. Тэр ялагдлыг биш ялалтыг л боддог хүүхэд болно.

                Нэгэн гүн ухаантан хэлэхдээ “Аз жаргалын нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга заавал нээгдэж байдаг. Гэтэл хүмүүсийн олонхи нь өнөөх хаагдсан хаалганы дэргэд зогсож, дахин нээхийг оролдож, гуйж, заналхийлж, царай алдаж эхэлдэг. Харин цөөхөн хүнд хаагдсан хаалгыг шууд хаяад хөгжилтэй цааш алхсанаар шинээр нээгдсэн хаалган дээр хүрдэг юм. Энэ цөөхөн хүн л баян байдаг” гэж бичжээ.

                Жишээ нь хүүхэд хугарчихсан тоглоомоо скочдоод өг гээд өөрийнхөө болон томчуудын “мах идээд” зогсоод байдаг. Байнга хөдөлгөөнтэй байдаг тоглоом скочоор тогтох ч үгүй. Тиймээс та өөр тоглоом руу анхаарлыг нь хандуулж сургах хэрэгтэй. Болж өгвөл шинэ, өөрийг аваад өгөх, боломжгүй бол үлгэр уншиж өгөх, хамт хүүхэлдэйн кино үзэх, гадаа зугаалах гэх мэтээр анхаарлыг нь тоглоомоос сарниул.

                Ингэж өөрт аль ашигтай зүйл рүү анхаарлаа хандуулдаг болгоод дадуулах маш чухал. Ингэхгүй бол хүүхэд зах зээлд олигтой ашиг орлого авчрахгүй байгаа эсвэл олигтой цалин пүнлүү авахгүй байгаа ажилтайгаа зууралдаад байдаг.

                Аливаа зуршлуудыг хүүхдэд суулгана, хэвшүүлнэ гэхээр та насаараа хүүхэдтэйгээ зууралдах юм байна гэж сэтгэлээр унах хэрэггүй. Хүүхдийн толгой маш сэргэг. Ганц хоёрхон сарын дотор туслаад дэмжээд өгвөл зуршил болоод тогтчихдог сайн талтай. Тэгээд ч хүүхдийг зах зээлд тэнцэх хүн болж төлөвшүүлэхийн тулд өдөржин түүнтэй ажиллаад байх шаардлага ч байхгүй. Өдөр бүр ганц цаг ажиллахад л хангалттай. Харин өдөр бүр ажиллаж чадвал мэдээж амжилтанд хүрнэ гэдгийг мартаж болохгүй. Гагцхүү хүүхэдтэйгээ амарч, хичээллэж, хооллож, зугаалт, тоглож байх үедээ томчууд хэлж байгаа үг, хөдөлж байгаа үйлдэл бүрээ хянах л хэрэгтэй байгаа юм.

                Бидний болгоомжгүй үг хэл, үйлдлүүд хүүхдийн тархинд буруу үзэл, буруу төлөвшлийг суулгаж байдаг учир яг дэргэд чинь толь байгааг огт мартаж болохгүй. Тэгээд ч судлаачид хүүхэд өсвөр нас хүртлээ ухамсар нь хөгжөөгүй зөвхөн төрөлхийн болон дууриах рефлекс нь хөгжсөн байдаг гэж тогтоосон байдаг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

               

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 14

    Бүхний түрүүнд үг байсан” гэж мэргэдийн сургаал байдаг. Тиймээ үг бол юм бүхний эхлэл байдаг. Үгийн хүч хязгааргүй. Сайн ярьж чаддаг хүний боломж мөн хязгааргүй болж ирдэг.

                Болохгүй, чадахгүй, итгэхгүй, бүтэхгүй гэх мэт үгс нь хүүхдийг хар багаас нь хулчгар арчаагүй болгож байдаг. Харин та хүүхэддээ хялбар арга зааж өгөөрэй. Хүүхдийн хувьд “ёстой” гэсэн үг эхлээд харахад гэмгүй санагдавч асар хортой байдаг. Тэгэхээр хүүхэд “ёстой” гэсэн үгийг “хүсч байна” гэсэн үгээр сольж сурах хэрэгтэй. Жишээ нь эцэг эх нь “өглөөний цай заавал уух ёстой” гэж зүтгэдэг бол харин хүүхэд “би өглөөний цай уух ёстой биш харин уухыг хүсч байна” гэж өглөө өөртөө хэлдэг болгон сургаарай.

                Ирээдүйн саятан хүүхдийн зан араншин дотор айдас, гомдол, уур хилэн ба атгаг санаа байх ёсгүй. Энэ бүхнийг хог новш шиг гялгар хүүдийнд хийгээд гаргаж хая.

                Дорнын их сэтгэгч Ошо “Хэнээс ч бүү ай, Хорвоогоос ч бүү ай” гэж сургасан байдаг. Орчин цагийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аймшигт аллага болоод, яс хавтаймаар бусад хэргүүдийн тухай хээвнэг бичих болжээ. Хүнд айх зовж шаналах гэх мэт зүйлс байж огт болохгүй. Мөн гомдол хэмээх тэр мэдрэмж огт төрөх ёсгүй. Зарим хүүхдүүд хар багаасаа тун гомдомтгой байдаг. “Би чамд гомдлоо, Чи муу хүүхэд” гэж тэд ярьдаг. Хүүхдийг хар багаас нь бусдын яриа ба үйлдэлд гомдохгүй байхад сургах ёстой. Энэ талаар нэгэн нэрт зохиолч доорхи зүйлсийг бичжээ. “Хэрэв чамд дэргэд байгаа хүний үнэр таалагдахгүй бол өөрөө л холдчих хэрэгтэй, тэгээд л үнэр алга болно” гэж сургасан байдаг. Үнэндээ хэн нэгэн хүн таалагдахгүй бол түүнтэй харьцахгүй байх хэрэгтэй. Саятан хүнд дутагдал доголдлоор дүүрэн хүмүүсийг засч янзлах цаг зав огт байхгүй. Тэгээд ч ер нь засрах ч үгүй. Хүмүүс ер нь ямар тэнэг үйлдэл хийсэн байлаа ч гомдохгүй байж сурах ёстой. Тэд санаатай үйлдэл хийсэн ч гомдохгүй л байх ёстой.

                Ер нь хэн нэгэнд гомдох үед хүн өөрийгөө л шийтгэж байдаг. Тэр хүний хувьд таны байдалд байгаа нь огт хамаа байхгүй. Гэтэл та гомдож зовж гүйцдэг. Баяжихын хүсвэл гомдолыг орхи. Хэрэв гомддог бол бушуухан уучлах аргыг хэрэглээрэй. Эцэг эхээ хүүхдүүдээ ойр дотны хүмүүсээ, зүгээр таньдаг хүмүүсийг ч шууд уучилж сурвал хүний өөрийн сэтгэл зовж шаналахгүй болох ба тэр хэрээр ихийг сэтгэх, ихийг бүтээх орон зай үүсч байдаг. Хүүхдээ багаас нь бусдыг маш түргэн уучилж, өршөөдөг зантай болгох ёстой. Хэн нэгэн түүнийг гомдоолоо гэхэд тэр дороо уучилж гар барьдаг. Хуруугаа зөрүүлдэг болгож сургаарай. Тэгээд л тэр хүүхэд цааш инээн одно. Яг энэ зуршлаараа том болоод гомдлоо бодон өөрийгөө тарчлаан суух биш шууд мартаж  хийхээ сэтгэж эхэлдэг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 13

    Харамсалтай нь олонхи эцэг эхчүүд хүүхдээ загнаж зэмлэж, шийтгэж байдаг. Энэ бүхэн хүүхэд хүсэлдээ итгэх явдалд хүчтэй саад хийж, өөрөө өөртөө үргэлж “үгүй” гэж хэлдэг тийм хүүхдийг төрүүлж байдаг. Энэ бүхний гайгаар хүүхдүүдийн ихэнхи нь хүсэл нь гүйцэлдэнэ, аз жаргал ирнэ гэдэгт эргэлздэг болдог. Ингэсэн хүн өөртөө аз жаргалтай амьдрах зөвшөөрөл өгч чаддаггүй. Улмаар амьдрал нь хэзээ ч сайн тал руу өөрчлөхгүй.

                Гэвч бид уншигч таныг буруутгаж байгаа юм биш. Учир нь биднийг ээж аав маань ингэж л хүмүүжүүлсэн. Ээж аавыг эмээ өвөө нар нь гэх мэтээр тасралтгүй үргэлжилнэ.

                Гэвч энэ удам тасралтгүй үргэлжилнэ гэж та бүү бодоорой. Та л энэ хэлхээг яг одоо тасдах хүн мөн. Ийм үйлдэл хийх үед танд итгэл ба сайхан сэтгэл хоёр хангалттай бий.

                Та хүүхдүүдийнхээ амьдралыг өөрчлөх хүсэлтэй бол яг одоо “Би хүүхэддээ аз жаргалыг сонголоо” гэж хариулах ёстой.

                Мэдээж бүх ээж аав нар л хүүхдээ аз жаргалтай байлгахыг хүсдэг. Эцэг эхчүүдийн хүчтэй нөлөөн дор хүүхэд гутранга муу санаа бодлуудыг сая орхиж чадна. Хэрэв эцэг эхчүүд өөрсдөө аз жаргалтай байвал хүүхдүүд тэднийг харсаар мөн л аз жаргалтай болдог. Гэтэл эцэг эх нь байнга хэрэлддэг айлын хүүхэд аз жаргалгүй байж сурдаг ажээ.

                Эцэг эх нь хүүхэддээ хайр халамжийг их мэдрүүлж өсгөхийн хэрээр хүүхэд эцэг эх, эх орон, хүн ардаа хайрладаг хүн болж төлөвшдөг. Энэ хайраараа хүн бусдад хэрэгтэй үйл бүтээдэг. Сэтгэл шингэсэн зүйлийг нь хүмүүс талархан худалдаж авах нь мэдээж. Ингэж хүнд өөрт нь хангалуун сайхан амьдрах мөнгө ирдэг учиртай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 12

    Атаач зан гэж байдаг. Яагаад ч юм хүмүүс заримдаа өөрийнхөө тухай ярихдаа би хоргүй цагаан атаач зантай гэх нь элбэг. Иймэрхүү яриа хэрэггүй юм. Ирээдүйн саятан хүүхдэд атаач зан байх ёсгүй.

                Олонхи хүмүүс гараа зүрхэн дээрээ тавьж ирээд л атаа хорсолын тухай мэдэхгүй, болор шиг тунгалаг гэж тангарагладаг. Гаднаас харахад тийм байж болно. Гэвч олонхи хүний сэтгэлийн гүнд атаа хорсол байж л байдаг. Бидний таньдаг мэддэг хүмүүсийн амьдрал аз жаргал, баяр хөөртэй өөрчлөлт гарах тоолонд хүмүүсийн дотор ямар нэг юм арзаганаад явчихдаг.

                Жишээ нь: Хоёр найз бүсгүй байна гэж бодъё. Нэг нь нөхөртэйгөө байнга хэрэлдэж, хүүхэд нь муу сурч зовно. Гэтэл нөгөө найз нь тэднийд ирээд мөрөөдлийн залуугаа олсон тухайгаа ярьж эхэллээ гэж бодъё. Энхрий зөөлөн, тун сайхан секс, өгөөмөр, залуухан, хамгийн гол нь баян нөхөр гэнэ. Танай найзад машин авч өгсөн юм байх. Найз нь ийнхүү ярих тоолонд бүтэлгүй амьдралтай бүсгүйн сэтгэлд атаа хорсол төрнө. Энэ эмэгтэйгээс хүртэл танд атаач зан бий юу гэж асуувал үгүй л гэж хариулна.

                Бусад хүмүүс тэгж ингэж амьдарч байхад би ямар байна гэсээр атаач зан эхэлдэг.

                Хүн өөрийн өчүүхэн жижиг, хэнд ч хэрэгггүй, ядуу даржинг мэдэхийн хэрээр нэр цуутай баян тарган хүмүүстэй харьцуулах ба ингэж атаа хорсол эхэлнэ. Атаа хорсол хүний сэтгэлийг хямруулахаас өөр юу ч хийдэггүй.

                Атаа хорсол хүний баяжихад хамгийн том саад тээг болж байдаг.

    Энэ бүхний эцэст атаа хорслын цаад гүнзгий утга учрыг та ойлгож эхэлж байгаа. Хүүхдээ ирээдүйн саятан болохыг хүсч байгаа хүн бүхэн үүнийг ойлгох ёстой. Эцэг эхчүүд өөрсдөө атаа хорсолоос салж гэмээнэ хүүхэд атаач зангүй өснө.

                Хүүхдийг бүр багаас нь доорх байдалд сургана. Хэрэв хэн нэгний амьдралд баяртай өөрчлөлт гарсан бол танай хүүхэд “Тэр тийм баян болсон гэдэг чинь удахгүй надад хүртэхийн шинж” хэмээн баярлах ёстой. Бид их баяртай байна. Одоо бид хүүхдээ атаач зангүй өсгөж чадах боллоо. Ойр дотно найз нөхөд хүмүүстэй учирч байгаа баяр хөөр бүхэн мөн таны баяр болох тэр үед атаач зан арилна.

                Ирээдүйн саятан хүүхдийг атаач биш, уужуу тайван хүн болгохын тулд хоол идэх үеэр нь намуухан симфони сонсгож, амралт, баяр ёслолын үеэр уртын дуу сайн сонсгох хэрэгтэй.

                Мөн мэдээж эцэг эх хүүхдийн буруу үйлдэлд хэр тэвчээр гаргаж хандахын хэрээр хүүхэд уужуу тайван ухаалаг болдог. Гэхдээ дутагдлыг хараагүй юм шиг өнгөрөө гэж байгаа юм биш. Хашгичин загнаж уурлахгүйгээр дахин давтуулахгүй байх талаар тайван учирлан ойлгуулж. Ер нь өршөөл, хайр л хүүхдийг агуу уужим сэтгэлтэй болгодог.

                Та тэвчээр муутай, уур бухимдлаа барьж чаддаггүй бол хүүхэд ч мөн адил том болоод хатуу үг хэлэнгүүт гэрийнхээ болон ажлынхаа хаалга саван гарч оддог ухвар мөчид нэгэн болох аюултай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 11

    Та худалдаа наймааны бизнес хийж байгаа ямар ч хүн дээр очоод хамгийн гол нь юу болохыг асуугаарай. Энэ бизнесийн хувьд хамгийн гол нь “байрлал, байрлал бас дахин байрлал” гэж тэд хэлнэ. Өөрөөр хэлбэл худалдаа наймаа эрхлэх байр савны байршил хамгийн чухал үүрэгтэй байдаг байна.

                Харин одоо та саятангуудаас саятан болоход хамгийн гол нь юу чухал болохыг асуух аваас тэд хамгийн гол нь “харьцаа, харьцаа бас дахин харьцаа” гэж хариулна. Ямар ч саятантай тавхан минут ярихад л хүнтэй харьцаа тогтоох, тогтоосон харьцаагаа бүх насаараа хадгалах, үргэлж сайжруулах нь хамгийн чухал байдаг гэж тэд хэлнэ. Театрын дарга ч бай, архины үйлдвэрийн эзэн ч бай хэн ч гэсэн ингэж л хэлнэ.

                Үнэндээ хүний сайн харьцаанаас илүү үнэтэй зүйл хорвоод байдаггүй юм. Дотно, нөхөрсөг, тусархаг харьцааг тарьж арчилж, өсгөж явах ёстой. Түүнийг анхаарлаар услаж, хайраар бордож тэтгэх учиртай. Танай хүүхэд бага наснаасаа эхлээд анд нөхөдтэйгөө хамгийн дотно сайхан харьцааг тогтоож, түүнийгээ байнга тэтгэж сурвал зохино. Найз нөхөддөө үнэнч байхад сургах ёстой. Сургах гэхээр та энэ номыг уншчихаад түүнд яриад өгчихөд болно гэж бүү ойлгоорой. Хүүхэд ээж аавыгаа хуулбарладаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Та амьдрал дээр өөрийн биеэр жишээ үзүүлж гэмээнэ тэд сая дууриах юм.

                Хэрэв танай хүүхэд олон найз нөхөдтэй бол түүнд бусдыг татах янз бүрийн сайн чанарууд байна гэсэн үг. Хүнд сайн чанар олон байхын хэрээр найз нөхөд олширч ирдэг. Та түүний нөхөрсөг байдлыг дандаа дэмжээрэй. Хэрэв танай хүүхэд өөртөө итгэлгүй, зожиг, аймхай хулчгар болж өсвөл түүнийг хууран мэхлэгчид, бялдуучид, урвагчид юмуу тамлагчид хүрээлэх болно. Бүх насаар нь шүү. Олон найз нөхөдтэй болох хамгийн сайн арга нь хэзээ ч уйлж гонгинохгүй, заргалдахгүй, ээж аавдаа хошуу дэвсэхгүй үргэлж өөдрөг байх явдал гэдгийг та ойлгож хүүхдээ ингэж хүмүүжүүлэх хэрэгтэй.

                Их мөнгө бол их үйлсийн төлбөр юм. Их үйлсийг их олон хүнтэй хамтарч байж бүтээдэг. Олон найз нөхөдтэй байхын хэрээр олон зан араншинд тохируулж харьцах харьцааны урлагт хүн суралцсаар байдаг. Саятан хүн гэдэг болон хүний арга эвийг олж үйл бүтээлгэж түүнийхээ төлбөрийг зах зээлээс авч баяжсан хүн байдаг.

                Хамгийн гол нь хүн бүртэй нэг жороор харьцдаггүй гэдгийг хүүхдэд ойлгуулах чухал. Учир нь хүн бүр өөр өөр орчин нөхцөлд өсч өөр өөр дадал, зуршил, зан араншинтай болсон байдаг. Тиймээс аливаа хүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг болгоод хүмүүжүүлчихвэл хүүхэд бусадтай эв эетэй байж чаддаг тэр хүнд ч, чамд ч өч төчнөөн дутагдал байгаа гэдгийг ойлгуулах явдал чухал. Гагцхүү хүнийг засах гэж, эсвэл өөрөө бусдын дутагдалд сэтгэлээ өвтгөж цагаа барах хэрэггүй гэдгийг ухамсарлуулах хэрэгтэй.

                Хүн бүрт, чамд ч бас сайн талууд өч төчнөөн бий гэдгийг ойлгуулах, түүгээрээ хамтран үйлс бүтээж хангалуун сайхан амьдрахыг зорих нь чухал гэдэг үзэл бодол суулгаж чадвал таны ирээдүйн зорилго биелэх болно.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 10

    Нэгэн суут хүн хамгийн энгийн жишээгээр баян ба ядуу сэтгэлгээг харуулсан байдаг. Энэ жишээ Монгол шиг буурай ядуу оронд тун сургамжтай. Нэгэн эцэг эх хүүхдээ усанд оруулах гэж байтал халуун ус тасарчээ. Бүр долоо хоног, сар болоход ирсэнгүй. Ядуу сэтгэлгээтэй ээж аав хоёр маань орон сууцны конторыг, улс орноо, хувь заяагаа, эцэст нь хүүхдүүдээ харааж загнаж гарав. Энэ бүхэн тус болох уу? ямар ч нэмэргүй. Халуун усгүй, хүүхдүүд хиртэй чигээр үлдээд зогсохгүй бохирын өвчин болох гахайн хавдар тусч халуурцгаав.

                Харин баян сэтгэлгээтэй эцэг эх ус тасарсан тэр орой хоёрхон данх ус буцалгаж хүйтэн устай холин хүүхдээ угаачихаад инээмсэглээд унтацгаалаа. Тэдний ажил үйлс маргааш нь улам өргөжин хөгжив. Энэ хоёрын хооронд ямар их ялгаа байна вэ? Баян сэтгэлгээний сайн тал илт харагдаж байна.

                Тиймээс хүүхдийг ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гэхэд бусдаас буруу хайх биш сайн сайханд хүрэх гарц сургаж дадуулж чадвал тэр том болоод хийж байгаа ажлаа орхих биш гарц болоод мөнгө олж чадна.

                Жишээ нь хүүхэд дэлгүүр хаасан хойно шинэ дэвтэр хэрэгтэй гэхэд та “өдөр хэлэхгүй яасан юм” гэх мэтчилэн харааж загнаж, хүүхэд чинь хошуугаа унжуулж суудаг бол тэр том болоод их мөнгө авчрах зуун давхар байшин босгож чадахгүй. Өчүүхнийг давахад тархи толгой ажиллаагүй, сэтгэлийн хат хүрээгүй бол томыг бүтээх боломжгүй.

                Ахуйн өчүүхэн хэрэглээнд толгой түүртэлгүй гарц олдог болгож хүүхдийг төлөвшүүлж чадвал тэр хүүхэд бизнесийг сэтгэж чадна.

                Хүүхдийн аливаа тулгамдсан асуудалд хамтран гарц хайх хэрэгтэй. Ингээд байвал хүүхэд сайн сайханд хүрэхийн төлөө тэмцдэг дадал зуршил тогтчихдог. Саятануудыг азтайдаа саятан болсон гэж та андуурах хэрэггүй. Бэрхшээлгүй шулуун замаар бүтсэн ажил гэж хаана ч байхгүй. Гагцхүү түүнийг давах арга ухааныг олж хийж чадсан нь амжилтын оргилд хүрч, шантарсан нь ядуу зүдүү амьдардаг учиртай.

                Тиймээс та хуучин дэвтрүүдээс нь гол цаасуудыг нь олж нэгтгэн үдэж өгөөд, дэвтрийн нүүрэн дээр шинэ хаяг тавих цаас нааж өг. Энэ мэтчилэн аль болох гарц олох талаар хамтран сэтгэ. Ингээд маргааш нь шинэ дэвтэр аваад өнөөх ганц хуудас хичээлээ шилжүүлэн бичиж болно шүү дээ. Ер нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн тулд заавал сэтгэн бодох бодлого, тоглоом хийх гэж хүүхдээ махлах хэрэггүй. Гэрээ цэвэрлэх, хоолоо хийх, хичээлээ давтах, аялалд явах зэрэг амьдрал дундаа хүүхдийн хийсвэр сэтгэхүйг хөгжүүлэхийг зорьвол илүү үр дүнтэй байдаг. Аз жаргал хүнд тэнгэрээс унаж ирдэггүй юм. Хүн өөрийн гараар бий болгож, өөртөө дуудаж авчирдаг юм.

                Тэгэхээр аливаа бэрхшээл тулгарахад сэтгэл санаагаар унахаа урьтал болгодоггүй, арга ухаанаар бэрхшээлийг багахан зовж даваад сайн сайханд хүрч чаддаг тийм дадал зуршилтай болгож чадвал таны хүүхэд гарцаагүй саятан болж чадна.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 9

    Монголчуудын олон мянган жилийн турш хүүхэддээ хэлж ирсэн энгийн үг амьдралын асар том ухааныг ардаа тээж явдаг. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэсэн үгийг бид эцэг эхээсээ сонсож өсөөд одоо үр хүүхэддээ хэлж буй. Энэ нь амьдралын ямар ч саад бэрхшээл, уналт бүдрэлтийн үед сэтгэлээр уналгүй өөдрөг байх, улам хүчтэй, хор шартай босч ирэх ухааныг бидэнд суулгаж байдаг. Эцэг эхчүүдийн хамгийн том үүрэг бол хүүхдийг өөртөө итгэлтэй болгоход оршино. Амьдралд гарцгүй хүндрэл гэж байдаггүй гэдгийг тэдэнд бүрэн дүүрэн ойлгуулах хэрэгтэй.

                Асуудал бүхэн шийдэлтэй байдаг. Уналт бүхэн босолтыг авчирдаг. Эцэг эхчүүд бид өөрсдөө ч юм бүхэнд итгэлтэй байх учиртай. Бид баян сэтгэхүйг өөртөө суулгаж, бас үр хүүхэддээ шингээж өгөх үүрэгтэй. Баян сэтгэхүй хэд хэдэн гол үзэл санааг өөртөө агуулж байдаг.

    1. Бид хорвоо ертөнцийг байгаагаар нь хүлээн авч үргэлж баяр баясгалантай, аз жаргалтай амьдарч сурах хэрэгтэй. Хүрээлэн буй орчин, хүмүүсийг шүүмжлэх, тэдэнд уурлах, хилэгнэх, буруутгах хэрэггүй юм. Тэртээ тэргүй хорвоо ертөнц бидний хүслээр явахгүй. Таны нулимс гоожиж, зүрх шархирч байсан ч хорвоо ертөнц өөрөө явж мэднэ. Та түүний төлөө зовж тарчлаад яах юм бэ? Үүний оронд юу ч тохиолдож, ямар ч хүн тааралдаж, яаж ч авирлаж байсан үргэлж баяр хөөртэй, өөртөө итгэлтэй байж чадвал сая хүн сайхан амьдардаг. Ёстой боломжгүй юм шиг санагдаж байна уу? Хэн нэгэн таныг гомдоож байхад аз жаргалтай инээмсэглэх, тэр бүү хэл талархах тухай ярихаар та үүнийг хэзээ ч бүтэхгүй гэж бодож байна уу? Тиймээ хүмүүсийн ерэн есөн хувь нь ингэж чаддаггүй учраас л ядуу даржин амьдарч, үргэлж бусдад гомдож, уур хилэндээ шатаж, эцсийн дүнд ганцхан өөрийгөө хорлон сүйтгэж амьдардаг юм. Та хүрээлэн буй орчныг байгаагаар нь хүлээн авч сурах тэр үед тэр орчин, тэр хүмүүсийн танд таалагдахгүй байгаа бүхнээс ашиг шүүрэх билгийн нүд сая нээгддэг. Уурласан нүдэнд энэ бүхэн харагдахгүй. Инээсэн нүдэнд цаад ашиг нь сая тов тодорхой харагддаг. Та өөрөө ингэж сураагүй байлаа ч хүүхдээ ийм үзэлтэй болгохын төлөө чармайх хэрэгтэй. Тэгж чадвал ирээдүйн саятан мэндэлнэ.

     

    1. Та саятнуудыг судлаад үзээрэй. Тэд хэзээ ч айж түгшддэггүй, сандарч тэвддэггүй. Тэд үргэлж тайван байдаг. Ямар ч хүнд асуудал тулгарахад тэд тайван байж, инээмсэглэнгээ давж гардаг. Баян болохыг хүсч байгаа хүн сэтгэл хөдлөлөө хянаж сурахгүй бол хэзээ ч баяжихгүй. Сэтгэл хөдлөл таныг хянаад эхлэх юм бол та хоосрох үйлдлүүдийг л хийхэд хүрдэг.       

      Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

      Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 8

    Бид бусдад тусалбал монжуулна” хэмээх өнгөрсөн нийгмээс олж авсан буруу үзлээ тархинаасаа авч хаяхгүй бол бидний хүүхэд хэзээ ч саятан болохгүй. Учир нь зах зээлийн ухаан бол “Бусдад хүссэн зүйлийг нь өгч байж хармаан дахь мөнгийг нь авдаг” гэдэг.

    Саятан гэдэг бол их мөнгөтэй хүнийг хэлдэг. Мөнгө бол зөвхөн хүмүүсийн хармаанд л байдаг. Банканд байдаг ч банк бол хүнээс юм худалдаж авдаггүй, зөвхөн зээл л олгодог. Банкны мөнгө ч гэсэн хүмүүсийн хадгалуулсан мөнгө. Тэгэхээр хүний хармаанд байгаа мөнгийг авахын тулд хүнд хэрэгтэй зүйлийг нь өгч байж авна.

    Өөрөөр хэлбэл хүнд тэр идэх талхыг нь өгч байж хармаанаас нь мөнгийг нь гаргуулна. Та ч гэсэн өөрт хэрэгтэй зүйлээ л авах үедээ түрийвчнээсээ мөнгөө гаргадаг биз дээ. Зүгээр мөнгөө хүнд өгдөггүй. Үүнтэй яг ижил хүний хэрэгтэй ямар нэгэн зүйлийг та хүнд өгөхгүй бол хүний мөнгийг авах боломжгүй.

    Тиймээс хүүхдийг эхлээд хүнд юм өгч сургах хамгийн чухал юм. Төлбөр нь заавал ирдэг гэдгийг багаас нь ухааруулж чадвал хүн хэрэгтэй үйлс бүтээж түүнийхээ төлбөрөөр чинээлэг амьдралаа цогцлоож чаддаг.

    Ирээдүйн саятан хүүхэд уужуу сэтгэж өгөөмөр байх нь чухал. Бусдад юм өгч байж сая авдаг. Бусдад өгсөн юм бүхэн их болоод эргэж ирдэг. Бусдад эрч хүчээ өгсөн бол тэднээс улам их эрч хүч авна. Бусдад хайр өгч хайрласан бол тэд чамайг хайрлана.

    Гайхалтай ойлголт бий. Та баян болмоор байна. Та их мөнгөтэй болмоор байна. Мөнгөө дарах, бусдад үзүүлэлгүй нуух, улмаар мөнгөтэйгөө байх хүсэл төрнө.

    Яг үүнийг давж гарч гэмээнэ сая саятан болдог. Та юу хүсээд байгаа юм бэ? Түүнийгээ эхлээд бусдад өгөх ёстой. Та мөнгөтэй болохыг хүсч байна уу? Тэгвэл бусдад мөнгө зарцуулан эхэлж өгөх хэрэгтэй. Хүний өгсөн бүхэн өсч эргэж ирдэг нь үнэн.

    Жишээ нь та хүнд нэг талх 200 төгрөгөөр зарахын тулд 100 төгрөгөөр гурил, тос, хөөлтүүр, чихэр давс худалдан авч дээр нь хөдөлмөр хүчээ шингээж талх болгоод хоёр зуун төгрөгөөр зарна. Тэгвэл хар багаасаа хүнд юмаа өгдөггүй харамч болоод дадчихсан хүүхэд бусдаас юмаа харамлах сэтгэл зүйгээрээ хармаанаасаа талх бүтээх зуун төгрөгөө гаргаж чаддаггүй. Ингээд насаараа баян болох мөрөөдөлтэйгээ амьдралыг бардаг.

    Нөгөө талаар өөрт байгаа юмыг суллаж байж шинийг авдаг гэдгийг мөн ойлгуулах ёстой. Хуучин явж байж л шинэ ирнэ. Тэгэхээр хуучнаа хүнд өгөхөөс бүү ай. Бүү харамс. Хэрэв хуучны орон зай сулрахгүй бол шинэ ирэх зай хаанаас гарах билээ. Хэрэв хүүхэд хуучин чихрээ найздаа өгөхгүй юм бол шинэ чихэр ирэх зай хармаанд нь гарахгүй шүү дээ.

    Хүнд юм өгөхөө болих тэр үед хүнээс авах явдал мөн дуусдаг.

    Танай хүүхэд математикийн хичээлд муу байлаа гэхэд түүнээс илүү муу хүүхдийг олж гэртээ авчраад хүүхдээрээ давтлага өгүүлэх хэрэгтэй. Та гайхаж болно. Тун удалгүй танай хүүхэд математиктаа маш сайн болоод ирэхийг та анзаарна. Бусдад туслах үед түүнд өөртөө итгэх итгэл, хүч чадал бий болдог. Тэгээд шинэ хичээлээ анхааралтай сурч эхэлдэг.

    Ирээдүйн саятан хүүхэд өнөөдөр хамгийн гол нь хүнд өгч сурах ёстой.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 7

    Саяхан барууны судлаачид 5-10 настай олон мянган хүүхдийн дунд сонирхолтой судалгаа явуулжээ. Хэрэв тэдэнд шидэт санаа өгч ганцхан хүслээ биелүүл гэвэл юу хүсэхийг нь судалсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн ерэн хувь нь баян, бүр маш баян болохыг хүснэ гэж хариулжээ. 5 орчим хувь нь ээж аавыгаа мөнх амьдруулах хүсэлтэй гэнэ. Үлдсэн 5 хувь нь мөнгөөр худалдаж авч болох эд баялгуудыг дурьдсан байлаа.

    Тэгэхээр хүүхдийн олонхи нь баян байхыг хүсч, түүний нэгдүгээрт тавьдаг болжээ. Энэ бол хүүхдийн жинхэнэ хүсэл гэж болно. Судалгааг 10 хүртэлх насны хүүхдүүдийн дунд явуулсан нь учиртай. Яагаад гэвэл хүүхэд 10 хүртлээ жинхэнэ санаа бодлоо нуухад суралцаагүй байдаг ажээ.

    Хүүхэд тань юу хүсч явдагийг та мэдэж авлаа. Хэрэв хүүхдээ цаг хугацаа, мөнгө төгрөг, хайр энхрийлэл, эрүүл мэнд, гоо үзэсгэлэнгээр дутаах юм бол тэр баян болохгүй. Харин энэ бүхнээр илүүдүүлэх юм бол тэр том болоод саятан болно.

    Хүүхдийг сургахын тулд та өөрөө сурах хэрэгтэй. Хүн ямар нэг юм хүсч байвал эхлээд өөрийн дотоод ертөнцөд түүнийг бий болгоод, эзэмшиж байгаа мэтээр төсөөлж, түүндээ итгэх хэрэгтэй. Тэгвэл удахгүй энэ бүхэн таных болдог.

    Хүүхдээ яаж ирээдүйн саятан болгон хүмүүжүүлэх вэ? Үүний тулд үргэлж бүх юмаар халгиж цалгиж, хангалуун байх тийм үзэл суулгах хэрэгтэй.

    Ингэж хэлэхээр та бөөн мөнгө тоолоод л, хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгөөд байна гэж ойлгож огт болохгүй. Хүүхдэд мөнгө үзүүлэх, мөнгө өгөх, тэр бүү хэл мөнгө өвлүүлэх юу ч биш. Ингэлээ гээд хүүхэд саятан болохгүй. Хамгийн гол нь тэр хүүхдийн дотоод ертөнц саятан болох ёстой. Хүүхэд агуу их хязгааргүй уудам, дуусашгүй баялаг бүхнийг харж мэдэрч гэмээнэ тэр хэрээр өргөн сэтгэж, уужим амьдарч, улмаар саятан болно. Харин ийм болгохын тулд та доорх зүйлсийг байнга үзүүлж харуулж байх хэрэгтэй.

    -Тэнгэрээс зогсоо чөлөөгүй асгарах бороо юмуу өдөржин будрах цасыг харуулах. Харуулахдаа заавал дээшээ тэнгэр рүү харуулж тоо томшгүй, хязгааргүй олон ширхэгийг мэдрүүлэх.

    -Ургах юмуу жаргаж байгаа нарыг харуулах

    -Шөнө гадаа гаргаж тэнгэрт түгсэн тоо томшгүй оддыг харуулах

    -Өндөр оргилд гаргаж хязгааргүй уудам тал, давааны цаана хөвөрч буй тоо томшгүй олон давааг харуулах

    -Далай тэнгисийн хязгааргүй уудам усыг харуулах

    -Амьтны баялаг ертөнцийг байнга үзүүлэх

    -Төгсгөлгүй үргэлжлэх говь цөлийг харуулах хэрэгтэй.

    -Энэ бүхний эцэст хүүхэд хязгааргүй уудам, дуусашгүй, тоо томшгүйн тухай ойлголттой болж эхэлдэг.

    Улмаар түүний дотоод ертөнц хязгааргүй уудам болж ирдэг юм. Ингэж уудам болсон хүн сэтгэлийн эрх чөлөөтэй, аз жаргатай, өгөөмөр болж эхэлнэ.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 6

    Хүүхдүүд жишээ нь шалгалтын өмнө бүгд сандралд автдаг. “Би юу ч мэдэхгүй” “Би их айж байна?” “Одоо яана аа?” “Ямар хэцүү бодлого вэ?” гэх мэт яриа хөвөрнө. Энд сүргийн сэтгэхгүй явж байдаг. Улмаар онц сайн сурдаг хүүхдүүд ч бүх нийтийг хамарсан энэ давалгаанд автан салж ганхаж эхэлнэ.

                Эцэг эхчүүдийн үүрэг бол ямар ч үед бусдыг дууриан сандралд орохгүй хүүхдийг хүмүүжүүлэх явдал юм. Хүүхэддээ доорх аргыг зааж өгөөрэй. Хэрэв сүргийн айдаст хамрагдах шинжтэй болж ирвэл ганцаараа холхон зогсож байгаад амандаа “Би шалгалтыг тун сайн өгнө. Яагаад гэвэл би бүгдийг мэднэ. Би өөрөө итгэлтэй байна. Миний бүх юм сайн сайхан” гэж өөртөө чангаар хэлэх ёстой. Судалгаанаас үзвэл ээж аавынхаа үгэнд орсон хүүхдүүд нээрээ л шалгалтаа голдуу амжилттай өгдөг ажээ. Хүүхэд хүссэн бүхнээ хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болгохын төлөө эцэг эх зүтгэх ёстой. Хүссэнээ хийхэд ч томчууд чадах чинээгээрээ туслаад байвал зорьсондоо хүрдэг хүн болдог.

                Өмнөх сэдвүүдийг уншаад та ихэд өөрчлөгдсөн гэдэгт бид итгэлтэй байна. Одоо хүүхдүүдийн нүдний өмнө жинхэнэ үлгэр жишээ эцэг эх зогсож байгаа. Энэ бол та. Үнэн биз дээ. Та одоо шал өөр хүн болжээ.

                Өөртөө итгэлтэй, баяр хөөртэй агуу ихэмсэг, хүүхдээ ойлгодог, урдаа өндөр зорилго тавьж зам зуурын бэрхшээлийг тэвчээртэй даван, зорьсондоо хүрдэг ийм л хүн.

                Бид ийм хүмүүс болжээ. Уншигч танаар бид бахархаж байна.

                Одоо хүүхдүүд маань даган дууриах гайхамшигт загвартай боллоо. Хүүхэд эцэг эхийгээ яг хуулбарладаг гэдгийг бид зөндөө ярьсан. Алив бүгдээрээ тэдний нүдний өмнө хамгийн гайхамшигтай загвар болон хувирцгаая.

                Эцэг эхчүүдийн хйисэн, ярьсан, тэр бүү хэл дуулж хуурдсан бүхэн хүртэл хүүхдийн ухамсарт үүрд хадгалагдан үлддэг. Эцэг эхчүүд хүссэн хүсээгүй хамаагүй дадал зуршил, биеэ авч явах байдал, хувийн соёл нь удамшин үлддэг.

                Тиймээс танд дахин дахин хэлмээр байна. Хүүхдийнхээ өмнө загвар болж хувир. Та хүүхдээ ямар хүн болгомоор байна вэ? Тэр загвартаа хувираарай.

                Үнэндээ бид амьдрал хэмээх том тоглоомд оролцож байгаа хүүхдүүд юм шүү дээ. Харин өөрийн хүүхдийг суут ухаантан болгоё гэвэл өөрөө суут ухаантан шиг байх хэрэгтэй. Хүүхэд энэ загварыг харж улмаар ийм хүн болох хүсэл төрөх ёстой юм. Ингэж чадвал ирээдүйн саятны тал хувь нь бэлэн боллоо гэсэн үг. Алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер бол гоц авъяастан огт биш, бие бялдар өвлөх аргагүй сайхан, дээр нь нүдэнд тун дулаахан гэдэг, өөр онцын юмгүй, тэгсэн мөртлөө тэр Холливуудын алдарт жүжигчин болж чадсан. Одоо бүр хотын амбан захирагч болчихлоо. Энэ бүхнийг ярихын учир юу вэ? Мөрөөдлөө биелүүлэхэд авъяас хэрэгтэй мэтээр төөрөлдөх нь буруу мэтээр ойлгуулах гэсэн юм. Тэр бүү хэл гарцаагүй авъяас шаарддаг гэж ойлгогдох жүжигчний мэргэжилд хүсэл байвал амжилт олж болдог байх нь. Хамгийн супер бизнесмен болохыг хүсээд, үүнийхээ төлөө олон он жилээ ажиллаж хөдөлмөрлөн өнгөрөөхөд бэлэн байвал зорьсондоо заавал хүрнэ. Шварцнегер үүнийг дэлхий даяар баталсан.

     

    Үгийн хүч:

     

                Хүүхэд гайхамшигт итгэх дуртай. Тийм ч учраас олонхи үлгэр дээр шидэт үг, саваа, тарни гардаг. Эцэг эхчүүд бид ч ийм шидэт үгсийг хүүхэддээ хэлж зааж өгөх ёстой. Шидэт үг тэдэнд маш хүчтэй үйлчилж, хожим ихийг бүтээдэг. Яагаад гэвэл хар багаас нь шидэт үг заах тусам хүүхэд өөрийн хүч чадал, давтагдашгүй чадвартаа баттай итгэж эхэлдэг байна. Яг ийм хүүхдүүдээс ирээдүйн саятанууд төрдөг. Хүүхдүүд ээж аавын хэлсэн үгээс гадна өөрөө өөртөө хэлж байгаа үгэндээ баттай итгэдэг. Нэгэнт итгэсэн хойно сэтгэл санаа нь өргөгдөж илүү аз жаргалтай, баяр хөөртэй болж эхэлдэг. Хүүдэд доорх үгсийг байнга хэлж, тархинд нь бүр нэвт суулгаж өгөх хэрэгтэй .

                -Би хүссэнээ заавал хийдэг.

                -Би маш олон найз нөхөдтэй.

                -Би дандаа азтай байдаг.

                -Би бүгдийг чадна.

                -Би сайн сурч чадна.

                -Би хүчтэй.

                -Бүх юм сайхан болно.

                -Надтай байхдаа хүүхдүүд баярладаг.

                -Ээж аав надад хязгааргүй хайртай.

                -Би бусад хүүхдээс илүү хийж чадна.

                -Над шиг хүүхэд байхгүй.

                -Ид шид надад дандаа тусалдаг.

                -Би аз жаргалтай.

    Ингэж хэлээд байвал хүүхэд яг ийм хүн болно. Хэрэв хүүхэд иймэрхүү үгсийг өөрөө ярьж эхэлбэл бүр сайн.

    Ер нь хүүхдэд мөнгө биш харин өөртөө итгэх итгэл өгөх л чухал байдаг. Өөртөө итгэлтэй хүүхэд хожим амьдралаас хэрэгтэй бүхнээ авч чадна.

                Маргад эрдэнийн хотын илбэчин хэмээх гайхамшигтай үлгэр бий. Тэр үлгэрт мангас нь ухаантай болохыг, төмөр хүн нь зүрхтэй болохыг, харин арслан зоригтой болохыг хүсч байгаа тухай гардаг.  Тэд ид шидтэний тусламжтайгаар энэ хүссэн бүхнээ авна. Мангас ухаантай, төмөр хүн эелдэг зүрхтэй, арслан эрэлхэг зоригтой болдог. Гэтэл тэдэнд энэ бүхнийг өгсөн маргад эрдэнийн хотын илбэчин маань ид шидтэн огт биш жирийн хүн болох нь тогтоогдоно. Тэгээд яаж тэдэнд хүссэн бүхнийг нь өгсөн юм бэ? Хамгийн гол нь тэд энэ хүнийг ид шидтэн мөн гэж итгэснээр түүний хэлсэн бүхэнд итгэж өөрсдөө даган ярих болсон ба улмаар хүн бүрийн дотоод ертөнцөд байдаг тэр ид шидтэнг сэрээж орхижээ.

                Хэрвээ хүүхэд өөрийгөө ухаалаг гэж итгэх юм бол заавал ухаалаг болно. Хэрэв өөрийгөө зоригтой гэж итгэвэл зоригтой болно. Харин хар багаасаа өөрийгөө баян гэж итгэсэн хүүхэд заавал саятан болдог.

    Өнөөдрийн эцэг эхэд байгаа мөнгө төгрөг, нийгмийн байдал бол юу ч биш. Ирээдүйн саятанд энэ бүхэн онцын ач холбогдолгүй. Хамгийн гол нь хүүхэд юунд итгэдэг болсон нь чухал. Юунд итгэж, хэн болох гээд байна вэ?

                Дээр дурьдсан шидэт үгсийг байнга хэлж цээжлүүлсэн хүүхэд өөрийгөө хэзээ ч бага жааханд тооцохоо больдог. Би чадахгүй, мэдэхгүй, хүсэхгүй гэх мэт үгийг ирээдүйн саятан хэзээ ч уруул давуулдаггүй. Дээрх үгсийг дандаа хэлсээр итгүүлж орхисон бол одоо санаа зовох хэрэггүй. Танай хүүхэд хүчтэй, ухаантай хамгийн гол нь баян болно.