Author: admin

  • Ирээдүйн саятанг хүмүүжүүлэх ухаан

    Угаас түмний төлөө сэтгэл гаргаж түмний төлөө үйлс бүтээсэн хүн баяжиж хөлжиж саятан болдог хуультай. Ирээдүйн саятанг өсгөхийн тулд аав ээжийгээ, ахан дүүсээ, хамаатан саднаа, хүн ардаа, эх орноо гэсэн үзлийг суулгаж өгөх ёстой. Хүн хэзээ ч ганцаар амьдардаггүй гэдгийг ухааруулбал зохино. Хүн нийгмийн дунд, түмний дунд амьдардаг. Бусдын хийсэн бүтээснийг хэрэглэж бусдаас тусламж авч амьдардаг. Хүн хичнээн эрдэм боловсролтой боллоо ч ганцаараа гэр орноо бариад, бүх хувцас хунар, хоол хүнсээ үйлдвэрлэх боломж байхгүй.

                Гэтэл өөрөө юу ч хийж бүтээхгүй, дандаа бусдын хийсэн бүтээснийг авч амьдрах юм бол тэр хүүхэд ядуу зүдүү амьдарна. Харин бусдаас авч байгаагаас илүүг бусдын төлөө хийж байж саятан болдог номтой. Хүүхдийг шударга, журамт нэгэн болгон өсгөвөл тэр хулгай хийхгүй. Хулгай хийх гэдэг нь бусдын төлөө юм бүтээхгүй байж бусдын юм бүхнийг авч хэрэглэхийг хэлдэг. Хулгайч хүн, хулгайч удам, хулгайч ард түмэн өөдөлдөггүй. Хэрэв хүүхдээ бусдын төлөө цохилох зүрхгүй нэгэн болгон өсгөвөөс таны тэтгэврийн мөнгөнөөс гуйх, орон байранд чинь ажилгүй архайж хэвтэхэд гайхах зүйлгүй. Хэнээс ч хулгай хийхгүй, хэнийг ч гомдоохгүй ажиллаж амьдарч чадах хүүхэд өсгөвөөс та саятан өсгөсөн гэдэгтээ итгэлтэй байж болно.

                Саятан хүн цагийг дэмий балай зүйлд огт үрдэггүй. Тэгэж чадаж гэмээнэ тэр саятан болдог. Гэтэл цагийг дэмий зүйлд үл үрэх ухамсар сэтгэхүйг тэр том болоод гэнэт олж авдаггүй ба хар багаас нь суулгадаг юм. Хэрэв та ирээдүйн саятан хүүхэд хүсч байвал яг одооноос урлаг соёлын нарийн мэдрэмж бас суулгаж өгөөрэй. Тэгвэл тэр хиртэй залуучууд архитай амаар хашгирч, тамхины утаан дунд хөвөх баар цэнгээний газар, эсвэл авъяас чадваргүй дэмий дуучдын шоу гэх мэт наад захын балай юмсад цагаа хэзээ ч үрдэггүй нэгэн болдог. Үзэгчид рүү дунд хуруугаа гозойлгож, хиртэй хувцасны эхүүн үнэр танхимаар тарааж, үрчгэр гутлаар тайз дэвсэж, авъяасгүй хоолойгоо шахан хашгирах тийм зүйл үзэн цаг хэзээ ч үрэхгүй. Энэ бол нэг жишээ. Ерөнхийдөө танай хүүхэд хийж бүтээхээс бусад зүйлд цагаа үрэхгүй нэгэн болж өсөх тэр үед л та саятан хүмүүжүүлж байна гэдэгт сая итгэлтэй байж болно.

                Гоо зүйн мэдрэмж нь сул байхын хэрээр хүүхэд муу муухай бүхэнд амархан уруу татагддаг. Тамхи татах, архи дарс уух, олон цагаар чалчиж суух, өдрийг ямар ч үр бүтээлгүй өнгөрөөх, гадуур тэнэх, дээрэм тонуул хийх, зодоон цохионд орооцолдох, биеэ үнэлэх, бохир заваан бие хаа, хувцас авч явах, үг сөрөн өрвөлзөх, эцэг эх ахмад хүмүүсийг хүндлэхгүй харьцах, эсрэг хүйстэн рүүгээ бүхнээ мартан тэмүүлэх гээд хүний хийж бүтээх үнэт цагийг хулгайлсан зүйлст өдрийг өнгөрөөвөл мэдээж баян болох мөрөөдөлтэйгөө насыг барна.

  • Хүүхдийг бие даах чарвартай болгож төлөвшүүлэхийн тулд

                Эцэг эхчүүд хүүхдээ элдэв аюулаас сэргийлж байгаа нь энэ гээд хэтэрхий их хянаж цагдах явдал байдаг. Танд сануулж хэлэхэд хүүхдийг нэг их хянаж цагдаад байх хэрэггүй юм. Ээж аавын хяналт хүчтэй байх тусам тэдний зөвшөөрөлгүйгээр нэг ч алхам хийж чаддаггүй, бие даах чадваргүй хүүхэд өсдөг. Хүүхдийг аль болох тааваар нь тавьж байвал сайн. Ялангуяа хүсэл мөрөөдөлдөө аялж тоглож наадахад бүү саад хийгээрэй. Хайрлаж байгаа нь энэ гээд алхам тутмыг нь хянаж, араас нь уулга алдаж, бүхнийг зааж зааварлаад байвал энэ хүүхэд бизнесийн замд хэзээ ч орж чадахгүй. Тэр том болохын хэрээр байнга ээж ааваасаа асууж байж алхдаг хүүхэд болно. Мэдээж амьдралд хөл тавьмагц ээж аав нь үргэлж дэргэд байхаа болино. Тэр одоо ээж аавынхаа оронд хэн нэгэн лидер хүүхдээс бүхнийг асуудаг болж хувирах бөгөөд хар багаас суулгасан боол зарцын сэтгэл зүй насан туршид нь ноёлно. Бие даан шийдвэр гаргаж чаддаггүй үргэлж айж хулчийж явдаг энэ хүүхэд хэзээ ч бизнест амжилт олохгүй.

                Тиймээс хүүхдийн хүсч байгаа зүйлээ хийхэд нь аль болох саад болохгүй байхыг хичээх, дэмжиж туслаад өгвөл бүр сайн. Хүсэл нь биелээд байхын хэрээр хөдлөх хийх урам зориг хүүхдэд орж байдаг.

                Жишээ нь бага зэргийн өндөр модон дээгүүр явах гэхээр манайхан боль унана үхнэ гэдэг.

                Ингэж хүүхдээ бид өөрийн мэдэлгүй гаргасан шийдвэртээ эргэлздэг, ухардаг болгоод байна. Бүр нэг осол аваар багатай бол харин ч та гараас нь хөтлөөд түүн дээгүүр явуулах хэрэгтэй. Гаргасан шийдвэр, эр зоригийг та няцааж болохгүй. Хүний хий гэснийг л хийдэг, өөрөө алхам хийдэггүй тийм саятан гэж энэ хорвоод байдаггүй.

                Дандаа болохгүй бүтэхгүй, үхнэ хатна гээд айлгаад байвал том болоод нэг саван үйлдвэрлэе гэж толгойд нь орсон ч шатна дампуурна, авахгүй байх гэж бодоод бизнесээ эхэлж чаддаггүй нэгэн болдог. Эсвэл наадах чинь гүйхгүй, борлогдохгүй, ашиггүй гэсэн бусдын ам сонсоод айгаад хөдөлж чаддаггүй. Саятан бүр бүтэлгүйтэж үзсэн байдаг ба ихэнхид нь хожсон учраас баяжсан байдаг. Өөрөөр хэлбэл олон зүйлийг хийж туршиж үзсэн тэр эр зоригийнхоо ачаар аль нэг нь ашигтай бизнес болж босч ирсэн байдаг.

                Тиймээс хүүхдийн хөдөлгөөн бүрийг хориглоод байвал аймхай хулчгар, өөрөө нэг шийдвэр гаргадаггүй хүн болоод төлөвшчихвөл саятан болгох маань мөрөөдөл болох нь. Жишээ нь хүүхэд хүүхдүүдтэй гол руу явна гэсэн шийдвэр гаргавал түүнийг хорих биш та өөрөө дагаад явах, болохгүй бол харгалзагч дагуулаад явуулах, эсвэл арай томхон бол өөрт нь итгэл хүлээлгээд явуулах гэх мэт хүүхдийн хүсэл шийдвэрийг хүндэтгэж үзэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Хүүхэд бол хүсч байгаа зүйлдээ л шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрээ гүйцэлдүүлэхийн хэрээр хүүхэд таашаал авдаг. Энэ таашаал л хүүхдийн дараагийн сайн үйлийг сэтгүүлж байдаг юм.

    Л.Нарантуяа “Хүүхэд гэр бүл” номоос

  • Амьдрах ухаан

    Сайхан амьдралыг зөвхөн саятан гэсэн ойлголтоор хязгаарлах боломжгүй. Хүн түмэн олон ба улс орондоо нэртэй төртэй, тухайн эрхэлж буй салбартаа манлайлж хангалуун сайхан амьдарч ч болно. Гэхдээ сайхан амьдралд саад болдог олон муу зан араншин, дадал зуршлууд байдаг. Эцэг эхчүүд бид хүүхдээ ирээдүйд хүний дайтай сайхан амьдруулахыг хүсвэл одооноос анхаарч доорх хортой зан араншин илрэх тухай бүрт нь тэмцэж, дадал зуршил болгохгүйн төлөө зүтгэх ёстой юм. Үүнд:

                Зорилгогүй өдрийг өнгөрөөх

                Зөвхөн аз дайрахад итгэх

                Хичээл сургууль, гэр орондоо хүртэл идэвхи санаачлагагүй байх

                Бусдыг муулах, шүүмжлэх

                Бодлогогүй ам нээх

                Мөнгийг хайр найргүй үрэх

                Өдөржин юу ч хийхгүй, ялхайж цагийг барах

                Зөвхөн өөрт нь хэрэг болсон үед хүнтэй нөхөрлөх

                Аливаад тэвчээргүй хандах, уурлаж хилэгнэх, давчдах, нөхөрлөлөөс зайлсхийх

                Зөв буруу аль нь боловч зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангахын төлөө зүтгэх

                Хүнээс зүгээр юм салгах гэж эрэлхийлэх

                Бусад хүнийг харамч хахираар дуудах

                Хоол, гэр орноос бусдыг үл сэтгэх

                Боломж л гарвал бусдаас юм авах гэж нэхэх зэрэг юм……………………….

    Л.Нарантуяа “Хүүхэд гэр бүл” номоос

     

  • Хүүхдэд илэрдэг хортой зан аашууд

    Сайхан амьдралыг зөвхөн саятан гэсэн ойлголтоор хязгаарлах боломжгүй. Хүн түмэн олон ба улс орондоо нэртэй төртэй, тухайн эрхэлж буй салбартаа манлайлж хангалуун сайхан амьдарч ч болно. Гэхдээ сайхан амьдралд саад болдог олон муу зан араншин, дадал зуршлууд байдаг. Эцэг эхчүүд бид хүүхдээ ирээдүйд хүний дайтай сайхан амьдруулахыг хүсвэл одооноос анхаарч доорх хортой зан араншин илрэх тухай бүрт нь тэмцэж, дадал зуршил болгохгүйн төлөө зүтгэх ёстой юм. Үүнд:

                Зорилгогүй өдрийг өнгөрөөх

                Зөвхөн аз дайрахад итгэх

                Хичээл сургууль, гэр орондоо хүртэл идэвхи санаачлагагүй байх

                Бусдыг муулах, шүүмжлэх

                Бодлогогүй ам нээх

                Мөнгийг хайр найргүй үрэх

                Өдөржин юу ч хийхгүй, ялхайж цагийг барах

                Зөвхөн өөрт нь хэрэг болсон үед хүнтэй нөхөрлөх

                Аливаад тэвчээргүй хандах, уурлаж хилэгнэх, давчдах, нөхөрлөлөөс зайлсхийх

                Зөв буруу аль нь боловч зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангахын төлөө зүтгэх

                Хүнээс зүгээр юм салгах гэж эрэлхийлэх

                Бусад хүнийг харамч хахираар дуудах

                Хоол, гэр орноос бусдыг үл сэтгэх

                Боломж л гарвал бусдаас юм авах гэж нэхэх зэрэг юм……………………….

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Хүүхдийн зөв төлөвшил

    Яагаад зарим хүн бүхнийг хийж амждаг вэ? Яагаад зарим нь бүтэлгүйтдэг билээ. Энэ асуулт эцэг эхчүүдийг зовоосоор ирсэн. Мэдээж эцэг эхчүүд хүүхдээ бүхнийг хийж амждаг тийм хүн болгохыг ч хүсч байгаа. Ирээдүйн саятан хүүхэд төлөвшүүлэхийн тулд жинхэнэ бизнесмений зан араншингуудыг мэдэж, түүнийг хүүхэддээ суулгаж өгөхийг хичээх хэрэгтэй. Нэртэй судлаачид бизнесийн оргилд гарсан 350 орчим саятны дунд судалгаа явуулснаар тэдний олонхид нь байдаг чухал зан чанаруудыг жагсаан гаргажээ. Та тэдгээр зан араншиг төлөвшүүлэхийн тулд доорх дадал зуршилуудыг одооноос хүүхэддээ суулгахыг зорьж ажиллаарай.

                -Түүний хүслийг байнга асууж, хүслээ ян тан мэддэг болгох

                -Хүслээ хэлсний нь дараа яавал түүнд хүрэхийг өөрөөс нь дандаа асуух.

                -Хүссэндээ чи хүрч чадна гэж байнга зоригжуулах

                -Хүссэндээ хүрэхийн тулд бусад хүүхдийг дагуулж удирдах арга замыг зааж өгөх

                -Хэрэв хүүхэд ямар ч бодлогогүй ам нээж ярьдаг бол зэмлэж болиулах, улмаар үг бүрээ цэнэж ярьдаг дадал суулгах

                -Хэзээ ч бусдыг шүүмжилдэггүй, бусад хүүхдэд дургүй байгаагаа ил харуулдаггүй чанар суулгах

                -Өөрийнхөө мэдэхгүй юмны тухай хэзээ ч ярьдаггүй болгох

                -Бүр багаас нь өдрийн цагийн хуваарьтай болгож, цагийн үнэ цэнийг мэдрүүлэх, аливааг хугацаандаа амжуулахад сургах, туслах

                -Одооноос олсон ба үрсэн мөнгөө дэвтэр дээр байнга бичиж бүртгэдэг болгох

                -Аль болох олон хүнтэй нөхөрлөж, тэдэнд туслаж, ойр дотно байхад сургах

                -Үеийн хүүхдүүд ямар ч зан араншинтай байсан дээд зэргийн тэвчээртэй хандаж сургах

                -Оршин байгаа нутаг ус, сум аймаг, дүүрэг, хот, улс орон, гадаа ертөнцөд хүртэл юу болж байгаа тухай мэдээлэл дандаа сонсдог болгож сургах

                -Бусад найз нөхөддөө туслахын хэрээр, бусад хүмүүсийн төлөө зүтгэхийн хэрээр өөрөө сайхан амьдардаг гэдгийг ойлгуулах

                -Бусдаас юм эрж хайж авахын төлөө биш харин өөрөө бусдад аль болох их өгөх, үйлчлэхийн төлөө сэтгэлтэй болгох хэрэгтэй. Учир нь хорвоогоос үнэ төлбөргүй зүгээр юм хайсан хүмүүс дандаа ядуу амьдардаг. Яагаад гэвэл “бизнес бол өөрөөсөө бусдад нэгийг өгч, өөртөө хоёрыг эргүүлэн авах, үржүүлэхийн ухаан юм” гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Өгөх авахын ухаан

    Ирээдүйн саятан хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд түүнийг өгөөмөр занд сургах нь эн тэргүүний асуудал байдаг. Хүнд бэлэглэж чадах юм бол эргүүлж авч чадна гэсэн сургаал байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Та юу ч өглөө гэсэн тэр өгсөн зүйл эргээд өсч үржиж ирдэг гэсэн үг. Хэн нэгэнд эрч хүчээ зориулбал тэр эргээд танд зориулна. Хайраа өгвөл илүү хайрыг авна.

                Бид ямар нэг юм авах гэж тэмүүлэхдээ эхлээд энэ хүсээд байгаа зүйлээ бусдад бэлэглэвэл зохино. Бидний бэлэглэсэн бүхэн үржиж ирдэг.

                Одооноос эхлээд хүүхэддээ амьдралын үнэнийг тайлбарлаж өгөөрэй. Хэрэв тэр найздаа чихрээ өгвөл удалгүй хоёр чихэртэй болно. Энэ бол хууль. Хууль бол заавал биелдэг.

                Хүн бусдад бэлэг өгөхөө больчихвол бас юм авахаа ч больдог. Хүүхдийг багаас нь бусдад баяртайгаар юм бэлэглэдэг болгож сурга. Энэ нь зөвхөн эд байх албагүй. Цаг, анхаарал, нөхөрлөл гээд юу ч байж болно. Хэрэв хичээлдээ сайн бол муу хүүхдэд туслах ёстой. Хүүхэд бусдад хичээл заах үедээ нэр нүүрээ бодож энэ хичээлийг гайхалтай сайн сурдаг.

                Хүү чинь баяжихыг хүсч байна уу? өгөөмөр сэтгэлтэй болгож, өөдрөг үзэл суулгаж чадвал тэр тансаг баян амьдрах болно.

                Хүүхдийг өөрийг нь ид шидтэн мэт төсөөлдөг болгох талаар бүхнийг хийж байгаарай. Тэр өөрийн амьдралыг өөрөө зохиох чадвартай гэсэн тийм үзэлтэй болгох ёстой. Жишээ нь танай хүүхэд гар утастай болохыг хүсч байсан бол гар утас авч өгөх үедээ “Харж байна уу чиний хүсэл биеллээ. Хэрэв хүсвэл биелэхгүй юм гэж үгүй” гэж хэлээрэй. Энэ сургаал хүүхдийн тархинд насан туршид нь эгшиглэх болно.

                Бусдыг бодох өгөөмөр сэтгэл суулгахгүй бол хүүхэд том болоод сахар багатай, амт султай зайрмаг үйлдвэрлэнэ. Ийм зайрмагийг хүмүүс тогтмол хэзээ ч худалдаж авахгүй. Байнгын их орлоготой хүнийг л саятан гэдэг. Тэгэхээр бусдад сайн сайхныг хүсэх өгөөмөр сэтгэлтэй хүн л зах зээлд тэнцэх зүйл бүтээж чадна.

                Хүүхдийг өгөөмөр хүн болоход эцэг эх өөрийн биеэрээ үлгэрлэвэл маш хурдан энэрэнгүй нэгэн болж төлөвшиж чаддаг. Жишээ нь “Өнөөдөр чиний найзын төрсөн өдөр хоёулаа маш гоё бэлэг хамтдаа худалдаж авъя, чи сонгоод өг, эсвэл хоёулаа хамтраад маш гоё мэндчилгээ зурж наагаад бэлтгэе” “одоо эмээ нь ирнэ, хоёулаа маш гоё хоол бэлдэе” “маргааш баярын өдөр, гэрийн бүх хүн баярлахаар маш гоё ширээ хоёулаа засья” гэх мэт.

                Энэ үед хүүхэд бусдын талархсан царайг харж тун ихээр баярладаг. Хүмүүс ч түүнтэй хүндэтгэлтэй харьцахад хүүхэд сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн болж ирдэг. Эргээд бусдын тусламж ч хүүхдэд заавал ирдэг.  Ингэж хүмүүс бие биеэ түшиж, аз жаргалыг бий болгож амьдардаг гэдгийг харуулахын хэрээр том болоод их олон хүний төлөө бүтээн босголтыг хийж чаддаг хүн болдог. Түүнийг нь өндрөөр үнэлдэг нь зах зээлийн хууль юм.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Санасандаа хүрэх чадвар

    Хэрэв эцэг эх хүүхдийн амжилтыг хэт өндөр үнэлж магтаж гарвал энэ хүүхэд манлайлагч болох замаа алдана. Ер нь хүүхдийг чи чадна гэсэн үзлээр хүмүүжүүлэх ёстой болохоос биш чи хамгийн мундаг, хамгийн илүү, хамгийн сайн гэх мэтээр ярьж огт болохгүй. Зөвхөн тухайн үеийн ялалтыг л сайшаах ёстой. Учир нь хэзээ нэгэн цагт нас биеэр илүү ч юмуу хүүхэд түүнээс хурдан гүйж таарах ба тэр үед үндэслэлгүй магтуулж байсан хүүхэд бодит амьдралтай эвлэрч чадалгүй янз бүрийн байдалд ордог байна.

                Зарим эцэг эхчүүд хүүхдээ манлайлагч биш юм байна гээд яах вэ? гэж асуудаг. Тэдэнд зөвлөе.

    -Юуны өмнө өөрийн хүсэл сонирхолыг түүнд тулгаж болохгүй.

    -Хэрэв танай хүүхэд ичимхий ноомой болж ажиглах, сэтгэх, мөрөөдөх дуртай нэгэн байж мэднэ.

    -Жинхэнэ манлайлагч гэдэг нь бүхний өмнө гүйх биш харин өөрийн замаар хатуу явдаг хүнийг л хэлдэг гэдгийг та бас ойлгох ёстой.

    -Хүн бүрийн хувьд амьдралын үнэ цэнийн тухай ойлголт тэс ондоо байдаг. Таны хувьд баян юмуу алдартай болох нь амьдралын үнэ цэнэт зүйл байж мэднэ. Гэтэл бусдад туслах, тайван амгалан байх, ном унших, байгальд ганцаар аялах гээд амьдралын үнэт зүйлийг шал өөрөөр төсөөлдөг хүүхэдтэй байж мэдэх юм. Үүнийг нь та буруугаар үнэлж явсан уу?

                Жинхэнэ манлайлагч хүүхэд ямар байдаг тухай сэтгэл судлаачид ингэж дурьджээ.

                -Өөрийн хүчтэй талыг идэвхитэй хөгжүүлдэг. Үеийнхэн болон томчуудын өмнө авъяасаа гайхуулах дуртай.

                -Өөрийн сул талыг шоглож наргидаг ба сул талаасаа их ашиг гаргаж чаддаг. Бусдын шүүмжлэлийг хүндээр тусгаж авдаггүй.

                -Үе тэнгийнхний араасаа дагуулж чаддаг.

                -Томчуудтай харьцахдаа итгэлтэй байж чаддаг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

                                                               

  • Эрч хүч, эр зориг

    Алдааг засах, дахин зүтгэх тэр чанаруудыг л эцэг эх сайн суулгах учиртай. Хүүхэд бүдэрч унавал босоод дахин явахад л тусал. Өргөж босгох, цашаа тэвэрч явах, хөтлөх хэрэггүй.

                Харин үг хэлээрээ зоригжуулж, дэмжиж өгөөрэй. Бас яг одоо босоод цааш яв гэж тулган шаардаж, дуугаа өндөрсгөж бас болохгүй. Хэрэв хүүхэд нэг бүдэрчихээд дахин давтахаас хулчийх юм бол зөвхөн үгээр зоригжуулж ятгах ёстой.

                Манлайлагч хүүхдийн гол чанар болох өөртөө итгэх итгэл ба өөрийгөө хүндлэх чанар нь эцэг эхээс л хамаардаг. Та буруу алхам хийвэл сэтгэлийн энэ тэнхээнүүд үгүй болно.

                Зарим хүмүүс тэмцээн уралдаан манлайлагчийг бий болгодог гэж үздэг. Хэн нь хоолоо түрүүлж идэх вэ? Хэн нь аяга тавгаа илүү угаах вэ? гэх мэт уралдаан явуулдаг. Үе тэнгийн хүүхдүүдийн дунд байж болох зүйл. Харин нэг гэрийн болон хамаатан садан, ах эгч нарын дунд ийм уралдаан зохиож огт болохгүй. Нөгөө талаар хэрэв танай хүүхэд ямар нэг уралдаанд хожигдох аваас шоолох юмуу загнаж огт болохгүй. Бас түрүүллээ гэж шагнаж болохгүй. Зөвхөн магтаад өнгөрөх ёстой.

                Хүүхдийг хар багаас нь өөртөө итгэлтэй болгоод хүмүүжүүлчихвэл хүүхдүүд түүн рүү тэмүүлж эхэлдэг. Өөртөө итгэлтэй хүүхэд маш идэвхитэй, хөдөлгөөнтэй, баяр баясгалантай байдаг.

                Тэр хөдөлгөөнт тоглоомд нэн дуртай. Голдуу шинэ тоглоомоор наадах дуртай бөгөөд ямар ч тоглоомын үед хамгийн хүндтэй дүрийг авдаг. Багш сурган хүмүүжүүлэгчид түүнд хайртай бөгөөд хоолны ширээ бэлдэх зэрэг аливаа ажилдаа түүгээр туслуулах дуртай. Манлайлагч үргэлж өмнө нь гялалздаг. Тэр дандаа инээмсэглэх ба бусдыг татах увидастай гэдгээ өдөр ирэх тутам мэдэрдэг. Ийм хүүхэд бусдыг удирдан залдаг. Зөвхөн үе тэнгийнхэн биш томчуудыг ч удирдана. Өнөөдөр яаж тоглох, хэнтэй тоглох, хэнтэй үл тоглох зэргийг тэр шийднэ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд бусад хүүхдийг залж эхэлдэг. Гэхдээ эцэг эх маш их анхаарч манлайлагч хүүхдийг зөв замд залахгүй бол тэд буруу замаар орж сахилгагүй, хулигаан хүүхдүүдийн багийг ахлах нь элбэг. Манлайлагч удирдагч байна гэдэг нь бусад хүүхдийн өмнөөс хариуцлага хүлээх гэсэн үг гэдгийг түүнд сайтар ойлгуулах ёстой.

                Манлайлагч хүүхдэд ямар ч шүүмжлэлийг сэтгэлийн донсголгүй хүлээж авах чадвар суулгах нь эцэг эхийн үүрэг. Хүүхдийг шүүмжлэхдээ ухаалаг, бодитой, алдааг нь засах чиглэлтэй байх ёстой. Харин доромжилсон өнгө аяс гаргаж болохгүй. “Чи хүүхдүүдтэй их сайн найзалж тусалдаг юм байна. Гэхдээ чи заримдаа хүүхдүүд рүү хашгирах юм. Хашгирахаа больчихвол хүүхдүүд улам л чамтай тоглох дуртай болно доо” гэж ээж нь хоёулхнаа байхдаа тайван хэлбэл тэр сайн хүлээж авдаг.

               

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 18

    Манлайлах хүсэл тэмүүлэл нь өөрийн үнэ цэнийг өргөх үзэлтэй нягт холбоотой байдаг. Хүүхэд бие махбодь болоод сэтгэцийн хувьд эрүүл саруул бол өөрийн онцгой чадвараа бусдад харуулж чадна. Коммунизмын үзэл суртал нэвт шингэсэн бидний үе өөрийгөө дөвийлгөх явдлыг хамгийн муу чанарт тооцож итгэж ирэв. Бид өөрийгөө дарж, ах дүү, найз нөхөд, хажуу айлын Дорж, хороо хорин, улс орны ард иргэдийн төлөө хичээх болсноор бидний дундаас нэг ч манлайлагч төрсөнгүй. Энэ гашуун түүхийн хуудсыг хурдхан хааж, одоо өөрийн алдааг хүүхэд дээрээ гаргахгүй байхыг хичээе. Өөрийгөө өндөр үнэлэх, үнэлэмж, өөрийгөө хүндлэх мэдрэмж зэрийг нь хааж боож огт болохгүй. Жинхэнэ манлайлагч л саятан болж чаддаг.

                Хүүхдийг манлайлагч болгохын тулд хар багаас нь амжилт бүрийг нь магтаж өгөх хэрэгтэй.

    Саад учрах болгонд зоригжуулж, бүтэлгүйтвэл дэмнэж, үргэлж итгэл үзүүлж байгаарай. Хүүхдийн анхны ялалтууд гэр бүл дотроос эхэлдэг. Будсыг итгүүлэн дагуулах, бусдаар бишрүүлэх зэрэг тэмүүллийг эцэг эх нь амжилт бүрийг магтах замаар суулгаж өгнө. Хүүхэд бүдэрч уналаа гэхэд эцэг эх сүйд болж болохгүй. Харин ч босгоод, цаашаа үргэлжлүүлэхийг тайвнаар зөвлөх учиртай. Хэрэв хүүхэд унасны төлөө эцэг эх сандарч тэвдэн, айж түгшиж, хэн нэгнийг буруутгаж эхэлбэл тэр хүүхэд манлайлагч болж чадахгүй. Аливаа саад бэрхшээлийг тайван хүлээж авах, бага зэргийн ялагдлыг огт тоолгүй урагшлах чадвар яг энэ үед л сууж байдаг. Хүүхэд бүдэрч унах, юман дээрээс унах үед ялангуяа аав нар огт тоолгүй “зүгээр, зүгээр” хэмээн хандах нь яг энэ чанаруудыг суулгаж өгдөг. Хэрэв зөвхөн ээж эгч нар хүмүүжүүлэх аваас тухайн хүүхэд ялагдлыг даалгүй гашуудаж, гутардаг, ичмээр үйл боллоо хэмээн эмзэглэдэг нэгэн болно.

                Ерөөсөө эмэгтэй хүмүүс өр нимгэн учир хүүхэд бүдэрч унахад хүртэл орь дуу тавьж, тэвэрч үнсэж, нус нулимсыг нь арчиж, дүүгээ харсангүй хэмээн ах эгчийг нь загнах зэргээр авирладаг. Ингэх юм бол тэр хүүхэд өөртөө ямар ч итгэлгүй, айж түгшдэг нэгэн болно. Тиймээс хүүхдийг манлайлагч болгоход эрчүүдийн ааш авир хамгийн чухал үүрэгтэй байдаг. Хүүхэд унахад эрэгтэй хүн тоож харах ч үгүй байх аваас хүүхэд өөрөө босон цааш явах ба хожим ямар ч саад бэрхшээл тохиолдоход хөл дээрээ босч ирдэг чадвар суудаг. Өөртөө итгэлгүй, түгшүүртэй нэгэн болох бол улс төрч юмуу бизнесмен лав болохгүй гэдэг нь баталгаатай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 17

    Бизнест амжилт олох гол үндсийн нэг нь эрүүл саруул байх явдал юм. Эцэг эхчүүд өөрсдөө эрүүл саруул байж хүүхдээ үүнд сургах ёстой.

    Хүүхдээ бүр багаас нь өдөр бүр дасгал хийж, өөрийн биед анхаарахад сургах хэрэгтэй.

                Өнөөдөр компьютер айл гэр бүрт нэвтэрч, хүүхдүүд компьютер тоглох явдал өргөн дэлгэрч байна. Харин ирээдүйн саятан хүүхэд хүмүүжүүлж байгаа бол компьютерийн ертөнцөд байх түүний цагийг аль болох хязгаарлах ёстой.

    -Компьютерийг өдөрт дээд тал нь нэг цаг тоглохыг л зөвшөөр.

    -Компьютер тоглоомд хожих явдал нь бодит амьдралд ялалт байгуулахтай ямар ч холбоогүй гэдгийг заавал ойлгуул.

    -Хүүхэдтэйгээ аль болох хамт дасгал хийж бай.

    -Нэг цаг хичээл хийх юмуу компьютер тоглосны дараа заавал завсарлага авхуулж байгаарай.

    Хүүхдээ биеийн тамирын хичээл огт тасалдаггүй, байнга идэвхитэй оролцдог болгож сургавал зохино. Ирээдүйн саятан минь ээ таны дотор байгаа асар их эрч хүч, ид шид гадагшлахын тулд түүний бүрхүүл буюу бие махбодь өөрөө эрүүл саруул байх учиртай.

                Хүн бүр хүүхдээ манлайлагч болно гэж хатуу итгэдэг.

                Хүн бүр л өөрийн хүүхдийг дахин давтагдашгүй цорын ганц хамгийн шилдэг нь болно гэсэн мөрөөдлөөр амьдардаг.

    Хүүхэд маань манай удмын бахархал байгаасай гэж хүснэ. Харин хүүхдийг хэрхэн манлайлагч болгон хүмүүжүүлэх талаар манай эцэг эхчүүд тун бага мэдлэгтэй. Тэгвэл хүүхдээ яаж манлайлагч болгох вэ?

                Үнэнийг хэлэхэд бид коммунизмын бүтээгдэхүүн билээ. Бидний аль болох даруу төлөв байж доогуур харахыг шаарддаг байсан. Ерөөсөө доогуур харцтай дорой дуутай байх тусам хүмүүжилтэй хүүхэд гэсэн сайшаалын үг сонсдог байлаа. Гэвч улс төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. Чөлөөт зах зээл, өрсөлдөөн тэмцэл, шинэ нөхцөлд тэсч үлдэх чадвар гээд олон шинэ ойлголт түрэн орж ирлээ. Одоо хүүхдийн хүмүүжлийн тухай ойлголт үндсээрээ өөрчлөгдөж байна. Өнөө цагт хүүхдийг аль болох өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө өндөр үнэлдэг болгож хөгжүүлэх аваас манлайлагч болно гэдгийг дөнгөж ойлгож эхэллээ. Чөлөөт эдийн засгийн нөхцөлд зөвхөн өөртөө итгэх итгэл, өөрийгөө өндөр үнэлэх чадвар зэрэг нь амжилт авчирна гэдгийг эцэг эхчүүд бүдэг бадаг төсөөлж эхлэв. Тэгээд хүүхэддээ ийм чанарууд суулгахыг хүсэх боловч яаж суулгахаа мэдэхгүй л байна.

                Олонхи эцэг эхчүүд хүүхдээ том болох үед энэ тухай бодож эхэлдэг нь бүтэшгүй мөрөөдөл ажээ. Тиймээс аль болох багаас нь зөв төлөвшүүлэхийн хэрээр агуу удирдагч, саятан, тэрбумтнууд төрдөг байна.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.