Author: admin

  • Өтгөн хатдаггүй амьдрал

    Буруу хооллох нь их хэрэгтэй зүйл юм байна гэж би боддог болсон. Юуг яаж идвэл хүсмээргүй ямар зовлон гарцаагүй үүсдгийг өөрийн бие дээр нотолж, бодитоор амсаж эдэлнэ гэдэг дахин өөрийгөө хорлохгүй байхад тун сайн хамгаалалт болно гэдэг утгаар нь. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг үг байдаг. Гэтэл буруу хооллоод  хаширч ханадаггүйн цаана нэг чухал учир байна. Түүнийг ойлгочихвол өвчингүй амьдрах, өвдсөн бол эдгэхэд тун амархан. Өтгөн хатахтай холбоотой хамгийн түгээмэл жишээн дээр ярья л даа. Эслэгтэй бүдүүн борог хүнс  байнга идэх нь   биедээ зохимжтой хооллож байгаа хэрэг учир өтгөн хатахгүй.

    Дээд гурилан боов, цагаан будаа идэх, бүдүүн ширхэгтэй гурилан боов, хальстайгаа будаа идэх нь зажлах, залгих талаасаа бол яг адилхан ажил. Харин хүний сэтгэлд тэс өөр санагддагаас л борог хүнсээ идэхээс яаж ийгээд зайлсхийдэг. “Дөрвөн цагаан хор”-ны нэг гэж нэрлэгддэг цагаан гурил байнга идэхэд өтгөн хатдагийг үзэж мэдсээр байж, цусны даралт, чихрийн шижингээр бодитойгоор зовж байж хашрахгүй л цагаан гурилдаа дурласаар байдаг шүү дээ. Үнэхээр халширмаар  байдлын тухай мэдлэгээ эргээд харцгаая. Энэ мэдлэгээрээ дамжин, дээр өгүүлсэн  чухал учрыг олж харахыг хичээе. Өтгөн нь хатдаг ихэнх хүнд илэрдэг асуудлуудаас  заримыг нь нэрлэвэл:  шамбарам, чихрийн шижин, бөөрний үрэвсэл, судас хатуурах, зүрх өвдөх, дархлаа муудах, харшилтай болох, вирус тээгч болох, ханиаднаас салахгүй гэх мэт. Хавдар, шарх гээд гэдэс өөрөө хэлмэгдэх нь мэдээж ойлгомжтой.

    Бас илүүдэл жинтэй бүдүүн болсон байх магадлал өндөр. Яагаад гэвэл ийм хүн бүдүүн гэдсэндээ дунджаар 8 – 25 кг илүүдэл  тээж явдаг. Энэ бол гурваас дөрвөн наймын хувин олиггүй юм гэсэн үг. Ийм их овоолго тээж явахад бэлхүүс нарийхан байх боломжгүйгээс гадна жинд сүрхий нэмэр. Гэхдээ өтгөн хатдаг л бол туранхай хүний гэдсэнд ч илүүдэл байдаг. Дээр нэрлэгдсэн өвчин эмгэг үүсэхэд өтгөн хаталт нөлөөлдгийг тэр бүр мэдэхгүй хүн олон бөгөөд өвчнүүдээ тусдаа зүйл гэж ойлгох тул эмчлэх гэж тусгайлан хөөцөлддөг. Жинхэнэ шалтгааныг биш үр дагавартай л их “ноцолдоно”. Эм тариа гээд төрөл бүрийн заслуудыг ээлж дараалан хийлгэвч зовиур шаналгаа түр намдахаас цаашгүй. Үнэхээр халширмаар! Физиологийн жам ёсоор өдөрт 2 – 3 удаа хүндэрч, үргэлж бие хөнгөн, бэлхүүс гоолиг, өвчингүй амьдардаг хүн дэндүү цөөн юм.

    Өдөрт олон удаа хүндээр бие засах нь жам ёс гэдгийг  Стив Паркерын “Хүний бие” гэдэг номноос иш татан сонирхуулъя.  “Нарийн гэдэснээс ялгаатай нь бүдүүн гэдэсний дагуух булчин түүний ханыг бүтээж, бүрэн хучдаггүй.  Булчин нь гурван хэсэг болж багц үүсгэдэг бөгөөд бүдүүн гэдэсний шугам гэж нэрлэгддэг. Эдгээр шугам хүрээ гэдэсний дагуу явахад шугам хооронд цүлхэн гэж нэрлэгддэг хонхорхой уутнууд үүснэ. Хүрээ гэдэс ханынхаа булчингийн хөдөлгөөнөөр доторх баасыг хольж, шулуун гэдэс рүү түлхэж өгнө. Гэдэс доторх агууламжийн хөдөлгөөн янз бүр байдаг бөгөөд доторхи хоол боловсруулах үе шатаас хамаарна. Тухайлбал үечилсэн, гүрвэлзэх хөдөлгөөнөөр шахагдсан, бөөнөөр хөдөлсөн хэлбэрүүд байна.

    Хүрээ гэдсэн доторх агууламж нарийн гэдсэнд байхаасаа удаан хөдөлж, гэдэс өдөрт 2 литр усыг эргүүлэн шимж авч байна. Үечилсэн хэлбэр: Бөөрөнхий хэсгүүд тодорхой завсартайгаар шахагдана. Эдгээр нь нухагдаж холигдож байх боловч урагш  явдаггүй. Гүрвэлзэх хөдөлгөөнөөр шахагдсан хэлбэр: Энэ нь бага багаар долгилсон хөдөлгөөн бөгөөд баасыг шулуун гэдэс рүү түлхэж өгнө. Арын булчин агшиж байхад урд хэсгийнх нь булчин суларч байдаг. Бөөнөөр хөдөлсөн хэлбэр: Энэ нь хөндлөн хүрээ гэдэсний дунд хэсгийн хүчтэй гүрвэлзэх хөдөлгөөн юм. Эдгээр хөдөлгөөн өдөрт 2-3 удаа хийгдэж, баасыг шулуун гэдсэнд оруулна.” Ингээд өдөрт хоёроос гурван  удаа хүндрэхээс өөр аргагүй болно гэсэн үг. Гэтэл яагаад үүнээс цөөн байна вэ?

    Эслэгээс нь салгачихсан, цавуулаг ихтэй учир наалдамхай чанартай гурил, будаа их иднэ.  Төмс, ногоо жимсээ хальсалж, үрнээс нь салгана. Түүнчлэн эслэг агуулдаггүй мах хэтрүүлж иддэг атал  эсэг цагаан идээ, ногоон навчит ургамал бараг идэхгүй учраас гэдэсний дотор ханын сахлаг хөхлөгүүдийг “сойздон” цэвэрлэх аргагүй болж, цардагдсан  гадаргуу үүсч, гүрвэлзэх хөдөлгөөнд саад учирдаг. Аажимдаа цүлхэнгүүдэд өтгөний овоолго, чулуужсан хэсгүүд хуримтлагдан, гэдэс хэцүүдэж, элэг, бөөрний ажил хүндэрнэ. Тэдгээр овоолгуудад үүсэх хорт бодисууд, бүдүүн гэдсэнд амьдарч ажилладаг бичил биетнүүдийн алдагдсан харьцаа гээд зөндөө асуудал ар араасаа үүсдэг ажээ. Эслэгтэй хүнс өдөр тутам иддэг болоход л өтгөн хатахын нэг том шалтгаан арилах нь байна шүү дээ. Тийм амархан! Өтгөн хатахаа больчиход нөгөө олон өвчин зовиуруудын шалтгаануудын нэг нь бас давхар устана гэсэн үг. Хичнээн сайхан!

    Гэтэл яагаад энэ амархан боломж ашиглагдахгүй байна вэ? Энэ нь эдэлгээнд сургагдаагүй эмнэг амьтан мэт сэтгэлээс болдог юм байна. Тиймээс өөрийгөө танина гэдэг нь сэтгэлээ таних, хүн болно гэдэг нь сэтгэлээ боловсруулан номхотгохыг хэлдэг ажээ. Нөгөөх чухал учир үүнд л оршдог. Энэ ажлыг л багахан ч гэсэн амжуулбал хүн болж төрсний хэрэг давхар давхар гарна. Ядаж л өтгөн хатахгүй байх нь л дээ. Сэтгэлээ боловсруулах ажил нь ном сурахтай адилгүй. Мэдлэг олж авахтай зэрэгцүүлээд дадлагын ажил хийхгүй бол огт номхрохгүй. Маш сонирхолтой бөгөөд асар их ач холбогдолтой энэ ажил үр дүнтэй болохын тулд  дараах үе шатыг дамжин өрнөх номтой ажээ.

    1. Тайвшрах  – өөрийн дотоод мөн чанарт  анхаарал хандуулах
    2. Эргэцүүлэх – мэддэггүйгээ мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх
    3. Илрүүлэх – мэдлэг ухаанд захирагдахгүйгээр эрхэндээ байлгаж чадаж байгаа сэтгэлээ “олж харах”
    4. Ажиглах – сэтгэл нь ямар хэмжээнд дураараа, сургаал боловсролгүй, эмнэг догшин байгааг хөндлөнгөөс “харах”
    5. Танилцах –  эрүүл амьдрах зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө “танилцуулах”
    6. Дадлагад гарах –  ажлын зөв болон буруу хувилбаруудын туршилт
    7. Үр дүнг ажиглах – биеийнхээ хэлийг анзаарч, ойлгох

     Шат болгоны тухай бид дараагийн дугааруудад Тантай ярилцах болно. “Авгайдаа хайртай бол авдаг л морь доо” гэдэг шиг үнэхээр үргүй зардалгүй, эрүүл амьдаръя гэж боддог юм бол хийдэг л ажил даа. Үндэс шалтгааныг зөв болгохгүйгээр урагш ахидаггүйг үзэхээрээ нэг болж байна шүү дээ. Харин одоо Танд цусны даралт өндөр, нэгдүгээр бүлгийн цустай, өтгөн нь хатдаг хүнд зориулсан нэг өдрийн үлгэрчилсэн цэс сонирхуулж, нэг хоолны орцыг танилцуулъя.

    Өглөө: 1. Хоёр өндөгний цагаанаар хийсэн омлет, ногоотой  2.Оливын тосоор амталсан брокколи, салат навч, ногоон сонгино, улаан манжин зууш  3.Буудайн соёолж  4.Хивэгний ундаа

    Өдөр: 1.Гурван шимтийн шөл амтат чинжүүтэй  2.Жигнэсэн гүзээ, шар лууван  3. Өргөст хэмхийн зууш  4. бүхэл үрийн гурилан мантуу 5.Алимны шинэ шүүс /эслэгтэй/

    Орой: 1.Дүфүтэй ногоо жимс  2.Хөх тариа, буудайн гурилан ёпоошиг

    Дүфүтэй ногоо жимсний орц: дүфү, ногоон навчнууд /салат, чинцай, яншуй, юуцай г.м./, өргөст хэмх, цагаан лууван, шар лууван, улаан манжин, ногоон сонгино, аньс, алим, хальстай нимбэг. Эдгээрийг хүссэн хэлбэр хэмжээгээрээ хэрчиж, шар буурцгийн жан, оливын тосоор амталж, холиод идэхэд бэлэн болно. Өөр ногоо, жимс байж болно.

    ВИП клуб ТББ-ын тэргүүн, Монголын Лектор Төвийн Жинхэнэ гишүүн, “Соёолж” зохимжит хоолны газрын зөвлөх Б.Гэрэлмаа

  • Тэврэлт бол гайхамшиг

    “Яахаараа дандаа намайг загнадаг юм бэ? ээж та дүү нарт сайн ханддаг мөртлөө намайг болохоор өдөр болгон загнах юм.”

    “Чамайг эгч нь болохоор тэгж байхгүй юу? Ээжид нь ч хэцүү байна. Чи ээжийгээ жаахан ч гэсэн тайван байлгаж чадахгүй байна уу? “Ээж ээ, та надад хайргүй биз дээ? Би таныг үзэн ядаж байна”. 

    Эцэстээ том охин маань өрөөний хаалга саван гарч одлоо. Охиныхоо үйл хөдлөлд гайхаж, бас уур хүрээд, өөрийгөө захирч чадахаа болин, дуу минь өндөрсөв. Гурван охин өсгөнө гэдэг жинхэнэ дайн билээ. Хүүхдүүд харшил өгч, хордлого тусан, ханиад хүрч жаахан ч гэсэн нүд салгах зай завсар өгөхгүй өдрүүд үргэлжилнэ. Үргэлж хоорондоо муудалцаж, чанга дуугаралцан, саваа барин уйлж аргадаж….Миний хашгирах дууг айлууд сонсчих вий гэхээс нөхөр маань ичдэг байлаа.

    Ер нь юунаас болж ингээд байгаа юм бол….? Би хайр халамжтай ээж болохыг хүсдэг атлаа яагаад хүүхдүүдээ загнаад байдаг юм бол?” хүүхдүүдээ загнасны дараа маш их харамсаж, өөрийгөө буруутгана.

    Багын шарх миний сэтгэлийн гүнд байгааг мэдсэн үе бол зөрчилдөж зөрчилдсөний эцэст зөвлөгөө авахаар шийдсэн тэр өдөр байлаа. Архи уухаараа харгис болдог аав, түүнтэй өдөр бүр хэрэлдэж муудалцах ээж хоёрын голд хөнжил дотроо нуугдан, уйлж унтдаг байсан бага насны дурсамж надад олон бий. Бас тэр үед ихэнх эцэг эхчүүдийн амьдрал хэцүү, ихэд ядардаг байсан болохоор аав нар хүүхдүүддээ яаж хандахаа мэддэггүй байсан цаг юм. Аав маань нэг ч удаа надад хайртай гэж хэлж байсныг санадаггүй. Зөвлөгөө авсны дараа үүнээс болоод л миний дотор атаархал, жаахан юманд уурладаг дүр төрх бий болсныг олж харлаа. Тэгэхээс ч өөр аргаггүй байсан миний дүр төрх….

    Өөрийн сэтгэлийн шархаа хүүхдүүддээ өгөхийг хүсэхгүй байгаа учраас би зориг гаргалаа. Тэврэлт. Үргэлж уурлаж загнадаг байснаа болиод, гэнэт зөөлөн хандах гэхээр нэг л сайн болж өгөхгүй байв. Гэвч би хийхээр шийдсэн юм. “Охин минь, ээж нь нэг тэврээдэхий байз”. “Гэнэт яагаад байгаа юм бэ?” гэж охин минь хорхой харсан мэт ярвайж байна. Хэдийгээр эхний алхмыг хийсэн боловч би ч, охин маань ч хөшөө мэт хатуу байв. Эхэндээ 5 секунд тэврэхийг тэвчихэд ч хэцүү байлаа. Тэр үед том охин маань сургууль дээрээ бусдад дээрэлхүүлж байгааг мэдсэн юм. Өдөр болгон гэртээ уйлж ирдэг байлаа. “Юундаа уйлаад байгаа юм бэ?” Чи ямар сайн юм хийсэн юм уу? Уйлахаар бүх юм болно гэж бодож байна уу?” гэж загнадаг байв.

    Охин маань хүүхдүүдийг шоглоод уйлахаар тэд бүр ч илүү шоглож, сүүлд нь зоддог болсон гэнэ. Багштай нь уулзаж, энэ тэр аргыг хэрэглэж үзсэн боловч ямар ч нэмэргүй байв. Хүүхдүүдтэй биечлэн уулзъя гэж бодсон ч байдал хүндэрч болзошгүй болохоор яах ч арга байсангүй. Анхандаа эвгүй байсан ч охинтойгоо тэврэлдэх маань 5 секунд байснаа 10 секунд болж, 10 секунд нь 30 секунд….гэж явсаар 10 минут боллоо. Би өдөр болгон охиноо тэвэрдэг болсон юм. Хайртай шүү. Ээж нь үргэлж чиний талд. Бурхан ч гэсэн миний охины зүрх сэтгэлийг мэдэж байгаа.” Миний охиндоо хийж өгч чадах зүйл нь түүний яриаг сонсож, түүнийг тэвэрч, тэр хүүхдийн тал болж өгөх байв. Тэгтэл нэг өдөр сургуулиасаа ирээд “Ээж ээ… Намайг тэврээд өг” гэж хэлэнгээ надад тэврүүлэн, уйлж гарлаа. Хичнээн хэцүү, ганцаардаж байгаа бол… гэж бодогдон, охиноо тэвэрч, хамт уйлав. Ийнхүү зүрх сэтгэлээрээ нийлэх цаг маань ихсэх тусам охин бид хоёрын хооронд байсан хана хэрэм бага багаар нурж эхэллээ. Охин маань гомдоллохоо болив. Сургуулиас ирэхдээ уйлдаг байсан охин харин инээдэг болсон юм.

    Тэр охин маань одоо ангидаа хүүхэд болгоны найзлахыг хүсдэг хүүхэд болсон гэдэгт та итгэж байна уу? Өмнө яаж муухай царайлдаг байсныг нь би мартаж чаддаггүй юм. Одоо хүүхдүүд маань өөрсдөө “Ээжээ намайг тэврээд өг” гээд ирдэг болсон. Тэднийг халуунаар тэвэрхэд миний сэтгэлд хуралдсан зүйлс аажмаар хайлан, алга болж байгааг мэдэрдэг байлаа. Тэврэлт гэдэг зүйлийг би өгөх гэж эхэлтэл, нэг л мэдэхэд бусдаас маш ихээр авдаг болсон юм. Хэсэг хугацааны дараа бага охин маань уйлж байгаа нэгэн найзыгаа гэртээ дагуулан ирэв. Гайхаад юу болов гэтэл “Ээж ээ та манай найзыг жаахан тэврээд өг дөө. Хүүхдүүд шоглоод уйлуулчихсан чинь уйлаад зогсдоггүй ээ. Танд жаахан тэврүүлэх гэж дагуулаад ирлээ.” гэдэг байгаа. Ээж л тэврээд өгөх юм бол зүгээр болно гэнэ. Охины маань хэлсэн тэр үг хэдий хугацаа өнгөрсөн ч  сэтгэлээс гардаггүй юм.

    Өвчин зовлонгоо хуваалцах үед эдгэрэл явагдаж байна гэсэн үг. Ганхахгүйгээр ургадаг цэцэг гэж байдаггүйтэй адил, өсөж том болох явцад нь энэ мэт олон удаа салхилах боловч тухай болгонд нь би хүүхдүүдээ тэврэх болно. Заримдаа унах үе гарлаа ч тэврэн босгож, урамшуулан, гараа сунгахыг хүснэ.

     

  • Үерхэл-дурлал-хайр

    Үерхэл шохоорхол хайр гэдгийг ялган таньж болдог уу? гэсэн асуултыг охид хөвгүүд олонтаа асуудаг. Энэ тухай аминчхан яриа дэлгэхийг хүсдэг. Болохгүй юм юу байх вэ, бүгдээрээ ярилцъя. Намайг 10-р ангид байхад манай ангийн Саранцэцэг нэгэн хүүтэй үерхдэг байлаа.

    Одоо ч тэд тэр үерхлээ хэвээр байгаа гэж үздэг. Гэхдээ Саранцэцэг, Сүхээ хоёр хамт амьдраагүй юм шүү. Тэр хоёрын анх танилцсан тухай саная. Тэр өдрөө Сараа маань бөөн баяр болоод гэртээ ирсэн юм. Амандаа дуу аялан гэрийнхээ хамаг ажлыг амжуулчихлаа. Хэдэн гартай болчихоо вэ гэмээр тун ч шалмаг харагдана. Түүнд жигүүр ургажээ гэдгийг ээжээс нь өөр хүн анзаарсангүй. Хонгорхон хүүхэд насандаа ийнхүү догдолж байснаа ээж нь нэхэн дурсаж тэд энгийн хэрнээ халуун яриа өрнүүллээ.

    Ээж: Миний охин хэн нэгэнтэй уулзаа юу?

    Охин:Тэгсээн, би нөгөө ангийн Сүхээтэй танилцаад…

    Ээж: Өө тийм үү. Дараа нь надтай танилцуулаарай.

    Охин: За за таныг аашлахгүй гэж мэдсэн бол сая танилцуулчихдаг байж.

    Сүхээ их гоё бүжиглэдэг. Сагс тоглохдоо бүр ч мундаг. Өнөөдөр надтай танилцна гээд бүр гоёчихсон гутлаа гялалзтал нь тосолчихсон байна лээ. Маргааш бид хоёр физикийн шалгалтандаа бэлдэнэ гэсэн. Одоо би хичээлээ уншихгүй бол маргааш юу ч мэдэхгүй ичгэвтэр юм болно. Хурдхан шиг цайгаа ууя.

    Ээж: Тэр хүү чинь хичээлдээ гайгүй юм аа даа.

    Охин: Гайгүй ээ. Миний үерхдэг хөвгүүдээс хамгийн дажгүй нь. Сүхээ бүх хичээлдээ дуртай гэж ярьж байсан.

    Ээж: Миний охин ч гэсэн дуртай биз дээ. Охин инээлээ.

    Саранцэцэг өөрт нь их таалагдсан үе тэнгийн хөвгүүнтэй танилцсан учраас жигүүр ургасан мэт догдолж байлаа. Эндээс л үерхлийн ялгаа, шохоорхол хайрын тухай зааглал үүсдэг бололтой. Охид эсвэл хөвгүүдийн хоорондын үерхэлд бие биедээ тусалсан нөхөрлөлийн шинж давуу байдаг бол хөвгүүд-охидын үерхэлд бие биедээ тусалж дэмжихийн зэрэгцээ олноос онцгойлж хардаг шохоорхлын шинж давамгайлдаг. Саранцэцэг Сүхээг үнэлж магтаж байгаа нь түүнийг шохоорхож байгаагийн шинж. Ийм шохоорхол дурлал хайр болж магадгүй байдаг.

                Дурлал нь ч бай хайр нь ч бай үүнд нэг л чухал зүйл бий. Энэ бол юу вэ гэхээр эдгээр нь бид хүмүүсийн харилцааны сургууль болдогт байгаа юм. Үерхэл-хайр-дурлал-шохоорхлоос бид сайн сайхныг мэдрэн өөртөө шингээн авч муу муухайд нь гунин гутарч амьдралд хатууждаг. Эдгээр харилцааны дараа хүн бүхэн тодорхой хэмжээний дурсамж, туршлагыг сэтгэлдээ үлдээж амьдралд суралцаж байдаг. Үүний улмаас “сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэдэг үг гарсан биз ээ. Үүнийг хүүхдүүд анзаарах бас анхаарах ёстой юм.

                Шохоорхол хайр дурлал хоёр шилжилтийн насны олон хүүхдүүдийн тулгамдсан асуулт болдог. Шохоорхол замхраад л арилчихдаг бол хайр дурлал үүрд үлддэг гэдгээр амархан тайлбарчихаж болох ч аль нь үргэлжилж аль нь замхрахыг яаж мэдэх билээ. Цаг хугацаа л харуулдаг биз ээ.

     Чамайг мартъя гэвч мартаж чадахгүй юм.

    Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?

    гэж Салхи хамтлагийн “Мартагдашгүй хайр” дууны дахилтын хэсэг.

                Саранцэцэг Сүхээ хоёр одоо хэр нь бие биедээ тусалсаар үерхсээр байгаа. Саранцэцэгийн хувьд Сүхээг шохоорхож байсан боловч анхны хайр нь Энхбаяр байж, Сүхээгийн хувьд сурагч ахуй наснаас нь эхэлсэн нандин үерхэл нь Саранцэцэг байсан ч хайр нь Оюумаа байж гэдгийг би ойлгосон юм.

                Үнэхээр үерхэлийг тэр ариухан утгаар нь ойлгож нандигнана гэдэг ямар үнэтэйг би ойлгосон юм. Гэнэн насны үерхэлээ гашуун дурсаж, гомдол гунигаар сольчих нь зөндөө тохиолддог шүү дээ. Тэгэхлээр үерхэл гэдэг үерхэл л байдаг юм байна. Ийм нэгэн шүлгийн мөрүүдийг Саранцэцэг унших дуртай байдаг юм.

          Ангийн хэдэн андтай дуулан шуугин дассан ч

            Алаг нүдэн хөвгүүн миний зүрхэнд хоногшсон

            Хорин хэдэн хөвгүүдээс онцолж чамайг гэж байхдаа

            Хүндэтгэл нөхөрлөл гэдгийн үнэ цэнийг ухаарсан

            Баярлалаа анд минь чамд

    Багын минь үерхэл мөнхийн нөхөрлөл, мартагдашгүй дурдатгал…

    /”Үерхэл” сонины 1998 оны 2-р дугаар/

     “Хайрын тухай олон төөрөгдөл буй, үүнээс хамгийн нөлөөтэй нь дурлал бол хайр дурлал гэсэн итгэл юм…”

    Ихэнх хүмүүс өөрийнхөө хайрлах чадвараа хөгжүүлэхээсээ илүү түүнийг бусдаас авахыг туйлын их хүсдэг… Ер нь хайрлах гэдэг нь амар хялбар зүйл, харин өөрийг нь хайрлаж чадах ба өөрөө хайрлаж чадахуйц тохирсон хүнийг олох л хамгийн хэцүү байдаг гэж үздэг…” -/Эрих Фром “Хайрлах урлаг” номноос/

  • Эртний монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга

    1. Өвөг дээдсийн сургаал /үлгэр, домог/ үгсээр хүмүүжүүлдэг.
    2. Бодит жишээгээр хүмүүжүүлж сургадаг.
    3. Ёс суртахууны хүмүүжлийг чухалчилдаг.
    4. Хүмүүжүүлэх үйл ажиллагаа хүүхдийн нас, биений онцлогийг харгалздаг.
    5. Алхам алхмаар дэс дараатай сургах гэх мэтийн онцлогуудтай юм.

    Монголчууд амьдрах ухааныг заахдаа хүүхэддээ мэдүүлсэн зүйлээ амьдрал дээр хүүхдээрээ хийлгэдэг учраас олж авсан мэдлэг нь бодитой болдог.

                Орчин үеийн сургуулиудын сургалтаас Монгол өрх гэрийн сургалтын нэг ялгагдах онцлог бол хүүхдэдээ заасан юм нь амьдрал дээр биет зүйл болж ашгаа өгч мэдлэг нь чадвар болдог явдал юм. 

  • Хүүхдийг бодит амьдралаар хүмүүжүүлэх нь

    Монголчууд ямар нэгэн үзэл санаагаа хүүхэд багачуудад хийсвэрээр заан сургахыг эрхэмлэдэггүй, үзэгдэж баригдам бодитой зүйлсээр дамжуулан таниулж ойлгуулдаг. Гэр бүлийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэг үндсэн зарчим нь бодит амьдралаар хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү зарчмыг өрх гэрийн сурган хүмүүжүүлэх зүйн нэг үнэт чухал заалт гэж үзэж болно. Бодит амьдралаар хүмүүжүүлэхийг өнгөрсөн үеийн их сэтгэгч нар “жам ёсны” байгальтай нийцсэн” хүмүүжил гэх үзүүлэхийг эх нь ажилд явахдаа үр хүүхдээ хамт авч явдаг /эцэг нь хөвгүүдээ, эх нь охидоо дагуулж явдаг/ ийм нэг жам ёсны байдал олон зуу, мянган жилээр төлөвшин тогтсон байна.

                Бодит амьдралаараа хүмүүжүүлэхийг эцэг эх, хүүхдийн хамтран оролцох учиртай зайлшгүй бодит хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж болно. Энэ бол ардын сурган хүмүүжүүлэх мэргэн ухааны алтан сан мөн. Бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдгээс  бид аль нэг ард түмэн ухаалаг, зоригтой сайхан сэтгэлтэй, ажилч хичээнгүй халаагаа хүмүүжүүлэх зорилтыг хэрхэн шийдвэрлэдэг, хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг чадвараас зайлшгүй хэрэгтэй цөөн хийгээд тухайн ард түмний давтагдашгүй  дүр төрхийг тодорхойлж буй тусгай зүйлсийг хойч үеийнхэндээ ямар янзаар ухааруулж, хадгалан үлдээж, дамжуулдгийг олж үзнэ. Өөрөөр хэлбэл бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдэг нь хүүхэд ба насанд хүрэгсэд нэг дор хамт аж төрөн сууж, дор дороо өөр өөрийн үүргийг биелүүлж, бие биесээ хүндэтгэж, ойшоон ханддаг байхын нэр юм. Энэхүү хамтын үйл ажиллагаан дундаа хөдөлмөрлөхийн сацуу суралцаж, суралцахын сацуу хөдөлмөрлөдөг байна. Үзүүлж харуулах, ярихын сацуу ажил хөдөлмөр, хамтын үйл ажиллагааг ямагт дагалдуулдаг байна. “Үүнийг ингэж хийдэг юм. Алив чи нэг оролдоодох. Болох нь уу” гэх зэргээр эцэг, эх нь өөртөө туслуулах маягаар сургадаг. Ер нь “Хүүхэдтэйгээ цуг үйл хий” гэдэг зарчмаар явдаг.

                Хүүхдийг хүмүүжүүлэхэд хамгийн гол нь аливаа зүйлийг өөрөөр нь ухааруулах, биеийг нь даалгаж алив зүйлийг шийдүүлж, хийлгэж сургах явдал байв. Энэ нь маш жижиг зүйлээс ч эхэлнэ.

                Жишээ нь: Миний хүү айргаа бүл” гэхэд хүүхэд дуртай нь аргагүй “За” гээд босно. Яагаад ингэв ээ.

                1-рт хөдөлмөр хийж сурна.

                2-рт тоо тоолж сурна.

                3-рт айргаа исгэж ууя -гэсэн хүүхдийн бодолтой холбоотой. Энэ нь хөдөлмөрийн үр шимээ үзэж буй хэрэг юм.

    Ийнхүү харилцах явцад ахмад үеийнхэн нь өсвөрийн үеийнхний сурган хүмүүжүүлдэг байжээ. Хамтран ажиллаж, харилцсны үр дүнд ард түмний хүмүүжлийн уламжлал бий болгож, улам нарийсан боловсорч иржээ.

                Хүүхдийнхээ томынх нь хүмүүжилд онцлон анхаарч чадвал том нь дүү нараа хүмүүжүүлхэд эцэг эхдээ туслагч болдгийн зэрэгцээ ах, эгч нарынх нь үйл ажиллагаа үлгэр дууриалал болдог байна.

     Хүүхдийн хүмүүжилд нийтээр анхаардаг: Дэггүйтсэн хүүхдийг таних танихгүй хүн бүхэн зэмлэж, хүүхэд багачууд ч ах зах хэнийг ч болов хүндэтгэн үгийг нь авна.

                Дээр үеэс айлууд хүүхэд, нохойгоо өмөөрдөг айлтай хаяа хатган буух тун дургүй.

                Буруу зүйлд хүүхдийг хүний, өөрийн гэлгүй бүгд зэмлэж анхааруулдаг, хүүхэд ч ахмадын үгийг дуулгавартай хүлээж авдаг байжээ.

                Манай өвөг дээдэс ажил хөдөлмөрт залхуурсан, ахмадыг хүндлээгүй, томчуудын үг ярианд оролцсон, адуу малдаа догшин ширүүн харьцсан, хараалын үг хэлсэн, архи сархад хэрэглэсэн хэний ч бай хүүхдийг ялгаагүй шилбүүрийн амт үзүүлж, үнэнч шударга үгээр хүмүүжүүлж байжээ.

                Тэглээ гээд эцэг эх нь өмөөрөх нь бүү хэл өөрсдийн “шийтгэл”-ээ нэмдэг.

     Хайр нь дотроо, хал нь гаднаа: Би долоон нас хүрээгүй л байсан байх, Хурдан морь унаж уралдаж байгаад ойчоод уйлж суутал аав ирээд өрөвдөх болов уу, гэтэл харин хөмсөг зангидаж, эр хүн байж мориноос унаад уйлж суухдаа яадаг юм бэ гэж хэлэв.

                Гэртээ ирээд ээждээ энэ тухайгаа хэлтэл ээж маань надад “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэж үг байдаг юм миний хүү хэмээн хэлж билээ.

                Бүх юмыг бүр нялхаас нь “болно” “болохгүй” гэдгийг сайн мэдүүлэн хэвшүүлдэг ба айлын хүүхдүүдтэй тоглож байгаад хоорондоо муудах, том хүнд аашлуулж, зандруулаад уйлхад огт өмөөрөхгүй, хүүхэддээ бурууг өгч загнаад өнгөрдөг.

                Ингэхэд дараа нь хүүхэд ялихгүй юманд эмзэглэн хов зөөдөггүй, хүний өөрийн ялгаагүй том хүний хэлсэн үгэнд орж, залхуурахгүй, өөртөө тохирсон ажлыг хийдэг болж тусад орно.

                Монголчууд “Эрхийг сурахаар бэрхийг сур” “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэлцдэг.

                Хүүхдээ хайрлахгүй хүн гэж хаа байх билээ.

    Хар багаасаа бэрхийг үзэж сурсан хүүхэд цээж тэнүүн, зориг хатуу, харц хол, ажилд тэсвэртэй, гүжир чадалтай болж түмний хайрыг хүлээдэг.

                Ил хайраар өссөн хүүхэд цээж цухал бачимдуу, харц зорилт богино, хэзээд уур уцаар, гомдол, горьдлого нь барагдашгүй болдог байна.

     

  • Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга хэлбэр

    Үг гэдэг их хүчтэй. Хүүхдийг шаргуу дайчин болгодог үгийн хүмүүжлийн үнэ цэнийг өндөрт тавьсаар иржээ. Сайхан үг хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог бол, бодлогогүй хэлсэн болчимгүй үг нөхрийн санаа сэтгэлд хар толбо үлдээдэг болохыг харгалзан монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг. Тухайлбал:

    “Үг хатуу боловч амьдралд тустай:

    Эм гашуун боловч аминд тустай”

    “Инээсэн бүхэн нөхөр биш

    Уурласан бүхэн дайсан биш”

    “Эргүү магтуулах дуртай

    Илжиг ачуулах дуртай”  гэх мэт. Иймээс “Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэж хүүхэддээ сурган тэдний дэргэд өөрсдийг нь магтдаггүй, хатуу гараар биш, хатуу үгээр сургадаг.

    Үгийг ухааран ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, улигдахгүй зөв хэлж сургахыг аргачлан заадаг байна.

    Жишээ нь: “хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь”, “Үг давтвал билэг, Ном давтвал билэг”, “Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, Үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэж сургадаг.

                Энэ нь ямар нөхцөлд, ямар хүнд юу гэж хэлэх вэ? гэхчилэн оюун ухаанаараа бодон тунгааж, үгээ дүгнэн цэгнэж, ямар ч хүнтэй зөв үгээр харьцаж сурахад чиглүүлэн хүмүүжүүлдэг байжээ.

                Үсэг бичиг бий болоогүй байсан эрт дээр үеэс эдүгээ үед хүрч иртэл Монголчууд үндэстнийхээ эрхэм нандин заншил суртлыг уламжилж баримтлахын төлөө үе улиран хүүхэд багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохирсон, авсаархан ил тайлбарт сургаал үгс ба далд утгат сургаал үгсийг санаачлан зохиож хүүхдийг хэлд, хөлд орж, ярих, гүйхээс ахуй ертөнцтэй танилцаж, амьдралын замд орох хүртэл хүн болгон хүмүүжүүлэхэд хэрэгсэл болгож ирсэн түүхтэй.

                Сургаал үгс нь гүн гүнзгий, өргөн дэлгэр агуулгатай, хүүхдийг аргадахаас эхлээд анхааруулах, айлгах утга санааг багтаана. Хүүхдийн мэдээ орохыг дагалдан сургах үг, өгүүлбэр нь агуулгын хувьд аяндаа гүнзгийрч байдаг. Хүүхдийн эцэг, эхдээ хамгаас хайртай байдаг онцлогийг үндэслэж айлгах, Жишээлбэл: Хуруугаа бүү үмх ээж чинь үхнэ” “Нусаа бүү ид, мартамхай болно” Хүний өөдөөс бүү нулим, амны хишгээ хүнд өгнө” гэх зэргээр ариун цэвэрч, ёсонд сургах зүг хөтөлж байснаа аажмаар далд утгат дан үгсийн сургаал олширч, хүүхдийн сэтгэхүйг дээшлүүлэх сэтгэн бодох чадварыг нь сайжруулж байдаг. Жишээлбэл: “Идэхээ бүү чамла”, “Өвсийг бүү зангид” “Ачийг бүү март” “Өглөө бүү оройт” гэх ба “Өглөөний сайхныг сайханд бүү бод” “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэхчилэн амьдралын замд жолоодон хөтөлж оруулсан байдаг.

                Хүүхэд багачуудын тухай сургаал үгс нь аль нэгэн талаар Монгол үндэстний оршин тогтнолтой салшгүй амьд харьцаа холбоотой.

                Ариун нандин сургаалыг хүлээн авч шингээсэн хүүхэд багачууд бага наснаасаа томоотой өсөн бойжиж, эцэг эх, нутаг усныханыхаа хүрээллийг олдог. Одоо ч гэсэн монголчуудын гэрийн сургаал үгс нь сургуулийн өмнөх насны хүүхдэд сургаал болж, сургуульд суусны хойно ч тэр, насны зэрэгт хүрч, ажил амьдралын замд орсны дараа ч тэр, “Зуу хүрэвч журам ёсыг дагана” гэдэгчилэн хүн болж төрөөд өтөлтөл нь сургаал болсоор байдаг билээ.

                Давуулал, зүйрлэл, тонгоруулал зэрэг сургаал үгсийг тун эвлэг хэрэглэдэг учраас монгол үндэстний багачууд хүүхдийг багаас нь цэцэн сэргэлэн, дууч, шүлэгч авъяастай болгон хүмүүжүүлдэг байна.

                Монголчуудын хүүхэд багачуудад хэлэх сургаал үгс нь урт удаан түүхэн суурьтай болохоор нийгмийн анги давхарга, тухайн цаг үед улиран хувирч байсан нийгэм, төрд үйлчилж байдаг боловч хүмүүнлэг үзлийн сургаал нь голлох байраа ерөөс алдаагүй өнөөг хүрч иржээ.

                Монголчуудын гэрийн сургаал үгс нь урт удаан хугацааны түүхэн цаг үеийг туулж, бусад ямарваа зүйлээр орлуулж болшгүй эрхэм үүргээ биелүүлж байснаар барахгүй нийгмийн дэвшлийг дагаж урагш хөгжсөөр ирсэн байна.

                Өвгөдийн үгээс иш татаж, үлгэр, домгоор дүрслэн сургах явдал нь эртний Монголчуудын сурган хүмүүжүүлэх үндсэн арга хэлбэр болж байв. Үлгэр, домогт сурган хүмүүжүүлэх утга шингэж, үнэн дүрээр дамжуулан санаагаа илтгэх нь хүүхдийг хүмүүжүүлэх, сургах нөлөө их.

                Монголчуудын хүүхэд багачуудын гэрийн сургаал үгэнд үндэстний зан заншил, түүний онцлог агуулагдаж, гэр бүлийн хүмүүжлийн талаарх түүхэн судалгаанд үнэ цэнэ бүхий эх сурвалж болоод зогсохгүй залуу эцэг эхчүүдээс үр хүүхдээ хүмүүжүүлэх сайн гарын авлага болдог. 

  • Black Friday (Хар Баасан гариг)

    Black Friday (Хар Баасан гариг)

    Саяхан буюу 11- р сарын 24- нд Thanksgiving Day- Талархалын баяр боллоо. Энэ баяр нь Канад болон АНУ- д албан ёсоор тэмдэглэдэг баяр бөгөөд Канадад жил бүрийн 10 сарын 2 дахь Даваа гариг, АНУ- д 11 сарын 4 дэх Пүрэв гариг бүр тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Энэ баярыг анх 1621 онд  Plymouth буюу одоогийн Massachusetts  мужид тэмдэглэж эхэлсэн байна. 1621 онд  Plymouth- д тэмдэглэсэн анхны Талархалын баяр нь сайн ургац хураасанд зориулан тэмдэглэж байжээ.

    Энэ баяраар гэр бүлийн гишүүд хамтдаа цугларч Turkey- Цацагт хяруулаар баярын зоог барьдаг уламжлалтай аж. Мөн энэ баярын сүүлийн үед моданд орж байгаа зүйл бол энэ баярын маргааш нь болдог Black Friday- Хар Баасан гариг юм. Энэ өдөр shopping- дэлгүүр хэсч good deals- сайн тохиролцоо хийхтэй салшгүй холбоотой. Энэ Баасан гаригт Wall Mart, Best Buy, Target, Costco зэрэг том сүлжээ дэлгүүрүүд шөнийн 12, 1, 4 цагуудаас үүдээ нээж 10- 50, 60, 70 хувь болж навс хямдарсан бараанд хүмүүс дугаарлана. Ихэнх хүмүүс Christmas Shopping- г энэ өдөр хийдэг юм билээ. Christmas – Зул сарын баяраар Монголын Цагаан сар шиг хүн бүрт бэлэг бэлэглэдэг уламжлалтай. Үүнд зориулж хүн бүрд тохирсон барааг хямд үнээр сонгон авахаар хүмүүс яардаг ажээ.

    Харин сүүлийн жилүүдэд Талархалын баярын учир холбогдол бас л буруу тийшээ гажиж хүмүүс Хар Баасан гаригийг хүлээж, энэ өдрийн хямдралаас болж гарах гэмт хэргийн тоо ч өсч байгаа саар мэдээ ч сонсогдох болж. Энэ жилийн баяраар гэхэд л 20 хүн амиа алдсан байх юм. Би ч энэ жил туршлагагүй байсан болохоор, бас хямдрал гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ойлгож сураагүй хүн нэлээн орой л дэлгүүр хоршоо орсон. Дэлгүүрүүдийн байдал ороо бусгай, хөл хөдөлгөөн ихтэй, хамаг хямдарсан бараанууд нь ховх сорогдсон байдалтай, дэлгүүрийн эздийн данс зузаарсан нь илт харагдахаар байдалтай байдаг юм билээ.

    Энэ хар өдрийн үүсэл нь анх 1966 онд АНУ- н Пенсилвань мужаас гаралтай. Тэр үед Army- Navy Football Game (Энэ тэмцээн нь АНУ- н коллежуудын хөлбөмбөгийн багуудын хоорондох тэмцээн бөгөөд United States Military Academy (USMA)– н “Army , the United States Naval Academy (USNA)– н “Navy багуудын хооронд болдог.) болж байсан бөгөөд хөл хөдөлгөөн, үймээн самуун ихтэй учраас энэ тэмцээнээс болж цагдаа нарын ачаалал ихэсдэг байж. Тэгээд цагдаа нар Black Friday гэж нэрлэж эхэлжээ.

    Мөн энэ өдөр дэлгүүрүүдийн борлуулалт ихэсч, ашиг орлого эрс нэмэгддэг учраас ингэж нэрлэсэн юм байна. Black ink- in the black гэдэг өвөрмөц хэллэгтэй холбоотой. Ашиг орлого ихтэй байхыг Black ink- in the black, харин эсрэгээрээ байх юм бол Red ink- in the red гэж ярьдаг. Талархалын баярын маргааш нь болох Баасан гаригт бүх дэлгүүрүүд go black болдог учраас Black Friday гэж нэрлэж эхэлсэн байна.

    Энэ мэтчилэн энэ орны ард түмний амьдрал, соёл ахуйгаас бичих юм зөндөө. Хүн алхам тутамдаа суралцаж, нүд нээж явах юм даа. 

  • Ээж та

    Арван сар тээж, ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн ээж нар шиг ачтан хорвоод үгүй. Ээж, эх, эхнэр, хань, гэргий хэмээх богинохон мөртөө гүн утга асар их хүндэтгэл, энэрэл хайр, бахархал шингэсэн энэ үгс хэний ч чихэнд сонсголтой. Энэ сайхан нэр алдрыг эмэгтэй хүн болгон эдлэх хувьтай бөгөөд эх хүн эмэгтэй хүнийг эрхэмд үзэж, сайн сайхны бахархал болгосоор ирсэн түүхтэй. Монголын ард түмэн эрт үеэс эхнэр хүний ямар байх ёстойг заан сургаж зөвлөж ирсэн уламжлалтай.

    Монгол эмэгтэйчүүд эхчүүд гэрийн ёсоо ихэд эрхэмлэн сүсэглэн дагаж ирсэн уламжлалтай. Тэгээд ч эхнэр хүний баримтлах ёс зарчмыг томъёолж ямар эхнэрийг сайн гэх вэ? гэдгийг тодорхойлжээ.

    -буруу явдлаар үл явагч

    -санаа сэтгэл нь цэцэн дөлгөөн

    -эсгэх, оёход уран

    -самбаа санаачлага ихтэй

    -ачит эцэг эхээ машид хайрлан хүндэлдэг

    -аль зан сайхантай, эелдэг

    -гэр орноо цэвэрлэж, гийчин зочин ирвээс найрсгаар зочлогч

    -гэнэдэж буруу үл чалчигч

    -хов жив үл хөөцөлдөгч

    -ахас, ихэсийн үгийг сонсогч

    -үүр цайхын өмнө эртлэн босдог

    -үйлийг хичээн үдэш орой унтагч эхнэр сайн гэжээ.

    Энэ бол өрх гэрийн эзэгтэй нарын эрхэмлэн дагах сайхан ёс журам юм. Энэ нь одоо ч утга агуулгаа огт алдаагүй нь мэдээж. Ухааран ойлгож даган соёрхох нь эх таны нэгэн эрдэм юм шүү.

    Бас эмэгтэй хүн, эх хүн гэдэг гэрийн сайн сайхны бэлэгдэл, айл гэрийн түвшин амьдралын уг сурвалж, үр хүүхдийг жинхэнэ хүн болгохын үлгэр хэмээн үздэг. Бүсгүй та ээжтэй хүн, та өөрөө ээж, та үр хүүхэдтэй хүн. Тэр ч байтугай ээж болох охин үртэй хүн.

    Тэгэхээр та өвлөх, залгамжлах, уламжлуулах гурван цагийн хэлхээнд амьдарч байгаа эх. Та гавъяатай хүн. Та их хариуцлага, хүндэтгэл, үүрэг хүлээсэн хүн. Ийм болохоор та бодох, санах, сэрэх, санаачлах, ухааран бодох, үйлдэн хийх асар их олон үйл таны өмнө бий. 

  • Эр хүний нэг бахархал

    Аав, эцэг, гэрийн эзэн, нөхөр, хань өрхийн тэргүүн хэмээх алдар нэр эр хүнд ноогддог. Сонсоход сонсголонтой нэр хүндтэй энэ нэрийн эзэн байна гэдэг эр хүний нэг бахархал гэж үздэг. Бас том хариуцлага юм. Биеэ засад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн гүн утгатай үгийг та бид бүгд мэднэ. Энэ нь эр хүн эхлээд биеэ засах буюу амьдарч чадах чадвартай зөв сэтгэлтэй болсон байна гэсэн үг болов уу? Энд юу багтах бол гэж бодохоор эрүүл чийрэг бие бялдар, мэргэжил, ажил хөдөлмөр хийх чадвар, амьдрах арга ухаан, аав, ээж, ах дүүгээ ачлах тэр тусмаа эмэгтэй хүн, эх хүн, хүүхдийг хайрлах, асрамжлах зөөлөн сэтгэл зөв бодол ухаан, олон түмэнтэйгээ эв эетэй явах, өөдрөг ухаан гээд олон зүйл багтах байх. Манай ард түмэн аль эртнээс эр хүнийг эрхэмлэн үзэж, түүнд байгаа олон сайхан шинжийг олж харан магтан дуулж, хойч үед сургамжлан зааж иржээ. Монгол залуучууд ч эр хүний, эцэг хүний, өрхийн тэргүүний олон сайхан чанарыг эзэмшиж, эр хүн, үр хүүхдийн эцэг, өрх гэрийн эзэн, улс гүрний цэрэг эрс байсаар ирсэн.

    Тэгээд ч ард түмэн эцэг хүний таван эрдмийг:

    -уужим ухаан

    -хатан зориг

    -бат журам

    -өрх гэрийн түшиг

    -үр хүүхдийн сүр сүлд хэмээн өгүүлжээ.

    Ер нь эцэг хүн, өрх гэрээ авч явдгийн хувьд өөрөө зөв сайн, ухаалаг үйл бүхний үлгэр байдаг. Хэдийгээр өөрт нь ямар нэгэн дутагдал байлаа ч түүнээ үр хүүхдийнхээ чихэнд сонсгож, нүдэнд харагдуулахгүйг хичээдэг.

    Өөрөө аль нэг дутагдал гаргачихвал аав шигээ ийм алдаа гаргаж болохгүй шүү гэж хүүхэддээ хэлж чаддаг эцэг байх ёстой. Эр хүний нэгэн эрхэм үүрэг нь ухаантай үйл хэрэг, ханиа хүндэтгэж, асрамжлан ханийн жаргал эдлүүлэх явдал юм.

    Хань гэдэг гэрийн нэгэн багана, үрийн чинь эх, өр нимгэн бүсгүй хүн, хүний үр, насны чинь хань. Энэ хүнээс эрхэм хүн танд байхгүй нь мэдээж.

    Жаргалтай, ая тухтай амгалан тайван, сэтгэл дүүрэн, өөдтэйхэн амьдрая гэвэл ханиа л хайрлаж, түүндээ сэтгэлийн жаргал эдлүүлж явах ёстой. Ханийн заяа, үрийн заяаг гомдоож болдоггүй. Ханийн заяа өөрийн заяаг ч хаядаг гэдэг оргүй үг биш ээ.

     

  • “Монгол блогчид- 2011” наадмыг дэмжиж Шувуу бүтээлээ хандивлалаа

    Монгол блогчид наадам нь блогчид болон уран бүтээлчдийг дэмждэг эв нэгдлийн наадам гэдэг утгаар нь би өөрийнхөө бүтээлээр дэмжихийг хичээдэг.

    Анхны наадам болох “Монгол блогчид 2010” наадамд “Ширээ” бүтээлээ хандивласан бөгөөд бүтээл маань сугалааны азтан залууд очиж байсан.

    Харин энэ жилийн “Монгол блогчид 2011” наадамд “Шувуу” бүтээлээ хандивласан бөгөөд бүтээл маань Монгол блогчид наадмын уриаг зохиох уралдаанд түрүүлсэн нэгэн сайхан бүсгүйд очлоо.

    Уран бүтээлч хүний хувьд урлагийг түгээн дэлгэрүүлж, монгол залуусынхаа урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх талаар тодорхой ажлууд хийхийг хүсэж явдаг. Монгол блогчид наадмын үеэр зохиогддог зураач, уран бүтээлчдийг дэмжиж зохион байгуулдаг ажил нь надад их таалагддаг. Монгол хүн бүр чаддаг зүйлээрээ нэгнээ дэмжиж бүгдээрээ хамтдаа сайхан амьдраасай.