Author: admin

  • Дугарсүрэнгийн ГҮН ҮЙЛС- Нэрт орчуулагч, зохиолч, соён гэгээрүлэгч

    Төрт ёс хаадын сангийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач

    УРАН БҮТЭЭЛ

    ТҮҮХ, СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР

    – Чингис Хаан: Эш хөргийг баримтлах их эзний дүр төрх- Их хаадын зарлигийн дээжис- Монгол Хаад: Намтар цадигийн зурагт цомог – Монголын Нууц Товчоо: хуулмал болон барламал дэвтрүүд- Монгол Хаад (хүүхдэд зориулсан зурагт цомог)- Тэнгэрийн Зарлиг (түүхэн туужис)- Тэнгри (өгүүллэг, туужис)- Солонгон Хөндий (роман)- Алтан ургийн хаадын зургийн цомог- Монгол Хаад – нэгдмэл бахархал (бүрэн хэмжээний түүхэн баримтат кино) – Монгол Хатад: Ээдрээт түүхийн тайлал (бүрэн хэмжээний түүхэн баримтат кино) 

    УДИРДСАН ТӨСӨЛ, ТОМООХОН БҮТЭЭЛҮҮД

    – Монгол хаад: 11 боть түүхийн их шастир НЭГДҮГЭЭР БОТЬ (Тэргүүн Бөлөг – ХҮН ГҮРНИЙ ХААД: Модун шаньюй, Үжүлү Жоди шаньюй, Үлэй Жоди шаньюй, Юй Худурши шаньюй, Пүнү шаньюй, Би шаньюй; Атиль хаан. Дэд Бөлөг – ХАМАГ МОНГОЛЫН ХААД: Хабул хаан, Амбагай хаан, Хотула хаан, Есүхэй баатар); ХОЁРДУГААР БОТЬ (ЧИНГИС ХААН); ГУРАВДУГААР БОТЬ (ИХ МОНГОЛ УЛСЫН ХААД: Өгэдэй хаан, Гүюг хаан, Мөнх хаан, Аригбөх хаан); ДӨРӨВДҮГЭЭР БОТЬ (ЦАГАДАЙН УЛСЫН ХААД: Цагадай хаан, Доголон Төмөр); ТАВДУГААР БОТЬ (АЛТАН ОРДНЫ ХААД: Зүчи хаан, Бат хаан, Сартаг хаан, Улаагчи хаан, Бэрх хаан, Мөнхтөмөр хаан, Тудамөнх хаан, Тулабуга хаан, Тогтоа хаан, Узбек хаан, Тогтамыш хаан); ЗУРГААДУГААР БОТЬ (ИЛ ХААНТ УЛСЫН ХААД: Хүлэгү хаан, Абага хаан, Тэкүдер хаан, Аргун хаан, Гэйхату хаан, Байду хаан, Газан хаан, Өлзийт хаан, Абу Сеид хаан); ДОЛООДУГААР БОТЬ (Тэргүүн Бөлөг – ИХ ЮАНЬ УЛСЫГ ЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЫН ЭВСЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ХАЙДУ ХАН; Дэд Бөлөг – МОНГОЛЫН ИХ ЮАНЬ УЛСЫН ХААД: Хубилай Сэцэн хаан, Төмөр хаан Өлзийт, Хайсан Хүлэг хаан, Аюурбарбад Буянт хаан); НАЙМДУГААР БОТЬ (Тэргүүн Бөлөг – МОНГОЛЫН ИХ ЮАНЬ УЛСЫН ХААД (үргэлжлэл): Шадбал Гэгээн хаан, Есөнтөмөр хаан, Тугтөмөр хаан, Ринчинбал хаан, Тогоонтөмөр хаан; Дэд Бөлөг – УМАРД ЮАНЬ УЛСЫН ХААД: Аюушридара хаан, Төгстөмөр хаан; Гутгаар Бөлөг – ДӨЧИН, ДӨРВӨН ХОЁРЫН МОНГОЛ УЛСЫН ХААД: Энх Зоригт хаан, Элбэг хаан, Гүнтөмөр хаан, Өлзийтөмөр хаан, Дэлбэг хаан, Адай хаан, Тайсун хаан, Махагүргис хаан, Молон хаан, Мандуул хаан, Батмөнх Даян хаан); ЕСДҮГЭЭР БОТЬ (Тэргүүн Бөлөг – МОНГОЛЫН ТҮМЭД ТҮМЭНИЙ ТЭРГҮҮН АЛТАН ХАН; Дэд Бөлөг – ДӨЧИН, ДӨРВӨН ХОЁРЫН МОНГОЛ УЛСЫН ХААД: Барсболд хаан, Боди Алаг хаан, Дарайсун хаан, Түмэн Засагт хаан, Буян хаан, Лигдэн хаан); АРАВДУГААР БОТЬ (ЗҮҮНГАР ХААНТ УЛСЫН ХААД: Галдан Бошигт хаан, Цэвээнравдан хаан, Галданцэрэн хаан, Даваач хаан); АРВАН НЭГДҮГЭЭР БОТЬ (БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ХААН БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ)Төсөлд оролцогчид: Түүхийн Ухааны доктор С.Бадарчи, Ж.Болдбаатар, Л.Ганбат, Г.Жамсран, С.Лочин, Б.Нацагдорж, А.Пунсаг, Ж.Урангуа, Н.Хишигт, Ц.Цэрэндорж, С.Цолмон, Х.Шагдар, Д.Энхцэцэг, Ц.Энхчимэг, Г.Эрдэнэчимэг; магистр Ч.Содбилэг, Б.Сэрчин, А.Төмөр-Очир; доктор Д.Цахилгаан; Г.Мэнд-Ооёо, Б.Номинчимэд, С.Товуудорж- “Монгол хатад” 3 боть түүхийн шастир.I БОТЬ (Алун гуа, Өэлүн эх, Бөртэ хатан, Есүй хатан, Хулан хатан, Алаха бэхи, Сорхагтани бэхи, Дөргэнэ хатан, Огуль Хаймиш, Хотолун гүнж, Өлзийт гоо, Самар гүнж, Сэцэг бэйж, Мандухай сэцэн, Юнгэн хатан, Абай хатан, Мадь тайгал хатан)II БОТЬ (Ханджамц хатан, Гүнж хатан, Сайхан Жуй хатан, Пунцагролма хатан, Доржравдан хатан, Ану хатан, Сэтэржав хатан, Дармабал хатан, Уламбаяр хатан, Есөнлүн хатан, Турхан хатан, Эргэнэ хатан, Сарай Мульк хатан, Ак султан Ханике, Ханзаде бегум гүнж, Айша султан бегум зэрэг Цагадайн улсын хатад, дараа нь Борогчин хатан, Цэцэг хатан, Яйлак хатан, Тайдула хатан, Жаныке гүнж нарын Алтан Ордны хатад), III БОТЬ (Илдүз хатан, Тогос хатан, Гүюг хатан, Өлзий хатан, Хутуй хатан зэрэг Ил хаант улсын 20-иод хатан, Монголын Юань Улсын 17 хатан, Корйө болон Манжийн үеийн 30 гаруй хатан)Төсөлд оролцогчид: Түүхийн Ухааны доктор Л.Ганбат, Б.Нацагдорж, А.Пунсаг, Ж.Урангуа, Ц.Цэрэндорж, С.Цолмон, Д.Энхцэцэг, Ц.Энхчимэг, Г.Эрдэнэчимэг; магистр Ч.Содбилэг, Б.Сэрчин, А.Төмөр-Очир.- Алтан ургийн 36, Алтан ургийн бус 1, нийт 37 хааны хөрөг бүтээх төсөл Төсөлд оролцсон зураачид: Ч.Алимаа, Ц.Болд, С.Ганболд, Б.Насанцэнгэл, Ц.Отгонбаяр 

    – Чингис, Өгэдэй, Хубилай гурван их хааны сэнтийдээ заларсан, реалист уран зургийг том хэмжээгээр бүтээх төсөл / Зураач: А.Далантай
    – Чингис хааны цээж баримал / Барималч: А.Далантай- Чингис хааны төрийн бэлгэдэл / Зөвлөх: С.Дулам (доктор, профессор)
    – “Монголын Нууц Товчоо” нэгэн дэлгэмэл нүүрнээ бэлтгэх төсөл.
    – Монголын Нууц Товчоо: танилцуулга, толилуулга / Төрт Ёс, Хаадын Сан, Өвөр Монголын “Монголын Нууц Товчоо” Сурвалж Бичгийн Хүрээлэн- Монголын Юань гүрнийг үндэслэгч, их хаан Хубилайн 800 жилийн ойг ёслон тэмдэглэх ЗГ-ын бүрэлдэхүүнд ажиллаж, ойн лого, сүлд зураг зэргийг биечлэн бэлтгэв.- Монголын найман Богд – Богд Хаан (8-р Богдын намтар цадиг) – Монголын их хаад – Богдын лүндэн – Хаан Цадиг (түүхэн туужис) / Төсөлд оролцогчид: С.Пүрэв, Б.Өлзийсүрэн, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, До.Цэнджав, С.Оюун- Хатан цадиг (түүхэн туужис) / Төсөлд оролцогчид: Б.Өлзийсүрэн, До.Цэнджав, С.Пүрэв, Ч.Жанчивдорж, Б.Ойдов- Жанжин цадиг (түүхэн туужис) / Төсөлд оролцогчид: С.Пүрэв, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, Д.Төрбат, С.Батжаргал, До.Цэнджав, С.Оюун- Тэнгэр хүлэгтэн (Уралдаанд шалгарсан түүхэн туужис) – “Есөн Зууны Сонгодог Бадгууд” XIII-XXI зуун хүртэлх монгол туургатны яруу найргийн дээжис (Д.Гүн-Үйлсийн тайлбар, тодруулга бүхий эмхэтгэл). ОРЧУУЛГА, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР- А.С.Пушкин: Шүлгүүд / Орос хэлнээс орчуулсан Д.Гүн-Үйлс, ариутган шүүсэн Ю.Н.Кручкин. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007, -132н.- А.С.Пушкин “Таашаалдаа зориулму” (А.С.Пушкиний хориотой байсан шүлгүүд) / Орчуулагч Д.Гүн-Үйлс, дизайнер М.Тэгшжаргал, зураач А.Далантай. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2009.- Эрин зууны дурлал (У.Шекспирийн сонетууд, А.Пушкиний шүлгүүд; ном, CD) / Орчуулагч, дуун өгүүлэгч Д.Гүн-Үйлс, Бит пресс, 2010 он.- Мао Зэдун / түүхэн өгүүллүүд. / Зохиогч А.Панцов, Орос хэлнээс орчуулсан Д.Гүн-Үйлс, Х.Төмөр. Бит пресс, 2010 он.- Нострадамус: Зөн билиг оршвой. / Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Соёмбо Принтинг компани, 2005.- Дэлхийд манлайлагчдын маркетинг / Зохиогчид Сливотски А., Моррисон Д. Орчуулагч Д.Гүн-үйлс, Ц.Нарангэрэл, редактор Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2006.- Монгол-Англи Толь / Д.Гүн-Үйлс. техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Бит пресс, 2010.- Орчуулга, найруулга зүй (Англи хэлээр жишээлсэн онол, дадлага) / Утга зохиолын тухай яриа (шүүмж судлал) / Зохиогч Д.Гүн-Үйлс. техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо Принтинг ХХК, 2008.- Англи хэлний нууц товчоо (Англи хэл сурахад тохиолдох хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах арга зам) / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2006.- Кембрижийн англи хэлний шинэ курс: Түлхүүр хариулт бүхий дадлагын ном 4 (Кембрижийн Хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр) / Зохиогчид О’Саливан, Д. Сван, М, Уолтер, К. / Орчуулагч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. -Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- Англи хэлний өгүүлбэр зүй / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- Англи хэлний үг зүй / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007. – Англи монгол зэрэгцүүлсэн хэл зүй / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- Монгол герман яриан толь / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2005. – Монгол англи тайлбар яриан толь / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2005. – Англи яриан хөтөч / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2007. – English – Mongolian phrase – book (аудио CD-ний хамт) / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. – Би англиар ярьж чадна (аудио CD-ний хамт) / Д.Гүн-Үйлс, зураач А.Бат-Эрдэнэ, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Live Design ХХК, 2006. – Англи хэлийг алхам алхамаар (1) (4 ширхэг аудио CD-ний хамт) / зохиогч Н.А.Бонк, И.И.Левина, И.А.Бонк; орчуулагч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. – Англи хэлийг алхам алхамаар (2) (3 ширхэг аудио CD-ний хамт) / зохиогч Н.А.Бонк; орчуулагч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. – Англи хэлний алтан дүрэм / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. – Англи хэлний алтан ном / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2010. – Speak & Listen / эмхэтгэгч, зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008. – Төгс гэгээрсэн их багш Чин Хай / Асуулт, хариултууд. Орчуулсан Д.Гүн-Үйлс- Нохой миний амьдралд. Зохиогч Чин Хай. Орчуулсан Д.Гүн-Үйлс.- Төгс гэгээрсэн их багш Чин Хай / Зуун зууны хайр. Орчуулсан Д.Гүн-ҮйлсХҮҮХДИЙН ЗОХИОЛ БОЛОН БУСАД- Тэнгэрийн охин (өгүүллэг, туурь) / Зохиогч Д.Гүн-Үйлс, зураач Цом.Ганзориг, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК- “Шижиртэн дуурсах үеийнхэн мину” (Алтан Үеийн зохиолч, уран бүтээлчдийн тайлбар бүхий зургийн цомог.) / Ерөнхий редактор, эрхлэн нийтлэгч Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2017.- Яруу найргийн тухай яриа / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2007 он.- Яруу найргийн шинэ үе. / Ерөнхий редактор, эрхлэн нийтлэгч Д.Гүн-Үйлс. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2007.- “Гайхамшгийн эрэлд” Телевизийн 10 цуврал кино зохиол. Баримтат уран сайхны, хүүхдийн бүтээл. Байгаль хамгаалах сэдэвтэй. / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008.- “Гайхамшгийн эрэлд” 10 цуврал комикс. (Байгаль хамгаалах сэдэв) / Зохиогч Д.Гүн-Үйлс, Зураач: А.Бат-Эрдэнэ, дизайнер М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2013.1-р дэвтэр Цэвэр агаар, 2-р дэвтэр Лус гуай, 3-р дэвтэр Бэлэг, 4-р дэвтэр Хотод айлчилсан цэвэр агаар, 5-р дэвтэр Нууц, 6-р дэвтэр Амьтадын хувцасны дэлгүүр, 7-р дэвтэр Супермен, 8-р дэвтэр Ойг хэн тарив?, 9-р дэвтэр Гайхмаар юм, 10-р дэвтэр Тогорууны өндөг. – Амьтадын тухай цувралууд (Хойд туйлын амьтад, Европ тивийн амьтад, Африк тивийн амьтад, Ази тивийн амьтад, Австрали тивийн амьтад, Америк тивийн амьтад) / Д.Гүн-Үйлс, дизайнер М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2008.- “Мазаалай” цуврал (англи, монгол хэл дээрх) / Зохиогч Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Соёмбо принтинг ХХК, 2008.- “Мазаалай” цуврал (Хүүхдэд зориулан туурвисан Монголын болон гадаадын зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис) / Д.Гүн-Үйлс, техник редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, Мөнхийн үсэг ХХК, 2008.- “Эверест” аудио тренинг / Зохиогч Д.Гүн-Үйлс, Оролцсон уран бүтээлчид: Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Чулуунбат, Хаянхирваа, нэвтрүүлэгч Идэрчулуун, найруулагч Баярсайхан, Насандулам. Редактор М.Тэгшжаргал. Улаанбаатар хот, МУЗСТ, 40 минут.- “Ёстой гоё ном” (Хүүхдэд зориулан туурвисан Монголын зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис) / Ерөнхий редактор, эрхлэн нийтлэгч Д.Гүн-Үйлс, дизайнер М.Тэгшжаргал, зураач А.Далантай. Улаанбаатар хот, Мөнхийн Үсэг ХХК, 2009.- Амжилтанд хүрэх буян / Сонсдог ном, double CD, 2008.- Ярьдаг цагаан толгой (монгол) / зохиогч Д.Гүн-Үйлс, БНХАУ, Шэнжений хэвлэлийн компани, 2015.- Ярьдаг цагаан толгой (англи) / зохиогч Д.Гүн-Үйлс, БНХАУ, Шэнжений хэвлэлийн компани, 2015.- Гоёхон Бүүжий / зохиогч Д.Гүн-Үйлс, Монголын Утга Зохиол Судлалын Төв, Мөнхийн Үсэг ХХК. 2017.Жич: Дээрх бүтээлүүдээс гадна түүх соёл, хэл, уран зохиолын чиглэлээр олон арван бүтээлийг Д.Гүн-Үйлс редакторлон толилуулжээ. Өдгөө хэвлэлд бэлэн болсон хэд хэдэн бүтээл буй.

     
    Д.Гүн-Үйлс: Бид тоогоор цөөн боловч үзэл санаагаар том үндэстэн

    Зохиолч, түүх судлаач Дугарсүрэнгийн Гүн-Үйлстэй уламжлалт оршихуй, монгол хүний мөн чанар, уг төрхийн талаар  ярилцлаа.

    -Тавлаг сайхан хаваржиж байна уу. Монгол хүний мөн чанарын тухай бодож эргэцүүлж явдгийн хувьд энэ сэдвээр ярилцана гэхээр сэтгэл хөдөлж байна. Ийм том сэдвийг энэ цаг үед дэвшүүлж ярих нь нэг талаар бас зориг юм даа. Одоо чинь Монголоо магтсан хүнийг ад үзэх нь холгүй болж шүү дээ…   
    -Сайхан, та сайхан хаваржиж байна уу. Энэ сэдвээр үндэсний сэхээтнүүд бүхий л цаг үед дуугарсаар ирсэн. Би тэдний л нэг. Чухал сэдэв. Гэхдээ үндэслэлтэй зөв тайлж ярихгүй бол хүмүүстээ тус биш, ус болж ч мэдэх эмзэг сэдэв.  

    Өнөөдөр бид их сонин цаг үед амьдарч байна. Энэ хижиг тахлыг эс тооцвол манай нөхцөлд илт нүдэнд харагдах түрэмгийлэл, дайсагнал, дайн дажин байхгүй боловч хүмүүсийн олон янзын хандлага, бие биетэйгээ тэмцэлдсэн бодол санаанууд, ургасан хөрсөө голж шилсэн элдэв “гоё цэцгүүд”-ийн гоморхол, өөрсдөө ч татгалзаж эхлээд байгаа гаднынхны амьдралын хэв маягийг дагаж дуурайх хүсэл, гаднынхны нөлөө, эд баялгийн төлөөх тэмцэл гээд үй олон зөрчилдөөн, ойлгомжгүй байдлын дунд бид амьдарч байна. Ер нь ойлгомжгүй байдал, хүлээлт хоёроос өөр амьдралыг сүйрүүлдэг юм байхгүй. Зөрчил ямар ч үед байдаг нь ойлгомжтой. Гэвч бидний цөөхөн монголчуудын дунд зөрчил үнэндээ хэтрээд байна л даа.

    Бид тоогоор цөөн боловч үзэл санаагаар том үндэстэн. Түүхийн бүхий л үеийн турш цөөхүүлээ байж ирсэн. Цөөхүүлээ атлаа бусдын дор оролгүй, харин ч дээр гарч байсан нь хавьгүй их. Үзэл санаа том байгаагүй бол олон үеийн турш цөөхүүлээ байж ирсэн үндэстэн түүхийн урт удаан хугацаанд тэсэж, бие дааж үлдэх, тэр тусмаа бусдаас илүүрхэх боломж угаасаа байгаагүй юм. Аз ганц хоёр таарч болох ч алхам тутамд таараад байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний аз гэж ойлгодог хувь заяаны сайн тохиол монголчуудыг алхам тутамд дагадаг байсан нь өвөг дээдэс маань зөв үзэл санаатай, зөв сэтгэлтэй явсны ач юм. Зөв үзэл санаатай, эр зоригтой хүмүүсийг л аз дагахаас биш, сул дорой хүмүүсийг аз дагаж байсан түүх ховор.

    Бид байгаль цаг агаарын олон янз хувирал, түүхийн ээдрээт үйл явц, хүнд хүчрийг даваад гараад ирсэн шигээ ямар ч үед тэсэж үлдэх, амьд гарах төрөлхийн зөн совинтой, тийм чадвартай ард түмэн. 

    Бид байгаль цаг агаарын олон янз хувирал, түүхийн ээдрээт үйл явц, хүнд хүчрийг даваад гараад ирсэн шигээ ямар ч үед тэсэж үлдэх, амьд гарах төрөлхийн зөн совинтой, тийм чадвартай ард түмэн. Тэсэж үлдээд зогсохгүй өөрийгөө ахин дахин тунхаглах санаж сэрэхүй бас бий. Өнөөгийн биднийг олон үеэр бэлтгэсэн өвөг дээдсийн ухаан ч бий. Бид тэднээсээ мөн чанараа өвлөж авсан. Өөр хаанаас хэнээсээ авах билээ дээ. Ер монголчууд гэлтгүй дэлхийн үндэстэн бүхэн өөрийн мөн чанартай. Менталитет, унаган төрх ч гэдэг. Унаган төрх, мөн чанар аливаа улс үндэстний хувь заяаг тодорхойлдог. Хувь заяаны код ч гэж болно.

    -Хувь заяа кодтой гэж бодохоор сонин юм байна шүү. Өөрөөр хэлбэл, хувь заяагаа ямар болгох нь бидний санаж сэрэхүйгээс шалтгаалах нь ээ дээ?
    -Тэгэлгүй яах вэ. Өөр юунаас шалтгаалах вэ. Гэхдээ эхлээд нэг юманд хариулчихмаар байна. Өнөөдөр бид ийм сул дорой байхаар кодлогдсон юм уу гэж асуух хүн гарч магадгүй. Магадгүй ч биш, ер нь гарна. Өвөг дээдсээсээ өвлөж авсан мөн чанар буруу болохоор өнөөдөр бид ингэж амьдарч байгаа хэрэг огт биш. Харин олон үеийн зөв үзэл санаа, зөв дадал хэвшил, зөв мөн чанараа бид үл тоож унтуулсан учраас ийм болчхоод байгаа юм. Гэхдээ монгол хүн тэр бүх эрхэм чанараа унтуулсан болохоос ор тас гээчхээгүй. Бидний сэтгэл зүрхэнд, зөн совинд нэлээд бөх нойрсож байгаа. Өнөөдөр Монголоо муулаад шүүмжлээд байгаа хүмүүсийн дотор ч ялгаагүй. Учир нь хүн судлалын онолоор язгуур мөн чанар тийм амар арилж алга болдоггүй. Алга болдог юм гэхэд ганц хоёр зуун жил, хоёр гурван үе хангалтгүй. Хэрэв монгол хүнийг өөрчлөх бодлого олон үе шаттай, нарийн төлөвлөгөөтэй, бүх төрлийн арга замаар хэрэгжээгүй бол шүү дээ.

    Хүний хөгжлийн онолоор бол, алс хэтийн зорилготой ч байна уу, амьдрах орчиндоо захирагдсан ч байна уу, ямар ч шалтгаантай бай хамаагүй, тухайн үндэстний оюун санаанд олон үеэр хэвшсэн сэтгэхүйн хэв маяг дараа үеийнхнийхээ мөн чанар, уг төрх болж үлддэг нь л бодит зүйл юм.

    Хүний хөгжлийн онолоор бол, алс хэтийн зорилготой ч байна уу, амьдрах орчиндоо захирагдсан ч байна уу, ямар ч шалтгаантай бай хамаагүй, тухайн үндэстний оюун санаанд олон үеэр хэвшсэн сэтгэхүйн хэв маяг дараа үеийнхнийхээ мөн чанар, уг төрх болж үлддэг нь л бодит зүйл юм. Улс үндэстэн бүхэн өөрийн нийтлэг гэмээр чанартай байдаг нь үүнтэй холбоотой. Олон мянганаар амьдарч ирсэн ахуй оршихуй, түүх соёл нь үндэстэн бүхний сэтгэхүйд кодлогдсон болохоор тэр. Ухаандаа хятадууд ажилсаг, зан заншлаа дээдэлдэг, жаахан дотуур тамиртай, оросууд болохоор далайцтай, нийтэч, хээгүй, танхайдуу, англичууд цэмцгэр, нухацтай, нэр төрд дуртай, япончууд хариуцлагатай, хөдөлмөрч, ёс уламжлалаа сахидаг гэхчлэн нэг тийм тогтчихсон гэмээр дүр төрх, хандлагыг бид олж хардаг…

    -Бид тэднийг тэгж хардаг юм байж. Тэд харин биднийг яаж хардаг бол. Монгол хүн яг ямар юм бол. Монгол хүний уг төрх, хандлага юу юм бэ?
    -Шууд тийм ийм гээд хэлчхэж болно л доо. Гэхдээ хүний мөн чанар, энгийнээр зан араншин, хандлага яаж бий болж төлөвшдөг тухай ярихын тулд олон үеэр оршин амьдарч ирсэн нөхцөл байдал, ахуй оршихуй, түүнээсээ ургаж гарсан сэтгэхүй, түүхийн явц, уламжлал, зан заншил зэргийг судалгааны зөв арга барилаар, хүн судлалын үүднээс логиктой гаргаж тавихгүй бол уг санаа нь хэчнээн зөв байгаад ч бусдад ойлгуулж чадахгүй. Зөв ойлгуулахгүй бол хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй, та бид хоёрын яриа ч ач холбогдолгүй болно. Хүний ой тойнд үлдээхүйц санаж эргэцүүлэх юм өгөхгүй бол хэн өөрийгөө таньж, өөрийгөө хүндлэх вэ дээ.

    Зөвхөн ганц шинжийг ойлгуулахын тулд л нэлээд их зүйл ярих хэрэгтэй болно. Жишээ хэлье. Холыг харах чадвар бол монгол хүний нэг мөн чанар байжээ. Нүдний хараа сайтай гэсэн утгаар биш шүү. Амьдралын алс хэтийг ухаарахдаа, хожмын үр дагаварт дүн шинжилгээ хийхдээ сайн байсан гэсэн үг. Ингэж хэлээд л орхичихвол хэн ч итгэхгүй. Залуучууд “Ёстой мэдэх ч үгүй юм байна. Монголчууд холыг хардаг байсан бол өнөөдрийнх шиг ингэж амьдрах уу. Адаглаад том гэрээг ингэж хийх үү?” гээд л шаагилдаад унана. Өнөөдрийн нөхцөл байдлаар сэтгээд байна л даа. Тэгвэл ганц энэ чанарыг тайлбарлахын тулд их холоос эхлэх хэрэгтэй болно. 

    Монгол хүний хувьд, орон зайг эзэгнэгч байхаар төрсөн гэж би боддог. Орон зай гэдэг өөрөө асар том ухагдахуун.

    Монгол хүний хувьд, орон зайг эзэгнэгч байхаар төрсөн гэж би боддог. Орон зай гэдэг өөрөө асар том ухагдахуун. Сэтгэлийн орон зай, зөн билгийн орон зай, хувийн орон зай, харилцааны орон зай гэхчлэн олон орон зай байдаг. Бас бодит ертөнцийн хэмжээсийг ч орон зай гэж ойлгож болно. Тэгэхээр байгаль дэлхий бол орон зайн бас нэг төлөөлөгч. Суурин соёлд цаг хугацаа чухал бол нүүдэлчин соёлд орон зай чухал байжээ. Нүүдэлчин соёлын хүмүүс орон зайг чухалчилж ирсэн нь цаг хугацааг хүн төрөлхтний төлөө үргэлж сайн сайхнаар гүйлгэхийн тулд дэлхий ертөнц өөрөө эрүүл саруул байх ёстой гэж сэтгэж амьдарсных юм.

    Өнөөдөр амьдрал дээр ч тэр, зурагтын дэлгэцээр ч тэр, хүмүүс машин техникийг цаг хугацаанаас түрүүлэх шахуу шамдан хийж байна. Тэгээд тэр хүчтэй техникээрээ уулыг нурааж, усыг эргүүлж, газрын хөрсийг онги татаж байна шүү дээ. Байгаль дэлхий сүйрч үгүй болсон ч цаг хугацаа урссаар үлдэх биз. Гэвч байгаль дэлхийтэйгээ хамт үгүй болох хүн төрөлхтөнд цаг хугацаа урссаар байх уу, уудам тал халил хясаанд тулж гэнэт төгсөх шиг таг зогсоно уу, үнэндээ юуны ялгаа байх вэ дээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цаг хугацааны гадна орших юу ч байхгүй гэдгийг нүүдэлчин малч ард түмэн бас мэддэг байсан.

    Нүүдэлчин оршихуй өөрөө урт холын явдалтай. Хуучин цагт монголчууд намхан морио унаж дэлхийг хөндлөн гулд туучсан. Тэр зангарагаараа ямар ч орон зайнаас айж сүрдэхээсээ өнгөрсөн улс. Ухаандаа Төв Азийн өндөрлөгөөс хэдэн мянган бээрийн алсад мяралзан урсах Амударья мөрөн, Хорезм улс гэхэд эртний монголчуудын хувьд, “жижиг тугалын бэлчих газар” байсан юм. Гэтэл манай нийслэлээс тэр үеийн Хорезмын томоохон хот Ургенч хүртэл таван мянга гаруй км гээд бод. Хүнээ дагаад адуу мал нь ч тэвчээртэй. Дэлхийн ямар ч алс бөглүү хязгаар сайн морины гүйх газар байсан. Монголчууд морин дэл дээр холыг туулахаас гадна алсад сэрэмжлүүлэг мэдээ дамжуулах аргатай байсан нь орон зайг эзэгнэх ухааны л бас нэг илрэл байж. 100 км газар мэдээ дамжуулахад 10 гаруйхан минут шаардагддаг байсан гэвэл өнөөдөр итгэх хүн гарахгүй. Хүлэг мориноос өөр хурдан унаа байхгүй, нар, сар, галаас өөр гэрэл гаргах юмгүй эрт зуун шүү дээ. Өнөөдөр шиг холбоо барих утас шөрмөс байх биш. Яаж тэр хол газар мэдээ дамжуулдаг байсан юм бол гэж гайхах хүн гарна. Арга нь энгийн.

    Нутгийн хил хязгаараас эхлэн хараа бараагаа харах өндөрлөгүүд дээр хуурай мод, хатсан харгана, аргал хомоол овоолон бэлтгэж, асааж дохио өгөхөд дараагийнх нь асаах гэх мэтээр хоромхон зуур нутгийн гүнд мэдээ хүргэдэг байж. Өндөр уулын орой дээр харуулын цэргүүд байрлаад дайсан довтолсон нөхцөлд ээлж дараалан дохио өгсөөр эзэн хаанд мэдэгдэх ба хаан, жанждадаа цэргээ яаралтай засаж, дайсныг угтан цохих хугацаа өгдөг байж. Холыг туулах чадвар, мэдээ дамжуулах арга, нүүдэлчин оршихуйд дасан зохицсон зориг тэвчээр зэрэг олон чанар орон зайг эзэгнэх монгол хүний боломжийг бусдаас илүү болгосон.

    Нүүдэлчин малч улсын өглөө сэрээд хамгийн түрүүнд хардаг зүйл нь тооноор үзэгдэх хөх тэнгэр. Хөндий талаар хатируулж явахдаа хардаг юм нь хараа хүрэх алс, холын уулс. 

    Нүүдэлчин малч улсын өглөө сэрээд хамгийн түрүүнд хардаг зүйл нь тооноор үзэгдэх хөх тэнгэр. Хөндий талаар хатируулж явахдаа хардаг юм нь хараа хүрэх алс, холын уулс. Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд ихэнхдээ нартай цэлмэг байдаг нь хүний сэтгэлийг тэнүүн болгодог. Хүний сэтгэхүйд нөлөөлөх газар нутгийн нөлөөлөл. Гэрэл гэгээ ихтэй газрын хүний сэтгэхүй өөр, бүүдгэр сүүмгэр газрын хүний сэтгэхүй өөр. Гэрэл гэгээ ихтэй, уудам нутгийн хүмүүсийн сэтгэл уужим байдаг. Дээр нь байнга алсыг харж явах тул нүдний хараа сайн. Тэнүүн сэтгэлээр аливааг ухаж бодох тул ирэх цагийг төсөөлөх нь газрын холыг хараалах шиг баримжаатай байжээ. Байгаль дэлхийн ааш араншинг танихдаа ч тэр, амьдралын алс хэтийг бодохдоо ч тэр. Тийм байж чадахгүй бол нүүдэлчин амьдралын хэв маягт зохицон амьдрахад хэцүү байсан. Байгаль нь хүнийг тийм чанарт сургана, тийм чанарт суралцсан хүн эргээд байгальдаа зохицон амьдарч чадна. Ийм л харилцан шүтэлцээтэй оршихуй байж.

    Холыг бодож сурахад өөр зүйл ч бас нөлөөлсөн. Тэр нь хууччуулын үг, аман зохиол, хайранд суурилсан сэтгэхүй. Цөөн айл талын энгэрээр тарж сийрэг суух тул олон хүний ярианд автах нь бага, тиймээс ойр байх гэрийн ахмадын үгийг л сонсоно. Өөрөө үнэн зөв явахын баталгаа болж амьдарсан хүндтэй хүнийхээ сургаал үгийг хэзээ ч мартахгүй. Үнэн зөв ухааныг хэзээ ч мартахгүй явна гэдэг холыг харах бас л нэг том өгөгдөл. Хашир туршлагатай, ухаантай хүний үгийг дагаж зөв амьдрах зүг чигээ олно. Байгалиар заалгаснаа тунгаахын хамт ахмадын үгийг уужим сэтгэлээр ухаж бодох тул холыг харах өгөгдөл улам нэмэгдэнэ. Монгол хүн ийм л байж. Энэ чанарыг холоос эрэлтгүй. Өвөө эмээ, нутгийг хөгшчүүлээ бодоод үзэхэд л харагддаг шүү дээ.

    -Өнөөдөр  монгол хүн тийм байсан гэхэд итгэх арга алга болж байна шүү дээ.  Өнөөгийн зарим хүмүүсийг хараад гайхах хүн гарна. Гарна ч гэж бие биеэ хараад танихгүй  гайхсан улс зөндөө байна шүү дээ, цаана чинь…
    -Бүгд ойрын хараатай болчхоогүй ч тийм чанар бүх хүнээс холдож алга болоогүй. Үлдэх нь үлдсэн, унтах нь унтсан. Тийм чанараа сэрэхээргүй бөх унтуулж орхисон нь өөрийгөө хэн бэ гэдгийг таниагүйтэй, өнгөрснөө тоодоггүйтэй, бас харийн соёлд ууссантай холбоотой. Бидний хэн нэгнээс тийм чанар харагдахгүй байгаа нь байгальд ойр, нүүдэлчин малч хөгшид тийм байгаагүй гэсэн үг биш шүү дээ. Ердөө л тэднийхээ олон үеэр бий болгож өгсөн шинж төрхийг бид өөрсдөө унтуулж орхисных юм. Тэгэхээр монгол хүн холыг харах цээжний ухаантай байсныг ойлгуулахын тулд ийм хэдэн зүйлийг оршил болгон ярих хэрэгтэй болно. Дахиад ч задарна.

    Түүхэнд манай хууччуулын холч харааны жишээ тун их. Их хаад, ухаант мэргэдээс авахуулаад цаг үеэ зөв шинжиж, ирээдүйгээ далайцтай харж төлөвлөж байсан учраас л өнөөдрийн монголчууд газар нутагтайгаа, соёл сэтгэхүйтэйгээ үлдсэн хэрэг. 

    Түүхэнд манай хууччуулын холч харааны жишээ тун их. Их хаад, ухаант мэргэдээс авахуулаад цаг үеэ зөв шинжиж, ирээдүйгээ далайцтай харж төлөвлөж байсан учраас л өнөөдрийн монголчууд газар нутагтайгаа, соёл сэтгэхүйтэйгээ үлдсэн хэрэг. Хэрэв монгол хүн холын хараагүй байсан бол та бид хоёр ингээд энэ талаар яриад сууж байхгүй. Өндөр гэгээн Занабазар мандах төрийг биш, мөхөх төрийг дагасан нь чухам тийм л холч харааны илрэл байсан. Хальт сонсоход ойлгомжгүй санагдана. Мандах төрийг дагавал сайхан баймаар юм. Гэтэл холыг харах цээжний ухаанаар мөхөх төрийг дагавал, мөхөх тавилантай улсын дунд бид хожим бие даагаад үлдчихнэ гэдгээ тооцоолж. Харин мандах төрийг дагасан бол мандсан төрийн эрхшээлд үлдэнэ гэдгийг л харсан хэрэг шүү дээ. Ер нь бид бүгд ийм л сэтгэхүйг төрүүлсэн нүүдэлчин соёлын бүтээл.

    -Зөвхөн ганц шинж бий болохын тулд байгалийн, нийгмийн, түүхийн олон хүчин зүйлс нөлөөлсөн байх нь ээ…
    -Тэгэлгүй яах вэ. Ингээд бас зогсохгүй. Сэтгэлгээний өөр хэв шинж ч бас нөлөөлсөн. Үйлийн үрийг манайхан шашин номын ойлголт гэж боддог. Үнэндээ тийм итгэл үнэмшил шашны том урсгалууд үүсэхээс өмнө бидэнд байсан. Байгалиа хайрлах ухаанаас эхтэй, үндэсний уламжлалтай эртний сурвалжит ойлголт л доо. Амь амьжиргааны эх үүсвэр болсон адуу малаа өсгөж адгуулахын тулд байгальтай зөв харьцах ёстойг их эрт ухаарсан учраас хожмын үр дагаврыг сэтгэж сурсан. Байгалийг ойлгож чадвал бүхнийг ойлгож чадна. Байгаль дэлхий тэр аяараа монгол хүний багш байжээ. Монголоор үйлийн үр гэдэг үгийг самгард хэлээр карма, төвөд хэлээр лай ланчиг гэдэг. Гэхдээ тэд биднээс авсан гэж хэлэх гээгүй шүү. Үнэн ганц учраас түүнд очиж нийлэх цэг нь таарсан хэрэг.

    Өнөөдөр хийсэн үйл маргаашийн хувь заяаг тодорхойлно гэдгийг эртнээс ойлгосон үндэстэн муу юм хийхгүй байхыг үр хойчтоо ойлгуулж, холыг харж алсыг ухаарч амьдрахыг өөрөөрөө үлгэрлэдэг байж. Өөрөөрөө үлгэрлэх нь үглэж дуулснаас зуу дахин үр дүнтэй. Залуус ахмадаа харж хүмүүжнэ. Өглөө босоод л байгаль дэлхийгээ шинжиж, гэр хороогоо засаж, мал сүргээ адгуулж, хол ойрыг туулж, айраг цагаа боловсруулж, сур элдэж, үйл урлаж, олон үйл зэрэг зэрэг өрнөх байгаллаг нүүдэлчин оршихуйд эцэс төгсгөлгүй удаан ярьж, үглэж дуулж суух цаг зав ч байгаагүй юм.  

    -Монгол хүний холын хараа өнөөдөр хааччихав гэж асуух хүн надаас эхлээд байна л даа. Тэгэхээр үүнийгээ бид яаж сэрээх вэ?
    -Эхний ээлжид монгол хүн өөрт анхнаасаа байсан эрхэм чанаруудыг олж харах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр хэр их өөрчлөгдсөнөө ойлгох. Өмнө хэлснээ дахин хэлэхэд, бид өөрчлөгдсөн гэхээсээ илүү эрхэм сайн чанаруудаа сэтгэл зүрхнийхээ гүнд унтуулж орхисон юм. Ганц би ч хэлээд байгаа юм биш, аливаа үндэстний төрөлх чанар үгүй болоход маш урт удаан хугацаа, бие организмын болоод оюун санааны эрлийзжилийн олон үе, харь соёлын хүчтэй довтолгоо хэрэгтэй гэдгийг дэлхийн тэргүүлэх судлаачид хэлж сануулаад байна шүү дээ.

    Амьдралд алхам хэрэгтэй шүү дээ. Ойлгож ухаарвал итгэл үнэмшил төрнө. Итгэл үнэмшлээс найдвар, боломж төрнө. Итгэл найдвар, эр зоригтой хүнд аз тохиодгийг монголчууд түүхээрээ харуулсан. 

    Бидний аз болоход, хэд хэдэн нийгмийн нүүр үзсэн ч төрөлх зөн совин бүрэн гүйцэд алга болоход цаг хугацааны хувьд хангалтгүй, ихэнх монголчуудын үндэсний үзлийн голомт унтраагүй, дээр нь монголчуудын бие организмын эрлийзжилийн хувь бага, оюун санааны буюу соёлын эрлийзжил эхлэлийн шатандаа байгаа учраас санаж сэрэх боломж өндөр байгаа юм. Тэгэхээр ойлгож ухаарах нь эхний том алхам. Амьдралд алхам хэрэгтэй шүү дээ. Ойлгож ухаарвал итгэл үнэмшил төрнө. Итгэл үнэмшлээс найдвар, боломж төрнө. Итгэл найдвар, эр зоригтой хүнд аз тохиодгийг монголчууд түүхээрээ харуулсан. Дараа нь зөв үзэл санааныхаа баталгаа болж амьдарсан хууччуул шигээ ёс зүйтэй явахын баталгаа нь болж амьдрахыг хичээх хэрэгтэй. Хичээх, хүсэх гэдэг нь өөрөө амжилтын тал нь юм. Том үйл хэрэг бодит байдалд биелэхийн өмнө сэтгэл санаанд биелдэг шүү дээ. Шашин номынхон “Гэгээрэхийг хүсэх нь өөрөө гэгээрэл юм” ч гэж хэлдэг. Тэгэхээр үнэн зөв бодлынхоо баталгаа нь болж амьдрах хэрэгтэй. Тэвчээртэй бай гэж хэлэх амархан. Тэвчээртэй байхын баталгаа нь болж амьдрах хэцүү. Бусдыг бүү гомдоо гэх амархан. Бусдыг гомдоохгүй явахын баталгаа нь болж амьдрах амаргүй.           

    -Монгол хүн холыг харж, нэг ёсондоо зөв бодож төлөвлөх чадвартай байсныг ойлголоо. Монгол хүний өөр ямар шинж төрхүүдийг хэлж болохоор байна?
    -Энд ахиад л өнөөх дэлгэрэнгүй хэлж ярихгүй бол ойлгомжгүй болох асуудал үүснэ. Тиймээс ганц хоёр санааг хэлэх төдийгөөр хязгаарлая. Ямар ч үндэстний шинж төрх газар нутгийн онцлог, амьдралын хэв маяг, түүхэн үйл явцтай холбогддог. Ээрэм тал, уул нуруу, хангай говь, гол мөрөн, булаг шанд эрээлжилсэн өргөн уудам нутаг, эрс тэс уур амьсгал, нүүдэлчин амьдралын хэв маяг монгол хүнийг өгөөмөр, тэвчээртэй болгосон юм. Байгалиа дагаж, өөрсдийн оршихуйд зөнгөөрөө түшиглэж, ямар нэг албадлагагүйгээр бий болсон учраас өрх гэр, төрөл садан, хот айл, хөрш саахалтаар амьдарч ирсэн амьдралын хэв маяг нь монгол хүнийг ах дүүсэг, хамаатан садансаг болгосон. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн хэлц ардын дунд яригддаг.

    Ойр дотнынхны хүрээнд тохиолдох санаанд оромгүй үйл явдлууд тэднийг аливаа зүйлийн ая эвийг олж, алтан дунджыг барьж шийдэх голч зантай болгосон. Ойр төрлийн хүмүүсийн дунд үл ойлголцол гарч, сайдаж муудах аваас голчийг барихаас өөрөөр яаж эвлэрүүлж, хэн хэнийг нь гомдоохгүй байж чадах билээ. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг үг амьдралаас урган гарчээ. Байгалийн олон янз хувирал дунд үр хүүхдээ өсгөх, мал сүргээ адгуулах, ашиг шимийг нь хүртэх, нүүдэл суудал хийх гэхчлэн амьдралд тохиолдох бүхий л үйл явц зэрэг зэрэг өрнөх өвөрмөц орчин монгол хүнийг хурдтай, бие даасан, боломжит зөв шийдлийг олох чадвартай болгосон. Хаад нь хаад шиг, ноёд нь ноёд шиг бие дааж шийдвэр гаргадаг, эрт дундад зуунд дэлхийн эзэнт гүрнийг байгуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь эрхшээх эрхийг мөнх тэнгэрээс хүртэж явсан учраас түүх нь тэднийг итгэлтэй, омог бардам болгосон гэх зэргээр их зүйл ярьж болно.

    Энэ бүх ярианаас монгол хүнийг дэндүү төгс харагдуулах санаа цухалзаж байж магадгүй. Сайн сайхан чанар ямар ч үндэстний хүнд бий.

    Энэ бүх ярианаас монгол хүнийг дэндүү төгс харагдуулах санаа цухалзаж байж магадгүй. Сайн сайхан чанар ямар ч үндэстний хүнд бий. Давхцах зүйл ч бий, давхцахгүй зүйл ч бий. Бусдад байдаг сайн сайхан чанар бидэнд ч бас байсан л гэсэн үг. Бас бусдад үл хүрэх, дутуу чанар ч бидэнд бий. Гэхдээ сэтгэхүйгээрээ эртний нүүдэлчин малч үндэстэнтэй толгой дараалан давхцах тийм үндэстэн хаа ч байхгүй гэдгийг л би баттай хэлж чадна. Харин хэн нэг нь энэ бүхнийг үгүйсгэе гэвэл миний мэдэхгүй олон баримтыг гаргаж ирэх хэрэгтэй болно.

    Нүүдэлчдийн хувьд, мал аж ахуй бие даасан шинжтэй бөгөөд эдийн засгийн өрсөлдөөн гэсэн ойлголт байгаллаг оршихуйд байгаагүй учраас монголчуудын хувьд эв нэгдэл үнэ цэнэтэй, харин өрсөлдөөн үнэ цэнэ багатай байжээ. Түүхийн урт удаан хугацаанд нутаг усыг нь түйвээх, тайван амьдралд нь халдах харийн хүмүүс, сүүлтэй сүүлгүй чоно цөөнгүй байсан учраас ах дүүсээ болон амьдарч буй газар нутгаа хайрлаж хамгаалах зөн совин монгол хүнийг зоригтой байхаас аргагүй болгосон юм. Бас зэрэгцээд нутгархаг үзэл, өөрийгөө болон өөрийнхөө хүмүүсийг бусдаас дээгүүр тавих үзэлтэй болгосон. Ийм зан өнөөгийн улс төрийнхөнд их илэрдэг. Ялгаагүй нүүдэлчин сэтгэхүйн угшилтай монгол хүмүүс шүү дээ. Тэд оюун ухаантнуудыг, улс төрийн бодлоготнуудыг улс орныхоо хэмжээгээр харж сонгодог байсан бол бид арай өөрөөр хөгжих байсан. Гэтэл тэд зөвхөн өөрийн хүмүүсийн дундаас буюу нам дотроосоо шилмэл оюун ухааныг хайдаг. Үл мэдэх хүмүүсийг тэд гадуурхдаг.

    Уудам орон зай, байгалийн хүнд нөхцөл, туулахын эцэсгүй хол зам, санамсаргүй өөрчлөлт, гэнэтийн тохиол учрал бүхэн монгол хүнд өөрөө л сурч мэдэхгүй бол амьдрахын аргагүй тийм нөхцөлийг үүсгэсэн юм. Мэдэхгүй чадахгүй зүйлээ очоод асуучих суурин иргэншлийнх шиг “юм мэддэг” олон хүн, суугаад үзчих номын сан ч бидэнд байгаагүй. Байдаг юм гэхэд хариултыг нь өгөх ном ч бас үгүй байв. Өнөөдөр хийж барахгүй бол маргааш оройтно гэдгийг зөн совин нь сануулж, цагийн юмыг цагт нь хийж сурах зан монгол хүнд суужээ. Дэргэд байх хөгшдөөсөө өөр асуух мэргэдгүй, өөрөөсөө өөр найдах хүнгүй амьдралын орчин “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг ухаарлыг монголчуудад өгсөн юм. Тэр нь ч зөв байсан. Авралыг алсаас биш, дэргэдээсээ хайсан нь оносон. Үнэндээ дэргэд байх хөгшид ганц хэрэгтэй ном нь байжээ. Тэднийхээ ачаар монгол хүн өөрөө сэтгэж, өөрөө бие даан хийж сурсан. Хар авдарт эрдэнэ байж, хазгар хөгшинд эрдэм байж. Ингээд яриад байвал маш ихийг ярьж болно, даанч танай сонины хэмжээнээс халиад явчих биз.

    Монгол хүний шинж төрх, нүүдэлчин сэтгэхүйн талаар “Монгол заяатан” ном маань удахгүй гарна. Тэр номондоо энэ талаар би дэлгэрэнгүй бичсэн. Тэр номонд судалгаа ч бий, шинжлэх ухаан ч бий, логик гаргалгаа ч бий, түүх оршихуйн задаргаа ч бий, бас уран зохиол, домог яриа, болсон явдал, түүх, шог яриа ч бий. Гэвч энэ ярилцлага маань номын танилцуулга биш учраас олон зүйл яримааргүй байна. Гол нь хүмүүс энэ номыг уншиж, санаа сэдэл авч чадвал ойлгож ухаарч, сэтгэлээ сэрээж, бусдадаа мэдүүлэх боломжтой болно. Заавал номын нэрийг дурдах албагүй л дээ. Энэ бүтээлээс санаа сэдэл авч, монгол хүн өөрийгөө танивал болоо.   

    -Сүүлийн асуулт. Өөрийгөө танихыг жаахан тодруулбал…   
    -Өөрийгөө таних нь толинд хараад өөрийгөө таних, зургаас өөрийгөө олж харахтай зарим талаар адил боловч удам дамжсан ойлголт “арай” өөр. Өөрийгөө таниагүй, өөртөө итгэдэггүй хүн ер бусын зүйл өдөрт хэдэн сая дүнчүүрээрээ тохиож байдаг салхи шуурга шиг орчлонд яаж амьдрах вэ дээ. Тиймээс юуг чадах вэ, юуг чадахгүй вэ, сэтгэлийн бяр тэнхээ хэдий хэрийн ачаа даах вэ, уран сэтгэмж хаа хүртэл үргэлжлэх вэ, удмын мэдээлэлд байгаа давуу талаа яаж ашиглах вэ гэдгээ зөн совингоороо мэдрээд ирэхээр хүнд итгэл төрж, тэр хэрээр боломж бий болдог нь батлагдсан зүйл. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга гэдэг шүү дээ. Тиймээс өөрийгөө таних гэж хичээх нь хүний өөрийнхөө төлөө хийж чадах эхний зүйл юм. Хүн өөрийнхөө төлөө чадах зүйлээ хийвэл, хувь заяа түүний төлөө чадах зүйлээ хийнэ.

    Юу ч үгүй хоосон үед апдейт хийх боломжгүй. Юундаа ч хийх вэ дээ. Түүн шиг, төрөлх чанараа таньсан хүн л өөртөө апдэйт хийх материалтай болно. 

    Орчин үеийн компьютерт апдейт хийх гэж нэг юм байдаг. Хуучин программаа санахын хамт сайжруулж шинэчлэхийг тэгж хэлдэг. Юу ч үгүй хоосон үед апдейт хийх боломжгүй. Юундаа ч хийх вэ дээ. Түүн шиг, төрөлх чанараа таньсан хүн л өөртөө апдэйт хийх материалтай болно. Өмнөх үеийнхнээсээ буян заяа өвлөж авахын тулд төрөлх чанараа таньж, түүнийгээ сэрээх хэрэгтэй гэж би боддог. Тэднийхээ оршихуй, сэтгэхүй ямар байсныг мэдэж, өөрийгөө дахин програмчилж, апдейт хийх нь хүний эхний эхний ээлжид олж авах суу мэдлэг гэхэд бараг хилсдэхгүй. Тэнгэрээс мөнгө унахгүй, өдөр бүхэн азын сугалаа хожихгүй, жинхэнэ хайр алхам тутамд таарахгүй болохоор өөрийгөө таньж, өөрийгөө хүчтэй болгохоос өөр амьдралыг туулах ухааныг дэлхийн хүмүүс нээгээгүй байна. Хуучны ёс уламжлалаа сахиж ирсэн япончууд өнөөдөр ямар хүчтэй байгааг бүгд харж байгаа. Бид ч хүчтэй байсан. Гэхдээ бид язгууртан байх үедээ хүчтэй байсан юм. Энэ нь ямар нэг язгуур угсаатай гэхээсээ илүү язгуур сэтгэлгээтэй байх үедээ хүчтэй байсан гэсэн үг. Язгуур сэтгэлгээтэй хүнийг ‘язгууртан’ гэдэг. 

    Эх сурвалж: Зууны мэдээ сонин

  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТББ-ИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨГӨӨ

    АГУУЛГА

    1. ТАНИЛЦУУЛГА

    2. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

    3. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

    4. ГИШҮҮД

    5. ХИЙСЭН АЖЛУУД

    6. САЙН ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР

    7. ШИЛДЭГ БАГШ ХӨТӨЛБӨР

    8. НОМ ГАРЫН АВЛАГА

    9. ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ

    10. ХАМТРАГЧИД

    11. ТАЛАРХАЛ

    12. ХОЛБОО БАРИХ

    СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТББ by CREATIVE MONGOLIA

    АЛСЫН ХАРАА

    Нийслэл орон нутгийн багш нарыг нэгтгэж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, СӨБ-ын бодлого чиглэлийг хамтран тодорхойлохуйц байгууллага болно.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Бид өвөг дээдсийнхээ “Хүнээр хүн хийх” ухааныг өвлөж, сургуулийн өмнөх насны хүүхдийг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ирээдүйд өөрийнхөө болон эх орныхоо эзэн нь байх ЗӨВ МОНГОЛ хүний суурийг тавина.

    БИДНИЙ УРИА

    Нэг зорилго – Нэгдмэл санаа

    Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд нэгдмэл санаатай байж, харилцан биесээ ойлгон дэмжиж, хамтран ажиллах нь хүүхдийн төлөвшилд онцгой ач холбогдолтой.

    1.ТАНИЛЦУУЛГА

    Манай байгууллага нь сургуулийн өмнөх боловсролыг хүний амьдралын суурь хандлага бүрэлдэн тогтох хамгийн чухал боловсрол мөн гэдгийг олон нийтэд таниулж, СӨБ-ын байгууллагын тулгын гурван чулуу болох хүүхэд, багш, эцэг эхчүүдрүү чиглэсэн цогц сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэн, шинэчлэлийн давлагааг эрчимжүүлэх зорилгоор 2014 онд үүсгэн байгуулагдсан.

    Монгол улс БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО-доо “Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх чадвар бүхий боловсролтой “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулан, судалгаа инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулан хөгжүүлэхэд оршино” хэмээн тусгасан байдаг.

    Түүнчлэн боловсролын чанарын шинэчлэлийн үзэл санаа нь “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” буюу хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем, эцэг эхчүүд, боловсролын байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна.

    Бид мэдлэг чадвартай ганц хүнийг бус багийн ажиллагааг эрхэмлэдэг, боловсрол мэдлэгээс илүү хүний зан чанар, харилцаа хандлагаар нь үнэлдэг мэдээлэл технологийн хурдтай /үсрэнгүй/ хөгжил бүхий цоо шинэ нийгэмд амьдарч байгаа билээ. Энэ нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрийнхөө болон эх орныхоо эзэн нь байж чадах үнэт зүйлтэй, үнэ цэнэтэй иргэдийг бэлтгэх суурь нь гагцхүү хүүхэд насанд тавигддаг. Хүний төлөвшлийн 70-90% нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог гэж оросын алдарт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко, В.А.Сухомлинский нар үзэж байсан нь орчин үеийн эрдэмтдийн судалсан тархины хөгжлийн онолтой дүйцэж байгаа билээ. Учир нь хүний тархины хөгжлийн үйл явцын хамгийн чухал үе нь эхний таван жил бөгөөд тархины “барилгажилт” бүрэн явагдаж дуусдгийг эрдэмтэд баталсан.

    Сургуулийн өмнөх нас буюу хүний амьдралын эхний 5-6 жил маш хурдан өнгөрдөг боловч энэ богино хугацаанд хүний сэтгэцэд асар их дэвшилттэй өөрчлөлт явагддаг. Хүүхэд хамгийн арчаагүй амьд амьтнаас ухамсарт бие хүнд хувилж, байгаль, нийгэм ба өөрийн сэтгэцийн хөгжлийн зүй тогтлыг ойлгож, хүрээлэн буй бодит байдлыг идэвхтэй өөрчлөн шинэчлэгч хүч болон төлөвшдөг. Тиймд бид сургуулийн өмнөх нас бол хүний амьдралын суурь хандлага бүрэлдэн тогтдог хамгийн хариуцлагатай, чухал үе гэдгийг олон түмэнд таниулж, тэр насанд нь анхаарал хандуулан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, нэгдмэл санаагаар “Зөв монгол” хүүхдийн суурийг тавихад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

    Бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон “Сайн хүүхэд” хөтөлбөрийн ач холбогдлыг үнэлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сурвалжлан, 2014-2015 оны хичээлийн жилд дараах нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Үүнд: “Соён гэгээрүүлэгч” телевизийн “Соён гэгээрүүлэгч” таван цуврал лекц, “Бага хуралдай” нэвтрүүлэг, 25-р суваг телевизийн “Номын гэгээ” нэвтрүүлэг, Монгол телевизийн “Өнөө өглөө” нэвтрүүлэг, MNC телевизийн өдрийн хэмнэл хөтөлбөр, NTV телевизийн “Coffee break” нэвтрүүлэг, Үндэстэн телевизийн “Индиго хүүхдүүд” нэвтрүүлэг, PP channel телевизээр “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан” лекц, Сүхбаатар аймгийн SB телевизээр “Хүүхэд эцэг эхийн тусгал” лекц.

    2.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

    1. Судалгаа

    А. Бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, зан байдлыг илрүүлэх, гарын жижиг булчингийн хөгжлийг тодорхойлох гэх мэт.

    Б. Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил хандлагыг илрүүлэх

    В. Цэцэрлэгийн багш нарт тулгамдсан асуудлыг илрүүлэх

    2. Лекц, сургалт

    А. Хүүхдийн хөгжил төлөвшилд чиглэсэн

    Б. Эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барил олгосон

    В. Багшийн хөгжил, эерэг харилцаа, хандлага, сэтгэлгээрүү чиглэсэн.

    3. Ном гарын авлага

    А. Хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн

    Б. Эцэг эхийн боловсролд чиглэсэн

    В.Багшийн хөгжилд чиглэсэн

    4. Төсөл, хөтөлбөр

    А. Хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшилрүү хандсан

    Б. Цэцэрлэгийн багшийн үнэ цэнэ, нийгмийн үнэлэмж, ур чадварт чиглэсэн

    В. Эцэг эхийн боловсролыг дэмжсэн.

    5. Төрийн бодлого боловсруулагч нарт санал хүсэлт дэвшүүлэх

    Үйл ажиллагааны үр дүнд үндэслэн гаргасан шийдвэрээ зохих төрийн албаны хүмүүст өргөн барьж төрийн бодлого үйл ажиллагаанд тусгуулахаар санал хүсэлт дэвшүүлнэ.

    3.УДИРДАХ ЗӨВЛӨЛ

    Хар үхэрт Жамсранжавын ХОРЛОО

    “СӨБШ” ТББ- ийн тэргүүн. СӨБ- ын салбарт 8 дахь жилдээ ажиллаж байна. “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага” сэдвээр магистр зэрэг хамгаалсан.

    “Шинэ үеийн хүүхдүүдийн зан байдал, хандлагыг илрүүлэх”, “Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг илрүүлэх”, “Ахмад багш нарт тулгамдсан асуудлыг илрүүлэх” зэрэг судалгааг цэцэрлэгийн багш, арга зүйчидтэй хамтран хийдэг.

    Бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохоос гадна математикийн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Цэгээр наадъя” дасгалын дэвтэр, “Сайн мууг ялгая”- хүүхдийг зөв хүн болгоход туслах 60 дадал цуврал ном, “Сайн хүүхэд” сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

    Халтар Ганбаатарын УУГАНЖАРГАЛ

    Сүхбаатар дүүргийн 42- р цэцэрлэгт арга зүйч, “СӨБШ” ТББ- ын гүйцэтгэх захирал. СӨББ- д 6 дах жилдээ ажиллаж байна.

    2010 онд Чингэлтэй дүүргийн 102- р цэцэрлэгийн “Байгууллагын бүтээлч багш”- аар шалгарч байсан.

    2011 онд МУБИС- СӨБС- ийг “Бага насны хүүхдийн математикийн энгийн төсөөллийг сургах тоглоомын явцад хөгжүүлэх нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

    Олгонууд Санжаадоржийн ДАШМАА

    Чингэлтэй дүүргийн 39- р цэцэрлэгт 36 жил багшилж байгаад 2010 оноос одоог хүртэл арга зүйчээр ажиллаж байна. БНХА- ны Алхам алхмаар хөтөлбөр, МХТ- ийн Зан төлөвшлийн хөтөлбөр, СӨБШ- ийн Сайн хүүхэд хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

    “Зугаатай зургийн ном”, “Зугаатай зураасан зураг”, “Зугаатай тооны ном”, “Зугаатай буддаг ном”, “Зугаатай аялал”, “Зугаатай цагаан толгой” зэрэг ном гарын авлагыг эмхтгэн боловсруулсан.

    2000, 2002, 2005, 2006, 2008 оны Дүүргийн тэргүүний багш, Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Ахмад багш нарын холбооны дээд шагнал Алтан өлзий одон, Ард түмний гавьяат цол тэмдэгтэй.

    Боржигон Намжилын СЭРЖМЯДАГ

    УБТЗ-н ХБХ-н харъяа 178-р цэцэрлэгийн эрхлэгч. СӨББ- д 24 дэх жилдээ ажиллаж байна. УБТЗ-ын ХБХ-ийн багш нарын дунд зохион байгуулагддаг “Ур чадвар” тэмцээнд 1997 онд хэл ярианы хичээлээр амжилттай сайн оролцож, 2001 онд биеийн тамирын хичээлээр IV байр, 2005 онд хөгжмийн хичээл дунд бүлэгт зохион байгуулж III байр, 2009 онд биеийн тамирын хичээлээр ахлах бүлэгт зааж II байр, 2011 онд дүрслэх урлагийн хичээл зааж II байр тус тус эзэлж өөрийн мэргэжлийн ур чадвартаа ахиц гарган ажиллаж байсан. Бага насны хүүхдийн хөгжилд зориулсан гарын авлага 6, зөвлөмж 5, сонсгол 1, илтгэл 3, үзүүлэн таниулах материал 2343 ширхэгийг хийж байсан.

    Багшийн алдар, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.

    Олхонууд Хубаагийн ЦЭЦЭГСҮРЭН

    Сүхбаатар дүүргийн II цэцэрлэгийн эрхлэгч. СӨББ-д 24 дэх жилдээ ажиллаж байна.

    “Сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалсан нь” сэдвээр магистр хамгаалсан. 2009 онд Удирдлагын академийг “Гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлт хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь” сэдвээр дипломын ажил бичиж, “Боловсролын удирдлагын арга зүй, зохион байгуулалт, менежер” цолтойгоор төгссөн.

    “Хөгжилтэй дүрсүүд”, “Хүүхдийг ардын аман зохиолоор сурган хүмүүжүүлэх нь”, “Бага насны хүүхдэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” зэрэг гарын авлага бэлтгэн гаргасан.

    Багшийн алдар, Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.

    4.ГИШҮҮД

    Манай байгууллага цаашид хамтран ажилладаг багш нараа Онцлох, Хүндэт, Дэмжигч гишүүний үнэмлэхтэй болгон албан ёсны хамтын ажиллагааг өрнүүлж, илүү өргөн хүрээнд, далайцтай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

    Хүндэт гишүүд:

    З.Ууганбаяр (Увс аймгийн 2-р цэцэрлэгийн эрхлэгч)

    Л.Алтанзул (Орхон аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгч)

    Г.Энх-Оюун (Сүхбаатар аймгийн 9-р цэцэрлэгийн эрхлэгч)

    Н.Нарангэрэл (Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн эрхлэгч)

    Б.Оюунгэрэл (Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэгийн эрхлэгч)

    Дэмжигч гишүүд:

    Д.Ариунзаяа (Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэгийн багш)

    Б.Буджав (Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэгийн багш)

    Ц.Оюунчимэг (Баянгол дүүргийн 120-р цэцэрлэгийн багш)

    Э.Золзаяа (Баянгол дүүргийн 120-р цэцэрлэгийн багш)

    Д.Ганцэцэг (Баянгол дүүргийн 114-р цэцэрлэгийн багш)

    С.Отгонцэцэг (Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн багш)

    Г.Цэрэнсүрэн (Баянзүрх дүүргийн 191-р цэцэрлэгийн багш)

    П.Ууганцэцэг (Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн багш)

    М.Өсөхбаяр (Сонгинохайрхан дүүргийн 104-р цэцэрлэгийн багш)

    Д.Даваасүрэн (УБТЗ-ын ХБХ-ийн харъяа 178-р цэцэрлэгийн багш)

    Х.Наранжаргал (УБТЗ-ын ХБХ-ийн харъяа 179-р цэцэрлэгийн багш)

    Э.Шинэсоёл (Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багш)

    Б.Оюунчимэг (Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багш)

    5. ХИЙСЭН АЖЛУУД

    2015/5-р сар Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран “Хүүхэд-Эцэг эхийн тусгал” сургалт

    2015/4-р сар “Хүүхэд-Эцэг эхийн тусгал” сургалтын аян зохион байгуулж нийслэл хотын хэмжээнд 6 дүүргийн 12 цэцэрлэгийг хамруулсан.

    2015/3-р сар Орхон аймгийн V цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанзулын санаачилгаар “Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

    2015/3-р сар Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэгийн арга зүйч С.Дашмаагийн санаачилгаар тус цэцэрлэгийн багш нартай хамтран “Сайн уу муу юу аль нь вэ?” жүжигчилсэн тоглолтыг хийж нийт хүүхдүүдэд толилуулсан

    2015/2-р сар Сүхбаатар аймгийн II багийн зохион байгуулагч Д.Бадамын санаачилгаар тус багийн VIII цэцэрлэгийн эцэг эхчүүдэд “Хүүхэд-эцэг эхийн тусгал” сургалтыг зохион байгуулсан.

    2015/2-р сар Сүхбаатар аймгийн IX цэцэрлэгийн эрхлэгч Г.Энх-Оюуны санаачилгаар тус цэцэрлэгийн багш хамт олонд “Харилцааны чадвар” сургалт зохион байгуулсан.

    2015/1-р сар “Хаад пикчерс” анимэшн студитэй хамтран “ЗӨВ ХҮҮХЭД” хүүхэлдэйнкиноны төслийн ажлыг эхлүүлсэн.

    2014 онд “Сайн мууг ялгая” буюу хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал ном

    2013 онд “Цэгээр наадъя” дасгал ажлын дэвтэр

    2012 онд “Ахмад багш нарт тулгамдсан асуудлыг илрүүлэх” судалгаа

    2011 онд “Өнгөт хүүхдүүд” аянг зохион байгуулж, Монгол хүүхдийг анх удаа аура гэрлэн биеэр нь оношилж судалсан.

    2010 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Гүррагчаатай хамтарч тус дүүргийн харъяа 12 дунд сургуулийн 300 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан” сургалтын аянг зохион байгуулсан.

    6.САЙН ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР

    Бид 2014 оноос шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх “САЙН ХҮҮХЭД” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

    А. Хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажил

    I.“Зөв дадлын мод”-өөрийн үнэлгээний хамтын бүтээл

    II.“Сайн мууг ялгая”-зан байдал, харилцааны сургалт хөгжүүлэх ажил

    III.“Цэгээр наадъя”-бүтээлч сэтгэлгээний хөгжүүлэх ажил

    Б. Багшид чиглэсэн үзүүлэх ажил, зөвлөгөө, сургалт

    I.“Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэдтэй харилцах арга зүйн үзүүлэх ажил

    II.“Хүүхдийн зан чанар, дадал хэвшилд гарч буй ахисан түвшинг үнэлэх, эцэг эхчүүдэд тайлагнах арга зүйн зөвлөгөө.

    III.“Харилцааны чадвар” сургалт.

    В. Эцэг эхчүүдэд чиглэсэн “Хүүхэд-эцэг эхийн тусгал” сургалт

    САЙН ХҮҮХЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

    Хүүхдэд багаас нь эерэг зан чанар, үзэл санааг төлөвшүүлж, зөв дадал хэвшил олгох зорилготой хүүхэд, багш, эцэг эхчүүдрүү чиглэсэн цогц хөтөлбөр.

    А. Хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажил

    А.1. “Сайн мууг ялгая”- Зан байдал, харилцааны сургалт, хөгжүүлэх ажил

    Хүүхэдтэй харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгон тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж өдөр тутмын үйлдэлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж дагаж мөрдүүлж хэвшүүлнэ. Энэхүү хөгжүүлэх ажил нь:

    vУБТЗ-ын харъяа 178, 179-р цэцэрлэг

    vЧингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэг

    v Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг

    vСүхбаатар дүүргийн 2, 42-р цэцэрлэг

    vХан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг

    vОрхон аймгийн V цэцэрлэг дээр тус тус хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 500 орчим хүүхдийг хамруулаад байна.

    А.2 “Зөв дадлын мод” өөрийн үнэлгээний хамтын бүтээл

    “Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол “Зөв дадлын мод”.

    Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань өөрсдийн зан чанар, дадал хэвшлийг үнэлэх “Зөв дадлын мод” хамтын бүтээлийг бүтээлээ.

    Хүүхдүүд “Сайн мууг ялгая” номын сайн хүүхдийн баримталдаг дүрмүүдээр ангийн дүрмээ гарган, өдөр тутамдаа мөрдөн хэвшил болгож эхлээд байна.

    А.3 “Цэгээр наадъя”- хөгжүүлэх үйл ажиллагаа

    Зорилго: Бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохын зэрэгцээ математик болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

    Агуулга: Цэг холбон өгөгдсөн дүрсийг үүсгэхээс гадна шинээр дүрс сэтгэн бүтээж, өнгө ялган будна.

    Хэрэглэгдэхүүн: “Цэгээр наадъя” дасгал ажлын дэвтэр

    Тус хөгжүүлэх үйл ажиллагаа нь:

    vБаянгол дүүргийн 85, 114, 178-р цэцэрлэг

    vЧингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэг

    vСүхбаатар дүүргийн 2, 42, 143-р цэцэрлэг,

    vСонгинохайрхан дүүргийн 90, 104, 113-р цэцэрлэг

    vХан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг

    vОрхон аймгийн V цэцэрлэг

    vУвс аймгийн II цэцэрлэг дээр тус тус хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүүхэд хамрагдаад байна.

    Бид цаашид нийслэл орон нутгийн 100-300 цэцэрлэгийн 5,000-15,000 хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй байна.

    Б. Багшийн хөгжилд зориулан зохион байгуулсан сургалтууд

    Бид 2014 онд “Багшийн хөгжил-Имидж” ТББ-тай хамтран нийслэлийн СӨББ-ын эрхлэгч, арга зүйч, багш нарын нэгдсэн сургалтыг 84-р сургуулийн зааланд зохион байгууллаа. Тус сургалтаар бид мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил бүхий шинэ үеийн хүүхдүүдийн онцлог болон тэдний хүмүүжил, төлөвшилрүү чиглэсэн, тэдэнд эерэг үзэл санаа, зөв хандлагыг бий болгох асуудал чухал байгааг онцоллоо.

    2014 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн эрхлэгч Эрдэнэ-Ундрахын санаачилгаар тус дүүргийн бүх цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Тус сургалт шинэ үеийн хүүхдийн онцлог ба “Сайн хүүхэд” хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга, ач холбогдол, үндэслэлрүү чиглэж байлаа.

    Түүнчлэн бид 2014-2015 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 2, 42-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 85, 114, 157, 178, 179-р цэцэрлэг, Орхон аймгийн 5-р цэцэрлэг, Сүхбаатар аймгийн 9-р цэцэрлэгийн нийт 100 гаруй багшид сургалт хөтөлбөрөө хүргэлээ.

    В. Эцэг эхийн хөгжилд зориулан зохион байгуулсан сургалтууд

    Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол эцэг эхийн харилцаа, хандлага байдаг. Бид эцэг эхчүүдэд мэдээлэл технологийн шинэ үеийн хүүхдүүдийн зан байдал, сэтгэлзүйн онцлог, түүнтэй холбоотойгоор тэднийг хэрхэн яаж хүмүүжүүлэх арга барил олгох “Шинэ үеийн хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан”, “Хүүхэд эцэг эхийн тусгал” цуврал сургалтыг зохион байгуулж байна. Манай сургалтанд дараах цэцэрлэгийн эцэг эхчүүд хамрагдаад байна. Үүнд:

    -Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг

    -УБТЗ-ын ХБХ-ийн харъяа 178, 179-р цэцэрлэгийн эцэг эхчүүд:

    -Чингэлтэй дүүргийн 39, 103-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Сүхбаатар дүүргийн 2, 42, 143-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    -Орхон аймгийн 5-р цэцэрлэгийн эцэг эхчүүд

    – Сүхбаатар аймгийн 8-р цэцэрлэгийн нийт 500 гаруй эцэг эхчүүд хамрагдаж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилаас суралцлаа.

    7. ОНЦЛОХ БАГШ ХӨТӨЛБӨР

    Бид СӨББ-ын шилдэг багш нарыг шалгаруулж урамшуулах, хийж бүтээсэн зүйлийг нийтэд таниулан нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, шинэ санаачилга, арга зүй, технологи ажиллагааг цуврал ном болгон хэвлүүлж олны хүртээл болгох, улмаар авьяаслаг, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй залуу багш нарыг татах зорилготой “Онцлох багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

    Тус хөтөлбөрийн хүрээнд бид

    I.30 жил ажилласан багшийг 3 жил ажилласан багштай уралдуулдаг хуучирсан аргыг халж, зөвхөн хичээлийн нэг жилийн хугацаанд багшийн санаачилсан шинэлэг ажил, хийж бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүн, технологи, арга зүй, аргачлал, гарын авлага, бүтээл, хүүхэд эцэг эх багш нарын хөгжилд зориулан зохион байгуулсан ажил зэрэг тухайн нэг жилийн амжилт бүтээлээр нь дүгнэн шилдэг багшийг шалгаруулах.

    II.Шилдэг багш нараа нийслэл хотод урьж, таван одтой зочид буудалд 1-3 хоногийн турш амраан, биеийн алжаал тайлах бариа, мэргэжлийн үсчин, маникур, педикур, нүүр будалт хийлгэн амрааж, гоо зүйн зөвлөгөө өгүүлэх.

    III. Түүнчлэн 1.000.000-2.000.000 төгрөгний мөнгөн урамшууллаар урамшуулах, эх орныхоо болон дэлхийн үзэсгэлэнт байгалаар аялуулах.

    IV.Шалгарсан багш нарын арга зүй, аргачлал, хөгжүүлэх ажил, хэрэглэгдэхүүн, бүтээл зэргийг эмхтгэн “Шинэ технологи” цуврал ном бүтээн СӨБ-ын чиглэлээр сурч буй оюутан залуус, багш нартаа түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

    8. НОМ ГАРЫН АВЛАГА

    1. “Сайн мууг ялгая”

    2. “Цэгээр наадъя”

    3. “Зугаатай тооны ном”

    4. “Сайн хүүхэд” сонсдог ном

    1. “Сайн мууг ялгая” буюу хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал номын зорилго, ач холбогдол

    Номын зорилго: Хүүхдэд багаас нь эерэг зан чанар, хандлага төлөвшүүлж, зөв дадал хэвшил олгоход оршино.

    Номыг зохиох болсон үндэслэл: Хүүхэдтэй зөв харьцаагүй тэднийг сонсоогүй, ойлгож дэмжээгүй, анхаарал тавьж өсгөөгүйн улмаас тэдний зан байдлыг уур уцаартай, гөжүүд, бусдыг сонсдоггүй, гэр бүлийн гишүүдээ дийлж сурсан, түрэмгий, бусадтай нийлдэггүй, зожиг, уур уцаараар асуудлыг шийдэхийг оролддог зэрэг олон сөрөг хандлагаруу түлхэж байдаг тул эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ.

    Номын ач холбогдол: Хүний төлөвшлийн 70-90% нь бүрэлдэн тогтдог сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж, улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдэлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж хэвшүүлнэ.

    2. “Цэгээр наадъя”- Бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохоос гадна математикийн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх дадлага ажлын дэвтэр

    Бага насны хүүхдийн хувьд “Визуал сэтгэлгээ” буюу орон зайг баримжаалах чадвар нь хараахан хөгжөөгүй байдаг учир аливаа дүрсийг хараад, хоосон цаасан дээр дуурайлгаж зурна гэдэг маш бэрх ажил байдаг. Түүнчлэн аливаа дүрсийг харан, баримжаалан зурж буй тохиолдолд адил дүрс үүсгэж чадаагүйгээс болж өөрийгөө голох, өөртөө үл итгэх, дахин бичих хүсэлгүй болох, хичээл хийх сонирхолгүй болох, бичих ажлаас зугтах зэрэг асуудлууд үүсдэг.

    Тэгвэл эдгээр асуудлуудыг шийдвэрлэж өгөх зорилгоор, цэг холбох замаар өгөгдсөн дүрсийг үүсгэн, олон хувилбараар зурж, будах, бодож сэтгэх боломжтой сонирхолтой дасгалын дэвтрийг бүтээлээ.

    Энэхүү дасгалын дэвтэр нь цэг холбож өгөгдсөн дүрсийг үүсгэхээс гадна аль нэг мөр болон баганад буй дүрсийг ижил өнгөөр будах, өндөр нам багана үүсгэн будах, хос хосоор нь адил өнгөөр будах, хүссэн өнгөөрөө будаад бодитоор тоолж холбогдох цифрийг тавих, 2, 3, 4-өөр нь ижил өнгөөр будан багцлах, тэгш хэмтэй дүрсний баруун талыг нь баруун гараараа, зүүн талыг нь зүүн гараар будаж хоёр тархины жигд хөгжлийг дэмжих, тухайн дүрсийг баруун эсвэл зүүн талруу нь эргүүлэхэд үүсэх дүрсийг бүтээх, баруун зүүн, дээр доорыг таниулан дүрсний аль нэг талыг будуулах, цифр бичүүлэх, машин зам, байшин гудамж талбай, хүнсний ногоо, мал амьтан зэрэг өмнөх дүрснээс огт өөр дүрс сэтгэж үүсгэх, зураг бүтээх, будах олон хувилбараар ашиглах боломжтой, бага насны хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлж, бичгийн дадал олгохоос гадна математекийн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой.

    3.“Зугаатай тооны ном”- математик сэтгэлгээг хөгжүүлж, анхаарлын төвлөрөлтийг нэмэгдүүлэх дасгалын дэвтэр

    Бага насны хүүхдийн хувьд хийсвэрээр тоолж чаддаг ч бодитоор тоолж чаддаггүй, цээжээрээ тоо мэддэг ч цифрээ таньдаггүй, анхаарлын төвлөрөлт сул, орон зайн баримжаа муу байдаг зэрэг бэрхшээлүүд тулгардаг. Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэж өгөх зорилгоор зугаатай тооны ном мэндэллээ.

    Хүүхдүүд маань цифрээ харж бичиж нүдлэх, зугаатай зургуудаа харж бодитоор тоолон, нэмж хасан олон хувилбараар бодлого зохиох боломжтой. Түүнчлэн орон зайг баримжаалах, ажигч чанар, сэтгэх чадварыг хөгжүүлж улмаар анхаарлын төвлөрөлтийг нэмэгдүүлэн, сууж сурахад нь туслах олон янзын сонирхолтой дасгалууд орсон байгаа.

    4. “Сайн хүүхэд” сонсдог ном

    Бид 2014 оны III сараас 2015 оны VI сар хүртлэх хугацаанд МҮОНР- ийн “Залуус” өдрийн хөтөлбөртэй хамтарч “Та хүүхдээ хэн болгохыг хүсч байна вэ?” залуу эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх арга барил олгох цуврал хичээлийн 60 дугаарыг бэлтгэн хүргэсэн. Энэхүү нэвтрүүлгээ “Сайн хүүхэд” сонсдог ном болгон гаргалаа.

    9. ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ

    Бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд чиглэсэн, сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлд хувь нэмрээ оруулах сонирхолтой, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахыг хүссэн хувь хүн, оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, компаниудтай

    Хувь хүн

    Хүүхдийнхээ цэцэрлэг болон гэр бүлдээ сургалт, зөвлөгөө авах

    СӨББ, багш сурган хүмүүжүүлэгчид

    “Сайн хүүхэд” хөтөлбөрийг цэцэрлэгтээ хэрэгжүүлэх

    “Онцлох багш” хөтөлбөрт хамрагдах

    Ном, гарын авлагаас захиалах

    Төрийн байгууллага

    Төсөл хөтөлбөр, лекц сургалт, судалгаан дээр хамтарч ажиллах

    Орон нутгийн удирдлага

    Лекц, сургалт зохион байгуулах.

    Төсөл, хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх.

    Бизнесийн болон Төрийн бус байгууллага

    Хамт олондоо лекц сургалт авах

    Төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтарч ажиллах

    бүх талаар нээлттэй, хамтран ажиллах доорх саналыг тавьж байна.

    10. ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Чингэлтэй дүүргийн 39, 83, 103-р цэцэрлэг

    Сонгинохайрхан дүүргийн 90, 104, 113-р цэцэрлэг

    Сүхбаатар дүүргийн 2, 42, 150-р цэцэрлэг

    Баянгол дүүргийн 85, 114, 120-р цэцэрлэг

    Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг

    Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг

    УБТЗ-ын ХБХ-ийн харъяа 178, 179-р цэцэрлэг

    Орхон аймгийн 5-р цэцэрлэг

    Увс аймгийн 2-р цэцэрлэг

    Сүхбаатар аймгийн 2, 8, 9-р цэцэрлэг

    11. ТАЛАРХАЛ

    “СӨБ-ын шинэчлэл” ТББ нь “Хаад пикчерс” анимэшн студитэй хамтран Монгол хүүхдүүдээ баясан үзэх хүүхэлдэйн кинотой, бахархан дуурайх үндэсний баатартай болгож, уран бүтээлээрээ дамжуулан хүүхдэд багаас нь эерэг үзэл санаа, хандлага, зөв дадал хэвшил олгох зорилгоор “ЗӨВ ХҮҮХЭД” хүүхэлдэйн киноны төслийн ажлыг эхлүүлээд байна.

    Тус төслийг хамтран санаачилж, уран бүтээлийн багийг ахлан ажиллаж буй “Хаад пикчерс” анимэшн студийн захирал Н.Амаржаргал болон ЗӨВ МОНГОЛ хүүхдийн төлөө санаачлан хэрэгжүүлж буй манай төслийг сэтгэл зүрхнээсээ дэмжин, хандив өргөсөн Д.Болд (хань), Б.Баярсайхан (хадам ээж), М.Чимэдрагчаа (ээж), М.Туул (эгч), Ё.Оюунчимэг (эгч), Б.Бүжинлхам (найзын охин), У.Гарьд (найзын хүү) нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

    АРЫН НҮҮР

    “Сайн хүүхэд” хөтөлбөрийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравхан настай дунд бүлгийн хүүхдүүд нь өөрсдөө хоолны ширээгээ засч, өөр хоорондоо зөв харилцдаг болсон талаар өгүүлж байлаа.

    Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн багш С.Отгонцэцэг

    “Цэгээр наадъя” хөгжүүлэх ажлыг үнэлж “Хүүхдүүд цэг холбож, янз бүрийн дүрс, олонлог үүсгэж, бүлэглэх, багцлах олон хувилбараар зурж, дүрсэлж, будах нь их таалагдлаа. Хүүхдүүд чөлөөтэй сэтгэж, хүссэн зүйлээ зурж бүтээн ихэд сонирхож байлаа.

    Чингэлтэй дүүргийн 103-р цэцэрлэгийн багш н.Нямсүрэн

    “Сайн мууг ялгая” буюу хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал номын уншигч Хорлоо багшийгаа гэртээ урьж, номоо эргүүлэн, эхнээс нь дуустал ярьж өгч, эцэг эхчүүд нь талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

    Т.Тэмүүн (4настай)

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 9915-8825, 9122-4555

    sub.shinechlel@gmail.com

    horloo_j@yahoo.com

    www.twitter.com/jhorloo

    www.facebook.com/jhorloo

    www.facebook.com/SUBSHNGO

    www.creativemongolia.com

  • Team Work& Team Play | багаар ажиллах ур чадварын сургалт

    БАГИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ЭЕРЭГ ХАНДЛАГА, ОРОЛЦООГ БИЙ БОЛГОЖ, УУР АМЬСГАЛЫГ НЭГТГЭН БАГАА ИДЭВХИЖҮҮЛЭХ олон улсын сургалт.

    Сургалтын шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар баг нэгнээ илүү танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олны идэвхижүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “үйлдэн суралцах” олон улсын сургалт юм. Багийн гишүүд мэдлэгтэй, ур чадвартай байлаа ч багийн ажиллагаа, эерэг уур амьсгал үгүй бол бүтээмж гарахгүй. Баг хамт олныг идэвхи оролцоотой бай, хандлагаа өөрчил, хамт олныхоо ур чадвар, давуу талыг танин мэд гэж хэлж шаардлаа гээд хэрэгжихгүй. Яриад байгаа зүйлийг тоглоом, оролцооны аргаар үйлдүүлэн мэдрүүлснээр бодитоор хэрэгжих боломж бүрддэг.

    Амралт зугаалга, гадаад орчны сургалт, байгууллагын сургалттай уялдуулан зохион байгуулах боломжтой.

    “Багийн ажил & Багийн тоглолт” сургалт нь бүхэлдээ тоглоомын аргад тулгуурлан явагддаг. Үр дүнтэй баг хамт олон бий болгох, шинэ баг бүрдүүдэх, багийн гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хөгжүүлэх зэрэг дасгал ажлуудаас эхлээд эрч хүч авах, эерэг хандлагыг төлөвшүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэх, эсвэл зүгээр л хөгжилдөх зэрэг үйл ажиллагаанууд энэхүү сургалтын хөтөлбөрт багтдаг.

    Таванбогд, Хаан банк, MCS-Тотал дистрибюшин, МSC-Азиа Пасифик Брюэри, Шунхлай, APU, Петровис, Голомт банк, Макс групп, MSM, Талх чихэр, GEM, Интерактив BI, БльюМон групп, Мастер групп, Номин Холдинг, Нью Медиа групп, Хүннү ресурс, Zig Zag Trade, БОСА Холдинг, Мах импекс, Монос групп, Мөнхийн үсэг, Намир групп, Мон Роүд, Арж капитал, Космо трейд, Мишээл групп, TML Group, Үндэсний хөгжлийн газар, ЧД ИТХ, Улсын төв 2-р эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг, ХӨСҮТөв, УБЦТС ТӨХК, KRKA, УБТЗ- Сайн шанд зангилаа, МҮОНРТелевиз, JCI Их хүрээ зэрэг байгууллагуудад сургалтаа зохион байгуулсан.

    “Хүн өндрөөс унах үедээ, аль эсвэл тоглож байхдаа л зөвхөн “жинхэнэ өөрийнхөөрөө” байдаг”


    ХОЛБОО БАРИХ

    Утас: 88028241, 89811326
    info@creativemongolia.com
    https://www.facebook.com/OneTEAM

    www.creativemongolia.com/TTM

  • Ц.ГАНЧӨДӨР- Цөлжилтийн судалгаа

    Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул.

    Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор

    ХААИС дүүргэсэн, 2019 онд Солонгос Улсын Dongguk University-д, Донггүкийн их сургуулийн профессор Hoduck Kang-ийн удирдлагад докторын зэрэг дүүргэсэн.

    Төв аймгийн Лүн сумын Хөгнө Тарнын цогцолбор газар, Элсэнтасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-ийг шавыг тавилцаж ажлын гараагаа эхлэсэн.

    CУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

    • Бакалаврын ажлаа “Алтайн өвөр говийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах боломж” сэдвээр
    • Магистрын зэрэгээ “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан хамгаалалтын ойн зурваснд тарималжуулсан мод, сөөгний өсөлт хөгжилт” сэдвээр
    • Докторын зэрэгээ “Төв Монголын хээрийн бүсийн доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт цөлжилтийг сааруулах ойн нөхөн сэргээлт” сэдвээр диплом бичиж, хамгаалаад, одоо судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Монгол орны газрын доройтол, цөлжилтийн талаар Цогт сумын уугуул, Шинжлэх ухааны академи, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Ганчөдөртэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.  

    -Та цөлжилтийн судалгааны салбарт ажилладаг юм байна. Салбарынхаа талаар болон өөрийн судалгааны ажлын талаар яриагаа эхэлье?
    Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь 2004 онд анх байгуулагдсан. Монгол орны хэмжээнд цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг судлах, үнэлэх, түүнийг сааруулах туршилт явуулдаг, улсдаа ганц судалгааны төв юм.

    Манай салбарын эрхэм зорилго нь Монгол орны ялгавартай экосистемийн хүрээнд явагдаж буй цөлжилтийг үнэлэх онол, аргазүйн үндэслэл боловсруулах, цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлох, зураглах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр судалгааны ажлын хүрээнд ургамал, хөрс, ус, уур амьсгал, үнэлгээ, зураглал, нийгэм эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй судлаачдын баг бүрдэж ажилладаг. Харин миний хувьд газрын доройтлыг бууруулах ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажлыг 2008 оноос хойш хийж гүйцэтгэж байна.

    -Цөлжилт, газрын доройтол гэсэн хоёр ойлголт байдаг. Юугаараа ялгаатай вэ?
    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид зааснаар “Цөлжилт нь хуурай, гандуу, чийг дутмаг газар нутагт байгалийн, тэр дундаа уур амьсгалын хувьсал өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөн дор илрэх газрын доройтол юм” хэмээн үзсэн. Энгийнээр хэлвэл үржил шим бүхий хөрстэй, ус булагтай, ургамал жигдэрсэн газар нутаг хуурай цөл болон хувирах үйл явц юм. Харин газрын доройтол гэх ойлголтонд, тодорхой нэг газар нутагт, хүний үйл ажиллагааны бохирдол болон ус, салхины элэгдэл гэх мэт биофизик доройтлын хэлбэрүүдийг авч үзэж болно.

    Европын комисс, Хамтарсан судалгааны Төвийн 2018 онд гаргасан “Дэлхийн цөлжилтийн атлас”-д, манай гарагийн хуурай газрын 75 гаруй хувь нь хэдийнэ доройтсон бөгөөд, 2050 он гэхэд 90 агруй хувь нь доройтно. Энэхүү газрын доройтлын асуудлаас болж 700 сая хүртлэх хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн тооцоо гаргасан байгаа юм. Харин манай орны хувьд цөлжилтөнд өртөмтгий буюу хуурай, гандуу бүс нутаг 90 орчим хувийг хамардаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгааг манай судлаачид тогтоогоод байна. Иймд хөрсний үржил шимийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах ажлыг нийгмийн хөгжилтэйгээ уялдуулан, цаг алдалгүй хийж байх ёстой болов уу гэж боддог.

    -Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах судалгааг яагаад сонирхож, хийх болсон бэ?

    Хүүхэд байхаас л ургамал тарьж ургуулах сонирхолтой байсан учраас энэ ажлыг хийх суурь болсон болов уу. Анх их сургууль төгсөөд ахмад эрдэстэн А.Хауленбек багшийнхаа удирдлага доор Элсэнтасархай дахь “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв”-ийн анхны шонг зоосноор ажлын гараа маань эхэлж байлаа.

    Бакалаврын ажлаа “Алтайн өвөр говийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах боломж”, магистрт “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан хамгаалалтын ойн зурваснд тарималжуулсан мод, сөөгний өсөлт хөгжилт”, докторт “Төв Монголын хээрийн бүсийн доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт цөлжилтийг сааруулах ойн нөхөн сэргээлт” сэдвээр диплом бичиж, хамгаалаад, одоо судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Улс орныхоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулж, өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэг судлаач хүн бүрийн чин хүсэл байдаг.

    Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамгийн сүүлд гарсан судалгааныхаа үр дүнгүүдээс  танилцуулаач?
    Хамгийн сүүлд гарсан үр дүнгүүдээс танилцуулахад, “Байгалийн эрсдэлээс хамгаалах ойн зурвас байгуулах мониторинг”, “Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах”, “Доройтсон элсэрхэг хөрс бүхий газарт байгалийн нөхөн сэргээлт явуулж, ургамлан нөмрөгийн өөрчлөлт ба салхиар үүсэх хөрсний элэгдэлд нөлөөлөх нөлөөллийг бэлчээрийн газартай харьцуулсан судалгаа”, “Элсэнтасархай орчны бичил уур амьсгалын мониторинг” зэрэг судалгааны ажлуудыг дурьдаж болох юм.

    Хамгаалалтын ойн зурвас байгуулах судалгааны үр дүнгээс дурьдвал, Элсэнтасархай орчмын элсэрхэг хөрс бүхий газарт хайлаас, улиас, харгана хамгийн илүү дасан зохицож, амьдрах чадвар болон жилийн өсөлтийн эрчим өндөр байна. Ойн зурвас нь 5-30 дахин алслах зайд салхины хурдыг бууруулж, хамгаалах нөлөөлөл нь 24.58-193.35м зайд илэрсэн дүнтэй байна. Хамгаалагдсан талбайд салхины зонхилох чиглэлээс элсний хуримтлал 0.2-0.8м хуримтлагда, 5-30м алслагдах зайд элсний нүүлт хөдөлгөөн бүрэн зогсож, олон наст бэлчээрийн ургамал түрэн ургаж байна.

    Орон нутгийн ховор, ховордсон модлог ургамлыг тарималжуулах судалгааны ажлын хүрээнд Монгол орны улаан номонд орсон, эмийн болон аж ахуйн ач холбогдолтой 10 овгийн 17 төрлийн 21 зүйл мод, сөөгийг тарьж ургуулах туршилт явуулав. Эдгээр ургамлууд  дотор орчны бүс нутагт тархалттай гандигар, яшил, тэхийн шээг, монос, арц, бүйлс зэрэг мод, сөөг багтаж байна.

    Доройтсон газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн судалгааны дүнгээс үзвэл 10 жилийн дараа бэлчээрт олон настай, үр нь малын хөл болон салхиар тархдаг нэг наст, хөл газрын ургамлын төрөл зүйлүүд  давамгайлсан. Харин хамгаалсан талбайд чийглэг, олон наст ургамлын төрөл зүйлүүд илүү давамгайлан ургаж байна. Ургамлын зйүлийн баялаг, олон янз байдал нь бэлчээрт илүү, харин эсрэгээр ургамлын тусгаг бүрхэц хамгаалсан талбайд илүү буюу хамгаалсан талбайд хөрс элээгч салхины босго хурд нэмэгдсэн, хөрсний салхиар элэгдэх эрчим буурсан дүнтэй байна. Энэ бүхнээс үзэхэд бэлчээрийг хашиж хамгаалах нь ургамлын тусгаг бүрхэц, биомассыг нэмэгдүүлж, улмаар хөрсний элэгдлийг бууруулах эерэг  талтай.

    Гэхдээ бэлчээрт  ургамлын зүйлийн олон янз байдал, баялаг байгаа явдал нь зөвхөн хашиж хамгаалах биш, харин жилийн 4 улиралд сэлгэн ашиглах, бэлчээрийн мал аж ахуй, ой, газар тариалан хосолсон аж ахуйг хамтад нь хөгжүүлэх (Силвопасторализмын цогц систем) зэрэг газрын доройтлыг сааруулахад чиглэгдсэн уламжлалт болон дэвшилтэд арга технологиудыг санал болгон, илүү зөв менежменттэй ашиглах арга замыг эрэлхийлэх шаардлагатай илтгэж байна.

    Элсэн тасархай орчмын бичил уур амьсгалын мониторинг судалгаанд HOBO U30 маркийн автомат уур амьсгалын мэдээ цуглуулагч суурилуулан, хөрсний өнгөн болон гүний температур, агаарын температур, харьцангуй чийгшил, нарны цацрагийн гийгүүлэлт, салхины хурд болон чиглэл зэрэг мэдээллийг гурван секунд тутамд бүртгэж, нэг цагийн нарийвчлалтайгаар тоон мэдээлэлд хөрвүүлэн судалгаанд ашиглаж байна.

    Нэг анхаарал татсан зүйл бол манай орны нөхцөлд баруун зүгийн салхи зонхилдог. Харин тус суурин автомат станцын мэдээнд тулгуурлан боловсруулсан үр дүнгээс үзэхэд зөвхөн 5-10м/с болон түүнээс  дээш хурдтай, бидэнд шууд мэдрэгддэг, элсний нүүлт хөдөлгөөнийг нөхцөлдүүлэгч хүчтэй салхи л баруун болон зүүн хойд зүгээс салхилж, нийт салхины дийлэнхи хувь нь зүүн урд зүгээс салхилж байгаа явдал юм. Иймд бидний судалгаа явуулж буй нутагт цөлийн хуурай уур амьсгалын нөлөө илүү давамгайлж байна хэмээн ойлгож болохоор байна. Салхины хурд нь элсний нүүлт хөдөлгөөнийг нөхцөлдүүлж, хөрсний гадаргын усны ууршилт эрчимтэй явагдахад илүү нөлөө үзүүлдэг бол, харин аль чиглэлээс илүү давамгайлж байгаа явдал нь түүний сөрөг нөлөөллийг бууруулах хамгаалалтын ойн зурвас төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

    -Монгол улсын Засгийн газраас 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр баталсан. Мөн 2020 онд “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг орон даяар зарлаж байна. Энэ бүхэнд судлаач хүнийхээ хувьд ямар санал бодол хэлэх вэ?
    Газрын доройтлыг бууруулах туршилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд урт хугацаа шаардагддаг бөгөөд ганц хоёр жилийн дотор үр дүн нь гарчихдаг ажил биш юм. Иймээс “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах” үндэсний хөтөлбөр (2019-2023)-ийн хүрээнд Монгол орны байгалийн бүс, бүслүүрт урт хугацааны туршилт, судалгааны төвүүдийг байгуулах ажлуудыг дэмжиж, нягт хамтран ажиллаасай хэмээн хүсэж байна. Манай Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархай, Говьсүмбэр аймгийн Чойр сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгой хэмээх газруудад “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах технологи туршилт, хяналт, мониторинг” явуулах суурин судалгааны станц байгуулан урт хугацаанд судалгаан явуулах эхлэлийг тавиад байна.

    “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах хөдөлгөөн өрнүүлж, төр засгийн бодлого шийдвэрт тусган, дэмжиж ажиллаасай хэмээн хүсэж явдаг. Харин бүх тариалангийн талбайг ойн зурвастай болгох боломжгүй бөгөөд , юуны түрүүнд усалгаатай газар тариалан болон хуурай гандуу бүс нутгийн жижиг тариалангийн газруудад хамгаалалтын ойн зурвасыг байгуулах нь зүйтэй. Яагаад гэвэл хуурай гандуу бүс нутгийн тариаланчид байгалийн эрсдэлд илүү өртөмтгий байдаг. Улмаар ойн зурваст тарьж ургуулсан мод, сөөг ургамлыг эхний 3-5 жил найдвартай услах шаардлагатай байдаг.

      Мэдээллийн эх сурвалж: Г.Жаргал / Zaag.mn

    СУДАЛГААНЫ АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ:

    1. “ХУУРАЙ ГАНДУУ БҮС НУТГИЙН ЗАРИМ ТӨВ СУУРИН ГАЗРУУДЫН ЦӨЛЖИЛТ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ, СААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” Шинжлэх ухаан, технологийн төслийн эрдэмшинжилгээний тайлан (2008-2010 он) http://portal.igg.ac.mn/datase…
    2. “ТӨВ МОНГОЛЫН ХЭЭРИЙН БҮСИЙН ЗАГВАР НУТГИЙН ХҮРЭЭН ДЭХЬ МОНИТОРИНГИЙН СУДАЛГАА” сэдэвт суурь судалгааны ажлын эрдэм шинжилгээний тайлан (2013- 2015 он) http://data.stf.mn/Project/Pro…
  • Бэгзсүрэнгийн МӨНГӨЛӨН- Бүжиг дэлгэрүүлэгч

    Бүжигчин, бүжгийн багш, үндэсний бүжиг

    Монгол бүжиг, бий биелгээ, орчин үеийн бүжиг, к-поп солонгос бүжгийн сургалт зохион байгуулах, бүжгийн сонирхолд суурилан найз нөхөд, хүүхэд залуусыг хөгжүүлэх, хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, үндэсний өв соёлоо өвлөн уламжлуулах, байгууллага, баг хамт олонд хөдөлгөөний эвсэл олгож, бүжгийн хэмнэлээр дамжуулан хөдөлгөөний дутагдалыг бууруулах, багийн эв нэгдлийг бий болгох зорилготой хичээл, сургалтуудаа зохион байгуулж эхлээд байна.

    2006 онд Улаанбаатар хотод төрсөн. 3 настайгаасаа эгчтэйгээ хамт Биелэхийн хүслэн, Бани стайл, Ролли Поли зэрэг бүжиг бүжиглэж авъяасаа хөгжүүлж эхэлсэн.

    2016 оноос хүүхэд хөгжлийн АДРФ сургалтын төвд суралцаж, тус төвөөс зохион байгуулсан баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаанд бүжиглэхээс гадна 11 настайгаасаа төвийнхөө хүүхдүүдэд бүжиг зааж эхэлсэн.

    2019 оноос Монголын Хүүхдийн Ордонд Сумъяагэрэл багштай Монгол бүжгийн ангид элсэн суралцаж байна. 2020 оноос бүжгийн сонгоны ангид суралцсан.

    2021 онд ЕБС-аас тодорхойлж Нийслэлийн шилдэг сурагч медалиар шагнагдсан. 2021, 2022 онд МХО-оос зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд хамтлаг бүжиг, ганцаарчилсан бүжгийн төрлөөр оролцсон.

    Орос, англи, солонгос хэлтэй

    Боловсрол, хамрагдсан сургалт

    2012- 2015 онд ЕБС-ийн 31-р сургуульд Сумъяажав багштай бага ангид суралцсан.

    2016 оноос ЕБС-ийн 21-р сургуульд суралцаж байна.

    2019 оноос Монголын Хүүхдийн Ордонд Сумъяагэрэл багштай Монгол бүжгийн ангид элсэн суралцсан.

    2022 оны 7-р сард МХО-оос зохион байгуулсан ОХУ-ын Улаан-Үүд хот руу аялж, Бүжгийн мастер 3 өдрийн сургалтанд хамрагдсан.

    2022.8.10- 20 Франц, Итали, Монгол улсаас уригдсан Мартин Кросс, Милөү Ригурд, Жонассэн, СУИС-ийн бүжиглэх сургуулийн проф. багш Мөнгөнцэцэг нарын удирдсан “Аниргүйн хэмнэл” бүжгийн сургалтанд МХО-оо төлөөлөн суралцаж, амжилттай дүүргэсэн.

    Ажлын туршлага, оролцсон төсөл

    2021.10- 2022.10 сард “Черри Бомб” к-поп хамтлагийн шалгаруулалтанд тэнцэж, 1 жилийн гэрээгээр тус хамтлагт гишүүн байхдаа УИД-ийн гадаа машингүй өдрөөр, Хүүхдийн баяраар бүжгийн өдөрлөгт шалгарч оролцсон. Тус төвийн зохион байгуулдаг сургалтанд солонгос хэл сайн дураар заасан.

    2022.1- 2023.1 хугацаанд “Зора кидс” сургалтын төвд гэрээт багшаар ажиллаж орчин үеийн бүжгийн ганцаарчилсан 50 цагийн сургалт, монгол бүжгийн ганцаарчилсан 20 цагийн сургалтанд багшилсан.

    2022.3-р сард зохион байгуулагдсан Хүн домог үндэсний бүжгийн их наадамд кпоп бүжгийн төрөлд “Зора теенс” хамтлагаар 1-р байр, МХО-ны нэрээр Монгол гоцлол бүжиг, хамтлаг бүжгийн төрлөөр амжилттай оролцсон.

    2022 оны Улсын баяр наадмын нээлтэнд Данзанравжаа гуайн Гурамсан сургааль шүлэг аялгууны бичиг үсэг хэсэгт бүжиглэсэн.

    2023.1-р сард сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан Result фитнес төвийн бүжгийн танхимд орчин үеийн бүжиг, Монгол бүжгийн 20 цагийн сургалт зохион байгуулсан.

    Шагнал, урамшуулал

    2021 он Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн шилдэг хүүхэд” алтан медаль

    2021 он Монголын хүүхдийн ордон “Эрдэм” хүрэл медаль

    2022 он Монголын хүүхдийн ордон монгол бүжгийн анхдугаар тулаан “1-р байр”

    31-р дунд сургуулийн Тэргүүний уншигч, Цэвэр бичигтэн, Авьяас хөгжүүлэгч сурагч

    21-р дунд сургуулийн “Шилдэг сурагч”, “Өв тэгш сурагч”

    ХОЛБОО БАРИХ https://www.facebook.com/mungulun.danceschool

  • Т.ТӨРМАНДАХ- Агрономич, Монгол төмс, Монгол ногоо төслийн зохицуулагч

    “Монгол Төмс”, “Монгол ногоо” үндэсний хөтөлбөрийн Зохицуулагч, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны Гүйцэтгэх Захирал, агрономич

    Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ өдгөө нийт 36 салбар, 1,380 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

    Тус байгууллага 2004-2015 оны хооронд “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, манай улс дотооддоо төмснийхөө үйлдвэрлэлийг 100 хувь хангаж, нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон билээ.

    Үүгээр зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны хүсэлтээр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд дэвшилт гаргах зорилгоор дотооддоо тариалсан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    https://www.facebook.com/MFARD.MN

    Т.Төрмандах:  ХААЗД (GAP)- ыг нэвтрүүлэх нь иргэдэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийн баталгаа, ногоочдод зах зээлд өрсөлдөх боломж

    Иймд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ач холбогдлын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа.

    – Сайн байна уу. “Монгол ногоо” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй  Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцахгүй юу?

    – Монгол Улс Хятадаас жилд 40-60 мянган тонн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг бөгөөд үүний 60-70 хувийг байцаа, сонгинолог ургамал эзэлдэг. Тэр утгаараа “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн  ажилладаг. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхдээ дотоодын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэх нь чухал.

    ХААЗД гэдэг нь товчоор газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.

    Уг дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд 2015 онд заасан. 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

    Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлэн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн.

    Төрөл бүрийн сургалт явуулж, сургалтын үр дүнгээрээ баталгаажуулалтын ажилд оролцох аудитууд, зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Ногоочдод Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын талаар танин мэдэхүйн сургалт зэргийг зохион байгуулсан. Үр дүнд нь энэ онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажил эрчимтэй эхлэхээр байна.

    – Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд маань ихээхэн анхаарал хандуулдаг болсон гэж боддог. Энэ нь магадгүй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нутагшуулах хамгийн том шалтгаан байх. Өнгөрсөн жил туршилт явуулсан гэж та хэллээ. Туршилтаар ямар үр дүн гарсан бэ?

    – Монгол оронд ургуулдаг төмс, хүнсний ногоо нь  бусад хөгжингүй улс орнуудтай /олон жил газар тариалан хөгжсөн орнууд/ харьцуулахад харьцангуй эрүүл технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнууд ургацаа нэмэхийн тулд эрдэс бордоог их хэрэглэдэг байхад монгол оронд бордооны хэрэглээ харьцангуй бага. Мөн бусад оронд жилдээ 3-6 удаа ургамал хамгааллын бодисыг цацаж хэрэглэдэг бол манайд 1-2 удаа хэрэглэдэг.

    Үүнээс харвал, Хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тэргүүний тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.

    Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв  хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж үзсэн.

    Монгол оронд зөвшөөрөгдсөн бодисыг технологийн дагуу, цаг хугацаанд нь зөв нормоор хэрэглэвэл эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж байна гэсэн үг.

    – Ногоочдод ямар давуу талыг олгох вэ гэж хүмүүс бодож байгаа байх?

    – Дэлхийн хүн ам хурдтай өсөж, байгаль цаг уурын эрсдэл буюу цаг агаарын дулаарал бий болж байгаатай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ургамал хамгааллын бордоог улс орнууд ихээр хэрэглэх болсон тул эрүүл, аюулгүй байдал маш чухал болчихсон.

    Хүмүүс  аль болох эрүүл, аюулгүй хүнсийг худалдан авах чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл, аюулгүй буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлэхгүй бол ногоочин хүн тариалсан хүнсний ногоогоо борлуулахад төвөгтэй болно.

    Магадгүй хоёр жилийн дараа гэхэд бүх дэлгүүр, супер маркетууд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчилгээ, лого бүхий төмс хүнсний ногоог авдаг болчихвол эхнээсээ зах зээл нь хумигдана. Энэ үед харин дадлаа нэвтрүүлсэн ногоочдод давуу байдал үүсэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.  

    Ногоочид өөрийнхөө үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ойлгох үедээ хүсэлтээ гаргавал бид баталгаажуулах байгууллагатай нь холбож өгөх юм.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажуулах ажлыг энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?

    – ISO баталгаажуулалт хийдэг компанитайгаа 2019 онд хамтран ажиллах явцдаа баталгаажуулах үйл явц, гарах өртөг зардлынхаа зураглалыг гаргасан. Өнгөрсөн оны төгсгөлд хүлэмжийн хүнсний ногоо тариалдаг хоёр аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээг нь олгосон.

    2020 онд хамгийн багадаа төмс, хүнсний ногоо нийлүүлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжид ХААЗД нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ олгохыг зорьж, өмнөх бэлтгэл ажлыг хангаж байна.

    – Баталгаажуулах байгууллагад холбож өгөөд гэрээ хийнэ гэлээ. Ингээд л гэрчилгээгээ авах уу?

    – Гэрчилгээ олгоно гээд хүссэн  болгонд нь өгнө гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд л олгоно. Туршилтын баталгаажуулалтын явцаас харахад нийт зургаа долоон чиглэлээр 83 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.

    Гэхдээ зохистой дадал нэвтрүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр өөрийгөө үнэлээд 50%-иас дээш хангаж байгаа бол манай төсөлд хандан хүсэлтээ гаргаснаар дараагийн шат дараалсан арга хэмжээнд хамрагдах боломжтой.

    Баталгаажуулах байгууллага тарилтын өмнө нэг удаа аудит хийж, шалгуур үзүүлэлтүүдээс хэдэн хувийг хангаж байгааг нь дүгнэж гаргадаг. Хэрвээ уг шалгалтаар шаардлагад нийцээгүй зүйл байвал зөвлөхүүд тухайн ногоочинд зөвлөгөө өгөөд, засч сайжруулах хугацаа өгч наймдугаар сард буюу ургац хураалтын өмнө хоёр дахь аудитаар орно.

    Энэ үед шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэх гэрчилгээг олгож, ногоочин зах зээлд нэвтрүүлж буй хүнснийхээ сав, баглаа боодол дээр нэвтрүүлсэн гэх тэмдгийг тавьж, борлуулах боломжтой.

     – Органик хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн хүнсний ногооны ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай юу?

    – Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоо нь хоёр өөр ойлголт. Үүнийг хольж ойлгож болохгүй.

    Органик төмс, хүнсний ногоо гэдэг нь тухайн хүнсний ногоог үйлдвэрлэхдээ  ямар нэгэн химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодис огт хэрэглээгүй гэсэн үг.

    Харин Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу зөв хэрэглэсэн байхыг хэлнэ. Ургамал хамгааллын бодис буюу пестицидыг хамгийн сүүлд ургац хураахаас 28 хоногийн өмнө хэрэглэсэн байх ёстой. Ингэвэл ургамал хамгааллын бодис нь бүрэн задраад хөрс болон ургамалдаа пестицидийн үлдэгдэл үүсгэдэггүй. Мөн хүний эрүүл мэндэд аюул учруулдаггүй.

    Органик хүнс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэлээ аль ч өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны таван хувиас илүү гарч чадаагүй. Учир нь ургац нь бага байдаг тул зах зээл дээр ч өндөр үнэтэй гардаг.

    Тэгэхээр заавал органик хүнс идэж байж эрүүл байна гэвэл үгүй юм. Аливаа ургамал, төмс хүнсний ногоог ургуулахад ногоочин хүн өндөр ургац авч байж ашиг олно. Дээрээс нь өвчин, хортон гарвал устгаж тэмцэх шаардлага гарах учраас ургамал хамгаалах бодис ашиглана. Гол нь үүнийг ашиглахдаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байхаар гэх ойлголт юм. Мөн органик ногоог бодвол үнийн хувьд ч бага.

    – Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажсан лого тэмдгийг хэрхэн таних билээ?

    – Дэлхий нийтээр Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдгийг GAP гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг.  Ийм тэмдэг миний худалдан авсан төмс, хүнсний ногоон дээр байвал итгэл төгс худалдан авалт хийж болно.

    Тэмдэглэгээ тавигдсанаар зах зээл дээр борлуулагдах төмс, хүнсний ногоо чанараараа ялгарч, эрүүл, аюулгүй хүнсний ногооны баталгаа бий болж буй хэрэг. Борлуулалтын газар, сүлжээ дэлгүүрүүд ч борлуулалтаа бодоод GAP тэмдэг тавигдсан ногоог л ногоочдоос авч эхэлнэ. Магадгүй 2-3 жилийн дараа төмс, хүнсний ногооны төрийн худалдан авалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн лого тэмдэглэгээтэй /GAP/ байна гэх шаардлагыг тавих байх.

    – Ярилцсанд баярлалаа.


    МОНГОЛ НОГОО ТӨСЛИЙН ТУХАЙД
    Монгол ногоо төсөл нь 2016 оноос 2023 оныг дуустал нийт 7 жил хэрэгжих болно.

    Төслийн зорилго: Төсөл нь “хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар Монгол улсад амьжиргааг дэмжих” зорилгыг хэрэгжүүлнэ.

    Захиалагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  

    Санхүүжүүлэгч: Швейцарын хөгжлийн агентлаг

    ​Хэрэгжүүлэгч: “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ

    ​Хамрах хүрээ

    • ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
      1. Сэлэнгэ: 5 сум 
      2. Төв: 3 сум 
      3. Дархан-Уул: 1 сум
      4. Орхон: 1 сум
      5. Ховд: 1 сум
      6. Дорнод: 1 сум
      7. Хэнтий: 1 сум
      8. Хөвсгөл: 1 сум 
      9. Өмнөговь: 1 сум 
      10. Улаанбаатар, 4 дүүрэг  
    • ҮР ҮЙЛДВЭРЛЭГЧИД
      1. Увс: 1 сум 
      2. Завхан: 1 сум
      3. Баянхонгор: 1 сум
      4. Дархан-Уул 1 сум
    • ХҮНСНИЙ НОГООНЫ МАРКЕТИНГ, БОЛОВСРУУЛАЛТ 
      1. Үйлдэвэрлэлийн төв бүс (дээр дурьдагдсан) мөн Улаанбаатарын зах зээл болон бусад төвийн болон бүсийн зах зээл
    • ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:
      1. Үндэсний хэмжээнд
  • Батсайханы СОЛОНГО

    ХААИС-Хөдөө аж ахуйн биотехнологич, Шинжлэх ухааны магистр

    “Малын удмын сангийн үндэсний төв”-д Монгол малын үржлийн чиглэл, төлөвлөгөө, генетик нөөцийн тухай хуулийн төслийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

    “Өндөрхаан үржил” хоршооны үүсгэн байгуулагчдын нэг

    Үндэсний төслийн удирдлагын хүрээлэнгийн Мал аж ахуйн салбарын төсөл хөтөлбөр дээр 2019 оноос хойш ажиллаж байна.

  • Ваанчигсүрэгийн ДАВААДОРЖ

    Эрчим хүчний мэдээллийн системийн удирдлага

    Боловсрол

    ШУТИС- КТМС-ийн Мэдээллийн системийн удирдлага

    Эрчим хүчний борлуулалтын програмууд дээр 13 жил ажилласан туршлагатай. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга зэрэг нийгмийн сонгуульт ажилд оролцож байсан.

    Ажлын туршлага

    2012- 2016 “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын бичилтийн техникч, 

    2018- 2023 “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарийн маркетинг, гэрээний мэргэжилтэн

  • Сүрэнгийн БАТБАЯР- Хэвлэлийн үйлдвэрлэл

    Хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ

    • График дизайн, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил ажилласан түүхтэй.
    • Газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний тээвэр ложистикийн чиглэлд туршлагатай.
    • “Богд- Үйлст” ХХК-ийн захирал, ҮТУХ-ийн Төслийн зохицуулагч
  • Дашдэлгэрийн ДЭЛГЭРБАЯР- Дулааны инженер

    Дулааны инженер

    2011 онд ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний их сургуулийг Аж үйлдвэрийн дулаан хангамж мэргэжлээр дүүргэсэн.

    2011 оноос УБДС ТӨХК-д дулааны болон зургийн инженерээр ажиллаж байна.