Author: admin

  • Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн

    Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма “Би зөвхөн хуулинд захирагдана”, “Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “Зөвхөн хуулийг дээдэлнэ” гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!?

    ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ?
    “Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан” гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг.

    Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад “аль, аль нь мөн” гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захирагдаж байдаг шүү дээ. Түүнээс биш хоёуланд нь яг адилхан (50,50 хувь) захирагдана гэж байдаггүй. Мөн өгүүллийнхээ санааг задлахын тулд хуулийн талаархи Бастиагийн “хачирхалтай” байр суурийг үндэслэх арга бий юү гэдгийг авч үзье. Бодит логик нь үнэн болохоор үндэслэж болно гэж бодож байна. Өгүүллийн маань үндсэн зорилго ч энэ билээ. 
    “Зөвхөн хуулийг дээдэлнэ”, “Би хуулиас өөр юунд ч захирагдахгүй” гэх мэт үгс үнэндээ хоосон үг болох нь тэдгээр үгийг хэлж байгаа хүмүүсийн үйл байдлыг анхааралтай ажигласан хүнд мэдрэгддэг. Тэр хүмүүс ч өөрсдөө хэрэгцээ тохиолдвол уг хуулиа уландаа гишгэнэ гэдгээ мэдэж л байдаг. Тэдний ихэнх нь “арьсаа хамгаалахын” тулд өөртөө хэрэгтэй цаг үе, нөхцөл байдалд эдгээр сүржин илэрхийллүүдийг маш чадамгай ашигладаг билээ. 

    ЛИБЕРТАРИ YЗЭЛ БА ХУУЛЬ

    Төр, хууль хоёр нь төрсөн аав, хүү хоёр л гэсэн үг.
    Энэ бол маш том, тэгээд ч нэлээд ээдрээт сэдэв. Либертари үзлийн үүднээс хуулийн тухай ойлголтыг маш товч илэрхийлэхийг хичээе. Хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. Төр хуу­лийн нэрээр хэрхэн хулгай, дээрэм хийдгийг монгол хэлнээ хөрвүүлэгдсэн Бастиа, Хайк, Мизес, Ранд, Фридман, Боаз, Бэргланд нарын либертари номнуудаас хараарай. Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг “чөдөр”, баглаас төдий зүйл. Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд (spontaneous order-д) хөндлөнгөөс оролцож, журамлаж “дэглэхийг” оролдож, хошуугаа дүрж байдаг. Ер нь л “laissez-faire”-ийн эсрэг зүйл дээ. 

    “ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ”

    Хууль, ёс суртахуун хоёрт нэгэн төстэй чанар байх. Тэр нь юу вэ гэвэл, хоёул хүний зан төлвийг (behaүior-r) зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс бусад хүн, байгууллага, нийгэмтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хоёрт маш том ялгаа бий. Нэг нь (хууль) тухайн хүнийг хүссэн хүсээгүй захирагдахыг шаарддаг бол нөгөө нь (ёс суртахуун) чиний итгэл үнэмшил юуг шаардаж байна түүнийхээ дагуу үйлд хэмээнэ. Энэ бол маш том ялгаа мөн! Бидний хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Ийм зүйлийг үнэхээр хууль гэхээс өөр юу гэхэв. Түүнээс биш одоогийн УИХ-ын гишүүдийн толгойд “гэнэт” орж ирсэн хүсэл зориг, эсвэл найз нөхдийнхөө захиалгаар гараа өргөж байгаа саналыг хууль гэмээргүй байна. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хү­сээгүй цагтаа үл тоомсорлож болдог учраас энэ нь “хууль биш гууль” болдог аж. 

    Хуулийг хувийнхаа эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдог дарга нарын нийгэм шиг эвгүй нийгэм байдаг гэж үү! Бид нэгэнт л тиймэрхүү этгээдүүдэд өөрийнхөө амьдралыг захирах эрх өгснөөс хойш бүх юм дуусч, тэд биднээр ёстой тоглох шиг болно. Уг нь иргэд тэдний өмссөн цагаан цамц, зангианд хууртагдах ёсгүй. Тэдний энэ хуурамч дүр төрхийн цаана хамгийн аймшигт гэмт хэргүүд нуугдаж байдаг. Шамшигдуулж буй өмч хөрөнгө, авилга, албан тушаалын гэмт хэргийг нь сонсох юм бол хармааны хулгайч, дээрэмчин, архичид хэчнээн өчүүхэн, гэнэн цайлган, гэмгүй амьтад болох нь мэдэгдэнэ. Эрхтэн ямбатнуудад хууль үйлчилдэггүй ийм ний­гэм нэртэйгээр нь үндсэн хуулиндаа “дарга болон хөрөнгөтэй хүмүүст хууль үл хамаарна” (“Энэ хууль И.Б.Титогоос бусдад нь хамаарна” гэдэг шиг) гэсэн заалт оруулчихвал амар. 

    Хуулийг хууль болгох арга замын тухай Кант “Тухайн хүн бусад маань ч гэсэн над шиг хийгээсэй гэсэн байдлаар үйлдэх” нь сайн хуультай байх үндэс гэж үзсэн. Гэтэл бид муу хуульчдын боловсруулсан муу хуулийг биелүүлэх ёстой болж байна. Ийм хууль-ёс хүн-ёсыг байнга зөрчиж, хүмүүсийн амьдралыг там болгодог билээ. Муу хууль үйлдвэрлэдэг улс оронд хуулийг яс баримталдаг хүн байна гэж бодоход аймшигтай! 

    ГУРАВ ХОНОГИЙН НАСТАЙ МОНГОЛ “ХУУЛЬ”

    Бидний хууль гээд байгаа тэр зүйл бол цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний захиалга, түүнийг хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа гишгэчихэж болдог “гурав хоногийн настай зүйл” гэдгийг бүгд мэддэг. Тийм ч учраас жирийн иргэдээс эхлээд төрийн хамгийн дээд өндөрлөгтөө хүртэл хуулиа зөрчиж байдаг. Зөрчинө гэдгээ бүгд мэдсээр байгаа мөртлөө “хуулиа дээдэлнэ” гэж ярьдагт бидний увайгүй (худалч) шинж оршиж байгаа юм. Монголын хууль хэл найруулга, утга санааны хувьд даанч муу! Ямар ч гэмт хэрэгтэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж, гуйвуулж болдог. Би латин хэл мэдэхгүй, гэхдээ ганц хоёр хуулийн томъёоллыг (англитай төстэй үг, логик тэр хэлэнд бай­даг учраас бага сага ойлгодог) харсан. Хэч­нээн логиктой, гүн гүнзгий агуулгатай импе­ратив байдаг гээч! Монголын хууль тийм биш байгаа нь үг-хэлэндээ байна уу, хуульчдадаа байна уу, сайн мэдэгддэггүй. Бараг хуульчдадаа байдаг болов уу гэсэн сэжиг төрдөг. Иймэрхүү хууль гаргадаг учраас Монголын хууль гурав хоногийн настай байдаг байх. 

    ХУУЛЬ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫН АЛИНД НЬ ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

    Хууль, ёс суртахуун хоёр зөрчилдөх үед иргэн ёс суртахуунаа дагах уу, хуулийг дагах уу гэсэн хүнд асуудалтай тулгардаг. Бастиа
    Хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй тэр хүмүүс л хууль-ёс ярьдаг. Хүн-ёсыг баримталдаг бүх хүн хэн нэгний зовж байж бүтээсэн зүйлийг хулгайлаад авчихаж болохгүй, дээрэм гэдэг бол өөрийн бүтээж чадахгүй баялгийг адгийн хар хүч ашиглан өөртөө авч буй хэрэг гэдгийг мэддэг. Ийм ойлголт, ёс журамтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй. Гэтэл хуулиар бүх амьдралаа зохицуулна хэмээн бодож байгаа тэр хүмүүс бол хамгийн аймшигтай субъектууд. Тэд бүх зүйлийг хуулийн призмээр хардаг. Магадгүй, аав ээж нь аваарт ороод амь нас нь агшин хором бүрээр тоологдож байхад хүртэл хэл хөдөлгөөнгүй зам дээр машинаа улаан гэрэл дээр зогсоох байх шүү, энэ “хуулийг баримтлагчид”! Хууль-ёсыг л зөрчихгүй бол хүн-ёс ч яамай. Тэд эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл хууль ёсны дагуу харьцана. Хууль ёсонд захирагдсан ийм гэр бүлд “хүн-ёс” гэж зүйл огт байдаггүй, тэд зөвхөн хуулиар олгогдсон эрхдээ л гол анхаарлаа төвлөрүүлдэг. Айл гэрийн хамгийн нандин зүйл болох хүн чанар, итгэлцэл, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож төрөлх инстинктээр нь байлгах энэ бүхэн тэдний хувьд хамгийн “хачирхалтай” зүйл. Хуулиар амьдардаг ийм гэр бүл огтоос гэр бүл биш мэт санагддаг. 

    Хуулийг дээдэлдэг хүн хуулиас өөр юунд ч итгэхгүй. Ажил хэрэг явуулахын тулд тэр хүнд “би нэр төрөөрөө тангараглая” гэж хэлэх юм бол ёстой хөх инээдийг нь хүргэнэ. Нэр төр, итгэлцэл гэдэг бол угаасаа ёс суртахууны ойлголт, нэр төр, итгэлцэл байдаггүй учраас хууль гарч ирдэг юм чинь. Тэгэхээр тэд хууль, тогтоол, шүүхийн шийдвэр гээд албан ёсны баримт л шаардана. Түүнийг нь дагаад нөгөө хүнд суртал, авилга гээд хүн-ёстой харшилсан зүйлс гарч ирдэг. Хуульчдын “эвгүй” шинж ердөө л энэ. Хэчнээн сайн хуульч байна, төдий чинээ аймшигтай. өмнө маань нэг л машин байгаа юм шиг. Уг нь ч ойлгомжтой л доо, хуульч хүн нүдээ боолгосон Фемида шиг байх ёстой, гэхдээ л… Миний бодлоор хууль мэднэ гэдэг бол түүнийг үг, үсэгчлэн цээжлэх явдал биш, түүний утга санаа, цаад логикийг мэддэг байх явдал юм шиг байгаа юм. Ийм хүн хуулийг сохроор дагахгүй, харин шүүмжлэлтэй хандаж чаддаг. 

    ХУУЛИЙН ЁС ХИЙГЭЭД ХYНИЙ ЁС

    Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун. Гельвеций
    Одоо нэгэнт бид ёс зүй гэж яриад заншчихаж дээ. Уг нь ёс суртахуун гэж яривал зөв юм шиг санагддаг. Харин ёс суртахууныг судалдаг ухааныг ёс зүй хэмээдэг (гоо сайхныг судалдаг ухааныг гоо зүй, сэтгэлгээний учир шалтгааныг судал­даг ухааныг учир зүй логик гэдэг шиг). За энэ ч яахав, мөн чанарын асуудал биш. Гол нь энд ёс суртахуун гэдэг бол хүн-ёс юм гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Ёс суртахуунгүйчүүд нэгэнт ёс суртахуунгүй учраас энэ асуудал тэдний хувьд ойлгоход үнэхээр хэцүү зүйлийн нэг мөн (Та бүхэн “совесть” гэдэг орос үгийг монгол хэл рүү орчуулж болдоггүй, учир нь монгол хүнд угаасаа совесть байдаггүй, тэгэхээр байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг байдаггүй гэсэн Галсан докторын яриаг сонссон байх). 

    “Ёс суртахуун гэж юу юм бэ?” гэсэн асуулттай олонтаа тааралдаж байлаа. Yүнийг хамгийн хялбар байдлаар тайлбарлах гэж оролдъё. Наад зах нь хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. “Өөрөөсөө айна гэж юу гэсэн үг юм, би өөрийгөө яах ч үгүй шүү дээ, би өөрийн хийсэн гэмийг хэнд ч хэлэхгүй” гэсэн бодолтой байвал болохоо болиод явчихаж байгаа юм. Өөрийн хийсэн үйлдэлд өөрөө дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг. Чоно нялх янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Адгийн алуурчид хэдхэн төгрөгний төлөө ядарсан нэгнийг алчихаад гэмшинэ гэж үгүй, учир нь тэр бас л чоно. Туслах бололцоотой байсан хэрнээ багын найздаа туслахгүй, тэгсэн хэрнээ гэмшдэггүй хүн байх, тэрээр бас л чонорхуу болж байгаа нь тэр. Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн яадаг вэ гэхээр гудамжинд ядарсан нэг хүнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчихөөд (жишээ нь, хүүхэдтэй, гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад нэг цаг ч гэсэн шаналж байвал “хүн” болж байгаа нь тэр. Гэтэл ямар ч увайгүй үйлдэл хийсэн огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, “хууль л зөрчихгүй бол боллоо” гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай. 

    Тэгэхээр Гельвецийн хэлснээр “Хүнийг хүн болгож бай­даг зүйл ёс суртахуун” юм бол “Хүнийг хүн биш болгож байдаг зүйл бол хууль”. Би дээрх жишээг гуйлгачин сэтгэлгээ, залхуу хойрго байдлыг дэмждэг учраас хэлж бай­гаа юм биш. Гэхдээ өөрөө хэдий буруугүй байсан ч “амьдралын арга эв” олдохгүй үе гэж байдаг шиг санагддаг. Уг нь ёс суртахуун гэдэг бол ойлгоход тийм ч хэцүү зүйл биш. Сайн, муу, нүгэл, буян гэдэг бол ямар ч үед амьдарч байсан хүний хувьд бараг априори ойлголт шүү дээ. Нөгөөх коммунистууд маань бүх юмыг гуйвуулж өөрчилдгөөрөө өөрчилж, сайныг муу, мууг сайн, нүглийг буян, буяныг нүгэл болгож орхисон болохоос. Тэднийхээр алдаж оносон эцэг, эхээ хууль, цагдаад очиж хэлсэн “морозовчууд” бол өөрөө өөрийгөө ялсан сайн үйлстнүүд. Гэтэл энэ нь ёс суртахуунлаг хүний хувьд гэмшсэнээсээ болж бараг амиа хорлом үйлдэл шүү дээ. Ер нь ёс суртахууны хувьд өөрийгөө ялна гэж байдаггүй юм. Хэрэв өөрийн гэмших сэтгэлийг ялах юм бол ямар ч юм хийхээс гудийхгүй, хийсэн хойноо юу ч болоогүй юм шиг зогсч байдаг, эгээ л нөгөө хүн-чоно болж байна гэсэн үг биш үү. 

    Түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан ард түмэн хүмүүнлэг байж чаддаг. Гэтэл бидний ёс суртахууны чин эрмэлзэл, норм (энэ нь хэм хэмжээ, “табу” гэсэн үг юм шүү дээ) үргэлж буруу байдаг. Ганцхан жишээ татахад, “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийг бид үргэлж хамгийн сайн хүнээр төсөөлдөг. Гэтэл тэр маань өөрийн хэргийг гүйцэлдүүлэхийн тулд өөртөө хайртай хүний (Гэрэл) хайр сэтгэлийг далимдуулан үхэл рүү түлхэхээс сийхгүй нэгэн байсан шүү дээ. Мөн эхнэр Долгор ба Буян чавганцад гаргасан зан ааш нь ч ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол тийм аятайхан зүйл биш санагд­даг. Мөн бидний бахархдаг өөр нэг хачин жишээ татахад, газраас олсон нэг тоглоом, барьсан нэг загаснаас болж ахан дүүсийн хооронд үргэлж шахуу гарч байдаг мар­гаанаас болж нэгнийгээ харваад алчихаж байгаа хүн (Чингис) тийм сайн хүн мөн гэж үү! 

    ХУУЛИЙГ ДЭЭДЛЭГЧ ХYН

    Ийм хүн өөрөөсөө айна гэж байхгүй ганц айдаг зүйл нь хууль. Гэтэл тэр х хамгийн аймшигтай оюун санааны гэмт хэрэгтэн байж ч болдог. Өөрөөр хэлбэл өч төчнөөн гэмт хэргийг хэдийнэ оюун санаандаа үйлдчихсэн байдаг. “Тэр муу намайг их шүүмжлээд байгаа юм, чадчих юмсан”, “Энэ яасан их баяждаг золиг вэ, мөнгийг нь хулгайлаад хоосруулж орхих юмсан” гэх мэт өдий төдий гэмт хэргийг оюун санаандаа үйлдэнэ. Гэхдээ тэрээр “хуулийг дээдэлдэг хүн” учраас энэхүү гэмт бодлоо гадагш гаргаж, амьдрал хэрэгжүүлж болохгүй гэдгээ сайн мэддэг, үнэндээ тэд ирээдүйн гэмт хэрэгтэн буюу “бололцоо” нь таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд мөн. Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд тийм хүмүүст хариуцлага тооцох арга байдаггүй (хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч гэсэн амьдрал түүнийгээ хэрэгжүүлээгүй учраас). 

    ЁС СУРТАХУУНЛАГ ХYН

    Харин ёс суртахуун нь гэмт хэрэг хийгээгүй ч оюун санаандаа тийм нүгэлт зүйл бодсоных нь төлөө тухайн хүнийг яллаж байдаг (Энд шашны тухай яриа гарч ирнэ. Yнэндээ Бурхнаас айх, өөрөөсөө айх хоёр нь эрс өөр зүйл. Энэ нь маш сонирхолтой ч гэсэн манай сэдвээс арай гажсан сэдэв учраас энд дэлгэрэнгүй өгүүлэхээ азнахаар шийдэв). Ёс суртахуун, хууль хоёр ялгаа эндээс тод харагдана. Хууль хүний гадагш гарсан үйлдэл дээр үйлчилдэг бол ёс суртахуун нь хүний гадагш гарсан үйлдэл дээр төдий дотоод оюун санаанд нь үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун нь хүмүүсийн дотор оюун санаандаа ч тийм нүгэлт бодол агуулахыг ч зөвшөөрдөггүй гэсэн үг. Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ. Ёс суртахууны хүчтэй тал гэдэг бол ердөө л энэ. 

    Ер нь юу зөв, буруу болохыг эрүүл, логиктой сэтгэдэг хүн хуультай хуульгүй ойлгож байдаг юм билээ. Тийм ч учраас АНУ-д “тангарагтны шүүх” гэж хуулийн боловсрол-мэдлэггүй атлаа шүүх дээр хам­гийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн нэгэн институт ажилладаг. Тэд хуулийн мэдлэг боловсролгүй ч, ажил амьдралын их туршлагатай, хэвийн сэтгэдэг, шударга зан чанартай хүмүүс байдаг. Тэд тухайн яллагдагчийн “буруутай” (эсвэл буруугүй) болохыг шийдэх бөгөөд шүүгч зөвхөн тэр шийдвэрийг хуу­лийн өмнөөс хэлбэржүүлнэ. Тэгэхээр “тангарагтны шүүх” гэдэг бол бидний ярьж буй зүйлтэй логикийн хувьд утга авцалдах сайн процедур мөнөөсөө мөн. 

    ЁС СУРТАХУУН БОЛ ЖИНХЭНЭ ХУУЛЬ МӨН

    Нухацтайхан эргэцүүлээд үзэх юм бол нийгэмд “rule of law” биш, “rule of justice” ноёрхож байх ёстой юм шиг санагддаг (Энэ хоёр ойлголт хоорондоо хэр зэрэг авцалддаг тухай асуудал мөн л судалгааны тусгай сэдэв болох тул хойш тавихаас өөр арга олдсонгүй). Өөрөөр хэлбэл, нийгэмд хууль ёс биш, зүй ёс ноёрхох ёстой. Гэтэл амьдралын утга учир, хуулийн амин сүнсийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүнийг цагдаа гудамжинд зогсоочихоод, биеэ хэрхэн авч явах талаар зааж сургаж, зандарч айлгаж байдаг хачирхалтай нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Ухаандаа хууль, ёс журам мэддэг хүн “ёс журамгүй хүндээ” хэрхэн амьдрахыг зааж өгч байгаа нь тэр. Даанч гутамшигтай байгаа биз! Эвгүй нийгэм гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм. 

    Манай нийгэмд хууль биш ёс суртахуун дутагдсанаас болж аймшигт гэмт хэрэгтнүүд өсч бойжсоор байна. Тэгэхээр хуулийг ёс суртахуунгүй хүнд хэрэглэх юм бол тэр нь “хууль ёсны хууль” болно. Хууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуулийг хууль болгодог хууль хэрэгтэй. Хуульчдын хувьд хууль нь үндсэн хуулинд таарч байвал хууль болдог бол бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж сая хууль болно. Эцэст нь давтан хэлэхэд, хуулиас дээгүүрх хууль гэдэг бол ёс суртахуун (жинхэнэ хууль бол ёс суртахуун) гэдгийг хүн бүр ухамсарлавал энэ нийгэмд эрүүгийн гэмт хэрэг төдийгүй бусад ёс бус байдал ихээхэн багасах байх даа гэсэн найдвар сэтгэлийн минь мухарт байдаг. 

    Ардын эрх сонин 179 /457

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Нью Медиа” хөгжүүлэх клубыг үүсгэн байгууллаа

    Нью Медиа Группын нийгмийн хариуцлага болгож нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллаж өөрийгөө чадваржуулах зорилготой оюутан залуучуудад зориулсан хөгжлийн клубыг байгууллаа.

     

    “НЬЮ МЕДИА” ХӨГЖҮҮЛЭХ КЛУБ

    КЛУБЫН ТУХАЙ
    Нью Медиа Группын /http://thenewmediagroup.co/ нийгэмд чиглэсэн төслүүд дээр ажиллах сонирхолтой сайн дурын оюутан, сурагчид, залуучуудын нэгдэл юм. Нью Медиа группын үнэт зүйлийг ойлгож, энэхүү гэр бүлд багтаж хамтран ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, хувийн чадвараа сайжруулах, карьераа өсгөх хүсэл эрмэлзэлтэй оюутан сурагчид, залуучуудад нээлттэй байна.

    ЗОРИЛГО
    Бодитой төслүүдэд оролцож чадваржих боломжийг бүрдүүлэн ирээдүйтэй чадварлаг чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, Залуусын зөв хүрээллийг үүсгэн улмаар тэдгээр залуус нь нийгэмдээ эерэгээр нөлөөлөх.

    ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, НИЙГМИЙН ЗАХИАЛГА
    1. Сайн багтай хамтран ажиллаж, нийгэмд чиглэсэн төслүүдэд ажиллаж өөрийгөө сорих, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутан, сурагчид олон байдаг. Тэдэнд өөрийгөө нээх, өөрийгөө нээж хөгжүүлэх, өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхийн тулд аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох боломжийг олгох нь чухал юм. 
    2. Оюутнуудад ирээдүйн ажлын байраа бэлдэх, өөрийгөө таниулах, өөрийн карьерийг өсгөх боломжийг олгох
    3. Зөв хүрээлэлд орж танилын хүрээгээ нэмэгдүүлэхээс гадна, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх.
    4. Мөн гадаад сурч ажиллаж байгаад ирсэн залуусдаа нийгмийн идэвхитэй хүрээнд орж нийгэмших, нийгмийн хүрээгээ тэлэх боломж юм.

    ГИШҮҮНИЙ ЭРХ / ДАВУУ ТАЛ
    1. Нийгэмд чиглэсэн төслүүдийг удирдах
    2. Үйл ажиллагаануудад оролцох 
    3. Компанийн үнэт зүйлийн өдөрт оролцох
    4. Компаниас зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах
    5. Зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцох
    6. http://newmediacreativestudio.com/ с бүтээж буй реклам сурталчилгаа, клипэнд өөрийн сонирхолоор оролцох.

    НИЙГЭМД ЧИГЛЭСЭН АЖИЛЛАЖ БОЛОХ ТӨСЛҮҮД
    1. “Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөн www.zarlig.bizhttps://www.facebook.com/zarlig
    2. Монгол блогчид – цахимчидын хамгийн том цугларалт www.mongolbloggers.org;https://www.facebook.com/mongolbloggers
    3. Нээлттэй боловсролыг дэмжих Нээлттэй их сургууль http://newmediaopenuniversity.org/
    4. Жиргээчдийн хөтөч www.Jirgee.com
    5. Нийгмийг эерэгээр өөрчлөх гоё мэдээллийн портал www.news.goy.mn
    6. Реклам сурталчилгаанд тоглож, өөрийгөө сорих. https://www.facebook.com/NMCSteam

    БҮТЭЦ
    Зохицуулагч болон гишүүд гэсэн хэвтээ тогтолцоотой клуб байна.

     

    Клубт элсэх сонирхолтой оюутан залуучууд
    https://facebook.com/groups/NewMediaClub/ групп болон info@nmma.co хаягаар өөрийн СиВи-гээ илгээнэ үү.

     

    The New Media Group
    Нийгмийн хариуцлагын баг
  • Хүүхдийн хөгжил ба уламжлал шинэчлэл

    УДИРТГАЛ
    Монгол улс маань зах зээлийн эзийн засагт шилжиснээс хойш чамгүй хугацааг үдсэн ч одоог хүртэл хүүхдийн эрх, хөгжил хамгааллын талаар нэгдсэн бодлого боловсруулаагүй урсгалаараа явж байгаа гэх хэлж болно. Нүүдлийн соёл иргэншлээс, суурин соёлруу шилжих энэ явцад хүүхдийн эрх ихээр зөрчигдөж, өөрийн хууль ёсны үндсэн эрхээ ч эдлэж чадахгүйл хүрээд байна. Нарны хаан хүүхэд, Нэгдүгээрт хүүхэд гэхчилэн чихэр шиг сайхан үгийг томчууд бид хэлдэг ч тэр бүр хүүхэддээ анхаарал хандуулж тэдний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Манай орон НҮБ-д 1969 онд элсэн орж, улмаар хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн ч одоо хирнээ хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулах бизээ. Нийгмийн байдал өөрчлөгдөн сайжрахыг хүлээвэл одоо гудамжинд байгаа багачууд эрийн цээнд хүрч эх орны маань ирээдүй Африкийн дорой орнуудтай адил хэмжээнд очихоор барахгүй тэднээс дордож ч магадгүй юм.
    Өнөөлөр монгол улсын хэмжээгээр албан ёсны бүртгэлтэй 68 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн талаас илүү хувь нь буюу 35 орчим мянган хүүхэд хүнд хүчир ажилд нухлагдаж байна гэсэн тоог энэ оны эхний улирлын статистк тоо мэдээнд дурьдсан байна. Тэгвэл албан ёсны бүртгэлгүй энд тэнд цагаар ажиллах, биеэ үнэлэх зэргээр шар нар бор хоногийг өнгөрөөж буй асар олон өсвөр насны охид, хөвгүүд байгаа нь ойлгомжтой. Жоншны уурхай, өлөн гэдэс боловсруулах цех, ундааны үйлдвэр, оёдлын үйлдвэрүүд, хувиараа алт олзворлох салбарт хүүхдүүдийг ажиллуулж хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин өгөх нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай жижиг компанид хэрэгтэй байж болох юм. Гэвч өнөөдөр манай улс ажилгүйчүүдээр баяжиж, ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус гадаадруу олноороо гаран ажиллаж байгаа нь хэнд ч ил асуудал.
    Монгол орны хөгжил дэвшлийн түлхүүр газар доорхи алт, эрднэсээ ухаж зарах,энд тэндхийн хөрөнгө оруулалтыг, зээл тусламжийг горилох зэргийн аль нь ч биш. Харин хүний хөгжил хамгийн чухал нөлөөтэй. Бид хүүхдүүддээ чанартай мэдлэг боловсрол, шударга үнэнийг ойлгох ухаан, амьдрах чадвар дадлыг суулгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг гүйцэж харах оюуны хөгжлийг өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ монгол орон хөгжин дэвшнэ гэж би боддог.
    Бид асар баян түүхтэй өв соёлтой хэдий ч хүүхдийн хүмүүжил, амьдрах нөхцөл бололцоог түүхийн аль ч цаг үед хангаж чадаж байсан орон гэж үзэж болох болов уу? гэсэн хэдий ч мэдээлэл технологийн гэсэн тодотголтой энэ зуунд хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Хэн ч харсан энгийн ёс заншил мэт санагдах хурдан морины уралдаан хүртэл хүүхдүүдийн ирээдүйг бүрхэг болгож байна гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй болов уу? Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүүхдүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхээр мини парламент хуралдуулж, чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага зэргийг нилээдгүй тоогоор зохион байгуулж төр засгийн түшээдтэй уулзаж зөвшилцсөний үр дүнд эмзэг бүлгийн хүүхдүүд тэдний дундаас хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд бага ч болов анхаарал хандуулж эхлээд байна. Мөн уламжлал гэж үзээд хэн ч тоодоггүй байсан хулдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийн асуудал сөхөгдөн бүгдээрээ биш хэдий ч ганц нэгээрээ үүнийг хүлээн зөвшөөрч үүнд бага боловч анхаарал хандуулж байгаад баяртай байна.
    Зөвхөн анхаарал хандуулаад зогсохгүй шийдвэртэй алхам хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас гарч ирж байна. Нийгтийн хөгжлийн хурдын гүйцэхийн тулд, гүйцээд зогсохгүй түрүүлэхийн тулд хүний хөгжил чухал. Нэгдүгээрт хүүхэд гэсэн аян яг одоо буюу 4-р сарын 29-өөс 5-р сарын 9-ны хооронд улс дачар зохион байгуулагдаж байна. Энэ аянаас хүүхдүүд илүү ихийг хожих ёстой. Харин хүүхдийн нэр барьж шоудагчид, өөрийн нэр хүндээ өсгөх, эрх мэдлээ ахиулах тоглолт битгий болоосой. Хүүхдийн гэсэн тодотголоор шийдвэр гаргах түвшинд очитлоо ахисан эрх мэдэлтэн олон бий. Гэсэн ч тэд ямар замаар, хаанаас яаж өндөрлөгт хүрснээ шууд мартдаг гэж хэлж болно. Хүүхдийн байгууллагууд борооны дараах мөөг шиг олширч байна. Тэд харин ажлаа л сайн хийж үнэхээр хүүхдийн төлөө ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
    ХҮҮХДИЙН ЭДЛЭХ ЁСТОЙ НААД ЗАХЫН
    ЭРХ ХАНГАГДАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
    Зах зээлийн эдийн засгийн тогтолцооруу орсноос шалтгаалан урьд өмнө байгаагүй олон нэр томъёо та бидэнд сонсогдож дуулдах болсон. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүнд нөхцөл дэхь хүүхдүүд, траншейны болон гэдамжны тэнэмэл хүүхдүүд гэсэн үгнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа хэдий ч яаг юунд анхаарал хандуулах ёстой, юуг өөрчлөх, ямар чиг шугамыг баримтлах вэ гэдэг дээр нэгдмэл байр суурь байхгүй өдий хүрч өнөөдөр хүүхэд наад захын эрхээ эдлэж чадахгүй томчууд биднээс нүдэндээ нулимстай алгаа тосон аврал эрж байна.
    Хүүхдийн амьдрах салшгүй эрх гэдэг нь эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас түүнд угаас заяасан салшгүй үндсэн эрх юм. Амьдрах эрх нь наад захын өлсгөлөнгөөс ангид байж, эрүүл саруул орчинд амьдрах эрхээр хангагдах ёстойг хэлх нь зөв болов уу? Гэвч өнөөдөр та бидний дунд хичнээн хүүхэд орох оронгүй тэнүүчилж, хог түүж, гуйлга гуйж, тэр ч бүү хэл хулгай дээрэм хүн амины гэмт хэрэгт холбогдож байгааг та бид телевиз радиогоор чихээ дөжиртөл сонсож байгаа билээ. Шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс нь Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай ашигт малтмал хэмээн хэрэлдэж суухад жинхэнэ хөгжлийн гарц, ирээдүй болсон үр хүүхэд маань боловсрол, мэдлэг, нийгмээс тусгаарлагдан цагаан давааны хогийн цэг, траншей, орц хонгилд нийгмээс гээгдэн үлдэж байна. Энэ байдал хэдийгээр хөдөө орон нутагт төвлөрсөн хот сууринг бодвол гайгүй байнаа гэж хэлж болохоор байгаа хэдий ч хөдөөнөөс хотруу чиглэсэн их нүүдлийн улмаас хотод орж ирсэн, харъяалал нь тодорхойгүй, шилжүүлэг байхгүй гэсэн аар саархан шалтгаанаас болж сургуульд суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай.
    Монгол улс үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, мэдлэг боловсрол олж авах эрхтэй гэж заасан хирнээ амьдралын мөр хөөж хот хүрээ бараадсан нэгэндээ ийн хандаж байгаа нь хүний эрх, цаашлаад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байгааг та бид бэлхнээ ухамсарлаж ойлгох цаг ирсэн. Налайхын уурхай, энд тэндхийн алтны нинжа гэгдээл байгаа хүмүүсийн тал илүү хувийг нь хүүхэд эзэлж, гэр орныхоо амьдралд хувь нэмэр оруулахаар бяцхан нуруун дээрээ томоос том ачааг үүрээд нийгмийн хөгжлийн араас аврал эрэн алхаж байна.
    Өнөөдөр гэр орноо тэжээхээр олон зуун хүүхэд сургуулий хаяж томчууд, эцэг эхийнхээ хоногийн хоолыг залгуулж байгаа нь хөдлөшгүй үнэн. Тэр үнэнтэй бид аль хэдийнээ эвлэрч өнөөдөр тэднийг ярих хэлэх хүнгүй болоод байна уу даа гэсэн эмзэглэл төрдгөө нуух юун. Хүүхэд гэр бүлийн бүх гишүүдийн адил тэгш эрхтэй гэж гэр бүлийн тухай хуульд заасан хэдий ч хуучин ёс заншил, болон бусад хүмззсийн хандлагаас шалтгаалан өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, орчин нөхцөлгүй байна. Хотоос алслагдсан дүүрэг гэгддэг Багануур одоогоор 20 гаруй мянган хүн амтай. Тэдгээрийн 13000 орчим нь 0-18 хүртэлх насны хүүхэд. Тал орчим хувийг хүүхэд эзэлж байгаа хэдий ч тэднийг чиглэсэн дорвитой зүйл нэг ч хийгдэхгүй байгаа гэж хэлж болно.ажилгүйдэл ядуурал газар авлаа гэж ярих нь ихэссэн ч түүний цаана байгаа хүүхдийн асуудал хойш тавигдсаар байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг.
    Сэтгэл зовоосон олон асуудлууд үүгээр зогсохгүй. Насанд хүрээгүйчүүдийг хил давуулан зарах, хүний хууль бус наймаа млнголд цэцэглээд байна. Саяхны нэгэн жишээ дурдъя. Хятад эрчүүдтэй ханилан тэдний нутгийг зорьсон хэсэг бүсгүйчүүл эрээн хотын консул дээр аврал эрэн ирээд эх орондоо эргэн ирснийг санаж байгаа байх. Тэдний дунд өөрийн үр хүүхдээ хужаа хүнтэй хүчээр суулгасан, нөхөр нт хүүхдийг нь зарчихсан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байсан. Амьдралын эрхээр гээд өмгөөлж болох хэлий ч эцэг эхийн болчимгүй алдаанаас болж хүүхдүүд бэлгийн мөлжлөг, боолчлол дунд амьдрах ёсгүй.
    Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлээс хамгаалах гэх мэтчилэн хүүхдийн гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус олон байгуллага бий болж байгаа нь сайшаалтай хэдий ч хүүхдийн нэрээр бизнес хийх, хандив тусламж цуглуулах байдал нилээдгүй байгаа гэж би өөрийн хувьд дүгнэдэг. Энэ бүгдийг нийгмийн хөгжлийн байдаг л нэг үзэгдэл мэтээр тайлбарлагсад олон. Манай орон дагуулж биш дагаж хөгжиж байгаа орон. Бусдын алдааг давтах биш, харин суралцах хэрэгтэй. Гэсэн ч энэ бүгдийг түр орхиод та бүхний анхаарлыг өөр тийш шилжүүлье. C
    УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ
    Манайхан сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, түүнийаюулгүй байдлын талаар санаа зовниж эхлээд байгаа. Энгийн, эцэг өвгөдийн уламжлал мэт боловч угтаа хамгийн ихээр энд л хүүхдийн эрх зөрчигдөөд байна уу даа гэж боддог. Уламжлалаа дээдлэх нь бидний эрхэм үүрэг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Уламжлалаа сайжруулан шинэчлэх бус харин хүүхдийн эрхийг ихээр зөрчиж байгаа зүйл бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. Эрт дээр цагаас үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, хурдан морь, бөх, сэр харваагаар наадаж ирсэн уламжлалыг үгүйсгэж болохгүй хэдий ч одоо цагт уламжилж ирсэн соёлыг гажуудуулах нь ихсээд байна уу даа гэсэн эмзэглэлийн хүмүүст ихээр төрүүлэх болоод байгаатай та ч бас санал нэгдэх болов уу? Гэхдээ өвөг дээдэс маань наадмыг зуны дэлгэр цагаар хийж баярладаг байсан бол одоо жилийн дөрвөн улирал алгасалгүй шахам наадам хийж байгаа бөгөөд энэ явдал нь хүүхдийн эрхийг хөндөхөөс өөр өргөгүйд хүргэж байна. Юуны түрүүнд өвлийн тэсгим хүйтэнд хүүхдийг хурдан морь унуулж байгаад анхаарал тавих хэрэгтэй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн ч дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй хорм хормоор урагшилж, тэр хирээр хүний эрх, эрх чөлөөний асуудал яригддаг болсон компътержсэн, мэдээллийн эрин зуунд бид амьдарч байгаагаа мартах учиргүй.
    Сайхан дээл өмсөж, ганган эмээл тохсон мөнгөтэй хүмүүсийн зугаа нь морин уралдаан болсон гээд хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Унаач хүүхдүүдийн эрх ашгийн талаар яриад ирэхээр цалин хөлс өгдөг, эцэг өвгөдийн уламжлал гээд олон зүйлийн тайлбар тавьдаг. Гэвч зун өвлийн зургаан сардаа халуунд халж, хүйтэнд хөрж ажилгүй арчаагүй эцэг эхээ тэжээдэг хуруун чинээ хүүхдүүд олон байгааг нуух хэрэггүй. Хурдан морь унаач хүүхдийн сарын цалин 40-50 мянган төгрөг байдаг. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хавьгүй бага байгаа бөгөөд тэднийэрүүл мэнд, аюулгүй байдал дэээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад амь нас нь үнэгүйдэж байгаагийн томоос том илрэл болж байна.
    Дундажхан хэмжээний нэг наадамд зөвхөн их насны 400-500 орчим морь уралддаг гэж үзвэл түүний цаана төдий тооны хүүхдийн хувь заяа яригдах учиртай. Миний мэдэхийн л Багануур дүүргийн сүүлийн хоёр жилийн наадмаар 3 хүүхэд амь насаа алдсан. Борооноор уралдаж явсан хүүхэд аянганд ниргүүлж унаж явсан морьтойгоо газар дээрээ амь үрэгдсэн. Мориноосоо унаж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо тоймоо алдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2005 онд “Үндэсний баяр наадмын” тухай хууль батлагдсан ч энэ хуулинд тэдэн морь нь түрүүлбэл уяачид тийм цол өгнө, тэд давбал бөхөд тийм бай өгнө гэхчилэн зааснаас бус хатуухан хэлбэл амиа золиосолж байгаа хүүхдийн тухай тийм ч тод томруун заагаагүй юм шиг. Өвлийн уралдаанаар хүүхдүүд хацар, гар, хөлөө хөлдөөх нь бүр хэвийн үзэгдэл.
    Ингэхэд улс орны маань хөгжил хаашаа яваад байнаа. Хүүхэдгүй ирээдүй гэж лав үгүй. Баярлаж цэнгэхийн тулд бяцхан иргэдийнхээ ирээдүйгээр дэнчин тавихаа зогсоовол яасан юм бэ? Уламжлалаа дагаад зунд нь ядаж морио уралдуулъя. Өвлийн уралдааныг хориглож, зуны морин уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийг хамгаалалтын малгай, иж бүрэн хувцастай болговол яасан юм бэ? Жилийн жилд уралдах моридын тоо нэмэгдэж улсын их баяр наадмаар нэг насанд 500-600 морь уралдаж байгаа бөгөөд моридыг холын аймгуудаас тээвэрлэн авчирч уралдуулдаг болсноор тоо улам их өсөж байна. Олон морь уралдах тусам хүүхдэд учрах эрсдэл ихсэж байна гэж ойлгож болох юм. Аймаг, сумын наадамд цөөхөн тооны морь уралддаг болохоор хүнээс хамаарах эрсдэл багасаж, байгаль цаг уур сайхан байвал наадам сайхан болдог. Харин улсын гэдэг утгаараа цол, чимэг өгч хөдөлмөрөө үнэлүүлдэг учраас олон арван уяач хотыг зорьж наадах болсныг үгүйсгэж болохгүй хэдий ч морь дагасан олон машин, олон хүний хөл үймээн гээд хүний хүчин зүйлээс шууд хамаарах эрсдэл ихсэж байна гэж ойлгож байна. Бид хүүхдийн амь насаар дэнчин тавьж наадах эрхгүй. Бооцоотой бооцоогүй олон уралдаан хаа сайгүй жалга дов болгонд дөртөн цагийн эргэлтэнд болж тэр хирээр унаач хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх болоод байна.
    Гэмтэл бэртлээс гадна өтөл хөврын уралдаанд оролцохын тулд хүүхдүүд хичээлээсээ түр болон бүр мөсөн завсардаж байгаа билээ. Эцэг өвгөд маань өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэлцдэг. Хурдан морио унуулах гэж үр хүүхдээ сургуулиас завсардуулж, эсвэл таван төгрөгний цалин горилж хүүхдээ морь унуулж байгаа хүмүүс энэ үгийг санахад илүүдэхгүй. Сүүлийн хоёр жил хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын олон байгууллагууд хамтран тэмцсэнээр унаач хүүхдүүдийн эрх ашиг бага ч болов яригдаж байгаа нь талархууштай. Хамгаалалтын малгай өмсгөж уралдана гэсэн дүрэм байдаг хэдий ч одоо болтол монголын хууль гурав хоног гэдгийн үлгэрийг үзүүлж байна. Зовлон тоочихоос түр орхиод шийдвэрлэх арга зам байгаа эсэхийг яръя.
    ҮҮНИЙГ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?
    ХЭНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ ВЭ?
    Шийдэгдэхгүй асуудал гэж ер байхгүй. Ямар арга замаар яаж шийдэх вэ гэдэг л хамгийн чухал Өөрийнхөө сайн сайхны төлөө, өөрийн эрхээ хамгаалахынтулд юуны өмнө унаач хүүхдүүдийн оролцоо хамгийн чухал болов уу? Өөрсдийгөө эрсдэлгүй байлгахын тулд морины эзэнтэй аюулгүй байдлын гэрээ байгуулах, хувцас хэрэглэлийг ном журмын дагуу өмсөж уралдахыг санал болгох, даатгуулах, хичээлд явах цагийг тусгайлан гаргаж өгөх, цаашилбал суралцах таатай нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэх хэрэгтэй.
    Томчууд ч бас өөрийн гэсэн ухамсартай хандаж унаач хүүхдүүдийн нийгмийн байдал, тэдлэг боловсролд нь анхаарал тавьж үүнийгээ нэр төрийн хэрэг хэмээн бодууштай. Яагаад гэвэл манлай уяач, гарамгай уяач гэсэн сайхан нэрнээс гадна морио унаж байгаа хүүхндийн аюулгүй байдлыг хангаж шинэ залуу уяачиддаа үлгэр дууриал үзүүлбэл яасан юм бэ? Гоё дээл ганган эмээлээрээ бус хэн эрүүл саруул ухаанаар хүүхдээ, хүлгээ хайрлаж байгаагаар нь наадмын өнгийг тодорхойлохсон.
    Төр засаг маань баяр наадмын тухай хуулиа илүү ойлгомжтой нарийн болгож унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар нарийн дүрэм журам гаргах нь зүйд нийцнэ. Зөвхөн үүгээр зогсохгүй өвлийн болон хаврын уралдааныг хэрхэн яаж зохион байгуулах, ямар тохиолдолд хориглох зэрэг стандартыг тогтоож түүндээ хяналт тавьдаг байх хэрэгтэй. Ер нь уралдаан, наадмын зэрэглэлийг тогтоож тухай бүрт нь тохирсон нарийн стандарт тогтоож өгөх шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.
    Уралдаан зохион байгуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдийн хамгаалалтын хувцас, даатгал зэргийг уяачаас шаардаж тухай бүрт нь аюулгүй байдлыг хангуулж байх нь зүйтэй мэт. Тэгвэл энэ асуудал эерэгээр шийдэгдэж наадам маань сайхан болох болв уу? Үүний тулд бүгдээрээ эрвийж дэрвийхээрээ зүтгэх хэрэгтэй юм шиг. Ер нь энэ асуудал нь уяач болон наадам зохион байгуулж буй хүмүүсийн ёс зүйгээс шууд хамаарах бөгөөд хичээлээс хоцогдуулахгүй байх үүргийг уяач нарт өөрт нь шууд ноогдуулбал зохино. Шийдэх асуудал тодорхой арга зам нь бас тийм ч их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардхааргүй байхад яагаад өдийг хүртэл бид хүүхдийн амиар наадсаар байгаа юм бэ? Сайхан наадахын тулд тал бүрийн үүрэг оролцоо нэн чухал юм.
    ДҮГНЭЛТ
    Монгол орон маань хэдийгээр мал аж ахуйн орон боловч эрс тэс уур амьсгалтай, зун нь бүгчим халуун, өвөл нь тэсгим хүйтэн байдаг билээ. Байгаль цаг уурын онцлог, өнөөгийн хөгжил дэвшлийн хурдыг гүйцэж түрүүлэхийн тулд өв уламжлалаа хадгалахын дээр түүнийгээ хөгжүүлэн баяжуулах шаардлаг нэн тэргүүнд тавигдаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж байгаа энэ зуунд бид ч бас энэ асуудлыг эн тэргүүнд тавьж хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа билээ.
    Нэг үгээр хэлбэл өнөөдөр хот хөдөөгийн ялгаа асар их болж хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх байдал ч янз бүр байна. Хот суурин газрыэ хүүхдүүд интернет, техник технологийн хөгжлийг мэдрэн өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа бол хөдөөгийн хүүхдүүд их лсайндаа телевизээр хорвоог харж байна. Мэдээлэл олж авч байгаа хэмжээнийхээ хирээр өөрийн эрх үүргийг ухамсарлаж байна. Өнгөрөгч 2006 оны 3-р сард нийслэлийн 2-р дунд сургуулийн хэсэг хараагүй сурагчид өөрсдийн эрхийн иөлөө суулт хийсэн нь монголд анх удаа хүүхдүүд өөрсдийнхөө төлөө тэмцсэн тохиолдол юм.
    Хүүхдүүд томчуудын үгийг хууль мэт биелүүлэх ёстой гэсэн хатуу байр суурь өнөө хирнээ нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд гэр бүлд эзлэх хүүхдийн байр суурь асар хангалтгүй байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн ёс зүйн шалгуур дорой байгаагаас амьдралын боломж тааруу, эсвэл ямар нэгэн буруу зуршилтай хүүхдүүд сургуулиа хаяж байгаа нь тэдний хувийн нууцтай байх, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаагийн тод илрэл гэж үзэхэд хүргэж байна.
    Төрөөс хэдийгээр мөнгөн тэтгэлэг өгөх замаар зарим нэг асуудлыг шийдэх гэж оролдож байгаа хэдий ч энэ нь тийм ч оновчтой арга биш юм. Өнөөдөртөө болж байгаа ч маргааш гологдоход хргэх болов уу? Вакцинжуулалтанд хамрагдсан байх, сургууль завсардуулаагүй байх гэх мэтчилэн шаардлагуудыг тухайн мөнгийг өгөхөд тавьж байгаа хэдий ч энэ шалгууруудаас болж нөгөө л эмзэг бүлгийн халтар жаалууд нийгмийн халамжаас тусгаарлагдан хоосон хонож байна.
    Манай орон 2005 онд явуулсан хүн амын тооллогоороо 2,4 сая хүн амтай байсан. Хүчирхэг гүрэн байхын тулд эрүүл саруул ирээдүйтэй байх хэрэгтэй. Ингээд эцэст нь өөрийн хөндсөн хурдан морь унаач хүүхдийн эрхийн талаар товчхон дахин сануулъя. Жилийн дөрвөн улиралд наадаж түүний улмаас хичнээн хүүхэд тахир дутуу болж, тэр бүү хэл амиа алдаж байгааг үзүүлэх тодорхой статистк тоо баримт байхгүй байна. Энэ нь өнөөдөр хүүхдийн амь яаж үнэгүйдэж байгааг бэлхнээ хэлээд өгнө. Бид 1 тэрбумуулаа биш, 10 саяулаа ч биш. Дөнгөж л 3-н саяын босгыг алхаж ядан байна. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэсэн ч энэ нь хоосон үг болж байна.
    Бид морины нуруун дээр дарцаглан өссөн, монгол хүнийг мориноос салгаж ойлгож болохгүй, юун хүүхдийн хамгаалалтын малгай, хэдэн жаран дамнаад ингээд болж байсан юм гэхчилэн эсэргүүцэх хүмүүс захаас аваад гарч ирнэ. Гэсэн хэдий ч өнөөдөр цаг үе, хөгжил дэвшил бидэнд өөр шаардлаг тавьж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2006 оны тайланд дурдсанаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдтэй адилтган авч үзэх хэрэгтэй гэсний дээр тэдний эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Бид хүүхдийн эрхийг хүндэтгэн сайхан наадаж сайхан амьдарч болно гэж би боддог. Анхаарал тавьсанд баярлалаа.
  • “Ирээдүйн эзэд” клубын Өсвөр насныхны уулзалт

    Хүний хоёр дахь, дахин төрөлтийн үе гэгддэг өсвөр үе бол өөрийгөө олох, өөрийгөө болон амьдралын утга учир, үнэ цэнийг таньж мэдэх, улмаар үзэл бодол, үнэт зүйл нь төлөвших хамгийн чухал үе билээ.
    Бид өсвөр насны хүүхдүүдийн дээрх хэрэгцээг хангах үүднээс “Ирээдүйн эзэд” клубыг ажиллуулж байгаа бөгөөд тус клубын өсвөр насны гишүүдийн анхны уулзалт 2010.11.13 нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтанд оролцогчид хоорондоо танилцан, “Амьдрал” гэж чухам юу вэ? “Хүн юуны төлөө, яах гэж амьдардаг вэ” гэсэн асуултын дагуу өөрсдийн үзэл бодлоо хуваалцан, хүний дотоод хүч чадал, хүнд буй нөөц боломжийн тухай богино видео үзэж, ярилцан, улмаар хоёр баг болон оюуны тоглоомоор тоглон, нэг өдрийг баяр хөөртэй, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлцгээлээ.

    “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” клубын 9 – 12 насны буюу ӨСВӨР НАСНЫ гишүүдийн уулзалт Бямба гараг бүрийн 15 цагт, ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв дээр болно. Сонирхсон хүмүүс 8817 7575 утсаар лавлана уу?

  • ИНДИГО төв хүүхдийн тань ДОТНЫ ЗӨВЛӨХ

    Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол орчин нөхцөл, ойр дотны болон орчин тойрны хүмүүсийн харилцаа, хандлага.

    Тиймээс бид хүүхдийг хамгийн сайн сайхнаараа өсч хөгжих боломж, нөхцлийг бүрдүүлэх үүднээс эхийн хэвлийд буй үеэс нь анхаарал тавин ажиллахаас гадна, бяцхан хүүхэдтэй хамт өсч хөгжиж буй, харилцаа, хандлагаараа түүний зан чанар болон бусад төлөвшилд шууд нөлөө үзүүлдэг өсвөр насны болон залуу ах эгч, аав ээжид нь тус бүрийн онцлогтой холбоотой сургалтыг явуулж, клубын системээр байнгын тасралтгүй хөтөлбөр үйл ажиллагаагаар дамжуулан нягт уялдаатай хамтарч ажиллах болно /бид 2008 онд “ХӨГЖИЛ” хүний хөгжлийн төвийг нээн, өнөөг хүртэл өсвөр насныхан болон залуусыг хөгжүүлэх олон талын сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн туршлагатай/.

    Түүнчлэн бид “ИНДИГО” төвд хандсан хүүхэд бүхэнтэйгээ “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” клубээрээ дамжуулан байнгын холбоотой байж, бие, хэл, сэтгэлийн хүчийг нь сэлбэж байхаас гадна, амьдралын чухал үе болох өсвөр нас, залуу насан дээр нь ч хамт байж, сургалт, хөтөлбөртөө хамруулан, ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ болон ЭХ ОРНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭД болтол нь хамт байх байнгын холбоо харилцааг ИТГЭЛ дүүрэн санал болгож байна.

    Бидэнд итгэж, биднийг сонгон үйлчлүүлсэнд талархлаа. Та сэтгэл дүүрэн байж болно.

    “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв
    indigo_tuv@yahoo.com

  • ИНДИГО- Хүүхдийн хөгжлийн төв

    Манай төв 3-5 насны хүүхдүүдрүү илүүтэй анхаарал хандуулж ажиллах болно. Учир нь энэ насандаа, тухайн хүний ХҮН болох төлөвшилтийн 90 % нь бүрэлдэн бий болдог, хамгийн чухал үе юм.

    Ихэнх эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хүн болох хамгийн чухал энэ үед нь анхаарлаа төдийлөн хандуулж чаддаггүй учир, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ энэхүү чухал үеийг нь үр ашигтай өнгөрүүлж, хүүхэд бүхнийг өөрийн гэсэн үнэт зүйл, амьдралын зорилготой, өөртөө итгэлтэй, өрөөл бусдыг хүндэтгэж чаддаг, сайн мууг ялган салгах чадвартай, жинхэнэ ХҮН болгон төлөвшүүлэх үүднээс энэхүү төвөө нээж байна.

    Бид төвийнхөө үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх, эрүүл мэнд, зөв хооллолт болон эрүүл чийрэг бие бялдартай болгох, мэдрэмж, мэдэрхүйг хөгжүүлэх, урлан бүтээх үйл ажиллагааг хөгжүүлж бүтээлч чадварыг өсгөхөөс гадна хүүхдүүддээ, хүн бүр өөрийн гэсэн давуу талтайг ойлгуулан, өөрсдийх нь давуу тал, онцлогийг мэдрүүлэх, багаасаа “баг”-аар ажиллах дадал суулган, найз нөхдөөсөө суралцах, бас найз нөхөддөө сурсан, мэдсэнээ зааж өгөх боломж нөхцлийг хангах, хүүхэд хүүхдийнхээ дунд, найз нөхдөөсөө илүү их суралцдаг онцлогийг харгалзан, түүнчлэн хүүхэд бүхний дуртай тоглоом наадмаар нь дамжуулан тэднийг зөв төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

    Хүний төлөвшлийн 90% нь явагддаг, хүний амьдралын хамгийн чухал үе болох бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд нь саад болж бул хар чулуу мэт дээрээс нь даран өөртөө итгэх итгэлийг мохоон, амьдралын хүсэл тэмүүлэлгүй болгодог дөрвөн асуудлыг арилган, тэдэнд цоо шинэ дөрвөн боломжийг олгохоор байгуулагдан ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ болон КЛУБЫН СИСТЕМ гэсэн хоёр үндсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус төв нь цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй Өдөр өнжүүлэх болон Ирээдүйн эзэд клубтээ хүүхдүүдээ бүртгэж эхэллээ.

    Цогц хөгжлийн хөтөлбөрийн хувьд хүүхдийг багшийн удирдлаган дор баг болгон оюуны тоглоом, наадмаар тоглох явцад нь үгэн ухаан, дүрслэлт ухаан, логик ухаан, бүтээлч ухаан, биеийн ухаан, сэтгэл хөдлөлийн ухаан зэрэг хүний амьдралын хамгийн чухал зургаан ухааныг нь хөгжүүлэхээс гадна, өөртөө итгэх, багаар ажиллах, харилцааны чадварууд, ёс суртахуун, зан чанарыг төлөвшүүлнэ.

    Ирээдүйн эзэд клубын гишүүн 3 аас 5 насны хүүхдүүдийн хувьд 14 хоногтоо нэг удаа олон талт оюун ухааныг хөгжүүлэх цогц хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, улмаар тэдний өсч төлөвших орчин нөхцлийг бүрдүүлж буй өсвөр насны ах эгч болон, оюутан ах эгч нар, эцэг эх, асран хамгаалагч нарт нь сард нэг удаа тус бүр сэтгэлзүйн онцлог хийгээд, бага насны хүүхэдтэй хэрхэн харьцах, хэрхэн ямар хандлагаар өсгөж төлөвшүүлэх зэрэг хүүхэд, дүү нартайгаа харьцах харилцааны арга барил олгох, хувь хүний хөгжлийн сургалтанд хамруулна.

    Өсвөр насны хүүхдүүдийн хувьд Ирээдүйн эзэд клубын гишүүн болсноор сард нэг одоо “ӨӨРИЙГӨӨ ОЛОХУЙ” сургалтанд хамрагдах, Сард нэг удаа клубын найзуудтайгаа чөлөөт хөтөлбөрт хамрагдах, эцэг эх нь сард нэг удаа хүний хөгжлийн болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил олгох сургалтанд хамрагдаж байх юм.

     

    СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

    ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь шинэ зууны хүүхдүүдийн онцлогийг олон талаас нь оношилон, судалж, тэдэнд болон тэдний гэр бүл, эцэг эхэд нь зөвлөгөө өгөх зорилгоор мэргэжлийн сэтгэлзүйн багтай боллоо. Манай төв та бүхэнд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:

    Ганцаарчилсан зөвлөгөө
    1. Ганцаарчилсан анхны уулзалт зөвлөгөө
    2. Ганцаарчилсан хоёр дахь давтан зөвлөгөө
    3. Ганцаарчилсан сэтгэл засал /6 удаа/

    Хосуудад зөвлөгөө өгөх
    1. Анхны уулзалт зөвлөгөө
    2. Давтан уулзалт зөвлөгөө
    3. Курс зөвлөгөө засал /6-8 удаа/

    Гэр бүлийн харилцааны ажиглалт, зөвлөгөө
    1. Гэр бүл дэх сэтгэл зүйн ажиглалт
    2. Гэр бүлд өгөх зөвлөгөө
    3. Гэр бүлийн сэтгэц засал
    4. Шинээр гэр бүл бологсдод зөвлөгөө
    5. Хүүхэд хүмүүжүүлэх арга барилд өгөх зөвлөгөө
    6. Хүүхдийн хүмүүжлийг гэр бүлд нь төлөвшүүлэх

    Хүүхдэд чиглэсэн оношлогоо, зөвлөгөө
    1. Нярай насны /0-1 нас/ зөвлөгөө
    2. Балчир насны /1-3 нас/ зөвлөгөө
    3. Сургуулийн өмнөх насны /3-5 нас/ зөвлөгөө
    4. Сургуулийн бага насны /6-9 нас/ зөвлөгөө
    5. Өсвөр насны /10-18 нас/ зөвлөгөө
    6. 3-18 насны хүүхдийн сэтгэц оношлогоо
    7. Мэргэжил сонголтын зөвлөгөө
    8. Мэргэжил сонголтын оношлогоо, сургалт 

     

    Индиго хүүхдийн хөгжлийн төвийн суурин дээр Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл тББ байгуулагдан ажиллаж байна. 

    Утас 99158825, 88177575  цахим шуудан horloo_j@yahoo.com , хуудсаар 
    https://www.facebook.com/PreschoolEducationMN/
    холбогдоорой.

    ИНДИГО той хамт ИРЭЭДҮЙН ЭЗЭД ийг төлөвшүүлцгээе.

  • “Булчинлаг оюун” хөтөлбөр

    “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь “Булчинлаг оюун” хөтөлбөр юм.
    Бодибилдингээр тууштай хичээллэсэн, хэн бүхний булчин хөгждөгтэй нэгэн адил хүүхдийн оюуныг сонирхолтой олон хэлбэрээр байнга дасгалжуулснаар
    1.Үгэн сэтгэлгээ буюу ярих ухаан
    2.Дүрслэлт сэтгэлгээ буюу дүрслэлийн ухаан
    3.Логик сэтгэлгээ буюу логик ухаан
    4.Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч ухаан
    5.Биеийн ухаан
    6.Сэтгэл хөдлөлийн ухаан гэсэн тулгуур зургаан ухааныг нь улам бүр хөгжүүлж, СЭТГЭХ ЧАДВАР сайтай хүн болгож чадна.

    Бидний хүүхдүүд дээрх зургаан ухаанаа хөгжүүлснээр амьдралын орших үндэс болсон харилцаа, ойлголт, учир шалтгаан, оюун дүгнэлт, сэтгэл хөдлөл, биеийн байдал, харилцаа холбоо, мэдрэмжээ хэзээд, хаана ч зөв удирдан жолоодож, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай хүн болж төлөвшинө.

    Жич: “Булчинлаг оюун” хөтөлбөр нь дээрх зургаан ухаан тус бүр /дарааллаараа/харгалзан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудад байнга явагдана.

    Таныг хүүхэдтэйгээ хүрэлцэн ирэхийг уръж байна. Бидэнтэй холбогдох утас: 9915-8825

  • “МӨРӨӨДЛИЙН ЦАХИМ ХУУДАС” Мөрөөдлийг санхүүжүүлэх төсөлд урьж байна

    Нью Медиа Группын хамт олноос,

    Тодорхой нэг чиглэл, сэдэвт цахим хуудастай болох хүсэлтэй, сонирхолоороо нэгдсэн найзуудын мөрөөдлийг санхүүжүүлж цахим хуудсыг төлбөргүйгээр хөгжүүлэхбизнесийн зөвлөгөөмэргэжлийн студийн үйлчилгээгээр дэмжих уралдаант төслийг зарлаж байна.

    Оролцогчидод тавигдах шаардлага

    1. Ямар нэг сэдэв, чиглэлээр сонирхон бичиж нийтлэдэг байх.
    2. Тухайн чиглэлдээ цаашид ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй 3-с дээш найз нэгдсэн байх.
    3. Тухайн чиглэлээр файсбүүк хуудас хөгжүүлж 100-с дээш LIKE авсан байх.
    4. Насны хязгаарлалт байхгүй.

     

    Төсөлд оролцохын тулд та дараах материалыг бүрдүүлэн бидэнд илгээнэ үү

    1. Ямар чиглэлээр цахим хуудастай болж ямар зорилгод хүрэхийг тэмүүлж байгаагаа илэрхийлсэн “Бидний мөрөөдлийн цахим хуудас” эссэ.
    2. Цахим хуудсаа хэрхэн амьдруулж олон нийтэд хүргэх тухай төлөвлөгөө.
    3. Цахим хуудас чинь ямар өнгө төрх, хийцтэй байх талаарх төсөөллөө гараар болон програм ашиглан зурсан загвар.
    4. Багийн гишүүдийн танилцуулга, СиВи.
    5. Тухайн чиглэлээр хөгжүүлсэн файсбүүк хуудасны хаяг.
    6. Тухайн чиглэлээрээ бичиж нийтэлсэн блог нийтлэл, бусад мэдээллүүд.
    Материалыг 2012 оны 12 сарын 23 хүртэл хүлээн авна.

    Шалгарсан цахим хуудсыг хөгжүүлэх, бизнесийн зөвлөгөө, сургалтаар хангах, мэргэжлийн студийн үйлчилгээгээр дэмжиж та бүхний мөрөөдлийг бодит ажил хэрэг болтол нь хамтран ажиллах болно.

     

    Материалаа бүрдүүлж info@nmma.co хаягаар илгээнэ үү.

     

    The New Media Group
    http://thenewmediagroup.co
  • В.Ундраа: Тэвчээр шаардахгүй ажил гэж үгүй

    “Шинэ үе урлаг” нийгэмлэгийн зураач В.Ундраа саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан билээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөн энэхүү залуу бүсгүйтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

    -Үзэсгэлэнгийн тухай эхэлж ярих уу?

    -”Шинэ үе урлаг” бол залуу уран бүтээлчдийг дэмждэг нийгэмлэг. Бид хамтран зун бүр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд уран бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Зун жуулчид ихээр ирдэг үе тэдэнд Монголын уран зургийг танилцуулах боломж бүрддэг. Нөгөө талаас уран бүтээлчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зорилготойгоор жил бүр нэг уран бүтээлчийн бүтээлийг гаргадаг уламжлалтай.

    -Ямар сэдвээр зурсан бүтээлүүд байна вэ?

    -Ямар нэг сэдэвт баригдаагүй ээ. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн өөрсдийн ертөнцийг л дэлгэж гаргадаг.

    -Сүүлий үед залуус уран зураг ихээр сонирхож, зурах болсон. Үүнд манай ахмад зураачид болон “Шинэ үе урлаг” нийгэмлэг илүү үүрэг гүйцэтгэсэн болов уу?

    -Тийм ээ. Энэ их сайн хэрэг. Залуу уран бүтээлчид олон болж, урлаг сонирхдог хүмүүс нэмэгдэх тусам нийгмийн оюун санаанд дэвшил гарна. Энэ бол бидний хувь нэмэр гэхээсээ илүүтэй нийгмийн хөгжилтэй холбоотой. Ходоодны хэрэгцээгээ шийдэсний дараа оюун санааны хэрэгцээ урган гарна шүү дээ. Тэр үе нь одоо эхэлж байгаа болов уу.

    -Та хэзээнээс уран зураг сонирхох болсон бэ. Зураг зурахад мэдээж маш их тэвчээр шаарддагддаг байлгүй?

    -Аав минь урлагийн авьяастай хүн байсан. Уран зураг, сийлбэр, төөнүүр зэрэг урлагийн олон төрлөөр туурвидаг байсан. Би хүүхэд байхаасаа л аавтайгаа хамт олон зүйл хийдэг байлаа. Ер нь ямар ч салбарт ажилласан бай авьяас, хөдөлмөр, тэвчээр аль аль нь хэрэгтэйг хэлдэг. Амар хялбар, тэвчээр шаардахгүй ажил гэж үгүй. Гэхдээ хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чадах, өөрийгөө зориулж чадах тэр л зүйлээ олж хийснээр хөдөлмөрлөж байна гэсэн сэтгэхгүйгээр биш бүтээн туурвиж байна гэсэн аз жаргалаар амьдардаг.

    -Таны урын сан хэр арвин бэ?

    -Том жижиг нийлсэн 300 гаруй бүтээл бий.

    -Таныг уран зургаараа олон улсын шагнал авсныг дуулсан. Ямар бүтээлээрээ хүртсэн юм бэ?

    -Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн хоёр жил тутам болдог бөгөөд энэ жил Вьетнамд болсон үзэсгэлэнд нийт 23 орны 213 уран бүтээлч оролцсноос манайхаас 10 уран бүтээлч уран бүтээлээрээ өрсөлдсөн. Уг хөтөлбөрийн хүрээнд Вьетнамын Минн Лонг шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл дээр зураг зурах уралдаанд Б.Насанцэцэг дөрөвдүгээр, Э.Билэгт бид хоёр тусгай байр эзэлсэн. Манай зураачдын зургийг маш их сонирхож байсан. Уг үзэсгэлэнг миний бүтээлээр эхэлсэн нь азтай явдал болсон. Дашрамд хэлэхэд олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2014 онд Монголд зохион байгуулагдана. Соёл урлаг, бизнесийн байгууллагууддаа “Хамтраад сайхан зохион байгуулцгаая” гэж уриалмаар байна.

    -Энэхүү тэмцээн хэзээнээс зохион байгуулагдаж эхэлсэн юм бэ?

    -1993 онд анх Бээжинд болж байсан юм. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос зохион байгуулдаг. 2014 онд манай улсад болох гэж байгаа нь маш олзуурхууштай явдал болж байгаа. Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг нэгтгэж, уулзуулж, туршлага солилцуулах зорилготой бөгөөд тэмцээний үеэр ивээн тэтгэгч компаниуд уралдаан зохиодог юм билээ.

    -Таны цаашдын зорилгоос хуваалцаж болох уу?

    -Хүн бүр хүүхэд байхдаа хурц тод мэдрэмжтэй байдаг ч энэ нь амьдралын явцад тоосонд дарагдаж хөггүй болдог. Би өөрийнхөө бүтээлээр хүмүүсийн хүүхэд мэт цэвэр мэдрэмжийг дахин хөглөхийг хичээдэг. Энэ зорилгоо л хэрэгжүүлнэ. Хөггүй гитар шиг чахарсан, байгаа хүүхэд үеийн сэтгэлийг л хөглөх нь миний бүтээлийн амин сүнс болдог.

    -Зураг зурахын сайхан нь юундаа байдаг вэ?

    -Өөрийгөө үргэлж сонсч, өөртэйгээ л хамт бүтээн туурвидагтаа л байдаг. Нэг төрлийн бясалгал юм даа.

    -Хамгийн их тэвчээр, хөдөлмөр шаардсан бүтээлээ онцлохгүй юу?

    -”Хатад” гэж бүтээл бий. Сэтгэлдээ хүргэхийн тулд хоёр давхарлаж зурсан. Бараг хоёр он дамнаж зурсан. Уран бүтээлч бүр бүх бүтээлдээ л хайртай байдаг. Жижиг гээд чигчий хуруундаа дургүй хүн байдаггүйтэй адил.

    -Та ямар сургууль төгссөн бэ?

    -1998 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн монгол зургийн анги, 2005 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг тус тус дүүргэсэн. Өөрийн уран бүтээлээрээ дамжуулж хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ, аз жаргал, эрч хүч, энерги бэлэглэхийг хүсдэг эгэл нэгэн зураач бүсгүй. Хүмүүсийн сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмжийг сэрээж, өдөр бүр шинэ сэргэгээр амьдруулахыг хүсдэг.

    -Зурахаас өөр сонирхдог зүйл байгаа юу?

    -Амьтанд маш их хайртай. Ирээдүйд амьтны хүрээлэнтэй болно. Монгол хүүхэд бүрийн мөрөөдөл болсон баатартай комик ном бүтээнэ.

    -Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

    -Баярлалаа.

    Ч.СУВДАА

    Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

  • “Ням гариг” сэтгүүлийн “Найм дахь гариг”ын 8 асуултанд хариуллаа

    “Ням гариг” сэтгүүл “Найм дахь гариг” буланд тавигдах 8 асуултанд хариулт авсан юм. Товчхон хариулах ёстой байсныг нь би мэдсэнгүй дэлгэрэнгүй хариулсанаасаа болоод хариултаасаа ч нилээн тайруулсан байна. Хасаж нийтэлсэн нь зарим хариултын утга санааг бүрэн гаргаж чадахгүй байгаа учраас өөрийн блог дээрээ хариултаа бүрэн эхээр тавьж байна. Бас өөрийнхөө нэрийг бүрэн бичиж өгөөд байхад В.Ундрах гээд буруу биччихсэн байна лээ. Хэ хэ.

    1. Хүн амьдралдаа дээгүүр авч явах ёстой үнэт зүйл юу вэ?
    Би энэ амьдралд өөрийн утга учир, зорилготой ирсэн. Тиймээс юунд ч худалдагдахгүй, юунд ч өөрчлөгдөхгүй өөрийн үзэл бодол, хийгээд буцах ёстой үйл бүтээл маань миний үнэт зүйлүүд юм. Хоосон солонго мэт ашиг алдрыг хөөцөлдөх биш хийх ёстой зүйлээ нэр төртэйгээр хийгээд сэтгэл хангалуун хорвоогоос буцах нь миний нэр төр юм.

    2. Та хамгийн сүүлд хэзээ, хэнд захидал бичив. Нууц биш бол энэ юуны тухай байсан бэ?
    Австралид байдаг 8 жилийн найздаа е-майлээр захидал бичсэн. 14 жил уулзаагүй 10 жил хамт сурсан хамгийн сайн найз маань юм. 8 жилээ төгсөөд Үйлдвэр Урлалын сургуульд 2 жил хамт сурсан. Найз маань гутлын дизайнераар төгсөөд тэгээд л сураг тасарсан байсан. Саяхан е-майл хаягийг нь олоод багийн найзуудаа хааяа их санаж үгүйлдэг тухай, байнга холбоо харилцаатай байя гэж бичсэн. Яг одоо мессенжерээр ярилцаж байна.

    3. Яг одоо таны амны уншлага болтлоо аялж буй дуу юу вэ?
    Бүүвэйн дуу. Хүүтэй болоод 2 сар болж байна. Хүүхдээ хэвлийд бүрэлдэхээс нь бүүвэйлж эхлэвэл тайван, ухаалаг хүүхэд болдог гэж сонсож байсан. Тэгээд хүүгээ хэвлийд байхаас нь л аль болох өөрөө тайван байж, бүүвэйлж, намуухан ая сонсгодог байлаа. Миний сонссон зүйл худлаа биш байсныг туршлага батласан. Одоо хүү маань тайван зан араншинтай, уйлдаггүй хүүхэд болсон. Хүүгээ бүүвэйлэхэд би дэлхийн хамгийн уянгалаг дуучин болчихсон юм шиг л санагддаг. Бүсгүйчүүддээ хэлэхэд хүүхдээ заавал бүүвэйлж байгаарай гэж хэлмээр байна. Монголчууд бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд муу хүн болдоггүй гэж хэлэлцдэг юм билээ.

    4.Хэзээ өөрийгөө том хүн боллоо гэж бодсон бэ?
    Эх хүн болоод л тэгж бодсон доо.

    5. Таны тухай бусдын тэр болгон мэддэггүй нууцаасаа хуваалцаач?
    Хүүхэд байхдаа мундаг балетчин болно гэж мөрөөдөөд балетын дугуйланд явдаг байлаа. Тухайн үедээ майга хөлтэй байсан мөртлөө загвар өмсдөг байлаа. Хэ хэ. Одоо гэхдээ урлагийн хүн болоод л бийрээ бүжиглүүлээд л явж байна.

    6. Хэрэв таны амьдралаар Холливудын кино бүтээхээр болбол та өөрийнхөө дүрд хэнийг сонгох байсан бэ?
    Миний дүрд надаас өөр хүн тоглоод дэмий байхаа. Би өөрөө л тоглосон нь дээр байх. Намайг надаас сайн илэрхийлж чадах хүн байхгүй байх аа.

    7. Таны уран бүтээл, байнгын амьдралд мэдрэмж, мэдлэг хоёрын аль нь илүү шийдвэрлэх үүрэгтэй оролцдог вэ?
    Саяхан нэг ийм үг сонссон юм. Нэг мэргэн хүнээс, – Хайрлах чухал уу? Хайрлуулах чухал уу? гэж асууж гэнэ ээ. Мэргэн хүн нисэж буй шувууг заагаад “Энэ шувуунд 2 далавчных нь аль нь илүү чухал юм шиг байна” гэж асуултаар хариулжээ. Энд өгүүлж байгаачлан хүнийг бүрдэл хэсгүүдийг заавал дэс дараалалд оруулж дугаарлана гэдэг бол өөрөө өрөөсгөл юм. Чигчий хуруугаа жижиг гээд огтолдоггүй шүү дээ. Тиймээс тэр нь илүү, энэ илүү гэхгүйгээр тухайн нөхцөл байдалд хэмжээг тааруулах нь хамгийн чухал юм. Тухайн нөхцөл байдалд мэдрэмж ба мэдлэг нь өөр өөрийнхөө л үүргийг гүйцэтгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ 2 хоёулаа өөр өөрсдийнхөө үүргийг тэнцвэртэйгээр гүйцэтгэж байж л уран бүтээл ч төрнө, амьдрал ч үргэлжилнэ.

    8. Хаячихаж болдоггүй, хайртай муу зуршил тань юу вэ?
    Амьтан тэжээх. Гэхдээ муу зуршил гэж хэлж болно, хүсэл сонирхол ч гэж хэлж болно. Амьтанд маш их хайртай учраас загас, яст мэлхий, усан гахай, туулай, галуу, тахиа, нохой гэх мэт амьтадыг тэжээж үзэж байсан. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад сайн арчилж тордож чадаагүй учраас одоо тэд бүгд миний хажууд байхгүй байгаа. Одоо ч гэсэн гудамжинд таарах гөлөг бүрийг барьж аваад тэжээжихмээр санагдаад байдаг юм. Гэхдээ энэ муу зуршилаа давуу тал болгоод ирээдүйд амьтны хүрээлэн байгуулъя гэж бодож байгаа.