Author: admin

  • TED буюу Даян дэлхийд санаагаа хуваалцах боломж

    TED нь Technology, Entertainment, Design гэсэн 3 үгний товчлол бөгөөд 1984 оноос хойш “Даян дэлхийд санаагаа хуваалцая” уриан доор дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид болон сэтгэгчид жил бүр цугларан технологи, энтэртэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ юм.

    TED нь “Шинэ онцгой санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг бий болгосон юм. TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм. 2010 оны байдлаар 60 гаруй оронд 750 удаагийн TEDx арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

    TED-д оролцогч нь дэлхийн хэмжээний чухал сэдвүүдийг сонгож хүмүүсийн нүдийг нээсэн шинэ санал санаачилгыг дэвшүүлж 18 минутад багтаан хүмүүст хүргэдэг байна. Уг арга хэмжээнд Bill Clinton, Bill Gates, Google founders Larry Page and Sergey Brin, Malcolm Gladwell, Al Gore, Gordon Brown, Jane Goodall, Richard Dawkins зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчид, нобелийн шагналтнууд болон дэлхийд хүргэх шинэ санаа байна гэдгээ нотолж чадсан эгэл жирийн залуус хүртэл оролцож байсан байна.

    Танд ч гэсэн дэлхийд үнэлэгдэхүйц шинэ санаа байгаа TEDx-д оролцож өөрийн дуу хоолойг дэлхий дахинд хүргэх боломжтой ажээ.

    TEDTalks” буюу TED чуулга уулзалт дээр яригдсан асуудлуудыг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэх боломжтойгоор байрлуулдаг. 
    Монгол тайлбартай илтгэлүүдийг эндээс үзээрэй.

    Дэлгэрэнгүй мэдээллийг

    http://ted.com/
    http://tedxulaanbaatar.com/

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД 6: “Өвчний тухайд” дээд эрүүл мэндийн онол

    Хүний бие махбодь ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй нь орчлонт ертөнцийн үүсэх эх чанар, огторгуй, газар дэлхийгээс бүтэж бүрэлдэж, түүнд багтаж түүний харъяалалд оршдог шигээ тэр гурван их хүчийг дотроо агуулж үргэлжийн харилцаанд байдаг. Дээрх гурван оршихуй дотроо хэд хичнээн зэрэг дэвтэй ч бай ялгаагүй тэр л гурав байх болно. Орчлонт ертөнцийн үүсэл эх чанар л гэхэд: хэт чанар, хоосон чанар, мах бодилог чанар, завсрын чанар гэх мэт. Огторгуй: Глактик сансар, нарны ертөнц, тэнгэр гэх мэт. Газар дээрхи нь: Төрсөн хонд хурга тугалын, хонь бодын бэлчээр нутаг ус, эх орон, тив гэх мэт.

    Ийм гурван оршихуй хүчин нь хүний үүсч бүрэлдэхүй, төрж оршихуйг бүрэлдүүлэгч юм. Бас оршихуй орон зай, хөгжиж дэвжих боломж нь болдог төдийгүй, дотоод оршихуй нь болж шууд харилцдаг юм. Гурав гэж томъёолж байгаа оршихуйг тунгааж үзвэл оршихуй орон хоёр юм шүү дээ.

    Энэ бол монголын гүн ухааны арга билэгийн тусагдахуун гэдэг нь уншигч танд ойлгомжтой байгаа. “Философийн бүх шинж нь анагаах ухаанд ач холбогдлоо хадгалсаар байх тул философийг анагаах ухаанд, анагаах ухааныг нь философид нэвтрүүлэх ёстой” гэсэн Гиппократын үзлийг эргэн харж ухаалгаар хэрэглэх цаг нь болжээ. Хүн төрөлхтөн гүн ухаанаа мартсан нь, зам мөрөө алдаж төөрөгдөлд орсоноос өөр үр дүн гараагүй юм.

    Анагаах ухаан ч ялгаагүй. Гүн ухаангүй шинжлэх ухаан сохор шинжлэх ухаангүй гүн ухаан суурьгүй гэдэг. Бид мэлмийгүй анагаах ухаанаар зуугаад жил тэмтэчлээ. Ууранд ус нүдэх шиг үр дүнгүй их цаг алджээ. Товчоор хэлбэл уламжлалаасаа салсны гай. Монголын уламжлалт тэжээхүй ухаан нь гүн ухаантай бие сэтгэл шиг ялгаж салгахын аргагүй шүтэн барилдсан байдаг. Суурь онол нь арга-билэгийн ухаан. Түүнийгээ баяжуулж гурав таван махбодийн харилцаа хуулинд түшиглэн оношлох, эмчлэх арга барилаа боловсруулсан байдаг. 

    Өнөөдөр эрхтэн сольж суулгалаа. Амжилттай боллоо. Монголын анагаах ухаан өндөр хөгжлөө. Дэлхийн түвшинд хүрлээ гэх мэт ёригох нь анагаах ухаантай төсгүй мэт сонсогддог.

    Жинхэнэ анагаах ухааны хөгжил нь: Өвчин үүсэх учир шалтгааныг бүрэн гүйцэд таньж, хүн бүр өвчингүй эрүүл саруул, урт удаан хөдөлмөрлөж амьдрах нөхцлийг төгс бүрдүүлэх юм. Гуч дөчин насандаа аль нэг эрхтнээ солиулах нь тухайн улс орны анагаах ухааны хөгжлийн доройг батлах баримт мөн. Аль нэг эрхтнийг сольж суулгах нь мэс заслын арга-зүйн хөгжил, тухайн нэг хэдхэн мэргэжилтний хөгжил дэвшил болохоос анагаах ухааны хөгжил биш. Тэд анагаах ухааны хоцрогдлын сул талыг нөхөж, түр зуур цайруулж байгаа юм.

    Хүний хөгжлийн асуудлаар өөр өөр үзэл баримтлал байдаг ч олонх нь оюуны дээшлэлт өсөлт гэдэгтэй санал нэгддэг. Оюун санааны гэдэг ойлголтыг арай өргөн утгаар орлуулбал ухамсарын гэж болмоор санагддаг. Орчлон ертөнцийн ухамсар хөгжиж хүн хүрсэн, хүнээс дээших бидэнд мэдэгдэж буй үе шат нь бүгд долоо юм. Хүн ухамсрын хөгжлийн дөрөвдэх шатан дээр бараг л байгалийн зөнгөөрөө гарч ирсэн. Өөр нэг бүлэгт энэ тухай илүү тодорхой өгүүлнэ.

    Бид өөрсдийн хөшмөл оюун ухааныг хөдөлгөөнд оруулахын тулд, өвчний тухай ойлголтын хувирал хувьсал өсөлт бууралтыг харьцуулж үзье. Тэгвэл оюуны хөшил уясч өнөөдрийн зогсонг ойлголт, мухардмал үйл ажиллагаа өөрчилье.

    Үнэн гэдэг явц юм байна шүү би замын хугаст зогсоод хоцорчээ гэж ухаарах болно. Эртний Энэтхэгийн эмч нар таван махбодийн харилцаа алдагдсанаас өвчин үүснэ гэж үзжээ. Гэтэл Ведантын эмч нар өвчин гэдэг нь бие сэтгэлийн тэнцвэрийн алдагдал гэсэн байдаг. Грек Ромын эмч нар гүн ухаантнууд дотоод шингэн “Гүмрал”-ний хямралаас өвчин үүснэ гэсэн.

    Анагаах ухааны хөгжлийн үе шат бүхэн ололт нээлт бүхэн өвчний тухай ойлголт тодорхойлолтыг та уншиж сонсож шүүж тунгаасан. Энэ бүх тодорхойлолтонд гурван дутагдал байх шиг бодогддог. Нэг дэх нь биеийн бүрэлдэхүүн хэсгийн аль нэгийг хэт товойлгоод бусдыг орхигдуулсан. Хоёр дах нь бүх өвчний суурь шалтгаан болох тийм түгээмэл чанарыг агуулж чадаагүй. Нэг хэсэг өвчний шалтгаан төдий л байдаг. Гурав дахь нь гадаад гурван эх хүчний харилцаа барилдлагаас салангад тус тус болсонд байгаа юм.

    Өвчин гэж юу вэ гэдгийг зөв тодохойлохын тулд бид эхлээд өвчин хэдэн янз байдагт хариу эрье. Юуны өмнө өвчнийг хамт төрсөн төрөөд олсон гэж хоёр том хэсэгт хуваадаг. Төрөөд олсон өвчин нь халдвартай халдваргүй хоёр янз юм. “Монголын тэжээхүй ухааны судар бичгүүдэд бүх өвчин “ганцхан ”шалтгаантай тэр нь мунхаг” гэжээ. Бодъё.

    Хоолоо хэтрүүлж дутааж өвдвөл мунхаг. Гараа угаахгүй эрүүл аж төрөх ёсны дэг журмыг зөрчөөд өвдвөл мунхаг. Бэлэгийн замын өвчнийг эрж олоод өвдвөл мунхаг хамт төрсөн өвчин ч урьд төрөл, эцэг эх өвөг дээдсийн мунхаг үйл мунхаг хүсэл шуналын гай. Мунхагийн шалтгаан бидний ахуй амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг дагалдаж байна гэх үндэс байгаа биз.

    Мөн ч үйл үрийн оронд өвчлүүлэх “үр” агуулагддаг байна. “Мунхаг” гэсэн томъёолол нь орчин үеийн ойлголтоор бол мэдээлэл юм. Мунхаг мэдээлэл гэхэд яг онодоггүй юмаа гэхэд их ойртох бизээ. Энэ санааг илэрхий болгохын тулд мэдээлэл? Гэж юу болох, хэдэн төрөл, хэрхэн төрж түгэж хурж хуримталдаг. Хэдий хугацаагаар хадгалагддаг тухай санал солилцъё. Мэдээллийг товчоор тодорхойлбол:  мэдээлэл гэдэг нь “харилцаа ” юм. Харилцаа болохын тулд хувьд: Гадаад харилцаа, дотоод харилцаа үндсэн хоёр хэсэг болно. Гадаад харилцаа нь гар зуурын, дэргэдийн буюу “газар дэлхий ” ойрын “сар ”-ны холын “нар”-ны алсын “одны гэсэн таван зэргэмж байгаа юм. Дотоод харилцаанд ухааны оюун ухааны, ухамсрын гурван зэргэмж нь хүтэхүй мэдрэхүйгээр, үүсч хуран арвижих хорж арилдаг. Хоёр дахь хэлбэр нь сэтгэл сэтгэхүйн хэлбэр юм. Хүсэл тэмүүлэл, хар хор, уур хилэн, өш хонзон, шунал тачаалал гэх мэт олон янзын мэдээлэл үүсч арилж өөртөө хийгээд гадагш цацагдан хурж арвидна.

    Ерөөс мэдээллийн уг чанар нь тухайн хэлбэрт хувирсан энерги юм. Үг бол дуу авианд шилжсэн энерги мөн. Сайн муу бодол санаа, хөөрөл, гутрал, уур хилэн, баяр хөөр зэрэг нь сэтгэлийн эрчмээр нөхцөлдсөн өнгө, гэрэл, урсгал юм. 

    Мэдээлэл бол тухайн хэлбэрт хувирсан энерги учраас арилж үгүй болохгүй. Үйл үр гэгч нь дээдсийн эерэг сөрөг мэдээлэл хадгалагдсан орон гэдэг нь тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухаануудын ололт нээлтийн дээд түвшнээс өвчин гэж юу вэ? гэдэгт хариулахыг хичээе.

    “Өвчин гэдэг нь: гаж мэдээллийн бодижсон хэлбэр мөн” гэсэн тодорхойлолт хаврын ногоо шиг өөрөө аяндаа урган гарч байна. Орон зай дахь мэдээлэл хадгалагдах хугацааг тодорхойлж чадаагүй болохоор мөнх гэж үзье.

    Мэдээлэл нь дүрст, завсрын, хоосон гурван оронд хадгалагдаж, идэвхжин бодижигч “код” томъёолол юм. Мэдээлэл хадгалагдах хугацааны талаар шинжлэх ухаан эрэл хайгуул олз омогтой байна. Эр бэлгийн эсийн хүзүүвчний ДНК-ийн байгууламж 9 ороомогтой. Хүний биендэх эс гурван судлын дагуух хийн хүрдэн мөн ес байдаг. Бичил түвшний байгууламж нь хэт нарийн эрчимт хийн түвшиндээ загварчлагдан дагаж байна. Глактик, нарны ертөнцийн тогтолцоо нь атомын зэргэмжиндээ давтагдсан байдгийг бид бэлэхнээ мэднэ.

    Бас нэг зүйл гэвэл ДНК-ийн уургийн биосоронзон оронд урьдах төрлүүдийн 1500 жилийн мэдээлэл агуулагдсан байна гэж үздэг.

    Энэ хугацаа нь монголын ясан удмын харьшилтын хугацаатай ижил байна. Энэ бүхнийг сонин л юм байна гэх ч юм уу ? эсвэл үл тоож өнгөрвөл танд ямар ч тус нэмэр болохгүй. Уншсан цагийн гарз болно.

    Харин энэ бүхэн дээр сүнсний мэдээллийн ариун сан бий гэдэг дорнын гүн ухааны онолтой харьцуулан ухаж, эргэцүүлэн тунгаавал, өвчний тухай миний тодорхойлолттой санал нийлэх, эс нийлсэн илүү мэргэн зөв утгыг олох эрэлд гарна. Өвчин гэдэг нь гаж мэдээллийн бодижсон илрэл шүү дээ.

  • Хүний хөгжлийн төлөө уриатай ГАРЫН ТАВАН ХУРУУ буюу манай гэр бүл МИНИЙ БАХАРХАЛ

    “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Солонгийн соргог хараанд манай гэр бүлийнхний хийж бүтээж буй ажлууд өртөж танай гэр бүлийнхнээс ярилцлага авъя гэсний дагуу тус сонины “Хүмүүс, аж амьдрал” буланд ах дүүс, ээжийн хамт зочилж яриа өрнүүлсэн нь 5 хүүхэд нь ээжтэйгээ хамт хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх гэж цугласан ахны тохиол боллоо. Сэтгүүлч тухайн ярилцлагаасаа “Хүний хөгжлийн төлөө уриатай ГАРЫН ТАВАН ХУРУУ” найрууллыг бичиж нийтэлсэн байна. Энэхүү ярилцлагыг өгч байхдаа гэр бүлийнхнийхээ талаар дахин нэг бодоход хүргэсэн бөгөөд гэр бүлийнхнийхээ талаар цуврал хөрөг- нийтлэл бичье гэсэн бодол төрсөн. Бичнэ ээ.

     

    Найрууллыг бэлтгэж хүргэсэн сэтгүүлч Ж.Солонго болон “Өнөөдөр” сонины хамт олонд амжилт хүсье.

    * * *

    Дээрх нийтлэлийг сонины редакциас авч бүрэн эхээр нь нийтэллээ.

    “Өнөөдөр” сонин “Хүмүүс, аж амьдрал” булан

    Сэтгүүлч Ж.Солонго

    ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ УРИАТАЙ “ГАРЫН ТАВАН ХУРУУ”

     

    “Гарын таван хуруу” гээд ярихаар Монголын ард түмний үзэх дуртай уран сайхны кино, тэр кинонд гардаг эгч дүү тав болон Шагдарын амьдрал, хувь заяа сэтгэлд тань төсөөлөгдөх байх. Эсвэл “Гарын таван хуруу” багийн дугуйтай аялагчдын ч дурсаж болох юм.  Гэхдээ бид та бүхнийг энэ үгээр дамжуулан дахин нэг танилтай болгохоор шийдлээ. Энэ бол Д.Жамсранжавын гэр бүл.

    Өдгөө тэрбээр энэ хорвоод үгүй ч үр хүүхэддээ үзүүлсэн үлгэр дууриалын тусаар таван хүүхэд нь нийгэмд үлгэрлэхүйц сайн иргэд болон торнижээ. Ууган хүүг Ж.Бэгзсүрэн гэдэг.Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга. Харин удаахь хүү Ж.Ганжуурдалай нь “Декор” зочид буудлын сантехникч бол дунд охин Ж.Хорлоо “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн захирал. Түүний дараах хүүг Ж.Лувсандорж гэнэ. Сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй тэрбээр өдгөө “Яруу сэтгэгч” онлайн сониныг эрхлэн гаргаж, “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн клубын тэргүүн, “Нью медиа маркетинг аженси” компанид хэлтсийн даргаар ажилладаг. Бага хүү Ж.Дамдиндорж нь “Эко волс” интерьер, дизайны компанид бригадын ахлагч ажилтай. 

    “Гарын таван хуруу”-гийн ээжийг М.Чимэдрагчаа гэдэг. Оёдолчин, тогооч мэргэжилтэй энэ эмэгтэй өдгөө хүүхдүүдийнхээ ажилд тус дэм болж явна. 


     

    ЗОХИОН БҮТЭЭГЧ ӨВӨӨ, ААВ БОЛОН ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ ХҮҮХДҮҮД

    Бэгзсүрэн, Ганжуурдалай, Хорлоо, Лувсандорж, Дамдиндорж нарын аав Д.Жамсранжав Сүхбаатар аймгийн тэжээлийн аж ахуйд механикийн ажил хийдэг байжээ. Техник засах, шинийг санаачлах авьяастай байсан тэрбээр тракторчноос механик хүртэл дэвшсэн алтан гартан. Мөн Жамсранжав гуайн аав Дулмаа бол аймагтаа төдийгүй улсдаа дээгүүр бичигдэх механик, инженер. Арьс элддэг машин бүтээж, чулуун хороо барих технологи боловсруулснаар шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээг хоёр ч удаа гардаж байсан аж. 

    Чимэгдрагчаа гуайн аав Молом ч бас шинийг санаачлагяч байв. Сүүн заводод ажиллаж байсан энэ хүн хуурай сүү хийх машин бүтээж байсан төдийгүй хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн юм билээ.  Хүүхдүүд нь аавынхаа тухай ярихдаа их л бахархангуй байх ба “Монголчууд хүүхдээ үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлдэг. Үүний нэгэн жишээ нь бидний аав, ээж” хэмээн онцолж байсан юм. Тэрбээр гурван хүүхдээ номын мөр хөөлгөж, хоёрыг нь ажлын хүн болгожээ. Ингэхдээ мэдээж тэдний сонирхол, хүсэл тэмүүллийг харгалзсан ба “Гурав нь номын мөр хөөж, хоёр нь мал малла. Тэгэхгүй бол хэн нь хоолоо зөөх вэ” гэж хэлсэн гэдэг.  

    Аавынх нь чиглүүлсэн амьдралын зам буруу байсангүй. Тэр ч бүү хэл оновчтой сонголт байсан гэлтэй. Онц сурдаг ууган хүүгээ их сургуульд элсүүлэхдээ, трактороороо хотод хүргэж өгөөд эхний жилийн сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд унаагаа зараад буцаж байжээ. Гэхдээ Ж.Бэгзсүрэн гуравдугаар дамжаанд байхаасаа барилгын зураг төсөл гаргадаг компанид компютерийн хичээл зааж, сургалтын төлбөрөө төлүүлэх болжээ. Харин хоёрдахь болон бага хүүгээ техник засаж, ажил  хийх ухаанд сургаснаар хоолонд нь хүргэсэн байна. Волга машины моторыг хүртэл нэг бүрчлэн салгуулж, цэвэрлүүлээд буцааж угсруулдаг байсан гэсэн. Диплом өвөртөлж ажилгүйчүүдийн эгнээг тэлсэн олон залуусаас тэд өөр байгаа биз. Ганц охин нь сурлага сайтай байсан учраас ахад нь авч өгөөгүй үнэтэй толь бичгийг түүнд зориулан хотоос авчирдаг байж. Охин аавынхаа итгэлийг алдалгүй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд онц сурж, захирлын нэрэмжит тэтгэлэг хүртэн, магнайг нь тэнийлгэж явав. Одоо тэрбээр дүү Лувсандоржтойгоо гар нийлж, хүний хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж, багачуудаас өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт, мэдээлэл түгээж байна. 

     

    ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС УЛСЫН ХӨГЖИЛ 

    Энэ бол “Яруу сэтгэгч” төвийн уриа бас Д.Жамсранжавын хүүхдүүдийн хүсэл, тэмүүлэл. Тэд бие биенээсээ хараат биш өөрсдийн амьдралыг цогцлоож, хэрэгтэй цагт нь нэгнээ түшдэг ахан дүүс. Хамгийн анх 2005 онд их ах Ж.Бэгзсүрэн нь АНУ-ын таван мужийн номын сан, мэдээллийн төвүүдэд ажлын шугамаар зочилж, “нүд тайлаад” иржээ. Энэ аяллын үр дүнд нийтийн номын сан ямар ч төлбөр хураамжгүй иргэддээ үйлчилж, хүний мэдээлэл авах эрхийг хэрхэн дээдэлж байгааг ойлгожээ.  Мэдээж үүнийгээ сэтгүүлч мэргэжилтэй дүүдээ сонирхуулж хувь хүний хөгжилд зориулан “Яруу сэтгэгч” сонинг эрхлэн гаргаж эхэлсэн байна. Ж.Хорлоо “Бид дээд боловсролтой хүмүүсийг ухаантай, мундаг мэтээр ойлгодог ч энэ бол ердөө мэргэжлийн боловрол юм. Хүнд зөв хооллох, хүнтэй зөв харилцах гэхчлэн олон талын боловсрол хэрэгтэй байдаг. Үүнийг хүмүүст хэлж, өөрийгөө хөгжүүлэхэд уриалах нь чухал. Би 2005 онд их сургууль төгсөж, дээд боловсролтой болсон ч ичимхий бүрэг охин байлаа. Харин хүний хөгжлийн тухай лекц, сургалтад хамрагдсанаас дөрвөн сарын дараа аймгийнхаа театрт олны өмнө гурван өдрийн сургалт хийж байлаа. Хүний мэдлэгийг хэн ч булааж авч чадахгүй, харин эд хөрөнгийг бол булааж чадна” хэмээн тэрбээр ярьсан. Тэд өөрсдийгөө хөгжүүлсэн. Тиймээс энэ мэдлэгээ, өөрийгөө хөгжүүлэх ухааныг бусдад түгээхээр хичээж байгаа юм. Улаанбаатар хотын нийтийн номын сангаар 2000-аад онд үйлчлүүлж байсан хүмүүс Бэгзээ ахыг уншигчиддаа интернэт хэрхэн ашиглахыг сургаж, мэйл хаяг нээн өгч, номын санд үнэгүй интернэт ашиглах болон номыг чөлөөт сонголтоор унших, хараагүй хүмүүст зориулсан “Дэйзи” номын төвийг байгуулах ажилд гар бие оролцож байсныг нь мэдэх байх. 

    Бусадтай мэдлэгээ хуваалцах гэсэн энэ тэмүүлэл  ч ааваас нь эхтэй. Учир нь тэрбээр машин, техник засдаг чадвараа нутгийнхандаа заадаг байжээ. 

     

    НОМТОЙ НӨХӨРЛӨСӨН БАГА НАС

    Эд  хөрөнгө, гадаад өнгө үзэмжийг биш мэдлэг боловсрол, амьдрах ухааныг чухалчилдаг ахан дүүс хоёр, хоёр насны зөрүүтэй. Аав ээж нь тэдэнд төрсөн өдрийн баяраар нь үргэлж үлгэрийн ном бэлэглэдэг байжээ. Сургуульд орсноос нь хойш толь бичиг гэхчлэн хэрэгцээтэй номыг нь авч өгч, Мурзылка сэтгүүл, Пионерийн үнэн сонин захиалан уншуулдаг байсан аж. Тэднийх 2000 гаруй номтой байжээ. Айл бүхэнд ийм олон ном байх нь ховор л байх. Хүүхдүүдэд нь номуудаа өвлөн, уншсан сурсан мэдсэнээ нэмэрлэн уламж баяжуулж яваа. 

    Тариа бригадын ажил улирлын шинж чанартайн дээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг байсан учраас нь аав нь гэртээ, буйдан дээрээ тухлаад ном уншдаг байсныг тэд сайн мэднэ. 

    Ном уншуулахаас гадна зуны амралтаар нь гөеө (Сүхбаатар аймгийнхан эмээгээ ийн дууддаг аж)-гийнд нь хүргэж өгөөд хурга, тугалтай хөөцөлдүүлж, ус зөөлгөн хөдөлмөрлүүлдэг байж. Харин хичээлтэй үед нь тэднийг санаа амар, гэдэс цатгалан эрдэмд шамдах бүх бололцоог нь хангаж, ээж нь өглөө бүр халуун хоол идүүлээд үддэг байсан аж. Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, үлгэрлэж хүмүүжүүлэхийн жишээ болсон тэдний аав уусан ундааныхаа шилийг хагалчихаад ирсэн ууган хүүгээ “Чи үүнийг хагалсан шигээ ахин бүтээж, эвлүүлж чадах уу?” гэдэг үгээр зэмлэн, ухааруулж байсан гэдэг. 

     

    ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ УНАА СОНГОЖЭЭ

    Бага байхаасаа дүү нараа асарч, тэдэнд үлгэрлэн, тэдний өмнөөс хариуцлага хүлээн өссөн учраас Бэгзээ ах илүү аж ахуйч. Тэрбээр Дарь-Эхэд амьдардаг ба хоёр тугалтай үнээтэй. Бас дугуй унаж ажилдаа ирж, очдог. Анх аавынхаа эрүүл мэндийг бодож, цэвэр сүү уулгахын тулд нэг тугалтай үнээ худалдан авчээ. Харин түүнийг таалал төгссөний дараа хотын захын хороололд гэртэй учраас ах нь үнээгээ авчээ. Эдийн засгийн хувьд хоёр үнээ нь түүнд нэг их ашиг авчирдаггүй ч зуны турш эрүүл сүү, таргаар хангадаг.  Ж.Бэгзсүрэнгийн гэргий нь үхэрээ маллаж, үр шимийг нь хүртээдэг үүрэгтэй. 

    Энэ тухай ярихдаа Ж.Бэгзсүрэн “Дэлэнт мал дээшээ, уутат юм уруугаа” гэсэн ээжийнхээ хэлдэг үгийг дурдаад дүү Ж.Лувсандорж нь “Уутат юм буюу газрын дорх баялаг дуусна шүү дээ” хэмээн тайлбарлав. 

     

    ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

    Шинэ зууны хүүхдүүд их онцлогтой. Ялангуяа 2000 оноос хойш мэндэлсэн хүүхдүүд ер бишийн чадвартай болсон учраас тэдэнд зориулсан тусгай хүмүүжил, боловсрол чухал. Тиймээс Ж.Хорлоо сэтгэлзүйч найзынхаа хамт “Индиго хүүхдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, шинэ зууны хүүхдүүдийг судалж байна. Мөн эцэг, эхэд зориулж хүүхэдтэй хэрхэн харьцаж, хүмүүжүүлэх талаар сургалт явуулдаг аж. Өмнө нь энэ төвийнхөн Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар цэцэрлэгийн эцэг эхчүүдэд сургалт явуулж байсан бол энэ жил 129 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллаж, сургалтаа үргэлжлүүлж байгаа.  

     

    БИДЭНТЭЙ ИЖИЛ БАС ӨӨР

    Монголын залуусын хэлтэрхий болсон тэд бидэнтэй ижилхэн нөхцөлд өсөж хүмүүжсэн ч заримынх нь бодож амжаагүйг түрүүлж сэтгэж явна. Аймгийн төвийн шороотой замаар хичээлдээ хурдалж, ангийнхантай сахилгагүйтэж хүн болсон ч ааваар нь машин засуулсан хүмүүс архи барьж дайлж цайлдаг байсныг хараад архи ууж болохгүй гэдгээ ойлгож, тус болсон хүндээ яасан ч архи өгч болохгүй гэдгийг ухаарсан аж. 

  • ХҮН- БАЯЛАГ буюу ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС

    Бизнес буюу хүний хэрэгцээг ухаалагаар хангах урлаг нь улам бүр боловсронгуй болж хөгжсөөр. Хэн нөөцийг зөв удирдаж, чиглүүлж чадсан нь баялагийг эзэмшидэг. Дундад зуунд газрын эзэд хамгийн баян хүмүүс байсан бол 19-р зуун буюу Үйлдвэржилтийн зуунд үйлдвэрийн эзэд баялагийг эзэмшиж байв. Харин 20-р зуунд худалдаа эрхлэгчид нилээдгүй баялагийг эзэмшиж чадсан бол мэдээллийн зуун болох 21-р зуунд мэдлэгт суурилсан бизнесүүд хамгийн их амжилтанд хүрч байна. Капитал нь юу байснаас хамаараад тухайн бизнесийн ажилтан хүний үнэлэмж нь өөр өөр байв. Дундад зууны үед бол ажилтан хүн үхэрнээс илүү үнэлэгддэггүй газар хагалагч амьтан байсан бол 19-р зуунд үйлдвэрийн машинуудын эргэ шурга төдийд үзэж байлаа. 20-р зуун бол ажилтанг нэг тогтсон хэв загвар, дүрэм журмаар хэвлэн цутгаж, “Ташуур, гамбир” хоёроор илжиг мэт зүтгүүлж байв. Энэ философи одоо ч хэвээрээ үргэлжилсээр байна.

     

    Тэгвэл өнөөдөр мэдлэгт суурилсан эдийн засагтай, оюун ухаант хүнд суурилсан цоо шинэ бизнесийн эрин эхлээд байна. Жишээлбэл, Билл Гейтс тооцоолох, мэдээлэл боловсруулалтын үйлдлийн системийг бүтээж байна. Тэр амжилтанд хүрсэн. Google асар хурдтай нэмэгдэж буй мэдээллийн агуулгаас хэрэгтэй мэдээлэлээ хурдан хугацаанд хайж олох хэрэгцээ шаардлага гарч ирнэ гэдгийг мэдсэн. Тэд бас амжилтанд хүрсэн. Fасеbооk хил хязгаар, хэл ус харгалзахгүйгээр танилцаж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бий болгосоноор мөн л амжилтанд хүрлээ. Apple хүний оюун ухаан, сэтгэлгээний ур шингэсэн содон шинэ бүтээлүүдээрээ амжилт олж байна. Өнөөдөр толгой эргэм амжилтаараа залуу тэрбумтанууд дэлхийд цахиур хагалж уламжлалт бизнесийн аргаар 30- 40 жилд бий болгох баялагийг 3- 4 жилд бий болгож чадаж байна. Үйлдвэрлэлийн технологи улам бүр нарийсаж хүний оюун ухаанаар бүтсэн хүчирхэг технологиуд хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөр “ХҮН”-д сэтгэх ажлыг л үлдээж байна. Цөөхөн тооны чадварлаг инженерээр удирдуулсан асар том үйлдвэрүүд, алсын зайн эмчилгээ оношилгоо, хил хязгаараас үл хамаарах хамтын ажиллагаа, хэл, үндэстэн ялгахгүй нэг харилцаа, өндөр технологид суурилсан бизнесүүд, нанотехнологи, биотехнологи, хэт өндөр чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойрын ирээдүйн хөгжлийн дүр зураг юм.

    Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их  хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

    Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
    Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
    Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
    Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

    Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа. 
    Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх цаг ирлээ.

    ХҮН – БАЯЛАГ
    ХҮН- ТӨВтэй бизнес

    Жамсранжавын Лувсандорж

  • Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!

    Эрээнээс юм авбал хямдхан гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл эрээн ороод, эрээний зочид буудалд 7 хоноод, эрээний хоолны газар хоол идээд, эрээнээс юмаа аваад эргээд ирэх зардал, эсвэл эндээс нэг наймаачинаас шууд худалдаад авах зардал, эсвэл монголдоо хийсэн зүйлийг худалдаад авах зардлыг харьцуулж үзэж байсан уу? Зөвхөн зардал гээд халааснаас гарах хэдэн төгрөгийг харьцуулахаас гадна тэр зардлын цаана байх үнэ цэнийн тухай бодож байсан уу? Эрээний таавчиг 3000₮-р авахад, монгол эсгий углаашаа 4000₮-р авсанаас хямдхан мэт бодогдож байгаа боловч, нэг монгол эсгий углааш хийж байгаа хүний цаана хэдэн монгол хүн амьдралаа залгуулж байгааг бодоод үзвэл 1000₮-ий наана цааний тухай биш 100 монгол хүний амьдралаа дээшлүүлэх тухай асуудал болж хувирна гэсэн үг. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа үнэний ортой. Юм бүхнийг л Эрээнээс авдаг болж байх шиг байна. Хоногийн хоол, өмсөх хувцас, жийх гутал, хутга, шөвөг, шивэртэй оймс, баастай бандааш хүртэл Эрээнээс зөөж байна. Байтлаа бүүр Монгол гэр, Монгол дээлээ хүртэл Эрээнээс худалдаж авахад ойрхон байна. Ингэж даамжирсаар бид нар юу ч хийж чадахгүй хүмүүс болчихвол яах уу? Хятадуудын гарыг хараад суух уу? Хятадууд идэх юмаа зарахаа больчихвол яах уу? Өлсөж үхэх үү? 

    Ийм муу ёрын юм болгохгүйн тулд Монгол хүн бүр хийж бүтээх хэрэгтэй. Монгол хүн олон зүйлийг хийж чаддаг л байсан. Одоо хийж чадаж байгаа. Ариун цэврийн цаас, уух ус, ундаа, сүүгээ савлаад, ногоогоо даршилчихаж байна. Гутал, хувцас, дээлээ оёод өмсөж байна. Тэгвэл яагаад монгол бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглээ болж чадахгүй байна вэ. Монгол хүн бүр Монголоо дэмжих сэтгэлгээтэй болчихвол ажил бүтэх гээд байна. Дор бүрнээ юм сэтгээд хийж бүтээж байгаа, хийх гээд ядаж яваа нэгнээ дэмжихэд л хангалттай. Монгол хүний хийсэн гутлыг жийе, оёсон хувцасыг нь өмсье, бүтээсэн дугуйг нь унъя. Монгол хоолны газар хоол идье, Монгол кино театрт үзвэр үзье, монгол үйлдвэрийн ногоогоо идье, Монголынхоо банкаар үйлчлүүлж, монгол үүрэн телефоноор яръя, монгол ноолуураа өмсье, монгол тавилгаа тавья, монгол оточоорэмчлүүлье, монгол энгэсэгээр гаргаръя, монгол компаниар мэдээлэлтехнологийн шийдлээ бүтээлгэе.

    Монгол компаниуд муу үйлчилгээтэй, монгол хүмүүс юм хийж сураагүй гээд л муулах хүн захаас аваад гарах нь мэдээж. Ингэж муулахаасаа өмнө Монгол хүнийг сайн юм хийлгэхийн тулд юу хийсэн бэ гээд өөрөөсөө асуу!!! Монголоо шүүмжил. Гэхдээ бүтээлчээр шүүмжил. Хэрхэн яаж сайжруулах вэ гэж өөриййнхөө толгойг ажиллуулж шүүмжил. Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй шүү дээ!!!

    Брэндийн цаг зүүж, гоё ганган хувцас өмсөөгүй ч гэсэн 2 монгол орж ирээд манайд гоё модон хаалга хийж өглөө. Ноорхой ч гэсэн яадаг юм бэ Монгол залуус ажил хийгээд л явж байна. Ажлаа л сайн хийж байвал юу ч өмссөн яадаг юм. Модон хаалга үнэтэй ч гэх шиг. Яадаг юм би Монгол хүнээ дэмжинэ. Монгол хүн үйлчилгээ хийж сураагүй ч гэх шиг. Яадаг юм үйлчилгээ хийж сураагүй ноён зантай хүмүүс л байгаа биз дээ. Үнэхээр ч үйлчилгээ хийж сураагүй байна лээ. Гоё хаалга суурилуулж өгөөд модны үртсээ цэвэрлэхгүй яваад өгч байна лээ. Тэгсэн ч гэсэн яадаг юм. Би Монгол хүнээ л дэмжинэ. Тэгээд хийсээр байгаад гоё хувцас өмсөөд, гоё үйлчилгээ хийж сурна шүү дээ. Монгол хүн модон хаалгаа хийж чадна шүү дээ. Энэ залуус модоор хийх бүх юмийг хийж чадна гэж байна лээ. Монгол хүнээ дэмжээд нэг үзэхгүй юу. Утсыг нь өгчихье. Нямцоо 99036655.

    Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!

  • Ялагдашгүй бүсгүй чамд зориулсан шүлэг

    Тэнгэрээр нэг амьсгалах шиг уужим
    Энгээр нэг суниах шиг тэнүүн
    Төгс төгөлдөр амьдрал, өөрийнхөөрөө
    Зургаан тэрбум хүн чамайг “хэрэггүй” гэсэн ч
    Чи өөрийн зорилготой ирсэн
    Зуур таарсан хүн нүүррүү нулимсан ч
    Би утга учиртай явсан
    Ирсэн шалтгаан минь төгс төгөлдөр
    Хийх үйл минь бүтээн туурвих
    Хэн ч өгөөгүй өөрөө бүтээх хувь тавилан
    Зуурдын орчлон үүрдийн мөн чанарт минь
    Юу юм бэ?!!!
    Зуур замд хэсэг саатаад, инээмсэглээд өнгөрөх төрх
    Түүнтэй би өмнөх насандаа учирж байсан
    Зүүдэндээ харсан инээмсэглэл
    Сэтгэлд чинь хэн нэгэн хүйтэн мэсээ дүрж чадахгүй
    Чиний сэтгэл чиний эзэмшил
    Мууг хийх завгүй ээ, амьдрал богинохон
    Сайханд тэмүүлэх нэг л агшинд, амьдрал бүтнээрээ
    Цаг хугацаа зогсох мэт төгс төгөлдөр агшинг
    Хүлээж биш бүтээж амьдарна.
    Чамайг тэвэрч, нүдрүү чинь ширтээд
    Нүдэнд чинь байгаа галыг өрдөөд
    Сэтгэлд чинь байгаа хүчийг бадраагаад
    Дотор чинь байгаа хайрыг хөглөөд
    Ундраад байгаа бүхнийг УНДРААХЫГ хүссэн
    Ундраагийн дотор байгаа ШИНЭ УНДРААГ УНДРААХЫГ хүссэн
    Ундраагаас сайхан бүхнийг нь ундрааж
    Нуугаад байгаа нууцыг нь
    Дараад байгаа авъяасыг нь
    Цоожлоод байгаа зүрхийг нь
    Зүрхэнд нь байгаа жаргалыг нь УНДРААХЫГ хүссэн
    Аавынх нь нэрлэсэн охин УНДРААг
    Ахиж олдохгүй ОЮУНЫ УНДРААг
    Садарч үл дуусах энэрэнгүй СЭТГЭЛИЙН УНДРАА
    Эдэлж үл дуусах АЗ ЖАРГАЛЫН УНДРАА
    Энэ бүхнийг чинь би чиний дотроос чинь тэмтэрч олохыг
    Бэдчиж мэдрэхийг
    Амсаж хүртэхийг 
    Чихэнд чинь хэлэхийг
    Уруулаас чинь амсахыг
    Ухаанаас чинь цацрахыг
    Ундаргаас чинь ундрахыг
    Угаасаа учрахыг
    Ууланд ургахыг
    Учралд итгэхийг
    Урамаасаа уулгахыг
    Ундрааж чадвал ундрааж
    Ундаргаас нь амсаж
    Тэгээд жаргаад…
    Ундрааж эс чадвал 
    Ууландаа авираад
    Зуун жил даянчлаад
    Уулын булагаас амсаад
    Тэгээд жаргахыг …
    Хайрлах ёстойг нь хайрлаж
    Харамлах ёстойг харамлах гэж
    Хийх ёстой зүйлээ хийх гэж
    Хийх ёсгүй зүйлээсээ хэдэн бээрийн цаана төрөөд
    Учрах ёсгүй учралдаа баяртай гэж хэлээд
    Учрах ёстойтойгоо учирж
    Аз жаргалтай үгсээ шивнэлдээд 
    Зуун жил амьдарсан ч тэр мэдрэмж нь шинэ хэвээрээ байхыг үзэх гэж
    Нулимсны цаадах жаргал
    Бүгээний цаадах гэрэл
    Хувцасны цаадах үзэсгэлэнг үзэх гэж энд ирээд
    Хажуу гудамжинд чинь үргэлж байсан
    Хүнийг яаж хайрладагыг чи мартаагүй ээ
    Чи зүгээр л айж байгаа
    Чамд маш их хайр байгаа ч
    Чи өөрийгөө хүлж байгаа
    Чамайг шархлуулах тусам, үгүй ээ
    Чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч чамайг шархтуулж чадахгүй
    Яагаад зүрх сэтгэлээ чи өөрөө эзэмшээгүй юм бэ?
    Өнгөрсөний шарх сорвийг
    Өнөөдөр сэдрээх  хэрэг байна уу?
    Өчигдөр өнгөрсөн амьдралаар өнөөдөр амьдрах ёстой юу?
    Гоо үзэсгэнг чинь гундааж үл чадах
    Нэр төрийг чинь түмэндээ дэвслэвч хэрхэн харлуулж үл барах
    Хайрыг чинь хөргөх гээд хөлдөөж үл барах
    Ундаргыг чинь ширгээх гээд ширгээж үл хүрэх
    Даравч далдайж Булавч бултайх
    Инээсэн уруулыг чинь жимийлгэх гээд гуниг нь хүрэлцэхгүй
    Гэгээн сэтгэлийг чинь харлуулах гээд будаг нь дууссан
    Сэтгэлийг чинь сэвтээх гээд үг нь хүрэлцээгүй 
    Чи энэ насандаа дүрэлзэх учиртай гал шүү
    Энэнээс цааш ундрах учиртай ундрага шүү
    Учир нь чи Ундраа
    Утга учир нь Ундрах

    Зургийн эх сурвалж: В.Ундаа “Мөрөөдөл”

  • Эмэгтэй хүний тухай

    Эмэгтэй хүнтэй холбоотой олон сайхан дууг мэдэх ч хааяа нэг сонсох дуртай VIVA дуугаа сонсмоор санагдаж нүдээ аниад сонслоо. Надад дахилт нь их таалагддаг юм, VIVA:

    Охид үргэлж инээж байг

    Бүсгүйчүүд баярлаж байг

    Ээжүүд жаргаж байг

    Зөөлнөөс зөөлөн сэтгэл

    Зөвхөн бидэнд байдаг гэж дуулж байгаам

    Миний бодлоор эмэгтэй хүн бүр л сайн сайхан, гайхалтай мэдрэмжтэй. Байгалиасаа л эмэгтэй хүн болж төрнө гэдэг их аз завшаан юм шигээ. Бүх эмэгтэйчүүд жаахан охин байсан, тэд бүгдээрээ л хамгийн түрүүнд ээжээсээ бүхнийг суралцдаг, тиймээс ч монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж зүйрлэж ярьдаг байх. Ээж хүнийг:

    Эелдэг дөлгөөн, эерүү зөөлөн

    Энгүй ажилч, эгэлгүй цэвэрч

    Журамтай үнэнч, жудагтай өглөгч

    Ханьдаа түшигтэй, хадамдаа ээлтэй

    Үрдээ хайртай, үгэндээ хямгатай

    Настанд ерөөлтэй, насны ивээлтэй хэмээн шүлэглэж болох нь.

    Мөн эмэгтэйчүүд маань:

    • бусдаас болзол шаардалгүй хайрладаг /хариу нэхдэггүй/
    • итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
    • илүү төгс шийдэл байгаа гэж үргэлж боддог
    • хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
    • бас бухимдсан үедээ инээдэг
    • аз жаргалтай байхдаа уйлдаг
    • уйлахыг хүссэн үедээ дуулдаг
    • үнэнч, шударга ёсны төлөө босдог
    • хүүхдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
    • айж сандарсан найзыгаа дагуулан эмчид очдог
    • үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
    • найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
    • дотны хүнээсээ хагацахад маш ихээр шаналдаг
    • шинэ хүн мэндлэх, хурим болохыг сонсоод баярладаг
    • бусдын шархалсан зүрх сэтгэлийг үргэлж дэвтээдэг
    • гэр бүлийнхэн болон найзууддаа сэтгэлийн дэм өгдөг
    • хайртай хүмүүсээ байнга халамжлахыг хүснэ
    • санаа нь зовбол өмнөөс нь алхана, гүйнэ.
    • хэлж чадахгүй зүйлсээ захиагаар, бүр и-мейл бичнэ.
    • бүх зүйлийг тэврэлт үнсэлт 2 анагааж чадна гэдгийг мэддэг
    • чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
    • ярих зүйл их бий, өгөх зүйл ч бас маш ихтэй
    • Миний мэдэхийн юутай ч зүйрлэшгүй ганц зүйл бол ЭЭЖ…

    Хүрлээгийн Номинзол

  • Мөнгийг тоолж тооцоолж хэрэглэж суръя

    Ж.Бэгзсүрэнгийн 6 ам бүлтэй гэр бүлийн мөнгөн орлого, зарлага 2010 онд ямар байв

    Улаанбаатар хотын БЗД-ийн 21-р хороонд, гэрт 4-12 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу төсөвт байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлийн 2010 оны туршид мөнгөн орлого, зарлага ямар байсныг энэ нийтлэлээр та бүхэнд жишээ татан толилуулж байна. Ингэснээр иргэн бүр мөнгө гэдэг эдийн засгийн чухал ойлголтыг удирдан залж сурахын тулд бүртгэл тооцоог хийж хэвших учиртайг энэхүү өрхийн жишээгээр харуулахыг хичээлээ.

    Өрхийн орлого зарлагаа компьютерийн “Өсөх өрх” програмд өдөр бүр бүртгэснээр, сар, улирал, жилээр тооцоо хийлгэж, нийлбэр дүнг бодуулах, харьцуулан жишихэд цаг хугацаа шаарддаггүй давуу талыг олгодог.

    Энэ өрхийн 2010 оны
    – нийт мөнгөн орлого 13 сая 687296 төгрөг,
    – нийт зарлага 11 сая 587886 төгрөг болж байгааг, мөн доорхи орлого, зарлагуудыг төрлөөр нь багцлан нийлбэр дүнг тооцуулахад Өсөх өрх програм 16 секундэнд гүйцэтгэж байв.

    Нийт орлогыг задлан харвал, Хотын нийтийн төв номын сангаас
    – цалин шагналд 8 сая 449718 төгрөг,
    – Монгол улсын Хүний хөгжлийн сангаас 720000 төгрөг,
    – хамт ажиллагсад, найз нөхдөөс 182200 төгрөгийг надад,
    – 69580 төгрөгийг хүүхдүүдэд тусламж, бэлэг болгон өгсөн байна,
    – Сүү зарж 239700 төгрөг,
    – Моби-ийн нэгж зарж 16000 төгрөг,
    – Хас банк дахь цалингийн картны үлдэгдэл мөнгөнд бодогдсон банкны хүү 6927 төгрөг тус тус орлого болон бүртгэгджээ.

    Нийт зарлагыг задлан харвал,
    – 5 сая 600000 төгрөгөөр портер машин худалдан авч Хадам аавдаа өгч хэрэглүүлж байгаа,
    – аж ахуйн бараа худалдаж авахад 1 сая 526580 төгрөг,
    – хүнсний бараа худалдаж авахад 1 сая 518500 төгрөг,
    – амьтан, ургамал тэжээх зардалд 719590 төгрөг,
    – Монголын Хүүхдийн ордоны болон бусад сургалтуудын төлбөрт 600000 төгрөг,
    – эрүүл мэндийн зардалд 253330 төгрөг тус тус зарцуулжээ.

    Зарим нэг сонирхол татахуйц зарлагуудыг нэгжлэн харвал,
    – 11302л ус хэрэглэж,
    – гурил гурилан бүтээгдэхүүнд 319610 төгрөг,
    – мах махан бүтээгдэхүүнд 263730 төгрөг,
    – хувцас худалдан авахад 319100 төгрөг,
    – 68 кг хонины махыг 199460 төгрөгөөр,
    – 650 кг 2-р гурил 194450 төгрөг,
    – 736 квт цахилгаанд 79600 төгрөг,
    – 39 кг гурилан боовонд 72040 төгрөг,
    – 49 кг элсэн чихэрт 70870 төгрөг,
    – 83 кг жимс жимсгэнэд 227850 төгрөг,
    – 460 удаагийн автобус унаанд 145300 төгрөг,
    – 328ш гоо сайхан ариун цэврийн бараанд 118350 төгрөг,
    – 17л ургамлын тосонд 35260 төгрөг, мөн

    хүмүүст нийт 23 удаад 249230 төгрөгийн тусламж,
    – 25 тоглоом, хөгжмийн зэмсэгт 235530 төгрөг,
    – 36 ш ном, сурах бичигт 71350 төгрөг,
    – 13 удаагийн нийт 57841 төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дутжээ гэх мэт тооцоог харж байна.

    Өрх гэрийн мөнгө санхүүгээ бүртгэж, тооцох, хэрэглээгээ мэдэх, улмаар амьдралын эрүүл, зөв хэв шинжийг таньж мэдэхийг хүсэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд, заавал тэмдэглэлийн дэвтэр гэж өдөр хоног алдалгүйгээр автобусны билет дээрээ орлого зарлагаа бичиж эхлээрэй, мөн хамаатан садан, нөхдийн мөнгөгүйгээр өгч байгаа элдэв бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж ханшаар бодож орлого талдаа мөнгөн тусламж авсан юм шиг, зарлага талдаа уг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдлаар бичихээ мартуузай. Ингэснээр хэрэглээний зардал үнэн зөв тооцоологдоно.

    Лавлаж асуух, Өрхийн төсвийн талаар ярилцах сар бүрийн уулзалт-ярилцлагад оролцохыг хүсвэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааны хуваарьтай www.pl.ub.gov.mn вэбээр танилцах, мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнтэй 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйлээр холбоо барихыг хүсье.

    Баярлалаа

    Яру нэгдлийн гишүүн Ж.Бэгзсүрэн

  • Сэтгэлгээний тухайд

    Сэтгэлгээ

    Хүмүүсийг сэтгэлгээгээр нь 4-н хэсэг болгон авч үздэг.
    1. Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.
    2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.
    3. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.
    4. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино. (Арабын цэцэн үг)

    Сэтгэлгээгээ ухамсарлахуй
    Хүн амьтнаас юугаараа ялгагддаг вэ? гэж асуувал бүгд л “сэтгэдгээрээ” хэмээн хариулах биз. Үгүй дээ, сэтгэдгээрээ биш, “сэтгэж байгаагаа ухамсарладгаараа” гэж хэлбэл хамгийн зөв хариулт болох юм. Сэтгэдгийн хувьд шизофренитэй хүн ч хурц сэтгэдэг. Харамсалтай нь хурц сэтгэж байна гэдгээ ухамсарладаггүй. Компьютер маш нарийн “оюуны” үйлдэл хийнэ, мөн түүнийгээ ухамсарлахгүй. Амьтан ч гэсэн багахан хэмжээнд сэтгэнэ, мөн л муухан сэтгэж байгаагаа ухамсарлахгүй. Аль аль нь хүн биш учраас тэр. Тэгвэл эрүүл хүн муу сэтгэсэн ч муу сэтгэж байна гэдгээ ухамсарладаг.

    Мэдлэг сэтгэх чадварт нөлөөлөх үү?
    Шинжлэх ухаан, тоглоомын уг чанар нь хүний сэтгэлгээг бүтээлч (creatiүe), шүүмжлэлтэй (сritical), өөрийгөө хянадаг (reflectife) болгодог. Гэтэл үнэний шалгуур нь тодорхойгүй, худал зүйлийг тодорхой хугацаанд өөртөө агуулах боломж олгодог ухаанууд ч байдаг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаануудад ийм “хийдэл” нэлээд их байх бөгөөд энэ замаар явсан хүмүүс (мэдээж бүгд биш л дээ) оюун ухаандаа гэхээс илүү хүсэл зоригтоо хөтлөгддөг дадал зуршилтай болох нь олонтаа. Ажиглаад байхад, өөрийгөө юм мэдэж байна хэмээн боддог хүн ихэвчлэн юмыг цээжилж, тогтоон, мартаагүй байвал л өөрийгөө мэдэж байна гэж боддог. Энд каузаль (үүнийг шалтгаант холбоогоор нь сэтгэх гэж орчуулж болно) сэтгэлгээтэй охин, тогтоох ой дээрээ тулгуурладаг ээж хоёрын яриаг та бүхэнд сонирхуулъя л даа. Охин асууж байна: “Нийгмийг гэж бичихэд яагаад г,м хоёрын дундах э үсэг алга болчихдог юм бэ?”. Ээж нь гээгдэх эгшигийн хоёрдугаар дүрэм гэгчээ хэлж байна . Охин ойлгосонгүй дахиад асуулаа. Ээж уцаарлаж байнаа: Хэлээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ гэж. Үнэндээ тэнд ойлгоод байх юм алга: Тогтоогоод, цээжлэх асуудал байна. Гэтэл охин шалтгаант холбоогоор сэтгэж сурч эхэлж байгаа учир “яагаад тиим дүрэм гарсан юм бол, “э”-г нь гээхгүй бичихэд болохгүй юм юу байна, бид ойлгодгоороо л ойлгоно шүү дээ, “э” байхад ямар утга илэрхийлж байна, “э” нь гээгдсэн үед ямар утга илэрхийлж байна” гэхчилэн олон асуулт шаардаж байгаа учраас асуусан хэрэг. Охины хувьд хэл болон түүний дүрэм бол конвенциаль (хүмүүс зохиогоод тохирчихсон) тэмдэг, түүнд каузаль зүйл байдаггүй гэдэг нь ойлгомжгүй зүйл. Тиим ч учраас тэр асуултыг тавих нь яах аргагүй зөв байсан. Харин ээж цээжилсэн зүйлээ хэлснээр шалтгааныг нь хэлчихлээ гэж андуураад байна. Шалтгаант холбоогоор сэтгэдэг хүн, цээжилдэг хүн хоёр бие биенээ ойлгоход хэцүү л дээ.

    Эргэлзэж гайхах үзэгдэл мэдлэгээс гардаг юм уу аль эсвэл үл мэдэхээс гардаг юм уу?
    Шалтгаант холбоогоор сэтгэж сурах нь үнэхээр сайн дадал мөн. Ийм хүн юмыг хоосон цээжилнэ гэж байхгүй бөгөөд “яагаад” гэсэн асуултаа байнга тавьж түүндээ тохирох хариулт авч байж л уг зүйлд итгэнэ. Тэр хүн “танай авдранд нэг шар өнгөтэй эд байгаа учраас хүүхэд чинь өвдөөд байна” гэсэн айлдалд хэзээ ч шууд итгэхгүй. Итгэх, мэдэх гэдэг нь оюуны эрс өөр үзэгдлүүд. Шашин “чи эхлээд Бурханд итгэ, итгэсэн цагт түүнийг мэдэх болно” гэдэг бол шинжлэх ухаан “чи эхлээд мэд, мэдсэн юмандаа итгэ” хэмээн оюуны эрс өөр хүмүүжил олгох хандлагатай байдаг. Эргэлзэж гайхах гэсэн энэ үзэгдэл үл мэдэхээс гардаг гэж хүмүүс боддог. Гэтэл энэ үзэгдэл мэдлэгээс гардаг аж. Хүн өөрийн мэдлэгт тохирохгүй, мэдлэгээс нь хальсан юмс үзэгдэлд эргэлзэж гайхдаг бөгөөд энэ эргэлзээгээ тайлснаар шинэ мэдлэгтэй болдог. Абеляр энэ утгаар нь “эргэлзээ бол танин мэдэхүйн үндэс” гэсэн. Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж гайхдаггүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт богино өдөр байдаг гээд өдөр тутам өөрт нь тохиолддог зүйлийн учрыг үл мэдэх атлаа гайхна эргэлзэнэ гэж байхгүй. Угаасаа тийм байх ёстой юм шиг бодно. Тийм учраас тэр хүнээс юмны учир шалтгааныг олох гэсэн асуулт хэзээ ч гардаггүй. Зөв сэтгэж сураагүй ийм хүн юмсын мөн чанартай харьцаж сураагүй байдаг тул өнгөний зүйлд их анхаарал тавьдаг. Хамгийн сайхан хувцас, хамгийн үнэтэй машин, хамгийн тансаг хоол унд гээд л. Аристотелийн хэлснээр, тэд амьдрахын тулд иддэггүй, идэхийн тулд амьдарч байдаг. Тэдний толгойд хувцас бол хувцас шүү дээ, хүн ямар ч гоё хувцас өмслөө гээд байгаагаасаа илүү сэтгэнэ, байгаагаасаа илүү сайн хүн болчихно гэж байхгүй гэсэн бодол хэзээ ч орж ирдэггүй. Сонин бөгөөд инээдтэй хүн бидний дунд их байдаг. Юмны учрыг олохгүй явж явчихаад түүнийх нь учрыг тайлбарлаад өгчихөөр хэзээний мэдэж байсан юм шиг “тэгээд яагаав, үүнийг тайлбарлаад байхдаа яах вэ дээ” гэсэн байдал гаргана. Иймэрхүү хүнд оюун ухааны хөдөлмөрийг хүндэтгэнэ, ухаантай зүйлд баярлана гэсэн ойлголт байхгүй. Мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас тэр л дээ. Ер бусын ажигч, гярхай, нямбай оюун ухаан хамгийн энгийн зүйлд ч хүний олж хараагүй өч төчнөөн нарийн утга байгааг олж хардаг. Ийм хүн хэзээ ч “тийм ш дээ, тэгээд яагаав” гэж хэлдэггүй. Оюун ухааны зөв хүмүүжилтэй тиймэрхүү хүнд “миний энэ бодол зөв үү, эндээс ийм дүгнэлт гарах нь баараггүй байгаа даа” гэсэн бодол байнга байдаг.

    Сайхан ярьдаг хүн бүр сайн сэтгэдэг гэж үү?
    Гоё, уран сайхан ярьж байгаа хүнийг сонсоод “ямар ухаантай хүн бэ?” хэмээн шүүрс алдагчдыг мөн ч олон харлаа. Хүнийг ярьж байгаа шигээ сэтгэдэг хэмээн ойлгож огт болохгүй. Үг, сэтгэлгээ хоёр адил зүйлс биш. Тийм учраас хүмүүсийг үгний түвшинд хийгээд ойлголтын түвшинд харилцдаг хэмээн хоёр хувааж болно. Ухаалаг хүмүүс ихэвчлэн ойлголтын түвшинд харилцах бөгөөд тэдэнд бодол санаагаа тэр бүр үгээр илэрхийлэх шаардлага гардаггүй байна. XIX зууны Германы сэтгэгч Дюринг үгээр илэрч буй сэтгэлгээг хамгийн бүдүүлэг сэтгэлгээ гэсэн. Энэ нь хүн сэтгэлгээнийхээ бүдүүлэгдүү хэсгийг үгээр илэрхийлээд хамгийн нарийн хэсгийг илэрхийлж чадахгүй үлдээдэг гэсэн үг л дээ. Үнэхээр гүнзгий сэтгэсэн зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Ямар сайндаа л Хадамэр философийг “үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан” гэж байх вэ дээ. Гэтэл амьдрал дээр ямагт үгээр жонглёрдож байдаг хүмүүс ч байх юм. Бодож сэтгэснээ байтугай ойлгоогүй зүйлээ хүртэл уран сайхан хэлчих жишээтэй. Ийм нэг үг байдаг “үг сэтгэлгээг алж байдаг”. Ухаантай хуний урт удаан хугацааны турш бодож, ширгээж байж хэлсэн үгийг нөгөө уран илтгэгч маань өдөр тутмын яриандаа зуунтаа хэрэглэж, тэр үгийн үнэ энэ, ханшийг аль хэдийнээ бууруулсан байх ч үе бий.

    Яру нэгдийн гишүүн
    Бизнесийн сэтгэлзүйч Б.Бат-Өлзий