Author: admin

  • Гайхамшигтай…

    Энэ хорвоогийн хамгийн үнэт баялаг бол хүн билээ. Хүн гэгч энэ хорвоод маш ихийг бүтээж маш ихийг бусниулсаар ирсэн нь үнэн юм. Гэвч энэ хорвоо дээр амьдарч буй бид хаанаас үүсэлтэй хэрхэн бүтсэн тухайгаа өөр өөрсдийнхөө бодон алхана. Зарим нь үл тооно. Нууцлаг энэ асуулт бидний дунд оршвбайв агаад аз жаргал, амар тайвныг эрэлхийлэн амьдарсаар. Би ч бас бусдын л адил аз жаргал, амар тайвныг эрэлхийлэн алхах бөгөөд бэрхшээл саад тохиолдох бүрт хөх тэнгэр, үзэсгэлэнт байгалийг бишрэн сэргэдэг билээ. Тиймээс ч сэтгэл сэргээм сайхан байгалийг хүн бүхэн биширч эрч хүчийг хүмүүн бид хайрлаж үргэлж аз жаргал, амар тайван амьдрах сан…

  • Миний “ханиад хүрдэггүйн” нууц

    Эртнээс Монголчууд намрын эхний цасаар биеэ арчиж чийрэгжүүлж ирсэн бөгөөд – 1 градусын хүйтэнээс эхлэн дасгасаар дүн өвлийн хүйтэнд ч цасаар биеэ арчиж чаддаг болдог байна. Цасаар биеэ арчих нь биеийг хасах ионоор цэнэглэж, идэвхигүй эд эсийг сэргээж өгөх гэх мэт олон сайн талтай бөгөөд нэгэнт чийрэгжсэн бие ханиад томуу тусдаггүй ажээ. Мөн идэр есийн хүйтэнд голын усанд орж биеэ чийрэгжүүлэн эмчилдэг байжээ.

    Монголчуудын эрүүл оршихуйн ухаанаар бол “Хүн өвчингүй эрүүл чийрэг амьдарч урт наслах бүх бололцоо хүний биетэй хамт төрдөг ажээ. Өөрийн биеийг гамгүй эдэлснээс болж өвчин, зовлон бий болмуй” гэжээ.

  • О.Дашбалбар агсны нэрэмжит “ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ” наадамд оролцохыг урьж байна

    Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсэний 56 жилийн ойд


    ЭХ ОРОН- ОЮУН САНАА- ЯРУУ НАЙРАГ НААДАМ

    – Яруу найргийн наадам

    – Эрдэм шинжилгээний бага хурал

    – Уран бичлэгийн уралдаан

    Оролцогч нь дээрх 3 төрлөөс сонгон оролцох боломжтой. Дашбалбар агсаны оюун санааны их үйл хэргийг үргэлжлүүлж эх орондоо оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд таны хувь нэмэр хамгаас чухал.

    НААДМЫН ЕРӨНХИЙ БОЛЗОЛ

    – Их дээд сургуулийн оюутнууд болон эрдэмтэн судлаачидад нээлттэй;

    – Наадамд оролцох бүтээлүүдээ (шүлэг, эрдэм шинжилгээний илтгэл, уран бичлэг) 2013/04/18- 04/20 хооронд dashbalbarstudies@gmail.com хаягаар явуулах буюу 96658808, 99993758 дугаарын утсаар холбогдож биечлэн авчирч өгнө;

    – Бүтээлүүдийг эхний шатанд шалгаруулж, 2-р шатанд 15 шилдэг илтгэл, 15 шүлэг сонгон оролцууна. 2-р шатанд шалгарсан бүтээлүүдийг http://facebook.com/groups/ODashbalbar бүлэгт 4-р сарын 28-ны өдөр зарлана;

     Сануулга:

    – Илтгэл нь Arial фонд, мөр хоорондын зай 1.5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн 5- 7 нүүр байна;

    – Илтгэл тавих хугацаа 15 минут;

    – Яруу найргийн наадамд оролцогч нь 3 хүртлэх бүтээлээр оролцоно;

    – Уран бичлэгийн уралдаанд Дашбалбар агсаны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээнэ;

     ИЛТГЭЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

    – Утга зохиол судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Сэтгүүл зүй /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Соёл судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Шашин судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

    – Улс төр судлал /О.Дашбалбарын намтар, уран бүтээл, онцлог/

     ШАГНАЛЫН САН

    Эрдэм шинжилгээний илтгэл

    1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

    2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

    3-р байр Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

    Тусгай шагнал Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

     Яруу найргийн наадам

    1-р байр Өргөмжлөл, 300,000₮, дурсгалын зүйлс

    2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

    3-р байр Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

    Тусгай шагнал Өргөмжлөл, 50,000₮, дурсгалын зүйлс

     Уран бичлэгийн уралдаан

    1-р байр Өргөмжлөл, 300,000₮, Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

    2-р байр Өргөмжлөл, 200,000₮, дурсгалын зүйлс

    3-р байр Өргөмжлөл, 100,000₮, дурсгалын зүйлс

    ХЭЗЭЭ: 2013 оны 5-р сарын 03-ны 10:00 цагт

    ХААНА: Тусгаар тогтнолын ордны 3 давхарт, дугуй заал

    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

    Дашбалбар судлал төв

    Дашбалбарын Индра

    ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

    Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв

    Монголын залуу зохиолчдын холбоо

    Яруу сэтгэгч нийгэмлэг

    ХОЛБОО БАРИХ

    96658808, 99993758

    http://twitter.com/ODashbalbar

    http://facebook.com/ODashbalbar

    http://youtube.com/ODashbalbar

    http://facebook.com/groups/ODashbalbar

  • АМЬДРАЛЫН АКСИОМ булан

                  “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар                                                                                                     *Зарим хүмүүс үргэлж л амар хялбарыг хайж, хөнгөн ачаанд дуртай байдаг. Цөөхөн хүмүүс л хэцүү бэрхээс зүрхшээлгүйгээр саад бэрхшээлийг даван туулдаг. Аз болж хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх том том бэлэгийг өгөхөд хөнгөн ачаанд дурлагсад нэгэнт том ачаа даахгүй учраас том бэлэгийн хэлтэрхийг л үүрэх ажээ. Харин хүнд ачаа үүрч сурсан хүмүүс бол том бэлэгийг дажгүй үүрээд явж байгаа нь харагдана.

            Харин та хөнгөн хялбарт дурлагчдын нэг арай биш биз дээ. Уг нь том бэлэгээ даадаг байхын тулд одооноос биеэ дасгалжуулж байвал тун зүгээр л дээ.

            Бусдаас бэлэг авахад дургүй хүн гэж ер нь байдаг билүү? Бэлэг авахдаа  уур бухимдалтай, хөмсөгөө зангидаж авдаг хүн байдаг билүү? Гэтэл бэлэг авахдаа сэтгэл хангалуун бус, уурлаж бухимддаг хүмүүс бас олны олонд байх юм аа. “Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлгийг инээмсэглэн эсвэл хөмсөг зангидан хүлээж авах уу?! гэдгээ дахин нэг бодож үзээрэй.

    Та үргэлж инээмсэглэн хүлээж авдаг хүн бол үнэхээр аз жаргалын найз нь ажээ.

              *  Хүн өөрийн олсон мөнгөө яг гурван тэнцүү хуваах нь зүйтэй

    Ингээд 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй.

    1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас.

    1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас.

           Биеийг эзлэх гэж юунд яарнам. Биеийг эзлэх гэж давшин түрэмгийлснээр түүнийг зай барихад хүргэж оргүй хоосон хоцрох бишүү?! Харин үүний оронд эхлээд сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие аяндаа эзлэгдэх бишүү.

     Дэлхий хэтэрхий их өргөстэй ажээ. Хэн нэгэн нь энэ их өргөснөөс бүр залхаж гүйцээд “Дэлхийг бүхэлд нь ширлээд өгөөч” хэмээн Бурханаас гуйжээ. Бурхан “Чи өөрийнхөө л хоёр хөлыг ширлэчихвэл болох бишүү” хэмээн хариулжээ.

     

     

     

  • Үйлчилгээний соёл бол хананд өлгөсөн өргөмжлөл, шар бичигтэй цэнхэр тууз биш

    Бизнесийн соёл төлөвшөөгүй, ажилтанаа тогтмол хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлээгүй, үйлчилгээний философио ойлгоогүй үйлчилгээнүүд хаа сайгүй. Хэрэглэгчээ дарамталдаг, эсвэл айлгасан. Гомдол гаргавал манайхыг доромжиллоо гэж хэлдэг. Ажилтан нь ч тэр, дарга нар нь хэрэглэгчээсээ уучлалт гуйхын оронд хэрэглэгчээ хий хоосон хардаж, чи хаанахын захиалгаар гомдол гаргав ч гэх шиг дайрч давшилж харилцдаг байдал хаа сайгүй байсаар байна. Хамгийн инээдтэй нь хэрэглэгчээ хэн ч биш мэт харж, өөрсдөд нь гомдол ч гаргах ёсгүй, өөрсдийгөө бурхан мэт бодчихдог байгууллага ч байна. Байгууллага бол бурхан хэрэглэгч бол загнуулж, зүхүүлж, доромжлуулж байх ёстой хэн ч биш амьтан мэтээр хандаж байгаа байгууллага олон байгаа нь харамсалтай. Тухайн байгууллагын дарга нь ширээний ард суугаад л хэн ч үг хэлэх ёсгүй, хэнтэй ч юу ч ярих ёсгүй хад чулуу, хаан заан мэт нэг хүн, өөрийгөө ийм байх ёстой гэдэгтээ итгэчихсэн гар. Хэрэглэгчидтэйгээ уулзаад, уучлал гуйгаад аятайхан харилцчихаж чадахгүй, хөөрхийс…

    Хэрэглэгчидтэй харилцдаг болхи бүдүүлэг, хүй нэгдлийн үеийн арга барилаа одоо гээвэл таарна. Баахан мод устгаж, байшингийн хана заваартуулж цаас наагаад, хүний дургүй хүргэсэн баахан реклам цацаж дур, мөнгө хоёрыг үрнэ. Тэгээд үйлчлүүлэх гээд очихоор баахан хэлгүй хүүхэлдэйнүүд, олигтой нэг үг дуугарчихгүй, дуугарч ядаад, юм асуухаар загнаад, гомдол гаргавал бараг шууд доромжилно, хандлагаараа айлгаж, харцаараа зодно. Энд ямар нэгэн үйлчилгээний соёл, арга технологи гэж байна уу, хэ хэ. 

    Хэрэглэгчидтэй харилцах арга барил улам бүр нарийсаад шинэ технологиуд нэвтэрч, хэрэглэгч анх босго давж мэндэлснээс эхлээд санал, гомдол, санаа оноо, үүх түүх, хэлсэн үг, гаргасан араншин бүрийг нь бүртгэж хадгалсан мэдээлэлдээ үндэслэн тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах тактикаа боловсруулдаг болоод байхад, бид хэрэглэгчээ санамсаргүй зөрж өнгөрсөн зочин мэт харсаар. Тэр ч байтугай дэлгүүрт нэг хэрэглэгч санал гаргахад, яг тэр мөчид нь тухайн хүсэлтийн дагуу үйлдвэрлэж дэлгүүрээс гарахаас нь өмнө хүссэн бүтээгдэхүүнийг нь авчирч өгдөг тийм хурдтай ажиллаж байгаа үйлдвэр ч байна. 

    Харин бидний бодит байдал:

    Жишээ 1: Номхоон, зэрэгц
    Ажлын ойролцоо “Үндэсний бууз” гэдэг нэг газар байна. Ойролцоо болохоор гүйгээд орчихно. Өнөөдөр ороод, хоолоо бичүүлэх гээд зогсож байсан. Тэгсэн касс нь – Ёо, ёо , би 4 гаргүй ш дээ, байж байгаач дээ (Уг нь би хурдал гэж хэлээгүй). Тэгээд сайн санааны үүднээс, үйлчилгээгээ жаахан ч гэсэн сайжруулаг гэж бодоод, – Та үйлчлүүлэгчиддээ, гаргүй энэ тэр гэж ойлгомгүй юм хэлэхийн оронд, зүгээр л “Уучлаарай, түр хүлээгээрэй” гээд хэлчихэж байгаарай гэж хэллээ. Тэгсэн чинь бүүр загнаж байна. – Мөрөөрөө юмаа идэхгүй, юун олон үгтэйн, за… н .. э..   х..  б ..ю..  о үгтэйн бэ, харцаараа бараг л зодлоо доо…  Сайн санаад хэлсэн үгнээсээ болж загнуулж, хараалгуулсан хүн хоол идэх ямар ч хүсэлгүй болчлоо. Тэнд хүнд дарамтлуулж номхон зогсож байж хоол идэх шаардлага ч надад алга. Тэгээд гарч явахдаа, энд дахиж хэзээ ч орж ирэхгүй гэж өөртөө хэллээ. Би зүгээр л, тайван сайхан хоолоо, уур уцааргүй орчинд, хэн нэгэнд хялалзуулалгүйгээр идчихээд л гараад явмаар байна. 

    За энэ ч ингээд өнгөрдөг юм байж. Гэхдээ энэ буузны газрын цаана бас л Монгол хүний амьдрал байгаа. Тиймээс энэ олон “ууртай буузнууд”аа яаж гоё үйлчилгээтэй болгож тэр дэлхийн алдартай гамбирнуудтай өрсөлдүүлий дээ? 
    Яаж? яаж?
    Үйлчилгээний байгууллагын удирдлагууд ажилчиддаа анхаарал тавьж үйлчилгээний соёл энэ тэр зааж сургамаар юм аа. Тэгвэл нэг ч гэсэн үйлчлүүлэгчээ алдахгүй шүү дээ. Аль аль талдаа бодмоор юм их байна.

    Жишээ 2: Өөр үнэтэй талх
    Нэг дэлгүүр талхныхаа үнийг буруу бичихээд, 50 төгрөгөнд юун сүртэй юм бэ? гээд бухимдаад байсан. Тэд нар нэг талхны мөнгө 600 төгрөг алдаж байна л гэж бодож байгаа байх. Гэхдээ, тэр талхыг насан туршдаа худалдаж авах нэг худалдан авагчийг алдаж байгаагаа мэдэхгүй байгаа нь, бодохгүй байгаа нь даан ч харамсалтай. Тэр дэлгүүгээр дахин орж, хүмүүсд загнуулмааргүй байна. Хүмүүсийн хялалзаж, зэхэлзсэн гараас талх авмааргүй байна. 

    Зүгээр л хэнийг уурлуулахгүй, хэнд ч уурлахгүй, уурлах ямар нэгэн шалтгаан байхгүй, сайхан талхаа аваад л, тайван сайхан амьдармаар байна. Хуурамч, хөндий, хоосон бөхөлзөж нахилзахыг биш, зүгээр л намайг хүндэтгэж харилцаасай гэж хүсэж байна. Би зөвхөн ТАЛХ БИШ, талхтайгаа хамт СЭТГЭЛ ХАНАМЖ худалдаж авмаар байна. Сэтгэл ханамжийг өгч чадвал, талхных нь үнэнээс 3 дахин илүү үнэ төлөхөд ч бэлэн байна. 50 төгрөгнөөс болж нервтэж амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөчийг уурлаж бухимдаж өргөрөөмөөргүй байна.

    Жишээ 3: Тасалбарын цаг солиулах гээд загнуулав
    Өргөө кино театрт 19:10 цагийн үед. Тасалбар түгээгч нь надаас цаг асуугаагүй, 19.20 юм байна гэж бодоод биччихэж, Цагийг нь лавлан харсан чинь 19:20 гэсэн байлаа. 21.40-р солиулах гэсэн тасалбар түгээгч нь уурлаад, билет гарнаас шүүрээд л, би өрөнд орохоор болчлоо, цагийг чинь асууж бичүүлээ биз дээ гэх мэт тасалбараасаа хэтэрсэн олон үг хэлж загнаж дайрч байна. Үргэлжлэлийг

    Санал: Монголын нэг ч гэсэн үйлчилгээний байгууллага хэрэглэгчидтэй зөв сайхан харилцаж, үйлчилгээний чанараа сайжруулаасай, үйлчилгээний чанар гэдэг бол хананд өлгөсөн өргөмжлөл, шар бичигтэй цэнхэр тууз биш гэдгийг ойлгоосой, ажилтаныхаа хөгжилд анхаарал хандуулаасай, ажилтан бол байгууллагын гол баялаг гэдгийг ойлгоосой, хэрэглэгч бол дайраад өнгөрдөг зочин биш байгууллагын оршин тогтнох үндэс гэдгийг ухаараасай, хэрэглэгчтэй харилцдаг шинэ дэвшилтэт арга технологиудыг ашиглаасай гэдэг үүднээс энэ саналыг бичлээ. Бид жинхэнэ үйлчилгээг хүсэж байна… Үйлчлүүлэгчээ хайрлаж, хүндэтгэж, хүн гэж харилцдаг байгууллага МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

    Ж.Лувсандорж

  • АМЬДРАЛ ГАЙХАЛТАЙ…

      

    Алт ховор учраас үнэтэй байдгийн адил Амьдрал үнэтэй учраас богинохон байдаг

    Хазгар өвгөнд ч эрдэм бий
    Хар авдарт эрдэнэ бий

    Агуу үйлсүүд хүч чадлаар бус
    Уйгагүй оролдлогоор биелэлээ олдог Үг гэдэг үерийн уснаас ч хүчтэй

     

    Өөртөө итгэ, Та бодож байгаагаасаа ч илүү ихийг чадна

    Урлагийг дипломоор хэмжихгүй. Дипломтой халтуурчид урлагийг юу ч биш болгож байна. Жинхэнэ авъяас чадвар, зүрх сэтгэлээр хэмжинэ.

    “Цаг хугацаа бол авьяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.” К.Маркс 

    “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй.” Р.Декарт

    “Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг.” Мэгэли дэ Сэрвантэс

    “Юм бүхэн өөрийн гэсэн цагтай.” Экклесиастес 

    “Гав дөнгөтэй байлаа ч гэсэн амьдрал сайхан юм.” Ф.Э.Дзержинский

    “Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсох болно.” Хомер

    Бэлдэх тусам аз од гийдэг

    Өгсөн үүрэг даалгаврыг ял биш өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авсан нь гялалздаг…

    Шар навчсыг өрөвдөж буй уйл. Шинээр ургасан навчис ч бас шарлана

    Ямраар дурсагдахыг хүснэ, яг түүн шигээ амьдар

    Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг. Гёте

    Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс. Петроний

    Хайр дурлал бүх нүглийг өгшөөх ёстой. Гэхдээ хайр сэтгэлийн эсрэг үйлдсэн нүглийг биш шүү. Оскар Уайльд

    Шударга байна гэдэг эр хүний, хүнлэг байх нь эм хүний сайн тал нь. Шопенхауэр

    Хэзээ ч бүү шантар, Энэ л танийг амжилтанд хүргэнэ

    Өөрийгөө тань сайн муу талаа мэд, мэдэр

    Чадваргүй хүн гэж үгүй харин оролдлогогүй хүн гэж байдаг.

    Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй

    Хvн ямар ирээдvйг мєрєєдєж байна, тvvнд тийм л ирээдvй байдаг

    Дуугvй суух нь ярианы хvчийг нэмнэ, цагаа олох нь дуугvй суухын хvчийг нэмнэ

     Хамгийн үнэтэй санаанууд явган алхаж байхад л төрдөг.

    Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь

    Чи сониуч зантан болвол ихийг мэдэгч болно. Сократ

    Танин мэдэх нь гайхахаас эхэлдэг. Аристотель

    Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой. Эйнштейн

    Мэдлэгийн эзэн нь болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй. О.Бальзак

    Амжилт бүтээл нь өдөр тутамд давтагдах зүтгэлийн нийлбэр дүн юм. Роберт Коллиер

    Илүү сайн болох гэж хичээхгүй хүн сайн хэвээрээ ч үлдэж чадахгүй. Овивер Кромвелл

    Хүний ааш араншинг хэмжих хэмжүүр нь түүний сонсож, бодож буй зүйл биш, хийж буй зүйл нь юм. Б.С.Лееминг

    Өөртөө тохирох хүнийг хайснаас Өөрөө хүнд тохирч сур…

    Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана

    Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
    Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
    Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
    Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
    Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

    Авах хvнд нэг vг ч эрдэнэ
    Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа

    Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээгүүр хувь ерөөл юм. \Клод Тилье\

    Бүх зүйлийн хамгийн чухал нь ТА өөрөө…

     

  • ХАМГИЙН САЙНААРАА АЖИЛЛАХ УХААН

    Компанийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР. Бид хэрхэн хамгийн сайнаараа ажиллах вэ гэдэг талаар өөрийн үгээ хэлэв.

  • Үргэлжлэл

    Цэцгэн дундуур хөөцөлдөх хосыг харахуйяа

    Цэнхэр үүлс согтуурхан тууцалдан одно

    Дэргэдэх цэцэгс ичингүйрэн өндөлзөхүйеэ

    Балт зөгий бухимдан тоосруулан үргэнэ

    Тоосны ширхэгт цэцгийн дэлбээ янаглахуйяа

    Тоост хорвоог гэрэлтүүлэх бяцхан үр соёолно

    Хосын жаргалтай инээд зүрхийг хөглөхүйеэ

    Харанхуй хорвоог гэгээрүүлэх нэгэн үр бүрэлдэнэ.

     

    Зургийн эх сурвалж:
    Зураач В.Ундраагийн “Үргэлжлэл” бүтээл

  • Хамгийн сайн цахим хуудас ямар байх ёстой вэ (зөвлөмж)

    Хором мөч бүрд өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрсдийн нэр хүндийг баталгаажуулах эхний алхам Таны цахим хуудас ямар байх ёстой вэ?

    1. Хэрэглэхэд энгийн бүх зүйл нь ойлгомжтой байх.
    2. Хэрэглэгч төөрөхгүй, олон үйлдэл хийхгүйгээр хэрэгтэй мэдээлэлээ авдаг байх.
    3. Хэт их анимайшн, залхмаар олон баннер сурталчилгаагүй байх.
    4. Гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжөөр хандаж болдог байх.
    5. Агуулга сайтай буюу хэрэглэгчидэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэлээр тогтмол шинэчлэгддэг байх.
    6. Хэрэглэгчтэй харилцдаг буюу санал хүсэлт асуулт хариултанд түргэн шуурхай хариулт өгдөг байх.
    7. Тухайн байгууллагын өнгө төрхийг илэрхийлсэн өөрийн гэсэн онцлогтой хүний нүдэнд эвтэйхэн дизайны шийдэлтэй байх.
    8. Онлайн худалдаа, онлайн захиалгын хэсэгтэй байх.
    9. Цахим хуудсыг ашиглах заавар зөвлөгөө, тусламж хэсэгтэй байх.
    10. Хайлтын системд бүртгэгдэж, хайлтанд дээгүүр байрладаг байх.
    11. Олон нийттэй харилцах цахим хуудсуудтай хоршиж ажилладаг байх.
    12. Мэдээлэл шинэчлэхэд хялбар буюу мэдээлэл технологийн мэдлэг шаардахгүйгээр түргэн шуурхай мэдээллийг шинэчлэх боломжтой байх.
    13. Цахим хуудасны хандалт, хэрэглэгчий санал, сэтгэгдэл гэх мэт тайлан мэдээг хянах боломжтой байх.
    14. Тогтмол шинэчлэгдэж хөгжүүлэлт хийх боломжтой байх.
  • Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулга

    “Яруу сэтгэгч” сонины дугаарууд цувралаар… 

    1.Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй

    Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор хэн нэгэн уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

    2.Танд нэг гоц санаа байх ёстой

    Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймд та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.

    Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

    3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой

    “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.

    Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

    Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л  сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.

    Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

     4.Үлгэр-1: Сул чөлөөтэй бай,

     бүү  тэвд

    Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

     5.Үлгэр-2: Сул чөлөөтэй бай,

    бүү  тэвд

    Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

    6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй

    Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

    Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

     7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл

    Харилцан яриа, ишлэл

    Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.

    Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

    Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.

    Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

    Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?

    А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.

    Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.

    Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.

    Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

    Кембрижийн  Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.