Author: admin

  • “Зардал бүр хүний сайн сайхны төлөө байх” – Надад бол таалагдаж байна

    Айлд эрэг боолтны халивнаас эхлээд хумсны хутга гээд хэрэг болох багаж хэрэгсэл захаас аваад л дутагдана. Тэгсэн саяхан Мандухай хатан компани захиалгаар хийлгэж, хэрэглэгчиддээ бэлэг болгож буй багажны иж бүрдэлийг ашиглаж үзлээ. Халив нь нарийнаас эхлээд бүдүүн хүртэл бүх төрлийн цэцгэн болон хасах халивны төрлүүдтэй, 2 талдаа гар чийдэнтэй юм байна. Хумсны иж бүрдэл нь хумсны хутга, чихний ухуур, хумсны хуурай, хямсаа гэх мэт айлд үргэлж хэрэг болж байдаг багажнуудын цуглуулга байна. Хэрэглэгчидээ гоё сайхан реклам, гял цал баглаагаар хууралгүй хэрэглэгчидийнхээ амьдралд ахуйд хэрэг тус нэмэр болох бодитой багаж хэрэгсэлээр урамшуулж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Хэрэглэгчиддээ итгэл даасан найдвартай үйлчилгээг 20 жилийн турш үзүүлж чадсан ах, эгч нараараа бахархаж байна. Ажил үйлсд тань амжилт бүтээлийг хүсье. Монгол хүн бүр үндэсний бүтээгдэхүүнээрээ гоёж сэтгэл тэнэгэр гоо сайхан амьдрах болтугай.

     

    5 хоногийн өмнөхөн дөө. Мандухай хатан компанийн захирал Н.Шинэгэрэл эгч манай ажилруу орж ирээд гарахдаа, хүүхдүүд яагаад хүнгүй өрөөнийхөө гэрлийг унтраагүй юм бэ гэж асуусан. – Аа, гал тогооруу орчихоод эргээд ирлээ гэхэд, – Тэгсэн ч гэсэн, энэ өрөө хүнгүй л байгаа бол гэрлээ унтрааж байх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод бодсон: “Нээрээ бүх зүйл энгийнээс л эхлэдэг, биднийг гал тогооруу очоод 2, 3 минут юм идэх хооронд цахилгаан урсаж л байгаа. Тэр цахилгаан бол манай компанийн л мөнгө урсаж байгаа гэсэн үг шүү дээ. Цаашлуулж бодвол дэлхий ээжийн нүүрс л шатаж байгаа шүү дээ. Хүн жижиг гэлтгүй бүх зүйлийг сайн анхаарч, ажиллаж чадсанаараа амжилтанд хүрдэг биз дээ.

    Сонсож байснаар Икеагийн захирал Ингвар Кампрад (Дэлхийн 11 дэхь баян хүн) бүх бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн шалгадаг, тавилгад ямар ч илүү дутуу зүйл байх хэрэггүй, илүү мод төмөр орсноороо ямар ч давуу талыг бий болгодоггүй гэж үздэг хүн байсан бөгөөд хамгийн бага материал орсон хамгийн энгийн, хамгийн зөв ашигтай орон зайг үүсгэдэг тавилгын загвараа бренд болгож чадсан гэдэг. Ингвар Кампрад үйлдвэр дээрээ тавилгын загваруудтай нэг бүрчлэн танилцаж илүү дутуу зүйлүүдийг бүгдийг нь хасуулдаг хүн байжээ. Тэрээр одоо ч гэсэн 15 жилийн настай Вольво машинаа унадаг бөгөөд ажилчидаа бичгийн цаасны 2 тал дээр бичиж байхыг компанийхээ соёл болгосон гэдэг. Мэдээж энэ бүхний цаана эх дэлхийгээ хайрлах, эрчим хүчээ хэмнэх гээд л маш олон ухаан шингэсэн байгаа шүү дээ. Энэ л эгэл жирийн, ухаалаг хүмүүсээс бид суралцаж явна даа. Амьдрал баялаг юм даа. Өдөр бүр суралцаж явна даа.

  • Шинэхэн цас

    Хэний ч юм хацар дээр эрх дураараа уналаа

    Хээгүй зан гаргаж талбай бүрийг бүрхлээ
    Миний гаран дээр хөлөн дээр хүмүүс амгаланд умбана
    Цээжин дээр минь олуулаа цуглан хөгжилдөж байна
    Харин нүдэнд минь хэн ч хүрч чадахгүй
    Энд чив чимээгүй
    Элдэв нүргээн, шуугиан огтоос үгүй
    Эгэл даруухан намуухан бүхэн энд тодроно
    Эцэс төгсгөлгүй хайр энд л оршино
    Эргээд надаас хэн ч булаахгүй миний аз жаргалыг
    Гэрэлтэн гялалзах очноос нь хэн бугай ч айдаг
    Гэгээвчээрээ харах хүслээ ч нуудаг
    Надад л илгээгдсэн энэ нүдийг хэн ч олж харахгүй
    Намайг ширтэх мэдрэмжийг хэн ч хэзээ ч амсахгүй 
    Би хэтэрхий сайхан юм 
    Яагаад гэвэл би төгс төгөлдөр юм
    Яагаад гэвэл би хэзээ ч хувиршгүй цагаахан юм, цагаахан…

                         2000 он

     Энэ цас хайлан одох ч эргээд ирэхдээ энэ л хэвээрээ…

  • О.Дашбалбар: ЗҮҮДЭНДЭЭ Ч БИ ЧИНГИС ХААНЫГ ДУУДНАМ

    Надтай, надгүй ч амьдрал үлдэнэ

    Наран мандаж, саран ургаж ээлжилнэ.
    Ганцхан заяасан Эх орныхоо төлөө
    Гаргуунд нь гаргая, энэ биеэ!…

    Эх орон минь ногооны талбай болж,
    Эцэг дээдсийн минь ясыг харийнхан гишгэлж,
    Цугаараа гутамшиг болохыг үзсэнд орвол
    Цусаа дуустал тулалдаад унасан нь дээр!…

    Манай голоос дайсан морио усалж
    Манай газраас алтыг нь зөөхийг хүсэхгүй!
    Ухаан дутаж, эв эвдэрснээс бид мөхөж
    Уруудаж доройтож, дэлхийн доог болохыг хүсэхгүй!

    Эцэг дээдэс Чингисийн минь сүнс харж буй…
    Эх орон минь малын хашаа болохыг хүсэхгүй!
    Манай хүүхнүүдийг харийнхан бузарлахыг тэвчсэнд орвол
    Магнайд нь сум зоогоод тулалдаанд боссон нь дээр!

    Томоогүй үрсийг минь харийнхан боолчлохыг харсанд орвол
    Толгойд нь сум зоогоод тулалдаанд боссон нь дээр!
    Хуурамч хорвоо хөөрхий Монголыг минь шоовдорлож
    Хумхийн тоос мэт адлавч, бид ялагдашгүй!…

    Хэцүү бэрх энэ цагт Монгол хүн болсондоо
    Хэзээ ч би харамсахгүй, хэлтгий заяаг тэгшилж
    Хэврэг биеэ Эх орондоо эцсээ хүртэл зориулж
    Хэрэг гарвал тулалдааны талбарт унана!…
    Дээдсийн минь зүрх бидний цээжинд цохилж
    Дэлхийг донсолгосон морьдын төвөргөөн сонсдоно.
    Зүүдэндээ ч би Чингис хааныг дууднам
    Зүүрмэглэх агшиндаа ч Мухулай баатрыг үгүйлнэм.

    Монгол хүн бууж өгдөггүй,
    Монгол үндэстэн буцаж ухардаггүй,
    Монгол орныг бурхан орхидоггүй, 
    Морьтон ард минь үүнийг сана!… 
    1991-7-6

  • SOCIAL MEDIA COMMUNITY-Г АЖИЛ ХЭРЭГЧЭЭР АШИГЛАХ 9 ШАЛТГААН

    1. Танилцах: Хурдтай өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрийн байр суурийг эзэлж, өөрийн зорилго, үзэл бодлоо бусдад зөвөөр таниулна.

    2. Брэнджих: Насан туршдаа хоолоо олж идэх хүсэл сонирхолдоо нийцсэн салбараа одооноос сонгож, тухайн салбарынхаа талаар тогтмол блог бичиж, өөрийн хүрээлэл, фэнүүдийг бий болгож өөрийн нэр хүндийг өсгөж хувь хүний брендийг бий болгоно.

    3. Хуваалцах: Өөрийн мэдлэг чадвар, туршлагыг бусадтай хуваалцаж хүний хөгжилд хувь нэмэр оруулна.

    4. Чадваржих: Өөрийн ажиллаж буй салбарынхаа мэдлэг, мэдээллийг хурдтайгаар авч, уншиж судалж, тогтмол өөрийгөө чадваржуулан хөгжүүлнэ.

    5. Хамтрах: Өөрийн сонирхдог, ажилладаг салбарынхантайгаа тогтмол харилцаатай байж өөрийн хүсэл сонирхол нэгтэй хамтран зүтгэгчидээ олж хамтран ажиллана.

    6. Оролцох: Ойрын ирээдүйд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, болон бусад нийгмийн харилцааны хэрэгсэл, засаглалын хэлбэрүүд цахим хэлбэрт шилжих нь тодорхой болоод байна. Тиймээс одооноос цахим нийгмийн харилцаанд зөв соёлтой оролцож, үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа эзлэх нь зөв.

    7. Бүтээх: Өөрийн түүхээ хялбар аргаар бүтээх боломжтой.

    8. Мэдээлэх: Цахим орчинд найз нөхдийн нэгдэлийг бий болгож чадсанаар ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг гуйхгүйгээр өөрсдийн бүтээл, үйл ажиллагааг бусдад мэдээлэн сурталчилах боломжтой болно.

    9. Тэлэх: Өөрийн харилцаа, нийгмийн хүрээллийг дэлхийн хэмжээнд тэлж дэлхийн хэмжээний харилцаа, хамтын ажиллагааг бий болгож чадна.

  • Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ

     

    Хайртай дуртайгаа илчилж

    Хол ойргүй дагаж гүйж байж ханилаад

    Хожмын нэг өдөр

    Хөсөр битгий хаяарай

    Үрийг чинь төрүүлсэн нь

    Үнэндээ тэдний буруу гэж үү

    Ганцхан олдох амьдралдаа

    Гал голомтоо нэгэнт л асаачихаад

    Зовлонг даахгүй замдаа

    Зориг чинь мохчих вий

    Ирээдүйн бяцхан иргэдээ

    Эцэг эхгүй бүү өнчрүүлээч

    Өөдөсхөн жоохон жаалуудыг гомдоож

    Өөрийнхөө жаргалыг бүү түлхээч хүмүүсээ…

    1999 он 

    5-р ангид байхдаа энэ шүлгийг бичиж байжээ. Хагацал гуниггүй амьдралыг бүтээхийн тулд сонголтоо зөв хийцгээе…

     

  • Уураг тархины хоол тэжээл

    Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрүүл байлгахад шууд нөлөөлдөг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хүнс хэрэглэж байх зуршлыг өөртөө бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрүүл цусаар хангагдан, хүчилтөрөгчөөр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм үндсэн нөхцлийг бүрдүүлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хүнсийг санал болгож байна.

    УС: Хүний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Өдөр бүр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон  төв мэдрэлийн системийг хооронд нь холбож  байдаг электрон, хийн энергийг үр ашигтай зохицуулж өгдөг. Уух усыг өрөөний дулаантай адил температурт байлгаж бага багаар өдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлүүлэхэд тусаа өгнө.

    ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.

    САМАР ҮР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хүнсэнд дээгүүр байр эзлэх тэжээл нь самар, үр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргүй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Хуурч давсалсан бүтээгдэхүүн нь уураг тархинд хортой хүчлийг ихээр агуулдаг тул зөвхөн шинэхэн, боловсруулагдаагүй, хольцгүй байдлаар нь хэрэглэ. Өвсний төрөлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хөх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрүүл мэндэд маш тустай. Хальс хөврөлтэй нь самар, үр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч үр дүн нь адилхан сайн байна.

    ЗАГАС: Загас хүний оюун ухаан, суу билиг хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хоол тэжээлд дээгүүр байр эзэлдэг. Цэнгэг хүйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хөх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд өртсөн байдгийг анхаараарай.

    МАХ: Мах маш их шим тэжээлтэй бөгөөд уураг нь бүх амин хүчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илүүдэхгүй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хүчтэй байхыг хүсвэл гахай, үхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, үхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах өөртөө нойр хүргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нөхцөлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэхэд маш сайн.

    Уураг тархинд дайсагнагч хүнс

    БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хүний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хүний дархлалын системийг доройтуулж халдвар сөрөх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зөгийн бал, зарим ногоонд олддог тул үүгээр орлуулж болно.

    ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хүмүүс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, нян үр хөврөлүүд нь хаягдан бага зэргийн уураг, нүүрс ус бүхий голын цагаан хэсэг л үлддэг. Сүүлийн боловсруулалт болох тальк глюкозоор өнгөлгөө хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сүүлийн ул мөр арчигддаг байна. Бор будаа болон үр тарианы хальсанд бүх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хөц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.

    КОФЕ, ЦАЙ: Өдөрт уусан хэдэн аяга цай, кофе нь хүний бие организмаас кальций, магний, калий зэрэг үр ашигтай эрдсүүдийг шээсээр хөөн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны төвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зөвшөөрдөг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зүрхний шигдээс, саа тусахад л хүргэнэ. Цусны даралт өндөр байх нь уураг тархи, зүрх, бөөрийг гэмтээх аюултай.

    ХИЙЖҮҮЛСЭН УНДАА: Ийм төрлийн ундаа нь өөртөө их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бөгөөд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын үйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн түвшинд гэмтээж байдаг. Хийжүүлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шүүсийг орлуулан хэрэглэж болно шүү дээ.

    АРХИ, ТАМХИ: Тамхи татах үед утаа нь хүчилтөрөгчийн хамт тархи руу юүлэгдэх бөгөөд бодох сэтгэх үйл явцыг сулруулдаг. Сэтгэл хөдөлсөн, уурласан үед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд харин тархины эсүүдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хүргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архи нь хүнийг мансууруулаад зогсохгүй тархины эсийг чимээгүй сүйтгэн уураг тархи, мэдрэлийг хөнөөдөг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хүн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг өөртөө тээснээр нянгууд ажлаа хийн өвчин эсэргүүцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Үүнд хүний мэдээлэл санах чадвар хүчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бүхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад үр ашигтай шим тэжээлүүд үрэгддэг. Никитон яг л архи шиг хүний биеийн гормоныг өдөөдөг бөгөөд хоёуланг нь хэрэглэвэл үйлчилгээ нь бүр хүчтэй нөлөөлж, аюулд хүргэнэ.

    Оюуны чадварын IQ төв

  • Эрдэнийн сан Субашидаас

     

    Ухаантан мэргэд хэдий эрдэмтэй боловч

    Улам улам мэрэгжихийн тулд ном судар цуглуулъюу

    Урсах мөрөн бүгд уламжлан дамжсаар

    Усны сан болсон их далайд цутгах адил.

     

    Хортой тустай олон зүйл үйлсийн дотроос

    Хойшид тустай сайныг ялгаж авагч мэргэн бөгөөд

    Хог сагийн дотор байсан төмрийн үртсийг

    Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт.

     

    Үнэн мэргэн ухаантан номын утгыг мэднэ 

    Үтэл мунхагууд хаанаас мэдэх

    Үлэмж гэрэлт нар ургаваас л

    Үзтэл шар шувуу тэргүүтэн харин балайрах адил…                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

    Мэдэл чадал төгсвөөс гэмээ арилгана за.

    Мэдэл багат мунхаг хүн хаанаас чаднам. 

    Мэх хүчин төгөлдөр гарди хорт могойг ална за 

    Мэнжлэгч муу хар хэрээ хүчин үл хүрэх адил.

     

    Асар сайн ухаантан эд мал доройтовч 

    Ашид ухаан нь сайнаар байх бий. 

    Араатны хаан арслан өлсвөөс л

    Асар түргэнээр зааны толгойг хагалъюу.

    Сайтар эсэргүүцэж эс асуутал 

    Санаагаар хүний эрдмийг дэмий бүү цэнэ.

    Сайн дуут хэнгэрэг боловч эс дэлдвэл

    Сац бас өөрөө дуу үл гарах мэт.

     

     

     

     

     

     

  • Атилла хааны жолоодохуйн урлаг

    1987 онд Атилла хааны жолоодохуйн урлагийн тухай номыг АНУ-н Файрмент даатгалын дэд ерөнхийлөгч Уэсс Робертс бичсэн байдаг. “Атилла хааны жолоодохуйн урлаг” бол мянга мянган хүнийг нэгтгэж манлайлж чадсан цэцэн билгийг нээж өгч байгаа бизнесийн хүмүүс, эцэг эх, багш зэрэг хүнтэй ажилладаг хүн бүрт эрхэм чухал ном бөгөөд 1989 онд Америкт хамгийн их гүйлгээтэй номоор шалгарсан юм. “Түүх шаштирт Атиллаг дайнч, харгис, соёл иргэншлийг устгагч байсан” гэдэг ч түүхэн нөхцөл байдлыг авч үзвэл төсөөлөл өөрчлөгдөнө. Ах дүү нар нь хүртэл дайсагнадаг, Хүннү тархай бутархай, нэгдмэл зорилгогүй ард түмэн байсан. Атиллагын дэлхийг эзэгнэх төлөвлөгөөг эхэн үедээ түүний жанжнуудаас цөөхөн хүн дэмжиж байв. Америкт жинхэнэ жолоодогч юу юунаас хэрэгтэй байгаа өнөө үед Атилла хааны жолоодох урлаг хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгцээтэй байна гэж үзэж Атиллаг судлаж номыг нь хэвлүүлжээ. Уг ном ямар ч сурталчилгаагүйгээр амжилт олж олон арван хүний ширээний ном болж, 3 удаа хэвлэгджээ.

    Уншсан хүмүүс: “Зарчмууд нь аль ч үед хуучрахгүй”, “Америк менежерүүдэд хамгийн хэрэгтэй ном”, “Хөгжил, дэвшил, манлайллын ур чадварт суралцахад хамгийн хэрэгтэй ном”, “Хэрэв өнөөдөр Атилла бидний дунд байсан бол том үйлдвэр худалдааны эзэн, дипломат, нийгмийг өөрчлөгч, улс төрийн зүтгэлтэн байх байлаа” гэсэн байдаг.

    Хаан болж төлөвшсөн байдал:

    Атиллаг бага байхад нь аав нь нас барж, авга ах Рудиллагийн асрамжинд өссөн. Атилла Рудиллагийн явуулж буй бодлого, ялангуяа бусдыг найрсан бөхөлзөх гадаад бодлогыг нь илээр шүүмжилдэг байсан тул хавчигдаж 12 настайд нь Ромын нэр төрийн шүүхийн барьцаанд илгээжээ. Атиллагийн оронд Аэтус нэртэй хүүг барьцаанд ирүүлжээ. Аэтус бол монголчуудын сул талыг судалсан хүн юм.

    Атилла барьцаанд очсон эхэн үедээ Ромын үзэл суртлыг шүүмжлэн эсэргүүцэж, 2 ч удаа оргохоор завдаад бүтээгүй байна. Тэгээд нөхцөл байдалтай илтээр зөрчилдөхөө зогсоож, Ромын дотоод гадаад бодлого, армийн давуу, сул талыг судалж, гадаадын элч төлөөлөгчидтэй хийх уулзалт, ярилцлагыг тогтмол ажиглаж, Ромчуудаас манлайлал, бичиг хэргийн олон зүйлийг сурч байв.

    Чухамхүү Ромын нэр төрийн шүүхэд л Атиллагын толгойд дэлхийг эзлэх их холч ухааны /стратегийн/ үр хөврөл бүрэлдсэн байна.

    Атилла насанд хүрч эргэн ирсэн. Энэ үед аймгууд нь хаан эзнээсээ хамааралгүй байв. Атилла аймгийн ахлагч нартай харилцаа холбоогооо сэргээж, тэдний итгэл найдварыг аажим аажимаар олж авч өөртөө татаж чадсан юм. Ах Блэда нь нас барснаар Атилла хаан болов. Атилла ард олондоо асар их нэр хүндтэй байсан нь, түүний шийдвэрүүд нь байр суурьтай, шудрага алхмууд хийдэг байсантай нь холбоотой.

    Атиллагын үеийн Хүннүгийн байлдан дагууллыг гайхамшигтай гэдэг. Ердөө 70 000 цэрэгтэй атлаа маш сахилгатай, хамт олонч үзэлтэй байсан. Армийн гол өрсөлдөгч Ромд тулж ирсэн /замын улсуудыг хиаруулсан/. Байлдах төлөвлөгөөг Аэтус боловсруулж, хүннүчүүдийн сул талыг мэддэг учир гардан байлдах санал тавьснаар ялагдсан гэдэг.

    Улс төрийн бодлогод харийн хүнийг оролцуулж болдоггүйг баримт нотлоно. МЭӨ 451 онд Каталоунын Пламидад тулалдаан болсон. Морин дэл дээр хийсэж явдаг морьтон дайчдад явган байлдааны наад захын урлаг байсангүй. 30000-д хүннүчүүд үхсэн гэдэг. Тэнцвэргүй тулалдаанаас ухрах тушаал өгсөн нь Атиллагын анхны бөгөөд цорын ганц ялагдал байлаа.

    Буцаж ирээд зорилгодоо хүрэхээр шийдэж цэргийн эрдэм зааж, үстэй хувцасыг металл ялтастай хувцасаар солив. 2 дах удаагаа Ромруу аян дайнд мордоход Ромчууд сандралд орж Аэтусынхаа суу билэгт найдсангүй. Эзэн хаан Валентиниан арга сүвэгчилж, хахууль өгье, охин дүүгээ өгье.. 300 хатантай хааны сэтгэлд нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Эцэст нь их нэр хүндтэй, цэцэн яруу илтгэгч Попэ Леог Атиллатай хэлэлцээ хийлгэхээр илгээв.

    Өнөөг хүртэл түүхэнд Хүннү улсын их хаан, хатангир бяцхан Поп лам 2-н хооронд ямар яриа болсон нь оньсого хэвээр байдаг боловч Атилла Ромыг өршөөж их нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Атилла юуны учир их үйлсээсээ няцах болов?

    Судлаачид үүнийг:

    -Атиллагын насны нар хэвийж өөртөө итгэх итгэл, эрх мэдэл, алдар хүндэд тэмүүлэх хүсэл нь буурч байсантай холбон тайлбарладаг.   

    – Атилла дайнч түрэмгий бодлого баримталдаг байсан бол одоо эв зүйг сахисан, дипломат байр суурь барьж Ром зэрэг улстай хэлэлцээр хийх болсон гэдэг. Энэ нь Поп ламын эрдмийг шүтэн, эрхэмлэх үзэлтэй ч холбоотой байсан байж магадгүй.

    – Атилла буцаж ирээд төр улсаа засан тохинуулсан. Нэгэн аймгийн ахлагчийг хороож, охиных нь гоо үзэсгэлэн таалагдаж хатнаа болгохоор шийдсэн. Ард олон нь “Дээдэс минь өтөл насаа мартаж, урам хугарсан зовлонгоо мартах сайны тэмдэг” хэмээн билэгшээж байжээ.

    Хуримын ёслолын дараа өглөө нь өрөө нь ер бусын хөл үймээнгүй байхыг сэжиг авч, эвдэн орвол их хаан цусанд хутгалдан үхсэн байжээ. Үхсэн шалтгааныг залуу хатан нь эцгийнхээ өшөөг авсан, хүүхдүүд нь эцгээ алсан, сүрлэг хуримын дараа цус харваж үхсэн гэх мэтээр үздэг. 

    Атилла хааны МАНЛАЙЛАГЧИЙН чанарууд

    Хүннүчүүд бид түвшин бүрд авъяас ур чадвар төгөлдөр жолоодогчидтой байх учиртай. Жолоодогч нэг өдөр төрчихгүй. Хүннүчүүд оюутан сурагчдын нэгэн адил насан туршдаа бүх эх булгаас суралцах шаардлагатай.

    Манай үндэстэн дадлага туршлагаар дамжин өөрийн ур чадвар болж төлөвшдөг дараах чанаруудыг эзэмшсэн удирдагчидтай байх ёстой.

    Чин Шудрага байх

    Шудрага бус үйлдэл, хандлагын үндсийг таслахгүй аваас олноор муу үйлд автагдах болно.

    Чин зоригтой байх

    Дарга байхад ганцаардал, итгэл алдрал, доог тохуу, эсэргүүцлийн мөчтэй цаг ямагт тулгарч байна гэсэн үг. Удирдагч нь тодорхой нөхцөл байдал, аюултай цаг мөчид энх амгалан үеийнх шигээ итгэл төгс байж бэрхийг давах ёстой.

    Хүсэл тэмүүлэлтэй байх

    Чадвартай боловч тэмүүлэх зүйлгүй дайчдыг удирдлагад бүү тавь.

    Сэтгэлийн тэнхээтэй байх

    Удирдлагын ямар ч түвшинд жолоодогч итгэл алдрах, зориг мохохыг давж дийлж, алсын баримжаа үл алдан хариуцлагаа үүрч гарч чаддаг байх хэрэгтэй.

    Биеийн тэнхээтэй байх

    Жолоодогч ачаа үүрхийн тулд хүч чадалтай, эрүүл чийрэг байх ёстой.

    Бусдад таалагдах биш тоогддог, өрөөл бусдыг ойлгож, мэдэрдэг байх

    Өрөөл бусдын соёл, итгэл үнэмшил, ёс заншлыг мэдэрч ойлгодог, үнэлдэг, энэхүү чадвараа хөгжүүлдэг байх хэрэгтэй.

    Шийдэмгий байх

    Удирдагч хэзээ хөдлөх, хэзээ азнахаа мэддэг, нөхцөл байдлыг бүх нарийн ширийнийг мэдрэн шийдэмгий байх хэрэгтэй. Эргэлзэн тээнэгэлзэх, ажил хэргийг хойш тавих нь захирагдагсдаа төөрөлдүүлж, дайсны идэш болоход түлхэц болдог.

    Урьдчилан харах чадвартай байх

    Жолоодогч ажиглалтаасаа сурдаг, өмнө туулсан туршлагаасаа олдсон зөн совингоороо дамжуулан бодол санаа, үйлдэл үр дагаварыг урьдчилан мэдэрдэг байх шаардлагатай.

    Цагийн үнэ цэнийг мэдэрдэг, залж удирддаг байх

    Удирдагч цагийг нь олж тушаалаа гаргадаг, үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Цагийн мэдрэмжийг хөгжүүлдэг шидэт томъёо байхгүй, хийж бүтээж байж, алдаж онож байж эзэмшдэг.

    Өрсөлдөх чадвартай байх

    Жолоодогч ялж дийлэх дотоод хүсэл тэмүүлэлтэй байх. Үргэлж ялж дийлэх боломжгүй боловч хамгийн эгзэгтэй тохиолдолд ялж байх шаардлагатай.

    Өөртөө итгэлтэй байх

    Манлайлагчийн үүрэг, хариуцлагаа биелүүлэхдээ өөртөө итгэл муутай харагдаж буй удирдагч нь дээд доод хүмүүстээ хэрээс хэтэрсэн ажил гүйцэтгэж байгаа мэт харагдана.

    Тооцоотой байх

    Удирдагч өөрийн болоод албат харъяатынхаа хийж байгаа зүйлийг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.

    Хариуцлагатай байх. Хийсэн үйлийнхээ хариуцлагыг үүрч чаддаг байх хэрэгтэй.

    Найдвартай байх

    Түүний үг, үйлдэл нь нөхөр дайсан хоёуланд нь үнэмшилтэй байх ёстой. Найдваргүй удирдагч нөлөө бүхий хүн байж чадахгүй. Тэд ч зөв мэдээлэл авч байгаадаа итгэлтэй байх ёстой.

    Тууштай байх

    Зорилгоо биелүүлэх бууршгүй эрч хүчтэй бай. Урам хугарах, хууран мэхлэл саад бэрхшээлийг сөрж туул.

    Түшигтэй байх

    Итгэл хүлээж, хүлээлгэж чаддаг байх. Үүргээ өгдөг, өөрөө үүргээ биелүүлдэг.

    Бусдыг араасаа дагуулдаг байх

    Хүмүүсийг араасаа дагуулж, халамжлан хүмүүжүүлж, анхаарал тавьдаг байх ёстой. Доод хүмүүсээ доромжилж болохгүй, тэднийг хөтөлж, хөгжүүлж, хөхүүлж байх хэрэгтэй. Шийтгэлийг аргагүйдсэн үед болгоомжтой хэрэглэ.     

    Атилла хааны үед төрийн албаныхандаа бүхнийг зааж сургадаг сургуультай байсныг доктор В.Роберт тэмдэглэжээ.

    – Хүннүчүүдийн агуу их чанар нь түмэн олны тусын тулд өөрийгөө хэрхэн золиосолсноор илрэнэ.

    – Удирдагч хүн тулга тойрсон зүйлээр хөөцөлдөхгүй байж, захирагдагсдаа ч энэ занд сургах хэрэгтэй.

    – Удирдагч хүн биеэ барьж чаддаг байх ёстой. Тэрээр өөртөө итгэдэг, найддаг байвал ялагдавч боломжтой бүх зүйлийг хийж чадсандаа итгэл төгс үлдэж чадна.

    – Амжилттай ажилладаг байхын тулд олноос онцгой байх шаардлагагүй. Харин итгэл ганхуулах хүчийг сөрөн зогсох тэнхээ өгдөг, ялах чин хүсэл, мохошгүй зориг, гуйвшгүй итгэлтэй байх ёстой.

    – Монгол угсаатныхаа гол зорилгоор луужингаа болгосон хүний үйл ажиллагаа, чөлөөт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх эрхэм чанаруудыг хөхүүлэн урамшуулдаг чанар түүнд заяасан байжээ.

    – Боломжоосоо бага ажилсан хүнийг хэзээ ч бүү урамшуул

    – Өөрөө шууд хариуцах ёстой ажилын хариуцлагыг бусдад нялзааж болохгүй гэдэг түүний зарчим өнөөдөр ч хэвээрээ мөрдөгдөж байна.

    – Амь насаа умартан аюул заналын орчинд баатарлаг үйл бүтээж, овоо шиг олз омог хуримтлуулах буюу сайн үйлс бүтээсэн хүнд бага ч гэсэн урамшил шагналын баталгаа байх учиртай гэсэн зарчмуудаас өнөөгийн менежерүүд санаа аваарай.

    Атилла хааны удирдахуйн арга ухаанаас судалж үзвэл:

    ·           Хаан болох хүн дэлхийн түвшинд сэтгэж сурах учиртай.

    ·           Омгуудтай нягт холбоо тогтоосон. Удирдахуйн ухааны олон түмэнтэй холбоотой байх ардчилсан зарчим тэр үед байжээ.

    ·           Сэтгэл зүйч байсныхаа хүчинд олон түмнийг татаж чадсан.

    ·           Шудрага хүн байсан.

    ·           Шийдвэр гаргахдаа яардаггүй тал талаас нь бодож жинлэн цэгнэдэг хүн байжээ.

    ·           Хүннү хүн болж төрсөндөө бахархах бахархлыг Атилла, Чингисээс Монголчууд суралцсан. Монгол хүн өөрийн бахархлыг гээвэл үндэстэн мөхнө. Монгол хүн үндэстнээ аваръя гэвэл бахархах юмтай байх учиртай. Монголын бахархал бол Атилла, Чингис, Уран дархан өндөр Гэгээн Занабазар, Монгол бичээч Чойжи-Одсэр, Төрийн сайд Елюй Чуцай, эдийн засагч Тогтохтөр ван, Жанцанноров, Норовбанзадад хүртэл тасраагүй өдий хүрсэн, хойшид ч тасрах учиргүй.    

    Жеймс Доннели “Менежментийн шинжлэх ухааны үндсүүд” номынхоо удиртгалд Атилла хаанд тохиолдож байсан нөхцөл байдалтай өнөөгийн менежерүүд тулгарсан хэвээр байгаа нь хачирхалтай юм гэжээ. Номдоо: Атилла бол аж ахуйн овсгоотой ажилтан, төрийн зүтгэлтэн, гайхамшигтай холч бодлоготой хүн байжээ. Энэ шинж чанаруудыг менежерүүд үйл ажиллагаандаа харгалзаж байхыг сануулжээ.

    Харин бид л өөрсдийнхөө үнэт зүйлсийг үнэлэх талаар хойргошоо юу даа.

    Д.Лхаашид   Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”

     

  • АЖИЛ ДЭЭР ГАРАХААРАА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ

    Амьдралаас ажиглаж байхад залуус өндөр цалин хангамжтай ажил дээр гараад ирэхээрээ өөрийгөө хөгжүүлэх нь багасаж өөрийн жаахан авъяас чадвартаа эрдэж, за ингээд л болоод байгаа юм чинь гэсэн сэтгэгдэлтэй болдог юм шиг санагддаг. Ихэнхи залуус ажил дээр гарахаараа хөгжих нь зогсож, өдөр хоногийг аргацаасан байдалтай болж, компанид ажил хийж өгч байгаа юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандсанаараа, өөрөө ч сэтгэлгээний хувьд хөгширч, чадварын хувьд доройтоод байгаа нь амьдралаас харагддаг. Хүн үргэлж хөгжиж, чадваржиж байхын тулд яах ёстой вэ?

     

    Үглэхээс үлгэрлэ гэхчээр, өөрийнхөө амьдралд барьдаг зарчимаас залуустайгаа хуваалций. Хүн сайн яваасай гэсэн хүндээ л үг хэлдэг гэдгийг ойлгож, авах гээхийн ухаанаар хандаарай. 

     

    1. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ. ҮГҮЙ БОЛ ЮУ Ч БИТГИЙ ХИЙ. Би өөрийн хийж буй зүйлийг хүний, өөрийн, хувийнх, ажлынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдахыг хэзээ ч хүсдэггүй. Яагаад гэвэл ажил дээр ч бай, хаана ч бай өнгөрөөж байгаа цаг мөч бүр миний амьдралын цаг хугацаа өнгөрч байгаа нь тэр шүү дээ. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд миний амьдралаас өөр цаг гэсэн үг биш. Жишээ нь хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаа цаг хугацаа нь өөрийнхөө л амьдралыг үрж байгаа цаг хугацаа гэсэн үг. Мөн нөгөө талаас ажлаас сурч мэдсэн, өөрийгөө дайчилж олж авсан чадварууд миний л өмч болно. 

    Нэг жишээ татъя. Намайг “Эх орон” ТВ-д ажиллаж байхад сэтгүүлчид ингэж ярьдаг байсан. “За энэ муу нэвтрүүлгийг яаж ч хийсэн яадаг юм. Аргалаад л нэг юм гаргаж л байвал болоо” гэж. Ингэж хандсанаараа тэр хүн өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Өөрөө ч чадварждаггүй. Би эсрэгээрээ ханддаг байсан. Би үнэхээр энэ нэвтрүүлгийг сайн найруулаад, сайн хөтлөөд, эрж хайж сонирхолтой хүмүүстэй танилцаад, хэрэгтэй яриа өрнүүлж чадвал, тэр танил гэдэг миний л нөөц баялаг болно. Сайн нэвтрүүлэг хийгээд нийгэмд оюуны хөрөнгө оруулж чадвал энэ миний нийгэмд оруулж буй иргэний үүрэг гэж боддог байсан. Тэгснээрээ би их зүйлийг сурч авсан. Өөрөө ч хөгжсөн. Танилын хүрээ ч нэмэгдсэн.

    NMMATeam-ийн хувьд ч гэсэн би маш их зүйлийг сурч мэдэж хөгжиж байна. Би анх орж ирэхдээ интернэт маркетинг гэдгийг ойлгодог ч үгүй сэтгүүлч л байсан. Харин одоо би 6 сарын хугацаанд компаний захиралд зөвлөгөө өгдөг болтлоо хөгжсөн байна. Гэтэл надтай хамт ажил эхлүүлж байсан зарим хүмүүс интернэт маркетингаа ч сайн ойлгоогүй, зүгээр л хүний хэлсэн ажлыг хийгээд яваад байсан хүн ч байна. Тэр хүн өөрөө ч нээх сайн хөгжөөгүй.

    2. ӨДӨР БҮР ШИНИЙГ МЭДЭЖ, НЭГ УР ЧАДВАР НЭМЖ, БУСДЫН ДАВУУ ТАЛААС СУРАЛЦ. Хүн үхэн үхтлээ суралцдаг. Хүн сурахаа больвол уруудаж байна гэсэн. Тиймээс бид зөвхөн ажлаасаа гадна хувь хүн талаасаа өөрийгөө тогтмол хөгжүүлэх ёстой гэж би боддог. Ажил дээр нэг мэдэхгүй зүйл гарахад хүнээр хийлгэхээсээ илүүтэйгээр өөрөө сураад авъя гэж боддог. Нэг зав гарвал нэг ч гэсэн ухаантай хүний нийтлэл уншъя, нэг зөв хүний яриа сонсоё гэж боддог. Хүн өдөр бүр шинэ зүйлд суралцаж, эрэлхийлж, мэргэжлийн талаасаа ч нэг чадвар нэмж, нэг чадахгүй байсан зүйлээ чадддаг болох ёстой гэж боддог.

    Ажилдаа сайн, мэргэжилдээ чадварлаг байхаас гадна хүний амьдралд олон төрлийн боловсрол хэрэгтэй болдог. Эрүүл мэндийн, гэр бүлийн, харилцааны, хууль эрх зүйн, санхүүгийн гэх мэт наад захын боловсрол хэрэг болдог. Манай боловсролын тогтолцоонд энэ агуулга нь орхигдсон байдаг учраас залуусд дээр дурьдсан боловсрол маш дутмаг байгаа нь мэдрэгддэг. Хаа сайгүй нь өвдсөн зовсон залуус, салсан сарнисан гэр бүл байгаа нь энэ бүхний илрэл юм. Тиймээс залуус бид чөлөөт цагаа дээрх боловсролуудыг олоход зориулж, МОНГОЛЫН ЧАДВАРЛАГ ЗАЛУУ, АМЖИЛТТАЙ ХАМТ ОЛОН, АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ТООГ нэгээр нэмээсэй гэж хүсэж байна.

  • Монголын аялал жуулчлал хэрхэн хөгжих вэ

    Жил бүр уламжлал болгон зохиогддог Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг үзэж сонирхлоо. Монголд аялал жуулчлалын компаниуд болон тур оператор, тур баазууд олон болсон байгаа хэдий ч үйлчилгээний хувьд нэгнээсээ ялгарах зүйлгүй ижил төстэй байгаа нь харагдаж байсан. 

    • Гэр бааз
    • Нүүдэлчин айлд зочилох
    • Байгалийн үзэсгэлэнт газраар аялах
    • Монголын говь, хөх тэнгэр
    • Морь, тэмээтэй аялал гэх мэтээр бүгд л нийтлэг нэг үйлчилгээтэй байсан.

    Аялал жуулчлал нь ирээдүйтэй бизнесийн тоонд орж байгаа бөгөөд санхүүгийн эргэлтээрээ дэлхийд 2-т орж байна. Даярлагдан буй дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын хэв маягтай холбоотойгоор ойрын ирээдүйд аялал жуулчлал нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болон хөгжиж байна. Аялал нь жилдээ нэг амрах үеэрээ хийдэг ажил биш харин өдөр тутам ажилдаа явдаг шиг л энгийн зүйл болох гэж байна.

    Иймд МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХИЙН ТУЛД

    1. ЯЛГАРАХ: Монголын аялал жуулчлалын салбарт дутагдалтай байгаа зүйл бол ялгаран хөгжих асуудал юм. Монголын аялал жуулчлалын байгууллагууд бүгд адилхан үйлчилгээтэй байх биш, харин хоорондоо ялгаран хөгжиж хэрэгтэй. Бүгд л нэг ижил үйлчилгээтэй байвал ялгарч харагдаж бусдын сонирхолыг татах нь бага болно. Бусад орнуудын аялал жуулчлал ч гэсэн төрөлжсөн онцлог байдлаараа ялгаран хөгжиж байна. Ялгарч хөгжих гэдэг нь өөрсдийн давуу талд түшиглан ялгарах онцлогоо тодорхойлж түүгээрээ дэлхийд танигдаж брэнд болох явдал юм.
    Жишээ нь:

    • Адал явдалт: Сүнс, хий үзэгдлийн мөрөөр
    • Усан аялал
    • Спорт аялал
    • Эртний замаар
    • Түүхийн мөрөөр /баримтын мөрөөр/
    • Ердийн хөсгөөр аялах
    • Эрүүл мэндийн аялал: Рашаан, ус, цас мөс, хүйтэн, массаж(Зөвхөн Тай массажийг сонирхож багагүй хүн Тайландыг зоридог г.м)
    • Байгалийн үзэсгэлэнт газар
    • Түүхийн дурсгалт аялал
    • Нүүдэлчдийн амьдрал
    • Байлдан дагуулалтын шоу
    • Мөсөн зочид буудал
    • Сүнстэй зочид буудал
    • Энтертаймент аялал
    • Урлаг соёл гэх мэтийн нэг үйлчилгээгээр бусдаас ялгаран хөгжиж байна. Ингэж чадсанаараа дэлхийн олон мянган жуулчны үйлчилгээнээс ялгарах, тогтмол үйлчлүүлэгчээ бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байна. Эдгээрээс онцлон дуридахад Тухайн орныхоо айлуудаар хоноглож аялах сонирхол бүхийжуулчдын сүлжээ /http://www.couchsurfing.org/ гэхэд 2,702,075 гишүүнтэй болоод байна.

    2. ИНТЕРНЭТ АШИГЛАЛТ: Мөн Монголын аялал жуулчлалын байгууллагууд цахим орчинд байгаа 2 тэрбум орчим интернэт хэрэгдэгчидтэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл хүргэх, санал хүсэлт сонсох талаас учир дутагдалтай ажиллаж байгаа бөгөөд ядаж л зочидынхоо сэтгэгдлийг онлайн орчинд байрлуулах, зохион байгуулж байгаа сонин сайхан үйл ажиллагаануудаа баримтжуулж интернэтээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх шаардлагатай байна. Энэ тал дээр “Монголын нууц товчоо“ аялал жуулчлалын компанийн жуулчидад санал болгож буй үйлчилгээ, шийдэл нь дэвшилттэй санагдсан.

    3. НЭГДМЭЛ ӨРСӨЛДӨӨН: Монголын аялал жуулчлалын байгууллагууд өөр хоорондоо өрсөлдөх биш нийлээд бусад орны аялал жуулчлалын салбартай өрсөлдөх. Өөр өөрийн гэсэн ялгарах онцлогтой үйл ажиллагаатай болчихвол ч хоорондоо өрсөлдөөд байх шаардлагагүй л дээ. Жуулчидын хүсэл сонирхолоос уялдан өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч жуулчидтай болж чадна шүү дээ. 

    Жишээ нь: Аялал жуучлалын компаниудын захирлууд өөрийн хамгийн сайн мэддэг нэг аймгийг хариуцаж аваад, тухайн аймгийнхаа аялал жуулчлалын бодлогыг боловсруулаад, тухайн бодлого төлөвлөлтийнхөө дагуу аймгаараа нэгдээд ажиллавал өндөр дүнд хүрч чадна.

    Жамсранжавын Лувсандорж (Нийтлэлч)