Author: admin

  • Эрдэнэт бөмбөлөг гийх болно

    Өглөө болгон эртлэн босож

    Өндөр тэнгэрийг бүрэн харж бай

    Огторгуй хурмаст уужмын хутгаа

    Оюун ухаанд чинь хайрлах болно

                  Орой болгон нэгийг санаж

                  Одот ертөнцийг хүндэтгэн харж бай

                  Эрхэс гариг үзэсгэлэнт сүлдээрээ

                  Үүрд танийг хайрлах болно

    Алтан нарыг мандах тоолонд

    Алаг зүрхнээсээ догдлон харж бай

    Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар

    Эрдэнэт бөмбөлөг гийх болно

                  Ухаант хүн та хаа ч явсан

                  Уулын оргилыг хүндэтгэн харж бай

                  Баян буурал хангайн хишгээр

                  Бат түвшин явах болно

    Учирсан бүхнийхээ нүүр царайг

    Уяхан даруухан инээмсэглэн харж бай

    Өнөр өтгөн урт удаан наслахын

    Өлзий буян бүрдэх болно.
                   

                                                                                                                                                            Ноён хутагт Данзанравжаа

  • Бэрхшээл ба Боломж – Радио Нэвтрүүлэг 01 – Podcast 01

     

    Монгол Амьдралын Дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа (Monica Batsukh)-ын бичсэн “Бэрхшээл ба Боломж” – Намайг Ядуурлын Ангалаас Амжилтын Оргилд Хүргэсэн Нууц номын уншигчдийн хүсэлтээр энэхүү радио нэвтрүүлгийг бэлтгэлээ. 
    Энэ нэвтрүүлгийг Вашингтон хотод амьдардаг Монголын онлайн – Дуулал Радиогийн хамт олонтой хамтран Дэлхийгээр тархсан Монголчуудынхаа сэтгэхүйн цар хүрээг тэлэхэд зориулав. Хэрэв танд манай нэвтрүүлэг таалагдвал, найз нөхөдтэйгөө чөлөөтэй хуваалцаарай. Асуулт лавлах зүйлс, цаашид манай нэвтрүүлэгээс асууж лавлах зүйлс байвал MongolianLifeCoach@yahoo.com хаягаар имэйл бичээрэй.

     

    Манай радио нэвтрүүлгийг шууд сонсохыг хүсвэл www.duulalradio.com вэб хуудас руу Вашингтон ДС цагаар Баасан гариг бүрийн үдээс хойш 5 цагт сонсож болох бөгөөд энэ цаг нь Английн цагаар Баасан гаригийн оройны 10 цаг, Улаанбаатарын өглөө үүрээр 5 цагт таарч байна. Хэрэв нэвтрүүлгийг шууд сонсох боломжгүй бол нэвтрүүлгийн хадгалсан бичлэгийг манай вэб хуудаснаас олж авч сонсож болно. 

     

    Хэрэв та Моника Батсүхийн тухай илүү мэдээлэл олж авахыг хүсвэл, мөн түүний хийж буй нийгмийн чиглэлтэй олон ажлуудад хамрагдахыг хүсвэл www.monicabatsukh.com холбогдож болно. Манай вэб хуудсанд зочлохдоо шинэ мэдээллийг байнга түгээх имэйл жагсаалтанд бүртгүүлэхээ бүү мартаарай. Имэйл листэнд бүртгүүлсэнээр та “ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХИЙН ИД ШИД” нэртэй цахим номыг бэлгэнд хүлээн авах болно. 

     

  • БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ – Намайг Ядуурлын Ангалаас Амжилтын Оргилд Хүргэсэн НУУЦ

     

     

    Бэрхшээл ба Боломж ном нь Монголчуудын өнөөгийн нийгмийн бухимдал, сэтгэлийн гүнд байдаг зовлон шаналал эргэлзээ түгшүүрийг арилгах зорилгоор хүний оюун санаа сэтгэхүйн нөөцийг арвижуулж, амжилтанд хүрэх нууц болгон нээснээрээ гайхалтай бүтээл болсон юм. 

     

    Энэ номыг уншсанаар та доорх чухал асуултууддаа хариулт олж авах болно.

    Амьдралын дасгалжуулагч танд юугаар туслах вэ? 

    Бэрхшээлээсээ хэрхэн ангижрах вэ? 

    Ядуурлын ангалаас гарах арга зам байна уу? 

    Мөрөөдөл хоосон юм гэж үү?

    Мөрөөдөлдөө хүрэхэд хаанаас эхлэх вэ?

    Өөртөө итгэж, өөрийгөө үнэлүүлж сурмаар байна, яах вэ? 

    Амьдралдаа итгэх итгэлээ олж авахын тулд яах вэ? 

    Хэрхэн амьдралын зорилгоо тодорхойлох вэ? 

    Айдсаа хэрхэн давж зоригтой алхаж сурах вэ? 

     

    Зохиолч Б.Мөнгөнтуяа энэхүү номондоо сүүлийн арваад жилд Англид сурч хөдөлмөрлөсөн арвин их туршлага, амжилтынхаа нууцаасаа хуваалцаад зогсохгүй амьдралын дасгалжуулагчийн урлагийг ашиглаж танд өдөр тутам ашиглаж болох нууцлаг аргууд, үе шатчилсан дасгалтай хичээлүүдээр таны амьдралын Бэрхшээлүүдийг Боломж болгон олж харуулж, түүгээр тань Амжилтанд хүрэхэд тань нэмэр болохыг зорьсон байна. 

     

    Мөнгөнтуяагийн оюун ухаанаа тэлэх дасгалуудыг таны ирээдүйг гэрэлтүүлэх болно. 

    Танд Амжилт хүсье! 

  • Монголын төлөө цохилох зүрх бүхэнд

    2013 оны 4 сарын 27 11 цаг

    Чойжин ламын сүм музейг сэргээн засах нэрийдлээр нурааж байгааг иргэд илчлэн зүй бус энэ үйлдлийг эсэргүүцэн нэгдэж хэвлэл мэдээллээр дамжуулан үнэт өв соёлоо хамгаалахаар дуу хоолойгоо хүргэж байна. Бид түүхч Б.Даваасүрэнгээс энэ талаар тодруулсан юм.

    Сурвалжлагч: Чойжин ламын сүм музейг засах нэрийдлээр нурааж байна хэмээн та бүхэн хэллээ. Үүний баримт нь байгаа юу?

    Б.Даваасүрэн: Байгаа, өнгөрөгч 10 сард засварын ажил хийгдэж эхэлсэн юм байна лээ. Гэвч тэр үед сүмийн ханыг засан сэргээх биш нураасныг гэрэл зургаар баталгаажуулж авсан байгаа. Одоо дахин нураахаас сэргийлж бид эсэргүүцэн нэгдэж байна.

    Сурвалжлагч: Надад гэрэл зургийг өгч болох уу?

    Б.Даваасүрэн: Болно, аль болох олон Монгол хүн мэдээсэй гэж бодож байна. Бид үр хойчдоо үзүүлж харуулах, Монгол гэж бардамнах өв соёлгүй болоход хүрээд байна. Үнэхээр сэтгэл өвдөж байна.

    Сурвалжлагч: Хосгүй үнэт өвийг сэргээн засах ажил буруу хийгдэж байна гэж та бүхэн үзэж байна уу?

    Б.Даваасүрэн: Тийм ээ, үүнийг хариуцан хийж буй улсууд яагаад түүх соёлын хосгүй үнэт өв гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй юм бэ, хэрхэн яаж арчилан хамгаалах, сэргээн засварлах вэ гэдгийг мэддэггүй юм бэ гэдгийг үнэхээр гайхаж байна. Энгийн бид нар хараад л харамсаж, халаглаж байхад яагаад ийм тоомжиргүй ханддаг юм бол гэдгийг үнэхээр гайхаж байна.

    Сурвалжлагч: Ганц хадаас, ганц модон шон ч түүхийн гэрч байдаг. Гэтэл эвдэрч элэгдэлгүй 100 жил болсон тоосгыг нураагаад одоогийн тоосгоор дахин барьж байна гэж та бүхэн хэллээ. Энэ талаараа тодруулж ярина уу?

    Б.Даваасүрэн: Сүмийн хөх тоосго хагарч эвдрээгүй зүв зүгээр байсныг та бүхэнд харуулсан. Ийм байхад нуруугаад шинэ тоосгоор барих гээд бэлдсэн байна. Хоёр тоосгыг харьцуулаад барихад хөх тоосго илүү нягтаршилтай, чанартай илүү хүнд байна гэтэл одоогийн улаан тоосго хөөсөнцөр хавтан шиг хөнгөн байсан. Сүмийн хаалгыг хүртэл сэргээн засварлаагүй, авч тавиад шинээр хийсэн байна.

    Сурвалжлагч:Сүмийн гадна талын хээ хуар, зургуудыг сэргээлгүй дээрээс нь шууд будаж байна гэсэн?

    Б.Даваасүрэн: 100 жилийн түүхтэй музейн зургуудыг амар хялбараар будаж, өнгөлөн далдалж бүдгэрүүлэн устгаж байгааг л бид харж байна. Хуучин байсантай харьцуулан хархад хэлэх үг олдоогүй.

    Сурвалжлагч: Өв соёлоо алдаж буй өөр жишээ хэлбэл?

    Б.Даваасүрэн: Ганц үүгээр зогсохгүй шинэ байшин барих нэрээр маш олон түүхийн дурсгалт байшингуудыг нурааж байна. Жишээ нь: МУИС-ийн ард байдаг Манзушир хутагтын амьдарч байсан байшин, Богд хааны ордон музей гэх мэт.

    Сурвалжлагч: Үнэт өв соёлоо хамгаалж хадгалан үлдэхэд иргэдийн оролцоо хэр чухал юу?

    Б.Даваасүрэн: Хэрвээ ард иргэд бид энэ бүхний эсрэг тэмцэхгүй, ярисаар суувал өв соёлууд устан үгүйрсээр дуусна. Тиймээс л Монгол хүн бүр энэ үнэт өвөө авч үлдэхийн төлөө тэмцэж иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй юм.

    Сурвалжлагч: Цаашид ямар ажлуудыг хийх вэ?

    Б.Даваасүрэн: Үүнд Монгол хүн бүр санаа зовох ёстой. Яагаад гэвэл энэ сүм бол 20-р зууны эхэн үеэс тухайн үеийн нийслэл хүрээнээс өнөөдрийг хүрсэн цөөхөн хэдэн барилга байгууламжийн нэг юм. Энэ цогцолборуудаа зөв хайрлаж хамгаалах хэрэгтэй. Эс бөгөөс нураагаад шинээр барина гэдэг нь өвөөгийнхөө өгсөн хөөргийг зараад эргээд хятадаар хийлгээд миний өвөөгийн надад хадгалуулсан хөөрөг гэж хэлэхтэй адилхан юм. Бид хосгүй үнэт өв дурсгалуудаа хамгаалхын төлөө эцсээ хүртэл явах болно.

    Сурвалжлагч: За баярлалаа, үйлс тань бүтэмжтэй байг.

    Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн ч түүхийн үнэт өв соёлоо яагаад нурааж байгааг асуухад сүмийн захиралын орлогч эмэгтэй Н.Ангирмаа: дээрээс батлагдсан зураг төслийн дагуу засварын ажил хийгдэж байгаа. Мэргэжлийн хүмүүс л хийж байгаа гэсэн өөр нэмэлт тайлбар өгөхгүй хэмээн хэлсэн юм. Үнэхээр ханыг сэргээх биш нураахаар бэлдсэнийг нь өнцөг бүрт тавьсан улаан тоосго илтгэж байсан юм. Энэ талаар цааш үргэлжлүүлэн сурвалжлах болно.

    Танд дуулгахад Чойжин ламын музейг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ. 1938 онд музей болгон зохион байгуулсан байна.

    Харин Чойжин гэж шарын бөө бошиг үзүүлдэг лам хүнийг хэлдэг байж. манж-чингийн үеийн сүм, одоогийн музейнүүд урд тал даа хаалттай байдаг бөгөөд урд зүгээс ирэх муу юмыг хаах гэж. Амар баясгалант хийд мөн тийм ажээ. Барилгыг мөсөн дээр болон элсэн дээр барьж болдоггүй. Харин энэ барилга бүхэл дээ цэвдэг дээр баригдсан бөгөөд зуны аагим халуунд ч цаасан шуумал бурхантай энэ сүм дуганууд сэрүү татаж байдаг. мөс үзмэрийг сүм мөсийг хамгаалж байдаг энэ зүй тогтол шашин шүтлэгийн тухай яригдахад зайлбаргүй хөндөгддөг ид шидийн тухай л ярихад хүргэх бий. Энэ сүмийн алтан ганжир хожим баригдах Засгийн газрын ордныг голлож байхыг мэдэж барьсан гэлцдэг юм. мэдээж урд зүгээс ирэх муу бүхнийг хааж байгаа…. Өглөө нар мандаж байхад энэ чулуун зам дээгүүр хөл нүцгэн явахад хоолойн өвчин эдгэрдэг гэж хуучны хүмүүс ярилцдаг байжээ…

  • “Боломжийн юм шиг цалинтай мөртлөө боломжгүй амьдраад байгаа байдлаа өөрчдөхөд минь туслаач?”

    Бид хувийн, бизнесийн, нийгмийн гээд олон янзын түвшинд байнга мэдэхгүй зүйлтэй тулгарч, тэр нь биднийг давж гарахад эргэлзээтэй төрөл бүрийн эрсдэл, эргэлзээ, айдас руу дагуулж байдаг. Ялангуяа Монголчууд бидэнд бурхан дааж давшгүй их хүнд ачааг үүрүүлсэн.  Үүний тулд бид маш их саад бэрхшээлийг туулдаг. Хичнээн хичээсэн ч амьдрал нэг л болж өгдөггүй, ийм үед надад яахыг минь хэлж өгдөг хэн нэгэн байдаг ч болоосой гэж чин сэтгэлээсээ бодох нь ч бий. 

     

     Чухам энэ л хүсэл, шаардлагын тань эрэлхийлэл болгож Амьдралын дасгалжуулагч зөвлөж байна булангаа бид танд зориулж нээгдсэн юм. Спортод дасгалжуулагчийн ачаар тамирчин амжилт гаргадаг шиг, хувь хүний амьдралдаа амжилт гаргахад дасгалжуулж танд өөрт байгаа боломжуудыг нээж өгч амжилттай амьдралтай золгуулах мэргэжлийн хүнийг Амьдралын дасгалжуулагч гэдэг. Лондонд энэ мэргэжлээр мэргэшсэн Амьдралын дасгалжуулагч ажиллаад амжилттай явж буй Б.Мөнгөнтуяа (Monica Batsukh) манай UPTOWN сэтгүүлтэй хамтран, уншигч Монгол Бүсгүй танд амжилтанд хүргэх их нэгэн сайхан аянд нэгдэж ажиллах боломжтой болж байгаад нь бид их баяртай байна. Түүний туйлын зорилго нь монголчуудаа ядуурлаас гаргах бөгөөд гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулахын төлөө ажилладаг нь гайхалтай санагддаг юм. Мэдээж хүн нэг бүрийн сайн сайхан амьдрал, амжилтаар улс эх орны ирээдүй тодорхойлогддог учраас тэрээр хувь хүний өөрийн зорилго, сонголт руу чиглэгдсэн захидлуудад сэтгүүлээр дамжуулан хариулт өгч байх болно. 

    Магадгүй та, 

    • Өөртөө итгэх итгэл муутайгаас болж байгаа сайхан боломжыг ашиглаж чадахгүй шантарч байна уу?
    • Та гэр бүлийнхэнтэй учир зүйгээ олж чадахгүй, яаж харилцахаа мэдэхгүй байна уу?
    • Таны мөнгөний асуудлаас бол байнга муудалцдаг эсвэл та мөнгөнөөс болж өөрийгөө золиосолдог, атлаа яаж мөнгөтэй болох аргаа мэдэхгүй байна уу?
    • Та ажил дээрээ сэтгэл хангалуун бус, ажилдаа ахиц гаргаж чадахгүй, нэг л тогтвор суурьшилгүй байна уу?
    • Таны амьдрал хэтэрхий нэг хэвийн уйтгартай, амьдралаа яаж аз жаргалтай болгох талаар мэдэхгүй байна уу?
    • Та болон таны хайртай хүн эрүүл мэндээрээ хохирч байгаад санаа зовниж байна уу?
    • Та болдогсон бол хувийн бизнестэй болоод түүгээрээ амжилтанд хүрэхийг хүсдэг боловч яг яаж хаанаас эхлүүлэхээ, яаж цааш нь хөгжүүлэхээ мэдэхгүй шантарч байна уу?
    • Таныг эргэн тойронд байгаа хүмүүс чинь хүндэтгэхгүй, нийгмийн амьдрал таныг дарамт шахалтанд оруулаад байна уу? 

    Тэгвэл манай энэ булан танд тусалж чадна. Таныг ямар ч салбарт ажилладаг бай өөрт хамаатай нийгэм, эдийн засгийн асуудал, өөрийн хүсэл зорилготой холбоотой асуудлаар Editor@uptown.mn хаягаар хувийн захидалаа бидэнд бичиж ирүүлээрэй. Танд амжилт хүсье. 


     “Боломжийн юм шиг цалинтай мөртлөө боломжгүй амьдраад байгаа байдлаа өөрчдөхөд минь туслаач?”

     

    Editor@uptown.mn хаягаар маань ирсэн захидлууд дундаас энэ удаад гэр бүлийн сэдвээр хандсан захидлыг та бүхэндээ сонгон хүргэж байна. Бидний сонгосон энэ бүсгүйн захидалд эмэгтэйчүүдийн амьдралд түгээмэл тохиолддог гэр бүлээс гадуурх харилцааны талаар өгүүлжээ. Ийм асуудалтай олон бүсгүйчүүд байгаа. Манай бүсгүйтэй ижил төстэй бүсгүйчүүд байх аваас дор дороо нэгийг тунгаах биз ээ. 

     

    Захидал:

    Сайн байна уу? Та бүхэн үнэхээр хэрэгтэй асуудлаар хэлэлцэх гэж байгаа юм байна. Би ч гэсэн өөрийнхөө санхүүгийн байдлыг та бүхэнтэй хуваалцаж, мэргэжлийн хүний үгийг сонсохыг хүслээ.


     Би нөхөртэйгээ хамт амьдраад жил орчим болж байна. Бид хоёр хоёулаа хотод хувийн байгууллагад ажилладаг. Сарын орлого маань хоёр сая дөхдөг. Гэхдээ энэ нь Монголын нөхцөлд аль түвшинд хамаарахыг би мэдэхгүй. Өнгөрсөн хавар бид хоёрт хадмууд маань хашаа байшин авч өгсөн. Бид өрхийн төсвийн гол хэрэглээний хүнс болсон, үнэ нь тэнгэрт хадаад байгаа махаа худалдаж авдаггүй, малгүй ч гэсэн хөдөөнөөс аргалаад байдаг. Ийм нөхцөл байдалтай амьдарч байгаа гэхээр ихэнхи хүмүүс хангалуун биш ч ямар ч байсан боломжийн амьдрах боломжтой гэж харах байх. Гэхдээ бодит байдал дээр огт өөр. Нөхөр маань машин болон гэр ахуйн хэрэгслийн лизинг гээд сардаа 500-600 орчим мянган төгрөг банкинд тушаадаг. Заримдаа бид хоёр лизингээ цагтаа өгч чадахгүй, мөнгө олохын хооронд банкнаас байнга утасдаж, авсан зүйлийг чинь хураана гэж сүрдүүлнэ гээд л хэцүү. Үлдсэн мөнгө хаашаа ордог вэ гэвэл мэдээж сарын хэрэглээ гэж байгаа. Гэхдээ бид хоёр хүний урманд өөрсөддөө тэгж их юм аваад, хувцаслаад байж ч амждаггүй. Ер нь хараад байхад мөнгө зарж байгаа юм нь машины тордолгоо, сэлбэг, бензин, бас гэр орноо тохижуулах гэсэн аар саар зүйлс, хөдөө гадаа явах зардал энэ тэр гээд үрэгдээд байх шиг байгаа юм. Нөхөр маань анх ер нь үрэлгэн талдаа байсан. Хоёулаа болсноос хойш хэмнэлт хийдэг болсон ч яах аргагүй мөнгөгүй болоод ирэхээр бага сага зээл тавьчих юм. Тэгээд л цалин буухад бас өр дарах ажилтай. Лизингээс бол үнэхээр хашраад байгаа бид хоёр. Хуримтлал үүсгэе гэж боддог ч яагаад ч болдоггүй тэгээд л мөнгө алга болдог. Мөнгөө бид буруу зүйлд зарцуулаад байна гэж хэлэхэд бас хэцүү.

     

    Мэдээж хүн л болсон хойно, өөрсдийн гэсэн байр юм уу хаустай болох хүсэл байна. Гэхдээ цалин хараад өр лизинг дараад бүтэхгүй ч юм шиг. Нэг нь цалин харлаа гэхэд нэг нь ядаж бизнес хийгээд илүү мөнгө олох боломжтой юм хийвэл зүгээр санагдах юм. Гэхдээ юу хийх вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Нөхрөө хүн амьтантай уулз, боломж юу байна хар гээд хэлдэг ч бас яг цагаа тулахаар би өөрөө ч яахаа мэддэггүй. Тэгээд юу хийх вэ, яах уу гээд нэг санаа оллоо ч бид хоёрт тусалж дэмжээд зээл олгоод байх газар, хамаатан садан байхгүй.


    Би нэг студид ажилладаг, дуу оруулалт, текст бичих гээд олон зүйл хийдэг дээ. Яваандаа чөлөөт уран бүтээлч болохыг хүсдэг. Бас Монголдоо шинэ шинэлэг зүйл оруулж ирж хийхийг хүсдэг. Нөхөр маань холбооны инженер, мэргэжлээрээ ажилладаг. Давуу тал гэвэл техник сэтгэлгээ маш сайтай, гэхдээ тийм ч нээлттэй биш, даруу талын хүн л дээ. Энэ нь бас юм сэдээд хийгээд явахад жаахан саад болоод байдаг ч юм шиг. Бидний нөхцөл байдал ийм л байна. Нэг бол Монголд огт байхгүй шинэлэг зүйл хийвэл амжилт, ашиг олох ч юм шиг. Ийм санаа оноо байвал бидэнд хэлж өгөөч. Иймэрхүү санхүүтэй хүмүүс хуримтлал яаж үүсгэх вэ, цаашдаа яасан нь дээр вэ? Энэ хэвээрээ амьдраад байх үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна.

     

    Сайн байна уу, эрхэм уншигч З! 

     

    Юуны өмнө танд чин сэтгэлийн асуудлаа дэлгэн бидэнд хандсанд баярлалаа! Бид таны захидлаар дамжуулж танд болоод тантай төстэй асуудал бэрхшээлийг нүүрлээд буй олон Монгол эмэгтэйчүүддээ хүрэхийг хичээлээ. Захидлын хариултыг уншиж үзээд, танд хэр зэрэг тус нэмэр болж байгаа тухайгаа бидэнд сэтгэгдэлээ бичвэл бид дуртай байх болно. 

     

    Таны захидалаас үзвэл танд маш олон боломжууд байна. Өнөөдрийн байж байгаа санхүүгийн байдалд тань нөлөөлсөн хэд хэдэн хуучин бодлогогүй алхамууд ч байгаа нь ойлгомжтой. Хүмүүн бид санхүүгийн ийм байдалд санамсаргүй унаагүй, өөрсдийн гараар бүтээдэг. Магадгүй бид өөрсдийнхөө ур чадвар, нөөц бололцоонд бүрэн итгэж ашиглаагүй учраас бас харахад л болоод байгаа мэт боловч ирээдүйгээ харахаар харанхуй ертөнцийг бүтээж байж болох юм. 

     

    Таны захидалаас уншвал доорхи хэд хэдэн чиглэлийн бэрхшээлүүдээс үүдэн өнөөдрийн тань нөхцөл байдал үүдсэн гэж ойлгогдлоо.

     

     Нэг. Санхүүгийн урьдчилсан төлөвлөгөө. Гэр бүлийнхээ хувьд та 2т санхүүгийн бүрэн төлөвлөгөө дутагдаж байгаа юм болов уу гэсэн ойлголт харагдлаа. Ихэнх хүмүүс, залуу гэр бүлүүд бүрэн төлөвлөлгүйгээр таарсан зүйлдээ, тухайн үед нь сэтгэлийн түр зуурийн таашаал эсвэл ямар нэгэн гадны нөлөөллөөр шийдэл гаргадаг. Танай гэр бүлийн сарын орлогын 25-30% хэрэглээний зээлд явж байгаа гэж та хэллээ. Энэ бол маш өндөр тоо. Ухаалаг гэр бүлүүд ийм хэмжээний мөнгөөр орон сууцныхаа байрны түрээс, байрны зээлийг дарахад ашигладаг. 

     

    Хоёр. Зээлийн хавх. Зээлийг муу өр, сайн өр гэж 2 ангилдаг. Муу өр гэдэг нь худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнэлгээ нь өсдөггүй, цагийн элэгдэлд орж үнэлгээ нь буурдаг зүйлсийг хэлдэг. Сонгодог жишээ нь гэвэл, таны дурьдсан машин, гэрийн тавилга хэрэгсэл гэх мэт хэрэглээний зээл болж байна. Эдгээр эд зүйлийг худалдаж авлаа гэхэд та хүүтэй зээл төлж байгаа, тэр нь таны худалдаж авсан бүтээгдэхүүн зах зээлийн үнээсээ өндөр үнийг та зээлийнхээ хүүгээр дамжуулж төлж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид ийм хэрэглээний зүйлсийг зээл тавьж худалдан авахыг цээрлэдэг. Учир нь энэ бол таны ирээдүйд маш сөрөг үр дагаварууд авчирдаг. Хэрэглээний эд зүйл материалыг худалдаж авахдаа хэзээ ч хүүтэй зээлийн мөнгөөр бүү худалдаж аваарай гэж хувийн зүгээс зөвлөх байна. 

     

    Гурав. Түр зуурийн таашаал ба ирээдүйн эрх чөлөө. Хадгаламжаар хуримтлагдаад бэлэн мөнгөөрөө худалдан авах нь магадгүй хамаагүй ухаалаг шийдвэр байж ч болох юм. Ийм шийдвэрийг гаргалаа гэхэд танай нөхөрт дуртай машинаасаа хагацаад бодвол нэр хүнд унана гэх мэтийн эрсдэлтэй, бас тав тух алдагдахаас авахуулаад их харамсалтай байх л даа. Гэсэн ч ирээдүйгээ хараад зөв тооцоолоод та хоёр ухаалгаар ярилцаад үзвэл, одоогийн богино хугацааны тааламжаас ирээдүйн санхүүгийн эрх чөлөө ч бүтээж эхлэх боломж бий. 

     

    Дөрөв. Хөрөнгө оруулалт ба зээл. Сайн өр гэдэг нь таны зээлийн мөнгөөр худалдаж авсан бараа бүтээгдэхүүн цаг хугацааны туршид үнэ нь өсөөд танд тодорхой орлого ашиг авчрахыг хэлдэг. Шилдэг хөрөнгө оруулагчид зөвхөн ийм зүйлд л зээл авдаг. Тэд зээлийн хүүг авч байгаа бүтээгдэхүүний гарах ашгийг бүрэн тооцоолж үзэж байж шийдэл гаргадаг. Үүний сонгодог жишээ нь, орон сууц, байр, бизнесийн зээл байдаг. Хэрэв та өөрийнхөө машиныг ямар нэгэн мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаад, түүгээрээ дамжуулж сар болгон гаргасан зардалаасаа өндөр орлогыг оруулж ирдэг бол өөр хэрэг. 

     

    Тав. Орлого ба зардал. Таны хэлсэнээр бол машины бензин, сэлбэг хэрэгсэл гэх мэтийн бусад дагавар зардалуудыг байнга гаргадаг гэж байна, тэгэхээр та зөвхөн машинаараа дамжуулаад олж байгаа мөнгөн орлого ашигийг, гаргаж байгаа зардалтай нь нийлүүлээд тооцоолоод үзэхэд ч илүүдэхгүй байх. Магадгүй чанар муутай хямд машин болохоор зардал нь өндөр байдаг ч байж болно. Хэрэв үнэхээр тийм бол дээр гуравдугаар зүйлд дурьдсан шиг бодож үзээд, яах эсэх шийдэлээ гаргаж болох юм. 

     

    Зургаа. Санхүүгийн эрх чөлөө. Сүүлийн үед хүмүүс энэ талаар маш их ярих болж. Мэдээж энэ нь таны орлогоосоо илүү ихийг олох, мөнгөнд хавчигдахгүйгээр сэтгэл хангалуун амьдрах тухай л ярьж байгаа. Олж байгаа мөнгөө зөв зарцуулаад хуримтлуулж сурна гэдэг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн эхний үе шат. Олдог орлогоо өсгөнө гэдэг бас томоохон үе шат. Та хоёр энэ талаар бодоогүй биш бодож л байгаа. Бизнесийн эх үүсвэрүүдийг л бид энд ярилцаж байна. Ялангуяа таны хэлсэн чөлөөт уран бүтээлч болох санаа ч энэ чиглэлд маш том боломжуудыг нээж болох юм. Заавал цаг хугацаа өнгөрөхийг хүлээлгүйгээр одооноос энэ чиглэлээрээ судалгаа хийгээд өөрийгөө зах зээл дээр гаргаж эхлэхэд ч болохгүй юм байхгүй байх. Нөхрийн чинь хувьд ч ялгаагүй. Ямар ч хүнд өөрийгөө үнэлүүлээд чаддаг ажил мэргэжил дуртай юмаараа орлогоо нэмэгдүүлээд амжилтанд хүрэх бүрэн боломж байдаг. Гагцхүү өөрийгөө бүрэн дайчлах, өөрчлөх чин сэтгэл эрмэлзэлээр л амьдрал дээр хэрэгждэг. 

     

    Эдгээр өгсөн хариулт танд гэр бүлдээ санхүүгийн өсөлт өгөхөд хэрэгцээтэй байсан байх гэж найдаж байна. Доор би танд зориулж тунгааж үзэхэд хэрэгтэй хэдэн асуултуудыг бичлээ. Эдгээр нь танд боломжуудыг олоход цаашилбал амьдралдаа нөлөөлөхүйц эерэг өөрчлөлт хийхэд нөлөөлөх болно. Нөхөртэйгөө ярилцахаас өмнө та өөрөө доорхи асуултуудад хариулах гээд үз. Тэгээд нөхрөө бэлэн үед нь эдгээр асуултууд дээр хамтран ажиллах гээд үзээрэй.

     

    а. Танай гэр бүлийн санхүүгийн хэт зорилго юу вэ? Хэрэв та хоёр хангалттай мөнгөтэй болчихлоо гэж бодвол танай гэр бүлд юу юу өөрчлөгдөх вэ? Энэ өөрчлөлтүүд хэр чухал вэ? Эдгээр өөрчлөлтийг бий болгохын тулд болсон та хоёрын тус тусдаа хэр зэрэг зорилгоо ойлгож чадаж байна? 

     

    б. Таны мөрөөдөл юу вэ? Танай нөхрийн мөрөөдөл юу вэ? Хамтын мөрөөдөл юу вэ?

    Та 2ын гэр бүлийн амьдрал 10 жилийн дараа, 20 жилийн дараа эсвэл 30, 40 жилийн дараа ямар байх вэ?

     

    в. Та нөхөртөө хайртай юу? Нөхөр чинь танд хайртай юу? Хайртай атлаа мөнгөн дээр гаргадаг ямар зүйлд нь дурамжхан байгаад байна? Та нөхрийнхөө мөнгөнд ханддаг хандлагыг нь ойлгодог уу? Нөхөр чинь таныг бас ойлгодог уу? 

    Та нөхөртөө өөрийгөө ойлгуулж чаддаг уу? Нөхөр чинь таныг ойлгож чаддаг уу? 

     

    г. Та өөрийгөө чөлөөт уран бүтээлч болоод ажиллалаа гээд төсөөл. Тэгвэл та хэдий хэмжээний орлогыг олох боломж байна? Энийг бүтэн бий болгохын тулд өнөөдрөөс эхлээд анхаарал тавьж ажиллаж болох зүйлс чинь юу байна? Таны тооцоогоор та хэзээ чөлөөт уран бүтээлээрээ орлого олдог болохоор зорилго тавьж байна? Энэ зорилгоо биелүүлэхийн тулд та юу хийж болж байна. 

     

    д. Танай нөхөрийн хувьд орлогоо нэмэгдэж болох боломжууд өнөөдөр нэн тэргүүнд юу юу харагдаж байна? Нөхрийг тань орлогоо нэмэгдүүлэхэд саад болж буй зүйлс юу байна?

     

    е. Танай гэр бүлийн санхүүгийн төлөвлөгөө, ирээдүйд үр хүүхдүүдийнхээ амьдрал тусын тулд, аав ээжийгээ асарч халамжлахын тулд яаж хэдий хэмжээний орлого ашиг бүтээх хэрэгтэй гэж харагдаж байна? 

     

    Миний дээрх асуусан асуултууд дор бүрнээ таны бодож амжаагүй хариулахад магадгүй төвөгтэй, ээдрээтэй зүйлсийг дэлгэн таны оюун санааг тэлэх боломжийг олгох болно. Хэрэв танд дээрх зөвлөмж хангалтгүй бол Бэрхшээл ба Боломж номыг уншаад үзээрэй. Санхүүгийн чиглэлд хэрэгжүүлж болох олон янзын зөвлөмжүүдийг багтаасанаас гадна миний өөрийн туршлагаас хэрхэн орлогоо нэмэгдүүлсэн түүхийг ч унших боломжтой. 

     

    Би таныг хүссэн амьдралаа бүтээхийн тулд өөрийн нөөц бололцоогоо бүрэн дайчилж ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Хэрэв танд энэ бүхнийг зохицуулахад өөртөө итгэх итгэл, бусад төрлийн асуудал бэрхшээл тулгарч байвал бидэнд хандаж тусламж эрэхээ бүү мартаарай. Итгэсэн хүнд боломжгүй зүйл байдаггүй гэдэгт би итгэдэг. Энэ итгэл намайг хүний санаанд ормооргүй гайхалтай амьдралыг бодит болгоход тусалсантай адилхан таныг ч бас хүссэн сайхан дулаан уур амьсгалтай гэр бүлийн амьдралаа бүтээхэд ч тусална гэдэгт итгэж байна. Хэрэв танд орлогоо өсгөхөд, ялангуяа бизнесийн чиглэлийн нэмэлт зөвлөмж, дасгалжуулалт хэрэгтэй бол надтай чөлөөтэй холбогдоорой. Таны бодож буй санааг амьдрал дээр хэрэгжүүлэх олон янзын аргуудыг бид хамтдаа нээх болно. 

     

    Хэрэв танд дээрхтэй ижил төстэй асуудал бэрхшээл тулгарч байсан болоод энэхүү булан танд шинийг бодогдуулж, амьдралд тань урам зориг эрч нэмэгдүүлсэн бол бидэнтэй өөрийн санал сэтгэгдэлээ хуваалцаарай. Бид дуртайяа танын захидалыг уншиж, таны сурсан мэдсэн чадварыг уншигчидтайгаа хуваалцах болно. Магадгүй бид таны захидалыг сонгож дараагийн дугаартаа хэвлэх ч боломж бий. 

     

    Манай дараагийн дугаар өнөөгийн нийгэмд тулгарч байгаа, хамаг юмны зангилаа, зовлон бэрхшээлийн эх үүсвэр болсон мөнгөний эргэн тойронд болдог асуудлыг хэлэлцэх болно. 

     

    • Та өөртөө итгэх итгэлгүйгээсээ болж сайхан боломжуудыг алддаг уу?
    • Таны амьдрал ямар нэгэн гал дөл мөрөөдлөөр дутагдаад, сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа юу?
    • Та ажилгүй учраас өөртөө итгэлгүй, хүнд дээрэлхүүлж байна уу?
    • Та өөртөө итгэлгүйгээсээ болоод гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцол үүсч, муудалцдаг уу?
    • Та өөртөө итгэлтэй л болчихвол болчихмоор атал яаж гэдгээ мэдэхгүй байна уу? 
    • Та ажил дээрээ үнэлэгдэж чадахгүй байна уу? 
    • Та хүмүүсийн хэлэх үгэнд автаад өөрийн хүсэл мөрөөдөлдөө, санасандаа хүрч чадахгүй эргэлзэж байна уу? 
    • Та зорилготой тэмүүлэлтэй амьдрахийг хүсч байна уу? 

     

    Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд нь Тийм гэж хариулж байвал, бидэнд захидалаар бичиж Editor@uptown.mn хаягаар илгээхээ бүү мартаарай. Бид таны нэрийг нууцлах бөгөөд таны асуудалд дээрхийн адил амьдралын дасгалжуулагчийн чин сэтгэлийн зөвлөгөөгөөр гарах боломж олж харахад туслах болно. 

     

  • ТЭНГЭР ШИГ БАЙ Дашбалбар агсны мэндэлсэний 56 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт 2013/5/6-ны 19:00 цагт

    ТЭНГЭР ШИГ БАЙ

    Дашбалбар агсны мэндэлсэний 56 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт


    Ерөнхий ивээн тэтгэгч

    Хаан банк


    Ивээн тэтгэгч

    Худалдаа Хөгжлийн Банк


    Тоглолтонд

    Д.Самбуу МУАЖ

    П.Цэрэндагва МУАЖ

    Д.Мэндбаяр МУАЖ

    Д.Жагдаг МУГЖ

    Н.Чулуунхүү МУГЖ

    С.Дашдондог МУГЖ

    Б.Чинбат МУТС

    Д.Баасанжав МУСТА

    Л.Оюун-Эрдэнэ МУСТА

    Б.Лхагвасүрэн МУСТА

    Г.Батцэнгэл МУСТА

    Ш.Бямбацогт МУСТА

    Х.Болор-Эрдэнэ МУСТА

    Б.Даваа МУСТА

    Я.Болорчимэг МУСТА

    А Сооl

    Logos

    Ice Top

    Sweety Motion

    Uvertura

    Motive

    Hotspot


    Зохион байгуулагч

    Дашбалбарын Индра

    Дашбалбар судлал төв


    Хамтран зохион байгуулагч

    Монголын залуу зохиолчдын холбоо

    Харчу энтертайнмент

    MGL Design Group


    2013 оны 5 сарын 06-ний 19:00 цагт

    Тусгаар Тогтнолын Ордоны Их Танхимд

  • Адил утгат

    Бурханы хувьд нүгэл их, багын ялгаа байхгүй, нүгэл бүхэн адилхан хэмжээтэй, адилхан утгатай байдаг шиг үнэнд “том”, “жижиг” үнэн гэж байхгүй, үнэн бүгд ижил хүчтэй, эквиюалент жинтэй.

    Хүн төрлөгтөн хөрстөдөө ургадаг өвс ногооныхоо үндэс салааны тоог нарийн гаргаж чадаагүй, чадах ч үгүй байхаа болзошгүй шиг үнэний тоо… жин…эзлэхүүн…хурд…хүч…эрчим…ер…үнэний “үнэн”-нийг “эх барьж” хэзээ ч эс чадахаа болзошгүй!  Гэвч хүн төрлөгтний эс чадсан хийгээд эс чадах үйлээс ганц Үнэний “үнэн”-ийг цөмөлж чадахгүй сөхөрдөгийг нь л харамсахгүй хүлцэж болно…

    Үнэн дотор “худал үнэн”, “үнэн үнэн” гэж ч байхгүй, “хэрэггүй үнэн” ч гэж байхгүй, үнэн бүгд өөр хоорондоо адил тэнцүү, дор бүрээ аугаа чанартай тул тусгаар үнэн бүр хувь хувьдаа хүний амьдралын бүх үнэний нийлбэртэй тэнцэнэ.Энд “бүхэл” нь “хэсэг”-ээсээ их байдаг энгийн логикийн нэмэгдэхүүнүүдийн нийлбэр нь аль нэг нэмэгдэхүүнээсээ заавал их байх тоон утгын хууль эрхгүй зөрчигдөнө.

    Ертөнцийн үнэнээс аль ч хүний амьдралд үл жижигдэнэ. 

    Хүнд үнэн бүгд амины үнэтэй бөгөөд амьдралын нь агшин бүрийг худал хуурмагаас харамлан, амьсгалах амьсгаа бүрийг нь ад буруугийн агаар, утаанаас булаан, “хүнийг харамлах”, “булаалдах” “дайн”-д завсаргүй зовно.

     

                                                                                                          Үнэний “үнэн” нь -Үнэний зовлон!…

                                                                                                                                                    1997.11.28-1997.11.29

  • Монгол хүнийг хөгжүүлэх практик алхмууд

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар

    1. Эх орноо гэх үзлийг нь дэвэргэн хөгжүүлэх

    Дэлхийн усны хагалбарын зонхилох хэсэг Монголоос эхэлдэг, дэлхийн мөнх цэвдэгийн өмнөд төгсгөл Монголд байна. Дэлхийн элсэн цөл Монголоос эхэлж мөн энд ирж дуусдаг. Азийн бүх нуурын 2/3 нь Монголд бий. 4 улиралтай, ой хээр говь хосолсон, асар их баялаг бүхий, хүн амьдран жаргах хамгийн таатай орчин гэвэл эх орон минь билээ гэсэн сэтгэлгээг хүүхэд бүрт төлөвшүүлэх нь чухал байна.

    Монгол хүнийг, Монгол улсыг Монгол хүн л аварч хамгаалж, авч явж хөгжүүлэх үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй.

    Монголын их яруу найрагч Бэгзийн Явуухулан: Цэцгийн сайхныг би нугаасаа түүлээ

    Цэнгэлийн манлайг би нутгаасаа мэдэрлээ

    Хүлгийн хурдныг би сүргээсээ барилаа

    Хүүхний царайлгыг би Монголдоо харлаа хэмээн “Зөвхөн Монголдоо” шүлгээрээ илэрхийлсэн байдаг.

    2. Үйлдвэрлэх хүчний байршил-монгол хүний хөгжилд нөлөөлөх нь

    Үйлдвэрлэх хүчийг улс орныхоо баруун зүүн өмнөт бүс нутагт тараан байрлуулж, монгол хүнийг төрж өссөн уугуул нутагтаа ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлнэ. Төвийн бүсэд, ялангуяа нийслэл хотод ажиллаж амьдрах чадваргүй олон хүмүүс бөөгнөрснийг тараан байрлуулж, газрын ашиг шимийг хүртэн амьдарч сурахад нь төрийн зүгээс албадах, туслах, хөрөнгө гаргаж өгөх, эрх зүйн баталгаатай болгох тал бүрийн ажил зохиох хэрэгтэй байна.

    3. Хүнийг үйлдвэрлэн бүтээгч байлган хөгжүүлэх нь

    Ажил хийх сонирхолгүй хүн нийслэл, төв, хот суурин газруудын дүүргүүдэд суурьших “эрхгүй” байх тийм нөхцөл байдлаар шахах учиртай. Ийм өргөн уудам нутаг, байгалийн баялаг бүхий монгол оронд ажилгүйдэл гэсэн ойлголт байхгүй. Харин амьдрах чадваргүй хүмүүс байна хэмээн ойлгож, хөдөлмөрлөх дур сонирхолгүй хүмүүст тэтгэлэг олгохыг зогсоож болно. Өөртөө ногоо тарьж, хувцас хунар оёж, чинээлэг айлын мал хариулах, хүүхэд хөгшидийг харж хандаж өгч байгаа хүнийг ажилтай хүн гэж үзнэ.

    4. Монгол хүн-хөгжсөн хэрэглэгч байхын тулд

    Юу бүтээж байна түүнээсээ илүү хэрэглэхгүй байх зарчмаар амьдрах учиртай. Зөвхөн бүтээж гэмээнэ хэрэглэх зарчим бол баялаг бүтээгээгүй байж улсаас илүү зүйл нэхэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Монгол хүн илүү ихээр ямбалахгүй, гагцхүү хийж бүтээснийхээ тоо чанарт нийцүүлэн амарч сувилуулна.

    5. Монгол хүн нийгмийн хөгжсөн харилцаа байх философи

    Монгол хүн гэр орон, ажлын орчин, гудамж, дэлгүүр үйлчилгээний газруудад бие биедээ дарамт учруулдаггүй хөгжсөн хүн байх учиртай.

    Нийгмийн харилцаанд импортолсон халх, дөрвөд, буриад, эрлийз гэх мэтээр монголчуудын сэтгэл зүйн уур амьсгалын ан цавыг арилгаж, ийм асуулт анкетаар бөглүүлдгийг болиулна. Монгол хүн л бол монгол хүн. Тэр хаана төрсөн байна вэ тэр газар нь даль жигүүрээ амраах шувууны үүртэй адил, унасан газар угаасан усандаа л хүн хүчтэй, эх оронтой байна. Монгол эхийн хэвлийгээс төрсөн бол монгол байна.

    6. Гадаад улсад “худалдагдсан” хүн хэний хүн байх вэ?

    Гадаад талд ажилладаг хүн тэндээ хэзээ ч нэгдүгээр зэргийн хүн байж чадахгүй. Их үндэстэн нь 1-р хүмүүс байна. Гадаад улсуудад цагаачилсан нь 2-р зэргийн хүмүүс байна. Бусад үндэстнээс хятадчилагдсан оросчлогдсон хэсэг нь 3-р, харъяалалд байгаа буриад, өвөр монгол, тува, уйгур хөх нуурын Монголчуудын амьдралынх нь хэв шинж ойртсон учраас 4-р, их үндэстний хүнтэй гэр бүл болсон хүмүүс хажуудаа харуултай учраас 5-р, худалдагдсан монгол хүнд тухайн орны төр хэзээ ч 100% итгэхгүй учраас 6-р зэргийн хүн байх болно. Цаашдаа нууцаа алдахгүйн тулд худалдагдсан хүн өөрийнхөө амийг бууны гохон дээр аваачаад өгчихсөн гэдгээ мартаж болохгүй.

    Тэгэхээр “худалдагдсан” хүнийг ч монгол хүн гэж үзэхээс өөр аргагүй. Харин хүн өөрөө хаана төрсөн бэ тэнд 1-р зэргийн хүн байдаг бясалгалаар тэндээ үйлчлэх үү, эсвэл 6-р зэргийн “шаар” байх нөхцөлөө сонгох уу гэдгээ өөрөө шийдэх хэрэг. Бас өөрийн ард түмнийг гомдоосон, тэдний эрх ашгаас урвасан хүнд бурхан багш хилэгнэдэг, тийм хүн хэзээ ч өөдөлдөггүй гэсэн айхавтар бичигдээгүй хууль үйлчилдгийг 1937, 1938 оны хэрэг явдлын дараах үр дагавар нотолсон гэдгийг монгол хүн бүр ухаарууштай нь үнэн.

    7. Монгол хүний амин чанарыг сайжруулах үзэл баримтлал

    Монгол хүний удмын санг жолоодох бүх үүргийг эрүүл мэндийн системийн үүрэг гэж үзнэ.

    Өвчин эмгэгтэй ухааны хомсдолтой, ер нь аль нэг талаараа зохицохгүй эр, эм хүмүүсээс гэр бүл үүсэх замыг хааж, хянах ажлыг эрүүл мэндийн системийнхэнд төрийн үүрэг болгон ноогдуулна. Галзуу, ажиллаж амьдрах чадваргүй хүмүүсээс нийгмийг эмнэлгийн аргаар цэвэршүүлэх эрхийг эрүүл мэндийн байгууллагад төрийн зүгээс олгоно.

    Ухааны хомсдолтой, нийгмийн халдварт өвчтэй хүмүүсийг үргүй болгож цэвэршүүлэх ажлыг эрүүлийг хамгаалах систем гүйцэтгэнэ.

    Хүнийг өвчилсөн хойно нь эмчлэх гэдэг ойлголтыг, өвчлөхөөс сэргийлэх явдал бол эрүүлийг хамгаалах системийн үүрэг байна гэсэн үзлээр солино.

    Эрүүл мэндийн байгууллагууд гаднаас орж ирдэг хүнсэн зэвсгээс монгол хүнийг найдвартай хамгаалах төрийн албаны үүрэгтэйгээс гадна хүн өөрөө өөрийгөө авч явах арга ухаанд сургана.

    Эрүүл биед саруул ухаан орших учраас эрүүл мэндийн байгууллага намайг хариуцна гэдэг ойлголтыг би өөрөө өөрийгөө эрүүл авч явах учиртай гэсэн үзлээр солино.

    Дархчуул овогт Даваагийн Лхаашид

    ‘Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”

  • ЭХ ОРОНЧ

    Та эх оронч хүн мөн үү?
    Үндэсний баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая!!!

    Эх оронч гээд хил дээр очиж зогсож, үйлдвэр байгуулж, ядуу хүмүүсийг баян болгож чадахгүй ч гэсэн. Юм хийж бүтээж байгаа хүмүүсээ чадлаараа дэмжье гэж боддог юм. Монгол хэзээ нэгэн цагт сайхан болно доо, бүтээгдэхүүн нь дэлхийн жишигт хүрэхээр нь хэрэглэнэ дээ гэж хүлээдэггүй. Аль болох Монгол хүний хийсэн зүйлийг л хэрэглэхийг хичээдэг. Хүнсээ сонгохдоо МОНГОЛ гэсэн тодотголтой бүтээгдэхүүн байвал авахыг хичээдэг, хувцас байвал өмсөхийг боддог.
    Эх оронч гэж хоосон орилохын оронд, нэг шилтэй ногоо дараад түүнийгээ гудамжинд бариад зогсож байгаа ногоочин хүүг, литр сүү саачихаад түүнийг зарж яваа бөгтөр эмээг, эсгий таавчиг оёчихоод зарах гээд байшингийн буланд сууж байгаа жирэмсэн эмэгтэйг, солонгосд сурч ирсэн зүйлээрээ сиймгэрч гэсэн 00-ийн цаас хийчихээд, түүнийгээ борлуулж чадахгүй машиныхаа хажууд уйлж суугаа Монгол залууг би ХАЙРЛАДАГ ЮМ. Тэр чинь МОНГОЛ ХҮН.
    Нэг МОНГОЛ нөгөө МОНГОЛДОО ЭХ ОРОН.

    Та үнэхээр эх оронч гэж өөрийгөө боддог бол дэлгүүрт ороод харц чинь юун дээр тусаж, гар чинь юуруу явдаг вэ? Та юу сонгох нь таны эрх. Би бол сиймгэр муу ч гэсэн монгол залуугийн хөлсөө шингээж хийсэн 00-ийн цаасыг сонгодог. Энэ бол миний л сонголт. Чадлаараа МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖЬЕ. Монгол хүн Монгол хүнээ дэмжихгүй бол хэн Монгол хүнийг дэмжих вэ?
    Бид эх оронч байж арай үнэтэй ч, чанар арай муу ч монголчуудынхаа хийж бүтээсэн зүйлийг худалдан авбал цаана нь хэдэн монголчуудын маань амьдрал дээшилж, тэдний хийх бүтээгдэхүүний чанар ч сайжирна. Гадны өнгө дизайн сайтай хувцасд хуурталгүйгээр монгол эзэнтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч тэднийгээ дэмжие. Импортын цайнуудын оронд Их тайг, Чага гээд цайнуудаа сонгоё. Хятад биш үндэсний эсгий таавчиг өмсье. Цайны жигнэмэгүүд амтаараа бусдыг гүйцэхгүй ч, гэхдээ бид л авч байж үйлдвэрлэгч орлогоороо технологио сайжруулж нэг л өдөр үнэхээр амттайг хийх болно. Одоохондоо манай үйлдвэрүүд тоног төхөөрөмж муутай л даа. Гэхдээ Монгол хүн бид л хэрэглэгчдийн тоог нь нэмж байж л тэр компани оршин тогтнож үйлдвэр нь хөгжинэ шүү дээ. Монгол ресторанд орье, монгол хувцас авч өмсье, монгол гоо сайхны бүтээгдэхүүнээрээ гоёж гангаръя. Монгол ногоогоо идье, монгол эзэнтэй банкаар үйлчлүүлье.
    Ингэж байж л Монгол улс маань жинхэнэ утгаараа хөгжинө шүү дээ. 

    Тун удахгүй үндэсний их баяр Цагаан сар болно. Цагаан сарын баярын үеийн барааны эргэлт, мөнгөний урсгалаар Эрээн хот хэрхэн хөгжсөнийг хүн бүр ярьдаг. Тэгвэл энэ жил бид яах вэ? Хятадын нүд хуурсан чанар муутай бараагаар сэтгэлээ зогоож, нэгнээ хуурсаар байх уу? 10 хүнд чанаргүй 10 бэлэг өгсөнөөс, тухайн гэр бүл дунд нь үндэсний үйлдвэрийн үнэхээр чанар чансаатай нэг бүтээгдэхүүн бэлэглэчихсэн ч болно шүү дээ. Цагаан сарын ширээгээ ч бас үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дүүргэчихвэл бахархал биз дээ.

     Чихэр, жигнэмэг
     Талх, нарийн боов
     Сүү, сүүн бүтээгдэхүүн
     Даршилсан ногоо, жимс
     Гоо сайхны бараа бүтээгдэхүүн
     Бээлий, оймс
     Хүүхдийн тоглоом
     Малгай, ороолт
    – КАШМЕР
     Ноос ноолууран эдлэл
     Бэлэг дурсгалын зүйлс
     Ширэн эдлэл
     Нэхий эдлэл
     Хивс, хивсэнцэр
     Жинсэн өмд, ажлын хувцас
     Гутал
     Монгол хувцас гээд л бүгдийг нь монгол хүмүүс хийж чадаж байна шүү дээ.

    Өнөөдөр та үндэсний үйлдвэрийнхээ юу худалдаж авсан бэ? Маргааш, нөгөөдөр юу авах вэ? Бид бүгд Монгол хүн биз дээ. Тэгвэл үндэсний үйлдвэрээ дэмжиж хамтдаа хөгжүүлцгээе. Бүх нийтээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих цаг болсон. Улс бүр л үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж хөгжлийн шинэ шатанд дэвшсэн байдаг. Бид хэдий болтол ингэж явах юм бэ? Нэгийг бодох цаг болжээ, Монгол хүмүүс бид. 

  • Амьдралын томъёо

    Өөрийгөө үнэхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү хэнд ч бүү үг дурс!

    Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр, сэтгэл завсаргүй хичээн үйлд! 

    Үйлийнхээ үнэ цэнд үнэхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!

    Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь! Ертөнцийн чанад дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш !

    Үхэн үхтлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз! Үхэр мэт….. яг л үхэр мэт бүү эргэлз!

    Энэ бөгөөс жаргалтай амьдралын “нууц томъёо” !