Author: admin

  • Эрч хүчтэй байх 6 арга

    1. Бодох цагийг өдөр бүр гаргах 

    Өглөө болгон “өдрөө бүтээх” бодох цагийг гаргах хэрэгтэй. Тухайн өдрөө ямар болж өнгөрөөсэй гэж бодож байна вэ?, бүх ажил үйлс тэнь бүтвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? гэх зэргийг бодож, төсөөлж, мэдрэх цагийг гаргах. Хэрвээ ингэж бодож, төсөөлөх үед эргэлзээтэй сөрөг мэдрэмж орж ирвэл сөрөг мэдрэмэжүүдтэйгээ тэрсэлдэхийн оронд өөрөөр хэлбэл “Яагаад ийм бодол бодов?”, “Яаж энэ бодлыг устгах вэ?” гэх зэргийг бодохын оронд “Би энэ сөрөг мэдрэмжээ, сөрөг бодлоо орхиж чадах уу? Яг одоо орхиж чадах уу?” гэж бодоход сөрөг мэдрэмж гайхалтай нь аргагүй алга болдог. Тэгээд ааш нь ажил үйлс амжилттай бүтэж байгаагаа үргэлжлүүлэн бодож, төсөөлж, мэдрэх.

    2. Өөртөө байнга сануулах 

    Эргэн тойрон, хавь орчиндоо хаашаа л харна зорилгын дагуу, төлөвлөгөөнй дагуу хийх ёстой зүйлүүдийг хийхэд чиглэсэн, өөрийгөө өдөөх, урамшуулах, эрч хүч өгөх Амжилтын Тарни, зураг, урмын үгс, хийх ажлын жагсаалт, битгий хий жагсаалтыг өөрт харагдахаар байрлуулж, өөртөө сануулах орчинг үүсгэхээс гадна өдөр болгон амжилтанд хүргэх ном, нийтлэл унших, аудио ном, сургалт семинар зэргийг сонсож өөртөө байнга сануулах. Ингэж чадвал өөрийгөө эрч хүч, урам зоригтой байлгахаас гадна хийх ёстой юмаа хийх сахилга батыг өөрт үүсгэж чадна.

    3. Өөрөөсөө зөв оновчтой асуулт асуух

    Урам хугарч, эрч хүчээ алдаж байгаагаа анзаарсан үед доорх 3 асуултыг өөрөөсөө асуух.

    –   Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар бодол бодов?

    –   Би урам хугарах, эрч хүчээ алдах  ямар юман дээр анхаарлаа төвлөрүүлэв?

    –   Эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд би юу бодох вэ, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?

    4. Өдөр болгон талархлаа илэрхийлэх

    Юунд баярлаж байна түүнийгээ илэрхийл. Талархалын дэвтэртэй бол түүн дээрээ бич. Цаг агаар сайхан байгаад, эрүүл энх байгаад, үр хүүхэдтэй, хань ижилтэй байгаад, ажилтай амжилттай байгаадаа бүгдэд нь талархах.

    5.  Үйл хийх

    Өдөр болгон зорилгын дагуу ямар нэгэн үйл хийх. Үйлдэл хийснээр эрч хүчээр цэнэглэгддэг.

    6. Дээрх 5 аргыг хэрэглэснээр үнэхээр их эрч хүч орж, хийх юмаа хийж байна, ажил үйлс бүтэж байна гэдгийг анзаарч мэдэх нь маш чухал юм.

    Хэрэв “өдөр бүр энэ бүгдийг дагаад байхад олигтой үйлчлэхгүй байна, сайн нөлөөлөхгүй байна” гэдгийг өөртөө байнга давтан хэлэх юм бол энэ бүгд огт үйлчлэхгүй. Харин жаахан ч гэсэн эрч хүчтэй байх хугацаа нэмэгдэж байна, бага ч гэсэн үйлчилж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр үйлчилж эхэлдэг.

    Жишээ нь:  уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадсан бол “энэ бүх аргыг хэрэглэсэн учраас уулзах хүнтэйгээ уулзаж чадлаа” гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Машины зогсоол зовлонгүй олдвол “машин зогсоол нээрээ зовлонгүй олдлоо шүү” гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Автобус удаан хүлээгээгүй бол “автобус хүртэл хурдан ирлээ” гэдгийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд энэ бүгдийгээ амжилтынхаа дэвтэр дээр ч гэсэн бичиж болно.

    Бид эрүүл шүдтэй байхын тулд өдөр бүр шүдээ угаах хэрэгтэй,  биеэ сульдаахгүйн тулд бид өдөр бүр сайн хооллож байх хэрэгтэйн адил эрч хүчээ хадгалахын тулд мөн ялгаагүй  ӨДӨР БҮР дээрх 6 аргыг ДАВТАН ХИЙСНЭЭР  өөрийгөө өдөөж, урамшуулж, хийх ёстой юмаа хийж, хүссэн зүйлээ бодит болгож чадна.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

  • Сүрэнжавын ДЭЛГЭРЦЭЦЭГ

    Би бага цэцэрлэгт байхдаа мандалин тоглож сурсан. Анх цэцэрлэгийн багшаараа ”Нараа нараа нааш ир“ гэдэг дууг заалгаж тоглож сураад маш их баярлаж байж билээ. Цэцэрлэгт яваад ирэхэд аав маань миний төрсөн өдрөөр мандалин авч өгч байсан нь одоо миний мэргэжлийн гараа болсон болов уу гэж боддог. Сургуульд ороод янз бүрийн дугуйлан секцэнд хамрагддаг байлаа. Хөнгөн атлетик, уртын харайлт, дуу хөгжмийн дугуйланд суралцдаг байлаа. Багш нар маань намайг булаалцалдаад бөөн юм болдог байсан. Биеийн тамирын багш Батчулуун, дуу хөгжмийн багш Бадамгарав багш нар нэг өдөр миний нүүрэн дээр муудалцаад, “Чи аль нэгийг яг одоо сонго” гээд, тэгээд би Батчулуун багшийгаа орхисон доо. Түүнээс хойш багш маань бяцхан гомрохдогч гэсэн хэзээ хойно надад “Чи зөв сонголт хийсэн” гэж хэлж байсан. Увс аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд сурч байхдаа сургуулийнхаа урлаг соёлын ажилд илэвхтэй оролцож, Тува Монголын харилцаагаар аялан тоглолт хийж явдаг байсан. Манай орос хэлний Ядмаа гэдэг багш маань биднийг удирдаж Тувад аялан тоглуулж биднийг Урлаг соёлын ажилд оролцуулдаг байлаа. 10-р ангиа төгсөөд Увс аймгийн Залуучуудын холбооны дэргэдэх “Цаг үе“ залуучуудын страд дууны хамтлагт 1 жил ажиллаж байх тэр үед УБ хотоос Соёлын коллежид элсэлт авахаар хүмүүс ирсэн. Хөгжмийн зохиолч С.Задгай багш /”Хүүгийн бодол“дууны ая зохиогч/ маань намайг шалгаруулж авч байж билээ. Энэ шалгаруулалтанд 100 гаруй хүүхэд уран сайханчид ганцхан хуваарь дээр өрсөлдөж байсан. Би 108 дахь хүн байлаа. Шалгалт дууссаны дараа 108 дахь хүүхэд ороод ир гэхэд итгэж ядаад сандарч байсан. Тэгээд нэг сонин уншуулаад “За юун тухай уншив. Утга санааг нь ярь” гэдэг байгаа. Би хөлс гараад “Өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн тухай” гэхээс өөр юу уншсанаа ч санадаггүй. Уран тод унших юм байна гээд хичээгээд л уншсан. Тэгээд за гараад байж бай гэсэн. Гадаа гараад сандраад тайвширч чаддаггүй. Манай найзууд чи лав тэнцсэн байхаа гээд л. Төд удалгүй 108 ороод ир гээд, миний гарыг үзээд л, за гэрлүүгээ маш хурдан яваад 1 хувь зураг аваад ир гэдэг байгаа. Би ч галзуу юм шиг гүйсээр амьсгаадаад орж ирэхэд, аав ээж сандраад юу болов солиотой юм шиг хүн цочоогоод гээд загнаад, сургуульд тэнцсэн гэдгээ хэлж, зургаа аваад аавыгаа дагуулаад очиж томилолт авч байсан юм. Ингээд намар УБ хот руу нисэж ирж байлаа. 1991- 1994 онд суралцаж төгссөн. Мэргэжилдээ маш дуртай.

    2005 онд Баянхонгор аймгийн ЗДТГ, НБХэлтэс Хүүхдийн төлөө төв, “Хүүхдийн Тэмүүжин Театраас “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил“- ийн ажлын хүрээнд зохиогдсон Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн нэрэмжит “Яруу эгшиг“ өсвөрийн гоцлол хөгжимчдийн улсын уралдаанд Увс аймгаас төлөөлж сурагчдаа оролцуулж байлаа.

    Монгол ардын дуугаа өвлүүлэх ажил маань 2008 оноос өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Миний шавь Энхболдын Энхманлай, Энхболдын Энхнаран нарын маань ээж Р.Дэлгэржаргал бид цагийн аясаар сайн найз, сайхан нөхөрлөлтэй болж үзэл бодлоороо нэгдэж 2010 онд Галбингаа ардын дуу хуурын сургалтын төвөө нээн ажиллуулж байна.

    2009 онд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” анхны бие даасан тоглолтонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж дэмжсэн нь маш бахархалтай. Ийнхүү “Монгол эгшиглэн” хамтлаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх хамтлаг болж чадсан юм. 74-р цэцэрлэгийн хүүхэд багачууд 2009 оны сар шинийн 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрт зочилж шинэлсэн юм. Тэр үед “Дээлтэй монгол” хөдөлгөөн өрнөж биднийг дэмжиж хамтарч ажиллаж байлаа. Учир нь хүүхдүүд маань үндэснийхээ хувцасыг өмсөж гоёж ардынхаа дуугаа гайхалтай сайхан дуулж байлаа. Энэ үеэс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд үндэсний хувцасаа өмсөх сонирхолтой болсон. Ардын сайхан дуугаа гайхалтай сайхан дуулж үеийн хүүхдүүдэд үлгэр дууриал болж байлаа.

    Би 2010- 2011 онд ажлаа түр орхиод цомгийнхоо уран бүтээл дээр ажилласан. Учир нь ажлаа хийнгээ уран бүтээл хийхэд дарга маш их хавчиж, дарамталдаг байсан аргаа бараад 1 жил гаран ажлаа орхисон. Сайн ажилласаныхаа төлөө маш их гадуурхагдаж байлаа. 74-р цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Баянмягмар арга зүйч Л.Нэргүй ажлын үнэлгээг байнга дарж цэвэрлэгчээс дор үнэлдэг байсан баримт ч бий. Энэ 2012- 2013 оны хичээлийн жилд СБД-ийн 16-р сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байна.

    2013 онд СБД-ийн 16-р сургуулийн нээлттэй хичээлийн Ур чадварын уралдаанд 2-р байр

    2013 онд Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд ”Найрал дуу- 20“ улсын урлагийн наадамд “Ерөөлөөр учирсан миний монгол” 70 хүүхдийн хор дууг дуулуулж “Шилдгийн шилдэг” найрал дуугаар шалгарлаа;

    https://www.facebook.com/YaruuEgshiglen/
    https://www.facebook.com/delgertsetseg.surenjav

  • Өөрийгөө өөрчлөх 7 дохио

    Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн өөрийгөө өөрчилж эхэлдэг.

    Өдөр болгон бидэнд өөрийгөө сайжруулах, амьдралаа цэцэгжүүлэх сайхан боломж байдаг. Өөрийгөө өөрчилж, өөрийгөө танин мэдэхэд оройтно гэж хэзээ ч байдаггүй мөн эртэднэ ч гэж бас байдаггүй. Та хэзээ хүснэ тэр л үед өөрийгөө өөрчлөх, өөрийгөө танин мэдэх боломжтой.

    Хүсвэл та өөрчлөгдөхгүй ч байж болно. Энэ бол таны сонголт.

    Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг хийж, сэтгэл сэргээсэн, эрч хүчтэй, хайр халамжаар дүүрэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, түүгээрээ бахархаж чадаж байна уу? “Тийм” бол маш сайн байна. Харин “үгүй” бол өөрийгөө өөрчлөх цаг болжээ гэж бодох хэрэгтэй.

    Тиймээс би өнөөдөр өөрийгөө өөрчлөх 7 дохиог танилцуулж байна.

    Дохио 1: Хэрэв таны амьдрал айдсаар дүүрэн байгаа учраас та юу ч хийж чадахгүй зогсонги байдалд орсон бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 2: Хэрэв таны санаанд таарч тохирох зүйл тун цөөхөн болсон бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 3: Хэрэв таны оюун ухаан, бодол санаа одоо цаг дээр төвлөрч чадахгүй нэг бол өнгөрсөнд шаналж, нэг бол ирээдүйд санаа зовдог бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 4: Хэрэв та бусдын амьдарлыг судалж, бусад хүн дээр анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө тэдэнтэй харьцуулж түүндээ санааширч байгаа бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 5: Хэрэв та хийж байгаа ажлаасаа, эргэн тойронд байгаа зүйлээс, хүрээлүүлж байгаа хүнээс  уйдаж залхсан бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 6: Хэрэв та гэр бүл найз нөхөдтэйгээ таарч тохирохоо больсон бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 7: Хэрэв бусад хүмүүс юу хийхийг тэнь зааж, та түүнд хэдий дургүй байсан ч гэсэн “за” гэхээс өөр аргагүй болсон мэт санагдаж байвал “өөрийгөө өөрчил.”

    Дээрх 7 дохиог уншаад өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж үзвэл:

    1. Өөрийгөө өөрчлөх шийдвэр шийдвэр гаргахаасаа өмнө

    Нүдээ аниад дараах асуултуудыг өөрөөсөө асуу:

    “Хэрэв би өөрийгөө өөрчлөхгүйгээр энэ хэвээрээ үлдвэл 2 жилийн дараа миний амьдрал ямар болсон байх вэ?” Түүнийгээ төсөөл, мэдэр.

    “Хэрэв би өнөөдрөөс өөрийгөө өөрчилж эхэлбэл 2 жилийн дараа миний амьдрал ямар болсон байх вэ?” Түүнийгээ төсөөл, мэдэр.

    2. Өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргасны дараа

    Өөрийгөө өөрчлөхийн тулд хийж эхлэх эхний алхам юу вэ? Түүнийгээ хий! Бүү ай!

    Өөрөөсөө дараах асуултыг асуу:

    “Хамгийн муугаар бодоход надад юу тохиох вэ?”

     

     

    Санаж яв: Өөртөө хайртай хүн л амьдралдаа эерэг өөрчлөлт хийж чаддаг. Харин өөрийгөө буруутгаж, өөрийгөө голж, өөртөө хайр өгч чаддаггүй хүнээс зөвхөн сөрөг өөрчлөлт л гарна.

     Өнөөдрийн АМЖИЛТЫН ТАРНИ

    •  Өдөр бүр өөрийгөө өөрчлөх боломж байдагт би талархаж байна!
    •  Өдөр бүр өөрийгөө сайжруулж, амьдралаа цэцэгжүүлэх боломж байдагт би талархаж байна!
    •  Би хаана ч явсан, юу ч хийсэн дээшлэн дэвжиж байна!

     

    ХҮС. ХИЙ. ХҮР. 

  • Байгууллагын сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага

    Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

    Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
    Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
    Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
    Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

    Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа.
    Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх нь ухаалаг бизнес болоод байна.

    Харин бид ажилтан нэг бүрийн сэтгэл зүйн болон бие хүний судалгаа, байгууллагын судалгаанд үндэслэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны байгууллагын сургалт, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг байгууллагуудын хүсэлтийн дагуу хүний хөгжил, бизнесийн сэтгэлзүйн чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд болон мэргэшсэн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

    Жамсранжавын Лувсандорж
    Үндэстэн Баг ХХК

  • Эрүүл мэндээрээ гоёцгооё 2

    “Хоол ба сэтгэл” номоос цувралаар хүргэж байна.  

    Оршил буюу энэ номыг бичих болсон тухай

    Учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэн үг гүн утгатай. Зав гаргаж эргэцүүлэн бодмоор юм амьдралд олон байх юм.

    Хамтдаа эргэцүүлэн бодъё.         

    Хамгийн чухал нь ийнхүү бодохдоо өөрийгөө элдвээр гоёлгүйгээр хөндлөнгөөс харж байгаагаар төсөөлж, энэ номоор хэлж байгаа гол санаануудыг зөвхөн өөрийнхөө байдалтай харьцуулан эргэцүүлэхийг хичээгээрэй. Энэ ном өөрийгөө үнэн байгаагаар нь дотортой, гадартай нь, нарийнтай бүдүүнтэй нь танихыг хичээж байгаа хүнд зориулагдсан гэдгийг онцлон хэлье. /Дотор, нарийн гэдэг нь сэтгэл, гадар, бүдүүн нь бие/

     Харин өөрийгөө танихыг орхигдуулж, бусдыг өөрийн санаанд тааруулан, засаж хүмүүжүүлэх эрх болон үүргийг өөртөө ногдуулсан хүнд бол ойлгомжгүй санагдана. Цаг нь ирэхэд ойлгогдох тул уншихаа больж, цагаа үрэлгүй хойш нь тавих нь дээр. 

    Алдартай сэтгэл судлаач Норман Пил “Та бол өөрийнхөө тухай таны бодож байгаа тэр хүн биш, харин бодож байгаа хүн юм” гэж хэлсэн байна. Хүсдэг юм, байгаа юм хоёр өөр байж болно гэсэн утга. 

    Хэн ч хэзээ ч өөрийгөө муу гэж боддоггүй. Бодож болохгүй. Би муу амьтан гэж хэлж байхдаа ч дотроо тэр бодолтойгоо эвлэрдэггүй, өөрийгөө эсэргүүцэж л байдаг. Тийм биш гэж хэлээсэй гэсэн хүлээлттэй, тунирхсан л үг шүү дээ! Муу байхгүйг хичээдэг учраас тэр. Гэтэл үнэнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал хичнээн өрөвдөлтэй, сул дорой амьтан байдаг гээч?! /Төгс гэгээрч амжаагүй байгаа бол шүү/ Өөр хүнд хэлээд хэрэггүй.

    Би л лав тийм биш, энэ номыг бичсэн хүн л тийм юм байна гэсэн бодол таныг эргэцүүлэн бодохоос өмнө гялс орж ирж байна уу? Тэгдэг л юм даа. Орж ирж л байг! Танд ажил байна гэдгийг нотолж байгаа хэрэг. 

    Юуны тухай ном бэ?

    Энэ номноос шүүж авснаа ашиглаж, дадлага хийх явцдаа үе үе өөрийгөө тийнхүү ажигласаар байгаарай. Ажиглалтын объект буюу жинхэнэ Та ямар хурдан сайжирч байгааг түвэггүй харах болно. Сайжирна гэдэг нь Та тэнцвэрээ хадгалж чаддаг болж, ухаанаар хичээхгүйгээр сэтгэлээр тэгш оршихуйд байх дадал тогтохыг хэлнэ.

    Амьдралын дадал гэж юув, тэр нь тогтоно гэж юуг хэлэхэв, тогтохоор юу болдог вэ, яагаад тогтож өгдөггүй вэ гэх мэт асуултад гаднаас нь биш дотроос нь хариулахыг хичээлээ. Дотор нь орж үзсэн нь сайн хэрэг.

    Дадал гэдгийг зүйрлэж хэлбэл, дугуй унаж сурч байхдаа хүн онхолдохгүйг л хичээдэг учир замын бартаа яамай бөгөөд харсаар яваад, зайлж чадалгүй шон мөргөх нь энүүхэнд. Харин сайн сурсан хойноо бол тусгайлан хичээж бодохгүйгээр давхидаг. Энэ нь олон удаа дадлага хийж, унаж боссоны хүчинд л яавал унахгүй байдаг вэ гэдгийг мэдсэн учраас тэр л байдалд байнга байхад дадсаны ач. Энэ дадлынхаа хүчинд бараг л автоматаар дугуйгаа жолоодож байна гэсэн үг. Дугуй унаад явж байхдаа одоо тэр булчингаа чангалж, энийг татаад, тэрийг түлхээд гэлгүй, өөр зүйлд зориод явдаг болно.

     Бүх юм хоёр талтай. Тэр хоёрын тэнцвэрийг барьж, хадгалахыг алтан дундаж гэж хэлдэг нь маш их учиртай юм байна. Та бодол доторх хүнээ хоёр туйлын нэгэн дээр л байлгаж, амьдрал дээр түүн шигээ байхыг хичээснээс ямар их зүдэрч байснаа харна.  Бодож байгаа хүн зөв байраа олоход бодол доторх тэр хүний маань ч байр зөв болно.

    Ийм төлөвийг олоход аз жаргалыг байнга мэдрэх болно.

    Миний лекцэнд суусан, телевиз, радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож байхад минь утсаар холбогдсон зарим хүн

    -Та тийм өвчинд ийм юм иддэг, жингээ барихын тулд тийм юм бүү ид гээд тэр эрүүл хоолоо тодорхой яриач. Хаяж ч болохгүй, авч ч болохгүй, толгой эргүүлсэн бөөрөнхий юм тойруулаад л байх юм. Асуудал руугаа орооч гэж бачимддаг. Нэг үзэгчид

    -Анхаарах ёстой хамгийн чухал зүйлийн тухай та сонсож байна. Үүнийг гүйцээгээд ойлговол зөвлөгөө хэрэггүй болдог. Яг одоо ойлгомжгүй байгаа бол цаг нь ирэхээр ойлгогдоно. Заавал үзэх албагүй шүү дээ, сувгаа сольчихгүй юу дээ гээд хариулчихсан чинь бас нэг ууртай үзэгч холбогдоод,

    -Яасан их хүн басамжилж, доош нь хийдэг хүн бэ, хэн ч ойлгохгүй юм ярихаа боль, яах гэж ийм юмнуудыг нэвтрүүлэгтээ оруулдаг байнаа, сайн эмч, эрдэмтэн мундсан биш гэх мэт юм хэлж билээ. Тэднийг буруутгах аргагүй. Би ойлгож, хайрладаг юм.

    Эрүүл мэнд зохимжтой хооллолтын асуудал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ тухай бусдад хэрэгтэй юм ихийг хийх гэж оролддог учир надтай хамтарч ажилладаг сонин, сэтгүүл, радио, телевизийнхэн, эмч, багш, улс төрчид, нийгмийн ажилтнууд “Сэрэлт” киноны Бумаа биеэ өвдөнгүүт орос эмчдээ биш ах ламдаа үзүүлэх гээд хадаг өвөртлөөд явж байдаг шиг л яг хооллохдоо тулахаар нөгөө буруу хоолоо л иддэг юм билээ. Тэр олон хамтрагч дотор ам, ажил нь зөрдөггүй гуравхан/!/ хүн байгааг би мэднэ.

    Бусад нь нэвтрүүлэг, уулзалт, лекцийн дараа хооллох цаг болсон байвал

    -За, салаттай хуушуурт хэн гүйхэв гэх буюу сайхан хоолтой ресторан юу билээ, багшаа бидэнтэй хамт хоолонд орооч, нэг удаа дажгүй дээ, яриа амьдрал хоёр өөр шүү дээ гээд инээлдээд л алга болдог.

    Мэдээгүйн улмаас дургүй хүн ойлгомжтой. Харин зөв сайных нь тухай олж мэдээд бусдад бас дамжуулдаг атлаа өөрөө/!/ түүндээ дурлахгүй ийм байдлын шалтгааны талаар ярихад ойлгохгүй байдаг нь бас шалтгаантай. Энэ тухай номыг Та барьж байна.

    Алгебр гэдэг хичээл үздэг ахлах ангийн сурагчид амархан байдаг бодлого нэгдүгээр ангийн шинэ сурагчид дийлдэшгүй, нэгдүгээр ангийн бодлогыг тоолж сураагүй балчир бодож чадахгүй.

    Ахынхаа алгебрийн номыг нэгдүгээр ангийн дүү нь үзээд сууж байхад нь “миний дүү цаг нь болохоор боддог болно” гэж хэлэхэд дүүгээ басамжилсан болохгүй биз дээ? Алгебрийн бодлого боддог болохын тулд мэдвэл зохих олон арга, томъёо, дасгал тэр хоёр сурагчийн мэдлэгийн хоорондох зайнд байгаа нь үнэн юм чинь.

    Ах нь тайлбарлавал дүү нь “шуудхан хэлээч, юу гээд ойлгогдохгүй юм яриад бөөрөнхийлөөд байгаа юм бэ” гэхгүйгээр сайн сурч, анги дэвшсээр том болоод ахынхаа чадаж байгаа бодлогыг адилхан боддог болно гэдэг биш үү?

    Эсвэл нэг жилд хоёр гурван ангийн хөтөлбөр хурдавчлан үзээд насаар дүү ч мэдлэгээр адил болж болдгийг бид мэднэ.

    Амьдралын явдал ч үүнтэй төстэй.

    Одоо хоёулаа эхнээсээ сайтар ойлголцчихъё.

    Та хоолны жор, орц, тодорхой мэргэн зөвлөгөөг энэ номоос уншихгүй шүү!

    “Бага ангийн хүүхдэд” бол учир нь олдохгүй “бөөрөнхий” санагдах нь гарцаагүй ч, “дунд ангийн сурагчид” маш сонирхолтой, “загатнасан газар маажсан шиг” гэж зүйрлэн хэлмээр, онгойж өгөхгүй байгаа цоожны түлхүүрийг олсонтой адил санагдах ном учраас уншсан хүн наанадаж л өөрийгөө ямар ангийн сурагч гэдгээ мэдэж авах сайн талтай гэдгийг урьдчилан хэлье. Сэтгэл санаагаа бэлдээрэй.


  • Хүүхэд

    Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана

    Хэлж чадмагч эрхлэх дууг үл гаргана 

    Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна

    Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг, эхээ хүндэтгэхийг сургана. 

                                                                             1735 онд гарсан “Го гүнгийн 3 үсэгт” номоос

    Монголчууд залуу үеэ амьдралын ухаанд сургах явцдаа

                Эрхийг сурахаар бэрхийг сур

                Хайр нь дотроо, хал нь гаднаа

                Магтах үгийн далд нь

                Зэмлэх үгийн ил нь сайхан 

                Зуу сонссоноос нэг үз гэсэн зарчмуудыг мөрдлөг болгож баримталдаг байжээ. Мөн Монголчууд хүүхдийг багаас нь эхлэн “Эвий минь, хөөрхий минь” хэмээн элдвээр өхөөрдөн үнсэж эрхлүүлж баалахыг ихэд хориглодог. Харин бага насны хүүхдэд магтаал урамшууллын үгсийг цөөн тохиолдолд шаардлагатай үед л хэрэглэдэг байжээ. Хүүхэд сайн үйл бүтээж, хийж байгаа ажилдаа улайран чармайх байдал гаргаж байвал “Миний хүү дориун эр болжээ. Нутаг орондоо нэр хүндтэй ахмад сайн хүний нэр зааж …….” шигээ хүн болох нь гэдэг байв.

    Гэхдээ хүүхдийн чадан ядан хийж байгаа зүйлийг өөчилж голдоггүй, хэрвээ гаж буруу үйлдэл алдаа гаргавал үглэж загнаж хараадаггүй, харин буруу үйлдлийг мэдэж байвч үг хэлэхгүйгээр том дуугаар хоолой засах, ханиаж чимээ өгөх, эсвэл хөндлөнгийн жишээ дурдан ихэд харамссан байдал гаргах, гайхсан дүр үзүүлэх зэрэг зэмлэхийн оновчтой арга барилыг хэрэглэх юм уу сургамжлан хэлдэг байжээ. Энэ мэт өвөг дээдсийн үр хүүхдээ амьдралд сургах арга ухаан ч өвөрмөц байсан юм.

     

  • ЭМЧИЙН АЛДАА- ИРЭЭДҮЙН ЭМГЭНЭЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ!!! 6/3

    ЭМЧИЙН АЛДАА- ИРЭЭДҮЙН ЭМГЭНЭЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ

    Хандивын тоглолт


    М.Ариунтунгалаг нь 2008 онд олгойн хагалгааг буруу хийсэн эмчийн алдаанаас болж 5 удаа мэс засалд орж, 5 жилийн турш хэвтэрт байна. Одоо Солонгос улсад мэс засалд орох, “Эмчийн алдаа- ирээдүйн эмгэнэл бидэнд хэрэггүй” уриалгын хүрээнд хандивын тоглолт зохион байгуулж байна. М.Ариунтунгалаг нь эмчийн алдаанаас ирээдүйгээ хохироосон бүх хүүхдүүдийн дуу хоолой болохоос гадна “Хүүхдүүдийг алдаатай эмчилдэггүй эмч болохыг мөрөөдөж байна”


    Тоглолтонд

    Ж.Алтанцэцэг, Б.Дашдондог, Ч.Бат-Эрдэнэ, Г.Эрдэнэтунгалаг, Наран, Нара, Д.Үүрийнтуяа, Э.Энх-Эрдэнэ, Б.Маралжингоо, Бичү, Ноён Бондгор, Г.Цэлмүүн, Г.Тэнүүн, Хурд, Харанга, Киви, Sweetmotion, Extacy, Anemone, Outlaw, The Compos, Мотив хамтлагууд болон Болор цомын эзэн яруу найрагчид, МҮОНТ-ийн хөтлөгч С.Чимгээ дэмжиж оролцоно.


    Зохион байгуулагч

    М.Ариунтунгалагын гэр бүл

    ProSounds


    Хамтран зохион байгуулагч

    Хатанбулаг сумын нутгийн зөвлөл

    Дорноговь аймгийн оюутны холбоо

    Хатанбулаг сумын оюутны холбоо


    2013.06.03-ны 17:00 цагт UB Palace-д болно

    UB лавлах 1617 үнэгүй хүргэнэ


    БИ ХҮҮХДИЙГ АЛДААТАЙ ЭМЧИЛДЭГГҮЙ ЭМЧ БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ БАЙНА!!!

    Хандивын данс

    Хаан банк: 5360289175

    Хас банк: 5000845173


    Утас: 86111000, 91330306, 88662906

    http://yaruusetgegch.com

  • Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

    Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ? гэдгийг нилээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

    1. 1.      Оройн зоог

    Оройн хоолны цаг бол гэр бүлийн бүх л гишүүдийн хувьд бие биетэйгээ чөлөөтэй харилцан, санал бодол, бэрхшээлээ хуваалцах чухал цаг юм. Гадны элдэв нөлөөгүй, телевиз, хөгжим, интернетийн мэдээллийн урсгалгүйгээр энгийн оройн хоолоо хамтдаа идэх нь хүн бүрийн сэтгэлд халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд асуудал бэрхшээл тулгарсан хэн нэгэндээ хамтран шийдвэрлэх, сэтгэл зүйн дэмжлэг болох сайхан үр дүнтэй гэнэ.

    1. 2.      Ажил эрхлэлт

    Өглөө ажилдаа яарч, орой гэрлүүгээ яардаг хүнийг яагаад хамгийн аз жаргалтай хүн гэлцдэг вэ? Хүн бүрт өөрийн сонирхсон ажил, хобби байдаг бөгөөд энэ нь танд баяр баясгалан, сэтгэл ханамж авчирдаг байх нь таны гэр бүлийн харилцааг аз жаргалтай байлгах бас нэгэн хөшүүрэг болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Албан тушаалын ангилал, орлогын хэмжээгээсээ үл хамааран амраг хосуудын бие биеийнхээ хүсэл, сонирхлыг хүндэтгэдэг байдал нь гэр бүлийг бат бөх байлгадаг нь батлагджээ.

    1. 3.      Ганцаардах боломж

    Ганцаараа байх нь заримдаа бодол санаагаа цэгцлэх, тайвшрах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэр бүлийн гишүүн бүрт их багаас үл хамааран хэн нэгэн халддаггүй өөрийн гэсэн хувийн орон зай, ганцаараа байх газар хэрэгтэй байдаг гэнэ. Ялангуяа хань нөхрүүд маань эрэгтэй хүний инстикцээрээ эхнэрийн ярианаас зугтах хүсэл төрдөг бөгөөд ямар нэгэн зүйлийг ширтэн суух гэр бүлийн асуудлуудаас бага ч атугай өөрийгөө чөлөөлөх хүсэлтэй байдаг. Энэ нөхцөлийг ойлгон, “Юу бодоод байгаа юм бэ?” гэсэн асуултгүйгээр тайван байхыг түүндээ зөвшөөр. Тэд гуниглаагүй. Гэхдээ нэг их удахгүй гараад ирнээ.  Сэтгэл санаа нь илүү сайхан болсон байх вий.

    1. 4.      Хатуу дүрэмгүй байх

    Та хайртаасаа өөрийг чинь байгаагаар нь л хайрлахыг хүсдэггүй гэж үү. Аливаа дүрэм журам тогтоож, хэт ач холбогдол өгөхгүй байх нь та бүхний бие биенээ байгаагаар нь л хайрлахын үндэс болдог ажээ. Хань болон үр хүүхэддээ, гэр бүлийн гишүүддээ шударга эрх чөлөөтэй байдлыг олгох нь энэ айлын аз жаргалтай байх, итгэл сэтгэл дээр тулгуурласан найдвартай аюулгүй орчин байхын нэг чухал хүчин зүйл болно.

    1. 5.      Хуримын бөгжөө зүүх

    Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг аж. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар, хүүхдүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй байна. 

  • Хайр

    Хоёр хөгшин олон жил хамт амьдрахдаа нэг ч удаа хэрэлдэж үзээгүй юмсанжээ. Нэг өдөр, нэг нь нөгөөдөө “Хүмүүс яагаад хэрэлддэг юм бол?” Ганц удаа ч гэсэн хэрэлдэж үзэхсэн гэжээ. 

    -Юунаас эхэлж хэрэлдэхээ мэдэхгүй байна шүү дээ, гэж нэг нь нөгөөдөө хэллээ. Эхний хөгшин бодож байснаа:

    -Ширээн дээр нэг аяга тавья. Тэгээд би “минийх” гэж хэлье.

    Чи бас минийх гэж хэл. Тэгээд л хэрэлдчихье

    Хөгшчүүл ширээн дээр аяга тавилаа

    -Энэ миний аяга гэж нэг нь хэлэв

    -Үгүй энэ миний аяга гэж нөгөө нь хэлэв

    -Чинийх бишээ, миний аяга гэж хэлж байна шүү дээ! 

    -За яахав чинийх юм бол чи ав. гэж нэг нь хэлжээ

           Ингээд л тэд хэрэлдэж чадсангүй. 

                                                                                                                                                        “Залуучуудын Үнэн” сонин 2011 он

     

  • Маргааш

     Хүн гэгч үргэлж биш хааяахан өөрийнхөө  өмнө нь ямар хүн байсныг, юу бүтээсэн, юуг алдсанаа бодож тунгааж өөрийгөө сайн, муу зүгийн алинаар яваад байна вэ? гэдгээ ухамсарлах хэрэгтэй ажээ. Өөрийгөө сайн хүн болоод байна уу? муу хүн болж өөрчлөгдөөд байна уу? гэдгээ анзаарснаар л ухаарал ирдэг. Энэ мэтээр ӨЧИГДӨРӨӨ үгүйсгэлгүй суралцаж чадваас МАРГААШ-ийг итгэл төгс угтана.  

                  МАРГААШ хэмээх энэ өдөр ирэх үгүйг, энэ өдөр юу тохиолдох үгүйг бидний хэн нь ч мэддэггүй ч гэлээ ирнэ гэдэгт, маргааш болно гэдэгт бат итгэж чин сэтгэлээр мөрөөдөн маргаашдаа бэлтгэн төлөвлөдөг. Хүмүүн гэгч итгэл үнэмшилээрээ, сэтгэлээрээ амьдардагийн хамгийн том жишээ бол энэ юм. Маргааш, миний хувьд МАРГААШ их чухал бас хүндтэй өдөр. Хүмүүс ярьдаг даа. Тавийн талыг насалчихлаа гээд л. 25 насанд их ач холбогдол өгнө. Харин би тэгээгүй. Би өчигдөрхөн мэт тод санаж байна. 25 нас хүрсэн өнгөрсөн жилийн тэр өдрийг. Амьдралд минь их олон өөрчлөлт ухаарлыг авчирсан 25 нас минь. Би тэр өдөр маш олон зүйлийг мөрөөдөн маш олон зүйлийг төлөвлөн байсан ч зүгээр л даруухнаар үдсэн юм. Гэвч 2012 оны 5 сарын 21ны тэр өдрөөс хэдхэн сарын дараа миний амьдралд ахин өөрчлөлт гарсан юм. Хэдийгээр төрсөн өдрөөрөө мөрөөдөн байсан мөрөөдлүүд хийсэн одохыг, хүслүүд минь замхрахыг харах хэцүү, асар хэцүү байсан ч гэлээ би бүх зүйл төлөвлөгдсөн гэдэгт л итгэсэн дээ. Алдалгүйгээр урагшилдаггүй энэ хорвоод алдаан дээрээ суралцан би босож өөрийн шийдвэртээ үнэнчээр хандан урагшилж байна. Хүний амьдрал хүссэнээр болдоггүй гэдгийг ухааруулсан, болохгүй зүйлийг болгох гэж хий дэмий хичээх хэрэггүйг ухааруулсан 25 насаа би МАРГААШ үднэ. Нэг мэдхэд нисэн ирсэн 26 насаа угтан авна. Сэтгэлд минь баяр гуниг жинхэнээсээ хослон байна. Цаг хугацаа яасан хурдан өнгөрдөгийг энэ л өдөр би чин зүрхнээсээ мэдэрч байна. Цаг хугацааг зогсоох ямархан ч арга байхгүй тул маргааш гэж хойш нь тавилгүй эрдэнэт биеийг төрүүлсэн ээжий, аавыгаа баярлууллаа. Баярлууллаа гэж дээ, намайг л сайн явахыг харахдаа баярладаг болохоор ажлаа л сайн хийлээ. Тийм ээ, ээжий аавынхаа төлөө ажлаа сайн хийе. Өө нээрээ ээжий аав, эгч дүүгээс минь дутахааргүй баяр гунигийг минь хуваалцаж үргэлж дэргэд байдаг найзуудтайгаа МАРГААШ чин сэтгэлээ дэлгэн нэгэн оройг хамт үднэ. Яасан сайхан вэ? Би анх удаа л ийнхүү мэндэлсэн өдрийн баяраараа найзуудаа урин тэднийгээ цуглуулах гэж байна. Ямар ч архи дарсгүй, сайхан Монгол хоолоо зооглон бид чин сэтгэлээсээ уулзана. Өөр юу ч үгүй эрүүл сайхан уулзалт. Гагцхүү сэтгэлээрээ учирна…