Author: admin

  • Яруу сэтгэгч нэгдлийн анхдугаар уулзалт

    “Яруу сэтгэлгээний эрин” ТББ болон хүний хөгжлийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ “Яруу сэтгэгч” нэгдлийг шинээр зохион байгуулж байгаатай холбогдуулан, Хүний хөгжлийн байгууллагуудын нэгдэл- Үндэсний үйлдвэрлэгч компаниуд- Хэвлэл мэдээлэл- Төрийн байгууллагын 4 талт түншлэлийг бий болгох, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаануудаа уялдуулж үндэсний том үйл хэрэг болгох стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ЯРУУ СЭТГЭГЧ НЭГДЛИЙН УУЛЗАЛТ боллоо.

    2013 оны 5-р сарын 18-ний өдөр

  • Амжилтанд хүрэх маш энгийн

    “Бид л түвэгтэй болгоод байдгаас биш аж амьдрал бол өөрөө маш энгийн.”- Күнз

    Бодоод байхад бид аливаа зүйлийг маш хэцүү болгодог.

    Амжилтанд хүрэхэд хэцүү, үүнийг хийхэд, түүнийг хийхэд хэцүү гээд л…

    Үнэндээ бол бид өөрөө хийх хэрэгтэй гэж үзэж байгаа, хийхэд амархан, их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулах шаардлагагүй зүйлүүдийг хийдэггүй. Тийм ч учраас амьдралыг  хэцүү төвөгтэй болгодог.

    Жишээ нь, Эрүүл холлох, ногоо сайн идэх, ус их уух хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ л мэднэ.  Ногоо идэж, уус уух нь амархан уу? Амархан. Гэтэл бид мэдсээр байж тэр болгон ногоо идэж, ус уудаггүй.

    Дасгал хийх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Гэвч хийдэг үү? Үгүй! Ихэнх хүмүүс хийдэггүй.

    Яг үүний адил цагтаа ирэх, хэлсэн амандаа хүрэх, өглөө эрт  гучхан хувийн(минут) өмнө босох зэрэг нь хэцүү юу? Үгүй! Амархан! Гэвч бид ихэвчлэн хийдэггүй.

    Тиймээс бид амархан юмнуудыг хийдэггүй учраас амьдралаа хэцүү болгодог.

    Энэ амархан гээд байгаа зүйлүүдийг хийхэд амархан, бас хийхгүй байх ч амархан. Хэн хожих вэ? гэвэл “хийсэн хүн л хожино.”

    Санаж яв: Хийхэд амархан юмыг хийгээгүйгээс болж хэцүү болдог.

    Амжилтанд хүрэх маш амархан. Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ. Мэддэг чаддаг юмаа хийж  эхлэх л юм бол та одоо байгаагаасаа илүү амжилттай болно.

    Амьдрал ч гэсэн амархан, хөнгөхөн болно.

    Маш энгийн!

    Хийхэд амархан зүйлийг өдөр бүр, удаан хугацааны турш хийж чадсан тохиолдолд үр дүнд хүрнэ.

    Жишээ нь: Амжилтанд хүрсэн хүмүүс “амжилтын тарнийг” өдөр бүр удаан хугацааны турш амьдралдаа хэрэгжүүлж чадсан учраас амжилтанд хүрсэн байдаг.

    Бид амжилтын тарнийг урих цагийг өдөр бүр өглөө 3 хувь(минут), орой 3 хувь гаргаж чадах уу? Чадна. Амархан уу? Амархан.

    Тэгээд түүнийгээ долоо хоног, 2 долоо хоногийн турш гаргалаа гэж бодоход бид өөрчлөгдөж эхэлнэ, сэтгэл санаа хүртэл өөдрөг, эерэг болж эхэлнэ. Гэвч 2 долоо хоног, 3 долоо хоног хангалттай хугацаа биш, харин бид 2, 3, 5, 10 жил хэрэглэж чадвал үр дүнгээ үзнэ гэсэн үг.

    Зөв хооллолт ч гэсэн мөн адилхан. Хэрвээ бид нэг талхыг нэг луувангаар орлууллаа гэж бодоход нэг сар, 2 сарын дотор үр дүнгээ үзэхгүй. Харин 2, 3, 4.. жил үргэлжлүүлэн орлуулсаар байх юм бол үр дүнгээ үзнэ.

    Хэлсэн амандаа  1, 2 сар хүрээд л больчих юм бол утгагүй. Харин 5, 10 жил хэлсэн амандаа хүрэх юм бол таны хэн бэ? гэдгийг хүмүүс ч мэдэх болно, та ч гэсэн өөрийнхөө хэн бэ? гэдгийг өөрчилж чадна.

    Өдөрт аравхан хувь(минут) дасгал хийх цагийг хүн бүр гаргаж чадна. Амархан уу? Амархан! Харин өдөр бүр 3-4 жилийн турш тууштай гаргаж чадвал бие бялдар, оюун ухаанаа өөрчилж чадна.

    Товчхон хэлэхэд амархан гэх зүйлүүдээ дор нь хийгээд, түүнийгээ өдөр бүр, удаан хугацааны турш, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.

    Дахин хэлье:

    “Хийхэд амархан гэж үзэж байгаа зүйлүүдээ өдөр бүр, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.”

    “АМЖИЛТ” бол маш энгийн: Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр



  • Амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан

    Та амжилтанд хүрэхээс айдаг уу?

    Хэрвээ энэ асуултыг хэн нэгнээс асуувал  “үгүй” гэж хариулах байх. Магадгүй “Амжилтаас айдаг хүн байдаг юм уу?” гэж  гайхаж ч мэднэ.

    Гэвч харамсалтай нь их олон хүн амжилтанд хүрэхээс айдаг.

    Яагаад гэвэл амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан бий.

    1. Амжилтанд хүрснээр үүрэг хариуцлага их хэмжээгээр нэмэгдвэл яана аа? -гэдэг айдас. Тодруулбал: Одоо ийм их ажил төрөлтэй байгаа юм чинь амжилтанд хүрчихвэл бүүр их ажилтай болж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэж боддог.

    Мэдээж амжилтанд хүрэхэд үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Тиймээс амжилтанд хүрснээр нэмэгдэх үүрэг хариуцлагуудыг тодорхой жагсааж бич. Хэрэв бичих зүйл огт олдохгүй байвал та дэмий хоосон зүйлд санаагаа зовоож байна гэсэн үг. Энэ бодлоо орхи. Харин хариуцлагууд ар араасаа бичигдэж байвал танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл: Aмжилтанд хүрч, үүрэг хариуцлагууд нэмэгдэх үед та аль хэдийн тэр хэмжээгээрээ өсөж, хөгжсөн байх учраас ирэх үүрэг хариуцлагууд одоо айж байгаатай адил хэмжээнд байхгүй байх болно. Та өдрөөс өдөрт өсөн хөгжиж, сайжирч байгаа. Тийм ч учраас амжилтанд хүрч байгаа билээ.

    Тиймээс амжилтанд хүрснээр гарах эерэг өөрчлөлтүүд дээр анхаарлааа төвлөрүүлэх нь зүйтэй.

    2. Амжилтанд хүрснээр бусад хүний хандлага өөрчлөгдвөл яана аа? Найз нөхөд, дотны хүмүүс холдчихвол яана аа? -гэдэг айдас.

    Хэрвээ та үргэлж өөрөөрөө байж, өнгө, дүрсээ өөрчлөөгүй тохиолдолд ийм байдалд орохгүй гэж бодож байна. Найзуудтайгаа сард 2 удаа уулздаг байсан бол уулздагаараа л уулз. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хагас сайн болгонд хамтдаа кино үздэг байсан бол үздэгээрээ үз. Бусдад тусалдаг байсан бол тусалдгаараа тусал.  Ингэж чадвал энэ айдастай нүүр учрахгүй болов уу гэж бодож байна.

    3. Амжилт хүнийг эвддэг –гэдэг айдас.

    Амжилтанд хүрсэн хүний ааш зан нь эвдэрдэг, их зантай, сэхүүн, дээрэлхүү, харамч, амиа хичээсэн зантай болохоос гадна гэр бүл, хайртай хүмүүстээ тавих анхаарал нь багасдаг гэж боддог.

    Их олон хүмүүс амжилтыг шууд мөнгөтэй холбож боддог. Амжилтруу тэмүүлж байгаа хүнийг мөнгөний араас явж байгаа хүн гэдэг нүдээр ч бас харах нь их. Өөрөөр хэлбэл амжилтын тухай дутуу ойлголттой байдаг.

    Амжилт гэдэг нь зөвхөн баяжих гэсэн үг биш. Тэгэхээр өнөөдөр цаг гаргаж байгаад “таны хувьд амжилт гэж яг юуг хэлээд байна вэ?” гэдгийг өөрийнхөөрөө гаргаад үзээрэй.

    Амжилт гэдэг нь миний хувьд амьдралынхаа бүх л талбарыг сайжруулж хөгжүүлэхийг хэлдэг. Хэрвээ ааш занд нөлөөлдөг, ааш занг  эвддэг гэдэг бодолтой байгаа бол санхүүгийн зорилго гаргахын хажуугаар сэтгэлийн боловсролоо дээшлүүлэх зорилго гаргах хэрэгтэй. Хэрвээ гэр бүл хайртай хүмүүсээсээ хөндийрөх вий гэж айж байгаа бол хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цагаа хэрхэн яаж хуваарилах тал дээр бас давхар төлөвлөгөө гаргаж түүн дээрээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ харамч бас өгөөмөр биш болчихвол гэж айж байгаа бол бусдад яаж туслах тухай зорилго тавьж болно шүү дээ.

    4. Амжилтанд хүрсний дараа хүмүүс наймайг тийм гоц авьястай биш, тийм мундаг ухаантай биш,  амжилтанд хүрэх хэмжээний хүн биш  гэвэл яана аа? гэж айж байгаа бол -энэ бол зөвхөн таны  бодол, таны өөртөө хэлдэг үгс. Хэрвээ та иймэрхүү үгийг өөртөө хэлж, түүнийгээ сонсоод, дагаад байх юм бол амжилтанд хүрч чадахгүй.

    Амжилтын тухай сөрөг бодлууд амжилтанд хүрэхэд хамгийн том хаалт болдог.

    Дахин сануулж хэлэхэд бидний бодол бодит амьдралыг маань бүтээдэг. Тиймээс энэ сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй.

     

     

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би амжилттай учраас араасаа амжилтыг дагуулж байна!

    Би өдрөөс өдөрт __________илүү их амжилт гаргаж байна!

    (ажил, сургууль, бизнес юунд амжилт гаргаж байна түүнийгээ хэл)

    Би амжилттай учраас амжилттай яваа хүмүүсээр хүрээлүүлж байна!

     

    Танаас асуух миний асуулт:

    Танд өнөөдөр амжилтын тухай ямар сөрөг бодлууд байна вэ? Хэрвээ та амжилтын тухай сөрөг бодлоо устгаж чадсан бол “Яаж устгасан бэ?” тухайгаа надтай доор хуваалцана уу.

     

    ХҮС.  ХИЙ.  ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука төмөр

  • KAWAI МОНГОЛД ТӨСӨЛ

    Япон улсын KAWAI компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд №1-д бичигддэг 88 жилийн түүхтэй компани юм. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа. Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн. KAWAI компанийн мастерууд “төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ” гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх ABS болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байна.

    Тус компанийн үйлдвэрлэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон Toyota, Lexus зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн 1 жишээ юм.

    KAWAI төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй теартууд, урлагийн их дээд сургуулиуд, дэлхийн шилдэг төгөлдөр хуурчидын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байна.

    KAWAI брэнд Монгол улсад албан ёсоор нээгдсэнээр манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болох юм. Мөн төгөлдөр хуур тоглоочидод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай KAWAI хөгжмийн сургуулийн салбарыг Монголдоо нээх эхлэлийг тавьж, энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрдэх юм.

    KAWAI брэнд нь 2014 оны 11 дүгээр сарын 07- нд Монгол удсад албан ёсны нээлтээ хийж, KAWAI компанийн ерөнхийлөгч Hirotaka Kawai хүрэлцэн ирж оролцсон билээ.

    Нээлтэнд урилгаар Оросын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар хүрэлцэн ирж 2 тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэсэн юм.

    KAWAI МОНГОЛД by YARU

    Одоогоор KAWAI брэндийн төгөлдөр хуурыг албан ёсоор оруулж ирээд байгаа бөгөөд цаашид KAWAI төгөлдөр хуурийн сургууль болон урлагийн сургуулийн стандартыг Монгол улсад нэвтрүүлэхээр бид зорин ажиллаж байна.

    Монгол дахь албан ёсны төлөөлөгч
    Эгшиглэн төгөлдөр хуурийн сургууль
    https://facebook.com/EgshiglenPianoSchool
    https://www.facebook.com/KAWAIMongolia

  • СЭТГЭЛИЙН ЗУРАГ хандивын үзэсгэлэн (2013 он)

    Зураач В.Ундраа нь Ариунтунгалаг охинд зориулан хандивын үзэсгэлэн зохион байгуулж байна. Таны сэтгэлийн зураг Ариунтунгалагт АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ!

    БҮХ БҮТЭЭЛ ИЖИЛ ҮНЭЭР

    Хэзээ: 2013 оны 7-р сарын 9-ны 13:00 цагт
    Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
    Жич: Ариунтунгалаг охины тухай мэдээлэл http://yaruusetgegch.com/post/806/

    Холбоо барих http://facebook.com/UndraaV


    Хэвлэлийн мэдээ

    Зураач В.Ундраа нь 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг төгсөж уран бүтээлийн гараагаа эхлэсэн цагаас 300 гаруй бүтээл туурвиж, хамтарсан болон бие даасан 10 гаруй үзэсгэлэн зохион байгуулсан байна. Тэрээр хүн бүр хүүхэд үеийнхээ хүсэл мөрөөдлийг орхихгүй, хүүхэд үеийнхээ гэгээн сайхан сэтгэлийг зэврээхгүй байгаасай гэж хүсдэг бөгөөд тэр л орхигдсон, зэвэрсэн сэрэхүй, мэдрэмжүүдийг нь дахин хөглөхийг хичээж уран бүтээлээ туурвидаг байна. Мөн хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг дэмжиж ажилладаг бөгөөд энэ удаа эмчийн алдаанаас болж Солонгос улсад хагалгаанд орохоор болоод байгаа Ариунтунгалаг охинд хандив цуглуулах зорилгоор “Сэтгэлийн зураг” үзэсгэлэнгээ зохион байгуулж байна.

    Уг үзэсгэлэнг Зураач В.Ундраа санаачлан, “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн нэгдэл, Ариунтунгалаг охины ар гэрийнхэн хамтран зохион байгуулж байна.

    М.Ариунтунгалаг нь 2008 онд олгойн хагалгааг буруу хийсэн эмчийн алдаанаас болж 5 удаа мэс засалд орж, 5 жилийн турш хэвтэрт байна. Одоо Солонгос улсад мэс засалд орохоор олон нийтээс хандив цуглуулахаас гадна эмчийн алдаанаас ирээдүйгээ хохироосон бүх хүүхдүүдийн дуу хоолой болж “Хүүхдүүдийг алдаатай эмчилдэггүй эмч болохыг мөрөөдөж байна” хэмээн өгүүлсэн байдаг.

    Уг үзэсгэлэнд Зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 30 бүтээл тавигдах бөгөөд хандивын үзэсгэлэн гэдэг утгаараа бүх бүтээлийг хамгийн доод үнэлгээтэйгээр ижил үнэтэй болгож гаргаж байна. Нэг талаас Ариунтунгалаг охины мөрөөдлийг биелүүлэх, нөгөө талаас уран зурагтай болохыг хүсдэг хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх, зураачийн хувьд уран бүтээлээрээ хүний амьдралыг аврах сэтгэл энэ 3 сэтгэл нийлж байгаа учир “Сэтгэлийн зураг” хэмээн үзэсгэлэнгээ нэрлэсэн.

    Уг үзэсгэлэн нь 2013 оны 7-р сарын 9- 20-ныг дуустал үргэлжилнэ. Цагийн хуваарь нь өдөр бүр 09:00- 18:00 цаг.

    http://facebook.com/UndraaV
    http://twitter.com/UndraaV

    ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮР ДҮН

    Ариунтунгалаг охинд үзэсгэлэнгийн орлого болох 270,000 төгрөг болон Хамаарал-2 (100х100, Oil in canvas) бүтээлээ мөн хандивлалаа. Хандивласан зурагаа ах Билэгсайханд нь гардуулан өглөө. Уг зургийг авч Ариунтунгалаг охинд туслахыг хүсвэл Билэгсайханд хандаарай. https://www.facebook.com/biligsaikhan.sereenen

    Мөн миний 3 бүтээлийн сонгож авсан Мөнхтайвны Ундраадаа маш их баярлалаа. Таны сайн үйлс зуу зуун жил арвижин дэлгэрэх болно оо.

  • Яагаад аз жаргалтай, амжилттай хүмүүс аз жаргалтай, амжилттай байна вэ?

    Яагаад аз жаргалтай амжилттай хүмүүс аз жаргалтай амжилттай байна вэ?  Яагаад гэвэл тэд дуртай юмаа хийж чадаж байгаа учраас аз жаргалтай, амжилттай байдаг билээ.

    Сэтгэлээ сонсож, хүсэл сонирхлоо дагасан хүн цөм баяр хөөрөөр дүүрэн байж, явж, ярьж, хийж байгаа үйл бүхэн нь өөдрөг, хийморилог, өөртөө итгэлтэй, галт цогтой байдаг бөгөөд ийм хүний дэргэд очиход л өөрийн эрхгүй сэргэмээр эрч хүчтэй эерэг энергитэй болдог.  Харин дуртай юмаа хийж чадахгүй байгаа хүмүүс цаанаа л гунигтай байдаг.

    Амжилтанд хүрэхийн тулд  аж амьдралаа 100 хувь хариуцаж, гартаа бүрэн авахаар зориглон шийдэж, өөрийгөө танин мэдэж, хүссэн дурласан юмаа олж авах маш чухал бөгөөд нэгэнт олоод авчихсан тохиолдолд цаг алдалгүй ямар нэгэн аргаар шууд хэрэгжүүлж эхлэх  бүр ч чухал юм. Юунд дуртайгаа мэдэж байгаа бол яг одооноос цаг заваа зориулж хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.

    Дуртай юмаа хийж байгаа тохиолдолд ядарч туйлдахыг ч, гутарч гуниглахыг ч хүртэл анзаарахгүй.

    Дуртай ажлаа хийж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

    1. Хэрвээ бүтэн сайн өдрийн орой танд 5 дахь өдрийн орой шиг ижил мэдрэмж төрөхгүй байгаа бол та дуртай ажлаа хийгээгүй байна гэж бодох хэрэгтэй.
    2. Хэрвээ та ажлаа хийж байхдаа үдийн завсарлага, ажил тарах цаг, мөн 5 дахь өдрийг тэсэн ядан хүлээдэг бол мөн ялгаагүй дуртай ажлаа хийгээгүй байна гэсэн үг. Ажилдаа дургүй хүмүүс ажлаасаа хоцрох, ажлаасаа эрт тарах, худлаа чөлөө авах зэрэг үзэгдлүүдийг их хэмжээгээр гаргадаг.
    3. Хэрвээ та гэв гэнэт их хэмжээний мөнгөтэй боллоо гэж бодоход яг одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийх үү? Үгүй бол та буруу ажил дээрээ байна гэж бодох хэрэгтэй.

    Ажилдаа дуртай хүн үдийн завсарлагаанаас өмнө, ажил тарахаас өмнө, амралтын өдөр болохоос өмнө аль болох их зүйлийг амжуулахыг хүсдэг. Мөн шинэ ажлын өдөр болох Даваа гарагийг сэтгэл догдлон угтан авдаг. Их хэмжээний мөнгөтэй болсон ч гэсэн хийж байгаагаа улам ихээр хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

    Таны амьдрал их үнэ цэнтэй учраас цаг хувь бүрт аль болохоор өөрийн сонирхдог, өөрийгөө баяр баясгалантай болгох зүйлүүдийг хийх хэрэгтэй.

    Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал алба шиг санагдахаан больж, харин ч ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог. Яагаад гэвэл дуртай юмаа хийгээд тууштай явсан хүний араас мөнгө дагадаг.

    Хүсэл сонирхлынхоо дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүхий л  сэтгэл санаа, авьяас чадвараа зориулж, ингэж зүтгэснийхээ эцэст их амжилтанд хүрэх бол хүн болж төрсний нэгэн баяр баясгалан юм.

     

    Харин яг одоо би танаас, энэхүү асуултыг асуумаар байна? Та өнөөдөр дуртай ажлаа хийж байна уу? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй!

     

    ХҮС ХИЙ ХҮР

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Амжилтанд хүргэх дадал

    “Эрүүл мэнд бол агуу баялаг юм.”-Virgil

    Бидэнд байгаа цорын ганц зүйл бол бидний бие махбодь. Тиймээс  энэ биеэ маш сайн тордон, авч явах хэрэгтэй.

    Оюун ухаан маань хаана хүрэхийг хүснэ бие махбодь маань тэнд аваачиж чадах тэр хэмжээний эрч хүчтэй, эрүүл чийрэг, бат бөх байх ёстой. Үгүй бол оюун ухаан хүсээд л байдаг бие дийлэхгүй бол маш харамсалтай билээ.

    Тиймээс одооноос эхлэж биеийн тамираар хичээллэх нь зүйтэй. Бидний амьдралд зайлшгүй байх дадлуудын нэг бол биеийн тамир.

    Өөртөө үнэхээр хайртай хүн л биеийн тамираар хичээллэдэг.

    Биеийн тамирын аль ч дасгалуудыг хийж болно. Өөрийнхөө хийж чадах дасгалаа л хий. Хэрвээ гүйхэд үе мөч өвддөг бол сэлэх, сэлж чадахгүй бол дугуй унах, эсвэл аэробикийн дасгалууд  хий. Дасгал хийх хүсэлгүй байгаа бол тоглоом тогло. Жишээ нь: Сагс, хөл бөмбөг, волейбол, теннис тогло. Мөн бүжиглэж ч болно шүү дээ. Тоглох дургүй бол дэлгүүр орохдоо алхах, цахилгаан шатны оронд зүгээр шатаар өгсөх г.м.

    Яагаад гэвэл энэ биеээ эрч хүчтэй, сэргэг байлгаж, зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн хэмжээгээр заавал хөдөлж байх хэрэгтэй.

    Нийт дасгалуудыг ерөнхийд нь 3 ангилж болох юм.

    1. Хүч тамир нэмэх дасгал – штанг, туухай өргөх, бөх барилдах гэх мэт хүчний дасгалууд

    2. Уян налархай болгох дасгал- сунгалт, амьсгалын болон йогийн дасгалууд гэх мэт

    3. Тэсвэр тэвчээр, хурд шалгах дасгал – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах гэх мэт  аэробик дасгалууд

    Үр дүнгээ хурдан үзэхийн тулд долоо хоногт 3 удаа 20-30 хувь тасралтгүй хийх хэрэгтэй. Учир нь: 20-оос дээш хичээллэсэн хувь  тутамд

    1. Биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг

    2. Хүний тархинаас эндорфин буюу аз жаргал, баяр баясгалангийн даавар гардаг. Энэ нь байгалиас заяасан шидэт даавар бөгөөд биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийн сайхныг нэг удаа мэдэрсэн хүн дахин биеийн тамир, дасгал хөдөлгөөн хиймээр болдгийг тайлбарлаж байгаа юм.

    Хэрвээ та өнөөдөр амжилтаа яг юунаас, хаанаас  эхлүүлэхээ мэдэхгүй байвал биеийн тамир спортоор хичээллэхийг санал болгож байна.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    УКА ТӨМӨР

  • ҮНЭТ ЧУЛУУ УРЛАЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ “ЭРДЭМ” Монгол чулуу урлал дугуйлан

    ҮНЭТ ЧУЛУУ УРЛАЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ “ЭРДЭМ”

    1. Ерөнхий мэдээлэл
    2. Үндэслэл
    3. Зорилго, зорилт
    4. Удирдагчийн танилцуулга
    5. Сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажил
    6. Сургалтын хөтөлбөр
    7. Төслийн үр дүн

    1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

    Санаачлан, хэрэгжүүлэгч

    Шарайд Гомбосүрэнгийн Баярбилэг

    “Монгол чулуу урлал” дугуйлан

    “ҮНЭТ ЧУЛУУ УРЛАЛЫН ЭРДЭМ”

    Чулуу урлалын ажлын байр бий болгох, орон нутгийн брэнд бий болгох нь

    Уриа

    Монгол чулууг дэлхийд чулуу болгож, Орон нутгийн брэндийг бий болгоно.

    Үргэлжлэх хугацаа

    90 хоног

    Холбоо барих

    http://facebook.com/ChuluuUrlal

    2. ҮНДЭСЛЭЛ

    2.1. Өв соёлын үндэслэл

    Монголчууд чулуу урлалыг эртнээс нааш хөгжүүлж чулууны гайхалтай өв соёлыг бүтээсэн үндэстэн билээ.Монголчууд чулуу урлал, чулууны соёл, чулуун эдлэл хэрэглэлийн ид шид, эрчим энергийн тухай маш өндөр мэдлэгтэй байсан нь археологийн олдвор, эд өлгийн зүйлсээс харагддаг. Сүүлийн жилүүдэд монголын чулуу урлаачид тоо цөөрч монгол чулуу урлалыг цаашид хөгжүүлэх, чулуугаар үнэт эдлэл хэрэглэл бүтээх нь улам бүр ховордож, чулууны өв соёл мартагдсаар байна. Эх орныхоо үнэт чулууг гадагш нь хямд гаргаад оронд нь хиймэл чулуун эдлэл оруулж ирж байна.

    2.2. Хууль эрх зүйн үндэслэл
    2000 оноос хойш говийн аймгуудаас хувиараа ашигт малтмал олборлогчид гоёлын болон үнэт чулууг хууль бусаар их хэмжээгээр экспортолж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр жилдээ 5- 8 тонн үнэт чулуу хууль бусаар гарч байна. Голдуу үзмэн мана, чүнчигноров, каварцит, ногоон цахиурын төрлийн чулуунуудыг олборлож байна. Хятадууд Монголоос хэт хямд үнээр сорчилж авсан чулуугаа засаж янзлаад бусад оронд өндөр үнээр экспортолж, үлэмж ашиг олж байна. Дорноговь аймгийн Айраг сумаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны биржид нэг сая ам.доллараар зарагдсан мэдээ бий. Гэтэл манай нинжанууд иймэрхүү хэмжээтэй чүнчигноровыг 200000 төгрөгөөр борлуулж байна.

    Монголд үнэт чулууны чиглэлээр геологийн судалгааг оросуудтай хамтарч хийсэн тул үнэт чулууны дээжүүд Оросруу зөөгдсөн бөгөөд нөөцийн талаарх мэдээлэл тодорхой биш байна. Үнэт эрдэнийн чулуугаа ядаж засаж хэлбэржүүлдэг техник технологитой, бие даан экспортолдог, дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг нэг ч үйлдвэр байхгүй. Цаашлаад дагаж мөрдөх стандарт боловсруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн баримт бичиг, дүрэм журам гаргах талд дорвитой ажил хийгдэхгүй байна. Монгол орны газрын хэвлий дэх нэг чухал баялаг хууль бусаар, хараа хяналтгүй Хятадруу урссаар байгаа нь харамсалтай. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги- Мандалын боомтоор БНХАУ-ын 13 иргэн 16 нэр төрлийн 84 хайрцаг үнэт чулуу гаргах гэж байгаад хураалгажээ. Чулууг улсын орлого болгох, үнэлгээг тогтоож борлуулах, онцгой сонин содон тогтоцтойг нь зохих газарт хүргүүлж шинжлүүлэх талаар мэргэжлийн хяналтын байцаагч нар үүрэг болгосон хэдийч энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Тэгээд ч үнэт чулуугаар эрүүгийн хэрэг үүсгэх эрх зүйн орчин байхгүй, хураасан чулуугаа хаана хадгалах, хэрхэн улсын орлого болгох, үнэлгээг яаж тогтоох вэ гээд олон асуудлыг зохицуулах хууль эрх зүйн баримт бичиг байхгүй болохоор нэг нь хураасан, нэг нь хохирсон нэртэй өнгөрч байна. Энэ асуудалд хятадуудыг буруутгаж суулгүйгээр монгол хүн бүр чулуугаа таньдаг, чулуугаа үнэт баялаг болгож чаддаг, төр нь чулууны зохистой бодлого явуулж чаддаг байх хэрэгтэй байна.

    2.3. Байгаль экологийн үндэслэл
    Байгаль дэлхий бүгдийг өөрөө зохицуулсан тогтоц, хэв шинжийг бүрдүүлсэн байдаг. Ширхэг чулуу хүртэл экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг онцлогтой. Ялангуяа говьд. Өвс ургамал, хад чулуу, уул нуруу, ой тайгагүй энэ нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гол сүнс нь чулуу. Нэг чулууны дор хэчнээн шавж хорхойн амьдрал буцалдаг. Чулуунууд элсний нүүдлийг зогсоох, өнгөн хөрсний үржил шимийг салхинд хийсэхээс хамгаалах гэх мэт ач холбогдолтой. Мартаж, анзааралгүй хаяж боломгүй бас нэг асуудал бол говь нутгийн газрын гүний ус. Монголын говь нутаг хэвлийнээсээ хатаж, хатингаршиж эхэлснийг учир мэдэх хүмүүс төдийгүй, эрдэмтэн судлаачид баталж байна. Угтаа бол гоёлын болон үнэт чулуу хөрсөндөө хадгалагдах учиртай. Хэрвээ газрын чулууг болон жоншийг олборлоод дуусгавал говь усгүй болно. Эдгээр нь говьд ус татдаг, тэнцвэрт байдлыг хадгалдаг гол судас нь юм. Өөрөөр хэлбэл, говийн чулуу нь хангайн модтой адил ус хуримтлуулдаг шидтэй. Энэ утгаараа үнэт чулууны бизнест төрийн хяналт, ашиглалтыг зохицуулах бодлого яах аргагүй үгүйлэгдэж байна. Байгаль орчны тухай хуульд байгалийн нөөц баялгийг ашиглахдаа даацын хэмжээнд тохируулах заалттай. Нөөцийг байгаа хэмжээгээр бус, байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр даацад нь тохируулж ашиглах ёстой. Тэгвэл үнэт чулуугаа олон улсын дуудлага худалдаанд оруулах, хууль бусаар хил гаргахыг завдвал хатуу хариуцлага ногдуулдаг, иргэдийн олборлосон чулууг худалдан авдаг үндэсний үйлдвэртэй болох бодлого үгүйлэгдэж байна. Түүнчлэн чулууны нөөцтэй суманд хяналтын байцаагчаас гадна энэ асуудлыг мэддэг, үнэт чулууны тусгай мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарсныг өдгөө үүсээд буй нөхцөл байдал гэрчилж байна.Монголын хоймор нутаг Хөвсгөлөөс үнэт эрдэнэ хаш, мана, хас зэрэг чулууг зөвхөн зарж л ашиглаж байна.Нутгийнхаа чулууг алгандаа эргүүлж, өвөртөө өнхрүүлж яваа хүн газар тэнгэрийнхээ эрчмээр аяндаа сэргээгдэж байдаг. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог хэмээн ярилцаж, нутгийнхаа чулууг хөдөлгөхөөс ч эмээдэг монголчууд өнөөдөр үнэт чулуугаа гадагш нь ганзгалж байгаа нь эх орноо эмтэлж байгаа хэлбэр юм.

    2.4. Эдийн засгийн үндэслэл

    Чулууг түүхийгээр нь их хэмжээгээр хил давуулан зөөхгүйгээр, ур ухаан шингээж үнэт эдлэл бүтээл болгох, хөдөө орон нутгийн өрхийн амжиргааны түвшинг сайжруулах цаашилвал Монголын гэх тодотголтой брэнд бүтээхийн тулд монгол чулуу урлалыг хөгжүүлэх шаардлагатай байна. Иймийн тулд мэдсэн сурснаа бусдад зааж эзэмшүүлэхээр Монгол орон даяар чулуу урлалын багш бэлтгэх үндэсний хөтөлбөрийг санаачилж аймаг, сум бүрт чулуу таньдаг, үнэт чулуугаар урладаг чулуу урлалын багш нарыг сургаж бэлдэхээр энэхүү төслийг боловсруулсан билээ.

    3. ЗОРИЛГО

    Монгол улсын үнэт хөрөнгө өмч болох чулуугаа хиллээд зардаг биш ширхэг бүрт нь ур ухаан, урлал хийц шингээж үнэт эрдэнэ болгож чадахуйц 3- 4 чулуу урлаач, чулуу урлалын багшийг сургаж бэлдэхэд оршино.

    Зорилт 1. Дүүргийг үнэт чулууны судалгаатай болно.

    Зорилт 2. “Манай нутгийн хөгшид машины үнэтэй чулуу зуудаг” гэж ярьдаг нь соруулыг хэлж байгаа юм. Энэ мэтчилэн чулуугаар үнэт эдлэл урлан бүтээж, эдэлж хэрэглэх нь нэмэгдэнэ. Чулуу урлаач хэдий чинээ олон болно тэр хэмжээгээр чулуугаа таньж үнэлж чаддаг болно. Орон нутгийн брэнд бий болно.

    Зорилт 3. Монголоор аялаж байгаа жуулчидад борлуулах бэлэг дурсгалын зүйлс нэн ховор байна. Өөрийн нутгийн үнэт чулуугаа урласан бэлэг дурсгалын зүйлсийг жуулчидад борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боложийг нээнэ.

    Зорилт 4. Чулууны нинжа нар үнэт баялагаа эх захгүй олборлож зарж эх нутгаа сэндийчих биш харин чулуу урлахуйд суралцаж, чулуугаараа үнэт эдлэл, бүтээл хийж зөв зохистой ухаалаг амьдрах боломж байна.

    Зорилт 5. Үнэт чулууны урлалын сургалтын төвийг байгуулна. 

    Зорилт 6. ЕБС-ийн Ахлах ангийн сурагчидад чулууны өв соёл, урлалыг таниулах бодит орчинтой болно.

    4. ТӨСЛИЙН УДИРДАГЧ: Шарайд Гомбосүрэнгийн Баярбилэг

    Монголын үнэт чулууг дэлхийд чулуу болгож, чулууны өв соёл урлал, шавь сургалтыг өндөр түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна.

    Үнэт чулууны дархан, “Монгол чулуу урлал” дугуйланг үүсгэн байгуулагч

    Гомбосүрэн овогтой Баярбилэг нь 1973 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрж өссөн. Бага наснаасаа ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн. 1981- 1991 онд Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

    12 наснаас эхлэн зуныхаа амралтаар Батширээт сумын Модны үйлдвэрийн мод үржүүлгийн цехэд ажиллаж үрсэлгээчин, услагч, суулгац таригч зэрэг ажлуудыг хийж эхлэсэн. Энэ үеэс экологи хүмүүнлэгийн чиглэлийн байгальтай ойрхон ажлуудыг хийсэн ба залуу байгальч бүлгэмийн идэвхитэн гишүүн байлаа.

    1990 онд Модны үйлдвэр гэж байхад байгалийг нөхөн сэргээх, байгальтай зөв харьцах талаар хэсэг нөхдийн хамт хоршоо байгуулж хүүхэд залууст байгаль орчноо хайрлан хамгаалах зөв харьцах талаар ухуулах хуудас, гарын авлага тараах зэрэг ажлыг хүүхэд байхдаа санаачлан зохион байгуулж байв.

    2000- 2005 онд хувиараа барималчин Д.Доржсүрэнгээр багшлуулан чулуун арслан хийж байгууллагуудад борлуулж байгаад 2005- 2009 онд АНУ-ын Вашингтон Диси, Сиатл зэрэг хотод чулуугаар хийх ажлыг мэргэжлийн хүнээр удирдуулан заалгаж тасралтгүй ажиллаж эхлэсэн. Энэ цагаас чулуу урлалын эрдэмд шамдан суралцаж Монголын уламжлалт ухааныг өвлөж өөрийнхөөрөө баяжуулан хөгжүүлж байгаа билээ.

    2009 оноос хойш Монгол орон даяар болон Европ, дундад азийн орнуудаар аялаж, үнэт чулууны судалгаа, чулуу урлалыг Монголдоо хөгжүүлэх, чулуу урлаачдыг сургаж бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.

    5. СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ

    5.1. СУРГАЛТАНД ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    1. 18 дээш насны эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн байж болно;
    2. Гарын ур дүйтэй байх;
    3. Гар урлал болон чулуу урлалаар дур сонирхолтой байх;
    4. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн байх. (Сүрьегийн сорилд хамрагдсан байх);
    5. Архи, тамхи хэрэглэдэггүй байх;
    6. Сурсан эрдэмээ бусдад зааж сургах чадвартай байх;
    7. Ярианы болон бичиг үсгийн чадвартай байх;

    5.2. СУРГАЛТЫН ӨРӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    1. Ус, цахилгаатай байх;
    2. 20кв/метр- с дээш талбайтай байх;
    3. Гэрэл, агааржуулалт сайн байх;
    4. Дуу чимээтэй нөхцөлтэй ажиллахыг тооцох;
    5. Сургалтын ширээ 2 ширхэг (төмөр тавцантай, бөх бат ширээ, 2кв/метр орчим тавцантай байх) Эсвэл ширээг төмөрлөх боломжтой байх;
    6. Бөх бат сандал 4 ширхэг;

    6. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

    Сэдэв

    Агуулга

    Зорилго

    Хугацаа (цаг)

    Лекцүүд

    29

    1

    Чулууны тухай

    Чулууны төрөл зүйл

    Чулуу хэв шинж

    Чулууны хатуулаг

    Хүн төрөлхтөн чулууг хэрхэг хэрэглэж ирсэн ба одоогоор хэрхэн хэрэглэж, ашиглаж байгаа тухай мэдлэгийг олгоно.

    2

    2

    Чулуу урлаач

    Ёс зүй

    Сэтгэл зүй

    Оюуны төвлөрөл

    Биеийн дасгал

    Нүдний дасгал

    Далд ухамсарын хөгжил

    Чулуу урлаач хүн гэж ямар байх ёстойг таниулна.

    Чулуу урлаачийн нэг өдрийн бүтээмжийг өндөр болгоход, хүний сэтгэлд нийцсэн бүтээлийг урлан бүтээх чадвартай болоход чиглэнэ.

    2

    3

    Чулуу урлалын тухай

    Түгээмэл чулуун урлал

    Үнэт чулуун урлал

    Нэн ховор чулуун урлал

    Чулуу урлалын түүх, чулуу урлал гэж юу вэ гэсэн цогц мэдээллийг олгож, чулуугаар бүтээн туурвих сэдэл тэмүүллийг бий болгоход чиглэнэ.

    2

    4

    Чулуу таних

    Барьж таних

    Харж таних

    Үнэрлэж таних

    Дуугаар нь таних

    Шүдээр таних

    Багажаар таних

    Бүх төрлийн чулууг танин мэдэх, шинжих,

    шил, шавар, хуванцар, хуурамч чулууг танин мэдэх, чулууны бүтэц хэв шинжийг тайлбарлах чадвартай болгоход чиглэнэ.

    2

    5

    Чулуу таних аялал

    Чулууг байгаль дээр нь таних аргачлал

    Байгаль дээрээ байгаа чулууны хэв шинжийг гадна талаас харж ялган таних, нутаг усныхаа чулууны тогтоц, өвөрмөц хэв шинжийг ялган тодруулах чадвартай болгох.

    10

    6

    Чулуу урлалын багаж, тоног төхөөрөм, дагалдах хэрэгсэл, хувцас хэрэглэл

    Үүсгүүр

    Хөрөөний ир, түүнийг хэрхэн ашиглах талаар

    Өнгөлгөөний багаж

    Өрөмдлөгийн багаж

    Нүхлэх багаж

    Таслах багаж

    Хувцас, хэрэглэлээ зөв ашиглах

    Хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагаа буюу хувь хүн өөрийгөө эрүүл чийрэг ажиллаж хөдөлмөрлөх чадварыг олгоход чиглэнэ.

    Мөн тоног төхөөрөмжийг зөв, үр ашигтай ашиглах чадварыг олгоно.

    2

    Дарханы анхан шатны мэдлэг олгох сургалт

    Хөөрөгний нуух, халбага хийх

    Гагнах аргачлал

    Цутгах аргачлал

    Давтах аргачлал

    Чулуу урлаачид хэрэг болох дарханы арга ажиллагааг мэдүүлж, ур чадвар олгоно.

    3

    7

    Хөөрөг

    Нэн эртний арга

    Уламжлалт арга

    Орчин үеийн арга

    Өндөр технологийн арга

    Хөөргийг нарийн ур хийцтэй хийж сургахад чиглэнэ. Улс үндэснтнүүдийн хөөрөгний хийцийг танин мэдэх чадвартай болгоно.

    2

    8

    Соруул

    Уламжлалт арга

    Орчин үеий арга

    Уламжлалт нарийн аргачлалаар соруул хийж сургана.

    0,5

    9

    Тээг

    Нэн эртний арга

    Уламжлалт арга

    Орчин үеийн арга

    Бүх төрлийн тээгийг хийж сургана.

    0,5

    10

    Чулуун бэлэг дурсгалын зүйлс

    Таван хошуу мал, чоно, үнэг гэх мэт бусад амьтан

    Дурын эдлэл хэрэглэл

    Урлаач өөрийн сэтгэлгээ болон чулууны хэлбэр дүрсэд тулгуурлан бүтээл хийж сурах. Сэтгэхүйдээ ургуулсан зүйлээ бүтээл болгох аргачлал.

    1

    11

    Чулуун шигтгээ

    Нэн эртний арга

    Уламжлалт арга

    Орчин үеийн арга

    Өгөгдсөн хэмжээс, өгөгдөлийн дагуу захиалагчийн хүсэлд нийцсэн шигтгээг хийх тухай.

    0,5

    12

    Чулуун бөгж

    Уламжлалт арга

    Бүх төрлийн чулуун бөгжийг хийж сурна.

    0,5

    13

    Чулуун савх

    Уламжлалт арга

    Бүх төрлийн чулуун савхыг хийж сурна.

    0,5

    14

    Машины речак, машины чимэглэх зүйлс

    Орчин үеийн арга

    Хийц, зохиомж сайтай речакийг хийж сурах аргачлал.

    0,5

    Дадлага ажил

    Тоног төхөөрөмж дээр багшийн зааарчилгааны дагуу дадлага ажил хийнэ.

    Хөөрөг, бэлэг дурсгалын зүйлс хийхэд тулгуурлан чулуу урлалын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

    40

    Нийт

    69 цаг

    7. ТӨСЛИЙН ҮР ДҮН

    7.1. Аймаг бүрт үнэт чулууны урлал хөгжиж, 2- 3 хүн тогтмол ажлын байртай болно. Орон нутаг өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болно.

    7.2.  Монголын үнэт чулууны хууль бус наймаа багасна

    Монголын чулууг хямдаар зөөж зардаг явдал эрс багасаж чулуугаар урлаачид ихсэж дэлхийн жишигт нийцсэн үнэ үнэлэмж бий болно. Ингэснээр шавхагддаг нөөц үнэт чулуугаа зөв зохистой хэрэглэж дотооддоо хадгалан үлдэж зуун зуунаар өвлөгдөж ирээдүй хойчис харамсах зүйлгүй амьдарна.

    7.3. Чулуу урлаачдын сургалтын төв байгуулагдана

    Монгол үнэт чулууг төр засгийн анхаарал оруулж чулуу урлаачдын нэгдсэн холбоо, сургалтын төвийг байгуулна.

    7.4. Монгол үнэт чулуу урлалын брэнд бүтээгдэхүүн гаргана

    Урласан бүтээлүүдээ үзэсгэлэн болон дэлгүүрээс борлуулна. Гадаад дотоодын томоохон үзэсгэлэнд оролцож онлайнаар гадаад зах зээлд борлуулж монголын гэх үнэт чулууны брэндийг хөгжүүлнэ.

  • Хангалуун амьдралын эх үүсвэр

    Хангалуун амьдралаар амьдаръя гэвэл

    Өвчин зовлонгоос ангижиръя гэвэл

    Оюун ухаанаа тэлье гэвэл

    Аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн болоё гэвэл

    Сөрөг бодлоосоо салая гэвэл

    Сэтгэл санаагаа ариусгая гэвэл ганцхан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

    Энэ ганц зүйл вэ?

    Энэ бол ТАЛАРХАЛ!

    Талархалаа өдөр бүр илэрхийлж эхэлснээр амьдралаа өөрчилж эхлэнэ.

    Танд өнөөдөр юу юу байна түүн дээрээ л анхаарлаа төвллөрүүлж, түүндээ талархах нь зүйтэй. Яагаад гэвэл:

    Байгаа бүхэндээ талархснаар ХАНГАЛУУН амьдралыг үүсгэнэ.

    Байхгүй юманд анхаарлаа төвлөрүүлснээр ДУТУУ ДУЛЬМАГ амьдралыг үүсгэнэ.

    Хэрвээ та байхгүй юманд анхаарлаа төвлөрүүлснээс болоод өнөөдөр таны  сэтгэл зовж, уур хүрч, санаагаар унаж байгаа бол яг энэ л үедээ талархалаа илэрхийлээд үзээрэй. Талархал илэрхийлсэн энэ л  мөчид сэтгэл санаа өөрчлөгдөхийг та мэдрэх болно.

    Бид эерэг зүйл дээр тийм амархан анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй мөртлөө сөрөг бодол дээр анхаарлаа маш хурдан төвлөрүүлж чаддаг.  Үүнийг өөрчлөхийн тулд бид өдөр болгон шүдээ угааж, үсээ самнадгийн адил өдөр бүр талархалаа илэрхийлж, амьдралынхаа нэгэн хэвшил болгох хэрэгтэй.

    Ингэж чадвал амьдралынхаа бүх хэсэгийг (хайр дурлал, найз нөхөрлөл, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн байдлыг) эерэгээр өөрчилж чадна.

    Таны эргэн тойронд байгаа зүйлүүдийн тусгал бол та өөрөө.

    Таны бодож байгаа бодол, хандаж байгаа хандлага ирээдүйг тэнь бүтээнэ. Талархалаар дүүрэн ирээдүйг бүтээе гэвэл аль хэдийн байгаа тэдгээр зүйлүүддээ талархаж эхлэх хэрэгтэй.

    Өнгөрсөндөө таларх, одоодоо таларх тэгээд ирээдүйд талархах зүйлүүд ар араасаа гарч ирэхийг хар!


     

    Үүний тулд доорх асуултууд тус болж мэднэ.

    Миний амьдралд тааралдсан 3 сайхан хүн хэн бэ?

    1.

    2.

    3.

    Миний амьдралд тохиолдсон 3 азтай учрал юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний амьдралдаа сурч мэдсэн 3 сайн зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний хийж бүтээсэн бахархууштай 3 зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний хийж байгаа ажлаас таалагддаг 3 зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний амьдарч байгаа орчноос таалагддаг 3 зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Надад заяасан 3 сайхан зан чанар юу вэ?

    1.

    2.

    3.

    энэ бүгдийг бичээд талархалаа өнөөдөр илэрхийлээрэй.

    Хангалуун амьдралын эх үүсвэр бол ТАЛАРХАЛ.

      АМЖИЛТЫН ТАРНИ

    Би өнгөрсөн амьдралдаа талархаж байна!

    Би өнөөдрийн амьдралдаа талархаж байна!

    Би талархалаа илэрхийлж хангалуун амьдралын үүд халгыг нээж байна!

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.