Author: admin

  • МАЗААЛАЙ компаниудын хаалгыг, ажил хайгчдын нүдийг нээх болно

    HRUpdate2013 арга хэмжээн дээр Mazaalai.biz төслийг танилцуулсан илтгэл


    (Ажил хайгчдыг төлөөлж тэдний өмнөөс зовлонг нь учирлав)

    Би маш олон компанид дамжиж ажиллаж үзсэн. Гэхдээ би өөрийнхөө мөрөөдлийн компанийг одоо ч гэсэн олж авч чадаагүй л байна.

    Яагаад гэж үү?

    Яагаад гэвэл ажлын байрны зарууд яг адилхан болчихсон. Нэг л их өндөр шаардлага тавьсан зарууд. Би тэр зараас нь компанийг олж харж чаддаггүй. Сайхан найруулгатай шүлэг л гэсэн үг. Монгол компаниуд логоноос цаашгүй байдаг. Эсвэл нээх том шилэн хана. Эсвэл цуурхал, хов живээр сонссон мэдээллээрээ л компанийг нь төсөөлдөг.

    Ирээдүйд ажиллах компаниа СОХОР ХҮН ШИГ л сонгохоос өөр аргагүй байна даа. Тиймээс би өдий болтол сайхан заранд сохроор дурлаж, сохор юм шиг л жинхэнэ мөрөөдлийн компани олж чадаагүй л явж байна.

    Тиймээс би компаниудаас нэг л зүйлийг асуумаар байна. Та нар өндөр шаардлага тавьсан зарууд тавьж болно оо. Гэхдээ би та нарт бас буцаагаад өндөр шаадлага тавьж болно биз дээ. Ажлын байрны зартайгаа хамт намайг ямар орчин нөхцөл хүлээж байгааг, ямар хамт олон угтаж байгааг, ямар давуу тал нээгдэж байгааг надад мэдээллэж болно биз дээ. Яагаад өдийг хүртэл нуугдмал, хаалттай, бүрхэг хэвээр байгаа юм бэ? Хүнд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байдаг шиг компани ч гэсэн өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй шүү дээ! Өөрийнхөөрөө байхад чинь МАЗААЛАЙ яг тохирно. Би ч гэсэн сохор сонголт хийхгүй болно гэсэн үг. МАЗААЛАЙ компаниудын хаалгыг, ажил хайгчдын нүдийг нээх болно. Баярлалаа.

    (MAZAALAI.biz реклам явна.)

    http://mazaalai.biz/

  • Шидэт хувцас

    Маргааш

    Бидний амьдралын өдөр бүхэн шинэ байдаг. Тиймээс ч бид маргааш ямар шинэхэн учралтай учрах бол, ямар шинэ зүйлийг сурч мэдэх бол хэмээн бодолд автан сайн сайхныг мөрөөдөн өглөө бүрийг хүсэл тэмүүллээр дүүрэн угтдаг билээ. Миний хувьд өчигдөр шөнө өнөөдрийг бусад өдрүүдээс илүүтэй тэсэн ядан хүлээж, орондоо хөрвөөн энэ өдрийн тухай бодсоор өглөөг угтсан юм. Яагаад вэ гэвэл би их сургуулиа төгсөөд 5 жилийн хугацаанд олон ажил хийж үзэхдээ олон байгууллагад хамрагдахдаа нэг ч удаа оролцож байгаагүй тийм л арга хэмжээнд өнөөдөр оролцох юм. Энэ арга хэмжээ сайхан муухай болохыг мэдэхгүй ч нэрнээс нь л татагдаж уулзаагүй удсан дотны хүнтэйгээ уулзах гэж буй мэт ийнхүү догдолж орондоо хөрвөөн хоносон юм. Үнэт зүйл гэж юу вэ? Гэр бүл, найз нөхөд, албан байгууллагад ч үнэт зүйл гэж байдаг. Бид хамтдаа үнэт зүйлийнхээ төлөө л амьдардаг. Гэхдээ тэр бүр үнэт зүйлүүдээ мэдэж, мэдэрч үнэт зүйлээрээ нэгдэж чаддаг билүү? “Үнэт зүйлийн өдөр” өдөрлөг рүүгээ явъя.

    Тайвшрал

    Би танд нэгэн үнэнийг задлахад хэдийгээр шөнөжин хөрвөөгөөд өглөөг тэсэн ядан хүлээн эрт боссон хэдий ч жижиг сажиг гэрийн, нүүрээ будах гээд ажлуудаа хийсээр гэрээсээ 9 цагт гарав. Өөрөөр хэлбэл өдөрлөг 10 цагаас байсан учир нилээн тулгаж гэрээсээ гарчихлаа. Хотын хойд захаас урд зах руу 1 цагийн дотор очино гэдэг үлгэр учир сандарсан би зам дээр очоод л өдрийнхөө хоолны мөнгөөрөө такси барихаар гараа өргөлөө. Цагаа буруу хувиарласан өөрийн буруугаа хүлээж өдрийн хоол идэхгүй байхаар шийдсэн нь энэ. Ингээд  л такси гэдэг сайхан унаанд сууж жолооч хэмээх мэргэжлийг эзэмшсэн ахмад хүмүүнтэй амьдралын сайн сайхан хийгээд саар бүхэний тухай ярилцсаар нэг мэдхэд зорисон газартаа ирээд цагаа харлаа. Өдөрлөг эхлээд 10 минут болжээ. Би бага зэрэг буюу 10 минут л хоцросон байна. Гэхдээ л аливаа зүйлд хожигдох дургүй барагтаа хожигдодгүй занг ааваасаа өвлөчихсөн болохоор нүүр улайгаад л халуу оргиод буцчихмаар санагдаад байлаа. Харин их сайхан өдөрлөг болно байхаа гэсэн хүсэл сэтгэл гижигдээд  “Монголын нууц товчоо” хэмээх дотно нэртэй рестораны гурван давхар руу өөрийн мэдэлгүй гүйлээ. Гэтэл намайг миний төсөөлж байсан чимээгүй орчин угтсангүй, хүмүүсийн зарим нь цагирагаар тоглож, зарим нь оньсон тоглоомоор оюун ухаанаа уралдуулан байх агаад эхлээгүй гэдгийг мэдэрсэн би сая нэг тайвширч дараагийн удаа хожигдохгүй ээ хэмээн өөртөө шивнэсэн юм.

    Баяр хөөр

    Манай байгууллагын ихэнх хүмүүс “Үнэт зүйлийн өдөр” өдөрлөгтөө хүрэлцэн ирсэн байлаа. Ганц хоёрхон хүн буюу надтай адил хүмүүс хожигдсон ч гэлээ нэмэгдсний дараа удалгүй өдөрлөг эхэлсэн юм. Гэхдээ та бид хоёрын бодож байгаагаас тэс ондоогоор шүү. Та юу гэж бодож байна? Би бол бүх хүмүүс ширээ тойрон суугаад л өдөрлөг лекцээр эхлэх байх хэмээн өөрийн мэдэлгүй төсөөлөн байсан. Гэтэл сургалтыг зохион байгуулагчид бүгдээрээ ойртоорой баг болж хуваагдана гэснээр уламжлал болон толгойнд тогтсон бодлууд, албаны байдал сарнин одлоо. Бүгд л инээмсэглэл тодруулан баг болон хуваагдаж инээд хөөр, өөрчлөлт, шударга өрсөлдөөнөөр биеэ чимэн баяр хөөрөөр бялхаж байна. Энэ үед би ямар чанга инээж байсан гээч, яагаад гэвэл маш их халуун дулаан илч хамт олныг нэгтгэж байсан болохоор. Би ч бас өөрийнхөөрөө энэ элчинд уусч яг өөрийнхөөрөө байж баяр баясгалан, хайрыг мэдэрсэн юм. Бас болоогүй ээ, манай баг уралдааны ялагч болсонд илүү их баярлалаа. Бусдыгаа манлайлан үлгэр дуурайллыг үзүүлнэ гэдэг сайхан шүү.

    Ил тод

    Өдөрлөг хамт олон дунд орж ирсэн шинэхэн хүмүүстэйгээ танилцан үргэлжлэв. Сонирхолтой байлаа. Шинэ ертөнцүүд үүд хаалгаа жижигхэн нээв. Бид гэхдээ сайн онгойлгох гэж хичээн элдвийг асууж байсан юм. Ингээд “Сарын шилдгийн индэр” гэсэн индэр дээр хамт олны санлаар шалгарсан Ганзориг уригдлаа. Ганзориг индэр дээр гараад хамт олондоо хандан “миний мундаг гэж юу байхав дээ” хэмээн их л даруухнаар яриагаа эхэлсэн нь эрдэмтэй хүн даруу гэдгийг илтгэлээ. Тэрээр: цаашид илүү ихийг сайн хийнэ, хамт олондоо хандаад хэлхэд бид чаднаа гэсэн юм. Сарын шилдгээр тодорсон Ганзоригийн үг олон хүнд хийж бүтээх их хүсэл, дараагийн сар шилдгээр тодрох юм сан гэсэн хүсэл мөрөөдлийг түгээлээ. Ингээд удирдлагууд компаны зүгээс хийж буй шинэ ажилуудаа танилцуулсан бөгөөд хамгийн гол нь “Та ажлаа чин сэтгэлээсээ сайн хийвэл амжилт, санхүүгийн боломж” бүгд байх боломж байгаа шүү гэдгийг онцлон сануулсан юм. Тэр дундаа хэн санаачлагатай ажиллана тэр хүнд бүх зүйл байж болно гэдгийг хэллээ.  Бидний өдөрлөг хэдхэн минут завсарлаж байна. Дараагийн хэсэг юу байх бол?

    Амттай

    Бид хамт олноороо хоол идэхээр ширээ тойрон суулаа. Хуушуур, бууз, нарийн махан хуурга гээд Монгол үндэсний хоолыг манайхан захиалжээ. Би захиалаагүй, өдөр хоол идэхгүй ээ гэж шийдсэн байсан болохоор хуушуур илүү байна гэхээр нь хуушуур авлаа. Үнэхээр амттай байна. Энэ рестораны тогооч, хамт олон бидэнд зориулан сэтгэлээ шингээн хийжээ. Гэхдээ хамгийн гол нь бидний сэтгэл амар тайван, баяр хөөрөөр дүүрсэн учир идэж буй хоол амттай санагдаж байгаа билээ. Ийм л амттай хоолыг хамт олноороо олон удаа идэх нь гарцаагүй санагдана.

    Гүн гүнзгий

    Сайхан хооллосон бид хамт олноороо, зохион байгуулагч Соёлын хорооныхны зааврын дагуу судалгаанд оролцлоо. Судалгаа хамт олны уур амьсгалыг хэрхэн илүү сайхан болгох, хэнээс юуг сурахыг хүсч байна гэх мэтчилэн хүн бүрт хүрсэн, хүний хөгжлийн чиглэлийн байсан юм. Анир чимээгүйд, аялгуулаг намуухан аянд хүн бүр судалгаагаа идэвхитэй бөглөсөн бөгөөд үргэлжлүүлэн өөрийнхөө дотор руу, дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийлөө. Учир нь бидэнд 60 насныхаа ойгоор хэн хэнийг төрсөн өдөртөө урих, урисан зочидоосоо өөрийнхөө тухай юу сонсохыг хүсч байгаагаа бичих, 60 насандаа хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан эсэх тухай сорил ирлээ. Хүн бүр өөрийнхөө сэтгэл рүү өнгийн байх энэ мөчид би хүсэл мөрөөдлөө бодож биелүүлсэн байна хэмээн бат итгэлтэйгээр бичээд 60 нас нэг л мэдхэд л ирэх учраас өнөөдрийг илүү их хайрлах ухаарлыг авлаа. Сэтгэл зүрхнийхээ гүн гүнзгий рүү очиж цагаан цаасан дээр буулгасан бидэнд энэ цаас үлдлээ. Зөвхөн өөрөө бичсэн өөрөө л уншсан энэ л үг бүрээ 60 жилийн дараа эргэн сөхөж харна… 60 нас. 

    Шидэт хувцас   

    Төсөөлөөгүй олон зүйлсээр дүүрэн байсан өнөөдрийн өдөрлөг өндөрлөхийн өмнө New media marketing компанийг үндэслэн байгуулагч, биднийг нэгтгэн нэгэн дээвэр дор цуглуулсан захирал А.Мэнд-Орших хамт олондоо үг хэллээ. Тэрээр: хүн бүр сэтгэлтэй, санаачлагатай ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө тань. Өөрийгөө таньж чаддаг зүйлээ сайн хий, өөрийгөө сайн таниад цагаа зөв зохицуулаад аливаа уулзалт, үйл ажиллагаанд хоцролгүй ирж бай хэмээн захилаа. Амжилт гэдэг амжуулахын нэр тулд хожигдож ирсэн надад энэ үг их л тод сонсогдож сэтгэлд хадгалагдан үлдсэн юм. Ингээд манай хамт олны өдөрлөгийн бас нэгэн санаанд оромгүй зүйл бол үнэгүй массаж байсан бөгөөд орж ирэлгүй буцах гэж байсан намайг энэ массаж илүү их амрааж чадлаа. Ийм сайхан эрч хүчийг авсан  бидний хувцас шидтэй болсон юм. Хүн бүр халуун дотноор бие биенээ тэвэрч амжилтын үгсийг бие биедээ хэлснээр бидний хувцас шидтэй болж нэг сарыг эрч хүчээр дүүрэн өнгөрөөх итгэлийг өвөртөлсөн билээ. Өө нээрээ бид 9 сард мэндэлсэн хүмүүсээ баярлуулсан юм байна. Үнэт зүйлээрээ нэгдсэн манай хамт олон дараа сарын энэ өдрөө тэсэн ядан хүлээнэ. Өдөрлөгийг санаанд оромгүй сайхан зохион байгуулсан Соёлын багтаа хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ гялайлаа. Үүнийг уншсан та ч бас байгууллагадаа ийм өдрийг санаачлан бүтээж ид шидийг түгээгээрэй. Танд амжилт хүсье. 

  • Яаж зөн совингоо хөгжүүлэх вэ?

    Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө  шийдвэр тэнь “зөв үү, буруу юу?” гэдгийг бататгахын тулд та хэн нэгнээс асуудаг уу?

    Би бол заавал хэн нэгнээс  ”Би ингэдэг юм уу гэж бодоод, чи юу гэж бодож байна вэ?” гэж асуудаг байсан. Миний гаргах гэж байгаа шийдвэр хичнээн ЗӨВ гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хамаагүй, түүнийгээ 100% бататгахын тулд заавал асуудаг байсан. Хэрвээ асууж буй хүн миний шийдвэрийг “зөв” гэж хэлбэл би шууд шийдвэрээ гаргана. Хэрвээ “буруу” гэж хэлбэл би өөр нэг хүнээс  ”би ингэж бодоод, тэгсэн чинь тэр тэгж хэлээд, чи юу гэж бодож байна вэ? гэж асууна. Хэрвээ тэр хүн миний гаргах гэж байсан шийдвэрийг “буруу” гэх юм бол  ”зөв” гэж дэмжих болов уу гэж бодсон өөр нэг хүнийг үргэлжлүүлэн хайна.

    Яагаад гэвэл миний зөн совин зөв шийдвэр гэдгийг надад хэлчихсэн байдаг учраас л би түүнийгээ баталгаажуулах санаатай бусдаас асуудаг. Өөрөөр хэлбэл би зөн совиндоо 100% итгэхгүй байгаа учраас  бусдаас хүч авч итгэлээ баталгаажуулах санаатай асуудаг гэж болно.

    Тиймээс бусад надтай санал нэг биш бол заавал санал нэг байх хүнийг хайж олох гээд өөрийгөө зовооно. Баталгаа өгөх хүн олдоогүй тохиолдолд заримдаа эргэлзээ үүсч, зөн совингоо дагахгүй бусдын бодол санаагаар шийдвэрээ гаргачихдаг байсан. Харин сүүлд нь зөн совин маань зөв байсныг мэдээд “Би ямар тэнэг юм бэ? Өөрийнхөөрөө л байхгүй яав аа? гэж өөрийгөө зэмлэж, харамсана.

    Нөгөө нэг тохиолдолд яадаг вэ гэвэл зөндөө хүнээс асууж асуучихаад өөрийнхөөрөө зогсох үе их гардаг байсан. Харин энэ үед “Ингэж өөрийнхөөрөө шийдвэр гаргах байсан юм бол юу гэж асуусан юм бэ” гэж хүмүүс бодвол яана аа гэж санаагаа зовооно. Хүмүүсийг ч гэсэн эвгүй байдалд оруулдаг.

    Тиймээс энэ бүгдээс би юу сурсан бэ гэвэл; өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжиндээ итгэхгүй бусдаас баталгаа хайснаар би зөн совингоо муутгаж байдаг юм байна. Харин өөрийнхөө тэр мэдрэмжийг сонсож, түүндээ  итгэж, түүн дээрээ тулгуурлаж үйлдэл хийх болгонд зөн совингоо улам хүчтэй болгож, хөгжүүлж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан.

    Мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй, өөртөө эргэлзээ үүсгэхгүй бас цаг хугацаа алдахгүй давуу талтай.

    Тиймээс би одоо шийдвэр гаргахдаа тэр болгон хүнээс асуухаа больсон. Би өөрөө юу зөв гэж бодож байна түүнийгээ л хийдэг болсон. Энэ нь ихэвчлэн зөв шийдвэр байдаг. Үнэхээр асуух шаардлагатай бол би дараах үйлдлийг хийдэг.

    1. Бодох цаг
    2. Бичих цаг
    3. Алхах цаг -ийг гаргадаг.

    Ингэснээр  бодол санаагаа цэгцэлж, гаргах гэж буй шийдвэр зөв эсвэл буруу гэдгийг өөрөө өөртөө  бататгаж чаддаг. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө зөвлөгч болсон.

    Зөн совин үргэлж зөв замруу чиглүүлж өгдөг. 

    Тэгэхээр та ч гэсэн бусадтай зөвлөлдөхийн оронд өөрийнхөө  анх төрсөн зөн билгээр яваад үзээрэй. Өөрийгөө сайн сонсоод, таны мэдрэмж танд юу гэж хэлж байна вэ? Түүнийгээ дагааад, үйлдэл хийгээд үзээрэй. Тэгээд ямар байсан тухайгаа эргэж орж ирээд бидэнтэй хуваалцвал би их баярлах болно.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

     

    Жич: Зөн совингоо яаж сонсож сурах вэ? Зөн совингоо яаж таньж мэдэх вэ? тухай мэдэхийг хүсвэл “Амжилтын тарни” номноос олж уншаарай.

  • Оюуны хөрөнгө оруулалт

     Амжилттай яваа хүмүүсийн амжилтанд хүрсэн нэг гол арга бол тэд өөрсдийн гэсэн ментор, дасгалжуулагчтай байдаг. Ментор болон дасгалжуулагч тухайн хүний амьдрал, бизнесд гарч буй саад тотгоруудыг олж харахад нь тусалж, амжилтруу чиглүүлж өгдөг.

    Урьд нь би амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтгаанаа “Даан ч надад заагаад, сургаад өгөх хүн байхгүй” гэдэг шалтгаар халхалдаг байсан. Харин дараа нь амжилтанд хүрэхэд тусалдаг ментор, амьдралын дасгалжуулагч нар байдаг гэдгийг мэдээд, судалж үзэхэд тэдний цагийн хөлс өндөр байсан учраас “тэдэнд төлөх мөнгө надад байхгүй” гэдэг шалтаг тавьж эхэлсэн.

    Хэдий тийм ч “өөр хямдхан арга юу байна вэ?” гэдгийг хайж үзэхэд, амжилтанд яаж хүрэх вэ тухай амжилтын номнуудаас суралцах боломжтой юм байна гэдгийг олж мэдээд, баяр хөөртэйгээр өөрийгөө хөгжүүлэх аянгаа эхлүүлсэн.

    Мэдээж бие дааж номноос суралцах нь бодит дасгалжуулагч(багштай) тулж ажиллахаас илүү удаашралтай.  Гэхдээ хэдий удаашралтай ч гэсэн номноос мэдэх зүйлээ мэдэж, амьдралдаа бага багаар хэрэгжүүлэх нь огт юм хийгээгүйгээс хамаагүй дээр.

    Амжилтын тухай номыг худалдан авч уншихаасаа илүү эхлээд би аль болох үнэгүй олж авах арга замыг хайдаг байсан. Найз нөхдөөсөө зээлэх мөн номын сангаас зээлээр авч унших болсон. Гэхдээ хамгийн инээдтэй нь зээлж авсан номоо хугацаанд нь дуусгаж чаддаггүй,  дахин хугацаагаа сунгуульсан ч  сандруу уншиж дуусгасан учраас хэрэгтэй мэдээллээ бүрэн гүйцэд авч чаддаггүй байсан. Тэгээд номоо буцаахдаа “дараа нь дахин авч уншина аа” гэж өөртөө хэлдэг ч  ямар нэгэн шалтгаанаас болоод авч уншаагүй тохиолдол их гарч байсан гэж болно.

    Тэгээд нэг удаа Napoleon Hill -ийн “Think and Grow Rich” гэдэг номыг уншиж байх үед нэг юмыг маш сайн ойлгож авсан.

    Энэ юу вэ гэвэл:

    Тэгэхээр ихэнх хүний хувьд ҮНЭГҮЙ зүйл үнэгүй л байдаг. Үнэгүй олдсон юманд бид хайр гамгүй хандах, хаяж гээх, хугацаагий нь дуусгаж хүчингүй болгох… зэргээр ханддаг. “Үнэгүй юм чинь яахав, зүгээр” гэж бодоод өөрийгөө тайвшруулдаг. Харин үнэтэй авсан юмандаа хайр гамтай, аль болох зөв зохистой, бүрэн гүйцэд ашиглахыг хичээдэг.

    Үнэгүй зээлж авсан номыг буцаагаад өгчихдөг учраас амьдралдаа хэрэгжүүлэх нь ховор байдаг. Яагаад гэвэл нэг удаа уншсан номыг (уран зохиолын биш, өөрийгөө хөгжүүлэх номыг хэлж байгаа шүү) хүн тэр бүр тогтоож чаддаггүй. Тиймээс дуртай үедээ өөртөө дахин сануулах боломжгүй. Харин худалдан авсан үед дуртай үедээ эргүүлж тойруулж, өөртөө сануулж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой байдаг.

    Үнэгүй сургалт семинараас хүн хоцрох, таслах тохиолдол их гардаг. Харин төлбөрөө төлсөн сургалт семинарыг хүн аль болох алгасалгүй суух хүсэлтэй байдаг. Нэгэнт төлбөрөө төлсөн учраас асуух юмаа сайн асууя, нэгэнт төлбөрөө төлсөн учраас сурах юмаа сайн суръя гэсэн хандлагаар ханддаг.

    Үүнийг мэдсэнээс хойш би өөрийнхөө амжилтанд ЗОРИГТОЙГООР хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ бүгдээс ирэх үр ашиг маш их.

    “Өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан нэг доллар эргээд өөрт гучин долларын ашгийг авчирдаг.” – Brian Tracy(Брайан Трэйси) 

    Тэгэхээр зарцуулсан төгрөг болгон эргүүлээд бидэнд ашиг авчрах тул өнөөдрөөс эхлээд өөрийгөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж эхлэх нь зүйтэй.

    Санаж яв: Өөрийгөө хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт бол хамгийн том хөрөнгө оруулалт юм.

    Өөртөө хөрөнгө оруулснаар өөрийнхөө амьдралыг сайжруулахаас гадна бусдын амьдралыг сайжруулахад тусалж чадна.

    Амжилтын тарни

    Би өөрийгөө хөгжүүлэхэд мөнгөө харамгүй зарцуулж байна!

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

     

     

     



  • Дэлхийд ганцхан #ШАРГАЛЖУУТ рашаан сувилалын тухай

    Шаргалжуут нь дээрээс харахад хэвтэж байгаа хүний хэлбэртэй бөгөөд хүний 108 судалд нийцсэн 108 рашаантай ажээ. Бүх эрхтэнд тохирох рашаан байдаг. 

    Рашаан нь Дорлиг хайрханы зүүн энгэрээс оргилон ундардаг бөгөөд урд хэсгээсээ ширгэж багасаж эхэлж байгаа юм билээ. Ирээдүйд рашаанууд нь ширгэж дуусгаад урд талд байрлах Сойдон хайрханы баруун энгэрээс рашаан оргилно гэж мэргэд хэлэлцдэг юм билээ.

    Өглөө оройд тогтмол рашаанруугаа алхаж рашаанаа залж авчирч рашаанаа уух, хоолой зайлах, шавших, боох, рашаандаа орох гэх мэт тохирох үйлийг хийх бөгөөд рашааныхаа дэргэд хоолойгоо зайлж асгах, нус цэрээ хаях, толгой, биеэ шавших гэх мэт үйлийг хийхийг хатуу цээрлэдэг ажээ.

    ШАРГАЛЖУУТ дахь Ганууд эмнэлэгийн эмч Бүрнээгийн дурсамж яриа

  • Aйдсаа давах 5 арга зам

    ”Өдөр бүр хийхээсээ айдаг нэг зүйлийг хий.” –Eleanor Roosevelt


    Биднийг амжилтанд хүрэхэд саад болж, хойш татдаг зүйл бол айдас юм.  Хэрвээ энэ айдсаа давчих л юм бол хийж бүтээх зүйлээ бид хийж бүтээж чадна гэдгийг мэднэ.

    Энэ айдас гээд байгаа юмтай бид хаана учирдаг вэ гэвэл зөвхөн тархин дотроо учирдаг. Жишээлбэл: Ямар нэгэн юм хийе гэж бодоход бодит амьдрал дээр хийж эхлээ ч үгүй байж хийх явцад гарах саад бэрхшээлийг урьдчилан таамаглаж, түүнийгээ дахин дахин бодож, төсөөлж өөрийгөө айлгадаг гэсэн үг.

    Өөрөөр хэлбэл айдас бидний оюун ухаанд сөрөг бодлуудыг суулгаж байдаг.  ”Замд чинь ийм ийм бэрхшээлүүд байгаа учраас чи амжилтанд хүрч чадахгүй” гэдэг худал бодлыг бидэнд байнга хэлж, ятгаж байдаг. Улмаар энэ бодлын дагуу бидэнд итгэл үнэмшил суудаг гэсэн үг.

    Айдас бол бодит биш. Айдас бол худал мэдүүлэг. Айдас бол үл үзэгдэгч дайсан. Энэ дайсан танруу довтлох үед доорх 5 арга замыг хэрэглээрэй.

    Aйдсаа давах 5 арга зам

    1. Амжилтын тарни урь.

    Амжилтын тарнийг урьснаар зорьж буй зорилго тэнь чухал болохыг өөртөө сануулж чаддаг. Тиймээс юу хүсч байна, юу хийхийг хүсч байна түүнийгээ чангаар давтан хэл.

    Жишээ нь: Ном бичих хүсэлтэй бол “Би ном бичиж чадна!” гэж өөртөө давтан хэл. Хэрвээ гүйх хүсэлтэй бол “Би гүйж чадна!” гэж хэл.

    Эсвэл өөртөө хүч өгөх амжилтын тарни урьж болно.

    Жишээ нь: “Би айдсаа биш зүрх сэтгэлээ сонсож байна! Мөрөөдлөө биелүүлэхэд надад юу ч саад болохгүй! Миний зорилго айдсаас илүү хүчтэй! Айдас бол дайсан! Би дайснаа дарж байна!” г.м.

    2. Хандлагаа өөрчил.

    “Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай бодлоо “хэрэв би тэгвэл” гэдэг өөдрөг итгэлтэй бодлоор өөрчил.

    Жишээлбэл:

    “Хэрэв би ажлаасаа гарвал ажил олдохгүй байвал яана аа” гэхийн оронд “хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд орвол яах вэ?”

    “Хэрэв би үүнийг хйивэл хүмүүс юу гэж бодох бол” гэхийн оронд “хэрэв би үүнийг хийгээд амжилтанд хүрвэл ямар байх вэ?”

    “Хэрэв би түүн рүү утасдвал утсаа авахгүй байвал яана аа”,  эсвэл “эргүүлж надруу залгахгүй байвал яана аа” гэж айхын оронд “хэрэв би түүн рүү залгаад сайхан дотно яриа өрнүүлбэл ямар байх вэ?” гэх мэтээр сониуч зангаа хөгжүүлж, түүнийгээ урьтал болгох хэрэгтэй. Ингэснээр айдастай таамаглалаа итгэл найдвараар дүүрэн бодлоор өөрчилнө.

    3. Өөртөө итгэ.

    Өөртөө итгэх итгэл нэг бол таныг сул дорой,  нэг бол хүчтэй хүн болгоно. Хэрвээ та энэ дэлхий дээр хаана ч байхгүй тийм бэлгийг өөртөө өгөхийг хүсвэл өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй гэж хэлмээр байна. Учир нь таны ухаан, мөнгө, амьдарч байгаа газар г.м. зүйл тэр болгон танд амжилтыг авчрахгүй. Харин та юу бодож, юунд итгэж байгаагаас л таны амжилт шалтгаална. Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Хийсэн үйлдлээс үр дүн тэнь тодорхойлогдоно.

    4.  Үйл хий.

    Амьдрал бол тэр чигээрээ хөдөлгөөн. Хэрвээ бид хөдлөхгүй бол хөгжихгүй. Хөдөлж л байвал бид хөгжинө. Харин айдаст автснаар бид нэг газраа зогсонги байна. Тиймээс өнөөдөр , яг одоо бид юу хийж байгаагаас бидний ирээдүй шалтгаална. Тиймээс үйлдлийг ар араас нь хийх хэрэгтэй.

    Амжилт зөвхөн итгэлээс бус харин итгэл дээр тулгуурласан үйлдлээс хамаардаг.

    Өнөөдөр эхлүүлээгүй ажлыг маргааш дуусгана гэж байхгүй учраас өнөөдөр яг одоо айдсаа дарах үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.

    5. Алдаа гаргана гэдгээ мэд.

    “Амжилт гэж ялагдлаас ялагдлын хооронд урам зориг, хүсэл тэмүүллээ алдалгүй бүдчин явахыг хэлнэ.”–Winston Churchill

    Амжилтанд хүрэхийн тулд бид алдана, унана бас ялагдана. Ганц удаа биш олон удаа алдана, унана, ялагдана. Огт алдахгүйгээр, огт унаж бэртэхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.

    Алдснаар бид ялагдагч биш харин ч тэр хэмжээгээрээ хүчтэй ялагч болдог. Тиймээс бүү ай! Өнөөдрөөс эхэлж алдаа гарга, уна, ялагд!

    Санаж яв: Амжилтыг амжилтаас биш алдаанаас эхлүүлнэ.

    Эцэст нь хэлэхэд айдас биднийг зогсоохын тулд биш биднийг илүү хүчтэй болгохын тулд бас бидний хүсэл мөрөөдөл юунаас ч илүү чухал гэдгийг мэдүүлэхийн тулд үүсдэг.

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би амжилтанд хүрэхийн тулд төрсөн учраас юунаас ч айхгүй!

    Танаас асуух миний асуулт: Өнөөдөр айдас таныг ямар амжилт гаргахаас хойш татаж байна вэ? Амжилтаас хойш татаж байгаа тэр айдас тэнь юу вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр



  • Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

    Бид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг.

    Та өглөө орноосоо босоо ч үгүй байж удирдлага авч  ТВ асааж байна уу? Утсаа шалгаж байна уу?  Босонгуутаа компьютер асааж, интернэт дээр сууж байна уу? Тийм бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж чадахгүй байгаагийн нэг шалтгаан байж болно.

    Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг.

    Зарим хүмүүс “би ТВ огт үздэггүй” гэж боддог боловч  ажлаа төлөвлөөгүй, цагаа төлөвлөөгүй, хийх ажлаа цагийн хуваарьтаа оруулаагүй тохиолдолд ямар нэгэн байдлаар, өдөрт багаар бодоход 4 цагийг өөр ашиггүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь:  интернет, мэйл, утас, тоглоом гэх мэт. Тиймээс үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд өдрөө төлөвлөж, хийх ажлуудаа цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн ёсоороо хийх эсэх нь өдрөө хэрхэн эхлүүлж байгаагаас их шалтгаалдаг. Тиймээс өнөөдөр өдрөө үр бүтээлтэй эхлүүлэх зөвлөмжийг оруулж байна.

    Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

    Өглөө босонгуутаа хэд сайхан суниах, гадаа гарч 10 минут алхах, усанд орох, өдрөө сайхан өнгөрөөх, сэтгэл санаагаа сэргээх амжилтын тарни урих, цоо шинэ өдрийг цоо шинэ бодолтойгоор эхлүүлж байгаадаа талархах, өдрөө үр бүтээлтэй өнгөөрөөж байгаагаар төсөөлж, түүнийгээ мэдрэх, зорилгоо тодорхойлж бичих зэрэг өөрийгөө бүрэн сэргээх үйл хийхээс эхлүүлэх хэрэгтэй.

    Мөн өөрөөсөө доорх асуултыг асууж болно.

    – Өнөөдөр миний сэтгэл юунд хөдөлж байна вэ?

    – Би өнөөдөр сэтгэлээ хөдөлгөхөөр юу хийх вэ?

    – Өнөөдөр би юу юу хийж дуусгах вэ?

    – Саад бэрхшээл тулгарсан ч хамаагүй өнөөдөр би юу юу хийж дуусгасан байх ёстой вэ?

    Магадгүй энэ бүгд танд утгагүй,  мэдээжийн сонсогдож байж мэднэ. Гэхдээ би таныг өдрөө эрч хүчтэй эхлүүлээсэй, өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэдэг үүднээс үүнийг бичиж байна. Заримдаа иймэрхүү мэдээжийн зүйлүүдийг хэрэгжүүлж байж, биеэрээ амсаж байж амтанд нь ордог. Өөдрөг сэтгэл, эерэг бодол биднийг аз жаргалтай болгодог. Тиймээс өөрсдийгөө урагш алхуулахын тулд эрч хүч өгөөд байгаа тэр зүйлүүд юу вэ гэдгийг олж мэдэж, түүнийгээ хийх нь чухал.

    Тэгээд “өглөөнийхөө хоолыг өөртөө” гэдэг шиг өглөө сайн хооллож, ус сайн уух хэрэгтэй. Энэ бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөх ЭХЛЭЛ мөн. Ингэж чадвал таны өдөр үр бүтээлээр дүүрэн байх болно.

    Эхлээд өөрийн бие, оюун ухаанд өгөх ёстой хоол, тэжээлийг нь өгч, дараа нь бусад зүйлээ эхлүүлэх нь зүйтэй.


     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Зураач В.Ундраа PP ТВ-ийн “Урлахуй” нэвтрүүлэгт зочиноор оролцлоо

    Зураач В.Ундраа “Сэтгэлийн зураг” үзэсгэлэнгийн үеэр PP ТВ-ийн “Урлахуй” нэвтрүүлэгт зочиноор оролцлоо.

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих танин мэдэхүйн аялал #3

    МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих танин мэдэхүйн аялал iLoveMongolia төслийн баг, Яруу сэтгэгч нэгдэл хамтран үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой танин мэдэхүйн цуврал аялалыг зохион байгуулж байна. Аялал нь сэтгүүлчид, сошиал медиа идэвхитэй ашиглагч залуусд нээлттэй бөгөөд үндэсний үйлдвэрээр аялаж, үйл ажиллагаатай нь бүрэн танилцуулж, уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг. Монгол хүн бүр монгол хүнээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг бид хамтдаа бий болгож чадна. Энэ удаа МИАТ, Гоёо үйлдвэрээр аялалаа.

    https://www.facebook.com/yaruusetgegch
    https://www.facebook.com/ilovemongolia.mn