
Мэргэшсэн байдал:
Мэргэшсэн байдал:
“Муу зуршилтай болоход амархан ч түүнтэйгээ амьдрах хэцүү. Сайн дадлыг эзэмших хэцүү ч түүнтэйгээ амьдрахад хялбар.” -Jim Rohn
Бид бүгдэд тодорхой хэмжээгээр муу зуршил байдаг. Тамхи татах, архи уух, их идэж жин нэмэх, цагаа баримталж чадахгүй байх, эхлүүлснээ дуусгаж чадахгүй байх, бууж өгөх гээд л …
Муу зуршлаа бид сайн мэддэг ч түүнийгээ бүрмөсөн хаяж чаддаггүй. Хичнээн хичээсэн ч нэг л мэдэхэд хуучин байдалдаа эргэн орсон байдаг. Тиймээс муу зуршлаасаа яаж бүрмөсөн салах вэ тухай өнөөдрийнхөө бичвэр дээр оруулж байна.
Муу зуршлаасаа салах 6 алхам
1. Шийдвэр гарга.
Би өнөөдрөөс тамхи татахгүй! Архи уухгүй! Би өнөөдрөөс эхэлж эрүүл амьдралыг сонгож байна! Би өнөөдрөөс эхлээд өөртөө 2 цагийг зарцуулна! Би амжилтанд хүрнэ! гэдэг шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг зөвхөн ТА гаргаж чадна. Таны өмнөөс хэн ч энэ шийдвэрийг гаргаж чадахгүй. Тиймээс өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчлөх хүсэлтэй бол өнөөдөр шийдвэрээ гарга.
2. Туслалцаа дэмжлэг ав.
Ихэнх хүмүүс муу зуршлаа анх хаанаас яаж олж авсан, хаана ямар хүмүүсийн дунд хэрэглэж, давтаж байна яг тэр орчинд, тэр хүмүүсийнхээ дунд хаях гээд оролдоод байдаг. Харамсалтай нь энэ нь үйлчилдэггүй. Хичнээн хичээсэн ч муу зуршилдаа эргэн ордог.
Хэрвээ та архи тамхинаас гарах хүсэлтэй бол архи тамхигүй орчинд, архи тамхи хэрэглэдэггүй хүмүүстэй цагийг их өнгөрөөх хэрэгтэй.
Хэрвээ та өөрөөрөө гарч чадахгүй байгаа бол ийм хүмүүстэд тусалдаг байгууллага, нийгэмлэгт хандах хэрэгтэй.
Залхуурдаг бол ажилсаг хүмүүсийн дунд байх хэрэгтэй.
Тууштай байж чаддаггүй бол ижил зорилготой, таны хүсээд байгаа тэр амжилтыг аль хэдийн гаргачихсан хүмүүстэй нэгдэж, туслалцаа дэмжлэг авах нь зүйтэй.
Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө.
3. Муу зуршлаа сайнаар орлуул.
Муу зуршлыг шууд орхино гэж байдаггүй. Хүн нэг бол мууг сайнаар эсвэл сайныг муугаар орлуулж байдаг. Хэрвээ та орлуулахгүйгээр муу зуршлаа орхиж чадаж байвал маш сайн байна.
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хуучин муу зуршлаа орхихын тулд шинэ өөр үйлдэл хийж, түүнийгээ дадал хэвшлээ болгох хэрэгтэй гэдэг. Жнь тамхи татдаг бол түүнийхээ оронд тэмдэглэл хөтлөх, их иддэг бол түүнийхээ оронд дасгал хийх, архи уудаг бол ном унших г.м.
Хийхэд хэцүү зүйлийг дадал хэвшлээ болгосон тохиолдолд хийхэд амархан болдог. Харин хийхэд амархан болсон цагт түүнээсээ салахад хэцүү.
4. Амжилтын Тарни урьж, төсөөлөх мэдрэх аргуудыг хэрэглэ.
Өөрийгөө дасгал хийж байгаагаар, хүссэн жиндээ хүрч байгаагаар, хүссэн амьдралаараа амьдарч байгаагаар, хүссэн амжилтаа гаргаж байгаагаар, эерэг дадал эзэмшиж байгаагаар эсвэл аль хэдийн амжилтанд хүрчихсэн байгаагаар, эерэг дадал эзэмшчихсэн байгаагаар өөрийгөө төсөөлж өөрийгөө төсөөлж, түүнийгээ мэдэрч, мөн түүнийхээ дагуу амжилтын тарни урих нь маш чухал.
Яагаад гэвэл бидний муу зуршлууд дадл ухамсарт аль хэдийн хоногшсон байдаг. Далд ухамсартаа шинэ эерэг дадлыг суулгаагүй тохиолдолд бид муу зуршилдаа эргэн ордог. Тиймээс далд ухамсарт бичигдсэн муу зуршлаа дарж цоо шинэ эерэг дадал ХУРДАН суулгахын тулд зөвхөн биеэрээ үйлдэхээс гадна оюун ухаанаа бас дасгалжуулах хэрэгтэй.
5. Тэвчээртэй бай.
Нэгэнт сайн дадлыг эзэмшиж эхэлсэн бол нэг хэсэгтээ л өөртөө сануулж, өөрийгөө хүчлэх хэрэгтэй. Мэдээж энэ бүгдэд тэвчээр шаардагдана. Харин энэ нь аяандаа өдөр ирэх тусам амархан болж эхэлнэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
6. Өдөр болгон давтан хий.
Эцэст нь сайн дадлаа бүрмөсөн өөрийн нэг хэсэг болгохын тулд дор хаяж 21-30 хоног тасралтгүй хийх хэрэгтэй. Хэрвээ дунд нь нэг өдөр алгасах л юм бол 21-30 хоногоо бүр эхнээс нь дахин эхлүүлэх шаардлагатай. Яагаад гэдгийг энд дарж уншина уу.
Ингэж 21-30 хоногоо ганц ч алгасалгүй хийж чадвал та шинэ эерэг дадлыг өөрийн болгож, амьдралаа өөрчилж, жаргалтай, баяр баясгалантай, эрч хүчтэй , урам зоригтой, амжилттай хүн боллоо л гэсэн үг.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Зохиолч
1975 оны 8-р сарын 15- нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд монгол хэл бичгийн дээд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. 2005 онд “Зүрхэнд үйлдвэрлэв” номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал, 2010 онд “Би, бид хоёр” номоороо Алтан өд шагнал тус тус хүртсэн. МЗЭ-ийн гишүүн.
Хүн чанар, амьдралын үнэ цэн, утга учрын тухайд, хүний дотоод сэтгэлд гүн нэвтэрсэн сэтгэлгээний уран бүтээл туурвидаг.
“Охин минь битгий уйл”, “Цэцэрлэгт учирсан хоёр”,” Үл таних эмэгтэй”, “Би эр хүнд хайртай”, “Хайр ийм өнгөтэй”, “Дурласан цас”, “Хайр” жүжгийн дуу зэрэг дууны шүлэг, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Охины минь дурлах залууд илгээх захидал”, “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал” өгүүллэг, “Би чамд хайртай-2”, “Ми-15”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч” кино зохиол зэрэг 100 гаруй өгүүллэг, тууж, кино зохиол туурвисан.
БҮТЭЭЛҮҮД
2002 он “Нүцгэн шөнө”
2004 он “Зүрхэнд үйлдвэрлэв”
2009 он “Диваажингийн хоригдлууд”
2013 он “Би бид хоёр”
2013 он “Болор туужууд” сэтгэлгээний богино өгүүллэг, туужийн түүврүүдээ тус тус хэвлүүлсэн.
2013/09/28
Ж.Лувсандоржийн
HRUpdate2013 арга хэмжээн дээр
Mazaalai.biz төслийг танилцуулсан илтгэл
(Ажил хайгчдыг төлөөлж тэдний өмнөөс зовлонг нь учирлав)
Би маш олон компанид дамжиж ажиллаж үзсэн. Гэхдээ би өөрийнхөө мөрөөдлийн компанийг одоо ч гэсэн олж авч чадаагүй л байна.
Яагаад гэж үү?
Яагаад гэвэл ажлын байрны зарууд яг адилхан болчихсон. Нэг л их өндөр шаардлага тавьсан зарууд. Би тэр зараас нь компанийг олж харж чаддаггүй. Сайхан найруулгатай шүлэг л гэсэн үг. Монгол компаниуд логоноос цаашгүй байдаг. Эсвэл нээх том шилэн хана. Эсвэл цуурхал, хов живээр сонссон мэдээллээрээ л компанийг нь төсөөлдөг.
Ирээдүйд ажиллах компаниа СОХОР ХҮН ШИГ л сонгохоос өөр аргагүй байна даа. Тиймээс би өдий болтол сайхан заранд сохроор дурлаж, сохор юм шиг л жинхэнэ мөрөөдлийн компани олж чадаагүй л явж байна.
Тиймээс би компаниудаас нэг л зүйлийг асуумаар байна. Та нар өндөр шаардлага тавьсан зарууд тавьж болно оо. Гэхдээ би та нарт бас буцаагаад өндөр шаадлага тавьж болно биз дээ. Ажлын байрны зартайгаа хамт намайг ямар орчин нөхцөл хүлээж байгааг, ямар хамт олон угтаж байгааг, ямар давуу тал нээгдэж байгааг би мэдээллэж болно биз дээ. Яагаад өдийг хүртэл нуугдмал, хаалттай, бүрхэг хэвээр байгаа юм бэ? Хүнд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байдаг шиг компани ч гэсэн өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй шүү дээ! Өөрийнхөөрөө байхад чинь МАЗААЛАЙ яг тохирно. Би ч гэсэн сохор сонголт хийхгүй болно гэсэн үг. МАЗААЛАЙ компаниудын хаалгыг, ажил хайгчдын нүдийг нээх болно. Баярлалаа.
Атаархал – бид бүгдээрээ үүнийг сайн мэднэ. Атаархал хүн бүрт бий. Атаархах нь энгийн үзэгдэл. Үүнээс ичих хэрэггүй бас санаа зовсны хэрэггүй. Хамгийн гол нь та атаархлаа амжилтынхаа эсрэг болгож байна уу эсвэл амжилт руугаа чиглүүлж байна уу гэдэг маш чухал.
Атаархлаа амжилтруу чиглүүлээгүй тохиодолд атаархал биднийг эзэмддэг. Өөрийгөө үргэлж тэр атаархаж буй хүнтэйгээ харьцуулж, хичнээн өөрийгөө дөвийлгөсөн ч түүнд ялагдаад байгаа юм шиг санагддаг. Яаж ч зогсоохыг хичээсэн ч санаанаас гарахгүй нэг л мэдэхэд атаархаж байгаа хүн маань бидний дайсан болж хувирсан байдаг.
Хэрвээ та “надад атаархдаг зан байхгүй” гэж бодож байгаа бол үүнийг мэдэхэд илүүдэхгүй.
Атаархлаа амжилт руу чиглүүлэх боломжтой.
Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?
Ингэж нэгд нэгэнгүй бичсэнээр аливаа асуудлыг тодорхой болгож, үйлдлийг зөв тийш нь чиглүүлж өгдөг.
Атаархал танд юу зааж өгдөг вэ гэвэл: Өнөөдрийн таны энэ амьдрал, энэ дүр төрх бол хүссэн амьдрал, дүр төрх тэнь биш юм. Таны амьдрал, дүр төрх тэнь үүнээс илүү байх ёстой гэдгийг мэдүүлж өгдөг. Тиймээс үүнийг ухааруулж өгч байгаад нь талархах хэрэгтэй.
Ер нь атаархана гэдэг нь өөрийгөө үнэлж чадахгүй байгаа нэг АЙДАС юм. Бас атаархана гэдэг нь бусад хүмүүс өөрөөс тэнь илүү мундаг гэдгийг баталж байгаа хэрэг юм. Мөн атаархснаар алдаа болон азгүйтэл рүү анхаарлаа байнга төвлөрүүлнэ гэсэн үг. Бид үүнийг мэдээж хүсэхгүй. Тиймээс атаархлаа яаж зогсоох вэ гэвэл бусдаас хараагаа салгаж өөр дээрээ тусга. Атаархлынхаа үндсийг ол. Эрч хүчээ өөртөө болон эерэг зүйлд зарцуулж эхэл. Хамгийн гол нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй.
Ингэж чадвал магадгүй хүмүүс танд атаархаж эхлэх байх.
Анхаар! Хэрвээ хүмүүс ТАНД атаархаж, таны тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол доорх ишлэлийг зөвхөн танд зориулав.
“Эхлээд тэд таныг үл тооно. Дараа нь таны тухай ярьж, шүүмжлэнэ. Тэгээд тантай өрсөлдөнө. Тэр үед та дийлнэ.”–Махатма Ганди
Нэмж хэлэхэд хэн нэгний гаргасан амжилтанд атаархана гэдэг нь амжилтын тухай сөрөг бодолтой байна гэсэн үг. Амжилтын тухай сөрөг бодол амжилтанд хүрэхэд том хаалт болдог. Тиймээс амжилттай, мундаг яваа хүмүүсийн амжилтанд баяр хүргэж, урмын үгээ харамгүй бэлэглэж, тэднээс суралцаж, тэдэнд талархах нь зүйтэй. Ингэснээр та өөртөө улам их амжилтыг татах болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өөрийгөө үнэлдэг, өөрийнхөө чадварт итгэдэг!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.
Харин бидэнд бол гар чанга байсан юм. “Бид ямар мөнхийн хүн биш. Хэзээ нэгэн цагт өнхрөөд өгнө. Одооноос юухан ч гэсэн хийж сур!…” гэж аав хэлнэ. Ээж, хар үүрээр бидний хучлагыг хуулж “бос…” гэх бөгөөд дүү бид ч уралдан босч ээжийн хэлсэн, заасан бүхнийг ёсоор гүйцэтгэнэ. Үнээ тугал нийлүүлэх гэр орон цэвэр бус байх, аяга таваг хиртэй, эсхүл айлын хүүхэдтэй муудсан тохиолдолд “хашрааж” өгнө. Гэхдээ хэзээ ч бидний толгой руу тоншиж байсангүй.
Мод шийдмээр цохиж байсангүй. Нарийхан сураар ороолгох буюу хөл гарыг хэд сайн чимхэнэ. Ийнхүү сургамж авсны дараа хөл хөнгөрч, чихний бөглөө арилж, хэд хоног хөнгөн шингэн дэгдэнэ. Удалгүй сар орчим болоод мартаж эхэлнэ. Тэр үеэс “та хэдийн зовлого нь загатнаад байна даа…” гэсэн сануулга ирнэ. Иймэрхүү сануулга зүгээр үг биш бөгөөд эл явдал хэд давтагдсаны дараа сураар ороолгуулах чимхүүлэх цаг ирнэ.
Ингэсний хүчээр л бид ахас ихсийг хүндэлж, ажил хөдөлмөрт хойш сууддаггүй болсон юм. Ээж минь жар хүртлээ ер амсхийлгүй хөдөлмөрлөсөн бөгөөд биднийг өсгөөд бас үр хүүхдийг маань, өөрөөр хэлбэл ач, зээ нараа өсгөж хүмүүжүүлж өгсөн. Ээж маань хүнийг бүү хэл, амьтныг хайрлахад биднийг сургасан. Жилд хэд хэдэн удаа маш их махтай, шар будаа чанаж хавийн нохой хооллодог сон. Мөн хүүхэд их баярлуулдаг сан.
Том ширмэн тогоо дүүрэн үзэмтэй, шар тостой цагаан будаа чанаж, ойр хавийнхаа хүүхдийг хооллон, атга дүүрэн чихэр боов өгч, бидэнд ч гэсэн хүүхэд, нохой баярлуулж бай гэдэг сэн. Насан туршдаа л хүүхэд, нохой хооллож явсан даа. Амьдралынхаа сүүлчийн долоон жил буюу ааваас хойш харин гэр орны ажлаа орхиж “Ээж нь үхэхээсээ өмнө хэдэн жил буян үйлдье” гэж билээ.
Чингээд намар болохоор л манайд ирж хар үүрээр босч мөргөл үйлдэж (1-2 цаг мөргөнө), ажилтай хүн шиг бидэнтэй цуг гарч, Гандан, Зүүнхүрээ зэрэг хурал номын газраар явж, өдөр ирж цайгаа уугаад маань мэгзэмээ тасралтгүй, уншиж, үдэш орой зул хүжээ бариад мөргөлөө эхэлнэ. Үүнийгээ хамаг амьтны тусын тулд залбирч буй юм гэдэг сэн. Дүү бидний өгсөн хэдэг төгрөгийг хадгалж “Ээж нь хүүхдүүддээ тийм ном уншууллаа, ийм хурал хурууллаа” гэсээр л орж ирнэ. Үргэлж инээж явдаг сан. Ээж минь сайхан дээл хувцас оёно. Залуудаа их сайхан дуулдаг. Хааяа “Жаахан шарга”-ыг дуулахад нь гангар шаазан жингэнэж байх шиг санагддагсан…
“Та нар өөрсдийн муугаас үхвэл, би харамсахгүй шүү. Миний нэг өндөг хагарлаа л гэж бодно. Харин амьтны үр хүүхдэд л битгий гай болоорой” гэж хатуухан захина. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ… амьтанд тус бол!…” гэж байнга хэлнэ. Ээж минь ийм л хүн байлаа. Эмэгтэй хүн гэхэд зориг чанга, хэр баргийн юманд гуниж гутрахгүй, уур нь хүрвэл таг дуугүй болчихно.
Маш их сүсэгтэй, Зул хүж барих, маань мэгзэм унших, мөргөл хийх, настай хүмүүс, лам нарт хоол цай барих л ээжийн минь дуртай ажил байсан. Хоёрдугаар ангид байхдаа бичсэн анхны гэнэн шүлгүүдээ ээждээ л уншиж өгч билээ. “Ээж нь яаж мэдэхэв дээ. Сайхан л болж…” гээд үнссэн. Ийнхүү яруу найрагч болох анхны урам хайрласан юм. Хэрвээ надад жаахан авьяас буй аваас тэр нь ээжээс минь улбаатай гэдгийг л би зөвшөөрөх байна.
Хэдэн чихэр өгсөн ч, сайхан үг хэлсэн ч дүү нартай утсаар ярьсан ч баярлана. Үнэн сэтгэлээсээ баярлаж чаддаг тийм хүнийг би амьдралдаа мөн ч цөөхөн үзсэн дээ.
Ээж минь 66 жил амьдрахдаа үргэлж үүр цүүрээр босч, 66 жил нар мандахыг харсан юм. Үргэлж бусдын зовлонг хуваалцаж, тэр гуайн хүүхэд өвдөж, энэ гуайн бие муудаж гээд гүйж явдаг сан.
Ээж минь дүү бидний хэнийг нь ч эрхлүүлээгүй, бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан. Ээж минь хөдөөний мянга мянган эхчүүдийн адил өвөл цас мөс үүрч, хайлж, зун, намар аргал түүж, үнээ тугалтай ноцолдож, цагаан идээ хийж, гэр орон, үр хүүхэд гэж явсаар л насыг элээсэн. Харин сүүлийн хэдэн жилд ач нараараа ном, сонин, үлгэр домог, ялангуяа бурхны шашны холбогдолтой юм уншуулах дуртай болж, толгойгоо үл мэдэг гилжийлгэж, нүдээ анийлган сонсож суухдаа эрихээ эргүүлдэг сэн. Хүний амьдарч чадсан эсэхийг яаж үхсэнээр нь тогтоож болно гэж дорнын мэргэн үг байдаг.
Ээж минь амьдарч чадсан шигээ үхэж бас чадсан юм. Маш их зөн билигтэй хүн байж билээ. Дарьгангаас Баруун-Урт руу явж байх замдаа гурван дүүтэй минь хамт машины осолд орж азгүй явдал үүдсэн 1994 оны тавдугаар сарын 21-ний гунигт тэр үдэш гэнэт “Өмнөө яваа автобусыг гүйцэж, урд нь гарч яв!…” гэж хэлсэн гэдэг. Чингээд хэлснээр нь явсаар байтал аймгаас 60-аад км зайтай газар машин осолд орсон бөгөөд 30 минутын дараа арынх нь автобус гүйцэн ирж, тэднийг эмнэлэгт хүргэж өгсөн. Хэрвээ автобусны ард явсан бол тэр шөнөдөө хээр хонож (шөнө өөр машин яваагүй гэдэг) маргааш нь үд хүрэхэд бэртэж гэмтсэн дүү нар маань цус алдаж, бүгд аюулд орох байсан юм. Иймд ээж минь өөрийн зөн билгээр гурван үрээ аварсан билээ.
Яг ойчихоосоо хоёр хоногийн өмнө машинд сууж чадахгүй тул дүү биднээр тэврүүлэн гурван дугуйтад сууж, аймгийнхаа хийдэд очсон бөгөөд тэнд хүнээр тэврүүлэн сууж сахиусаа тахиулаад бүх бурхан тахилд мөргөж, бас арай ядан хөдөлж буй хэрнээ бүх бүх ламаас нь хоёр хүнээр сугадуулан явж адис аваад гарсан. Гэртээ ирээд авдрын өмнө сууж байхдаа “Ээж нь хэдэн хүүхдэдээ нэмэр болохгүй ч гэсэн харагдаж байвал хэрэгтэй л юм даа.
Ээжтэй хүний сэтгэл өег байдаг юм” гэж билээ. Хатуу чанга зоригтой хүн тул, зуны бүгчим халуун, өвдөхийн бэрх хоёрыг давж ер “ёо” хэлээгүй бөгөөд харин ч бидэнд “Миний хүүхдүүд уйлж л болохгүй шүү. Усан бороогоор нүдэх шиг хэцүү байдаг юм гэнэ лээ. Маань мэгзэм л сайн уншицгаа. Яг үхэх үед бурхныг минь л сануулаад байгаарай…” гэж билээ.
Ээжийн минь бие алгуур хөрсөөр л…Би бүх бурхныг нь авчирч толгой дээр нь адис тавив.
“Ээжээ, энэ бурхан багш байна. Одоо Очирваань бурхнаар адис тавилаа. Одоо дарь эхээр…” гэх мэтээр би шүтдэг бурхнуудыг нь нэрлэж нэг бүрчлэн адис тавив. Үг дуугүй толгой дохино. Хоёр гараа цээжиндээ авчирч арай ядан залбирч буйг нь харахдаа сэтгэлийн тэр их хүч хаанаас нь гарч буйг гайхсан юм.
Сүхбаатар эмчтэй би тав гурван үг шивэгнэж зогстол эгч намайг дуудаж, “Амьсгаа хураах гэж байх шиг байна” гэв. Би ээжийн ор руу дөхвөл амьсгаа нь давхцаж ам нь өмөлзөж байлаа. Би яаран өвөг дээдсийн шүтээн Ногоон – дарь эхийг гартаа барьж “Ээжээ, бурхнаа хараарай. Бурхан чинь таныг харж байна. Бурхнаа л хараарай” гэв. Ээж нүдээ нээлээ. Бурхнаа харав. Ногоон-дарь эх чинь … гэж би дахин хэлэв. Хоолой зангирч, нулимс бүрхэж ирэв. Би үг хэлэх гээд чадахгүй, уйлчих гээд бөөн юм хоолойд тээглэв. Магсаржав ламыг би хонхоо цохь, номоо эхэл гэв. Тэрбээр хоолой нь чичрэн ерөөлийн хаан уншиж, хонхоо цохиж эхлэв. Би, дүү нартаа маань мэгзэм уншицгаа, бүү уйл, ээж чинь ингэж захисан гэв.
Ээж минь бурхнаа харсаар л байлаа. Эцсээ хүртэл ухаан саруул байв. Бурхнаа харсаар байгаад нүднийх нь галыг дотроос нь ямар нэг юм хураагаад авчих шиг… бүүдийсээр… Гэвч энэ эцсийн харцанд Ногоон-дарь эх бурхан шингэж, ээж минь сүүлчийн удаа Ногоон-дарь эх бурхнаа ширтсээр амьсгал хураав.
“Амьсгал хураачихлаа, гэхдээ зүрх нь одоохоноо цохилж байна” гэж Сүхбаатар эмч хэллээ. Удалгүй зүрх нь зогсов. Хорвоо дуусчээ. Ээж минь таалал болов. Энэ насны нь зовлон дуусав. Зул сүүмэлзэнэ. Магсаржав лам толгой дээр нь хонх цохиж, ерөөл уншсаар… Батхүрэл дүү минь ээжийнхээ хөлд өвдөг сөгдөн чимээгүй уйлав. Би, түүний толгойг илж, бүү уйл, маань мэгзэм уншицгаа!… гэв. Тэр уйлахаа больж дүү нар маань уйлахаа хүчээр барьж, эрихээ чимээгүй эргүүлж, маань мэгзэм уншиж эхлэв. Би тэднийг уруу татахгүйн тулд нулимс унагахгүй, шүд зуун тэслээ. Ээж минь ийн одсон юм. Үүнээс хойш бид ээжгүй болсон.
Чи ямар ч сайхан юм үзсэн, түүнийгээ ярихад чинь үнэн сэтгэлээсээ баярлан хүлээж авдаг хүн тэр хоёроос өөр хэн буй? Чи яаж ч баярлалаа гэсэн тэр баярыг хоёр хөгшнөөс чинь өөр дүүрэн хуваалцах хэн буй бол? Чиний зовлонг ч чиний эдэлж буйн дайтай мэдэрч адилхан зовох нь хэн бол? Араас чинь сүү өргөөд үлддэг ээж чинь алга болохын цагт нутгаас буцахдаа чи нэгийг бодож, нөгөөг ухаарах буй заа. Ээжтэй хүн бүхэн, ээжийгээ амьд байгаад, ээжтэй байгаадаа нэг баярлагтун!
Ээжийгээ баярлуулах боломж буйдаа хоёр баярлагтун! Хэмээгээд цаглашгүй ачит ээжийнхээ дурсгалд зориулсан эл бичлэгийг өндөрлөе.
ЦАХИМ ХАНДИВ САН (handiv.mn)
Хүмүүнлэгийн хандивын нэгдсэн сан
Зорилго
Хандив шаардлагатай хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хандив цуглуулахад хялбар оновчтой нэгдсэн системийг бүтээж хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэхэд оршино.
Хэрэгцээ шаардлага
Монгол оронд интернэт хурдтай хөгжиж интернэт хэрэглэгчийн тоо эрчимтэй өсч байна. Мөн Улаанбаатар хотын экологийн тэнцвэр алдагдаж байгаагаас сүүлийн жилүүдэд өвчлөлийн тоо эрс нэмэгдэж тэр хэрээр эмчилгээний зардал өндөртэй хүнд өвчний тоо өсч байна. Хүмүүс эмчилгээний зардал олох зорилгоор цахим орчин тэр дундаа сошиал медиа хэрэглэгчидэд тулгуурлан цахим орчинд хандив цуглуулах явдал улам бүр ихсэж байна. Гэхдээ хандив цуглуулах үйл ажиллагаа нь ямар нэг зохицуулалт байхгүйгээс болж эмх замбараагүй болж хуурамч хандив цуглуулах, нас барсан хүнээр луйвар хийх гэх мэт сөрөг үзэгдэл үүсээд байна. Мөн хүнд өвчин тусаж хандив тусламж цуглуулж буй хүмүүст тулгардаг бэрхшээл нь данс нээлгэх, мессежээр хандив цуглуулах тусгай дугаар авах, авсан дугааруудаа олон нийтэд хүргэж сурталчилах гэх мэт үр ашиггүй зардал их гардаг.
Тэгвэл хандивын нэгдсэн сан бий болсноор дээрх бэрхшээлүүд байхгүй болох бөгөөд хандивын нэгдсэн санд хандсанаар асуудлаа хурдтай шийдвэрлэх боломж бий болох юм.
Цаашлаад зөвхөн эмчилгээний зардалд хандив цуглуулахаар хязгаарлахгүйгээр бүтээлч төслүүд болон нийгмийг шинэчлэх оновчтой санал санаачлагууд дээрээ хандив босгох боломжтой болох юм.
Монгол залуус #ЦАХИМХАНДИВ ын нэгдсэн ухаалаг системийг бүтээхээр ажиллаж байна. Та бүхэн дэмжээрэй.
Хүнсний монгол ногоо хямд байдаг намрын улиралд лууван, хүрэн, шар манжинг их хэмжээгээр авч хатааж нөөцөлснөөр өвөл, хаварт үнэтэй хятад ногоо авах шаардлагагүй болох юм.
Хатаах ажлын дараалал:
1. Угааж цэвэрлэнэ.
2. Маш нимгэн жижиг хэрчинэ.
3. Агаартай нөхцөлд ил задгай 14 хоног дэлгэж хатаана. Өдөр бүр эргүүлж тойруулж хөдөлгөж хатаана.
4. Хорчийж хатсаны дараа даавуун уутанд хийж ил газар тавьна. Агааргүй битүү нөхцөлд хадгалж болохгүй.
5. Хэдий ч удаан хадгалж хэргэлж болно.
6. Хэрэглэхийн өмнө бага зэрэг дэвтээж ямар ч хоолонд ашиглаж болно.
Би 10 хүний дайтай ажиллаж байж, бүх хүчээ шавхаж байж эх орноо сайхан болгоно гэж боддог. Тэрнээс биш зүгээр ярьж, мөрөөдөөд юу ч өөрчдөгдөхгүй. Өдөрт 6 цагаас илүү унтах хэрэггүй. Сэрүүн үедээ өөрийнхөө бүх хүч чадлыг хийж бүтээхэд зориул. Ингэж тэмүүлж яваад л үхнэ. Ганц олдох амьдралд жижиг бэрхшээлийн өмнө сөхөрч, өөрийгөө эрхлүүлэх эрх надад байхгүй. Би худлаа хоосон мөрөөдөж өдөр хоногийг аргацаахгүй. Замд гараад хийх ёстой маш олон зүйл байгаа олж хараад л хийж эхлэдэг.
За өөрийгөө хөгжүүлчихээд л хийж эхэлье, өөрийгөө боловсруулчихаад цөм авъя, за яг маргааш л өөр хүн болъё, ингэснийхээ дараа тэрийг хийнэ гэж явсаар өдөр хоногийг аргацаах хэрэггүй. Ингэж бодож явсаар нэг л мэдэхэд нас чинь барагдсан байх вий. Юм хийж бүтээж байж л өөрийгөө танин мэддэг юм. Өөрийгөө таних гэж сууснаар өөрийгөө таньдаггүй юм. Улам л уймарсаар байгаад таардаг. Зүгээр л чиний амьдралын зам мөр тэмцэл чинь чамайг өөрийгөө ойлгоход туслана. Амьдралтай нүүр тулж байж өөрийгөө ойлгоно.
Бүхнээс зугтлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Буланд шигдсэн жаахан хүү хэвээрээ л үлдэнэ. Чи бусдын амьдралаар биш өөрийнхөө амьдралаар л амьдар. Өөрийн замналыг өөрийнхөөрөө гараар бүтээ. Зовсон ч жаргасан өөрийн бүтээсэн амьдрал л гайхалтай.
Ж.Лувсандорж
2013/09/27