Author: admin

  • Хүүхэд бүрийн дахин давтагдашгүй онцлогийг танин мэдэх- ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ЦОГЦ ОНОШИЛГОО

    Хүүхэд бүрийн төрөлх онцлог, өсөж буй орчин харилцан адилгүй өөр өөр байдаг. Энэ нь хүний хэл яриа, сэтгэхүйн дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой болж төлөвшдгийн эх үндэс болдог. Өөрөөр хэлбэл бид шоргоолжийг харахад бүгд нэгэн адил байдаг, харин Батаа Тулгаагаас өөр, Цэцэгээ Дулмаагаас өөр гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Тэгвэл өөр өөрийн онцлог шинжтэй хүүхдүүдийг бид нэгэн хэвэнд цутгахтай адил хүмүүжлийн нэг арга барилаар харьцах нь буруу болж байгааг доорх жишээнээс харж болно.

     

    Тухайлбал тус төвийн гишүүд болох Э, А хоёр нь ижил темпераменттай боловч, төрж өссөн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүжлийн өөр арга барилаар харьцах шаардлагатай нь доорхи ажиглалтаас харагдаж байна.

     

    Э – 4 нас 7 сартай. Эрэгтэй

    А – 4 нас 4 сартай. Эрэгтэй

    Онцлог

    Төрөлх хэв шинж: холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: аав нь хол ажилтай, ээж нь мөн ажилтай завгүй, гэртээ асрагчтайгаа байдаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, хурц цочмог ааштай, хүний үг авдаггүй.

    Төрөлх хэв шинж: холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: ээж, аав, нагац эгчийн хамт амьдардаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, тайван, нээлттэй, хүний үг авдаг.

    Энэ хоёр хүүхдийн төрөлх хэв шинж нь ижил, уурласан үед хоёулаа цочмог зан авир гаргаж, орчны эд юмсыг эвдэн сүйтгэж эхэлдэг.

    Орчны нөлөө

          Энэ хүүхэд нь орчны эд юмсыг минийх гэж ханддаг, хүний үг авдаггүй, өөрийнх нь уурыг хүргэвэл гарт баригдсан зүйлээ бусад руу авч шиддэг, хүнийг ялгаварлаж харьцдаг, цочмог ааш үе үе гаргадаг. Мөн албаар бусдын юмыг булааж, сүйтгэдэг.

          Гэвч өөрийн юмандаа их нямбай, хурдан гүйлгээ ухаантай, ой тогтоолт сайн. 

            Энэ хүүхэд нь эргэн тойрны хүмүүсээ өөрийн тавьсан шаардлагыг биелүүлээсэй гэсэн хүсэл хандлагатай. Намайг хүндэл, надтай зөв харьц гэсэн харилцааны хэв маяг илэрдэг ба энэ зөрчигдвөл уцаарлаж, цочмог ааш гарган бусдыг цохиж авдаг.

           Сайн муу, зөв бурууг сайн ойгодог, хэл яриа сайн хөгжсөн, тайван, нээлттэй зан авиртай, юмыг аажим сурдаг. Энэ хүүхэд бусадтай найрсаг харьцдаг, уурыг нь хүргэвэл цочмог уурладаг. 

    Харилцах арга барил

          Энэ хүүхэд бусадтай ширүүн харьцдаг тул хүмүүжүүлэх арга барилдаа мөн ширүүн байх зарчмыг хавсаргавал зүгээр. Ширүүн байх зарчим нь зодохын нэр биш, нэг хийсэн алдаагаа албаар дахин хийдэг тул шийтгэх арга барил сайн буюу өөрөө өөрөөр нь шийтгэлийг мэдрүүлбэл ухаажина.

     

    Энэ хүүхдийг уурласан үед шийтгэх байдлаар харьцвал уураа зөв удирдаж сурна. 

           Тиймээс энэ хүүхэдтэй загналгүй учирлан хэлэх байдлаар харилцаж, өөрөөр нь асуудлыг шийдүүлж байх нь сайн. Магтаал энэ хүүхдэд урам болно. Аажимдаа энэ уурласнаас гардаг цочмог хандлага нь намжих ба зоригийн шинж чанар сууж байгаа энэ насанд хүүхдийг хориглолгүй, зэмлэлгүй байх нь сайн.

     

    Энэ хүүхдийг уурласан үед давуу талд түшиглэн магтаалын үгээр харьцвал уураа барьж сурна. 

     

     Бид хүүхдийн өөрийнх нь өвөрмөц онцлогийг таньж мэдээгүйн улмаас буруу харьцаж, буруу хандлагаар хүмүүжүүлснээс тэднийг “буруу ишилсэн сүх” мэт хүний үг ойлгодоггүй, зөв бурууг ялгах чадваргүй, сэтгэлийн хатгүй, өөрийгөө голсон, амьдралын сайн сайхныг мэдрэх чадваргүй амьтан болгочихдог. Хүн өөрөө нийгмийн амьтан бөгөөд, бидний хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг зүйл бол гагцхүү бидний харилцаа хандлага байдаг. Тэгвэл ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь Монголд анх удаа хүүхдийн төрөлх онцлог, давтагдашгүй өвөрмөц зан чанарыг хүүхэд шуугисан бодит орчиндоо ажиглан судалж, тэдний онцлогийг илрүүлэн, эцэг эхэд нь хүүхдийнхээ онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцаж,  ямар хандлагаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгоод байна.

    Бидний хүүхэд гагцхүү найз нөхдийнхөө дунд, тоглож байх явцдаа л хамгийн чөлөөтэй байж, дотоод сэтгэл мэдрэмжээ тухай бүрд ил гаргаж байдаг ба хаалттай бус нээлттэй байгаа тэр мөчүүдэд л бид хүүхдийнхээ дотоод ертөнцрүү нэвтрэх боломжтой билээ. Тиймээс та бүхнийг хүүхдийнхээ онцлогийг багаас нь судлан таньж, эерэг сайн сайхан талыг нь дэмжин тэтгэж, сөрөг муу зан чанар, муу хандлагыг эрт илрүүлэн засч залруулж, хүүхдийнхээ ирээдүйд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрахын үндэс болсон “ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЦОГЦ ОНОШИЛГОО” нд үр хүүхдээ хамруулахыг уриалж байна.

  • Хүүхэд маань үгэнд ордоггүй, яах вэ?

    A: Манай хүү 5 настай, битгий хашгираарай, дүү нь унтаг гэж хэлээд эргэх хооронд л хашгираад, дүүгээ сэрээчих юм. Яах вэ?

    Х: Таныг битгий хашгираарай гэж хэлэхэд хүүд тань “хашгирах” гэдэг сэрэл ирнэ, тиймээс л хашгирч байгаа юм, тиймээс тэр өдөөлтийг үүсгэхгүйн тулд та, -миний хүү намуухан тоглоорой, дүү нь унтаг гээд хэлэхэд л хангалттай. Харин одоо хүүд чинь “намуухан тоглох” гэдэг ойлголт л биелэлээ олно.  

  • 3- 4 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

     
    1. Юмсын хэсгүүдийг ялгаж нэрлүүлэх / цамцны зах, ханцуй гэх мэт /
    2. Юмсыг хэмжээ, хэлбэр, өнгө, эд материал, зориулалтаар нь ялгадаг болох
    3. Хүнд хандан асуулт тавьж, асуултыг зөв зохиож сурах
    4. Мэддэг үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр зохиомжлон, ургуулан бодож, ярьдаг болох:
    5. Эд юмсыг 1-ээс 10-ын дотор тоолж сурах:
    6. Эд юмсыг нэмэгдүүлэх ба хорогдуулж тэнцүү болгодог ойлголттой болох
    7. Эд юмсыг ангилан харьцуулж сурах / урт-богино, бүдүүн- нарийн гэх мэт/
    8. Улаан, хөх, шар ногоон өнгийг нэрлүүлэн, хэл яриандаа хэрэглэдэг болох
    9. Тэгш өнцөгт дүрстэй танилцуулан, гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдээр шинэ дүрс бүтээх, эвлүүлж сурах
    10. Хос /гар, хөл, нүд, гутал, бээлийг г.м / гэсэн ойлголттой болох:
    11. Өнөөдөр гэсэн ойлголт өгч хэл ярианд нь хэрэглүүлэх
    12. Хэдийд гэсэн асуултанд зөв хариулж сургах.
  • 2-3 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

    Бусдаас өөрийгөө онцолж чаддаг /юугаараа ижил, өөр болохыг/

    Эд юмсыг осол аюулгүйн талаас нь мэддэг

    Эд юмсыг хайрлах, гамнадаг

    Өөртөө тааламжтай ба тааламжгүй байдлыг ялгах

    Аливаа зүйлийн бохир, цэвэр цэмцгэрийг ялгах

  • 2- 3 насны хүүхдийн бие бялдрын хөгжил

    1. Ам, хамрын алчуурыг зөв хэрэглэх
    2. Гараа савандаж угаах
    3. Ширээнд сууж бусдад саад бололгүйгээр хооллох
    4. Халбага сэрээг зөв барьж хооллож сурах
    5. Хувцсаа өмсөж тайлах, эвхэж тавьж хэвшүүлэх
    6. Нар, ус, агаараар чийрэгжүүлэх хөл гарын хөдөлгөөнөө зохицуулан алхаж, гүйж сурах
    7. Бусад хүүхдийн хөдөлгөөнтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулдаг болох
    8. Хөл, гарыг ээлжлэн зөөж тавьж, мөлхөх
    9. Байрандаа үсрэх
    10. Зураасан дээгүүр давж үсрэх
    11. Тодорхой зайтай 2 шугамын хооронд тэнцвэрээ хадгалан явж: бөмбөгийг шалан дээгүүр өнхрүүлж сурах.
  • Д.Баяраа /МУГЭмч, клиникийн проф/: “Индиго” хүүхэд айл бүрт байдаг /Өвчингүй эрүүл хүүхэд өсгөх зөвлөгөө/

    Хаврын улиралд бага насны хүүхдийн өвчлөл ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх эмч Д.Баяраатай ярилцлаа. 

     

    -Сүүлийн үед хүүхдүүд ямар өвчнөөр их өвдөж байна вэ?

    -Өнөөдрийн байдлаар нийслэлд 0-10 настай нийт хүүхдүүд дээр улирлын чанартай ханиад их байна. Энэ ханиадны ерөнхий шинж тэмдэг нь амьсгалын замыг дагууд нь үрэвсүүлээд, хоолой боох хандлагатай гарч байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдээ чийрэгжүүлэх хэрэгтэй. Ойрын үед гадаа цаг агаар хуйсагнуур байна. Өглөө дулаахан байснаа өдөр цасаар шуурах болсон. Тийм болохоор аль болох хүүхдийг дулаалж гарч байх. Мөн хаврын сэргийлэлт болгож витаминжуулалтанд сайн хамрагдах нь чухал. Ингэснээр дархлаа сайжирна. Түүнээс гадна хүүхдэд амралт, зөв хооллолтын дэглэмүүдийг сайн хэлж өгч байх нь үр дүнтэй байдаг. Харин бага насны болон нярай хүүхдийг хаалга үүд онголзуулаад өрөөнөөс өрөөний хооронд мөлхүүлээд байх хэрэггүй. Эцэг эхчүүдэд зөвлөдөг зүйл бол хүн бүхэн зөв үзэл бодолтой байхгүй бол хүүхдийг маш их хямраадаг. Яагаад гэвэл хүүхдийн бие организмын 80 орчим хувь нь уснаас бүрддэг.

    Ус өөрөө маш их мэдээлэл шингээдэг учраас хэдий их хүмүүсийн сэтгэл санаа үймээнтэй байна төдий чинээ хүүхэд түүнд нь өртөх магадлал өндөртэй. Тийм учраас үр хүүхдээ бодоод эцэг эхчүүд маань төлөв төвшин байхыг цаг ямагт хичээ. Мөн гадаа агаарын бохирдол дэндүү их байна. Цаг агаар дулаарсан ч тоосжилт ихтэй, хүмүүсийн гудамжинд хаясан ахуйн болон бусад хог хаягдлаас болж агаар их бохирдож байна. Өнөөдөр Монголд хүүхэдгүй айл гэж байхгүй. Гудамжны хог хаягдлаас агаараар дамжаад хүүхэд төдийгүй том хүн ч өвддөг.

     

    -Үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүд ханиаднаас гадна ямар өвчтэй байна?

    -Гэдэсний өвчин маш их байна. Хүүхдүүд хоолноосоо их хорддог. Тийм болохоор ууж, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ хяналт тавьж байх хэрэгтэй. Хийсэн хоол хоёр цаг болоод л шим тэжээлээ алдан нян тээгч болдог. Гэтэл манайхан бүр хоносон хоол хүртэл өгч байна шүү дээ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Мөн зурагтаар сөрөг мэдээлэл агуулсан зүйл үзүүлээд байж болохгүй.

     

    -Нэгэнт өвдсөн хүүхдүүдэд ямар эмчилгээ сувилгаа хийх хэрэгтэй вэ. Манайхан эмчийн зөвшөөрөлгүй эм хэрэглэх тохиолдол их байдаг?

    -Хамгийн сайн арга нь иллэг массаж. Мөн гаднаас орж ирсэн хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн хоолойгоо сойж занших нь сайн. Хүүхдээ цэвэр агаарт гаргаж болж өгвөл усанд өдөр бүр оруул. Ерөөсөө хотын хүүхдүүд хөдлөхгүй зурагт үзээд л суугаад байдаг болохоор хөдөлгөөний дутагдалд их орж байна. Дээрх хэлсэн зөвлөгөөнүүдийг сайтар дагаж чадвал энэ таны хүүхдийг чийрэгжүүлж өвчнийг хурдан эдгээхэд чухал үүрэгтэй байдаг. Мөн манай эцэг эхчүүд дур мэдэн антибиотик болон бусад эмнүүдийг хүүхэддээ уулгадаг. Хүүхэд ямар ч шалтгаанаар өвдсөн байж болно. Гэтэл зөвхөн антибиотик уулгаад байна гэдэг маш буруу үйлдэл. Түүний оронд зүгээр л хэсгийнхээ эмчид хүүхдээ үзүүлээд боломжгүй бол шинж тэмдгийг нь хэлээд зөвлөгөө авчихаж бай. Орчин үед тэртээ тэргүй индиго хүүхдүүд төрж байгаа болохоор аливаа зөв эмчилгээ сувилгааг маш түргэн хүлээж авна.

     

    -“Индиго” гэдгээ тодруулахгүй юу?

    -Индиго буюу Монголоор “гасан” хүүхдүүд гэж хэлдэг. 20-р зууны төгсгөлөөр дэлхий дахинд ийм хүүхдүүд төрж эхэлсэн. Ерөнхийдөө 21-р зуун гэхэд айл бүр индиго хүүхэдтэй болсон. Энэ бол маш ухаантай хүүхдүүд. Гэрийн энергийг цэвэршүүлдэг бөгөөд гэрлэн бие нь жирийн хүүхдүүдээс ондоо. Өвчин тусчихвал өөрөө өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эдгээж чаддаг. Харин ийм ухаантай хүүхдүүдээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ хүн бүхэн бодож байх хэрэгтэй. Энэ тал дээр багш, эмч, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж ажиллахаа бодох хэрэгтэй. Тухайлбал би өнөөдөр энэ сууж байгаа үзлэгийнхээ өрөөнд хүүхдийн тоглоом, хүүхэлдэйн киноны баатруудын зурагт хуудас гэх мэт зүйлийг байрлуулсан байна. Энэ бага насны хүүхдийн оюун ухааныг сайжруулдаг. Хүүхдийн тархи гурван нас хүртлээ компьютерийн сүлжээ шиг ажилладаг. Энэ компьютерийн сүлжээг сайн болгохын тулд хүүхэдтэйгээ үргэлж ярьж, сонсож, зааж хөгжүүлж байх нь сайн.

     

    -Индиго хүүхэд гэдгийг нь яаж мэдэж болох вэ?

    -Тухайлбал миний үзэж байгаа энэ хоёр хүүхэд харцнаасаа ухаантай гэдэг нь харагдаж байна. Индиго гэхээр бүр бусад хүүхдүүдээс гоц, ухаантай гэж ойлгож болохгүй. Зүгээр л сандал дээр суух, юм сонирхож байгаагаас нь л мэдчихдэг.

     

    -Хоёулаа нярай хүүхдийн талаар ярилцъя. Нярай хүүхдийг асрахад юун дээр анхаарах хэрэгтэй юм бол оо?

    -Хүүхэд эхийн хэвлийд байхад эхсийн цусаар дамжуулаад ээжээс нь бүх хооллолт явагдаж байдаг. Гэтэл хүйс таслагдсан тэр цагаас хүүхэд уйлж уушиг тэлэгдэнэ. Мөн ургийн усанд байх хугацаанд усаа сэлгээд хооллоод байдаг байсан бол хүйс нь таслагдсан хойно ээжээс нь тусдаа бие даасан цусны эргэлт явагддаг. Хэдийгээр энергийн сувгуудаар жижиг жижиг хялгасан судсууд гүйн хүүхэд өөрөө бие даасан хүн болж байгаа боловч эдгээр хүүхдүүд ээж аав хоёроосоо 13 нас хүртлээ өөрийн энергиэ авч байдаг. Хоёрдугаарт хүй огтлогдсон тэр цагаас эхлээд хүүхдийн арьсанд шарлалт үүсдэг. Энэ шарлалт хэвийн үедээ 7-10 хоногийн дараа зүгээр болох ёстой. Гэтэл үүнээс илүү удаан үргэлжилж хэт хурц тод өнгөтэй болбол шууд эмчид ханд. Энэ бол шарлалт. Шарлалт гэдэг их олон янз байдаг. Сүүлийн үед ихэвчлэн цөсний ханын гажгаар шарлаж байна. Танай хүүхдийн баас шар өнгөтэй байвал хэвийн харин цагаан бол яаралтай эмчид хандах шаардлагатай гэсэн үг.

     

    -Нярай хүүхдийн талаар ийм байдаг юм байж. Харин эхийн хэвлийд байхад хүүхдийг хэрхэн асрах ёстой вэ?

    -Ээжийг жирэмсний хугацаанд маш тайван байлгаж хоол хүнсэнд нь анхаарах хэрэгтэй. Гасан хүүхдүүд эхийн хэвлийд бүрэлдэж нэг cap болоод л гадаад ертөнцийг ээжээрээ дамжуулан мэдэрч эхэлдэг. Тийм болохоор хүүхдээ хэвлийд байхаас нь сонгодог хөгжим сонсгож, биднийг сонгож ирсэнд баярлалаа гэдгийг мэдрүүл. Сүүлийн үед эмч нарын санааг нэг зүйл маш ихээр зовоож байна. Хүүхдийг эхийн хэвлийд байхад гэдсэн дээр нь хүнд зүйл тавих эсвэл 2-6 насны хүүхдүүдийг өвөртөлж унтсанаас болж хөл гар нь хугарч байна. Тиймээс жирэмсэн эхийг бага насны хүүхэд өвөртлүүлж унтуулах хэрэггүй. Тэр тусмаа индигохүүхдүүд маш хөдөлгөөнтэй байдаг.

     

    -Индиго хүүхдүүд ямар учраас хэт хөдөлгөөнтэй байдаг юм бол оо?

    -Гасан буюу индиго хүүхдүүдэд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйл бол хэт идэвхжлийн шинж тэмдэг. Хүүхдийн бие организмд нэгэн төрлийн бодис заавал багтаж байдаг. Харин жирийн хүүхдүүдэд байдаг энэ бодис хэт их ухаантай индиго хүүхдүүдэд тохирохгүй байгаа болохоор эд нар хөдөлгөөнтэй байгаа. Энэ байдал дэлхийн эмч нарын санааг их зовоож байгаа.

     

    -Үүнийг эмчлэх ямар нэгэн арга байдаг уу?

    -Янз бүрийн эмчилгээ хийж байсан. Тухайлбал Америкт гэхэд энэ төрлийн хүүхдүүдэд тайвшруулдаг эм өгөөд эхэлсэн чинь гоц ухаантай байдал нь алдагдаад эхэлсэн. Дэлхийн эмч нарын хийж туршиж үзсэн олон эмчилгээнүүдээс хамгийн шалгарсан арга нь сойздох эмчилгээ.

     

    -Сойздох эмчилгээ гэж яг юу болохыг тодруулахгүй юу. Монголд энэ төрлийн эмчилгээг хийж байна уу?

    -Би саяхан гадаад яваад ирсэн. Тэр сойз нь маш үнэтэй юм билээ. Сойзны хувьд зүгээр бид нарын юм сойздож угаадаг шиг мөртлөө маш зөөлхөн үстэй байдаг юм байна. Сойздох эмчилгээг яаж хийдэг вэ гэхээр хүүхдийн гар, хөл, нуруу, нүүрийг дээрээс нь доош 10 удаа сойздоно. Харин хэвлий толгойг нар зөв мөн 10 удаа сойздох хэрэгтэй. Хамгийн гол нь цээжийг сойздож болохгүй шүү. Энэ эмчилгээг 4-5 cap хийсний дараа хүүхдийн хэт идэвхжлийн шинж тэмдэг арилна.

     

    -Бага насны хүүхдүүдэд өөр ямар төрлийн өвчин тусах магадлал өндөртэй байдаг вэ?

    -Хүүхдийн өөрийнх нь онцлогоос болж гурван төрлийн эмзэгшил байдаг. Харин үүнийг анагаах ухаанд өвчин гэж үздэггүй. Өвчин биш гэхээр эцэг эхчүүдийн санааг ямагт зовоож байдаг. Энэ бол өвчин ч биш, эрүүл ч биш хоёрын зааг дээрх эмзэгшил. Үүний эхнийх нь хүүхдийн салтаа улайх. Хэрвээ салтаа улайгаад байна гэвэл энэ хүүхдийн цусанд нь их хэмжээний хүчиллэг байна гэсэн үг. Хүчиллэг их байхаар шээс нь хүчиллэгтэй гараад салтааг нь улайлгаад байдаг. Үүнийг нь эцэг эхчүүд бэлэг эрхтэн нь улайдаг гээд эндүүрэн тоохгүй орхисноос цаашдаа бөөр, давсаг, цөс гэмтэх магадлалыг бий болгоно. Мөн хүүхэд хөдөлгөөнтэй тогтворгүй тайван биш болдог. Тийм болохоор дээрх байдалд эмчилгээ хийлгэнэ. Энэ бол “түрийн”-ий солилцооны алдагдал л даа. Бид нарын биед янз бүрийн бодисын солилцоо явагдаж байдаг шүү дээ. Түрийн гэдэг зүйл чинь маханд их хэмжээтэй байдаг. Энэ бодисын солилцооны сүүлчийн үр дүн нь хүний цусанд шээсний хүчлийг их хэмжээгээр бий болгож байна. Гэр бүлийн нэг гишүүний л салтаа улайж байгаа бол энэ өвчин тэр гэр бүлийн бүх гишүүдэд байна гэсэн үг. Манай Монголчуудад энэ эмзэгшил маш их байдаг. Учир нь мах их иддэг. Өнөөдөр Монголчуудын жирийн л нэг хүнийг харахад үе мөчний өвчтэй байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр насан туршдаа хүчиллэг цус явсаар байгаад эцэстээ үе мөчийг гэмтээн хөлний жийргэвчийг солиулахад хүргэж байна. Энэ чинь эцсийн эцэст бага наснаас нь хүчиллэг цус явсаар байгаад үе мөчний өвчин бий болгож байна гэсэн үг.

     

    -Нэгэнт маханд их хэмжээгээр агуулагддаг бодис болохоор Монголчууд мах идэхээ л багасгах хэрэгтэй гэж ойлгож болох уу?

    -Махан дундаа малын гаралтай болон гахайны маханд энэ төрлийн бодис их байдаг. Тийм болохоор загас тахианы махыг түлхүү хэрэглэж байх нь чухал. Бид нар мах чаначихаад нитгэлэгийг нь авалгүйгээр гурил будаа шөлөн дээр нь чанаад иддэг. Гэтэл нитгэлэг дотор тэр хүчиллэг зүйл чинь маш их агуулагддаг. Харин хүнсний ногооны хувьд хурган чихний хүчил агуулсан ногоо бага хэрэглэ. Хурган чихний хүчил гэдэг нь жууцай, сонгино гишүү… гэх мэт ногоонууд.

     

    -Дээрх эмзэгшилтэй хүүхдүүдийг эмээр эдгээж болдог уу?

    -Эмний хувьд В6, АЕ витамин уух шаардлагатай. Ер нь хүүхэд гэлтгүй том хүний амнаас ч гэсэн эвгүй үнэр үнэртээд байдаг шүү дээ. Энэ бол түрийний солилцоо алдагдсан гэсэн үг. Витамин В6-г хүүхэд өдөрт 2/1 -ээр хоёр удаа, том хүн өдөрт гурван удаагийн давтамжтайгаар хоёр долоо хоног уух хэрэгтэй. Харин витамин АЕ-г жилдээ нэг удаа уучих хэрэгтэй. Үүнийг том хүн бүтнээр нэг удаа, 14 хоног, хүүхэд долоо хоногт хоёр ширхгийг ууж болно.

     

    -Залуу эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах тал дээр хэр байна вэ?

    -Ер нь залуучууд боловсрол сайтай, ухамсартай байдаг болсон. Эрүүл мэндийн мэдлэг нь ч сайжирч байна. Эцэг эхтэйгээ, олуулаа амьдардаг хүүхдүүдийн оюун ухаан их хөгждөг нь ажиглагдсан. Залуу эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд хүүхдэд чихрийг маш бага идүүлэх хэрэгтэй. Багаасаа чихэр их идэж өссөн хүүхэд том болоод уур уцаартай, өвчин тусамтгай болдог. Мөн эрүү нь их жижигхэн байдаг.

     

    Б.Энхжаргал 

  • Хүүхдийнхээ үгийг сонсдог бол бие даах чадвар нь сайжирдаг

    -Бага насны хүүхдийн үг яриаг чин сэтгэлээсээ сонсож байх нь чухал. Энэ нь хүүхдийг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход нь чухал нөлөөтэй.
    -Хүүхдэд хүндэтгэлтэй хандах нь тэднийг аливаа асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхэд нь тус болдог.
    -Өөрийнх нь яриаг ээж аав нь анхааралтай сонсож буйг хүүхэд чинь мэдэрсэнээр өөрийгөө “их чухал” хүн” болохыг ч мэдэрдэг.
    -Хүүхэд ямар нэг юм хүсэх юмуу эсвэл уйтгарлах үедээ энэ бүхнийг ээж аавдаа ойлгуулж ярихыг хүсдэг. Энэ үед нь аав ээж нь үл ойшоосон байдал гаргавал хүүхдийн чинь найрсаг харьцаа эвдэрч эхэлдэг.
    -Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлж буй үгний утгыг ойлгохыг хичээгээрэй. Тэгээд дараа нь үнэн зөвийг олоход нь хүүхэддээ туслаарай.
    -Хэрэв хүүхэд “Би хоол идмээргүй байна” гэвэл аав ээж нь “Чи жаахан ч гэсэн идээд үз л дээ” гэх мэтээр хүүхэддээ итгүүлэх аргыг хэрэглэж байгаарай.
    -Хүүхэд бол таны хүүхэд ирээдүй. Иймд та хүүхдийнхээ үгийг сонсож түүнийг хүндэтгэж буйгаа ойлгуулж чадвал хүүхэд чинь найрсаг нөхөрсөг зантай нэгэн болон өснө

  • Хүүхдийн хоолны дуршил буурахад яах вэ

    Эхийн хөхөөр байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил хэвийн сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны пюре зэрэг нэмэлт хоолны амтанд  хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Харин энэ үед нь та бяцхан заль хэрэглэ. Чихэрлэг сүү, жимсний шүүс, нухшанд хэт дассан хүүхдэд чихэрлэг амтыг аажим аажмаар багасгаж өг. Халбагаар идэх дургүй бол шингэн шөл зэргийг шилэнд хийж, угжаар өг. Хоол идэх үед нь тоглоом, дуртай зүйлээр нь оролдуулж хэрэггүй. Зохих порцыг идэж дуусгаагүй бол санаа зовох хэрэггүй.Ойноосоо өнгөрөөд хүүхэд нэг төрлийн, амтгүй хоолыг идэх сонирхолгүй болдог. Энэ үед та ч гэсэн хүүхэддээ өгч буй хоолоо амтархан идэж чадах эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ, “Үгүй” бол жаахан хүүхдээс юу шаардах билээ.Хэрвээ та хоол идэх үед нь хүүхдээ тоглоом, ном, үлгэр зэргээр саатуулаад сурчихсан бол тун муу хэрэг шүү. Ийм зуршилтай хүүхдүүд хоолондоо бус нөгөө зүйлд анхаарлаа илүүтэй хандуулснаас ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж саатан, хоол шингэх явц удааширдаг.Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хүч хэрэглэн хооллох гэж оролддог. Энэ бол уучлашгүй муу үр дагавартай. Айлгаж, албадан хоол идүүлэх нь хүүхдийг маш удаан хугацаагаар хооллох сөрөг рефлекстэй болгодог. Тиймд тэвчээртэй, алсын хараатай бай. “Идэхгүй” хэмээн хашгирч халбагаа чулуудвал, энэ удаагийн хоолыг өнгөрөөгөөд хэсэг хугацааны дараа дахин өгөх хэрэгтэй.

     

     

    Хүүхэд өвчилсөн үед

     

    Мөн хүүхэд ямар нэг өвчнөөр өвчилсөн үед хоолны  дуршил аяндаа буурдаг. Энэ үед хүүхдэд тасралтгүй хоол идүүлэх гэж шахаж болохгүй. Ингэвэл дотор нь эвгүйрч, гэдэс өвдөж, бөөлжин, гүйлгэж ч болно. Өвдсөн ялангуяа халуурч буй үед хүүхдэд аль болох их шингэн уулгаж, хөнгөн, хурц биш шингэвтэр зутан маягийн хоол өг. Хооллолтын талаар хүүхдийн эмчтэйгээ зөвлө. Өвдсөн үед хүүхэд турвал яах вэ? Сандрах хэрэггүй. Эдгэрэх үед нь хоолны дуршил аяндаа сэргэнэ. Гол нь шахаж  болохгүй. Энэ үед хүүхдэдээ жимс ,жимсгэнэ аль болох их идүүлээрэй.

     

    Ойр ойр өвддөг хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэй. Жилд дөрөв түүнээс олон удаа өвдвөл хүүхэд турж эцэн, цус багадаж, дисбактериоз үүсч, шүд нь өвчилдөг. Ялангуяа антибиотик эмчилгээ хийлгэсний дараа хүүхдийн бие организмд уураг, өөх тос, аминдэм, эрдэс давсны хэвийн солилцоо алдагдаж, биеийн эсэргүүцэл нь сулардаг юм.

     

     

    Энэ тохиолдолд яах хэрэгтэй  вэ?

     

    Юуны түрүүнд, тодорхой дэглэм сахин зөв хоолло. Хүүхдээ аль болох удаан хугацаагаар салхинд, цэвэр агаарт гаргаж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Сул биетэй хүүхдийг аль болох амрааж, өдөр унтуулж байвал сайн. Мөн инээлгэж, сэтгэлийг нь сэргээж хөгжөөж байх хэрэгтэй. Хэвтрийн дэглэм сахиж буй хүүхдийн дэргэд нь байж тоглож саатуул.

     

    Хоол тэжээлийн хувьд аминдэм, эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй.  Калорийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна.

     

    Амьтны гаралтай уураг хүүхдийн бие организмд онцгой шаардлагатай тул өдөрт хагас литрээс багагүй сүү тараг уулгаж бай. Тараг бол бүр ч сайн. Ойгоос гурван настай хүүхдэд өдөр бүр 50 – 60 грамм, түүнээс дээш насныханд 50 -100 грамм тараг өгөхөд болно. Гэхдээ байнга нэг төрлийн биш, таргаа үрсэн жимс, жимсний шүүс, бяслаг, вареньтай хольж амтал.

     

    Харин уургийн гол эх үүсвэр бол мах. Мах нь фосфор, кали, В-гийн төрлийн аминдэмээр баялаг. Гэхдээ хүүхдэд өөх тос багатай махаар хоол бэлтгэж өгөх хэрэгтэй.. Бага насны хүүхдийн өдөр тутам идэх ёстой хэмжээ нь мах 60-70 грамм,  загас 20-30 грамм байдаг.

     

    Хүүхдийн биед өндөг нь 96 – 97 хувь шингэдэг бөгөөд төмөр, кальци, фосфороор тун баялаг. Хоёроос гурван настай хүүхдэд өдөр бүр тал өндөг эсвэл өнжөөд нэг бүтэн өндөг идүүлээрэй. Мөн энэ насныхны өдрийн норм нь цөцгийн тос 15 -20 грамм, ургамлын тос 5–6 грамм байна. Сахарын өдрийн хэрэгцээ 50-55 граммаас хэтэрч болохгүй. Ногоо, жимс, жимсгэнэ бол хоолны  дуршил муутай хүүхдэд юугаар ч орлуулшгүй чухал хоол хүнс юм шүү.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • Та хүүхдийнхээ араншинг мэдэхүү /Хүүхдийнхээ онцлогийг мэдэж харилцах ухаан/

    Том хүнтэй харьцуулбал хүүхэд нойрондоо илүү их хөдөлгөөнтэй, тийчэгнэж хөдөлдөг билээ. Сэтгэл зүйчид үзэж байгаагаар энэ үзэгдэл 2 шалтгаантай, 1-д хүүхэд сэрүүн үедээ ч томчуудаас илүү хөдөлгөөнтэй байдаг тул өдрийн идэвхтэй амьдрал нойронд нь тусгагдаж илүү хөдөлгөөнтэй унтдаг. Хоёрдугаарт хүүүхдийн нойрны зүүдлэх хугацаа нь томчуудынхаас харьцангуй урт байдаг байна.

     

    Хүүхэд орой унтахаас яагаад зайлсхийдэг вэ?

    Эцэг эхээ зовоох гэж бид хариулах байх. Гавч хариу нь маш хялбар. Тэд тоглох дуртай тул аль болох удаан тоглохоо боддог. Харин маргааш өглөө нь нойр дутуу босоод өдөржингөө ядруу байхыгаа огтхон ч төсөөлдөггүй.

    Хүүхэд хэтэрхий их ядарсан үед яагаад тайван бус байдалд ордог вэ?

    Үүнд биоритмыг буруутгаж болно, өдрийн турш идэвхитэй үе, идэвхигүй үетэй ээлжилж байдаг. Хэт их ядарсан үед бага насны хүүхдийг амраахгүй бол идэвхтэй үе рүүгээ шилжин, биеийн температур нь амрах үед буурах ёстой атал өсөж хүүхэд тайван бус байдалд ордог гэдгийг мартаж болохгүй.

    Нэг ой хүрээгүй хүүхэд барьж байгаа юмаа яагаад заавал унагаадаг вэ?

    Ийм хүүхэд нүдэнд нь харагдах зүйлс энэ ертөнцөд оршин байдаг гэсэн ойлголтоос салж эхлэх үе шатандаа байдаг. Юмаа унагаачихаад дээрээс нь өнгийж харж байгаа нь үл харагдах юм ч гэсэн байж л байх нь хэвээрээ гэдгийг шалгаж үзэж байгаа нь тэр. Унагаасан юмыг цэвэрлэхэд бэрх ч гэсэн энэ үе шат нь ертөнцийг танин мэдэхэд чухал үе гэдгийг санаж явах нь зүйтэй.

    Яагаад бага насны хүүхэд хоолоо голж шилдэг вэ?

    Та хүүхэд айлд очихдоо гэртээ ирдэггүй хоолоо амтархан иддэгийг мэдэх байх. Энэ насандаа хүүхэд өөрийн эрх мэдлээ мэдэрч эхэлдэг бөгөөд хоол идэх эсэх дээр өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж болох нэгэн талбар гэдгийг ухаардаг. Тийм болохоор хэр их өгөхийг та шийд, харин юуг нь сонгож идэх эрхийг өөрт нь өг. Хэрэв хүүхэд зөвхөн будаа гоймон иддэг бол эцэг эхэд нь бурууг өгч болно. Хүүхдэд аль болох олон төрлийн шим тэжээл аминдэм бүхий хоол санал болговол зүйтэй, тэгээд аль хэр идэхээ өөрөө шийдэг. Ямар ч байсан өлсөхгүй нь мэдээж. Ийм сонголт ө гснөөр хүүхэд өөрийн гэсэн хоолны талаархи ойлголт, бодолтой болно.

    Бага насны хүүхэд яагаад худал хэлдэг вэ?

    Баг насны хүүхэд үнэн худлын хоорондын ялгааг мэддэггүй. Жишээлбэл, тэдний цаг хугацааны талаархи ойлголт нь төлөвшөөгүй байдаг тул ” Чи шүдээ угаасан уу?” гэж асуухад “Тийм” гэж хариулж байгаа нь өчигдөрийн угааснаа хэлж байх жишээтэй. Мөн хүүхэд өөрийнхөө зохиож бий болгосон ертөнцдөө итгэж явдгийг мартаж болохгүй. Худал хэлэхдээ ч гэсэн хүүхэд түүндээ итгэж байдаг. Зарим үед хүүхэд санаатайгаар юу болохыг харах гэж зориуд худал хэлдэг. Амаа шоколад болгочихоод “Би таны шоколадыг идээгүй” гэх жишээтэй. Тийм тохиолдолд хүүхэддээ зохиосон худлыг залруулж “үнэмшилтэй” болгох боломж өгөх хэрэгтэй. Тэгээд бүр дараа, өөр нөхцөл байдалд үнэн худлын ялгааг тайлбарлах.

    Нялх хүүхэд яагаад гулгидаг вэ?

    -Улаан хоолой ходоод хоёрын хооронд байдаг хавхлага /клапан/ хооллож дууссаны дараа бүрэн гүүцэд хаагдах ёстой байдаг. Гэтэл нялх хүүхдийнх том хүмүүсийнх шиг боловсронгуй болоогүй тул гүйцэд хаагдахгүй хоол нь буцаад гарчих гээд байдаг.

    Хүүхэд яагаад нэг киног эсвэл номыг уйдахгүйгээр олон удаа үзэж уншдаг вэ?

    Хүүхэд киног эсвэл номыг нэг удаа үзэж уншихдаа бүх юмны болж байгаа үүл явдлын уялдаа холбоог тогтоож, бүхэлд нь ойлгож чаддаггүй. Дахин дахин үзэж нурших бүрт өмнө ойлгоогүй юмаа ойлгож, өөртөө шинэ нээлт хийдэг тул сонирхол нь буурдаггүй.

    Яагаад 3-7 насны хүүхэд бага насны хүүхэд шиг ярих дуртай байдаг вэ?

    Зарим эцэг эхчүүд үүнээс их төвөгшөөдөг. Энэ насны хүүхэд эрх дархтай том хүн баймаар ч юм шиг. Ээж аавдаа эрхэлсэн нялх хүүхэд баймаар ч юм шиг гэсэн хоёр хүсэлтээр сэтгэл нь хоёр хуваагдаж явдаг үе.
    Нялх хүүхэд шиг аашлахыг хэр хэмжээтэй байлгах нь зөв. Эрхлүүлэх үед эрхлүүлээд зарим үед чиний таван настай үеийн чинь хоолойг сонсмоор байна гэж сануулж байх хэрэгтэй. Хүүхэд байнга хялх мэт авирлэх нь хэт ачаалалтай байгаагийн дохио ч байж магадгүй шүү. Хүүхдэд анхаарал дутагдаж байгаагийн шинж. Тийм болохоор байсхийгээд чи том болсон шүү гэдгийг сануулах хэрэгтэй.

    Бага ангийн хүүхэд зөвхөн өөртөө л ижил хүйстэй хүүхдүүдтэй яагаад тоглодог вэ?

    -Энэ насны хүүхэд өөрийгөө эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгийгээ өмнөх үеэсээ илүү хурц мэдэрч эхэлдэг бөгөөд өөртэйгөө ижил хүйстэй хүүхдүүдийн бүлэгт ямар байр суурь эзлэх нь чухал болдог тул зөвхөн ижил хүйстэй хүүхдүүдтэй нийлэхийг хуодэг. өөрөөр хэлбэл зөвхөн охидтой тоглосоор би охин шүү гэдгээ олон нийтэд мэдээлж зарлаж байгаа нь тэр.

     

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • Зав багатай эцэг эхчүүдэд зориулсан хүүхэдтэйгээ харилцаж ойлголцож 10 арга

    Гэртээ хүүхэдтэйгээ хамт байх боломж эцэг эхчүүдэд тэр бүр байдаггүй юм. Тэгвэл хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой юм бол. Сэтгэл зүйчид зав багатай эцэг эхчүүдэд зориулан 10 зөвлөмж өгч байна.

    1.Өлсгөлөн битгий харь.
    Өлссөнөөс болж ямар ч хүн ууртай, тэвчээргүй болдог. Гэртээ харихаас өмнө зав, боломж муу байлаа ч ядаж нэг аяга кофе, эсвэл йогурт уучих хэрэгтэй.

    2. Ядрах хэрэггүй
    Биеийн болон оюуны хэт ачааллын үед ямар ч хүн өөрийгөө тун таагүй болсныг мэдэрдэг. Ийм үедээ бухимдуу, уур уцаартай болдог. Гэтэл таны ажил бүтэлгүй, ажилд дарагдсанд хүүхэд ямар ч буруугүй биз дээ. Хүүхэд эцэг эхээ юунаас болж уцаарлаад байгааг мэдэхгүй. Тиймээс томчуудын асуудлыг хаалганы цаана үлдээгээд гэртээ орж бай.

    3. Ажил бол ажил
    ”Ажил нь надаас чухал юм байна” гэсэн ойлголтыг хүүхэддээ төрүүлэхгүйн тулд гэртээ ажлынхаа асуудлыг хэзээ ч битгий ярьж бай. Ажил чинь танд таалагддаг, харин хүүхэддээ та хайртай.

    4. Хүүхэд нэгд
    Амжаагүй ажлаа гэртээ хийхээр яг ширээний ард суучихсан үед эсвэл оройн хоолоо ид бэлдэж байхад хүүхэд чинь тань дээр ирвэл та түүнийг “түлхэж” болохгүй. Хүүхэд бол хүн шүү дээ. Ажил, үдийн хоол хүлээж л байг.

    5. Таагүй ажлыг та өөрөө хий
    Хүүхэд бол танай гэр бүлийн тэгш эрхт нэг гишүүн. Туслагч ч байж магад. Гэр доторх хамгийн таагүй ажлыг хүүхдэд оноож, ялгаварлах хэрэггүй. Тухайлбал, бохир сув суулга, шал угаалгах. Яагаад заавал хүүхэд хог хаях ёстой гэж? Та захирдаг учраас уу. 

    6. Хүүхэддээ мэдрүүл
    Хүүхдээсээ илүү гэдгээ нотлох хэрэггүй. Та насанд хүрсэн хүн. Зөвхөн энэ шалтгаанаар та илүү мэдэж, илүү хийдэг. Сав суулгаа гялалзтал угааж, компьютерийн тоглоом мундаг тоглодог л байх. Та хүүхдээ өөрт итгэлтэй,хүчирхэг, үе тэнгийнхээсээ ялгарч байхыг нь хүсч байна уу. Тэгвэл хүүхдээ ухаалаг, авхаалжтай гэдгээ мэдрэхээрээр та түүнтэй харьц.

    7. Ажил чухал бол…
    Ажил бол гэр бүлээ тэжээх хэрэгсэл. Хэрвээ ажил чинь таны амьдралын утга учир болсон бол хүүхэдтэй байх шаардлагагүй. Ийм гэр бүлд хүүхэд аз жаргалгүй байж, хурдан насанд хүрэхийг л хүсдэг. Энэ бол эрүүл бус гэр бүлийн шинж.

    8. Хүүхдээ сонсч сур
    Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлсэн үгийг ач холбогдолгүй, чухал биш хэмээн үздэг юм. Хүүхэд хэдий бага ч түүний үгэнд “глобаль”ойлголтууд нуугдаж байдаг. Үнэн хэрэгтээ хүүхдийн бүх л үг яриа, үйлдэл, ажил таныхтай яг адил чухал зүйл.
    Хүүхдийнхээ сонирхолд доог тохуутай, шүүмжлэлтэй хандвал та хоёрын хооронд ямар ч итгэлцэл үүсэхгүй. Хүүхдийнхээ алхам бүрийг хянах бус харин ойлгох хэрэгтэй.

    9. Хүүхэдтэйгээ зөвлө
    Ажил дээрээ юу хийдэг чинь хүүхдэд бас сонин байдаг. Түүнд өөрийн санаа бодол, эмзэглэж буй зүйлийнхээ тухай ярь. Энэ бүхнийг сайжруулах талаар түүнээс зөвлөгөө ав.
    Хүүхэд томчуудын ажлыг ойлгох хэмжээнд өсч том болоогүй байна гэж битгий бод. Энэ тийм биш гэж үү. Тэр олон зүйлийг ойлгохгүй байж болно. Гэхдээ тэр эмоц, сэтгэл хөдлөлийг сайн мэдэрнэ. Тиймээс түүний зөвлөгөө зарим үед таныг бүр гайхишруулж ч магад. Хүүхэдтэйгээ зөвлөлдөх нь гэр бүлд нээлттэй, илэн далангүй уур амьсгалыг үүсгэн, итгэлцлийг бий болгодог. 

    10. Битгий зэмлэ
    Хүүхэд танаас эд, мөнгөний хамааралтай байгааг сануулахаас аль болох зайлсхийж бай. Энэ нь хүүхдийг эмзэглүүлж, доромж байдалд оруулдаг. Магадгүй сэтгэлийн гүндээ шударга бус гэдгийг мэдрэх таагүй сэтгэгдэл үлдэж, ингэснээр өөрөөсөө хүүхдээ хөндийрүүлж болзошгүй юм шүү.

     

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/