Author: admin

  • Ж.Жамсран: Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчилж догшрохоороо дийлддэггүй

    Сэтгэлийн их хат, өөрийн биеийн хүч энерги, төрсөн нутгийнхаа байгалийн хишигт шүтэн биширч, зөв харьцан, эдгэшгүй хэмээн оношлогдож байсан Ж. Жамсран гуай элэгний аюулт хүнд өвчнөө эдгээж, өдгөө энх тунх амьдарч байна. Олонд “Элэгний Жамсран” хэмээн домог мэт яригддаг тэрбээр 90 насны босгоор хэдийнэ алхаж, 100 руу дөхөж яваа. Түүний өөрийгөө эмчилж эдгэрүүлсэн эмчилгээний арга энгийн хэрнээ өвөрмөц, бас сонирхолтой. Ж.Жамсран гуай хэдийгээр анагаах ухааны боловсрол эзэмшээгүй ч үзэж харсан, биеэр туулж хуримтлуулсан эмчилгээний туршлага ихтэй. Тэрбээр өөрийн зориг тэвчээр, амьдралын ухаанаар эрүүл мэндээ элэгний хүнд өвчнөөс аварч чадсан нь хүмүүст одоо ч гайхал төрүүлдэг. Энэ сайхан буурал өөрөө өөрийгөө эмчилж, эрүүл явах ухаанд суралцаж, юу мэддэг чаддагаа олон түмэнтэй сэтгэл харамгүй хуваалцдаг билээ. Өрөөлийг өөр шигээ эрүүл болгохыг зорьж, тэтгэврийн хэдэн төгрөгөө хураан байж элэгний өвчнийг хэрхэн эмчилж болох талаар өөрийн үзэж туулсан, амьдрал туршлагад тулгуурлаж, 10 гаруй ном хэвлүүлсэн. Түүний ном олон уншигчийн амь насыг өвчнөөс аварсан гэдэг. Өвчинтэй тэмцэж, өөрийгөө ялж чадсан түүнийг Монголд мэдэхгүй хүн ховор болжээ. Ингээд уншигчдынхаа өмнөөс Ж.Жамсран гуайдаа энх тунх, эрүүл саруул, урт удаан наслахыг ерөөе.

    Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчилж догшрохоороо дийлддэггүй

    -Таныг элэгний аюулт өвчнөө өөрөө эмчилж эдгээсэн тухай өмнө нь домог мэл зүйл сонсчихоод их гайхаж билээ. Элэгний өвчнөөр шаналж буй хүн олон байгаа тул тантай уулзаж, зовсон хүмүүст зөвлөгөөг тань хүргэе гэж бодоод танайхыг зориод ирлээ?

    -Би 1970 оноос элэгний өвчинтэй тэмцэж өнөөг хүргэлээ. Москвад Цэргийн дээд курст суралцахаар явахад бие минь гэнэт муудаж, Оросын цэргийн эмнэлгийн эмч нарт үзүүлтэл элэгний онц аюултай өвчин, тэр дундаа элэг ходоодны холбоо судасны өргөсөлт болсон байна гэсэн онош тавьсан. Орос эмч нар эмчлэх гэж үзээд дийлээгүй тул Болгарын эмч нарт хандахыг зөвлөлөө. Зөвлөснийх нь дагуу Болгарыг зорьж, хоёр сар хэвтлээ, мөн л эмчилж чадсангүй. Нэг өдөр германы эмч нар “Таны өвчин их хүнд юм. Бид чадлынхаа хэрээр эмчилж байна. Амь булаалдах эмчилгээ хийгээд ч дийлэхгүй нь. Та эх орон руугаа буцсан нь дээр” гэж хэллээ. Надад ч нутаг ус, эх орноо эртхэн бараадъя гэх бодол тэр үед төрж эхэлсэн байв. Германаас онгоцоор буцаж явахдаа зүүрмэгллээ. Тэгтэл ээжийгээ “Миний хүү нутагтаа ир. Эх орон, төрсөн нутаг хүнийг авардаг юм” хэмээн хэлж байгаагаар зүүдэллээ. Тэр зүүднээс хойш ээж минь намайг сүнсээрээ удирдаад байх шиг санагддаг болж, үгэнд орохоор шийдсэн. Ээж минь надад амьд сэрүүн байхдаа “Чи Хэрлэнгийн усаар угаалгаж хөхөө хөхсөн, бас Хэрлэнгийн ширгээсэн ус балгаад ухаан орсон” гэж ярьдаг байсан юм.

    -Тэр үед “Одоо ч өнгөрчээ. Бушуухан харья” гэж яаран тэмүүлэх танд тэр зүүд их нөлөөлсөн байх аа?

    -Тэгсэн. Монголд ирээд сайд нарын зөвлөлийн эмнэлэгт хэвтэж байхдаа эмч нарт төрсөн нутгаа зорихоор шийдсэн тухайгаа хэллээ. Тэгтэл энэ тухай яриа Ю.Цэдэнбал даргын чихэнд хүрчээ. Ю.Цэдэнбал дарга “Чи буруу ярьж байгаа юм биш үү. Сайд нарын зөвлөлийн эмнэлгээс сумын төвийн эмнэлэг бараадаж, хөдөө хээр ууланд гарч зэрлэгшинэ гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэхэд “Даргаа өндөр хөгжилтэй олон орон намайг эмчилж дийлсэнгүй. Тэгээд надад өөрийнхөө төрсөн нутагт очиж, ясаа тавья гэх бодол төрсөн юм” гэж хариулав. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “За ерөөсөө чамд онгоц гаргаж өгье. Тэгэхгүй бол чи замын явдал суудал даахгүй” гээд онгоцоор Төв аймгийн Мөнгөн морьт суманд хүргүүлсэн. Би ч тэндээс нутгаа зорьж, Бурхан Халдун ууланд Тигр гэдэг нохой, Цагаадай хэмээх морьтой нөхөрлөн хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж зэрлэгшиж амьдарсан. Тэр үед хүмүүс Бурхан Халдун уул савдагтай болж гэнэ гэж ярьдаг байлаа. Таньдаг нэг нь “Зэрлэг хурандаа”, зарим нь ч “Мөнгөн морьтын зэрлэг”, “Гүйдэг хар”, “Мөнгөн морьтын савдаг” хэмээн нэрлэсэн дээ.

    Усанд өвчин анагаах увдис байдаг гэдэгт одоо ч эргэлзэхгүй итгэдэг

    -Та яриандаа Хэрлэн голын тухай байн байн дурдлаа. Энэ голын ус таныг өвчнөө анагаахад их тус болжээ дээ?

    -Тийм ээ. Би Хэрлэнгийн усыг рашаан гэж боддог. Ээж минь надад “Ээ дээ чи энэ яваа насандаа Хэрлэнгийн усаа битгий мартаарай. Чамайг гурав удаа аварсан юм шүү” гэж захидаг байв. Хүүхэд байхдаа би Цэнхэр мандал сумын сургуульд сурахаар очсон байхдаа бие муудан ухаан оролгүй тав хоносон. Нэг сэрээд хартал аав маань дэргэд сууж байна. Аавд багийн дарга Тангад “хүүгийн тань бие муу байна” гэж дуулгасан тул шөнөжин явж ирсэн байв. Аав намайг ухаан орсонд их баярлаж ” Аав нь чамайг замдаа байхгүй боллоо доо” гэж бодож ирсэн. Ээж тань айхтар хүн болохоор Хэрлэнгийн уснаас гүзээний буланд хийгээд чамд хэд балгуулаарай гэж захисан юм” гэв. Аав маань ээжийн захиснаар намайг ухаангүй байхад Хэрлэнгийн уснаас хэд балгуулжээ. Тэгтэл би ухаан орсон гэдэг. Усанд өвчин анагаах увдис ид шид байдаг гэдэгт одоо ч эргэлзэхгүй итгэдэг шүү.

    -Таныг элэгний аюулт өвчнөө эдгээхдээ янз бүрийн эмийн янз ургамал түүж, тусгай жороор найруулан уудаг байсан тухай хүмүүсээс сонссон л доо?

    -Цагаа тулахаар хүн үхэхгүй төлөө өвчинтэй, бас саад бэрхшээлтэй их тэмцдэг юм билээ. Бурхан Халдун уулнаас Мянган уулын шүүдэр цэцэг хэмээх ургамал түүж хэрэглээд эдгэрсэн түүх бий надад. Өнөө цагт ховордож, нүдний гэм болсон энэ эмийн ургамлыг хавар зургадугаар, долдугаар сард түүдэг юм. Энэ ургамал 250 төрлийн өвчнийг анагаах ид шидтэй. “Хорыг хороор анагаана” гэдэг үг бий. Энэ ургамал хортой. Товчхон хэлбэл биед учруулсан хорыг түүнээс илүү чадалтай хор болох эмээр дарж эдгээнэ гэсэн үг. Тиймээс энэ эмийн ургамлыг тусгай жороор найруулж хэрэглэдэг юм. Мянган уулын шүүдэр цэцгийн найрлага дахь бодисын талаар дурдъя. Хелодинин алкалоид нь морфин папаверинтай төстэй өвчлөлийг дарах үйлчилгээтэй. Булчингийн агшилтыг сулруулж, артерийн даралтыг бууруулан, судасны лугшилтыг удаашруулна. Гемохелидонин бол таталдуулах хор бөгөөд биеийн тодорхой хэсгийн өвчлөл намдаана. Сангвинарин нь шүлсний булчирхайн шүүрлийг өдөөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн, нойрсуулах үйлчилгээтэй. Мөн өвчин үүсгэгч нянгын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Протропин бол савны гөлгөр булчинг чангаруулах, вегататив мэдрэлийн системийн өдөөгдлийг бууруулна. Ийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд энэ ургамлын бэлдмэл хэрэглэвэл савны булчин чангарч, үр зулбаж болзошгүйг анхааруулдаг. Энэ ургамалд агуулагддаг бодис нь эд эрхтэнүүдэд болон эсийн түвшинд хүрч үйлчлэхдээ эрүүл эсийг хөнддөггүй, эмчилгээ, эм тариатай харшилдаггүйгээрээ онцлогтой.

    -Танд хэрэглэж үзээгүй эмийн ургамал ховор биз?

    – Надад идэж, хэрэглэж үзээгүй ургамал ногоо цөөн. Хүн өөртөө эзэн, бас эмч байх ёстой гэдгийг өвчинтэй тэмцсэн он жилүүдэд мэдэрсэн. Би хөдөлгөөнийг эрхэмлэж ирсэн. Өглөө бүр дасгал хийж хэвшээд 30 гаруй жил болж байна. Хүн хөшиж үхдэг болохоос хөгширч үхдэггүй юм гэдгийг өөрийн бодит амьдралаар харуулж яваа. Өдөр бүр усанд орж, усан бамбардлага тогтмол хийнэ. Биедээ усан бамбардлага хийсний дараа алчуур хэрэглэхгүй хатаадаг. Усанд анагаах түмэн ид шид бийг дээр өгүүлсэн шүү дээ. Усан эмчилгээг зөв хийвэл эрүүл мэндэд сайн. Бодисын солилцоог сайжруулж, биеийг эрч хүчтэй, сэтгэл санааг өөдрөг тайван, ажил хийх бүтээмж өндөр болгоно. Эрүүл мэндэд ургамал ногооны үнэр их нөлөөлдөг. Ховд аймагт ургадаг чийр хэмээх модны давирхайг өглөө бүр үнэртдэг юм. Хүнд амьтан их тус хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Би морь, нохой хоёртоо их дасаж, анд нөхдөөс дутуугүй нөхөрлөсөн. Ойн хөвчид өвчнөө эмчилж байхдаа би чих хатуу, нүдний хараа муутай байлаа. Нохой маань өдөр болгон миний дэргэд ирж хэвтээд нүүр, нүд, чихийг минь долоодог байлаа. Тэгж долоосны хүчинд л би сонсгол, нүдний хараа хэвийн болсон шүү.

    -Элэгний хорт хавдар удамшдаг гэж хүмүүс яриад байдаг. Танд тийм зүйл тохиолдсон юм болов уу?

    -Элэгний өвчин удамшдаг гэдэг оргүй үг биш. Миний аав, ээж, ах дүү нар бүгд элэгний өвчнөөр хорвоог орхисон. Ардын ухаан гэж агуу гайхамшигтай зүйл шүү. Намайг бага байхад нутгийн оточ маарамба Сэрээтэр хэмээх хүн “Хүн ус, цус хоёроо хайрлан гамнаж явах ёстой юм шүү” гэж хэлж захидаг байв. Би хоёр ахтай. Том ах маань түүнээс “Хэрвээ цус алдвал яаж анагаах вэ” гэхэд “Тэр үед уулын хаан амьтан тус болно доо” хэмээн хариулж байсан нь санаанд тод үлдсэн. Олон жилийн турш элэгний өвчинд шаналж явсан надад нэг өдөр тэр өвгөн оточ маарамбын хэлж байсан үг сэтгэлд буусан. Нутгийн эрдэмтэй цөлх ухаантай хашир өвгөд “Цус алдалтыг хөвчийн хүрэн баавгай цөс тогтоодог юм даа” гэж хэлдэг байсан нь санагдав. Баавгай уулын хаан амьтан шүү дээ Ойд найман төрлийн баавгай амьдардаг. Тэдний дундаас Цахар минжийн хүрэн баавгай онцгой. Баавгай бид хоёр нэг нэгнээ хардаг хэрнээ нэг нэгэндээ халдаж байсангүй.

    Бурхан Халдун уул өвчинд шаналсан намайг ингэж харж ивээсэн юм даа

    -Танай гэрт өлгөөтэй байгаа баавгайн савар ямар учиртай юм бэ. Таны яриад байгаа Цахар минжийн хүрэн баавгайн хөл үү?

    -Намайг бие муу байхад нам засгийн нөхөд, тэр үеийн удирдагууд санаа тавьдаг байлаа. Нэг удаа Төв аймгийн Мөнгөн морьт суманд Хэрлэнгийн застав дээр байтал сумын даргын машин хүрээд ирлээ. Би ч юун хүн хүрээд ирэв гэж гайхаад асуутал Улаанбаатараас С.Лувсан тантай уулзахаар ирж байна гэж хариулав. Ю.Цэдэнбал дарга миний биеийг асуугаад “Тэр нөхрийн хийморийг сэргээж өг” гээд Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга С.Лувсан гуайг явуулсан байлаа. С. Лувсан гуай бид хоёр сайн танил. Тэрбээр надад номхон морь унуулаад, нутгийн хоёр сайн анчнаар газарчуулаад Бурхан Халдун уулын оройд гарлаа. Их сайхан өдөр байж таарсан. Тэрбээр Орост элчин сайдаар олон жил ажилласан, мэргэн бууддаг хүн байлаа. Түүнтэй ярилцах зуураа “Би өвчнөөсөө салахын тулд баавгайн цус уух хэрэгтэй байгаа юм” гэж хэлэхэд “Энэ тухай бодож ирсэн. Би зөвшөөрлийг нь өгдөг хүн, чамд бол зөвшөөрнөө. Чехэд элчинг давхар хийж байхад надад энэ винтовыг Москвад очиход бэлэглэсэн юм. Нэг ёслол хийх үү” гээд хэдэн сум тавих санаатай бууныхаа гохыг дартал гацаад дуугарсангүй. Бид уулнаас уруудаж явтал унаж явсан морь маань гэнэт цочиж үргэлээ. Хартал зүүн урдаас баавгай ирж яваа харагдав. Тэгтэл С.Лувсан гуай ч буугаа шагайлаа. Би ч дотроо “Хөөрхий дөө дуугарахгүй буу шагайгаад баавгай унагаж дийлэх үү” гээд дотроо шоолж байтал гэнэт буу тасхийтэл дуугарч баавгай ч ойчив. Баавгай цус, цөсийг нь тэр даруй халуун дээр нь уув. Бурхан Халдун уул өвчинд шаналсан намайг ингэж харж ивээсэн юм даа. Энэ уулын ургамал, ан амьтан намайг аварсан. Тэр үед “Улаан Од” сонины эрхлэгч байсан, хурандаа СГЗ, түүхийн ухааны доктор У. Баярмагнай миний зааварлагч байлаа. Тэрбээр Герман руу ажлаар явахдаа Ёндон сайдтай уулзахаар эмнэлэг дээр очжээ. Тэгсэн намайг эмчилж байсан герман эмч түүнээс “Танай хурандаа Жамсран Монголдоо очоод хэр удсан бэ” гэж асуухад тэрбээр “Өө манай хурандаа амьд сэрүүн байгаа, аюулт өвчнөөсөө салаад эрүүл болсон шүү дээ” гэхэд дуу алдаад “Хөөх ямар гайхамшигтай хүн бэ. Энэ чинь дэлхийд байхгүй туршлага байна” гэж хариулсан гэдэг.

    -Монголд элэгний өвчнөөр олон хүн шаналж байна. Эмчилгээгүй гэсэн оноштой олон хүн аргаа бараад аврал эрж танд ханддаг биз?

    -Нэг өдөр манайд хоёр охин ирээд мэндийн сөхөөгүй учиргүй уйллаа. Гайхаад шалтгааныг нь асуутал тэд “Манай ээжийг Сумьяа гэдэг. Элэгний өвчин нь хүндэрсэн тул эмч ээжийг минь эмчилгээгүй гэсэн. Өнөөдрөөс хэтрэхгүй байх. Аргаа бараад таныг туслах болов уу гээд аврал эрж ирлээ” гэж байна. Тэгэхээр өөрт хадгалсан баавгайн цөс найруулаад өгч явууллаа. Тэгтэл жилийн дараа манай хаалгыг нэг хүн тогшлоо. Онгойлгоод өгтөл өөдөөс нэг эмэгтэй “Би Сумьяа гэдэг хүн байна. Таны өгч явуулсан баавгайн цөсөөр хөл дээрээ бослоо. Танд баярласнаа илэрхийлэхээр ирлээ” гээд уулзсан. Мөн Хэнтий нутгийн харьяат Энхтуяа гэх бүсгүй мөн л нэг өдөр намайг зорьж ирэв. Нөхрийг нь бас л эмчилгээгүй гэж хэлсэн учир надаас арга чарга байна уу ханийн минь амийг аврах зүйл хэлж өгөөч гэж гуйлаа. Тэрбээр миний зөвлөснөөр нөхрөө эмнэж, аварч чадсан. Энэ мэтчилэн би олон хүнд өөрийн мэдэх чадах зүйлээр тусалж явна. Би өвчинтэй тэмцэж, өөрийгөө ялж чадсан. 90 насны босго хол давж 100 руу дөхөж яваа маань дэг журам баримталж, хорт муу зуршлаас хол амьдарсантай холбоотой.

    Өвдлөө гэхэд эдгэнэ гэж итгэдэг байх хэрэгтэй

    -Ширээн дээр чинь “Аюулт өвчнийг ялж, 100 насны босго алхав”, “Миний амьдрал тэмцлийн 90 нас” зэрэг ном харагдана. Эдгээр номыг та олонд зориулж хэвлүүлжээ?

    -Би элэгний аюулт өвчинтэй тэмцэж, өөрийн эмчилгээний туршлагад тулгуурлаж эдгээсэн тухайгаа өгүүлсэн 10 гаруй ном хэвлүүлсэн. Хоёр жилийн өмнө тархинд цус харваж эмнэлэгт хэвтлээ. Өөрийн аргаар эмчилж хөл дээрээ боссон. Намайг хүмүүс одоо “Үхээд боссон хурандаа”, “Өөрийгөө анагаасан хурандаа”, “Бурхан Халдуны зэрлэг хурандаа” гэж цаашлуулдаг юм. Гурван сая төгрөгөөр хэвлүүлсэн номоо би Улаанбаатар хотоос алслагдмал аймгийн хүмүүст хэрэг болох болов уу гэж бодоод номын сан болоод сумынх нь удирдлагуудад өгсөн. Гэтэл хөдөөгийн иргэдийн дунд элэгний өвчин газар авсаар байгаа нь аймаг, сумын удирдлага нь нуггийнхаа олны эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй байгаатай холбоотой байх.

    -Та эмийн ургамлын арвин цуглуулгатай. Түүнийгээ ямар өвчинд хэрхэн хэрэглэж уух тусгай жортой. Өөрийгөө эмчилж эдгээсэн эмийн ургамлуудынхаа тухай сонирхуулж яриач?

    -Бололгүй яахав. Би Мянган уулын шүүдэр цэцэг, онгол, хулангийн ундаа, хөхөөний ундаа, баавгайн цөсөөр өөрийгөө эмчилсэн. Бурхан Халдун уулын хишиг баавгайн цусыг тан байдлаар найруулж, 21 хоног уугаад, мөн цөсийг нь (ичээний баавгайн) олон удаа найруулан ууж, цусаар бөөлжихөө тогтоож чадсан. Тиймээс өөрийн хэрэглэж байсан эмийн ургамлуудын өвчин хэрхэн анагаадаг талаар өгүүлье. Би өвчтэй байх үедээ залуу зандан мөчир ихтэй мод тэврэн зогсож, налан хэвтэх байдлаар өвчнөө илааршуулдаг байв. Мөн газрын чийг арилахаар хөл нүцгэн явж, тэрийн хэвтэх гээд олон аргаар байгалтай шүтэлцэж амьдарсан. Байгаль эхийг хэдий чинээ хайрлаж хамгаална төдий чинээ буян болдог. Би давстай, сүүтэй өтгөн цай халуун саванд хийж уудаггүй. Цайндаа давс хийхийг бүр татгалздаг. Харин хааяа хужир хийнэ. Халуун саванд удаан хадгалснаас урвалд орж ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлөх талтай. Хааяа сүүтэй цай уудаг ч ихэнхдээ буцалгасан ширгээсэн ус уудаг. Би усыг чандмань эрдэнэ гэж их дээдэлдэг. Булаг шанд хурын ус, нар агаар үздэг ус бол жинхэнэ чандмань эрдэнэ юм. Эрүүл саруул аз жаргалтай явахад архи, тамхи хэрэглэхгүй байх нь чухал. Миний хүнд өвчнөө ялсан гол эх сурвалжийн нэг нь архи, тамхи хэрэглэхгүй явсантай холбоотой. Идэх унтах жаргал биш. Нойрыг сэрж барахааас унтаж барахгүй. Цэвэр агаар эм, тиймээс цэвэр агаарт алх. Гар хөлөа байнга хөдөлгөж бай.” Сууж таргалахаас явж тур” гэдэг үг байдаг. Сэтгэлийн тэнхээтэй байж хүн амьд явна, аюултай гэсэн бүхнийг даван туулна шүү дээ. Хүнд итгэл, бишрэл тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөртөө итгэх итгэлээ хэзээ ч хаяж болохгүй. Өвдлөө гэхэд эдгэнэ гэж итгэдэг байх хэрэгтэй.

    Онгол буюу Чага мөөгний анагаах шид

    Онголын гол шид нь хорт хавдар, элэг дэлүү, ходоод, гэдэс уушиг, улаан хоолойн хавдар, 12 нугалаа гэдэс, савны хортой, хоргүй хавдар анагаахаас гадна тамир тэнхээ оруулах, биеийн дархлааг сайжруулж, аливаа хавдрын вирус үржих чадварыг зогсоодог. Өвчний вирусыг шимэн өтгөн шингэнээр шүүн гадагшлуулна. Би 1975 онд Хэнтий уулын их хөвч Цахир минжийн тайгаас уг онголыг анх олж номноос санаа авч бэлдмэл хийж уугаад амжилт олсон юм.

    Хулангийн ундаа

    Монголын говьд ургадаг энэ ургамлын бэлдмэлийг 100 мл-ээр өдөрт хоёр удаа 14 хоног уусан. Элэгний усархах явцыг зогсоодог юм билээ.

    Хөхөөний ундаа

    Элэгний хавдар, элэгний усжилт, шарх эмчилдэг. Цусны бүлэгнэлд сайнаар нөлөөлж шээсний замаар өвчин хөөх, уушиг зүрхний үйл ажиллагааг дэмжих, бөөрний аливаа өвчин, цистит, савны доторх цус алдалт, шамбарам зэрэг шарх түргэн аниулах шээс хаагдах гэмийг засаж, судасны сүв нээнэ.

    Баавгайн цөс

    Судасны сүвийг боож, цус алдалтыг зогсоох, шарыг дарах, хараа сайжруулах, шинэ мах төлжүүлдэг тул хамраас цус гарах, цусаар суулгах, нүдний дотор цус хурах өвчлөл эмчлэхэд ач тустай. Түүнчлэн ходоод, элгэнд бэтэг тогтож, цөс гадагш цалгиж, цөсний ам алдран шараар бөөлжих, суулгах зэрэг өвчинд бусад эмийн ургамалтай хавсран хэрэглэх жортой. Энэ мэтчилэн Их тан-25 (зэрлэг гахайн цус оролцуулан) Наран мандал, Ванлаг-37 зэрэг тан өөрөө найруулан хэрэглэж эмч, оточ нартай санал бодлоо хуваалцаж дэмжлэг авч гайхалтай үр дүнд хүрсэн шүү. Хавдар тусаад эмчилгээгүй гэж хоногоо хүлээж байсан хүн ч надаас тан, баавгайн цөс авч уугаад илааршиж олон жилээр насаа уртгасан тохиолдол нэлээд бий.

    -Хэвлүүлсэн номнуудаас чинь “Хавдрыг эмчлэхдээ аймаар, ичмээр, сэжиглэмээр зүйлүүдийг хэрэглэсэн хүний яриа” гэх ном сонирхлыг минь их татлаа. Та энэ номондоо тэр бүх зүйлээ дэлгэрэнгүй бичсэн үү?

    -Тийм ээ. Миний хувьд өвчнөө ялна гэж шантрахгүй тэмцсэн. Эр зориг, өөдрөг сэтгэл минь намайг аварсан юм шүү. Элэг хэмээх эрхтэн хүсэл таашаал, гуниг санаашралыг хамгийн түрүүнд мэдэрч эмзэглэдэг. Би одоо ингээд өнгөрчээ гэсэн бодолтойгоо эвлэрсэн бол сэхэхгүй байсан болов уу. Элэг эмзэг номхон эрхтэн ч өвчинд өртөж догшрохоороо дийлддэггүй эд. Өөрийгөө эмчлэхийн тулд аймаар, ичмээр, сэжиглэмээр зүйлүүдийг хэрэглэсэн дээ. Баавгайн цөс, чоно, могойн мах, хар хорхой, чийгийн улаан хорхой гээд таарсан бүхнээ идэж үзсэн. Залгих, чанах зэрэг олон аргаар хэрэглэсэн. Би өөрийгөө ямар архаг өвчтэйг эхэлж судалсан. Эр зориг гаргаж өвчинтэйгээ тэмцээгүй бол аль хэдийнэ тэнгэрт одсон байх байлаа. Тиймээс зэрлэгшиж явсан намайг хүмүүс үхэж босоод, дахиж амьдарсан хүн гэж ярьдаг юм. Би уулын хүн болж хэдэн жил амьдрахдаа мал, амьтан дотроос морь, нохой шиг үнэнч хань байхгүйг мэдэрсэн. Өдрөөс өдөрт өвчин зовлонгоо мартаж эрүүлжихээр байгаль хүн хоёр хүйн холбоотой гэдгийг сайн ойлгосон. Инээж, баярлаж явбал өвчин илааршиж, нас уртасдаг юм билээ.

    Халгай

    Би өвдсөн цагаасаа хойш халгайг өвөл зунгүй хэрэглэсэн. Одоо ч хэрэглэдэг хэвээрээ. Халгайгүй хоол идэхээ больсон. Хамгийн элбэг ургадаг энэ ургамлыг мэдэхгүй хүн байхгүй хэрнээ түүний ид шидийг мэдэж хэрэглэдэг хүн тун цөөн байдаг нь харамсалтай. Халгайг төмс, байцаа болон бусад хүнсний ногоо шиг идэж хэрэглэж болно. Тэдгээрээс шим тэжээл, витаминлаг чанараараа хол давуу юм. Халгай нь элэг цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн савны өвчин, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, гэдэс гүйлгэх зэрэг өвчин анагаадаг. Мөн дотор хаванг арилгах, шарх эдгээх, усан хаван хөөх, биеийн тамир тэнхээ сэргээх, хамраас цус гарах, цусан суулга, цусаар шээх, нойр муудах, зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдахад хэрэглэнэ. Үс уналтыг зогсоох, өнгийг нь сэргээх гялалзсан сайхан болгох, үсээ урт ургуулах зэрэгт халгайн ханд хамгийн үр дүнтэй. Халгайн навчийг хатааж, аяга буцалсан усанд хийж битүү жигнэж тавина. Хоёр цагийн дараа идээшмэлээс хөвөнд шингээн хуйхандаа түрхэхэд хаггүй уян зөөлөн өнгөлөг үстэй явна. Долоо хоногт хоёр удаа түрхэнэ. 0,5 грамм шинэхэн халгай, 10 грамм алтан хундага цэцэг хоёрыг 0,5 литр буцалсан усанд хийж битүү жигнээд дээрх хугацаагаар байлган хуйх болон арьсныхаа ил хэсгүүдэд түрхээд үзээрэй. Энэ бэлдмэлд арьсыг өнгөлөг, уян хатан болгох гайхамшигтай ид шид нуугдаж байдаг. Халгайн хандыг бүх ужиг, хууч биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд дараах хоёр аргын аль нэгийг сонгож хэрэглэнэ.

    -Аяга халуун усанд амны том халбагаар халгайн нунтаг навч хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна.

    -200 грамм навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар хонуулна. Маргаашнаас нь харанхуй газар найм хоног хонуулж сайн зайлаад навчийг нь шүүж авна. Гарсан уусмалыг өглөө өлөн элгэн дээрээ унтахаас өмнө тус тус цайны халбагаар нэг ууна. 50 гр ийм уусмалыг гурван долоо хоног уухад хүний бие эрч хүчтэй болдог. Тэр тусмаа хаврын шинэ халгайн шүүс нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд илүү үр дүнтэй байдаг юм. Халгайгаар ядаргаа тайлах, витамины дутагдал, бусад олон шалтгаант өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халгайн шөл, зууш, цай хийж хэрэглэх нь нэн тустай. Хог хаягдлаар бохирлогдоогүй газраас зургадугаар сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай шим тэжээлтэй. Түүсэн халгайгаа бүлээн усаар хоёроос гурван удаа зайлж усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсхүл давслан даршлах байдлаар хадгалж бүтэн жилийн турш хэрэглэж болно. Зөвхөн хатаасан нунтаг халгай нэгээс хоёр литр байхад нэг өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангана. Өөрөөр хэлбэл бүтэн жилийн турш витамин С-ээр дутахгүй байх бололцоотой. Энэ хэмжээний халгайг нөөцлөхөд халгайг хугацаанд нь түүж боловсруулалт хийнэ гэсэн үг. Шөлтэй хоолонд аягандаа нэг жижиг халбага хуурай халгай хийж идэхэд шөнөдөө нойртой хононо.

    Ягаан цээнэ

    Халуун ханиад, ханиалгах, уушигны янз бүрийн өвчин, цэр ховхлох, бөөрний өвчин, шээс задгайрах, ходоодны шархлаа, ходоод, бүдүүн гэдэсний үрэвслийн өвдөлтийг зогсооно. Мэдрэлийн өвчнийг тайвшруулах хөгшрөлтийг удаашруулах зорилгоор хэрэглэнэ. Хорт хавдрын эм хийхэд, толгой өвдөхөд, ходоодны хүчлийг нэмэгдүүлж хоолны шингэц сайжруулахад хэрэглэнэ. Найм, есдүгээр сарын эхээр түүж хатаагаад хэрэглэвэл зохино.

    Таван салаа

    Шовгор үзүүртэй таван салаа нь ходоодонд, харин мөлгөр навчтай нь гадуур хаван хавдарт сайн. Их таван салааны шинэ навчны шүүс нь нүдний эвэрлэг бүрхүүлийн шарх эдгээнэ. Ханд нь тайвшруулах болоод артерийн даралт буулгана. Бас цус тогтоох, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ. Идээ бээр цэвэрлэнэ. Арьсны янз бүрийн өвчин, яр шарх, хатиг, давсаг зэрэгт угаах шавших зайлах зэргээр хэрэглэнэ. Мөн ходоод болон бөөрний архаг өвчин амьсгалын замын өвчинд сайн.

    Сөд өвс

    Ардын эмнэлэгт хийсэн судалгаагаар элэгний архаг үрэвсэл, цусан суулга, идээ бээр, шар ус, уушигны өнгөр цус хатаах, бөөр савны өвчин, яр шарх, цөсний гэрийн үрэвсэл, гэдэс дүүрэх зэрэг гэдэсний талын өвчинд тустай. Найм, есдүгээр сарын эхээр үндэс, иш, цэцэг зэргийг нь түүж, сүүдэр газар хатааж хэрэглэнэ.

    Нохойн хошуу

    Нохойн хошууг Монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Дараах өвчин эмгэгийн нохойн хошууны тусламжтайгаар анагаадаг. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч судас хатуурхаа болино. Нойр муудвал хонины гоньдыг нарийн талхлан ургамлын тосонд хуурч хөлийн уланд шавж эмчилдэг. Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина. Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагдсан. Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана. Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна. Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно. Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр, арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана. Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.

    Чийрийн давирхай

    Монгол хүний биед нэн тустай энэ чухал эмийн ургамлыг өөрийн биеэр хэрэглэж ач тусыг нь мэдэрсэн юм. Гол нь амьсгалын замын болон мэдрэлийн талын өвчинд тустай. Даралт ихэссэн үед нунтаглаад хамрын тамхи, гаансанд нэрэх байдлаар татаж болдог. Товчхон хэлбэл амьсгалын замын өвчин, мэдрэл, үе мөч, элэгний талын өвчинд хэрэглэдэг олон төрлийн эмийн найрлагад ордог тул манай эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судалж олонд хүргээсэй. Миний мэдэж байгаагаар монгол орны ганцхан цэгт багахан газар ургадаг ургамал билээ.

    Хус модны нэрмэл

    Хус модны хуучин үйсийг тусгай аргаар нэрж гарган авдаг. Миний хувьд цагаан мах гарах өвчнийг энэ бэлдмэлээр эмчилсэн. Түрхэх, утах аргаар хялбархан эмчилж болдог юм. Мөн нүүрэн дээр гарах яр шархийг эмчилж болдог ид шидтэй.

    Чацаргана

    Чацаргана элэг дотрын өвчин тэр дундаа ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжүүлэх, элэг уушигны аливаа шархийг засахад сайн чанарын эмчилгээ болдог. Би өөрийн ажиллаж явсан Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Донойн хөндийн чацаргана, Хэрлэнгийн голын хөвөөнд ургуулж буй Ч.Юра хэмээх хүний тарьж ургуулсан чацаргана жимс амтархан идсэн дээ.

    Гоёо

    Гоёо хорт хавдрыг эмчлэх увдистай. Гоёо нь улаан, цагаан хоёр янз байдаг. Улаан гоёо нь намар газрын хөрсөнд гүн нуугдаж өвөлжөөд, хавар дахин ургаж ханш нээгдэх үеэр бие гүйцэн толгой нь уушигны өнгөтэй болно. Их хурын улирлаар цухуйгаад зуны улирал эхэлмэгц цэцэглээд тэр чигтээ өтөлнө. Улаан гоёо эхүүн, амтлаг, гашуун гурван төрөл бий. Улаан гоёог намар, өвөл малтаж авна. Энэ нь халуун бүлээн чанартай, хий шар бадганыг дарах үйлчилгээтэй. Мөн ходоод гэдэсний архаг үрэвсэл, зүрх, уушиг, шүд зэрэг олон өвчин анагаадаг. Бас эхэн үедээ яваа хорт хавдрыг ч эдгээдэг.

    Зуун наст

    Зуун настын ид шидийг биеэрээ үзсэн билээ. Энэ ургамлыг хатааж нунтаглан усанд найруулан төрөл бүрийн харшил, арьсны янз бүрийн өвчин, үлд, түлэгдсэн болон бусад янз бүрийн яр шарх, сэтгэл санааг тайвшруулах, хүүхдийн унадаг өвчинд хэрэглэнэ. Мөн үс угааж, нүд арчиж болно. Шүд хорхойтвол аруу 1-2 граммыг нунтаглаад урьдаар давсаар шүдээ арчиж, дахиад угаасны дараа шүдэн дээрээ бэлдмэлээ тавина. Цустай цэрээр ханиавал аруугийн шинэ навч 15-30 граммыг цэвэрлээд усанд дэвтээж нялцгай хэсгийг гарган усыг буцалгаж ууна. Бас хатаасан цэцэг 9-15 граммыг усанд буцалгаж ууна. Машинд бөөлждөг бол өглөө нь хальсалсан түүхий аруугийн навч 3-9 граммыг иднэ. Зуун настын шүүс нь ходоод гэдэсний өвчинд бодисын солилцоог идэвхжүүлэн, хоолны шингэц сайжруулахаас гадна элэг, цөс, бөөр, зүрх, эмэгтэйчүүдийн өвчин, хорт хавдарт ууна. Таван настай зуун настын жижиглэсэн хэсэг 150 граммыг сайн чанарын 250 грамм зөгийн бал, 350 гр усанд үзэмний чангаруулсан архийг нийлүүлж, сайн хутгаад харанхуй сэрүүн газар 5-7 хонуулаад уугаарай.

    Г.Батцэцэг

    Эх сурвалж: http://www.hiub.mn/content/read/602.htm

  • Бархүүгийн ДАШХҮҮ


    Хүмүүнлэг үйлстэн

    “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөр, Magic hug, Доктор клоун, Алиалагч нарын парад, Шарилжгүй хүүхдийн цэцэрлэг, Архи тамхигүй танилцах үдэшлэг, Дулаан өвөлжье 1, 2, Mart&Free taxi зэрэг олон арван хүмүүнлэгийн төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Халуун сэтгэл, Хамтын халуун сэтгэл бүлгэмийн санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг.

    ED’s health club & Organic market- ийг хамтран үүсгэн байгуулж органик хоол хүнс, зохистой хоололт, зөв амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна.

    https://facebook.com/dashka.brk

  • Дашцэвэгийн НОННА

    Нэрт сурган хүмүүжүүлэгч

    Бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл зүтгэл, бүх л амьдралаа зориулж яваа нэрт сурган хүмүүжүүлэгч. Тэрбээр Монгол улсад орчин цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч бүтээлч хүн билээ.

    Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн. 1942- 1951 онд Улаанбаатар хотын орос 1- р сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

    1953- 1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15- с Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959- 1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан.

    1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан. Ингээд 1963-т1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

    1967- 1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

    1982 онд “Боловсролын хууль”-ийг боловсруулах үед хуулийн хоёрдугаар бүлэг болох “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил” гэсэн бүлгийг боловсруулан оруулсан нь сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин бүрдэх чухал суурь болсон.

    1991- 1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянт үйлсийг хийж ирсэн.

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ, БҮТЭЭЛ ТУУРВИЛ

    1970- 1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын програм”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын програм”-ыг орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.

    1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил, сургалтын програм” бүтээлийг холбогдох хүмүүстэй хамтран гаргасан. Энэхүү хөтөлбөрт 3-7 насны монгол хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх асуудлыг судалж тусган мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах агуулгыг 1-7 насны хүүхдэд ямар дэс дараатай эзэмшүүлэх аргыг судалж, боловсруулан оруулсан нь шинэлэг зүйл байв.

    1986 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт гарын авлагууд нэн хэрэгцээтэй байсан тул оросын эрдэмтдийн заах аргын гарын авлагаас зохиомжлон орчуулж, мөн өөрийн орны онцлог дээр тулгуурлан багш нарт зориулсан зарим гарын авлагыг боловсруулан гаргах ажил хийгдсэн. Тухайлбал, Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, Д.Нонна, П.Дулмаа нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах арга зүй”, Д.Нонна, Га.Цэрэндорж нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд биеийн тамир заах арга зүй” гэсэн номуудыг дурдаж болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн, А.Батжаргал нарын “ Сургуулийн өмнөх насны хүүхдэд дуу хөгжим заах арга зүй”, Ш.Гандолгор, Ч.Түмэндэлгэр нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд дүрслэх урлагын хичээл заах арга зүй” гэсэн заах аргын анхны гарын авлагуудыг дурдаж болно.

    1970 оноос сургуулийн өмнөх насны хүүхдэд уншиж өгөх уран зохиолыг сонгон түүвэрлэж, зохиолуудын агуулга нь хүүхдэд хэр ойлгомжтой, хүмүүжлийн ач холбогдол, хэллэг, үгийн давтамж, хэмжээ, үгийн утга зэрэг нь энэ насныханд хэр зохицохыг судалсны үндсэн дээр 1-7 настай хүүхдэд зориулан “Багачууддаа уншиж өгөөрэй” 1, 2 ном гаргаж, түүнийгээ 2 удаа хэвлүүлэн цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг эхийн гарын авлага болгосон.

    НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Д.Нонна багш 1994 оноос “Өүлэн ээжийн төв” төрийн бус байгуулага байгуулж, Английн хүүхдийг ивээх сан, Монголын хүүхдийн эрхийн төв, Хатагтай нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүргийн зарим хороо, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Энэ байгууллагынхаа шугамаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон гэр хорооллын хүүхэд болон эцэг эх, явуулын багш нарт зориулсан 11 төрлийн гарын авлага боловсруулан холбогдох хүмүүс, хүүхдэд хэрэглүүлж ирсэн.

    Д.Нонна багш “Өүлэн эхийн оюуныг бадраах клуб”- тэй хамтран 2007 оноос одоог хүртэл дүүрэг, аймаг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, эмээ өвөө, ахмадууд, хорооны хөдөлмөрчдийн дунд “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо”, “Хүн болохын учир”, “Хүүхэдтэй хэрхэн яаж харьцах, гэр бүлийн гишүүдийн харьцаа”, “Эрүүл явахын учир” зэрэг “Гэр бүлийн зан байдал төлөвшилтийн цогц сургалт” сэдвээр нийт 150 байгуулага 25,000 хүнийг хамарсан сургалт хийсэн байна.

    http://xvvxed.blogspot.com

  • Үржнээгийн ЮМЖИР (YUMJIR FASHION)

    Загвар зохион бүтээгч, дизайнер

    Үржинээ Юмжир нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер зохион бүтээгчээр төгссөн. Оюутан байх хугацаандаа Гоел тэмцээнүүдэд өөрийн загваруудаараа тасралтгүй оролцож байсан. Удам дамжсан зураачдын гэр бүлд төрсөн тэрээр өвөө, аавынхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлэн үндэсний уламжлалаа хадгалж, сурталчлан хүргэхийг зорьж яваа. Тэрээр 2008 онд өөрийн бие даасан “Glamour Yumjir Fashion” шоуг зохион байгуулсан, 2009 онд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагддаг “DC Fashion week”-т өөрийн үндэсний хэв маягийн коллекциор оролцсон. 2010 онд хувцас загвар сонирхогч нар болон оюутнуудад зориулсан “Хувцасны дизайн” гэдэг номоо гаргасан. Тэрээр мөн 2010 онд СЭЗДС-ийг санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. 2011-2012 онд тэрээр Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээрээ ажиллаж байгаад ирээд өөрийн Yumjir Fashion нэрийн монгол хэв маягтай өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монголдоо болон дэлхийд гаргахаар ажиллаж байна.

    https://www.facebook.com/YumjirFashion
    www.mongolianstyle.blogspot.com
    www.fashiony.ru/user.php?id_u=94416
    www.more.blog.gogo.mn


  • Чулуунбатын МӨНХ-ЭРДЭНЭ- Нэрт ятгач

    Ятгачин, ятгын багш

    1975 онд төрсөн. 1988- 1994 онд Хөгжим Бүжгийн Дунд сургууль (одоогийн Хөгжим Бүжгийн Коллеж)-д ятгын мэргэжлээр суралцаж гоцлол хөгжимчин, ятгын багш мэргэжлээр төгссөн. 1993- 1996 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багш, 1992- 1996 онд Морин Хуурын Чуулга, 1994- 2001 онд Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, 1998- 2000 онд Уянга хамтлаг, 2000 оноос Бөртэ хамтлагт гоцлол хөгжимчин, 2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар тус тус ажиллаж байна.

    Тэрээр монгол ятгадах урлагт 1998 онд шинэчлэл хийсэн. Дэлхийн нэр хүндтэй 7 симфони найрал хөгжимтэй хамтарч ажилласан. Монголын шилдэг хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Чинзориг, Төрийн шагналт Ц.Нацагдорж, Төрийн шагналт Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар ятга, симфони найрал хөгжимд зориулсон том хэлбэрийн концертны бүтээлүүдээ нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэд зориулж зохиосон байдаг.Тэрээр 1400 жилийн тэртээх эртний нүүдэлчдийн “Алтай ятга”-ын тоглох арга барил, хөг хөглөгөөний судалгаан дээр ажиллаж тоглох дэгийг зохиосон. Аху их ятгыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Монголын нэрийн хуудас болсон ховор авъяастан.

    Монгол улсын Филармони, ДБЭТ, Герман, Чех, Орос, Хятад, Америк зэрэг олон орны нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй хамтран ажиллаж бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан.

    2001 онд “Алтайд хөглөгдсөн уянга”, 2002 онд “Мөрөөдлийн салхи”, 2004 онд “Хос эрвээхэй” зэрэг бие даасан уран бүтээлийн тоглолтоо эх орондоо тавьж олон нийтэд тайлагнасан. Хөгжимдсөн шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн “Хос эрвээхэй”, “Дурсамж” зэрэг цомог хэвлүүлсэн.

    2004 онд “Алтан Намар” хөгжмийн наадмын “Шилдэгийн шилдэг хөгжимчин” өргөмжлөл, 2008 онд Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2008 онд Узбейкстан улсад болсон олон улсын Шарк-транолари наадмын ЮНЕСКО-ын нэрэмжит шагнал, 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд шагнал (Бөртэ хамтлаг) “Гоо Марал”-ыг тус тус хүртэж байсан.

    Тэр 2011 оны 1 сард University of California, University of Stanford- ын симфони найрал хөгжмүүдтэй хамсран тоглож, 3 сард олон улсын урлагийн зах зээл дээр ажиллаж байсан ажлын туршлага дээрээ үндэслэн монгол ятгадах урлагийн түүхэнд анх удаа ятгадах тэмдэг тэмдэглэгээг шинээр зохиож, 4 сард Франц улсын UNESCO-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй хамсран тоглож, 10 сард Вьетнам ардын Дан Транг хэмээх 17 чавхдаст ятгыг судалсны үндсэн дээр монгол ятгадах урлагийн олон талын давуу боломж дээр тулгуурлан анх удаа Римский Корсаковын “Хэдгэнийн нисэлт” бүтээлийг гайхамшигтай уран чадварлаг тоглосон нь ятгын түүхэнд бас нэг онцлох үр дүнг бий болгосон.

    Мэргэжлийн ятгачдыг бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гоцлол хөгжимчин Ч. Мөнх-Эрдэнэ нь хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Алтангэрэл нарын хос ятганд зоориулсан “Концертны Рапсоди”, “Ятга хөгжимд зориулсан 3 ангит Концерт”- уудыг гоцлон тоглож ятга хөгжимд зориулсан шилдэг бүтээлийн уралдааны Тэргүүн болон Гутгаар байруудад орж байсан. Мөн мэргэжлийн дунд ангилалд өөрийн шавь нараа амжилттай бэлдэж Тэргүүн байрыг эзлүүлсэн.

    Ч. Мөнх-Эрдэнэ нь монголын ятгын урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн ятгачны авъяас билэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон, ятгадах урлагийг шинэчлэгч, гарамгай хөгжимчин, чадварлаг сурган хүмүүжүүлэгч болохыг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг юм. Тэрээр өөрөө үлгэрлэн хөгжимдөхийн зэрэгцээ ирээдүй хойчийн ятгачдыг бэлтгэхэд хүч авъяасаа зориулж яваа хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн юм.

  • “1БАГ” БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

    1БАГ

    БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

    Байгууллагын баялаг болсон хүнийхээ нөөц бололцоог нээж тогтмол суралцан хөгжих тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагын сургалт хөгжлийн цогц хөтөлбөр

    Хүндээ хөрөнгө оруулалт хийдэг компани л түүхийг бүтээдэг

    1БАГ Байгууллагын сургалт хөгжлийн цогц хөтөлбөр by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл

  • Г. ОТГОНБАЯР: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГЫН БҮРЭН ЦУТГАМАЛ ТЕХНОЛОГИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЬЕ

    Монгол оронд их бүтээн байгуулалт, орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой тохиож буй энэ үед констракшны гол хэрэгсэл болох хэв хашмалын үйлдэрлэлээрээ анхдагч ТАСО хэв хашмалын үйлдвэрийн захирал Т.Отгонбаяртай уулзаж үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар яриа өрнүүлснээ танд хүргэж байна.


    – Сайн байна уу. Монголд барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж байгаа танай хамт олонд Барилгачдын баярын мэнд хүргье. Барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье.

    – 2010 онд Нүхтэд баригдаж байсан 2 ижилхан хаусыг харж байсан юм л даа. Хэв хашмалаар (пум) барьж байсан хаус нь маш эмх цэгтэй шуурхай баригдаж дууссан байхад, панераар барьж байгаа нь дөнгөж эхлэх шатандаа л явж байсан атлаа ундуй сундуй харагдаж байсан. Тэр үеэс хэв хашмалын технологийг сонирхож эхлэсэн. Тэр ондоо Солонгосоос хэв хашмал импортоор оруулж ирж үзсэн. Тухайн үедээ тооцоо хийж үзээд хэв хашмалыг үйлдвэрлэж чадвал Монголын бүтээн байгуулалтанд том хувь нэмэр болох юм байна гэж шийдээд тоног төхөөрөмж, үйлдвэр зэргийг эрчимтэй судалж, солонгос инженерүүдийг авчирж технологийг нутагшуулж эхлэсэн дээ.

    – Хэв хашмалын үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж нь Солонгос улсынх уу?

    – Энэ технологи дэлхий нийтэд маш өргөн ашиглагдаж байгаа технологи бөгөөд Солонгост сүүлийн гуч гаруй жил эрчимтэй хөгжиж шалгарсан технологи юм. Зүүн өмнөд азийн улсууд, Веатнам, Тайланд, Бирм, Орос зэрэг улсын хэв хашмалын хэрэгцээг Солонгос хангаж байна.

    Манай үйлдвэр бол одоогоор төв азид байгаа ганцхан хэв хашмалын үйлдвэр. Энэ үйлдвэр Хятадад байхгүй. Яагаад гэвэл Хятадууд бол олон хүнийг ажилтай байлгах зорилготой технологийг ашигладаг. Мод тарьдаг, мод бэлтгэдэг, модоо зордог, зорголоор нь панер хийдэг, панераар байшин барьдаг гэх мэтээр дамжлага бүр дээр хэдэн сая хүн ажилтай байдаг. Зардал хэмнэсэн бүтээмж өндөртэй хэв хашмалын технологи Хятадад нэвтэрвэл олон хүн ажилгүй болох учир энэ технологийг нэвтрүүлэхгүй байна. Бид бүх төхөөрөмжийг Солонгосоос оруулж ирсэн. Энэ технологи маань цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой технологи учир манай улсад илүүтэй тохирох технологи юм.

    – Үйлдвэрийн баг хамт олноо хэрхэн бүрдүүлж, сургаж хөгжүүлж байна?

    – Солонгосын инженерүүдийг авчирж тоног төхөрөөмжөө суурилуулж, хүмүүсээ сургаж авсан. Анх 4-р цахилгаан станцийн хажууд халаалтгүй хүйтэн грашд гурвуулахнаа ажлаа эхэлж байлаа. Одоо 20 гаруй сайхан залуус ажиллаж байна. Яруу сэтгэгч нэгдэл байгууллагаас баг хамт олноо хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ аваад сургалт хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж өндөр үр дүнд хүрч байна. Манай үйлдвэр, ажлын орчинг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх 3САЙХАН зарчмыг үйлдвэртээ нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрч байна. “Хэв хашмалын технологио бүрэн эзэмшсэн монгол залуучуудыг бэлдэж авъя” гэсэн бодлого барьж технологийн инженерээр Солонгос инженер ажиллуулж байна. Цаашид ажилчидаа Солонгосын үйлдвэрүүдэд дадлага хийлгэж илүү мэргэшүүлэхээр төлөвлөж байна.

    – Хэв хашмалын ач холбогдол, давуу тал юу вэ?

    – 1-рт САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ. Манай хэв хашмал олон дахин ашиглагддаг бөгөөд 40 удаагийн цутгалт хийх боломжтой учир зардалд хэмнэлттэй. Цаашилвал улсын эдийн засагт маш их хэмнэлттэй. Жишээ нь хэв хашмалын 1 тэрбумын борлуулалт, 4- 5 тэрбумын хятад хар панерын импортыг хааж эдийн засагт тэр хэмжээний мөнгийг үлдээдэг. Тэр хэмжээгээр Хятадруу мөнгө урсахыг багасгана.

    2-рт ӨНДӨР БҮТЭЭМЖ. БҮРЭН ЦУТГАМАЛ технологи нь 8 баллд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай, хог хаягдал багатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр бүтээмжтэй технологи юм. Хэв хашмалыг УГСРАХАД ХЯЛБАР, ямар ч хүнийг сургаж болохуйц хялбар бөгөөд нарийн мэргэшсэн мужаан шаарддаггүй энгийн технологи. Мөн цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Сайн төлөвлөж чадвал 3- 5 хоногт л 1 давхарыг цутгадаг. Бүрэн цутгамал хийцийн гадаргуу өө сэвгүй тэгш сайхан гардаг тул заслын ажлыг ихээхэн хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулдаг юм.

    3-рт ЦАГ ХУГАЦААНЫ ХЭМНЭЛТ. Хар панераар 2 жил барьдаг байшинг жилийн дотор барих бүрэн боломжтой. Жишээ нь Буянт ухаа хорооллыг манай хэв хашмалаар жилийн дотор босголоо. Монгол улс дулааны богино улиралтай тул хэв хашмал ашиглаж бүтээн байгуулалтынхаа хугацааг түргэтгэх нь Монгол улсын эрх ашигт бүрэн нийцэх юм. Сүүлийн үеийн энэ их бүтээн байгуулалтыг хэв хашмалаар л босгож байна. Цөөхөн хүнээр том бүтээн байгуулалт хийхийн тулд дэвшилттэй технологийг ашиглах хэрэгтэй байна.

    4-рт БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ. Хятадуудын хар панераар барьдаг барилга бол панер, прус мод их хэмжээгээр ашигладаг байгальд хор нөлөө ихтэй технологи юм. Хятад хар панер 2- 3 удаа ашиглагдаад хог болж шатаахаас өөр аргагүй болно. Панерт ашигладаг цавуу нь шатахдаа агаарт хорт утаа ихээр дэгдээдэг. Пруст ашиглахын тулд хууль бусаад мод бэлтгэх нь ихэсч Монгол орны ойг сүйтгэж байна. Уг нь Монголчууд бид байгальд хортой барилгын Хятад технологиос татгалцаж олон удаа ашиглагддаг бүрэн цутгамал хийцийн хэв хашмалын технологийг бүрэн нэвтрүүлж, стандарт болгож мөрдүүлвэл Монгол улсад их л хэрэгтэй байгаа юм.

    – Импортын хэв хашмалаас ялгарах онцлог бий юу?

    – Ханш өссөн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд импортоор оруулж ирж байгаа пумнаас манайх доод тал нь 5- 10 мянган төгрөгөөр хямд. Мөн импортын хэв хашмалаас чанартай гэж итгэл дүүрэн хэлнэ. Солонгос үйлдвэрүүд хэв хашмалаа хоёр гурван мянган вон хямдруулж өгөхдөө өөрийнхөө зардлыг хэмнээд хятадын хамгийн хямдхан паниарыг ашиглаж хэв хашмалаа хийх нь элбэг байдаг юм билээ. Гэтэл бид хэрэглэгчийнхээ яг дэргэд байгаа, буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэл явуулж байгаа учраас солонгосын ТЕГО брэндийн сайн чанарын панерийг ашиглаж байна. Одоогоор Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Дельта констракшн, БҮТИ ХХК, Очир ундраа групп, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Билэгт Зам ХХК зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Буянт Ухаа- 1, 2 хороолол, MCS товер, Эрин хороолол, Гашуун сухайтын бүтээн байгуулалт, шинэ нисэх буудал, төмөр замын далан, зам гүүр гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ТАСО хэв хашмал, ханчаар хийж байна.

    Зам гүүр, далангийн ажилд голчлон ашиглагддаг тусгай Ханч панелийг 100% импортоор авдаг байсныг өөрчилж Монголдоо бүх төрлийн хэмжээсээр үйлдвэрлэж байна.

    – Хамтран ажиллаж байгаа компаниуддаа юу амлаж чадах вэ?

    – Бид наймаачин сэтгэлгээгээр хандахгүй. Хэв хашмалын эрэлт хэрэгцээ их үед ч монополдож 1 төгрөг ч нэмж үзээгүй. Өрсөлдөгчгүй гээд бид үнээр дарамталж авбал ав больвол гэсэн сэтгэлгээгээр хандахгүй. Зах зээлийн ямар ч үед харилцагчиддаа үнэ тулгаж, хааж боох сэтгэхүй байхгүй. Сайн чанарыг амлаж чадна. Импортын үнээс хавьгүй хямд үнийг амлаж чадна. Эдгээр байр сууриа хэзээ ч гээхгүй. Эцэст нь, түншлэгч компаниудынхаа ажлыг нэг өдөр ч саатуулахгүйн тулд хамаг сэтгэл зүрхээ зориулж ажиллана.

    – Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

    – Технологи нутагшуулах гэдэг тун бэрхшээлтэй юм билээ. Тэрэнд маш их ухаан, цаг хугацаа, хөрөнгө зарж, өөрөө хоосон хоносон ч хамаагүй тийм их сэтгэл гаргах хэрэгтэй юм байна лээ. Үйлдвэрийн газар, үйлдвэрийн байрны асуудал маш хүнд байна. Үйлдвэрийн газар маш үнэтэй. Уг нь үйлдвэрийн бүсчилсэн газар байгаад тэнд нь хөнгөлөлтэй хэлбэрээр газар өгдөг бол дөнгөж босох гэж байгаа үйлдвэрүүдэд маш их хэрэгтэй байна.

    Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материал, технологийг илүүтэй дэмжих талаар Барилга, хот байгуулалтын яам бодлого баримталвал хэдэн үйлдвэрүүд босоод ирэхээр байгаа юм.

    Түүнчлэн засгийн бүтцэд экспортод түлхүү анхаарсан яам биш юмаа гэхэд тусгайлсан агентлаг байвал зүгээр. Яамууд дээр экспорт хариуцсан алба байгаа ч тэдгээр нь хоорондын уялдаа холбоогүй жижиг бүтцүүд байгаа болохоор дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна л даа.

    – Монгол улсынхаа бүтээн байгуулалтын салбарт чухал хэрэгцээтэй технологи үйлдвэрлэж байгаа танай бүтээлч хамт олонд өндөр амжилт хүсье.

    Б. Цэцэгбаяр

  • “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” онлайн уулзалт

    Өнгөрсөн хугацаанд бид Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам файсбүүк группийнхээ гишүүдийн дунд дараагийн уулзалтаа ямар сэдвээр хийх тухай санал асууж байсныг та санаж байгаа байх. Манай энэ асуулганд 130аад хүн Залхуурлын талаар ярилцахыг санал болгосон юм.

    Тиймээс саяны онлайн уулзалтаа 7 сарын 26нд “Залхуурлаас хэрхэн ангижрах вэ?” гэсэн сэдвээр хийсэн. Уулзалт маань 5 цаг гаруй үргэлжилсэн боловч бас л хангалттай хүмүүсийнхээ асуулт хариултуудыг бүгдийг нь хариулж амжаагүй. Гэхдээ л ямар ч байсан чадах бүх асуулт хариулаа үргэжлүүлж хийгээд 31 жижиг хэсэгт хувааж блогтоо байрлууллаа.

    Би одооноос эхэлж танд бага багаар нь өдөртөө багахан хэмжээгээр нь таныг үзэж чадах боломжоороо үзэхээр байрлууллаа.

    Залхуурал гэдэг асуудал үнэхээр Монголчуудыг маань ядууралд хүргэж байгаа хурц асуудлуудын нэг гэдгийг тэр бүр хүмүүс ухаардаггүй болтой. Үнэхээр энэ үг хүн болгоны аман дээр ойрхон, зугаа төдий ашиглагдаад, өдөр тутмын сэтгэл хангалуун аз жаргалтай амьдралыг хорлож байдаг гэдгийг та мэдээгүй байх. Тэгвэл одоо энэхүү ЗАЛХУУРАЛ гээч юмыг таны амьдралд дахин үзэгдэхгүй болтол нь дайрч орцгооё.

  • “Бид Бэрхшээлээс Боломжийг Бүтээнэ” онлайн уулзалт

    Энэ бол 2014 оны 5 сарын 25ны өдрийн ням гаригт явуулсан онлайн уулзалтын видео бичлэг.

    Уг уулзалт нь манай “Амжилтанд Хүргэх Бодолтой Алхам” файсбүүк группийн гишүүд дунд явуулсан 30 хоногийн аян хөтөлбөрийн төгсгөлд өрнүүлсэн онлайн уулзалт.

    Энэхүү онлайн уулзалтыг явагдах мөчид 400 гаруй хүн оролцох гэж оролдож байсан боловч зөвхөн 10 орчим цөөн тооны азтай хүмүүс л оролцож чадсан байна. Оролцож чадаагүй хоцорсон хүмүүстээ талархал илэрхийлэхийн ялдамд хүлцэл өчье. Дараагийн ээлжинд танд оролцох боломж олдоно гэдэгт найдаж байна.

    Цаашдаа энэхүү онлайн уулзалтыг 2 сар тутамд нэг удаа ҮНЭГҮЙ явуулж байхаар бид төлөвлөж байна.

    Энэ удаагийн онлайн уулзалт уртаашаа 5 цаг орчим үргэлжилсэн бөгөөд бичлэгийг 24 жижиг хэсэгт хэсэг сэдэв сэдвээр нь ангилан хувааж youtube дээр байрлуулсан байгаа.

  • Цаг хугацаатай уралддаг барилгынхан импортын хэв хашмалыг “БАЯРТАЙ” гэж хэллээ

    Хоёр жил хэр урт хугацаа вэ. Хүний амьдралын
    настай харьцуулбал тийм ч урт хугацаа биш. Гэхдээ залуу насанд бол нэг л
    мэдэхэд нисээд явчихдаг дэндүү богино ч хугацаа
    байж болох. Тэгвэл хоёр жилийн дотор цаг хугацааны үнэ цэнэ, минут,
    секунд бүрийг өөртөө ашигтайгаар өнгөрүүлсэн нэгэн бизнес эрхлэгчтэй
    уулзлаа. Тогтууны Отгонбаяр гэх энэ хүнийг хоёр жилийн өмнөөс би мэддэг.
    Анх 2012 оны өвөл “ТАСО” хэмээх компани байгуулагдаж байгааг дуулаад,
    тэдний үйлдвэрийг зорьж ТЭЦ IV–ийн цэлийсэн том, хүйтэн гражид гурван
    шат дамжлага бүхий хэдэн технологи дээр таван залуу ажиллаж байсан юм.
    Уур савссан хүйтнийг тэд ажрах ч шинжгүй ажилдаа улайрсаар байсан. Хэв
    хашмалын технологийг солонгос түнштэйгээ хамтарч, оруулж ирэхээр ажиллаж
    байна. Одоогоор хэв хашмалынхаа түүхий эдийг Солонгост бэлтгээд авч ирж
    байгаа хэмээн ярьж байсан. Энэ үеэр Т.Отгонбаяр “Би таньдаг ахаараа
    дамжуулж Налайхаас гурван залууг авчирч сургаж авч байгаа, 100 хувь
    импортоор авдаг барилгын гол нэрийн материалын нэг хэв хашмалыг
    дотооддоо үйлдвэрлэж эхэлж байна. ПУМ буюу евро форум гэж Өмнөд Ази,
    Арабын улсууд болон Европт нэрийдэж ашиглаж буй хэв хашмалын технологийг
    Монголдоо нутагшуулж, цаашлаад ОХУ-ын Сибирь, Киргиз, Казахстан зэрэг
    улсад экспортлох зорилготой” хэмээн надад тайлбарлаж байсан юм.
    “Дотооддоо хэв хашмалын бэлдэцээ бүрэн үйлдвэрлэдэггүй, гаднаас угсарч
    оруулж ирдэг байж яасан том мөрөөдөлтэй хүн юм бэ дээ. Энэ биелнэ гэдэг
    юу л бол доо, яасан ч өөртөө итгэлтэй ярьдаг хүн бэ” гэж түүнийг
    даапаалсан бодол надад төрж байснаа нуух юун. Харин өчигдөр тохиолдлоор
    “ТАСО” компанийн шинэ үйлдвэр дээр очиж сурвалжлага хийх завшаан гарсан
    юм. Хэдий энэ хугацаанд Т.Отгонбаяр захиралтай ганц, хоёр удаа хурал
    дээр тааралдаж, үйлдвэрийнх нь ажлын талаар мэндийн зөрүүтэй явж байсан ч
    яг хэрхэн өөрчлөгдсөнийг огт мэдэхгүй байсан болохоороо дотроо
    “дэгсдүүлж” ярьсан ажлаа хийсэн болов уу гэсэн нууцхан бодол өвөрлөж
    явсан юм. Тэгвэл хоёр жилийн дотор “ТАСО” компани ажилчдынхаа тоог дөрөв
    дахин нэмэгдүүлж одоо 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, түүхий эдээ
    Солонгосоос авч, дотооддоо 100 хувь боловсруулалт хийдэг болж, Монголын
    барилгын салбарын тэргүүний 50 компанитай хамтарч ажилладаг болтлоо өсч
    дэвжсэн байгаа юм. Хоёр жил огтхон ч богино хугацаа биш гэдгийг
    Т.Отгонбаяр захирал хамт олонтойгоо хамт харуулсан гэж магтаж хэлж
    болохоор санагдсан юм. Яагаад магтмаар бүр бахархмаар санагдаад байгаа
    вэ гэхээр, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед “ТАСО”
    компани дунджаар 30-40 удаа давтан ашиглаж болох боломжтой өндөр
    чанартай, импортын бүтээгдэхүүнээс ширхэг тутамдаа 6000-10000 төгрөгөөр
    хямд бүтээгдэхүүнийг монгол хүний ур ухаан, чадварыг шингээн дотооддоо
    үйлдвэрлэж байгаа юм. Дээр нь, гурил будаанаас эхлээд бидний өмсч, зүүж,
    идэж хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хоёр жилийн
    өмнөөс нугарч өссөн гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл “ТАСО” компани
    энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнэ дээр ердөө 1000 төгрөг л нэмсэн
    тухай тус компанийн менежерүүд онцолж байсан. 

    ТАСО юу хийдэг вэ
    Баригдаж буй барилгуудыг гадна талаас нь харахад хар панёраар саглайж,
    сагсайж харагддаг та анзаарсан байх. Манай улс барилга барихдаа хэдэн
    жилийн өмнөхийг хүртэл Хятадаас хар панёрыг оруулж ирж, боож хэв
    хашмалын хэлбэрээр ашигласаар ирсэн. Энэ нь хог хаягдал ихтэй, байгаль
    орчинд ээлгүй технологи учир дэлхий нийт татгалзаад удаж байгаа ажээ.
    Гэтэл манайд барилгын салбартаа Хятад ажилчдын багийг хөлсөлж авдгаас
    үүдэж, хар панёраар хийх тохиолдол одоо ч гэсэн байдгийг Т.Отгонбаяр
    захирал онцолсон. Тэгвэл “ТАСО” компанийн хувьд 100 хувь дотооддоо
    үйлдвэрлэж буй ПУМ буюу хэв хашмалыг стандарт, төдийгүй хүссэн
    хэмжээгээр нь Солонгос технологиор чанарын өндөр төвшинд үйлдвэрлэдэг
    юм. Тодруулбал, өндөр зэрэглэлийн чанартай, эдэлгээ сайтай тего хавтанг
    ашиглаж хэв хашмалаа үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Мөн энэхүү хэв
    хашмалыг дагалдуулж ашигладаг, өмнө нь 100 хувь импортоор авдаг байсан
    дотоод, гадаад булан, холбоос төмрийг хийж байгаа аж. Тус компани
    Солонгосын мэргэжлийн инженерүүдийг урьж, авчирч ажилчдаа ийнхүү
    чадавхжуулж байгаа юм билээ. БНСУ энэхүү стандартаар хийсэн ПУМ буюу
    хэв хашмалаа барилгаас гадна, зам гүүр, төмөр зам зэргийг барихад
    1980-аад оноос ашиглаж эхэлснээр барилгын салбар нь хурдацтай хөгжсөн
    түүхтэй ажээ. Одоогоор Япон, Вьетнам, Бирм зэрэг улс үйлдвэрлэлийнхээ
    салбарт түлхүү ашиглаж байгаа юм. “ТАСО” компани нь “Жигүүр гранд”,
    Дельта констракшн, Самсунг, Эрин интернэшнл, Хера констракшн зэрэг
    барилгын салбарын тэргүүлэгч 50 гаруй компанитай гэрээтэйгээр хамтарч
    ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн Ухаахудаг, Гашуунсухайт
    чиглэлийн төмөр замын ажлыг хийх хэв хашмалыг нь иж бүрнээр нь ханган
    нийлүүлж байгаа. Барилгын компаниуд Солонгосоос яг дотооддоо үйлдвэрлэж
    байгаатай адил чанартай бүтээгдэхүүн авахын тулд гааль, татварт өчнөөн
    мөнгө төлж, цаг хугацаа алддаг учир, цаг хугацаатай уралдаж бүтээн
    байгуулалтаа хийдэг тэдний хувьд “ТАСО” компанийн хэв хамшалыг сонгож,
    барилгаа барихад илүү ашигтай байдаг юм. 

    Үнийн өсөлтийг технологийн шийдлээр давсан
    Т.Отгонбаяр захирал “Манайх сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэртэй
    1.4 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийсэн. Тиймээс одоогоор
    өдөрт 600-700 ширхэг хэв хашмал, дотор, гадна булан 1000 ширхэг, холбоос
    төмөр 15 мянгыг хийх хүчин чадалтай” хэмээн ярьсан. Иймээс сүүлийн
    хоёр жилийн дотор бүтээгдэхүүнээ үнэ дээр 1000 төгрөг л шинээр нэмсэн
    ажээ. Хэдийгээр дотооддоо хэв хашмал үйлдвэрлэдэг ганцхан компани хэмээн
    үнийн өсөлтийг далимдуулж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болох байсан ч
    Т.Отгонбаяр захирал тийм сонголт хийгээгүй ажээ. Учир нь, хэдхэн жилийн
    дотор ашгаа эргэж олохоор улайрдаг адгуу зан гаргалгүй, бизнесийнхээ
    урт хугацааны ирээдүйн бат суурь, цаашлаад дотоодынхоо компаниудыг өсч,
    дэвжихэд хувь нэмрээ оруулахаар тэрээр шийдсэн талаараа хэлсэн. Дотоодын
    барилгын компаниуд цаашлаад төрийн зүгээс хийж байгаа барилга, авто
    болон төмөр замын ажилдаа дотоодын компаниудын үйлдвэрлэж, ядаж л тоосго
    цаашлаад хэв хашмал зэргийг хэрэглүүлэх стандарт тогтоовол дотоодын
    үйлдвэрүүд өндийхөд санхүүгийн томооохон дэмжлэг болно гэдгийг
    Т.Отгонбаяр захирал онцолсон. Улсаас жил бүр хийж буй бүтээн
    байгуулалтын томоохон ажлууддаа дотоодын барилгын компанийнхаа
    бүтээгдэхүүнийг авч ашиглуулдаг болговол олон компани хөл дээрээ босох
    нь мэдээж. Т.Отгонбаяр захирал цаашдын зорилгын талаар ярихдаа “Манай
    компани үндэснийхээ томоохон үйлдвэрлэгч компани болж, дотоодынхоо зах
    зээлийг 100 хувь хангахын зэрэгцээ цаашлаад ОХУ-ын Сибирь, Киргиз,
    Казахстан улсад бүтээгдэхүүнээ экспортолдог болохоор зорьж байгаа. Бид
    жилээс жилд технологио сайжруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж,
    тулгуур баганыг үйлдвэрлэх бидний ойрын хийх томоохон ажил” хэмээсэн.
    Харин төрийн зүгээс дотоодынхоо экспортод гаргах боломжтой
    бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаж, энэ чиглэлд худалдааны томоохон
    гэрээ, хэлэлцээр хийж, татвар, гаальд нь хөнгөлөлт үзүүлэх чухлыг ч нь
    тэрээр онцолсон юм. Үндэсний үйлдвэрлэл гэдэг “овгоо” нэр төртэй авч
    яваа, 20 гаруй хүний амьдрал ахуй цаашлаад барилгын салбарынхандаа
    томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад нь “ТАСО” компанид талархах хүн
    олон байгааг онцолж байна. Хэрэв “ТАСО” компанийн бүтээгдэхүүнийг
    худалдан авч, хамтарч ажиллахыг хүссэн бүх компанид үүд, хаалга нь
    нээлттэй гэдгийг онцолсныг дуулгая.

    Б.Ууганбаяр
    Үндэсний шуудан сонин