Author: admin

  • ​МОНГОЛООРОО АЯЛАЖ ЭХ НУТГАА МЭДЬЕ (21 аймгийн заавал үзэх 7 гайхамшиг)

    МОНГОЛООРОО АЯЛАЖ ЭХ НУТГАА МЭДЬЕ.

    21 аймгийн заавал үзэх 7 гайхамшиг

    1. АРХАНГАЙ АЙМАГ
    Чулуутын гол
    Хоргын тогоо
    Тэрхийн цагаан нуур
    Суварга хайрхан уул
    Тамирын гол
    Булган уул
    Тайхар чулуу
    Хар балгас
    Билгэ хааны цогцолбор

    2. БАЯН – ӨЛГИЙ АЙМАГ
    Ёлтын сав газар
    Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
    Потаны мөсөн гол
    Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
    Бага Түргэний хүрхрээ
    Толбо нуур
    Ачит нуур

    3. БАЯНХОНГОР АЙМАГ
    Цагаан агуй
    Бичигт хад
    Шатар чулуун хөшөө
    Түрэгийн үеийн бичээс
    Бүгийн цавийн хоолой
    Шаргалжуутын халуун рашаан
    Их Богд уул

    4. БУЛГАН АЙМАГ
    Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
    Уран тогоо уул
    Шивээт улааны цогцолбор
    Хар бухын балгас
    Чин толгойн балгас
    Бий булгын балгас
    Могойн шинэ ус

    5. ГОВЬ – АЛТАЙ АЙМАГ
    Ээж хайрхан уул
    Бурхан буудай уул
    Сутай хайрхан уул
    Цагаан голын хадны зураг
    Монгол элс
    Хасагт хайрхан уул
    Аж Богдын нуруу
    Эрээн нуур
    Шаахар толгой

    6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ
    Чойрын Богд уул
    Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
    Цагаан дарь эх
    Дагвасүндэл бурхан
    Хүүхдийн овоо
    Дугар мээрэнгийн хөшөө
    Цоорхойн рашаан

    7. ДАРХАН – УУЛ АЙМАГ
    Тахилгат их дархан уул
    Дурлалын мод
    Шарын голын зосон зураг
    Буурал уулын булш
    Дүрс нарс
    Лам Дондовын рашаан
    Хүйтний голын хадны бичээс

    8. ДОРНОГОВЬ АЙМАГ
    Хамрын хийдийн цогцолбор
    Цагаан дарь эх
    Сүйхэнт, Өлгий хийд
    Цонжийн чулуу
    Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
    Эргэлийн зоо
    Нүдэнгийн хонхор

    9. ДОРНОД АЙМАГ
    Чингисийн хэрмэн цав
    Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
    Буйр нуур
    Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
    Их бурхант чулуун бурханы цогцолбор
    Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
    Хамар даваа дээрх ялалтын хөшөө
    Халх гол
    Вангийн цагаан уул

    10. ДУНДГОВЬ АЙМАГ
    Их газрын чулуу
    Дэл уул
    Бага газрын чулуу
    Онгийн хийдийн туурь
    Морин хуур
    Өөш манхан
    Дэлгэрхангай уул

    11. ЗАВХАН АЙМАГ
    Отгонтэнгэр хайрхан
    Хар нуур
    Загастайн давааны хүн чулуу
    Бор хярын элсэн манхан, Мухартын гол
    Тэсийн гол Нисэхийн шугуй
    Их хайрхан уул
    Дааган дэлийн буган чулуун хөшөө
    Идэр голын буган хөшөөт дурсгал
    Сангийн хэрмийн туурь

    12. ОРХОН АЙМАГ
    Зэргэлээ
    Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
    Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

    13. ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
    Арц богд
    Хужиртын рашаан
    Монгол түмний морины их шүтээн
    Хархорум хот
    Эрдэнэ зуу хийд
    Тэвш уул
    Төвхөн хийд

    14. ӨМНӨГОВЬ АЙМАГ
    Говь гурван сайхан
    Баянзаг
    Нэмэгт, Хэрмэн цав
    Галбын говь
    Ноён богд, Толь хад
    Алгуй улаан цав
    Хонгорын элс
    Сангийн далай
    Галбын гурван хийд

    15. ХОВД АЙМАГ
    Сэнхэрийн агуй
    Хар-Ус нуур
    Мөнххайрхан уул
    Баянзүрхийн буган хөшөө
    Төрийн тахилгат Алтан Хөхий уул
    Харуул овоо
    Ямаан усны хадны сүг зураг
    Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
    Ишгэн толгойн хадны зураг

    16. УВС АЙМАГ
    Увс нуур
    Хяргас нуур, хэцүү хад
    Алтан элсний дархан цаазат газар
    Хан хөхий уулс
    Чандмань уулын дурсгал
    Гоожуурын хүрхрээ
    Мөнгөт цахир уул
    Дэглий цагаан уул
    Зураагийн улаан хадны зураг

    17. ХӨВСГӨЛ АЙМАГ
    Соёны бүс нутаг
    Хөвсгөл нуур
    Даян дээрхийн агуй
    Уушгийн өврийн буган хөшөө
    Улаан толгойн буган хөшөө
    Дархадын 13 овоо
    Цаатны нутаг

    18. СЭЛЭНГЭ АЙМАГ
    Амарбаясгалан хийд
    Соронзон хад
    Хувьсгалын өлгий Алтанбулаг
    Халуун рашаан
    Тужийн нарс
    Дуут хад
    Сайханы хөтөл

    19. СҮХБААТАР АЙМАГ
    Алтан овоо
    Шилийн богд
    Монголын хүн чулууд
    Таван толгойн археологийн цогцолбор
    Ганга нуур, Оргихын булаг
    Хунгийн чуулган
    Егүзэрийн хийд

    20. ХЭНТИЙ АЙМАГ
    Бурхан Халдун уул
    Балдан Бэрээвэн хийд
    Чингисийн гэрэлт хөшөө
    Дэлүүн болдог
    Хар зүрхний хөх нуур
    Хэрлэнгийн хөдөө арал
    Өглөгчийн хэрэм
    Рашаан хад
    Дуурлиг нарсны Хүннүгийн булш

    21. ТӨВ АЙМАГ
    Манзушир хийдийн туурь
    Хустайн байгалийн цогцолборт газар
    Гүнжийн сүм
    Зоргол хайрхан уул
    Чингис хааны морьт хөшөө
    Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
    Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

  • Монголын нууц товчооноос сэдэвлэсэн болон Чингис хааны тухай уран бүтээлүүд






  • Яаж өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх вэ?

    Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхэд тийм амархан байдаггүй. Надад ч гэсэн хэцүү байдаг.

    Жишээлбэл: Хүссэн ажлаа хийгээд, хүссэн мөнгөө олоод, хүссэнээрээ амьдрах сайхан гэдгийг мэдээд байгаа мөртлөө заримдаа үүнийхээ төлөө огт юм хийдэггүй.

    Үүний гол шалтгаан юу вэ?

    Амлалтаа биелүүлье, юм хийж бүтээе, амжилтанд хүрье гэхээр бидний оюун ухаан хамгийн түрүүнд саад бэрхшээлийг олж хардаг. Саад бэрхшээлээс бид айдаг. Тийм ч учраас саад бэрхшээлтэй учрахгүйн тулд янз бүрийн хийхгүй байх шалтаг хайж олдог гэж болно.

    Үүний нэг нь: Надад хангалттай цаг алга гэдэг шалтаг юм.

    Амжилтанд хүрсэн хүрээгүй хамаагүй бүх хүнд ижилхэн 24 цаг байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Амжилттай амжилтгүй хүмүүс ялгаагүй л завгүй байдаг. Гэвч амжилттай хүмүүс цагийг гаргаж чаддаг. Та ч гэсэн өөртөө хүссэн үедээ цаг гаргаж чадна.

    Яаж вэ?

    1. Цагаа төлөвлө!

    2. Дахин дахин төлөвлө!

    Өдөр сар жилээ урьдчилан төлөвлө. Үүний тулд хийх ажлын жагсаалт их тус болдог. Доорх бичлэгээс

    а. Хийх ажлын жагсаалтаа хэрхэн гаргах вэ?

    б. Гаргасан жагсаалтаасаа альныг нь түрүүлж хийх вэ? тухай дэлгэрэнгүй үзээрэй.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • “​МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭЕ” ТӨСЛИЙН НЭЭЛТ

    Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд таниулан алдаршуулах “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн хүрээнд хийгдэж буй “Монголын нууц товчоо Түгээмэл эх”-ийн Дэд дэвтэр “Эсгий туургатныг нэгтгэж Их монгол улсыг байгуулав” номын нээлт болон “Чингис хаан” анимейшн кино бүтээх төслийн танилцуулга 2015 оны 5-р сарын 27- нд Төрийн түүхийн музейд боллоо.

    Монголы нууц товчоог дэлхийд түгээе” төслийг санаачлагч зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” цуврал бүтээл болон Монгол үндэсний имижийг дэлхийд гаргах Монгол брэнд “Чингис Хаан” анимейшн киног бүх монголчуудынхаа хүсэл зоригоор хамтдаа бүтээх зорилготой төслөө танилцууллаа.

    Нээлтэнд урилгаар түүхч, археологич Д.Эрдэнэбаатар, түүхч, орчуулагч доктор Г.Аким, түүхч, доктор, профессор С.Цолмон, түүхч, доктор, профессор А.Пунсаг, Төрийн соёрхолт яруу найрагч, зохиолч З.Дорж нар оролцож Монголы нууц товчоо бол Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монгол брэнд мөн тул дэлхий дахинд түгээн алдаршуулах нь маш зүйтэй санаачлага болохыг дуу нэгтэйгээр хэллээ. МНТ түгээмэл эх нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгаж, эх зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх бодит дүрслэлтэй бүтээл болж чадсаныг түүхч, археологич Д.Эрдэнэбаатар онцлон тэмдэглэлээ. Уг бүтээлээс Их Монгол улсын үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг, угсаатан ястаны дүр төрхийн ялгаа, дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг зэргийг харах боломжтой.

    “Монголын нууц товчоо illustration art” үзэсгэлэн 6-р сарын 5 хүртэл 10:00- 13:00 14:00- 16:30 цагийн хуваариар Төрийн түүхийн музейд үргэлжилнэ. Та үзэсгэлэнгээр зочилж МНТ- г зурагт дүрслэлээр үзэхээс гадна МНТ түгээмэл эх номын 1, 2-р дэвтэрийг зураачийн гарын үсэгтэй худалдан авах боломжтой. Таны ном худалдан авсан төлбөр “Монголы нууц товчоог дэлхийд түгээе” төсөлд хандив болон хуримтлагдах юм.

    Эрхэмсэг Монгол хүмүүн таныг монгол үндэстэний бахархал, итгэл үнэмшлийг сэргээх, монгол хүний суу алдарыг дэлхийд тунхаглах Монголы нууц товчоог дэлхийд түгээе төслийг дэмжиж түүхэн их үйлсд нэгдэхийг уриалж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/SecretHistoryMongols хуудаснаас авах боломжтой.

  • Амжилтын тарни яагаад үйлчлэхгүй байна вэ?

    Яагаад амжилтын тарни үйлчлэхгүй байна вэ гэвэл амжилтын тарни хэрхэн яаж үйлчилдэг вэ гэдгийг сайн мэдэхгүй байна гэсэн үг.

    Бидний оюун ухаанаас гарч буй бодол далд ухамсраас гарч буй бодолтой нийцэж байх үед амжилтын тарни үйлчилж эхлэнэ.

    Гэвч ихэнх тохиолдолд энэ хоёр бодол хоорондоо нийлж чаддаггүй. Тодруулбал бид хичнээн эерэг байгаад, сайхан зүйлийг хүсээд, түүнийгээ төсөөллөө ч гэсэн энэ бодол далд ухамсарт бичигдээгүй тохиолодолд бодит болох боломжгүй. Өөрөөр хэлбэл бид сайхан хань ижил хүсээд, түүнийгээ бодож төсөөллөө ч гэсэн бидний далд ухамсар дахь бодол “надад сайхан хань ижил ерөөсөө тохиодоггүй, би их азгүй хүн, хувь тавилан минь ийм л байж, над шиг хүнийг хүн тоох болов уу” гэх мэт сөрөг бодлоор дүүрэн байгаа бол бидний итгэл үнэмшил, дадал зуршил, үйлдэл энэ далд ухамсар дахь бодлын дагуу хэрэгжинэ гэсэн үг.

    “Бидний өдрийн турш бодсон бодлын 95% нь далд ухамсраас гарч байдаг. Хүн бүр давамгайлж буй бодлынхоо дагуу үргэлж хөгжин хувьсаж байдаг.”

    Санаж яв: Бид оюун ухаанаараа бодлоо сонгож, далд ухамсраараа хэрэгжүүлдэг.

    Тиймээс Амжилтын тарни үйлчлэхгүй байгаа нэг шалтгаан нь бидний бодол далд ухамсар дахь бодолтой нийцээгүйн улмаас үйлчлэхгүй байгаа юм.

    Хэрвээ та мөнгөтэй болохыг хүсвэл, эрүүл чийрэг биетэй болохыг хүсвэл, сайхан хань ижилтэй болохыг хүсвэл… түүнийгээ бодоод, бичээд, хэлээд, төсөөлөх нь хангалтгүй. Учир нь тэр хүсээд байгаа зүйл далд ухамсарт тань бичигдсэн байна уу? гэдэг маш чухал. Үгүй бол далд ухамсартаа бичигдтэл бодох, бичих, унших, төсөөлөх хэрэгтэй. Үүнд амжилтын тарни их үүрэг гүйцэтгэдэг.

    Харин далд ухамсарт бичигдсэнээр оюун ухаанд байгаа бодолтой тохирч, түүний дагуу итгэл үнэмшил хүчтэй сууж, үйлдэл хийж, зөв дадалтай болж түүнийгээ бодит болгон хэрэгжүүлж чадна.

    Амжилтын тарни үйлчлэхгүй байгаа нөгөө нэг шалтгаан нь зөвхөн хүсээд, хэлээд, уншаад, төсөөлөөд, итгээд хүсэл биелэхгүй. Түүнийхээ дагуу заавал ҮЙЛДЭЛ хийх хэрэгтэй. Үйлдэл хийхгүй бол хэзээ ч биелэхгүй гэдгийг дахин дахин хэлье.

    Амжилтын тарнийг үйлтэй хослуулснаар гайхамшгийг бүтээнэ.

    Тэгэхээр өдөр болгон өөртөө хэдхэн минут гаргаж байгаад, юу хүсч байна түүнийгээ төсөөлөөд, түүнд тохирсон амжилтын тарни уриад, далд ухамсраа дахин программчилж, өнөөдөр та хаана байна вэ, ирээдүйд хаана хүрсэн байх вэ гэдгээ тодорхой гарга. Бас түүнийхээ дагуу зорилго тавьж, төлөвлөгөө боловсруулж, үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.

    Ертөнц таны хүслийг биелүүлнэ. Хэзээ вэ гэвэл:

    Үйлдэл хийж эхэлсэн тэр л мөчөөс ертөнц түүнийг тэнь биелүүлэхийн тулд тантай хамтарч эхлэх болно.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Монголын За- Андагаар буй заа


    Б.Ренчин гуайн ийм нэртэй номыг би бараг сарын өмнө уншсан юм. Энэ ном Б.Ренчин гуайн 1950 оноос хойш бичсэн өгүүллэг, нийтлэл, дурсамжуудын түүвэр л дээ.

    Энэ номноос номны нэр болсон “Монголын За-Андагаар буй заа” гэсэн нийтлэл надад их таалагдсан тул өөрийнхөө блогтоо сэтгэгдэлээ хуваалцахаар шийдэв.

    Түүний бичсэнээр Монголын нууц товчоонд “Монголун жа андагаар буй заа” гэсэн өгүүлбэр байдаг аж. Үүнийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлбэл Монголын За-Андагаар буй заа гэсэн өгүүлбэр болно. Утгачилвал Монголчууд за гэж хэлсэн л бол андгай, тангараг өргөсөнтэй адилтган үздэг байжээ.

    Хамгийн сонирхолтой нь Б.Ренчин гуай за гэсэн үгээ тангараг мэт үзэхийг хамгийн том боловсрол юм шүү дээ гэж бичсэн байх юм. Яагаад боловсрол гэж хэлсэн юм болоо гэж нилээд гайхсан. Минийхээр бол боловсрол гэдэг тал бүрийн мэдлэгтэй байх тухай ойлголт. Ер нь бид чинь гадаадад сургууль соёл төссөн, хэл, устай нэгнийгээ тэр их боловсролтой хүн гэж ирээд л ярьдаг биш бил үү. Гэтэл яагаад ганцхан хэлсэндээ хүрдэг хүнийг боловсролтой гэж хэлж байгаа юм бол оо? Энэ асуулт бараг миний тархинд 1 сар байсан байх аа. кккк

    Энэ номыг уншсаны дараа би “за” гэж хэлсэндээ байнга хүрдэг билүү гэж өөрөөсөө асуусан. Харамсалтай хэлсэндээ хүрээгүй тохиолдлууд олон. Бүр заримыг нь аль хэдийн мартсан байна. Тэгээд яг одооноос эхлээд за гэж хэлсэндээ хүрдэг хүн байх гээд хичээгээд үзье гэж өөртөө хэлсэн.

    Даанч энэ тийм ч амар зүйл биш ажээ. Хамгийн энгийн жишээ: нэг найзтайгаа уулзая гэж хэлчихээд яг очих гэхээр өөр ажил гарчихна. Аль эсвэл хэн нэгнээс чадна гээд нэг ажил авчихна. Нөгөөдөхийгөө хийх гэсээр байгаад цагийг нь дөхүүлчихдэг. Тэгээд л амждаггүй гэх мэт. Нэг уулзалтанд очно гээд хэлчихсэн байтал гэнэт илүү чухал ажил гараад ирнэ. Зарим за гэж хэлсэн зүйлдээ “чадал” ч хүрэхгүй байх тохиолдлууд гарах юм.

    Тэгэхээр “за” гэж хэлсэндээ байхын тулд наад зах нь ажлаа төлөвлөдөг байх шаардлага гарч байгаа юм. Энэ нь ирээдүйд юу болохыг тодорхой хэмжээнд таамаглана гэсэн үг. Таамаглахын тулд туршлага хэрэгтэй. Бас хэн нэгэнд за гэж хэлээд нэг ажил хийхээр боллоо гэхэд тухайн ажлыг нь хугацаанд нь амжуулахын тулд залхуурлаа даван туулахаас эхлээд өөрийгөө удирдах чадварт суралцах шаардлагатай болчихож байгаа юм. Нөгөө талаас зарим чадахгүй, амжихгүй зүйлдээ шударгаар “үгүй” хэлж сурахыг ч бас шаардана. Ер нь тухайн нэр үгийн утгыг үйл үгнээс нь хаймаар юм шиг санагддаг. Боловсрол гэдэг үгийн үйл үг нь “боловсрох”. Боловсрох гэдэг үг нь аливаа амьтан нас бие гүйцэх, жимс ургамал бүрэн гүйцэт ургах гэх мэт утга илэрхийлнэ. Ингээд бодоход боловсорч байж л за гэдэг үгэндээ хүрч чадах юм байна.

    Тэгээд эцэст нь мань хүнтэй санал нэгдэхээр шийдсэн юм.

    (Нээрээ нэг япон судлаач ах япончууд бол будааны соёлтой хүмүүс гэж ярьж байсан. Учир нь будаа ургаад илүү сайн болох тусмаа бөхийдөг юм байна л даа. Яг тэрэн шиг япон хүн ч гэсэн боловсрох тусмаа бөхөлздөг гэж.)

    Б.Ренчин гуайн ачаар би өөртөө “боловсрол” гэдэг үгийг шинээр нээсэндээ баяртай байгаа. Боловсрол гэдэг чинь зүгээр л “За” гэж хэлсэндээ л хүрэх юм байна шүү дээ гэж. Бүр “боловсрол” тэр чигээрээ шүү.

    Эх сурвалж: http://abatorgil.blogspot.com/

  • ЭР ХҮНИЙ ТАНГАРАГ

    Арван есөн жилийн тэртээ 1996 оны хавар өвгөнтийн архичнаас ер ялгарах юмгүй, хөлчүү гэмээр царайтай,хар бор ажилд нухлагдсан Ганжуурын Нэргүй хэмээх залуу Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт сууж байхдаа фото зургаа татуулжээ.

    Ноорхой хүрэм, халцархай гуталтай харваас хөлчүү нэгэн өмнөөс ширтэнэ.
    Г.Нэргүйд тэр үед хорвоо зүйл бүрээр л хатуурхсан байх.
    Олон ч хүн түүнд “Өнгөрсөөн” – гэх ганц үгээр онош тавьсан байх.
    Харин тэр өөрийгөө ялж бусдын бодол буруу байсныг сэтгэл зүрх хөдөлмөрөөрөө харуулаж чадсан.
    Ийм байдалдаа цэг хатгана, тэгэхдээ ийм явсан гэдгээ хэзээ ч мартахгүй хэмээн өөрийнхөө энэ зураг дээр андгай бичин тавьжээ.
    Өнөөдөр Г.Нэргүй Говь-Алтайдаа ” Айргийн хад”- хэмээх нэртэй том компанийн захирал.
    Алдсан он жилүүдээ нөхөхийн тулд блокны машин нэгийг зээлж аваад цаг наргүй зүтгэсэн гэдэг юм. 2003 оны яг энэ өдөр тэрээр компани байгуулжээ. Түүний байгуулсан “Айргийн хад” компани 10 жилийн дотор хөл дээрээ бүрэн тогтож, жилдээ улаан тоосго 5 саяыг, явган замын хавтан 90 мянгыг, блок 280 мянган ширхгийг үйлдвэрлэдэг болжээ.
    Дээр нь барилга угсралтын ажил хийнэ. Сайн байгаа биз.
    Ингэлээ гээд тэр хөөрч шандуурсангүй. Хурдан морь, бөх тэхэд мөнгө зарсангүй. Харин амьдралын боломж муу ч сурлага сайтай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь даадаг уламжлалтай болж.
    Энэ жил гэхэд л 6 хүүхдийн төлбөрийг нь даасан байна. Болзол нь ганцхан. Сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж 5 жил ажилла, цааш хэрхэхийг өөрөө мэд. Өөрийн компанидаа ажилла гээгүй юм шүү. Төрсөн нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруул, өөр хариу нэхэхгүй гэсэн үг. Үүнийг би эх оронч сэтгэл, нутагтаа хайртай, бас ухаантай хүний л үйлдэл гэнэ.
    Компанийнхаа 10 жилийн ойг ч тэрээр өвөрмөц тэмдэглэж буй.
    Морь уралдуулж, бөх барилдуулсангүй.
    Харин Улаанбаатараас эрдэм мэдлэгтэй, оюуны бядтай хүмүүсийг урьж, аймгийн төвийнхөнд цуврал лекц үнэгүй уншуулж, “Говь-Алтай аймгийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр эссэ бичлэгийн нээлттэй уралдаан зарлаж, гол гол салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг Говь-Алтайд урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг олон ажлыг жилийн турш зохион байгуулж, бүх зардлыг нь даажээ.
    Саяхан тэрээр “За найз нь хэдэн сайхан залуусыг ажилд сургалаа. Эд компаниа өлхөн аваад явчихна. Гурван жилийн дараа компаниа эд нартаа өгчихнө дөө. Залуу хүмүүс өмчтэй, амьдралын баталгаатай болог” гэж байсан.Мөн тэрээр олон залуусыг ажлын байраар хангаж, сайн ажилчингаа байраар шагнадаг гэнэ.Өнөөдөр ч түүний ажлын өрөөнд андгай тангарагийн үгтэй, фото зураг нь жаазтай байх ба ирсэн, уулзсан зочид зургийн хараад гайхан шагширч,түүнийг хайрлан бахархахаж хүндлэсээр буцдаг билээ.
    ” Эр хүн ” – хэмээх эрхэм алдар хүндийг, хэн дуртай нь түмэн олноос хүртээд байдаггүй, эрхэм нандин зүйл аж.

  • Габриель Гарсиа Маркесийн дэлхий дахинд илгээсэн сүүлчийн захидал

    “Зуун жилийн ганцаардал” зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ.

    Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдэй гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан.
    Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв надад зүрх байсан бол би бүх үзэн ядалтаа мөс рүү чихээд нар гартал хүлээх байсан. Би Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найраглалыг одод дээр зурах байсан. Би “Серрат” аязыг саранд зориулан дуу болгон бэлэглэх байсан. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаан дэлбээний үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсан.Бурхан минь надад хумсын чинээ амьдрал үлдсэн бол хайртай хүмүүстээ хайртай гэж өдөр бүр хэлэх байсан. Надад хамгийн эрхэм хүмүүстээ хайраа илчлэн, хайрлан дурлаж амьдрах байсан. Төөрч будлиж яваа хүн болгонд дурлахаа больчихлоор ингэдэг юм гэж тайлбарлах байсан. Дурлахаа больчихлоор хөгширдөг юм гэж хөгширснөө мэдэхгүй хүмүүст хэлэх байсан. Хүүхдэд далавч бэлэглэвэл би түүнд өөрөө нисэж сурахыг нь зөвшөөрөх байсан. Настангуудад би үхэл хөгширснөөс бус мартсанаас ирдэг гэж ойлгуулах байсан. Хүмүүс та нараас би асар ихийг суралцжээ. Аз жаргал гэдгийг уулын оргил өөд хэрхэн гарахад оршдогийг мэдэхгүй харин ууланд л амьдрахыг ертөнц тэр чигтээ хүсэж байдгийг би ойлгосон. Дөнгөж төрсөн хүүхэд эцгийнхээ хурууг бяцхан алгандаа атгасан мөчөөс эхлээд хэзээ ч түүнийг тавьдаггүй гэдгийг ойлгосон. Хүн хүнээ эгц дээрээс нь зөвхөн босоход нь тусалж байх үедээ л харах эрхтэйг ойлгосон. Хүмүүсээс сурах зүйл хичнээн их байна гээч.
    Гэвч үнэн хэрэгтээ тэд хэрэг болохгүй л болов уу. Яагаад гэвэл намайг энэ хайрцганд хийхэд харамсалтай нь би үхчихсэн байх болно. Юу мэдэрч байгаагаа дандаа хэлж бай, юу бодсоноо дандаа хийж бай. Хэрэв би чамайгаа унтаж байгааг чинь эцсийн удаа харж байгаагаа мэдсэн бол чанга тэврээд Бурхнаас чиний сахиусан тэнгэр болгож өгөөч гэж гуйх байсан. Хэрэв би чамайгаа гарч явааг эцсийн удаа харж байна гэж мэдэж байсан бол чанга тэвэрч үнсээд илүү ихийг өгөхөөр ахин дуудах байсан. Хэрэв би чамайгаа эцсийн удаа сонсож байна гэдгээ мэдсэн бол чинийхээ дуу хоолойг хуурцганд бичиж аваад өнө мөнхөд сонсох байсан. Чамайгаа сүүлчийн удаа харж байна гэдгээ мэдсэн бол “Чамд хайртай. Хайртайг минь мэднэ гэдгийг гадарлаа ч үгүй тэнэг шүү дээ би” гэж хэлэх байсан. Маргааш гэж бий. Тиймээс амьдрал бидэнд алдаагаа засаж, залруулах боломж олгодог. Гэвч би алдаж яваад өнөөдрөөс өөр өдөр надад үлдээгүй бол чамд ямар их хайртайгаа, хэзээ ч мартахгүйгээ хэлэх байсан. Залуу хөгшин хэн нь ч бай ялгаагүй маргаашийн өдөр байдаг гэдэгт найдаж болохгүй. Өнөөдөр хайртай хүмүүсээ харж байгаа эцсийн өдөр ч байж болох шүү дээ. Тиймээс ямар нэгэн зүйл хүлээлгүй хийх хэрэгтэй зүйлээ өнөөдөр хий.Маргаашийн өдөр хэзээ ч ирэхгүй бол чи ганц инээмсэглэл, ганц тэврэлт, ганц үнсэлт өгөх цаг гаргаагүй сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэх дэндүү завгүй явсан тэр өдрийг хараан зүхэх болно. Ойр дотнын хүмүүсээ үргэлж дэмжиж, чихэнд нь тэд чамд ямар их хэрэгтэйг шивнэж, тэднийг энхрийлэн хайрлаж, уучлаарай, баярлалаа гэдэг үгийг марталгүй хэлж бай. Бодол санаагаар чинь хэн ч чамайг санаж үлдэхгүй. Тиймээс Бурхнаас юу мэдэрч байгаагаа ярьж байх ухаан, хүч хоёрыг мөргөн гуй.
    Найз нөхдөдөө тэд чиний хувьд ямар их чухал хүмүүс болохыг харуул. Хэрэв чи үүнийг өнөөдөр хэлэхгүй юм бол маргааш яг өчигдрийнх шиг байна. Хэрэв чи үүнийг хэзээ ч хийхгүй юм бол бүх зүйл утга учиргүй болно. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүл. Тэр мөч ирсэн
  • Чаплин: Охин минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь ч таарна. Өөрийгөө бүү хуур

    ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    Чарли Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ.

    Охин минь, өнөөдөр зул сарын баяр. Дүү нар чинь аль хэдийнэ унтчихсан. Ээж чинь ч унтжээ. Надаас хэдий хол байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Парисын театрын тайзнаа бүжиглэж байгаа ч хөлийн чинь чимээг сонсож, нүүр царайг чинь шөнийн оддын дундаас олж харах шиг болдог.
    Чи минь Татарын хаанд богтлогдсон Персийн гүнжийн дүрд хувиран бүжиглэж буйг би мэднэ ээ. Гоо үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз, охин минь. Тэгэвч үзэгчдийн алга ташилт, уухайн дуунд мансуурч, цэцэгсийн үнэрт толгой эргэж эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой.

    Би бол чиний эцэг, би бол Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсаан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү дээ!” хэмээн уулга алдаж байсаан. Тийм ээ, өдгөө аав нь хөгширчээ. Өнөөдөр чиний үе ирж. Бүжиглэ, охин минь! Аав нь уранхай, өргөн өмдтэй бүжиглэж байсан бол чи минь торгон даашинзтай бүжиж байна.

    Чиний бүжиг, үзэгчдийн алга ташилт чамайг тэнгэрт дүүлэн нисгэх болно. Дүүлэн нис, охин минь! Гэхдээ газарт бас буухаа мартуузай! Хүмүүсийн амьдралыг мэдэж байх учиртай шүү. Чи минь өлсөж ундаасан даарч бээрсэн гудамжны бүжигчдийн амьдралыг мэдэх учиртай. Би яг л тэдэн шиг байсаан. Унтахад чинь аав нь олон үлгэр ярьж өгдөг байсан боловч өөрийнхөө үлгэрийг өгүүлж явсангүй. Энэ бол Лондонгийн гудамжинд дуулж бүжиглэж байсан өлссөн алиалагчийн тухай үлгэр юм. Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлонг амссаан. Түүгээр ч барахгүй бардам зан маань хүмүүсийн шидэх зоосонд дарагдаж, өр өвдөж явсаан. Гэсэн ч би амьд үлдсэн юм шүү.

    Аав нь Чаплин нэрээрээ хүмүүсийг 40 гаран жил инээлгэлээ. Гэвч тэдний инээснээс илүүтэй би уйлж явсаан. Охин минь, энэ хорвоод дуу бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү! Үдэш тайзнаасаа буухдаа чинээлэг шүтэн бишрэгчдээ мартаж болох ч гэрт чинь хүргэж өгөх таксины жолоочоос эхнэрийнх нь тухай асуухаа битгий мартаарай. Эхнэр нь жирэмсэн, хүүхдийн живхний мөнгөгүй бол халаасанд нь мөнгө хийгээрэй. Харин бусад хүмүүстэй яс тооцоо хийж бай.

    Хааяа ч гэсэн хотоор алхалж ядуу зүдүү, тарчиг амьдралтай хүмүүсийг харж бай. УРЛАГ ХҮНД ДҮҮЛЭН НИСЭХ ДАЛЬ ЖИГҮҮР ХАЙРЛАДАГ ХЭРНЭЭ ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ ХАЯДАГ ЖАМТАЙ. Охин минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь ч таарна. Өөрийгөө бүү хуур.

    Аав нь чамд чекийн дэвтрээ явууллаа. Чамайгаа хангалуун амьдраасай гэж хүсэж байна. Гэхдээ охин минь, 2 франкийг өөртөө, 3 дахийг нь бусдад зориулж байгаарай. Аав нь циркэд олон жил ажилласан шүү дээ. Олсон дээр явагчдын өмнөөс их л санаа зовдог байлаа. Гэхдээ хүмүүс олсон дээр явагчдаас илүү газраар явахдаа хөл алддаг даа. Сайхан харагдсан очир эрдэнэ рүү тэмүүлэхдээ, сайхан эрийг хүсэмжлэхдээ чи эгээтэй л ямар ч туршлагагүй олсон дээр явагч шиг болно. Зүрх сэтгэлээ очир эрдэнэсээр бүү соль. Сэтгэл зүрхийг чинь хайрлаж чадсан хүнд л нүцгэн биеэ зориулаарай.

    Аавынхаа бичсэн болгоныг миний охин ойлгоно байх аа. Чарли өвгөрчээ. Хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одно. Охин минь, толинд харахдаа чи аавынхаа дүр төрхийг харах болно. Чиний судсаар миний цус гүйж байгаа. Би сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Гэхдээ би хүн шиг хүн байхыг хичээж амьдарсаан. Чи минь ч бас ийм байхыг хичээгээрэй.

    Үнсье, охин минь. 1965 оны 12-р сар.

  • ​ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУЛААНЫ УРЛАГ ЭДҮГЭЭ ЦАГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

    Саяхан Хууль сахиулах их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Батлан хамгаалах болон Хил хамгаалах байгууллагын тулааны урлагийн багш, офицеруудын дунд “Гардан тулааны урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов. Энэхүү хуралд “Монголын цуутай нударган тулаанчид” хэмээх хоёр боть ном туурвисан зохиолч, сэтгүүлч Б.Ойдов урилгаар оролцож “ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУЛААНЫ УРЛАГ, ЭДҮГЭЭ ЦАГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” ГЭСЭН СЭДВЭЭР илтгэл тавив. Ингээд уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

    ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУЛААНЫ УРЛАГ
    ЭДҮГЭЭ ЦАГИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

    Миний бие одоогоос арав гаруй жилийн тэртээ дэлхийн тулааны урлагийн мастер, кино од Брюс Ли-гийн “Эртний монголчуудын тулалдах урлаг, зэвсэгийн эрдэм Шаолинь сүмийн 316 эрдэмээс давуу байсан гэж үү?” хэмээн гайхан биширч байсныг Оросын нэгэн сэтгүүлээс уншиж билээ. Энэ бол ямар ч зохиолч, сэтгүүлч, судлаач хүний шүүрч аваад судалж бичих гоц санаа байлаа. Тэгээд л надад “Монголын цуутай нударган тулаанчид” хэмээх ном бичих санаа төрж, эрт урьдын түүхийг судалж, олон арван түүхч, эрдэмтэн мэргэд, тулааны урлагийн хүмүүстэй хүүрнэлдэж байсаар өдгөө дээрхи номынхоо нэг, хоёрдугаар дэвтрийг бичээд байна. Нээрээ ч эрт цагт алдарт Шаолинь сүмийн нударган тулаанчдыг “арчаад” өнгөрч байсан Монголын эрэмгий дайчдын үр сад нударган тулаанд гаргууд явсан болох нь түүхийн шарласан хуудас болон өвөг дээдсийн маань үлдээсэн домог ярианд тодорхой тусгагдсан байх ажээ. Монгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог, аймгуудаас бүрдэж байсан бөгөөд чухамхүү тэр үеэс л гардан тулааны үндэс суурь тавигджээ. Аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар цолтонгууд өөрийн үр хүүхэд болон овог, аймагтаа өөрийн эзэмшсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулалдах сонгодог арга мэхүүдийг заан сургахыг үүргээ гэж үздэг бичигдээгүй хуультай байж. Ер нь Монгол үндэстний оршин тогтнож ирсэн, мөн нэгэн цагт дэлхийд хамгийн хүчирхэг их гүрнийг байгуулж чадаж байсаны нууц бол тун энгийн зүйл юм. Тэр нь гардан тулааны урлагийг гойд эзэмшсэн явдал байлаа. Монгол эр хүн хэрвээ 13 нас хүрсэн бол эр цэргийн дансанд албан ёсоор орж, харин 60 нас хүрмэгц цэргийн албанаас чөлөөлөгддөг байсан нь тухайн үеийн монгол хүний биеийн бойжилт болон өсөлт одоогийнхоос харьцангуй илүү байсаны тод жишээ юм. Эрт цагийн монгол цэргийн эрдэм нь байгаль шинжлэл, хүний биеийн бүтцийн ухаан, бодисын ухаан дээр суурилж байсан болохыг өнөө цагийн эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Зэвсэгийн эрдэм, уналгын эрдэм, биеийн эрдэм гэсэн гурван том салбар чиглэлтэй нэгэн цогц урлаг болон хөгжиж чадсаны үр дүнд монголчууд олон зууны турш хүчирхэг явж ирсэн түүхтэй. Харамсалтай нь эртний монголчуудын зэвсэгийн эрдмийн талаар өдгөө дэлхийд дуугарч байгаа хүн алга. Харин хятадууд кунфу, у-шу хийгээд Шаолинь сүмийнхээ 700 гаруй эрдмийн талаар дэлхийд шуугиулсан кино бүтээхийн сацуу зодооны урлагийн тухай мянга мянган ном хэвлүүлсэн байх аж. Сэлэмнээс өөр зэвсэггүй ганц хүн л бүхэл бүтэн хороо цэргийг хиаруулан устгаж, гал усан дээгүүр шувуу шиг нисэн дүүлж, сэлмээр ялаа шиг олон сумыг зад цохин хааж буйг бид телевизийн дэлгэцнээс олонтаа үзсэн. Өнөөгийн Хятадын уран бүтээлчид “Бид эрт цагт ийм агуу баатруудтай байсан. Тийм тулдаа л агуу их Хятад гүрэн өнөөг хүртэл хүч чадлаа хадгалж үлдсэн” гэх маягаар эрт цагийн тулааны урлагаа тун гайхалтай сурталчилдаг. Гэтэл нэгэн цагт энэ их гүрэн монголчуудын өлмий дор сөхрөн бөхийж байсан түүх бий. Учир нь Монголчууд тулааны эрдэмд гайхалтай нэвтэрсэн хүмүүс байв. Энэ талаар дэлхийд дуугарч чадаагүй ч Монголдоо дуугараад байдаг хэд хэдэн хүн бий. Тэдний нэг бол Монголын гардан тулааны холбооны тэргүүн С.Хаянгарваа юм. Энэ хүн зарим нэг улсын тулааны урлагийн эх үндсийг Монголоос үүдэлтэй гэж хэлсэн. Жишээ нь тэр “Дэлхийн олон оронд каратэ, таэквондо гэх мэт төрөл бүрийн нэртэй бие хамгаалах урлаг байдаг боловч энэ бүгдийн үүсэл гарал нь монголчуудын бие хамгаалах аргаас эхтэй” гэж бардам хэлдэг хүн. Ер нь Хүннүгийн хаан Модун Шаньюйгийн үеэс тулааны урлаг хөгжиж эхэлсэн гэж болно. Түүхээс харж байхад монгол гаралт эртний улсууд болох Сяньби, Кидан нарын үед тулааны урлаг хөгжиж байсан баримт байдаг. Ялангуяа сэлэм, жадаар байлдах урлаг бол Хятадтай хийх дайныг шийддэг байжээ. Харамсалтай нь талын нүүдэлчид бичиг соёлын дурсгалаа үргэлжийн дайн байлдааны явцад үгүй хийснээр өнөөгийн бидэнд тулааны урлагийн талаар дорвитой бүтээл үлдсэнгүй. Хятадууд буцаах буюу татах хүчийг анх нээж, үүнийгээ тулааны урлагт ашигласан гэж үздэг ч үүнийг анх хүннүчүүд нээсэн байдаг. Оросын нэрт эрдэмтэн Константин Циолковскийг орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн эцэг гэж цоллодог. Циолковский завин дээрээс голын эрэг рүү цүнхтэй юмаа чулуудахад зав нь хойшоо бага зэрэг ухарсан, тэгээд л тийрэлтэт хөдөлгүүрийг анх санаачилсан гэх домог яриа байдаг. Гэхдээ 19-р зууны үед амьдарч асан Циолковскийгээс хамаагүй өмнө буцаах буюу татах хүчийг хүн төрөлхтөн аль хэдийн нээчихсэн байв. Наад захын жишээ гэхэд л үхэр буу. Гэвч үхэр буу гээчийг бий болохоос хамаагүй өмнө эртний хүннүчүүд “Татах хүч”-ийг ялан дийлсэн түүхтэй. Орчин үеийн нэрт эрдэмтэн Окладников үүнийг “Төв Азийн нум” гэж онцгойлон нэрлэсэн байх бөгөөд ухаандаа Хүннүгийн нумны ааг чадлыг их хаан Атиллын үед Европын хамгийн хүчирхэг цэрэгжсэн гүрэн болох Ромын импери бие дээрээ туршиж эмгэнэлтэйгээр “цоо цоо цохиулан” баталсаныг хэлж буй хэрэг. Үнэндээ ч хамгийн холч мэргэн зэвсэг нь дүүгүүр байсан ромын легионуудын хувьд хүннүчүүдийн нумны сум өнөөгийн тийрэлтэт миномёт шиг сүртэй, аюумшигтай зэвсэг байжээ. Тэгээд ч нэг жанжин нь “Аяа, энэ нүгэлт модон царцаахай” гэж дуу алдсаныг яруу найрагчид тэмдэглэн үлдээжээ. Хүннүгийн нум сум ийм л алдартай байсан бөгөөд ухаандаа орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн эх үндсийг К.Циолковский биш эртний хүннүчүүд анх санаачилжээ. Үндэсний монгол тулааны урлаг нь Манай эриний өмнөх гуравдугаар зуунаас эхтэй юм байна. Үүнийг түүхэн талаас нь сонирхож үзэхэд Хүннү гүрний үед эмээлийнхээ бүүрэгнээс арван метр хэрийн урт нарийн жирэм сур уяад хоёр үзүүрт нь нойтон үлээсэн гүзээ, үхрийн давсагийг бэхлээд шогшоогоор юмуу, тойргоор давхих хооронд давсагийг ойж ирвэл хөлөөрөө, гүзээг нь гараараа цохьдог, мөн хар давхиагаар давхихад араас нь хөөж байгаа морьтон дуут, саран, гурвалжин хэлбэрийн зэвтэй сумаар харвадаг байж. Энэ нь монгол тулааны урлагийн эх суурь болсон байх бөгөөд 13-р зууны үед монгол цэргийн байлдах, тулалдах урлаг гаргууд сайн байсан нь үүнтэй холбоотой. Чингисийн үед цэргийн, морины уналгын, биеийн эрдэм гэх мэт олон төрөл байж. Тэгээд мөнхүү тулааны урлагаа үр хойчдоо зааж сургах бөгөөд Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй нар Ононгийн шугуйд юуны төлөө яах гэж харваж намнах эрдэмд боловсорч байсныг санахад л хангалттай. 1239 онд Гүюг хааны дэргэд жад цэрэг буюу тусгай цэргийн хороо байгуулагдаж байжээ. Тэдгээр нь Хүннүгийн үеэс өвлөгдсөн харвах, намнах, хатгах, цавчих эрдэмд төгс боловсорсон эрчүүд байсан бөгөөд тухайн үедээ 3000 орчим хүнтэй байсан аж. 1242 онд Бат хааны гучин мянган цэрэг Лигниц хотын дэргэд Европт тухайн үедээ хамгийн шилдэгт тооцогдож байсан Тевтоны ордны 80 мянган рыцарийг хиар цохьсон гэдэг билээ. Европын шилдэг рыцариудыг ийнхүү бут цохисон нь монголчуудын цэрэг зэвсэг, тулааны урлаг ямар агуу байсныг илтгэнэ. Мөн Арабын ертөнцийг байлдан дагуулсан Хүлэг хааны үед “Нохой цэрэг” гээч нь монгол цэргийн ялалтын нууц түлхүүр болж, Өрнөдийн ван, жанжинуудын зүрхэнд орж байжээ. “Нохой-цэрэг” нь болбоос хүйтэн усанд биеэ шилгээж норгоод нарийн элс, наалдмаг сайтай шавар шавхаагт хэдэнтээ хөрвөөж, мөнхүү үйлдлээ олон хоног давтах бөгөөд эцэст нь яг л хуягласан бодон лугаа зузаан арьстай болж, тэр нь суманд үл ажрах хуяг бамбай болж төгөлдөржинө. Тийм бөгөөс хуягласан “Нохой-цэрэг”-ийн ганц амин газар болох нүдийг нь олж хатгахгүй л бол дийлдэшгүй. Монгол цэргүүд энэхүү дийлдэшгүй чанараа Миссирийн дайнд бахдалтайяа харуулж, хожим Перс-Түрэгийн “Огуз-наме” хэмээх туульсын баатар болж, “Харвасан суманд үхдэггүй, ширвэсэн сэлмэнд өртдөггүй, хачин ер бусын, шилмэл нохой-цэргүүд” гэж дуурсагдах болтолоо тэмцэлдсэн юм. Энэ тухай би саяхан “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Айн Жалудын цавчилдаан” хэмээх бүтээлдээ бас тусгасан. Тал нутгаас Өрнөдөд зорьж очсон монгол цэргүүд дайн тулаанд үхэх буюу сэхэхийг чухамхүү тэнгэрийн таалал гэж үзэх тул хацрыг нь жадлан байвч харсан нүдээ цавчихгүй, хар цусаа урсган байвч харьж огт буцахгүй. Хязгааргүй талын дунд мэндэлсэн монгол эрсийн мөрөөдөл үргэлж ертөнц адил задгай. Ер нь эртний монголчууд Манжийн халдан түрэмгийлэл хүртэл тулааны эрдэм чадлаар гаргууд байжээ. Харин Манжийн дарлалын хоёр зуун жилийн дотор өвөг дээдсийн маань тулааны урлагийн гайхамшигт өв сан тасран алга болжээ. Манж нар монгол эрчүүдийн дийлэнх хэсгийг лам болгож, үүний улмаас монгол эр хүний цэргийн эрдэм үгүй болох тийшээ хандсан байдаг. Тэгэхээр дайчин чанар нь алдагдана биз. Гэсэн ч монгол тулааны эрдэм, арга техник лам нар луу эргээд шилжиж, тэдний дунд нударган зодоон, хүрээ зодоон гэх мэтээр дахин хөгжиж, манай сүм хийдүүдэд өөрийн гэсэн өвөрмөц зодооны урлаг болох “Банди зодоон” түүхийн явцад үүссэн байдаг. Ухаандаа монгол гар зодооныг даяанч лам, бадарчин, шилийн сайн эрчүүд гэх мэт хатуухан заяа төөрөгтэй ганцаардмал хүмүүс анх сэдэж, өөр өөрийнхөө ур чадварт тохируулан бие хамгаалах зорилгоор хэрэглэж, тэр нь цаг хугацааны эргэлтэнд улам төгөлдөржсөн байх жишээтэй. Ингэж тэд эртний цөс ихт монголчуудын тулааны урлагийг зохих хэмжээнд үргэлжлүүлж явсан байх аж. Ардын хувьсгалаас өмнө Түвд, Лхас руу мөргөл үйлдэхээр яваа лам, бадарчингууд зам зуурын хүрээ хийдийн зодоончидтой гар зөрүүлэн өөрийнхөө бэлтгэл сургуулийг шалгадаг байжээ. Тэд зөвхөн гар зөрөлцөөд зогсохгүй хавчиг үүргэвчиндээ хүхрийг шар тосонд холин тусгай бэлтгэсэн мод юмуу, эсгий гадартай тэсрэх зүйлийг хийдэг байж. Тэгээд үүнийгээ чоно дагасан үед цэнэглэж хэрэглэх, зодоонд мөргөх зэргээр ашигладаг байсан байна. Бадарчин лам нартай зэрэгцээд 1860-аад оны үеэс хүрээнд халхын цуутай зодоончид нэгдэж Манжийн ноёд ихэсийн эд хөрөнгийг дээрэмддэг “Нууц бүлгэм” байгуулж байсан байна. Уг бүлгэмд Баруун хүрээний “Дүүгүүр” Зодов, Эрдэнэзуугийн “Том гар” Бат-Очир, Их шавийн бадарчин “Хонхор” Лодон, Сайн ноён ханы шилийн сайн эр “Мөр” Дэндэв, Баруун хүрээний Чойжоо маарамба, Засагт ханы шилийн сайн эр Магван, Зүүн хүрээний “Ганц хөлт” Дугар, “Солгой” Нацаг гэх мэт халхын цуутай зодоончид багтдаг байжээ. Тухайн үед эдгээр эрчүүд Вангийн хошууны, Гөрөөчний хошууны бүлгэм гэж хоёр тасарч нэг нь Богдын хүрээнд, нөгөө нь хилийн чанадад гэх маягаар ээлжлэн үйл ажиллагаагаа явуулдаг байсан баримт байдаг. Зүүн хүрээний “Ганц хөлт” Дугар гэдэг нь зүүн хөлөн дээрээ дэгэнцээд баруун хөлөөрөө гайхалтай өшиглөдөг хүн байж. Нэг удаа Дугар Хүрээний хэдэн банди нарын хамт арван ханатай том гэр барихаар ханыг нь тавьж байтал нэг банди “Дугар ч хөлөөрөө хүний эрүүг алдахгүй өшиглөдөг хүн дээ. Харин энэ арван ханатын хананы бүх толгойг хөлөөрөө тоолж чадах болов уу даа” гэж басчээ. Үүнийг сонссон Дугар үг дуугүй дээлийнхээ хормойг шуугаад монгол гуталтай баруун хөлөө толгойныхоо тушаа өргөөд хатавчнаас эхлэн хананы толгойг хөлөөрөө тоолж эхэлжээ. Үүнийг үзэхээр олон ч хүн цугларч. Дугар нэг ч удаа хөлөө буулгалгүй бүх хананы толгойг булга өшиглөж дуусахад тэнд байсан хүмүүс шагширч байсан гэдэг. 1910-аад оны үед халхын тэргүүн зодоончоор Сийлэнбүүвэй хэмээх эр тодорч байсан тухай түүхийн зарим нэг эх сурвалжид тэмдэглэжээ. Ингэж түүхэнд тэмдэглэгдэхийг бодоход Сийлэнбүүвэй нь аргагүй сайн зодоонч байсан төдийгүй тухайн цагийн засаг ноёд, лам хувилгаад нударган зодооныг бөх барилдахтай адил хэмжээнд үзэж сонирхдог, улмаар спортын нэгэн төрөл мэтээр үздэг байсан нь илт. Нэг удаа Вангийн хошууны, Гөрөөчний хошууны бүлгэмийнхэн нутаг булаацалдан нэлээд дуулиантай зодоон хийжээ. Олон эрчүүд ойр хавийн айлуудын хонины хашааны шургаагийг барьж зодолдсон бөгөөд тэр хавийн айлуудын хонины хашааг бүгдийг нь хугартал нанчилджээ. Уг зодоонд гурван эрийн гэзэгтэй хуйх хуу цохигдсон гэдэг. Бүтэн өдөр болсон дээрхи зодоон дуусахад дараагаар нь хоёр хошууны эрчүүл “Эвлэрсэний найр” гээчийг хийж гурван өдөр, гурван шөнө хөл толгойгүй найрлаж байсан гэдэг. Энэхүү сүрлэг зодоонд Халхын цуутай зодоончид бүгд оролцсон бөгөөд тэднийг ингэж нэгдсэний дараа бүгдийг нь Сийлэнбүүвэй захирах болжээ. Халхын тэргүүн зодоонч Сийлэнбүүвэй 1910-аад оны үед Богдын хүрээний манлай зодоончдын хоншоорыг зад өшиглөөд нэрд гарсан байна. Тиймээс түүнийг аливаа зодоонд оролцуулахаас айж, бүгд түүний удирдлаган дор захирагдах болсон гэдэг. Мөн тухайн үед Сүрэн гүний хошууны “Хар” Найдан гэгч эр “Арван гүзээний зодоон” гэгчид шилдэгээр шалгарч байжээ. Гоц сайн бэлтгэлтэй нударган зодоончийг шалгаруулахдаа 8-10 хонины хийлж хатаасан гүзээг хөөдөж гэрийн тоононоос зүүнэ. Тэгээд бэлтгэлээ шалгуулах хүнийг тод өнгийн дээл өмсүүлэн дасгал сургууль хийлгэхэд дээлээ хөөдөлгүй гарч ирвэл тэр сайн зодоонч гэж хэлэгдэх жишээтэй. Энэ нь олон хүнтэй зэрэг нударгалцахад хэрэгтэй дасгал болдог байв. “Хар” Найдан “Арван гүзээний зодоон”-д тэргүүлэгч болоод зогсохгүй хунз цайн дээр мөрийтэй зогсоод нэг байрнаасаа удаан тэвэг өшиглөөд ялдаг байсан бөгөөд ингэж тэвэг өшиглөх нь хөлөөрөө өшиглөх сургалт болдог байж. Мөн тэр гарынхаа эв, хурд, хүчийг сорьж үхрийн сээрний ясыг хуга цохидог байжээ. Харин Ардын хувьсгал ялан мандсаны дараа хүрээ хийдийн лам нарын гардан тулаан хумигдсан байдаг. Тэгэхдээ энэхүү эрдмийг гуч, дөчөөд оны үед Дотоод яамны чекистүүд их, бага хэлбэрээр өвлөн авч Хятад, Японы хорлон сүйтгэгч, тагнуул туршуулуудтай тэмцэлдэж явсан байх аж. Ингэхээс ч өөр арга байсангүй. Яагаад гэвэл хятад, япончууд бол гардан тулаанд эртнээс мэргэшсэн улс. Японы захын нэг самурай гэхэд л дор хаяхад айкидо, карате, жүдо, кудо зэргийнхээ аль нэгийг хийж чаддаг байжээ. Эрт цагт монгол цэргийн эрдэм буюу үндэсний тулааны урлаг нь цэвэр дайн тулаан, зэвсэгийн шинж чанарыг агуулж байсан бол орчин үеийн тулааны урлаг нь өнөөгийн нийгэм болон монгол хүний бие бялдар, зан онцлогт тохирсон, дэлхийн бие хамгаалах урлагийн төрлүүдээс ялгагдахуйц өвөрмөц мэх, техник, онол, өмсгөл, зэвсэг, ёс жаягтай мэргэжлийн болон сонирхогчийн хоёр чиглэлээр хөгжиж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд жудо, бокс, буудлагын төрлөөр олимпийн медаль хүртлээ. Энэ чинь тэр чигээрээ тулааны урлаг. Энэ бол эрт цагийн цөс ихт өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн тулааны урлагийн өв эх эрдэм. Энэ их эрдэм чадлыг сүүлийн жилүүдэд манай олон арван гардан тулаанч дэлхий дахинд мэдрүүлж чадлаа. Жишээ нь мэргэжлийн боксын дэлхийн аварга Чой. Цэвээнпүрэв, “Чингисийн цавчилт” хэмээх алдрыг хүртсэн Ж.Нарантунгалаг, “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан, каратэгийн дэлхийн аварга цолыг хэд хэдэн удаа хүртсэн Д.Бямбадорж нар тив, дэлхийд нэр алдараа дуурсгав. Мөн өдгөө энхийг сахиулагч манай цэрэг дайчид эртний монгол дайчдын агуу сүр хүч, тэсвэр хатуужил, эр зоригийг гадаад ертөнцөд харуулсаар байна. Энд ганцхэн жишээ хэлье. Өнгөрсөн жил Афгинастан улсад үүрэг гүйцэтгэж байсан Олон үндэстнүүдийн цэргийн багуудын дунд цэргийн ур чадварын тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд оролцогчид хоёр хоёроороо нэг баг болж таван км гүйж дүүжинд жаран удаа, гар дээрээ 230 удаа суниагаад 16 кг ачаатайгаар дахиад таван км гүйж дүүжинд жаран удаа, гар дээрээ 230 удаа суниана. Тэгээд дахин таван км гүйж барианд орсоноор тэмцээн өндөрлөнө. Энэ тэмцээн нь эр цэргийн хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг сорьсон хүнд даалгавартай гэдгээрээ олон орны цэргийн албан хаагчдын дунд алдартай юм байна. Ерөнхийдөө энэ тэмцээнд оролцсон олон үндэстэний цэргийн багууд хамаг л хар хөлсөө цувуулж, шар махтайгаа хатдаг ажээ. Дэлхийд алдартай гэгддэг Америкийн тэнгисийн явган цэргүүд хүртэл энэхүү хүнд хэцүү тэмцээнд тамираа шавхаж, сөхөрч унадаг юм байх. Тэгтэл Афганистанд алба хааж буй Чингисийн удамт монгол дайчид өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцоод, дэлхийн талыг эзлэн тойгтоныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж явсан эцэг өвгөдийнхөө овсгоо самбаа, тэсвэр тэвчээрийг өнөө хэр нь өвлөж яваа шүү гэдгээ яруу тодоор харуулжээ. Уг тэмцээнд Монгол улсын цэргийн багийг төлөөлж 68 хүнтэй есөн баг оролцжээ. Тэгтэл 1, 2, 3, 4, 5, 6, 7-р байр болон 9-р байрыг манай баг эзэлж, харин 8-р байрыг Америкийг төлөөлж оролцсон тэнгисийн явган цэргийн баг эзэлжээ. Бусад орны багууд байр ч үгүй хоосон хоцорчээ. Холливудын уран сайхны кинонуудад өөрсдийгөө хэнд ч дийлдэшгүй “төмөр цэрэг” мэтээр харуулаад байдаг Америкийн алдар цуут тэнгисийн цэргүүд ийнхүү Азийн цээжнээс аажуу уужуухан хөдөлсөн монгол цэргүүдийг гүйцэж түрүүлэх гэж араас нь амь тэмцэн гүйж, хар хөлсөө цувуулаад цувуулаад барсангүй. Ингэж манай дайчид Монгол гэж агуу дайчин ард түмэн Азийн цээжинд байдгийг дэлхий дахинд мэдрүүлж өгч чадсанаар уг тэмцээний дараа гадныхан, тэр тусмаа Америкийн цэргүүд өөрсдийн фейсбүүк болон тветтер хуудсандаа “Монгол цэрэг та нар чадлаа. Үнэхээр гайхалтай. Та нар биднийг алмайрууллаа. Талын хүчирхэг баатруудаар бахархаж байна” гэх мэтээр биширсэн сэтгэлээ илэрхийлж байсан юм. Энэхүү гайхам явдал Монголын үндэсний тулааны уламжлал, шинэчлэл биш гэж үү?
    Би илтгэлээ алдарт Брюс Ли-гийн хэлсэн үгээр эхэлсэн. Одоо харин Брюс Ли-гийн хэлсэн үгээр дуусгая.
    Брюс Ли “Мөрөн голын сайн эрчүүд”-ээс хэдэн хувь давж гарахын тулд дэлхийн бүхий л зодооны урлагтай холбоотой 2000 гаруй номыг цуглуулан судалж байжээ. Тэрбээр Житкундогийн дүрэм боловсруулахын зэрэгцээ эртний Шаолины сүм, Хятадын мөрөн голын цуутай эрсийн зэвсэгийн эрдмийн тухай өөрийн бодлыг бичиж байв. Уг номондоо Азийн У-шу, Карате, Кунфу, Айкидо, Жүшүними, Таеквондо гээд бүхий л төрлийн зодооны арга техникийн давуу, сул талуудыг тодорхойлжээ. Мөн Хятадын Кунфугийн урлаг үеэс үед доройтон суларч байгаа тухай, 800 жилийн өмнө мөрөн голын сайн эрс болгоны эзэмшиж чаддаг байсан дотоод хүч, амьсгалын хий зэрэг нууц эрдмүүд бараг үгүй болсон тухай, тэдгээрээс зөвхөн хөнгөний тамиртай цөөхөн мастерууд л Хятадад үлдсэн тухай, Кунфугийн эрдмийг цорын ганц итгэлтэй хүндээ уламжлуулан үлдээдэг эртний ганц ёсыг шүүмжлэн бичсэн байв. Энэхүү нэг хүнээр дамжих уламжлал нь эрт цагийн төгс эрдмийг улам бүр алга болгоход хүргэж байна хэмээн тэр үзэж байлаа. Уг номонд нэгэн сонирхолтой хэсэг байгаа нь монголчуудын тулалдах урлаг, зэвсэгийн эрдмийн тухай бичсэн бүлэг юм. Брюс Ли монголчуудын түүхийг нэвт сайн мэдэж байжээ. 1227-1282 оны хооронд яагаад нүүдэлчин, зэрлэг удмын монголчууд Хан, Тан, Алтан улсыг тэр чигээр нь эзлэн авч чадсан бэ? гэдэг асуулт түүний сонирхолыг ихэд татжээ. Учир нь тухайн үед Шаолинь сүмийн нэр хүнд гурван мөрнөөр цуурайтаж байсан гэдэг. Тиймээс Брюс Ли “Сүмийн оройд үсрээд гарчихдаг хөнгөний тамиртай сайн эрс, дотоод хүчээрээ зайнаас хүний ташаан дахь илдийг суга татдаг мастерууд Хятад орноор хөлхөлдөн байсан хэрнээ яагаад нүүдэлчин монголчуудыг ялан дийлж чадсангүй вэ?” гэж уурсан бичиж байжээ. Ухаандаа монголчуудыг Хан, Тан, Алтан улсыг эрхшээлдээ оруулж байх тэр үед Хятадад нударган зодоон хийгээд зэвсэгийн эрдэм ид оргилдоо хүрч цэцэглэн хөгжиж байсан аж. Гэтэл зэрлэг бүдүүлэг гэгдэх нүүдэлчин аймгууд тэр бүх эрдмийг төрүүлж гаргасан ард түмнийг уландаа гишгэн боолчилж орхисон нь Брюс Ли-гийн сонирхолыг зүй ёсоор татжээ. Тиймээс Брюс Ли “Монголчуудын тулалдах урлаг, зэвсэгийн эрдэм Шаолинь сүмийн 316 эрдэмээс давуу байсан гэж үү?” хэмээн гайхан биширч байжээ.

    АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.