Author: admin

  • ИРЭЭДҮЙ СУДЛАЛ

    Улаанбаатар хотод 1970-аад оны эхээр “Экар” од дэлхийг мөргөж сөнөөнө гэсэн цуу яриа тархжээ. Тэр үед үймсэн олон гэртээ яаран орж чемодандаа хувцасаа хийж, хүүхэд хөгшдөө дагуулж хаашаа ч юм явж байснаас гадна зарим нь эхнэрээ хуурсан тухайга хэлж байсан гэдэг. Хамгийн гол нь дэлхий сөнөх гэж байхад тэд хаашаа яарсан юм болоо? Хүн төрсөн цагаасаа л тээж ирсэн “ирээдүйдээ сайхан амьдрана” гэсэн итгэл үнэмшил нь амьдрах урам зориг өгч зовлон бэрхшээлийг давах хүчийг хайрладаг ч харин ирээдүйгээ тооцохгүй байх нь бэрхшээлийг бий болгож байдаг нь харамсалтай. Гэвч бидний хийж буй үйлдэл бүрт ирээдүйн сэтгэлгээ ажиглагдаж байдаг. Хөгшин хүнд сандал тавьж өгөх, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах, боловсрол эзэмших, насныхаа ханийг сонгох зэрэг олон үйл явдалд бид ирээдүйг харсан сэтгэлгээгээ ашиглаж байдаг. Хөдөө аж ахуйн гэгдэх өмнөх зуунуудад суралцах цаг хугацааны чиг өнгөрсөн үедээ хамаатай байсан. Хүмүүс хэрхэн үр тариа тарьж, хурааж авах, хадгалах аргаа эмээ, өвөө, аав, ээж зэрэг туршлагатай хүнээсээ асууж суралцах боломжтой байлаа. Аж үйлдвэрийн зуунд ч энэ байдал үргэлжлэв. Харин хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй мэдээллийн технологид суурилсан мэдээллийн зуун гарч ирснээр аав, ээж, эмээ, өвөө буюу өнгөрсөн үеийнхээ туршлагаас судлах хэрэгцээ багасаж, ирээдүйгээс суралцах шаардлагатай боллоо. Хэрэв ирээдүйг харж, ирээдүйгээс суралцахгүй бол энэ зуунд тохиолдох гэнэтийн их аюулыг та хэрхэн давж, угтан ирж буй санаанд оромгүй боломжуудыг хэрхэн ашиглах билээ.

    Германы сэтгүүлч Роберт Жанк нийгмийн асар том алдаануудтай тэмцэхэд бүх амьдралаа зориулжээ. Тэрээр залуу байхдаа Нацист намын тэргүүн Адольф Гитлерийн эсрэг олон түмний хүчийг нэгтгэхийн тулд сонины өгүүлэл бичдэг байв. Дэлхийн хоёрдугаар дайнд Герман ялагдсаны дараа Жанк атомын бөмбөгийг аймшигт муу ёрын зүйл гэж үзэх болов. Тэрээр цөмийн зэсгийг эсэргүүцэн дэлхийг тойрон аялсан байна. Дараахан нь түүний үзэл бодлыг үндсээр нь өөрчилсөн нэг зүйл болов. 1960-аад онд Японд байхдаа тэрээр Хирошимад атомын бөмбөг хаяснаас болж хорт хавдар туссан нэг хүнтэй уулзжээ. Тэр хүн “Чи одоо атомын бөмбөгний эсрэг тэмцэж байна. Гэхдээ оройтжээ. Чи дандаа л өнгөрсөн хойно тэмцлээ эхэлдэг хүн юм” гэж харамсангүй хэлсэн гэдэг. Жанк Германд нацистууд хүчээ авсан цөмийн зэвсэг бүтээгдсэн гэх мэт аль хэдийнээ “болоод өнгөрсөн зүйл”-ийн эсрэг бүх насаараа тэмцэж байснаа гэнэт ойлгожээ. Хүмүүс урьдчилан сэргийлж чадаагүй учраас эдгээр үйл явдал тохиолдсон юм. Иймээс “бид маргаашийн хямралаас сэргийлж, гай гамшгаас зайлсхийхийн тулд өнөөдөр ямар нэг юм хийх ёстой. Бид хүмүүсийг цагаас нь өмнө сэрээх ёстой” гэж бодсоноор ирээдүйг судлаж эхэлснээр ирээдүй судлаач болсон байна.

    Орчин үеийн нийгэм өндөр өрсөлдөөнтэй учраас насанд хүрч, боловсорч амьдралын захтай залган ажил төрөлтэй болонгуутаа урьдчилан төлөвлөгөөтэйгээр бодож эхэлнэ.

    Нас залуу цус шингэн үедээ боломжоороо мөнгө хадгалж эхэлдэг нь ирээдүйдээ баталгаатай амьдрах шинээр бизнес худалдаа хийх, насны эцэст хөдөлмөрийн чадвар буурахаараа хангалттай сайхан амьдрахад томоохон түлхэц өгдөг. Ийм учраас ирээдүйгээ нарийн тооцож, судлах шаардлага бий болдог. Улс төр нийгмийн системийн нарийн мэдрэг байдалтай адил хүн үйл явдал, үг хэллэгт хэрхэн хандаж байгаа нь ирээдүйн асар олон өөрчлөлтөд дам утгаар нөлөөлнө.

    Заримдаа таны хэрэггүй зарцуулж буй хэдэн минут хэдэн жилийн дараах олон тэрбум төгрөгийн гэрээнээс хоцрох, насны эцэст үр хүүхэддээ “сүүлчийн үгээ хэлэх” хугацаа ч хүрэлцэхгүй хэмжээнд хүргэж болох талтай.

    1914 онд Сараевогийн Балкан хотод Австрийн ханхүү Фердинанд алагдсан нь үүний тод жишээ. Хэрэв ханхүү Фердинанд Сараевод ирэхээс татгалзах ямар нэг нөхцөл байдал бүрдсэнсэн бол энэ аллага гарахгүй байх байсан. Нэгэнт тэр тэнд очсон гай болоход жолооч нь нэгэн зоогийн газрын үүдэнд зогссон, тэгээд тэнд нь нэгэн серб оюутан урьд аллага хийх оролдлого бүтэлгүйтсэнийг бодон сэтгэл засах санаатай сууж байсан нь ёстой аз таарсан гэлтэй. Гаврило Принцил хэмээх тэр оюутан санаандгүй байхад нь өөрөө хүрээд ирсэн энэ боломжид цочирдсон боловч босон харайж, буугаа цэнэглэн ханхүүг алах ухаантайгаа байлаа. Энэ нь шууд дэлхийн нэгдүгээр дайнд хүргэх үйл явдлуудын гижин хэлхээний эхлэл болсон билээ. Энэ дайн нь Оросын хувьсгал гарах нэг шалтгаан болж, улмаар коммунизмыг өндийлгөж, хорссон Германчууд нацизмыг талархан дэмжихэд хүргэсэн юм. Эдгээр нь цаашлаад дэлхийн хоёрдугаар дайнд хүргэж, үүний үр дүнд атомын бөмбөг дэлбэрсэн. Энэ үйл явдалд цочирдсон эрдэмтэд удирдагчдад ирээдүй судлах арга зүйг боловсруулах шаардлага бий болж, эрчимтэй хөгжсөн билээ. Өдгөө ирээдүй судлал нь ирээдүйн эдийн засаг, бизнес, ирээдүйн технологи, ирээдүйн нийгэм зэрэг маш олон салбаруудыг судалж ирээдүйн боломжийг харж, аюулыг багасгаж байна.

    Нийгмийн ухааны салбар ирээдүй судлалын шинжлэх ухаан нь өнгөрсөн одоог системтэйгээр ойлгон судлаж, ирээдүйн хандлагыг тогтоох аргуудыг голчлон ашиглаж хамгийн зохистой, биелэж болохуйц дүр төрхийг уудлан гаргадаг. Үүндээ хүрэхийн тулд олон нарийн аргачлалыг ашигладаг юм. Ирээдүй судлал бол өчигдөр, өнөөдрийн өөрчлөлтүүдийг шинжлэн, нэгтгэн дүгнэж, ирээдүйн төрхийг гарган стратеги боловсруулж, ирээдүйгээ өөрчлөх талбар юм.


    ИРЭЭДҮЙ СУДЛАЛЫН ТҮҮХ

    Ирээдүй судлалын тухай бодит үндэслэлүүд 19-р зуунд тавигдсан гэж үздэг. Өнгөрсөн үеийн нийгмийн өөрчлөлтүүдийн загваруудыг судалдаг макро түүхчид судлаачдын судалгаанаас харахад бүр МЭӨ 145-90 онд Су Ма Чень анх ирээдүйн тухай үзэл санааг илэрхийлж байжээ.

    Дэлхийн нэг хоёрдугаар дайны дараа ирээдүй судлалын шинжлэх ухааны үзэл баримтлал боловсруулагдаж, хөгжлийн суурь тавигдсан юм. Тухайн үед ирээдүй судлалыг хөгжүүлэх цэрэг зэвсэг, технологи, улс төр, геополитикийн шаардлага ч бий болсон байлаа.

    1932 онд ВВС радио сувгаар ирээдүй судлаач Х.Г.Уэльсыг зочноор урьж ирээдүйн тухай анх яриулсан байна. Уг үйл явдал орчин үеийн академик ирээдүй судлалын хөгжлийг зөгнөж байсан гэлтэй.

  • УГТАН ИРЖ БУЙ БОЛОМЖООР ДҮҮРЭН ИРЭЭДҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ АШИГЛАЯ

    Цаг үетэйгээ хөл нийлүүлэн аж төрдөг биш, цаг үеэсээ түрүүлж алхдаг, ирээдүйд тэмүүлдэг, түүнийг судалдаг, ирээдүйч сэтгэлгээтэй хүмүүс өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Яагаад гэвэл өөрчлөлт маш хурдтай явагдаж байгаа учир өөрчлөлтийг урьдчилан харж ашигласан хүмүүс л хожиж байна. Ирээдүйн өөрчлөлт бол тэдний хувьд боломж боллоо. Өнгөрсөн зуунд бид булчингийнхаа хүчийг түлхүү ашиглан багажаар баялагийг бүтээдэг болж өөрчлөгдлөө. Өөрчлөлт ирээдүйг бүтээдэг гэдгийг бид мэддэг. Тэгвэл хэрхэн ирээдүйн өөрчлөлтийг системтэй харах вэ? Ямар өөрчлөлт явагдаад байна? Түүнийг хэрхэн ашиглаж амжилтанд хүрэх вэ гэсэн олон асуулт таны толгойд төрнө. Энэ бүх асуултанд хариулж, ирээдүйн өөрчлөлтийг судалдаг шинжлэх ухаан бол ирээдүй судлал юм. Олон мянган жилийн хугацаанд бий болсон өөрчлөлт бидний амьдарч байгаа энэ үед хэдхэн жилийн дотор явагддаг боллоо. Ойрын 15 жилд нийгмийн амьдрал, ажил мэргэжил, бизнес зэргээс гадна хүний хэрэглээг хамарсан асар их өөрчлөлтүүд биднийг угтан ирж байна.

    Өнгөө өөрчилдөг шил, бактери үрждэггүй ахуйн хэрэглэл, хиртэж бохирдохгүй хувцас, цоорсон ч ургаж нөхөгддөг материалтай даавуун хэрэглэл болон машины дугуй, усаар ажилладаг автомашин, нисдэг галт тэрэг, бодит мэт дүрс цацах технологи, автомат зоогийн газар, хэдэн зуу дахин ашиглагддаг цаас, цаасыг орлох цахим шошгонууд, цахим боловсрол, өдөрт 1 см ургадаг хүнсний ургамал, аварга хүнсний ногоо, ургадаг мах, бензин түгээгчээс эхлээд хүүхэд хөгшдийг асрагч барилга барьдаг роботууд, жинхэнэ мэт хиймэл эрхтэнгүүд, хиймэл цус, бодлоор ажилладаг компьютер, хиймэл оюун ухаант компаниуд, сансарт аялах сарны зочид буудал гээд энэ бүхэн бидний энгийн мэт хэрэглээ болно. 20-р зууны эхээр амьдарч байсан хүмүүст “зуун жилийн дараа хүмүүс хоорондоо маш холоос жижиг багажаар харилцдаг болно” гэж хэлэхэд хэн ч итгэхгүй байсан. Үүнтэй адил ойрын жилүүдэд итгэхэд бэрх олон өөрчлөлт гарна. Угтан ирж буй боломжоор дүүрэн ирээдүйн өөрчлөлтийг бүгдээрээ ашиглая. “Өрөнд орохоосоо өмнө, мөнгөө цуглуулах” гэдэг ирээдүй судлаачдын зарчим таны зарчим болно гэдэгт бид итгэж байна.

    Эрвээхэй дэвэхэд дэлхийн нөгөө талд хуй салхилна.

    БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ

  • ТУРКИЙН ТЭМДЭГЛЭЛ

    (Турк Улсад төрсөн сэтгэгдэл буюу Турк Улсын давуу тал, онцлог)
    2014 оны 12 сарын 30- 2015 оны 1-р сарын 10
    Турк улсын Станбул хот, Нийслэл Анкара

    ЗОЧИЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛЧИЛГЭЭ

    Зочилох үйлчилгээ, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд энэ нь ажил гэхээсэээ илүүтэйгээр бараг төрөлх шинж болсон юм шиг санагдсан. Хүнд үйлчилэх, туслах, найрсаг байдлаараа өөрсдийгөө бахархуулж чаддаг нь таксины жолоочоосоо эхлээд компанийн захиралаас хүртэл харагддаг. Ер нь бараг бүх бизнесийнхээ үндсэн зарчмыг зочилох, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ гэж бодож ажилладаг юм шиг санагдсан. Иймдээ ч жилдээ 36 сая жуулчин хүлээж авч чаддаг байх.

    ХҮН БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДААЧИН

    Өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнесийг маш сайн дэмжиж хөгжүүлсэн нь харагддаг. Алхам тутамд, булан бүрт байрлах үйлчилгээний газруудад хоол, амттанаар үйлчилэхээс гадна, амттанаа хайрцаг баглаа боодол хийж худалдаална.

    ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ БА УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ХОСЛОЛ

    Уламжлал шинэчлэлээ маш гайхалтай хослуулж чадсан. Жишээ нь турк цайны зэс данх, сав нь түргэн хоолны газраасаа эхлээд ресторан, бааранд хүртэл байж л байна. Компаниудын лого гэхэд л эртний уламжлалт хээ угалзаар ихэвчлэн шийдсэн байна. Хамгийн өндөр зэрэглэлийн рестораны үүдэнд гар урлалын бүтээгдэхүүн арьсан шаахай, хатаасан ногоо жимс, ууталж савласан давс зэрэг органик бүтээгдэхүүнүүд дүүрэн байж л байна. За бас бүх үйлчилгээний газар, автобус, зочид буудал, шөнийн клубт хүртэл үргэлж турк дуу хөгжим эгшиглэнэ. Бусдын юмыг даган далдагнаж шүтэлгүйгээр үндэсний урлаг соёлоо өнгөлж зүлгэж хөгжүүлсэн нь харагддаг.

    ШАШИН, ЁС СУРТАХУУНЫ НЭГДСЭН ҮЗЭЛ САНАА

    Нэгдсэн шашинт үзэл. Өдөрт 5 удаа Ezan буюу мөргөлийн дуудлага болж дуудлага явдаг. Хэдийгээр сүмд очих боломжгүй ч гэсэн сонсож байсан дуу, компьютерийнхаа дууг түр хааж дотроо залбирдаг. Турк охидыг гадны хүнтэй буудалд оруулахгүй байх хуультай гэх мэт.

    ТӨРӨӨ ДЭЭДЛЭХ ҮЗЭЛ

    Эх орон, төр улсаа дээдлэн хайрлах үзэл маш сайн суусан байдаг нь харагддаг. Жишээ нь бүх албан байгууллага, айл бүр төрийн далбаа, Ата Туркийн зургаа хүндэтгэн залж дээдэлсэн байдаг. Түүхийн мэдлэгийг маш системтэйгээр хүн бүрт олгож үндэстэнээрээ бахархах эх оронч үзлийг суулгаж өгч чаджээ. Хаа сайгүй түүх соёл, түүхт хүмүүсээ таниулан сурталчилсан зурагт хуудас самбар таарна. 3 настай турк хүүхэд хүртэл улсаа өмөөрч хамгаалж чаддаг.

    Ерөнхийд нь дүгнэвэл өөрсдийн онцлогийг маш сайн танин мэдэж давуу талдаа түшиглэж Туркийн гэсэн дахин давтагдашгүй хөгжлийг бүтээж чадсан үндэстэн гэж харагдсан. Үндэстэн оршин тогтнохын утга учир үүнд оршдог юм бол уу даа.

    ТҮҮХ, СОЁЛЫН УЛБАА ХОЛБОО

    Монгол хаад ноёдын

    Мэндчилэх ёс

    Зочломтгой зан

    Айран

    Имфия

    СУРАЛЦАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

    1. Үндэсний сэтгэлгээг наргианаар өөрчилж болно
    2. Хийж чадах зүйлсээ тодорхойл. Монгол хүний хийж чадах зүйлсийг тодорхойл
    3. Өөрсөддөө байгаа нөөцөө тодорхойлж, өөрсдийгөө ойлгож, өөрсдийн гэсэн хөгжлийн ялгаралыг тодорхойл. Хоол гэхэд л цагаан идээ байж болно.
    4. Далбаа, Чингис хааны зургийг айл, байгууллага бүр залах
    5. Шашны нэгдсэн бодлоготой болно. Шашнаа цэгцэлснээр монгол хүний үзэл санаа цэгцэрнэ. Тэнгэр үзлээ цэгцлэх – Хөх тэнгэрийн судар.
    6. Өдөр бүр уншдаг сургаалтай бол. Чингис хааны сургааль
    7. ӨӨРИЙМШҮҮЛЭХ ҮЗЭЛ

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

    ТУРКИЙН ТЭМДЭГЛЭЛ by Luvsandorj on Mixcloud

  • ЭРТНИЙ МОНГОЛ ХАТДЫН ГОО САЙХНЫ НУУЦ

    Хөмсгөө хэрхэн засах вэ, үсээ яаж гоё хэлбэртэй болгох вэ, яаж секси хөлтэй болох вэ гээд л өнөөгийн бүсгүйчүүд бидэнд гоо сайхандаа санаа зовних зүйл багагүй. Харин бидний өвөг дээдсүүд болон эмээ нар маань гадаад үзэмжиндээ хэрхэн анхаарал тавьдаг байсан бол? Монгол түмний баяр наадам айсуй энэ цагт бидний бахархал эртний гоо бүсгүйчүүд ямархан нууц жорыг хэрэглэн нутагтаа сайхнаараа алдаршиж, ноёдынхоо нүдний гэм болж явсныг хамтдаа сонирхоцгооё.

    Халгай, хар цайгаар үсээ угаах

    Өтгөн, гялалзсан хар үстэй болохын тулд өтгөн чанасан давсгүй хар цайгаар үсээ угаадаг байжээ. Мөн үсний ургалт сайжруулахын тулд хаврын халгайг хандлан үсээ угаадаг байсан бөгөөд одоо ч бүсгүйчүүд энэ аргыг хэрэглэдэг.

    Шар тос

    Бие давхар бүсгүйчүүд хэвлий томорч эхэлсэн цагаас нь шар тосоор тослон иллэг хийдэг байж. Ингэснээр хүүхдэд тайвшрал өгч, амгалан зантай хүүхэд мэндэлнэ гэж үздэг байжээ. Түүнчлэн шар тос түрхснээр гэдэсний язралтаас сэргийлдэг байсан юм байна.

    Мөнгөн аяганд ус хийж хонуулаад уух

    Дотроосоо эрүүлжсэн нүүр хар бараан байдаггүй гэдгийг тэр үеийнхэн сайн мэддэг байж. Тиймээс ч тогоонд ширгээсэн усыг мөнгөн аяганд хийж хонуулаад маргааш өглөө нь уугаад үлдсэнээр нь нүүрээ шавшдаг байж. Тунгалаг царайн нууц энд байсан гэдэг.

    Айраг, таргаар арчих

    Салхинд харлаж, барайсан арьсыг цайруулахын тулд нүүрэндээ унтахын өмнө айраг аль эсвэл тараг түрхдэг байжээ. Цагаан идээ цайруулах ач тустай гэдэг нь энэ. Харин энэ арга нь тослог, холимог арьстай хүнд илүү тохиромжтойг анхаарууштай.

    Арцаар шүдээ угаах

    Өдгөө 87 насыг зооглож буй настан энэ тухай бидэнд хуучилсан юм. Тэр үед оо гэдэг зүйл байгаагүй учраас шүдээ цэвэрлэхдээ арцыг ашигладаг байжээ. Модны мөчир дээр арц тавьж байгаад шүдээ зүлгээд булгийн усаар амаа зайлдаг байж. Энэ нь шүд цэвэрлэх, шүдийг өнгөлөх, хоолойг эрүүлжүүлэх давхар ашигтай байсан юм байна. Хэрвээ хөдөө явахдаа оогоо мартчихвал энэ аргыг туршаад үзээрэй.

    Давсаар шүдээ угааж амаа зайлах

    Увс аймгийн Давст суманд амьдардаг байсан эмээгээс сонссон түүхийг хуваалцъя. Эмээ хүүхэд байхаасаа давсан уулаас авчирсан жамц давсыг нунтаглаж байгаад шүдээ зүлгэж угаадаг байсан гэнэ. Мөн давсыг усанд уусгаад ам, хоолойгоо зайлдаг байсныхаа ачаар нэг ч удаа хоолой өвдөж үзээгүй, нэг ч удаа амны ойролцоо шарх гарч байгаагүй хэмээн бидэнд гайхуулж байсан.

    Дээлийн бүсээр гэдсээ даруулан бүслэх

    Монгол бүсгүйчүүд, эрчүүд моринд мордохдоо дардан бүсийг бэлхүүсээрээ жавхайтал чанга татан бүсэлдэг байсны ачаар бөөр өвдөх, ходоод сунах, унжсан гэдэстэй болох зэрэг асуудлаас үргэлж хол байж, хусан гоолиг биеэрээ эрчүүдийн харааг булаадаг байж.

    Зуны цагаан идээ

    Зуны улиралд махыг бүр мөсөн тэвчиж, цагаан идээгээр хооллодог байсан учраас дээр үеийн Монголчууд эрүүл чийрэг хүмүүс байсан аж. Өвлийн турш идсэн махнаас биед ялгарч хуримтлагдсан муу бүхнийг цагаан идээгээр тайлдаг байжээ.

    Монгол Хатад, эмэгтэйчүүдийн төрх, өмсгөл, зүүлт, засал чимэглэл

    Гадна байдлаараа Монгол эрэгтэй, эмэгтэйчүүд онц ялгагдахгүй адилхан урт дээлтэй боловч, Монгол эмэгтэйчүүдийн нүүр царай нь өвөрмөц аятайхан, үнэхээр ховорхон гоо царайлаг, бараг долоон зууны тэртээхтэй гадаад үндсэн төрх онцын өөрчлөгдөөгүй гэж 20 –р зууны жуулчид бичиж байна.

    Монголын нууц товчоонд Гоо (гуа) гэсэн үг хүний нэрийн хамт хэрэглэгдэж байгаа нь (Гоомарал, Борочи гоо, Алунгоо) үзэсгэлэнтэй гоо сайхан гэсний илэрхийлэл юм. Мөн “өнгө зүст үзэсгэлэнтэй хатан, зээгийн зүст, охины өнгөтэй улс, хацар гоо охид, өнгө сайт охид, нүүрэндээ гэрэлтэй нүдэндээ галтай охин, Гоо үжин, Өнгө сайт охид хатад, гоо сайхан охид, хацар гоо хатад охид” гэж тэдний харагдах гоо үзэсгэлэнг магтсан байдаг.

    “Хар Татарын хэргийн товчоонд” (1237) хааныг сувилагч хатад гэгч бүгд гэгээн цагаан, гуа зүстэй тэдний дөрөв нь Татаар хүмүүс буюу хааны 4 хатад бөгөөд туйлын үзэсгэлэнтэй гоо гэж бичжээ.

    Эхнэрүүд магнай дээрээ оо (энгэсэг) элдэв юм түрхэж гоёдог, хамар хөмсгөндөө ямар нэг түрхлэг түрхэж, гэзгээ олон салаа сүлждэг. Эмэгтэйчүүд хүнтэй сууж хуримласныхаа маргаашнаас эхлэн шанх үсээ хяргадаг заншилтай байжээ.

    Монгол хатад, эмэгтэйчүүдийн ерөнхий төрх, гоёл чимэглэл, засалтыг “Юань улсын үе улирсан хуанхугийн хөрөг” –өөс харж болно. Энд залуу, ахимаг насны 15 хатны хөргийг дүрсэлжээ. Тэд ихэвчлэн өөгүй дугуй царайтай, том хацартай, махлаг биетэй, өргөн шанаатай, ихэвчлэн жижиг хамартай, нарийвтар жартгар нүдтэй, жижигхэн амтай, хожмын Монгол эмэгтэйчүүдийн түгээмэл төрхтэй ерөнхийдөө адил дүрслэгдсэн байдаг. Хацар уруулыг ягаан өнгөөр будсан, нүүрэндээ тусгай түрхлэг энгэсэг түрхэн, хөмсгөө нарийхан, тэгш хэлбэртэй засаж тод хараар зуржээ. Энэ бүхэн тухайн үеийн эмэгтэй хүний гоо сайхны талаар өвөрмөц үнэлэмжийг харуулсан цөөн тооны ховор түүхэн баримт дурсгал юм.

    Үс гэзэгний байдал

    Дундад эртний Монголчуудын гэзэг үсний талаар “Хөхөл” “Шибэлгэр” гэдэг 2 үг сурвалжид тэмдэглэгдсэн бөгөөд эрдэмтэн А. Мосторт 13-14 –р зууны үеийн монгол хаадын хөрөг зургуудыг харьцуулан үзээд “Хөхөл” нь толгойн урд хэсэг дэх урагш унжсан хэсэг үсийг нэрлэдэг үг. Хөхөл эр хүнд л байх юм. Шибэлгэр нь толгойн ар дахь хоёр ба хэд хэдэн салаа гэзгийг нэрлэнэ. Эрэгтэй эмэгтэй хүний аль алинд нь шибэлгэр байх аж гэжээ.

    Доктор Ж. Баясах, эрдэмтэн Арданжав нар шибэлгэр бол эмэгтэй хүний үс засал, энэ нь зөвхөн эхнэр хүний гэзэг юм. Охид эрд гарахаасаа өмнө үсээ хоёр хагалж нэг талдаа 4-6 жижиг салаа гэзэг болгон сүлждэг ёс Ордост одоо болтол хадгалагдан үлдсэн тухай өгүүлжээ.

    Эрдэмтэн Д. Баяр: “Эртний монголчуудын гэзэг үс ерөнхийдөө адил нэг ижил хэв загвартай боловч засч янзлах арга маягийн хувьд өөр хоорондоо бага сага ялгаатай байх нь судалгааны явцад тодорхой болов. Үүнд:

    – Гэзгээ араас нь өөд хумин толгойн боолтонд хийн, малгайгаа өмссөн байх

    – Шибэлгэрээ ганц салаа гөрж чихний араар унжуулдаг

    – Охид бүсгүйчүүд шивэлгэрээ хоёр болон олон салаа болгон сүлжээд нэг болгон багцалж, цагираг хэлбэрээр эргүүлэн боосон харагдана. Хожмын монголчуудын дунд энэ шибэлгэр хэмээх үг ялимгүй хувирч, бүсгүй хүний үсний гэрийг нэрлэх ширэвгэр, шивэрлэг гэх болсон ба сэвгэр, сэвлэг зэрэг үгс үүнтэй утга, гарал нэгтэй бололтой гэжээ.

    Дээл хувцас.

    Дээл хувцас нь тухайн ард түмний өвөрмөц дүр төрхийг тодорхойлдог соёлын үнэт зүйл юм. Түүхч эрдэмтэн Х. Нямбуу: “Монгол үндэстний хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуйн хэв шинж, дадал зан суртал, эрхэм зохицсон сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ” хэмээжээ.

    Хувцас нь тухайн нийгмийн болон гэр бүл, хүйсийн байдлын ялгаа тусгагдсан байдаг тул эрэгтэй, эмэгтэй охид эхнэрийн, хүүхэд, хөгшдийн, энгийн ба ёслолын, гоёлын гэж олон ангилж болно. Мөн цаг үеийн гоо зүйн үнэлэмж, урлагийн ололт, амжилт бүхнийг хувцас илэрхийлж байдаг гэж хэлж болно.

    Эртний Монгол эмэгтэйчүүдийн хувцас дээл нь эрэгтэйчүүдийнхтэй төстэй ба эхнэр хүний дээл, толгойн чимэг нь нилээд өвөрмөц байжээ. Энэ бүхнийг тухайн үед Монгол орноор аялан явж тэр бүхнийг нүдээр үзсэн элчин жуучдын нэг болох: Өмнөд Хятадын Сүн улсын элч Пэн Да Я, Сюй –Тин нар (1237) он “Хар Татарын хэргийн товч” –д: Тэдний хувцас хунар гэвэл, энгэрээ зүүн тийш дарж, зах нь дөрвөлжин, (хуучиндаа) эсгийгээр эсгэж, арьсан шижмээр оёдог, одоо шир утсаар үйлдэнэ. Өнгө нь улаан, бор, элгэн ногоон бөгөөд нар сар, луу гарьд тэргүүтний зурагтай, үүнд эрхэм доодсын ялгаа гэж байхгүй. Энэ нь эртний хувцас адил ба тэдний тэдний сүүжний дээр тоолшгүй нарийн нугалаас гаргадаг. Уужуу (том ) хувцсанд бол арван хоёрхон нугалбартай. Татарын хувцасны нугалаас нь үүнээс илүү юм. Бас улаан бор өдөнг нийтгээд дээс болгож бүслэхээ бүс гэнэ.

    Өмнөд Сүн улсын элч Мэн Хуны (1221 он) тэмдэглэлд “Эмэгтэйчүүдийн хувцас нь дундад улсын дооши нарын хувцас мэт. Эрхтэн түрүүчүүдийн эхнэрүүд нь гү-гү (гө гө) малгайтай. Бас өргөн их ханцуйтай дээлтэй. Энэ нь Дундад Улсын Бумбу нарын нөмрөг шиг уужуу урт бөгөөд газарт чирч, хоёр шивэгчнээр дээш өргүүлэн явумой гэж өгүүлсэн нь Монгол эмэгтэй хүний дээл хувцасны тухай өгүүлсэн хамгийн анхны баримт болох бөгөөд “Монголын нууц товчоо” –д үгүй мэдээг нөхвөрлөх чухал хэрэглэгдэхүүн болдгоороо ач холбогдолтой.

    Плано Карпин (1246) эрэгтэй нь ч тэр эмэгтэй нь ч тэр нэг л янзын оёсон дээл өмсөнө, тэд дээлээ Бухарын ноосон даавуу, ал улаан бөс буюу Багдад торго хоргойгоор дараах маягаар хийнэ. Үүнд: дээл нь дээрээсээ аван хормойгоо хүртэл задгай, цээжин хавьдаа давхар байх бөгөөд зүүн талдаа ганц, баруун талдаа гурван товчтой зүүн ташаа нь ханцуйгаа хүртэл оноотой болой. Түүнчлэн үстэй оготор дээлийг (хүрэм) иймэрхүү янзаар хийх ба гадуур өмсөхөөр хийсэн бол үсийн гадагш харуулж ар тал нь задгай бас хойно тахимаа хүртэл унжсан хормойтой гэж бичиж үлдээжэй. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дээл, хүрэм ерөнхийдөө төстэй энгийн хүмүүсийн хувцасны хэв маяг адил болохыг дурьджээ. Харин эрд гарсан хүүхнүүд нь урдуураа задгай энгэртэй их л өргөн, газар шүргэсэн ууж өмсөнө. Тэд толгой дээрээ дугуй богтаг малгай тавина, бага залуу охид бүсгүйчүүд нь эрчүүдийн адил хувцаслана гэж бичсэн нь дээр дурьдсан хятад элчин жуулчны тэмдэглэлтэй адил байна.

    Гильом Де Рубрукийн (1253) “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэлд”: тэд (Татарууд) өмсөж зүүх хувцас хунараа Хятад болон Дорно зүгийн бусад орон түүнчлэн

    Перс зэрэг Өрнөдийн орноос авна, тэндээс торгон ба алтан саа бүхий бөс даавуу, мөн нэхмэл эдлэл авч зун дээл хийж өмсөнө. Оросоос, Макселиэс, Их Булгари ба Паскатираас өөрөөр хэлбэл Мажараас, Керкисээс өөрт нь алба төлдөг умар нутгийн бусад олон орноос янз бүрийн үнэ ихтэй үслэг эдлэл авчирч өвлийн хувцас хийдэг ба өвлийн цагт ихэвчлэн хоёр төрлийн дээлтэй байна. Нэг төрөл нь үсийг нь дотогш харуулан хийнэ, нөгөөгийн үсийг нь цас салхинд гадагш харуулан хийнэ. Тийм үстэй дээлээ тэд ихэвчлэн чоно ба үнэгний арьс эсхүл нохой, гөрөөсний арьсаар хийнэ. Татарууд гэртээ байхдаа арай хөнгөн өөр дээл өмсөнө, арьсаар шалбуур өмд хийнэ. Баячууд нь хувцаслахдаа маш зөөлөн, хөнгөн дулаан бөөн торго барьж оёно. Ядуучууд нь зузаан даавуун буюу бөс нэхмэл эсвэл ноолуур ялгаж тавина. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй адил, тэгэхдээ арай уртхан дээл өмсөнө. Эмэгтэйчүүд нь гэлэнмаагийн өмсгөл шиг сул өргөн, түүнээс арай урт бөгөөд өргөн, энгэр нь задгай зөв талдаа бүчилдэг дээл өмсөнө. Түүнээс гадна богтаг хэмээх толгойн боолт зүүж гоёно гэж хүйсийн болон хуцасны өвөл зуны гэх улирлын ялгаа, баян ядуучуудын нийгмийн ялгаатай байдал хувцсанд харагдахын зэрэгцээ хувцас хийх арга технологийг ч бичиж үлдээжээ. Эмэгтэйчүүд олон төрлийн ажлыг хийх ба арьс нэхийгээр оёдол хийж нэхий дээлийг шөрмөсөн утсаар оёно. Тэд нар шөрмөсийг томж утас болгоно, мөн оймс, гутал, дээл, хувцасыг оёно, эсгий хийж, гэрээ бүрнэ гэж бичжээ.

    Марко Пологийн номд: Тэдний хувцас гэвэл баячууд нь алтан саа, магнаг торгоор хийж, өд ноолуур хийгээд булга суусар, галт хар үнэг, үнэгний арьсаар доторлосон буюу эмжиж хажсан дээл өмсөнө. Хувцас хэрэглээний нэг гол хэсэг нь үнэт үслэг ба Сяо Да Хээгийн “Монголчуудын зан суртахууны тэмдэглэл”- д (16 –р зуунд) дээлээ барс, ирвэс, халиу, булга, минжийн арьсаар эмждэг. Бар ирвэсийн арьсаар эмжвэл шүүдэр буухад нордоггүй, булга минжийн арьсаар эмжих нь гоёлохын төлөө юм гэж бичжээ.

    Түүх ч Х. Нямбуугийн тэмдэглэснээр “Эхнэр хүний дээлийн тухай тайлбарт” Суут Богд Чингис хаанаас буулган ирсэн олонхи түмэн иргэндээ энхжих болтугай хэмээн аваад алтан сайхан араатай арслан ширхэгтэй (үстэй) мяндсан нэрт, мянган луутай, сайхан манлугийг чинь гайхуулъя, давхар тэгш мөртэй 72 товч дардгар алтан магнуг (магнаг) дээл гэж Эртний Монголд хуримын ёслолд, ёслолын дээл нь цагаан торгон дээл, алтан магнаг байсныг магтжээ.

    Уужийг бөс торгомсгоор хийхийн хамт арьсаар хийж, эмжиж байжээ. Х. Нямбуу зарим домог ярианаас үндэслэн эртний Монгол эмэгтэйчүүд хар унага, тугалын арьсан ууж өмсөж байсан тухай бичжээ.

    Монголын нууц товчоон дахь эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн тухай цөөн баримтын нэг нь Бөртэ үжиний эх Чотоны (шитхүл) өмсгөл хэмээх хар булган дахыг “Инж” болгон авсан тухай дурьддаг.

    Балчир хүүхдийн хувцасны тухай Монголын нууц товчооны 114 –р зүйлд Удуйд Мэргэдийн дүрвэж дутаасан хойно тэдний нутаг дээр булган малгайтай бугын арьсан гуталтай булган хөөмий дээлтэй хүү хоцорсоныг, мөн Монголын нууц товчооны 135-р зүйлд “Татарын Нарайд шитүэний нутаг дээр орхигдсон, алтан дөртэй ээмэг зүүсэн ба булгаар доторлож таж торгон элгэвч (хантааз) өмссөн хүүхэд” гэж бичиж үлдээжээ.

    Мөн хатдын хөрөг, ханын чимэг зурагт дүрсэлсэн эмэгтэйчүүд баяр ёслолоор улаан өнгийн дээл өмсөж, дээлийн энгэрийг үнэт хоргойгоор нэг өргөн, хоёр нарийн эмжсэн байдаг. Хатад эхнэрүүдийн дагалт бүсгүйчүүд, охид, шивэгчид богтаг малгай өмсөөгүй бөгөөд дээлээ бүслээгүйгээрээ эрэгтэйчүүдээс ялгагдадаг. Дээлийн энгэрт ямар нэг зүүлт чимэглэл зүүдэггүй байсан бололтой. Өнгөний хувьд олон янз, Дорно дахины ард түмний адил “Цагаан сараар хүндэтгэлийн өнгө хэмээн цагаан хувцас өмсдөг байжээ.

    1246 онд Гүюгийг хаан ширээнд залахад ирсэн ихэс ноёд эхний өдөр цөм цагаан торгон, дараа өдөр нь улаан магнаг торгон хувцас, гурав дахь өдөр нь номин хөх цэнхэр, дөрөв дэх өдөр хээр хуар бүхий алтан саатай үнэт торго хоргойн хувцас өмсөж байсан нь тэр цагийн ёслол хүндэтгэлийн хувцасны байдлыг харуулж байна. Мөн Мөнх хааныг залах дөрвөн өдрийн турш, хааны өгсөн өөр өөр өнгийн гутал, дээл, малгайгаар гоёж байсан тухай өрнө дахины жуулчдын тэмдэглэлд тэмдэглэгджээ.

    Монголын нууц товчоо ба Эмэгтэйчүүд ном. 2008

  • ЦЭЦЭН ТОНЬЮКУКИЙН ХӨШӨӨНИЙ БИЧЭЭС

    Хөшөөний бичээсийн агуулга, мөн түрэг судлалын ном зохиолоос үзвэл эртний түрэгийн гурван хаанд зөвлөхийн үүрэгтэй байсан, цэцэн Тоньюкук гэгч цолд өргөмжлөгдсөн хүн, тэр үеийнхээ нийгэм түүхийн байдлыг өөрийн намтартайгаа холбогдуулан, өөрийнхөө үзэл бодлын үүднээс өгүүлсэн агуулгатай энэ бичээсийг анх Е.Н.Клеменц гэдэг эрдэмтэн 1897 онд олж шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ. Үүний дараа жил буюу 1898 онд Оросын ШУА-ийн ажилтан В.В.Радлов монгол оронд судалгааны ажлаар явахдаа уг хөшөөний хэв, түүний фото зургийг авч мөн уг хөшөөний бичгийг орчуулсан анхныхаа хувилбарын хамтаар нийтлүүлсэн байна. Тэр цагаас хойш Г.И.Рамстедт (1909), Б.Я.Владимирцов (1925), П.Аалто (1957), Е.И.Убрятова, В.М.Наделяев (1960) нар газар дээр нь биечлэн очиж хөшөөний бичээсийг нарийвчлан судлах үйлст нэрээ оруулсан байна.

    Эдгээр нөхдийн бүрдүүлсэн эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан Е.С.Малов, Г.Айдаров зэрэг эрдэмтэд уул бичээсийн орчуулгыг дахин нягтлан үзсэний гадна, уул бичээсийг эртний түрэгүүдийн түүх, хэлийг судлах явцдаа олон эрдэмтэд анхаарч өөрийн бүтээлдээ оруулсан байна.

    Дэлхийд хосгүйд тооцогдох уг гэрэлт хөшеөний бичээсийг монгол уншигчиддаа танилцуулах талаар манай эрдэмтэд ч бас багагүй анхаарал тавьсаар иржээ. Тухайлбал, 1934 онд Улаанбаатар хотноо хэвлэгдсэн түүхч Амарын “Монголын товч түүх” номд уг хөшөөний бичээсийг орос хэлээр орчуулсан эхээс нь утгачилан буулгасан бол бүр хожим манай улсын нэрт түрэгч эрдэмтэн Б.Базылхан уг эхийг баримтлан бас монголчилсон юм.

    Мэргэжлийнхээ хүмүүсийн дунд хөшөө босгогчийнхоо нэрээр “Цэцэн Тоньюкук”-ийн бичээс гэж нэрлэгдсэн уг хөшөө Улаанбаатар хотоос зүүн урагш 66 км, Налайхаас зүүн тийш 20 км орчим зайтай, одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг Баянзүрх гэдэг уулын баруун хойд талд оршдог. Уг бичээсийг хоёр чулууны нийт найман талд жаран хоёр мөр болгон бичсэн бөгеөд нэгдүгээр чулууны өндөр нь 1 м 70 см, үүнд нэгээс гучин долдугаар мөрийг, хоёрдугаар чулууны өндөр 1 м 60 см, үүнд гучин наймаас жаран хоёрдугаар мөрийг бичсэн байна.

    Судлаачид хөшөөний бичигт гол байртай өгүүлэгдэх Тоньюкук гэдэг өргөмж нэрийн утга, бүтцийг ихэд сонирхон, үзсээр ирэв. Гэвч одоо болтол уг үгийн утга, бүтэц, мөн юуны учир ийм нэрд тухайн хүн өргөмжлөгдсөн талаар нэгдмэл саналтай болж чадаагүй байна. Эдгээр саналуудаас уг нэрийг түүхэн бүтээвэрзүйн тонюк-ук гэсэн бүтэцтэй, үүний тонюк буюу бидний галигаар, tonuk гэдэг нь орчин цагийн тува хэлний “туурай”, ук нь түрэг хэл аялгуунуудад түгээмэл тохиолддог, тува хэлэнд ок “сум” гэсэн хэлбэртэй байгаа үгтэй холбоотой, иймээс тоньюкук гэдэг нь “туурай сум буюу суман туурай” гэсэн үг гэж үздэг саналыг нэлээд углуургатай гэдэг байна. Мөн зарим судлаачид уг үгийн бүтцийг тон-йкук (йук-ук) гэж үзэн, үүний эхний бүтээврийг нь эртний болон орчин цагийн түрэг хэл, аялгуунуудад тон (тун), дун хэлбэрээр олонтоо тохиолддог “анхны, ууган” гэсэн утгатай үгтэй, хоёр дахь бүтээврийг нь йок-/йук/ “хадгалах, хамгаалах” гэсэн үгэнд үйл үгээс нэр үг бүтээх -к дагавар залгасан гэж үзэн тоньюкук гэдэг нь “анхны хадгалагч” гэсэн шүү утгатай гэж бас тайлбарлаж байна.

    Харин уг нэрд өргөмжлөгдсөн, энэ хүн VIII зууны эхэн үед амьдарч байсан, Ашина овгийн хүн, түрүү болон хожуу үеийн түрэг улсын түүхэн олон үйл явдалтай энэ хүн холбогддог талаар судлаачид маргадаггүй, санал нэгтэй байдаг байна. Тухайлбал, “… Тоньюкук түрэг улс Хятадын эрхшээлд байхад хэрэг алдаж шоронд хоригдож-байгаад Кутулугийн бослогын үеэр суллагдан гарч, …VI зууны 80-аад оны үесээр Түрэгүүд Тан улсын эсрэг хүчтэй бослогыг зохион явуулжээ. Бослогыг түрэгийн язгууртны нөлөө бүхий төлөөлөгч Кутулуг, түүний зөвлөх сайд Тоньюкук нар толгойлж байсан” гэж Монгол улсын түүхэнд тэмдэглэжээ. (үз. БНМАУ-ын түүх. III боть. х.123).

    Уг гэрэлт хөшөөний тавин наймдугаар мөрт “Түрк Билгэ каган иленге битидим. Бен билге Тоньюкук” гэсэн өгүүлбэр бий бөгөөд үүнийг нь орчин цагийн монгол хэлээр орчуулбал “(хөшөөний бичээсийг) цэцэн Тоньюкук би (тушаан) түрэг Билгэ хааны ард түмэнд (зориулан) бичүүлэв” гэсэн утгатай болж байна. Цэргийн нэрт жанжин, хунтайж Күлтегинийг нас нөхөцсөний дараа түүний онгоныг босгуулах үест гэрэлт хөшөөг нь босгосон бөгөөд бага бичээсийн төгсгөлд “Бо битиг битигме атысы йоллыг тигин” гэж байдаг нь “энэ бичгийг бичигч нь (Күли-тегиний) ач Йоллыг-тегин” гэсэн утга юм. Үүнтэй харьцуулан үзвэл Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа өөрөө (зарлигдан) хөшөөнийхөө бичээсийг бич(үүл)сэн гэдэг нь хөшөөнд өгүүлэгдэх эхээс тодорхой, үүнийг ч олонх түрэг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тан улсын дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэн, хожуу түргийн хаант улсыг байгуулах үйлст хувь нэмрээ оруулж, түрэгийн гурван хааны (Капаган, Элтериш, Могилян /Билгэ/) мэргэн зөвлөх чухам юун тухай өгүүлж, боржин чулуунд түүнээ сийрүүлэн хойч үеийнхэндээ үлдээсэн учир нь үнэхээр сонирхолтой байна бус уу?

    Иймээс хөшөөний бичигт өгүүлэгдсэн зүйлийг агуулгын талаас нь хэд хэдэн хэсэгт хуваан мэргэн Тоньюкукын айлдвартай товч танилцсу.

    1. Хөшөөний эхний мөрт мэргэн зөвлөх Тоньюукук өөрөө Табгач улсад хүмүүжсэн учраа тэр цагг Түрэг түмэн Табгач улсын хараат байсан учраар тайлбарлан бичсэн байна. Үүнийг бусад бичээсүүдийн эхлэлтэй харьцуулан үзэхэд нэлээд онцгой юм. Тухайлбал, Күл-тегиний их бичээс нь “Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдсний учир энэ хоёрын завсар хүний хүү буй болсон ажгуу. Хүний хөвгүүдийг захиран миний өвөг эцэг Бумын хаан ширээнд суув” гэдэг ахул, бага бичээс нь “Тэнгэр гэмээн тэнгэрт өршөөгдсөн түрэгийн Билгэ (цэцэн) хаан би энэ цаг-(ийг эзэгнэн) хаан ширээнд суув” гэж эхэлж байна. Үүнээс үзвэл энэ хоёр бичээс нь зөвхөн эзэн хааныг хаан суусан буюу, хүний хөвгүүдийг захирсан учраа сайрхан өгүүлсэн нь ил. Энд өгүүлж буй Тоньюукук бол өөрийн учрыг ингэж сайрхан өгүүлсэнгүй, харин өөреө Табгач улсад хүмүүжсэн, эсвэл төрсөн учираа өгүүлснээр хөшөөний бичээс эхэлж буй авч, энэ нь еөрийн намтраа ерийн нэг түүхчлэн өгүүлсэн хэрэг ч биш бололтой харин, бусад эгэл түрэг хүн (хара бодун)-ээс арай илүү талаа сайрхан өөрөөр хэлбэл эрх биш суурин иргэншилд хүмүүжснээ илүүд үзэн дурдсан хэрэг байж болох юм. Үүний тайлал ч сүүлд нэлээд тодорхой гарч байна.

    2. 2-7 мөрт зүүн Түрэгийн хаант улс үүссэн тухай энэ улсын хаанаар Элтеришийг өргөмжилсөн тухай маш товч авч, бас нэлээд үнэмшилтэйгээр өгүүлж байна. Түрэг түмэн бие даасан улс болоогүй үүний тод гэрч нь хөшөөний бичээст өгүүлж буйгаар бол “захирсан хаангүй байх үедээ Табгач улсаас салан тусгаарлаж”, хаантай болсон боловч удалгүй хаан юугаа тэвчиж дахин Табгач улсад дагаар орсныг өгүүлж байна. Хаангүй байх үедээ табгачын харьяанаас тусгаарлаж чадсан атлаа хаантай болчихоод Табгач улсад дахин бүрэн дагаар орсон энэ харамсалтай, гашуун түүхийн учрыг харин уул хөшөөний бичигт тодорхой тайлбарлан өгүүлсэнгүй. Гэвч үүнтэй холбогдуулан эрэгцүүлэн үзвэл

    Күл-тегиний бичээст буй нэгэн өгүүлэмжийг эрхгүй эргэн бодоход хүргэж байна. Тэнд өгүүлэхдээ “…Түрэг хүмүүсийн хагас нь баруунаа (хойш ?) ..ч. Түни талд суурьшия гэхэд зарим муу хүн ийн сургаруун: -Хол сууваас Табгач иргэд муу эд өгнө, (тэдэнд) ойр сууваас сайн эд өгнө гэж байв. Билэггүй (мулгуу, ухвар мечид) хүмүүс Табгач улсад ойр очин Түрэгийн олон овог аймаг (улс) сөнөв…” гэжээ.

    Эдүгээ ч аливаа улс тyсгaap оршин тогтноход дотооддоо элдэв будлиангүй, гадааддаа хөрш орнуудтайгаа эв найртай байх нь гол хүчин зүйл нь болдог гэж үздэг. Хөшөөний бичээст өгүүлснээр бол “Табгач улсаас хол суувал тэд муу эд өгнө, ойр суувал сайн эд өгнө” гэж билэггүй хүмүүс хутгаж үймүүлж, бас “…уран үг, зөөлен торгороо холын улсыг хууран ойртуулж муу занд сургадаг” табгачуудын башир аргаас болж дахин Табгач улсад эзлэгдсэн биз ээ! Энэ тухай хөшөөний бичээст тодорхой өгүүлээгүй авч “Дээд тэнгэр: -”Би та нарыг хаантай болгосон, Аяа, та нар хаан юугаа тэвчиж, Табгачид (дахин) бүрэн дагаар орсон тул (тэднийг үл таалан)-сөнөтүгэй гэв” гэж өгүүлсэн байна. Уг бичээсийг бичсэн (ер нь тухайн үед бараг хүн бүр) хүний ойлголтоор энэ нь ёсоор болж, түрэг түмэн үй олноор сөнөж, түрэг улсын хүчин чадал ихэд суларчээ. Аливаа зүйлийн мандан буурахад учир шалтгааныг гагцхүү тэнгэр бурхны таалал шийддэг гэж тайлбарладаг үед энэ нь бас аргагүй биз!

    Хөшөөнд бичсэнээр бол “Түрэгшир түмний нутагт нэг ч овог аймаг бүтэн үлдсэнгүй”. Энэ нь харин гашуун үнэн биз ээ. Гэвч Табгач улсад дагаар орох үйлийг тэр үеийн бүх хүн хүлээн зөвшөөрч байсангүй нь дараах зүйлээс тод мэдэгдэж байна. Бусад хүмүүсийн адил Табгач улсад дагаар оролгүй, эзэнгүй хоцорсон нутгийн мод ой, шугуйд, чулуу уул хаданд нуугдаж үлдэгсэдийг хураан цуглуулж, цаашид яах тухай ярилцсан бололтой мэдээг их л тодорхой дурдсан байх юм.

    Манай улсын түүхэнд тэмдэглэсэнээр бол түрэгийн хаант улсын хоёрдогч сэргэн мандалын үе буюу хөх (зүүн) түрэгийн хаант улс үүсэн байгуулагдсан тухай түүхэн мэдээ, бусад орхон бичгийн дурсгалд ч бас өгуүлэгдсэн байдаг. Тухайлбал Күл-тегиний хөшөөнд “…эр цэргийн тоо долоон зуу болоход эцэг минь өөрийгөө хаан хэмээн үзэж …миний өвөг эцгийн адилаар төр улсаа засан тохинуулж эрэлхэг баатар болов…” гэсэн нь арай ерөнхийдүү өгүүлэмж юм. Гэвч энд дурдагдаж буй долоон зуун хүн гэдэг нь дээр өгүүлсэн эзэнгүй нутагт ой шугуй, хад чулуунд нуугдаж үлдсэн хүний тоо юм. Харин энэ тухай

    Тоньюукукын бичээст арай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тэнд өгүүлснээр бол “… (үлдэж хоцорсон) долоон зуун хүнийг хураан цугдуулсан хүн нь шад билээ” гэжээ. Шад гэдэг нь эртний түрэг улсын үед байсан цэрэг-засаг захиргааны ендөр албан тушаалтныг заасан үг юм. Иймээс Тоньюукук бол энэ хүнд цагт мэргэн ухаан сийлж цаашид төр улсаа төвхнүүлэхэд хувь нэмрээ оруулах тулхтай хүн гэж шад ухаарсан нь ойлгомжтой тул түүнд хандан “(өөртөө) зөвлөгтүн!” гэж хүсэмжилжээ. Энэ бүгдээс үзвэл хөшөөний бичээсийн эхэнд “… Мэргэн Тоньюкук би өөрөө Табгач улсад хүмүүжив” хэмээн онцлон дурдаж байсан нь ч бас утга учиргүй зүйл биш бололтой.

    Харин мэргэн Тоньюкук “(хэн нэгнийгээ) хаан болгоё” гэсэн бодолтой байсан, үүнийгээ ч шад (ө.х ирээдүйн хаан Элтериш)-д шууд хэлж байна.

    Аливаа туурга тусгаар улс байхын үндсэн нөхцлүүдийн нэг нь хаан (эсвэл удирдагч)-тай байх явдал гэдгийг сайтар ухаарсан мэргэн Тоньюкук, харин шадыг хаан болгох талаар тийм ч тууштай байр суурь баримталж байсангүй. Энэ тухайгаа “туранхай бухтай, тарган бухтай (үхэр сүрэг) алсад бэлчиж байвал (тэр нь) тарган бух, (энэ нь) туранхай бух хэмээн (шууд) ялгаж чадахгүй”-тэй адилтган бодож байснаас үзэхэд тодорхой байна. Энэ зүйрлэлийг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг боловч, хам сэдвээс нь үзвэл чухамдаа ирээдүйн хаан Элтеришт шууд холбогдож байгаа нь тодорхой юм. Гэвч хожим …тэнгэр түүнд (ө.х Тоньюкукт) ухаан соёрхсон учир түүнийг хаанд өргөмжлөөд төр улсаа төвхнүүлэн засахын тулд “… урд зүгт Табгачыг, емнөх (дорно) зүгт (орших) Киданыг, умар зүгт (орших) Огузыг даран сөнөөж…” (хөх) түрэгийн хаант улсыг (эмхлэн) байгуулсан тухай өгүүлж байв. Хэдийгээр гадаад талдаа ийнхүү довтлох дайсангүй болгосон мэт авч, тэд тийм ч амар тайван байж чадсангүй. “…Бидний дайсан эргэн тойронд (маань) махчин шувуу шиг, өөрсдөө бид сэг шиг байв” гэж тэмдэглэсэн нь энэ байдлаа улам тод дүрслэн хэлсэн үг юм.

    3. 8-16 дугаар мөрт умар зүгт орших Огузыг даран сөнөесөн тухай өгүүлэмж гарч байна. Гадна талаас довтлох дайсан дарсан (хөх) түрэгүүд нэг хэсэгтээ чугай Кузын хар хум (элс)-д “…зээр идэж, туулай идэж…”, “…харьяат түмний хэвлий (үгч: ходоод) цатгалан (сэтгэл амар) амьдарч…” байтал Огуз аймгийнхнаас ирсэн нэгэн босуул (зарим нь туршуул ч гэж нэрийддэг) есөн Огуз аймгийнхан өөрийн хаантай болсон тухай мөн “Өтүкений орчмоор нүүдлэн яваа цөөвтөр түрэг аймгийнхны хаан нь баатарлаг, зевлөх нь цэцэн, тэр хоёр хүн амьд л байх юм бол Кидан, Табгач, Огуз биднийг сөнөөнө…” “Иймд гурвуул хамсарч тэднийг дайлсугай! Түрэг-шир аймгийнхны нутагт биднээс өөр эзэн (хэзээ ч) бүү зорчин яваг. Чадвал тэдний эздийг (бүр) хүйс тэмтэрцгээе” гэж үгсэж тэр бусадаймгийнхандаа элч илгээсэн тухай өгүүлжээ.

    Ийм таагүй мэдээ авсан Тоньюукукын “…шөнө нойр нь хүрэхгүй, өдөр нь тайван сууж чадахгүй” болж “…(ямар нэгэн юмыг) ямар нэг нимгэн ахуйд нугалахад хялбар, нарийн ахуйд хугалахад хялбар байдагтай зүйрлэн бодож…” хаандаа туршуулын үгийг дамжуулжээ. Дээрх зүйрлэл бол чухамдаа эдгээр дайснаа хүчирхэгжээгүй байхад нь, хараахан нэгдэн нийлээгүй байхад нь даран сөнөөе гэсэн ёгт утгыг агуулсан үг гэдэг нь хэн хүнд төвөггүй ойлгогдох биз ээ! Хаан нь Тоньюкукын үгийг найрсагаар хүлээн авч, их цэргийг өөрийн дураар зохион байгуулж удирдан хөдөлгө! гэж хариу ирүүлжээ. Хэдийгээр дайсны цэргийн тоо зургаан мянга еөрсдөө болохоор хоёр мянга авч тэд огуз аймгийнхныг ялан дийлж чадсан байна. Үүнийгээ мөн л тэнгэрийн ивээл хайрын хүч хэмээн үзэж байгаагаа ч дурсан өгүүлэхээ мартсангүй.

    4.17-р мөрийг өмнөх болон ар дахь зүйлтэй харьцуулан үзвэл тусад нь хэсэг бүлэг болгон үзэж болохоор байна. Энд цэцэн Тоньюкук түрэгийн хааныг болон түрэгийн түмнийг Өтүкений хөвчид (дагуулан ирж) суурьшив (суурьшуулав). Үүнийг сонсоод дөрвен зүг (найман зовхис)-ийн ард (тэдэнд дагаар орж) тэнд нүүдлэн ирсэн тухай дурдаж байна.

    Өтүкений хөвч бол Табгач аймгийнхнаас нутгийн хувьд нэлээд алс зайдуу, бас нутагшин суухад аятай нутаг байсан бололтой. Иймээс ч энэ нутаг газар хөх түрэгийн хаант улсын түүхэнд их л онцгой түүхтэй газар нутаг юм. Энэ нь өмнө өгүүлснээс үзэхэд тодорхойн гадна бас бусад бичээс, тодруулбал Күл-тегиний бага бичээст дурдсан зүйл үүний давхар баталгаа болж байна. Тэнд “…Өтүкений газар сууж (Табгач улс руу) аян жингээ илгээж (алба гувчуураа авч) байвал, (аяа, түрэг хүн чамд) ямар ч зовлон үгүй. Өтүкений хөвчид байх аваас, улсаа менхөд захирч сууна чи” гэж сургамжлан захисан байдаг. Энэ санаагаа улам тод томруун болгохын үүднээс “…Аяа, түрэг түмэн (чи одоо) цатгалан… (иймээс чи) үнэндээ (гэхэд) өлсгөлөн (зовлон)-г мэдэхгүй … Тийм л байдаг учир түрэг аймгийнхныг нэгтгэн төвхнүүлэв” гэж дурдаж байна. Энэ газар бол Өтүкений хөвч юм.

    Эртний орхон бичгийн дурсгалд олонтаа дурдагдаж буй энэ газар, Өтүкен гэдэг нэрийн талаар судлаачид ихэд анхаарлаа хандуулсан байдаг. Харамсалтай нь одоог хүртэл нэгдмэл саналд хүрч чадаагүй байна. Энэ газрыг “Орхон голоос баруун хойш орших уул / Бернштам А./” гэж тэмдэглэсэн байдлыг харгалзан, газар зүйн байршил, түүний нэрийн авианы төстэй байдлыг анхаарч үзвэл одоогийн Завхан аймгийн нутагт орших Отгонтэнгэр мөн гэж бодно. Энэ уулын нэр нь от “гал”, грн (кан) “хан” отгон ‘галын хан эзэн’ гэдэг үгээс бүтсэн биш харин, етүкен гэдэг үгийн гуйвсан дуудлага мөн биз ээ.

    5. 18-19-р мөрт урьд газар хийсэн дайны тухай товч өгүүлж байна. Энд өгүүлснээс үзвэл Түрэг (овог) аймгийнхан (дахин) үүсэн тогтсоноос хойш, түрэг хаан сууснаас нааш Шантун хотод хүртэл довтолсонгүй, Талуй (Далай) мөрөн хүртэл цэрэглээгүй байв. Мэргэн Тоньюукук энэ тухай хаандаа ечин (тэр зүгт) дайлаар морджээ. Тэнд манай цэрэг довтлон хүрч тэр газрын хорин гурван хотыг сүйрүүлэв. Тэд, усун бумтатугийн тэр нутагт үлдэж амьдрах хүсэлтэй байсан боловч, Табгач, Он ок, Киргизийн хаад тэдний гол дайсан байсан учир арга буюу гэдрэг буцсан ажээ.

    6.20-28 мөрт Киргиз аймгийнхан руу хийсэн аян дайны талаар өгүүлж байна. Энд өгүүлж буйгаас үзвэл Киргизэд хүрэхэд Көгмен хөвчийг давах нь тун бэрхшээлтэй, Аз нутгийн нэгэн эрийг замчнаар олсон боловч, тэр зам буруу зааж яггүй бэрхшээл учруулж байсан ч “…өдөржин, шөнөжин довтолгон байж Киргизүүдийг унтаж байхад нь дайран хааныг нь алан сөнөөж…, үлдсэн Киргиз аймгийнхан хаанд ирж сөгдөн мөрген дагаар орсон байна. (Ийнхүү) Киргизүүдийг буулган авч, Кегмений хөвчийг нөгөө талаар нь тойрон буцаж ирсэн тухай өгүүлж байна.

    7. 29-43 мөрт Түргэштэй хийсэн дайн Он окийнхон дагаар орсон тухай өгүүлж байна. Киргизтэй хийсэн дайнаас буцаж ирсний дараа төдий л удалгүй, түргэшийн хаанаас нэгэн босуул ирж “…Түргэшийн хаан дайлаар нааш айсуй, Он окийнхон чтэднээс хоцролгүй бас дайлаар мордох гэнэ. Тэдний дотор Табгач цэргүүд ч байгаа” гэж хэл дуулгав. Бас, тэд үгсэн Ярашийн талд нэгдэхээр тохиролцсон гэдгийг хэлэв. Тэдний бүх цэргийнх нь тоо арван мянга хүрснийг сонсоод Түрэгийн зарим ноёд “цэвэр ичингүйрэл сайн” гэж үзэж байсан авч, мэргэн Тоньюукук тэднийг зоригжуулсан учир дайсны цэрэг талын түймэр мэт довтолж байсан ч, ариун тэнгэрийн өршөөлөөр тэдний хааныг нь олзолж, ябгу шад нарыг нь сенеөж чадсны гадна, ойролцоогоор тавиад цэргийг нь ч баривчлан авсан байна. Үүний дүнд Он окийн харьяат түмэн”… дагаар орсон” тухай өгүүлж байна.

    8. 44-48-р мөрт Дундад Ази руу хийсэн аян дайны тухай өгүүлж байна. Түргэштэй хийсэн аян дайны үед Он ок аймгийнхан хэдийгээр дагаар орсон авч, тус аймгийн цеөвтөр хүмүүс зугтсан учир тэднийг нэхэн дарахаар мордсон цэргийнхэн Йенчү (сувдан) гол, Тенисийн хүүгийн нутаглаж байгаа Бенчлек уул, Төмөр хаалга хүртэл (тэднийг хөөхөөр) цэрэглэн довтолсон байна. Тэр үест Сук тэргүүтэй Согд аймгийнхан бас бүгд дагаараа орж (тэдний хүмүүсээс) шижир алт, цалин цагаан мөнгө, эмс охид, ганц бөхт тэмээ, үнэт эд (зэрэг)-ийг ихээр татвар болгон аван буцсан тухай егүүлж байна. Үүгээр Тоньюукукын оролцоотой хийсэн аян дайн үндсэндээ эцэс болсон байна. Гэвч 49-р мөрт өгүүлсэн зүйлээс үзвэл Элтериш хаан, мен түүний мэргэн зөвлөх Тоньюукук нйрын хийсэн аян дайн ердөе энэ биш, билиг оюун төгөлдөр баатарлаг Элтериш хаан түрэг улсыг байгуулахын тулд “…Табгачид хорин долоон удаа…, Киданд долоон удаа…, Огузад долоон удаа довтолсон бөгөөд тэр бүхэнд түүний зөвлөгч нь, цэргийн манлайлагч (удирдагч) нь цэцэн Тоньюукук байсан тухай егүүлж байна.

    9. 50-62-р мөрний агуулгын өгүүлэмжийн утга санаа нэлээд олон янз байна. Юуны өмнө тэмдэглэхэд Түрэг улсыг байгуулан, төвхнүүлэхэд тэрбээр өөрийн оруулсан хувь нэмрийг дурсан санаж дүгнэн урнаар, гэхдээ цөөн хэдэн үгэнд багтаан өгүүлсэн байна. Тухайлбал, “…шөнө тайван унталгүй, өдөр (сэтгэл) амар суулгүй, улаан цусаа урсгаж, хар хелсөө асгаруулан хүч хөдөлмөрөө хаандаа өгөн зүтгэв. Урт (холын) довтолгоонд би л (тэднийг) илгээж… байв… гэсэн нь хөх Түрэг улсыг байгуулахын тулд санаа зовон зөвхөн амар тайван сууж чадаагүй гэсэн хэрэг биш манайхны хэлдгээр, борви бохис хийлгүй ажиллаж байснаа дурссан зүйл, энэ ажлын нэг нь урт холын тулаанд цэргийг зохион байгуулан явуулж байсан хэрэг юм. Үүнээс үзвэл тэр зөвхен дан ганц хаанд (өөрөөр хэлвэл Элтришид) мэргэн зевлөгчийн үүрэг гүйцэтгэж байсангүй бас, цэргийн гарамгай удирдагч, магадгүй тухайн үеийнхээ улс төрийн томоохон зүтгэлтэн байсныгаа дурссан хэрэг юм. Дараа дараагийн мөрт өгүүлсэн зүйлс нь мэргэн Тоньюукукыг ингэж дүгнэн үзэхэд хүргэж байна.

    Цааш нь түүний оролцоотойгоор байгуулсан Түрэг түмний нутагт “… (Тэнгэрийн ивээлээр) хуягт дайсан нэвтрүүлсэнгүй (ирүүлсэнгүй), (харийн) тамгатай морьдыг хатируулсангүй…” Түрэг түмэн сэтгэл амар амьдарч буй тухай өгүүлж байна. Үнэхээр ч түүхэн тодорхой нэгэн цагт Түрэг түмэн амар тайван амьдарч байсан бололтой юм. Күлтегиний бичээс “…Тэр цагт манай боолууд (өөсвээн) боолтой, (манай) шивэгчингүүд (өөсвээн) шивэгчинтэй байв…” гэж дурдаж байсан нь ингэж үзэхэд хүргэж байна.

    Түрэг түмнийг ийм жаргалтай байдалд хүргэхийг Элтериш хаан ухамсарлаагүй бол, түүнийг дагаад би тер улсаа эмхлэн байгуулахыг ухаараагүй бол эл улс минь эгэл түрэг түмэн минь үгүй болох байсан. Хаан минь энэ байдлыг ойлгосон учир, түүнийг дагаад би ухаарсан тул улс минь дахин улс болж, харьяат түмэн минь (дахин) хэвээр үлдэж чадсан юм гзж өгүүлж байна. Хэдийгээр энй бичээсийн төгсгөлд цэцэн Тоньюкук өөрийгөө өндөр настай болсон, хөгшин болсон гэж тэмдэглэсэн авч, нэг зүйлийг энд онцгойлон өгүүлсэн байна. “…Ямар ч газрын ард түмэн хаандаа (хүчин) зүтгэхгүй бол (түман олонд) түүнээс илүү гай зовлон гэж юу байх билээ. (Иймээс) би үүнийг л түрэгийн ард түмэнд (анхааруулан захиж) зориулан мэргэн Тоньюкук би тушаан бичүүлэв”.

    Үүгээр хөшөөний бичээсийн үндсэн санаа нь төгсөж байна.

    Эх түүхийн гайхамшиг нь сургамжиндаа байдаг гэдгийг гүн ухамсарласан тухайн үеийн бичгийн мэргэд орхон бичгээр боржин чулуунд өөрийн улсын түүхээ бичин хойч үеийнхэндээ гэрч болгон босгосон гэрэлт хөшөөнд түрэг улсыг улс шиг улс болгох, түрэг түмнийг хүн шиг хүн болгон амьдруулахын төлөе хаандаа хүч хөдөлмөрөө өгөн хэрхэн зүтгэж тэмцэж ирснийг голлон өгүүлдэг уламжлалтай байжээ. Тухайлбал, Күлтегиний бага бичээст “…Түрэг овог аймгуудыг нэгтгэн төр улсаа хэрхэн захирсныг би энд сийлүүлэн бичүүлэв. Та нарын зарим нь дахин төөрелдөн сарниузай гэж дахин (дахин) сануулан энд сийлүүлэв… Үүнийг үзээд мэдэгтүн!” гэж өгүүлсэн байдаг нь үүний тод гэрч буй заа!

    Үүний нэг адил мэргэн Тоньюукук (хөх) түрэгийн хаант улсыг байгуулан төвхнүүлэх үйлст баатарлаг Элтериш хаандаа хүч өгөн явсанаа хожим дурсан өгүүлэхдээ хичнээн ч ухаантай баатарлаг хаан байсан над шиг ингэж зүтгэх юм бол (тухайн ард түмэнд) гай зовлон гэж үгүй юм гэсэн сургамжлан захиж буй нь өнөөдөр ч гэсэн үлгэр дууриалтай юм гэсэн бодолдоо хөтлөгдөн энэ өгүүллийг эрхэм танд өргөн барив. Болгоон соёрхоно уу?

    Академич Гүнгэр овогт Лувсандоржийн Болд

    ТОНЬЮКУКИЙН ХӨШӨӨНИЙ БИЧЭЭС

    Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаан улсын зөвлөх байсан гэх мэргэн Тоньюкукын хөшөөг Руни бичгээр бичин үлдээжээ. Гэрэлт хөшөөний бичээсэнд Тоньюкук өөрөө Нанхиадын эрхэнд хүмүүжсэн,

    түүний мөрөөдөл нь тусгаар Түрэг улс хаантай болоход байсан бөгөөд удалгүй

    хаантай болсон ч эргээд Нанхиадын эрхшээлд орсон, аливаа зүйлийг хийхэд хатан зориг, баатарлаг үйлс хэрэгтэй зэргийг дурдсан байдаг ажээ.

    Уг хөшөөг Түрэгийн сайд мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Хөшөөний бичээст: Мэргэн Тоньюкук өөрөө болон Түрэг улс нь Нанхиадын эрхэнд байсан учир Түрэг улс хаантай болох цагийг үзээсэй хэмээн санаж явсан. Дараагаар хаантай болсон авч удалгүй Нанхиадад дахин дагаар орсон зэргээс эхлэн дурджээ. Цаашлаад бусдын эрхэнд ороогүй хэсэг нь нэгдэхэд тэдний дайсан эргэн тойронд нь махчин шувуу мэт эргэлдэж өмнөдөд Нанхиад, дорнодод Кидан, умард зүгт Окуз лугаа олон дайсантай байгаад Киргиз, Тардуш, Согд болон бусад улстай хийсэн аян дайны тухай тодорхой дурджээ. Тэрбээр зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар. Улс аймаг буурай байхад эзлэхэд хялбар, харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх. Эзлэн авъя гэвэл баатар зориг хэрэгтэйг сургаж бичжээ. Ийнхүү Түрэгийн хаад болох Элтэрэс, Капкан, Билгэ-д хамаг чадлаараа хүчин зүтгэсний үрээр улс нь улс шиг болж, төр нь төр шиг болсныг тэмдэглэжээ.

  • Идэрийн УРАНГОО (URANGOOIDER)

    Urangooider брэндийг үүсгэн байгуулагч, хувцасны эмч, “Хувцаслалтын эрх чөлөө” номын зохиогч. Үндэсний агуулгатай өдөр тутмын хувцас болон хүн байгалийн амин шүтэлцээг илэрхийлсэн ОРГАНИК ФАЙШН загвар зохион бүтээдэг. Үндэсний онцлох брэндүүдийн нэгдэл @Creative Gallery -г хамтран үүсгэн байгуулагч.

    Байгалиас сэдэл санаагаа авч байгалийн гаралтай болон хөвөн даавуу, арьс ширэн материал голчлон ашигласан загваруудыг бүтээдэг. Монгол, Орос, Итали, Канад улсад загварын цуглуулгаа танилуулж байсан.

    Монгол Улсын Сити институт болон Солонгосын Коокмин их сургуулиуад суралцаж төгссөн. Гоёл наадмын 3 удаагийн шилдэг дизайнар, Газар дундын тэнгисийн орнуудын шилдэг дизайнер шагналыг тус тус хүртсэн.

    Юнител, Юнивишн, Скайтел зэрэг компанийн имиж бүрдүүлэлт, үйлчилгээний ажилтануудын хувцасны дизайн, үйлдвэрлэлийн ажилд хамтран ажиллаж байсан. Гоо зүй, хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн чиглэлээр зөвлөгөө сургалт зохион байгуулдаг.

    Бүх зүйл энгийн бөгөөд донжтой байх нь хамгийн сайхан. Хамгийн шилдэг нь энгийн бөгөөд таамаглашгүй тэр зүйл юм.

    URANGOOIDER brand is enriched by HANDMADE decorations. Creating an UNIQUE look with every piece of garment. 

    Love your garment and have fun wearing it !

    https://facebook.com/Urangoo-Ider-658032977614746
    http://urangooider.com

  • Эршүүгийн ОТГОНБАЯР (УРАН ЗУРАГ)


    Зураач

    Отгонбаяр нь найман хүүхэдтэй айлын нэг. 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.

    2005 оноос Герман улсад амьдарч байгаа тэрээр Бер­лин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан “ЗУРАГ” галерей нь Монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.

    1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.

    УРАН БҮТЭЭЛ

    Бурханы зураг

    Тэрбээр өнөө үеийхэнд уламжлалт урлагийг эерэг талаас нь таниулах, монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор монголын миниатур зургийн уламжлалт техникүүд болон угсаатан зүйг судалсан нь чамгүй үр дүнтэй явагдсан байна. Эдгээр уламжлалт техникүүдийн нэг нь “Thangka” бурханы зураг юм. Отгонбаяр энэ бясалгал мэт төвлөрөлтийн дээд цэгээр үйлдэгддэг өвөрмөц урлах ухааны уламжлалт техникийн аргыг ашиглан өнөөдрийг хүртэл 600 гаруй Бурхадыг бүтээжээ.

    Комик

    Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол Монголын Нууц Товчоо-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж. Тэрээр энэ бүтээлийнхаа талаар: “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно“

    Чөлөөт уран бүтээл

    • “Диваажин-07” гуаш, даавуу, 21 x 30 см, зурсан он 2003. Түүний 2002 оноос хойш бүтээж байгаа “Диваажин” цуврал зургууд нь Монгол зургийн аргаар бүтээгдсэн бичил миниатур зурагнууд юм.
    • “Туурайн төвөргөөн-12”, гуаш, даавуу, 120 x 160 см, зурсан он 2008. 1999 оноос бүтээж байгаа “Туурайн төвөргөөн” цуврал зургуудын гол онцлог нь нэг зурганд мянга мянган бичил морид багтсан байдаг юм.
    • “ХҮН” зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010- 2012. Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд “нэг зурганд” урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.


    БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

    1996 он ХОС ЕС үзэсгэлэн, Монголын Хүүхдийн Ордон, Улаанбаатар

    2007 он

    • БУРХАД Үзэсгэлэн, “Adelhausermuseum” Музей, Фрайбург, Герман
    • МОНГОЛ МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Фрайбүрг, Герман
    • МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн Герман Банк (Deutsche Bank), Берлин
    • ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Үзэсгэлэн, Мюнхен, Герман
    • ОТГО ОЙРЭБРО ХОТОД Үзэсгэлэн, “Konstfrämjandet” Галерей, Ойрэбро, Швед

    2009 он

    • ОТГО ОЙРЭБРО ОРДОНД Үзэсгэлэн, Ойрэбро, Швед
    • ОТГО СЭЭХАЙМ ОРДОНД Үзэсгэлэн, Констанц, Герман

    2011 он

    • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Бонн, Герман
    • БУРХАД Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • МОНГОЛ АЯН – 1 Үзэсгэлэн, Альзас, Франц
    • МОНГОЛ АЯН – 4 Үзэсгэлэн, Лайпциг, Герман

    2012 он

    • ХҮН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • КАМА СУТРА “KAMA SUTRA in Miniature” Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
    • ОТГО арт Үзэсгэлэн, “Commerzbank” Бранденбург хаалга, Берлин
    • ОТГО арт Үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей & Музей, Улаанбаатар
    • ОТГО арт Үзэсгэлэн, Улаан Гэр Галерей, Хаан Банк, Улаанбаатар


    НОМ БҮТЭЭЛ

    2004 он ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН

    2004 он БУРХАД

    https://facebook.com/OTGOArtist
    http://mongolian-art.de

  • ELMAR GASANOV IN MONGOLIA LIVE CONCERT КОНЦЕРТЫН НАЙРУУЛГА

    ELMAR GASANOV IN MONGOLIA LIVE CONCERT

    WITH RUSQUARTET

    THE COPRORATE HOTEL & CONVETION CENTRE

    Найруулагч Б.Бат-Өлзий
    Зохион байгуулагч Ж.Лувсандорж

    2015.10.30

    Ерөнхий найруулга

    • “The Corporate hotel and Convention centre” гадна үүдний хэсгийг гэрэлтүүлнэ.
    • “The Corporate hotel and Convention centre” 3 давхарын зал /19:00-19:30/
    • Зочдыг орж ирэхэд угтагч нар хувцас солих хэсэг болон угталтын танхим руу урин оруулна, зочид хувцасаа солин танхимын үүдний хэсэгт хүрэлцэн ирэхэд үүдний хоёр талаар Монголын үндэсний хувцастай охидууд зочдыг хүндэтгэлтэйгээр угтан авч танхим руу урьж оруулна. 
    • 3 давхарын угталтын танхимд зочид дурсгалын зургаа авахуулах Уран бүтээлчдийн зурагтай хүндэтгэлийн самбарыг зассан байна. 

    /Мэргэжлийн оператор, зурагчин, мэдээллийн ажилтнууд ажиллана/

    • Мөн угталтын танхимд лед дэлгэцийг байрлуулсан байх ба уг дэлгэцээр тоглолтын сурталчилгаа реклам болоод The Corporate hotel and Convention centre, Kawai компаний танилцуулга гарч байна.
    • Зочдыг танхимд суудлаа эзлэн сууж байх хооронд танхимд хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Dan Gibson –ийн “Forest piano” буюу амьд байгалийн чимээг төгөлдөр хуурын уянгалаг аялгуутай хослуулан тоглосон зохиолууд эгшиглэсээр байна. 

    /Танхимын ерөнхий гэрэл бүдэгхэн ассан байна/

    • “The Corporate hotel and Convention centre” концертын танхим /20:00 эхлэл/

    Зочид танхимд орж суудлаа эзэлж дуусмагц гэрэл унтарсанаар Great talented pianist “Elmar Gasanov in Mongolia” live concert эхлэнэ.

    • 10 секунд хонхны чимээ дуугарана.
    • Хөтлөгч закадраас /далдаас-Бичлэг/  “Монгол хэл” – “Англи хэл”

    Олон улсын стандартын түвшиний “The Corporate concert hall”-д хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай ноёд, хүндэт зочид та бүхэндээ баярлалаа. Мөн Монголын урлагийн салбарт хувь нэмэрээ оруулж дэлхийн урлагийн технологийн хөгжлийг эх орондоо бүтээн байгуулсан ноён Т.Ганболд танд талархал илэрхийлье.

    Энэхүү танхимд тоглогдох аугаа ертөнцийн гайхамшиг болсон урлагийн олон тоглолтуудаас дэлхийн сонгодогийг дээжлэн өнөөдөр та бүхэндээ толилуулахад бэлэн болоод байна. Нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасанов Монголд.

    /Монгол, Англи хоолой явж дуусахтай зэрэгцэн төв хөшиг нээгдэнэ/

     /Гэрэл аажмаар бүдгэрнэ/

    • Тайзны төв хөшиг хоёр тийшээ дэлгэгдэхэд төв дэлгэцэнд “The Corporate hotel and Convention centre” 1 минутын видео интро явна. /Шууд үргэлжлэн/
    • Kawai компаний 1 минутын видео интро явна.
    • Түүний дараа “Elmar Gasanov in Mongolia” live concert – постер гарна. 

    /Энэ үед тайзны хоёр өргөгч лифт доор байрлаж байх бөгөөд 1-р өргөгч лифтэн дээр уран бүтээлчид, 2-р өргөгч лифтэн дээр төгөлдөр хуур байрласан байна/

    20:00-20:05

    • ВИДЕО ЭХЛЭЛ

    (Видео) Гэрэлтүүлгүүд бүдэг, дан өнгийн гэрлүүдийг асаасан байна.

    /Видео эхлэл дуусахад “Арга билэг” хамтлаг дээш өргөгдөн гарахад бэлтгэж байна/

    • Видео эхлэл гарч дуусмагц заалны гэрэл илүү өнгөлөг болж “Mac” гэрлүүд тайзыг гэрэлтүүлэн “Арга билэг” хамтлаг тоглож эхлэнэ.

    /Гэрэл: Энэ үед уран бүтээлчдийг олон талаас нь өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    20:05-20:10

    • “АРГА БИЛЭГ” Этно жаз хамтлаг – 1 бүтээл тоглох.

    “Газар, тэнгэр, тэгээд бодол” аялгуу

    /Дэлгэц: Монголын орны байгалын үзэсгэлэнт дүр зураг бүхий дүрслэлийг үзүүлнэ/

    • Хамтлаг тоглож дуусмагц дэлгэцэнд Эльмар Гасановын тоглолтын видео шторк явж түүний дараа тоглолтын зурагт хуудас дэлгэцнээ гарна.

    /Гэрэл: Тайзны гэрэл бүдгэвтэр суурь паран гэрлүүд ассан байна/

    • Төгөлдөр хуур 2-р өргөгч лифтээр дээш өргөгдөн гарна.

    /Гэрэл: Төгөлдөр хуур луу Пушка гэрлүүд тусна/

    • Төгөлдөр хуур дээш өргөгдөн гарч байрлахад тайзны баруун талаас төгөлдөр хуурч Эльмар Гасановыг гоёлын даашинзтай үзэсгэлэнтэй бүсгүй хөтлөн гарч ирж суудалд нь суулгана. Мөн тоглох нотыг нь хөгжимд нь тавьж өгнө. Эльмар Гасанов үзэгчдэд бөхийн мэндлээд эхний зохиолоо тоглож эхлэнэ. 

    20:10-20:30

    • ЭЛЬМАР ГАСАНОВ Төгөлдөр хуурч

    Rachmaninov – Variations on a Theme of Corelli

    /Дэлгэц: Постер байрлана/

    /Гэрэл: Төгөлдөр хуурч дээр дан өнгийн тод гэрэл хөдөлгөөнгүй туссан байна. Бусад хэсгийг өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    Жич: Төгөлдөр хуурчын гар дээрх гэрлийг өөрчилж болохгүй

    • Төгөлдөр хуурч эхний зохиолоо тоглож дуусаад тайзан бэлтгэсэн микрафоныг авч өөрийгөө зочдод танилцуулна.
    • Өмнө тоглосон зохиол болон дараагийн тоглох зохиолынхоо тухай товч ярина.

    20:30-20:35

    • ЭЛЬМАР ГАСАНОВ – Зочидтой мэндлэн өөрийгөө танилцуулна.

    /Орос хэлний орчуулгыг тайзны араас хийнэ/

    /Гэрэл: Тод, өнгөлөг байна

    20:35-21:00

    • ЭЛЬМАР ГАСАНОВ Төгөлдөр хуурч

    Beethoven – Sonata 23 op.57  “Appassionata

    /Дэлгэц: Дэлхийн гайхамшигт оршхуйг харуулсан дүрслэл бүхий видео слайд дэлгэцэнд гарна/

    /Гэрэл: Төгөлдөр хуурч дээр дан өнгийн тод гэрэл хөдөлгөөнгүй туссан байна. Бусад хэсгийг өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    Жич: Төгөлдөр хуурчын гар дээрх гэрлийг өөрчилж болохгүй

    21:00- 21:05

    • Гасанов Русквартет хамтлагийг тайзан дуур урьнан. Гасанов РусКвартет хамтлаг болон тоглох бүтээлээ танилцуулна.

    21:05-21:50

    • ЭЛЬМАР ГАСАНОВ БА RUSQUARTET

    Brahms – Piano quintet f moll op.34

    /Дэлгэц: Дэлхийн гайхамшигт оршхуйг харуулсан дүрслэл бүхий видео слайд дэлгэцэнд гарна/

    /Гэрэл: Төгөлдөр хуурч дээр дан өнгийн тод гэрэл хөдөлгөөнгүй туссан байна. Бусад хэсгийг өнгөлөг гэрлээр гэрэлтүүлнэ/

    Жич: Төгөлдөр хуурчын гар дээрх гэрлийг өөрчилж болохгүй

    • Хөгжимчид сүүлийн зохиолыг тоглож дуусмагц үзэгчдийн алга ташилттай хамт тайзнаа үзэсгэлэнтэй бүсгүйчүүд уран бүтээлчдэд цэцэг гардуулан өгч, танхимд зөөлөн хөгжим эгшиглэж эхлэнэ. 
    • Закадраас: Уран бүтээлчдэд баяр хүргэж, хүрэлцэн ирсэн нийт зочддоо талархал илэрхийлэн зочдыг оройны хүлээн авалтанд оролцохыг урина.

    22:10- 00:00

    • АFTER PARTY
    • Хөтлөгч: Хүрэлцэн ирсэн бүх зочиддоо талархал илэрхийлнэ. Мөн нэрт уран бүтээлчиддээ зориулан нийт зочдынхоо хамтаар хүндэтгэл үзүүлэн алга ташин тайзнаа урина.
    • УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮГ.
    • Хөтлөгч тайзнаа Монголоос анх удаа Гремми хөгжмийн наадамд нэр дэвшисэн Монголын этно жаз хамтлаг болох “Арга билэг” хамтлагийг танилцуулан урина.

    22:20- 22:40 “АРГА БИЛЭГ”  Этно жаз бүтээлүүдээс тоглоно.

    22:40- 22:45 KAWAI MONGOLIA компанийн захирал ноён Бат-Өлзий үг хэлнэ

    22:45- 23:05 РУСКВАРТЕТ 

    23:05- 23:50 ХҮЛЭЭН АВАЛТ, ЧӨЛӨӨТ ҮДЭШ

    /Зочид хүлээн авалтанд байх хооронд төгөлдөр хуурийн уянгалаг хөгжим эгшиглэсээр байна /

    23:50 Зочдыг үдэж өгөх.

    00:00 цаг

    Бүх зочид буцаж үйл ажиллагаа бүрэн дууссан байна.

    AFTER PARTY Угтагчид уран бүтээлчид болон зочдыг Хүлээн авалтын заалруу урьна 3 давхар EVENT HALL
    22;10 Хүрэлцэн ирсэн бүх зочиддоо талархал илэрхийлнэ. Мөн нэрт уран бүтээлчиддээ зориулан нийт зочдынхоо хамтаар хүндэтгэл үзүүлэн алга ташин тайзнаа урина. Шампансак тулгана
    22:20 Русквартет
    22:40 KAWAI MONGOLIA компанийн захирал Бат-Өлзий үг хэлнэ.
    22:45 “Арга билэг” этно жаз бүтээлүүдээс тоглоно.
    23:05 Хүлээн авалт Lounge music: Нетворкинг, Чөлөөт үдэш, Зууш, Нетворк, Фото Piano Bar: Bossa Nova
    23;50 Зочдыг үдэн гаргана
  • Дагваны ГАНПҮРЭВ: МОНГОЛ УЛС ХҮНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨЕ, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАЯ ГЭВЭЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ХАМГААЛЖ ЧАДДАГ БОЛОХ ЁСТОЙ

    Дагваны ГАНПҮРЭВ
    Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер, язгуур урлаг судлаач.


    – Сайн байна уу. Сайхан зуншиж байна уу. Таны уран бүтээл арвин уу. Та Европт 15 жил ажиллаж амьдарч байгаад хэдхэн жилийн өмнө Монголдоо эргэж ирсэн байдаг. Монголруугаа эргэж ирэх шийдвэрийг хэзээ гаргасан бэ? Буцаж ирэхдээ ямар бодол тээж ирсэн бэ?

    – Үндэсний үнэт зүйлсээ их үгүйлдэг. Өөрсдийнхөө хөгжмийн үүх түүхийг сайн мэдэхгүй гэдгээ тэнд ойлгосон. Европт хэт удаад 10-с дээш жил болохоор өөрийнхөө нандин зүйлүүдийг гээж европжих соёлд орж эхлэдэг. Манай 2 хүүхэд Германд төрлөө. Герман орчинд, герман хэлтэй, герман соёлоор монгол хүн хүмүүжихээр дараа нь хэн болох уу гэдэг нь надад харагдаж эхлэсэн. Хоёр хүүхдээ монгол орчинд нь өсгөе. Бас гэргий Мөнх-Эрдэнэ маань олон улсын хэмжээнд олон жил ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан гэж боддог. Ятганд өөрийн гэсэн тоглох арга барилыг бий болгож ятгадах урлагт шинэчлэл хийлээ. Түүний хийсэн шинэчлэлийг мэргэжил нэг нөхдүүд нь болон монголын хөгжмийн зохиолчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Түүний бодит шинэчлэл нь1998 онд зохиосон Дурсамж бүтээл, түүгээр дамжуулж ятгын хөгтэй хөггүй чавхдасны бүхий боломжит дуу эгшиг, урд өмнө тоглож байгаа өөрийн өмөрмөц арга барил, өнгө дуугаралт юм. Ятгын энэ хөгжил нь гадаадад биш Монголд үргэлжилээсэй, Монголдоо өөр шигээ олон ятгачинг төрүүлээсэй гэсэн нэг бодол цаашдаа хэт их харьжихаас зайлсхийх, монголдоо очъё гэсэн эх ороноо санасан шийдвэр байсан.

    Бид Герман улсад байхдаа байнгийн ажиллах эрхтэй бас тэндээс 2 хүүхдийн мөнгө авна. Орон байр, ажиллах нөхцлөөр хөлөө олчихсон, амьдралаа босгосон байсан. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, хүмүүжүүлэх, Монголын соёл урлагт өөрийн хийх ёстой зүйлээ хийчих юмсан гэсэн бодолтой тэр бүхнээ орхиод л эх оронруугаа тэмүүлсэн. Дандаа хөгжим тоглоод яваад байх биш, Эх орныхоо хөрсөн дээр бууж, өөрийн орон зайг бий болгох, Монголынхоо нийгэмд өөрсдийн боломжит хийж чадах зүйлийг бүтээхийн тулд эгэл бор амьдрал дунд нь ороод тэмцээд явж байна даа. Аз жаргалтай л байна.


    ЭГШИГЛЭН МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ ( Мюнхен хот, 1994 оны 7 сар)
    1993 оны 2 сар 19-д "Монгол Гайхамшиг" наадамд Моцарт болон алдарт БИТЛЗ- н бүтээлүүдийг 
    морин хуураар тоглолоо гэж өвгөн хуурч Г.Жамъян багшаараа зэмлүүлж, 23 насандаа дэлхийн 
    алдартай SATTVA WORLD MUSIC Inc.-тэй хамтран ажиллах гэрээг байгуулж бие даасан анхны цомогоо 
    Германд гаргаж явлаа. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй омголон залуу насаа энэ 
    хамтлагтаа өгсөндөө бахархдаг.

    – Хөгжимчин хүний амьдралын баяр баясгалан юунд оршдог вэ?

    – Энэ мэргэжлийг сонгосон бол жинхэнэ мэргэжлийн хөгжимчин байх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд дээд зэргийн нарийн зохион байгуулалттай байх ёстой. Давталт, бэлтгэл сургуулилтанд асар их цаг хугацаа зарцуулж, өөрийгөө байнга бэлэн байдалд байлгах ёстой. Нэг тоглолтын цаад талд нөр их хөдөлмөр урсаж байдаг. Тэр тоглолт бол хөгжимчин хүний өөрийгөө илэрхийлэх цорын ганц боломж юм. Тиймээс хөгжимчин хүний амьдрал нөр их хөдөлмөрөөр бүтсэн, олон бэрхшээл дундаас үүсэж бий болсон байдаг. Сөрөг тал нь тэдний амьдрал ихэнхдээ хаягддаг. Ганц бүтээгдэхүүн брэнд л явсаар байгаад дуусдаг. Бусад хүмүүсийн амьдралын нийтлэг баяр баясгаланг хүртэж чаддаггүй. Хүмүүс бидний тоглолтыг үзээд аз жаргалаар дүүрэн гэртээ хариад сайхан амардаг бол бид тайзаа чөлөөлөх, хувцасаа солих, хөгжим техникээ хураах, машин тэргэнд ачаалж дуусаад шөнийн 01 цагийн үеийн оройн хоолондоо орох энүүхэнд. Энэ нь бидний энгийн амьдрал гэж ойлгож болно. Хүмүүсийн энгийн амьралын хэмнэлийн эсрэг бидний амьдралын хэмнэл үргэлжилж байдаг. Европт 15 жил болоход зөвхөн хөгжмөө мэргэжлийн тоглохоос гадна мэргэжлийн хэмжээний жолооч, хөтөч байх шаардлагатай. Өдөр бүр өөр хот, Европын улсуудад тоглох хуваарь ирнэ. Өнөөдөр энд, маргааш тэнд очсон байх шаардлагатай. Олон зуун, бүүр олон мянган км замыг машин, галт тэрэг, онгоцоор аялах шаардлага гардаг. Герман улсын Нюрнбергээс Ром явах боллоо гэхэд бүх уран бүтээлчид хөгжим техникээ цаг алдалгүй шаламгай ачаад, замын хүнс, шаардлагатай зүйлсээ бэлдээд цагийн дотор ч хөдлөх хэрэг гардаг. 1 өдрийн дотор 1000 гаруй км-ийг зогсолтгүйгээр туулж байж тоглолтын цагаасаа өмнө очих, үүний тулд замд тохиолдох бэрхшээлийг бид тооцож замын сонголтоо хийдэг. Ромын хаана ч очиж болно. Бидэнд очих газрын хаяг л байхад болно. Испани, Франц, Итали, Славак Голланд, Дани улсын мухарт байгаа тэр жижиг газрыг олж очих тийм эрдэмд бид суралцсан байдаг. Олон улсад бид байнгын бэлэн байдалд хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилладаг байсан. Одоо ч тэгж ажиллаж байгаа хамтлагууд бий.

    Европ дахь амьдрал ч бас тийм амар хялбар биш. Нүүдлийн байдалтай, амьдралын ихэнхи хугацаа замд өнгөрнө, өндөр эрсдэл дунд л амьдарна. Аваар ослын асуудал их гарна. Манай Эгшиглэн хамтлаг гэхэд л францад тоглолт хийгээд гараад ирэхэд машин нь шатчихсан байх жишээтэй. Машинд байсан бүх бичиг баримт тэр чигтээ шатсан. Хэрвээ тэр машинд хүүхдээ орхиод орсон бол ямар эрсдэл дунд бид ажиллаж энэ ардын урлагийг олон улсад танилцуулж байсныг та бүхэн ойлгох байх. Хөх Монгол хамтлаг гэхэд л хурдны зам дээр түр үүргэлснээс хүнд осол гаргаж бүгдээрээ нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байсан. Урлагийн амьдрал дотор ингэж л зүтгэж хүндрэл бэрхшээлүүдийг давж туулж ардын урлагаа сурталчилж явдаг даа.


    – Та Хөх Монгол, Эгшиглэн гээд хэд хэдэн хамтлагтай Европийг олон удаа тойрсон байдаг даа. Энэ талаар?

    – Европруу чиглэсэн анхны аялан тоглолтоо Эгшиглэн хамтлагтайгаа хийсэн. Бид ХБПС-ийн нэг үеийнхэн, 1991 оны төгсөгчид. Сургуулиа төгсөөд ангиараа Төв аймгийн Монгол адуу нийгэмлэгийн дэргэдэх “Морин эрдэнэ” чуулгыг байгуулсан. Үнэхээр сайн чуулга байсан. Хөөмийч Хосбаяр, Эгшиглэн, Хөх монгол хамтлаг бүгдээрээ л энэ чуулгаас үүсэлтэй.

    Хөх Монгол хамтлаг
    

    Монгол улс зах зээлийн нийгэмрүү шилжиж байсан тэр цаг үед Монголын гадаад бодлого маш хумигдмал байсныг бидний үйл ажиллагаа нотолдог. 1993 онд Европын улсуудаар тоглож байхад тоглолтын дараа тавигдаж буй ихэнх асуултууд нь Хятад уу, Монгол Хятад улсад хамаардаг гэсэн, Оросын Монголоос ирсэн үү, Монгол гэж бие даасан улс юм уу, газрын зурган дээрээс олохгүй байна, олоод өгөөч гэсэн асуултууд байдаг байлаа. Бид ч эх орноо тухайн үеийн газрын зураг дээрээс нь хайгаад олохгүй, хоёр хуваагдасан Монгол орон маань Хятад болон Оросд хамаардаг болохыг харж л байсан. Ийм үед л бид ардын урлагаа сурталчилж ардчилсан Монгол улсыг өрнөдийн өргөн зах зээл дээр өөрийн хүсэл тэмцэлийн дунд таниулж явлаа. Анх “Эгшиглэн- морин хуурын дөрвөл” хамтлагаар Европд тоглосон. Морин хуурын дөрвөлийг гаргахад хүчин нөлөө үзүүлсэн зүйл нь Санта Лучи компанийн захирал Дамдин ах. Тэрээр ардын язгуур урлагийн наадмуудаар бидний бүх зардалыг хариуцаж 12 улсаар авч явсан.

    1994 оноос өөрсдөө бие даан Европд тоглолт хийж эхлэсэн. 1996 онд зохиогчийн эрхийн асуудал болон хамтлаг өөрийн гэсэн стил, жанр, уран бүтээлтэй өнгө төрхтэй байх ёстой гэж ярилцаад Уянга хамтлагийг байгуулж зууны манлай уртын дууч Норовбанзад гуайтай хамтран ажиллаж эхэлсэн. Хөөмийч Хосоо, Морин хуурч Болдбаатар (одоо Хөгжим бүжигт багш) бид 4 байгуулсан. 2000 оноос Бөртэ нэрээр уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Мөн Морин эрдэнээс Хөх Монгол хамтлаг салбарласан. Дараа нь Хосоо маань хувийн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Ингээд 4 хамтлаг Европт, тэр дундаа Германд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Ийнхүү чөлөөт уран бүтээлчид, олон улсын зах зээл дээр Ардын урлагийг танилцуулахад хамгийн хүнд хэцүү үед анхны түүчээ нь болж явсан даа.

    1998 онд манай Бөртэ хамтлаг өөрсдөө уран бүтээлээ зохиодог этно жазз урсгалаар тоглодог цорын ганц хамтлаг байлаа. Манай хамтлагийн уран бүтээлийг сонсож хүмүүжсэн, олон сайхан уран бүтээлч залуучуудтай уулзаж хамтлагийнхаа туурвиж бүтээсэн он жилүүдийг эргэж сонсоход сайхан байдаг. 2005 оноос Бөртэ, Хөх монгол хамтлагаас гарсан уран бүтээлчид Домог, Хөсөгтөн зэрэг хамтлагуудыг үүсгэж өнөөдрийн этник хамтлагуудын түүхийг үргэлжлүүлж байна.

    – Этно жааз урсгал гэж олон улсад байдаг хүлээн зөвшөөрөгдсөн урсгал мөн үү? Яг ямар урсгал вэ?

    – Этно жааз бол бидний зохиосон урсгал биш дэлхий даяар хөгжсөн урсгал. Угсаатны хөгжим “Authentik musik” дээр суурилж орчин үеийн ритм хэмнэл, дуурьслаар хөгжиж байгаа үндэсний хөгжмийн хамтлагийн төрөл гэж хэлж болхоор. Бид энэ урсгалруу орсноо ч мэдэхгүй өөрсдөө хөгжүүлсэн байдаг. Жишээлбэл хамгийн цоглог аялгуу гэвэл Монголчууд “Жалам хар” гэж ойлгодог. Аргагүй, түүнд морины хурд, түүгээр дамжсан омогшил байдаг тул бүх Монголчууд дуртай. Яагаад гэвэл монголчууд морь унадаг. Мориороо сайхан шогшино, хатирна, цогино, жороолно, давхина, довтолгоно. Энэ аялгуу зүрх сэтгэлд тэр л мэдрэмжээр гүн шингэсэн байдаг. Бидний энэ мэдрэмж европын сэтгэлгээнд хайрцаглагдсан наймт, арван зургаатын хэмнэл, хөгжил, өрнөл багатай ойлгогддог ч тохиолдол бий.

    Хөгжмийн аялгуун дотор бидний мэдрэмж морьтой нэг хэмнэлээр давхиж байдаг бол өрнөдийн сэтгэлгээнд өөрөөр төсөөлөгддөг. Хүн гэдгээрээ ижил хэдий ч сэтгэлгээний хувьд соёлын зөрүү байнаа гэж ойлгож болно. Бид европын үзэгчдийн сэтгэлгээнд зориулж бүтээл туурвих шаардлагатай болсон. Өрнөдийн үзэгчдэд зориулсан анхны бүтээлүүд маань 1998 онд зохиосон “Чингис хааны агт”, “Ганган борлог”, “Цогт тайж”. Бүтээлийг баяжуулж гаргаж байгаа гол зүйл нь ятгын ритм хэмнэл, өвөрмөц тоглолт, хөөмий, хархираа хоолойны хүчтэй түрлэг, суурь өнгөөр дэмжсэн эрч хүчтэй бүтээл болсон. Үндэсний хөгжмөөр тоглож, язгуур урлагийн бусад элементүүдийг оруулж ирж байгаа болхоор этно жааз ангилалд миний бүтээлүүд хамаардаг. Энэ урсгалыг анхлан Бөртэ хамтлаг хөгжүүлж эх орондоо дэлгэрүүлсэн тул 2010 онд шинэ урсгал төрлийг хөгжүүлсэн ангилалд Бүх Урлагийн Тэргүүн Дээд “Гоо марал” шагнал авсан.


    – Европт уран бүтээлээ туурвиад, цомгоо хэвлээд, аялан тоглолтоо хийх, Монголдоо ирээд уран бүтээлээ туурвихад ямар ялгаа байна вэ? Монголд ирэхдээ бас нэг хүлээлттэй ирсэн байх. Эргээд бодоход Монголдоо ирээд зорьсон үйлсээ бүтээв үү?

    – Монголд нийгмийнхээ хөгжлөөс хамаараад соёл урлаг нь түрүүлж биш, үзэгчдийн сэтгэлгээнд нь тааруулж хөгжиж байгаа. Нийтээрээ нийтийн дуунд маш их дуртай. Дэлгэрсэн шатгаан нь найр наадам, цэнгээн, хуримлах зан үйл, хөгжин наадахтай холбоотой тул Монголчууд энэ урлагтаа их дуртай. Нийгмийн шилжилтийн үед энэ урлаг хамгийн сайхан байсан учраас нийтийн дуучид түрж гарч ирсэн байх. Хоёрдугаарт нүүдэлчид шооч талдаа хүмүүс байдаг. Хошин шогийг маш сайн ойлгоно. Энэ 2 урлаг маш хүчтэй хөгжсөн нь нийгмийн үйл явцтай холбоотой байж магадгүй.

    Бөртэ хамтлаг Монголдоо ирээд 2000 онд “Мөрөөдлийн салхи” тоглолтоо тавихад хүмүүс төдийлэн сайн ойлгож хүлээж аваагүй ч гэсэн тухайн үедээ тэнд шинэчлэлийн эхэн үеийн үйл явцыг бид эх орондоо эхлүүлсэн. Хөгжим судлаач Доктор Б.Батжаргал “Бөртэ хамтлаг ардын хөгжимд бөмбөг хаячихлаа” гэж дуу алдаж байсан тэр үеэс 10 жилийн дараа Домог, Хөсөгтөн хамтлагийг монголчууд ойлгодог болсон нь бидний уран бүтээл нийгмийн хөгжлөөс түрүүлсэн байж магадгүй.

    Boerte Live Concert 2010.11.27
    

    Монголд зорьж ирсэн зорилго маш үнэ цэнтэй, өөрийн хийх ёстой зүйлийг хийе гэж ирсэн. Ирмэгцээ шууд хийгээгүй. Бөртэ хамтлагийг улам өргөжүүлсэн. Бөртэ хамтлагийн уран бүтээлчид Монголын шилдэг тоглоочид байсанд би маш их бахархдаг. Эвэр бүрээч О.Чинбат, бөмбөрчин Ганхөлөг, морин хуурч Шинэцог, ятгач Мөнх-Эрдэнэ. Манай хэд бол улсын уралдааны тэргүүн байрын шагналыг авсан номер 1 тоглоочид. Бид ажлын түүх туршлага, тоглолтын ур чадвараар Монголдоо хийх ёстой зүйлээ хийсэн. Харин цаашаа бид хөгжиж чадаагүй зогссон нь монгол сэтгэлгээтэй холбоотой. Яг монгол сэтгэлгээ гэж нэрлэж болохгүй. Өнөөгийн Монголд байгаа сэтгэлгээ гэвэл зохих байх. Энэ сэтгэлгээ бол жинхэнэ язгуур монгол сэтгэлгээ биш л дээ. Язгуур монгол сэтгэлгээг өнөөгийн ядруу түвшинд авчрахын тулд 300 жил тал талаас нь хэмэлж нухалж байж ийм болгосон. Хэрвээ ийм сэтгэлгээтэй байсан бол дэлхийг эзлэнэ гэж байхгүй л дээ. Тэгэхээр жинхэнэ монгол сэтгэлгээг 13-р зуунаас олох хэрэгтэй.


    – Ямар сэтгэлгээгээгээр дэлхийг эзлэх үү?

    – Зохион байгуулалт, холч хараа, түүнийг долоо хэмжиж алдаагүй зөв төлөвлөх.

    Би ХБК-ын дэргэдэх “GMUB” олон улсын жазз хөгжмийн төслийн зохицуулагчаар одоо ажиллаж байна. Энэ төсөл дээр гэхэд л манай төслийн удирдагч Герман сэтгэлгээгээр цаг цагаар, алхам алхамаар улам урагшлаад тэр хэмжээгээр суралцаж байгаа монгол залуусыг улам л хөгжүүлж байгаа. Энд харагдаж байгаа бидний гол бэрхшээл нь цаг барьдаггүй, хэнэггүй, тухайн зүйлийн үнэ цэнийг харахгүйгээр хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих зэрэг асуудлууд. Бүхэл бүтэн улсын байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалт, хэнэггүй, мэдлэггүй үйл ажиллагаанууд өдөр бүр бидний ажилд саад болдог нь нууц биш. Гадны мэргэжилтэнүүдэд үнэлэгдэх монгол хүний нэр хүнд, сэтгэлгээний сөрөг үр дагаварыг улсын хэмжээнд энгийн зүйл мэт орхиж чадаж байгаад харамсдаг. Хэд хоногийн өмнө Үндэсний телевизид том бичлэгэнд орох гэж байхад дууны инженер маань “би ажилтай болчихлоо” гээд шууд хаяад явчихсан байсан. Тэрнээс болоод олон нийтэд зориулсан бичлэгийн шаардлага хангахгүй болсноор уран бүтээлчийн нэр хүндэд халдах, төслийн нэр хүндийг унагах жишээтэй. Монголд хэт их газар авчихсан энэ сул талаа бид монгол сэтгэлгээ мэтээр нэрлээд байдаг.

    – Одоо таны төвлөрч байгаа нэг ажил бол Алтай ятга шүү дээ. Энэ талаар?

    – Монгол улсад тоглогдож байгаа бүхий л ятгууд уламжилж ирсэн Монгол ятга биш. Монгол ятгачдыг хятад, солонгос ятгаар тоглуулахгүйн тулд эртний нүүдэлчдийн ятгыг судлах, хийх хүсэл 2000 оны эхээр бий болсон. Монголчууд 10 гаруй ятгатай байсныг Жамцийн Бадраа агсан “Монгол хөгжмийн түүх” номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр ятгууд өнөөдөр хүртэл уламжлагдаж ирээгүй учраас бид Монгол ятгын судалгааг 2010 онд хийж эхэлсэн. Судалгаа маань сүүлдээ Алтай ятгын судалгаа руу орсон.

    Эртний нүүдэлчдийн түүхийн хуудаснаа баларсан хөгжмийн зэмсэгийг эх олдвортой, судлаачтай, дахин нутагшсан 6- 8-р зууны биет бус соёлыг нь давхар сэргээж гаргаж ирэх нь Монголын түүхэнд нэн ховор тохиолдол. Магадгүй анхных байж болно. Жамцын Бадраа агсан 2000 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуурын олдворыг хараад “өвөг дээдсийн маань нэг ч гэсэн хөгжмийн зэмсэг олдлоо” хэмээн баярлан уйлж байсан гэдэг. Алтай ятга бол чавхдаст хөгжмийн зэмсэг учир тухайн ясан хуурнаас хамаагүй илүү хөгжилтэй, нутагшуулах, дуугаргах өргөн боломжтой хөгжмийн зэмсэгийн олдвор. Энэ цаг үед Алтай ятга олдсон нь их хувь тавилан юм даа.

    Алтай ятгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэлтэйгээр гардуулав.
    

    Алтай ятга тоглолт Турк Улсад. Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы хамт. 2015/06/07
    

    Энэ хөгжмийг монголчууд сэргээж нутагшуулаагүй байхад гадны улсууд маш их анхаарал хандуулж Япон, Америкаас судлах хүсэлтээ Археологийн хүрээлэнд ирүүлсэн гэсэн. 2008 онд олдсон уг зэмсэгийг Германы эрдэмтэн Сузана Шульц өнцөгт ятгын ангилалд хамруулан бүтээсэн. Уул шугамандаа тэд биш бид өөрсдөө энэ хөгжмийг дахин сэргээх нь чухал. Бид өөрсдийн өв соёлоо таних байгалийн мэдрэмж өнөөдрийг хүртэл бий гэдэгт би итгэдэг. Тийм учраас уг олдворыг нүүдэлчдийн ахуйн соёл талаас нь судлаж нээх шаардлагатай байсан. Түмэн олны нүдэнд дулаахан, тээгээд явахад соёлынх нь нэг зохицол болж чадах хэмжээнд энэ олдворыг дахин сэргээх эрмэлзэл надад төрсөн. Өөрийн хүссэндээ би сэргээн нутагшуулж чадсан гэж боддог. Уг олдворыг дахин нутагшуулахад эхнэр маань асар том өмөг түшиг болсон. Ятгачин эхнэртэй байгаагүй бол ятгаруу тэгж гүн орж, сэргээх гэж зориглох байсан уу? Хэрвээ европруу яваагүй байсан бол бусад судлаачдийн адил Алтай ятгыг музейн үзвэрийн хэмжээнд л харах байсан болов уу. Алтай ятгыг сэргээж гаргана гэдэг бол миний өнгөрсөн амьралын түүх, ажлын туршлага, хань ижлийн оролцоо, түүнийг олж харах мэлмий байж дээ.


    – Урлагаа хөгжүүлээд олон улсад таниулж явсан үе байсан бол эргээд соёлоо унаган төрхөөр нь авч үлдэхээр ажиллаж байна. Яагаад?

    – Эсрэг тэсрэг атлаа нэг чиглэлд явж байгаа зүйл. Язгуур урлагийг хөгжүүлэхийн тулд этно жаазаар хүртэл тоглож язгуурынхаа хэв шинжийг өрнөдийн сэтгэлгээнд зориулж гаргаад тэр нь өнөөдөр монголд моод болох шахаад явчихлаа.

    Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд. 
    Сургуулийн морин хуурын дөрвөл. Төмөрбаатар, Хуягсайхан, Ганпүрэв, Ганболд багш.
    

    Контрбас, их хуурчид 1987 он
    

    1956 онд Мөрдөрж гуай үндэсний их найрал хөгжмийг байгуулахдаа найрал хөгжмийн суурь өнгийг тоглох зорилгоор Их хуурыг зохиож гаргаж ирсэн байдаг. Одоо мэргэжлийн хөгжим болсон. Намайг анхны мэргэжлийн их хуурч гэж хэлж болно. Баасанхүү багш болон ангийн анд Боожоотойгоо нийлж хөгжмийн задаргаа хийж урын сангаар баяжуулж өнөөдрийн мэргэжлийн их хуурчид бэлтгэгдэх үндэс суурь болсон.

    1998 онд “Их хуур” хөгжмийг 4 утастай болгож загварыг нь өөрөө зурж “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрт захиалж хийлгэсэн. Түүнийг тэгж хөгжүүлэх шаардлага надад байсан. 2005 онд Германы “Пирамид” үйлвэртэй хамтраад их хуурын утсан дээр судалгаа хийж бие даасан их хуурын утас хийлгэсэн. Тэр утас маань бүх өнгөн дээр маш сайхан дуугардаг ч гэсэн хүмүүс ойлгох өнцөг өөр байсан учир судалгааны хэмжээнд л үлдсэн дээ.

    Одоо бол язгуур урлагруу эргэлт буцалтгүй бүрэн орсон. Монголын үндэсний хөгжмийн хөгжил зөв явж байна уу, үгүй юу гэдгийг хамгийн сайнаар хэлж өгч чадах хөгжлийн эхэн шат бол Язгуур урлаг. Энэ бол бидний асар том өв. Соёлын биет бус өвд ч гэсэн нүүдэлчдийн зан чанар, сэтгэлгээ, нарийн нандин бүхэн хадгалагдана. Мэргэжлийн хүмүүс язгуурыг сураад, шимтээд судлаад тоглож болно л доо. Гэхдээ ген дамжиж, ахуй соёлоороо, олон үеэрээ өвлөөд дамжаад ирчихсэн язгуурын мастерууд, өв тээгчдийг тэд нартай харьцуулах боломжгүй. Хуур татаж байгаа нумын аргачлалыг хараад нотоор тэмдэглэж бичих боломжгүй, тэр бол цусанд дахь генийн мэдээлэлтэй холбоотой онцгой мэдрэмж. Тиймээс язгуур урлагийн 4- 12 үеийн соёлын биет бус өв тээгч “Алтай” хамтлагийг байгуулсан.

    Алтай хамтлаг, ЮНЕСКО-гийн тайзнаа. 2015/3/26
    

    Сүүлийн үед язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт гэж хийж байгаа нь үнэн хэрэгтээ үндэсний мэргэжлийн хөгжмийн төрөл урсгалуудаар тоглодог хамтлагуудын нэгдсэн тоглолтыг хийгээд байгаа юм. Түүнийг язгуур урлаг гэж нийтэд танилцуулаад байвал яваандаа төөрөгдөлд орж болно. Тиймээс хөгжмийн нэр томъёо, ангилал, ойлголтуудаа цэгцлэх хэрэгтэй. Үүнд мэргэжлийн судлаачдын нийгэм дэх шүүмж өгүүллүүд маш чухал.


    – Бусад улсуудын язгуур урлаг ямар хөгжилтэй байдаг вэ?

    – Бүх улс үндэстэн өөрийн гэсэн түүх соёлтой, язгуур урлагтай. Зөвхөн Монголчууд л ганцхан агуу мундаг язгуур урлагтай мэтээр ойлгоод байж болохгүй. Эртний түүх соёл урлаг ярихын тулд түүхэн олдвор баримт дээр түшиглэх ёстой. Гэтэл бид үндэснийхээ хөгжмийн түүхийг барьцтайгаар батлаж чадаагүй л байна. 2000 жилийн өмнөх морин хуурыг музейгээс очоод үзчих боломж байхгүй байгаа. Бид эртний өв соёлтой Улс гэдгээ таниулахын тулд өөрийн гэсэн Соёлын яамтай байх зайлшгүй хэрэгтэй. Монголын газар нутагт нарийн судалгаа хийх ёстой. Археологийн хүрээлэнгийн Хүннүгийн үеийн олдвороос эхлээд дэлхийд нэн ховор олдворуудаар Монголын Археологийн Музейг байгуулж жуулчидад үзүүлвэл, эртний бүдүүлэг нүүдэлчид гэсэн төсөөлөл орвонгоороо эргэх болно.


    – Язгуур урлагаа судалж, хойч үеийнхэндээ таниулсаар ямар үр дүн гарах вэ?

    – Язгуур гэдэг бол юугаар ч хэмжишгүй үнэ цэнтэй. Язгуур урлаг дотор бидний сэтгэлгээ явж байгаа. Нүүдэлчдийн сонсох өнгө хөг өөр. Гэтэл бидэнд хятадын соёл хэт их нөлөөлсөн байх магадлалтай. Үндэсний урлаг нэрийн доор дорнын хөгжмүүдийг сонсож өсөж байна. Гэтэл нүүдэлчдийн урлаг ямар урлаг байсан бэ гэдгийг судалж гаргаж ирээд тэрийгээ хөгжүүлвэл монгол сэтгэлгээ бий болоход нөлөөлж болох юм.

    Чин гүрний үеийн Монголын үндэсний хөгжмийн "Shibang" хамтлаг. /хөгжмийн яам/ 
    Нийт 11 хөгжимчинтэй. Хар бараан, хар хөх голдуу хувцас, улаан залаатай малгай өмсдөг.
    Хааны ордоны зүүн хэсэгт сууж хөгжимддөг байжээ.
    УРД ЭГНЭЭ / зүүн гар талаас: hujia (Tataren Oboe) – бишгүүр, Zheng (Zither) – ятга, 
    pipa (Laute) – пипа, huobusi (qobus from Turkestan) – хобис, paiban (Holzklapper) – модон хоржигнуур хонхолдой,
    ХОЙД ЭГНЭЭ: yueqin (Mondlaute) – Саран товшуур, tiqin (two-stringed fiddle) – үлгэрийн хуур, 
    huqin (string instrument) – нумт хөгжим, yunluo, shuangqing (octagonal long-necked lute) – найман талд урт хүзүүтэй товшуур
    Хятад зураачийн бүтээл. / Судалгааны материалаас
    

    Өнөөдрийн Монгол үндэсний найрал хөгжмийн ай савуудыг сайн судлаад үзвэл 50 хувь нь өмнө зүгийн хөгжим байж ч магадгүй. Зарим үед боддог юм. Бид тоглож буй хөгжмийнхөө түүхийг гүйцэд судлаагүйгээс олон улсад манай үндэсний хөгжмөө гээд хэнэг ч үгүй тоглоод явж байх вий. Тийм хөгжмийн зэмсгүүд манай үндэсний хөгжмийн зэмсгүүдэд бий. Мэдээлэл нээлттэй болсон энэ цаг үед Хятадын эртний хөгжмийн түүхийг дэлхий мэддэг болсон. Тэр ч байтугай бид язгуур урлагаа таниулж амжаагүй явахад Хятад улс Өвөр Монголоор дамжуулан Монголын язгуур урлагийг дэлхийд таниулцуулаад овоо хэдэн жил болж байна. Бид энэ талаар маш нухацтай бодох цаг ирсэн. Өнөөдөр Монгол улс үндэсний баяр наадам дээрээ Монгол урлагаа толилуулж чадаж байна уу. Бид хойч ирээдүйгээ ямар хөгжмөөр хүмүүжүүлж байгаа вэ! Бидний дунд байгаа монгол бус зан чанарууд хаанаас үүдэлтэй вэ? Энэ бүхнийг сайн бодоод үзэх юм бол бид өвөг дээдсээсээ өгөгдсөн өгөгдлөөс огт өөр замаар будаа тээгээд байна уу даа гэсэн харуусал хааяа төрдөг шүү. Хөгжил замаасаа хазайсан байж болно.

    Манж Чин гүрний үеийн Монгол хөгжмийн Ши-банг чуулга (Shibang Ensemble) / (Qing Dinasty)
    “Хил дээрх их дайллагад зориулсан 4 төрлийн наадам” уран зүргийн хэсгээс.
    Зургийн хэмжээ: 300,2 х 400 см.
    Тайлбар: Манжийн хаан Жанлонг (Kaiser Qianlong 1736 – 1795 ) Жехолын (Jehol) зуны ордондоо 
    зохион байгуулсан их дайллагын үеэр 4 төрлийн наадам зохион байгуулжээ. 
    Үүнд: zhama буюу соёолон морины уралдаан, xiangpu буюу бөхийн барилдаан, jiaotao буюу морь сургах, 
    shibang буюу монголын дуу хуурыг олонд сонирхуулан баярладаг байжээ. /Судалгааны материалаас
    

    – Харин монгол хүн чинь дүрэмгүй тоглодог, хайрцаггүй сэтгэдэг. Тулалдахдаа хүртэл цайзны заавал урдаас биш ардаас нь дайрах жишээтэй. Бараг бидний давуу тал энэ бүтээлч сэтгэлгээндээ оршиж байгаа юм бишүү. Монгол хүний давуу тал, бусад үндэстэнээс ялгарах онцлог юу вэ?

    – Тухайн цаг үед ч гэсэн дайнд мордох гээд цэргүүдээ цуглуулах гэсэн чинь айл хэсээд, айраг эргүүлээд алга болчихоод цагтаа цуглахгүй, бэлтгэлээ хийхгүй дайнд орсон тохиолдолд бэлтгэлгүй нөхдүүд мэдээж хядуулна шүү дээ. Энэ их найр цэнгээн, наадам бол сүүлийн 400 жил л үүссэн зүйл. Бидний далд сэтгэлгээнд шингэтэл нөлөөлсөн өрсөлдөгчийн сөрөг бодлого ч юм уу даа. Уг нь Монголчууд жинхэнэ хүний дээд болсон хүн байх ёстой. Олон шилдэг сэхээтэн, лидерүүддээ бид устгуулаад үлдсэн салаа мөчир нь дахин үндэслэж өнөөдөр дөнгөж 3 саяуулаа болж өндийж байгаа бид их хувь тавилантай үндэстэн шүү.

    Бидэнд давуу тал бий. Хэт хөгжсөн орны хүмүүс сэтгэлгээ нь хэтэрхий хайрцаглагдсан байгаа. Бид 3 сая мөртлөө олимпын аваргатай, эрдэмтэд нь Нобелийн шагнал авчихсан (Гэхдээ өөр улсын иргэншлээр), Оскарт нэр дэвшчихсэн, Дуурь балетат толгой цохих хэмжээнд явж байна. Тэгэхээр тэр эрх чөлөөтэй сэтгэлгээ, байгаль дэлхийтэй ойр амьдарсан эрч хүч, энергийг технологийн хөгжилтэй хослуулаад ирэхээр харин ч бид цахиур хагалж болох юм.

    Улс үндэстэн оршин тогтнох хүчин зүйл нь хүн төрлөхтөний өмнө бүтээсэн түүх, соёл. Өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу түүх соёлын үнэ цэнийг бидний үеийнхэн олж хараагүй байж ч болно. Зохион байгуулалтынхаа хувьд бүхэлдээ буруу яваад байгаа энэ системийг зөв болгох хэрэгтэй. Энэ систем нь өнчин ишиг ч дутаахгүйгээр тэгш үйлчилдэг хүмүүнлэг нийтийн эрх ашгийг хамгаалсан зөв систем байх ёстой. Жирийн нэг уран бүтээлч миний юу хийж байгааг Улс мэддэг байх ёстой. Улсад үнэхээр хэрэгтэй юм хийж байгаа бол олж хараад хамтардаг байх ёстой.

    – Зөв хөгжсөн Монгол Улс ямар байх ёстой вэ?

    – Хүнтэй зүйрлэх юм бол манай улс саажилттай, дахир дутуу хүн шиг л үйл ажиллагаатай, бие эрхтэнээ удирдаж чадахгүй, ярьсан ч ойлголцож чадахгүй хэмжээнд байна.

    Нүүдэлчид маш зөв сэтгэлтэй, саахалт айлын санаа зөрдөггүй эвтэй сайхан хүмүүс. Миний багад ээж минь нүүдэл, жинг урдаас нь тосож идээ цайгаараа цайлдаг байсан. Бүх л боломжоороо сэтгэлийн тусыг хүргэж, хамгийн амттай идээгээ үрдээ биш зочиндоо барьдаг сайхан ёс заншилтай. Өнөөгийн төр яг энэ ард түмэн шигээ сэтгэх ёстой.

    Олон Улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байхдаа Монголоосоо ичих үе гарна. Мэргэжлийн судлаачдыг очих ёстой хуралд нь очуулаад тэндээс гарсан үр дүнг эндээ хэрэгжүүлж дэлхийтэй ижил түвшинд сэтгэж хөгжих ёстой атал, дарга нар нь очоод гоё сайхан зочид буудал, архи дарсны ард цээжээ дэлдчихээд ирдэг учраас бид дэлхийтэй зэрэгцэж чадахгүй л яваад байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн юм хийх гэж хөглөж байгааг хараад ичдэг.

    Соёлын бодлогоор Монгол уран бүтээлчдийг хөгжүүлэх бодлого, тунхаг гаргасан атлаа амьдрал дээр уран бүтээлчдээ огт үнэлэхгүй, төрийн үйл ажиллагаанд үнэгүй тоглуулна. Улс нь уран бүтээлчдээ олж хардаггүй болхоор өөрсдийгөө тодорхойлж магтсан уйваагүй алдартангууд өнөө цагт нэлээн хэд төрсөн байх.

    Мөн Зохиогчийн эрхийн тал дээр олон улсын хэмжээнд бид маш өрөвдөлтэй байдалд явж байна. Олон улсын зах зээл дээр Монголын маш олон хөгжим эгшиглэж байгаа. Зохиогчийн эрхийн байгууллага нь олон улсын хэмжээнд хянаж чаддаггүй. Тэр байтугай Монгол Улсынхаа хэмжээнд ч хамгаалж чаддаггүй. Улсын баяр наадмаар гэхэд л хичнээн тэрбумыг зарцуулдаг атлаа тэнд байгаа уран бүтээлчид бүгд үнэгүй хөдөлмөрлөх жишээтэй. Тэнд ашиглагдсан бүх хөгжмийн бүтээлийг ямар ч хамгаалалтгүйгээр баяр наадамд ашиглаж Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотол олноороо баярлацгаана. Соёл урлаг сайн системгүйгээс болоод ойлгомжгүй, маш их зөрчлүүд үүссэн байгааг эргэж харах шаардлагатай.


    – Уран бүтээлчид зохиогчийн эрхээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

    – Манайд Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага, Патентын холбоо зэрэг байгууллага байгаа хэдий ч үйл ажиллагааны горим нь төдийлөн зөв биш. Хууль нь ч гэсэн хэтэрхий энгийн. Олон улсын хэмжээнд бол маш тодорхой дэлгэрэнгүй хуультай, мөн төрөлжсөн өмгөөлөгчтэй, тагнах турших онцгой эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын хэмжээнд болон Улсынхаа хэмжээнд зохиогчийн эрхийг хамгаална гэдэг бол бүхэл бүтэн том агентлагийн хийх ажил л даа. Гэтэл хэдэн жижиг холбоод гарч ирээд хоорондоо учраа олохгүй гишүүд нь бүх холбооныхоо гишүүд байх жишээтэй. Дээр нь хөгжмийн лиценз эрхтэй холбоотой асуудал Монголд огт яригддаггүй. Лиценз эрхээ хамгаалуулж байна гээд ганцхан эрх яриад байдаг. Гэтэл лиценз эрх дотор нэлээдгүй олон жижиг эрх дагалдаж байдаг. 1 бүтээлийг хайчлах, засах, кинонд ашиглах, 3-дагч этгээдэд дамжуулах, олгох, зарах, холих гэх мэт энэ олон эрхүүдээ ойлгож байгаа хүмүүс ч бага бололтой. Хөгжмийн бүтээлээр ярихад хөгжмийг зохиосон зохиолчийн эрхээс гадна, тэр хөгжмийг тоглож амилуулсан хөгжимчдийн эрх хүртэл хамт явах ёстой. Бүтээл ашигласныхаа төлөө төлбөр төлж байх ёстой тв, радиодоо өөрсдөө мөнгө төлж гуйж гаргуулж байх жишээтэй. Энэ хачин системыг халах цаг нь аль хэдийн болжээ.

    Миний хувьд 2000 оноос Герман улсын зохиогчийн эрхийг хамгаалах GEMA байгууллагын гишүүн. Өнөөдөр гэхэд л 5-р сарын бүх мэдээлэл е-майлээр ирсэн байна. Улирлын бүх тайлан тооцоо, 2015, 2016 оны бүх төлөвлөгөөгөө ирүүлсэн байна. Канад Улсын жижигхэн тосгонд эгшиглэсэн 3 секунтын хөгжмийн талаар надад мэдэгдэж бүтээл ашигласны төлбөрийг надруу шилжүүлж байх жишээтэй. Хяналт ямар өндөр байгааг харж байгаа биз дээ. Энэ бол асар том зохион байгуулалт. Монгол Улс бас ингэж ажиллах ёстой. Олон улсын хэмжээнд болж байгаа патент, зохиогчийн эрхийн хурал семинарт оролцоод ирлээ гээд хүмүүс явж байдаг. Гэхдээ оролцож ирээд хийсэн юм алга. Сайхан амарч зугаалж байгаад ирэх жишээтэй. Тэгэхээр бид зөв хүмүүсийг явуулж мэргэжилтэнгүүдийг бодлогоор бэлдэж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудал ч бас Улсын хөгжилтэй холбоотой асуудал.

    – Монгол бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай маш их ярьж байгаа. Зохиогчийн эрхийн асуудлаа шийдээгүй тохиолдолд энэ салбарыг хөгжилд том чөдөр болох уу?

    – Зохиогчийн эрхээ шийдээгүй тохиололд бүтээлч үйлдвэрлэл бол яриа төдий л болно. Шийдсэн тохиолдолд 1 уран бүтээлээсээ бүх талаар үр шимийг хүртэж чадна. Хууль бус хулгайн худалдаа үгүй болно. Товчхондоо бол Оюуны өмчтэйгээ сайн ноцолдож чадвал уул уурхай шиг л их ашиг өгнө гэсэн үг. Монголын маш олон уран бүтээл, ардын дуу хүртэл автоматаар хамгаалагдана. Олон орнуудын зохиогчийн эрхийн байгууллагын дансанд Монголын оюуны бүтээлүүдийн мөнгө хуримтлагдана. Гадагшаа гарч тоглож байгаа бүх хамтлагууд Монголынхоо дуу хөгжмийг тоглох бүрд Монгол Улсдаа зохиогчийн эрхийн төлбөрөө төлнө. Вэб сайт, мобайл компаниуд хяналтгүйгээр маш олон уран бүтээлүүдийг ашиглаж байна. Зүй нь бол зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагаас лицензийн эрхээ аваад хяналтын доор хийх ёстой атал, тэр байхгүй учраас дуртай нь л ашиглаж байна даа. Оюуны өмчийн сайн байгууллагатай болсноор Монгол Улсад илүү ашигтай. Монгол Улс Монгол хүнийхээ үнэ цэнийг өсгөе, Монгол гэж бахархая гэвэл энэ бүх ажлыг 100 хувь хийх хэрэгтэй. Нэг ёсондоо Монгол хүнээ хамгаалж байна гэсэн үг. Нэг хүн, нэг бүтээл гэдэг бол бас л нэг уурхай юм. Тэр бүтээлийг дэлхийн хаа нэгтээ ашиглахдаа заавал төлбөрөө төлдөг л байх ёстой.

    Маш чухал сэдвээр нээлттэй яриа өрнүүлсэн танд баярлалаа.

    Ярилцсан: Жамсранжавын Лувсандорж (CreativeMongolia.com)

    2015 оны 5-р сарын 13

  • БОСА ХОЛДИНГ УДИРДЛАГЫН БАГ [БАГИЙН ТОГЛОЛТ teambuilding training 2015.10.10]

    БОСА ХОЛДИНГийн удирдлагын багт БАГИЙН ТОГЛОЛТ teambuilding training зохион байгууллаа ‪#‎CreativeMongolia‬
    2015.10.10
    Сонгино, Монголика