Author: admin

  • Ц.САНЧИР: Дээд монголчууд “Аз байгаад очвол Монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юм сан”, “Агаар нь ямар байдгийг мэдрэх сэн” гэлцдэг

    Дэлхий дээр Монгол хэлээр ярьдаг 18 сая хүн байна. Дэлхийн Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг гаргаж ирэх зорилготой Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа. Түүнтэй ярилцаж суухад монгол хүний үнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнол өөрийн эрхгүй бахархал төрүүлж байсан юм. Ингээд соёл судлаач Ц.Санчиртай дэлхий даяар тархан суурьшсан монголчуудтай уулзаж, аж амьдралтай нь танилцаж явсан тухай хөөрөлдлөө.

    -“ТАСАМ” гэдэг нь ямар утга агуулгатай үг вэ. Танай ТББ-ын дэргэд ийм цахим хуудас байдгийг мэдэх юм?

    -“Тасам” гэдэг нь олон сайхан утга илэрхийлдэг монгол үг. “Тархан сагуришигсан монголчууд” гэсэн монгол бичгийн товчлол юм л даа. Ойрад монголчууд дээлийн эмжээрийг “тасам” гэдэг. Гурвын тоог ч мөн “тасам” гэдэг юм. Олон улсад нэрийн хайлт хийлгэж хууль ёсоор баталгаажсан брэнд нэр. “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төслийн нэр гэдгээр олон нийт илүү сайн мэдэх байх.

    -“Монголын төлөөх зүрх бүхэнд” гэдэг их гоё үг. Энэ уриа үгийг яаж бодож олов?

    -Бид Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудын талаар 2009 оноос олон нийтэд мэдээлэл хүргэж эхэлсэн. 2002- 2008 онд ирж очоод, хээрийн судалгаа хийж, зураг дүрс, яриа буулгаад явсан ч үүнийгээ хэлж ярихгүй бол монголчууд маань мэддэггүй юм бай на, мартагдах нь гэж бодсон. “Монголын төлөөх зүрх бүхэнд” ажил мэргэжил, баян хоосон, мэдлэг боловсролын ялгаа байхгүй гэж боддог. Монголын төлөө цохилох зүрх монгол хүн бүрт байх учиртай. “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэдэг нэрээр бид гэрэл зургийн ном, найраглал, олон нийтэд хүргэж эхэлсэн хамгийн анхны цувралаа “Дээд Монгол буюу Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав” гэсэн нэртэй гаргаж байсан. Энэ цуврал маань цаашаа “Хазара-хайртай гэж хэлж өгөөч” гээд үргэлжилдэг юм.

    -Аяллын хугацаанд галт тэргээр олон сар явсан гэж сонссон?

    -Сүүлийн 10 жилийн хугацаанд бид 450 мянган км зам туулснаас таван сартай тэнцэх хугацааг галт тэргэнд өнгөрүүлсэн байдаг. Аялахад хамгийн тухтай, аюулгүй, санхүүгийн хувьд зардал багатай унаа нь галт тэрэг юм. Бид тэнгис, далай л гатлахг үй бол ямар ч оронд очсон галт тэргийг сонгодог. Мөн өдөр үзэж харах зүйлтэй, үзэж харснаа бичиж тэмдэглэх боломжтой байдаг л даа.

    -Та үргэлж л манай багийнхан, бид гэж ярьдаг. Хэзээ энэ багт нэгдсэн бэ?

    -Арван жилийн өмнө манай байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Цэрэн ганцаараа Монголын эзэнт гүрний Юань Улсын нутагт суурьшиж үлдсэн элэг нэгтнүүдээ зорьж байсан. Дараа дараагийн аяллаас нь би нэгдэж эзэнт гүрний байлдан дагууллаас үлдсэн монголчууд байдаг юм уу, байдаг бол хэдүүлээ, хаана, яаж аж төрдөг юм бэ. Монголын талаар ямар мэдээлэлтэй байдаг зэргийг мэдэх зорилготой аялж эхэлсэн. Монгол залуу хүний сонирхлоор Монголын түүхтэй холбоотой зүйлсийг дахиж үзмээр, зургийг нь авч баримтжуулмаар санагдаад олон удаа явсан. Зардал мөнгөний боломжоос хамаарч 2009 он хүртэл бид нэг нэгээрээ аялдаг байсан юм. 2009 оноос олон улсын хэмжээний төсөл болж мэргэжлийн ажлууд эхэлж, зохих хэмжээнд ивээн тэтгэгч байгууллагууд гарч ирсэн учраас дөрвөн хүнтэй судалгаа, зураг авалтын баг аялах болсон.

    -Судалгааны ажлаар хэдүүлээ явбал тохиромжтой байдаг вэ?
    -Зураглаач, гэрэл зурагчин, судлаач гээд мөнгөтэй, боломжтой тохиолдолд дөрвөн хүний бүрэлдэх үүнтэй явбал тохиромжтой бай даг. Исламын орнуудад дөрвөөс олон тэр тусмаа дөрвөн эрэгтэй, эсвэл нэг эмэгтэй гурван эрэгтэй хүн явахад олны анхаарал татах аюултай. Тухайн орны ард түмний дунд бичигдээгүй хууль үйлчилдэг хаалттай, дангааршсан улс оронд голчлон очиж байна. Дөрвөөс олон эрэгтэй хүнтэй багийнханд Иран, Ирак, Афганистан зэрэг исламын шүтлэгтэй, дотоод мөргөлдөөнтэй улс орнууд тийм ч таатай ханддаггүй.

    -Одоо бол харьцангуй гайгүй болсон байх. Анх ганцаараа явахад айж эмээж байсан уу?

    -Айдас гэдэг харьцангуй ойлголт гэж боддог. Арван жилийн өмнө мэдээлэл багатай учраас төдийлөн айдасгүй аялдаг байсан. Афганистанд ганцаараа очсон. Чингис хааны хүрсэн дөрвөн хотыг үзсэн. Эзэнт гүрний түүхийн дурс галууд байна уу гэсэн сураг лалын мөрөөр сонирх лын журмаар явсан л даа. Бидний аялал бүхэн хэцүү байдаг. Хүний нутаг бол хүний л нутаг. Тэр тусмаа Монголын түүхийн судлагдаагүй газар бидний элэг нэгтэн аж төрдөг, Монголын түүх, соёлын биет дурсгалууд хадгалагдан байдаг, дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэг, хаалттай нийгмийг зорино гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ айвал бүү хий, хийвэл бүү ай гэж мэргэн үг байдаг биз дээ.

    -Монголын Эзэнт гүрний байлдан дагуулсан улс орнууд, түүхэн холбогдолтой газруудад очиход Монголын эзэнт гүрний их байлдан дагуулалт, Чингис хааны тухай хэр мэдэх юм бэ?

    -850 жилийн тэртээх Монголын эзэнт гүрэн 40 гаруй улс орныг хамарч байсан. Харамсалтай нь Монголын эзэнт гүрнийг бүхэлд нь хамруулсан газрын зураг одоогоор байдаггүй. Эзэнт гүрний байлдан дагууллаас үлдэж хоцорсон монголчуудын тухайд дээрх мэдээлэл мэдлэгийн тал дээр үндсэндээ хоёр төрлийн ойлголттой байдаг. Монголын тухай мэдээлэл, боловсрол, ахуй амьдрал сайтай монголчууд бий. 1220, 1225, 1227 онд Юань улсын, Цагаадайн хаант улсын нутагт Ганьсугийн цөлд үлдсэн монголчууд. Их хааны зарлигаар эзэлсэн газар нутгаа хамгаалан үлдсэн монголчууд дараагийн хааны зарлиг гартал эндээс явж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Монголчууд яснаасаа үнэнч ард түмэн. Сайхан амьдрал хөөж бүгдээрээ төв суурин газар уруу явсангүй. Зарим газар яваад очиход дэлхийг эзэлж дууссан уу, дууссан бол биднийг авахаар ирж байна уу гэх байдлаар хандана. Дайн байлдаантай оронд байгаа монголчууд үндэсний хувцас, хэл соёлоо мартсан байхад зарим газрын монголчууд “Жангар”- ын тууль, сайварлан бүжгээ аваад үлдсэн байх жишээтэй.

    -Мэдээлэл, боловсрол, ахуй амьдрал сайтай монголчууд гэлээ. Үүнийгээ тодруулаач?

    -Манай хойд хөршид гэхэд халимаг, буриад, алтай, тува, монгол, өмнөд хөршид Өвөрмонгол, дээд мон гол, дагуур монгол, цаст монгол, дунсиан монгол, баоань монгол, шинжан монгол бүр нарийн дурдвал Бор талын монгол, харшаарын монгол, ховогсайрын монгол, баянголын монголчууд гэж байна. Энэ бүгд Мон голоос гарал суурьшилтай, би чиг үсэг, угсаатны онцлог, зан занш лаа тодорхой хэмжээгээр залгамж лан яваа монголчууд. Зарим хүн түүхийг нь үгүйсгэдэг тал ажигллагддаг. Үнэндээ түүх бол түүх шүү дээ. Өнгөрсөн түүхэнд хачир нэмэхэд гутахаас бус ариусахгүй гэж мэргэн үг бий. Ямар ч оронд байгаа монголчуудын тухайд тусгаар Монгол Улс бол тэдний үлгэр дууриал байдаг. Тэднээс “Монгол Улсаас юуг хүсдэг вэ” гэхээр “Монгол Улс гэж байгаа нь л бидний бахархал, хүсэл мөрөөдөл” гэдэг. Манайхны хувьд нэг үеэ бодвол мэдээлэл харьцангуй нэмэгдсэн гэж боддог. Түвдийн өндөрлөгт байдаг монголчууд Хөх нуурын монголчуудыг мэддэг болсон байх жишээтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үед Франц, АНУ уруу дүрвэсэн халимагууд, Афганистан, Иран, Иракийн дайны үед Австрали уруу дүрвэсэн хазарачуудыг “нээлттэй улс орон” гэдэгт оруулж болно.

    -Өөр улс оронд байгаа монголчууд биднийг хэрхэн төсөөлдөг бол?

    -Бидний ажлын онцлог бол зөвх өн баримт дэлгэж, уулзсан хүмүүс, үзэж судалсан дурсгалуудаа ярьдаг. Нэг л жишээ дурдахад, өмнөд хөршид байдаг уйгарууд монголчуудын дунд маргаан гарлаа гэхэд уйгарууд олуулаа учраас дийлдэг. Дийлэгдсэн монголчууд “Дэлхий дээр Уйгар улс гэж байдаггүй. Монгол Улс гэж байдаг юм шүү” гэж хэлдэг. Дээд монголчууд түвдүүдийн хооронд маргаан гарахад түвдүүд олуулаа учраас ялна. Ялагдсан монголчууд “Дэлхий дээр Түвд улс гэж байхгүй. Тусгаар Монгол Улс гэж бий шүү” гэж үгээрээ давах жишээтэй. Гаднын улс оронд байгаа монголчууд маань ингэж бахархаж байхад бид өөрсдөө эх орноо голж, бас тэднийгээ эрлийз хурлийзаар нь ангилж, хайлсан ууссанаар нь дуудаж болмооргүй санагдана. Чингис хааны нэг зарлиг бий. Үндэс язгуураа бүү мартсугай гэж үр хөвгүүддээ сургасугай гэсэн утгатай. Их хаадынхаа гэрээс захиа сыг хэзээ ч мартах ёсгүй. Мон голын эзэнт гүрний байлдан дагууллын түүхийг бид хэр мэдэх вэ гэдэг ч эргэлзээтэй. Их байлдан дагуулалтаас гаднын улс орнуудад бидний мах, цусны тасархай үлдсэн. Тэд хаана байдгийг мэддэг байх нь чухал. Энэ бол түүхэн үүрэг. Бид түүхээ үгүйсгэвэл ирээдүй биднийг үгүйсгэнэ. Бид дээдсээ мартвал үр хойч биднийг мартана.

    -Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын талаар олон улс орныг түрэмгийлэн эзэлсэн гэдэг өнгөц ойлголт түгээмэл байх шиг санагддаг?

    -Олон жилийн турш харийнхан ийм байдлаар бидний тархийг угаасан шүү дээ. Эзэнт гүрний байлдан дагуулагчид, нүүдэлчид бичиг соёлгүй, харгис хэрцгий гэсэн төсөөлөл тэдэнд бий. Эсрэгээрээ тэр л нүүдэлчид дэлхийн олон орны албан ёсны анхны төвийг тухайн үеийн Ил хант улсын нийслэлд байгуулсан нь өнөөгийн Иранд баримт болон үлдсэн байна. Дундад Азийн уран барилгын хэв маягийг монгол загвар, хээ чимэглэлээр баяжуулсан нь ч бий. Уран барилга хот байгуулалт, гар урлал, газрын хуваарилалт гээд төр нийгмийн асар олон нээлт, шинэчлэл, эргэлтийг хийсэн байдаг. Дундад Азид цаасан мөнгийг анх нэвтрүүлж, дэлхий дахинд зоосон мөнгөний урлагийг гайхуулсан ард түмэн. Цэрэг дайны хувьд ч ухаан жолоогүй уулгалаад дэлхийн талыг эзлээгүй. Харин асар өндөр зохион байгуулалттай явган цэрэг, морьт цэрэг, тэнгисийн цэрэг, хана хэрэмтэй хот сууринг буулган авах оньсон төхөөрөмжөөр тоноглодог инженерийн цэрэг, олон улсын бичгийн мэргэдийн зөвлөхүүд, өндөр зохион байгуулалттай тагнуулын анги, эмч нарын хороо гээд асар олон зүйлийг тоочиж болно.

    -Тархан суурьшсан монголчуудаа мэдэх, таних жимийг та бүхэн гаргачихлаа. Ирээдүйд улам өргөжих байх?

    -Арван жилийн турш хээрийн судалгаа, зураг авалтын ажил хийлээ. Энэ нь дан ганц төрийн бус байгууллага, эсвэл дөрөв таван хүний хийх ажил биш гэдгийг сүүлийн үед илүүтэй мэдэрч байна. Дайн байлдаантай улс орнуудад устах аюулд ойрхон монголчууд, мөхлийн ирмэгт тулсан соёл дурсгалын зүйлс бий. Төр засгийн зүгээс нэгдсэн бодлогоор тодорхой ажлууд хийхгүй бол нэг хоёр жилийн дараа Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалт зүйлсээс зураггүй, сураггүй үлдэж мэдэх нь. Тэр түүх соёлын зүйлсийг баримтжуулах, монголчуудад үнэ цэнийг нь мэдр үүлэх нь бидний зорилго шүү дээ. Явж ирэнгүүтээ аян замын тэмдэглэл нийтлүүллээ. “Үүргэвчтэй аялал” шиг нэвтрүүлэг хийж болдоггүй юм уу гэж олон хүн асуудаг. Судлаач учраас бидний ажил онцлогтой. Олон нийтэд хүргэдэг мэдээлэлд маш нухац тай хандах хэрэгтэй. Жишээ нь, Түвдийн өндөрлөгт ганцхан удаа очоод дүгнэлт хийж, ярьж болохгүй. Ахин дахин очиж, олон хүнтэй уулзаж байж Түв дийн өндөрлөгийн мон голчууд ингэж амьдарч байна гэдгийг харуулахыг зорьдог.

    -Судалгааны явцад өөр хүмүүстэй хамтарч ажиллах юмсан гэсэн бодол төрж байсан уу?

    – Бидэнтэй хамтарч ажиллах санал цөөнгүй ир дэг. Энэ эрхэм чухал түүхэн сэдэвт дөрөө лөөд янз бүрийн далд сурталчилгаа, ашиг сонирхол гарах вий гэж болгоомжлох тохиолдол ч бий. Яг одоо бид “Хаан түүхтэй монголчууд” хэмээх үндэс ний хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөр маань Ерөнхийлөгчийн ивээлд орсон, ирэх жилээс төр зарим хэсэгт дэмжлэг үзүүлэхээр ярьж байна. Энэ хөтөлбөрийн нэг хэсэгт сэтгүүлчийн багтай хамт богино хугацаагаар эзэнт гүрнээ тойрох төлөвлөгөө бий. Бид судлаач учраас бодит байдлыг хүмүүсийн сэтгэлд хүртэл бичиж чаддаггүй байх.

    -Ингэж бодох болсны шалтгаан юу вэ?

    -Казахстанд Зүчи хааны шарилын бунхныг бид очиж үзсэн. Казахстан улс Зүчи хааны бунхныг төрийн тусгай хамгаалалтад авсан гэж олон улсад мэдэгддэг. Төрийн тусгай хамгаалалтад орсон гэхээр бид сайн сайхан талаас нь төсөөлж байлаа. Гэтэл 100 гаруй мянган хүн амтай хотынхноос асууж сураглахад Зүчи хааны бунхан хаана байдгийг мэддэг ганцхан жолооч тааралдсан. 50 км замыг хэдэн цаг туулсны эцэст очиход ямар ч хамгаалалтгүй, хаалга үүдгүй, үхэр, малын баас болсон газарт бунхан байсан л даа. Чингис хааны ууган хүү, алтан ургийн залгамжлагч дэлхийн 200 гаруй хотыг нэгтгэхдээ 60 орчим хувийг нь байлдахгүй буулгаж авсан аугаа хааны шарил шүү дээ. Тэр үед зохиолч эсвэл сэтгүүлч бидэнтэй ирсэн бол нүдэнд харагдтал бичих байх даа гэж бодсон. Казахстанд Монгол Улсыг төлөөлсөн Бүрэн эрхт Элчин сайд суудаг. Зүчи хааны бунхны зургийг ядаж цахим хуудастаа тавьж болоогүй юм байх даа гэж гайхаж л явлаа.

    -Олон газрын монголчуудтай уулзсан. Тэдгээрээс сэтгэлд хоногшсон сайхан дурсамж бий байх?

    -Монголчуудтайгаа их харьцуулмаар болдог. Монгол үндэстэн угсаат нуудтайгаа уулзаад “Та нарын мөрөөдөл юу вэ” гэж асуухад өдий хүртэл нэг л хариулт сонссон. Монгол Улсад очиж үзэх юм сан гэж. Харин Монгол Улсад очиж амьдрах юмсан гэж шууд хэлдэггүй. Монголд төрнө, очиж амьдарна гэдэг маш ховор хувь тавилан учраас ингэж ярьж болохгүй гэж боддог. Тэдний хувьд энэ нь маш эмзэг сэдэв. Бид дэлхийн монголчуудын мөрөөдлийн улсад амьдардаг хүмүүс шүү дээ. Дээд монголчууд гэхэд “Ар Монголд хурга болж төрөөд ирэг болж идүүлэх юм сан” гэж ярилцдаг. “Эргэх амьдрал гэж байдаг бол Ар Монголд адуу болж төрөхсөн”, “Аз байгаад очвол Монголын тэнгэр ямар өнгөтэйг харах юм сан”, “Агаар нь ямар байдгийг мэдрэх сэн” гэлцдэг.

    https://facebook.com/sanchir.tasam
    http://www.tasam.mn

    Утас: 7575 3307

    Т.ЗӨНБИЛЭГ

    Эх сувалж: http://www.unen.mn/

  • Г.ОЮУНБАЯР: Монгол инженерүүд 1984 онд компьютер, 2006 онд кластер угсарч байлаа

    Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм. “Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа.

    “ОЧ” МИКРОКОМПЬЮТЕР

    och computer

    1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair, Commodore зэрэг хувь хүнд зориулсан микрокомпьютерүүдийн тухай мэдээллийг олж үзээд маш их цочирддог байв. Энэ бол Монголд транзисторт суурилсан “Минск-32”, тэрбайтугай релей-механик табулятор машинуудтай байсан үе. Аз болоход 1983 онд Польшоос авсан МЕРА-100 мини компьютер, дисплей зэрэгт нөгөө Altair зэрэг микро-компьютерийн суурь болсон Intel 8080/85, Z80, 6502 байдаг байсан нь тэдний ажиллагааг мэдэхэд их нэмэр болов. Төхөөрөмжүүдийг дагалдаад микропроцессор, санах ой зэрэг цөөн чип сэлбэг маягаар ирсэн нь авч туршилт хийх хорхой хүргэдэг байлаа. Ингээд тухайн үеийн Тооцоолон бодох төвийн инженерүүд Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя, Д.Дашцэрэн, Гантөмөр нар хэн нэгний даалгавар, заавраар бус өөрсдийн сонирхлоор компьютер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм.

    Хилийн дээс алхах, гадаад улсаас ирсэн инженерүүдтэй хамтран ажиллах завшаан тохиох бүрт компьютер бүтээхэд хэрэг болох материал, хэрэгсэл цуглуулдаг байлаа. Ингэсээр овоо их сэлбэг цуглуулж чадсан юм. Ингээд ил, далд цуглуулсан сэлбэг хэрэгслээрээ “Оч”-оо угсарч, тухайн үеийнхээ ШБОС-84 үзэсгэлэнд оролцож, Хүрэл медаль хүртсэн юм.

    Энэ бол 1984 он буюу Цахиурын хөндийд Стив Жобс хэрэглээний компьютерын шинэ загвар болох “Macintosh”-оо танилцуулж байсан үе юм.

    1984 оны намар “Оч”-ийг Болгарын Правец хотод зохиогдсон ОУ-ын үзэсгэлэнд явуулсан ба тэндээс тусгай шагнал хүртэв. Гэвч ирэх замдаа гэмтсэнээс болж “Оч” тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажилласангүй.

    “ОЧ-2” МИКРОКОМПЬЮТЕР

    “Оч”-ийн үлдэгдлийг бүрэн задалж Г.Оюунбаяр, О.Батсүх нар хуваан авав. Г.Оюунбаяр тэдгээр элемент, мөн 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа нэмж ашиглан “Оч-2” микрокомпьютерийг 1988 онд угсарч дуусгав. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, магнитофоны лент дээр гадаад санах ойг хийснээс уян дисктэй персональ компьютертэй өрсөлдөх аргагүй байснаар амбаарт хураагдсан юм.

    “ОЧ”-УУД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БЭ?

    • Сэлбэг хэрэгсэл нь байвал компьютер үйлдвэрлэх боломж, боловсон хүчин Монголд байгааг нотлон харуулав.

    • Моралийн элэгдэлд орсон Минск-22/32, М-222 мэйнфрэймүүдээс дутахгүй хүчин чадалтай компьютерийг хямд зардлаар үйлдвэрлэх боломжтойг харуулав.

    • “Оч”-г бүтээсэн явдал зарим мэргэжилтнийг зоригжуулж, идэвхижүүлсэн, нэлээдийн эргэлзээ, тээнэгэлзээг арилгасан байх.

    Бидний цуглуулсан микрокомпьютер, програмчлалын талаар цуглуулсан ном, сэтгүүл, схемүүд, ассемблер, basic дээрх программууд, мөн деталиудын эрэлт ихэсч, манайхныг асуултаар булах болов. Эдгээрийг ашиглаж инженер-электроникч А.Батмөнх программатор, ТБТ-ийн инженер-электронч Ч.Сэмжидмаагийн баг i8080-д суурилсан цаг, 1986 онд ТБТ-ын инженер П.Төмөрбаатарын баг (ТБТ-ийн О. Батсүх, Ж. Пүрэв нар бүтээлцсэн) 6502 бүхий Пионер компьютер, Хэнтийн статистикч Дорждэрэм (ердөө 7-р ангийн боловсролтой) микрокомпьютер, ТБТ-ийн инженер-электронч Т.Алагсай програматор, Цаг уурын инженер-электронч С. Ганбаатар тусгай зориулалтын компьютер, Эрдэнэтийн ГОК-ийн инженер Ч.Давааням (одоо Петровис ХХК-ийн ТУЗ-ын дарга), Филармонийн Энхбаяр нар микрокомпьютер хийж байсан зэрэг нь оч бадарч эхэлсэн, дараа нь хэдэн зуун Монел PC үйлдвэрлэгдсэн, өнөө үед IT Zone компани хэдэн мянгаар PC угсарч байгаа зэрэг нь гал дүрэлзэж эхэлсний илэрхийлэл бизээ. Микрокомпьютер, PC, нөүтбүүк, таблет, смартфон хэдий хэрэгтэй ч, судлаачид, бизнес, төрийн бодлогуудын хүчин чадлын шаардлагын хязгаар их хол, хамгийн хүчтэй PCийнхээс 100-1000 ба дээш дахин илүү гэж тооцож болно.

    1980-аад онд ТБТ-ийн мэйнфрэймүүдэд хүн амын, загварчлалын, түүвэр судалгааны тооцоонууд орж ирэхэд процессор таг болж зөвхөн пультийн гэрлүүд нь анивчаад байдаг байв. 2000 онд ХАОСТ-ын 2 сая гаруй хүний мэдээллийг өөр формат руу шилжүүлэхэд их хүчтэй сервер хэдэн цаг “дүлийрдэг” байлаа. Цаг уурын, геологи, уул уурхайн, ШУ-ны судалгаа шинжилгээ, гар утасны операторын үйлчилгээний гэх мэтээр бэрх бодлогуудыг үргэлжлүүлж болно. 1994 онд Азийн Суперкомпьютерийн төв байгуулах, 2003 онд GRID computing төслүүдэд оролцож байсны хувьд Г.Оюунбаяр 2006 онд Бит ТНН-ийн захирал Л.Доржтой хамт 2 node бүхий туршилтын кластер (зураг 2), Бит Сервис ХХК-ийн захирал Д.Толятай хамт 5 node бүхий Bit HPC (зураг 3, одоо ШУА-ийн музейд байгаа), хүү Энхбаттайгаа хамт 4 node бүхий G8 (зураг 4) кластерууд угсарч туршив. Суперкомпьютерийн төсөл боловсруулж хэд хэдэн байгууллагад өргөн барьсан ч “эдийн засгийн хямрал”, “хууль эрх зүйн орчин бүрдээгүй”, “хүлээж бай” гэх мэт хариу өгч байлаа. Одоо цагт суперкомпьютер, серверүүд, тэрбайтугай switch, бүр datacenter cloud дээрх үйлчилгээ (IaaS) болчихож байгааг харгалзан туршилтаар 2011 онд Google-ийн Appspot нэртэй Cloud дээр application байршуулж болохоор сайт бий болгосныг ict-expo. appspot.com-оос үзэж болох юм.

    BIT HPC (Pentium D, Opteron), 2006. Mr. Tolya D, Oyunbayar G. MS Windows Compute Cluster Server 2003
    Compute Cluster Pack. Compiler C. MS Visual Studio 2005

    Дээрх СК-ууд, Cloud-ыг ажлын бус цагаар угсарч систем суулгадаг, тохиргоо хийдэг байлаа. 1983-1988, 1990ээд оных шиг шөнийн цагаар л амжуулжээ. Рак, түүний тоноглол, хөргөлтийн систем, нэмэлт деталиудыг мөн адил өөрөө хийж, “Оч”-уудыг хийснээс хамаагүй их материал, хөдөлмөр зарсан байдаг. Сонин байж юу магад, Microsoft-оос node бүрийн серверт Activation code авахад (би системээ олон дахин суулгасан, 4-5 node тус бүр дээр 5-6 удаа) тэд залхаад гэх юм уу нэг нь мессенжер хаягаа надад өгч хүссэн даруй минь code ирүүлдэг байв. MS CCS2003-ийн Beta 2-ыг суурилуулахад хэдий зааврын дагуу явсан ч серверт ер суудаггүй. Microsoft-той холбогдоод “US гэхэд болж байна, Монгол гэхэд суудаггүй, би Монголд байна” гэхэд минь “Өө тийм үү, наадах чинь bug байх, шалгаадхъя гээд, дараа нь “Үнэн байна, bug report хийсэнд баярлалаа, бид засна аа, одоохондоо US гэж явж болно” гэж билээ. Энэ “Оч” болон бусад олон “Оч”-оос зарим маань гал авч Нийслэл, суурин газар орчмыг гэрэлтүүлж эхэлсэн ч гал “Үүл”-нд хүрч байж Монгол улсыг хот, хөдөөгүй гийгүүлнэ. Хангалттай хүчин чадалтай МоnCloud байгуулж, түүн руу “гал”-аа шилжүүлэх үйлсэд тань амжилт хүсъе.

    Г. Оюунбаяр

  • Ш.ЯЛАЛТ: ​Тонныг нь 50$-р зарж чадахгүй бга нүүрсэнд 1кг нь хагас сая $-р үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан онгоцний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал материал байгаа

    Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монелтех компанийн захирал Ш.ЯЛАЛТын инновацийн талаар бичсэн ИННОВАЦИ эсвэл СҮЙРЭЛ нийтлэлийг танд хүргэж байна.

    МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

    Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэг үндсэн арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг амь оруулах явдал юм. Ийм учраас инновацийн үйл ажиллагааны хөгжлийг хангаж, эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилнэ.
    Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын ДНБ-ий өсөлтийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, мэдлэгт тулгуурласан иргэний нийгэм товойн гарч ирээд, тэрхүү мэдлэг нь инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.

    Ингээд мөн нэгэн цоо шинэ соёл иргэншил үүсэн төлөвших нь. Энэ нь инновацийн соёл иргэншил гэж нэрлэгдэх боллоо. Шинэ төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэдэн арван жил, бүхэл зуунаар хэмжигдэж байсан бол сүүлийн үед бүр хэдхэн сараар хэмжигдэх болж байна. Хөгжил дэвшил, өсөлтийн хамгийн гол хэмжүүр үзүүлэлт нь инновацийг хэрхэн төрүүлж байгаа, бойжуулж байгаа, нутагшуулж байгаа болон үр шимийг нь хүртэж байгаа байдал юм. Электроникийн салбарт анх эхэлж хүчээ авсан инновацийн их давалгаа нь өнөөдөр программ хангамж, харилцаа холбоо, хими биологи, материал судлал зэрэг манай гаригийн үйлдвэрлэл, технологийн бүх салбарыг хамрах болжээ.
    Энд чухам инноваци гэж юу болох тухай ойлголтыг жаахан тодруулъя. Инновацийг хэд хэдэн талаас нь авч үздэг. Ерөнхийдөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон нээлт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүн хэлбэрээр нэвтрүүлсэн үйл ажиллагааг хэлдэг. Инновацийн тухай ойлголт нь шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, технологи, эрдэм шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаа юм. Мөн тэдгээрийг зохион байгуулах, эдийн засгийн ашиг олохоор санхүүжүүлэх зэрэг хүрээг ч мөн хамруулна. Энэ дундаас инновацийн хоёр чухал онцлогийг тодорхойлбол:
    Нэгдүгээрт, бүтээлч үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийн үр дүн.
    Хоёрдугаарт, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх үйл ажиллагаа юм.
    Сүүлийн үед инновацийн Олон улсын стандарт гэдэг ойлголт гарсан. Инновацийг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн процесс хэлбэрээр илрэн гарч ирээд практикт нэвтрэн зах зээлд амжилттай борлуулж байгаа эцсийн үр дүн гэж ойлгож болох юм. Харин шинэлэг санаа, зураг схем, онолын үндэслэл зэрэг нь практикт нэвтэрч хэрэглээнд хүрээгүй л бол инноваци гэхгүй. Өөрөөр хэлбэл, сувай үнээтэй л ижил юм даа.
    Иймд инноваци нь шинжлэх ухаан, технологийн шинэлэг чанар, практикт нэвтэрсэн байдал буюу үйлдвэрлэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл аль нэг салбарт хэрэглэгдэж байдаг гэсэн үг.
    Тэгвэл инновацийн процесс гэдэг нь шинэлэг зүйлийг бүтээх ба дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. Ер нь “Innovation” гэдэг англи үг нь шинэчлэл, шинийг сэдэх, шинэ санаачилга гэж ойлгогддог.
    Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор “Баялгийн хараал”-д ямар нэг хэмжээгээр өртөн, ганцхан хоногт олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөө гадаадын хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдэд хүү хэлбэрээр төлж байна. Энэ нь эдийн засагт ямар их дарамт үзүүлж, бүр муужруулж байгаа нь ойлгомжтой. Энгийн үгээр хэлбэл, хайртай охиноо хадамд өгөөд дараа нь өдөр болгон хурдан морио хүргэндээ барьж өгч нядлуулж байна гэсэнтэй агаар нэгэн юм.
    Манай эдийн засагт өндөр технологийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өчүүхэн байгаа нь инновацийн төвшин дэндүү доогуур байгааг бэлхнээ харуулж байгаа. Ихэвчлэн хүрзний технологи голлож, баялгийг ухаж аваад зарахыг л манай толгой бизнесмэнүүд чадаж байна. Хэсэг хугацаанд ингэж мөнгө босгож болох ч энэ нь яваандаа мөхөлд хүргэх нь дамжиггүй. Хөгжсөн орнууд нүүрснээс 500 гаруй төрлийн материал гарган авч байна. Нүүрс гэхэд 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Энэ нь эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр бий болж байгаатай холбоотой. Одоо манай улсын Шинэ технологи – Инновацийн боломж, өрсөлдөх чадварыг авч үзье.
    Саяхан эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ гэж хөөрцөглөж байсансан. Савангийн хөөс мэт замхрахад манай төр засгийн газрын түшмэдүүдийн санаачлан хэрэгжүүлж ирсэн зуун ямаанд жаран ухны үлгэр болох Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа, Хөдөлмөр нийгэм хангамжийн хоёрын хоёр яам, төрийн албан хаагчдын тоог сүүлийн хоёрхон жилд 30000 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгаа сөхрүүлэх “инновациуд” илт нөлөөлсөн нь тодорхой.

    Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийн орны оюун ухааны хүчин чадлыг эдийн засгийн, технологийн инноваци хөгжүүлэх, нутагшуулах, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж чадсангүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад цаашаа дэлхийн зах зээлд гарахын ганц болзол бол инновацийн төвшин гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тулгуур нь инновацийн эдийн засаг, мэдлэгт тулгуурласан эдийн засаг байх учиртай.
    Уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар мэдлэгийн үйлдвэрлэлийг 100 дахин хурдан хөгжүүлж чадвал сая найдвартай түргэн хөгжлийн замд орох түлхүүрийг гартаа оруулна. Энд хамгийн гол хоёр хөшүүрэг хэрэгтэй бөгөөд энэ нь инновацид зориулах төсвийн хөрөнгө, татварын бүтэц юм.
    Хүнд суртлын данхар бүтэц тэнд зарцуулж байгаа төсвийн нүсэр хөрөнгөн дотор судалгааны ажилд зарцуулж байгаа хөрөнгө үнэндээ нуудгайгаа далдлахад ч хүрэхгүй ДНБ-ий дөнгөж 0.27 хувь байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг “харакири” хийхэд түлхэж байна. Инноваци нэвтрүүлэлтийн төвшнөөр манай улс нэлээд сүүлийн байрт найдвартай хэвтэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна. Тухайлбал, чадварлаг инженерүүдийн хүрэлцээ, технологийн дэвшлийг дэмжих бодлого, дэвшилт технологийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны дэмжлэг зэрэг үзүүлэлт дэндүү доогуур байна. Тухайлбал, Сингапур зэрэг улстай харьцуулахад 2-3 дахин доогуур байгаа бөгөөд өндөр технологийн агуулга бүхий экспортын нийт экспортод эзлэх хувь Сингапурт 45.16 хувь байхад манайд дөнгөж 0.3 хувь байна. Дээрх хүснэгтээс харахад 100000 хүнд ногдож байгаа патент мэдүүлгийн тоо Сингапурт 87 байхад манайд ердөө нэг байх жишээтэй.
    Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, гуравхан сая хүнтэй, цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй Ази тивийн өндөрлөгт байрладаг орны иргэд болж төрчихөөд бид яагаад ингэж амьдрах болов оо? Яагаад хүн амын тэн хагас нь дөнгөж өл залгуулж явна вэ?
    Ганцхан шалтгаан байгаа нь биднийг удирдахаар гарч ирсэн үндэсний лидерүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүс өндөр технологи, инноваци нэвтрүүлэх ухаан, чадвар хүрэлцэхгүй, засаглалыг зөвхөн өөрсдийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж байгаатай холбоотой. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр долларын тэрбумтан хоёр, саятнууд хэдэн арваараа төрийн мөнгөөр төржээ.
    Өнгөрсөн зуунд Даймлер Бенц шинэ бүтээгдэхүүн болох автомашин үйлдвэрлэсэн бол Генри Форд технологийн инноваци нэвтрүүлсэн нь конвейрын шугам байв. Энэ нь бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломж олгосон шинэ инноваци байсан юм. WalМart-ын сүлжээ дэлгүүр болон ах дүү МcDonalds нарын нийтийн хоолны шинэ зохион байгуулалтын инновацийг олон жилийн өмнө нэвтрүүлсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.
    Ийм гурван төрлийн инновацид тулгуурласан эдийн засаг, нийгмийн дэвшил бүхий улс нь хөгжингүй орон гэж тооцогдож байгаа бөгөөд хөгжил дэвшил гэдэг нь товчоор инноваци нэвтрүүлж чадаж байгаагийн үзүүлэлт болжээ.
    Уг нь бидний Монгол Улс гайхамшигтай инновацийн бүтээлүүдийг түүхэндээ хэрэгжүүлж ирснийг Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн NASA-тай эн тэнцэх одон орны судалгааны төв, услалтын систем, дөнгөж өнөөдөр учрыг нь олж байна. Жишээ нь, композит материалаар хийгдэж байсан өндөр хурд, цохилтын хүчтэй исгэрдэг нум сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундахь агаараас ус ялгадаг эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ тивд ч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг газрууд, цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдсаас дутахгүй систем, орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэгдэж байгаа шуурхай морин өртөө зэргээс харж болно.
    Хүлэг хаан баруун зүг дайлаар мордохдоо их цэргийн урд талд 20000 хүнтэй инженер, техникийн бүхэл бүтэн алба хөдөлгөж шаардлагатай гүүр, хүнсний агуулах бусад байгууламж барих, цэргийн хүнд техникийг сэлбэх, засварлах зэрэг ажлыг гүйцэтгүүлж байжээ. Германы их гүн ухаантан В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж нэгэн алдарт бүтээлдээ хэлсэн байдаг нь монголчуудын гени ямар их агуу түүхэн уламжлал, потенциалтай гэдгийг дэлхий үнэлж байсны тод гэрч мөн билээ.
    Үндэсний инженер техникийн болон эрдэмтдийн хүчийг нэгтгэн төвлөрүүлж эдийн засгийнхаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, зорилго тавин, шаардлагатай санхүүжилтээр хангаж чадвал манай Монгол Улс ойрын хугацаанд сэргэн босож ирэх боломжтой. Үүний нэгээхэн баталгаа нь хэдэн жилийн өмнө МОНЭЛ фирмийн инженерүүд Монголын ориг компьютер зохион бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улс 2200 жилийн түүхэндээ анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Энэ инновацийн багахан үйлдвэрийг босгоход Монгол Улс нийтдээ тав орчим сая ам.доллар зарцуулсан байдаг.
    Эдийн засгаа инновацижуулж чадахгүй бол биднийг одоо нэрвэгдээд байгаа ядуугийн зовлон дээр оюун ухааны хоосрол нэрмэж Монгол Улс маань оршин тогтнох, цаашид бидний генийг, хөх толбыг өвлөн Мөнх тэнгэрийн дор түмэн жил алтан жолоог залах ирээдүй хойч маань ямархан нүүр царайтай, хэнбугай болчихсон байхыг тааварлахад үнэхээр аймшигтай.
    Хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрэм “Инновацийг зайлшгүй тохиолдолд л нэвтрүүл” гэж байсан бол өнөөдрийн тоглоомын дүрмийг “Инноваци эсвэл сүйрэл” гэж томьёолохоос аргагүй болж байна.
    Монгол Улс өнөөдөр ямар ч үнээр гэсэн өөртөө шатахуун үйлдвэрлэдэг болох, нүүрснээсээ хамгийн наад захын бордоо, утаа багатай түлш, карбон нийлэг материал, композит материал, нэг квт нь 50 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч, мах, сүү, ноос, ноолуур, барилгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай уур зэргийг гарган авч өргөн ашиглах, нано технологи, супер компьютер, жолоочгүй онгоцны үйлдвэрлэл эзэмших зэрэг ихээхэн өргөн боломж байгааг инновацийн шугамаар нутагшуулан хэрэгжүүлж эхлэхэд 3-5 жилийн дотор л нэг хүнд ногдох ДНБ 10000 долларт хүрэх бодит боломж нээлттэй байгааг Шинэ Засгийн газрын тэргүүнийхээ анхааралд хандуулж, өөрт чинь “Инновацийн засаглал” хэрэгжүүлэх түүхэн хариуцлага тулж ирээд байгааг анхааруулаад эхний яриагаа дуусгая.
    Эцэст нь, бидний ганц тонныг нь 50 ам.доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь хагас сая ам.доллараар үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан нисэх онгоц, усан онгоц, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал нэгэн материал байж л байгаа юмсан даа.

    2015 оны 5 дугаар сарын 2.
    Улаанбаатар хот

  • Минжингийн БОЛОРЦЭЦЭГ- Монголын үлэг гүрвэлийг дэлхийд таниулсан нэрт палеонтологич

    Нэрт палеонтологич, Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал

    Монгол Улсын үлэг гүрвэлийн судалгааг хийж олон улсад таниулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хулгайлагдсан Батаарыг Монголдоо авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Монголын говьд Үлэг гүрвэлийн музей, парк байгуулж жуулчдыг татах, ирээдүйн дэлхийн хэмжээний Монгол палеонтологичдыг бэлдэх зорилготой ажилладаг.

    1996 онд ШУТИС, Геологийн сургуулийг Эрэл хайгуулын инженер мэргэжлээр бакалав;
    1997 онд ШУТИС, Геологийн сургуулийг Палеонтологийн магистр зэргийг Монголын эртний шүрийг судалж хамгаалсан;
    2005 онд Нью Иорк хотын их сургуулийн философийн магистр зэрэг;
    2007 онд Америкийн Байгалийн түүхийн музейд Монголын Цэрдийн галвын хөхтөн амьтдыг судалж докторын зэрэг тус тус хамгаалсан.
    2008 онд Монтана мужийн их сургуульд судлаач;
    2009 онд Өмнөд Жеоржийн их сургуульд профессор;
    2010 оноос Шинжлэх ухааны академийн Нью Иорк хот дахь суурин төлөөлөгч;
    2009 оны Wings WorldQuest олон улсын байгууллагын Тэргүүний эмэгтэй эрдэмтэн шагнал;
    2010 оны АНУ, Үндэсний газар зүйн нийгэмлэгийн залуу эрдэмтэн шагнал;
    2007 онд Монголын динозавр судлалын хүрээлэнг байгуулж, захиралаар нь ажиллаж байна.

    Монголын динозавр судлалын хүрээлэнгийн зорилго нь палеонтологийн шинжлэх ухааныг олон нийт, хүүхэд залуучуудад танин мэдүүлж, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах, ирээдүйн палеонтологчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, Монголдоо палеонтологийн музей байгуулахаар зорин ажиллаж байна.

    2009, 2010, 2012 онд тус хүрээлэн нь говийн хүүхдүүд, багш, Улаанбаатар хотын музейн ажилтнууд, багш, АНУ-д суугаа Монголчууддаа зориулж “Говийн динозавр”, Музейн динозаврууд” гэсэн танин мэдэхүйн сургалт, хээрийн болон музейн аялалууд зохион байгуулсан. Мөн магистрын тэтгэлэг 6 оюутанд өгч, 2 оюутныг АНУ-д сургаад байна.

    Ярилцага унших

    https://www.facebook.com/bolortsetseg.minjin

  • М.БОЛОРЦЭЦЭГ: МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙД ХОВОРХОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ, ПАРКИЙГ ГОВЬДОО БАЙГУУЛЖ ЖУУЛЧДЫГ ТАТАХ БОЛОМЖТОЙ

    Монголын Динозавр судлалын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Минжингийн Болорцэцэг

    – Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

    МБ: Сайн, сайн байна уу? Юуны өмнө emegteichuud.mn сайтын хамт олонд болон, нийт сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Минжингийн Болорцэцэг гэдэг. ШУТИС-ын геологийн инженерийн ангийг дүүргэсэн. Харин магистрын зэрэг сээр нуруугүйтэний амьтаны чиглэлээр хамгаалсан. Докторын зэрэгээ “80 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хөхтөн амьтан” гэсэн сэдвээр хамгаалсан. Одоо Америкт багшлахынхаа хажуугаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байна.

    – Хүрээлэнгээ ямар зорилгоор байгуулав?

    МБ: Монголын динозавр судлалын хүрээлэн маань …. онд байгуулагдсан, төрийн бус байгууллага. Байгуулах болсон гол шалтгаан нь Монголын палентлогийн шинжлэх ухаан, олдвор үнэхээр хэцүү байдалд байгаа. Олдворын хувьд ярихад, олдворыг хууль бусаар гадаад руу гаргаж зарах, ашиг хонжоо олох асуудал гарч байгаа. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал, хоёрдугаарт шинжлэх ухааны хувьд боловсон хүчний асуудал, энэ нь би докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтдийн хувьд ярьж байгаа хэрэг юм. Ийм хүмүүс Монголд асар дутагдалтай байна. Шинжлэх ухаан маань удаан хөгжиж байна. Манай орны материал дээр гадныхан их давамгайлж ажиллаж байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж зорилготойгоор энэ ТББ байгууллагаа байгуулан ажиллаж байнаа. Манай хүрээлэнгийн уриа “Монголын палентлогийн ирээдүй”. Монголынхоо материал дээр Монголчууд өөрсдөө ажилламаар байна. Бас Монголын палентлогийн ирээдүйд залуу боловсон хүчнүүдийг дэмжиж, дэлхийн хэмжээнд гаргаж, энэ чиглэлээр хөгжил нь харьцангуй дээгүүр байгаа орнуудад эрдмийн зэрэг хамгаалуулах зорилготой.

    – Палентлогичдийн хувьд ажлын байр хир олдоцтой байдаг юм бол?

    Энэ үнэхээр чухал асуулт байна. Ажлын байрны хувьд учир дутагдалтай. Улсын чанартай газруудад ажилд орох нь хэцүү, орчихлоо гэхэд цалин, хангамж, ажиллах орчин муутай. Манай ТББ-ын бас нэгэн том зорилго бол палентлогичидоо ажлын байртай болгох. Энэ нь эцэстээ музей байгуулах явдал юм. Музей байгуулчихвал сургалт, судалгаагаа аль алиныг нь хослуулаад хийж болно гэсэн. Музей байгуулах бас нэгэн том шалтгаан бол одворуудыг хадгалах, байрлуулах хэрэгтэй байна. Гадагшаа гарсан гээд байгаа олдворуудаа буцааж авчирах, авч ирлээ гэхэд агуулах газар алга. Ингэхээр бүх зүйл музейтэй холбоотой болж байгаа юм.

    – Олдворууд гадагшаа гарсан гээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Энэ тал дээр хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байна уу?

    Мэдээж зохицуулалт байгаа л байх. Гэрээ хэлэлцээр хийсний дагуу, сургалт судалгааны зорилготойгоор олдворыг гадагшаа гаргаад, тодорхой хугацааны дараа буцааж авч ирэх ёстой. Гэтэл зарагдах асуудал гардаг. Энэ бол яахын аргагүй хууль бус зүйл. Гадагшаа гаргасан олдворуудыг хэн хэзээ ямар зорилготойгоор хэдэн ширхэгийг гаргасан, цаашлаад ямар байгууллага хариуцаж гаргасан нь тодорхой байх ёстой. Харин хувийн ашиг сонирхлоор, мөнгө олох зорилготойгоор гадагшаа гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол үнэхээр “аймшигтай” асуудал. Үүнийг төр засаг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Манай ТББ ч бас үүний эсрэг тэмцэж ажиллах зорилготой.

    – Динозавр судлахын ач холбогдол ер нь юу юм бэ?

    Энэ бол маш том шинжлэх ухаан. Тэр дундаа Монголын хувьд маш чухал. Учир нь гэвэл манай оронд олдворууд нь ихээр олддог, бараг шинэ шинжлэх ухааны салбар гэж хэлж болно. Музейгээ байгуулаад олдворуудаа хадгалж хамгаалаад эхэлчих юм бол маш том боломжууд нээгдэх гээд байна. Музей бол гэр бүлийн, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий орчин юм. Динозавраар дамжуулаад олон зүйлийг танин мэдэх боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн хувьд динозавр гэхээр бүх зүйл нь сонирхолтой санагддаг. Түүнийг улам илүү мэдэх юмсан, харах юмсан гэсэн тэмүүлэлтэй болж байдаг. Танин мэдэхүйн хувьд ийм ач холбогдолтой. Харийн эдийн засгийн хувьд бас л томоохон ач холбогдолтой. Сургалт судалгаагаа эх орондоо хийчихнэ.Олдворуудыг үзэх гэж жуулчид ирэх боломжтой. Жуулчидыг дагаад, орчуулагч жолооч гээд ажлын байр бий болно. Ер нь музей байгуулах нь их олон ач холбогдолтой болж байна. Ийм учраас л олдворт газруудаа хамгаалах хэрэгтэй. Орон нутагт нь музейг нь байгуулж болж байна. Монголын хилээр Эрээн рүү гарахад, замын хажуу талаар хиймэл динозавры парк байгуулсан байдаг. Үүнийг бас бодох хэрэгтэй. Гэтэл манай орон чинь хэдэн сая жилийн өмнөх амьтадын өлгий нутаг гэгддэг. Хийх ажил, бодох зүйл их байна. Эртний амьтадын ул мөр, олдвор манай орны нэлээд олон аймгаас олддог. Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэх мэт. Эдгээр аймгуудад нь яагаад музей байгуулчихаж болохгүй гэж. Үүнийг засгийн газар цогцоор нь авч үзээд, ямар нэгэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсч байна. Бид ч үүнд дуу хоолойгоо хүргэх гэж чадан ядаж ажиллаж байна.

    – Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш ямар ямар ажил хийж амжуулав?

    Нилээд хэдэн ажил хийсэн. 2007 онд Өмнөговь аймагт, Динозаврын танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт хүмүүст маш их таалагдсан. Олдворуудтай нэг нутагт зэрэгцэн амьдарч байгаа, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэж чадсан. Ингэснээр тэд өөрсдийн нутаг орноор бахархах гээд олон талын ач холбогдолтой. Сургалтын гол зорилго нь динозаврыг танин мэдэхээсээ илүүтэйгээр хамгаалах талыг нь илүүд зааж сургах явдал байсан юм. Дараа нь музейн ажилтануудад хотод сургалт зохион байгуулсан. Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “музейн хайрцаг” хоёр ширхэгийг хийж нэгийг нь Өмнөговь аймгийн музейд, нөгөөг нь Байгалийн түүхийн музейд байрлуулан ажлуулж байгаа. Энэ нь хүүхдүүдэд танин мэдэхүйн үнэхээр их ач холбогдолтой.

    – Таны юунд санаа зовдог, бас зорилгын талаар ерөнхийдөө ойлголоо. Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулаад эмэгтэй хүн палентлогич байхын сайхан бас хэцүү талуудын тухай яривал?

    Энэ мэргэжил өөрөө хэцүү хүнд мэргэжлүүдийн нэг л дээ. Ер нь олон улсын практикт энэ мэргэжил нь эрэгтэйлэг буюу эрчүүд ихээр эзэмшдэг тийм мэргэжил. Миний хувьд энэ мэргэжил рүү аав маань хөтөлсөн. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай. Тиймдээ ч амжилттай ажиллаж, докторын зэргээ хамгаалаад байна. Эмэгтэй хүнийхээ хувьд олон өдөр сараар гэрээсээ хол явна гэдэг асар их тэсвэр тэвчээр шаардана. Тэр бүхнийг давж туулах л болдог. Гэхдээ би эрчүүдээс дутахааргүй ажилладаг. Эмэгтэй хүн энэ мэргэжилээр ажиллахын давуу тал гэвэл олдвортой харьцахдаа маш нямбай ханддаг. Эвдэж гэмтээхгүйн тулд эмэгтэй хүнийхээ нягт нямбай зангаа гаргадаг юм болов уу?

    – Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа охидуудад хандаж зөвлөөчээ гэвэл та юу зөвлөх вэ?

    Хамгийн гол нь энэ мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Бас энэ мэргэжлийнхээ сайн сайхан, хэцүү бэрх талуудыг нь танин мэдсэн байх хэрэгтэй. Дөнгөж дунд сургуулиа төгсөж байгаа охидод, энэ мэргэжлийн талаар манай байгууллага зөвлөгөө өгдөг. Эмэгтэйчүүд бид чинь хичээвэл юуг ч хийж бүтээж, даван туулж чаддаг хүмүүс. Тэгэхээр мэргэжилдээ дур сонирхолтой байх нь чухал даа.

    – Палентлогич эмэгтэй хүний бахархалтай зүйл юу вэ?

    Миний хувьд хамгийн гоё нь шинэ олдвор олох. Бас хээр хөдөө ажиллахад маш сонирхолтой байдаг. Эрчүүдээс дутахааргүй тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, шинэ олдвор олж илрүүлэх тэр үед өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг дөө.

    -Палентлогийн шинжлэх ухааныг монголд хөгжүүлэх арга замууд юу байна вэ?

    Би түрүүнд хэлсэн. Монгол орон бол эртний амьтадын өлгий нутаг. Олдвороор маш баялаг. Төрийн бодлогондоо оруулаад, засгийн газраас жаахан сэтгэл гаргаад дэмжээд өгвөл хөгжил аяндаа ирнэ. Хийе бүтээе гэсэн чин хүсэл бидэнд байна.

    – Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: http://www.emegteichuud.mn/

  • Б.Намираа: Сонсголгүй хүүхдэд багаас нь сайн боловсрол олговол тэд жирийн сонсголтой хүүхдийн түвшинд боловсрол эзэмших боломжтой

    Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэр дундаа 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын хөтөлбөр төдийлөн нарийн, тодорхой байдаггүй.

    АНУ-ын Галлаудетын их сургуулийг сонсголгүй хүүхдийн боловсрол, тэр дундаа 0-3 насны сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол гэсэн нарийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Б.Намираатай ярилцлаа.

    -Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?
    -МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын хичээл заадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар хичээл ордог гэсэн үг. Би эхээс төрөхдөө эрүүл, сонсголтой төрсөн ч 12 настайдаа хүнд өвчин тусч сонсголгүй болсон. Тэгээд 14 настайдаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуульд элссэн юм. Энэ үеэс л дохионы хэлийг сурч сонсголгүй хүний амьдралын зовлон жаргалыг мэдэрч эхэлсэн. Сонсголгүй хүүхдийн хөгжлийн онцлог, саад бэрхшээлийг сайн мэддэг болохоор тэдэнд туслахын тулд энэ мэргэжлийг сонгосон.

    -Та АНУ-ын Галаудетын их сургуульд Монголд байдаггүй нарийн мэргэжлийг эзэмшсэн байна. Олон улсын туршлагаас харахад сонсголгүй хүүхдийн боловсролд хэдэн наснаас нь эхэлж анхаардаг юм бэ?
    -АНУ-ын Галлаудетын их сургууль нь дэлхийн сонсголгүй хүмүүсийн дээд боловсрол эзэмшдэг ганц сургууль. Энэ сургуульд 70 гаруй орны сонсголгүй хүмүүс ирж боловсрол, мэргэжил эзэмшдэг гэж хэлж болно. Галлаудетын их сургуульд Канад, Кени зэрэг улсын парламент, Засгийн газрын гишүүн сурч төгссөн. Ер нь гадаадын улс орнуудын парлемантад сонсголгүй хүмүүсийн төлөөлөл оруулдаг жишиг гараад байгаа. Ингэснээр тэд сонсголгүй хүмүүсийг төлөөлөн, тэдний эрхийн хүрээнд оновчтой хууль батлуулж чаддаг.

    Тухайлбал, Кени улсын парламентийн гишүүн төрөлхийн сонсголгүй Никсон Какири Галлаудетийн их сургуулийг сурч төгссөн. 150 жилийн түүхтэй энэ сургууль нь нийт 2000 гаран оюутантай. Тэгэхдээ тэдгээрийн 40 хувь нь жирийн сонсголтой хүмүүс байдаг. Галлаудет их сургуульд улс төр судлал, бизнес, урлаг зэрэг олон төрлийн мэргэжил олгодог. Би боловсрол судлалын тэнхимд сонсголгүй хүүхдийн боловсролын чиглэлээр суралцсан. Тэнд ер нь сонсголгүй хүүхдийг хүрч болох тэр боломжит түвшин хүртэл хэрхэн хөгжүүлэх вэ, тэднийг жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүртэл хэрхэн сургах талаар нарийн мэргэжлийн арга зүй, техник заадаг.

    Би тэнд дохионы хэлний хэл шинжлэл, тусгай хэрэгцээт боловсролын арга зүй, мэргэжлийн чиг баримжааг онол практик хослуулан сурсан.

    Олон улсын сонсголгүй хүүхдийн боловсрол судлалд сонсголгүй хүүхдийг төрсөн цагаас нь буюу 0 настайгаас нь л анхаарч, тэднийг 0-3 насанд нь хэл сэтгэхүйг нь хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Ер нь 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээл тус бүрээр нь буюу хөдөлгөөний, харааны, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийнх гэх мэтээр тус тусдаа байдаг. Харин манай боловсролын салбарт энэ 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага огт байхгүй. Зарим хүмүүс энэ байгууллагыг яслитай андуураад байдаг. Ясли нь асрах газар болохоос сургалтын байгууллага биш юм.

    -Манайд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

    -Би хувьдаа сонсголгүй хүүхдийн боловсролд анхаарсан бодлого хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагыг нэвтрүүлах хэрэгтэй юмуу гэж боддог. Олон улсад сонсголгүй хүүхдийн боловсролд орчин болох залгамж холбоог чухалчлан үздэг. Тухайлбал: 0-3, 3-6 насныханд зориулсан цэцэрлэг болон 1- 12 ангийн ЕБС-ийг бүгдийг нь нэг хотхонд төвлөрүүлэн байгуулахыг зөвлөдөг. Гэтэл манайд 29-р сургууль гээд нэг газар, 186-р цэцэрлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт сонсголгүй хүүхдээ хамруулаад нөгөө газар байгуулчихсан, дээр нь 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын байгууллага ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын буруу системтэй, дээр нь боловсролын залгамж холбоо алга байна. Сонсголгүй хүүхэд 186-р цэцэрлэгт дохионы хэлээ сайн сурдаг боловч 29-р сургуульд элсэхэд багш нар нь дохионы хэлээр ярихыг хориглож зөвхөн бичих, амны хайрцагнаас унших хэрэгтэй гэж үздэгээс хүүхэд цэцэрлэгт сурсан хэлээ мартаж эхэлдэг. Үнэндээ манай улсад 0-3 насны сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллага байхгүйгээс сонсголгүй хүүхдүүд хэлээ сурах сайхан цагаа алчдихдаг. 29-р сургуулийн 1-р ангид орж байгаа хүүхдүүд харахад л долоон настай боловч хэл сэтгэхүйн хөгжил нь нэг настай хүүхдийнхтэй адилхан байдаг. Тэд өөрсдийн төрөлх хэл буюу дохионы хэлээ огт сураагүй учраас огт хэл байхгүй, наад захын харилцааны мэдлэг чадваргүй байдаг. Үүнээс болж уг хүүхэд хохирч өөрт тохирсон боловсрол эзэмшиж чадахгүй болдог.

    -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа, бичгийн чадвар муу байх нь бий. Үүнийг сайжруулахын тулд боловсролын салбар хэрхэн анхаарах ёстой бол?
    -Ер нь бол сонсдог үгүйг үл харгалзан бүх хүүхэд байгалиас заяасан хэл сурах төрөлхийн чадвартай байдаг. Энэ чухал үе нь хүүхдийн төрсөн цагаас 4-6 нас хүртэл үргэлжилдэг. Яг энэ үед нь сонсголгүй хүүхдэд дохионы хэлийг нь маш сайн эзэмшүүлэх буюу эх хэл нь болгон сургах ёстой юм. Хэрэв энэ чухал үед нь хүүхдэд хэлийг нь сургахгүй алдвал тэр хүүхэд хэзээ ч хэлээ төгс сурдаггүй болохийг олон жилийн судалгаа баталсан байдаг. Тиймээс манайд сонсголгүй хүүхдийг 0-3 насанд нь сургах газар хэрэгтэй байна. Хэрэв энэ л насанд нь дохионы хэл сургаж чадвал тэд цаашид жирийн хүүхэдтэй ижил түвшинд сурч боловсрох боломжтой болох юм. Харамсалтай нь манай боловсролын системийн гажуудлаас болж сонсголгүй хүүхдүүд аль хэзээний хэлээ сурахаасаа өнгөрсөн буюу 7-8 насандаа сургуульд орж байна.

    -Манайд хэдэн насанд нь дохионы хэлийг заадаг юм бэ?
    -186-р цэцэрлэгийн хүүхдүүд тэнд орсон цагаасаа дохионы хэлээ сурдаг. Гэтэл 29-р сургуульд дохионы хэлийг хэл гэдэг утгаар нь албан ёсоор 6-р ангиас нь эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл, 29-р сургууль нь хүүхдийг 1-р ангид ороход нь хэлийг нь заахгүй харин бичиж уншиж, амны хайрцагнаас харж ойлгодог болгоход анхааран ажилладаг. Огтын хэл байхгүй хүүхдэд бичиг үсэг заана гэдэг үнэндээ хэцүү, маш хүнд ажил. Сонсголгүй хүүхдийн гол харилцааны хэрэглэгдэхүүн нь дохионы хэл. Дохионы хэл хэрэглэхгүйгээр зөвхөн амны хайрцагнаас уншаад тэр хүүхэд боловсрол эзэмшинэ гэж байхгүй. Манай улсад ядаж л цэцэрлэг, сургууль аль алинд нь дохионы хэлийг хэрэглэж хүүхдийн боловсролын залгамж холбоог бий болгомоор байна.

    -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд дохионы хэл нь боловсрол эзэмших чухал хэрэгсэл нь мөн үү?
    -АНУ-д сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарч, хүүхдийн тусгай хэрэгцээ, боловсролын чанарыг хуулиндаа нарийн зааж өгсөн байдаг. Тиймээс сонсголгүй хүүхдүүд өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд жирийн сонсголтой хүнээс огт ялгаагүй үүрэгтэй оролцож чаддаг. Тэнд эрт оношлогооны систем буюу хүүхдийг төрсний маргааш нь сонсголын бэрхшээлтэй эсэхийг оношилдог хууль байна. Хүүхдийг сонсголгүй болохыг мэдсэн дариуд дохионы хэл сургах үйл ажиллагааг эхлүүлнэ. Сонсголгүй хүүхдийн бүх шатны боловсролын байгууллага буюу цэцэрлэг, сургуульд хичээдийг 100% дохионы хэлээр заадаг.

    Манай улсад дохионы хэлийг хэл биш зангаа гэж ойлгоод байдаг. Монгол Улсын хэмжээний сонсголгүй хүүхдийн ганц сургууль нь амны хайрцагнаас уншуулах арга зүйг хэрэглэдэг тул Монгол дохионы хэл нь өндөр түвшинд хөгжиж чадаагүй л дээ. Гэхдээ манайд дохионы хэлийг цэцэрлэг, сургууль аль алинд хэрэглэж, хоорондын уялдаа холбоог нарийн сайн болгож чадвал сонсголгүй хүүхдийг ч, Монгол дохионы хэлийг ч хөгжүүлэх боломж нь бий. Дохионы хэл нь яагаад чухал байдаг вэ гэхээр энэ нь хүүхдийн эх хэл, суурь хэл нь болж өгдөг. Хүүхэд эх хэлээ хэдийн чинээ сайн эзэмшинэ төдий чинээ 2, 3 дахь хэлээ сурах, мэдээлэл олж авах, сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжтой болно. Тухайлбал, АНУ- д сонсголын бэрхшээлтэй хүүхдэдтэй төрсөн цагаас нь л дохиогоор харилцаж хэлийг нь сургаснаар тэр хүүхэд ердөө долоо, найман сартайдаа дохиогоор ярьж эхэлдэг. Бүр өгүүлбэрээр ярьдаг. Жишээ нь, “тэр мод байна”, “энэ бол арслан” гэх мэт. Жирийн сонсголтой хүүхэд аман ярианы хэл дээрээ тулгуурлан бичгийн хэл, гадаад хэл сурдаг бол сонсголгүй хүүхэд суурь дохионы хэл дээрээ тулгуурлан тухайн улсынхаа бичгийн хэлийг хоёрдогч хэлээ болгон сурдаг. Тиймээс дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдаг байна.

    Эх сурвалж: Зууны Мэдээ сонин

  • Балжиннямын НАМИРАА

    Б.Намираа нь 12 настай байхдаа өвчний улмаас сонсголоо бүрэн алдсан. 2005 онд МУИС-ийг Эх бичиг судлаач, Төвдөч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2007 онд МУБИС-ийг Боловсрол судлаач мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. 2009- 2013 оны хооронд АНУ-ын Галлаудет их сургуульд суралцаж Тусгай хэрэгцээт боловсрол (нарийн мэргэжил нь сонсголгүй хүүхдийн ерөнхий боловсрол, заах аргазүй) болон Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсролоор 2 мастер зэрэг хамгаалсан. Тэрээр сонсголгүй хүүхдийн хос хэл, соёлын боловсролын болон эрт оролцооны боловсролын Монгол Улсын хэмжээний цор ганц мэргэжилтэн юм.

    “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, түүний боловсрол” номын зохиогч

    Тэрээр Үндэсний номын санд төслийн ажилтан, МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байсан. Тэрээр Монголын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын түвшин дэлхийн чиг хандлагаас хэдэн арван жилээр хоцорч, тэр хэмжээгээр мянга мянган сонсголын бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд хохирч үлдэж байгааг сонсголгүй хүүхдийн тусгай 29-р сургуульд сурч байх үедээ ажиглан мэдэж тэрхүү хоцрогдмол байдлыг халж Сонсголгүй хүүхдийн боловсролыг шинэ шатанд гаргаж олон зуун сонсголгүй хүүхдүүдийг бүрэн чадамжаараа суралцаж мэдлэг чадвар, оюун сэтгэхүйн хувьд жирийн сонсголтой иргэдийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна.

    Тэрээр Галлаудет их сургуульд мастер хамгаалсан бүтээлээрээ төсөл боловсруулж “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ- тай хамтран 2014 оны 9-р сараас Монголын анхны Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсрол болон 29-р сургуулийн бага ангид “хос хэл, соёлын арга зүй”-н ангиудыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) буцалтгүй тусламжаар нээн ажиллуулж байна. Төслийн хамт олон болон USAID байгууллага нь уг шинэ тутам боловч олон улсын жишиг, чиг хандлагад нийцсэн сонсголгүй хүүхдийн эрт оролцоо, хос хэл, соёлын арга зүйг цаашид нутагшуулан хөгжүүлж, улам өргөжүүлэн дэлгэрүүлэхээр хичээн ажиллаж байна.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/Namiraausa

  • Доржсүрэнгийн БОЛДБААТАР- Хятад судлаач, нэрт орчуулагч

    Нэрт орчуулагч, доктор, профессор

    Д.Болдбаатар нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд МУИС-ийг хятад судлаач мэргэжлээр, 1992 онд БНХАУ-ын Шань Дуны их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Төгссөн жилдээ МУИС-д нэг жил ажиллаад 1987 онд Монголын Радиогийн хятад хэлний редакцид орчуулагч редактороор ажиллаж эхэлсэн.Боловсролын байгууллагад 16 жил ажиллаж байгаагаас энэ хамт олны дотор 12 жил ажиллаж байна.1998 онд Дорно Дахины дээд сургуулийн дэргэдэх гадаад хэлний тэнхимийг үүсгэн байгуулж, 2001 оноос тус сургуулийг бие даасан сургууль болгон үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл зөвлөх багшаар ажиллаж байна.

    Д.Болдбаатар нь тус сургуулийг удирдах хугацаандаа түрээсийн байранд 2 жил хичээллүүлж, 2002 онд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт одоо байрлаж байгаа барилгыг 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр худалдан авч өөрийн байртай болгож, дээрх хөрөнгийн эх үүсвэрийг сургууль хөгжүүлэх үүсгэн байгуулагчийн сангаас болон сургуулийн үйл ажиллагааны ашгаас төлөх талаар санаачлагатай ажиллаж, богино хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулсан билээ. Үүний зэрэгцээ сургуулийн стратеги төлөвлөгөө, мастерт төлөвлөгөөнд тусгагдсан сургуулийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу сургуулийн эргэн тойрны 5700м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2004 оны 05 сарын 27-ний өдрийн 113 дугаар захирамжаар өөрийн эзэмшилд авч, сургуулийн шинэ барилгын ажлын үндсийг тавиад байна.

    Манай сургууль нь хятад хэлний сургалтаар сүүлийн 5 жил дараалан амжилт олж, Улсын олимпиадад 3 удаа тэргүүн байр, 1 удаа 3-р байрны шагнал авч, Олон улсын хятад хэлний “Гүүр” олимпиадад 2 удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон, өөрийн сургалтын системийг бий болгож, дээд боловсролын системд байр сууриа олж чадсан сургууль билээ.

    Д.Болдбаатар нь сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг зөв зохистой удирдлагаар хангаж, өөрийн гэсэн сурогалтын тогтсон арга барилтай болж ирлээ. Сургалтын ажлын хажуугаар эрдэм шинжилгээний болон орчуулгын олон бүтээл туурвиж байгаа билээ. Түүний сүүлийн уран бүтээл 2011 онд орчуулагдсан “Чонон сүлд” роман нь 2011, 2012 оны шилдэг бүтээл болж шалгарлаа. Мөн

    Түүнчлэн монголынхоо зохиолчдын зохиол бүтээлээс хятадын ард түмэнд танилцуулах зорилгоор Д.Нацагдоржийн “Ламбагуайн нулимс”, “Соѐлыг гайхав” зэрэг олон зохиолчдын өгүүллэгийг монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгээр радио зохиомж болгон нэвтрүүлсэн байна. Мөн хятад хэлнээс Хуань Жу гэг 24 ангит телевизийн кино зэрэг олон арван киног орчуулан монгол түмэндээ танилцуулсан байна. Мөн эрдэм шинжилгээний бүтээл “Кино орчуулгын уран чадварын асуудал” сэдвээр хамгаалсан бүтээл нь олон арван залуу орчуулагч нарт үнэт гарын авлага болон хэрэглэгдэж байна. Мөн “Гадаад хэл төгс сурахуйн нууц” бүтээл нь гадаад хэл судлаж буй олон хүмүүсийн ширээний ном болжээ.

    Д.Болдбаатар нь гэр бүлтэй, ам бүл-3. Эхнэр С.Туяагэрэл нь тус сургуулийн захирал, охин Б.Билгүүн “Наматик” ХХК-д ахлах аудитаар ажиллаж байгаа. Ял шийтгэл хүлээж байгаагүй. 1995 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Зан харьцааны өндөр соёлтой, өргөн мэдлэгтэй, бусдыгаа хүндэтгэж, өөрийгөө хөгжүүлэх монгол ухааныг дээдэлж, заах арга, сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглаж чаддаг, оюунлаг сэхээтний нэг юм.

  • МОНГОЛЫН АВЬЯАСЛАГ УРАН БҮТЭЭЛЧИД

    ЗУРААЧ БАДАМЫН ОТГОНТҮДЭВ

    БАРИМАЛЧ А.ОЧИРБОЛД

    КУРАТОР Ц.ЦЭНДПҮРЭВ

    ЗУРААЧ Б.БОЛД Монгол кино нэгтгэлийн ерөнхий зураач

    ФОТО ЗУРАГЧИН С.ЦАЦРАЛТ

    БАЛЕТЧИН АЛТАНХУЯГ

    ЗУРААЧ ГЭРЭЛ

    АЛДАРТ ХӨӨМИЙЧ Н.СЭНГЭДОРЖ

    ЖҮЖИГЧИН Р.АНХНЯМ

    ЯТГАЧ Ч.МӨНХ-ЭРДЭНЭ

    ЗУРААЧ Р.БАТЦЭНГЭЛ

    КИНО ЗОХИОЛЧ Л.ТАВАНБАЯР

    ДУУЧИН Б.АМАРХҮҮ

    ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВ

    БАРИМАЛЧ Л.ГАНТӨМӨР

    ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН

    НАЙРУУЛАГЧ Н.НАРАНБААТАР

    ӨВ СОЁЛ СУДЛААЧ, ПРОДЬЮСЕР Д.ГАНПҮРЭВ

    ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ЧИНБАТ

    ИМИЖ СУДЛААЧ Ш.МАНДАЛМАА

    ЗУРААЧ Н.ОРХОН

    ДУУЧИН С.ЖАВХЛАН

    ДИЗАЙНЕР Д.АРИУНДЭЛГЭР

    ДУУЧИН, ХӨГЖИМЧИН Б.БАТ-ӨЛЗИЙ

    ЗУРААЧ Э.ОТГОНБАЯР

    УРАН БАРИМАЛЧ, ШОГ ЗУРААЧ Н.ОРГИЛ

    ЦААСАН УРЛАЛ Д.ОДГЭРЭЛ

    ЗУРААЧ ҮРЖИНХАНД, ХОНГОРЗУЛ

    ДИЗАЙНЕР Ү.ЮМЖИР

    ЗУРААЧ ВАНДАНГИЙН УНДРАА

    КЕРАМИК УРЛААЧ У.ОДМАА

    ДИЗАЙНЕР Ц.ОЮУНАА

    ХАРАНГА ХАМТЛАГ

    ЗУРААЧ ГАНБААТАР

    ЗУРААЧ А.ЧАДРААБАЛ

  • Content Summit Mongolia | Дэлхийд өрсөлдөх Монгол контентыг бүтээе! 2015/12/03

    “Дэлхийд өрсөлдөх Монгол контентыг бүтээх талаар хэлэлцэж, шийдэл гаргах” зорилго бүхийМонголын контент үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор чуулах хамгийн том, хамгийн олон оролцогчидтой “Content Summit Mongolia” арга хэмжээ 2015 оны 12 сарын 03-нд МҮЭСТО-нд болно.
    -> Мэдээ
    -> Кино
    -> Видео
    -> Дуу хөгжим
    -> Комик, анимэйшн
    -> Дизайн, гэрэл зураг
    -> Ном
    -> Сошиал медиа контентийн салбарынхан бүгд нэг дор чуулна.

    Арга хэмжээг дэмжигч, хамтран зохион байгуулагч
    Mongol Content LLC Bloomberg TV Mongolia Maxima Consulting

    Дэмжигч CreativeMongolia

    Бүртгэл => www.contentsummit.mn