Author: admin

  • “МОНГОЛ БЭЛЭГ” АЯН

    #МонголБэлэг уриалгыг 2011 оноос хойш жил бүр олон нийтэд хүргэж үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ дэмжих сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.


    ЦАГААН САРААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ

    Монгол хүн Цагаан сараа элбэг дэлбэг гаргавал тэр жилдээ баян явна гэж үздэг учраас өр шир тавиад ч хамаагүй 2’000’000- 10’000’000₮ зарцуулна. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа байдаг. Энэ цагаан сараар ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжье. Чихэр боов, жигнэмэг, ундаа, махан бүтээгдэхүүн, ногоо, сүү, цагаан идээ, бээлий, гутал, оймс, энгэсэг, тос, саван, тоглоом, утасны нэгж, ном, СД гээд л Монголчуудын хийж байгаа болон хийж чадах маш олон зүйл байна. Цагаан сарын үеэр эргэлтэнд ордог олон тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрээ дэмжихэд зориулъя гэсэн санаачлагыг гаргаж та бүхэнд хүргэж байна.

    МОНГОЛ ХҮНИЙ бүтээл, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжээд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя. Үндэсний үйлдвэрлэлээ МОНГОЛ ХҮН л дэмжиж хөгжүүлэхгүй бол шар шүдтэн толгойтнууд дэмжээд хөгжүүлжихнэ гэж худлаа. Эх оронч гэж хашгиралгүйгээр, зүгээр л МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖИХ СЭТГЭЛГЭЭтэй байя. Эрээнд Монголын шилдэг оёдолчдыг хөлслөөд Монгол дээлийг олноороо үйлдвэрлэж байгаа гэнэ. Бид монгол дээл, монгол гэрээ арай ч Эрээнээс худалдах авах дээрээ тулаагүй байлтай.

    БЭЛЭГНИЙ ХУВИЛБАРУУД:

    1. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм авч чаддагүй. Хямд юм өгөх гээд Эрээний оймс, цамцхан өгөхийн оронд мөнгийг нь шууд өгчихөж болно. Хүүхдүүд цуглуулж байгаад өөртөө хэрэгтэй юмаа аваг.
    2. Бэлгийн карт, хадгаламжийн карт, утасны нэгж, ном гэх мэт гоё соёлтой бэлэгүүд байж болох юм.
    3. Эрээний цоорхой оймс 500₮. Янмалын монгол оймс 1000₮. Эрээний таавчиг 3000₮, монгол эсгий углааш 5000₮. 5, 10₮-ий зөрөөг биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа монголчууд нь олон монголыг тэжээж байгааг тооцох хэрэгтэй.
    4. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм бэлэглэх гэхээр хэцүү. Гэр бүлийг гишүүн бүрт хямдхан чанаргүй юм өгөхийн оронд гэр бүлд нь хэрэгтэй 1 том бэлэг өгдөг байж бас болох юм.

    ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛҮҮД: Цагаан сар өнгөрсөн хойно Эрээнийг бид хөгжүүллээ гээд л халаглах биш харин өмнө нь иргэдэд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг төлөвшүүлэх мэдээ, нэвтрүүлгийг хүргэх, Цагаан сараар бэлэглэж болох монгол бүтээгдэхүүнүүдийн талаар “Монгол бэлэг” цуврал нэвтрүүлэг хийж хүргэх.

    ИРГЭД: Үндэсний үйлдвэрлэлийн талаар мэдлэг, мэдээлэлээ хуваалцаж, гэр бүлээрээ ярилцаж Цагаан сараараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шийдвэр гаргах.

    БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД: Ажилчид тэдгээрийн гэр бүл, ахмад настануудад бэлэг сонгохдоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих.

    ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: Цагаан сард зориулсан бэлэгэнд өгч болохоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сайн хүргэж мэдээлэх, Цагаан сард зориулсан шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олноор нь гаргах. Нэгдсэн, задгай худалдааг олон нийтийн газруудад тогтмол зохион байгуулах.

  • “Өнөөдөр” сонины УРЛАНд зочиллоо

    “Өнөөдөр” сонины Урлан буланд зочилж ярилцлага өглөө. Та бүхэн сонирхоорой. Уран бүтээлч биднийг дэмжиж урлагийн мэдлэг мэдээллийг түгээж байдаг “Өнөөдөр” сонины хамт олон болон сэтгүүлч Б.Эгшиглэн-д баярлалаа.

    Б.Эгшиглэн

    Гэнэн томоогүй хүүхдүүд, хацартаа улаа улаа бутруулсан хатан, үүлэн дээгүүр нисэн яваа хүү, энгийн хэрнээ цаанаа л онцгой, баяр баясгалантай өдрүүд. Зураач В.Ундраагийн бүтээлүүдээс энэ бүхэн харагддаг. Өөрөө ч зургуудтайгаа төстэй юм шиг. Яг л хүүхэд адил. “Хүн бүрийн дотор хүүхдийн төрх, зан араншин нь үргэлж байсаар л байдаг гэж би боддог. Амьдралын явцад бид нар хашир сууж, муу санаатай болдог нь тойрох аргагүй үнэн. Гэхдээ тэр дунд хүүхдийн ариун сэтгэл, нандин чанараа хэвээр нь үлдээхийг хүсдэг” хэмээн тэрбээр ярьсан юм.

    _______________________________________________________________________

    -Яагаад зураач болох замыг сонгосон бэ?

    -Зургийн авьяас ааваас удамшсан гэж хэлж болно. Аав С.Вандан маань урлагийн сургуульд сураагүй  чулуун, модон сийлбэр, хайчилбар, уран зураг, монгол зураг, хар зураг, хөрөг зэрэг төрлийг бие даан судалж, уран бүтээл туурвиж байсан. 30 гаруй насандаа зургийн сургуульд орох гэсэн боловч нас нь оройтсон гээд тэнцээгүй гэдэг. Аав маань төрөлхийн урлагийн хүн байсан ч тэр үед тусалж дэмжээд, зааж зөвлөх хүн байгаагүйгээс өөр салбар руу урвасан байх гэж одоо боддог юм. Румын улсад цаасны технологийн чиглэлээр сурж, Монголд лаа, ариун цэврийн цаасны технологийг анх оруулж ирсэн хүн.

     -Бүтээлүүд тань их өнгөлөг. Голдуу шар, улаан, ногоон, улбар шар өнгөөр зурсан байх юм.

    -Миний зургийг үзэж буй хүмүүс сайхан энерги аваасай гэж би хүсдэг. Гэгээлэг, тод өнгийг сонгож зурдаг маань тийм учиртай. Хурц, тод өнгө тэмүүлэлтэй, дайчин харагддаг учраас тэдгээрийг сонгох бас нэг шалтгаан болдог юм. Нэг хэсэг бүтээлүүдэд маань улаан давамгайлдаг байсан бол сүүлийн үед шар өнгийг түлхүү хэрэглэж байна. Шар бол нар шиг хурц туяатай, дулаан илчтэй өнгө.

    -Сүүлийн үед урлагийн бүх л салбарын уран бүтээлчид үндэсний уламжлалаа орчин үеийн хэв маягтай хослуулах болж. Та ч мөн тэдний нэг байх аа?

    -Тийм ээ. Даяаршиж буй энэ ертөнцөд өөрсдийгөө илэрхийлэх, хэдэн мянган үндэстнээс ялгарах цорын ганц зүйл нь бидний өв соёл шүү дээ. Уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэхээс гадна мөн монгол үндэснийхээ уламжлалыг үзүүлэхийг зорьдог. Монгол зураг ийм нарийн дүрслэлтэй, хээ угалзтай гэдгээс авахуулаад дээл хувцас, өдөр тутмын амьдралын дүр зураг, ёс заншлаа бүтээлдээ харуулах эрмэлзэлтэй.

    -Бүтээлд тань хэлбэр голлодог уу, эсвэл агуулга чухал уу?

    -Аль аль нь. Заримдаа хэлбэрт түлхүү анхаарахад, агуулга нь голлосон зургууд ч бий. 

    -Таны баатруудыг ажиглахад гэнэн цагаахан хэрнээ хааяа зүггүйтчихдэг сахилгагүй охин санаанд буудаг юм. Та өөрөө тэр хүүхдүүдийн нэг мөн үү. Уран бүтээлчид дотоод ертөнцөө бүтээлдээ идэрхийлдэг шүү дээ?

    -Зураачийг бүтээлээс нь уншиж болно гэдэг дээ. Ямар нэгэн үг яриа, тайлбаргүйгээр өөрийгөө илэрхийлэх, өнгө будганд шингээн харуулдаг нь тэр болов уу. Мэдээж үзэгч миний мэдэрсэн бүхнийг адилхан мэдэрч, хүлээн авна гэж байхгүй л дээ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлан уншина. Тэгэхээр уран зурагт хил хязгаар үгүй байгаа биз. 

    -Тойрог эсвэл дөрвөлжин хүрээн дотор олон хүн зурсан нь ямар учиртай юм бэ?

    -Өглөө босоод хувсаа өмсөнө, нүүрээ угаана, ажилдаа явна гээд л хүний амьдралын өдөр бүр ихэнхдээ адилхан шүү дээ. Тодорхой нэг давтамжтай, тойрогт орсон байдаг. Тэрийг дүрсэлж ингэж зурсан юм. Зургийг маань ажиглах юм бол яг адилхан хоёр хүн олдохгүй. Гар, хөлийн хөдөлгөөн, нүүрний хувирал нь ч давтагдаагүй. Хэдийгээр өдөр бүхэн адил хэмээр урсдаг ч тэр дунд хүн аажим аажмаар өөрчлөгдсөөр байдаг гэсэн санааг илэрхийлсэн юм.

    -Тэрхүү тойрогтоо эргэлдээд л байх уу, эсвэл өөрчлөхийг оролдох нь дээр болов уу?

    -Тойргоо сольж байх хэрэгтэй гэж бодож байна. Нэг л амьдрах юм чинь таалагддаг зүйлсээ бүгдийг нь хийж үзэх нь зөв байх. Амьдрал гэдэг заримдаа шуурга шиг санагддаг юм. Шуурган дундуур алхахад бэрхшээл олон тохиолддог ч тэр бүхнийг давахаас өөр зам байхгүй. Амьдралаасаа жишээ аван хэлэхэд би саяхан нэг тойргоос гарч чадлаа. Өөр нэг тойрогт шилжиж, олон зүйлсийг өөртөө шинээр нээж байна. Энэ нь миний уран бүтээлд  ч нөлөөлж байгаа. Өмнө нь эмэгтэйчүүд, охидыг голлон зурдаг байсан бол одоо илүү өргөн хүрээтэй, аж байдлын чиглэлээр бүтээл туурвиж байна. 

    -Монгол дээлтэй, “сахилгагүй” охидын зураг. Хэзээнээс ингэж зурдаг болов?

    -Би 1998 онд Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийн монгол зургийн ангийг төгссөн юм. Дараа нь 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Тэрнээс хойш олон төрлөөр зурж байгаад 2008 он гэхэд одоогийн энэ хэлбэрээ олсон доо. Хүүхэлдэйн кино байнга үздэг маань ч үүнд нөлөөлдөг байх.

    -Хүүхэлдэйн кинонд тийм дуртай юм уу?

    -Охинтойгоо нийлж суугаад л хүүхэлдэйн кино үзнэ шүү дээ. Одоо бид хоёрын хүүхэлдэйн киноны цуглуулга 270-д хүрсэн байна билээ. 

    -Хамгийн дуртай киноноосоо нэрлээч?

    -“Ну погоди” мөн орос ардын үлгэрээс сэдэвлэсэн дээр үеийн хүүхэлдэйн кинонууд. Одоо бодоход багадаа үздэг байсан тэр кинонууд хүүхдэд их сургамжтай санагддаг юм. Мөн дүрслэл, өнгө зэрэг нь нэг л өөр. Яг л үлгэрийн ертөнц тийм байдаг болов уу гэмээр. Сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонууд хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлдэг юм шиг санагддаг. Жаахан замбараагүй байдал, өнгө мөнгөний шунал, бие биенээсээ давж гарах гэсэн хийрхэл зэргийг харуулдаг нь таалагддаггүй. 

    -Номын чимэг зураг зурдаг уу?

    -Нэг удаа номонд зориулж таталбар зурсан. Яваандаа хүүхдийн зохиолын номын хавтасны зураг зурах бодол бий.

    -Сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

    -Орчин үеийн байшинд нүүдэлчдийг аваад ирсэн. Компьютер, зурагт, дивантай байранд дээлтэй, монгол гуталтай хүмүүс байхаар дүрсэлж байгаа. Энэхүү санаагаа цаашид цуврал бүтээл болгохоор төлөвлөсөн. Өнөөгийн хотын хүмүүсийг гэрт байгаагаар харуулдаг ч юмуу. Амьдралыг арай өөр өнцгөөс харах, эсрэг тэсрэг зүйлсийг холбох, хүмүүсийг янз бүрийн орчин нөхцөлд аваачиж дүрслэх нь ч их сонирхолтой байдаг юм. Уран бүтээлч байхын нэг сайхан нь ч тэр байх. Бодит байдал дээр хүн нисэж чадахгүй. Тэгвэл үүнийг бид дүрсэлж чадна.

    -Та голдуу аз жаргалтай, инээсэн хүмүүсийг зурдаг. Хар бараан талын зураг зурсан тохиолдол бий болов уу?

    -Би амьдралдаа ганц л удаа сөрөг талын зураг зурсан юм. Муухай санагдсан болохоор устгачихсан. 

    -Нэгэнт дотроос мэдрэгдэж байгаа зүйлийг гаргаж ирж яагаад болохгүй гэж?

    -“Аав нь хүний төлөө төрсөн хүн. Олон зүйлээ хүмүүст зориуллаа. Тиймдээ ч амьдрал минь сайхан байгаа юм. Миний охин ч мөн бусдад аз жаргал бэлэглэх сайн зураач болж чадна” гэж аав маань хэлдэг байсан. Амьдрал хэцүү байна, нийгэм ийм тийм байна гээд л олон хүн ярьдаг. Нэгэнт бэрхшээл, зовлон их байхад би бас тэрийг зурж, үзэгчдэд сөрөг зүйлс мэдрүүлэхийг хүсдэггүй ээ. Хүнд муу зүйл өгөх муухай.

    -Ундраагийн уран бүтээлийн ундарга хаанаас оргилдог вэ?

    -Дотроос маань. Эерэг энергитэй, тайван байх үедээ зураг зурдаг. Тийм үед л сайн бүтээл төрдөг болов уу. Зарим хүн нэг зургандаа төвлөрч суусаар дуусгадаг бол би тэгж чаддаггүй юм. Олон зураг зэрэгцүүлж тавиад нэг нь болж өгөхгүй бол нөгөөд нь төвлөрдөг. 

    -Зураг зурахаас өөр юу хийж байна?

    -Бясалгалаар хичээллэж байгаа. Бясалгах үед орчноосоо тасарсан мэт мэдрэмж төрдөг юм билээ. Зарим хүн диваажинг амьдралын дараа байх зүйл гэдэг. Тэгвэл хүн амьдрал дээр ч диваажинг бий болгох боломжтой юм гэдгийг бясалгалд явдаг болсноор ойлгосон.

  • Цагаан морь унасан миний ханхүү

    Чиний ажилч хичээнгүй сэргэлэн зан

     

    Чин сэтгэлээсээ хэлдэг ухаалаг үгс чинь

    Дандаа урагшаа тэмүүлдэг чинь

    Үргэлж  урам зориг өгдөг чинь 

    Маргааш байдаг гэдэгт чинь

    Шүүмж тавьсан үгс чинь  намайг хурцлаж зоригжуулдаг

    Миний хувьд чи багш минь

    Миний хувьд чи хайрламаар эр хүн

    Миний хувьд чи миний мэдэрсэн ухаалаг нэгэн

    Миний хувьд чи хүндлэх хэрэгтэй хүн

    Гараас  чинь атгахад дулаахан байдаг 

    Сэтгэлрүү чинь өнгийхөд халуу төөнөдөг

    Халуун дулаан үгс чинь

    Намайг яг л цэцэг болгодог.

    Зүрхэнд минь цэцэг дэлбээлүүлдэг 

    Увидастай юмаа чи минь 

    Зүрхыг минь  эдгээдэг 

    Анагаагч юмаа чи минь 

     

    2011 он 1 сар
    Аз жаргалын урлан

  • 2010 онд Юу сэтгэж юу бүтээв? Хэтийн зорилго хаана уу? Хэний хүүтэй нөхөрлөв?

    2011 он гарлаа. Шинэ жилүүдэд уригдаж баярлаж хөөрч явахтай зэрэгцээд нэг нас нэмж хүний амьдралын нэгэн хуудас эргэж байгаа учраас бодож тунгаах зүйл бас олон байлаа. 

    4 жил гаруйн өмнө “Яруу сэтгэгч” сонин гаргачихаад, сониноо үүрээд сургуулиудиар зараад явдаг байсан үе бодогдлоо. Эхлэгч нь ямар хүн байдаг вэ гэж хүмүүс асуухаар нь Лувсандорж гээд нэг хүн байдаг юм гэж хэлчихээд л суудаг байж билээ. Өвлийн хүйтэнд сургуулийн коридорт зогсож сониноо танилцуулаад, шөнө нь сониноо бэлдэж дуусгах гэж номын сангийн шалан дээр сонин дэвсээд унтаж байсан үе ч бий. Хотын төв номын сангийн лавлагааны хэсэгт бараг амьдрах шахуу явсан үе ч бий. Хоолныхоо мөнгийг хүртэл хэвлэлтэндээ өгч байж хэвлэдэг байлаа… Гэр бүл, найз нөхөд маань сонин гаргахыг ойшоохгүй, мөнгө олохгүй дэмий балай зүйл хийж байна гээд л нүд үзүүрлэж байсан үе ч бий. Шантармаар, уйлж дуулмаар хүнд хэцүү үеүд байсан.

    Гэхдээ бид хийхээ зогсоогоогүй, бидэнд харсан, зорьсон, чиглэсэн зүйл байсан. Тэрнийхээ төлөө л амьдарсан. Монгол хүнийг соён гэгээрүүлж чадваржуулах гэсэн зорилгоосоо хазайлгүйгээр, уншиж, судалж, мэдлэг чадвартай хүмүүстэй уулзаж, ярилцаж, өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө цаг хугацаагаа зориулж байлаа. За за энэ мөнгө олохгүй юм байна өөр ажил хийе, ашигтай мөнгө олох бизнес хийе гэж хошуурч гүйгээгүй, худлаа яриагүй, өөрийгөө хуурч диплом цуглуулаагүй, шалтаг тоочиж архи ууж орилж хашгираагүй, бухимдаж жагсаж цуглаагүй, хүн луйвардаагүй, урдаас бараа зөөгөөгүй… Зорилготой зоригтой өөрсдийнхөө харсанаар л явсан даа. Хамгийн анх сониноо дэмжиж цалингүй ч хамаагүй ажиллая гэж ирж байсан О.Булганхангай, Г.ЭнхбазарЭ.Жаргалсайхан, Алтангэрэл,Л.Золзаяа, Пүрэвжаргал, Номинзол, Энхчимэг, Ж.Бэгзсүрэн зэрэг анхдагчидаараа бахархаж байгаагаа илэрхийлье.

    Тэр үеэ бодвол одоо ч бага ч болтугай хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй болжээ. Номин холдингЮнителАзи фарма зэрэг үндэсний томоохон компаниудад сургалт зохион байгуулж, хэд хэдэн томоохон төсөл дээр ажиллаа. Саяхан Багануур ХК, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг дарга хүртэл сургалт авъя гэж биднийг урьж байсан. Дэлхийн олон оронд төгсөж ирсэн залуучууд, эрдэмтэн мэргэдтэй санал бодлоо солилцож, чадварлаг, ухаантай найз нөхөдтэй болж монгол хүний хөгжлийн төлөө олон ажлуудыг хамтын хүчээр урагшлуулж явна.

     

    2010 оны хувьд:
    Өөрийн зорилго болох “Монгол хүний хөгжлийн төлөө чадварлаг, хүчирхэг Монгол хүнийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж, амьдарна” гэсэн зарчмынхаа дагуу хүүхдүүд, залуучууд, ажилчин, сэхээтнүүдийн хөгжилд чиглэсэн 30 орчим лекц сургалт, “Эх орны залуус хаа явна” нэвтрүүлгийн 24 дугаар, нэг ном ариутган шүүж, 2 сургамжит аудио цомог бүтээлцлээ. Эх орон телевизийн захирал Ш.Хишигсүрэн, Баатар маарамба, Жааз дуучин Д.Цэцэнбилэг, Олимпын аварга Эрдэнэбаатар, Кино найруулагч Бадамрагчаа, Маркетер Т.Төгөлдөр, Дельта констакшны захирал Эрдэнэбат, Сүрбаатар дүүргийн УНЗ-ийн Тэргүүлэгч Б.Батзориг, Fohowкомпанийн захирал С.Дашдулам, зураач В.Ундраа зэрэг нэр төртэй хүмүүстэй танилцаж, А.Мэнд-Орших, Алтангадасын Солонго, Шийрэв, Ганцоож, Баярсайхан зэрэг олон жилийн онлайн танилуудтайгаа уулзаж хамтарч ажиллах үүд хаалгаа нээж нийт 100 орчим шинэ хүнтэй танилцаж хамтран ажиллаж байна.

    Мөн 10 орчим олон нийтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулалцаж, 30 гаруй ном уншиж, 40 орчим нийтлэл бичиж, Монгол хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэг, “Индиго” хүүхдийн хөгжлийн төв, Монголын эко зохистой хөгжлийн холбоо, “Mind freedom” сургалтын төв, “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэг зэрэг ашгийн бус хүний хөгжлийн байгууллагууд болон Эх орон телевизийн “Эх орны залуус” нэвтрүүлэгт зөвлөж ажиллаж байна.

     

    Зарим нэг онцлох ажлуудыг сараар нь дурьдвал:

    1 сар
     Мөнхийн тэмүүлэл” сургамжит цомгийг хамтран бүтээж олны хүртээл болголоо.
     “Эх орон” телевизийн Ш.Хишигсүрэн захиралын саналын дагуу Мэдээний албаны даргаар ажиллаа.

    2 сар
     Өөрийн саналаар “Эх орон” телевизийн “Эх орны залуус хаа явна” нэвтрүүлгийн хөтлөгч, редактораар ажиллаж 24 дугаар бэлтгэн хүргэлээ.

    3 сар
     Юнител, Fohow зэрэг компаниудад лекц, сургалт зохион байгуулалаа.

    4 сар
     Сортоо” клубээс санаачилсан Эх үрсийн хайрын илэрхийлэл- Эх үрсийн ногоон төглийг ЭНЭШТ-д бүтээн босгох “Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж зохицуулагчаар ажиллаа. 
     Миний 100 найз” залуусын хамтын ажиллагааны нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.

    5 сар
     “Яруу сэтгэгч” клуб болон сонины 4 жилийн ой тохиолоо.
     “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэгийн санаачилсан “Төгс эрүүлжихүйн баяр”-ыг зохион байгуулалцлаа.

    6 сар
     Сэрж буй Монгол” сургамжит цомгийг хамтран бүтээж нээлтээ хийлээ.
     “Ээждээ зориулсан бидний төгөл” нээлтийн ажиллагаа боллоо.
     Fohow компанийн санаачилсан “Монгол бардамнал” өв соёлоороо омогших цэнгүүнийг хамтран зохион байгуулалцлаа.
     People to people байгууллагаас санаачилсан “Бидний амьдарч буй байгаль дэлхий” гар зургийн уралдааныг хамтран зохион байгуулалцлаа.

    8 сар
     The New Media Marketing Agency-н Хүний нөөцийн болон олон нийттэй харилцах албанд ажиллахаар боллоо.

    9 сар
     Яруу сэтгэгч клубын санаачилгаар “Индиго” шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв үүдээ нээлээ.
     The New Media Marketing Agency-тай хамтран “Яруу сэтгэгч” цахим сонин гаргах шийдвэр гаргалаа.

    10 сар
     Мандухай хатан” компанийн санаачилсан “Мандухай хатаны үрс” хүмүүнлэгийн аянг дэмжиж оролцлоо.
     Twitter Top users by Location-ны 36-р байрт жагслаа.

    11 сар
     О.Булганхангай, Б.Баттулга нарын “Хүн чанарын эрэлд” номын ариутган шүүгчээр ажиллаа.
     “Дельта” констракшний захиалгаар ажилтаны хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулах судалгааг эхлүүллээ.

    12 сар
     The New Media Marketing Agency-н санаачилсан “Монгол блогчид- 2010” наадмын зохион байгуулалтын багт ажиллаа.
     БГД-ийн Боловсролын хэлтэс, “Болор толь” төвийн хамтарсан сурагчидад зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, багшийн хөгжилд чиглэсэн “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөрийг дэмжиж оролцлоо.

     

    За ингээд 2011 ондоо,

    Хаана ч, хэзээ ч зорилготой, зоригтой
    Ядарсан ч зүдэрсэн ч жавхаатай, хийморьтой
    Өвдсөн ч зовсон ч  шантрахгүй, сөхрөхгүй
    Өлссөн ч цангасан ч буцахгүй, няцахгүй
    Шүлсээрээ ундалж, шүднийхээ махаар хооллож
    Өглөө бүр тэмүүлэлтэй, мэдрэмжтэй
    Үдэш бүр ялалттай, ухааралтай
    Амар хялбарыг харж биш
    Хэцүү бэрхтэй барилцаж, балбалцаж
    Хөнгөн хийсвэрийг сонгож биш
    Хүнд хэцүүтэй арсалдаж, алалцаж
    Ажлаас айж биш
    Ажлыг айлгаж, умруулж
    Өөрийнхөө авъяасыг нээж, хөгжүүлж 
    Өөрөөлийн чадварыг өнгөлж, хурцалж
    Өөрийн амьдралаа өөрийнхөө гараар бүтээн босгож, алдаж онож, баярлаж догдлож амьдарна шүү, анд найз нараа. 

    2011 он та нарын он жилүүд шүү. Алтан үеүд ард чинь биш Урд чинь байгаа шүү.

  • Индиго төв ШИНЭ ЖИЛИЙН БАЯР -аа тэмдэглэлээ

    “Индиго” хүүхдийн хөгжлийн төв нь 2010.12.25 нд “Шинэ жилийн баяр” аа амжилттай тэмдэглэлээ. Энэ удаагийн баяр наадмын хөтөлбөрөөрөө тус төвийн хүүхэд, багачууд “Хүн чанарын агуй” сэдэвт зохиомжит үзүүлбэрийг тоглож эцэг эх, найз нөхөддөө сонирхууллаа. Тус зохиомжинд эерэг хандлагатай гэр бүлд өссөн, сайхан сэтгэлтэй, сайн хүүхдүүд болон муу хандлагатай гэр бүлд өссөн авьяаслаг боловч хүн чанаргүй хүүхдүүд гэсэн хоёр бүлэг хүүхдүүд “ИНДИГО” төвийн шинэ жилийн баярт оролцохоор явж байгаагаар эхэлдэг ба, тэд замдаа хүн чанарын агуйгаар дамжин гарах үедээ замд нь тохиолдсон хүн чанар, авьяас чадварыг нь сорьсон олон саад бэрхшээлийг давж гарах болно. Ийнхүү үзүүлбэрийн төгсгөлд муухай сэтгэлтэй хүүхдүүд “хүнд авьяас чадвар байвч хүн чанаргүй бол хэн ч биш юм байна” гэдгийг ухаарснаар агуйг амжилттай гатлан, Индиго төвийнхөө баяр наадамд оролцож чадаж буй тухай өгүүлнэ.

    Түүнчлэн Тус төвийн “Ирээдүйн эзэд” клубын өсвөр насын гишүүд өөрийн авьяас билэгээ хичээнгүйлэн хөгжүүлж, хүний муу чанараас холуур байж, харин сайн сайхан чанарыг түгээн цэцэглүүлж, өөрийнхөө болон эх орныхоо жинхэнэ эзэн нь байж чадахаа амласан тангараг өргөж, энэхүү амлалтаа ямагт санаж, хичээнгүйлэн биелүүлнэ гэдэгт итгэж, тэдэнд итгэл хүлээлгэж, урам зориг хайрласан “Батламж” гардууллаа.

    Харин “Ирээдүйн эзэд” клубын бяцхан гишүүд маань “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн “Ирээдүйн эзэд” нэртэй тэмдэгээр энгэрээ мялаалаа.

    Ийнхүү “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн хамт олон хуучин оноо үдэж, шинэ онтойгоо зорилго тэмүүлэл дүүрнээр золгох бэлтгэлээ хийлээ.

    Жич: Шинэ жилийн баярын арын ажлыг амжуулж, хийж бүтээсэн ажлын тайлан болон тус төвийн хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн гаргах, батламж, тэмдэг хийлгэх, бэлэг бэлтгэх зэрэг бүхий л ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн тус төвийн сэтгэлзүйч Б.Бат-Өлзий, багш Г.Насанцэцэг, Д.Энхжин нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  • NMMA-2010 ШИНЭ ЖИЛ- Амралт, аялалаар салхилж, авъяасаа нээсэн, экстрим шинэ жил

    22-ны өдөр “Хөх морьт” амралтын газар очлоо. Орчин нөхцөлдөө тохируулаад боломжоороо тэмцээнүүд зохионгоо хорхог хийж идлээ (өвөл хорхог хийж идэх сонин л юм байна). Хөдөлгөөн багатай бидэнд хөдөлж, салхилах шиг сайхан баяр гэж юу байх билээ. Орой нь баярын ширээндээ сууж нээлтээ хийгээд, баг хамт олондоо 6 сарын турш бодож явсан чин сэтгэлийн үгээ хэллээ. Энэ үгүүд бол насан турш бодож явахаар санаанд хоногшсон үгүүд байлаа.

    Хуваагдсан багаараа мэндчилгээ дэвшүүлж урлагийн үзүүлбэрээр гэнэтийн бэлэг барьлаа. Нэгнийхээ нуугдмал авъяасыг сайн гэгч нь мэдэж авлаа. Манай шинэ жил дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын ерөнхийлөгч Брак Обома нар ирж мэндчилгээ дэвшүүлсэн нь хамгийн гоё гэнэтийн бэлэг байлаа. 

    Ингээд өглөө болтол дуулж, хуурдаж, тоглож наадлаа. Өдөр тийш хотоор дайрж нэг сайн идэж аваад Sky resort-ын зүг хөдөллөө. За тэгээд skiboard, цана дуртайгаа сонгож, нисэх нь нисэж, хамраа авах нь авч, бөгсөө хөндүүр болтол унах нэг нь уналаа. Унаж, тусаж байж л Скитчин болно шүү дээ. Шинэ ондоо шинэ зүйлд өөрийгөө сорьж, шинэ спортын төрөлтэй орохоос илүү сайхан зүйл байх уу. 23-ны 23:00 цагт хаалтаа хийж нэгнийгээ гэррүү нь дөхүүлж өглөө. Ингээд бидний ажлын 2 өдөр амарч аяласан экстрим шинэ жил өндөрч байгаа юм биш 2011 оны турш шинэ жил үргэлжилсээр байх болно. Яагаад гэвэл өдөр бүхэн бидэнд шинэ, өдөр бүхэн амжилт, өдөр бүхэн баяр, өдөр бүхэн аз жаргал байсаар байх болно оо. 

    За бид шинэ жилээрээ ширээ тойрч томоотой суугаад, хүзүүндээ зангиа зүүгээд, хоол идэж, пиводоод тэмдэглэхийг хүссэнгүй. Бусдаас өөр байж бүгд бүтээлч идэвхи санаачлагатай оролцож нуугдмал авъяас чадвараа нээсэн, санаанд оромгүй үзүүлбэрээр дүүрэн амьдралын хөгжилтэй сайхан дурсамж болж үлдэхээр, өөрийгөө мэдэрсэн цорын ганц NMMA-чүүдийн л шинэ жил байлаа. 

    Шинэ ондоо шинэ эрч, шинэ амжилт, шинэ мэдрэмж, шинэ аз жаргалаар дүүрэх байх нь тодорхой. 2011 он бидний он жил байх нь бас тодорхой.

    Жааз дуучин Д.Цэцэнбилэгийн хэлдэгээр “ЗОРИЛГО ТОДОРХОЙ ХҮРЭХ НЬ ТОДОРХОЙ” шүү, залуучууд аа.

  • БЯМБА гарагийн бүлэг нээгдлээ

    ИНДИГО хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний сурч, мэдэх, хийж бүтээх чинхүү хүсэл тэмүүллийг нь дэмжих үүднээс БЯМБА гарагийн бүлэг нээлээ.

    Бямба гараг бүр 3 наснаас 6 насны хүүхдүүд төв дээрээ ирж, найз нөхөдтэйгээ оньсого таалцан, ертөнцийн гурав, түргэн хэллэгээр наадан, сургамжит видео үзэж, олон шинэ зүйлийг сурч мэдэхээс гадна, цаасан урлал, наамал болон бусад олон төрлийн бүтээл хийж байхаар боллоо.

    Та бүхэн Бямба гарагийн өглөө 10 цагаас орой 5 цаг хүртэл, өдрийн дөрвөн хоолтой, тав тухтай, цэвэр орчинд хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэхийг хүсвэл манай төвд хандаарай.

    /Энэхүү зураг дээр хүүхдүүд “Таван сармагчин” гийн тухай богино хэмжээний видео үзээд, түүнийгээ үйл хөдлөлд оруулан, үзүүлэх тоглолт хийж байна/

  • “МОНГОЛ БЛОГЧИД 2010” Ёслолын ажиллагаа сонин содон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө

    The New Media Marketing Agency-н санаачилгаар Монголыг блогчдын дэмжлэгтэйгээр Мэдлэг чадвараа нийгмийн хөгжилд харамгүй зориулж буй блогчидоо хүндэтгэж, урамшуулж, нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж олон ажил хийж чадна гэдгийг харуулж, интернет орчин дахь соёлыг дэлгэрүүлж, монгол залуус боломжоо олж хараасай гэсэн зорилгоор зохион байгуулсан “Монгол блогчид 2010” наадам амжилттай болж өндөрлөлөө.

    1. Шалгаруулалтын хувьд: http://monbloggersevent.ideascale.com/хүссэн блогч бүр өөрийн блогийг бүртгүүлж дэмжигчид нь санал өгөх боломжтой нээлттэй санал асуулгаар 1-р шатны шалгаруулалт явагдлаа. 208 блогч блогоо нэр дэвшүүлэн өрсөлдүүлж 1963 хэрэглэгч бүртгэгдэж 3843 санал, 511 сэтгэгдэл үлдээсэн байна. Ингээд нийтийн санал асуулгаар хамгийн олон санал авсан 36 блогийг 2 шатанд дэвшүүлж, New Media Marketing Agency Index-ээр шалгаруулж, 25 блогийг 3-р шатанд нэр дэвшүүллээ. 25 блогт олны танил блогчид Амай, Нийлэлч ноён Б.Батбаяр, Сэтгүүл, зохиолч А.Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү, Блогч Г.Хантулга, “Adsolux” компанийн захирал Д.Дөлмандах, МҮОНТВ-ийнзахирал Ц.Оюундарь, “Синглтон” компанийн захирал В.Баярсайхан, Эдийн засагч Д.Жаргалсайхан гэсэн 10 хүн оноо өгч номинаци бүрийн шилдэг блог болон Шилдгийн шилдэг блогийг тодруулсан билээ.

    Зарим нэг туршлагатай блогчид өөрсдийн саналаар залуучууддаа боломж олгоё гэж хэлээд оролцохоос татгалзсан. Энэ бол блогч хүний зангараг, ухаалаг зан харагдаж байна. Мөн шүүгч нар болон зохион байгуулагч байгууллагын блогийг шилдэгт өрсөлдүүлээгүй болно.

    2. “Нийгмийн сэдэвт” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог

    http://lehhh.wordpress.com/
    http://ulstur.blogspot.com/
    http://aanxaa.blog.gogo.mn
    http://www.jargalkhand.blogspot.com/
    http://alimaa.wordpress.com/ эндээс Шүүгч нарын саналаарhttp://aanxaa.blog.gogo.mn блог Шилдэг нийгмийн сэдэвт блогоор шалгарлаа. Шилдэг нийгмийн сэдэвт блогийн өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гардуулж, наадмын ивээн тэтгэгч байгууллага “АПУ” Green Spot-ийн төлөөлөл NEW MEDIA цом, нэрэмжит шагналаа гардууллаа.

    3. “Шилдэгт бизнес блог” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
    http://djargal.blogspot.com/
    http://vganzorig.blogspot.com/
    http://mongoliabusinessblog.com/
    http://www.mugmarketing.blogspot.com/
    http://enkhtor.blogspot.com/ эндээс Шүүгч нарын саналаарhttp://vganzorig.blogspot.com/ блог 2010 оны Шилдэг бизнес блогоор шалгарлаа. Шилдэг Бизнес блогийн өргөмжлөлийг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар гардуулж, наадмын ивээн тэтгэгч “Хас” банк, Вестерн Юнион-ийн төлөөлөл NEW MEDIA цом, нэрэмжит шагналаа гардууллаа.

    4. “Олны таашаал хүртсэн” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
    http://enhmandah.blogmn.net
    http://gegeen.wordpress.com/
    http://www.zayaz.net/
    http://pclavlah.blogspot.com/
    http://www.suuder.com/ эндээс Шүүгч нарын саналаарhttp://www.suuder.com/ блог 2010 оны Шилдэг “олны таашаал хүртсэн” блогоор шалгарлаа. Шилдэг блогийн өргөмжлөлийгЕрөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуу гардуулж, наадмын ивээн тэтгэгч “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэг болон “Мандухай хатан” компанийн төлөөлөл NEW MEDIA цом, нэрэмжит шагналаа гардууллаа.

    5. “Энтертаймент” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
    http://moviemn.posterous.com/
    http://www.itismovie.mn/
    http://huuy-haay.blogspot.com
    http://bibbytimes.com/
    http://www.izone.mn/ эндээс Шүүгч нарын саналаарhttp://www.itismovie.mn/ блог 2010 оны Шилдэг “Энтертаймент” блогоор шалгарлаа. Шилдэг Бизнес блогийн өргөмжлөлийг Эдийн засагч Д.Жаргалсайхан гардуулж, ивээн тэтгэгч “Fohow” эрүүл мэндийн компанийн Ерөнхий захирал С.Дашдулам NEW MEDIA цом, 1 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр шагналаа.

    6. Шилдгийн шилдэг блогоор http://gegeen.wordpress.com/ блог тодорч, өргөмжлөлийг зохиолч сэтгүүлч А.Амарсайхан, Цомыг “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар ёслол төгөлдөр гардуулснаар Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөлөө. Энэ үеэр А.Амарсайхан “Залуусыг хөгжүүлэх гол талбар бол блог юм” гэж онцлон хэллээ.

    7. Монголын блогчидын холбооны тусгай шагналыг Блогч Гамп, Үлэмж нар авлаа. Мөн “Мандухай хатан” компанийн нэрэмжит шагналыг http://www.zayaz.net/ блог тус тус хүртлээ.

    8. “Монгол блогчид 2010” наадмын үеэр зохион байгуулагдсан нэг чухал ажил бол Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан наадмын таксын орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлсэн хүмүүнлэгийн ажил байлаа. Хэдийгээр таксын орлого нь тусламж үзүүлэх хэмжээнд хүрээгүй хэдий ч The New Media Marketing Agency-н залуус цалингаа хандивлаж, Батнасангийн Нэмэхбаяр, Балдорж Мөнххишиг нартLenovo брендийн лаптоп, “Мандухай хатан” компанийн иж бүрдэл гоо сайхны бүтээгдэхүүнийг тус бүрд The New Media Marketing Agency-н захирал А.Мэнд-Орших гардуулж цаашдын хийж бүтээх ажил үйлсд нь урам зориг өгснийхөө дараа Монгол блогчид наадам 100 блогчидын уулзалт зохион байгуулах санааг хамтын хамтын санаагаар хэрхэн баяжуулж Монгол блогчиддоо хүндэтгэл үзүүлэх наадам болтлоо хөгжсөн тухай бяцхан түүх үгүүллээ.

    Наадмын үеэр Ерөнхий сайд С.Батболд залуусын зохион байгуулж байгаа ажлыг сонирхоё гээд хүрч ирсэн нь Блогчид бидний ажлын тодорхой хэмжээгээр хүндэтгэж, үнэлж буйг харуулсан хэрэг боллоо. Ерөнхий сайдтай интернет орчинд блогчидоо уулзуулж байх боломж олгоё гэж шийдсэн учир Ерөнхий сайдын twitter акунтыг нь нээж олон нийтэд зарлалаа. Сайд ч интернет орчинд залуустай нээллттэй санал бодлоо солилцож байхаа амлаж дараагийн уулзалтын цаг болсон учир явахаар боллоо.

    Мөн Жааз дуучин Д.Цэцэнбилэг, BEATNEG Family бүжгийн хамтлаг, “Double effect” Bit Box, Моханик хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээ өргөсөнөөс гадна Vanquish, Opozit, TG нар The New Media Marketing Agency-н хамт олонд зориулан бүтээсэн бүтээлээ өргөн барьлаа. Наадмын чөлөөт хөтөлбөр болгож наадмын азтангуудыг тодруулж Зураач В.Ундраагийн “Элбэг ширээ” уран зураг, Нэвтрүүлэгч Г.Оюунбатын “Монголын нууц товчоо” сонсдог ном тэргүүтэй бэлэг гардууллаа. Мөн нүүрэн дээрээ сошель лого зураг зуруулах, сошель баатруудтай зургаа татуулах, блогчидод зориулсан нээлттэй микрофон, twitter, facebook, blogspot, wordpress булангуудад гарын үсгээ үлдээх, диско бүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа боллоо. “Монгол блогчид 2011” наадмын уриаг зохиох тэмцээн явагдаж 7 хүн өрсөлдсөнөөс “Сэтгэцгээе Бичицгээе, Сэрцгээе Монголчууд аа” уриагаар Д.Чимидцэрэн, “Мэддэгээ бичиж, Мэддэггүйгээ уншицгаая” уриагаар М.Жамъяанчойжил нар түрүүлж Датаком компаниас домайн хаяг авах эрх, “Монгол эгшиглэн”хамтлагийн Бид Монголдоо хайртай СД-ний эзэн боллоо. Монголын хамгийн анхны сошель нетворк болох Бизнетворк-ийн“Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгээс амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд тусламж үзүүлэхээр зохиож буй Хандивийн Маскарад шоуны хос тасалбарын дуудлага худалдаа болж Индала хэмээх бусгүй 200000₮-өөр худалдаж авлаа.

    Монгол блогчид 2010 наадам фото зургийн хальснаа ингэж буусан байна. Та очиж амжаагүй бол үзээрэй. 1 хуудас, 2 хуудас.

    Наадмын зохион байгуулахад бүх талын туслалцаа үзүүлж бодит ажил хэрэг болгож мэдээллийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ивээн тэтгэгч байгууллагууд

    “Тэнгэр” санхүүгийн нэгдэл
    – “Хас” банкны Вестерн Юнион үйлчилгээ
    – “АПУ” Green Spot
    “Fohow” хүний хөгжил, эрүүл мэндийн компани
    – “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэг
    – “Датаком” компани
    – “Мандухай Хатан ” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний компани
    – “Телемакс Коммуникэйшн” компаниудад Монгол блогчидынхоо өмнөөс маш их баярлалаа.

    Мөн Мэдээллээр дэмжигч байгууллага http://biznetwork.mn/,http://gogo.mn/, http://www.news.mn/, http://shudarga.mn/,www.shuud.mn, www.mongolnews.mn д талархалаа илэрхийлье.

    Монгол блогчид нэгдэж чадлаа. Монгол блогчид хамтраад нийгэмдээ хувь нэмэр оруулж чадлаа. Блогийн ач холбогдолыг ойлгуулж чадлаа. Монгол залуус өөрийгөө болон Монгол улсаа дэлхийд таниулах гарцтай боллоо. Монгол блогчидын хамтын ажиллагаа хүчтэй, бодитой, үр дүнтэй байж чадна аа. Дараа жилийн наадмаар илүү олон блогтой, илүү их сонин сайхантай уулзацгаая.


    МОНГОЛЫН БЛОГЧИД МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ!

    2010 оны 12 сарын 6

  • “Эх орны залуус” эр цэргүүдтэй хамтдаа

    2010.11.20-нд Мастербүлгийн санаачилсан “Эх орны залуус” сэдэвт залуусын хамтын ажиллагааны хөтөлбөрт хэсэг залуусын хамт оролцож Хилийн 0151 дүгээр ангид зочилж, цэргийн амьдралтай анх удаа танилцлаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Учрал, хамт оролцсон залуус, микро автобусаар үйлчилсэн Жамц ах болон халуун дотно хүлээж авсан Хилийн цэргийн 0151 ангийн хамт олондоо баярлалаа. Тус анги нь маш өвөрмөц зохион байгуулалттай үнэхээр гайхалтай сайхан хамт байсан бөгөөд бусад төрийн байгууллагууд санаа авмаар дэвшилттэй талуудтай санагдсан.

    Цэргийн 1 өдрийн амьдрал ямар байдагийг үзэх анх очихдоо, хүмүүсийн амнаас сонсож байснаараа цэргийн амьдрал өрөвдөлтэй байдаг байх гэж бодсон боловч очсоныхоо дараа бодол өөрчлөгдсөн. Цэргүүд тэнд маш их зүйлийг сурч, амьдрах чадварт суралцдаг юм байна лээ. Ялангуяа тэр цэргийн анги нь цэргүүддээ менежмент зааж өгч, амьдрах аргад суралцуулж байгаа нь бахархалтай санагдсан. Жишээ нь: Галуу, тахиа болон мал аж ахуй эрхэлж, шувууныхаа өндөгөө цэргийн ангиуддаа борлуулдаг, талхаа өөрсдөө барьдаг, ногоогоо тарьчихдаг, өвс, түлээгээ бэлдчихдэг гэх мэт олон ажлыг хамтын хүчээр амжуулдаг нь таалагдсан. Ер нь цэргийн хүчийг зөв удирдаж чадвал томоохон бүтээн байгуулалтыг хийж болмоор юм шиг санагдсан. Эх орныхоо торгон хилийг хамгаалж бидний амар тайван амьдруулж байгаа цэрэг эрсээрээ бахархаж байна. 

    Та нар минь байгаа болохоор эх орны минь торгон хил амгалан байх болно оо.

  • Миний уран бүтээлийг дэмжиж нэгэн эгэл жирийн сэтгүүлч залуугийн бичсэн шүлэг

    Нүгэлгүйгээр хайр яаж ирдгийг…

     

    Уран бүтээлч, зураач бүсгүй 

    Ундраа-д зориулав 

     

    Уран бийрийн аясыг бүсгүй сэтгэлээр нэрж

    Уйтгарт бараан орчлонг гэрэлтүүлж бодно

    Уян цагаан гарынхаа төгс хэмээр

    Уудам хатуу орчлонг зөөллөж бодно

    Хургүй яаж цэцэг ургадгийг

    Хувирахгүйгээр яаж хайр ирдгийг

    Хуурчрахгүйгээр сэтгэл яаж тэмүүлдгийг

    Хурууныхаа үзүүрээр мэдэрч бүтээлээ нэрнэ 

    Нүгэлгүйгээр хайр ирдэг болохыг

    Нүдээрээ биш сэтгэлээр мэдрэх нь зөв болохыг

    Нуургүйгээр нүүдлийн шувууд чуулж болохыг

    Нэгэн уянгаар амилуулах гэж бүтээлээ нэрнэ

    Монгол ахуйгаа мэдрүүлэх гэж бүтээлээ урлана

    Магадгүй түүнийгээ магтуулах гэж урам хүлээнэ

    Өчигдөргүй маргаашийг төсөөлөн байж бийрээ барина

    Өөрөө түүндээ уярч, өрөөлийн харааг булаана

    Бийргүй бол түүнд амьдрал утгагүй мэт санагдана

    Будаггүй бол түүнд хорвоо өнгөгүй мэт үзэгдэнэ

    Бүтээлч сэтгэл бийр, будагтайгаа байхад

    Бүтээхийн учиг хөвж, жаргана

    Уран бүтээлч хүмүүн гэдэг…

     

    2010.11.19