Author: admin

  • Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө

    1.   Алдаагаа даван туулж сур

    Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.

    2.   Бүгд муу байвал сайны тухай л бод

    Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.

    3.   Данс хөтөлж бай.

    Зүгээрч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.

    4.   Юун дээр чи цаг алддагаа шинж.

    Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

    5.   Шийдсэнээ хэрэгжүүл.

    Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.

    6.   Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул.

    Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.

    7.   Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай.

    Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.

    8.   Зорилгоо багцалж тодорхойл.

    Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.

    9.   Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо.

    Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай. жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чинйи ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.

    10. Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа.

    Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авхаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.

    –     Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү?

    –     Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?

    –     Юу ч хийхгүй бол яах бол?

    –     чухам эцэстээ  би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.

    11. Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур.

    Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.

    12. Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай.

    Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.

  • Сэтгэлгээг хөгжүүлж болох уу?

    БХА: Бүх Хүчин Зүйлийг Авч Үзэх

    БХА бол тухайн нөхцөл байдал дах бүх л хүчин зүйлсийг авч үзэхийг хичээн чармайх үйл явцын хэлбэржилт юм.

    Сэтгэлгээний энэ үйл ажиллагаа нь үйлдэл, шийдвэр, төлөвлөгөө ба дүгнэлт гаргахтай салшгүй холбоотой.

    Хүмүүс аливаа санааг эцэслэн шийдвэрлэхдээ бүх л хүчин зүйлсийг тооцоолсон гэж үздэг боловч ихэнхдээ тэдний ажиллагаа нь илэрхий нэг хоёрхон зүйлээр л хязгаарлагдсан байдаг. БХА-г зориудын ажиллагаа болгох нь хүний анхаарлыг чухал хүчин зүйлийг хайдаг байдлаас бүх хүчин зүйлийг хайх ажиллагаа руу шилжүүлнэ. Бүх хүчин зүйлсийг авч үзэхдээ доорх томъёоллыг ашиглаж болно.

    · өөрт нөлөөлөх хүчин зүйлс

    · бусдад нөлөөлөх хүчин зүйлс

    · нийгэмд нөлөөлөх хүчин зүйлс

    Шийдвэр гаргах, төлөвлөлт хийх зэрэгт орхигдсон хүчин зүйлсийг онцлон тэмдэглэхэд хичээл чиглэгдэнэ. БХА гүйцэтгэх явцад оюутнууд аль болох чухал хүчин зүйлсийг жагсаахыг оролдох ба энэ хүчин зүйлийнхээ чухал гэдгийг олж харах, ямар хүчин зүйл нь хаягдсан гэдгийг тогтоохыг хичээх хэрэгтэй. Бусад хүмүүст буюу тухайн хүн өөртөө ”Ямар хүчин зүйлийг би анзааралгүй орхисон байж болох вэ?” гэсэн асуултаар хандаж БХА-г хэрэглэж болох юм.

    БХА нь ЭССо-ээс ялгаатай бөгөөд ЭССо бол санаанд өгөх хариу үйлдэл байдаг бол БХА нь санаа гарч ирэхээс өмнөх нөхцөл байдлын судалгаа шинжилгээ нь болдог. Эдгээр хоёр хэрэгсэл нь зарим талаар давхцах тохиолдол байдаг, учир нь ихэнх хүчин зүйлс илэрхий эерэг болон сөрөг талуудтай байдаг. БХА-ийн зорилго нь боломжийн хэрээр бүрэн цогц байх, мөн хүчин зүйлсийг таатай, таагүй гэж харахын оронд тэдгээрийг бүгдийг нь авч үзэхийг хичээдэгт оршдог.

     

    БХА= Бүх хүчин зүйлсийг авч үзэх:

    Аливаа шийдвэр гаргах, сонголт хийх эсвэл ямар нэгэн зүйлийн талаар бодох хэрэгцээ гарах бүрд тооцон авч үзэх хэрэгтэй хүчин зүйлс үргэлж байдаг. Хэрвээ та олон зүйлсийн заримыг нь орхивол таны сонголт тухайн үедээ зөв юм шиг санагдсан ч хожим нь буруутаж болно. Та бусад хүмүүсийн сэтгэлгээг харж байхдаа тэд ямар хүчин зүйлийг авч үзэлгүй орхигдуулж байгааг харахыг хичээгээрэй.

    Жишээ: Хэдэн жилийн өмнө нэгэн том хотод “шинэ байшин бүр тухайн байшинд ажиллаж байгаа хүмүүсийн машиныг тавих боломжоор хангагдсан томоохон гаражтай байх ёстой” гэсэн хууль үйлчилдэг байв. Хожим нь энэ хуулийг алдаатай гэж үзэн өөрчилсөн байна. Яагаад ингэсэн бэ?

    Хууль тогтоогчид машин тавих газрыг хангаснаар хүн бүр ажилруугаа өөрийн машинаар ирж очиход хүргэнэ, цаашилбал энэ нь замын ачааллыг ихэсгэнэ гэдгийг тооцож үзээгүй мартсан байна.

    Дасгал 1. Эхнэр нөхөр хоёр хуучин автомашин худалдан авах гэж байна. Тэд дараах хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй гэж үзэв. Үүнд:

    – Худалдаж байгаа хүн нь автомашины эзэмшигч нь үнэхээр мөн эсэх

    – Машины үнэ

    – Машины загвар ба өнгө

    – Хөдөлгүүрийн хүчин чадал болоод машины хурд

    – Механик хэсгүүд бүрэн ажиллаж байгаа эсэх

    – Гэр бүлийн бүх хүмүүсийг багтаах хангалттай том зайтай эсэх

    Өөр орхигдуулсан хүчин зүйлс байгаа эсэхийг бодож үзээрэй.

    Зөвлөмж:

    · Тэдний хүүхдүүдэд машин таалагдахгүй байж болно.

    · Түүнчлэн тэд автомашиныг худалдан авах чадалтай байлаа ч гэсэн хэрвээ шатахуун их иддэг бол түүнийг хангах боломж тааруу байж болно.

    · Гаражид багтахгүй байж болно (гараж байгаа нөхцөлд)

    Дасгал 2. Шинийг санаачлагч бүхий л хэрэгцээт тэжээл болоод амин дэмийг агуулсан үрэл хийсэн гэж саная. Үрлийг идсэний дараа 5 цагийн туршид огт өлсөхгүй. Энэ үрлэн хоолыг хэрэгцээнд гаргахыг зөвшөөрөх хэрэгтэй юу? Ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    Зөвлөмж:

    · зарим хүмүүс энэ үрлэн хоол хүнс тэжээлийн бүхий л хэрэгцээт зүйлсийг өөртөө багтаадаг гэдэгт итгэж байхад зарим нь юун тухай яриад байгааг ойлгохгүй байж ч магад.

    · Фермер, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон дэлгүүрүүд яах вэ?

    · Аяга таваг хэрэглэхгүй, угаахгүй болно.

    · Та ажил руугаа явж байхдаа л өглөөний хоолоо идчихнэ.

    · Хүмүүст идэж байгаа хоолноосоо таашаал авах хэрэгтэй байтал үрлэн хоол таашаал төрүүлэхгүй.

    · Хүмүүсийн ходоод агших болов уу?

    · Хэрвээ үрэл өглөөний хоолонд хэрэгтэй байсан ч гэсэн энэ нь өдөрт идэх хоол болгонд хэрэгтэй байх уу? Энэ нь ямар нэгэн гэм хор дагуулахгүй биз?

    Зарчмууд:

    А. Сонголт хийх, шийдвэр гаргах, төлөвлөхийн өмнө БХА-г гүйцэтгэх нь ашиг тустай байдаг.

    Б. Эхлээд бүх хүчин зүйлсийг авч үзээд дараа нь илүү чухлыг нь ялгах нь дээр.

    В. Чухал хүчин зүйлийг авч үзэлгүй орхигдуулсан эсэхийг өөр хэн нэгнээс асуух хэрэгтэй.

    Г. Хэрвээ та чухал хүчин зүйлийг авч үзэхээ орхигдуулсан бол тухайн үедээ зөв мэт байсан ч хожим нь буруу болон эргэж болно.

    Д. Хэрвээ та БХА-г хэн нэгний сэтгэлгээнд хийж үзвэл та тэр хүнд юуг орхигдуулсаныг хэлж чадна.

    Та дараах санаанууд дээр БХА хийж сэтгэлгээгээ дасгалжуулаарай.

    · Ирээдүйн мэргэжилээ сонгоход

    · Сандал хийхэд ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    · Залуу хосууд одоо шууд гэрлэх үү эсвэл хүлээзнэх үү гэдгээ шийдэж ядан байна. Тэд ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    · Амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ шийдэхдээ та ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    Оюуны чадварын IQ төв

  • Ой тогтоолт сайжруулах аргачлал

    21 зуун бол мэдээллийн тэсрэлтийн зуун билээ. Тийм ч учраас хүмүүсийн мэдэх ёстой мэдээллийн хэмжээ эрс нэмэгдэж байна. Ийм нөхцөлд цаг үеийн шаардлагад нийцэж, ажил амьдралдаа амжилт гаргахын тулд хүмүүст тавигдах тодорхой хэмжээний шаардлагууд байдаг. Эдгээрийн нэн түрүүнд бүх төрлийн, их хэмжээний мэдээллийг хурдан хүлээн авч, тогтоон боловсруулж сурах шаардлага юм. Үүнийг ой тогтоолт сайн байж хангана. Гэтэл мэдээлэл тогтоох уламжлалт арга нэмэгдэж байгаа шаардлагыг зарим талаар хангаж чадахгүй байна. Харин олон мянган жилийн түүхтэй ой тогтоолт сайжруулах арга болох мнемотехникийг орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын ололтуудтай хослуулан шинэчилсэн орчин үеийн мнемотехник энэ шаардлагад нийцэх юм.

     

    2. Тайлбар

    Ой тогтоолт болон бүх төрлийн мэдээллийг боловсруулах чадварт тавигдах өнөөгийн шаардлагын багахан хэсгийг ч гэсэн биелүүлэхийн тулд, насанд хүрэгсдийн бүх төрлийн мэдээлэл хүлээн авч боловсруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ой тогтоолт сайжруулах болон Монгол хүний онцлог, монгол хүний хөгжлийн цогц сургалтыг зохион байгуулж байна. Мөн үндсэн сургалттай холбоотой судалгааны ажлууд хийгдэнэ.

     

    3. Лекцийн үндсэн санаа

    Манай сургалт ой тогтоолт сайжруулах арга болох мнемотехникийг орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын ололтуудтай хослуулсны үндсэн дээр боловсруулагдсан хөтөлбөртэй. Үүнд:

    1) Ой тогтоолтын доорхи үндсэн зарчмуудыг тооцсон.

    1. Сэтгэл санаа тайван байх ёстой бөгөөд ямар нэгэн зовиуртай өвчингүй байна. Эдгээр шалтгаан байвал арилгасны дараа хичээллэх нь дээр.

    2. Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог хангах /синестези/ хэрэгтэй.

    3. Дүрс энгийн бөгөөд аль болох тодорхой байх ёстой.

    4. Мэддэг зүйлтэйгээ нийлэмж үүсгэж сурах шаардлагатай.

    5. Секстэй холбоотой зүйл сайн тогтоогддог.

    6. Хошин, өвөрмөц мэдээлэл амархан санагдана.

    7. Сайн төсөөлөх нь ой сайн байхын нэг үндэс.

    8. Дугаарлах нь дэс дараалал болон эмх цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.

    9. Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл сайн тогтоогддог.

    10. Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.

    11. Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.

    12. Эерэг утгатай, тааламжтай дүрс тогтоож санах нь сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.

    13. Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход хялбар болгодог.

    2\ Дийлэнх хүний ой тогтоолтонд тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг давамгайлж мэдээллийг логик сэтгэлгээндээ тулгуурлаж тогтоодог. Манай сургалт тархины баруун буюу зүүн хагас бөмбөлөгүүдийн ой тогтоолтонд оролцох жигд оролцоог хангахад чиглэгдсэн.

    Тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг:

    Ш Логик сэтгэлгээ;

    Ш Яриа;

    Ш Ангилал;

    Ш Тоотой хийх үйлдлүүд;

    Ш Шалтгаан үр дагаварын холбоог тодорхойлох;

    Ш Төлөвлөлт;

    Ш Шинжилгээ.

    Тархины баруун хагас бөмбөлөгийн үүрэг:

    Ш Хэмнэлийн мэдрэмж;

    Ш Төсөөлөл;

    Ш Зөгнөх чадвар;

    Ш Өнгөний мэдрэмж;

    Ш Эд зүйлсийн хэмжээг тодорхойлох чадвар;

    Ш Орон зайн баримжаа;

    Ш Иж бүрэн зураглал хийх.

    3) Ойн тогтоолтын дараах хэлбэрүүд байдаг:

    Ш Дүрслэх;

    Ш Үгсийн ба утгын;

    Ш Хөдөлгөөний

    Эдгээрээс дүрслэх ой дийлэнх насанд хүрэгсдэд давамгайлдаг үгсийн ба утгын ойноос хурд, багтаамж, найдвартай байдлын хувьд хавьгүй илүү юм.

    4) Орос, Германы эрдэмтдийн (Выготский, Йельс) судалгаагаар мэдээллийг хүлээн авч боловсруулах хамгийн үр ашигтай аргууд бол дүрслэх ой буюу дүрслэх сэтгэлгээ гэдэг нь тогтоогдсон. Тэгээд ч ихэнх суутнууд ийм хэлбэрийн ой бөгөөд сэтгэлгээтэй байжээ. Дүрслэх ой ба сэтгэлгээ бол ирээдүйн хүний ой ба сэтгэлгээ гэж үздэг.

     

    4. Давуу тал ба ашиг

    Мнемотехник хэнд хэрэгтэй вэ?

    1.Бүх хүмүүст

    Ямар ч хүн дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт, утасны дугаарууд гэх мэтийн тодорхой хэмжээний мэдээлэл тогтоох шаардлага амьдралд байнга гардаг. Ингэхдээ ихэнх хүмүүс тэмдэглэлийн дэвтэр эсвэл цаасан дээр бичдэг. Дараа нь нөгөө тэмдэглэлээ гаргаж харах, заримдаа олохгүй мунгинаж өөртөө бухимдах тохиолдлууд элбэг байдаг. Харин мнемотехникийг эзэмшвэл энэ явдал бүрмөсөн арилна. Цаасан дээр бичсэнээс толгойндоо бичсэн нь хамаагүй хурдан. Тогтоох хэрэгтэй бүх мэдээллээ толгойндоо хадгалаад хоромхон зуур санаж ашиглах нь цаг хэмнэж, өөртөө сэтгэл хангалуун байх байдлыг бэлэглэдэг.

    Ой тогтоолтоо байнга ашиглаж хурцлах нь оюун санаа эрүүл байхын үндэс болдог. Оюун санаа эрүүл байвал бие эрүүл байх магадлал өндөр юм.

    2.Оюутан сурагчдад

    Оюутан сурагчид мнемотехникийн тусламжтай хичээлийнхээ бүх материалыг цээжилж болно. Хичээлийн жилийн турш хичээлээ бага багаар мнемотехникийн аргаар тогтоовол шалгалтанд бэлдэлгүй шууд орох боломжийг нээдэг. Энэ нь онц сурах нөхцлийг хангах бөгөөд ирээдүйд өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болох боломж олгоно.

    3.Эрдэмтэн багш нарт

    Мнемотехник нь илтгэх урлагийн хэсэг болж үүссэн юм. Тийм ч учраас лекц илтгэлийнхээ материалынхаа дэс дарааллыг тогтоон цаас харалгүй ярих боломж олгоно. Цаас харалгүй ярьдаг багш нар оюутан сурагчдынхаа хүндэтгэлийг хүлээдэг.

    Лекц илтгэлээ нэг удаа тогтоочихсон байхад дахин харах, цээжлэх шаардлагагүй. Энэ нь цаг хэмнэж мэдлэгийнхээ хүрээг цааш өргөжүүлэх боломж нээж өгнө.

    4.Бизнесмэнүүд болон улс төрчдөд

    Сайн бизнесмэн болон улс төрч маш олон хүнтэй харьцагийн хувьд тэдний тухай их хэмжээний мэдээлэл тогтоох шаардлагатай байдаг. Энэ амжилтын нэг гол хүчин зүйл болно. Хүнд хамгийн эрхэм зүйл нэр нь байдаг учраас хүмүүсийн нэрийг мэддэг байх хэрэгтэй. Мөн тэдний гэр бүл сонирхдог зүйлийнх нь тухай мэдэж ярьж чаддаг байвал тэр хүнийг өөртөө татаж чадлаа гэсэн үг.

  • Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралдаа хэрэгжүүл

    1. Хүмүүст нөлөөлхийг хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө “Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?” гэж асуу.

    2. Бусадтай харьцахдаа “хүн байх” гэсэн зарчмыг хэрэгжүүл. “Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.
    3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: “Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ.”
    4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өнгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, Өөртэйгээ зөвлө.

     

    Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах Үед өргөн цар хүрээтэй сэтгэ.

    Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараах дөрвөн зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.
    1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.
    2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.
    3. Тан руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!
    4. “Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй” гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.

     

    Энэ хэрэгслүүдийг ашиглан

    өөрийгөө үнэлж сур:
    1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.
    2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.
    3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.
    Biirbeh.com

  • Тавхан үг- амжилтанд хүрэх түлхүүр

    ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ЭРЖ ОЛООД ХАНГАГТУН

    Гэсэн энэ тавхан үгэнд санхүүгийн амжилтанд хүрэх түлхүүр, өөртөө бат итгэх, өөрийгөө тоож ойшоохын түлхүүр оршино.

    Хэн хүний эрэлт хэрэгцээг л ангадаггүй бол нэг ч үйл хэрэг, нэг ч ажил гэж байхгүйсэн. Эрэлт хэрэгцээ нь өчүүхэн бол шан нь өчүүхэн байхаас гадна, энэххүү зорилгыг хэрэгжүүлчихлээ гэхэд та сэтгэл ханахгүй хоцорч ч мэднэ. Эрэлт хэрэгцээ нь угаасаа нүсэр их байх юм бол шан харамж нь мөн л их байх агаад сэтгэл ханах мэдрэмж, улам улам ихийг сэдэн бүтээх хүсэл тань чухамхүү цаглашгүй болно шүү.

    Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч нийгэмд буй ямарваа нэг эрэлт хэрэгцээг л хангаж байдаг нь тодорхой. Бичиг дансны ажилтан, биеийн хүчин үнэлэгчид, хоол зөөгчдийн аль аль нь хүнд хэрэгтэй л ажил хийж байна. Гэвч тэдэнд ноогдож буй шаардлага харьцангуй их бус болохлоор тэд ч их бус шан харамж авдаг.

                 Автотэрэгний асаагуур сэдэн бүтээсэн Чарльз Кеттеринг гараараа мануйлдаж асаах төвөгтэй ажлаас хүнийг чөлөөлж, ингэсний үр дүнд чухамдаа бүх хүнд (ялангуяа эмэгтэйчүүдэд) машин жолоодох боломжийг өгсөн билээ. Кеттеринг сая сая хүнийг автотэрэг ашиглах боломжоор хангасан байна. Тэрээр нийгэмд буй болсон эрэлт хэрэгцээг л олоод хангасан байна. Чухамхүү үүнийхээ хариуд цаглашгүй их шан харамж хүртсэн юм.

    Бүх Америк даяар эрэгтэй эмэгтэй өдий төдий хүн арай чарай амь зуудгийн учир юун гэвээс, тэдний өөрсдийнх нь хангаж буй, орчин тойронд нь байгаа эрэлт хэрэгцээ тэдний чадвар боломжтой харьцуулах юм бол тун ч шалихгүй. Гэтэл тэд чадвар боломжоо өөртөө болон орчныхондоо тун ч ашигтайгаар зарцуулж болохсон билээ.

    Энэ санааг тодруулах жишээ татъя.

    Дунд зэргийн чадвар боломжтой залуу банкны доогуур зиндааны түшмэдийн алба хаахдаа, энэ ажилаа цэвэр цэмцгэр ажил, түүнээс гадна “Би Үндэсний тэргүүн банкинд алба хашдаг” гэж ам бардам хэлж болох тул өөрийнх нь “би”-гийн зиндааг дээшлүүлж байна гэж үздэг. Гэвч цалин пүнлүүгээ түргэн ахина гэж найдах найдваргүй гэдгийг төдөлгүй ухаарна. Ийм банкны залуу албан хаагчид арай өндөр зиндааныхнаас нэг нь тэтгэвэрт гарч суудал сулрахад л тушаал ахих болно. Суудал суларлаа ч гэсэн доогуур зиндааны өдий төдий залуу түшмэдээс цорын ганц нь л тушаал ахина. Ийм тохиолдолд аливаа хүн нэг талаас, атаархаж, хэн нэгийгээ егүүтгэхийг эрмэлзэнэ, нөгөөтэйгүүр, сэтгэлээр унаж гутарна. Банкны эздийн хувьд бол мань залуугийн хийдэг ажлыг дунд зэргийн чадвартай ямар ч залуу хүн гүйцэтгэж чадах болохоор мань хүнийг халж сольчихоос гудайхгүй. Тэгээд ч нэмэрлэж байгаа шалихгүй ашиг тус, цалин хлс хоёр нь ч шууд хамааралтай байгаа хэрэг.

    Тийм болохоор, мань залуу банканд нэн чухал тийм ажлыг хийх боломжийг олж байж л цалингаа нэмэгдүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа сэтгэл хангалуун байх цорын ганц замтай юм. Өөрөөр хэлбэл, одоогынх нь үйл ажиллагаа хангаж байгаагаас илт илүү эрэлт хэрэгцээг л олоод хангах хэрэгтэй гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэх олон арга зам бийгээс заримыг дурдъя:

    1.   мэдлэгээ дээшлүүлж нэмэгдүүлхийн тулд банкны үйл ажиллагааг улам няхуур судалж болно.

    2.   Арай илүү өгөөжтэй өөр ажилд орж болно.

    3.   Ганцаараа, эсвэл өөртэй нь ижил чадвар боломжтой хүмүүстэй нэгдэж өөрийн гэсэн ажил үйлс өрнүүлж болно.

    4.   Ганцаараа, эсвэл бусад хүмүүстэй нэгдэж шинэ санаа сэдэж боловсруулаад, ийм санаа саналын эрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүст худалдаж болно.

    Энэ бүх арга замын хүрэх гол зорилго бол өөрийнхөө чадварыг зарцуулж ашиглах хүрээг л тэлэхэд оршино. Гэвч арга тус бүрийг тус тусад нь авч үзье. Учир шалтгаангүйгээр ажлаа өөрчлөх юм уу, өөрийг гэсэн үйл ажиллагааг үндэслэл муутай эхлэх гэдэг тэнэг хэрэг. Нийгэмд буй эрэлт хэрэгцээг л хэрхэн хангах, одоогийнхоосоо илүү их ашиг тусыг нийгэмд хэрхэн өгөхөө тухайн хүн ухамсартайгаар эрж хайх ёстой.

    Үүнийг ухаарч ойлгохгүй байгаа хүн бол цөхрөнгөө бараад гингэнэж гонгинож байдаг муурын зулзага л гэсэн үг.

    Тийм хүмүүс ихэвчлэн, “Хөршийн хийж байгааг би нэг хийгээд үзье” гэдэг. Тийм хүмүүс өөр хүний нэгэнт сэдэж хийсэнг давтдаг боловч арай боловсронгуй болгодог. Тэдний найддаг цорын ганц зүйл бол аль болохоор хурдалж гүйцээд “үйл ажиллагааны өөрийн хэсгийг” шүүрч авах чадвар нь л болдог. Гэвч ийм хүмүүс бусдын хийснээс онцгой ялгарах, сор болохоор юм сэдэн бүтээж ерөөсөө чаддаггүй.

    Тийм хүмүүс өөрийнхөөсөө өөр хэний ч эрэлт хэрэгцээг хангадаггүй. Тийм хүмүүс “үйл тамаа эдлэж байна” гэж гоншигнож байдаг. Тийм хүмүүсийн гэргий нар ч нөхрөө ямагт ажилд дараастай, эцэс төгсгөлгүй өрсөлдөөнд орооцолдсон, гагцхүү ажлаа л гэдэг, амарч цэнгэж чаддаггүй, нойрны эм тан хайж эмчид байнга үзүүлэх юм гэж сэтгэл гонсгор байдаг.

    Иймэрхүү байдалд орчихгүйн тулд эрэлт хэрэгцээг эрж хайхтун!

    Хажууд тань, эргэн тойронд нь тань, хаа сайгүй байгаа эрэлт хэрэгцээг шүү.

     

    Эрэлт хэрэгцээг

    эрж олох нь 

                Нүдэнд үл үзэгдэх эрэлт хэрэгцээг эрж олох хамгийн ашигтай аргыг хүн өөрөө л олох ёстой.

    Бүрэн итгэлтэй хэлж болох нэг зүйл гэвэл эрэлт хэрэгцээ таныг эрж хайх бус, харин та эрэлт хэрэгцээг хайж олох ёстой юм шүү. Та ийм зорилго тавивал хүчин чармайлтанд тань совин ч туслах болно. Харин онгод бол совин татсаны л үр дүн билээ. Зохих шийдийг уйгагүй эрж хайхад аз тохиох явдал бишгүй л байдаг.

    Төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Алекс Левитийн тухай хуучилъя. Энэ хүн орон тооны ажилтантай, бас зарим нэг тоног төхөөрөмжтэй байсан байна. Тэгээд гэр ахуйн багаж төхөөрөмж үйлдвэрлэхээр санаа шулуудсан юм санж. Зах зээлийн судалгаанаас нэг удаа уншиж байгаад олонх эмэгтэйчүүд тоос сорогч ерөөсөө ч хэрэглэж үзээгүй тухай мэджээ. Чухам энэ зүйл л үйл ажиллагааныхаа хойшдын чиглэлийг төлөвлөхөд нь түлхэц болсон ажээ. Энэ асуудлыг судалж эхлэнгүүтээ л, үйлдвэрлэгчид тоос сорогч үйлдвэрлэх болсноороо хойш захзээлийг тоос сорогчоор хангахад л анхаарч жижиг сажиг зүйлээр л сайжруулах төдийгөөр зөнд нь орхисонг мань хүн ухаарчээ.

    /үргэлжилнэ/

  • Амьдралын аксиомууд

     Хүмүүс үргэлж л “тийм байсан бол (мөнгөтэй байсан бол, алдартай байсан бол, бизнесмен байсан бол г.м) мөн гоёо” хэмээн бодож санаа алдан ярилцах ажээ. Гэтэл зүгээр л бодсоноороо хэн нэгэн байх боломжгүй. Та яг одоо хэн байгаа яг түүгээрээ л байна. Харин хэн нэгэн болох боломж хүн бүрт бий. Хэн байхын тухай биш хэн болохын тухай л ярих хэрэгтэй. Та зорьж чадвал хэн ч болох боломжтой. Энэ амжилтанд хүрсэн хүмүүс чинь угаасаа ийм хүмүүс байсан ч юм биш, ийм хүмүүс болсон байхгүй юу.

    Зарим нь бүр дээшээ унахыг хүснэ гээч. Мөн тэнэг хэрэг шүү, хүн доошоо л унадаг харин дээшээ авирдаг билээ. 

     ***

                “Хүнийг хөдөлмөр бий болгожээ”. Тэгвэл залхуурал хүнийг буцаагаад адгуус болгодог ажээ. Худлаа гэвэл Бөмбөгөр дээгүүр очоод, өөрөө өөртөө ялагдсан, юу ч хийдэггүй залхуу адгуусуудыг харцгаа. Залхуурал хүнийг ийм болгодог аж.

    Харин та чинь арай залхуу хүн                 биш биз дээ.

      ***

                Ямар хүн завгүй байдаг вэ. Юм бүхнийг дараа хийе гэж хойшлуулдаг хүн. Би завгүй байна дараа болъё эсвэл өнөөдөр онцгүй өдөр байна маргааш л болъё гэх мэтээр хойшлуулсаар нэг л мэдэхэд дийлдэхгүй их ажилд дарагдсан байдаг. Тэд үргэлж завгүй явах мөртлөө  бүтээсэн ажил нь маруухан байдаг ажээ. Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж бүү хойшлуул, маргааш хийхэд амархан болчихгүй шүү дээ.

                Хийх зүйлээ цагтаа хийдэг, хэзээ ч          ажилыг хойшлуулдаггүй, ажил амралтаа зохицуулж чаддаг хүмүүс л хамгийн их завтай явдаг ажээ. Тэд маш их ажлыг амжуулна гээч.

    Лука

  • Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулга

    1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй

    Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.

    Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

    2.Танд нэг гоц санаа байх ёстой

    Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.

    Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

    3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой

    “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.

    Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

    Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л  сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.

    Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

    4.Үлгэр-1: Сул чөлөөтэй бай,

     бүү тэвд

    Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

    5.Үлгэр-2: Сул чөлөөтэй бай,

    бүү тэвд

    Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

    6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй

    Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

    Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

    7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл

    Харилцан яриа, ишлэл

    Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.

    Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

    Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.

    Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

    Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?

    А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.

    Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.

    Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.

    Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

    Кембрижийн  Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас

  • TUYANA STYLE CODE AGENCY

    TUYANA STYLE CODE AGENCY

    Давтагдашгүй өөрийгөө бүтээ…

    АГУУЛГА

    1. ТАНИЛЦУУЛГА
    2. ХУВЬД ХҮНИЙ ИМИДЖ БҮРДҮҮЛЭЛТ
    3. БАЙГУУЛЛАГЫН ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ
    4. БАЙГУУЛЛАГЫН ЦОГЦ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
    5. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
    6. ҮНИЙН САНАЛ
    7. ИМИДЖМАКЕР ТУЯАНА
    8. ХОЛБОО БАРИХ
    1. TUYANA STYLE CODE AGENCY ТАНИЛЦУУЛГА

    Олон улсад тэр дундаа баруун Европын орнуудад эрчимтэй хөгжиж эхлээд байгаа COLOR CONSULTING буюу ӨНГӨ ТОДОРХОЙЛОХ үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлэн ажиллаж буй мэргэжлийн байгууллага. 2015 онд Герман улсад үйл ажиллагаагаа явуулж байгаад 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

    Бид Монголын тэргүүлэгч бизнес эрхлэгчид, улстөрч, УИХ-ын гишүүд, урлаг соёлын одууд, олимп, дэлхийн аварга тамирчидтай тогтмол хамтран ажиллаж байна. 

    Байгууллагуудын хувьд Наран групп, TV5 телевиз, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.

    Хувь хүний имиж бүрдүүлэлт, хувь хүн өөрийнхөө давтагдашгүй өнгө төрхийг тодорхойлж чадсанаар үргүй зардал, стресс бухимдал эрс буурч, хувь хүний амжилтанд хүрэх нэг чухал түлхүүр нь болдог. Бид хувь хүний амжилт, өөрчлөлтөөр дамжуулан нийгмийн сайн сайхан өөрчлөлтөнд хөтлөх эрхэм зорилготой ажилладаг.

    Color Consulting гэж юу гэсэн үг вэ? Хүн бүрт өөрийн арьс болон үс, нүдний өнгө бүүр цаашилвал хүний нүдэнд харагдахгүй хүний дотоод өнгө гэж байдаг. Хувь хүн өөрт зохицох үндсэн өнгө болон дотоод өнгөө судлуулж тодорхойлуулснаар өөрийн хувцасны сонголтондоо хувьсал хийж чадна. Зөвхөн танд тохирох өнгө бусад хүмүүстэй адилгүй. Өөрөөр хэлвэл хүн бүрийн хувьд энэ нь ялгаатай. Өнгөө тодорхойлуулах нь өөрийгөө олохын салшгүй нэг чухал хэсэг нь юм.

    Та хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөгөөг авснаар өөрийн дахин давтагдашгүй дүр төрхийг тодорхойлуулж, өөртөө зохицсон царай төрх, үсний өнгө, үсний засалт, хувцаслалтыг бүрдүүлснээр өөртэй итгэх итгэл нэмэгдэж, ажлын амжилт болон өдөр тутмын амьдралд эерэгээр өөрчлөгдөж, өөртөө сэтгэл хангалуун өөдрөг амьдралыг бий болгож чадна.

    Та олон нийттэй харилцдаг салбарт ажилладаг удирдагч, бизнес эрхлэгч, улс төрч, урлаг соёлын салбарт ажилладаг бол өөрийн имидж бүрдүүлэх нь маш чухал нөлөөтэй юм. Бид танд үйлчилэхдээ хувь хүний нууц хадгалах ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах болно.

    Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийт, оюутан сурагчидад стайл, имиджийн боловсрол олгох лекц, сургалтыг зохион байгуулж ажилладаг.

    2. ХУВЬ ХҮНИЙ ИМИДЖ БҮРДҮҮЛЭЛТ

    Хувь хүн бүр өөрийн дахин давтагдашгүй өнгөтэй байдаг. Өөрийн өнгийг тодорхойлсноор өөрт тохирсон хувцасаа өмсөх, өөрийнхөө сайхан талыг тодотгох боломжтой болно. Өөрийнхөө давуу талыг ойлгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өөртөө сэтгэл хангалуун амьдрах болно. Хувь хүнд өөрийн бие, нүүрний онцлогт тохирсон үсний өнгө, үсний засалт, нүүр будалтыг тодорхойлуулж гоё сайхан талаа илүү тодруулж гаргахад туслана. Гоо сайхны зөвлөгөө, нүүр, арьс арчилгааг тодорхойлж, дотроосооо болон гаднаасаа гоо сайхныг бий болгох зөвлөгөө өгнө. Өөрийн биед тохирсон хувцасны бүрдлийг тодорхойлох, давуу талаа тодруулж, сул талаа багасгах боломж бүрдэнэ.

    Та өөрөө мэдэхгүй бас бусдад харагдахгүй байгаа гоо үзэсгэлэнгээ нээж гаргаж ирмээр байна уу? Би ийм л хүн, хамгийн сайхан хувцас өмсөөд би тийм л харагдана гэж бодож байгаа бол та маш том эндүүрч байна. Өөртэй болон бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж өмсөж яваа хувцаснаасаа эрч хүчийг мэдэрч бусдад түгээж явах боломжтой. Хувцасны загвараас гадна хүн бүр өөрт зохицох өнгөнүүд байдаг.

    Түүн шиг биш түүнээс илүү өөрөөрөө гэрэлтэх нь таны тодотгол болох юм.

    Өнгөний зохицолдолгоо гэдэг бол хамгийн чухал. Хэрэв та өөрт тохирох өнгийг мэдэж авч тохирох өнгөний хувцасаа сонгон өмсөж чадсан бол өөрийн хувийн амьдрал болон бизнес карьертай амжилтаа ахиулж чадна. Өмссөн өдрийнхөө өглөөнөөс энэ бүхэн эхлэнэ. Тэгвэл ямар ямар өнгө өөрт тань зохицох вэ? Тухайн хүнд тохирох өнгийг гаргаж ирэхийн тулд мэргэжлийн COLOR CONSULTING /ӨНГӨ ТОДОРХОЙЛОГЧ/ тусгай өгөгдсөн стандарт хэмжээтэй мэргэжлийн багаж хэрэгсэлээр таныг судалж, тодорхойлох бөгөөд ингэснээр танд тохирох үндсэн өнгөнүүд зөв гарч ирдэг.

    ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

    • Өөрийн гоо сайхан, хувцасны стиль загвартаа анхаардаг охид бүсгүйчүүд болон эрчүүд;
    • Улс төр, урлаг соёлын салбарынхан;
    • Олны танил эрхэмүүд;
    • Үйлчилгээний байгууллага болон компаниуд / Өөрийн ажилчидынхаа гоо зүйн боловсролд анхаарч хувцаслах болон зөв будах онол практикт суралцуулах/;
    • Мэргэжлийн гоо сайханч болон гоо сайхан Make-Up үйлчилгээний бизнес эрхлэгчид, үсчид;
    • Стилист болон fashion designerууд, загвар өмсөгч, фото моделууд;

    3. БАЙГУУЛЛАГЫН ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ

    Хувь хүний имидж бүрдүүлэлтэд суурилж, байгууллагын цогц имиджийг бүрдүүлж, эерэг, өөдрөг байгууллагын соёлыг бүрдүүлэхэд чиглэсэн багц үйлчилгээ.

    Бизнес, офисс, худалдаа, үйлчилгээ, банк зэрэг үйлчилгээний салбарын онцлогоос хамаарсан хувцаслалт, стайл бүрдүүлэлт бүгд өөрийн өвөрмөц онцлогтой байдаг. Байгууллага өөрийн онцлогт тохирсон зөв имидж бүрдүүлэлт хийснээр ажилтануудын сэтгэл ханамж, бүтээмжид эерэгээр өөрчлөхөөс гадна үйлчлүүлэгчийн хандлага, сэтгэл ханамжид нөлөөлдөг.

    Хийгдэх ажил

    Тайлбар

    Байгууллагын имидж лекц 1- 2цаг

    Суурь мэдлэг олгох лекцийг нийт хамт олонд зориулан зохион байгуулна.

    Имидж сургалт (эрэгтэй) 2цаг

    Хувь хүний имиж, нүүр будалт, гоо сайхан, фэйшн стаилийн талаар суурь мэдлэг олгох сургалт.

    Имидж сургалт (эмэгтэй) 3цаг

    Хувь хүний имиж, нүүр будалт, гоо сайхан, фэйшн стаилийн талаар суурь мэдлэг олгох сургалт.

    Имидж бүрдүүлэлтийн ганцаарчилсан судалгаа, зөвлөх үйлчилгээ.

    Өөрийн өнгийг тодорхойлсноор өөрт тохирсон хувцасаа өмсөх, өөрийнхөө сайхан талыг тодотгох боломжтой болно. Цагийн хуваарь гаргаж 1 өдөрт  2 хүнд хувь хүний имидж бүрдүүлэлтийн ганцаарчилсан зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. 1 хүнтэй 2 өдөрт 4- 6 цаг ажиллана.

    4. БАЙГУУЛЛАГЫН ЦОГЦ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

    Файш дизайн, хувцас загвар, гоо сайхны салбарт ажилладаг байгууллагуудад зориулсан цогц зөвлөх үйлчилгээ. Тухайн байгууллагын үйлчилгээний стандартыг сайжруулах, хувцас загварын концепцийг тодорхойлоход бодлогын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлж өдөр тутмын ажил биечлэн зөвлөгөө өгч ажиллана. Баг хамт олныг сургаж, чадваржуулна.

    7 хоногт зөвлөгөө өгөх цаг: 12,5 цаг

    Сарын зөвлөгөө өгөх цаг: 50цаг

    5. СУРГАЛТЫН АГУУЛГА | ХӨТӨЛБӨР

    1. Өнгө гэж юу вэ? Өнгө тодорхойлох гэж юу вэ?

    /Өнгө хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? Өнгөө тодорхойлуулсан хүн ямар өөрчлөлтийг бодитоор мэдэрдэг вэ? гэх мэт өнгөний талаар бүрэн зөв ойлголт

    1. Style / Image / Fashion гэж юу вэ? 

    Өөрт тохирох хувцасны загвараар хэрхэн стиллэг харагдах вэ? Style, Image, Fashion гэж юу вэ?

    1. Make-Up / Практик будалт 

    Суралцагчдаас сонгон зөв будалт хэрхэн өөрчлөлт үзүүлдэг болохыг практикаар үзүүлж Make-Up зөвөлгөө мэдээлэл өгнө

    1. Гоо сайхан/ Арьс арчилгаа

    Арьс арчилгаа хэдэн наснаас эхлэх вэ? Нас насны хүмүүсийн арьсны онцлог, мөн арьс арчлах бүтээгдэхүүний сонголтуудыг талаар бүх талын зөвөлгөө мэдээлэл

    1. Зөв хувцаслалт ба биеийн галбир

    /Хүн бүрийн биеийн хэмжээ харьцаа өөр өөр байдаг ба таны биеийн онцлогт тохирсон хувасны сонголтуудын талаар зөвлөгөө мэдээлэл

    1. Нүүрний хэлбэр/ Зөв үс засалт 

    Өөр бусдад зохиж байгаа малгай болон шил таньд зохихгүй байх нь таны нүүр болон толгойны хэлбэртэй шууд холбоотой. Нүүрний хэлбэртэй зохицсон малгай болон шил сонгох

    6. ҮНИЙН САНАЛ

    Төрөл

    Хугацаа

    Тайлбар

    Хувь хүний имидж бүрдүүлэлтийн үндэс өнгө доторхойлох үндсэн үйлчилгээ (Эрэгтэй)

    2- 3цаг

    Ганцаарчилсан судалгаа, зөвлөгөө

    Хувь хүний имидж бүрдүүлэлтийн үндэс өнгө доторхойлох үндсэн үйлчилгээ (Эмэгтэй)

    4- 5цаг

    Ганцаарчилсан судалгаа, зөвлөгөө

    Имидж бүрдүүлэлтийн практик ганцаарчилсан зөвлөгөө

    Цаашид нэмэлтээх цаг авч гарцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

    Байгууллагын имиж бүрдүүлэлт

    7 хоног

    1. Нийт хамт олонд зориулсан суурь мэдлэг олгох нэгдсэн сургалт 1цаг
    2. Эмэгтэйчүүдэд зориулсан сургалт 3цаг 
    3. Эрэгтэйчүүдэд зориулсан сургалт 2цаг
    4. Ганцаарчилсан судалгаа, зөвлөгөө 20 хүртлэх хүнд (түлхүүр хүмүүсээ байгууллага өөрөө сонгоно)

    Байгууллага 21-с дээш хүнд гарцаарчилсан судалгаа, зөвлөгөө авах тохиолдолд санал боловсруулж танилцуулна.

    Байгууллагын цогц зөвлөх үйлчилгээ

    3- 6 сарын гэрээ байгуулж ажиллана.

    1 сард 40- 50 цагийн зөвлөх үйлчилгээ өгнө.

    Зөвлөх үйлчилгээний төлбөрийг сар бүрийн эхэнд урьдчилж авдаг.

    Жич: [Дээрх төлбөрт НӨАТ ороогүй болно] Төлбөрт баг хамт олны сургалтын танхим, хотоос гадна бол унаа, орон нутаг бол томилолтын зардал багтаагүй болно. Оролцогчдын тоо, сургалтын давтамж, захиалагч талын нэмэлт санал хүсэлт зэргээс хамааран сургалтын хөтөлбөр, төлбөрт өөрчлөлт орж болно.

    Ганцаарчилсан зөвлөгөөнүүд манай өөрийн байранд явагдана.

    7. ИМИДЖМАКЕР ТУЯАНА

    Tayana Style Code Agency (Туяана стайл коде эженси) үүсгэн байгуулагч, имиджмакер

    Имиджмакер Д.Отгонтуяа нь Fashion Stylist, гоо сайханч, Make up Artist, Image Maker, Hair stylest мэргэжилтэй. 2006 оноос хувь хүний имидж бүрдүүлэлтийн нарийн мэргэшилүүд болох хувь хүний өнгө тодорхойлох, гоо сайхан, үсний стилист, нүүр будалтын чиглэлүүдээр мэргэшин суралцаж, ажиллаж туршлага хуримтлуулсан.

    2003- 2006 онд Герман Улсын Штутгард хотын Хатагтай Бергитийн нэрэмжит загвар зохион 

    бүтээгчдийн коллежийг Moda Design, Fashion Stylist чиглэлээр суралцаж төгссөн.

    2005- 2011 онд Германы нэрт дизайнер Blut geschwister компани болон Abseitz botique-д стилист;

    2012- 2014 онд ХБНГУ-ын Штутгард хотын Хатагтай Леманы нэрэмжит гоо зүйч, 

    гоо сайхны сургуулийг Гоо Сайханч мэргэжлээр суралцан төгссөн.

    2015- 2016 онд ХБНГУ -ын Мюнхэн хотын “Woman Styling” сургуульд Color Consultation , 

    Stylist, Make up Artsist, Hair Stylist, Personal Shoper, Fashion Stylist мэргэжлүүдээр 

    суралцан төгссөн;

    2015 оноос Герман Улсын Munchen хотод хувь хүний имидж бүрдүүлэлтийн Style Code агентлагаа Woman Styling Lounge-тай хамтран ажиллуулж бизнесмэн, багш, урлаг соёлын 60 гаруй хүний хувийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

    2017 оноос Монгол Улсдаа имиджмакерийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж Tuyana Style Code Agency нээн ажиллуулж байна.

    www.facebook.com/StyleCodeAgency

  • “БАЙГАЛЬ ЭЭЖТЭЙГЭЭ УУЛЗ” ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН

    Та байгаль ээжтэйгээ уулзаж, хэлж буй үгийг сонсож, ярилцаж, сэтгэл зүрхээ амраахыг хүсвэл энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирнэ үү.

    Монголын тал нутаг, нүүдэлчин ардын ахуй амьдралын өвөрмөц хэв маяг, соёл, гүн ухаан, монгол хөг аялгуу, сэтгэлгээ шингэсэн дахин давтагдашгүй өвөрмөц уран бүтээлүүд. Контемпорари урлагийн Видео Арт, Уран зураг, Өрөг /Инстолляци/, Фото арт, Перфоманс арт зэрэг орчин үеийн урлагийн үзэсгэлэн.

    Хэзээ: 6 сарын 20-ны 17:00 цагт
    Хаана: Занаду Арт Галлерей

    Уран бүтээлчид
    1. Л.Энхбат \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн\
    2. Н.Амарсайхан \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн\
    3. С.Зэсээ \ЗанадуАрт галерейн куратор, урлаг судлаач\
    4. Д.Батзориг \”Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн тэргүүн\
    5. Т.Энхболд \”Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн гишүүн\
    6. В.Ундраа \Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач\
    7. Ц.Ариунтөгс \Чөлөөт Уран бүтээлч\

    Tax: FREE
    Утас/факс: 976-11-310239, 99836162

    Ерөнхий зохион байгуулагч: “New century-Art” assocation /Цөлжилт урлагт төслийн хүрээнд зохион байгуулав/

  • ЭЛСЭН МАНГАСТ нутгаар урлагийн эрэл хийлээ

    5 сарын 5-аас 5 сарын 9 хооронд “Шинэ үе урлаг” холбооны уран бүтээлчидтэй хамт “Цөлжилт ба урлаг” төслийн шугамаар урлагийн бүтээл хийхээр Дорноговь аймгийн нутгаар аялаад ирлээ. Энэ аялал нь маш их сонирхолтой боллоо. Бас их юм үзэж харж ойлгож, сурч яваад ирлээ дээ.

    Бидний зам Хүслийн уул, Зүүнбаян, Хашаатын гол, Хамрын хийд /Энергийн төв/, Баярбүрдийн элс, тэгээд буцаад Сайншанд орсон доо. 

    Хар уул буюу Хүслийн уул: Тэнд их сонин юм зөндөө байсан. Уул нь оройноосоо харлаад ирсэн өндөр хайрхан юм билээ. Тэнд урт шат, урт гүүр, олон суварга бас хүслээ шивнээд эсвэл бичээд шатаадаг суварга байсан. Би бас тэнд гэр бүлийхэндээ сайн сайханыг хүссэн хүслээ бичээд шатаасан. Бас хүүхдээ даатгадаг Хүүхдийн овоо гэж байдаг юм байна лээ. 

    Энергийн төв: Тэнд их гоё юм байна лээ. Төвд нь нэг хонх байдаг юм билээ. 108 суварган хүрээний өмнөд талд гурван хаалгатай сүм хэлбэртэй хаалгатай. Дунд хаалгаар нь энгийн ардууд ордог, зүүнээр нь ихэс дээдэсүүд, баруунаар нь лам хуварга нар ордог байсан юм гэнэ.  Тэгээд нэг ходоод шиг чулуун овоонд муу зүйлээ шивнээд арилгуулдаг. Бас бид нарын ороод гардаг хаалганы нүүрэнд нүд байдаг. Тэр нүдэнд муу санаж явдаг бүх хүмүүсээ үлдээдэг. Тэгээд оюун ухаанаа цэвэрлэн энергийн төврүүгээ ордог юм байна. Тэгээд арц хүж уугиулдаг томоос том бойпорны санд биеэ ариулаад цааш очир тойрогыг будаа цацаж тойроод өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван тойргийг тойрч очоод тэндээсээ архи сархадын идээгээр хүслийн уулын зүг цацал өргөсөн, өөрийн бие ажлаа даадгана. Тэгээд цааш явж энерги авдаг улаан шороон дээр хэвтэж энерги авсан. Дээшээ харж хэвтэж байгаад нарыг их том дугуй хүрээ хүрээлээд гадна талаар нь, солонго ороосон болохыг харлаа. Тэгээд гэрийнхэнлүүгээ ярьж энерги дамжууллаа.

    Дээш гарч овоог нь тойрч уран бүтээлчидтэйгээ хамт “Үлэмжийн чанар”-ыг дуулаад доошоо бууж цагаан чулуу авч гарч, үүдээр гарахдаа нэр усаа хэлээд, ирээд буцлаа гээд арагшаа ухарч гараад, чулуугаа орхино. Тэгээд Газар доорх агуй бас Эхийн умайгаар гарч өвчтэй газраа үрдэг хаданд биеэ үрсэн дээ. Хэ хэ их сонин л юм билээ.  Биднийг газарчилж явсан жолооч ах л билэнд олон сонирхолтой зүйлийг тайлбарлаж өгч байсан даа.

    За тэгээд уран бүтээлчид тус тусдаа бүтээлээ хийхээр тал тийшээ явах үед ганцаараа байх боломж олдож байсан бөгөөд тэр үеэд нь олон зүйлийг бодож, бясалгаж, өөрийгөө сонсож амар амгаланг мэдрэхэд гайхалтай байсан даа.

    Сонин сайхан зүйлээс гадна хүнд, хэцүү зүйлүүд мэдээж байсан. За тэр их элсийг харахад нэг талаараа гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байсан ч энэ нь байгалийг идэж байгаа мангас шиг л санагдаж байсан.

    Говь газрын мал хүмүүс хэцүү амьдардаг нь харагдаж. Ихэнхдээ элсэн шуурга болж байсан. Мал нь юу иддэг юм бол гэмээр л харагдаж байсан. 

    Араас шуурах элсийг
    Эргэж ч харж амжихгүй
    Элсний нүүдэлд дайрна
    Гайхалтай бас аймшигтай
    Элсэн манхан чи
    Сайхан харагдах хэдий ч
    Нүүн наашлах
    Элсэн мангас мэт
    Бүхнийг залгиж авна

    Ингээд уг аялалын үр дүнд бүтсэн урлагийн бүтээлүүдээр бүтсэн “Цөлжилт ба урлаг” үзэсгэлэн 6 сарын 17-нд Занаду Арт галерейд болно. Та ч бас байгаль эхийн үр ач гэдгээн санаж бидний үзэсгэлэнг ирж үзээрэй.