Author: admin

  • Боломж яг дэргэд чинь байна

    Тэр үеийн тоос сорогч овор ихтэй, ашиглахад төвөгтэй хүнд байлаа. Левит чухам энд л хүчин зүтгэвэл зохих боломжтойгоо мэдрээд олз омогны хойноос мордсон байна. Бүрэн дүүрэн ялахаасаа бүр өмнө ахиц муутай болсон бизнест нөлөө бүхий талбар эзэмшиж чадсан байлаа.

    Поль Хоффман, Гарольд С.Венс нар иймэрхүү зүйлийг “студебеккер” гэдэг авто тэргэнд хийсэн юм. Эднээс өмнө бол бусад бүх үйлдвэрлэгчид ганц нэг эд ангийг өөрчлөх, бүхээгний бүрээсийг солих зэрэг л ажлыг хийж байжээ. Хоффман, Венс хоёр өөр маягаар ажилласан байна. Тэд дизайнер Раймонд Лоувайг урьж залуу үеийнхэнд зориулсан авто тэрэгний загвар зохиох даалгавар өгчээ. Шинэ залуу гэр бүл, залуу худалдан авагчид орчин үеийн чамин хийцтэй машинтай болохыг хүсэж байлаа. Залуус улиг болсон хуучны овор ихтэй тэрэг худалдаж авахдаа дурамжхан байв.

    Лео Герстанзанг гэдэг хүн Хоффман, Венс хоёроос ялгаатай нь гэвэл санхүүгийн орлого өгч мэдэх шинэ үйл хажиллагаа хайгаагүй байна. Тэрээр нялх охиноо гэргий нь хэрхэн угааж байгааг нэг удаа ажиглажээ. Гэргий нь хүүхдийнхээ нүд, хамар, чихийг цэвэрлэх гэж хөвөн имэрч ядаж байгааг харж байжээ. Тэрээр нялх хүүхэдтэй айл болгонд байдаг хэрэгцээг гэв гэнэтхэн тов тодорхой олж харжээ. Тэгээд л ашиглахад бэлэн, “К-типс” гэдэг имэрсэн хөвөн бүтээсэн байна.

    Балтимор хотын Отто Дайфенбах оёдлын машины бяцхан дэлгүүрийн эзэн байжээ. Тэгээд нэг удаа янжуурын гялгар нийлэг уутыг ган утсанд ороож байснаа автал коктейль сорж уух гуурсархуу юм болчихсон ажээ. Нийлэг гуурс хийж болох юм байна гэсэн санаа бие сэтгэлийг нь эзэмдсэн гэнэ. Бага балчир хүүхдүүд сүүг гуурсаар сорж уух дуртай болохлоор эхчүүдийн сэтгэлд энэ санаа нийцнэ. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө томчуудын хүлээн авалтанд оролцож байгаа мэтээр бодох тул сэтгэлд нь бас нийцнэ. Хийжүүлсэн ус зардаг тэргэнцэр ч цэвэр цэмцгэр харагдах болно. Урьд өмнө өөр хүн ийм гуурс хийх гэж байсан эсэхийг л шалгах хэрэгтэй байлаа. “Нийлэг уут үйлдвэрлэгчидээс асуух нь зөв” хэмээн Дайфенбах сэтгэжээ. Тэгээд л унаа авч Уилмингтон дахь Дюпоны компани уруу очлоо.

    Үйлдвэрийнхэн “Ийм санаа төрсөн нь сайхан хэрэг” гэцгээхийн зэрэгцээ, нийлэг эдээр гуурс хийж чадсан хүн байхгүй л байгаа юм даа хэмээн анхааруулжээ. “Та ийм юм хийх эрмэлзэлтэй байгаа бол бид таньд дуртайяа тусална. Манай оронд тун олон янзын гуурс ашигладаг боловч нийлэг гуурс гэдэг чухал санаа ч байж мэднэ” гэцгээжээ. Отто Балтимортоо буцаж ирээд нийлэг гуурс хуйлах төхөөрөмж зохион бүтээх ажилд улайрч, хийж ч чадсан байна. “Глассипс” гэдэг нэртэй болсон сая сая гуурс өдөр тутмын амьдралд тус болж, баяр цэнгэл нэмсээр зах зээлийг эзэлж, Дайфенбах нэн унацтай бизнесээ бий болгоод бэлжсэн ажээ.

    Мичиган мужийн Салино хотын хөрш хоёр эзэгтэй угаалгын нунтагны тухай байнга ярилцдаг байж гэнэ. Энэ ярианаасаа үндэслэн нэг эзэгтэй нь янз бүрийн нунтагийг хольж байгаад юу ч цэвэрлэх шинэ нунтаг гаргаж авчээ.

    Тэр эмэгтэй байшингийнхаа хонгилд ихээхэн нунтаг бэлтгээд хоёр гэрээрээ хувааж найз нөхөддөө тараасан байна. Төдөлгүй шинэ нунтаг хийлгэх гэсэн захиалга өдий төдийгөөрөө ирэх болжээ. Бусад эзэгтэй нар ч шинэ нунтагын тухай дуулж, тэр нунтаг нь ч тэдний сэтгэлд нийцсэн байна.

    Байшингийн хонгилд эхэлсэн үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөөр “Спик энд Спэн” гэдэг угаагч нунтагны үйлдвэр болжээ. Тэр нунтаг тун сайн борлож байсан болохоор “Проктер энд Гембл” гэдэг савангийн үндэсний томоохон компанийн анхаарлыг татлаа. Энэ компани 1945 онд тэр хоёр эзэгтэйгээс нунтагийг нь үйлдвэрлэх эрийг худалдан авч, энэ насандаа хүний гар харахааргүй болтол нь их мөнгө төлсөн байна. Хөрш хоёр эзэгтэй өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг бодож байхдаа бүх хүнд хэрэгэй тийм зүйлийг нээсэн ажээ. Тийм болохоор та ч гэсэн, гэр орондоо байж байхдаа ч сайжруулж боловсронгуй болгож болохоор зүйлийг эрж хайгаарай. Ажил дээрээ ч, сургуульдаа ч, пин амбаартаа ч, сүм хийдэд ч, өөрийн тань ашиг сонирхол бусдын хүсэл эрмэлзэлтэй уялдан нийлэх газар бүрд л эрж хайгаарай.

    Таныг гэрийн эзэгтэй юм гэж бодъё. Ор дэвсгэр засах, хоол хүнс хийх, сав суулга угаах бишгүй олон ажил бий. Энэ бүх ажлын аль нь ч гэсэн боловсронгуй болгох өдий төдий боломжийг агуулж байдаг. Жишээлбэл, эргэдэг дамарт ороосон цаасан алчуурын зарчмыг ор засах, хураахад ч ашиглаж болно. Орны хөл толгойн аль нэгэнд гараар эргүүлэх дамар хийчихвэл орны даавууг дэлгэхийн тулд хэд хэдэн удаа эргүүлэх жишээтэй юм. Тэр дамрыг яаж бэхлэх, даавуугаа яаж бэхлэх зэрэг өдий төдий асуудал гарах л даа. Гэвч хамгийн гол нь шинэ санаа төрсөн явдал юм шүү. Тэр ч атугай орны даавуу, дэр, ширдэг, орны хөл толгойны хэлбэр хийцийг ч боловсронгуй болгож болно. Эд бүгдийн хийц үзэмжийг сайжруулж  улам бүр тохилог болгож болохгүй гэж үү дээ.

    Та, эсвэл нөхөр тань тодорхой авъяас чадвартай бол угаалгын саван дээр бэхэлчихэж болохуйц, сав суулга угаах аюул осолгүй цахилгаан төхөөрөмж ч сэдэж болно. Хоол хүнс бэлтгэж хийх ажилд ч гэсэн боловсронгуй болгохоор өдий төдий боломж бий. Гэр орноороо явж өдөр тутмын ажил үйлсыг санаарай, өөрчилж сайжруулмаар юм байхдаа л байгаа.

    Нэрд гарсан хөгжмийн нэг зохиолчийн гэргий ашигласныхаа дараа шууд л жорлонгийн устай татчихаж болох цэвэрлэгээний өвөрмөц сойз саяхан сэдсэн байлаа. Тэр бүсгүй шинэ саналаа “Персонал продакст” компанид худалдсан агаад борлосон бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг хүртэх болжээ.

  • Та хүнд бэрх сорилтыг давах сэтгэлийн тэнхээтэй юу?

    1. Өөртөө тохиолдсон шийдэхэд төвөгтэй асуудал, бэрх хэцүү явдлын тухай бусдад ярьдаг уу?

     

    А. Үгүй – 3 оноо

    Б. Санаа сэтгэл нийлсэн хүндээ бол ярьж л орхидог – 1 оноо

    В. Үргэлж тэгдэггүй, хүмүүс өөрсдийгөө яая гэж байхад төвөг мэт санагддаг – 2 оноо

    2. Сэтгэл эвгүйцүүлсэн явдлын дараа гутардаг уу?

    А. Үргэлж, бүр сэтгэлээр унадаг гээч – 4 оноо

    Б. Байдлаасаа л болно – 0 оноо

    В. Бэрх хэцүү бүхэн нэгэн цагт дуусна гэдгийг ойлгодог – 2 оноо

    3. Та юунд ч юм бэ сэтгэл дундуурхан нууцхан гунигт автан байхдаа яаж сэтгэлээ засдаг вэ?

    А. Өөрийнхөө хамгийн дуртай, удтал мөрөөдөж байсан юмаа хийдэг – 0 оноо

    Б. Дотны нөхөд дээрээ очно – 2 оноо

    В. Өөрийгөө өрөвдөөд л гэртээ сууж, зурагт харах юм уу ном шагайдаг – 4 оноо

    4. Дотно хүн чинь таныг гомдоовол яах вэ?

    А. Өөртөө л гомдоно доо – 3 оноо

    Б. учирлаж тайлбарлахыг нь тэвчээртэй хүлээнэ – 0 оноо

    В. Хэн нэгэнд энэ тухай ярина – 1 оноо

    5. Хамгийн аз жаргалтай цаг мөчид та юун тухай боддог вэ?

    А. Муу муухай, сэтгэл тааламжгүй юмыг ор тас мартана – 1 оноо

    Б. Сайн сайхан, аз жаргалтай цаг үе маань нэг л мэдэхэд замхарч одно доо гэж түгшүүрлэдэг – 3 оноо

    В. Сэтгэл зовиурлах юм амьдралд бишгүй тохиолддог хойно хэмээн өөрийгөө тайвшруулна – 5 оноо

    6. Заяа төөрөг үздэг, мэрэгч төлөгч нарт та итгэдэг үү?

    А. Тийм улстай уулзах дургүй – 4 оноо

    Б. Ийм увидастай хүмүүс зовж гутарсан олон хүнд тус дэм болдог хэмээн итгэдэг – 2 оноо

    В. Хүн өөрөө өөртөө л туслах ёстой гэж боддог – 3 оноо

    7. Таны бодлоор хувь тавилан гэж юу вэ?

    А. Биднийг байнга туршиж, сорьж байдаг аугаа хүчтэн – 5 оноо

    Б. Намайг ивээж тэтгэдэггүй мэт санагддаг – 2 оноо

    В. Надаас нүүр буруулсан мэт санагддаг – 1 оноо

    8. Хайртай хүнтэйгээ маргалдаж, тар түр гэснийхээ дараа юун тухай боддог вэ?

    А. Сайн сайхан, хөгжөөн цэнгээнтэй, аз жаргалтай өнгөрсөн үеийнхээ тухай санагалздаг – 1 оноо

    Б. Яаж нэг хариугаа авъя даа гэж боддог – 2 оноо

    В. Би яасан ч их тэвчээртэй хүн бэ гэж боддог – 3 оноо

    7- 15 оноо. Та сэтгэл хүнд бэрх, зовлонт явдлын учир холбогдлыг сайтар тунгаан боддог болохоор энэ бүхэнтэй эвлэрч, бэрхшээлт байдлаас түргэн мултарч чаддаг. Хамгийн гол нь та тэгтлээ гуниж гутардаггүй, амьдралын ширүүн догшин эргүүлэгт автдаггүй хүн юм. Таны хатан тэвчээр, уужуу тайван байдлыг чинь хүмүүс үнэлж цэгнэдэг юм байна.

    16- 26 оноо. Ийм л хувь тавилантай юм байлгүй хэмээн та өөрийгөө хаацайлж бэрхшээлт асуудлаа олны өмнө гаргаж тавьдаг. Бас энэ бүхэнд бусдыг буруутгах дуртай. Дотны хүмүүсээрээ өрөвдүүлж, тэдний нөмөр, нөөлгөнд хоргодох нууцхан хүсэлтэй. Өөрийгөө захирч бэрхшээлийг давж сурах цаг болжээ.

    27- 36 оноо. Та бол бэрхшээл, хүнд бэрхийн өмнө өвдөг сөхөрдөг хүн юм. Тийм болохоор хүнд хэцүү бүхэн ганц надад л тохиолддог хэмээн гуниж гутардаг. Та ганцаардмал, өөрийгөө өрөвдөж суудаг. Сэтгэлээ хатуужуулж, аливаа хүнд бэрхийн өөдөөс зориг шийдвэр төгс эгцлэн харж сурах хэрэгтэй. Амьдрал дунд орж, сайн мууг үзэж туулах нь таныг бэрхшээлээс няцдаггүй болгоно.

    П.Увш “Харилцааны сэтгэл зүй”

  • Бүх юм түр зуурынх

    Израилийн хаан Соломон “Бүх юм түр зуурынх” хэмээх үг бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх мэргэн үгс нь тайвшруулахааргүй таагүй явдал Соломонд тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг буйг Соломон олж харав. Гайхан босч очоод авч үзвэл “Энэ ч гэсэн түр зуурынх” гэсэн байжээ. Энэ таагүй агшныг ч олон зууны тэртээх мэргэд олж харсан байх нь. Соломон гашуунаар инээд алдаад бөгжөө буцааж зүүжээ. Ахиж хэзээ ч хуруунаасаа салгаагүй ажгуу.

    Та ч гэсэн бүх юм түр зуурынх гэдгийг ухааран ойлгож уур бухимдалаа багасган хүлээцтэй тэвчээртэй ингэж амьдраарай.

  • Амьдрах орон зай

    Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган  жилийн тэмцэл тулаан, зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.

    Газар гэдэг маань эх орон юм.

    Үндэстэн оршин тогтноно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр.

    Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхлэнэ. Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж, үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй.

    Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож, Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, Фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Энэтхэг ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор…

    1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий маань 1990-ээд онд буюу 30 гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л…

    Дэлхий дахинд амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.

    Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зуураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хуваан идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, ”хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”?

    Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.

    Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.

    Германы газар зүйч Ф.Ратсель “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан.

    Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.

    Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлхийг санаархаж байна. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх орондоо хүн шиг алхаж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь… Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж “би энд насаараа сууна!” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.

    Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна.

    Ард түмэн нийтдээ ядуу дорой байна. Авсан газраа гадаадынханд урт хугацаагаар түрээслүүлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хүний нэр дээр гадаадын хүмүүс газар нутгийн маань эзэн болох нөхцлийг бүрдүүлж өглөө.

    Ядуу дорой амьдралтай монголчууд газраа гадаадынханд түрээслүүлж, ашиглуулж, эзэмшүүлж, оронд нь гол зогоох төдий юм авна. Америкийн Жон ч байна уу, Хятадын Ху овогт ч байна уу, Германы Шмит ч байна уу хамаа алга. Тэд монголын Доржоос юм уу, Балдангаас бай, эсхүл Батаас ч юм уу, Гончигоос ч юм уу газрыг нь жаран жилээр түрээсэлж аваад, түүнд зохих мөнгийг нь өглөө… одоо гучтай юм уу, дөчтэй Жон, Дорж, эсхүл Ху овогт, Бат дөрвийн хэн нь ч 60 наслахгүй. Сайн бол 30-40 жил амьдраад мажийна. Цаашаа яах вэ? Үр хүүхэд нь өв залгамжилж, гэрээ түрээсийг үргэлжлүүлэн, сунгаж ч болно.

    Жон юм уу, Ху овогт ч юм уу, Доржийн юм уу, Баатарын ч юм уу газар дээр хөрөнгө оруулалт хийж, орон сууц, үйлдвэр, юм юмтай л болно. Тийм их хөрөнгө зарчихаад “Энэ газар Доржийнх байгаасай, би сүүлд нь буцааж өгнө“ гэж толгой нь хамуурсан амьтан л бодох байхдаа. Баян хүн таван хаанд нүүртэй. “Энэ газар яахаараа Доржийнх юм уу, Батынх байх ёстой билээ? Минийх байж болохгүй гэж үү? Хэмээн Жон ч юм уу, Ху овогт ч юм уу сэтгэж эхэлнэ.

    Газрын эзэн Дорж юм уу, Бат боловч өөрийн газар нутаг дээр хэсэгхэн зайд боол зарц мэт амьдарч, нэгэнт газрыг нь 60-70 жил түрээсэлж аваад байр сууц, үйлдвэрээ барьсан харь эзэн нь хаан шиг данхалзана биз дээ.

    Аз болж Доржид охин, Жонд үе тэнгийн хүү байя гэж бодъё. Хоёр залууг нийлүүлэх шиг амар юм баян Жонд юу байх билээ? Эсхүл Ху овогтод гоо охин, Батад хүү байлаа гэж сэтгэе. Жоны болон Ху овогтын хувьд аль болохоор залуусыг нийлүүлэх нь оройн дээд хүсэл. Залуусыг ямар ч аргаар хамаагүй гэрлүүлж дөнгөнө.

    Чингээд л гурав дахь үе дээрээсээ монгол газрын маань хэсэг Ху овогтын охин, Батын хүү хоёроос гарсан эрлийзийн өмч болох нь тэр. Тэр амьтан нэгэнт монгол эцгээс, монгол нутагт төрсөн юм чинь яах билээ? Хүний эрх, ардчилал… Хэнбугай ч, юу ч хэлж чадахгүй.

    Тэр хүүхэд 16 хүрээд монголын иргэн болж иргэний үнэмлэх авна. Ху овогт өвөөгийнхөө буянаар газар байр, байр сууц, үйлдвэр бүгдийг өвлөнө.

    Доржийн охин, Жоны хүү хоёроос бас нэг эрлийз төрнө. Түүнийг америк гэх үү?… монгол гэх үү?

    (үргэлжилнэ)  Очирбатын Дашбалбар

  • Босоо ухаан

    Mонголчуудын аман ярианд нэгэн хачин хэпц vг байдаг байлаа. Тэр нь одоо vед бараг мартагджээ. Хагас зууны тэртээ ахмад хvмvvс хvvхэд, залуус биднийг “ухаанд нь ухна vхсэн тархи” гэж загнадаг байж билээ. Тэр vед байтугай одоо ч “ухаанд нь ухна vхсэн” гэж чухам юуг хэлээд байсныг нь ухаарахад тvвэгтэй хэвээрээ л байна. Гэхдээ “ухаанд нь ухна vхсэн” хvмvvс өнөөгийн манай нийгэмд улам бvр олширсоор байна. Хэн нэг хувь хvний “ухаанд нь ухна vхчихэж” мэдэх л юм. Гэвч бvхэл бvтэн vндэстний маань “ухаанд нь ухна vхэж” болохгvй биз дээ. Тэгэхэд хvрвэл тэр “ухныг” ухаанаасаа зайлуулж ухаанаа цэвэрлэж авахад бvх нийтээрээ чармайх хэрэгтэй болно. …Саяхан Ричард Лvнн, Тату Ванханен гэдэг өрнөдийн хоёр эрдэмтэн 185 улс орны иргэдийн ухааны бярыг буюу (ай кv) хэмжиж судалсан чинь монголчууд эхнээсээ 21 дvгээрт орсон байна. Тэгтэл монголчуудын амьдралын төвшин нь өрнөдийн судалгаагаар мөнөөх 185 орны дотор эхнээсээ биш сvvлээсээ 21-д орох хэмжээнд арай гэж хvрч байгаа ажээ.

    Ухааны нь бяр чадал дэлхийн 164 орныг ардаа орхиж байгаа мөртлөө амьдралынх нь бэл бэнчин 164 орны хойно хоцорчихсон явж байна гэдэг нь өөр юуных ч биш гагцхvv “ухаанд нь ухна vхсэнийх” гэхээс өөр vг алга.
        Монголчуудын уураг тархины жин нь цагаан арьстнуудынхаас даруй 52 граммаар илvv буюу 1330:1382-ийн харьцаатайг шинжлэх ухаан аль эрт нотолчихсон зvйл билээ. Тэгсэн мөртлөө монголчууд бид хvний адагт ороод гэлдэрч явмааргvй юмсан. Тэр тусмаа энэ зуун маань оюун ухаан хvний болоод нийгмийн хөгжлийн гол хөдөлгvvр болж буй эрин цагийн эхэн билээ. 2030 он буюу ердөө л 25-хан жилийн дараа хvний зохиосон цахим оюун буюу компьютерийн чадал нь хvний ой ухаантай тэнцvv болох бөгөөд цаашдаа давж гарна гэсэн тооцоо нэгэнт гарчихаад байгаа нь дээр өгvvлсэний нэг нотолгоо бөгөөд сvvлийн хориодхон жилд гэхэд л цахим тооцоолуур байтугай “гар утас” гэдэг хөдөлгөөнт холбоо хэчнээн хурдан, хэчнээн боловсронгуй болж байгааг ч гэсэн эргэцvvлэн бодох шаардлагатай байна. Хэрвээ юу ч бодохгvй, маргааш юу ч болохыг төсөөлөхгvй энэ янзаараа суугаад байвал хvний бvтээсэн компьютерээс “тэнэг” хvмvvс болсноо нэг л өдөр мэдрэх цаг ирэх нь зайлшгvй.

    ”Ухаанд маань ухна vхсэн” гэдгийг сайтар бясалган бодвоос “босоо ухаантай” байсан монголчууд “мөлхөө ухаантай” болсонд л хамаг гай нуугдаж буй бололтой. “Босоо ухаан” гэж юуг хэлдгийг орчин үеийн IQ буюу “интеллиженс куошент” хэмжvvрийн vзvvлэлтээр аваад vзэж болно. Ямарваа хvний сэтгэлгийн чадвар нь дөрвөн зvйл бvрэлдэхvvн дээр тулгуурладаг.

    Нэгд, ердийн бус, хоёрт, ердийн, гуравт, нvдлэн сэтгэх, дөрөвт, зөгнөн бодох эдгээр юм.

    Ердийн буюу вертикал (босоо) сэтгэлгээгээр монголчууд хосгvй явсан vе бий. Тэр цагт хагас орчлонг морин туурайгаараа тамгалж гурван тив, гурван далайг тулсан их гvрнийг байгуулж явлаа. Ердийн буюу босоо сэтгэлгээ мухардах юмуу мөхөсдөхийн цагт ер бусын (казуал) болон зөнч сэтгэлгээрээ (латерал) оюунаа тэтгэж явсны дурcгал нь монгол ардын аман зохиолд шингэж vлджээ. “Босоо сэтгэлгийн” бусад шалгуураар ч өвөг дээдэс маань хvний дор орохооргvй явжээ. Vvнд сэтгэх хурд, ярих хурд, бичих хурд гэдэг vзvvлэлтээр аваад vзэх юм бол саяхан болтол vндэстний маань бахархал болсон хvмvvсийн намтар тvvх олон зvйлээр онцгой байсныг хvмvvс судар бичиг, аман ярианд мөнхлөн vлдээжээ. Сайн ноён хан Намнансvрэнг Манжийн хаанд бараалхахад ёроолгvй бөөрөнхий аяганд халуун цай хийж өгөхөд нь тэвдсэн ч vгvй эрхээ дугуйлан ширээн дээр тавьж тvvн дээрээ өнөөх аягыг нь суурилуулан тогтоож байсан гэдэг домог бий. Морины давхил дунд бийрээр ацаг шvд орхилгvй тэмдэглэл хөтлөж байсан их бичээч Магсар хурц гэхчилэн сэтгэлэг, бичлэг, vг ярианы хурдаар гайхагдаж явсан ахмад vеийнхний хэрэг явдал өнөө хэр мартагдаагvй байгаа vед бид аж төрж буй билээ.

    Бие даах, бусдыг манлайлах, эрсдэлд орох чадвараар монгол цэргийн жанжингууд хэний ч дор орж байгаагvй гэдгийг тvvх гэрчилсээр vлджээ. Зохион байгуулах, донж тааруулах (дизайн) сэтгэлгээр ч гэсэн монголчууд нvvдэлчдийн ертөнцөд байтугай суугаачуудын хорвоод ч гайхагдсаар буй мөнхийн бvтээлийн эзэд юм. Монгол гэр бол зохион бvтээх, байгальтай зохицон аж төрөхийн гvн ухааныг цаг, зардал, хөдөлмөр хэмнэхийн эдийн заcгийн номлолыг, эрvvл орчинд, алжаал тайлахын эрдмийг, тэнгэр гал шvтлэгийн нарийн увидасыг цогц шингээсэн хосгvй, давтагдашгvй бvтээл юм. Vvнээс эөвхөн гал, тэнгэрийг дээдлэх vзлийн журам хэрхэн туссаныг товч өгvvлэхэд хvvхэд төрвөл тэрний анхлан харах юм нь тооноор цэлийх хөх тэнгэр агаад манцуйнаас гарч хөлд орох хvртлээ дээш харан хэвтэж гагцхvv дээрх хөх тэнгэрийг ширтэж хараагаа гvнзгийрvvлдэг нь Монголын бага насны эх болдог бол гэрийн төв дунд тулгаа байрлуулан галаа тvлэхvйд тvvний утаа нь ч, илч нь ч дээд тэнгэрт тэмvvлэн тооноор дээш оргилдог бөгөөд хажуу хананаас юмуу хөл дороос халдаг өрнөдийн дулаалгын ёсноос хахь ондоо билээ. Ямар ч vед монгол хvн галаа тойрон сууж, гал өөдөө элгээ харуулж илч дулааныг авдаг байсан бvлгээ. Өдрийн цагт гэрт болж байгаа бvх юм өрх нь татаастай тооноор “мэлмийд” ил тод нуултгvй харагдаж, шөнийн цагт гэрт болдог юмаа тэнгэрийн мэлмийгээс нууж өрхөө бvтээдэг нь монгол гэртээ шингээсэн монгол сэтгэлгээний нэгэн нууц байсан ажгуу. Монгол донж (дизайн) гэдэг бол гэрээсээ эхлээд хувцсандаа эдлэл хэрэглэлдээ, идээ ундаандаа цогцлон шингэж эрин зууныг элээсээр өнөөтэй золгожээ.

    Лодонгийн Түдэв

  • Бүтэлгүйтлээс айх айдас

    Бүтэлгүйтлээс айх айдсыг давхын тулд та бүтэлгүйтэл гэж юу болох хийгээд түүний үнэн учрыг мэдэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл гэдэг гутамшигт, хортой, зовлон зүдгүүр таригч биш, харин жам ёсны зүйл болхыг ухаарвал айдас арилна. Балчир хүүхэд хөлд орж, алхахдаа байнга бүдэрч унадаг. Тэгж бүдрэхийг тэр юман чинээ тоодоггүй. Хүүхэд нэг босож зогсоод, дараа нь ойчихыг жам ёсны хэмээнэ.

    Бүтэлгүйтэл бол бодит үнэний эсрэг зүйл биш харин бодит байдлыг хэлбэршүүлж, бодит байдал болон хувирдгыг мэдэх аваас айдас арилна. Бүтэлгүйтлийг бид горьдлого найдварыг маань нураагч мэт санадаг. Гэвч бүтэлгүйтэл нь үнэндээ биднийг урагш хөдөлгөгч хүч юм. Бурханы Мэлмийгээр тольдоход бүтэлгүйтэл хэмээн бидний нэрлэсэн зүйл бол гагцхүү туршлага сургамж байдаг. Бүтэлгүйтлийг бид эцсийн үр дүн, туршлагын туйл хэмээн үзэж болохгүй, харин туршлага сууж хэрсүүжих нэг алхам хэмээн ямагт санах учиртай.

    Тодорхой үр дүнд хүрхийн тулд та чадлаараа зүтгэсэн ч, тэрхүү чармайлт талаар өнгөрсөн байг л дээ. Урам хугарч, цөхрөлд автахын оронд ажил үйлсийн дотроос бурханлаг зорилгоо олж харахыг хичээгтүн. Магадгүй тэр нь тэсвэр хатуужил, цэцэн билэг, бусад бурханлаг чанарыг тань нэмэгдүүлэхэд тусалсан байж болно. Хэрэв та ийм хандлагатай байвал бүтэлгүйтлийн хөнөөлт шуургыг хэтийдэн давж чадна.

     

    Бясалгал айдсыг арилгана

    Айдсаас ангижрах хамгийн сайн арга бол бясалгал юм. Бясалгал үйлдэхдээ бид өөрсдийгөө Хязгааргүй Уудамтай, Оройн Дээдтэй адилтгадаг. Бид ямар нэг юмнаас, хэн нэгнээс айдгийн учир гэвэл тэр хүнийг эсвэл тухайн юмыг өөрийн нэгэн хэсэг мэт үздэггүйгээс болно. Харин Оройн Дээдтэй ухамсарт нэгдлээ тогтоох үед бид юм бүхнийг өөрийн мэт үзнэ. Өөрөөсөө хүн юунд айх билээ?

    Хэрэв бид хэн нэгнээс айж байгаа бол сэтгэлдээ түүнийг дотно санахаар ухамсар маань тэлэгдээгүй, тухайн хүн бидний хувьд харь элгийн мэт санагдсаны илрэл юм. Биеийнхээ аль нэг хэсгээс хүн айж цэрвэдэггүй шүү дээ. Тэр нь биеийн маань тасархай хэсэг болхыг мэднэ. Сэтгэл зүрхний замаар замнах цагт ухамсар маань дөрвөн зүг найман зовхист тэлнэ. Ухамсарт ухаарлаараа бид хорвоо ертөнцтэй хагацашгүй нэгддэг. Орчлон ертөнцийн ухамсартай нэгдэх цагт айдас хэмээгч эс оршино.

    Бясалгалын туйлын зорилго бол ухамсрыг маань тэлэн өргөжүүлж, гэгээрүүлэн мөнхжүүлэхэд оршино. Бид найз нөхөдтэйгөө ярилцах юм уу ажил хөдөлмөр хийж байхдаа, дотоод Бурханлагынхаа тухай бараг боддоггүй. Харин бясалгаж байхдаа бид, Бурханлагаа ухааран танихыг хичээдэг. Бурхан бээр өөрөө хязгааргүй хүчтэй учир хүн төрөлхтөнөөс айж эмээдэггүй. Бурханлагт саадгүй хүрэх замыг олж, бие сэтгэл маань Бурханы дундрашгүй хүчээр халгин бялхах цагт, хүмүүн төрөлхтөн бид юуны учир айх билээ? Тэгэх учиргүй!

    Айдсыг хэрхэн ялах вэ?

    Гэгээрүүлэгч ухамсрын гэрэлт

    Өлмийд оршигтун!

    Таныг хамгаалж, төгөлдөржүүлэн чөлөөлөх

    Хатан зориг энэхүү гэрэлд шингэсэн

     

    “Яруу сэтгэгч” сониноос

    Шри Чинмойн төв

  • Залуугаараа урт наслах 5 онол

    Чи ч байнга л гялалзаж байх юм. Зуу наслах хүн дээ. Гэвч хүмүүс өтлөж, өвгөрөн эрүү өвдөг нь нийлдэг гэдгээ бид мэднэ. Учир юунд байна. Та ч гэсэн нууцыг нь тайлаарай.

    Эрчимт хүчний онол

    Хөгшрөнө гэдэг бол организмын элэгдэл юм. Хүн төрөхдөө тодорхой эрчим хүчийг биедээ агуулж байдаг. Нас ахих тутам бодисын солилцооны дүнд, эд эс элэгдэж хоцрогдсоноос  эрчим хүчээ алдаж, нөөц нь хомсдон организм хөгширдөг.

    Яавал зохих вэ?

    Хэрэв эрчим хүчээ хадгалъя гэвэл аль болох бага хөдлөх болж байна уу? Энэ асуултад хариулахаар Францийн беологичид олон жилээр зүтгэж, зөвхөн чийгийн улаан хорхойдын насыг уртасгажээ. Хүний амьдрал өөр орчинд үргэлжилдэг учир энэ онолын баталгаа биш болов уу?

    Харин- Хүний хувьд бол эсрэгээр, хэн хэдийчинээ хөдөлж байгаатай амьдралын хугацаа пропорциональ байдаг. Хөдөлгөөн амьдрал ч гэсэн үг юм уу?

    Удамшлийн онол

    Хүний амьдралын үүсэл хөгжил, улмаар мөхөл нь түүний генийн санд агууллагддаг. Хүний бие 25-35 мянган генээс бүрдсэн гэвэл, үнэхээр хүний наслалтын гол оньс нь болж байдаг. Тоон илэрхийлэлт нас чацуу ч, нэг нь хөгшин нөгөө нь залуу байх ялгаа биеэ авч явахаасаа тодорхой хамаардагч, эцсийн хариуг удамшсан генүүд шийддэг.

    Яавал зохих вэ?

    Үнэхээр тийм юм бол хөгшрүүлээд байгаа генийг зайлуулчихвал үр дүн нь өөр болж таарна. Энэ онолыг батлахаар генийг өөд уруугүй судалсаар байна. Амжилт ч гарсаар..

    Харин – Хүний генийн санг өөрчлөөд бүр мөнх настай болгочихвол хүн биш өөр нэг юм болж таарна. Байгальтай тэмцэх сайны ёр биш болов уу? Харин байгаль өгснийг бүрэн ашиглахад амьдралын хэв маягаа өөрчлөх зам байж болох юм.

    Молекулын онол

    Ертөнц дээрх эс бүхэн өөрөө нэгэн хугацааны хэмжүүр юм. Хүний хромсомын хуваагдах бүр эсийн хэмжээ жижгэрсээр цааш хуваагдах боломжоо барснаар, мөхөлдөө хүрнэ. Өдөр бүр тэрбумаараа эс үхэж 100 хоногт организм бүхэлдээ шинэчлэгддэг байна.

    Яавал зохих вэ?

    Онолоор бол эсийн нас хэр уртаас хамаарч хүн амьдрах боломжтой.

    Харин – Эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтууд энэ онолыг бас л нотлож чадсангүй. Урт настай эс өмөнд урьтаж өртсөн тохиолдол ажиглагджээ.

    Өөрийн буруугаас өтлөх онол

    Хөгшрөлтийн үндсэн шалтгаан бол наслахын хэрээр ДНК-гаа гэмтээснээс болдог.

    /Организм мэдээллийн төв/ Эсийн гэмтэл юм уу хувьсал нь тохиолдолын дараах шалтгаануудаас хамаардаг.

    Үүнд: Цацраг идэвхт нөлөө, ядрал, вирус хордлого, хэт ягаан туяаны хуримтлал гэх мэт. Дээрх “алдаа”-нуудын улмаас уураг нийтлэгжин эсүүд үүргээ гүйцэтгэх болж, хувьсалын нийлбэр хязгаарын түвшинд очиход хөгшрөлт зайлшгүй болдог. ДНК бол авран хамгаалах үүрэгтэй хэдий ч насны ахилтаралдаатай ажиллаж, хүч чадал нь улам суларсаар байдаг.

    Яавал зохих вэ?

    Хувьсгалаас үүдсэн хөгшрөлтийг генийн инженерчлэлийн тусламжаар ДНК-д загвар хийж удаашруулах, зогсоох боломжийг эрж хайх явдал юм.

    Харин – Байгалийн хувьсалын дүнд хүн өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицох чадвараа сайжруулдаг. Хэрэв түүнийг нь зогсоовол юу болох талаар бодох ч юм биш.

    Чөлөөт радикалын онол

    Чөлөөт радикалууд нь хөгшрөлтөд гол нөлөө үзүүлдэг. Организмд чөлөөт радикалын гинжин урвал эхэлснээр нэг электроноо алдсан молекул өөрөө чөлөөт радикал болж идэвхтэйгээр өөр нэгнээсээ электроныг нь дээрэмдэж цааш үргэлжилсээр байдаг. Ийнхүү чөлөөт радикалууд дархлааг сулруулж, ядралыг өдөөдөг байна. Организмд исэлдэл явагдах бүрийд ийм урвал явагдсаар байх учир зогсоох аргагүй юм. Бас чөлөөт радикал нь эрүүл мэндэд хортой нөлөөнөөс аврахаас бий болоод эргэж түүнийхээ ачаар хөгширч байдаг.

    Яавал зохих вэ?

    Организмдаа тус дэм үзүүлэх хоол хүнс хэрэглэж исэлдэлтийг багасгах ёстой. Үүний хамгийн чухал нь идэвхтэй хөдөлгөөн юм. Дараагийн нэг арга нь А,С,Е амин дэмийн хангамж юм. Мөн цай, вино ч адил чанартай. Эдгээрийг агуулсан их аврага бол хар чавга шүү дээ. Мөн тэргүүн долоод нь үзэм, бөлжиргөнө, байцаа, хар нэрс, гүзээлзгэнэ, бууцай орно.

    Харин – Хэрэв хамгийн хүчтэй эсэлдэлтийг сөрөгч Е аминдэм тогтмол хэрэглээд байх юм бол хөгшрөлтийг удаашруулж болно. Гэвч шинжлэх ухаан үүнийг бас л бүрэн нотлож чадаагүй. Гол нь амин дэмүүдийг байгалийн бусаар хэрэглэснээр тууштай үр дүн гардаггүй. Тэгвэл хоол хүнсэндээ аль болох байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байвал хөгшрөлтийг удаашруулж өгдөг. Гол нь ургамалын төрлүүд- жимс ногоо дагнан хэрэглэсэн кавказ мэтийн бүс нутагт хүмүүсийн наслалт маш өндөр байдаг.

    Таны эрүүл мэнд таны гарт.

  • Мудра буюу өөрийгөө эмчлэх хамгийн үр дүнтэй арга

    Эртний энэтхэгийн домогт Шива бурхан хүмүүсийг өвчин зовлонгоос нь салгахын тулд “мудра” хэмээх энэхүү бие эрүүлжүүлэх аргыг бий болгосон гэдэг.

    Өөрийгөө эрүүлжүүлэх энэ арга нь гарын хурууны байрлалыг өөрчилснөөр үр дүнд хүрдгээрээ онцлог юм. Учир нь хүний хуруунууд цахилгааны “контакт” шиг үүрэг гүйцэтгэдэг ба бид тэднийг өндгөөр нь нийлүүлж салгаснаар хүмүүсийн биоэнергийн хуваарилалтыг зөв зохицуулж өгдөг аж. Биоэнергийн их багаас хүний бие сэтгэлийн байдал ихээхэн шалтгаалдаг. Тиймээс дор дурдсан мудрын тусламжтайгаар та эрчим хүчээ зөв хуваарилж, сэргэлэн цовоо явах боломжтой.

    1.   “Шамбалын бамбай” мудра

    Ямар тохиолдолд хэрэглэх:

    бусдын сөрөг эрчмийн нөлөөлөлд орвол энэ мудрынтусламжтайгаар өөрийгөө цэвэрлэж авдаг. Учир нь сэтгэл зүйн бэлтгэл муутай хүнд иймэрхүү нөлөөлөл маш их уршиг тарьдаг.

    Хийх арга: Зүүн гарын алгаа дэлгэнэ /тэгэхдээ эрхий хуруу бусдаасаа салангид байх ёсгүй/ Харин баруун гараа зангидан атгаж, зүүн гарын алганд тулсан байх ёстой. /зураг No1/

    2.   “Мэдлэгийн” мудра

    Ямар тохиолдолд хэрэглэх:

    Нойргүйтэх, эсвэл хэт нойрмог наазгай болох, цусны даралт ихсэхэд сайн. Энэ мудра таныг дахин шинээр төрсөн мэт болгоно. Олонх сэтгэгч, гүн ухаантнууд энэхүү мудраг ашигладаг байсан гэнэ.

    Хийх арга: Долоовор хуруу болон эрхий хурууны өндгийг нийлүүлнэ. Харин бусад хуруу тэгш байна. Энэ бол чухал мудрагийн нэг. Сэтгэлд санааны хямрал, стресс, сэтгэлийн түгшүүр, айдас, уйтгар гуниг, сэтгэлийн зовлон зэргээс ангижруулдаг. Сэтгэлгээг сайжруулж, ой тогтоомжийн чадавхийг нэмэгдүүлж, бүх талын чадварыг дээшлүүлнэ. /зураг No2/

    3.   “Салхины” мудра

    Ямар тохиолдолд хэрэглэх:

    Үе мөчний өвчин, салгалах, хоолой өвдөх, толгойн өвчинд тустай. Энэ мудраг хийж эхэлсэнээс хойш хэдхэн цагын дотор л байдал сайжирч буй нь ажиглагдана. Дасгалыг бие сайжирсанаас хойш хийхгүй байж болно.

    Хийх арга: Долоовор хуруугаа нугалж эрхий хурууны дорх бамбагар суурьт хүргэнэ. Эрхий хуруугаараа долоовор хурууг дарсхийнэ. Харин үлдсэн хуруунуудаа тэгшлэнэ. /зураг No3/

    4.   “Эрчим хүчний” мудра

    Ямар тохиолдолд хэрэглэх:

    Энэ мудраг хэрэглэсэнээр ямар ч өвдөлт намдахаас гадна бие махбодоос хортой бүх бодис гадагшилна. Мөн бэлгийн замын болон бөөр давсагны өвчинд ч сайн.

    Хийх арга: Эрхий, ядам дунд хурууны өндгийг нийлүүлж, харин үлдсэн хурууг тэгшхэн байлгана. /зураг No4/

    5.   “Усны” мудра

    Ямар тохиолдолд хэрэглэх:

    Уушиг устсан, цэртсэн бол, эсвэл ходоодны шүүс ялгаруулалт ихэссэн үед хэрэглэнэ. Ер нь нус цэр ихсэх нь эрчим хүчний төв цэгүүдийг дарагдуулдаг гэж дорнын гүн ухаанд үздэг. Мөн гэдэс дүүрэх, өвдөх, элэгний өвчний үед ч энэ мудраг хийдэг.

    Хийх арга: Баруун гарын чигчий хурууг нугалан эрхий хурууны суурьт хүргэнэ. Эрхий хуруугаараа чигчий хурууг дарсхийж өгнө. Зүүн гараараа баруун гараа барих ба тэгэхдээ зүүн гарын эрхий хуруу баруун гарын эрхий хурууг дарж байхаар барина. /зураг No5/

    6.   “Нисч буй бадамлянхуа” мудра

    Ямар тохиолдолд хэрэглэх:

    Эмэгтэйчүүдийн өвчин болон цөс, ходоод, сав, бүдүүн гэдэсний өвчний үед хэрэглэгддэг.

    Хийх ара: Хоёр гарынхаа эрхий хурууг нийлүүлнэ. Долоовор хуруунууд үзүүрээрээ нийлсэн шулуун байна. Мөн дунд хуруунууд ч өндгөөрөө нийлсэн байна. Харин чигчий болон ядам хуруунууд хоорондоо зөрсөн байх ёстой.

  • Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс

    Орчны эрүүл мэнд
    ДЭМБ-ын тодорхойлсноор “Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй оюун санаа, нийгэм, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэсэн байдаг. Ийм учраас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах ДЭМБ-ын зорилгод хүрэхийн тулд өвчлөлийг бууруулахаас гадна нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй.

    Эрүүл мэндэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд эдгээр нь сайн муу хоёр талтай байдаг.

    Орчны эрүүл ахуйн асуудалд дараах зүйлс хамрагдана

    – нар

    – ус

    – агаар

    – хөрс

    – ажлын байр

    – гэр орон

    Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс дотор орчны хүчин зүйлс

    15-20% эзэлдэг.

    Хүний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг бол эрүүл энх урт удаан наслах мөрөөдөл байсаар ирсэн байх ч болно. Бидний эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нэг бол бидний амьдран байгаа орчин түүний нөлөөлөл юм. Хүрээлэн байгаа орчны тухай ярихдаа хүмүүс бид өөрснөө орчиндоо нөлөөлж энэ нөлөөллийнхөө хариуг хүртэж байдгаа заримдаа ч гэсэн санахад илүүдэхгүй.

    Цэвэр орчин өвчин тархахаас сэргийлэхээс гадна бидний сэтгэл санааг өөдрөг сайхан, урам зоригтой байхад нөлөөлдөг. Цэвэр цэмцгэр

    орчинд амьдрахад бичил биетнээр үүсгэгддэг халдварт өвчний өвчлөл

    буурдаг.

    Агаар:

    Бидний амьдрал амьсгалахаас эхэлж, амьсгалахаа болиход төгсдөг. Агаар нь бие мах бодийг хүчилтөрөгчөөр хангах, бодисын солилцо, дулааны зохицуулалт болон бие махбодийн бусад үйл ажиллагаанд оролцдог. Агаарын найрлаганд азот, гели, аргон, неон, радон, устөрөгч, азотын исэл озон зэрэг химийн янз бүрийн элементүүд байдаг.

    Хүн хоол хүнсгүйгээр хэд хэд хоног амдарч, усгүйгээр хэд хэдэн цаг

    амьдарч чаддаг бол агааргүйгээр хэдхэн минут л амьдардаг. Ингээд

    бодохлоор бидний эрүүл мэнд , амьд байх нөхцөлд агаар ямархан

    хэрэгтэй болох нь ойлгогдоно.

    Бид цэвэр агаараар амьсгалах тусам эрүүл саруул амьдрах болно. Ингэхийн тулд та өрөө тасалгаандаа гал гаргах, лаа асаах хэрэгтэй.

    Орон байр өрөөний салхивчаа цаг улирлын байдалд тохируулан тогтмол

    онгойлгож агаар оруулах хэрэгтэй. Хүйтний улиралд өрөөний салхивчийг

    цаг тутамд 5 минут онгойлгох хэрэгтэй. Ингэж агааржуулахдаа бага

    насны хүүхдүүдийг шалан дээр суулгахгүй, газраар явуулахгүй байхыг

    хичээгээрэй.

    Нар:

    Нарны цацраг хүний бие, эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Эрдэмтэд

    хэрэв нар сөнөвөл манай дэлхий найман минутын дараа мөстөнө гэж

    тооцоолсон байдаг. Нарны гэрэл дутагдсанаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөн, цус багадах, биеийн эсэргүүцэл сулрах, бие хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нарны гэрэл байнга дутагдсанаас яс хэврэгших, хугарсан яс удаан бороолж эдгэх, үе мөчний холбоос сулрах, шүдний паалан хэврэгших зэрэг шинж гардаг. Нарны гэрлийн дутагдлаас сэргийлэхийн тулд цонхны шилийг тогтмол угааж байх хэрэгтэй. Өдрийн цагт цонхны хөшгийг онгорхой байлгаж, өрөө тасалгаанд гэрэл оруулах хэрэгтэй. Цонхны тоо олон, талбай том байх нь олон гэрэлтүүлэгтэй байхаас илүү сайн нөлөөг эрүүл мэндэд үзүүлнэ.

    Наранд аажмаар биеэ дасган шарвал арьсны өнгөн хөрс нягтарч, зузааран биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арьсны элдэв тууралт, идээт үрэвсэлт өвчин арилдаг.

    Нарны гэрлийн нөлөөгөөр олон эмгэг төрөгчид устдаг.

    Гэхдээ нарны идэвхжил нэмэгдэх нь ясны чөмөг, цусны найрлага, төв мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Нарны цацрагийн хүчтэй тогтмол шарах нөлөөгөөр арьсны хорт хавдар үүсэх аюултай.

    Нарны туяанаас хамгаалахын тулд цайвар өнгийн хувцас, малгай хэрэглэж

    байх хэрэгтэй.

     

    Ус нь хүний амьдралд агаарын нэгэн адил ашигтай, хэрэгтэй. Бидний амьдралын анхдагч орчин бол ус. Газар дэлхий дээр цэвэр усны нөөц маш хязгаарлагдмал төдийгүй олон хүчин зүйлээс хамаарч багасч байгаа.

    Хүн амын хэрэглээнд усны чанар их чухал. Хүрэлцээ муутай, бохирдсон, тохиромж муутай, хадгалалтын хувьд чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хүний эрүүл мэндэд аюултай.

    Бид усны эх булгаа цэвэр байлгахын тулд ядаж хогоо ч гэсэн хаяхгүй байвал дээрсэн.

    Хүний биеийн жингийн ихэнх хэсэг нь ус байдаг. Хэрэв бид усаар дутагдвал хоол унд шингэхгүй, цус өтгөрөн судсаар гүйх процесс өөрчлөгдөн, эд эс хүчилтөрөгч, тэжээлээр дутагдана. Иймээс өдөрт дунджаар 1,5-2 л орчим шингэн ууж байх хэрэгтэй. Шингэн ууснаар биед орсон хорт бодисыг гадагшлуулна, бөөр давсагны замын чулуу үүсэхээс сэргийлнэ, арьс хуурайшиж үрчийхгүй, өтгөн хатахгүй, турж эцэх нь бага байх болно.

    ”Гэр бүл эрүүл амьдрал” холбоо

  • Хүний гадаад төрхөөр хэрхэн шинжих вэ

    Ам

    Амны том жижгээс мөн хүний авхаалж самбаа, зориг тэвчээр шалтгаалдаг. Арчаагүй, дорой, үлбэгэр хүмүүс жижигхэн амтай байдаг. Өөрийн мөн чанараа нууж явдаг “дугтуйтай хүнийг” жимийсэн амаар нь таньж болно. Зөв хэлбэртэй, дунд зэргийн хэмжээний уруултай хүнтэй нөхөрлөвөл та түүний зүгээс шудрага бус үйлдэлтэй учрахгүй. Бүтэлгүй дурлалууд эмэгтэй хүний дээд уруул дээр үрчлээс үүсгэдэг. Түүнчлэн нөхөртөө хууртаж явсан эмэгтэйн уруул дээр ийм зураас гардаг. Хөгжилтэй хөнгөн хүний уруулын өнцөг өргөгдсөн байдаг. Гэхдээ тэд муу эцэг эх, тааруухан эхнэр нөхөр юм. Харин доош унжсан мэт уруултай хүн хэдийгээр бусдыг өрөвдөх, бусдад өрөвдүүлэх дуртай ч гэсэн гэр бүлийн тогтвортой гишүүн болдог. Зузаан, хэлбэр дүрсгүй уруултай хүмүүс голдуу ховдог, шунахай, залхуу, юу ч хийх чадваргүй байдаг. Өрөвдөх сэтгэлгүй хүнийг даравгар дээд уруулаар нь мэдэж болдог. Гэмт хэрэгтнүүд дунд ийм уруултан олон. Бэлгийн сулрал, хөрөлттэй хүнийг жимийсэн доод уруул нь илчилж өгнө. Дээд уруул нь доод уруулаасаа илүү гарсан бол шийдэмгий бус хүний шинж. Эсрэгээрээ байвал таны өмнө жинхэнэ хувиа хичээгч зогсож байна гэдгийг мэдтүгэй!

    Одоо хүн яаж инээж байгааг ажиглая. Амаа таглаж инээдэг хүн ичимтгий, биеэ хэт хянаж өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг. Ичимтгий, хөнгөн хүн толгойгоо гэдийлгэж инээнэ. Мөрөөдөмтгий хүмүүс инээхдээ толгойгоо гараараа түшдэг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн чанга чанга инээдэг. Хэрэв инээхэд хамар нь үрчийдэг бол хаврын тэнгэр шиг хувирамтгай хүн гэж ойлгохолд ташаарахгүй.

     

    Чих

    Чихний дээд ирмэг хөмсөгнөөсөө илүү гарч байвал маш байн сэтгэхүйтэй гэсэн үг. Хэрэв хөмсөгтэйгөө нэг түвшинд байвал сэтгэхүй дунд зэрэг байгааг илтгэнэ. Харин доор байвал тэнэг хүний “гэрчилгээ” юм. Том босоо эсвэл дэлдэн чих хөгжмийн авъяастайг илэрхийлдэг. Бас шар үстэй бол ирээдүйн “Моцарт” байж магадгүй. Жижигхэн, зузаан чихтэй хүнд хөгжмийн авъяас байдаггүй. Мөн ийм чихтэй хүн худалч хуурмаг, өшөө хонзон өвөрлөдөг. Ер нь зузаан чихтэй хүн бүдүүлэг, хязгаарлагдмал оюунтай байдгийг анхаарахтун. Чонон чихтэй /дээд талаараа шовх/ хүн голдуу харгис хэрцгий авир гаргадаг. Чихний гэдэс их учиртай. Гэдэс багатай чихтнүүд бусдаасаа эелдэг, боловсон зан харьцаагаараа ялгардаг. Гэхдээ шаардлагатай үед тэд ган шиг хатуу, төмөр шиг бөх байдаг. Чихний гэдэс уртсах тусам хүн удаан амьдардаг. Тийм хүмүүсийг дорно дахины оронд эрдэмтэн мэргэд гэж хүндэлдэг. Чихний хэвийн өнгө бол ягаан . Чих шар юмуу хөх туяатай бол өвчин эмгэгийн шинж тэмдэг. Чих хичнээн хатуу байна эрүүл мэнд төчнөөн сайн байна.

     

    Эрүү

    Хатуужил тэвчээртэй хүмүүс том эрүүтэй байдаг. Тиймээс ч тэд бусадтай зовлон зүдгүүрээ хуваалцах дургүй. Хэрэв том эрүү Карлсоны хамартай хослож байвал зөрүүд, гөжүүд, дураараа зангийн тод илрэл. Үнэг шиг нарийн эрүүтэй хүн юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг. Ямагт аюул заналтай тулгардаг хүмүүсийн эрүү урагшаа түрсэн байдаг. Давхар эрүүтэй хүмүүст орчин тойрныхны анхаарал халамж дутагддаг. Шовхдуу эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хослож байвал хүн бүхнийг сургах гэж оролддог хэнхэг хүний таних тэмдэг. Харин эрүүн дээрээ хонхорхойтой хүн салхи шиг тогтворгүй, түүний ямар үйлдэл хийхийг та хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.

    Өргөн магнай саруул ухаан, зохион байгуулах ховор авъяасыг гэрчилдэг. Жижиг духтай хүн бурхан шашинд сүсэглэдэггүй, ариун нандин шүтээнгүй, ёс суртахууныг умартсан байх нь элбэг. Хавтгай дух сэтгэлийн тэнхээгүй хүний шинж болно. Харин горим сахисан дуулгавартай хүний дух дээд хэсгээрээ товгор байх нь олон.

    Энэ бүхний эцэст “Бурхан тэнгэр биеийг бүтээдгээс сэтгэлийг бүтээдэггүй. Хүн бол сав. Зөвхөн түүнийг юугаар дүүргэх вэ гэдэг нь чухал юм” гэсэн нэгэн эрдэмтний үгийг зориуд хэлье. Чонон чихтэй атлаа сайхан сэтгэлтэй, шантгар хамартай боловч найдаж болмоор, жижигхэн хар нүдтэй мөртлөө хоёр үг холбож чаддаггүй хүн алийг тэр гэхэв. Тиймээс хүнтэй танилцахдаа нүднээсээ гадна сэтгэлдээ итгээрэй.

    Ч.Чойсамба