Author: admin

  • Хэдэн хэл мэднэ, тэр тоолондоо төчнөөн хүн болдог

    Хэдэн хэл мэднэ, тэр тоолондоо төчнөөн хүн болдог
    /Бямбын Ренчин/

     

    Мэдлэг нь хүч, мэдээлэл нь хурд болсон эрин зуунд амьдарч байгаа болохоор юм бүхнээс хоцормооргүй санагдана. Өмнө минь дэлгээтэй цааснууд мэдэхгүй хэлээр дурайна.

    Уншиж сурахсан гэх чанадын хүсэл оргилход хэдэн сарын өмнөөс цээжилсэн чамгүй хэдэн үг минь үнэхээр багадаад байна. Тэгээд хэл сурахын сайхныг шимтэн шимтэн бодлоо…

    Эх нутгийн минь хэл, хилээс гадна энэ дэлхийн хэл, хил гэж бий. Тэнд хүрэхэд тийм амар биш ээ! Сурах гэдэг үг энэ үед л хүний оюунд үйлчилдэг юм даа.

     “Би монгол хүн!” гэж өөр улсын хэлээр ярих бахархал шүү. Энэ тухай сонсч байлаа. Сонсчихоод өөрөө хэлэхсэн гэж яарч байлаа. Өөр улсын хэлээр торохгүй яриад инээж байгаа бусдын чадварыг үнэлдэг. Энэ чадварын цаана хичээл зүтгэл байдгийг мэдэрдэг.

    Англи, Франц, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон…гээд мэдэхгүй орны хэлийг эзэмшиж яваа олон олон монгол хүмүүс байгаа.

    Хэл сурна гэдэг чихэр амталж идээд цаасыг нь хөсөр хаядагтай адил зүйл биш ээ. Гадаад хэл сурахад хялбар мэт санахдаа хөөрцөглөж, зуур холын бэрхшээлд тэгсхийгээд гээчихдэг хугархай хэлтэн байснаас түүхийг нь сайн мэддэг сонсогч байсан нь дээр. 

    Тийм болохоор энэ дэлхийн хэлийг суръя гэвэл хүсэл эхлээд байх хэрэгтэй. Хүслээ дэврээж өгөх урам мэдрэх хэрэгтэй. Урмаа итгэл болгон бүтээх зориг байх хэрэгтэй. Зориг байхад мэдлэг түлхүүр болж мэдэхгүй байгаа тэр ертөнцийн хэл, хил хоёрын оньсыг тайлж өгдөг.

    Харин миний хувьд англи хэлээр ойлгож сурахсан гэх хүсэл төрөөд удаж байна. Өдөртөө 10-н үг, цаашлаад 20-н үг цээжлээд урамшдаг.

    Гэхдээ урмаа итгэл болгоод зориглож хараахан эхлээгүй л байна. Яагаад гэвэл, өөртөө шалтаг өгөөд сэтгэлээ өөр зүйлд зарцуулах цаг минь дэндүү олдоод байна. Ийм байхад хэл сурах гэсэн итгэл минь зоригоор дутдагийг анзаардаг. Тэглээ гээд ухрахыг хүсэхгүй байна. Бас хэзээ нэгэн өдөр сурах биз дээ! гээд бодлынхоо урсгалд зомгол болмооргүй байна. Тиймээс хэл сурах багагүй цагийг өдөр болгон өөртөө өгөх болно. Магадгүй залхах л байх. Гэвч энэ залхалтыг даваад гарвал миний өмнө тэр улсын хэл хил хоёр угтна гэдэгт итгэдэг.

    Өвөөгийнхөө өмнө “Нi” гэж мэндэлчихээд хэл мэднээ гэж онгирох хэрэггүйг,

    Өрөөл бусдад “No, Yes” гэж хэлчихээд хэл сурлаа гэж бардах хэрэггүйг,

    Өөдрөг сэтгэлээ өвөртөлж өөр улсад зорчлоо ч өв соёлоо мартах хэрэггүйг би мэднээ.

    Утгын мэргэн оюундаа ухааны онч үгтэй Ренчин авхайн хэлснээр хэл сурна гэдэг хүн болохын гэгээрэл юм боловч хэл сурахын тоолонгоор хазгай хэлтэн болно гэсэн үг биш.

    “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг ардын мэргэн үгийг санаж аливаа хэлийг суръя гэвэл хүндэтгэлтэй хандаж түүх соёлоос нь ч бас  суралцацгаая залуус аа!

    Өмнө минь дэлгээтэй цааснууд мэдэхгүй хэлээр дурайна. Ухаж ойлгох гээд нэг цаасыг онцлон авч харлаа. 1 биш, 2 биш…10 биш нэлээд хэдэн үгийг би мэдэж байна.

    Уншиж сурахсан гэсэн хүсэл минь оргилж толь бичиг яаран авлаа. Тийм ээ, би гадаад хэл сурах болно. Та ч бас сурахад оройтоогүй ээ!

    Амжилт хүсье.

  • 2070 оноос ирсэн захидал

    Хүн төрөлхтөнд ирүүлж буй анхааруулга.

  • Захидлын мөртүүдийг уншиж суух ямар сайхан гээч!

    Захидлын мөртүүдийг уншиж суух ямар сайхан гээч!
    Дэлгэж унших тоолонд хуучрах гээд байхаар нь хааяахан уншдаг нэг л нандин!
    /Залуу зохиолч Ядамсүрэнгийн Одгэрэл/

     

    Миний өмнө өчигдөрхөн бичсэн захиа эзэндээ очиж амжаагүй шив шинэхэнээрээ байна. Хаа холыг зорин очих энэ захидал намайг төлөөлдөг болохоор захиа бичих тоолондоо би догдолдог.

    Хүнээс захиа авах дуртай, бичих бүүр ч дуртай. Сэтгэлийн нандин үгс зүрхний угаас ундардаг болохоор захидлын эзэд ч бас миний хувьд эрхэм байдаг. Олон жилийн өмнө нэг захиа надад ирснийг мартдаггүй юм.

    “Сайн байна уу? Уулзах гээд чадалгүй унаа таарахаар нь явлаа. Хэзээ нэгэн өдөр уулзах биз дээ. Сайн сууж байгаарай! Баяртай”

    Ийм л товчхон захиаг анх удаа эрэгтэй хүнээс аваад зөндөө уйлж билээ. Сүүлдээ хачин гоё дармалдаж бичсэн тэр захиаг цээжилчихсэн юм даг. Түүнээс хойш зөндөө олон захиа бичиж, бас авч байлаа. Гэхдээ анхны захидлын эзнээс нэг ч удаа дахин захиа аваагүй. Одоо бодоход анхны тэр захиа л илүү амттай санагддаг юм…

    “Хүмүүс амьдралаараа захиа бичдэг“ гэж уншиж байлаа. Тэгээд амьдралаас хүмүүсийн захиаг унших гэж битүүхэндээ хайдаг болсон. Тэр захидлууд буцах хаяггүй болохоор тайван тухтай уншдаг. Заримдаа бүр айж ичиж, зовж шаналан байж уншдаг. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй л дээ.

    Тэнүүн жаргалтай эр хүн дулаахан инээмсэглэж явна. Миний хайр гээд дэргэдэх бүсгүйгээ үнсэх юм. Хажууд нь зогсоо жаахан охин хурууныхаа завсраар нүдээ шагайлган инээнэ.

    Ямар яруухан захидал вэ?!

    …Толгойгоо гудайлгасан эр хүн өөртөө архи хундагалаж сууна. Эргэж харалгүй явсан бүсгүйг шалтагаа болгоод нүдээ сүүмийтэл согтоно. Дэргэд нь хэн ч алга. Уйлъя гээд ч нулимс гарахгүй нүд нь будан татаж, хашгаръя гээд ч дуу гарахгүй хоолой нь сааралтаж толгой нь улам гудайна.

    Яасан хэцүүхэн захидал вэ?!

    Ирж буцдаг хорвоод аавыгаа холын аянд үдсэн хүү хэнээс ч тус нэхэлгүй хат суун өсөхдөө дэргэдээ жижгэрсэн ижийгээ нулимсгүй явуулахсан гэж эзгүй хоймроо дүүргэж аавын голомтоо сахина.

    Ай даа, ямар ухаалаг захидал вэ?!

    Инээмсэглэж яваа залуу юунд ч юм яарчээ. Тэр алхах биш гүйлээ. Төрөх тасгийн цонхоор цав цагаахан хүн бөртийнө. “Хүүтэй болжээ“ гэдэг үг зүрхэнд нь, тархинд нь зэрэг харвахад залуухан аавын нүдэнд нулимс гялтагнана.

    Ээд ээ, яасан гэгээлэг захидал вэ?!

     

    Амьдралаас олж уншиж байгаа захидлуудын нэгээхэн хэсэг нь энэ. Таахын эцэсгүй энэ амьдрал барагдашгүй урт болохоор уншиж дуусгах гэж яарах хэрэггүй ээ. Яагаад гэвэл үргэлжлэх захидлын эзэд нь зөвхөн хүмүүс бид шүү дээ.

    Би өмнөө байгаа захидлаа дугтуйнд хийж хаяглалаа. Буцах хаягтай энэ захидлын хариуг хүлээгээд би ч хөвсөлзөж өгнө дөө. Удалгүй хариу нь ирдэг тэр захидалд сэтгэл шингэсэн байдаг.

    Тийм болоод л би захидал унших дуртай, бичих бүүр ч дуртай.

  • Би хэн бэ гэж хэзээ нэгэн цагт өөрөөсөө асууж байсан билүү?

    Би гэж хэн бэ?

    Би бол би. Би бол цорын ганц давтагдашгүй гайхалтай нэгэн. Би өөрөө би гэдэг утгаа алдах юм бол хэн ч биш, юу ч биш, үнэ цэнэгүй нэгэн болж хувирна. Учир нь би гэдэг хүн өөрөө өөрийгөө мэдэрч, мэдэж бас хайрлаж байж энэ орчлонд хүн болсны утга учрыг харуулмаар.

    Одоогоос 3 жилийн өмнө би өөрөө өөрийгөө хэн болсныг гайхан анзаарсан юм. Тэр үед би хорвоогийн бор өдөр, шар нарыг өнгөрөөсөн нэгэн болж хувирсан нэг ёсны адгуус амьтны төрөл болон хувирсан байв. Өглөө босохдоо өнөөдөр өдрийг хэрхэн өнгөрөөх вэ гэдгийг бодохоос маргааш, түүний маргааш, 5жил, 10 жилийн дараа яаж амьдрах, хэн болохоо мэдэхгүй нэгэн болсон байлаа. Энэ үед би чухам юуны төлөө хүн болж төрөв? Яах гэж амьд яваа юм? Цаашдаа яаж амьдрах уу? Энэ хэвээрээ адгуус амьтны амьдралаар амьдрах уу? Аль эсвэл хүн би хүн шиг амьдрах уу? Ийм л сонголт миний өмнө байсан.

    Харин би хүн шиг амьдрах замыг сонгосон. Хүн байхын утга учрыг харуулж хүн шиг амьдрахыг л хүссэн. Гэтэл хүн болохын тулд яах вэ? Хүн шиг амьдрахын тулд юу хийх вэ? Энэ асуулт, асуудал урд минь гарч ирсэн. Энэ асуултанд хариу олохын тулд, энэ асуудлыг шийдэхийн тулд гайхамшигтай хүмүүсээс суралцах судлах хэрэгтэй л гэж ойлгосон. Өнөөдөр би өөрөө өөрийнхөө нэгээхэн жаахан хэсгийг ч гэсэн олохыг, олж нээхийг хүсэн өөрөө өөрийнхөө эрэлд гарсан явна. Хүн гэдэг агуу гайхамшигтай бурхны бүтээл гэж би ойлгодог. Би ч гэсэн гайхамшигтай нэгэн бурхны бүтээл. Тийм болохоор би энэ бүтээлээ таньж мэдэхийн хязгааргүй эрэлд мордон өөрөө өөрийгөө хайж явна. Хэзээ нэгэн цагт магадгүй тав арван жилийн дараа гэхэд би өөрөө өөрийгөө тодорхой хэмжээгээр олж чадсан, хүн гэдэг агуу чанараа гайхуулсан хүнд хэрэгтэй өгөх юмаа өгч чаддаг, хийж чаддаг ХҮН болсон байнаа гэдэгтээ итгэлтэй байна.

    Би ийм л хүн. Би гэж энэ л байна.

     

    “Яруу сэтгэгч” нийгэмлэгийн дэмжигч гишүүн

    Т.Насанжаргал

  • Цахилгааны зардлаа хэмнэх энгийн аргууд

    1. Цахилгаан чийдэн – Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шил ашигласнаар та ашиглалтын хугацаа 10 дахин уртсаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

    2. Цонх – Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

    3. Хоолны сав – Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой.

    4. Тоос сорогч – Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчоо урт хугацаанд ашиглахаас гадна эрчим хүчинд хэмнэх боломжтой. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.

    5. Хөргөгч – Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

    6. Индүү – Та индүүдэх бүх зүйлээ нэг дор, хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Тэгээд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.

    7. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.

    8. Тоолуур – Та цагийн ялгаварт тарифт тоолуур суурилуулснаар цахилгаан хэрэглээний дийлэнхи хувийг эзэлдэг индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар цахилгааны төлбөрөө 50 хувь хүртэл бууруулах боломжтой.

    Цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг хэрэглэж илүүдэл халаалт,
    цахилгаан хэрэгслийг сул ажиллуулахыг хязгаарлацгаая!

    Дээрх энгийн аргуудыг та өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр цахилгааны зардлаа дор хаяж 30 хувь хэмнэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

  • Ус хэмнэх, усны зардлаа багасгах энгийн аргууд

    Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа  хааж бай.

    •    Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.

    •    Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой

    •    Ус хэрэглэснийхээ  дараа  крантаа сайн  хааж бай

    •    Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.

    •     Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой

    •    Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно.

    •    Хүнс ногоо угаасан усаа битгий  асга, түүгээр  гэрийнхээ  цэцэг ногоог усла

    •    Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа  сайтар  үрж  зүлгэхдээ  усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл.

    •    Өндөг чанасан усаараа цэцэгээ усалж  бай. Өндөгний  хальсаны минералууд цэцэгнд сайн нөлөөтэй.

    •    Ус дуслаж байгаа крантуудыг хаах

    •    Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.

    •    Бочкиний тоноглолоор ус алддаг бол яаралтай харъяа орон сууцны байгууллагын мэргэжлийн засварчнаар засуулах хэрэгтэй

    •    Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ

    •    Ус алдаж байгаа болон дусалж байгаа  цоргуудаа  мэргэжлийн байгууллагад хандаж сайтар засуул.

    •    Гэртээ усны тоолуур тавиулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэцгээе.

    •    Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах

    •    Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.

    •    Хэрэв танайх угаалгын машины холболтыг халуун, хүйтэн усны  шугамд зэрэг холбосон бол машин ажиллаагүй үед крантыг /хаалтыг/  заавал хааж байгаарай. Хаагаагүй тохиолдолд халуун, хүйтэн ус холилдон хүйтэн усны шугамаар халуун ус ирэх, сантехникийн эд анги эвдэрнэ гэдгийг анхаарна уу.

    •    Шугам сүлжээг аль болох ил байлгахыг зөвлөж байна. Усны шугам хагарах, гэмтэх, засварлах, солих үед хүндрэл учирдгыг анхаарна уу.

    •    Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах.

  • Хүүхэд бүрийн дахин давтагдашгүй онцлогийг танин хөгжүүлэх нь чухал юм

    Хүүхэд бүрийн төрөлх онцлог, өсөж буй орчин харилцан адилгүй өөр өөр байдаг. Энэ нь хүний хэл яриа, сэтгэхүйн дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой болж төлөвшдгийн эх үндэс болдог. Өөрөөр хэлбэл бид шоргоолжийг харахад бүгд нэгэн адил байдаг, харин Батаа Тулгаагаас өөр, Цэцэгээ Дулмаагаас өөр гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Тэгвэл өөр өөрийн онцлог шинжтэй хүүхдүүдийг бид нэгэн хэвэнд цутгахтай адил хүмүүжлийн нэг арга барилаар харьцах нь буруу болж байгааг доорх жишээнээс харж болно.

    Тухайлбал тус төвийн гишүүд болох Э, А хоёр нь ижил темпераменттай боловч, төрж өссөн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүжлийн өөр арга барилаар харьцах шаардлагатай нь доорхи ажиглалтаас харагдаж байна.

     

    Э – 4 нас 7 сартай. Эрэгтэй

    А – 4 нас 4 сартай. Эрэгтэй

    Онцлог

    Төрөлх хэв шинж:холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: аав нь хол ажилтай, ээж нь мөн ажилтай завгүй, гэртээ асрагчтайгаа байдаг.

    Зан авир:өөрийнхөөрөө, дураараа, шартай, хурц цочмог ааштай, хүний үг авдаггүй.

    Төрөлх хэв шинж:холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: ээж, аав, нагац эгчийн хамт амьдардаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, тайван, нээлттэй, хүний үг авдаг.

    Энэ хоёр хүүхдийн төрөлх хэв шинж нь ижил, уурласан үед хоёулаа цочмог зан авир гаргаж, орчны эд юмсыг эвдэн сүйтгэж эхэлдэг.

    Орчны нөлөө

          Энэ хүүхэд нь орчны эд юмсыг минийх гэж ханддаг, хүний үг авдаггүй, өөрийнх нь уурыг хүргэвэл гарт баригдсан зүйлээ бусад руу авч шиддэг, хүнийг ялгаварлаж харьцдаг, цочмог ааш үе үе гаргадаг. Мөн албаар бусдын юмыг булааж, сүйтгэдэг.

          Гэвч өөрийн юмандаа их нямбай, хурдан гүйлгээ ухаантай, ой тогтоолт сайн. 

            Энэ хүүхэд нь эргэн тойрны хүмүүсээ өөрийн тавьсан шаардлагыг биелүүлээсэй гэсэн хүсэл хандлагатай. Намайг хүндэл, надтай зөв харьц гэсэн харилцааны хэв маяг илэрдэг ба энэ зөрчигдвөл уцаарлаж, цочмог ааш гарган бусдыг цохиж авдаг.

           Сайн муу, зөв бурууг сайн ойгодог, хэл яриа сайн хөгжсөн, тайван, нээлттэй зан авиртай, юмыг аажим сурдаг. Энэ хүүхэд бусадтай найрсаг харьцдаг, уурыг нь хүргэвэл цочмог уурладаг. 

    Харилцах арга барил

          Энэ хүүхэд бусадтай ширүүн харьцдаг тул хүмүүжүүлэх арга барилдаа мөн ширүүн байх зарчмыг хавсаргавал зүгээр. Ширүүн байх зарчим нь зодохын нэр биш, нэг хийсэн алдаагаа албаар дахин хийдэг тул шийтгэх арга барил сайн буюу өөрөө өөрөөр нь шийтгэлийг мэдрүүлбэл ухаажина.

     

    Энэ хүүхдийг уурласан үед шийтгэх байдлаар харьцвал уураа зөв удирдаж сурна. 

           Тиймээс энэ хүүхэдтэй загналгүй учирлан хэлэх байдлаар харилцаж, өөрөөр нь асуудлыг шийдүүлж байх нь сайн. Магтаал энэ хүүхдэд урам болно. Аажимдаа энэ уурласнаас гардаг цочмог хандлага нь намжих ба зоригийн шинж чанар сууж байгаа энэ насанд хүүхдийг хориглолгүй, зэмлэлгүй байх нь сайн.

     

    Энэ хүүхдийг уурласан үед давуу талд түшиглэн магтаалын үгээр харьцвал уураа барьж сурна. 

     Бид хүүхдийн өөрийнх нь өвөрмөц онцлогийг таньж мэдээгүйн улмаас буруу харьцаж, буруу хандлагаар хүмүүжүүлснээс тэднийг “буруу ишилсэн сүх” мэт хүний үг ойлгодоггүй, зөв бурууг ялгах чадваргүй, сэтгэлийн хатгүй, өөрийгөө голсон, амьдралын сайн сайхныг мэдрэх чадваргүй амьтан болгочихдог. Хүн өөрөө нийгмийн амьтан бөгөөд, бидний хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг зүйл бол гагцхүү бидний харилцаа хандлага байдаг. Тэгвэл ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь Монголд анх удаа хүүхдийн төрөлх онцлог, давтагдашгүй өвөрмөц зан чанарыг хүүхэд шуугисан бодит орчиндоо ажиглан судалж, тэдний онцлогийг илрүүлэн, эцэг эхэд нь хүүхдийнхээ онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцаж,  ямар хандлагаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгоод байна.

    Бидний хүүхэд гагцхүү найз нөхдийнхөө дунд, тоглож байх явцдаа л хамгийн чөлөөтэй байж, дотоод сэтгэл мэдрэмжээ тухай бүрд ил гаргаж байдаг ба хаалттай бус нээлттэй байгаа тэр мөчүүдэд л бид хүүхдийнхээ дотоод ертөнцрүү нэвтрэх боломжтой билээ. Тиймээс та бүхнийг хүүхдийнхээ онцлогийг багаас нь судлан таньж, эерэг сайн сайхан талыг нь дэмжин тэтгэж, сөрөг муу зан чанар, муу хандлагыг эрт илрүүлэн засч залруулж, хүүхдийнхээ ирээдүйд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрахын үндэс болсон “ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЦОГЦ ОНОШИЛГОО” нд үр хүүхдээ хамруулах нь чухал юм.

  • МОНГОЛ БЛОГЧИД 2011 наадамд БЛОГОО СОЙЖ ЭХЛЭХ боломжтой боллоо

    The New Media Marketing Agency компанийн санаачилгаар “Монгол блогчид- 2010” наадмыг 2010 оны 12-р сарын 3-нд зохион байгуулж байсан билээ. Наадмын нэг зорилго бол монголын блогчдын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулан сурталчилж, шилдэг блогчдыг тодруулах үйл ажиллагаа байдаг билээ. Шилдэг блогийг тодруулах үйл ажиллагааг шудрага ил тод явуулахыг бид эрмэлзсээр ирсэн. Тиймээс энэ жилийн шалгаруулалтыг бид одооноос эхлэж, блогийн ретингийг тогтоодог олон цахим системүүдийг ашиглаж таны блогийн оноог дүгнэж эхлэлээ. Энэхүү шалгаруулалт нь 1-р шатны шалгаруулалт болох бөгөөд эндээс шалгарсан шилдэг блогуудад салбарын нэр хүндтэй экспертүүдээс санал хураах замаар шилдэгийн шилдэг блогуудыг тодруулж байх юм.

    Та блогийнхоо ретингийг тогтоохын тулд https://launchpad.newmediamarketingagency.com хуудаст бүртгүүлж, МОНГОЛ БЛОГЧИД хэсэгт өөрийн блогийг нэмэхэд л хангалттай юм. Мөн та код хуулаад өөрийн блогийг ретингийг блог дээрээсээ шууд харж болно.

    Ингээд та өөрийн блогийнхоо үнэ цэнийг өдөр бүр мэдэрж, оноо, байрыг нь хялбараар тодорхойлж, монголын блогуудтай уяа сойлгийг нь тааруулж уралдуулах л үлдлээ дээ. Уяач хүн наадмын маргааш хүлгийнхээ уяа сойлгийг тааруулдаг шиг 2011 оны 12 сарын 3-нд болох МОНГОЛ БЛОГЧИД- 2011 наадамдаа БЛОГИЙНХОО УЯА СОЙЛГИЙГ өнөөдрөөс тааруулж эхлэцгээе!

  • Судалгааны баг бүрдүүлж хамтран ажиллана

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо ТББ нь Улаанбаатар хотын хүн амын тодорхой бүлгүүдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөлөл”-ийг судлах судалгааны багт дараах чиглэлээр сонгон шалгарлуулт хийж баг бүрдүүлнэ.

    Судалгааны багийн гишүүдэд тавигдах шаардлага:
    НЭГ. Судлаач: 3 хүн
    • Судалгааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • 2 оос дээш тооны шинжилгээ, судалгааны ажилд оролцож байсан дадлага туршлагатай
    • Олон нийттэй харилцах харилцааны өндөр соёлтой
    • Хувийн зохион байгуулалт сайтай
    • Багаар хамтран ажиллах чадвартай
    • Идэвхи санаачлагтай
    ХОЁР. Шинжээч: 1 хүн
    • Судалгааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • 2 оос дээш тооны шинжилгээ, судалгааны ажилд оролцож байсан дадлага туршлагатай
    • Судалгаа,  шинжилгээний үр дүнд боловсруулах хийх өндөр чадвартай
    • Судалгааны SSPS программ бүрэн эзэмшсэн
    • Хувийн зохион байгуулалт сайтай
    ГУРАВ.Менежер: 1 хүн
    • Менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Төлөвлөх зохион байгуулах өндөр ур чадвартай
    • Олон нийттэй харилцах харилцааны өндөр соёлтой
    • Офисийн хэрэглээний прогамм дээр бүрэн ажилладаг
    • Хувийн зохион байгуулалт сайтай
    • Багаар хамтран ажиллах чадвартай
    • Идэвхи санаачлагтай
    ДӨРӨВ. Зөвлөх: 1 хүн
    • Анагаах ухааны салбарын эрдмийн зэрэг цолтой
    • Агаарын бохирдлын талаар эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд хүргэж  байсан
    Жич: Ажлын цаг бүтэн цагаар ажиллах ба зөвхөн шаардлага хангасан нөхцөлд greenzone.mn@gmail.com хаягаар CV явуулна.
    2011.08.15ныг хүртэл CV хүлээн авна
  • МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БИД ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

    Мэдээж хүүхэд нас бол хүн бүхний хамгийн дурсамжтай, баяр хөөр, уйтгар гуниг хосолсон аз жаргалтай үе байдаг. Энэ л насандаа бид хөгжиж төлөвшиж, ирээдүйн зан авир, мөн чанар, оюун ухаанаа олж авдаг. Тиймээс бидний ирээдүйд хэн байх, хэн болохыг тодорхойлж өгдөг хүүхэд нас, тэр тусмаа бага балчир нас гэдэг хүний амьдралын маш чухал бөгөөд хариуцлагатай үе байдаг. Харамсалтай нь манай эцэг эхчүүдийн дийлэнх олонх нь энэ хариуцлагатай чухал үеийг хариуцлагагүйгээр өнгөрүүлж, … дараа, …. том болохоороо, …. сургуульд орохоороо өөрлчлөгдөх биз, …болох биз гэсэн  буруу хандлагаар хүүхдээ өсгөчихөөд, өнгөрсөн хойно нь хашгирав гэгчээр амаа барих тохиолдол олонтоо гаргаж байна.

    Тэгвэл бид ирээдүй үе болсон хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлэх вэ? Бидний хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил маань зөв болов уу? буруу болов уу? Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн сайн арга юу байдаг бол?

    Дэлхийд олон эст амьтан үүсэж, яваандаа тархитай болон хөгжсөн цагаас эхлэн өөрийн амьдралын туршлагаа хойч үедээ өвлүүлдэг болсон. Энэ байдлаар явсаар ухаант хүн үүсэн бий болоход амьдралаас олж авсан мэдлэг туршлагаа залуу үедээ даган дуурайх байдлаар өвлүүлдэг байсан, энэ яваандаа хэл хөгжих эх үндэс болсон ба улам нийгэмшиж, хот суурин төвлөрсөн зохион байгуулалттай болоход хүүхдийг хүмүүжүүлэх, мэдлэг туршлага зааж өвлүүлэх олон арга хэрэгсэл бий болсон. Үүний дүнд сургууль цэцэрлэг, сургалт хөгжлийн төв байгуулагдаж хүний хөгжлийг хангах болсон. Энэ бидний мэдэх БАГШ төвтэй сургалт буюу багш зааж, хүүхэд сонсох ёстой гэсэн хандлага юм.

    17 зууны сүүл үеэс шавь төвтэй сургалтын тогтолцоо бий болж, энэ явсаар өнөөгийн өндөр түвшинд хүрсэн. Шавь төвтэй сургалтын давуу тал нь багш хүүхдийн чадвар нөөц бололцоог илрүүлэх зорилготой сургалтыг явуулж, шавь өөрөө бие даан сонирхол сэдлийнхээ дагуу суралцана. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө хүссэн сонголтоор сурч хөгжин багшийн мэдлэг чадварыг давах хангалттай боломж бүрддэг явдал юм.

    Сүүлийн үед шавь төвтэй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс “шавь төвтэй сургагч багш” сургалтын тогтолцоо руу аяндаа шилжиж байна. Энэ сургалтын онцлог нь хүүхэд сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ зааж өгөх замаар өөрөө улам чадваржих, үүнийг сурсан хүүхэд дараагийн үедээ зааж өгөх замаар тасралттай хөгжиж төлөвших үйл явц юм. Яагаад энэ сургалт тийм үр дүнтэй гэж?

    Аливаа хүнд мэдээллийг хамгийн сайн дамжуулагч нь үе тэнгийнхэн нь байдаг. Энэ нь тухайн хүний наснаас дээш 5 нас, доош 5 насны хооронд буюу нас ойролцоо хүмүүс бие биенээ хөгжүүлэх нь их байдаг. Харин насаар нэлээн ахимаг хүмүүс, эцэг эх зэрэг нь тухайн хүнээс 20 орчим жилийн насны зөрүүтэй байдаг учир хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг ойлгодоггүй, мэддэггүй учир хүүхэддээ, тэр тусмаа балчир насны хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй.

    Тэр тусмаа сүүлийн жилүүдэд төрөөд байгаа шинэ үеийн хүүхдүүд аливаа юмыг сурахдаа хурдан, анхаарал сул, сэтгэн бодох чадвар өндөр, өөрийнхөөрөө гэх мэт зан авир илэрч байна. Харин энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх аргаа эцэг эхчүүд олохгүй зөрүүд, муухай ааштай, өөрийнхөөрөө гэх мэт шинж чанарыг нь анзаарч хараад байна. Тэд хүүхдүүдийнхээ хүссэн бүх зүйлийг нь биелүүлээд, муухай ааш гаргахад нь аргадаад нэг үгээр урд нь бөхөлздөг. Энэ нь өөрийнхөөрөө байх гэсэн хандлагатай хүүхдүүдэд тааламжтай байдаг бөгөөд улам зөрүүдлэх, бусдыг даван гарах, бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага бий болдог. Энэ өнөөгийн хэцүү хүүхэд гэгдэх хүүхдийн мөн чанар юм.

    Хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх хамгийн сайн арга нь үе тэнгийнхэн дунд нь хөгжүүлэх явдал юм. Өөрийнхөө мэдлэг чадварын хувьд ойролцоо хүмүүстэй хамт хөгжих нь тэдний дунд өрсөлдөөн бий болж, үүнээсээ өөр хоорондоо улам чадваржих, хамтаараа хөгжих, багаар ажиллах чадварт суралцах зэрэг олон давуу талыг эзэмшдэг.

    Орчин үеийн хүүхдийн оюуны чадвар, нөөц боломжийг тодорхойлох боломжгүй, тэднээс ямар ч авъяас чадвар гарч болох бөгөөд тэрхүү авъяас чадварыг нээж илрүүлэхийн тулд үе тэнгийнхэн дунд бүлэг, хамт олноор хөгжүүлж, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хөндлөнгөөс ажиглан сургалт хөгжлийг нь чиглүүлэх явдал юм.

    Манай эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хандлагыг ажиглахад, бага наснаас нь оюуны чадварыг хөгжүүлэх гэсэн, хичээлээ хийж байгаа хүүхдийг сайн хүүхэд гэж ойлгох тал байдаг. Энэ нь тухайн хүүхдийг үнэхээр чадварлаг, сайн хүүхэд болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн асуултыг эцэг, эх асран хамгаалагчид болон багш сурган хүмүүжүүлэгч нар өөрсддөө тавьж үзэх хэрэгтэй байна.

    Хүүхэд хүмүүжүүлнэ, өсгөж төлөвшүүлнэ гэдэг хэн бүхэн тийм амар хийчих ажил биш гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга гэж байхгүй, харин хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон хүмүүжүүлэх арга гэж байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг их өндөр байшин барьж байна гэсэн үг. Суурийг нь сайн тавьбал дээш нь хэдэн ч давхар барьж болно. Үүнтэй адил бага насанд нь ямар хүмүүжлээр ямар төлөвшил чадварыг суулгана, тухайн хүүхдийн ирээдүй тийм л байна. Хүүхэд сайн ном уншдаг, мэдлэгтэй байна гэдэг нь сайхан амьдрахын нэр биш, харин сайхан амьдрах арга ухаанаа ойлгосон, өөрийнхөө төлөө хичээж, тэмүүлж чаддаг байх нь сайхан амьдралын эх үндэс билээ.

    Нэгэн сургааль үг байдаг билээ:

    Авьяас дангаараа юу ч биш, авьяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв

    Боловсрол дангаараа юу ч биш, боловсролтой тэнэгүүд хорвоогоор дүүрэн

    Суу ухаан дангаараа юу ч биш, хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан

    Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй.

    Хэрэв та хүүхдээ өөрөө сэдэлжиж хичээлээ хийдэг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, чадварлаг хүн болгон төлөвшүүлье гэвэл юун түрүүнд хүүхдийнхээ насны онцлог, түүнтэй холбоотой хэрхэн яаж хөгжүүлэх тухай анхан шатны мэдлэгийг эзэмшиж аваарай. Үүнд:

     

    Нас

    Онцлог

    Хөгжүүлэх арга, зарчим

     

    0-1

    Нярай нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил сул, амьдралыг хүлээн авах суурь хандлага төлөвшдөг, хүрээлэн буй орчинтойгоо танилцаж яваа нас

    Хайраар хүмүүжүүлье: Халуун дулаан тэврэлтийг мэдрүүлж, хайр ийм байдаг, бас хал ийм байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Ээж аавын эелдэг харц хүүхдийн энэ насанд чухал.

     

    1-3

    балчир нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил эрчимтэй сайжирч, хэл яриа хөгжинө. Булчингийн ажиллагаа сайжирч, харилцаа, хүний хандлагыг мэдэрдэг болно.

    Харилцаагаар хүмүүжүүлье: Энэ насанд орчны эд зүйлтэй сайн харьцуулж, хүрээлэн буй орчинтой танилцуулах. Өөрөөр нь юмыг хийлгэж байх нь чухал.

     

    3-6 сургуулийн өмнөх нас

    Хэл яриа эрчимтэй хөгжиж, аливааг хийсвэрлэн сэтгэж сурна. Энэ насанд хүүхдийн тархи сайн хөгжиж байгаагийн нэг илрэл нь худлаа ярих байдаг. Их хөдөлгөөнтэй, өөрөө оролдох дуртай, би ХААН гэсэн төвтэй байдаг.

    Зоригоор хүмүүжүүлье:Энэ наснаас эхлэн үлгэр домог, ертөнцийн сонин хачин ярьж өгөх, хүнтэй харилцах арга барил зэргийг зааж өгнө. Болохгүй болно гэдгийг ойлгуулж миний хүү МУНДАГ гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй.

     

    Дээр дурьдсан 0-6 насны хүүхдэд чиглэсэн хүмүүжүүлэх арга барилд эрдэм мэдлэг, сууж сурах зэрэг арга барил байхгүй байгааг анзаарч байна уу. Хүүхдийг өсвөр нас хүртэл нь эрдэм мэдлэгээр бөмбөгдөх бус, харин амьдралыг ойлгуулах, амьдрах ухаан суулгах, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь хүүхэд өөрөө сэдэлжин хөгжил төлөвшлөө олж авах чадвартай болгодог.

    Харин өсвөр наснаас эхлэн сууж сургах, хичээл зүтгэлийн талаар ойлголт өгөх нь хүүхдийг мэдлэг чадвартай болгон хөгжүүлэх сайн талтайгаас гадна сэтгэлийн тэнхээтэй болгон төлөвшүүлдэг. Хүүхдийг ямар ч үед зөв шийдвэр гаргаж сургахын тулд багаас нь хичээл, эрдэм мэдлэг, оюун ухааны сургалтаар шахах бус харилцааны арга хэлбэрээр төлөвшүүлэх, байгаль дэлхийн онцлог, хүний амьдралыг ойлгуулах нь багаас эрдэм мэдлэгт дуртай, зөв шийдвэр гаргадаг сэтгэлийн хаттай хүн болгодог.

    Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ дээр дурдсан насны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй боловч түүнээс илүүтэйгээр чухалчлан үзэх зүйл бол хүүхдийнхээ дахин давтагдашгүй төрөлх онцогийг олж мэдэх явдал юм шүү. Тэгж байж бид хүүхдийнхээ онцлогт тохирсон, ирээдүйд нь тустай хүмүүжлийн арга хэрэгслийг сонгон ашиглаж чадна. Тиймд та доорх хэдэн асуултын хариултыг олохыг эрмэлзээрэй! Үүнд:

    Таны хүүхэд ямар онцлогтой вэ?

    Таны хүүхэд хэдэн настай вэ?

    Таны хүүхэд ямар зан авиртай вэ?

    Таны хүүхэд юунд дуртай вэ?

    Таны хүүхэд ямар авьяастай вэ?

    Харин та эдгээр асуултанд бүрэн хариулт олж авч чадахгүй байгаа бол, хариултыг нь мэдэж байгаа боловч хэрхэн яаж харьцах аргаа олохгүй байгаа бол манай төвд хандаарай. Бид таны хүүхдийн онцлогийг зан авир, оюун ухаан, сэтгэлгээний онцлог гэх мэт олон талаас нь цогц байдлаар оношилж, хүүхдийн төрөлх онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцах, ямар арга барилаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч байна.