Author: admin

  • Зүйр үг зүглүүлэгч мөн үү?!

    Зүйр үг бол манай ард түмний амьдралаар нотлогдон, бидний амьдралын философи болж үр хүүхдээ түүгээр сургаж ирсэн. Гэвч нийгмийн хөлжлөө дагаад, дэлхий нийтийн хөгжлийн хандлагыг дагаад зарим зүйр үгийн хэрэглээг бид бодох цаг нэгэнт болсон мэт санагдах юм.

    Зүйр үгийн хүмүүжлийн нөлөө, сургалтын чадамжийг бодолцон зарим хэсэг нь гадны орнуудын бодлогыг тээсээр ирсэнийг бид нэгэнт хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Иймэрхүү зүйр үгүүдэд бидний зориггүй, идэвхигүй, мохоо болгон хүмүүжүүлэх, хөгжих боломж нөхцлийг хаах санаа илт мэдрэгддэг төдийгүй түүгээр бид хэдэн үеэрээ хүмүүжиж ирсэн нь бодит үнэн билээ.

     

    Ах нь сургадаг
    Дүү нь сонсдог
    Ах нь сургаж дүү нь сонсохыг хүлээж суусаар бид зориг зүрхтэй, идэвхи зүтгэлтэй олон шинэ, залуу ажилтнуудаа мохоож байгаатай та санал нийлдэг үү? Сургаад байдаг ах нар нь өөрсдөө шаардлага хэр хангаж байгаа бол доо. Хоцрогдсон ах нар сургах нь ч юу бол. Харин ах нар сургах чадвартай байхын тулд өөрсдөө байнга сурч, шинэчлэгдэж байх хэрэгцээ тулгараад байна. Тийм ах нарыг дүү нар хэлүүлэтгүй сонсож л таараа. Эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт байдаг нь бас л амьдралын үнэн бөлгөө.

     

    Төрийн төлөө
    Оготно боож үхэх

    Төрийг маань монголчууд бус өөр хүмүүс барьж байсан үед энэ зүйр үг гарсан байхыг бид үгүйсгэхгүй. Төр барихад иргэн бүрийн оролцоо чухал байгаа цаг үед амьдарч байгаа бидэнд эрх барьж байгаа намд үйлчилсэн мэт зүйр үгсээр хойч үеэ хүмүүжүүлсээр. Энэ үгийн хор уршиг нь хүн бүрийн ажилдаа хандах хандлага дээр илэрч гараад байгааг удирдагчид олж харж л байгаа байх даа. Төрийн төлөө оготно боож үхнэ гэсэн сэтгэлгээгээр хойш суусаар идэвхигүй амьдрагчдыг, хүний хойно суугчдыг бид өөрсдөө төрүүлсээр байна. Төрийн төлөө оготно хүртэл боож үхдэг нийгэм л хөгжлийн өндөр түвшинд хүрдэг.

     

    Долоо хэмжиж
    Нэг огтол
    Судалгаа шинжилгээний үндсэн дээр аливаа алхмыг хийх талаасаа энэ зүйр үгийг бид өнөөдөр ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ байгууллагын хөгжил, хурдны талаасаа үүнийг баримтлаад суугаад байдаг удирдагчид дорхноо хоцрогддог талаас нь харж үзүүштэй л мэт. Тэднийг долоон удаа хэмжих гэсээр байтал аль хэдийн зөв алхмуудыг хурдан хийчихсэн байгууллагууд амжилтанд түрүүлэн хүрэх нь вий гэдгийг бас бодууштай.

     

    Жор мэдэхгүй эмчээс
    Зовлон үзсэн чавганц дээр

    Ийм утгатай зүйр үгэндээ итгэж явсаар ажил хийж байсан туршлагатай л бол сургуульд сурсан эсэх нь хамаагүй мэт болох нь ээ. Гэтэл бидний хүрээд байгаа хөгжлийн түвшин маань жор мэддэг эмчдээ зовлонг нь түргэн үзүүлээд ажил хийлгэх, ажлаа авч явах, хүнтэй ажиллах, хүн удирдах цаашлаад байгууллагыг авч явах ухаанд сургах шаардлага гараад байгааг бид зөв ойлгох цаг нэгэнт болсон байна. Хар “бараашигаар” хүнийг удирдах боломж өдөр ирэх тутам л хавчигдан шахагдсаар байгааг байгууллага удирдаж байгаа хүмүүс ч хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ.

     

    Түрүүлж дуугарсан
    Хөхөөний ам хөлддөг

    Энэ үгийг аав ээж маань том хүний өмнүүр бүү орж дуугарч бай гэсэн утгаар сургадаг байсан. Гагцхүү энэ санаа даамжирсаар өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг аялдан дагагчдыг төрүүлэхэд нөлөөлсөн. Аль ч байгууллагын хурал, цуглаад дээр болдог үйл явцыг саная. Санал бодлоо хуваалцах болоход хүн бүр л дотроо түрүүлж дуугараад яахав, хүмүүс яриад ирэхээр нь л болъё гэцгээн эхний доод тал нь арав шахам минут дуугарцгаадаггүй. Харин түрүүлж дуугарч байгаа хүнийгээ энэ их солиотой нөхөр дандаа л ингэж байх юм хэмээн бодоцгоодог. Яваа яваандаа нөгөө хүмсүүс л түрүүлж босч дуугарахгүй бол болохгүй мэт хүлээцгээдэг. Хурлын цаг дуусахад дуусч барагдашгүй санал гомдол хөвөрцгөөдөг. Ингээд л түрүүлж биш сүүлдэж дуугардаг ухаантнуудаар дүүрэн улс болж хувирах вий дээ.

  • Монгол хэлээрээ зөв сайхан ярьж сурах тухайд

    Эх сайхан монгол хэлээрээ ойлгогдохоор ярьж, санаагаа солилцох, мэдээлэл түнгээх тал дээр хүн бүр л нэгийг бодож явдаг болсон цаг үетэй давхцан Удирдлагын Академи ирээдүйн докторууддаа монгол хэлээрээ хэрхэн зөв найруулан харилцах тухай монгол хэлний эрдэмтэнтэй ярилцах боломж олголоо.

    Ярилцлагын үеэр Буянтогтох доктор “Манайхан иргэний боловсролтой байх ёстой. Манайхан аливааг харж байгаад тэднийд тийм юм байгаа гээд л дуурайгаад аваад байх юм. Дэлхийн хөгжилтэй хөлөө нийтүүлнэ гээд л байх юм. Бид хөгжлийг нь гүйцэхгүй шүү дээ. Харин амдаж л очих хэрэгтэй. Тэгэхээр бид өөрөөр сэтгэх хэрэгтэй. Бид тэдний хийсэн бүхнийг араас нь дагаад бузар булай бүхнийг дагаж хийхийн оронд өөр маягаар өөдөөс нь амдаж гүйцэх л шаардлагатай болж байна” гэж хэлсэн санаа сэтгэлд их л ойр буулаа.

    Үнэхээр бид аливааг дагаж дуурайна гэвэл суурин иргэншлийн 200 жилийн түүх, туршлагатай ард түмний хоёр зууны насыг бас наслах хэрэг гарах байх аа. Харин эрдэмтний хэлснээр амдах маягаар, өөрөөр сэтгэх нь чухал байх аа. Тийм чадалтай чадвартай залуус манайханд олон бий, бий болно гэдэгт ч итгэж байна.

    Буянтогтох багшийн ярьсан санаануудаас бас нэгэн сонсууштай байсан зүйл нь үндэсний хэлнийхээ хажуугаар гадаад хэлийг чимээгүй л заах ёстой. Уг нь бид үндэснийхээ хэлийг илүү заах ёстой гэсэн санаа байлаа. Үнэхээр гадаад хэл сурах нь чухал гэдэгтэй хүн бүр санал нийлдэг ч “үндэсний хэлээ сайн мэдэх” гэсэн дөрөвхөн үгний цаана эх оронч үзлээс эхлээд монгол хүн бүрийн хүсч мөрөөдөж байдаг сайхан бүхний үр нь оршдогийг бас нэг бодууштай мэт.

  • Суурьгүй байшин

    Монголын Төмөр замын хүүхдийн байгууллагын захиалгаар төмөр зам дагасан цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнуудтай Стрессгүй амьдарцгаая” сэдвээр ярилцах боломж гарлаа.

    Ярилцлагын үеэр бид нар бүгдээрээ үнэхээр их стресстэй байна гэж байсан хүмүүс стрессийн зэрэглэлийг тогтоох тестээр ямар ч стрессгүй амьдарч байгаа нь тогтоогдлоо. Ингээд тэд стресс гэж ойлгоод байсан зүйлээ өөрөөр харахаар боллоо.

    Миний хувьд улс орны ирээдүйн эздийн суурь хүмүүжлийг тавьж өгч байгаа сургуулийн өмнөх боловсрол олгодог хүмүүс стрессгүй ажиллах нь юу юунаас чухал гэж бодож явдаг. Хүний хүн болох төлөвшлийн 70 хувь нь 7 хүртлэх насанд тогтдог болохоор бид үүнд их анхаарах ёстой.

    Бид ажил хийх чадвартай, мэдлэгтэй хүн, мэргэжилтэн гээд л насанд хүрчихсэн хойно нь хүмүүсийг өөрчлөх сургах, мэргэшүүлэх тухай их ярьдаг. Харин тэр хүний бүх насны амьдралын 70 хувийг шийдддэг сургуулийн өмнөх боловсролын асуудлаар ярьдаг хүн хэд билээ?

    Энэ тухай яриад ирэхээр эвэртэй туулай үзсэн мэт болдог мэргэжлийн хүмүүс ч бий. Үгүй дээ л бидэнд өнөөдөр цэцэрлэгт яваа хүүхдээ юун дээр суулгаж ямар орчинд байлгах вэ гэсэн орчны стандарт ч байхгүй шүү дээ. Үүнийг хийх тухай ярихаар мэргэжлийн хяналтын байгууллагын нөхдүүд бид үүнийг чинь хийчихсэн, одоо батлуулах л үлдээд байна гэдэг. Үнэхээр хийсэн зүйлийг нь үзэхээр 20 жилийн өмнөх бичиг баримтуудаас хуулаад тавьсан 22 хуудас материал бий нь үнэн. Даанч түүн дээр батлаад тавьчих, баталсан хойноо мөрдөөд явчихаар зүйл бараг үгүй байсан.

    Бид хичнээн тансаг өндөр барилгууд бариад суурь муутай бол улсын комисст өгөхөөс өмнө нураад унадаг туршлагыг нүдээрээ үзсэн хүмүүс. Энэ алдаагаа хүн ардынхаа оюун ухаан дээр үл анзаарагдам байдлаар туршаад байгаа нь уйтай.

  • Cистемдээ баригдаад байна уу? Сэтгэлгээндээ баригдаад байна уу?

    Өчигдөр нийслэлийн бага, дунд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвөлгөөн боллоо. Уг зөвөлгөөнөөр боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид эх орныхоо ирээдүйг бэлтгэхэд тулгамдаж байгаа асуудлуудаар санал бодлоо солилцсон юм. Уг зөвөлгөөний үеэр зорилго нэгтнүүдтэйгээр санал бодлоо ярилцах завшаан олдслныг хэлэх ялдамд үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан нийт багш, энэ системд мөр зэрэгцэн зүтгэж яваа хамтрагчидтайгаа хуваалцах гэсэн юм.

    Боловсролын салбарын бүтцийг өөрчлөх, сайжруулах, төгөлдөржүүлэх талаар нэлээд олон арга хэмжээ авч байсныг бид мэднэ. Үүний нэг нь хорооллын дунд орших сургуулиудыг чиглэл чиглэлээр нь нэгтгэн бага, дунд, ахлах сургуулийн суурийг тавьж байсан цаг саяхан. Гэтэл энэ тогтолцоо маань хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдэг талаар нэг ч хүн нэг ч үг дуугарахгүй байсаар арван хоёр жилийн тогтолцоо руу шилжин орох тухай ярьж эхлээд байна.

    Бусад орнуудын арван хоёр жилийн тогтолцоотой сургуулиудын туршлагуудыг харж байхад нэг зүйл анхаарлыг минь туйлын их татсаныг зорилго нэгтнүүддээ хэлэх гэсэн юм. Энэ санаа нэлээд хэдэн улсад хэрэгждэг ба Герман улсын боловсролын тогтолцооны жишээн дээр харахад, ойлгоход, хэрэгжүүлэхэд хамгийн оновчтой гэж ойлгодог. Тэд хүүхдийг нэг дүгээр ангид орсон цагаас эхлэн сургуулийнхаа нийгмийн ажилтны тусламжтайгаар ажиглалт судалгаа хийсээр зургаа дугаар анги төгсөхөд нь чадвар, мэдлэг, ирээдүйн боломжоор нь “ангилна”.

    Сурлагын үзүүлэлт болон төлөвшилтөөрөө доогуур түвшний хүүхдүүд долоо дугаар ангиасаа нэг сургуульд сурдаг ба эдгээр хүүхдүүд ирээдүйд мэргэжлийн ажилчин анги болж өсдөг. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургуулиудад амьдралд нь тэр бүр чухал шаардлагатай биш математик, хими, физик гэх мэтийн хичээлүүдийг хялбаршуулан зааж сургуулиа төгсөнгүүт л ажлаа хийгээд, амьдралаа аваад явчих боломжтой мэдлэг чадварыг эзэмшүүлдэг.

    Харин дундчууд буюу сэтгэлгээний хувьд хоцрогдоод байдаггүй, хичээл сургалтын үзүүлэлтүүд нь тийм ч бага биш хүүхдүүд инженер бэлтгэх сургуульд цугларан суралцдаг. Инженерүүдийн /нийтлэг нэрээр нь авлаа/ хувьд арай өндөр шаардлага тавьдаг ба нийгмийн бас нэгэн давхаргыг багаас нь бэлддэг байна.

    Бидний хувьд вүүндэркинд хэмээн нэрлэх дуртай гоц авьяастай буюу онцчууд бас өөр сургуульд сурдаг ба энэ хүүхдүүдээс улс эх орны ирээдүйг гардан явч явах хүмүүс төрдөг. Хамгийн дээд ангиллын буюу гоц авьяастнуудын хувьд нийгмийн элитүүд бэлтгэгдэж байгаа утгаар нь үнэхээр өндөр шаардлага тавьдаг. Эдгээр сургуулийг төгсөгчид хуульч, эмч, багш бэлтгэх их дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой байдаг. Нөгөө талаасаа ижил түвшний хүүхдүүд хамт сурч байгаа болохоор манлайлал гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрддэг.

    Өнөөдрийн манай нөхцөлд нэг ангид сурч байгаа хүүхдүүдийн сурлага, төлөвшил өөр өөр байна. Огт юу ч сурдаггүй, эсвэл хүсдэггүй, бусдаасаа хуулсаар байгаад сургуулиа төгсөж байгаа сурагч, хот улсын төдийгүй олон улсын олимпиадын аваргатай мөр зэрэгцэн сууж л байдаг. Гэтэл энэ нь хуулж байгаа хүүхдэд боломж олгож байгаа харагдавч энэ нийгмийг удирдан авч явах элитүүдийг бэлтгэх ажилд саад болох төдийгүй, улмаар ямар ч идэвхигүй байдлыг хүүхэд байхаас нь л бий болгож, үлбэгэр сулчууд эсвэл зальт аргатнуудын эгнээг өргөжүүлсээр.

    Германы боловсролын тогтолцоог Монгол улсын ерөнхий боловсролын тогтолцоо руу хөрвүүлэх гэж төсөөлье. Хүүхдүүдийг “ангилах”, дараагийн шатны сургуулиудад хуваарилахдаа нийгмийн ажилтнуудын саналыг голлон харгалздаг ба тэд ч үнэхээр нийгмийн нэгэн иргэнийг бэлтгэх ажлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд бэлтгэж гаргаад байгаа нийгмийн ажлтнууд маань хүүхдээ таньж хуваарилах чадвар нь хэр байгаа бол доо? Зөвөлгөөн дээр хэлж байсанчлан мэргэжлийн хүн ажиллах ёстой гэсэн далбаан дор ажлаа мэддэг нэгнийг нь халчихаад огт мэргэжлийн биш, танил тохойгоор сонгосон хүмүүсийг ажиллуулаад байвал улс орны ирээдүйн сонголтыг арын хаалганы гэгддэг чадвар муутай нөхдүүдийн гарт атгуулах мэт.

    Мэдээж зургаа дугаар анги төгсмөгц хууваарилсан хуваарь хатуу, хөдөлшгүй зүйл биш. Дээд ангиллын сургуульд сурч байгаа хүүхэд тааруу суралцвал доод ангиллын сургууль руу шилжих, доод ангиллын сургуульд сурч байгаа хүүхэд амжилттай сайн суралцвал дээд ангиллын сургууль руу шилжин орох боломж бүрэн нээлттэй байх нь бидний ярьдаг “тамын тогооны үлгэр”-ийг саармагжуулах арга ч байж болох юм. Чадвартай хүүхдийг идэвхи чармайлт гаргадаггүй “нөхдүүд”-ээс эртхэн салган авч, шахаж шаардаж хөгжүүлэхгүй байсаар чадлыг нь мохоож орхидог төдийгүй тэдний далбаан дор явагчдыг бас бойжуулсаар байдаг. Том болохоороо “Энэ манай ангид байсан нэг тааруу л амьтан байсан даа хөөрхий, одоо л их овойж оцойж гэнэ” хэмээн шинэхэн сонгогдсон сайдыг ч юм уу өөлөн ярих нэгэн болж төлөвшдөг. Алтны дэргэдэх гууль шарладаг хэмээх зүйр үгийг өвөг дээдэс маань сайныг дагаж сайн бол гэдэг утгаар нь хэрэглэж сургасаар ирсэн. Гэтэл өнөөдөр манай орны хөгжил гуулины дэргэдэх алт нь гунддаг тогтолцоотой байсаар байна.

    Уг зөвөлгөөн дээр нэлээд дэлгэрэнгүй яригдсан бас нэг асуудал бол багшийн ёсзүй, нэр хүндийн тухай сэдэв байсан. Энэ асуудлыг боловсролын өнөөдрийн тогтолцоонд багш гэдэг хүнийг хэрхэн бэлтгэж байгаагаас эхэлье. Хамгийн сайн хүүхдүүд СЭЗДС, МУИС, ЭМШУИС гэх мэт сургуулиудад элсэн орох гэж өрсөлддөг. Тиймдээ ч эдгээр сургуулиудын элсэгчдийн босго оноо өндөр байдаг. Үнэхээр чадалтай нь ч тийшээ ордог байх. Нийслэлийн 6 дугаар сургуулийн захирал намрын нэгэн хурал дээр “Энэ жил манай сургуулийн нэг ангиас 12 хүүхэд Анагаах ухааны их сургуульд орсон нь үнэхээр бахархалтай” гэж ярьж байх юм. Босго оноо өндөртэй сургуульд нэг ангиас олон хүүхэд орж байгаа талаасаа харвал зүйтэй, бахархам амжилт мэт. Гэтэл яг хэлэлцэж байгаа асуудлаар тулгамдаад байгаа хүндрэлийн талаас нь харвал энэ захирал маань юу ярьчихав аа? “Манай сургуулийн нэг ангиас л гэхэд 12 хүүхэд Багшийн их сургуульд орсон” гэж бахархвал шоолуулах байсан л даа.

    Дээр дурьдсан сургуулиудад орж чадаагүй хэсэг нь бусад сургуулиуд болон хувийн их дээд сургуулиудад орцгоодог. Ингэж ингэж хамгийн сүүлд үлдсэн хүүхдүүдээс тэр дундаа ихэнх нь орон нутгаас МУБИС буюу багшийн их сургуульд элсэн ордог. Эндээс л бидний яриад байгаа багшийн нэр хүнд ёсзүйн асуудал эхэлж байгаа юм.

    Бидний санаа авах гээд байгаа Германы хувьд багш бэлтгэдэг их дээд сургуульд зөвхөн хамгийн дээд ангиллын ЕБС төгссөн хүүхдүүд л элсэх эрхтэй байдаг. Нэгдүгээр сургуулийн тооны анги төгссөн гэж хэлэхэд бидний хандлага ямар байдаг билээ? Яг л үүн шиг нэр хүндтэй хүмүүсээс улс эх орныхоо ирээдүйг бэлтгэдэг хүмүүс болох багш нарыг бэлтгэх ёстой баймаар. Энд зөвхөн зөв тогтолцооны асуудал л байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бидний явж ирсэн буруу хэмээн шүүмжлэгддэг боловсролын тогтолцоо социалист нийгмийн тогтолцоо шигээ халагдах цаг болчихсон. Олон тааруу нөхөд нийлээд хаашаа явахаа шийдэж чадахгүй маргалдаж байхаар цөөн ч болов ухаантайнхаа үгийг сонсоод холхон, хурдхан алхах боломжийг боловсролын тогтолцооноосоо эхлээд хангаж өгөх цаг нэгэнт болжээ.

    Бид арван жилийн сургалтын тогтолцоог арван хоёр жил рүү шилжүүлж байгаа практик үйл ажиллагаанаас харахад 10 жилд заадаг байсан агуулгыг арван хоёр жилд хуваагаад, тараагаад тавьчих гээд байгаа мэт хар буугаад байгаа болохоор жирийн иргэний хувьд, боловсролын салбарт ажилладаг хүний хувьд өр өвдөж санаж бодож байгаагаа хуваалцах хүсэлтэй байсан юм.

    Бидний ярилцсан бас нэгэн чухал асуудал бол хүүхдийн байгууллагын орчны стандартын асуудал байлаа. Хүүхэд сургаж хөгжүүлэх боломжийг үл харгалзан хүссэн бүхэн цэцэрлэг нээж ажиллуулдаг моод дэлгэрээд байгааг бид бүгд мэднэ. Үнэхээр гэрийнхээ нэг өрөөг “Энэ бол манай цэцэрлэг” гээд байгаа хүмүүсийг харахад хэцүүхэн л санагддаг. Гэхдээ цэцэрлэг нээгээд хавь ойртоо байгаа хэрэгцээг хангачихаж байгаа хүмүүсийг буруутгахад хэцүү. Учир нь цэцэрлэг гэж ийм юм байна гээд заагаад өгчихсөн дотоод, гадаад орчны стандарт /бага дунд боловсролын сургалтын агуулгын стандарт л байдаг/ өнөөдөр манайд байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь гэрийнхээ ширээний хөлийг тайраад хүүхдийн ширээ болгоод тавьчихсан байхад хэлэх үг бидэнд бий билүү?

    Мэргэжлийн хяналтын байгууллагууд дээрх асуудлыг “Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт-хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм” нэртэй арав гаруй жилийн өмнө Эрүүл ахуй халдвар судлалын улсын Ерөнхий байцаагчийн баталсан бичиг баримтаар зохицуулдаг. Арай шинэ нь энэ шүү. Салбарын сайдын хувьд гэвэл 1985 оноос хойш энэ талаар стандартын хэмжээний дүрэм журам огт гаргаагүй байна. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яам, Ардын боловсролын яамны сайдын 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 140/217 тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх насны хүүхдийн /ясли, цэцэрлэг-яслийн цэцэрлэг/ байгууллагын ариун цэврийн дүрэм” /Индекс Дм-ХөүЭА-1086-85/-ээр өнөөдөр үйл ажиллагааг хянан зохицуулдаг. Энэ дүрэмтэй зэрэг төрсөн хүүхэд өнөөдөр 22 настай. Бараг өөрөө хүүхэд төрүүлчихсэн ч байгаа. Гэтэл бид чинь улс орныхоо ирээдүйг бэлтгэх уурхай болсон газруудаа ямар байлгах ёстой гэдэг талаар сүүлийн хорин жилд огт тоосонгүй. Энэ бол хүний амьдралын нэг үеэр тоологдох хугацаа. Сонгуулийн хугацаагаар бодвол 5-6 сонгуулийн хугацаа!

    Мэргэжлийн хяналтын байгууллагууд хувийн хэвшлийн байгууллагуудыг шалгах, хянах болохоор дээрх бичиг баримтын нэрээр далайлгадаг. Яг тэр дотоод орчны стандартаа гаргаад ир гэхээр үзүүлэх зүйлгүй л байдаг. Бид үүнийг хийж байгаа гэсээр таван жилийн нүүрийг үзээд байна. Үнэхээр 2002 онд эхэлсэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт гэсэн нэр бүхий стандартын төсөл нэртэй дээр дурьдсан ариун цэврийн гэхчилэн олон дүрэм журмуудыг бүгдийг нэг дор хуулаад биччихсэн 22 нүүр бүхий баримт бичгийн төсөл хийгдээд таван нас хүрч байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр хэрэглээ, шаардлага хэрхэн өөрчлөгдөж байгаа билээ дээ.

    Бид, манай боловсролын салбар нийтээр ижил тэгш тааруу боловсрол эзэмшүүлэхийн төлөө махран зүтгэх бус зөв тогтолцоог нь бүрдүүлж өгөөд хувь хүний хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэлд нь нийцсэн боловсрол олгох зөв замыг сонгох нь 12 жилийн тогтолцоонд шилжих гэж байгаа энэ үед юу юунаас чухал байна. Бага дунд боловсрол нэртэй, бага жаахан боловсрол яах вэ гэсэн сэтгэлгээндээ баригдалгүй боловсролын хэмээх томоохон системээ аврах цаг нэгэнт болжээ!

    Бас нэг асуудал бол хүүхдийн гэх тодотголтой бүхнийг хурааж авдаг, зарж борлуулдаг эсвэл тэдэнд зориулж гар сунгах дургүй явдал юм. Хүүхдийн байгууллагын тоглоомын талбайн асуудлыг энд хөндөж байна. Тэдэнд зориулсан тоглоомын талбай байгуулахаар харьяа дүүргийн Газрын алба зэрэг албан ёсны замаар хөөцөлдөхөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байж асуудлаа шийдүүүл гэсэн хариуг арван сарын дараа өгөх юм. Нийслэл хот 6-8 дүүрэгтэй. /байрлалын хувьд салгаж үзвэл/ Тэгэхээр дүүрэг дээр очоод 10 сарын дараа хариу ирдэг бичиг нийслэл дээр очихоор хариу нь иртэл дор хаяад зургаа дахин их хугацаа зарах байх. Тэгэхээр манай хүүхдүүд ойрын 5-6 жилдээ тоглоомын талбайтай болох найдвар алга байна хотын дарга аа!!! Хүүхдүүд яахав гэсэн сэтгэлгээндээ баригдахаа больж тэдний тухай, улс эх орныхоо хойч ирээдүйн тухай ул суурьтай бодох, хөдлөх цаг нэгэнт болжээ дарга нар аа!!!

  • Жинхэнэ найз

    Өөрийн сайн сайхны төлөө, хувийн ашиг хонжооны төлөө миний нэр төрийг, миний гэсэн зүйлүүдийг маань, эцэслээд намайг зарж идэхгүй, золиослохгүй байж чадах тийм л хүн миний жинхэнэ итгэлтэй найз. Тусламж хэрэгтэй үед надад хариу нэхэлгүйгээр, зөв сэтгэлээр, өөрийн хүслээр тусладаг тэр л хүн миний жинхэнэ итгэлт найз. Уужуу сэтгэлтэй байж, сайн муу бүхнийг сэтгэлдээ багтаан ариусгаж чаддаг, зөв сэтгэлтэй, тэвчээртэй, бусдыг уучилж чаддаг, төлөвшсөн хүн л хэн нэгний итгэлтэй сайн найз байж чадна гэж боддог.

  • НОГООН-999 АЯН

    Байгаль эх дэлхийнхээ хөрсөнд мод тарьж баярлуулах, Нийслэл Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэр дундаа ХҮҮХДИЙН Эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэгийн гадаа талбайг моджуулан, тохижуулж, иргэдийг мод тарьж, ургуулах ажилд идэвхитэй оролцуулах, өсвөр үе, залуусыг нийгмийн сайн үйлсэд нэгтгэх зорилготой “НОГООН-999” аяныг зохион байгуулж байна.

    Уг аяны хүрээнд Баянгол, СонгиноХайрхан дүүргийн бүх хүүхдийг хүлээн авч эмчилдэг, хүүхдийн хэмээх тодотголтой Сонгино Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгийн гадаа талбайд 500 ш Хайлаас, тус дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдийн хүсэлтийг харгалзан мөн тооны Хайлаасыг нийтдээ 999 ш Хайлаас тарьж ургуулахаар төлөвлөлөө.

    “НОГООН-999” аян нь хамгийн сүүлийн үеийн технологиор бортогонд үрээр тарьж ургуулсан 100% ургах чадвартай Хайлаас модыг цаг хугацаа харгалзалгүйгээр шилжүүлэн суулгаж байгаа төдийгүй залуусын сайн дурын идэвхитэй оролцоотой, тэдний хамтын хүчээр тарьж суулгаж буйгаараа онцлог юм.

    Бидний санаачлан хэрэгжүүлж буй “НОГООН-999” аянд та бүхнийг дэмжин оролцож өөрийнхөө зүгээс бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

    Хугацаа: 2011.08.20-2011.10.20

    ХҮН БҮР МОД ТАРЪЯ
    ХҮҮХЭД БҮР МОДОО УСАЛЪЯ

    Ерөнхий зохион байгуулагч:
    Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо
    http://socialnet.mn/ олон нийтийн сайт

    Санхүүжүүлэгч:
    Монголын Мянганы Сорилтын Сан,
    Хамтран зохион байгуулагч:
    “BFB GROUP” ХХК,

    Холбоо барих:
    Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
    7р хороо “БАТХААН” төв №201
    Цахим шуудан greenzone.mn@gmail.com
    Утас: 96500250

  • Ном унших миний арга барил

    Р.АМАРЖАРГАЛ : Ном унших миний арга барил

    Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг. 

    Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

    Хамгийн түрүүнд  уншиж байгаа номоо ангилж эхэлсэн. УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА номнууд, УНШИХ ЁСТОЙ номнууд гэж. Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү. Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж  харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог. 
    Нөгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ. 

    Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн түрүүнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бөгөөд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагүй номыг бараг уншихгүй дээ. Тухайн салбарт миний мэдэхгүй, сонсоогүй зүйлийг хэлээд байх хүн ховор л доо. Номны гарчигаас харахад ерөнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зүйл байвал номныхоо аннотацийг харна. Мөн сүүлийн үеийн номнуудын өвөр талд нь бусад хүмүүс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул түүнийг нэг гүйлгэхэд зүгээр. Бас хавчуулсан ном зүйг ч харна.

    Би сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ. 

    Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон.

    Зарим хүмүүс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сүрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин үүнд нэг их ач холбогдол өгдөггүй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерөнхий логик, үндэслэл зэрэг нь илүү чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хөтлөөд байх албагүй. Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа үедээ номынхоо данныг зайлшгүй хөтлөх хэрэгтэй л дээ.

    Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм. 

    Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг.
    –    Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.
    –    Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.
    –    Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг. 

    Сүүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний  бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа. 
    Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр үр дүнтэйг хэлнэ. 

    Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг.

    Хүн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм.

    Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм.

    Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл. Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно. Тэгээд уншигч танд амжилт хүсье. 

    (Дугаар №36) Алтангадас сэтгүүл

  • Couchsurfer болж дэлхийтэй нөхөрлөж аялцгаая

    Эрхэм та гадаадын аль нэг улсад алба, амины шугамаар аялах боллоо. Аялах гэж байгаа улс, хотод найз нөхөд, хамаатан садан чинь байдаг бол хичнээн амар, санаа зовох зүйлгүй байдгыг бид мэднэ.

    Онгоц, галт тэрэгний буудлаас зөв автобус унаандаа сууж, байрлах айл уруугаа очиж цүнх саваа тавьж, авч очсон бэлгээ өгч, цай хоол идэж уун, хууч хөөрч, зорьж очсон хэргээ бүтээж, Монголд очихдоо манайд очоорой гэж хэлээд төрсөн нутагруугаа эргэнэ.

    Би дэлхийн аль ч улс, хотод аялах үедээ яг дээрх шиг санаа зовох зүйлгүй, интернэтээр эчнээ танилцсан найзынхаа зөвшөөрснөөр гэрт нь очиж үнэгүй хэд хонож, боломжтой үедээ гэр орны ажилд нь туслаж, найзынхаа гэр бүлийн амьдралд нь саад бололгүй харин ч гэр бүлийн гишүүдтэй нь харилцан ойлголцож, эелдэг найрсаг, тусч сэтгэлээр хандан, мөн гадаад хэл сурч өөрийн зорьж очсон хэргээ бүтээх боломжтой болсон.

    Надад ийм боломжийг олгосон Интернэт дэхь вэб хуудсыг “Яруу сэтгэгч” сонины эрхэм уншигч танд танилцуулж байгаадаа би баяртай байна.
    Вэб хаяг: www.couchsurfing.com

    Аялагч болон сонирхсон хүн бүр энэхүү вэбд гишүүнээр бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулна. Гишүүнээр бүртгүүлсэн иргэнийг Kөүчсойрпер гэдэг.

    Ийнхүү аялагч нь очих гэж байгаа улс, хотынхоо иргэнийг вэб дэхь бүртгэлээс хайж олж, аялалынхаа тухай болон үнэгүй хонуулах боломжтой эсэхийг асууж имэйл илгээнэ. Тухайн иргэн нь таны хүсэлтийн дагуу аялалын болон хувийн мэдээлэлтэй танилцаад, зөвшөөрсөн эсэхээ хариу имэйлээр мэдэгдэнэ.

    Өнөөдрийн байдлаар дэлхийн 231 улсын 50248 хотын 804205 иргэн Көүчсойрперээр бүртгүүлсэн байна. Би 2008 оны 7 сарын 8 өдөр энэхүү вэбд бүртгүүлж гишүүн болсоноосоо хойш Португал, Шотланд, Франц, Швейцарь, Израйл, Герман, Канад, Дани, Англи, Испани, Ирландын 22 иргэнийг гэртээ үнэгүй хонуулж, Монгол ёс заншил, шагайн тоглоом наадгайгаа зааж өгч, хоол ундаа хамтран бэлтгэж, англи хэлээ сайжруулж, Улаанбаатар хот дахь түүх дурсгалт газрууд, музей, захыг зааж өгч, улмаар найзууд болцгоосон байна.

    Та www.couchsurfing.com/blackcow_jbegz хаягаар орж, миний мэдээлэл болон найзуудын маань бичиж үлдээсэн сэтгэгдэлүүдийг уншиж болно.
    Энэхүү үр дүнгээс харахад Көүчсойрпинг гэдэг нь аялагчид болон орон нутгийн иргэдийн хооронд холбоо үүсгэсэн дэлхий даяарх сүлжээ юм байна гэдгийг түвэггүй ойлгож, та ч гэсэн энэхүү сүлжээнд нэгдэн орж дэлхийн найрсаг, нөхөрсөг, үнэнч, тусч иргэн гэдгээ харуулаарай.

    Францын зочин Давид, Өөдсөтэй хийсэн ярилцлагаа мөн танд хүргэе.

    – Өөрсдийгөө танилцуулна уу?
    – Bonjour. Бид нар 27 настай франц хүмүүс. Францын баруун бүс нутаг, далайн эргийн хотод амьдардаг. Монголд анх удаагаа зочилж байна. Миний нэр Давид. Би 6 жил номын дэлгүүрт ажилласан. Сүүлийн 1 жилд модоор байшин барихад суралцсан. Би энэхүү мэргэжлийн сургалтаа 2008 оны 6 сард төгссөн ба 11 сард шинэ ажилд орно. Би өөрийн гараар бодит зүйлийг бүтээхийг хүссэн тул ажлаа өөрчлөхөөр шийдсэн. Байгаль орчинд ээлтэй амьдралаар амьдрахыг зорьдог.
    Миний нэр Өөдсө. Би хувцасны загвар зохион бүтээгч. Би гэртээ ажлын байраа бэлтгэсэн ба төрөл бүрийн хувцас оёдог. Цирк, театр гэх мэт урлагийн байгуулагуудын жүжигчин, бүжигчдын хувцасыг оёх дуртай. Мөн би оёж сурахыг хүссэн хүн бүрт хэрхэн эсгэх, оёхыг зааж өгдөг. Би 5 жил урлагийн сургуульд суралцсан тул урлагийн бүхий л төрлийг маш их сонирхдог.

    – Францдаа та хоёр монгол гэрт амьдардаг гэсэн. Энэ тухай?
    – Бид өөрсдийн гараар хамтарч бүтээсэн гэртээ 1 жил орчим амьдарч байна. Давид модон хэсгүүдийг харин би даавуун хэсгүүдийг бүтээсэн. Бидний ур чадвар гайхамшигтайгаар нэгдсэн нь монгол гэрийг өөрсдийн гараар бүтээж, амьдрах нөхцөл болсон. Бид эхлээд зурган дээрээс монгол гэрийг харж, хэрхэн бүтээхээ зурж, төлөвлөсөн. Манай франц улсад цаг агаар их хүйтэн биш боловч далайн эргийн хотод бороо орох нь элбэг байдаг учраас ус нэвтэрдэггүй материалаар цагаан бүрээс хийж, тооноо гялгар уутаар битүү бүтээсэн.

    – Яагаад гэр хийж амьдрах болов?
    – Гэр бүтээж амьдрах болсон гол шалтгаан бол бидэнд өөрийн байшингаа барих газар худалдаж авах мөнгө байгаагүй. Монгол гэрийг гарын доорх материал ашиглан барихад хямдхан байсан. Мөн гэр нь байгальтайгаа ойр амьдрах боломжийг олгож байгаа нь бид нар шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүст таалагдсан. Францад ихэнх хүмүүс байшинд амьдардаг. Тэгээд тэд байгальтайгаа харьцаа тасарч, байгалийн тухай санаа тавих боломжгүй болдог. Ж.бэл, бидний гэрт усны нэгдсэн систем байхгүй учир борооны усыг цуглуулж угаалганд ашигладаг. Мөн бид модны үртэс хэрэглэсэн хуурай жорлонг хэрэглэдэг. Хуурай жорлондоо ус хэрэглэдэггүй нь усаа хэмнэж улмаар мөнгөө хэмнэх боломжийг олгохоос гадна ялгадас, модны үртэсний холимогоо цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалдаа бордоо болгон ашигладаг нь байгалиа хайрлаж, тэтгэж байгаа бидний тус билээ. Бид гэрээ монгол гэр шиг биш харин гал тогоо, унтлагын өрөө, салон, хоол идэх өрөөтэй Францын нэг өрөө байр шиг тохижуулсан. Бид ширээгээ өндөрлөж, доор нь ном, хувцасны тавиураа байрлуулсан. Гэрт маань ус байхгүй тул цэцэрлэгтээ жижигхэн амбаар барьж дотор нь усны сав, ариун цэврийн өрөөгөө байрлуулсан. Бас нэг зүйл бол бид гэртээ зурагт хэрэглэдэггүй, яагаад гэвэл зурагтны өмнө суух чөлөөт цаг байдаггүй учраас ямар нэвтрүүлгүүд гардгыг ч мэдэхгүй. Харин зурагт үзэхийн оронд ном унших, тоглоом тоглохыг илүүд үздэг.

    – Яагаад Монголд аялахаар шийдсэн бэ?
    – Бид өөрийн гэрээ барьж амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн Монголд ирж жинхэнэ монгол гэр ямар байдгыг харах хүсэлтэй болсон. Мөн монголчууд гэртээ хэрхэн амьдардагыг мэдэж авах нь чухал байсан. Ингээд бид нэг сар хагасын хугацаатай Монгол уруу аялаж монгол хүмүүстэй уулзах, монгол гэрээ яаж барьдгыг нь мэдэж авах, эсгийг яаж монгол аргаар хийдгийг сурч авахаар шийдсэн.

    – Аялалын мөнгө яаж олсон вэ
    – Цалин маань их биш ч гэсэн бид мөнгөө цуглуулсан. Мөнгө цуглуулж чадсан нууц нь гэвэл орон сууцанд амьдарч түрээсийн мөнгө төлөлгүй гэртээ амьдарч байсантай холбоотой. Хэрвээ бид өрөө түрээслэн амьдарсан бол сарын цалингийнхаа ихэнхийг зарцуулах байсан. Давидын ажиллаж байсан номын дэлгүүрийн эзэн нь өөрийн цэцэрлэгт хүрээлэндээ биднийг гэрээ барьж амьдрахыг зөвшөөрсөн нь аз болсон хэрэг. Ийнхүү бид аялалын мөнгөө цуглуулж чадсан.
    Монгол уруу явахаа шийдсэний дараахан бид Монголын Хархоринд хөгжмийн наадам зохион байгуулах гэж байгаа франц хүнтэй тааралдсан. Тэр франц хүн бидэнд монгол хөгжимчид, франц хөгжимчид оролцсон, уламжлалт хөгжмийг орчин үеийн хөгжимтэй найруулсан тоглолт хийх тухайгаа, тоглолтын бэлтгэл, жүжигчдийн хоол хүнсийг бэлтгэхэд туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлсэн. Энэ ажилд нь туслах болсон нь бидний санхүүгийн асуудлаа шийдэхэд тус болсон.

    – Аялалдаа көүчсойрпингийг хэрхэн ашиглав?
    – Бид нар хэдэн өдөр үнэгүй хонохыг зөвшөөрөх эсэхийг асууж Бэгзсүрэнгийн гэр бүлд имэйл илгээсэн. Энэ гэр бүл ч зөвшөөрч, Улаанбаатарт ирээд бид Бэгзсүрэнгийнд очиж, эхнэр Мөнгөнсоёмбо, хүү Төгөлдөр, охидууд Манужин, Гаадмаа, Мөнгөлөн нартай танилцсан. Ингээд бид Улаанбаатарын гэр хороололд Бэгзсүрэнгийнд хамтдаа амьдарч, хүүхдүүдтэй нь тоглож, рашаан руу усанд явж, Сэлбэ голын эргээр аргал түүж, Оюунухааны музейг хамтдаа үзэж, ууган охин Манужинтай нь хамт сургуульдаа үүрч явах цүнхыг нь оёж, Франц хоол хийж нэг долоо хоногийг харавсан сум шиг өнгөрүүлсэн.

    – Монголчууд ба Францчуудын амьдралын ялгаа?
    – Францад ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ маш их хамаардаг бол бидний уулзсан Монгол хүүхдүүд бие даасан, илэн далангүй байсан. Гэр бүлээрээ нэг өрөөнд буюу гэрт цугтаа амьдардаг тул гэртээ ирсэн хүнд бүгд л зочломтгой зангаа харуулж чаддаг байхад Францад гэр бүлийн хүмүүс өөр өөрийн өрөөндөө амьдардаг нь зочломтгой занг бараг алга болгосон байдаг юм байна. Монголд аливаа зүйл нь цаг их үрдэг. Жишээлбэл, Улаанбаатараас өөр хотод очиход Монгол улс үнэхээр өргөн уудам гэдэг мэдэгдэж, цаг их зарцуулдаг. Харин Франц улс жижиг тул нэг өдрийн дотор хөндлөн туулж чадна.
    Монголд ирэхээсээ өмнө бид Монгол орныг том газар нутагтай, цэнхэр тэнгэр, зэрлэг адуу бэлчсэн ногоон уулстай гэж бодож байсан. Энэ ч үнэн байсан. Харин хотдоо ийм олон хүн гэрт амьдардаг гэж бодоогүй. Эцэст нь монгол гэр нь монголчуудын амьдралд их зохицсон сууц болохыг ойлгосон. Хөдөө талд байгаа айлын гэрт зурагт асаж, гаднаа жийп машин, морьдоо сойж, үндэсний хувцас, орчин үеийн хувцас аль алиныг нь өмсөж, ер нь уламжлалт амьдралийн хэв маягаа орчин үетэйгээ хослуулан авч яваа нь гайхалтай байсан. Харин хөдөө, хот хаа сайгүй хаясан хог хаягдал нь байгаль, ан амьтандаа сөргөөр нөлөөлж байгаа нь хамгийн харамсалтай санагдсан. Бас гялгар уут, хуванцарыг их шатаадаг нь хүмүүсийн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд маш муу. Магадгүй одоо л хог хаягдлаа дахин ашиглах асуудлаа шийдвэрлэхгүй бол болохгүй болжээ.
    Аа нээрээ, ихэнх монголчууд байнга дуу аялж явдаг нь “өөр ертөнцөд очсон мэт” сэтгэгдэл төрүүлж гайхалтай санагддагыг хэлэхээ мартсан байна. Өдөр бүр бид Монгол орон гайхамшигтайг харж байна.
    – Маш их баярлалаа.

    Ж.Бэгзсүрэн http://creativemongolia.com/begzsuren/

  • Сэтгэл сэргээж, эрч хүчийг мэдрүүлсэн нэг цаг

    Саяхан найз Пүрэвсүрэн, Мөнгөө эгч хоёртойгоо уулзаж теннис тоглохоор тохиров. Уулзах цаг болж болзсон газраа тохирсон цагтаа уулзаж бие биенийхээ мэндийг мэдэн, тэврэлдэж их л таатай байлаа. Гурвуулаа тоглоомын газар орж 1500 төгрөг төлөөд нэг цаг теннис тоглох зуураа ажил төрөл, ойр зуурын сонин хачин ярьж хөгжилтэй сайхан байв. Хоёр найз маань надад хожигдож, Пүрэвсүрэн маань Мөнгөө эгч бид хоёрт хожигдсоор байв. Тоглох цаг дуусч, орой болсон тул найзууд маань намайг автобусны буудал руу дөхүүлж өгөхөөр алхах зуураа гурвуулаа 1500 төгрөгөөр нэг цагийг зугаатай өнгөрөөж бас эрүүл мэнддээ  үнэтэй хувь нэмэр орууллаа шүү гэлцэв. 

    Мөнгөө эгч: Хоёр дүүтэйгээ долоо хоногт нэг цаг тоглож байна аа гэхэд,

    Би: Хоёр шавьтайгаа долоо хоногт нэг цаг тоглож байна аа гэв.

    Пүрэвсүрэн найз маань: Хоёр багштайгаа долоо хоногт нэг цаг тоглож байна аа гээд бөөн инээдэм болов.

    Хоёр найтайгаа уулзаж нэг цаг теннис тоглох санаачлага гаргасны үр дүнд далай багшийн гурван сургаалийг биелүүлж, сэтгэлээ сэргээж, эрч хүчийг мэдэрсэн юм.

    Далай багш “Бэлгийн нүд нээхүй айлдвараас….”

    Бага залуу харагдах тул

    Тоглож наадахад цаг гарга

    Ариун хишиг нөхөрлөлийнх тул

    Найз нөхөддөө цаг гарга

    Зүрх сэтгэлийн дуулал тул

    Инээж баясахад цаг гарга…..

    Орой гэртээ ирээд найзуудтайгаа сайхан харьцаж, уулзахгүй удвал биесээ үгүйлдэг, уулзахаараа баярлаж цагийг хөгжилтэй  өнгөрүүлдэг ийм дотно сайхан харьцаатай байгаадаа баярлаж байлаа.

  • Хүмүүсийн төлөө анхаарал тавих маш сайхан

    Ширээнийхээ ард ажлаа гялалзуулж суухдаа сэтгэл урьд урьдынхаас илүү хангалуун байхыг анзаарлаа. Үдийн хоолны цаг аль хэдийн өнгөрсөн хэрнээ л юм идэж хараахан амжаагүй байгаа надад өлсөх мэдрэмж төрөхгүй юм. Яагаад гэдгийг би мэдэж байна.

    …Хийж байгаа ажилдаа болоод мессеж ирэхийг мэдсэнгүй. Гэнэт л утсаа харсан чинь шалгалтаа өгч байгаа дүүгээс мессеж ирсэн байлаа. Хэлний шалгалт өгч байгаа дүүгийнхээ гуйлтыг би тийм амар мэдэж биелүүлж чадсангүй. Тэгээд Англи хэл мэддэг таньж мэддэг хүн рүүгээ залгалаа. Хэн нь ч утсаа авсангүй. Заримынх нь утас салгаастай. Тэгэхээр нь мессенжер хаягт байгаа хүмүүсээс тусламж хүслээ.

    Жаахан хүлээж суухдаа хэл сурах минь яалаа ч гэж бодох шиг, мэдэхгүйдээ бантан дүүгээсээ ичмээр ч юм шиг. Удаж, удаж мессенжерээс нэг хариу ирлээ. Яаран байж нөгөө орчуулгыг мессежээр явуулсан чинь дүү шалгалтаа өгөөд дуусчихсан байлаа.

    Өөрийн эрхгүй “Өө!” гэж дуу алдсан шүү. Гэхдээ тэрхэн хоромд маш том урам мэдэрсэн. Бараг 10 минутын хооронд хичнээн хүнээс тусламж хүсвээ. Тэр тоолондоо дүүгийнхээ шалгалтанд туслах хүсэл оргилж байлаа. Хэдийгээр миний тус хожимдсон ч гэлээ сэтгэл дүүрэн оргиод л. Аливаа зүйлд тэгтлээ анхаарал тавих ийм гоё байдаг гэж яагаад мэдсэнгүй вэ, би? Хааяа биш дандаа ийм мэдрэмж мэдрэхсэн…

    Утас дуугарлаа. Хэрлэн эгч залгаж байна. Чамд ном авчирсаан, өрөөнд ирээд авчих гэлээ. Хэд хоногийн өмнөөс л “Аугаа их хүмүүсийн хайрын 100 түүх” унших гээд захиалчихсан байсан юм. Амьдрал ямар сайхан юм бэ?

    Би хэн нэгний төлөө анхаарал тавьж, хэн нэгэн ч бас миний төлөө анхаарал тавьж юм бүхэн сүүн замтай байх юм даа. Энэ зам хаа хүрэхийг мэдэхгүй ч гэсэн энэ замаар сэтгэл амгалан алхана гэдгээ л сайн мэдэж байна.