Author: admin

  • Өмссөн хувцсандаа биш өөртөө итгэ

    Бүсгүй минь нуруугаа цэх болгож нулимсаа нуу

    Өмссөн хувцсандаа биш өөртөө итгэ

    Хиргүй бол цэцэг ертөнцөд чимэг болдог шиг

    Хумстай саврын сүүдэр чамд бүү хүрэг

    Гуйлгачин гэдэг өвдөг сөхрөхийн нэр бол

    Ганцхан хайр дурлалын төлөө өвдөгөөн бүү хайрла

    Цэврүү үсэрсэн тэр л бяцхан цэг дээр

    Чин үнэнч сэтгэл чинь

    Чиний өмнөөс үхэг

  • Хатан байхыг хүсвэл

    Хүүхнүүд нь эр хүнд цай аягалах, эрчүүд нь бүсгүйчүүддээ хаалга нээж, өмнөө оруулах хоёр дүндээ дүн, зүгээр л соёл. Тэрнээс чамайг чи эм хүйстэн учраас хамгийн сүүлд идэж уу гээгүй. Юм болгонтой арцалдснаар чи ааштай нохой шиг өөрөө өөрийгөө гинжлэнэ. Гэтэл хүмүүс эрх муурыг хэзээ л уядаг байлаа. Хатан байхыг хүсвэл уян хатан бай.

  • Юу хийх, яах учираа олохгүй яваа хэн нэгэнд зориулав!

    (YM- ээр хуучны танил нэг ах орж ирлээ. Тэгээд доорх яриа болж өнгөрлөө. Богинохон ч гэсэн энэ яриа тэр ахад хэрэг болох эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд тэр ахыгаа сайн яваасай гэсэндээ л өөрийн мэдлэгийн хэмжээнд хэдэн үгээ өчлөө. Яг энэ ахтай адилхан яваа өөр хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү гээд оруулчихлаа.)
     

    Нэг зүйлдээ маш сайн төвлөрч, чармайж чадсан хүмүүс л салбартаа цойлж чадаж байна гэж би ойлгодог. Нэг зүйлдээ сайн төвлөрвөл бид төгсрүү дөхөж болох юм. Тэрнээс биш бид бүх талаар төгс байж чадахгүй.

     

    Залуу: hi

    : ajil sain uu

    : uur ajild ortson um u

    Лувсандорж Жамсранжав: Сайн. Найзуудын байгуулсан компанид хүч нийлүүлэн ажиллаж байна. Бидний компани.

    Лувсандорж Жамсранжав: http://newmediamarketingagency.com/hr/

    Залуу: yamar kompani we. chiglel n

    Лувсандорж Жамсранжав: наадах сайт дээрээ байгаа

    Залуу: aaaaaaaaaan

    : aaan za

    : unshlaa

    : mergejiliin bh heregtei um uu

    Лувсандорж Жамсранжав: tiim

    Залуу: ugn minii sonirhdog um l bn

    : bi neetees

    : ajil haigaad

    : logo zohiodog ajil olood odoonoos logo zuraj surah geedl oroldoj bn

    Лувсандорж Жамсранжав: chi nugoo kompania bolison uu?

    Залуу: bolitson

    Лувсандорж Жамсранжав: aan

    Залуу: hiih um aa olohguil bn

    Лувсандорж Жамсранжав: neg yum aa dagnaad sain chadvarjih heregtei

    Лувсандорж Жамсранжав: ter salbartaa TASARHAI BOLOH heregtei

    Залуу: harin tiimee

    : orchin ueiin zaluuchuud yu hiij bn

    Лувсандорж Жамсранжав: Одоо юм юм хөөсөн хүмүүс гологдож байна

    Лувсандорж Жамсранжав: Нэг зүйлээрээ тасархай мэргэшсэн хүмүүс үнэд орж байна

    Залуу: yugaar yaj mergejih we

    : tanaih mergejil umuu anhan shatni medleg ch um u

    : chiglel olgohgui biz

    Лувсандорж Жамсранжав: Би чамд гэж зөвлөхөд, юм болгонд сураад хэрэггүй, бид бүхнийг сурч амжихгүй. Мөнгө олох юм байна гээд хошуурах ч хэрэггүй. Энэ бол түр зуурын л зүйл

    Лувсандорж Жамсранжав: Тиймээс эхлээд сайн юм уншиж, өөрийгөө сайн мэдэж авч, мөн нийгмээ сайн ойлгож мэдрэх хэрэгтэй.

    Лувсандорж Жамсранжав: Яг тэр үед энэ нийгэмд юу хамгаас чухал вэ? Би энэ юуг нь хамгаас сайн хийж чадах вэ? гэдэг чинь чамд тодорхой харагдаж эхлэнэ

    Лувсандорж Жамсранжав: Тэр харсан зорьсон зүйлийнхээ төлөөл л үхэн хатан зүтгэх хэрэгтэй. Тэрнээс биш мөнгө олох гээд л гүйсээр байтал амьдрал дуусна.

    Лувсандорж Жамсранжав: Хамгийн чухал өөрийнхөө хүсэж мөрөөдсөн, хийхэд жаргалтай байх, сайн хийж чадах тэр зүйлээ л хийх хэрэгтэй

    Лувсандорж Жамсранжав: Уг нь чи, миний блогийг бүгдийг нь уншвал нилээн юм ойлгоно дээ

    Лувсандорж Жамсранжав: Дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж, тэр өөрчлөлт дунд бид хэрхэн хөгжих ёстойг би бичих гэж оролддог санаатай

    Залуу: aan

    : odoo unshinaa

    : bi uuriiguu yu hiih, yah uchiraa sain oldoggui ee

    Лувсандорж Жамсранжав: Харин тийм учраас, сайн уншиж мэдлэгээ тэлэх хэрэгтэй

    Лувсандорж Жамсранжав: Зүгээр хар толгойгоороо үймэрч бодоод юуг ч шийдэхгүй

    Лувсандорж Жамсранжав: Тиймээс нийгмийн талаар болон хувь хүний хөгжлийн талаар сайн унших тусам, чи өөрийгөө хэн бэ гэдгийг харна даа

    Залуу: za ih bayarlalaa

    Лувсандорж Жамсранжав: Зүгээр дээ. Та өөрийнхөө хийх ёстой тэр зүйлээ олж аваад үхэн хатан зүтгэхийн сайхныг мэдрэх тэр үедээ л надад бүүр их баярлах байх даа

    Залуу: okay

    Лувсандорж Жамсранжав: Та ЧАДНА АА

    Лувсандорж Жамсранжав: Гэхдээ сайн унших л хэрэгтэй

    Залуу: neereen yag uuriin hussen um aa oloogui tsagt

    Лувсандорж Жамсранжав: Олоогүй цагт та аргалж, аргацааж амьдарсаар л байх болно. Та цаг хугацааг өнгөрөөж мөнгө олдог хүн байсаар л байх болно.

    Залуу: hiij bgaa umandaa uhen hatan zutgej chadahgui um aa

    Лувсандорж Жамсранжав: Бидний амьдрал зүгээр л мөнгө олох зорилготой болчихвол хэцүү шүү дээ

    Лувсандорж Жамсранжав: Та энэ хорвоод ирэхдээ, заавал нэг УТГА УЧИР, ЗОРИУЛАЛТТАЙ ирсэн л байгаа.

  • Хүн л бол хүн байдаг

    Утгагүй амьдрал гэж үгүй, түүнийг хүмүүс л утгагүй болгодог, амьдрал бол хамгийн шударга. / О.Булганхангай /

    … Бүгчим гэж жигтэйхэн халуун өдөр хайсан газраа олох санаатай Да хүрээ захаар нэлээн явлаа. Дэргэдээ байгаа хүмүүсээс мэдэж магадгүй гээд асуутал хүссэн хариулт өгөх хүн алга. Уг нь энэ хавьдаа л суугаа наймаачид шүү дээ. Тийм хэнэггүй болчихсон юм уу, заагаад өгөхөөс залхуу нь хүрээд байгаа ч юм уу тодорхойлоход хэцүү юм.

    Гэтэл тэр гэхийн аргагүй тамтаг болсон хувцастай, өрөөсөн хөл нь доголсон хүн “Хүүе, хүү минь ээ. Тэнд харагдаж байгаа самбарыг харж байна уу? Чиний асуугаад байгаа газар тэнд байгаа” гээд сууж байсан газраасаа босоод зааж өглөө. Доголон байж, халуунд ангасан уруулаа шилэмдэн хайсан газрыг минь зааж өгсөн түүнийг хараад би их зүйл бодсон.

    Машины сэлбэг хайгаад тэрүүхэндээ ядарч явсан миний бодол нэг хэсэгтээ л тэр хүний тухай бодолд автсан. Хүн гэдэг их нээлттэй сайхан юм. Бас хүн гэдэг их хувиа хичээмтгий юм байна гэдгийг нэг дор олж харсан. Тамтаггүй хувцасны цаанаас ил цагаахан сэтгэл харагдаж болдог юм байна. Тансаг эдлэлийн цаанаас дуугарч ядсан араншин илэрдэг юм байна гэдгийг ч нэг дор анзаарсан. 

    Ядарч яваа хэн нэгнийг харахдаа учиргүй ярвайж, үргэдэггүй ч гэсэн дээ тэр хүмүүсээс хэзээ ч тус хүртэнэ гэж бодож үзээгүй. Гэтэл би өнөөдөр хувцас нь уранхай ноорхой, ядарч яваа гэж өөрөө дүгнэсэн энэ хүнээс хайсан зүйлээ оллоо шүү дээ. Бодлоосоо ичлээ.

    Хүн харагдаж байгаа шигээ биш гэдэг үгийг энэ мөчид л сайн ухаарлаа. Муу хүн гэж байдаггүй, муухай хүн л гэж байдаг гэдгийг одоо л ялгаж байна. Дорой амьдарч байгаагийнх нь төлөө сэтгэлээ чилээж суухгүй ч гэлээ, өр зөөлөн амьдраасай гэж чин сэтгэлээсээ бодлоо. Хувь заяагаа өөрийнхөөрөө зурж яваа олон хүмүүсийн нэг нь болсон тэр л уранхай хувцастай, хатсан уруултай хүн миний сэтгэлд ухааны чулуу ивсэнээ ердөө ч мэдэхгүй яваа. Хүн байх сайхан юм даа…

  • БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА… !!!

    Улс орны хөгжлийн үндэс нь Хүний хөгжил. Хүн нь хөгжсөн улс орон л хөгждөг. Хүн нь хөгжөөгүй бол хичнээн нь их алт эрдэнэс байгаад нэмэргүй. Жишээ нь Зимбабе орон алт, алмазын ордоороо дэлхийд тэргүүлдэг ч, хүн амынх нь 95% нь ядуурал гуйланчлал дунд амьдарч байна. Ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг. Тиймээс бүх зүйлд төр – адгийн шаар гэж орилж байгаа бол өөрсдийгөө л доромжилж байгаагаас ялгаагүй.

    Хөгжлийн шийдэл, гарц оллоо, нээлт хийлээ энэ, тэр гэж… олон юм яримааргүй байна аа. Зүгээр хүнээ л хөгжүүлье. Тэгээд хүн нь хөгжсөн байхад тэр асаад байгаа гал унтарч, бид утаа дагаж орилолдохгүй амар сайхан аж төрцгөөх болно.

    Хүнээ хөгжүүлээгүй байж… гудамжин дахь хог цэвэрлэж, мод тарилаа гэхэд үр дүн нь ямар бол? Толгойдоо хогтой, зэрэмдэг сэтгэлгээтэй хүмүүс бидний цэвэрлэснийг бохирдуулж, тарисаныг минь сүйтгэхгүй гэж үү? Бид, түймэр гарч байхад утааг нь дагаж хошууран гүйлдэх мунхаг хүмүүстэй адилхан биш байна гэж үү?! Энэ юун утаа вэ? Ямар хар утаа вэ? Яасан муухай утаа вэ? гээд л… Яагаад архидалт их байна аа? Хогоо цэвэрлэцгээе! Архи бага ууцгаая! Модоо тарьцгаая! Архи бүү заръя, Гэмт хэрэг яагаад их байна аа?, Би нөхрөөсөө салмаар байна. Манай нөхөр аймаар, Би амьдралдаа гутраад байна… Яана аа, энэ улс орон новш юм аа, үхэх юм сан… утаа, хог, биеэ үнэлэх, энэ бүхэн үнэхээр хэцүү байна. Жагсацгаая, урагшаа нөхдөө. Би эндээс явмаар байна. Хаа нэгтээ очиж жорлон угаасан нь дээр юм байна. Ёо ёо ёо, ямар аймаар юм бэ… Энэ Төрөөс л боллоо. 76-с л боллоо. Багш лам минь намайг дааж хайрла.. ирээдүйг минь мэргэлээд өгөөч… Ард түмэн минь юм хайрла… хүүг минь эмчлүүлэхгүй бол гажигтай болох гээд байна… данс 245…3000. Ээ эзэн минь амьдралыг минь… Надаас болоогүй. Би шудрага хүн. Би эмчид набор өгдөггүй, би хог огт хаядаггүй шүү дээ. Би архи амсдаг ч үгүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэлддэггүй. Манай хүүхэд л гайтай хүүхэд… Үгүй үгүй, би тэгээгүй, би цэвэр ариун хүн. Би чадварлаг хүн, би бүхнийг хийж чадах байсан. Даанч ажил олддоггүй ээ.. Төр л бүхэнд буруутай, багш л буруутай.

    … Бид ингэж нэгнээ зүхэж суулаа гээд ашиг нь хэнд вэ? Бид авилгачтайгаа, хулгайчтайгаа, худалчтайгаа, муутайгаа, сайнтайгаа бүгд нийлээд Монгол гэсэн нэг нэрээр овоглоно. Нэгнээ муулж цагаа үрэхийн оронд урдаа байгаа ажлаа хий л дээ. Шийдэж чадахгүй зүйлдээ орилж цамнахын оронд ном унш л даа. Өөрийгөө хөгжүүл л дээ. Өөрийнхөө амьдралыг аятайхан аваад явчих л даа. Ямар ард түмэн байна тийм Төр байгаа биз дээ. Бид мунхаг байгаа учраас л мунхаг хүмүүсээ сонгосон юм биш үү. Ходоодоороо сонголт хийж мунхаг, хулгайч нэгнээ сонгочихоод дараа нь үглэж суух. Тэрний оронд өөрийгөө боловсруул л даа. Та ухаантай байж чадвал Ухаантай төрийг бий болгож чадна биз дээ. Бусдыг муулж үглэж суухын оронд өөрийгөө муу л даа. Өөрийгөө шүүмжил л дээ. Та бусдыг өөрчилж чадахгүй ч өөрийгөө хөгжүүлж чадах юм байгаа биз дээ.

    Өөрчлөлтийг өөрөөсөө юу?… эсвэл чөтгөрөөс үү?

    Утаа дагаж хошуурахгүй ээ… Эхлээд галаа унтраацгаая. Гал хаана асаж байна вэ? Хувь хүнийхээ хувьд хөгжиж чадаагүй, өөрийгөө олоогүй байгаа хүмүүсийн толгой дотор гал асаж байна.

    Хүний хөгжлийн хувьд хаягдсан шалтгаан юу вэ?. Манжид 200 гаруй жил дарлагдаж хүний хөгжил битгий хэл юмгүй болж… Үндэсний оюун санаа…үнэт зүйлүүд алдагдсан. 30-аад онд нийгмийн оюун санааны манлайлагчидаа бүгдий нь хядууллаа. Оросын оюуны боолчлолд 70 жил талхиуллаа… Монголчуудыг оюун санаагүй болгох гэсэн бодлого…
    Төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг.. Энхрий хайрт намынхаа төлөө… Ах нарынхаа өгсөн хар, хүрэн хоёрхон өнгийн пальтогоор гангараа хийгээд урагшаа… Зарим нь сайхан үе байж дээ гэж дурсах… Ухаандаа бол туулайг торонд дотор хорьж бүх зүйлээр хангаад байвал, мунхаг туулайны хувьд аз мэт санагдаж болох юм. Хөрөнгийг нийгэмчилж байсан нь өвөөгийн хэлдэг үлгэрийн далай байсан юм билээ. Ухаандаа бол миний хөлс хүчээ шавхаж, нойр хоолоо хасаж байж олсон хөрөнгийг идэх унтахаас өөр юм хийдэггүй ядуу гуйлгачинд тэгшитгэж өгдөг байсан. За, бараг л ухаантай хүн байж болдоггүй, ухааныг хүртэл тэгшитгэнэ гэсэн бодлоготой байсан юм уу даа. Их өөрчлөлт… эх захгүй байдал… том нүсэр аппарат…. араа шүдэн дунд золиослогдсон ах, эгч нар минь, аав ээжүүд минь… Тэдэндээ мэхийн ёсолъё!!!

    Залуус аа, болоод байгаа бүхнийг системийн том хүрээгээр бодоод нэг үзээрэй… Энэ болж буй бүхэн сүүлийн 300 жилийн турш болсон үйл явдлуудын… тогтолцооны, СИСТЕМИЙН ШИНЖТЭЙ АЛДАГДСАН ҮЕ харагдах вий… Тиймээс алдаагаа нэг нэгэн хүнрүү. чихэж, хэн нэгэн дарга түшмэлрүү довтлох нь өрөөсгөл юм даа…

    Сүүлийн 20-иод жилийн хугацаанд нийгмийн оюун санаа, нийгмийн сэтгэлзүйд гарсан томоохон өөрчлөлтүүд… 90-ээд оны өөрчлөлт шинэчлэл, зад тавьсан мэдээллийн асар их урсгал, дэлхий нийтийн өөрчлөлтүүд, технологийн хөгжил, даяарчлал. Энэ бүхэн нийгмийн оюун санаанд огцом нөлөөлж залуучуудын оюун санаа, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж, зарим залуус барьц алдах, өөрийн гэсэн үнэт зүйлгүй болох, учраа олохгүй байх, дотоод сэдэл тэмүүлэл нь тодорхой биш болох гэх мэтээр сөрөг үр дагаварууд илэрч байгаа. Тиймээс хүнээ хөгжүүлэх, залуучуудаа чадваржуулах нь хамгийн ГОЛ АСУУДАЛ.

    Асуудал дундах шийдэл нь ЗАЛУУС
    40- өөд оны ахмадуудын нарын маань үг бидэнд сургаал болно
    50- аад оны аав нарын маань бүтээл бидэнд үлгэрлэл болно
    60- аад оны ах нарын ухаарал бидэнд сургууль болно
    70- аад оны анд нарын минь алдаа бидэнд хичээл болно. Тийм ээ, энэ бүхэн биднийг эрчилж өгөх болно оо.
    80-аад оныхон, Хүүхэд насандаа нийгмийн томоохон өөрчлөлтүүдийг бяцхан оюундаа гайхаж явсан 80-аад оныхонд би итгэдэг ээ. 80-аад оны бүсгүйчүүд, залуучууд нийгэмд нэгэн шинэ үе болж гарч ирж байгаа гэдэгт итгэдэг.

    ТЭД ШИНЭ ҮЕИЙН ДАВАЛГАА гэдэгт итгэдэг.
    Тэд МАНАЙ ҮЕИЙН БААТРУУД БАЙХ БОЛНО, БАЙХ Ч ЁСТОЙ
    ТЭД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЛЭЛИЙГ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.
    Тэд үнэт зүйлээ хайж байна. Түүнийгээ бүтээж байна.
    Тэд МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ БҮТЭЭЖ БАЙНА.
    Тиймдээ ч тэд өөрсдийгөө илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй.
    Тиймдээ ч тэднээс илүү их ур чадвар шаардана.
    Тиймдээ ч тэднээс илүү их ухаан шаардана.
    Тиймдээ ч тэдэнд илүү хариуцлага ноогдоно.
    Тиймдээ ч хөгжсөн чадварлаг, бүтээлч хүн л улс орны хамгийн том баялаг гэдгийг бүгд ойлгох болно.

    ХҮН НЬ ХӨГЖСӨН БАЙХАД БУСАД БҮХИЙ Л АСУУДЛУУД дагаад шийдвэрлэгдэх болно.
    ХӨГЖСӨН ХҮН- хамгийн их бүтээмжтэй ажиллаж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- гэр бүлээ хайрлаж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- архинд донтохгүй байж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- сэтгэл хангалуун амьдарч чадна
    ХӨГЖСӨН ХҮН- зөв сэтгэнэ
    ХӨГЖСӨН ХҮН- хүн алж, хулгай хийхгүй
    ХӨГЖСӨН ХҮН- өөрийгөө удирдаж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- амьдралаа аваад явчихна.
    ХӨГЖСӨН ХҮН- нэгдэж ажиллаж чадна.
    ХӨГЖСӨН ХҮН- эрүүлээр сэтгэнэ
    ХӨГЖСӨН ХҮН- Утаа харж орилох биш, галаа харах нүдтэй, унтраах ухаантай…

    Улсын хөгжлийн үндэс нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдэгт бид итгэдэг…

    ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИЙГ ЗҮСЭХ ЗАЛУУ ХҮН ТА ӨӨРИЙГӨӨ НЭЭ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ, ӨӨРИЙГӨӨ ЧАДВАРЖУУЛ.

    БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА……. !!!

    (Бид жагсаал хийж, үймээн үүсгэхгүй… Өөрчлөлт толгой дотор минь эрчилж байна)

  • Дэлхийд Монголыг шинээр нээх TEDxUlaanbaatar арга хэмжээнд та оролцох уу?

    TEDTechnology,Entertainment,Design гэсэн 3 үгний товчлол бөгөөд 1984 оноос хойш Даян дэлхийд санаагаа хуваалцая; уриан доор дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид болон сэтгэгчид жил бүр цугларан технологи, энтэртэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ юм.

    TED нь “Шинэ онцгой санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг бий болгосон юм. TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм. 2010 оны байдлаар 60 гаруй оронд 750 удаагийн TEDx арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

    TED-д оролцогч нь дэлхийн хэмжээний чухал сэдвүүдийг сонгож хүмүүсийн нүдийг нээсэн шинэ санал санаачилгыг дэвшүүлж 18 минутад багтаан хүмүүст хүргэдэг байна. Уг арга хэмжээнд Bill Clinton, Bill Gates, Google founders Larry Page and Sergey Brin, Malcolm Gladwell, Al Gore, Gordon Brown, Jane Goodall, Richard Dawkins зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэгчид, нобелийн шагналтнууд болон дэлхийд хүргэх шинэ санаа байна гэдгээ нотолж чадсан эгэл жирийн залуус хүртэл оролцож байсан байна.

    TEDTalks” буюу TED чуулга уулзалт дээр яригдсан асуудлуудыг TED.com цахим хуудас дээр үнэгүй үзэх боломжтойгоор байрлуулдаг.
    Монгол тайлбартай илтгэлүүдийг эндээс үзээрэй.

    TEDxUlaanbaatar

    TED арга хэмжээний үндсэн санаа болох мэдлэгийг хуваалцах зарчмын хүрээнд TEDxUlaanbaatar арга хэмжээний үеэр илтгэгчид Монголын өнгөрсөн, одоо ба ирээдүйн талаар урам зориг өгөхүйц сайхан түүхүүдийг хуваалцахаар зорьж байна.

    Илтгэгчид Монголын түүхээс эхлээд дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд хүртэл, оюун ухааны оньсон тоглоомноос эхлээд орчин үеийн Монголын хип хопыг уламжлалт хөгжмийн зэмсэгтэй нэгтгэсэн гайхамшигт хослол хүртэл, Улаанбаатар хотын гудамжны хүүхдүүдээс эхлээд улс орны эдийн засгийн хэтийн төлөв хүртэл төрөл бүрийн сэдвээр илтгэл тавих юм.

    Бид энэхүү анхны TEDxUlaanbaatar арга хэмжээгээр дамжуулан Монгол улс баялаг түүх, сайхан ирээдүйгээ өөрийн тодорхойлогч өвөрмөц онцлогоо болгон TED-ийн нэгдэлд элсэн орно гэдэгт итгэлтэй байна. Монгол ба гадаад идэвхтэн залуусаас бүрдсэн TEDxUlaanbaatar арга хэмжээний зохион байгуулалтын багынхан, сайн дурынхан, илтгэгчид бид Уламжлалаа дээдэлж, Ирээдүйг Бүтээе хэмээх уриан дор хамтран ажиллаж байна.

    2011 оны 8-р сарын 20

    ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСИЙГБҮРТГЭЖ БАЙНА
    /Оролцогсодын тоо хязгаартай/

    Дэлгэрэнгүй мэдээллийг

    http://tedxulaanbaatar.com/
    http://ted.com/


  • Сэтгэлийнхээ гүн мухарт унтаж буй хүсэл мөрөөдлөө сэрээ!

    Хүн хүүхэд байхдаа хязгааргүй ихээр мөрөөдөж байснаа өсөж том болохын хэрээр тэрхүү мөрөөдөл нь аажим аажимаар багасаж эцэс сүүлдээ ямар ч хүсэл мөрөөдөлгүй зүгээр л ажлыг мал болж хувирдаг. Бандгар  охин хүртэл би балетчин болно гэж мөрөөдөж байснаа том болоод ирэхээрээ “Би тарган” гээд больчихдог. Тэгэхээр бид ийм жаахан болзол шалтгаанаас болоод өөрийн агуу хүсэл мөрөөдлөө гээдэг байна.

     Нийгмийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэх эрч хүч, нөөц бололцоог агуулж байдаг хэсэг бол яах аргагүй залуус. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуус маань тэгвэл өнөөдөр юу мөрөөдөж, хэрхэн амьдарч байна вэ? Энэ цагийн залуусын хүсэл мөрөөдөл хаана явна вэ? Тэд юу сонирхдог, юу мэдэхийг хүсдэг, юуг хамгийн сайн хийж чаддаг, бас мэддэг вэ? Энэ асуултанд зарим залуус бүдрэх вий гэсэн бяцхан айдас төрж байна. Мөн хобби нь юу вэ гэж асуухад бодоод бодоод хариу хэлж чаддаггүй залуус ч цөөнгүй байгаа байх. Хүн аливаа зүйлийг бүгдийг нь мэддэг, чаддаг байх албагүй. Гэлээ гэхдээ хүнд бусдаас илүү хэмээн бардам хэлж чадах зүйлтэй байх хэрэгтэй.

    Залуусын олонх нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд дасан зохицож чаддаггүй бөгөөд гэр бүл, амьдрал ахуйгаа өөд татаж чадахгүй байх нь нийтлэг үзэгдэл болжээ. Сүүлийн жилүүдэд залуучуудын гэр бүлийн үнэт зүйл, эрхэм нандин холбоо алдрах байдалтай болсон нь нууц биш. Гэр бүл салалт нэмэгдэж, гэрлэлт оройтох, тусдаа болон ердийн байдлаар хамтран амьдрах, хайр сэтгэл, ёс суртахууны холбоо сулрах зэрэг сөрөг хандлагууд нь мөн л залуучуудын хүрээний зүйл гэж хэлж болно. Залуус маань тодорхой хүсэл мөрөөдөлгүй, ганц ч болов хийж чаддаг зүйлгүй, ажилгүй, дээр нь арчаа муутай бол харанхуй хавцал руу нисч яваатай адил билээ. Өнөөдөр бидний дунд нийгмийн сор болсон оюунлаг олон сайхан залуучууд ажиллаж амьдарч яваа. Тэднийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ архидалт, ажилгүйдэл, ядуурал залхуурал нийгэмд газар авч, жингийн туухайг илүү дийлж, бүр байчихаад Монголын ирээдүй болсон залуусыг минь отоод зогсч байгаа юм биш байгаа.

    Тэгвэл залуустаа урам зориг өгч өөрийн амьдралдаа дахин нэг дурлах боломжийг олгох үүднээс энэхүү нийтлэлээ бичиж байна. Хүний амьдралыг хөдөлгөх эрчим хүч, урагшаа тэмүүлэх энергийн хамгийн том, дундрашгүй эх сурвалж бол яах аргагүй ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ юм. Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг амьдралдаа зорилготой төлөвлөгөөтэй байна гэсэн үг. Тиймээс та чин сэтгэлээсээ хүсэж мөрөөд. Хамгийн гол хүсэл мөрөөдлөө ол тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдар. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажиллаж байгаа үед ялалт амжилт өөрөө урсаад ирнэ.
    Амьдралын зорилго бол хугацаа тавьсан хүсэл мөрөөдлөөс ундарч урган гарч ирдэг. Хүний амьдрал бол аялал юм. Эхлээд аялалынхаа чигээ тодорхойлох нь чухал. Хүсэл мөрөөдөл нь хаашаа явах замыг тань зааж өгдөг луужин юм. Мянган бээрийн аялалыг нэг алхамаас эхэлдэгтэй адил бид эхний алхамыг л хийх нь хамгийн чухал. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө нэг ч алхамыг хийлгүйгээр энэ хорвоогоос халин одох шиг харамсалтай зүйл байхгүй. Үүнийг уншиж буй танд хүсэл мөрөөдөл бий юу?, магадгүй таны сэтгэлийн тань мухарт нуугдаж байгаа бол хүсэл мөрөөдлөө сэрээгээрэй…
    Та тэрхүү сайхан хүсэл мөрөөдлөө эхлээд бодол санаандаа ургуулан бод. Дараа нь хүсэл мөрөөдлөө биелэнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Үхэр хулганыг тосонд хийхэд тасралтгүй самардсаар байгаад, тос царцаж амьд үлддэг шиг бид аливаа зүйлийг 4-5 удаа оролдож үзээд болохгүй байна гээд цөхрөөд, дахин оролдохгүйгээр хаяхын оронд тасралтгүй тэмцэх хэрэгтэй. Найдвар нэгэнт үзэгдэхгүй байсан ч үзэлцэх хэрэгтэй. Та миний амьдрал нэг л бишээ гэж амьдралаа голон, шүүмжилж бодоод зүгээр суух биш харин бусдын амьдралтай өөрийнхөө амьдралыг жишиж эд нар шиг яагаад амьдарч болохгүй гэж хэмээн бодон цөхрөлтгүй зүтгэ тэмц, зорилготой, тэвчээртэй, зоригтой бөгөөд тууштай бай. Байж болохгүй сул талыг сайн тал болгож өөрчлөхийн төлөө зүтгэж ажилла. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоохгүй.

    Та өөрийнхөө хамгийн их хийхийг хүсдэг ажил, авахыг хүсдэг зүйл, явахыг хүсдэг газар, ямар хүн болохыг хүсдэг энэ 4 талбар дээрээ хүсэл мөрөөдлөө  тодорхой хугацаа зааж жагсааж бич. Хэдий хэр хугацааны дараа гэдгээ тодорхой бичвэл сайн. Ингэж бичсэн мөрөөдлөө аль болох биедээ авч явж ойр ойрхон уншиж байнга өөртөө сануулж бай. Хүсэл мөрөөдлөө хэн нэгэнд хэлэхэд биелэх магадлал нэмэгддэг учраас та хамгийн ойр дотны найздаа өөрийн хүсэл мөрөөдлөө хэл. Дараа нь хүсэл мөрөөдөлтэйгөө холбоотой фото  зургуудаар хүсэл мөрөөдлийн самбарыг хий. Тэгээд мөрөөдлөө алхам тутамдаа биелчихсэн байна гэж төсөөлөн бодож таларх. Удахгүй таны бүх хүсэл мөрөөдөл  тань тодорхой хугацааны дараа биелэх болно. Хэдий хэр хугацаа вэ? гэдэг нь та хэр их хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж зүрх сэтгэлээ савлуулахгүйгээр хүсэж мөрөөдөж, тасралтгүй, уйгагүй, шантрахгүйгээр ажиллаж хөдөлмөрлөсөнөөс тань шалтгаална.

    Нэг ч хоног мартаж чаддаггүй, ажил ихтэй ямар ч завгүй байсан үргэлж тархинд тань хадаатай байдаг, дотроос чинь маажиж, шөнө зүүдэнд чинь орж ирдэг таны агуу хүсэл мөрөөдөлүүд тань биелэх болтугай.
    МӨРӨӨДӨЛӨӨ БИЕЛҮҮЛЦГЭЭЕ…!

    Миний хүсэл мөрөөдөл унтраагүй цагт надад гутрах тухай ойлголт  байхгүй

  • Мэргэжилтнүүдийн чанарын асуудалд

    Дунд сургууль төгсөөд мэргэжил эзэмших, мэргэжилтэй ажилтан болох боломжоороо бид дэлхийд толгой цохидог гэж ам бардам хэлж болно. Учир нь Монгол улс 10.000 хүн тутамд оногдох дээд сургуулийнхаа тоогоор АНУ-ын өмнө нэгдүгээрт ордог. Захын дэлгүүрээр ороод худалдагчаас нь ямар мэргэжил, боловсролтой болохыг асуугаарай. Аль нэгэн дээд сургууль төгссөн тухай ам бардам л хариулах болно. Гэтэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа шалтгаан нь юу бол?

    Худалдаа үйлчилгээний салбар 2020 он гэхэд нийт ажлын байрны 90%-ийг эзлэх тухай АНУ-ын Колорадогийн их сургуулийн багш нарын хийсэн судалгааны дүн байна. Энэ нь мэргэжлийн ажилтнуудын тоог, чанарын бэлтгэлийг хангах талаасаа бодууштай л зүйл. Гэтэл бид ирэх 20 жилийн бүү хэл өнөө маргаашдаа ч харж төлөвлөж ажиллаж байна гэж хэлэхэд хэцүүхэн дүр зургууд нүднээ илхэн.

    Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй юм хойно бидэнд хэлж, чичсэнээс ялгаагүй мах цусанд минь ойлгуулсан үйл явдлуудтай холбож үзье.

    1990-ээд он. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал болсоныг бүгд мэдэж байгаа. Энэ үед боловсрол, мэргэжилтэй боловсон хүчний талаасаа томоохон шилжилт бидэнд анзаарагдсан. Инфляц өссөнөөс болж дундаж орлогтой иргэдийн голлох хэсэг болж байсан төрийн албан хаагчид үйлчилгээний салбар болон жижиг бизнес рүү шилжсэн. Үүний тодхон жишээ нь хэдэн арван багш нар дэлгүүрийн, ТҮЦ-ны худалдагч болцгоож байсан. Энэ үед багш, эмч, инженер техникийн ажилтнууд, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, төрийн албаны түшмэд, мэргэшсэн ажилчдад амьдрал хамгаас хүндээр тусч мэргэжлээсээ дүрвэн зугтацгааж байсан гэж хэлж ч болохоор. Харин тэд хэн болж хувирч байсан бэ гэхээр худалдагч, нягтлан бодогч, хамгаалагч, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, нарийн бичгийн дарга, жижиг бизнес эрхлэгчид болцгоож байсан.

    1998 оны Азийн хямрал. Энэ үед ч мэргэжилтэй ажилчид ажлын байргүй болцгоож, жижиг бизнес эрхлэгчид зах зээлээс шахагдаж, инженерүүд, цэргийнхэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжицгээж байсан. Зарим нэгэн нь ажлаа өөрчилж шинэ төрхийг бүтээж байсны гэрч нь бид бөгөөд тэд хуульч, эдийн засагч, менежер, компьютерийн мэргэжилтэн, төрийн албаны түшмэд, хамгаалагч, рекламны ажилтан, дизайнерүүд болцгоож байсан. Эдийн засагт шинээр орж ирсэн банкны болон офиссын ажилтан, худалдааны мэргэжилтэн, менежерүүд гэх мэт хэрэгцээтэй мэргэжлээр төгссөгчид ажлын ямар ч туршлага хуримтлуулж чадалгүй ажлын байранд шилжин орж ирж байв. Энэ нь боловсон хүчний бэлтгэлтэй шууд холбоотой.

    Өнөөдөр бид эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа тухай мөн дээр доргүй л ярьцгааж байна. Харин энэ үед хэн ажилгүй болж ямар мэргэжлийнхэн илүү их хэрэгцээтэй болох вэ гэдгийг эргэн харцгаая. Энэ тухай судлаачид олон арван судалгаа хийжээ. Түүний дотор Оросын ШУА-ын судалгааны дүнд энэ хямралын үед банкны ажилтнууд, даатгалын байгууллагын ажилтнууд, реклам үйлдвэрлэгчид, цэргийнхэн, худалдааны ажилтнууд олноороо ажилгүй болох магадлалтай гэнэ. Харин энэ үед ямар мэргэжлийн хүмүүс хамгийн өндөр хэрэгцээтэй байх судалгааны дүнгээс үзвэл инженер, өндөр мэргэшсэн ажилчид, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, жижиг бизнес эрхлэгчид, багш, газар тариалан эрхлэгчид хамгийн их эрэлт хэрэгцээтэй болох нь тогтоогдсон байна. Офиссын чадварлаг ажилтнуудын дутагдалд орж өндөр мэргэжлийн мэргэшсэн ажилтнуудын эрэлт ихэссэн нь өнөөгийн жинхэнэ дүр төрх болж байгаа талаар судалгаанууд харуулсаар байна.

    Хямралын үед хүмүүс “мөрөөдлийнхөө машин”-ыг унаж болдог тухай хууч яриа байдаг ч энэ нь өнөөдөр бодит биелэл болж байна. Өнгөрсөн зун л 70-80 мянган ам.доллараар худалдан авч байсан “Hummer” жийп өнөөдөр 15000 ам.доллар ч хүрэхгүй үнээр худалдан авах боломж гараад байна. Мөн хямралын үед боловсролоо дээшлүүлэх бодит алхмуудыг хийдэг барууны орнуудын амьдралын бодит туршлага бий. Энэ бүхэн бидний хувьд, манай улсын хувьд хэрхэн өрнөх бол?

    Эдийн засгийн хямралын үед багш нар ажилгүй болж байсан туршлага бий ч энэ удаагийн хямралын хувьд харин ч багш мэргэжил рүү хөрвөх хандлагатай байгаагийн цаана чанарын асуудал байгаа нь гарцаагүй. Хөрөнгө мөнгө хомсдолтой байгаа үед хэн ч хэн нэгэн хэрэггүй нөхрийг зүгээр тэжээгээд байхгүй нь гарцаагүй. Тэгэхээр мэргэжил мэдлэгийн хувьд манлайлах чадвартай нь багш болон хөрвөх нь. Үүний цаана практикийн мэдлэгтэй хүмүүс боловсрол орж ирэх хандлага харагдаж байна. Энэ бидний байнга ярьдаг боловсролын чанарыг дээшлүүлэх асуудлын маань үндэс суурь болох юм биш байгаа. Бид чанаргүй олон ёсургуулийг хаая гэж хашгирахдаа сайн. Зүгээр нэг хашгираад бус чанарын хувьд хаагдахаас өөр аргагүй нөхцөл байдал л өөрөө тухайн сургуулийн үүшдийг барих нөхцөл нь биш үү.

    Дээд сургуулийн багш магистраас дээш зэрэгтэй байх гэдэг шиг практик амьдралын туршлагатай байх заалт ороод ирвэл бас нэг босгыг нь өндөрсгөж байгаа хэрэг болмоор. Францын Сорбоны их сургуулийн багш нарыг гурван жил ажиллуулаад бодит бизнест ажиллахыг шаарддаг туршлага ч бий. Тэд бодит амьдралд өөринх нь заадаг онол сургаалиуд хэрхэн хэрэгжиж байгааг найман жил орчим туршиж чаталсны дараа эргээд сургуульдаа ажиллах эрхтэй болдог байх жишээтэй. Үүний цаана боловсролын чанар хэмээн бидний ярих дуртай зүйл байгааг хэн хүн хялбархан л хармаар. Үүнийг манай боловсрол хариуцсан төрийн түшээд мэддэг баймаар…

    Бид боловсролын чанарыг дээшлүүлэх тухайд ярих дуртай ч дорвитой хийж байгаа ажлаа харуулахыг хүсэхгүй байсаар… Ингэж хэлэхээс өөрөөр хэлэх үг олдсонгүй. Үнэхээр боловсролын салбарыг удирдаж байгаа та бүхэн ул суурьтай бодлого боловсруулж, бодит ажил болгож чадаж байгаа бол түүнийгээ ард түмэндээ хүргэмээр, чадахгүй байгаа бол бас шударгаар хүлээмээр. Түүнийг хийж чадах ухаан төгс хүмүүс манай ард түмний дотор бэлхнээ байгаа гэдэгт жирийн иргэн би итгэл төгс байна. Үнэхээр та бүхнийг амьдралд бодитоор нүүрлэж байгаа боловсролын хомсдлын \чухал шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх\ асуудлыг зохицуулж чадахуйц бодлого барьж ажилласан түүхийг өмнөх хорин жилийн түүх өгүүлэхгүй байгааг анхаармаар. Эдийн засгийн хямралын хувьд яах вэ, хэрхэн гэтлэх вэ гэдэг талаас л бид нүүр тулаад ирчихсэний хувьд л сэрж сэргэж энэ асуудлыг хөндөж байгаагаас бус жирийн тайван цагт энэ тухай бодох ч үгүй байсан байх аа.

  • Боловсролоороо бид дэлхийд танигдах ёстой гэдэг үгийн цаана

                 

    Энэ үгсийг сонсоход баярлаж үнэхээр тэгэх ёстой мэт санагддаг байсан үе минь саяхан. Гэвч үнэхээр манай ард түмний хэлдэг Элээсэн оймсны тоо нэмэгдэх”-д мохож, итгэл алдрах явдал гарахыг үгүйсгэх аргагүй юм байна даа гэсэн бодол сүүлийн үед төрөөд байгааг таньтай хуваалцаж байгаадаа баяртай байна.

    Өнөөдөр боловсролын системээ өөрчлөх, чанаржуулах хэрэгтэй тухай бүхий л түвшний түшмэл яндагтнууд ярьсаар байгаа хэдий ч тэр хийгээд байгаа өрчлөлтийг бид нүдээрээ харж гараараа барьж үзсэнгүй. Бид өөрсдийгөө гартаа нүдтэй гэж ярилцдаг болохоор л ингэж хэлж байна л даа. Гарт баригдсанаараа төсөөллөө тогтоодог монгол хүний нэгэн ижлээр гараараа барьж, нүдээрээ харснаа хуваалцъя.

    Бага дунд боловсролын тогтолцоог 12 жилд шилжүүлж байгаагийн цаана олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон сайхан дэвшилттэй зүйл байгааг жирийн иргэний хувьд хүлээн зөвшөөрч, баяртай хүлээн авсан билээ. Гэхдээ өнгөн талаас нь буюу цаг хугацааны хувьд л сунгаад тавьчихаж байгаа юм биш байгаа гэсэн санаа хааяа хааяа төрдөгийг хэлмээр. Чанарын хувьд агуулгын хувьд 12 жилийн давуу тал бидэнд юу харагдаж байна вэ? Таны хүүхдийн хувьд юу мэдрэгдэж байна вэ?

    Тэрслүү нэгэн санааг хуваалцъя. Би бол бидний муучлан хэлдэг социализмийн үеийн бүтээгдэхүүн. Хүүхэд байхдаа өөрийнхөө бодож санасан бүхнээ гаргаад бусадтай хуваалцдаг байсан туршлагаа санахгүй байна. Цэцэрлэгт байх үеийн “Гараа өдвгөн дээрээ тавиад чимээгүй суу” гэсэн үгс л илүү тод үлдэж дээ. Ерөнхий боловсролын сургуульд би ярьж байсан билүү? Өөрийгөө илэрхийлэх талаар ярьж байна л даа би. “Гараа ширээн дээрээ тавиад чимээгүй суу” гэдэг үгийг илүү олон сонсдог байж. Дээд сургуульд ч тэр “Та намайг сонсмооргүй байгаа бол гараад явж болно” гэсэн үгсийг сонссоор төгссөн. Бид хэзээ өөрийгөө илэрхийлж байсан бэ? Арай гэж мэргэжил эзэмшиж дээд сургуулиа төгсөөд аль нэг албан газарт ажилд орсон өдрөөс л “За яриад байгаарай” гэсэн орчинд ордог.

    Үнэхээр бизнесийн хөгжлийн өнөө үеийг бие биетэйгээ мэдээлэл хуваалцахгүйгээр, өөрийгөө илэрхийлэн ярилцахгүйгээр төсөөлөх аргагүй юм. Даанч хэрэгцээ тулгараад ирсэн тэр үед нь бид аль хэдийн 20 хол гарсан өөрийгөө өөрчлөхөд нэлээдгүй хүч шаардагдахаар болчихсон байдаг.

    Үнэхээр ч хорин жил амаа бариулчихсан хүмүүс гэнэт ярих гэхээр юу болох билээ дээ? Социализм задран унахад хэн юу хийх нь чөлөөтэй болж монголчууд бүгдээрээ эх адаггүй архи ууцгаадаг болсон шиг баримжаа алдана. Тэгээд угаас сураагүй хүн чинь байнд нь бүү хэл банзанд нь ч онолгүй жаал хашгичиж байгаад гологдоно. Магад өөрийнхөө зөв санаж байснаа буруу ойлгуулсаар ажилдаа таарахгүй мэт гологдож байгаа залуу менежерийг алийг тэр гэх вэ? Тэгээд дараагийн байгууллага, дараагийн компани нэг мэдэхэд хоёр жилийн дотор таван компани сольсон байх нь энүүхэнд. Дахиад л дараагийн байгууллагад очихоосоо өмнө өөртөө арай нэг дүгнэлттэй ханддаг нэг нь “Би дахиад сурахгүй бол гологдоод байгаа юм байна” гэж бодно. Тэгээд сурч байсан сургуульдаа очиж аав ээжийнхээ цуглуулсан хэдэн төгрөгийг заран байж дэлхий нийтээр МВА хэмээн нэрэлдэг агуу том цолыг хоёр жил хүрэхгүй хугацаанд аваад дахин нөгөө байгууллагтаа очно. Нэмэгдсэн юм нь нэг диплом.

    Үүний цаана юу байна вэ? Өөрийгөө илэрхийлж сурах аугаа том зүйл байхгүй болоод л тэр. Үүнийг бид суулгах гэж их зүйл хийж байна гэж албаны хүмүүс телевизээр өндөр дуугаар ярихыг та орой бүр гэртээ үзэж болно. Гэтэл энэ их өөрчлөлтийн цаана бусадтай хамтарч ажилладаг, өөрийгөө илэрхийлдэг хичээлүүдийн эзлэх хувь багассаар байгаа дүр зургийг л бид олж харж болно. Бидний хүүхдүүдийн сургалтын агуулгыг гаднаас нь нэг хараад үзье л дээ. Өөрийгөө илэрхийлэх, ярьж сурах хичээл байна уу? Бага сургуульд байсан үеээ бодвол монгол хэл уран зохиолын хичээлийг энд оруулж үзэж болох мэт. За бусад хичээл дээр асуугдаж уншсанаа шалгуулдагийг эс тооцвол бид дотроо л бодоод, ганцаараа л хийгээд хувиа борлуулаад довоо шарлуулдаг сургалтуудыг 10 жил авдаг байсан нь 12 жил болжээ. Магад энэ нь бид багийн спортод амжилт гаргахгүй байгаагийн нэг шалтгаан ч байж болох мэт.

    Төв Европийн бизнесийн нэгэн сургуульд туршлага судлахаар очих боломж гарч хэдхэн хоногийн өмнө очоод ирлээ. Уг сургууль Европийн нэртэй бүхий л бизнесменүүдийг сургадаг гэж хэлэхэд хилсдэхгүй юм байна. Энэ бол Словиенийн “BLED school of management” гэдэг сургууль юм. Нэрийг нь онцлоод байгаагийн учир нь бидний мэддэг социалист системийн оронд үүсч бий болсон сургууль юм. Хорин гурван жилийн түүхтэй энэ сургууль социалист системийг задран унахад үүсчээ. Бид альвааг тэд нарт тийм ч, ийм ч боломж байгаа юм чинь тэгэлгүй яах вэ гэж өөрийгөө өмөөрөх дуртай байдаг болохоор бидэнтэй ижил гараанаас эхэлжээ гэдгийг л хэлэх гэсэн юм.

    Энд үнэхээр боловсролыг үнэлдэг юм байна. Бидний дээр хэлээд байсан МВА болохын тулд 25,000 евро төлж байна. Энэ бол бараг дөчин сая төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний үнээр боловсролыг үнэлж байгаагийн цаана чанар байгааг нүдээрээ үзлээ. Юуны өмнө энэ мөнгийг олох чадвартай болж байж ийм түвшний сургалтад суудаг юм байна. Учир нь энэ сургуульд сурч байгаа хүмүүсийн ажлын туршлагын дундаж нь 10 жил байх юм. Дунджаар арван жил ажиллаж байж, ажлын туршлага хуримтлуулж байж МВА хэмээх цол авах боломж олгодог тухайгаа сургуулийнхаа танилцуулгад “утга учиртай ажлын туршлагатай байх” хэмээн оруулсан нь зүгээр нэг ажилласан нэр зүүхгүй байх санааг багтаасан нь хатуу сонсогдож байгаа хэдий ч чанараа барьж байгаа хэрэг байгаа мэт.

    Гэтэл бид:

    –          Дээд сургууль төгсөөд шууд л сургуульдаа багш болж байгаа хүний тоо хэд билээ? За энэ ч яахав.

    –          Дээд сургуулиудад ажиллаж байгаа багш нарын тоо хэд билээ?

    –          Тэр дээд сургуульд дээд боловсрол эзэмшихээр, МВА хэмээх цолыг авахаар сурч байгаа хүмүүсийн төлбөрийн хэмжээ хэд билээ?

     

    Энэ бүхний цаана тухайн байгууллага \сургууль\ амжилттай ажиллах тухай асуудал бас бий, нэг талаасаа.

    Нөгөө талаасаа дээд сургуульд багшлах хүн магистр түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэсэн журам бий. Дээд сургуулийн багш нарын чанарыг өсгөх талаасаа авсан хамгийн зөв алхам ч байж болох. Гэтэл энэ нь өнөөгийн бидний яваад байгаачлан төгсөөд л дээд сургуулийн багш болох боломж байхгүй харуулж байна. Дээд сургуулийн багш нарын тоог нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт гарч байгаагийн \200 хол илүү дээд сургуультай, 130,000 гаруй оюутантай манай улсын хувьд\ цаана төгсөнгүүт нь дагалдангаар ч болов ажиллуулж байгаад магистр болгож авах хэрэгтцээ хоолой дээр тулдаг. Үүний цаана төлбөрийн асуудал гараад ирнэ. Нөгөө багш болгоод авмаар нөхдүүд маань их өндөр төлбөр тогтоочихвол төлж чадахаа байчихна. Эсвэл төлбөр өндөр байна гээд суулт, энээ тэрээ хийгээд айлгана. Тэгэхээр бас тэднийгээ бодсон төлбөр тогтооно. Үүний цаана боловсрол гэдэг чухал зүйлийн маань үнэ нь унаад байх жишээтэй.

    Ингээд л хямдхан боловсролыг түгээж байгаа том дээд сургуулиудад маань үнэтэй мэдлэгээ түгээх хүн тогтож ажиллах уу, үгүй юу гэдэг асуултад бид тулж ирнэ. Үнэхээр чадалтай, өөрийнхөө мэдлэг туршлагаа хуваалцах ёстой тэр хүмүүсийг илүү өндөр цалин өгөх тэр байгууллагууд аваад, аваад бус булаагаад явах нь энгийн л зүйл болж байна шүү дээ.

    Тийм өндөр түвшний хүмүүс амьдралдаа дараахь асуулттай тулгардаг нь гарцаагүй. “Та сурах хэрэгцээгээ бүрэн ухаарахад хүрэлцэхээргүй төлбөр төлөөд дипломыг нь авахыг урьтал болгосон хүмүүст амьдралынхаа туршид цуглуулсан бүхнээ харамгүй хэлээд үр дүн нь хэзээ гарах тухай төсөөлөл ч үгүйгээр маш бага цалин авч, цаг наргүй шахам ажиллах уу? Энэ бол таны эх орныхоо төлөө хийж байгаа ажил шүү!” Эсвэл “Сурч мэдсэнийг тань мөч хором бүрт үнэлдэг, мэдэж сурсаныхаа үр дүнг нь шууд л үзэж болохоор, хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх бус өөрийнхөө чаддагаар хийснийхээ төлөө урамшуулал шагнал авч байдаг тийм нөхцөлд ажиллаж амьдралдаа элбэг хүрэлцэхүйц цалин пүнлүү авах уу? Энэ бол таны өөрийнхөө төлөө хийж байгаа ажил шүү!”

    Энэ асуултын өмнө тулгарч очоод байгаа хүмүүсийн боловсрол мэдлэгийн тухай ярих нь илүүц биз. Эхний сонголтыг хийж эх орныхоо төлөө ажиллаж байгаа өгөөмөр хүмүүс олон байгааг би үгүйсгэхгүй ээ. Гэхдээ олохи нь хоёр дахь сонголтыг амьдралын эрхээр хийж байгаад бас эргэлзэх шалтгаан бага юм. Ингээд дээд сургуулиудад маань хэн үлдэж ажиллаж байна вэ? Нэг дэх сонголтыг хийсэн маш цөөхөн хүн тэдэн дээр нэмэх нь өнгөрсөн жил тэрний өмнөх жил сургуулиа төгсөөд дээд сургуулийн багш болохоор чармайж байгаа залуус. Ахмадууд өөрийн мэдлэг туршлагаа залуу багш нартаа харамгүй өгөхөөр хичээн ажилладагийг би баталж чадна. Гэвч залуус маань өөрчлөгдсөн, амьдрал өөрчлөгдсөн, нийгэм өөрчлөгдсөн гэдэг энгийн хэдэн үгийг хэлээд л тэдний үнэтэй үгсийг тоодог нь, сонсдог нь хэд бол?

    Энэ бүхний цаана боловсролын, дээд боловсролын чанарын асуудал байгаа. Тэдний хичээлд сууж байгаа хүмүүс бол бидний дээр хэлсэн өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах боломжийг огт авч чадаагүй нөхдүүд. Тэдний хамтын ажиллагаанд тулгардаг эхний бэрхшээл нь өөрт нь шаардлагатай, чанартай мэдлэгийг өгч чадаж байгаа эсэх дээр бүтээлчээр дүгнэлт хийж, өөрийгөө илэрхийлэх чадвар суугаагүй хүүхдүүд. Энэ бол манай боловсролын анхан шатнаасаа эхлээд хамгийн дээд шатаа хүртэлх нөхцөл байдал. Бид ийм л байдлаар хүмүүсийг сургаж, ажлын байранд бэлтгэн өгч байна. Бүхлээр нь авч үзвэл энэ. Амжилттай, санаачлагатай, бүтээлчээр ажиллаж байгаа сургууль, байгууллагууд олон байгааг би үгүйсгэхгүй ээ. Гагцхүү энэ бүхнийг бүхлээр нь, цар хүрээнийх нь хувьд бүтнээр нь аваад үзвэл ийм л дүр зураг гарч байна.

    Тэгэхээр одоо бид яах ёстой вэ? Боловсролоороо бид дэлхийд танигдах ёстой гэдэг үгийг … ?!

  • Гамшиг зовлон хүмүүсийг нэгтгэдэг

    … Манай байшин шатаж байна. Хурдан гэртээ ирээрэй гэх утасны дуудлагыг тоссон өдөр бол гай гамшиг, аюул зовлон гэдгийг өөрийн бие дээр хамгийн ойр мэдэрсэн өдөр минь байж ч магадгүй юм. Гэр маань шатаж байгаа юм байна хэмээн сандран гэртээ иртэл байшингийн дээврээс нүүглэн баагих хар утаа угтлаа. Галын аюулыг зайлуулахаар ирсэн машин техникүүд, гадна талд бөөгнөрсөн машин дундуур явсаар орцныхоо харалдаа ирлээ.

    Дотогш хүн нэвтрүүлэхгүй байгаа бололтой, гэртээ орж болох эсэхийг асуухад хариулах хүн олдсонгүй. Гал байшингийн дээвэрт гарчээ. Байшин руу ойртвол дээд талаас гал сөнөөгчдийн шүршиж буй ус дээврийн хар лактай хамт бороо мэт бууж байлаа. Сиймхийг нь харж байгаад гэртээ оров. Хэдийгээр манайх аюулаас нэлээд хол гэж хэлж болохоор нэгдүгээр давхарт амьдардаг ч дээр гарсан галыг унтраахаар шүршсэн ус шалаар нэг…

    Шалавхан хөдөлж ус шавхаж, гоожиж буй газар сав тосон гүйж байтал нөхөр маань цэцэрлэгээс охиноо авч ирж, “Ийм юм болж байхад шалаа арчаад зогсож байдаг амгалан хүмүүс вэ? Дулаан хувцасаа өмсөөд гарцгаа” гэх тэр л агшинд гай гамшиг тохиолдсон үед бусад улс үндэстнүүд хамгийн түрүүнд юу хийдгийг санахыг оролдлоо. Саявтар уншиж байсан номонд газар хөдлөхөд хүүхдүүд ширээн дороо орох, боломжтой бол байшингийнхаа доод хонгилд орж байх ёстой тухай заах төдийгүй тийм сургуулилтийг цэцэрлэг, сургуульд нь байнга хийлгэдэг тухай уншаад дотроо инээвхийлж байсан маань зурсхийн орж ирж, дулаан гэсэн хувцасаа өмсөн, гадаа хөршийнхөө гарт хөтлүүлэн зогсоосон бяцхан охиндоо давхарлан өмсүүлэх хувцас аваад гарцгаалаа. Эгч маань бичиг баримтаа базааж, нөхөр маань элдэв юм болоход энэ газ /шатдаг хий/ дэлбэрвэл юун чиний арчаад байгаа шалтай манатай юм болно шүү дээ хэмээн цахилгаан зуухнаасаа газаа салган байшингаасаа гарлаа. Хажуу байшингийн нөмөрт зогсон дээврээс унах галтай мод, шатсан төмрөөс бултан гүйлдэх хүмүүсийг харан яахаа мэдэхгүй хэсэг зогслоо.

    Хэвлэл мэдээллийнхэн сурвалжлага авахаар гүйлдэн, оршин суугчид яахаа мэдэхгүй хөлхөлдөж, гал сөнөөгчид, онцгой байдлын албаны ажилтнууд завгүй ажиллах тэр зураглал яг л телевизээрээ амтархан үздэг уран сайхны киног санагдуулж байлаа.

    Хажуу талд зогсож байсан боловсролтой байрын сайхан бүсгүй “Ёо, яаж энэ байранд орчихоогүй юм, хойд талын байшинд байр худалдаж авсан нь онож шүү. Энэ хоёр айлын завсарт хөндий зай бий, тэр рүү гал орвол бүх давхрын айл руу шууд л хүрэх нь тэр дээ. Манайх энийг авдаг юм билүү гээд үзэж байсан болохоор би сайн мэдэж байна” хэмээн өөрийнхөө хийсэн үйлдлээр бахархаад ч байгаа юм шиг, бидний хийсэн үйлдлийг тавлаад ч байгаа юм шиг чимэггүй үгс хэлэх нь зүрхийг минь зүсэж билээ. Энэ бол би л хохироогүй бол боллоо гэсэн бидний үнэхээр аминч, өчүүхэн үзлийн илрэл билээ. Бид бүгдээрээ ийм өчүүхэн гэж үү? Үр хүүхдүүд маань ч ийм болох гэж үү? Монголчууд бид өөрсдийгөө тэнгэр язгуурт ард түмэн хэмээн том малгай өмссөөр нэг малгайн дор бүгд багтчихаар тийм жижигхэн болчихсон юм биш биз?

    Нөгөө талаас бид зовлон гэж чухамдаа юу байдгийг үзээгүй ард түмэн. Тийм зүйлийг монголын ард түмний өвөг дээдэс үзэж туулсан байлаа ч зовсноос ухаарсан нинжин сэтгэлийн сайхан удамшил байгалийн хууль ёсоор сүүлийн 4-5 үед мөхөж буй бололтой. Ард түмэн улс үндэстнүүд зовлон туулсныхаа хирээр нэгдэн нягтарч, хүмүүнлэг энэрэнгүй болдгийг хүн төрөлхтөний түүх бидэнд гэрчилж байна.

    1995 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Японы Кобэ хотод болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт 6000 гаруй хүний алтан амийг, хот сууринтай нь хамт авч одсон тэр цагаас японы сайн дурынхны хөдөлгөөн үүссэн түүхтэй. Өнөөдөр энэ хотод арван жилийн өмнө тийм аюул болсон шүү гэдгийг гэрчлэх ганцхан музей л үлдсэн нь тэр явдал энэ хотод амьдардаг 1.5 сая хүнийг нэгтгээд зогсохгүй япон улсыг, бусад сайн санаат улс үндэстнүүдтэй нэгтгэж чадсаных бизээ. Бүрэн сүйрсэн хотоо аравхан жилийн дотор шинэ хот мэт бүтээн босгож, шинээр барьсан барилгууд нь гамшиг ослын үед найдвартай байдлаараа дэлхийд яригдаж байгаа билээ.

    Аймшигт газар хөдлөлтийн түүхийг єгүүлсэн дєрвєн давхар музейн нэгэн хүндэтгэлтэй хэсэгт гай гамшгийн үед гар сунган тусалсан улс үндэстнүүдэд талархсан булан байдаг ба энэ жагсаалтын эхэн хавиар яваа өөрийн улсын нэрийг харан бахархах сэтгэл төрж байсан юм. Тэр музейг хамт үзэж байсан дэлхийн 74 орны залуучуудаас над шиг бахархах сайхан сэтгэл төрсөн хүн тийм ч олон байгаагүй ээ. Бид тийм л түүхтэй ард түмэн.

    Гэр рүүгээ орж болно гэсэн зөвшөөрөл өгсний дараа дээврээс гоожих усанд дээд талын айлууд ямар байдалтай байгаа нь нүдэнд харагдаж байгаа мэт тодхон байсан болохоор дээд давхрын айлууддаа туслах нь зүйтэй гэж ярилцаад хоёр давхрынхаа айл руу утасдахад манайд туслалцаа хэрэггүй шахуу хариу хэлэхээр нь тэгвэл гурван давхрын айл руу хамтдаа орж туслая хэмээн уриаллаа. Гуравдугаар давхрын айлдаа ороод та нарт тусалъя, доод давхруудын чинь айлууд байна гэхэд ихэд гайхацгаан хэсэг алмайрч байснаа ус тосох түмпэн сав байвал сайн байна гэсэн үг сая нэг амнаасаа унагалаа. Гэр гэррүүгээ гүйцгээж хоолны, хогны сав, түмпэн юу л байгаагаа авчран хувингаар цутгах бороо мэт гоожих усыг тосон шагай шүргэм усыг шавхацгааж гарлаа. Гуравдугаар давхрын айлын усыг багасгаад дөрөвдүгээр давхрын айлдаа туслахаар орцгоож шөнө болтол шавхацгааж байж багасгасан юм.

    Сүүлийн жилүүдэд барилгын салбар хөгжиж монголчууд бидний “Энэ хорооллыг орос ах нар, тэрийг чех ах нар барьж өгсөн юм” гэдэг үг хэллэг “Энэ хорооллыг тэр компани, тэр хорооллыг энэ компани барьсан юм” гэдэг үгсээр солигдсон ч өөрийн гараар хийсэн зүйлээс илүү аль нэг гар сунгасан ах нартаа найдаж байх нь илүү мэт санагдах үе ч бас байхыг үгүйсгэхээргүй л байна.
    Бид сүүлийн жилүүдэд улс орноо хєгжүүлэх ажлаа хэрхэн зохион байгуулсан билээ? Зах зээлийн нийгэмд дээд сургууль байгуулж ажиллах нь ашигтай, нөгөө талаасаа улс орны хөгжил цэцэглэлтэд хэрэгтэй гэж шуурцгаан 200 шахам дээд сургуультай, хоёр сая гаруйхан хүн амтай улс болж хувираад байна шүү дээ бид. Гэтэл дээд боловсролтой болон төгсч гарсан хүмүүс маань улс эх орны бүтээн байгуулалтын альхан талд нь яваад байна вэ?

    Социализмийн хэмээн муучилж дууддаг үед бид боловсролын байгууллагаа ч ирээдүйгээ харан зохицуулж төлөвлөдөг байсан. Хэдийгээр үгэнд ордоггүй, хичээл таслаад байдаг нөхдүүдийг наймдугаар анги төгсөнгүүт барилгын ТМС рүү зайлуулдаг байсан ч мэргэжилтэй тэр л хүмүүсийн улс орны хєгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

    Өнөөдөр мэргэжилтэй барилгачдын дундаж нас 49 гэсэн судалгааны дүн гарчээ. Хүний ид ажиллаж хөдөлмөрлөх нас хэд билээ? Үүнээс үзэхэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил хүний амьдралын нэг үеэр тоологдох, магадгүй түүнээс ч урт хугацаагаар тасраад байна. Бид үүнийг хэзээ нөхөх бол? Бас хэрхэн?

    Аль ч барилгын бригадад очиход мэргэжилтэй барилгачин нэг хоёроос хэтрэхгүй. Бусад нь бүгд тэр хүний хэлснийг дагаж, хийснийг харж сурцгаасан хүмүүс. Тэгж сурсан хүмүүс тэрхүү барилгыг технологийн дагуу барих тал дээр ямар л байгаа бол. “Ленинградад газар хүчтэй хөдөлбөл юу үлдэх вэ?” гэсэн асуултанд “Санкт Петербург үлдэнэ” хэнээн хариулсан зүйр үг бас байдаг. Энэ нь зүгээр нэг хэлсэн үг бус тухайн үеийн барилгын чанарын тухай өгүүлсэн үг билээ. Тэрхүү ордны барилгын шаврын зуурмагт өндөг хүртэл хольж нарийн технологиор барьснаас өнөөг хүртэл хэдэн зууныг дамжин нэгээхэн ч газрын шавар нь ховхроогүй байгаа билээ. Харин бид аливаа зүйлд технологио бариагүйгээс юун дээр алдаж байгаа билээ? Гал гарсан дээрх тохиолдол ч үүний амьд жишээ болов уу даа.

    Нэгэн байшингийн дээвэр шатсан энэ явдал тэр байшинд амьдардаг 32 айлын 200 гаруй хүнд л хамаатай юм шиг харагдаж болох ч энэ нэгэн гал биднийг өнөөдөр хаана яваад байгааг, юу хийгээд байгааг, бас монгол хүн хүн чанарынхаа хувьд ямар болчихоод байгааг кино үзэж байгаа мэт л харууллаа.

    Монголчууд бид аливаад алдах үедээ хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдэг үгээр өөрийгөө өмөөрч байгаа ч юм шиг, зөвтгөж байгаа ч юм шиг, өмнө нь хэлчихсэн байсан бол ингэхгүй л байсан юм гэсэн шиг үг хэлдэг зантай. Харин 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан энэ гал сайн сайн олон хүнд нэг юмыг хэлээд байгаа юм биш үү дээ?

    Гарсан галыг унтраахад нийслэл хотод байдаг гал унтраах арван анги хамтарч байж сая нэг дуусгасан шиг бид аливаад хамтын хүчээр хандах цаг нэгэнт болжээ. Өнөөдөр нэг байранд, нэг орцонд амьдарч байгаа хирнээ дэлхийн хоёрдугаар дайны үед германы хорих лагеруудад үйлчилдэг байсан ”Каждый за себя” уриан дор амьдрахаа болих цаг болжээ.

    Хүн төрөлхтөний хөгжлийн ямархуу цаг үед амьдарч байгаагаа ухаарч аливааг нүд хуурах бус уг үндэс сууринаас нь зөв хийх, технологийг нь баримтлах, алсаас төлөвлөгөөтэй хандах цаг нэгэнт болжээ. Энэ бүхний суурь нь боловсролын байгууллагын чанар, шинэчлэл ч байж болох юм.

    Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй гэдэг сайхан үгийг зєвхєн сонгуулийн сурталчилгаа болгоод зогсмооргүй байна.

    Гал гарсан байшингийн
    оршин суугч Д.Сүрэнчимэг