Author: admin

  • Англи хэлний дүрэмийг эзэмших энгийн арга

    Баяраа гэдэг англи хэлний дүрмүүдээ сайн мэддэг, тестүүд сайн хийдэг залуу байжээ. Хэдийгээр тэр PASTSIMPLE (энгийн өнгөрсөн), PRENSENT CONTINIUOUS( одоо үргэлжлэх), PRESENT PERFECT (төгс одоо ) гэх мэтчилэн бүх цагуудаа тайлбарлаж чаддаг, уншаад ойлгодог байсан ч яг англи хүнтэй ярих гэхээр аль цагаа хэрэглэхээ мэдээхгүй будилж, ярьж чадахгүй гацдаг байв. Тэр дүрмээ сайн сурсан боловч өөрийн болгож эзэмшиж чадаагүй байжээ.
    Харин тэрээр нэгэн аргыг хэрэглэсний дараа дүрмүүдээ жинхэнэ утгаар нь ярианд хэрэглэж чаддаг болсон юм. Тэр нь юу вэ гэвэл :
    Баяраа англи хэл дээр нэгэн түүхийг олон удаа давтан сонссон байна. 
    Ямар нэгэн түүх гэдэг нь өөрөө бүх цагуудыг агуулсан байдаг. Жишээ нь: Romeo Juletta-гийн түүх өнгөрсөн цагт хосууд танилцаж, одоо цагт тэр 2-ын үйл явдал хэрхэн болж буйгаар үргэлжилж, ирээдүйд хэрхэн үйл явдал болж буйгаар өрнөдөг. Сонсголын дасгал гэдэг өөрөө аливаа хэлийг сурах хамгийн хүчирхэг арга юм. Баяраа өөр өөр цагуудыг агуулсан тэрхүү түүхийг сонссоноор одоо англи хүнтэй төвөггүй харилцдаг болсон юм. Учир нь тэр англи хэлний дүрмийн нууц буюу МЭДРЭМЖ гэдэг зүйлийг тэр эзэмшиж чадсан байна. Дүрмийн мэдрэмжтэй болсоноор ямар үед аль цагиийг хэрэглэх вэ? гэсэн мэдрэмжтэй болж харилцан яриан дээр гацахгүй яридаг болдог. Үүнийг гагцхүү сонсголын дасгалаар дамжуулан эзэмших боломжтой гэдгийг дахин сануулъя. 

    СОНСОХ ТУСАМ та илүү сайн ойлгодог болно.
    СОНСОХ ТУСАМ та илүү сайн ярьдаг болно.

    Таны англи хэл сурах их аянд амжилт хүсье.

  • Та баяжмаар байна уу

    Уншвал ухаан баяжина
    Уурлавал стресс баяжина
    Хайрлавал сэтгэл баяжина
    Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
    Зовлонг давахад тэвчээр баяжина
    Зориглоод хийхэд амжилт баяжинаа

  • Citizen of Mongolia

    Миний нэр Номинсувд. Урд нь би зүгээр л Номинсувд л байлаа. Аав ээжийн охин, эгч, найз, оюутан, ажилтан гээд. Харин одоо нэг зүйлийг илүү их ойлгодог боллоо.

    Oдоо бол би Монгол Улсын иргэн М. Номинсувд гэсэн тодотголтой байдаг болсон. Би эх орныхоо өмнө урд урдынхаас илүү хариуцлага хүлээж байгаа.

    Заавал энэ талаар бодоод бичээд байх хэрэггүй л дээ. Гадаадад амьдардаг хүн бүхэн мэддэг биз. Гэхдээ гадаад улс орны хүмүүс бид нараар л дамжуулж бидний эх орон, түүх соёл, соёл уламжлалыг мэдэж авна. Өөрөөр хэлвэл Номинсувд эх орныхоо тухай юу ярина тэр бүгдийг хүмүүс яг тэр чигээр нь хүлээж аваад  тийм ойлголттой л болно.

    Нэр хугарахаар

    Яс хугар гэж ардын мэргэн үг байдаг даа.

    Би юу хийнэ Монгол хүмүүс бүгд ийм байдлаар хийдэг гэж бодно. Ингэж бодохоос аль болох эх орныхоо нэрийг сайнаар гаргах юмсан гэж илүү их хичээх болсон. Хичээл дээр ч тэр, бусад газар ч тэр. Энэ ч гэсэн эх орныхоо төлөө хийж чадах жижиг ч гэсэн зүйл минь юмуудаа. Яахав бодож магадгүй л дээ. Юун ч сүртэй юм. Ингэж ямар нэг юманд баригдаж болохгүй, өөрөөрөө бай гээд л. Гэхдээ л өөрийн эрхгүй эх орноо гэх сэтгэлтэй болчихдог юм билээ.

    Нэгэн жишээ: Саяхан манай ангийн залуу (Монгол) анги дээр цамцаа индүүдэлгүй ирэв. Цамцных нь зах доошоо налмайж унаад байхаар нь шүдээрээ хазаж байгаа юм. (индүүний оронд шүдээ ашиглаж байгаа хэрэг.) Бид нарт инээдтэй л байсан л даа. Тэгсэн харин нэг Япон эмэгтэй Монгол хүн болгон индүү байхгүй бол шүдээрээ индүү орлуулдаг уу гэж асуудаг юм байна. Иймэрхүү жижиг зүйлсээс л эхэлж байгаа юм даа. Тэгээд л цаашаа Япон хүмүүстээ Монгол хүмүүс шүдээрээ цамцныхаа захыг хазаж индүүддэг гээд л яриад явчихна шүү дээ.

    Зөвхөн энүүгээр ч зогсохгүй залуучууд бид нар эх орныхоо түүх соёл, аж амьдрал, байгаль экологийн талаар их мэдлэг дутуутай байдаг юм билээ. Ямар ч сэдвийн талаар хэлэлцүүлэг явагдаж байсан заавал орон орны хүмүүсээс танай улсад яадаг уу? Яг ямар байдаг уу гээд л бүгд асууна. Бид нар ч бас бусад хүмүүсээс асууна. Тэд нар юу гэж хэлнэ тийм байдаг гэж л ойлгож авна.

    Их үйлс бүтээж гийгүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж биеэ зөв авч явж, ярих, үйлдэхээ цэгнэж байя.

     

  • Хөлсний үнэр

    Өчигдөр зориуд зав гаргаж байгаад зааланд очиж бэлтгэл хийлээ. Ойрд зааланд бэлтгэл хийгээгүй, цуцаж байна шүү. Бүх биеийн хөлс урсаад биеийн хөшөө арилж сайхан боллоо.
    Уламжлалт тулааны урлагийн холбоо залуучуудыг үнэгүй бэлтгэлд хамруулж, шалгаруулаад ажлаар хангаж байгаа нь их сайхан санагдлаа.
    Ер нь тулааны урлаг нь хүнийг цогцоор нь буюу бие, сэтгэл, сэтгэхүйг хөгжүүлдэг арга зам гэж боддог. Бие бялбарын хувьд боловсорч сэтгэлзүйн хувьд хат тэнхээтэй болж оюун ухааныг хөгжүүлж төлөвшүүлдэг. Монголчууд эртнээсээ энэ урлагаар дамжуулан хүүхэд залуучуудаа ёс суртахууны болон бие бялдарын өв тэгш хүмүүжлийг олгодог байжээ. Тулааны урлаг нь монголчуудын хувьд хичээллэдэг эрдэм ч биш, амьдралынх нь өдөр тутмын хэв маяг, салшгүй нэг хэсэг нь байжээ. Дэлхийн олон олон тулааны спортууд Монголын уламжлалт тулааны урлагаас гаралтай гэдгийг батлах олон баримтууд байна. Байлдан дагуулалтын үед олзолсон цэргүүддээ тулааны урлаг зааж өгдөг байсан бөгөөд тэр нь хөгжсөөр олон төрлийн спортын төрлийг бий болгожээ.

    Хүүхэд байхдаа янз бүрийн кино үзэж, тэрийгээ дууриаж үсэрч цовхордог байлаа. Хожим нь оюутан болсон хойноо спортын клубт хичээллэдэг болсон юм. Эргээд бодоход тулааны урлаг надад маш олон зүйлийг өгчээ. Сэтгэлийн хат тэнхээ, өөрийгөө ялах, тэвчээрийн хязгаараа ялан дийлэх, өөрийнхөө нөөцийг бүрэн шавхах гэх мэт.
    Хөлс урсаад л, багшийн дасгалуудыг тоогоор хийгээд л бүх бие цуцна. Тэгээд хөлийн сунгалтыг хүчээр шахна. Бие маш сайн халсан учир бэртэнэ гэж байхгүй, гэхдээ маш их өвдөлт ирнэ. Яг л энэ үед болъё оо гээд орилмоор санагдах үе олон байдагсан. Цуварсан олон дасгалууд тоогоор нь хийгээд бүх биеийн булчин гүйцэтгэлгүй болоод өөрийгөө хянаж чадахгүй үед, уналтын техникээ буруу хийгээд доргилт бэртэлт авах үед заалнаасаа гараад гүймээр санагдах үе олон бий. Гэхдээ энэ бүхнийг даван туулж байж хүнд ямар их нөөц хүч чадал байдгийг, сэтгэлээ удирдаж чадахгүй бол хүн ямар өчүүхэн амьтан болохыг мэдэрдэгсэн. Хүнд хэцүү бэлтгэл дууссаны дараа тамирчид бүгд чимээгүй суугаад өнөөдөр хийсэн бүх дасгалаа бодож, биеийн булчинг суллах үе. Энэ бол хүн зорьсондоо хүрсэний дараа мэдэрдэг тэр гайхалтай агшин. Энэ үе нь хамгийн их таалагддаг байсан.

    Ер нь өөрийгөө бүрэн дайчилж чадахгүй байна гэж хэлдэг залуусыг би спорт заалаар ороод яг бэлтгэл хийж буй заалруу ороод тамирчид хэрхэн бэлтгэл хийж буйг нь хараасай гэж боддог юм. 2004 онд байхаа, спотын төв ордоны 2 давхарт Чөлөөтийн заалруу орсон юм. Тэгээд тамирчидын бэлтгэл хийж байгааг хараад 1 цаг гаруй суусан. Тэнд Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга, Пүрэвбаатар бүгд л бэлтгэлээ хийж байсан.
    Хөлс зогсолтгүй асгарчихсан, нэг захаас нөгөө зах хүртэл хүнд хэцүү дасгал хөдөлгөөнийг хийж, минутад 100 гаруй суниаж, хүнд хэцүү мэхүүдийг тасралгүй давтаж байсан юм даг.
    Тэр үед бодож байсан. Хөөрхий, бидний өөрийгөө дайчлана гэж яриад байдаг маань, эдний хажууд бол юу ч биш юм байна аа, хүн ингэж л өөрийгөө дайчилж байж, юманд хүрдэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ.

    Өөрийнхөө бүх л ажилд яг л энэ тамирчид шиг өөрсдийгөө дайчлах ёстой юм байна гэж бодож байсан. Хэрвээ та өөрийгөө дайчилж, өөрийгөө ялан дийлж чадахгүй байгаа бол аваргууд хэрхэн бэлтгэлээ хийж, өвдөлт, ядралтыг хэрхэн даван туулж байгааг мэдрэхийн тулд спорт зааланд заавал очоорой.

    Тэд ингэж л бэлддэг юм…

  • Завгүй амьдрал !!!

    “Сортоо” клубээс санаачилсан “Ээждээ зориулж мод тарьцгаая” уриалгыг дэмжиж, өөрөө ч уриалж хүмүүсийг хэрхэн хүлээн авах нь вэ? гэж ажиглалаа. Ихэнхи хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байна. Баглаа цэцэгний мөнгөөр ээждээ зориулан мод тарьж, гарын бэлэг авч, дурсгалын самбар босгуулж, тоглолт үзүүлж ээжийгээ баярлуулах боломж энэ хөтөлбөрөөс өөр үгүй биз. Хүмүүсийн тарьсан мод нь нийлээд Эх нялхасын төвийн гадаа төгөл болно. Ингээд л боллоо. Хэн нэгнийг хийсэнгүй гэж орилж хашгирч энергээ барахын оронд хамтын хүчээр хийчихэж болж байна.За тэр дунд завгүй гэж байгаа хүн ч багагүй байна.
    … Тэгээд асуулаа …
    Та, төрүүлсэн ганц ижийдээ л… зориулаад ядаж 1 мод ч гэсэн тарихгүй юм уу ?! Та яагаад завгүй байгаа юм бэ? Төрүүлсэн ганц ээждээ хэзээ зав гаргах вэ? Ижийдээ зориулах 30 минут танд байхгүй гэж үү? Завтай болох тэр өдөр чинь нэгэнт оройтсон байх вий дээ? гэж асуусаны дараа ганц нэг хүн юм бодож л байх шиг байна.
    … Тэгээд бодлоо …
    Завгүй амьдралын хэмнэл дунд бид юуны төлөө өдөр шөнөгүй гүйлдэнэ вэ?
    – Ээжрүүгээ утсаар ярьсан уу?
    – Би завгүй
    – Аав аа, надтай хамт тоглооч
    – Би завгүй
    – Ээжээ, надтай ярилцаач
    – Би завгүй
    – Уулзаж, нэг сайхан ярилцах уу?
    – Би завгүй
    – Сайхан хоол хамт хийж идэх үү?
    – Би завгүй
    – Хамтраад хийнэ гэсэн юу болсон бэ?
    – Би завгүй
    – Би завгүй, БИ ЗАВГҮЙ, ЗАВГҮЙ ЭЭЭ,… завгүй, … зав байхгүй,… зав болохгүй байна, уг нь зав байсан бол, завтай ч болоосой, ЗАв, зав, ЗАВ… АЙМААР ЗАВГҮЙ… Зав чөлөөгүй амьдрал…
    Аз жаргалын төлөө гэсэн атлаа, хажууханд минь аз жаргалаа, баяр баясгалангаа анзаарах ч завгүй амьдраад л… хамгийн үнэ цэнэтэй зүйлээ орхиод,… Юуны төлөө амьдраад байгаагаа ч анзаарах сөхөөгүй… АМЬДРАХ Ч ЗАВГҮЙ АМЬДРАЛ.

    Гэр бүлээ жаргаана гээд л гүйгээд байсан. Нэг сэхээ орсон чинь, хүүхэд нь ч танихаа байчихсан байвал яах уу? Гэр бүлийнхэн нь нэг оройг ч болов халуун ам бүлээрээ хамт сууцгаахыг хүсэж, тэр нь гэр бүлийн аз жаргал нь байсан байвал яах уу? Хүүхэдтэйгэээ хамт хичээл давтах нь нөгөө бүтээх гээд байсан аз жаргал нь байсан бол яах уу?

    Хамгийн чухал зүйлдээ цаг гаргахаа мартчихдаг завгүй хүмүүс л гүйлдээд байгаа юм биш биз дээ!!!.. Өнгөрсөн хойно эргээд харсан чинь хамгийн чухал зүйлсдээ зав гаргалгүй өнгөрөөсөн байх вий дээ!!!

  • Imagination vs Reality

    Энд ирэхээс өмнө энэ орны тухай киноноос, нэвтрүүлгээс, хүмүүсийн зурагнаас гээд их л олон төрлийн мэдээллийн хэрэгсэл дээрээс харж байлаа. Анх ирэхдээ яг л тэр төсөөллөөрөө (өндөр өндөр барилгууд, цэвэрхэн сайхан гудамж талбай, үргэлж инээсэн мишээсэн хүмүүс, үйлчилгээний өндөр соёл гэх мэтчилэн бичээд байвал зөндөө) байв. Харин анх буугаад л нисч явсанаа газардах шиг болсон доо. Нисэх онгоцны буудлаас буугаад амьдрах газар хүртлээ эргэн тойрноо ажиглан явбал хоорондоо ялгаатай тэс өөр өөр орчинг хэдхэн метрийн зайнд (хоорондын зай) л харж байлаа.

    Ер нь бол Америк орон бол сайн сайхан, муу муухайгийн бүх л туйлууд холилдон оршдог асар том гүрэн юм билээ. Тэр чинээгээрээ энд юм юм л байна. Гэхдээ би мууг нь дурдах гэсэнгүй ээ. Зүгээр л зарим хүмүүсийн ярьж байхыг (манай эх орон л заваан муухай хогтой, амьдрахад тохиромжгүй байна, гадаадад л очиж амьдарвал болчих гээд байна гэх мэтчилэн. Бид л өөрсдийнхөө амьдарч байгаа орчиноо бүрэлдүүлж, гэрэлтүүлж, бүтээж байдаг шүү дээ. Та ямар байна таны байгаа орчин тийм л байна. ) зөндөө сонсож байсан болохоор аль ч газар, аль ч соёлтой оронд ч бас адилхан л сайн, муу бүгд байдаг гэж хэлэхийг хүссэн юм.

    За олон юм нурших яахав. Энэ орон 308,745,538 хүн амтай (2010 оны тооллогоор), 9,826,675 km2 газар нутагтай, July 4 (Independence Day, энэ өдөр зөвшөөрөгдсөн бүх л газар ёслолын буудлага хийж баяраа тэмдэглэдэг. Талархлын баяр, Кристмасын баяр, Тусгаар тогтнолын баярууд бол хамгийн их SALE зарлагддаг том баярууд юм. Хүмүүс хар өглөөнөөс эхлээд хонон өнжин дэлгүүрүүдийн гадаа дугаарлаж зогссон харагддаг юм билээ. Хямдрал ч жинхэнэ утгаараа байдаг даа. ), 1776- нд Их Британий Хаант улсаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан, Барак Обама ерөнхийлөгчтэй, Вашингтон ДС нийслэлтэй, Номхон далай, Атлантын далайгаар хүрээлүүлэн оршдог. Хоёр дахь албан ёсны хэл нь Спайн. Ер нь бүх л газарт нь Англи болон Спайнаар тайлбар хийсэн байдаг. Мексиктэй хил залгаа оршдог болохоор Мексикүүд их амьдарна. За тэгээд ер нь шар, хар (хар хүмүүс гэснээс бидний сайн мэдэх Мартин Лютер Кинг хар хүмүүсийн эрхийн төлөө жагсаал хийж, “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэлээ тавьж байсан. Тэр үеэс хойш хар хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх нь багассан ч гэсэн бас л арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах асуудал байсаар л байдаг юм байна лээ. Би хэдэн цэвэр Америк хүмүүсээс асууж үзсэн. Түүхтэйгээ холбож тайлбарладаг юм билээ. Анхнаасаа л хар хүмүүс боол байсан болохоор шар хүмүүс тэднийг бүрэн хүлээн зөвшөөрөхөд илүү их хугацаа шаардана гэсэн. Одоо бол хар, шар хүмүүс хамтдаа ажиллаж сурсан, харин хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж, найз байж чаддаггүй гэсэн. Хар хүмүүс бол бас их сонин сэтгэхүйтэй, өвөрмөц хүмүүс юм билээ. Бүх л талаараа. Эдний талаар тусд нь бичих болно.), улаан гээд л төрөл төрлийн хүмүүс аж төрөн сууна даа. Тэдний нэг нь би өөрөө. Ази хүн. Гадаад оронд удаан хугацаагаар амьдарч сурна гэдэг хүний амьдралын бас нэг гоё туршлага юм билээ. Их олон олон асуудлууд, ололтууд, боломжуудтай би өдөр бүр нүүр тулсаар… давсаар… ашигласаар… амьдарсаар. Одоо харин ажигласнаа бичиж эхэлсээн.

    Нэмэлт: Америкийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авангаа хэлээ сайжруулахыг хүсвэл зочлоорой. 

    http://en.wikipedia.org/wiki/The_united_states_of_america

    Зам зурайсаар би алхсаар.

  • Амжилтанд хүрсэн эрэгтэй хүн бүрийн ард гайхалтай бүсгүй хүн байдаг

    Хүн бүхэн сайхан гэр бүлийг хүсэж мөрөөддөг боловч сүүлийн үед гэр бүл маш их ганхаж, эрчүүд маань гэр бүлдээ анхаарал хандуулах нь багасаж байна. 

    Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь асар их хүчин чармайлт, ур чадвар шаарддаг зүйл. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү ур ухаан шаардах болно. Сайхан гэр бүлтэй болохын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

    Иймд та бүхэн доорх зүйлийг гэр бүлдээ мөрдлөгө болговол танай гэр бүл дэх уур амьсгал жаахан ч гэсэн халуун дулаан болох болов уу гэж бодлоо. 

    1.      Гэр бүлийг чинь юу ч орлохгүй 

    Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдалдаа анхаарч өөрийн бүсгүй хүн гэсэн дүр төрхөө дээд зэргээр хайрлах хэрэгтэй.

    2.      Санал зөрөлдөх, маргаан гарахад эхнэр хүн бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайх хэрэгтэй

    Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийдэг байх нь зөв. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Эхнэр хүн урьтаж баахан тайлбар тавихаасаа өмнө нөхрийнхөө яриаг гүйцэт сайн сонсож бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайдаг байх хэрэгтэй. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг нөхөртөө бүгдийг нь  гаргах гэж яарах хэрэггүй эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал, дараа нь зохих арга хэмжээг авч болно шүү дээ.

    3.      Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ

    Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг боломж олдох бүрд  хэлж байгаарай. Эр хүний ханьдаа хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүчтэй болдог.

    4.      Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай

    Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

    5.      Нөхөртөө итгэл найдвар өгч бай

    Эр хүн аав ээжээсээ биш эхнэрээсээ урам зориг авахыг хүсдэг. Нөхөртөө итгэл найдвар өгөх хүч чадал эмэгтэй хүнд бий. Эхнэр нөхөр хоёрын зүрхэнд сайхан амьдрана гэсэн итгэл найдвар байх ёстой. 

    6.      Нөхрөө өөрийн бие мэт хайрла

    Чи  ямар ч буруу зүйл хийсэн өөрийгөө өө чи одоо гээд ялладаггүй шүү дээ үүнтэй ижил нөхрөө өөрийн бие мэт хайрлаж ямар ч тохиолдолд түүний талд байх хэрэгтэй. Бие биенээ яллахгүйгээр байгаагаар нь хүлээн авч хайрла. Уулыг нүүлгэх хүч чадал, чадвар байгаад энэ дэлхийг эзэгнэж авлаач хайр байхгүй бол юу ч бишээ. Зүрхнээсээ хайрла. Зүрхэнд өөрчлөлт  ирэхэд амьдралд өөрчлөлт ирдэг.

    7.       Хүүхдүүдээ зөв сурга

    Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй эелдэг даруу, дөлгөөхөн,  байх хэрэгтэй. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Боловсрол гэр бүлээс эхэлдэг учираас үр хүүхэддээ муу муухайг бүү харуул. Тэвчээртэй байцгаагаарай.

    8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ 

    Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр /эхнэр/ тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?

    9. Хардлагаа битгий хэтрүүл

    Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

    10. Бүх юм хэмжээтэй

    Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдлөгө болголоо гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү. 

  • Аз жаргалыг алсад хайх хэрэггүй

    Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгоны аз жаргалын хэмжээс нь янз бүр.  Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байхад  дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж яваагаа аз жаргал гэж бодох хүн байна. Зарим нь элэг бүтэн яваа нь хамгийн дээд жаргал бодно.  Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө  зориулсан хүн илүү их аз жаргалтай байдаг. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ. 

    Гэвч хэн нь чухам аз жаргалтай вэ?
    “ Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн аз жаргалтай”.
    * Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ мэдрэнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүдээ бодно. Иймд таныг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа учираас ижий аавдаа хэмжээ хязгааргүй баярла. Чадах чинээгээрээ ачийг нь хариулахыг хичээ.
    * Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг алдагдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдагдуулна. Ариунхан дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай  амьдарна.
    * Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа, хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод.
    * Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж, хөгжиж  чадаж байгаа бол тэр чиний жинхэнэ аз жаргал.             

    “ Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг бол мэргэн хүн түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг”                                            

  • Энэ миний ажил

    Юу хамгаас сайн үйл вэ?

    Хийж байгаа ажлаа сайн хийх.         / Питтак /

    Буудал дээрээ удаан зогслоо гэсэн зорчигчийн үгэнд эгдүүцсэн жолооч хурд аван хөдлөхдөө замын хажуу руу шарван давхилаа. Хүмүүс шуугилдан, жолоочийг тэнэг мангараар нь дуудахад,

    –       Тээр та нар хурдан явахаар ингэдэг байхгүй юу гэж хээвнэг танчигнатал инээлээ.

    –       Хүлээж чадахгүй бол буух л үгүй гэж кондуктор нь ч том дуугарна.

    Болиоч ээ, хүмүүс ямар тоглоом юм уу гэж настайвтар хүн чанга дуугархад, энд тэнд хүмүүс шуугилдан ам амандаа жолоочийг буруутгана. Хэнд ч харсан эрүүл сэтгэхүй биш ээ. Би тэрхэн хооронд “Энэ жолоочийг сонгож байдаг ямар дарга байдаг юм бол…” гэж бодлоо.

    Автобусанд суух болгондоо би жолоочийн тухай, кондукторын тухай, бүр автобусны тухай хүртэл дандаа бодох юм. Гэхдээ сайн бодол биш шүү. Би хэрвээ оронд нь байсан бол гэж бодохоор бүр ч аазгай хөдөлнө. Олон хүмүүсийг очих газарт нь дөхүүлж өгдөг, хүмүүстэй чин сэтгэлээсээ мэндэлж болно, дандаа явдаг чиглэлдээ бол олон хүнийг таньдаг болно, тэднийг харахдаа дандаа инээмсэглэнэ… гээд жолооч, кондукторын хийж байгаа ажлыг бодохоор их л сайхан. Үнэндээ хүмүүст талархаж үйлчилнэ гэдэг сайхан ажил шүү дээ. Гэтэл тэд энэ ажлаа миний ажил гэж “өмчилж” болдоггүй юм байх даа.

    Хэрвээ автобусны жолооч зөвхөн өөрийн төрөл садныг бүгдийг нь суулгаад явж байгаа бол хэзээ ч бухимдах зүйл гаргахгүй дээ. Тачигнатал инээж, замын хашлага мөргөх шахан давхих байсан гэж үү? Тэр минь хордох вий гээд тамхи бол бүр ч татахгүй биз? Инээгээд л, урамтай явах байсан даа.

    Автобусны кондуктор гэртээ тоос шороо, хогондоо дарагдаад суудаггүй л байлтай. Кондуктор хийдэг хүмүүсийн гэрээр нь орж үзэх хүсэл төрчихлөө. Ихэнх нь л бүсгүй хүн, ялангуяа ээж л баймаар хүмүүс харагддаг. Гэтэл тэдний үйлчилж байгаа автобус дүүрэн хогтой, хоггүй зарим нь суудал нь цагаан хувцастай суухын аргагүй тоос. Цонх бол бүр ч ярилтгүй, шил шиг тунгалаг гэдэг үг бол автобусны цонхонд л лав тохирохгүй зүйрлэл.

    Зөвхөн мөнгө хураахын төлөө л үйлчилж байгаа юм шиг ааш гаргаад байхаар хүмүүс хүртэл нэг л хайхрамжгүй. Зарим нь бүр нэхүүлэн барин мөнгөө өгөхдөө кондуктортой хэрэлдэнэ. Хүн хүнээ хүндлэх соёл аль алинд нь байхгүй болохоор өдөр бүхэн энэ дүр зураг давтагдана.

    Олон нийтийн ажил эрхэлдэг хүмүүс, тэр дундаа автобусны жолооч, кондукторууд “Энэ миний ажил” гэж өөрийнхөө хийж байгаа ажлаар бахархдаг байгаасай. Хогтой, тоостой автобусанд хүмүүс суулгахаасаа ичдэг байгаасай. Автобусанд нь хог хаядаг хүмүүст “Хогоо аваарай” гэж шаардлага тавьдаг байгаасай. Хамгийн чухал нь ажилдаа сэтгэл гаргадаг байгаасай.

  • Зөвлөгөө No2 Цаг хугацааны үнэ цэнийг нялх балчираас нь баримтлуулж, хэвшүүлдэг юм шүү

    Томчууд бид өөрийн амьдралаас гадна хүүхдүүдийнхээ амьдралыг зохиож яваа. Үүнийг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв ухамсарлаж чадвал танд үүрэг хариуцлага бий болно. Харин үүрэг хариуцлагатай хүн хүч чадалтай байдаг. Хүч чадалтай болсон тохиолдолд мөрөөдөл биелдэг юм.

                Хүний амьдралын цаг мөч бүхэн өндөр үнэтэй. Энэ хорвоод амьдрах цагийг бурхан хэмжиж өгчээ. Бид бүх юмны төлбөрт цаг хугацааг эн түрүүнд барьж байдаг. Хүн цагийг янз бүрээр ашиглана. Хэрхэн ашигласнаас хамааралд эд баялгийн хэмжээ нь өөр өөр. Зарим хүн зогсоо чөлөөгүй зурагтын суваг солино. Гэтэл цөөн хүн ном уншиж өөрийгөө цэнэглэнэ. Энэ хоёр хүн явсаар шал өөр өөр газарт очих нь тодорхой.

                Эхний замаар явсан хүн амьдралдаа юу ч сурч чадаагүй залхуу хойрго ядуу хүн болдог. Харин хоёрдугаар замаар явсан хүмүүс тэс ондоо. Ер нь цагийн үнэ цэнийг ухамсарласан хэнбугай ч ирээдүйн амьдрал нь асар гэгээтэй болж ирдэг. Хүн амьдралын цаг мөч бүртээ ирээдүйгээ сийлж байдаг. Тиймээс хүүхдийг цагийн хуваариар ажлаа амжуулдаг болгож сургах хэрэгтэй. Цаг тэр бүү хэл минутын үнэ цэнийг ойлгодог болсон тэр цагт л мөнгө түүн рүү урсна. Өөрөөр хэлбэл их үйлсийг их мөнгө дагадаг. Их үйлс бүтээхэд их цаг хэрэгтэй. Бид аливаа ажлыг үдээс өмнө, үдээс хойш гэж бүдүүн баараг баримжаалан ярьдаг. Цагийн үнэ цэнийг ойлгоогүй өсч амьдарч буйн шагнал бол манай орны буурай хөгжил юм. Тиймээс үр хүүхдээ хөгжлийг бүтээх иргэн болгохын тулд аливааг төлөвлөсөн цагтаа амжуулдаг болгож зуршуулах хэрэгтэй байна.

                Даалгавраа нэг цагт багтааж хийнэ, гадаа яг гучин минут тоглоод орж ирнэ, зурагтаа хоёр цаг үзээд унтраана гэж төлөвлөсөн бол түүндээ хүрэх гэж тэмүүлэхэд нь эцэг эх туслаад өгөх хэрэгтэй. Томчууд тусалж дэмжээд байвал хүүхэд маш хурдан, цагтаа бүхнийг амжуулдаг хэвшил зуршилтай болдог. Төлөвлөснөө цагтаа амжуулах гэж зүтгэдэг яг энэ зуршлаараа том болоод их үйлс бүтээж чаддаг. Тэгээд ч ар гэрийн болоод албан ажлаа ч цаг тухайд нь амжуулж чаддаг хүн болчихвол зөвхөн мөнгө биш сэтгэл санааны өөдрөг байдал ч хүнд давхар үүсдэг учиртай.

    “Хүүхэд- гэр бүл” номноос