Author: admin

  • 4 ЕРТӨНЦ ҮЗЭСГЭЛЭН- Бид танд ашиг орлого амлахгүй ч Сэтгэлийн таашаал Оюуны цэнэгийг амлана

    “ДӨРВӨН ЕРТӨНЦ” Уран бүтээлийн үзэсгэлэн

    Эрхэм та бүхний Эрхэмсэг оршихуйд зориулж сэтгэлийн таашаал мэдрүүлэх уран бүтээлүүдээ өргөн барьж байна. Бид танд ашиг орлого амлахгүй ч Сэтгэлийн таашаал Оюуны цэнэгийг амлаж чадна.

    МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд Зураач Ц.Баттөр, В.Ундраа, С.Цагаанчулуун, Х.Батжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ.
    Үзэсгэлэнгээс та бүхэн уран бүтээлчдийн дахин давтагдашгүй онцлог арга барил, өнгө гэрэл, уран сайхны өвөрмөц хэллэгээр дүрслэн үзүүлсэн дөрвөн өөр ертөнцийг мэдрэх болно.

    Нээлт: 2011/8/16-ний 16:00 цагаас
    Үргэлжлэх хугацаа: 2011/8/16- 23, өдөр бүр 9:00-18:00 цаг
    Хаана: UMA Art Gallery /Ленин клубын хажууд, Зориг агсаны хөшөөний замын эсрэг талд/


    Ц.Баттөрийн бүтээлүүдэд шөнө цаг, харанхуйн тухай өгүүлэгдсэн бөгөөд далд ертөнц, нууц уур амьсгал, бие сэтгэлийн гүнд жихүүдэс төрөм сүнслэг шинж чанар бас хөнгөн гуниг, гоо сайхан агуулагдаж байдаг. Өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг тас харанхуйгаас гэрэлтэх үлэмжийн хурц тод гэрэлтэй зүйрлэдэг. Ц.Баттөр оюутан байх үеэсээ Европын сонгодог зургийн аргыг хуучин Монгол зургийн өв уламжлалтай холбох шинэ арга хэлбэр эрж, туршиж бүтээлээ туурвидаг.

    В.Ундраагийн ертөнцөөс ундарсан уран бүтээл, танд амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлэх болно. Түүний уран бүтээл хүүхдэрхэг, эгдүүтэй гэнэн төсөөлөлтэй бас хөгжилтэй, хурц тод өнгө, сонирхолтой зохиомж, давтамжит шийдлүүдтэй боловч чимхлүүр ажиллагаа ихтэй, хээ угалз, үндэсний хэв маяг давамгайлсан байдаг. Өөрийн бүтээлдээ Монгол үндэстний үнэт зүйлс болсон ёс заншил, өв соёлоо шингээж Монголын гэж ялгарч харагдах бүхнийг тунхаглахыг зорьдог. 
    Тэр бол хүн бүрийг урлагаар амьсгалж амьдралаасаа үргэлж шинийг мэдэрч, өдөр бүр шинээр амьдарч, шинээр амьсгалж байгаасай гэж хүсдэг эрч хүчтэй, гэгээлэг уран бүтээлч юм. 

    Н.Цагаанчулуун бол дүр болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг хичээдэг реалист уран зураач. Түүний бүтээлүүдэд ихэнхдээ Монгол орны уудам хээр тал, үзэсгэлэнт сайхан байгаль, тэдгээрийн гоёмсог өнгө төрх, нар, салхи, агаар дүрслэгдсэн байдаг бөгөөд үзэгч түмнийхээ Монгол эх орноороо бахархах бахархал, нутаг усаа хайрлах сэтгэлийг нь улам бүр асаан бадраахыг ямагт эрмэлздэг.

    Х.Батжаргал нь Ертөнцийн амьдрал, юмсын холбоо, хүмүүсийн зүрх сэтгэлийн их давалгаан, ахуй орчины сонин ухаарал, дүрслэн өгүүлэх сэрэхүй, мэдэрхүйн мэдрэмжийг илтгэсэн, далд утга, нууц уур амьсгалаар дүүрэн дөрвөн өөр ертөнцийн илэрхийлэл болсон бүтээлүүдээ та бүхэнд толилуулна аа.

  • Хамгийн сайхан үг бол…

    Амьдрал чиний сэтгэлийн хэлээр ярьдаг

    /Пауло Коэльо/

    Нэг өглөө ажилдаа ирлээ. Хамт ажилладаг найз бүсгүйгээ хачин гэгэлгэн байгааг нь анзаарчихаад шалгааж гарлаа.

    –       Чи нэг л юм хэлэх гээд байна даа?

    –       Тийм ээ, харин хэлэх үү? байх уу?

    –       Хэлчих л дээ, муу юм уу? сайн юм уу?

    –       Аль нь ч байж мэднэ

    Энэ үг бүр ч хорхой хөдөлгөнө. Өөрөө л мэд гэж тунирхсанаар би найзыгаа яллаа.

    –       Би хүүхэдтэй болсон!

    –       Айн? Нээрээ юу?

    –       Битгий хүнд хэлээрэй

    –       Хүнд хэлэх яах вэ, тэгээд үнэн юм уу?

    Бөөн эргэлзээ дундаас баяр хөөр сугарч би найз бүсгүйгээ тэврээд авлаа. Анхны хүүхэд нь болохоор бүр ч их баяр төрөөд тэврээд л, хацар дээр нь үнссэн чинь Энхмаа бүр гайхсан харцаар харсан.

    Амьдрал ийм л сайхан гэж дуу алдмаар. Шинэ хүн бүрэлдэж байна шүү дээ, бүр хайраас ургаж өндийх нь шүү дээ. Зүрх догдлохгүй байж чадна гэж үү? Ямар гоё юм бэ? Би найман жилийн өмнө ээж болж байсан. Тэр мэдрэмжийг дахин нэг мэдрэх гээд хүлээгээд байгаа болохоор ч тэр үү, найз бүсгүйгээ хөл хүндтэй болсныг дуулаад өөрөө болчихсон юм шиг л их баярласан.

    Нэг өдөр найз бүсгүй минь жаахан урвайчихсан суугаа харагдлаа.  

    –       Чи минь, яагаа вэ? Бие нь зүгээр үү?

    –       Ойрд их сонин байна аа. Сэтгэл тогтохгүй эргэлзээд байна

    –       Юунд эргэлзээд байгаа юм бэ?

    –       Хүүхдээ гаргах цаг арай ч болоогүй юм болов уу ч гэж бодох шиг

    –       Юу гэсэн үг вэ! Хүүхэд чинь сонсоод гомдчихно шүү

    –       Мэдэхгүй байна аа, заримдаа ингэж янз бүрийн юм бодоод байх юм.

    Би найзыгаа ойлгож байлаа. Бүхэл бүтэн дэлхий өөртөө бүрэлдүүлж яваа бүсгүй хүний сэтгэл зүрх дэндүү мэдрэмтгий гэдгийг би өөрөө сайн мэдэх юм чинь. Дэргэд нь байгаа эр хүний хайр, халамж, халуун дулаан үг маш их хэрэгтэй гэдгийг ч хэлүүлэлтгүй мэднээ.

    Амьдралдаа сонсож явах юмсан гэж хүлээдэг сайхан үгнүүдээс хамгийн сайхан үг бол, БИД ХҮҮХЭДТЭЙ БОЛЖЭЭ! Энэ үгийг хэлэх, бас сонсох ямар сайхан гэж бодно оо!? Амьдрал үргэлжлэл болохоор БИД ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ, БИД ОХИНТОЙ БОЛЖЭЭ! гэдэг үг дэлхийн хаа нэгтээ цуурайтаж, хэлэх тоолонд хайр ундарч байгаа.

    Тийм ээ! Хамгийн сайхан үгийг нэг нэгэндээ хэлж яваарай, хамгийн сайхан үгийг нэг нэгнээсээ сонсч амьдраарай хүмүүс ээ .

     

  • Амьдралын утга учир

    “Газар дэлхий дээр аз жаргал гэж байх боломжгүй гэж ярьдаг хүмүүсийн тухай бодож байлаа. Амьдралдаа бяцхан баяр хөөр мэдрэх гэж яаж шургуу оролдож байгааг хараач. Үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг хар. Амьд амьтан яагаад заавал зовлон шаналал дунд амьдарч байх ёстой юм бэ? Хүн баяр баясгалангаас бусад зүйлийн төлөө амьдарч болно гэж хэн, ямар эрхтэй болоод тэгж шаардаж байгаа юм бэ? Хүн бүр аз жаргал амтлахыг хүсдэг. Хүн, түүний хэсэг, хэрчим болгон нь үүнийг л хүсдэг. Гэхдээ тэр хэзээ ч олж чаддаггүй. Би яагаад тэгдэг юм бол гэж гайхдаг юм.
    Тэд амьдралын утга учрыг ойлгохгүй байна гэж гонгинож, гоншицгоодог. Миний үзэн яддаг хүмүүс байдаг. Дээгүүр санаатай эсвэл ‘бүх нийтийн зорилго’ гэх мэт зүйл ярьж явдаг, юуны төлөө амьдрахаа ч мэддэггүй, ‘өөрийгөө ойлгох’ ёстой гэж чалчдаг хүмүүсийг би үзэн яддаг. Чи тийм яриаг хаа сайгүй сонсож болно. Ийм яриа манай зууны албан ёсны хэллэг боллоо шүү. Ном нээхэд ч тэр. Шүлсээ савируулан нууж хаалгүй ярьсан юмнууд. Нүглээ наминчилж, үнэнээ өчих нь ёс журамтай зүйл шиг санагддаг юм шиг байгаа юм. Би бол үүнийг хамгийн ичгэвтэр, шившгийн явдал гэж боддог. ”
    “Хар даа, Гейл” гээд Роарк босож модноос нэг бүдүүн мөчир хугалж аваад, хоёр үзүүрээс нь барин аажуухан нугалж нум болгов. “Одоо би үүгээр хүссэнээ хийж болно: нум, жад, таяг, хаалт гээд. Амьдралын утга учир гэж үүнийг хэлдэг юм.”
    “Хүч чадлыг чинь үү?”
    “Чиний ажлыг ” гэж хариулаад Роарк мөрөө хавчлаа. “Эх дэлхийн чамд өгсөн материал, түүгээр нь чиний хийж, бүтээсэн зүйл…….”
    Уншиж байгаа номны хэсгээс….
    Өчигдөр орой би яг энэ хэсгийг уншлаа. Тэгээд миний “амьдралын утга учир” гэж өөртөө би болгосон тодорхойлолттой дүйж байх шиг санагдаад… Олон л хүн асуудаг. Амьдралын утга учир гэж юу юм бэ гэж? Би боддог юм. Яг үнэндээ амьдрал бол утгагүй зүйл. Харин би, бид л өөрсдийнхөө амьдралын утга учир нь. Роаркын хэлсэнээр эх дэлхийн бидэнд өгсөн зүйлсээр өөрсдийн амьдралын утга учрыг бүтээн бий болгодог. Тэгээд түүнийхээ төлөө тэмцэж, зовохдоо зовж, жаргахдаа жаргасаар утгагүй амьдралыг утгатай болгож амьдардаг. Би өөрөө амьдралын утга учир, үнэ цэнэ. Амьдарч, ажиллаж байсан минь… Ердөө л энэ.
  • I’m smart. And angry!

    Уур… Өвөл гадаа гарахаар бидний амнаас уур гардаг, аа тийн бас нэг айхтар уур байдаг. Тэр нь ухаан самууруулж, уушиг зүрхийг савсалзуулж, байж суух газаргүй болгоод зогсохгүй Нисванис хамтлагийн дуун дээр гардаг шиг Сэтгэлээн сэрээдээд гаргамаар байдалд хүргэдэг сэтгэл зүйн нэг үзэгдэл УУР.

    Хүн бүрт уур байдаг. Харин түүнийгээ гадагш гаргаж байгаагаараа л ялгаатай л байдаг. Хүмүүсийг 3 төрөлд хувааж болно гэнэ.

    1. Чулуун дээр сийлсэн бичиг шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлах нь олон, тэр уурласан уур нь удаан үргэлжилж, чулуун дээр сийлсэн бичиг шиг арилдаггүй гэнэ.

    2. Элсэн дээр зурсан бичээс шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлаж уцаарлах нь олон боловч уур хилэн нь элсэн дээр бичсэн бичээс шиг түргэн арилдаг гэнэ.

    3. Усан дээр бичсэн бичиг шиг хүмүүс. Усан дээр бичмэгч урсан арилах бичээс шиг, ийм хүмүүс бусдыг муу хэлдэггүй, муу муухай юмны тухай сонсоод тоодоггүй, сэтгэл нь үргэлж номхон, амар амгалан байдаг гэнэ.

    За тэгэхээр усан дээр бичсэн бичиг шиг л байх хэрэгтэй юм байж. Ер нь амьдрал өөрөө баялаг болохоор бидний амьдралд сайн муу, янз янзын л зүйл тохиолдоно. Тэр бүрд өвдөг сөгдөөд уурлаж бухимдаад байвал бид хүн биш араатан шиг болох байх шүү.

    Та уур хүрсэн үедээ яадаг вэ??? Хүмүүс янз янзын л зан гаргадаг байх. Дуугаа хураах, гартаа тааралдсанаа авч шидэх, эсвэл хэн нэгэн лүү уураа гаргах /яаа энэ ёстой муухай зан шүү/ гээд л.

    Миний хувьд гэвэл уурлахаараа уураа яаж хурдан гаргах вэ? ер нь би яагаад уурлачихваа гэж их боддог болоод байгаан. Ууртай үедээ юу ч хийдэггүй, мөн шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Уур гэдэг бол ерөнхийдөө сэтгэлийн ЦУНАМИ юмуудаа. Тэгээд ийм гамшигт үзэгдэлтэй байхад бид яаж эрүүл ухаанаар сэтгэж чадах вэ дээ.

    Тэгээд тайвшрах арга хэмжээг авч эхэлдэг дээ. Жишээ нь: Дуртай дуугаа сонсох, альбомоо үзэх, нүдээ аниад юу ч бодохгүйг хичээж зүгээр л хэвтэх, нар луу хараад нүдээ аниад зогсох гээд л. Өөрийгөө тайвшруулах нэлээд хэдэн аргатай байх нь зүгээр юм шиг байгаан.

    Урсгалгүй гол байдаггүй.

    Уургүй хүн гэж байдаггүй учраас уураараа гайхуулахаа больцгооё оо гэж.

     

  • Эмэгтэйчүүд гайхалтай

    Эмэгтэй хүнтэй холбоотой олон сайхан дууг мэдэх ч хааяа нэг сонсох дуртай VIVA дуугаа сонсмоор санагдаж нүдээ аниад сонслоо. Надад дахилт нь их таалагддаг юм, VIVA:

    Охид үргэлж инээж байг

    Бүсгүйчүүд баярлаж байг

    Ээжүүд жаргаж байг

    Зөөлнөөс зөөлөн сэтгэл

    Зөвхөн бидэнд байдаг гэж дуулж байгаам

    Миний бодлоор эмэгтэй хүн бүр л сайн сайхан, гайхалтай мэдрэмжтэй.  Байгалиасаа л эмэгтэй хүн болж төрнө гэдэг их аз завшаан юм шигээ. Бүх эмэгтэйчүүд жаахан охин байсан, тэд бүгдээрээ л хамгийн түрүүнд ээжээсээ бүхнийг суралцдаг, тиймээс ч монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж зүйрлэж ярьдаг байх. Ээж хүнийг:

    Эелдэг дөлгөөн, эерүү зөөлөн

    Энгүй ажилч, эгэлгүй цэвэрч

    Журамтай үнэнч, жудагтай өглөгч

    Ханьдаа түшигтэй, хадамдаа ээлтэй

    Үрдээ хайртай, үгэндээ хямгатай

    Настанд ерөөлтэй, насны ивээлтэй хэмээн шүлэглэж болох нь.

    Мөн эмэгтэйчүүд маань:

    •  бусдаас болзол шаардалгүй хайрладаг /хариу нэхдэггүй/
    •  итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
    •  илүү төгс шийдэл байгаа гэж үргэлж боддог
    •  хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
    •  бас бухимдсан үедээ инээдэг
    •  аз жаргалтай байхдаа уйлдаг
    •  уйлахыг хүссэн үедээ дуулдаг
    •  үнэнч, шударга ёсны төлөө босдог
    •  хүүхдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
    •  айж сандарсан найзыгаа дагуулан эмчид очдог
    •  үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
    •  найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
    •  дотны хүнээсээ хагацахад маш ихээр шаналдаг
    •  шинэ хүн мэндлэх, хурим болохыг сонсоод баярладаг
    •  бусдын шархалсан зүрх сэтгэлийг үргэлж дэвтээдэг
    •  гэр бүлийнхэн болон найзууддаа сэтгэлийн дэм өгдөг
    •  хайртай хүмүүсээ байнга халамжлахыг хүснэ
    •  санаа нь зовбол өмнөөс нь алхана, гүйнэ.
    •  хэлж чадахгүй зүйлсээ захиагаар, бүр и-мейл бичнэ.
    •  бүх зүйлийг тэврэлт үнсэлт 2 анагааж чадна гэдгийг мэддэг
    •  чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
    •  ярих зүйл их бий, өгөх зүйл ч бас маш ихтэй
    •  Миний мэдэхийн юутай ч зүйрлэшгүй ганц зүйл бол ЭЭЖ…  
  • Миний Улаанбаатар

    “Яруу сэтгэгч” сэтгэлгээний урлангийн график дизайнер Э.Бүрэнтөгсийн уран бүтээл №1

  • Чихрийн шижинтэй хүний “тамтай” хооллолт

    Чихрийн шижинтэй хүний “тамтай” хооллолт

    Чихрийн шижин өвчний тухайд:

    Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн түгээмэл болоод байгаа өвчний нэг бол яах аргагүй чихрийн шижин өвчин юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсээс ихээхэн шалтгаалдаг энэ өвчний тухайд хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм. Энэ өвчинөөс болж бөөр, хөл үе мөч, нүд, зүрх мэдрэлийн эрхтэнүүд болон цусны даралт ихсэх зэрэг өвчнүүдийг араасаа дагуулдаг байна.
    Тулах хөлгүй, харах хараагүй болох, бөөрний дутагдлаар үхэхээс айж, мөнгө хайрлахгүй эмчлүүлэх атлаа өвчний нь үндсэн шалтгааны нэг болсон буруу хооллолтоосоо салж чадахгүй хүн олон байх юм даа.

    Бодит жишээ:

    Нэгэн бизнесмен залуугийн амьдрал нэг л өглөө орвонгоороо эргэжээ. Түүний ам нь цангаж, шээс нь ойр ойрхон хүрээд, бас ядраад байжээ. Энэ байдлыг нэлээд удаан ажигласны эцэст эмчид хандсан байна. Гэтэл чихрийн шижин гэж оношлон, эдгэхгүй өвчин тул амьд явъя гэвэл хатуу дэглэм сахих хэрэгтэй гэж сонсоод, ихэд цочирдон сэтгэлээр унажээ. Тэднийх Зайсанд амьдардаг тул эхнэр нь хааяа “Соёолж” ресторанаар ордог байж. Манай сувиллын хоолны цэсийг үзээд бидэнд хандаж, нөхрөө тусгай хөтөлбөрөөр хооллуулах хүсэлт тавьсан юм. Гуравдугаар бүлгийн цустай тэр залууд хоолны хөтөлбөр хийж өгсөн бөгөөд манай “Соёолж”-д наад зах нь нэг сар тууштай хооллохоор боллоо.

    Дурлаж иддэгээс нь нилээн өөр хоол, унд байх учир нөхөрт нь тодорхой бэрхшээлүүд тулгарах бөгөөд тэдгээрийн үндэс нь сэтгэлд оршдог гэдгийг хэлж өгөөд, өвчнөөсөө бүрмөсөн салах боломжийг цаг алдалгүй ашиглахын тулд бага сага юм зайлшгүй олж мэдэх шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Тийм бэлтгэл хангаагүй бол хөтөлбөрийн дагуу тууштай хооллож чадахгүй гэхэд ихэд гайхаж байсан боловч үүний учрыг ойлгохын тулд гэр бүлээрээ манай сургалтад 5 өдөр суухаар болвоо.

    Нөгөө залуу хичээлд суугаагүйгээр барахгүй гурван өдөр арай гэж хооллоод л хөтөлбөрөөсөө татгалзсан юм. Харин эхнэр, ээж, дүү нар нь үндсэндээ түүний төлөө л сургалтад бүрэн суусан бөгөөд “сохорсон биш завшив”гэгчийн үлгэр шиг бидний хувьд маш хэрэгтэй ажил боллоо гэж байсан. Нөхөр нь хэрхэн дургүйгээр өөрийгөө албадан дэглэмээ барих гэж хичээж, түүндээ сэтгэл нь давхар зовж байгааг эхнэр нь хичээлд ирэхдээ ярина. Ээж нь ч хүүдээ их санаа зовно. Ухаантай хүн юм чинь аажимдаа сурна даа гэнэ.

    Нөгөө залуу маань саахар буулгадаг эмээ уугаад, дуртай зоогийн газартаа хүссэн хоолоо идээд явж байгаа гэсэн.

    Энэ түгээмэл үзэгдэл уншигч Танд танил биш гэж үү?

    Ажлаа хийгээд, хүссэнээрээ буруу хооллоод баясан амьдарч байсан чинь эрүүл мэнд муудаж эхэлдэг. Байдал нилээн эвгүй болсны дараа л эмчид ханддаг. Таагүй онош сонсдог. Бөөн түгшүүр, айдас. Ажлаа хойш нь тавиад л эмчилгээ хөөцөлдөж эхэлдэг. Хичнээн хичээвч өвчин амар заяа үзүүлэхээ болих үе эхэлдэг. Үхэх дургүй. Эмчилгээтэй хавсраад хоол ундны зөвлөгөө гарч ирдэг. Биелүүлэх гэж хичээдэг. Эм тариа, бусад эмчилгээг тэсэж болдог ч хоолны дэглэмд тэвчээр үнэхээр дутдаг. “Сайхан” хоол руу татах таашаалын эрхшээлээс мултрахыг хүсээд ч дийлэхгүй тул зөв үйл байнга хийгдэхгүй. Үйл нь бүтээгүй учир үр нь хаанаас боловсрохов? Төгсгөл нь ойлгомжтой.

    Үүнтэй маргах хүн гарах уу?

    Энэ тийм давагдашгүй хүчин зүйл үү? Биед зохимжтой учир эмч зөвлөдөг хоол унд нь үнэхээр л хүн идэхийн аргагүй юу?

    Хоёр өөр хариулт байх бөгөөд хоёулаа зөв.

    Сэтгэлээ боловсруулж амжаагүй хүн бол “тийм” гэж хэлнэ. Ид гээд байгаа юм нь  үнэхээр л амтгүй, муухай учраас идэх аргагүй гэж хэлнэ. Зөв хооллож чадахгүй байгаагийн шалтгаан нь  хоол гэнэ. Ухаанаараа  дүйж, зориг тэвчээр гаргаж байж л хийх ажил гэж бодно. Биеэр үзсэн учраас мэдэж байна гэж хэлнэ.

    Зэрлэг амьтан мэт эмнэг догшин сэтгэлээ эвтэйхэн номхруулан сургаж, эрхэндээ оруулсан хүн бол “тийм биш” гэж хариулна. Хүнс бүхэн давтагдашгүй өвөрмөц, өөр өөрийн амт, үнэр, өнгөтэй, сайхан муухай гэж ялган заримд нь дурлаж, заримаас нь дургүйцэх учир байхгүй гэнэ. Амт, өнгө, үнэр, хүртэгдэх байдал нь дотоод мөн чанарын гаднах илрэл гэдгийг тийм хүн мэднэ. Мөн чанар нь төгс гэдгийг мэдэж байгаа бол шинж чанарыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Төгс чанарыг нь эвдэхгүйг эрхэмлэнэ. Идэх юмыг бол аз жаргалтайгаар хүртэж чадна. Үр дүнг нь үзээд сэтгэл хангалуун байна.

    Бүтэц дотор нь юу байгаа, юу байхгүйг амт нь илэрхийлж байхад уг хүнс нь ашигтай хэрэгтэй зүйл ихтэйн гэрч болсон амтыг муу гээд сайхан амттай болгохын тулд хэрэгтэй бүхнийг нь гаргаж хаях хэр зэрэг зохистой ажил байхав? Зүйрлэвэл алт ихтэй шорооны өнгийг голж, алтгүй болгосныг нь сонгоод их баяртайгаар угаахтай төстэй. Уг нь алттай болох гэж л хийдэг ажил!

    Эрүүл хооллохыг сэтгэл нь зөвшөөрдөггүй учир тийшээ хандахгүй байх шалтгууд мундахгүй. Жишээ нь, тийм сайхан юм нь байхгүй учраас л болохгүй байна гэнэ. Чихрийн шижинтэй хүнд зориулсан хоол хүнс бий болонгуут үнэтэй байна, амтгүй байна гэх нь энүүхэнд. Тэгсэн мөртлөө инсулин тарьдаг 1 ширхэг зүүг 300 төгрөгөөр авахдаа элдэв юм бодохгүй.

    Эзнээ эрхшээлдээ байлгаж чаддаг эмнэг сэтгэлээ сургаж боловсруулах ажилд анхаарал хандуулсан хүн мөн ч их юм олж авна даа. Дадлагагүй бол энэ ажил яав ч бүтэхгүй. Боловсруулах  дадлагаа гэрээс гадуур хийж боломжийг Монголд бол “Соёолж” зохимжит хоолны газар, “Соёолж” бейкерийн бүтээгдэхүүнүүд олгодог.

    Ингэж хэлэхэд бизнесийн реклам гэж санагдаад, дургүй хүрч байвал нөгөө сэтгэл илэрч байна гэсэн үг. Дургүй нь хүрсэн юм чинь өвчтэй ч гэсэн бусдад ашиглагдахгүй дээ гэсэн бодол орж ирнэ. Гэтэл жинхэнэ утгаар  нь авч үзвэл хоол хийдэг хүндээ биш харин идсэн хүнд л мөнгөөр хэмжиж боломгүй ашиг авчрах мэдээлэл юм. “Соёолж” гэдэг боломжийг байлгаж байна гэдэг сэтгэлээ таних нь бүү хэл ажиглаж ч мэдэхгүй, өвчнөө худалдаж авдаг ч үхлээс айдаг хүмүүсийн зах зээлд тийм ч амар ажил биш. Ийм боломжийг ашиглах эсэх нь хувь хүний сонголтын асуудал.

    Чихрийн шижинтэй хүний нэг өдрийн хоолны цэс:

    Чихрийн шижинтэй, гуравдугаар бүлгийн цустай хүнд зөвлөгөө болгож, дээр дурдсан залууд гаргаж өгсөн хөтөлбөрөөс нэг өдрийн хоолны цэсийг сонирхуулъя.

    Өглөө:    1. “Соёолж” хоормог  2. Геркулес алим, ногоотой   3.Буудайн соёолж

    Өдөр: 1.  Гурван шимтийн шөл өндөгтэй 2. Адууны эрээн булчин, амтат чинжүү  3.Цагаан гаа нимбэгтэй өргөст хэмх 4. бүхэл үрийн гурилан мантуу

    Орой:  Өндөгтэй ногоо

    Эдгээрээс махтай хоолны орц, хийх аргыг  танилцуулбал: Адууны чанасан эрээн булчин  (150г), амтат чинжүү(100г) нарийн хэрчээд, бага зэрэг устай саванд зөөлөн галаар жигнэнэ.  Цайны халбага оливын тос, чимх давс, нимгэн зорсон цагаан гаагаар амтална. Бага зэрэг тараг нэмж болно. Аягалахдаа салат навч, ногоон сонгино зэрэг ногоон ургамлаар чимэглэнэ.

    Дээрх цэсэнд орсон хоолыг муухай гэж үнэлэх сэтгэлтэй бол амтгүй. Өтгөн шөл, шарсан тарган мах, тосонд амталж чанасан төмс, цагаан будаа, хурц амттай зууш, цагаан талхтай харьцуулбал тэгж үнэлэгдэнэ.

    Олон жил хэлмэгдсэн нойр булчирхай болон бусад эрхтнүүд нь хэрхэн баярлаж байгааг мэдэрч чаддаг сэтгэлд бол хачин сайхан амттай. Жинхэнэ амтыг төдийгүй зөв сайн үйлийн үр дүнг мэдэрдэг болсон хүний сэтгэл л дээ. Мэдрээгүй юмаа хүн мэдэхгүй шүү дээ.

    Өвчин гэдэг муу үр дүнг мэдэрч байгаа хүн жинхэнэ эрүүл байдлыг амсаж мэдрээгүй бол эрүүл аж төрөх тухай мэдлэгээ байнга хэрэгжүүлэх сонголт хийж чадахгүй. Харин мэдрэгдтэл нь туршиж үзэхгүй бол юугаа сонгох билээ дээ?

    Үхлийн айдас, амьдрах хүслээс нь илүү хүчтэй таашаалын үндэс сэтгэлд нь байгааг таньж мэдэхгүй бол өөрөөсөө бусдыг буруутгаж, сандарч бүлтгэнэсээр хамаг мөнгөө бараад, эдгэсэн ч юмгүй өнгөрөх магадлал дэндүү өндөр гэдгийг амьдрал байнга нотлон харуулсаар байх юм даа.

    Анзаарах сөхөөтэй амьдардаг бол. . . 

  • Super size me!

    Америкийн бүх юм нь том. Машин, байшин барилга, жоом (За бүр арай л дэндүү том. Тэгээд хаа сайгүй гудамжаар алхаж явна даа. )- оос эхлүүлээд л. Хүмүүс нь хүртэл том. Амьдралдаа харж байгаагүй том том хүмүүс зөндөө. Одоо энэ улс хүн амын таргалалтаараа дэлхийд бас л тэргүүлж байгаа.

    Саяхан Netflix (Энэ сайтад бүртгүүлээд хүссэн кино, тв шоу, тв цуврал кинонуудыг үзэж болно. Хэл сайжруулах нэг арга болохоор эндээс кино үздэг юм. Hulu.com гэж бас сайт байдаг. Гэхдээ энэ сайтууд зөвхөн АНУ- даа л ашиглагддаг юм билээ. ) сайтаас “Super size me” (Morgan Spurlock гэх залуу 30 days- 30 өдөр нэртэй баримтат нэвтрүүлгээрээ их алдартай. Super size me нэвтрүүлэг 30 өдөр шоуны нэг анги нь юм. Ерөнхийдөө энэ улсад тулгамдаж буй эмзэг асуудлуудыг хөндөн гаргаж нэвтрүүлгээ хийдэг. Жишээ нь: Эхнэртэйгээ хамтдаа ямар ч бичиг баримтгүй, жижиг хотод очоод хууль бусаар амьдарч буй хүмүүсийн амьдралаар 30 хоног амьдарч үзнэ. 30 хоног зөвхөн МакДоналдсаар хооллоно, тэгээд өөрийн бие дээрээ энэ хоолны үр дүнг туршиж үзэх гэх мэтчилэн их олон сайн нэвтрүүлгүүдийг хийсэн юм билээ. Хэдий тийм боловч бас л төр засгийн бодлогоор нэвтрүүлгүүдийг нь бүрэн эхээр нь нэт дээр байрлуулахыг болиулсан байсан.Ззөвхөн эхний 3, 4 минут нь байх жишээтэй. ) гээд баримтад кино үзлээ.

    Эндэхийн хүмүүсийн таргалалтын гол шалтгаан болсон “Fast food- McDonalds”- н тухай. 30 хоногийн турш өдөрт 3 удаа энэ хоолоор хооллож байгаан. Туршилт эхлэхээс өмнө бүрэн шинжилгээнд орж ямар ч өвчингүй, бүх бие нь хэвийн сайхан байгаа юм. За тэгээд 30 өдрийн дараа 8 кг таргална, ядарч сульддаг болно, биз нь энэ хоолонд дасал болж эхэлнэ, өглөө сэрэхдээ амарсан мэдрэмж авахгүй, цусан дахь сахарын хэмжээ ихэснэ гээд л хамаг юм нь болохгүй тал руугаа хандаж эхэлсэн дээ. Яаж ч бодсон үнэхээр муу гэдгийг дахин мэдэрсэн.

    Монголд л битгий салбараа нээгээсэй билээ л гэж бодогдсон доо. Яахав бид нар чинь БРЕНД л бол бүгд л хошуураад дайрдаг хүмүүс. МакДоналдс салбараа нээвэл бүгд очиж оочирлож зогсоод, том том одууд нь рекламдаад сүр болох нь тодорхой.

    Гол нь энэ орны ард түмэн тэгээд эхнээсээ энэ хоолны үр шимийг аль хэдийн хүртээд эхэлчихсэн байна даа. Гэхдээ нэг гайхаж байгаа зүйл байна. Энд хүмүүс бүгд мэднэ. Түргэн хоол, кола биенд муу гэдгийг тэгсэн хэрнээ л идээд байдаг. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм цаг хугацаанд баригдаж байгаа нь үнэн, цаг хугацааг хэмнэсэн түргэн хоол цаг хэмнэх гэдэг давуу талыг бидэнд олгосон ч, буцаагаад биднээс эрүүл мэнд, амь нас гэсэн хамгийн үнэт эрдэнийг маань буцаагаад авч байна. Энэ дэлхийг хэрсэн том компанийг жилд олон арван хүн шүүхэд өгдөг. Хэдий тийм боловч ялж чаддаг нь тун ховор. Уг нь бол өөрөө сонгоод л ходоод руугаа хийж байгаа даа тиймээ.

    Хэдий энэ компани нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлдэг ч гэлээ, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг ч гэлээ, хор нөлөө бас байнаа. Өдөрт дэлхий даяар 64 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг, 1955 онд байгуулагдсан, 119 оронд 31000 салбартай, 1.5 сая ажилтантай, үүсгэн байгуулагч нь Рэйе Крок (Ray Kroc).

    Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс:

     http://en.wikipedia.org/wiki/MacDonalds

      Бидний өмнө ч бас таргалалтын асуудал тулгараад байгаа. Хөдөлгөөний дутагдал, хоолны буруу дуршил гэх мэтчилэн. Хэрвээ өөрийгөө super sized болгож, эрүүл мэндээ үүрд алдахыг хүсч байгаа бол түргэн хоолыг шүтэж амьдраарай гэж уриалж байна. Бид мэддэг хэрнээ л хийсээр байдаг сонин амьтад шүү. 

  • Энэ их гай гамшигийг хэн хаанаас гаргаад ирэв ээ?!

    Яагаад надад гай гамшиг тохиолддог вэ?
     Бидний ихэнхи нь ямар нэгэн юм залшгүй тулгарч, хүзүү боомилсон тохиолдолд л ямар нэгэн зүйлийг сурч ойлгодог. Яагаад тэр вэ? Учир нь өөрчлөгдөхгүй буюу хэвэндээ байх нь хялбар байдаг тул бид чулуун хана мөргөтлөө бахь байдгаа хийсээр л байдаг.
    Эрүүл мэндээ аваад үзье л дээ. Бид хэзээ хоолны дэглэм сахиж, дасгал сургууль хийдэг билээ? Бидний бие махбод өвчинд баригдан тартагтаа тулж, эмч танд “Та амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол та ч өөрийгөө баллах нь дээ” гэж хэлмэгц бид гэнэт л хийж, хичээж эхэлдэг шүү дээ.
    Харилцааны хувьд-бид хэзээ хэн хэндээ хэрхэн их анхаарал халамж тавьж, хайрлаж байснаа хэлдэг билээ? Гэрлэлт цуцлахад буюу гэр бүл салж сарнихад!
    Сургуульд –хэзээ бид өдөр шөнөгүй сууж, хичээл номоо давтдаг билээ? Бид хичээл шалгалтандаа унах болохоор л ингэдэг.
    Бизнест-хэзээ бид цоо шинэ санаа дэвшүүлж, ”сүрхий” шийдвэр гаргадаг билээ? Өр ширэнд баригдахаараа. Хэрэглэгчдээ хэрхэн үйлчлэхийг бид ганц ч үйлчлүүлэгчгүй болсон цагтаа л ойлгодог!
    Бид хэзээ залбирдаг билээ? Амьдралд нухлуулахаараа ”Бурхан тэнгэр минь, та намайг авран өршөөгөөч” гэдэг.
    Бид хүнд бэрх зүйлс тулгарахад их юм ухаарч, агуу зүйлийг ойлгодог. Та хэзээ амьдралдаа хамгийн чухал шийдвэрээ гаргадаг билээ?
    Та амьдралд алдаж, сөхөрч унасан үедээ, ”дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” болох үед. Зөвхөн тэр үед л та өөртөө “Ядуурч дампуурч, нурж унахаас залхлаа. Алтан дундаж явахаас залхлаа. Энэ байдлаас гаръя, ямар нэгэн зүйл хийе” гэж хэлдэг . Амжилтаа бид тэмдэглэдэг, гэхдээ түүнээс маш их юм сурдаг. Бид эргэн санахад гай гамшиг л бидний олон зүйлийг өөрчилсөн байдаг.
    Овсгоотой нэгэн нь асуудалд орооцолдож явдаггүй, бэрх цөлх юмтай учрахад тэд өөрсдөөсөө “Бодож санаж байгаагаа, хийж байгаа юмаа хэрхэн өөрчлөх хэрэгтэй юм бол? Яавал одоо байгаагаасаа илүү дээр байж чадах вэ?” гэж боддог байхад олхиогүй нэг нь муу бүхний эхлэл дохиог анзааралгүй өнгөрөхөд харин хожим нь байшингийнх нь дээвэр нурахад “Яагаад энэ бүхэн надад тохиолддог байнаа?” гэж амаа барьдаг.
    Бид дадал зуршлын бүтээгдэхүүн. Бид өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орох хүртлээ хийж дадсан юмаа хийсээр байдаг.
    Нараа А гэдэг найз залуутайгаа муудалцжээ. Гутран, долоо хоног өрөөнөөсөө толгойгоо цухуйлгасангүй. Харин аажмаар хуучин найз нөхөдтэйгээ уулзаж, шинэ найз нөхөдтэй болжээ. Удалгүй гэр байшингаа, мөн ажлаа солив. Зургаан сарын дараа тэр өмнө өмнөхөөсөө илүү их аз жаргалтай, өөртөө илүү их итгэлтэй болжээ. Бодоход, А найз залуугаа алдаж ГАМШИГТ нэрвэгдсэнээрээ түүнээс хавьгүй их аз жаргалтай учирчээ.
    Батын амьдрал нь тийм ч таатай байсангүй. Ажил олдохгүй болохоор нь тэр өөрөө багахан ажил эхүүлжээ. Амьдралдаа анх удаа өөрөө өөрийнхөө эзэн, өөрийнхөө хүссэн юмыг хийх болов. Жижиг сажиг асуудал байсан ч түүний амьдрал цоо шинэ, утга агуулагатай, шинэ содон зүйлээр дүүрэн, харин ч гай гамшигаас ангид болсон байна.

    АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ ГАЙ ГАМШГИЙН ЦУВАА ЮМ УУ?

    Тийм байх албагүй. Хорвоо ертөнц биднийг сайн сайхан дохиогоор ёворч байдаг, харин үүнийг нь үл анзаарвал лантуугаар нүдэж эхэлнэ дээ.
    Дааж тэсвэрлэхэд тун хэцүү зүйл бол өсөлт хөгжил билээ.

    ХИЧЭЭЛ СУРГАМЖ
    Амьдралд бидний оюун ухаанаас давсан, үл ойлгогдох зарим зүйлс байдаг. Хүүхэд ДОХ-тэй төрөх ч юмуу, бүхэл тосгоныг үер урсгах ч юмуу, энэ үед бид “Яагаад” гэж асуухаас өөр аргагүй. Эдгээр зүйлд хариулт олдохгүй мэт санагдаж болох юм. Харин арай өөр өнцгөөс харвал “өдөр тутмын амьдралаас” зарим нэг зах сэжүүрийг олж болмоор.
    Та яагаад тодорхой нэг юм, тодорхой нэг хүнд тохиогоод байдгийг ажигласан уу? Аагий зургаан сар болоод ажлаасаа халагддаг, Баагий жил болгон шүүхээр орж байдаг, Бээгий дандаа хор ууж байдаг гэх мэт.
    Тодорхой юмс тодорхой хүмүүст ер тохиодоггүй мэт санагддаг. Баагий ажлаасаа халагддаггүй, Бээгий шүүхэд ер дуудагддаггүй, Аагий эмнэлэгээс хэл дуулдаггүй.
    Хэсэг бүлэг хүмүүст хэсэг тодорхой сургамж байдаг. Бид энэ бүхэнд дараах гурван аргын аль нэгийг ашиглаж хариу үйлдэл хийнэ. Бид эсвэл:
     -“МИНИЙ АМЬДРАЛ ТОДОРХОЙ НАРИЙН ДАРААЛАЛТАЙ, СУРАХ ОЙЛГОХ ЁСТОЙ ЦУВРАЛ СУРГАМЖ ЮМ”./ хамгийн эрүүл ашигтай арга оюун санааны амгалан байдлын баталгааг хангана./
     -“АМЬДРАЛ БОЛ ТОГЛООМ ЮМ, БИ ЗАМД ТААРСАН ЗҮЙЛИЙН ИХЭНХИЙГ ХҮРТДЭГ”/ дараагийн сайн сонголт-амьдралын дундаж түвшин/

    -ЯАГААД МУУ БҮХЭН НАДАД ТОХИОЛДООД БАЙНА ВЭ?”/ гай зовлон бухимдал цухлыг авчирна/
    Бидний амьдралд байнгын хичээл сургамж бэлтгэгдсэн байдаг. Хэрвээ бид хичээлийг ойлгохгүй сурахгүй, сургамж авахгүй байвал дахиад, бас дахиад дахин хичээл орох болно.

    Үүнийг тэнгэрийн заалт, байгалийн тохиол, заяа төөрөг гэж хэлж нэрлэсэн ч энэ бүхэн тохиолдсоор. Хариуцлага үүрээд гарсан ч, золиос боллоо гэж зарласан ч, тэмцсэн ч, үл тоомсорлосон ч тохиосоор болсоор л байна. Бүхий л амьдралын чинь турш үргэлжилнэ. Таны хөрш таныг чичилж загнасан ч, хүнд” хулхидуулсан ч”, хайртай хүнээ алдсан ч энэ бүхэн хичээл сургамж болж таныг харсаар тантай нүүр тулсаар л байх болно.
    Хэрвээ танд долоо хоногийн турш золгүй явдал учирсан бол та юм сурсангүй ахисангүй. Хэрэв та ажлаа, хайртыгаа, мөнгөө алдаж байгаа бол та мөн л анхаарал тавихгүй байгаагийн шинж. Нэгэн бүсгүйн хэлсэнчлэн “өнөөх л хуучин асуудлууд минь сүүдэр шиг дагасаар байх юм” гэсэнтэй л ижил юм.
    Бид муугаар бодлоо л гэхэд “ Шударга биш байна” гэх.
    ЭЦСИЙН ЭЦЭСТ бид бүхэн энд залхаан цээрлүүлэгдэхийн тулд биш, харин ухамсарлан суралцан боловсрохын тулд ирсэн билээ. Тохиол болгон биднийг сургаж, биднийг хөгжүүлж байдаг, гай гамшиг бид бүхний бодол санааг өөрчлөн агуутгах онцгой чадамжтай байдаг. ТОХИОЛ БОЛГОНД ЗОРИЛГОТОЙГООР ХАНД, ТЭГВЭЛ ЧИНИЙ АМЬДРАЛ УТГА УЧИРТАЙ БОЛНО. Туршлага яагаад хэрэгтэй байдгийг ойлгож, түүнийг маш хурдан олж эзэмш, нэгэнт олж авсан зүйл хаягдахгүй.

  • Ажил хэрэгч хүний амжилтанд хүрэх 3 арга барил

    Бизнес гэдэг агуу том тулалдааны талбарт хэн ухаантай, чадалтай, хэн бусдаас хурдтай байна тэр л ялагч болдог.
    Хэрэв та өөрийгөө ажил хэрэгч хүн болсон гэж бодож байгаа бол дараах 3 аргыг хэрэгжүүлснээр таны өмнө амжилт, алдар нэр мэхийн ёслох болно. Эдгээр нь “Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар- Өөрөөр сэтгэ” хэмээх 3 арга юм.

    1. Өөрийгөө хөгжүүл

    Зарим хүмүүс зөвхөн их сургууль их сургууль төгсөөд л сурч боллоо гэж боддог байх. Гэтэл таны ажиллаж буй байгууллага бол нэгэн том механизм бөгөөд та бол түүнийг ажиллуулагч араануудын нэг юм. Араа эргэж л байх ёстой. Хэрэв тэр тосгүй бол эргэхээ больж зэвэрч гацна. Тэгээд л түүнийг авч хаяад өөр араагаар солино. Харин тэр тос нь хөгжил юм. Өөрийгөө хөгжүүлснээр та бусадтайгаа эн зэрэгцэн алхаж чадна. Бүр илүү гарч түрүүлж ч чадна. Энд би танд өөрийгөө хөгжүүлэх 30 хоногийн төлөвлөгөөг санал болгоё. Хөгжихийн тулд зөвхөн ширээний ард суугаад ном унших биш буруу зуршлуудаа хаяхаас эхлээд амьдарлынхаа бүхий л хэсэгт анхаарлаа хандуулж төлөвлөгөөтэй байж сурах нь өдөр өдрөөр хэмжигдэх хөгжил юм. Та A; B; C; D; E гэсэн 5-н төлөвлөгөөнөөс 30 хоногийн дотор тус бүрээс дор хаяад 2-ийг биелүүлж чадвад таны ажил амьдралд эерэг чиглэлд өөрчлөлт гарна гэдэгт итгээрэй.

    30 хоногийн хөгжлийн 5 төлөвлөгөө
    (Яг өнөөдрөөс эхлээд ……….ий өдрийг хүртэл)

    “А” төлөвлөгөө: Энэ зуршлуудаа орхино
    1. Ажлаа хойш тавьдгаа
    2. Өөдрөг биш хүмүүстэй уулздагаа
    3. Өдөрт нэг цагаас илүү зурагт үздэгээ
    4. Худал үнэн хов жив хөөцөлдөхөө

    “B” төлөвлөгөө: Энэ зуршлуудыг хэвшүүлнэ
    1. Өглөө бүр гадаад үзэмжээ анхаарах цаг өөртөө заавал гаргана
    2. Дараагийн өдөр хийх ажлаа оройдоо төлөвлөж хэвшинэ
    3. Боломж гарах бүрд хүмүүсийг сайшаана

    “C” төлөвлөгөө: Ажил дээрээ хэрэгтэй зүйлийг хийнэ
    1. Хамт ажиллагсдаа илүү хөгжүүлэх өөрийн шинэ санааг даргадаа хэлнэ
    2. Байгууллагынхаа тухай илүү ихийг мэддэг болно
    3. Ажлаа илүү сонирхолтойгоор хийж болох 3-н шинэ санаа олно

    “D” төлөвлөгөө: Гэр бүлдээ зориулж эдгээрийг хийнэ
    1. Жижиг зүйл дээр ч ханийхаа хийснийг магтана
    2. 7 хоногт нэг удаа гэрийхэнтэйгээ ямар нэг онцгой зүйл хийнэ
    3. Өдөрт нэг цагийг бүтнээр нь гэр бүлдээ зарцуулна

    “E” төлөвлөгөө: Оюунаа дараахь зүйлээр хөгжүүлэхийг хичээнэ
    1. 7 хоногт хоёр цаг мэргэжлийн сэтгүүл уншина
    2. Өөрийгөө хөгжүүлэх номуудыг уншина
    3. 3-н шинэ найзтай болно
    4. Өдөрт хагас цагийг чимээгүй, юу ч саад болохгүй орчинд хийсэн ажлаа эргэцүүлдэг болно.
    Гол нь та яг одоо л эхлэх нь чухал шүү. Учир нь цаг хугацаа таныг хүлээхгүй. Харин дараагийн 30 хоногт та өөртөө илүү итгэлтэй, сэтгэх хүрээгээ тэлсэн , илүү хүчтэй болсон байна. Хөгжил дэвшилд итгэж зөвхөн урагш тэмүүл, тэгж чадвал та хошуучилна. Амьдрал гэдэг өчүүхэн байхын аргагүй богинохон.
    Урагшаа ажил хэрэгч залуу минь! Урагшаа ажил хэрэгч бүсгүй минь!

    2. Өнөөдрөөрөө амьдар

    Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхээ алдаа дутагдал харамсан, эсвэл ирээдүйд яачих бол хэмээн санаа зовж амьдардаг. Тэгсээр байгаад амьдралд ганцхан олдох тэр өдрөө дэмий шахуу үр бүтээлгүй өнгөрөөдөг. Та урьд нь алдсан байж болно, тэгээд юу гэж ? дахиад давтахгүй л байвал боллоо шүү дээ, ямар ч ид шид байгаад өнгөрснийг буцааж чадахгүй. Харин та одоо цагтаа амьдарснаар ямар ч шидтэнээс илүүтэйгээр өөрийн ирээдүйг өөрчилж чадна. Яг одоо та ямар ажил хийж байна, албаны захиа бичиж байна уу? Хамтрагчтайгаа хоолонд орж байна уу? чухал баримт уншиж байна уу? Тэгвэл түүндээ л хамаг анхаарлаа хандуулж сур. Захиагаа хичээнгүйлэн бич, хоолоо амтархан ид, энэ эссэг уншиж байхдаа ч анхааралтай унш. Өөрөөр хэлбэл бодлоо ийш тийш “тэнэхээс ” сэргийл.
    Захиагаа бичиж байхдаа өглөө эхнэртэйгээ хэрэлдээд дийлдсэнээ бодоод уурлаж бичвэл бичсэн захиа чинь захиа биш болно гэдгийг санаарай.
    Мөн тухайн цагт хийчихэж болох зүйлийг “залхуурал ” хэмээгч зүйлээс болж маргааш гэж хойшлуулах тохиолдол олон байдаг. Энэ л ажил хэрэгч хүний гол хурд сааруулагч бөгөөд 1 удаа “маргааш” гэснээс болж “маргааш” хийх байсан ажил чинь хойшлогдож дахиад л “маргааш” гэж хойшлуулах хэрэгтэй болно. Тэгсээр байгаад нэг л мэдэхэд уул овоо шиг их ажилд дарагдана шүүдээ. Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцэнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
    Нэг өдөр суга үсрээд л амжилтанд хүрсэн хэн ч байдаггүй, харин алдсан ч шантралгүй өдөр бүр хичээж тууштай байгаад амжилтанд хүрсэн олон хүнийг бид мэднэ.
    Тиймээс та өдөр бүрийн ажлаа чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулж хийвэл амжилтанд хүрэх бас нэг гарц гэдгийг битгий мартаарай.

    3. Өөрөөр сэтгэ

    Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэдэг.
    Бусдаас өөрөөр сэтгэх нэгэн жишээг та бүхэнд сонирхуулья.
    Америкийн нэгэн сойзны компаний захирлын ширээн дээр “Надад сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн мэргэн үгийг жаазанд хийж зочны суудалруу харуулан тавьсан байдаг байна. Харин жаазны нөгөө талд буюу өөрийх нь талаас харвал “Тэдэнд сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн байдаг аж. Үүний ачаар би бусад дарга нарыг бодвол хамаагүй бага уурладаг хэмээн тэр инээмсэглэн ярьж байжээ. Энэ бол өөрийн болон бусдын өөдрөг сэтгэлгээг дэмжих ухаалаг арга юм. Та ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй.
    Бодол санааныхаа цар хүрээг тэлэхийн тулд тод томруун эерэг сэтгэгдэл төрүүлэх үг хэллэг хэрэглэх хэрэгтэй.
    Одоо зөвхөн байгааг биш өөр илүү юу байхыг олж харж чадаж байгаа эсэх тань л бусдаас давуу болохыг харуулж чадна, бусдын амыг нь ангайтал өөрийхөө хэлэх гэснийг зоригтой хэлж сурах хэрэгтэй (гэхдээ эерэг сэтгэгдэл төрүүлэхээр шүү ). Борви нь чичирсэн хүний үйл ажил босгсоны хөндлөнгөөс цааш хэтэрдэггүй гэсэн мэргэн үг байдаг, тиймээс яг одоо л хөдөл. Бусдаас илүү сэтгэж амьдалд илүү идэвхитэй байж бусдаас илүү амжилтанд хүрэх тэр цагт тэд танаас “Чи яагаад биднээс ийм онцгой юм бэ? ” гэж асуух болно. Хариулт нь: Өөрөөр сэтгэ.

    Ирээдүй гэдэг асуулт
    Алхам бүр нь хариулт
    Алдаж онох нь дүн
    Амьдрал өөрөө шалгалт гэж үг байдаг.
    Тэгэхээр асуултандаа хэрхэн хариулж, ямар дүн авч,шалгалтаа хэр сайн өгөх нь 100% танаас өөрөөс тань шалтгаална гэсэн үг . Сайн сайхан амьдарлыг хүсдэг хүмүүс олон. Гэвч зөвхөн хүсч мөрөөдөхөөс хэтэрдэгүй хүмүүс нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж чармайдаг хүмүүсээс илүү олон байдаг нь нууц биш.
    Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар – Өөрөөр сэтгэ ” хэмээх 3-н аргыг үнэхээр цогцоор нь хэрэгжүүлж чадвал та амжилтанд хүрнэ гэдэгт итгэ. Гол нь бүх зүйл таны өөрийн хичээл зүтгэл, тэвчээрээс шалтгаална.
    Амжилт таны гарт, аз жаргалтай ирээдүй таны өмнө байна, ажил хэрэгч залуу минь, ажил хэрэгч бүсгүй минь та бүхнийг чадна.