Author: admin

  • Нэр хүндээ хайрла

    нэр хүнд, эмэгтэйчүүд, харилцаа, Хайртай хүн, гэр бүл, найз нөхөд хамт олныхоо дунд нэр төрөө алдахгүй байна гэдэг эмэгтэйчүүд бидний хувьд хичнээн чухал билээ? “Нэр хугарахаар яс хугар” гэдэг маргашгүй үнэн зүйр үг ч бий.

    Бусдын хувьд үнэлэмж буурах нь хувийн үнэ цэнэ, нийгмийн байр суурь, карьерын хувьд ямар олон таагүй үр дагавар авчирдгийг бид мэднэ. Бидний үг, үйлдэл болгон бусдад ямар нэг мессежийг өгдөг. Тэгвэл эмэгтэй хүн ямар ч орчинд, яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?

    Олонтойгоо бай. Хүмүүсийг өөрсдөө хүрч ирэхийг хүлээхийн оронд өөрөө тэдэн дээр оч. Бужигналдаж сууснаас ганцаараа байх нь танд илүү таалагддаг байсан ч олон нийтийн арга хэмжээ, найз нөхдийн уулзалтаас үргэлж хойш суусны хэрэггү. Дараа нь таныг гэх хүнгүй болчихвол харамсалтай.

    Өөрөөрөө л бай. Бусдад сайхан харагдахын тулд өөртөө байдаггүй зан чанарыг гаргах гэж бүү хичээгтүн. Дутагдалтай талуудаасаа нуун далдалж болохоос биш, шинээр дасал болоогүй араншинг гаргах гэж хичээх нь нэр хүндийг тань харин ч сэвтээж орхино.

    Үргэлж үнэнийг хэл. Нэр хүндээ хамгаалж үлдэх гэсэн зорилгоор худал хэлэх эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх нь эсрэгээрээ муу үр нөлөөтэй байж болох. Тиймээс ноцтой хэрэг биш л бол үргэлж үнэнийг өгүүлж бай. Авъяас чадварынхаа талаар магтаж ярих гэсний оронд үйлдлээрээ түүнийгээ батлан харуулаарай. Та чаддаг зүйлдээ бардам байгаа нь сайн хэрэг боловч өөрийгөө дөвийлгөн магтаж байгаа хүнийг бусад хүн эерэгээр хардаггүй.

    Өөрийнхөө сул талуудыг түрүүлж хэлэх хэрэггүй. Энгэсэг тань шингээгүй, эсвэл өглөө хумсныхаа будгийг арилгаж амжаагүй гэдгээ харилцаж байгаа хүнээ анзаарахаас нь өмнө өөрөө түрүүлж айлтгах нь харин ч “бодоогүй юмыг нь бодуулна” гээч болох тохиолдол бий. Ингэснээр та өөртөө итгэлгүй харагдах болно. Үүний оронд ямар нэг байдлаар харагдуулахгүй байх арга хэмжээ аваарай. Ганц гадаад үзэмж ч биш, зан ааш, биеэ авч явах байдлынхаа сул талуудын талаар ум хумгүй түрүүлж дуугарах хэрэггүй.

    Сайн танихгүй хүмүүсийн дэргэд хов жив бүү ярь. Хана хүртэл чихтэй. Нэр муутай хүмүүстэй дотносох хэрэггүй. Тэгвэл таниас ч бас хүмүүс дөлөх болно. Гэвч бүх хүмүүстэй ижил тэнцүү харьцахаа мартуузай.

    Хэн нэгэн таныг дорд үзсэн мэт үг үйлдэл гаргавал нэр төрөө эвтэйхэн хамгаалж сур. Хааяа хатуухан байхад илүүдэхгүй. Халдашгүй байдалд тань нэвтэрч, таныг бусдын хажууд эвгүй байдалд оруулахыг оролдохыг хэнд ч бүү зөвшөөр.

    Өөрийнхөө талаар бага ярь. Энэ дүрэм нь ганцхан хайр сэтгэлийн харилцаанд л хамаатай гэдгээр бусдаасаа өөр. Учралын эхэн үед өөрийнхөө талаар бүгдийг нь тооччихолгүй, цаашид сонирхох зүйлтэй үлдээ. Тэгэхгүй аваас, та түүний хувьд уншаад дуусчихсан ном болон хувирах болно. Өөрөөр хэлвэл “чихрээ” нэг нэгээр нь өгөөрэй. Мөн өнгөрсөн харилцаануудынхаа талаар нээлттэй байх нь зөв ч бүгдийг нь дэлгэрэнгүй ярих нь буруу юм. Учир нь таны талаар янз бүрийн ойлголтуудыг нөгөө хүнд өгөх болно. Уулзаад удаагүй үедээ сул дорой, хамгаалалтгүй байдлаа бүү харуул.
    Танд амжилт хүсье. 

  • Амьдрах сайхан

    Намрын сэрүүн хэдийнээ ирчихэж, салхи жиндүү байх юм. Гараад ирсэн чинь даарахаар шинжтэй. Уулзах охиныхоо гэрийг гайгүй сайн заалгаад Баруун дөрвөн зам зүглэлээ. Таарсан хүн бүрээсээ Богд Ар хорооллыг асууж сурагласаар 12 давхар ягаан байрны дэргэд ирлээ. Шинэ байр болохоор одоохондоо лифтгүй гэнэ. Зорьж ирсэн айл маань 11 давхарт болохоор шатаар өгсөх зуураа Мишээлд ч амаргүй даваа юм даа гэж бодлоо. Ингэхийн учир нь зорьж яваа охин маань төрлөхийн саажилттай, тэргэнцэр дээр суудаг.

    Мишээл одоо 20 настай. Нийслэлийн 25-р сургуулийн 9-р ангид сурдаг. Би явж чаддаггүй, бас гар минь хөдөлдөггүй ч гэсэн би үргэлж хүн гэдгээ мэдэрдэг. Миний мөрөөдөл хязгааргүй. Өөртэйгээ адилхан хүмүүсийн тухай кино бүтээнэ. Найзынхаа зохиосон шүлэгнээс санаа авч зохиол бичээд кино найруулагч болно, ФМ радиогийн дарга нь болж өөр шигээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэнд ажиллуулна. Гэхдээ хэл яриа нь сайн хүмүүс миний радиод ажиллах болно оо. Бүх хүмүүст эрх тэгш үйлчилдэг дэлгүүр, орон сууц, кино театр, банк гээд олон нийтийн байгууллагад хөрөнгө оруулдаг тэрбумтан болно оо… гэж Мишээл ярьсан юм.

    Мишээл мөрөөдлөө ярьж байхдаа огтхон ч эргэлзээгүй. Түүний хамгийн ойр байдаг хүн бол ээж нь. 20 жил хамтдаа хайр дүүрэн амьдарч яваа ээж охин хоёр хэнээс ч илүү ойлголцдог. Би ээжийгээ өвдвөл сайхан хоол хийж, аавыгаа хааяахан согтуу ирэхэд нь хувцасыг нь тайлаад өгмөөр санагддаг. Аав, ээжтэйгээ л байхдаа би хамгийн аз жаргалтай байдаг. Хүн болж төрсөндөө бахархдаг. Мандаж байгаа нарыг харж байгаадаа баярладаг. Зарим хүмүүс хүсэл тэмүүлэлгүй, өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байгааг хараад хайран гар, хөл гэж боддог юм. Хэрвээ би тэдний оронд байсан бол их зүйл амжуулах байсан даа. 

    Мишээлийн ээжийг Энхээ гэдэг. Миний охин наддаа амин эрдэнэ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Явж чаддаггүй нь асуудал биш ээ, оюун ухаан л эрүүл байгаа нь хангалттай. Ээждээ дандаа сайхан үг хэлдэг. Би бүр заримдаа хэлэх үг олдохгүй, уйлчихдагым. Ойр тойрны маань хүмүүс хэлдэг л дээ. Чи ийм хэцүү өвчтэй хүүхэдтэй байж яаж ийм өөдрөг сэтгэлтэй байдаг байна аа гэж. Би яах юм бэ, хүүхэд минь саажилттай гээд уруу дорой царайлаад явах уу? Надад миний хүүхэд хэцүү санагддаггүй болохоор л би ийм өөдрөг, амьдрал минь сайхан байгаа хэрэг шүү дээ.  

    Амьдралыг дандаа гэгээнээр хардаг ийм өөдрөг ээжийн охин том мөрөөдөлтэй байхаас ч яах билээ. Үнэхээр урамтай байна шүү. Миний хөөрхөн болцгор ээж, бас их уйланхай гээд л ярьж байхдаа Мишээлийн нүд баяр хөөртэй харагдаж байсан. Анх өрөвдөх сэтгэл төрөөд байсан миний бодол одоо өөр болчихсоон. Би Мишээлийн гэрээс урамтай гарсан юм.

                                                   

    Ирж явахад жиндүү байсан салхи одоо зөөлөн болчихож. Нөгөө түүртээд байсан 11 давхар ч амархан санагдаж байх чинь. Амьдрал надад гэгээн бүхнийг өгсөн… гээд ч дуулмаар. Хүнийг ойлгох сайхан юм. Амьдрах бүүр ч сайхан юм байна аа.

     

     

     

  • “ТА АМЬДРАЛАА ТАМ БОЛГОХ УУ? ДИВААЖИН БАЙЛГАХ УУ?” ЛЕКЦ

    “ЯАНАА? гаас салж, ЖАРГАЛ-ыг бүтээх нь” Гэр бүлийн харилцааг хүссэнээрээ удирдах нууц жороос

    Гэр бүл судлаач  Л.Нарантуяагийн 21 жилийн судалгааны  үр дүнд нийгмийн хөгжилд нөлөөлж байгаа гэр бүлийн нийтлэг зөрчил, ололт мөн хувь хүний ёс суртахууны болоод зан үйлийн ондоошилт, өсөлт хөгжлөөс шалтгаалан хүн өөрийгөө зовлон шаналалд хүлж байгаа залуу үеийнхний сэтгэлийн болоод оюуны боловсролд нөлөөлөх зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ юм. “Яанаа?” гэсэн бодол “Зовлонтой байна” гэдэг хүлээсийг мултлах арга замаас маш ихийг уудлан ярьж, эргэцүүлэх боловсролоос хүргэнэ.

    Яригдах сэдэв:

    • Хүн бүхэн эхээс тасарч амьсгалах эрх олсны учир
    • Хайранд бүрэн суралцах гэр бүлийн орчин / 4 төрлийн хайраас /
    • Эрийн болон эмийн цээнд хүрэх мөчид ханиа хэрхэн сонгох талаар
    • 3 төрлийн хүний хувь тавилан
    • Бодлоо, үгээ, үйлдэл бүрээ бусдын тусын тулд зориулж хичээснээр өөрийн амжилтын түвшинг дээшлүүлэх аргаас 
    • Ганц бие хүмүүст тохиолдох айдас, түгшүүр
    • Ханьдаа итгэх итгэл нь алдрах мөчүүд, түүнийг сэргээх аргаас
    • Гэр бүлээс гадуурх хайрын /бэлгийн/ харилцааны түмэн асуудал
    • Архидалт, ажилгүйдэл, эдийн засгийн хараат байдал
    • Хүүхдийн өсөлт хүмүүжлийг тойрсон түм буман асуудал
    • Хадам худын харилцаанд үл ойлголцол үүсэх тохиолдол
    • Найз нөхдийн зүгээс хосын харилцаанд оролцох зөв болоод буруу нөлөөлөлүүд

     Гэр бүлийн харилцааг тойрсон хүн бүрийг дайрсан бүхий л дайрлагуудыг засах арга ухаан зөвхөн танд өөрт чинь байдаг.

    Хэзээ: 2011 оны 10 сарын 1- ний 18 цагт
    Хаана: АКУМА төвийн 4 давхарт, “МSH” Ресторан /Саппорогийн 4 замын уулзварын зүүн урд/
    Утас: 99088602, 99179239, 99050211

     

    Гэр бүл судлаач Л.Нарантуяагийн нийтлэлчийн буланг унших http://yaruusetgegch.com/#!/author/narantuya

  • Эрчүүдийг хувцсаар нь тодорхойлж болно

    Эрчүүд хэрэв цагаан цамц өмсдөг бол

    • Өмсөхийг хүсдэг, байнга өмсдөг бол ёс суртахууны асар их хүмүүжилтэй нэгэн байдаг гэнэ. Гэхдээ мэдээж ажил хэрэгч хүмүүс ийм хувцсанд дуртай эсвэл хүссэн хүсээгүй өмсөх ёстой шүү дээ. Энэ нь зөвхөн ажил, бусад үед ч ингэж хувцасладаг эрчүүд багтана.

    Хөвөн ноосон, нэхмэл чөлөөтөй цамц өмсдөг бол

    • Авъяаслаг, нууцлаг, ухаалаг нэгэн байдаг гэдэг шүү. Ямар ч эмэгтэйтэй үнэн сэтгэлээсээ ярилцаж, өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг таниулж чаддаг чөлөөтөй авъяаслаг эрчүүд ингэж хувцасладаг аж.

    Богино өмд бариу цээчивч өмсдөг бол

    • Мэдээж албаны бус байдалтай байхыг хүсэгчид. Харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүдийн харцыг өөртөө татахыг хүсэгчид. Ийм эрчүүд голдуу спортынхон, эсвэл бодигоор хичээллэдэг мэдээж ханхар цээжтэнгүүд өмсөх нь ойлгомжтой.

    Гоёлын ба энгийн загвартай гутал өмсдөг бол

    • Эрчүүд чийрэг байгаагаарааа байх дуртай. Жаахан загвар хөөх гээд улайрах талтай. Гэхдээ чөлөөтөй, энгийн харагдахыг хүсэгчид.

    Урт ханцуйтай хувцас өмсдөг бол

    • Амьдралд хөнгөн ханддаг, өөрийгөө зовоохыг хүсдэггүй. Ийм эрчүүдийн дунд амьдралдаа хайнга хандсаны гайгаар гэр бүл салалт их байдаг. Аль болох амар хялбараар мөнгө олж, амьдрахыг хүсэгчид. Мэдээж ийм амьдрал хаа ч байхгүй нь харамсалтай.

    Нэртэй хүмүүсийг дуурайж хувцасладаг бол

    • Мэдээж нэртэй жүжигчид, дуучид, алдартангуудын оронд өөрийгөө тавьж үздэг. Их мөрөөдөмтгий хүмүүс. Өөрийгөө яг адилхан харагдаж байна гэж бодон их л өөдрөгөөр эргэн тойрноо харан алхах дуртай. Жаахан хэтэрхий туйлшрамтгай зантай болчихдог. Учир нь нэгийг харж шарваж урвадаг муу зантай.

    Өдөр бүр нэг загвар хийцтэй костюм цамц өмсдөг бол

    • Аливаа зүйлд их нухацтай хандаж,асуудлыг олон талаас нь харж дүгнэдэг. Хэтэрхий бүтээлч, хөдөлмөрч эрчүүд байдаг. Түүнд хийж бүтээх санаж явдаг ажил олон байдгаас тэр бүр хувцаслалт бараг л ар гэрээ хайхрахгүйшахам явдаг. Гэхдээ мэдээж ажил хийвэл ам тосддог хойно. 
  • Миний хайртай амьтан-Магадгүй тэр зарим ухамсарт хүнээс илүү ч байж магад…

    Гэртээ харихад миний хайртай “банхар” урдаас угтан ирж намайг долоож, сүүлээ шарваад нэг л дотно. Эрхэлж байгаа хүүхэд аятай харц нь ямар зөөлөн гээч. Тэр 13 жил амьдрахдаа энэ зангаа орхиогүй. Намайг хөдөө гадаа, эсвэл уул өөд явахад, орой гэрээс гарахад хамгаалагч минь аятай ямагт хажууд минь даган явдаг. Тэр надад уурладаггүй. Гомдоллодоггүй. Атаархдаггүй. Намайг үзэн яддаггүй. Илүү эсвэл дутуу үздэггүй. Шүүмжилдэггүй. Надад муу санадаггүй. Надад муу зүйл хийдэггүй. Намайг муухай царайлаад, муухай хувцас өмсөөд явж байсан ч хажууд минь хань болон дагаад явж байдаг. Уйтгарлавал намайг ойлгож байгаа аятай гунигтай харцаар яасан юм болоо гэсэн шиг гөлийгөөд таг хараад зогсоно. Би банхардаа ямар их хайртай гээч. Түүнд гоё хоол хийж өгнө. Тэвэрнэ. Илнэ. Өхөөрдөнө.

                Банхар маань хүн шиг оюун ухаангүй амьтан ч гэлээ, заримдаа намайг хүнээс илүү ойлгодог. Бас нэг зангаараа байдаг үнэнч амьтан.

                Гэтэл би өдийг хүртэл хүний нийгэмд амьдрахдаа хайртай банхар шигээ нэг зангаараа байдаг, үнэнч, материаллаг зүйл, харагдах байдалд анхаарлаа хандуулдаггүй, хүний сэтгэлийг мэдэрдэг хүмүүстэй цөөхөн таарч байсан. Урвалт, үзэн ядалт, уур хилэн, атаархал, хууран мэхлэлт, өс хонзон гээд муу бүхнийг хүнээс л мэдэрч байлаа.

    Миний хайртай банхар- Магадгүй тэр оюун ухаант хүнээс илүү ч байж магад…

  • Гэр бүлийн итгэл үнэмшил

    Гэр бүлийн асуудлыг маш өргөн хүрээтэй судлаж үзэх хэрэгтэй байдаг. Ихэнх гэр бүлийн бичигдээгүй хэрнээ, бидэнд ойр байдаг сурах бичиг бол бурхан шашны сургаалууд юм. Биднийг хүүхэд болон төрөхөд, гэрлэхэд, хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд лам залж ном уншуулах нь бий. Энэ нь бидний гэр бүлд бурханы шашин хэрэгтэй байдаг болохоор тэр гэж ойлгож болно. Харин хүн гэдэг амьтан ямар нэг мэдэхгүй чадахгүй зүйлтэй тулгарсан, аргаа барсан үедээ л “Бурханаа” хүлээн зөвшөөрдөг. Зүй нь бусад жирийн үед ч байнга бурхнаа бодолдоо санаж, түүний бидэнд зориулсан сургаал, зарчмыг дагаж явах хэрэгтэй. Ялангуяа гэр бүл болж, өндөр хариуцлага авсан хүн өөрийн “дотоод” боловсролыг дээшлүүлэх нь, түүнд аз жаргалыг авчирч, амжилтын эх сурвалж болдог байна.

                Эцэг эхээс өөрсдийн хүүхдэд хайраа илэрхийлэх таван арга бий гэж Будда багш сургасан:

    –       Тэднийг муу үйлээс хамгаалах

    –       Тэднийг сайхан сэтгэлтэй болгох

    –       Тэдэнд дотоод зүрх сэтгэлийн боловсрол олгох

    –       Тэдэнд таарч тохирох хань олж өгөх

    –       Тэдэнд цаг тухайд нь өв хөрөнгө дамжуулж өгөх

    эдгээр болно. Бид эцэг эхээс төрж, тэдний ёс суртахууны үнэт зүйлсийг өвлөн авч хүмүүждэг. Ийм учраас эцэг эхчүүд маш сайн үлгэр дууриал үзүүлж байх хэрэгтэй.  Хосууд бие биедээ хайр, баясал, хоол унд, бэлэг байнга өгдөг байх хэрэгтэй. Хүн ямар нэг бэлэг өгч байгаа хүн энэ үйлдлээсээ өөрөө ханамж авч аз жаргалтай болж байдаг. Гэр бүлийн дэг журам нь шийтгэлээс айх дээр биш, харин итгэлцэл харилцан хүндэтгэл дээр тогтдог байх нь зүйтэй. Муу үйл нь тухайн хүний өөрийнх нь амьдралыг эвдэж, хар толбо үлдээж байдаг.

                Үр хүүхэд нь эцэг эхдээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх 5 арга байдаг. Үүнд:

    -өөрсдийн эцэг эхийг дэмжих

    -тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

    -гэр бүлийн хэв маяг, уламжлалыг дэмжих, хадгалах

    – өв залгамжлалын тулд өөрийнгөө нэр хүндтэй авч явах

    -бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эцэг эхээ нас барсан ч тэдэнд шашны ном уншуулж зул өргөж байх эдгээр болно.

                Эцэг эхийн хүүхдүүддээ өгсөн амьдрал, хайр энхрийлэлтэй тэнцэх хариуг хүүхдүүд хэзээ ч буцаан төлж чадахгүй.

                Гэрлэлтийг түр зуурын шохоорхолын нөлөөн дор шийдэж болохгүй. Гэр бүл бологсод зөвхөн хоёр биений аз жаргалын төлөө биш нийгмийн эрх ашгийн төлөө аз жаргалтай байх үүргээ ухамсарласан байх нь зүйтэй. Гэр бүлийн амьдрал дээр бид тэвчээртэй болж, анхаарлаа төвлөрүүлдэг болж, ухаалаг туршлагатай болж, өөрсдийн оюун ухааныг хөгжүүлж болдог. Бидний хувьд ханилсан хань маань /боловсрох энэ замд/ бидний багш, найз маань байх учиртай. Гэр бүл бологсод эр эмийн ажилд хэт шунаж, түүнийг шалиг завхай, үзэн ядалт, өс хонзон болгон гуйвуулж болохгүй. Хэрвээ тэгвэл бид өөртөө болон өрөөлд гуниг, зовлон авчирна. Хүн өөрийн бэлгийн хүслийн боол болж, зовж амьдрах биш, харин жинхэнэ хайртай ханьтайгаа гэр бүлийн хүрээнд хуял тачаал, гэм буруугийн мэдрэмжээс чөлөөтэй орчинд аз жаргалыг мэдэрч чадна.

                Гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа нь жинхэнэ хайр дурлал дээр биш, зөвхөн тухайн үедээ ханамж авах гэсэн ашиг, завшаан хайх хувийн хүсэл дээр үндэслэдэг учир тэр нь эргээд зовлон гутрал болно. Өөрийгөө үнэт зүйлд тооцдог болсон хэн боловч ийм замаар хэзээ ч явдаггүй. Бусад хүмүүсийг өөрийн дур хүслийн хэрэглүүр болгон ашигласнаар бид хэзээ ч энэ хүнээ жинхэнээр нь таньж чаддаггүй. Энэ нь тэдний хооронд хөндийн хоосон байдал үүсгэж улмаар ганцаардалд оруулдаг. Энэ үед ганцаардахгүйн тулд өөр түнш эр олохыг оролдог нь асуудлыг улам хүндрүүлдэг. Манайхан “Хормойн дон тусах” ч гэж ярьдаг. Бурханы шашны хувьд бэлгийн ажлын эрх чөлөө нь, бэлгийн дур хүслийг эрх мэдлээс чөлөөтэй, хамааралгүй байхыг хэлдэг.

                Гэрлэсэн үеэс эхлэн эрэгтэй хүн өөрийн эхнэрээс бусад бүх эмэгтэйг насаар нь харгалзаж, “ээж, эгч, охин дүү, охин” шиг хандах хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийн нөхрөөс бусад бүх эрчүүдийг “аав, ах, эрэгтэй дүү, хүү” шиг бодож харилцвал дээр. Өөр хүний эхнэртэй нөгцөж амьдардаг ухаан дутуу хүнд дөрвөн зүйл тохиолдоно. Тэр өөрийгөө доройтуулна, түүний баяр цэнгэл тогтвортой биш болно, хүмүүс түүнийг буруутгадаг, тэр тамд унана. Тиймээ. Оюун санааны доройтол, тайван биш ханамж, хууль зөрчих аюул, тамд очих зам. Энэ бүгдийг анхаарч бусдын эхнэр, нөхрийн хойноос хөөцөлддөггүй байх хэрэгтэй.

                Бид бурханыг өөрөөсөө гадуур биш, харин өөрийнхөө дотоод санаа бодлоос хайх хэрэгтэй. Ертөнцийн юм бүхэн харилцан уялдаатай гэдэгчлэн цаашдаа “жаргаж, зовох нь” бидний өнөөгийн үйлдэж буй үйлээс хамаарна. Гэр бүл бологсод ивээл жилтэй байх хэрэгтэй. Хэрэв харш жилтэй хүнтэй суухаар болвол жил бүр засал хийлгэж байх ёстой. Гэр бүл болж хуримласан хүмүүс нь /бүх хүний санаж явбал зохих 10 цагаан буяныг хурааж, 10 хар нүглийг тэвчиж явбал/ гэр бүлийнх нь амьдрал тогтуун, тайван аү жаргалаар бялхана.

     

    Арван хар нүгэлд:

    • Хэлээр үйлдэх 4 хар нүгэл

    /дэмий ярих, хэрүүл өдөх, худал хэлэх, атаархах/

    • Сэтгэлээр үйлдэх 3 хар нүгэл

    /шунал, хорлох сэтгэл, буруу үзэл/

    • Биеэр үйлдэх 3 хар нүгэл

    /завхайрах, уурлах, мунхаглах буюу ном сурахгүй байх/ зэрэг багтдаг.

    Эдгээрийг эс үйлдвэл 10 цагаан буяныг хурааж байгаа нь тэр болдог. Гэр бүлийг аз жаргалд хүргэдэг зам маш нарийхан тул эхнэр нөхөр хоёр ганц хүн шиг болохоос нааш түүнд хүрч чаддаггүй.

  • Зөвхөн охид бүсгүйчүүддээ зориулах нь…

    Зарим нэг эмэгтэй хүн хэн нэгэн эр хүнд ямар нэгэн байдлаар илүү нээлттэй хандаж, сэтгэл зүрхээ илэрхийлсэнээсээ болоод эвгүй байдалд орж үзсэн байдаг. Хэдийгээр хэн нэгэн эрийн сэтгэлийг эзэмдэж чадсан ч, түүнийг хайрлаад ирэхийн цагт нөгөөх нь хүйтэн хөндий зан гаргаж байсан удаа бишгүй л тохиолддог. Тэгвэл эмэгтэйчүүд бид хайр дурлалын асуудал дээр азтай байхад гаднах төрх биш харин үйл хөдлөл, байгаа байдал чинь нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд доор бичсэн зүйлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй.

    1. Өөрийгөө өндөрт үнэл. Тэр цагт чамтай байгаадаа өөрийгөө хамгийн азтай хүн гэдэгт залуу чинь итгэх болно. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй бүсгүйг эр хүн хүндэлдэггүй бөгөөд бас түүнтэй хамт байх хүсэлгүй болж эхэлдэг. Хэрвээ чи араас нь гүйсээр байвал тэр чамаас зугтсаар байх болно.

    2. Эр хүнийг сэтгэл хангалуун байлгах гэж хэт их хичээвээс харин ч өөрөөсөө түлхэж, харилцаагаа цэглэхэд хүргэнэ. Өөрсдөд нь таалагдах гэж хэтэрхий их хичээдэг бүсгүйчүүдийг эрчүүд ихэнхдээ нэг их сонирхоод байдаггүй.

    3. Бүсгүй өөрийнх нь болоогүйн хэрээр эр хүний сонирхол түүнд татагдаж байдаг. “Би бол гайхалтай эмэгтэй. Хэрвээ хүсэж байгаа бол намайг ав. Үгүй бол бүү ойрт”. кккк  Хэрвээ та 2 танилцаад удаагүй байгаа, ёстой л нэг салж хагацахааргүй байх учиртай энэ үед тэр чамд таалагдах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа бол ирээдүйд түүнээс ямар ч сайхан зүйл хүлээх хэрэггүй.

    4. Хэрвээ тэр чамтай урьдынхаасаа арай удаж байж холбоо барьж байгаа бол түүнийг нь огтхон ч тоогоогүй мэт бай. Үүний ачаар залуу чинь чамд үгүйлэгдэж байгаа гэдэгтээ итгэлтэй байхаа больж, урьд урьдынхаасаа илүү хичээл чармайлт гаргах болно. “Яагаад утасдаагүй юм бэ?, Яагаад ийм удаан таг чиг болов? гэж асуухгүй байхыг хичээгээрэй.

    5. Эхнээсээ л ” чамд бол би бүхнээ зориулна” гэсэн байдалтай байвал тэр чамаас зугтана. Учир нь түүний хувьд өөрийн болгож чадаагүй байгаа зүйл л зорилго нь болдог юм шүү дээ.

    6. Өөрийнхөө дутагдалтай талыг, өөрийн илүүдэл жингийн талаар болзоон дээрээ хэзээ ч бүү ярь. Хэрвээ тэр чамд магтаалын үг хэлсэн бол түүнийг нь бүү эсэргүүц.

    7. Найз залуугүй байхаас бүү ай. Ганцаараа үлдсэн ч амьдарч чадна гэдгээ залуудаа харуул.

    8. Эр хүний араас хөлөө хугалах шахам хэзээ ч битгий гүй. Залуугаа үргэлж хажуудаа байлгах гэж битгий улайр. Залуус бол цорын ганц эрдэнэ биш шүү дээ.

    9. Эмэгтэй хүнд эр хүнээс гадна хүсэл сонирхол, тэмүүлэл гэж байх хэрэгтэй. Өөрийн сонирхож хийдэг зүйлстэй тул залуугийнх нь утас холбогдох боломжгүй байсан ч гомдоллохгүй бөгөөд эр хүн бүсгүйнхээ хувьд хамгийн чухал нэгэн биш гэдгээ мэдэх тусам түүнтэй хамт байхыг хүсдэг.

    10. Хошин шогийн мэдрэмжтэй байж өөртөө цаг зав хангалттай гаргадаг байх хэрэгтэй. Залуугийнхаа биш өөрийнхөө амьдарлын хэмнэлээр амьдар. Эхний ээлжинд охид бүсгүйчүүддээ дээрх зөвлөгөөг хүргэлээ дараагийнхаа нийтлэлд илүү сонирхолтой аргуудыг нийтлэх болно.

  • Өөрийнхөө дотоод сэтгэлд хэзээ ямагт үнэнч яв

    Угаасаа баатар биш хүн жинхэнэ баатар шиг явж хэзээ ч чадахгүй. Угаасаа гүн ухаантан биш хүн цаг зуурын төдий гүн ухаантан мэт авирлахаас цааш гавихгүй. Тэр хүн тэр хүнээрээ, би бол “би”-гээрээ л байя. Хүн бүр өөр өөрийнхөөрөө чадах, дуртай сонирхолтой юмаа л хийж байя.

    Өөрийнхөө хэрээс хэтэрсэн юмыг хийх гэж зүрхлэвэл дэмий л бие сэтгэлээ тамлахаас хэтрэхгүй. Бурхан хүнийг өөр өөрийнхөө хийх ёстой агаад дур сонирхолтой ажилд л зүтгэж байхаар бүтээжээ. Гэтэл эдүгээ цагийн хүн /бурханлиг ухаан бус/ зөвхөн хүний ухаан заран нийгмийн өмнө ямар нэгэн алдар хүнд олох юм уу амин зуулга төдийгөө бодсон сэтгэлийн үүднээс өөрт нь оногдоогүй, огт сонирхдоггүй ажлаа шүүрэн авдаг болжээ. Тийм учраас өдөр тутмын нь амьдрал уйтгар гуниг, зүдэргээ шаналгаа ихтэй болж байгаа юм. Иймд та өөрийнхөө үнэнхүү дуртай сонирхолтой ажлыг л хийж бай. Өрөөл бусад таныг солиотой ч гэнэ үү, мунхаг ч гэнэ үү тэр огт хамаагүй. Та өөрөө л энэ орчлонд юуны төлөө төрсөн бэ? Түүндээ чин үнэнч явж чадсан цагт бусдын өөлөх гоочлох бол юу ч биш гэж мэд.

     

  • Эхнэр та гадаад үзэмж болон дотоод гоо зүйдээ хэр анхаардаг вэ?

    Хүний эхнэр, хань байх гэдэг хорвоогийн хамгийн хүнд мэргэжил хийгээд хамгийн хүнд дүрд насан туршдаа тоглох явдал байдаг гэдэгтээ манай уншигч авхай санал нийлэх буй заа. Учир нь эрчүүд өнгөнд хууртана, харин бусгүйчүүд мөнгөнд хууртаж байгаа нийгмийн нөхцөлд энэхүү гарын авлагаас жаахан ч болтугай ухаажиж, хорвоог арай өргөн хүрээлэлд харж, сэтгэлийн цонхоо нээж ухаажиж байгаа байхаа.

    Энэхүү хэсэгт эмэгтэй хүний гадаад дотоод гоо зүйг хэрхэн хангаж болох энгийн аргаас дурдлаа.

    Хүний гадаад үзэмж сэтгэд санааны өөдрөг байдалд маш их нөлөөлж аз жаргалтай алхахад хамгийн их түлхэц өгнө. Тиймээс гоо сайхныг эрүүл мэндээс эхлэх хэрэгтэй. Дотоод эд эрхтэн эрүүл биш, арьс чийгээр дутаж байгаа үе хичнээн тос нүүрэндээ турхээд нэмэргүй, өөх тостой хоол бага идэж, өдөрт доод тал нь 4 удаа хооллож, удаан өлсгөлөн явахгүй, хэтрүүлж идэхгүй, 6 аяга ус заавал уугаад, 30 минут дасгал хийгээд, доод тал нь 8 цаг унтаад байхад эрүүл байх бүрэн боломжтой.

    Эрүүл байх ерөнхий жор ердөө л энэ. Хэвийн жинтэй бол эрүүл биетэй, эрүүл хүн өнгөлөг царай зүстэй байна. Хичнээн үнэтэй сайхан хувцас өмсөөд тарган биетэй, хөх царайтай байвал яавч сайхан харагдахгүй. Зөв хооллоод өдөр бүр дасгал хийгээд байвал юу ч өмссөн сайхан харагдаж эрүүл энх хэмээх агуу жаргалан ирнэ. Гадаад үзэмжгүй байдал биднийг үргэлж сэтгэл санааны гутралтай байлгадаг. Байнгын ийм стресс ууртай хүн эрүүл сэтгэх боломжгүй. Яагаад гэвэл тарган хүний цус ихэвчлэн ходоод хавиараа их ажилтай байдаг. Ингээд тархинд цус дутагддаг. Тарган хүн их ууртай байдаг гэх яриа бол шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлолт юм.

    Уур уцаартай, нойрмогдуу залхуу байдал, сэтгэл муутай тархи, гоо зүйгүй бие хаа, өвчин энэ бүхэн хүний аз жаргалыг авч оддог. Эдгээр зовлонгууд ихэнхдээ идэх хүслээ дарж чадаагүйгээс үүсч байгаа юм. Тиймээс таныг огт юм битгий ид, амттанд ам бүү хүр! гэж байгаа юм биш. Хэтрүүлж битгий ид л гэж байгаа юм.

    Бага зэрэг идэхэд хүний организмд тэжээл болж очдог. Хэтрүүлж идсэн хоол биед тарга болж үлддэг. Ингээд тарган бие цусаа өтгөрүүлснээс маш удаан гүйдэг. Ингээд судасны ханаар өнгөр тогтож, таргалах тусам зузаарсаар байдаг. Үүнээс болж бие хөшиж хөдлөхөөс дургүй хүрдэг. Ер нь их идэх бол өөрийгөө хорлож байгаа хэрэг юм.

    Бага идэх шилдэг арга бол хурдан ширээнээс босч, өөрийн сонирхолтой зүйлд анхаарлаа хандуулж дахин идэх хүслээ сарниах явдал юм. Юу ч хийхгүй суугаад байвал идэх юм л бодогдоод өөрийгөө их зовоодог. Хэрэв туръя гэж боддог бол өөрийгөө үргэлж хоол унд санах завгүй байлгах хэрэгтэй. Зорилго тавиад улайрсан үедээ хүн ажлаа орхиод цайгаа уух гэж яардаггүй. Ингэснээр гоо сайхан амьдралын нилээд том хэсгийг эзлэх таашаал билээ.

    Дотоод гоо зүйгүй хүн их бухимдаж тэр хэрээрээ бусдын дургүйг их хүргэдэг. Зарим хүн танд дургүйгээ ил хэлдэг ч ихэнхи нь бүдүүлэг, мангар гэж боддог. Дотоод гоо зүйгээ хөгжүүлсний хэрээр гадаад орчноосоо, хүмүүсээс таашаал авч явдаг.

    Хүн дотоод гоо зүйтэй байхынхаа хэрээр бусдад таалагдаж байдаг. Мэдээж таалагдаж байгаа хүнтэйгээ хүмүүс ажиллаж, амьдарна. Хичнээн олон хүн өөрийг нь элгэмсгээр тойрон хүрээлнэ тэр хэрээр аз жаргалыг хүн амсаж явдаг.

    Хүн дотоод гоо зүйгээ сонгодог урлаг үзэж хөгжим сонсох, яруу найраг унших, уран зураг үзэх, үргэлж гоё сайхныг бодох зэргээр хөгжүүлдэг. Хэр хөгжүүлнэ тэр хэмжээгээр өндөр гоо зүйтэй болно гэсэн үг. Аль болох муу муухай зүйлээс зугтааж өөдрөг биш юм ярьдаг хүмүүстэй нөхөрлөхгүй байх, муу муухай зүйл сонсох, харах уншихаас хол явах хэрэгтэй.

    Ажлаа хүртэл хийхдээ хүн дотоод гоо зүйгээрээ хийдэг. Дотоод гоо зүйгээ хэр хөгжүүлнэ тэр хэрээр сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, хийнэ, бүтээж чадна. Гадаад байдлаа ч, үйл хөдлөлөө ч дотоод гоо сайхнаар удирддаг.

    Дотоод гоо зүйгүй хүнийг хүмүүс утгагүй хувцасладаг, урлаггүй алхдаг, эвсэлгүй бүжиглэдэг, галбир муутай биетэй, түг таг яриатай, болхи гэх мэтчилэн ярьцгаадаг. Тэгэхээр гоо сайхангүй байдал найз нөхдийг зугтаалгадаг байх нь.

    Мөн хүний дотоод гоо зүйг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл бол уран зохиолын ном юм. Урлагтай амьдрах ухааныг ном зохиолоос л авах боломжтой. Хэр гоо зүйтэй болно тэр хэрээр хараал хэлдэггүй, аль болох бусдын сайн сайхан талыг олж харах чадвартай болдог. Заавал бид хүний муу муухай талыг олж харж нервтэж байх хэрэггүй. Та өөрөө ч гэсэн өндөг шиг өөгүй дутагдалгүй, ямар ч муу зуршилгүй хүн биш шүү дээ. Хүн гоо зүйтэй болсны ачаар өөрийн дутагдалтай талыг хүртэл бусдад харуулахгүй, мэдрүүлэхгүй сайн нууж чаддаг байна. Гоё сайхан бүхнийг мэдэрч амьдрах бол бас нэгэн төрлийн жаргал билээ. Эхнэр хүний бодол, сэтгэл гоо сайхнаар дүүрвэл нөхөр бусдыг харахгүй, зөрчилгүй болдог. Гэр бүл бүр тайван амгалан бол нийгэм аз жаргалаар дүүрэн хөгжинө.

    Мөнгөгүй хөгжинө. Иймээс хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй бүхнийг дээдлэн үнэлж сурвал бүхнийг сурч эхэлж байгаагаас өөрцгүй болох нь тэр.

    Сэтгэлийн талаарх мэдээлэл өгье гээд бодчихлоо. Тэгвэл арай ойлгоход дөхөм болно. Сэтгэл тайван хүн л сэтгэж чаддаг гэдэг шүү дээ. Биеийг алдаг ч сэтгэлийг алж болдоггүй. Бие ядарч эрүүл явдаг бол сэтгэл ядарч өвчинд автдаг.

    Биеийн шарх хурдан эдгэрдэг, сэтгэлийн шарх удаан эдгэрнэ. Биеийг эмээр эмчилчихнэ, харин сэтгэлийг хайраар эмчилнэ. Учир нь хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан. Сэтгэлийг хайраар амьдруулж, хөдөлгөнө.

    Эд хөрөнгөөр хязгааргүй баян болж хэзээ ч чадахгүй бол сэтгэлээр хязгааргүй баян болж чадна. Сэтгэлийг бие дагадаг болох нь мэдээж шүү дээ. Хүн төрөлхтөн бид гадаад өнгө үзэмжээ анхаарахын өмнө дотоод зүрх сэтгэлийн өнгөө анхаарч засахыг урьтал болгох хэрэгтэйг амьдралаас насан туршдаа суралцах хэрэгтэй байгаа биз.

    Л.Нарантуяа “Гэр бүлийн амьдралын нууц” номоос

  • Монголын төр сүүлийн 400-аад жилд яагаад суларсан бэ?

       Монголын төрийн хүч 13-р зуунд хүчирхэг байсны нууцтай эсрэг хандлагатай хэдэн шалтгаантай холбоотой байх. Үүнд:

    1. Тэнгэрийн цагийн ивээл алсарсан. Өөрөөр хэлбэл, байгаль-түүхийн эерэг орчин, нөхцөлийн эрчим, үйлчлэл дайжсан.
    2. Төрийн толгойд үнэнхүү тэнгэр язгуурт билиг эрдэм төгс, ариун цагаан буянт хүмүүс залрах бус арга заль, ааль башраар хуурмаглагчид бурангуй эзэд, ноёд, “түрүүний бөөс” мэт авирлах болсноор төрийн сүлд хийморьт гутаг сууж, доройтсон бөгөөд ном эрдэм, чадал дадал муутай мулгуусын эрх мэдэлд очсон төр улс гэрийг өөд татах, ард харцсыг ивээх, ахуй соёлоо хөгжүүлж сүр хүчээ зузаатгахын оронд амин хувиа хичээгсэдийн ашиг сонирхол, алиг шалиг жаргал цэнгэлд улайрсаар үндсэн үүргээ огоорсон.
    3. Монголчууд өөрсдийн хэрэгцээт эд таваарыг өөрсдөө үйлдвэрлэж сурах эрдэм боловсрол, арга ухаанд давших, мэргэжихээсээ түрүүнд бусдын хийснээр хэрэгцээгээ хангачихаад өөрсдөө гар сул, толгой хоосон амьдрах болсон. Өөрөөр хэлбэл, хийхийг сурахын оронд хэрэглэхийг сурсан олон зуун он жилүүд монгол улсыг дэлхийн түүхийн тавцнаас шилгээх, монголчуудыг хүн төрөлхтөний “данс”-наас хасахад хүргэсэн.
    4. Улсын хөгжилд ч хүний амьдралд ч анхдагч хэрэгтэй юмсыг өөрийнхөө гараар, дотоод хүч оюунаараа бүтээхээс хойш суун залхуурч, хүний бүтээснийг хямд, хялбараар завшин амьдрахыг гол зорилгоо болгон ухасхийсэн үндэстний эрдэм ухаан, хүн чанар, хүчин чадал ямагт бусдын “хошного”-нд явах нийгмийн хөгжлийн нэг жам зүй юм. Ийм хэдэн гол шалтгаанууд бий гэж хэлж болно байх гэж бодож байна.     

     

    Инженер Д.Бадарчийн Урианхай гуайтай хийсэн улс төр-шинжлэх ухааны ярилцлагаас