Author: admin

  • МӨРГӨЛИЙН ДУУЛАЛ

    Зүүдний цагаан совин

    Бурханд хүрч тайтгарнам

    Зүрхний гэгээн залбирал

    Бусдын мөрийг ариусгана

     

    Нойрондоо амгаланг үзэж

    Сэрүүндээ хязгааргүйг төсөөлөн

    Номын мөрөөс үнэнийг эрсэн

    Сэтгэлийн гүнээс бурхдад мөргөе

     

    Эмнэлгийн найман бурханд мөргөе

    Эмийн шидэт өвс ногоонд мөргөе

    Эмчийн дээд багш дор мөргөе

    Эцэслүүлж зовлонг арилгагсдад мөргөе

     

    Өвс цэцгэнд өөрөө шингэж

    Өвчинг анагаагч увидас болсон

    Өршөөлийн дээд нигүүлсэнт

    Шагштува – бурханд мөргөе

     

     

    Гаслан зовлон хяслан эмгэгийг

    Гал адил хуйхлан ариусгагч

    Гадаад амин оронг бадраагч

    Манал дор турхан мөргөе

     

    Хэрүүл хараалын бузрыг хийсгэн

    Хэний ч юуны ч эрхэнд орохын

    Хэмжээгүй аюулыг гүйцэд дарагч

    Чойжамц бурханд мөргөе

     

    Буруу үзэл бодлыг ул үүсгэж

    Бухимдуу сэтгэлийг уужруулан

    Билэг оршихуйг ариусгахын шидэт

    Чойдог жамц бурханд мөргөе

     

    Өнгөрсөн нүгэлийн хар ул мөр

    Өнөөч зовоохын шалтгааныг тонилгогч

    Өнө хойшид зөв оршихуйн гэрэлт зул

    Няман мичиг бурханд мөргөе

     

    Аянга цахилгаан аюул ослын

    Арван хар гамшгаас зайлуулагч

    Аугаа билгүүн их хүчит

    Сэрсэн Дэмид бурханд мөргөе

     

    Авч төрсөн төрөөд олсон

    Алин бэр тэр өвчнийг

    Арилган төгс илааршуулагч

    Ринчин даваа бурханд мөргөе

     

    Таван мэдрэхүйг хөгжөөн

    Таг дүлийрч сохрохоос зайлуулагч

    Тарни номын нэн хүчит

    Цанлаг яндаг бурханд мөргөе

     

    Аршааны дусал тоолон мөргөе

    Амь амьдрал оршихуй болгонд мөргөе

    Аврал үзүүлэгч бүхэнд мөргөе

    Анагаах эрдэм дор мөргөе

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”  номоос

     

     

     

  • Байгууллагын зан үйлийн судалгаа хийж дууслаа

    Монгол улсын худалдаа, аж ахуйн нэгж байгууллагад тулгамдаад байгаа асуудлын нэг бол ажилтны тогтвор суурьшилтай ажиллах явдал билээ. Ажиглалтаас харахад байгууллагын нийт ажилчидын 48 орчим хувь нь байнгын шилжилт хөдөлгөөн гаргадаг гэсэн судалгаа байна. Үүнээс үндэслээд “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хүний нөөцийн менежер Отгонцэцэг, байгууллагын зан үйл судлаач Бат-Өлзий нар хамтран монголын зах зээл дээр байр сууриа олсон 6 компанийг түүвэр болгон авч  “АЖИЛТНЫ ТОГТВОР СУУРЬШЛЫН СУДАЛГАА”-ны ажлыг явууллаа.

    Судалгаанд:

    1. Бүрэн Цутгамал ХХК
    2. Тэндмэнт Констракшн
    3. Ивэл түшиг ХХК
    4. Жигүүр Гранд ХХК
    5. Өсөх Мөнх ХХК
    6. Бридж ХХК

    компаниудыг хамрууллаа.

    Судалгаанд хамрагдсан ажилчидын насны үзүүлэлт

    Барилгын компаний ажилчидын насны үзүүлэлтээс харахад дундаж наслалт 32, залуу ажилчидын насны дундаж 19, ахмад ажилчидын насны дундаж 54 байна. Барилгын салбарын ажилчидын насны нэгдсэн дундаж нь 35 буюу идэр залуу насны ажилчид байна.

    Судалгаанд хамрагдсан компаниудын цалингийн нэгтгэсэн үзүүлэлт (дундаж)

    Ажилчидын цалингаа ахиулахыг хүссэн хувь (дундаж)

     

    Цалингийн дундаж

    Хүсэж буй цалин

    Цалингаа өсгөхийг хүссэн хувь

    Өндөр цалин

    596000₮

    814800₮

    31%

    Дундаж цалин

    419920₮

    571997₮

    27%

    Бага цалин

    281440₮

    402097₮

    31%

    Байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежер нь ажилтны шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь цалин гэж үздэг байна. Мэдээж хэрэг ажилчид цалингаа голоод ажлаас гараад байхаар удирдлагууд (цалин) гэж үзэх нь аргагүй юм. Судалгааны ажлыг захиалагчид дээрх цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн хүснэгтийг хараад “ийм бага хувьтай гарч байна гэж үү?” хэмээн гайхацгаасан юм.

    Дээрх хүснэгтээс харахад өндөр болон бага цалинтай хүмүүс цалингаа нэмэгдүүлэхийг их хүсэж байгаа нь харагдаж байна. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл өндөр цалинтай ажилчидын хэрэглээ өндөр, түүнийгээ дагаад нэмэлт хэрэгцээ их байдаг бол бага цалинтай хүмүүсийн хувьд амжиргааны төвшингөө нэмэгдүүлэх нь чухал байх нь мэдээж. Харин яагаад бага цалинтай өндөр цалинтай ажилчидын цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн хувь адил байдаг билээ? гэсэн асуулт гарч ирлээ.

    Энэ асуултанд хариулт олох зорилготой тогтвор суурьшлын судалгааг хийсэн.

    Харин энэ ойлголтыг “АЖИЛТНЫ ТОГТВОР СУУРЬШЛЫН СУДАЛГАА”-ны ажлаар нарийвчлан авч үзвэл:

    Ажлаас гарах болон үлдэх шалтгааны харьцуулалт

    Ажилчид ажлаас гарах шалтгаан нь “цалин” гэсэн 91 сонголт гарч ирсэн бол ажилдаа үлдэх шалтгаан нь 96 сонголт авсан байна. Үүнээс харахад ажилчид цалингаа нэмэгдүүлж, халуун дулаан уур амьсгал бүрэлдсэн хамт олонтойгоо ажиллахыг хүсэж байна гэсэн үг. Харин ажлын орчин нөхцөл нь ажилчидын шилжилт хөдөлгөөнд тэр бүр нөлөө үзүүлээд байдаггүй байна.

    Нөлөөлөх хүчин зүйлийн графикыг харвал цалин илт давуу нөлөө үзүүлж, тушаал дэвших боломж нь хоёрдугаарт орж байна.

    Ажилтны тогтвор суурьшлыг дан ганц судалгаагаар дүгнэж болохгүй тул шүүн харьцуулах замаар нэмэлт 2 судалгаа авлаа.

    Дээрх графикт мөн цалин тэргүүлж, шагнал урамшуулал хоёр дугаар хэрэгцээ нь болж байна.

    Ажилтны халамж үйлчилгээ хүссэн графикыг харвал мөн цалинтай холбоотой зээл тусламж, хоёрдугаарт даатгал орж байна.

    Үнэхээр ажилтны шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь “цалин” мөн гэж үү?

    Дээрх судалгаануудыг нэгтгээд ажилтны шилжилт хөдөлгөөний шалтгаан, тогтвортой ажилуулах боломжийг хайвал:

    Доорх судалгаанд гол гэсэн 5 үзүүлэлтийг нэгтгэн гаргалаа.

    Дугаарлавал

    Ажлаас гарах шалтгаан

    Ажилтны хүсэлт хэрэгцээ

    Халамж үйлчилгээ

    Нэгт

    Цалин

    Цалин нэмэх

    Цалин зээл

    Хоёрт

    Тушаал дэвших боломж

    Шагнал урамшуулал

    Даатгал

    Гуравт

    Сурч хөгжих боломж

    Эд материал

    Ажлын чанартай хэрэгсэл

    Дөрөвт

    Шагнал урамшуулал

    Албан тушаал

    Хөнгөлөлт

    Тавд

    Ажлын цаг

    Урмын үг

    Хүнд нөхцөлийн хангамж

    Эхний мөрөнд бүгдэнд нь цалинтай холбоотой асуудал орсон байна. Энэ нь ажилтны шилжилт хөдөлгөөний шалтгаан нь цалин гэсэн дүгнэлтэнд хүргээд цалин судалгаа, хүссэн цалингийн графикыг харвал цалингаа өсгөхийг хүссэн дундаж хэмжээ нь 27% байна. Энэ нь ойролцоогоор өөрийн цалингийн 4\1-ийг хүссэн байна. Өндөр цалин болон бага цалингийн хүссэн хэмжээг харвал 31% байгаа нь хол зөрүүгүй байгааг илтгэнэ.

    Ажилчидын цалингаа ахиулахыг хүссэн хувь

     

    Цалингийн дундаж

    Хүсэж буй цалин

    Цалингаа өсгөхийг хүссэн хувь

    Өндөр цалин

    596000₮

    814800₮

    31%

    Дундаж цалин

    419920₮

    571997₮

    27%

    Бага цалин

    281440₮

    402097₮

    31%

    Хоёрдугаар мөрөнд өөрийн ажлыг үнэлүүлэхийг хүссэн хариултыг голлон өгсөн нь ажилчид өөрийн хийсэн хөдөлмөрийг үнэн зөв хүсэж байгаа нь харагдаж байна.

    Гуравдугаар мөрөнд ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай эд материалыг хүсэж байгаа нь ажилчидад ажлын чанартай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл шаардлагатай байгааг харуулж байна.

    Дөрөвдүгээр мөрөнд өөрийн ажлыг үнэлүүлэхийг хүссэн хариултыг давтан өгсөн нь ажилчид өөрийн хийсэн хөдөлмөрийг үнэн зөв үнэлэх нь бага байгаа нь ажилчидын шилжилт хөдөлгөөний гол шалтгаан болж байна.

    Тавдугаар мөрөнд 3 өөр хариулт болох ажлын тогтсон цаг, сэтгэлийн дэм, халамж үйлчилгээг хүсэж байгаа нь харагдаж байна.

    Дээрх дүгнэтээс ажиглахад их сонголт нь ажлаа үнэн зөв үнэлүүлэхийг хүсэж байгаа гэсэн дүгнэлт гарлаа.

    Гарсан үр дүнг дугаарлавал:

    1. Ажлаа үнэн зөв үнэлүүлэх
    2. Цалингаа нэмэгдүүлэх
    3. Ажлын багаж хэрэгсэл
    4. Сэтгэлийн дэм, халамж үйлчилгээ

    Харин эдгээрийг хүсэж байгаа ажилчидын мэргэжлийн байдал, сэтгэл ханамж, ур чадварын судалгааг харвал:

    Ажилчидын мэргэжил, сэтгэл ханамж, ур чадварын нэгтгэсэн график


     Судалгаанд хамрагдсан ажилчидын 75% нь мэргэжилтэй байгаа нь өндөр үзүүлэлт юм. Мэргэжилтэй хүн өөрийн ажлаа үнэн зөв үнэлүүлэх нь зүйн хэрэг. Харин тэдний ур чадварын судалгааг харвал 24,4 хувьтай байгаа нь их доогуур үзүүлэлт болж байна. өөрөөр хэлбэр 4 хүний 3 нь мэргэжилтэй байхад мөн адил 4 хүний 3 нь ур чадвар сул байна. Энэ үзүүлэлтэнд мэргэжилгүй туслах ажилчид багтсан байгаа.

    Ур чадвартай туслах ажилтан байхад ур чадвар сул удирдах ажилтан нэлээн бий. Энэ нь ажилчидын ажлаа үнэн зөв үнэлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, цаашлаад ажлаасаа таашаал, сэтгэлийн дэм авахыг хүсэж байгаагийн илрэл болж байна.

    Эцсийн дүгнэлт

    Ажилчид ажлаа голохгүй хичээн ажилладаг. Мэдээж хэрэг тэр дунд ажлыг хойш татсан ажилчид цөөнгүй байгаа. Чадварлаг хичээнгүй ажилтан нь чадвар сул, хойш суусан ажилтантай адил ажлаа үнэлүүлэхийг хүсэх. Өнөөгийн капитализмийн нийгэмд хэн хөдөлнө тэр илүү ихийг авдаг зарчимтай байх ёстой. Энэ тогтолцоог гаргах хүчин зүйл бол “АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ” юм. Энэ тогтолцоо нь ажилтныг хэн нэгэн үнэлэх бус, харин ажилтан өөрөө өөрийгөө үнэлэх хэлбэр бөгөөд байгууллагыг чадварлаг ажилтнаар сэлбэдэг давуу талтай.

    Энэ тогтолцоо хэрэгцээтэй байгаа шалгаануудыг дурьдвал:

    1. Ажилчидын 75% нь мэргэжилтэй байтал ур чадвартай нь 25% нь байдаг.
    2. Нэг ажилтан аваад чадваржуулж, чадваржуулж арай чүү 2 жил ажилуулж байтал өнөөх чадварлаг ажилтан нь “Би илүү их мөнгө олно” гээд ажлаас гараад явчихдаг.
    3. Ажил хаяж гараад явсан ажилтантай хариуцлага тооцох хууль эрх зүйн бодлого сул.
    4. Ажилаад байдаг, ажилаад байдаг амьдрал дээшилдэггүй, ажлаа хийгээгүй хойш суусан, танил талтай нь илүү цалин аваад, албан тушаал дэвшээд, шагнал урамшуулал аваад байдаг. Энэ нь ажлаас авах сэтгэл ханамжийг бууруулдаг. Ийм сэтгэл ханамжгүй ажилчдыг чадваржуулаад ажлын бүтээмж дээшилдэггүй.
    5. Ажиллах хүчний дийлэнх нь “Ажил амьдралаа зохицуулах”, “Сурч хөгжих сэдэл сонирхолгүй”, “Тууштай ажиллах төлөвлөгөөгүй” зэрэг үзэл хандлагатай байдаг.

    Энэ тогтолцоо нь:

    1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
    2. Ажлын стандарт
    3. Ажлын үр дүнгийн үнэлгээ

    гэсэн 3 тогтолцооны нэгтгэлийн дүнд бүрэлдэн тогтдог.

  • Suicide

    Өнөөдөр Suicide буюу амиа хорлолттой холбоотой мэдээ уншлаа. www.usatoday.com сайт дээр нийтлэгдсэн бичлэг. Би уг нь иймэрхүү сэдэв уншиж, бичиж, анхаарал хандуулахыг хүсдэггүй ээ. Гэхдээ яагаад ч юм хүний алтан амьтай, тэр тусмаа ирээдүй болсон өсвөр насныхны тухай байсан болохоор уншчихлаа. Тэгээд уншиж байх зуур өөрийн эрхгүй хэдэн бодол толгойд эргэлдээд, бичихгүй бол санаа амардаггүй ээ. 14 настай хүү сургууль дээрээ дээрэлхүүлж, гадуурхагдсанаас \бэлгийн сонирхолоосоо болж\ болоод амиа хорлосон байгаа юм. Гомо буюу бидний нэрлэдгээр ижил хүйстэн хүү. 

     Лос Анжелес, Сан Франциско \ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг\ хотуудад бол гомо, лесби хүмүүсийг хүлээн зөвшөөрчихсөн байдаг болоод ч тэр үү, иргэд нь энэ төрлийн хүмүүсийг ойлгож хүлээж авдаг. Харин АНУ- н зүүн эргийн хотууд хуучинсаг үзэлтэй хотууд байдаг юм шиг санагддаг юм. Сүүлийн 2 жилд энэ төрлийн гэмт хэрэг өсвөр насны хүүхдүүдийн дунд нэмэгдээд байгаа нь энэ улсын томоохон асуудлуудын нэг болж байх шиг байна. 

     Их хүн их зовлонтой гэгчээр, улс орон хөгжихийн хэрээр асуудал нь ч улам нэмэгддэг жамтай. Сүүлийн үед Монголд ч бас иймэрхүү хүмүүс ихээр үзэгдэх болсон. Бид ч бас энэ талаар мэдлэгээ нэмж байхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй гэх үндэслэлгүй л болоод байна. Энэ замыг хүн өөрөө сонгодоггүй хойно эдэнд ямар буруу байгаа аж. 

    Энэ улсад ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд нэгнийгээ дээрэлхэх, арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн сонирхолоор нь гадуурхах үзэгдэл их байдаг болтой. Ер нь тэгээд эрх чөлөөг дээдэлсэн орон гээд зарим нэг асуудал дээр арай л хэт эрх чөлөөтэй болчихсон юм байгаан. 

     

    Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. 

    Хүн бүр амьд явах эрхтэй.

     

  • “Цөлжилт урлагт” үзэсгэлэн

    “Цөлжилт урлагт” үзэсгэлэн
    Хүн төрөлхтөн байгаль эхийн бүтээл гэдгээ мэдэх хэдий ч өдөр бүр, цаг тутам түүнтэй зүй бусаар харьцан буйгаа анзаарахаа больсон өнөө үед гашуун үнэнийг орчин үеийн урлагийн шинэ төрлүүдээр дамжуулан олны хүртээл болгон харуулах нь тэдний сэтгэлгээнд өөр өнцгөөс нөлөөлөх үр дүнтэй оролдлого хийж буй нэгэн өвөрмөц шийдэлтэй экологийн үзэсгэлэн ЗанадуАрт галерейд 6-р сарын 20-ны 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь дэлхийн нийтийн цөлжилтийн эсрэг өдөр болох 6-р сарын 17-той зэрэгцэн гарч буй явдал юм. Энэхүү төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж буй “Шинэ үе Урлаг” нийгэмлэг нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулж буй бөгөөд цаашид ч эх дэлхийнхээ төлөө уг төсөл хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
    Цөлжилтийн тухай сонирхолтой хэлбэрээр харуулсан дахин давтагдашгүй өвөрмөц уран бүтээлүүдийг дэлгэн харуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад олон нийтийг уриалахын зэрэгцээ татан оролцуулах боломжтой уг үзэсгэлэнд контемпорари урлагийн Видео Арт, Уран зураг, Өрөг /Инстолляци/, Фото арт, Перфоманс арт зэрэг орчин үеийн урлагийн голлох төрлүүдийг багтаасан хамтарсан төсөл хөтөлбөр, уран бүтээлчдийн workshop, хэлэлцүүлэг багтан цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм. Энд Л.Энхбат, Н.Амарсайхан, В.Ундраа, Д.Батзориг, Ц.Ариунтөгс, Т.Энхболд, С.Зэсээ гэсэн долоон уран бүтээлч бүтээлээ дэлгэх бөгөөд Эх дэлхийнхээ төлөө бидэнтэй ивээн тэтгэгч байгууллагаар ЗанадуАрт галерей, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, Үндэсний олон нийтийн радио телевиз, NTV телевиз, E Боловсрол телевиз, АИСТ Монголия телевиз, SCH телевиз, Хийморь телевиз, Зиндаа сонин, Өнөөдөр сонин, UB POST сонин мөн “Хөх нар” төв, CHE Design нар хамтран ажиллаж байна.
    Цөлжилтийн талаар ганцхан жишээ дурьдахад манай орны хувьд 365 сум, суурин газрын 145 нь элсэнд дарагдсан цөлжилт эрчимжиж буй нутаг бөгөөд нийт газар нутгийн 90 % нь цөлжилтөд өртөх магадлал ихтэй, хуурай бүсэд оршдог, улс орны 45 % нь цөлөрхөг газар байдгаас 65,1 % нь эрсдэл ихтэйд тооцогддог, газрын ус доор байрлалтай, бага, жигд бус хур тунадас ордог, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, шороон зам хэт их гарсан зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлийн оролцоотой үүсч буй цөлжилтийн талаарх тоон мэдээлэл нь уг асуудлыг шийдвэрлэх шатанд нэгэнт хүргэжээ.

  • “Гэр бүл Үндэсний баялаг” хөтөлбөр

    Монголын нууц товчоо компаниас “Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-тэй хамтран “ГЭР БҮЛ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд “ГЭР БҮЛИЙН ӨРГӨӨ” цогц үйлчилгээг санал болгож байна.

    Бямба гариг бүрийн 18:00 цагаас Гэр бүлийн боловсролд зориулсан лекц, сургалт тогтмол явагдаж байна. 
    Лекц сургалтын дараа ганц бие хүмүүст зориулсан уулзалт үдэшлэгийг тогтмол зохион байгуулж байна. 

    Хэн оролцож болох вэ?

    1. Гэр бүлийн боловсролоо дээшлүүлэх зорилготой залуу хосууд
    2. Гэр бүлийн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс
    3. Заяаны ханиа хайж байгаа ганц бие хүмүүс
    4. Гэр бүлийн уур амьсгалаа илүү сайхан болгохыг хүсэж байгаа хэн бүхэн
    5. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүсэлтэй дунд, ахмад гэр бүлүүд
    6. Хүүхдүүдээ зөв төлөвшүүлэх хүсэлтэй хэн нэгэн

    Холбоо барих утас: 99088602, 99179239, 99050211 
    Хэзээ: Бямба гариг бүр 18 цагт
    Хаана: АКУМА төвийн 4 давхарт, “МSH” Ресторан /Саппорогийн 4 замын уулзварын зүүн урд/

    Уг хөтөлбөрийг дэмжигч байгууллагаар “Яруу сэтгэгч” хүний хөгжлийн нийгэмлэг ажиллаж байна.

  • Амьдралын утга учир юу вэ?

    Мөнгө, эрх мэдэл, албан тушаал, баян тансаг амьдрал гэж хариулах хүний тоо цөөрч, харин “харанхуй мунхаг сэтгэлийг ухаарал гэгээрлээр дүүрэн болгож өөрчлөх” хэмээн хариулах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Цаашдаа нэмэгдэх ч болно. Орчин үеийн эрчим хүний мэдээллийн анагаах ухаан нь хүн бол Бие махбод-Сэтгэл-Оюун ухааны нийлмэл цогцос мөн гэж тодорхойлж байна. Энэ нь хүн бол зөвхөн махан биеэс бус нарийн бие болох Ухамсар, Оюун ухааны биетэй байдаг гэсэн үг.

          Хүний нарийн биесийн өвчлөл нь махан биен дээр илэрч гардаг. Тэгэхээр шалтгаан нь нарийн биеийн өвчлөл байх нь. Шалтгааныг эмчлэхгүйгээр өвчнийг хэзээ ч бүрэн эмчилж чадахгүй. Түр зуур бол харин болно. ДОХ, Эбола, Сахарын шижин, Эпилепси, Хорт хавдарууд, Цочмог хурц уушигны үрэвсэл эдгээрийг ямар ч хүчтэй эм, ямар ч мундаг эмч эмчилж дийлэхгүй л байна.

          Бидний оршин буй газар дэлхий, нар, гараг ертөнц бол амьд бөгөөд хүн төрөлхтөн нарийн биеийнхээ тусламжтай тэдгээртэй холбогддог. Газар дэлхий амьд болохыг дэлхийн олон суут эрдэмтэн мэргэд В.Вернадский, Р.Реринх, К.Циолковский нар хэлж байсан юм. Хүний нарийн биеийн хэгжил өндөр байх тусам дэлхий гараг ертөнцтэй шууд холбогдож, тэндээс маш ухаалаг зөв хариулт, арга, зөвлөмжийг мэдэж болдог.

          Хамгийн энгийн жишээ гэхэд бид ямар нэгэн өөрсдийн хийж чадахгүй, төвөгтэй зүйлийг бурхнаас тусламж хүсч сэтгэлдээ маш их сүсэглэн гуйдаг. Гэтэл санаандгүй л нэг өдөр биелэх нь бий. Мөн олон нэрт эрдэмтэд нойрондоо том том нээлтүүдийнхээ хариуг олсон байдаг. Учир нь шөнө нойрон дунд, хөдөлгөөнгүй байх үед хүний нарийн бие, ухамсар хамгийн идэвхтэй байдалд орж, гараг дэлхийтэй холбоотой байна.

          Газар дэлхийгээс хур гуйн оруулах, зайлшгүй аюулыг арилгаж байсан баримтыг нэрлээд барахгүй. Үнэн сэтгэлээсээ хүсч сүсэглэхэд мэдээллийг агуулсан энергийн урсгал нарийн биеийн угт хүрч түүнийг доргиож мэдээллийг өгнө. Оюун ухаандаа, нэг зүйд анхаарлаа хүчтэй төвлөрүүлэхэд, энергийн төвлөрч ялгаралт ихсэн, дотоод сэтгэл дэх энергийн урсгалын нүх сүвүүд нээгддэг.

          Дэлхий ертөнцийн мэдээллийн гадарга тоо томшгүй сөрөг мэдээллийг газраас хүлээж авч байдаг. Дайн, байлдаан, алаан, нэг нэгнээ үзэн ядсан, хорссон гэхчлэн энэ бүх сөрөг мэдээлэл тэнд хуримтлагдсаар л байна. Мөн хүн төрөлхтөний дунд хэт амиа бодсон байдал давамгайлж зөвхөн мөнгө, албан тушаал, нэр алдар, тансаг эд зүйлсийн төлөө нэг нэгнээсээ уралдан, хошууран гүйлдэж, эдгээрийг амьдралын хамгийн үнэт зүйл хэмээн эндүүрч, бүхнээс дээгүүр тавьж байна. Эргэн тойрны байгал, дэлхий ертөнцтэй харьцах харьцаа суларсан, нарийн биеийн хувьд хөгжиж байтугай нүх сүв нь хаагдаж, харьцаа байхгүй болсоор.

          Өөрийн өчүүхэн гавьяат үйлсэд, давчуухан ухаандаа бардамнан, түүнийгээ Бурханаас дээгүүр тавих болов.

          Ер нь нэг үгээр муу бүхэн газар авч байгаа гэхэд болно. Биднийг, хүн төрөлхтөнийг аврах ямар зам байна вэ? Хүн төрөлхтөний олонх хэсэг ийнхүү материаллаг байдалдаа хэт автан, жинхэнэ өөрийн байдалдаа хэт автан, жинхэнэ өөрийн бодит чанарыг гээж байгаа энэ үед Дэлхий Ертөнц бидэнд сануулга өгч бидний оюун ухаан, өнөөх бардамнаад байсан авъяас чадвараар ч давж эмчилж барахгүй олон аймшигт өвчнийг илгээсэн юм биш үү? Оросын академик, ШУА-ын Биосферийн Институтын удирдагч Ф.Я.Шипунов ярихдаа муу санаа, сөрөг эмоци агуулсан хүний эргэн тойрон нэг тийм сөрөг энергитэй цахилгаан матрицууд бүхий вакуумархуу юм үүссэн байхыг шинжилгээний багаж илрүүлсэн.

          Энэ матрицууд нь тухайн хүний үйл хөдлөлийг удирдаж байдаг болохыг олж тогтоолоо гэсэн юм. Үүнийг бид янз бүрээр тайлбарладаг ад зэтгэр шүглэсэн хүн, гэрлэн бүрхүүл нь харласан гэх мэт.

          Тэгэхээр эерэг энергээр эргэн тойрондоо хандаж, энергээ бусдад цацаж байдаг хүмүүсийн тоо буурч, харин дээрхийн адил сөрөгөөр хүрээлүүлсэн хичнээн олон хүн бидний эргэн тойрон, хорвоо дэлхийд байгааг бид мэдэхгүй. Ямартаа ч энэ дэлхийд санаанд оромгүй муу явдал, аллага, гаж донтнууд олширч, байгалийн гал усны гамшиг олон тохиолдох болсныг л бид мэднэ.

          Ингээд бодохоор өвчин эмгэг бол бидний муу үйлдэл, амьдралын буруу хэмнэлийн үйл юм. Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шүү дээ. Дээрх хэлсэнчлэн өвчин нь оюун санаа, сэтгэлээс үүдэлтэй бөгөөд зөвхөн махбодод илрэл нь гардаг.

    Жишээ нь: Элэг өвдлөө л гэнэ, түүний уг шалтгаан бол элгэндээ биш, харин хүний сэтгэл санаа, оюун ухаан буюу нарийн биеийн өвчлөл юм. Нарийн биеийн өвчилснийг махан бие дээр илэрсэн шинж тэмдгээр бид мэддэг. Тэгэхээр элгийг эмчлэх бус өвчний уг үндэс болох оюун санаа сэтгэлийг засаж эмчлэх нь хамгийн зөв арга юм. 

  • Бие махбод хэрхэн, ямар замаар өвдөж байна вэ?

    Хүний ухамсар, оюун ухааны хомсдол, эмгэгийг засах тухайд эрдэмтэд, гүн ухаанч багш нарын олон ном товхимол бий. Хүн нь нэг махан бие, 6 ширхэг нарийн биетэй байдаг. Нарийн бие тус бүр энергийн салаалсан сувгуудаар дамжиж, эсийн физик бүтэцтэй холбогдсон байдаг. Энэхүү энергийн сувгуудын ачаар нарийн биед махан биеийн эсийн өсөлтийн мэдээлэл очно. Харин нарийн биеийн мэдээлэл зөвхөн тусгай дамжуулагч болох хүрдүүдээр /чакра/ дамжиж бие махбодод ирдэг.

    Үндсэн 7 чакра байна. Биеийн эс бүхэн өөрийн гэсэн торсийн талбайтай холбогдож энерги мэдээллийн нэгэн холбоог үүсгэнэ. Хүрдүүд дотоод шүүрлийн булчирхайнууд нь биед явагдах бүхий л үйл явцыг эсийн төвшнөөс аваад төв мэдрэлийн систем хүртэл хянаж, удирдаж байдаг. Тэгэхээр хүрдүүд бие махбодын сэтгэц мэдрэл дархлалын үйл ажиллагааг хүртэл удирдаж чаддаг байх нь. Үүнд: дааврын нөлөө ч мөн хамаарагдана. Харин хүрдүүдийн тэнцвэржилт алдагдах нь махан биед өвчлөлөөр илэрч гарна. Хамгийн гол нь хүрдүүд биед үйл ажиллагаа явуулж байгаа бүх эд эсүүдийг нарийн биеийн энергээр хангаж өгдөг. Нарийн бие, махан биеийн харилцан шүтэлцээ алдагдах нь өвчлөлд хүргэнэ.

    Жишээ нь: Зүрхийг нарийн энергээр хангагч зүрхний хүрд нь зүрх, уушиг, бамбай булчирхайг мөн энергижүүлнэ. Энэ хүрдийн хямрал, бөглөрөл, урсгал нь саатахад эдгээр эрхтнүүдийн өвчлөл ихсэж, улмаар хорт хавдар үүсгэнэ. Зүрхний хүрд бол нарийн энергэн биеийн гол төв болдог хамгийн чухал төв юм. Энэ төвийн тусламжтай бид хүрээлэн байгаа ертөнцийг хайрлах, бие биенээ энэрэх, бурхныг хайрлах тэр гайхамшигт мэдрэмжийг мэдэрдэг. Хайрыг мэдэрч чадаж байна гэдэг бол их том аз завшаан юм. Учир нь зүрхний хүрд нь хаалттай хүмүүс гэж байдаг. Тухайлбал, аливааг хайрлаж чаддаггүй, мэддэггүй, үнэн сэтгэлээсээ хайрлах тэр мэдрэмжийг мэдэрдэггүй хүмүүс юм.

    Мөн бүтэн хаалттай биш ч бүрэн гүйцэд нээгдэж чадаагүй хүрдтэй хүмүүс ч байна. Тэд аливаа сайхан зүйлийг хараад сайхан юм, гоё юм гэж хэлж л мэдэхээс, хайрын тэр хязгааргүй гайхамшигт оюун санааны мэдрэмжээс амталж үзээгүй байдаг. Хайргүй бол амьдрал утга учиргүй юм. Хайрыг мэдэрч үзээгүй хүнээс ямар ч зан ааш, авир гарч болно. Түүнээс гадна тэд ганцаардаж, хэнд ч хэрэгцээгүй болох, амьдрал нь утгагүй болдог. Судалгаагаар үзэхэд, хүний дундаж наслалт 55-60 байгаа нь дийлэнх хүмүүс энэ насандаа амьдралын эрч хүч бууран, амьдралаас тасарч холддогтой холбоотой. Гэтэл 50, 60-хан жил наслаад уйдна гэдэг тун харамсалтай билээ.

    Бие махбодь өөрөө өөрийгөө хамгаалах чанартай. Энэ чанар нь сэтгэл санаа өөдрөг, хангалуун байх нөхцөлд илүүтэй тодорно. Өөрийгөө үнэлэх, өөртөө сэтгэл хангалуун байх, өөрийгөө хайрлах сэтгэлийн чанараас энергийн урсгал жигд, тогтмол явагдаж, дархлаа сайжирна.

    Өвчин хаана эхэлж үүсэх вэ?

    1.       i.        –Оюун санааны төвшин анх түрүүнд өвчин энд үүснэ
    2.     ii.        –Сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн төвшин
    3.    iii.        –Эд эрхтэний түвшин
    4.    iv.        –Үйл ажиллагааны түвшин
    5.     v.        Шинж тэмдгийн түвшин хөврөл оюун санаанд бий болдог. Түүнийг цааш хөгжүүлснээр сэтгэл хөдлөлийн түвшинд өсөж ирнэ. Дараа нь эд эрхтэн эмгэг өөрчлөлтөнд орж, доголдон үйл ажиллагаа нь гажина. Ингэснээр эмгэг шинж тэмдэг илэрдэг байна.

    Жишээ нь: Чихрийн шижин. Шээсэнд чихэр илэрснээр цусанд хэмжээ нь их гарна. Цусанд чихэр ихсэх нь нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдах нь цөс ялгаруулах суваг, 12 хуруу гэдэсний эмгэгтэй холбоотой.

          Эдгээр нь сэтгэл санааны өөрчлөлт буюу сэтгэл сэвтсэнээс үүдэлтэй. Харин сэтгэхүйн өөрчлөлт нь оюун санаанд анх буй болно. Оюун санаагаа аврах л ганц зам бидэнд бий. Энэ нь оюун санаанд зөв мэдээллийг хүргэх, оюун санаагаа цэвэрлэх, энэ бол цорын ганц аврагч байх болно. Ноднин урд хөршид дэлгэрсэн цочмог ханиадаар зөвхөн бясалгагчид үл өвчилснийг санацгаа. Саяхан бясалгалын багш Саранцэцэг радиогоор ярихдаа: “Бясалгал хий гэж хүнийг хүчлэх нь буруу, угаасаа хүн урд, өнөө насны буянаасаа шалтгаалж бясалгалд ирдэг юм” гэсэн.

          Үнэхээр бясалгалыг ойлгож, ухаарах цаг үе хүний хийсэн буян, нүгэлтэй холбоотой. Учир нь бясалгал бол хүнд маш том бэлэг юм. Сайн зүйл хийсэн бол бэлгээ хурдан л авна. Муу нүгэл ихтэй бол энэ насандаа, бүр түүнээс ч хойш насанд оройтож авах болно. Бэлгээ авах хүртлээ оюун санаа ухамсрын хөгжил, бясалгалын талаар хүлээж авах нүд, чихгүй мэт байна. Нэг үгээр унтаж байх нь. Хүмүүс ээ сэрцгээ.

  • Өөрийгөө тордож яв

    Харилцаанд нөлөөлдөг бүхэн бидний өөрсдийн сэтгэлээс хамааралтай. Бодит үнэн ихэвчлэн бүтээлээр, үр дүнгээр үнэнд ойртож очдог. Харин ярьж байхад жинхэнэ чухал санаанууд гарч ирнэ. Хүн бол өөрөө Бурханы оршдог газар мөн.

    Бид юухныг ч гэсэн Бурханы тааллын дагуу, байгалийн жамаар л хийж байдаг. Харин үүнийгээ өөрсдөө мэддэггүй. Мэдсэн нь энэ гээд биеэ нөөгөөд эхлэх бол хор хөнөөл болно. Зорьсондоо хүрэхийн тулд харин ч бүр улайран зүтгэж байх хэрэгтэй.

    Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралыг эргэж хараад, жил улирах тоолонд нэг нас нэмсээр ирснийг л эс тооцвол, түүний санаж бодсоноор бүтсэн юм огт байхгүйг гайхдаг. Санаанд ороогүй цаг үед, санаанд ороогүй ажил үйлс гарч ирээд огт санаанд ороогүй үр дүнд хүрээд л явсан байдаг юм. “Өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш”. Үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг орчин нөхцөлд өөрийнхөө мөн чанарыг өөрчлөхөд өдөр бүр төдийгүй хором бүрд бэлэн бай. Ийм уян хатан чанарыг эгэл жирийн өдрүүдэд ч биедээ шингээж авсаар байхгүй бол бид даруй мухардалд орох осолтой.

    Би чөтгөр шуламын нүдэнд ч “дулаахан” харагддаг хүн байхыг хүсдэг. Хоосон санааны биш, бүрэн биет бүтээгдэхүүн, бүтээл болох бодитой зорилт тавиад түүн лүгээ алхам алхмаар гуйвалтгүй шуудхан дөхөөд бай. Хүний дийлэнх нь, үнэхээр их ухаантай л биш бол өөрийнхөө “би”-д хүлээстэй байдаг. Иймд өөрийгөө ямагт ажин шинжиж, бузар буртгаасаа салахыг хором бүрд хичээн тэмцэх нь нэн чухал. Бодохоосоо хийхийг эрхэмлэ. Юм хийж байхад ч олон сайхан санаа орж ирдэг дээ.  

    Хүний аяг ааш хүүхдийнх шиг цэвэр ариун биш үүл бүрхсэн тэнгэр шиг бүрсгэр дүнсгэр байна гэдэг арга башир, маяг даягтай л холбоотой. Элдэв хуурамч дүр эсгэх, биеэ баримтгай байх хоёр бол хүний гадаад дотоод талын зөрчил юм. Хүн өөрийнхөө байгаа үнэн байдлаас дээгүүр сүрхий хүн болох гэж юмуу тухайн үед байгаагаасаа өөр хүн болж харагдах гэсээр их шаналдаг.

    Хүн бүр байгаа байгаагаараа л байх ёстой. Нялх нь нялхаараа, дуугүй нь дуугүйгээрээ, өвчтэй нь өвчнийхөө мөрийг хөөгөөд, ухаантан нь ухаантайнхаа төрхөөр л байх нь үзэмжтэй харагдана. Хүн бүр өөрийнхөө хамгийн дуртай хамгийн сайн чаддаг юмыг л хийж бай. Бусдын шүүмжлэлийг буруутган гомдож, тунирхах дуртай зангаас л болгоомжил. Хүн шүүмжилж орхих вий! Гэж цаг үргэлж айж бэмбэгнэж явснаас өөрийгөө ажин шинжиж засч залруулж явах нь л өлзийтэй.

    Энэ дэлхийн хүмүүс бие биедээ сайн сайхныг бэлгэдэж тэсвэртэй хүлцэнгүй хандаж байгаасай гэж хүсдэг. Тэгэх тусмаа л хүн өөрийгөө хатуу чанд шинжиж, хянаж явах боломжтой болдог. Бид гэр бүлийн амьдралд ч тэр нийгмийн амьдралд ч тэр юм юман дээр л өөрийнхөө хар амийг хичээсэн, өчүүхэн сэтгэлтэй амьтан болохыг мэдэх болно.

    Язгууртан дээдсийн өмнө гөлөлзөөд байх ч хэрэггүй. Ядуу хүмүүст болохоор ярвалзаж дээрэлхээд байх ч явдалгүй. Хэний ч өмнө бид аль болох энгийн эгэл сайхан, хэрэггүй маяг даяг гаргахгүй л байх эрхэм сайхан.

    Ямар нэгэн чухал юмны хамгийн далд нарийн нууцыг нээж чадсан хүн сагсуурч бардамнан түүгээрээ гайхуулах гэж байдаггүй. Гайхамшигт бүтээлийн эзэн нь “тэгнэ чинээ огт санаанд ороогүй хүн” байх нь тун цөөнгүй. Харин асман, саармаг мэдлэг чадвартнууд болохоор үргэлж сайрхан бардамнаж, тэр чанараараа ч өөрийгөө бодит ажил хэргээс хол хөндий хүн гэдгийг алхам бүрдээ харуулж явдаг юм.

    Ямар нэгэн зүйлийн жинхэнэ нууцыг тайлах гэж улайран зүтгэж яваа хүн бол эхлээд найрсаг зантай, гэтэл нөгөө талаас нь харахаар өөртөө нэлээд найдангуй, орчлонгийн алив хүлээснээс мултарчихсан хүн шиг байдаг. Хөлийн хөнгөнөөр ийш тийшээ харайлгаж явдаг хүн ч дээ, адаглаад л хүрэлцээтэй хат хараахан суугаагүй байдаг юм. Анх харахад тэнэгдүүхэн ч юм уу даа гэж санагдсан хүн хэрэг дээрээ ихээхэн ухаантан байх нь ч бий. Харин олонхи хүн үзэгдэх өнгөндөө яггүй сүрхий мэт байвч чанх цаанаа ажил амьдралын арчаагүй өнгөцхөн үзэл бодолтой байх ч бий. “Их ухаантан тэнэг хүн шиг харагддаг. Нэвт гэгээрсэн хүн нялх хүүхэдтэй адилхан санагддаг” гэсэн эртний үг байдаг.  

    Хоёрын хооронд хүн бол аар саархан юм л шохоорхож, хэрэг явдлын жинхэнэ нууц далд учрыг олох зүг чиггүй явж байдаг юм.

    Л.Нарантуяа “Гэр бүлийн амьдралын нууц” номоос

  • Эрүүл хооллолт ба генийн өөрчлөлттэй организмууд

    Биед зохимжтой хооллолт ба генийн өөрчлөлттэй организмууд

    Улайссан ширэм мэт сэтгэлээ хөргөж, хэвийн байдалд нь оруулж чадсан учир юмыг ултай эргэцүүлэн бодож, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болж, сонголтоо зөв хийгээд, таашаалтайгаар эрүүл хооллодог боллоо гэж төсөөлье.

    Органик гээд идэж байгаа хүнс бүхэн биед зохимжтой байж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирнэ.

    Ийм асуудал хориод жилийн өмнө ер байсангүй. Харин одоо бол огт өөр. Яагаад гэвэл GМО хүнс байна. Хичнээн эрүүл хөрсөнд тариад, химийн бордоо, хор хэрэглэхгүй байсан ч GМО нь органик биш.

    Генийн өөрчлөлтэй организм /Genetically modified organism (GMO)/ хэмээн нэрлэгддэг хүнс зохион бүтээгдээд хориод жил болжээ.

    Хүмүүс оюун ухаантайн “ачаар” ямар ч амьд биетүүдийн генийг хооронд нь “найруулж угсрах” аргыг олж, их сайн үйл бүтээв, хүнсний хангамжийг шийдэв хэмээн баясаж байсан цаг ард хоцорч, засаж боломгүй аймшигт алдаа хийснийг нотлох ноцтой үр дагаврууд бодитойгоор гарч эхлээд нилээд хэдэн жил өнгөрч байна. Орчлонгийн жам ёсыг танин мэдэх нь хийж болох сайн ажил боловч тэдгээр жам ёсыг зөрчин дураар аашилж болохгүй гэдгийн нотолгоо нь тэр үр дагаврууд юм.

    Ургац, ашиг шим нэмэгдүүлнэ, хоронд тэсвэртэй болгоно, байгаагүй шинэ шинж чанар нэмнэ, өлсгөлөнгөөс аварна гэх мэт зорилготой эхэлсэн гэгддэг ажлууд одоо асар их ашигтай бизнес болж хувирчээ.

    Ямар ч хүйтнийг ажирдаггүй гүзээлзгэнэ, помидор; ганд тэсвэртэй улаан буудай; колорадын цохонд идэгдэхгүй төмс; А витаминтай цагаан будаа; цэнхэр сарнай; хөх туулай; хүний сүүтэй ямаа; цагаар өсдөг тахиа, гахай, загас гээд тоочвол урт жагсаалт болно.

    Элсэн чихрийн түүхий эд – чихрийн манжин; цагаан хоолтнуудын гол хүнс шар буурцаг; чипс, малын тэжээл хийдэг эрдэнэ шиш гээд хэрэглээгээрээ энэ жагсаалтад дээгүүр бичигддэг хүнс олон.

    Амтат чинжүү, рапс, папайя, хурган гуа, тамхи, хөвөнгийн ургамал, хөвд, зөөлөн ширхэгтэй мод гээд генийн өөрчлөлттэй организм маш олон.

    Фермерийн эрчимжсэн аж ахуйн малын тэжээл нь 100 хувь GМО төдийгүй, өсөлтийн даавар, антибиотик өндөр тунгаар агуулсан байдаг учраас жишээ нь одоо АНУ-д олон эрэгтэй хүүхдэд хөх ургаж байгаа нь үүнтэй холбоотой гэж үзэж байна.

    Хилэнц хорхойн генийг төмсөнд; хойт туйлын мөсөн далайн усанд амьдардаг камбала загасны генийг гүзээлзгэнэ, помидорт; бууцайн генийг гахайд; хүний генийг ямаа, эрдэнэ шиш, цагаан будаанд; наймаалжны генийг туулайд гэх мэтээр ёстой нэг дураараа дургиж, үр нь соёолж ургадаггүй, төл нь нөхөн үржихүйн чадваргүй ургамал, амьтны нэг төрлийг 3 сая ам. долларын зардлаар зохион бүтээж, түүндээ зохиогчийн эрх авч, газрын тосны наймаанаас ч ашигтай бизнес болгон, байгаль эхийн бүтээсэн органик үрийн, удмын санг устгаж байгаа, ханахгүй шуналт “мангасууд”, тэдний нөмөр, хаялгад дажгүй амьдардаг бүтцүүдийг зогсоох боломжгүй.

    Генийн өөрчлөлтийг хийхдээ “вектор” гэж нэрлэгддэг хөдөлгөөнт молекулыг ашигладаг байна. Бактерийн ДНК-гийн Ti-плазмид гэдэг молекулыг векторт ашигладаг бөгөөд энэ молекул нь түүнд холбосон донорын генийг хүлээн авагчийн генд галт тэрэгний зүтгүүр мэтээр хүргээд, угсарч холбож өгдөг. Тиймээс GМО -гийн эсүүдэд шинэ ген болон Ti-плазмидийн хэсэг заавал байдаг гэсэн үг. Ti-плазмид нь маш хөдөлгөөнтэй учир хаашаа явах, юу хийхийг нь хэн ч урьдчилан таах боломжгүй, удирдлагагүй хүчин зүйл юм.

    Бактерийн гаралтай энэхүү векторын бусад бактери ба ургамалд дамжих чадвар нь хамгийн аюултай гэдгийг эрдэмтэд хэлж байна.

    GМО -гийн генийн зарим нэг молекулууд бүрэн боловсорч задралгүй үлдэж, өөрт нь холбож өгсөн генээ чирсэн хөдөлгөөнт вектор нь амьтан, хүний бие дотор амьдардаг бичил биетнүүд болон хөрсөнд шилжиж чаддаг. Түүнчлэн нарийн гэдэснээс булчирхайн болон цус дамжуулах систем руу нэвтрэх боломжтой байдаг. Цаашилбал, элэг, дэлүү, бөөр, бэлгийн эсүүд рүү нэвтрэнэ, тэгээд үргүйдэл, хорт хавдар, эрт хөгшрөлт, харшил болон бусад үл мэдэгдэх олон өвчин үүсгэнэ. Хүний геномд өөрчлөлт орох аюул байгаа тухай эрдэмтэд бичиж байна.

    Тоос хүртэх замаар болон хөрснөөс өөр ургамалд дамжих боломжтой учир векторт холбогдсон генийн тархалт удирдлагагүй болж, манай Дэлхий дээр цэвэр ариун орон зай үлдэхгүйд хүргэх таагүй ирээдүй байгааг эрдэмтэд, эрүүл ухаант хүмүүс сануулж байна. 2009 онд 84 орны 828 эрдэмтэд бүх улсын Засгийн газарт хандаж, GМО-ын талаар нээлттэй захидал илгээсэн байдаг нь бие даасан олон судалгааны үр дүн ижил гардгийн илрэл юм.

    GМО-г дэмждэг эрдэмтэд ч цөөнгүй байдаг бөгөөд байгалийг захирч, хүссэн бүхнээ гаргаж авна, хямд хүнс иднэ, хорт хавдрыг ч эмчилнэ, айх аюул байхгүй гэх мэтээр мэдэгддэг ч GМО сөрөг нөлөөгүй гэдгийн баталгааг гаргаж өгч чаддаггүйг хэлэх хэрэгтэй.

    GМО ургамлын үлдэгдлийг бүрэн устгах боломжгүй. Тэдний дотор оршиж байгаа хөдөлгөөнт ДНК нь бусад ургамалд дамжин тархах бөгөөд тэдгээрээр нь зэрлэг амьтад, шувууд хооллох нь мэдээж. Тун удахгүй бүх ургамал харь генээр аяндаа “халдварлагдаж”, генийн ямар өөрчлөлт үүсэхийг хэн ч таамаглаж чадахгүй. Үнэн хэрэгтээ бирдийг ваарнаас нь гаргаж алдсан бөгөөд шинээр зохион бүтээгдсэн GМО бүхэн тэдний тоог олшруулж байна.

    Бүх GМО үрийн патентийн 90 гаруй хувийг Monsanto /АНУ/, Syngenta/Швейцар/, түүний салбар Syngenta Seeds/Франц/, Bayer, түүний салбар Bayer CropScience/Герман/ гэсэн гуравхан аварга компани эзэмшдэг. GМО таримлын үр ургадаггүй учир аж ахуйнууд жил бүр шинээр үр худалдаж авдаг байна.

    Монголд гаднаас оруулж ирж байгаа хүнс; хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүд; тахиа, гахай бусад амьтны тэжээл; тариа, ногоо, жимсны үр; мал амьтан дотор GМО байхгүй гэх баталгаа алга.

    Олон орны эрдэмтдийн судалгаагаар GМО хэрэглэсэн амьтдын дархлал суларч, гэдэс ходоодны үйл ажиллагаа өөрчлөгдөж, элэг, дэлүү, бөөр, уураг тархины хэмжээ хэт томрох, жижигрэх, дийлэнх олонхид хорт хавдар үүсэх, цусан дахь сахарын хэмжээ болон даралт ихсэх, харшилтай болох зэрэг сөрөг үзүүлэлтүүд тогтоогджээ.

    Нөхөн үржихүйн тогтолцоонд асар их өөрчлөлт илэрсэн нь цочирдмоор баримт юм. Бэлгийн бойжилт саатаж, үр төлийн хорогдол, сул дорой болон төрөлхийн гажигтай төрсөн үзүүлэлт өндөр байсан төдийгүй хамгийн аймшигтай нь туршилтад орсон амьтдын гуравдахь үе нь 100 хувь үргүй байжээ.

    Тэр ч байтугай туршилтад хамрагдсан орог зусгийн аманд үс ургасныг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна.

    Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа бүх хүнсний 40 орчим, зарим нэр төрөлд 95 хувь нь GМО байгаа бөгөөд ийм организмуудыг зохион бүтээж, түүнийгээ ургуулж, өсгөж, худалддаг энэ бизнесийн ашиг одоогоор 3-5 млрд ам.долларт хүрч байгаа бол 2020 он гэхэд 50-100 млрд ам.доллар болж өснө гэсэн тооцоо байдаг.

    Ийм нөхцөлд бид яах ёстой вэ?

    Нэгдүгээрт, GМО-г гаднаас хараад ялгах аргагүй, судлах шинжлэх лаборатори асар үнэтэй, дарамт ба авилгалд өртөхгүй шинжээч байх магадлал бага гэх мэт байдал энэ цагт бодитой тул хувь хүн өөрийн дархлалыг дээд түвшинд сайн байлгах, үргэлж дэмжиж сурах.

    Одоо цагт хүүхэд төрөнгүүтээ эхээсээ дархлалын олигтой “программ” авч чадаагүй /эх эрүүл биш/, авсан ч түүнийгээ эвдэж гэмдээхээс гадна, шинэчилж чаддаггүй учраас хэрхэн байлдаж, ялалт байгуулах сайн заавар, удирдамжгүй тул вирус, бактери, хорт хавдар гэх мэт дайснаа таньж устгаж чаддаггүй атлаа өөрийн иргэдийн эсрэг байлдахдаа гарамгай/харшил, багтраа, үе мөчний үрэвсэл, түгээмэл хатуурал, чонон яр гэх мэт/ дампуу армитай улс шиг хүмүүс олон болжээ. Гэтэл гаднын сөрөг нөлөө улам нэмэгдээд байдаг!

    Тэгвэл GМО-гоос үүсэх эрсдэлээс найдвартай хамгаалалт үүсгээд, идсэн бүхэн минь эм болтугай гэж ерөөгөөд тайван амьдрах боломж хүн бүхэнд нээлттэй байгаад үнэхээр баярлаад баршгүй!

    Үүний тулд зөөвөрлөгч хүчин зүйл буюу Трансфер Фактор хэмээн нэрлэгддэг 44-хөн амин хүчлээс тогтсон молекулд суулгагдсан, гэмтэж гажиграагүй, шинэчлэгдэж сайжирсан дархлалын мэдээлэл агуулсан, дархлалын ой санамж, хамгаалалтын программыг үнээний ангир уураг, тахианы өндөгний шараас нэн цэврээр ялган авч, амаар уух хэлбэрээр савлаад борлуулдгийг 4life research компанийн салбар хаа байгаа газраас хүнээр гуйлгалгүй худалдан авч идэхэд л болно. Хүн зохиогоогүй юм л найдвартай.

    Дархлалын ой санамж, программ гэдгийг гаднаас орж ирсэн харь бүхнийг, түүнчлэн хорт хавдрын эс, өөрт үүссэн дүрмийн бус бүхнийг цаг тухайд нь илрүүлж устгах удирдамж, заавар гэж төсөөлвөл илүү ойлгомжтой байдаг.

    Дархлалын тогтолцоог тэнцвэртэй байлгах ийм сайхан боломж байхад GМО –г аюул гэхийн хэрэг юу билээ!

    Гаднах хүчин зүйлийг засаж чадахгүй юм чинь өөрийн цайзыг сайтар бэхлэх нь хүсвэл хувь хүний санааных.

    Хоёрдугаарт, амьд амьтны хооллох жам ёсноос гажсан дур хүслийнхээ уг шалтгааныг таньж, жинхэнэ органик хүнс хэрэглэгч болохын ашиг тусыг ухаарах. Өөрийгөө хорлох ажлаа зогсооно гэсэн үг.

    Ер нь нарийн яривал хэрэггүй юм хүссэн эрэлт байхад нийлүүлэлт байж л таарна шүү дээ. Жишээ нь, 80 хувь нь GМО орцтой хиаманд дурлахаа больж, бэлчээрийн малынхаа махыг зүгээр л чанаад иддэг хүн олон болвол хэн л хиам хийгээд шатаж байхав дээ!

    Гуравдугаарт, Монголоос өөр газарт цусаар уйлаад ч нөхөн сэргээгдэхээс өнгөрсөн, манай алс нутгуудад хэвээрээ байгаа онгон дагшин, ариун тансаг байгал орчноо, эмийн ургамалтай бэлчээрээ нандигнан хамгаалж, хөлөөрөө явж, зөн совингоороо шим тэжээлээ олж иддэг, багахан гарцтай ч агууламж бүрэн, амин эрдэнэ сүү, махтай монгол малаа эрүүлжүүлэн, дархлааг нь сайн байлгах.

    Монгол хөрсөнд нутагшсан үртэйгээ үлдсэн ногоочин, тариачин байдаг бол тэдгээр үрийг арвижуулж авах. Ийм GМО биш үр Монголд байхгүй болсон гэж дуулсан минь худлаа байх гэж би боддог.

    Ганд тэсвэртэй, хяруунд хөлддөггүй, гялгар хальстай, га-гаас авах ургац их, хадгалалт даадаг, хийсэн бүтээгдэхүүн нь мууддаггүй ч гэх шиг, тивийн, дэлхийн стандартад нийцсэн, төслийн, тусламжийн үр гээд хөлөө хугалчих шахан гүйлддэг элдэв шахааны эрхмүүд өөрсдөө, үр хүүхэд нь адилхан л сүйрэх аюулыг ухаарч, алсыг хардаггүй юмаа гэхэд ядаж энэ цаг үедээ харшилгүй, хорт хавдаргүй, төрөлхийн эдгэшгүй гажигтай хүүхэдгүй амьдрахаа бодохсон!!!!

    GМО зохион бүтээхдээ хөөрхий “гуравдагч” орнуудыг өлсгөлөнгөөс аврах зорилго тавьсан гэдэг. Гэтэл тэдгээр орнуудад тийм “тусламж”-аас татгалзах иргэний зоригтой удирдлага байдгийг дараах жишээнээс харж болно.

    2003 оны 3 дугаар сарын байдлаар Зимбабвед 6 сая хүн, Малавид 3.2 сая хүн, Замбид 2.4 сая хүн, Мозамбикт хагас сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байсан ч Африкийн зарим орны Засгийн газар АНУ-аас санал болгосон GМО бүтээгдэхүүний тусламжийг авахаас татгалзсан нь тухайн үедээ нилээд шуугиан дэгдээсэн билээ.

    Замбийн дэд ерөнхийлөгч Инок Кавиндэл Reuters агентлагт өгсөн ярилцлагандаа тус улс АНУ-ын 50 сая долларын тусламжаас татгалзсанаа мэдэгдээд энэ нь тусламжийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь GМО агуулсан байсантай холбоотой гэж тайлбарлажээ.

    Бусдын хортой бизнест ашигдагдахгүй, харин бусдын ашигтай бизнесийг ашиглахад надад хэн ч, юу ч саад болдоггүй. Нэг талд болохгүй юм байгаа нь нөгөө талд хэрэгтэй юм байгааг олж харахад минь тусалдаг. Мууг сайнд урвуулах гэж үүнийг хэлдэг байхаа.

    Монголчууд жинхэнэ органик хүнс үйлдвэрлэх нөөцтэй байгаа нь алт, нүүрс, газрын тосноос ч үнэ цэнэтэй, бидний зүйрлэшгүй давуу тал бөгөөд асар их буяны үр бизээ.

    Галав юүлсэн ч амьтан хүн идэхээ болих биш дээ!

    www.aboutgmo.ru, www.gsensao.ru, www.gmo.ru, www.agaroza.com, www.obozrevatel.com зэрэг сайтуудаас мэдээлэл ашиглав.

    ВИП клуб ТББ-ын тэргүүн, Монголын Лектор Төвийн Жинхэнэ гишүүн,

    “Соёолж” зохимжит хоолны газрын зөвлөх Б.Гэрэлмаа 99143123, 88083123 gbizuja@yahoo.com

    “Алтан гадас” сэтгүүлийн 2011 оны 9 сарын дугаарт нийтлэгдсэн.