Оюутнуудаа, чадварлаг мэргэжилтэн болмоор байна уу?

Оюутан байхад сургуулиа төгсчихвөл бүх юм болчих юм шиг л боддог байж билээ. Улаан дипломаа гардаж аваад л, ромбоо зүүчихвэл чадалтай мэргэжилтэн болчихдог юм шиг төсөөлдөг байж.

 

Амьдрал дээр гараад бүх зүйл эсрэгээрээ эргэсэн дээ. Сургуулийн диплом ч хэрэг болсонгүй, одоо хаана хийснээ ч мартсан байна. Айхтар үзүүлээд шалгуулаад байх ч шаардлага гарсангүй. Тэртээ тэргүй төгссөн төгсөөгүй ч худалдаад авчихаж болж байна, дүнг бол яаж ч янзалсан болдог болж. Гэх мэтээр үнэ цэний нь унагасаар диплом нь тухайн хүнийг бүрэн илэрхийлж чадахгүй болоод байна л даа. 

Байгууллагууд чадварлаг мэргэжилтнийг шалгаруулахдаа эхлээд Си Ви бөглүүдээд, бичгийн соёл, ерөнхий суурь чадваруудыг хараад, эссэ бичүүлээд хувь хүний зорилго, тэмүүлэл, бичиж найруулах чадварыг хараад, ярилцлагад урьж өөрийгөө илэрхийлэх байдал, сэтгэлгээний чадвар зэргийг дүгнэсний үндсэн дээр боломж олгодог. Шалгуурт дипломын дүн, төгссөн сургууль зэрэг нь маш бага хувь эзлэнэ.

Оюутнууд юуны өмнө үзэж байгаа хичээлүүд чинь чамайг чадварлаг мэргэжилтэн болгох жорын ердөө 10% нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа их дээд сургуулиудын хичээлийн агуулга маш их хоцрогдолд орсон байна. Жишээ нь, интернэт бизнесийн анги гэсэн атлаа 4 төгстлөө интернэт ашигласан хичээл орж үзээгүй байх жишээтэй. Ха ха. Харин багш нарын хэлж байсан үг бол амьдралд их хэрэг болдог шүү.

Мэргэжлийн чадварыг бол яг бизнесийн байгууллагуудын халуун тогоон дотор орж байж, хийж дадлагажиж байж, илүү их ном уншиж, интернэт ашиглаж байж л олж авахаар байгаа юм. Оюутнууд бол багшийн заасныг өөрт нь хариулаад онц аваад байхад сайн мэргэжилтэн болно гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ бол андуурал шүү. Бас зарим оюутнууд сургуулиа төгсөж байгаад л учраа олно доо гэж боддог. Энэ бодол бол бүүр ч буруу. Та оюутан болмогцоо л хийх ажилдаа санаа зовж эхлэх юм бол жинхэнэ мэргэжилтэн болно.

Тиймээс чадварлаг мэргэжилтэн болохын тулд:

  1. Сургуулиас зааж байгаа хичээлүүд – 10%
  2. Багшийн сургааль, ахмад хүмүүсийн үг – 10%
  3. Салбарын мэргэжилтэнүүдийн лекц, сургалт – 10%
  4. Оролцоо буюу сайн дурын ажилд оролцох нийгмийн идэвхитэй байдал. Төгсөөд л өндөр цалинтай ажил хийнэ гэж мөрөөдөхийн оронд оюутан байхдаа цалингүй ажил хийж байсан хүн төгссөн хойноо үнэлэгддэг, маш өндөр цалинтай тэнцэхүйц чадварыг үнэ төлбөргүйгээр олж авдаг гэдгийг ухаарах.- 10%
  5. Сорих буюу мэргэжилтэй холбоотой уралдаан тэмцээн, арга хэмжээнд тогтмол оролцох – 10%
  6. Салбарын хамгийн сайн номнууд – 10%
  7. Мэдлэгээ гүнзгийрүүлж судлах, интернэт ухах – 10%
  8. Туршлагажих буюу 1-р курсээсээ эхлээд өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бодит ажил төрөл хийж өөртөө туршлага хуримтлуулах хэрэгтэй. Жишээ нь маркетингийн ангийн оюутан бол бараа бүтээгдэхүүнд маркетинг хийж үзэх хэрэгтэй. Ядаж өөртөө маркетинг хийж үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийж, ямар нэг асуудлыг эрэн сурвалжилж үзэх хэрэгтэй. Бизнесийн удирдлага бол ядаж нэг бизнес хийгээд үзчих хэрэгтэй. Туршлага бол маш чухал. Уншаад л байдаг, онолдоод л байдаг. Яг амьдрал дээр гарахаараа чадвар байдаггүй ээ. Зарим оюутнууд тухайн мэргэжлийн хүн юу хийдэгийг ч мэдэхгүй төгсөж байх жишээтэй. Тиймээс л өөрийгөө чадваржуулах талын хийж турших зүйлүүдийг эртхэнээс эхлэх нь зөв юм. – 20%
  9. Салбараасаа нэг чиглэлээр маш сайн мэргэших нь хамгийн чухал болоод байна аа. Одоо төгсөж байгаа оюутнууд юм бүхнийг чадна, бас юм бүхнийг чадахгүй байна. Чаддаг юм уу гэхээр яг мэргэшсэн, төгс эзэмшсэн зүйл байхгүй байна. – 10%

За энэ 9 зүйл нийлж байж чадварлаг мэргэжилтэн болох нөхцөл шалтгаан бүрдэнэ дээ.

Томъёолвол: 
Хичээл /10%/ +Сургааль/10%/ +Сургалт/10%/ +Оролцоо/10%/ +Сорилт/10%/ +Ном/10%/ +Судалгаа/10%/ +Туршлага/20%/ +Мэргэшил/10%/ = ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН/100%/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *