Моносны үнэр …, Энэ ч бас биш!..

          У.Шигүүргэ-д

 

Моносны үнэр цоргин.., тэнгэр нүднээс алдуурна…

Магадгүй, газрын үнэрийн “татах хүч”-инд

Шувууд өндөрт нисч чаддаггүй ч байж мэднэ!..

                    Энэ ч бас биш!..

Санааныхаа эсгэсэн үнэнээр, сэтгэлийн минь чац

Биеийнхээ өндөртэй, яагаад ч юм, харьцангуй бус!..

                    Энэ ч бас биш!..

Нээлттэй, хаалттайн эргүүлэг –

Нэрнээсээ эхлээд сөнгө амьдралын минь гэгээ л

Ханьсангуй сэтгэлийнхээ үл харагдах харанхуйтай

Хаа нэгтээ огтлолцох нь, харин,

Бие биедээ харгалзангуй мэт!..

                    Энэ ч бас биш!..

Ойлгомжтой орчлон эс ойлгогдоход дуулмаар!..

                    Энэ ч бас биш!..

Огторгүй өнгөгүй нь магад атал

Миний сүүдэр дор хар өнгөтэй нь, цуу татмаар!..

                    Энэ ч бас биш!..

Моносны үнэр улааран ханхлахад

Би үхдэл болно.., Юу ч мэдрэхээ болино ..,

Бурханд булаагдсан хүүгээ ч .., гэрээ ч..,

Зүс тодхон ижийгээ ч .., зүүд халууцуулдаг дурьдатгалаа ч мартана!..

                    Энэ ч бас биш!..

Яагаад ч юм, уйлмаар … үнэрээс бусдыг хэмх шаамаар!..

Ялгуун гоо дэлхийтэй эргэлдэх хүн төрлөгтөн ч

Ялаа, батганаас дотногүй… булшнаас ч уйтай харагдах нь –

Нүдээ сох ухмаар!..

                    Энэ ч бас биш!..

Харсандаа л хайр хүрэн урсах ил нулимс,

Хавь тойрныхоо юуг ч юм, юунаас ч юм, бүү мэд,

Харамлан булиглах далд цус хоёрын тэнхлэг

Хаа зөрж, хаа огтлолцож буй цэг эс олдоно!..

                    Энэ ч бас биш!..

Өнгөрч өнхрөх хорол – хорвоод,

Өвөлдөө холдох нарны илчинд,

Ухаан солиортолоо дурлах… бас утгагүйд цөхрөх …

Учир нь эс олдох шамрага

Сэтгэлийн үзүүрт л цайрна…

                    Энэ ч бас биш!..

Моносны үнэр… шувуудын бараа…

“Монгол” хэмээх, тамтай халуун ганц үг –

Амьдрах гэж хүчлэхэд өчүүхэн шалтаг л хэрэгтэй шиг !..

                    Энэ ч бас биш!..

Амьдралаас уйдан … эс хүсэхэд ч

Аанай л, өнөө шалтаг –

Моносны үнэр… шувуудын бараа…

“Монгол” хэмээх, тамтай халуун ганц үг –

Өчүүхэн л шалтаг хэрэгтэй шиг!..

                    Энэ ч бас биш!..

   

                                                                                                                                                Д.Урианхай

 

Гэрэл зургийн эх сурвалж: The new media creative studio  http://www.facebook.com/NMCSteam?fref=ts

 

                                                        

 

                    2000 оны 5 сарын 22-23. Хүн чулууны хонхор, Мэдээллийн төв.

        

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *