Бүгдийг –
Монголоороо!
Баярлахдаа ч –
Монголоороо:
Бах цээжин далд,
Хоргол нь хатсан ямаа шиг
Хот сандаан бахирахгүй,
Тугалган шувууд нар хаан ниссэн,
Тугаа ч үзэхээргүй зуурам тулаанд
Үхлүүт шархтай ялсан баатар шиг
Сүр амьд, дүр мөнх
Монголоороо баярлах!
Уурлахдаа ч – Монголоороо:
Учиг хив мэт зөөлөн,
Улайд яарах хэрээ шиг
Уулс барайлган гуаглахгүй,
Унтаа, сэрүүний хилд
Зөн чагнах Будда шиг
Өршөөлд ойр,
Өшрөх сэтгэлээс
Ертөнцийн хязгаарт мэт хол, –
Монголоороо уурлах!
Амь хороохдоо ч –
Монголоороо
”Аргагүй”-н туйлд,
Задгай, битүү нь залгаатай орчлонд
Завсар гарган цуулж чадахгүйн эрхэнд,
Амьсгаан тоо гүйцээх нь ч
Буян болохоор,
Монголоороо хороох!
Аврал хайрлахдаа ч –
Монголоороо:
Алга сул,
Үржих, хуваагдах нь цугтаа орчлонгийн
Үнэнд гэгээ нэмж,
Хоногтоо гүйцэх үйлийн үрээр
Хорж дүүрэх хүний зовлонд
Бурханы бараа болж, –
Монголоороо хайрлах!..
Монголоороо!
Бүгдийг монголоороо!..
Мөхлөө ч монголоороо,
Мөнхөрлөө ч монголоороо!
Д.Урианхай
Гэрэл зургийн эх сурвалж http://www.facebook.com/NMCSteam/photos_stream
Leave a Reply